A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1197/

Усаа ашиглахгүй бол улсаараа тоггүйн зовлонг дахиад ч амсана

Улс орнууд усыг эрчим хүчнийхээ уян тохируулга болгон ашигладаг

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1197/


Манай эрчим хүчний систем дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буйг хэдхэн хоногийн өмнө бид дахин мэдэрлээ. Эрчим хүчний системийн найдвартай байдал хөгширсөн хэдэн нүүрсний станцын бөгтөр нуруун дээр тохогдчихсон. Станцууд нь элэгдэж, турбинууд нь хуучирсан систем өнөөдөр бидний хэрэглээг дөнгөн данган торгоож байна. Газар дороо нүүрс, занар, ураны асар их баялагтай, газар дээрээ нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй Монгол улс XXI зуунд лаатай суухад ойрхон байгаа нь эмгэнэл ч юм шиг. Олон улсын жишгээр эрчим хүчний үйлдвэрүүд 20 хувийн нөөцтэй ажиллах ёстой байтал манай цахилгаан, дулааны станцууд өвөл, хаврын цагаар байдаг чадлаа шавхаж дуусдаг. Тэгээд ч өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангаж дийлэхээ больсон тул монголчууд цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг хоёр хөршөөсөө импортолж сууна. Бид өнөөдөр цахилгааны хэрэглээ өсдөг оргил ачааллын үед ОХУ-аас өндөр үнээр эрчим хүч импортолж, амиа аргацаадаг. Нэг кВт цаг цахилгааныг дунджаар 7-8 центээр, зарим үед бүр 13 центээр худалдан авдаг. Харин хүн амын хэрэглээ буурмагц илүүдсэн эрчим хүчээ бараг хоёр цент хүрэхгүй үнээр хойд хөршид “бэлэглэчихдэг”. Өглөө өсөж, өдөр буураад, үдэш өсдөг “салхи” шиг эрэлтийг манай хөгшин турбинууд хамхуул шиг дагаад байж, чаддаггүй.


Тиймээс хэлбэлзлээ нөхөхийн тул хойд хөршөөс ийнхүү цахилгаан гуйхаас өөр аргагүй. Уг нь улс орнууд энэ хөшүүн байдлаа усан цахилгаан станцаар уян болгодог. Нүүрсний станц 4-5 цаг галлаж байж эрчим хүч үйлдвэрлэдэг бол усных товчлуур дарах төдийд л тог үйлдвэрлэж эхэлдэг. Хэрэв үйлдвэрлэл нь хэрэглээнээс хэтэрвэл хэсэг зогсоож, дахин ажиллуулж болдог “элдэвтэй” технологи. Өөрөөр хэлбэл, хэрэглээндээ тохируулан эрчим хүч үйлдвэрлэдэг хамгийн тогтвортой (нар, салхины эрчим хүчний эх үүсвэртэй харьцуулахад), уян хатан систем бол усан цахилгаан станц. Тиймээс улс орнууд усыг эрчим хүчнийхээ уян тохируулга болгон ашигладаг байна. Гэвч төв Азийн усны хагалбарт оршдог манай улс үүнийг дорвитой ашиглаж чадалгүй өдий хүрлээ. Уг нь усан цахилгаан станц манай зах замбараагүй эрчим хүчний системд тохируулга хийж чадна гэж салбарынхан хэлдэг юм. Гэтэл энэ тохируулгагүйн гайгаар Монгол улс татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг жил бүр урсгасаар буй. Энэ онд л гэхэд төвийн бүс 50 гаруй тэрбум төгрөгөөр ОХУ-аас эрчим хүч импортлохоор төлөвлөж байна. Уг нь Эг, Шүрэн, Дөргөн, Тайшир гээд усан цахилгаан станцуудын нэрийг монголчууд бараг андахгүй болсон. Гэвч бидний чихнээ хоногшсон эдгээр станцаас нүдэнд харагдахаар сүндэрлэн боссон нь ховор. Нэг Засгийн газар нь зүтгүүлж, нөгөө нь гацаасаар эдгээр төслүүд цаасан дээр л цаг хугацааг элээж байна.


Бас “байгалиа хамгаалъя” хэмээн баахан бархирдаг “эх орончид” эдгээр станцыг бариулалгүй өдий хүрлээ. Тогтворгүй улс төр, усан цахилгаан станц барихыг улаан цээжээрээ эсэргүүцэгчийн “гавъяагаар” өнөөдөр Монгол улс гал алдахад тун ойрхон байна. Гэсэн атлаа эрчим хүчээ азид экспортолно, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээнийхээ 30 хувийг хангана гэсэн бадрангүй зорилт тавьчихсан. Одоогийн байдлаар бид эрчим хүчний хэрэглээний 10 хүрэхгүй хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа. 2019 оны эцэст сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 300 Мвт-д хүрэх төлөвтэй. Үнэнийг хэлэхэд усан цахилгаан станц байгуулах нь монголчуудын дунд төдийгүй Орос, Монголын хооронд хоёр туйл мэт маргаан дагуулдаг. Урсгал усыг ашигласнаар монголчууд эрчим хүчний хараат байдлаас ангижирна. Мөн цахилгаан үйлдвэрлээд зогсохгүй усны нөөц бүрдүүлдэг. Зөвхөн Эгийн голын усан цахилгаан станцыг барихад уртаараа хөвсгөл нуурын дайтай нуур үүсэж, аялал жуулчлал, газар тариалан гээд ус дагасан амьдрал цэцэглэх таамагтай. Наад зах нь тэр орчмын агаарын чийгшил нэмэгдэж, энэ хэрээр хур тунадасны хэмжээ дээшилнэ. Үүгээр зогсохгүй урсгал усанд менежмент хийж, үерийн аюулыг хүртэл тогтоон барьж дөнгөдөг.


Ус даган амьдардаг урд хөрш хөх мөрөн дээрээ 20 орчим станц босгосон. Ингэснээр нэгэн цагт хэдэн мянган хүнийг хуу хамж үерлэдэг байсан энэ мөрөн үерлэх нь эрс багассан. Энэ мэт усан цахилгаан станцын тусыг дурдаад байвал дуусахгүй. Тиймээс томоохон голуудаа түшиглэн станц барихаар үе үеийн Засгийн газар бодлогодоо тусгадаг. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Улс орныхоо эрх ашгийг хохироосон шийдвэр хэзээ ч гаргаж болохгүй. Салбарын хүний хувьд Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг явуулахын төлөө өөрт байгаа бүх нөөц боломжоо ашиглан ажиллах болно” хэмээн мэдэгдээд байгаа. Эгийн голын усан цахилгаан станцын төсөл удаашрах болсныг салбарынхан хэлдэг. харин 92.8 Мвт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн станцын төсөл урагшилж байна. БНХАУ-ын 266 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих энэ төслийг урд хөрш бүрэн хариуцаж байгаа бөгөөд байгаа тус улсын Экспорт, импортын банк судалгаа хийж байгаа аж. “Хятад улс аж ахуйн нэгжүүдийнхээ дунд сонгон шалгаруулалт зарлаж, тус станцдыг барьж, угсрах, хүлээн өгөх нөхцөлөөр байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ төсөлд урагшлах бүрэн боломж бий. Гэхдээ Баруун бүсийн эрчим хүчний системийг бие даалгахыг эсэргүүцсэн төрийн бус байгууллага, хэн нэгний гар, хөл болсон “хүүхэлдэйнүүд” энэ төслийг эсэргүүцэхийг үгүйсгэхгүй байна.

Ер нь цахилгаан станцын төслүүдийн унагадаг нэг арга нь энэ” хэмээн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн Барилга угсралтын инженер М.Ангараг хэлсэн. Монгол улс эрчим хүчний салбарт хоёр хөршийнхөө хэрэглэгч бас худалдан авагч. Ямар ч худалдаачин жилд 40-50 сая ам.доллар авчирдаг худалдан авагчаа алдахыг хүсэхгүй. Тиймээс өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголыг эрчим хүчний гуйлгачин болгож, манай цахилгаан үйлдвэрлэлийг элгээр хэвтүүлсэн гадаад, дотоодын ашиг сонирхол ирэх жилүүдэд ч биднийг тойрохгүй. Хойд хөрш Байгал нуураар түрий барин өнөө хэр Эгийн голын станцыг өндийлгөхгүй байгаа. Тэд Байгал нуурын байгаль экологид үхтэлээ санаа зовж байна хэмээн тив дэлхийгээр мэдэгдэж буй атлаа тус нуурт цутгадаг Ангар мөрөнд дөрвөн том усан цахилгаан байгуулсан. Тийм атлаа Байгал нуураас бараг 500 километрийн зайд Монгол улс цахилгаан станц байгуулахыг эсэргүүцдэг. Монголчууд бид ийм л эмгэнэлтэй атлаа өрөвдмөөр нөхцөл байдалтай нүүр тулчихаад байгаа. Гэтэл тог цахилгаан хэдхэн цаг тасрахад л эрчим хүчний эх үүсвэрээр баян гэж даналздаг Монгол улс “чацга царайлсан”. Цаашид ингэж байдгаа барьж, арчаагаа алдахгүйн тулд эрчим хүчний эх үүсвэрийг уухайн тас дэмжих, ялангуяа, энэ системийн нэг тулгуур болдог усан цахилгаан станцуудыг урагшлуулах шаардлага тулгарсаар байна. Хэрэв бид дотроо дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг болохгүй бол худалдан авагчаа алдах хүсэлгүй томоохон гүрнүүд биднийг гуйлгачин хэвээр үлдээх нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Виртуал сургалтын төхөөрөмжийн эрэлт ихэсчээ

 0 сэтгэгдэл


Компанийн ажилтнуудыг дадлагажуулах виртуал сургалтын төхөөрөмжийн дэлхийн зах зээл жилд дунджаар 13 хувь өсөж, 2025 он гэхэд 20 тэрбум ам.доллар давах төлөвтэйг Global Market Insights компанийн шинэ судалгаа харууллаа.

Үйлдвэрлэлд автоматжуулалт, робот технологи эрчимтэй нэвтэрч байгаа нь сургалтын төхөөрөмжийн зах зээл өсөх шалтгаан болж байгааг судалгаанд тайлбарлажээ. Мөн төрийн зохицуулалт, үйлдвэрлэлийн аюулгүй байдалд тавьдаг шаардлага чангарч байгаа нь ч ажилтан, ажилчдыг дадлагажуулах симулятор төхөөрөмжийн эрэлт өсөх бас нэг нөхцөл боллоо.

Шинэ судалгаанаас үзвэл барилга угсралт, уул уурхайн салбарт мэргэжилтэй ажиллах хүчин дутагдах хандлагатай байна. Ур чадвартай мэргэшсэн ажилтан болон ажилтан шинээр хөлслөх зардал өндөр байгаагаас компаниуд ажиллах хүчээ сургаж, дадлагажуулахад анхаарах нь ихэссээр байна.

VR (Virtual Reality) буюу хиймэл бодит байдлын технологи улам сайжирсны үр дүнд уламжлалт суурин дэлгэцтэй төхөөрөмжийг (Head Mounted Display) буюу толгойд бэхэлдэг сургалтын модуль-дэлгэцээр орлуулах хандлагатай болов. HMD нь ялангуяа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, операторуудын осол гэмтлийг бууруулахад чиглэсэн сургалтын зориулалттай дадлагажуулагч техник хэрэгсэлд эрчимтэй нэвтэрч байна. Ажлын аюулгүй байдлыг сайжруулахад чухал үүрэгтэй, зайн сургалт дэмждэг дадлагажуулагч төхөөрөмж нь компаниудад зардал хэмнэх давхар ач холбогдолтой юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Уян дэлгэцтэй Louis Vuitton цүнх

 0 сэтгэгдэл


Францын люкс зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Louis Vuitton компани Нью-Йорк хотноо зохиогдсон Cruise 2020 шоу аргах хэмжээний үеэр өвөрмөц шинэ загвар-нимгэн уян дэлгэц бүхий эмэгтэй хүний цүнх сонирхууллаа. Тус компанийн шинэ загварын энэ цүнх нь орчин үеийн тоон технологийг хамгийн энгийн хэрэглээтэй хэрхэн “нэгтгэж” болохыг харуулсан бүтээл болов.

Цүнхний хажуу талд органик гэрлийн диодонд суурилсан AMOLED технологитой нимгэн уян дэлгэц оруулж өгчээ. Дэлгэцийн дүрсний нарийвчлал 1920 x 1440 пиксель. Шоуны үеэр тус компани нимгэн дэлгэцтэй хоёр төрлийн цүнх сонирхуулсны нэг нь нэг бүтэн, нөгөө нь хоёр тусдаа дэлгэцтэй байв. Дэлгэцнээ гэрэл зураг, видео контент гаргаж болох ба бүтээгдэхүүний техник үзүүлэлттэй холбоотой илүү нарийвчилсан мэдээлэл хараахан байхгүй байна. Одоогоор худалдаанд хараахан гарч амжаагүй уг сонирхолтой загварын үнэ хэдэн мянган ам.доллараар хэмжигдэнэ хэмээн сонирхогчид таамаглаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хэрэглэгчид 5G үйлчилгээнд өндөр үнэ төлөхөөс татгалзсангүй

 0 сэтгэгдэл


Шинэ үеийн үүрэн холбооны сүлжээ байгуулах нүсэр зардлыг нөхөхөд үйлчлүүлэгчид бэлэн эсэхийг Европын холбооны операторууд мэдэхийг хүсэж буйтай уялдуулан 5G тоног төхөөрөмж нийлүүлэгч Ericsson компани судалгаа явууллаа.

Ийн Европын 22 улсын 35 мянган хэрэглэгч, 22 эксперт, үйлдвэрлэлийн зургаан группээс санал авсан Ericsson ConsumerLab-ын судалгаагаар ухаалаг утас хэрэглэгчид 5G үйлчилгээнд хамрагдахын тулд одоогийнхоос илүү үнэ төлөхөд бэлэн байгааг нь тодорхой болжээ. Урьд өмнө байгаагүй боломж, бололцоо бүрдүүлж байгаа нь нэмэлт зардлыг зөвтгөх шалтгаан хэмээн судалгаанд хамрагдсан энгийн хэрэглэгч, мэргэжилтнүүд тайлбарлав.

Ирэх 2-3 жилд хэрэглээний цар хүрээ нь эрс нэмэгдэх 5G сүлжээний ачаар үүсэх шинэ төрлийн үйлчилгээнд нэмэлт үнэ төлөхөд бэлэн хэмээн судалгаанд хамрагдагчдын 70 хувь нь үзсэн байна. Үйлчлүүлэгчдийн зарим нь одоогийн 4G үйлчилгээний тарифаас даруй 32 хувиар илүү үнэ төлөхөөс ч татгалзах зүйлгүй хэмээн хариулжээ.

Судалгаанд хамрагдсан хэрэглэгчид олон төрлийн шинэ үйлчилгээ бүхий 5G сүлжээнд дунджаар одоогийнхоос 20 хувь илүү үнэ төлөхөд дургүйцэхгүй гэсэн бодолтой байна.





A

Жижиг

A

Дунд

A

Том

Samsung ухаалаг сууц борлуулахад бэлтгэж байна

 0 сэтгэгдэл


Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч өрсөлдөгч AI буюу хиймэл оюун ухааны технологиудыг нэг системд нэгтгэхээр чармайж байна.

Samsung компани өгөгдлийн эриний айл гэрийн суурь болох интернэт холболт бүхий телевиз, хөргөгч зэрэг ахуйн хэрэглээний ухаалаг цахим бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр олон жил боллоо. Өмнөд Солонгосын конгломерат энэ удаа улам урагшилж ухаалаг орон гэрийг нь байгуулахаар шийдлээ.

Сөүлд байгуулсан уужим саруул, ганган хээнцэр загвар орон сууцанд Samsung-ын виртуал туслагч-Bixby хөргөгчинд юу байгааг зочдодоо тайлбарлаж байна. Харин Amazon-ы Alexa дуут туслагч зочдын өрөөний гэрэлтүүлэг, кондиционерын ажиллагааг удирддаг ажээ. Naver Corp-ын бүтээж хөгжүүлсэн ухаалаг чанга яригч сонсох хөгжим, үзэх телевизийн шоуны талаар зөвлөж байлаа. Энэхүү орон сууцанд Samsung-ын программ хангамж өөрийн дотоодын болон хөндлөнгийн өрсөлдөгч компаниудын аппликэйшнүүдийг холбон нэгтгэж нэгдсэн удирдлагын систем үүсгэжээ. Ийм маягаар хөгжүүлбэл Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч удахгүй юмсын интернэтээс (IoT – Internet of Things) цугларсан их өгөгдлийг задлан шинжилж, бүтээгдэхүүнээ сайжруулах боломжтой болно.

“Таны хэн болохыг ойлгож таньдаг орон гэрийн орчин бүрдүүлэхийн тулд янз бүр IoT технологийг уялдуулан нэгтгэхийг чармайж байгаа”-гаа Samsung-ийн ухаалаг орон гэрийн төсөл хариуцсан дэд ерөнхийлөгч Ким Мюн-Сук тайлбарлав.

Samsung компани ухаалаг технологи бүхий айл гэрийн туршилтыг Өмнөд Солонгосын Пусан хотод орон сууцны засвар шинэчлэлийн төслийн хүрээнд эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ оны зургадугаар сараас 2,600 орон сууцны эзэмшигч smart home буюу ухаалаг гэрийн тоноглол захиалах боломжтой. Эзэмшигчид нь төлөвлөгөө ёсоор шинэ технологитой гэрт 2022 оноос нүүж орох юм. Ухаалаг орон гэрийн үнэ өртгийг Кимийн хөгжүүлэлтийн баг хэлэхээс зайлсхийлээ.

Amazon.com Inc, Google зэрэг аваргууд тэргүүлнэ гэсэн таамаг бүхий, нийт 77 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй интернэт холболттой гэр ахуйн хэрэгсэл, тавилгын дэлхийн зах зээлд Samsung компани давуу тал ихтэй. Өмнөд Солонгосын конгломерат нь ухаалаг утас, телевиз, санах ойн чипний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Samsung Electronics Co-гийн зэрэгцээ ухаалаг гэрийн төсөлд амин чухал барилга угсралтын ажил эрхэлдэг Samsung C&T Corp салбартай. Samsung C&T Corp нь дэлхийн хамгийн өндөр барилга – Дубайн Бурж Халифаг байгуулсан. Тус салбар урьд нь мөн л дэлхийн хамгийн өндөрт тооцогдож байсан Куала Лумпурын Петронас хос цамхгийг ч босгосон юм.

“Samsung-д одоогийнхоо амжилтыг ахиулах нөөц бололцоо хангалттай бий” хэмээн 2022 он гэхэд дэлхийд ухаалаг гэрийн тоо 300 саяд хүрэх тооцоо гаргасан ABI Research-ын шинжээч Жонатан Коллинз үзэж байна.

Samsung Electronics нь Jetsons хүүхэлдэйн кинонд гардаг шиг орон сууц байгуулах төлөвлөгөөг олон жил хэлэлцэж ирсэн. Гэвч өгөгдлийн анализ хязгаарлагдмал, уялдаатай ажиллах чадвар сул, гол нь зардлаас шалтгаалан хэрэгжүүлэлгүй өдий хүрчээ. Программ хангамжийн алдаа их хэвээр байгаагаас мөддөө ухаалаг орон сууцанд өндөр үнэ төлж шилжих хүсэлтэй хэрэглэгч цөөн гарах төлөвтэй. Дээр нь технологийн салбар хувийн өгөгдлийн халдашгүй байдал зөрчдөг гэсэн шүүмж ихэссэнтэй уялдан ажиглалт, хяналт асар ихтэй ухаалаг сууц сууц хөгжүүлэх загвар эрсдэлтэй бизнест тооцогдож байна.

Одоогоор Samsung ухаалаг орон сууцанд түрүүлж суурьших эрмэлзэлтэй хэрэглэгчдийн тав тухыг сайжруулах, байгаль орчинд ээлтэй болгох талыг нь түлхүү анхаарч байгаа юм. Хэрэглэгч нүдээ цавчих зуур эрүүл мэндийг нь тодорхойлж орхидог угаалгын өрөөний ухаалаг толь, халуун хүйтэн температурыг хэрэглэгчийн хэлсний дагуу тохируулж усаар дүүргэдэг ухаалаг ванн, уншиж буй номон дээр гэрлийг төвлөрүүлж, бүдгэрүүлэх чадвартай ухаалаг гэрэлтүүлэг зэргийг Samsung мөн сонирхуулсан юм.