A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/975/

Усан бороо урагшгүй ноёдыг "уйлуулна"

​Зам нь эвдэрсний дараа ус зайлуулах хоолой барьдаг улс Монголоор дуусаг​

Усан бороо урагшгүй ноёдыг "уйлуулна"
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/975/

Италийн Генуя хотод гүүр нурж, 20 гаруй хүн нас барсан харамсалтай явдал тохиолдлоо. Аадар бороо, хүчтэй салхины улмаас хөрсөнд нуралт үүссэн нь ослын үндсэн шалтгаан гэх урьдчилсан таамаг байна. Энэ зуур арлын Япон бас гамшигт өртөж, сүйдсэн газар нутагт Эзэн хаан нь өөрийн биеэр очиж, нөхцөл байдалтай танилцав. Өмнөд хөрш Хятад ч бас далайн хар шуурганд нэрвэгдэж, үйлээ үзэж сууна. Нийт 10 хотын 200 гаруй мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Энэ мэтээр байгаль эх зөвхөн Монгол гэлтгүй бөмбөрцгийн бусад хэсэгт ч ааш аягаа үзүүлсээр. Гэхдээ энд нэг тайлбар хэлэх нь зүйтэй байх. Япон, Хятадыг сүйд хийгээд байгаа айхтар далайн хар салхины хажууд манайд ороод байгаа усархаг бороо бол хүүхдийн тоглоом шахуу юм шүү дээ. Бид л сүр бадруулаад “байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл” гэж тодорхойлоод байгаа болохоос улс орон бүрт л орж байдаг л бороо. Харин борооноос болж учирсан хохирлыг тооцвол өөр л дөө. “Манайд бороо орж үеэр бууснаас болоод төмөр зам эвдэрч, галт тэрэг замаасаа гарч уналаа” гээд өөр орныхонд яривал шоолох байх даа.

“Та нар чинь үерийн уснаас хамгаалах арга хэмжээг урьдчилан авдаггүй юм уу. Хуучирсан дэр моднуудаа сольдоггүй юм уу” гээд толгой сэгсрэх байлгүй. Нөгөө Итгэлт баяны хэлдэгчлэн “хүнд хэлэхэд ичмээр дамшиг” гэдэг шиг л юм болж байна даа. Бороо орж, үер буух бол хаа ч байдаг үзэгдэл. Гэхдээ борооноос болж төмөр зам уналаа гэж өөр улс оронд бол дуулддаггүй. Гамшиг дагуулсан өнөөх бороо дахиж орох магадлал өндөр болохоор үерийн хамгаалалт хийхээр ажиллаж байгаа гэнэ. Өмнө нь яагаад хийж байгаагүй юм бол. Говьд бороо орохгүй гэж тооцсон юм болов уу. Гэнэт ухаан орсон сайд дарга нар Дорноговьд бөөнөөрөө десант буулгаж, учирсан хохирлыг арилгаж байгаа нэрийдлээр өөрсдийгөө жаал сурталчлаад авав. Харин урьдчилан сэргийлэх арга хэмжээг өмнө нь яагаад аваагүй юм бэ гэдэг асуултыг хэн ч тавьсангүй. Манай ядмагхан төмөр зам 1800 гаруй километр урттай. Үүний 400 орчим километрийнх нь дэр мод муудсан гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна лээ. Нэг ёсондоо айраг сумын нутагт болсон шиг осол хэзээ ч, хаана ч тохиолдож магадгүй гэсэн үг. Сохорсон биш завшив гэгчээр энэхүү ослын дараа хуучирч муудсан дэр моднуудаа эрхбиш солих байлгүй гэж найдъя.

400 орчим км төмөр замын дэр мод муудсаныг мэргэжлийн хүмүүс хэлж байна

Ниргэсэн хойно нь хашхирдаг иймэрхүү дүр зураг зөвхөн төмөр замд ч тохиолдоод байгаа юм биш. Шинээр баригдсан замууд усанд автаж эвдэрч сүйдсэний дараа манай дарга нар гэнэт сэхээ авч, ажилдаа ханцуй шамлан ордог дүр зургийг бид сүүлийн жилүүдэд хангалттай харлаа. Дарь-Эхийн зам гэж үйлтэй бүтээн байгуулалт байна. Жил бүр улсын төсвөөс мөнгө гарган засварладаг ч өнөөх нь ганц удаагийн борооноор өм цөм урсаад алга болно. Гамшиг нэгэнт нүүрлэсэн хойно зам засварынхан борооны ус зайлуулах хоолой суурилуулж эхлэв. Зүй нь иймэрхүү зам тавьсан нөхдийг тендерт дахин оруулах нь байтугай барьж шоронд хиймээр. Хэдэн аймгуудаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холболоо гэх хөөрсөн сэтгэл намдаж амжаагүй байхад нөгөөдүүл нь ээлж дараалан өмөрч унасан зураг хаа сайгүй. Монгол улс соц нийгмийн үед оросуудын тусламжтайгаар овоо хэдэн бүтээн байгуулалт хийгээд амжсан. Одоо байгаа хэдэн том үйлдвэр, орон сууцны хорооллууд, авто замын сүлжээ, төмөр зам бол чухам оросуудын л ач.

Харин оросын нөлөөнөөс гарч, бие даан хөгжих гэж оролдсон хорин хэдэн жилдээ хийсэн, тэр гээд гайхуулчих бүтээн байгуулалт байна уу. Нэг үеэ бодвол замаа өөрсдөө тавиад л байгаа. Гэхдээ өнөөх нь Дарь-Эхийн зам шиг хэврэг. Зөвхөн энэ зуны борооноор төвийн зургаан дүүргийн 86 гудамж, замд 11605 ам метр эвдрэл гарсныг засварлаж байгаа гэнэ. Манайхан аливаа зүйлийг хийхдээ хүний нүд хуурч, халтуурдахыг урьтал болгодгийн ганц жишээ энэ. Үнэхээр Монголын нөхцөлд ямар ч зам тэсдэггүй юм болов уу гэхээр үгүй ээ. Япончуудын тавьсан Нарны зам өчнөөн олон жил болоход сайхан хэвээрээ л байна. Тэд Нарны гүүрийг бариад 100 жилийн баталгаа өгч гайхуулав. Бид хэзээ бүтээн байгуулалтыг ингэж нүүр бардам хийдэг болох бол. Үнэнийг хэлэхэд энэ бүхний бурууг ажил гардан гүйцэтгэж байгаа нөхдөд тохоод өнгөрөөмөөргүй байна. Буруутныг нэлээд дээрээс хайвал зохилтой. Бүр тодруулбал, яам, агентлаг бүрт шахаагаар очсон мэргэжлийн бус, “сайн дурын уран сайханчид” ажил ахидаггүйн нэг том шалтгаан.

Уг нь манайд ажлаа мэддэг мундаг мэргэжилтнүүд салбар бүрт бий. Гэвч тэд намын шахаасаар заларсан нөхдөд дарамтлуулаад ажлаас гарах нь гарч, тус тусын мөрөө хөөж одсон гэдэг. Ингээд салбараа мэдэхгүй нөхөд хурган дарга болоод суучихаар ажил яаж ч урагшлах билээ. Жинхэнэ мэргэжлийн хүн сайдаар нь томилогдлоо гээд ам сайтай байсан ЗТХЯ-нд удаа дараа хариуцлагагүйн зуд нүүрлэж байхад бусад яам, агентлагууд ямар байгаа нь ойлгомжтой. Нэгэн танил маань яаманд мэргэжилтнээр орсныхоо дараахан ажлыг ёстой л гялалзуулаад байж. Гэтэл дарга нь “Төрийн ажлыг тайван хий, чи жаахан тогтож үз. Биднийг хөлдөө чирэх нь үү” гэсэн “нөхөрсөг” зөвлөгөө өгчээ. Одоо мань хүн хуучраад, нөгөө хэдийнхээ хэмнэлээр ажилладаг болсон гээд инээж байв. Иймэрхүү жишээ хаа сайгүй бий. Төрийн ажил ийнхүү мэргэжлийн бус хүнээр удирдуулж, яст мэлхийн хурдаар урагшилдаг болохоор жирийн нэг бороо мэтэд дээрэлхүүлээд байгаа хэрэг. Ямар сайндаа л бороо орж зам нь эвдэрсний дараа ус зайлуулах хоолой барих тухай ярьж байхав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сингапурт карантин зөрчсөн иргэний паспортыг хураажээ

 0 сэтгэгдэл

Strait Times сонинд бичсэнээр Сингапурын эрх баригчид коронавирусийн хөл хориог зөрчиж, гадаадад аялсан иргэний паспортыг цуцалжээ. 53 настай Илья Виктор Го гэгч Сингапураас Индонез руу зорчоод эргэж ирсэн байна. Түүнд хоёр долоо хоногийн албадан карантины талаар урьдчилсан мэдэгдэл хүргүүлсэн байв. Гэтэл уг этгээд 10000 ам.долларын торгууль эсвэл хагас жил хүртэл хорих сануулгыг үл харгалзан мэдэгдэл авсан өдрөө Сингапураас гарч явсан аж. Түүнийг гуравдугаар сарын 24-­нд Сингапурт буцаж ирэхэд цагаачлалын албанаас хоёр дахь мэдэгдэл гардуулав. Энд ноён Го хөл хориог үл тоомсорлон хариуцлагагүй хандсан хэмээн донгоджээ. Улмаар түүний хэргийг Эрүүл мэндийн яаманд шилжүүлж, паспортыг цуцалсан боловч иргэн хэвээр үлдсэн байна. Тэрбээр ийм шийтгэл хүлээж буй Сингапурын анхны иргэн боллоо. Өмнө нь карантин зөрчсөн нэг эрэгтэй түр оршин суух эрхийг хураан авсан тухай албаныхан мэдээлсэн.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөл хорионы үеэр ч орлого олох боломж бий

 0 сэтгэгдэл
  • 2021 он гэхэд Tik Tok идэвхтэй хэрэглэгчид өдөрт нэг сая долларын ашиг олох боломжтой гэсэн тооцоог шинжээчид гаргасан байна

Аюулт вирус дэлхий даяар тархаж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө үед хэн бүхний “хэтэвч нимгэрч” байгаа нь нууц биш. Вирусийн халдвараас сэргийлэхийн тулд гэрээс гарахгүй байхыг эрүүл мэндийг байгууллага зөвлөж, хөл хорионы улмаас цөөнгүй хүн ажилгүй болж байгаа мэдээ өдөр бүр чих дэлсэж байна. Тиймээс хөл хорионы дэглэмийг сахиж, гэрээсээ мөнгө олох сонирхолтой аргыг танилцуулж байна.

Tik Tok-оос орлого олох 

Цаг завгүй, мэдээллийн эрин зуунд амьдарч буй хүмүүс богино хугацаанд таатай мэдээлэл хүлээж авч, эерэг мэдрэмж мэдрэх сонирхолтой болсон. Энэ хэрэгцээнд нийцэж, дэлхийн олон оронд түгсэн цахим платформын нэг бол Tik Tok юм. Хөгжилтэй бичлэг, хөгжим, бүжиг бүхий 30 секундийн бичлэгээр тогтмол орлого олдог хүн цөөнгүй болжээ. Мөн тэдний олдог ашиг, орлого жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. 2021 он гэхэд Tik Tok идэвхтэй хэрэглэгчид өдөрт нэг сая долларын ашиг олох боломжтой гэсэн тооцоог шинжээчид гаргасан байна. Tik Tok дээр бичлэг нийтэлдэг хүмүүс үзэгч, дагагчдын тоогоороо цалинждаг төдийгүй бараа бүтээгдэхүүн, брендийн сурталчилгаа хийж багагүй мөнгө олдог. Мөн Tik Tok-­ын Vine-­2.0, arch-­nemesis зэрэг программ нь ирэх дөрөвдүгээр сараас эхлэн олон дагагчтай хэрэглэгчдийнхээ нэг видеог 250 мянган ам.доллараар үнэлэхээр болсон аж. Тиймээс энэ сүлжээг хөгжүүлж, мэдээллээ олон хүнд хүргэдэг хүмүүсийн орлого ирэх сараас нэмэг­ дэх юм. Харин энэ сүлжээг хөгжүүлж, олон дагагчтай болохын тулд бага зэрэг хичээл зүтгэл шаардлагатай. Юун түрүүнд, өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлэх хэрэгтэй юм. Харин дараа нь сонирхолтой, бус­даас содон, шинэлэг контент үйлдвэр­лэхийн тулд хайрцгаас давж сэтгэх хэрэгтэй. Мөн ур­лагийн мэдрэмж, өнгө төрх, хувцаслалт чухал юм. 

Виртуал багш

Сүүлийн жилүүдэд зөвхөн оффист сууж ажиллах бус онлайнаар, гар утсаар ажиллаж, мөнгө олох соёл, хэв маяг дэлхий даяар дэлгэрсэн. Америкт нийт 40 саяас илүү хүн гэрээсээ ажилладаг гэсэн судалгаа гарсан. Энэ хандлага салбар бүрт цэцэглэж байгаа ч боловсролын салбарт илүү түрж байгаа гэнэ. Их сургууль болон ЕБС хөл хорио тогтоож, оюутан сурагчид өөрийгөө хөгжүүлж шинэ зүйл сурах завтай болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс энэ үеэр виртуал болон онлайн хичээл заах нь зах зээлээ мэдэрч, санхүүгийн чадамжаа нэмэгдүүлэх сайхан санаа. Харин үүний тулд та багшлах эрхтэй, энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн байх шаардлагатай бөгөөд сургуульд заадаг хичээлийн хөтөлбөрөөс сонирхолтой байх хэрэгтэй. Энэ төр­лийн ажил өндөр хөгжилтэй оронд хэдийн дэлгэрсэн бөгөөд жилд ойрол­цоогоор 30 мянган ам.долларын цалин авдаг байна. Түүнчлэн хэрэв та шинжлэх ухааны мэдлэгтэй, гадаад хэлээр ярьж, ойлгодог бол гаднын оюутан сурагчдад мэдээлэл хүргэж, мөнгө олох боломж бас бий. 

Утсаар зөвлөгөө өгдөг сувилагчийн ажил

Халдварын үед хамгийн эрсдэл бүхий объект бол эмнэлэг. Тиймээс хүмүүс шинж тэмдэг, зовиураа хэлж, анхан шатны зөвлөгөөг гэрээр авах хүсэлтэй байдаг. Тиймээс хэрэв та эмч мэргэжилтэй бол утсаар зөвлөгөө өгч болох нь. Эрүүл мэндийн зөвлөгөөг зайнаас өгөх боломжгүй мэт санагдаж болох ч гаднын улсад энэ төрлийн үйлчилгээ түгээмэл байдаг. Эдгээр хүмүүс 50 мянган ам.доллар ба түүнээс дээш цалинтай ажилладаг бөгөөд Humana, Aetna, United Health Group зэрэг томоохон компани өвчин зовиур, үйлчлүүлэгчийн биеийн байдлаас нь хамаарч утсаар мэдээлэл өгдөг сувилагч ажиллуулдаг болсон. 

Тайруулсан үсээ борлуулах

Будаж, хими хийлгэж байгаагүй урт үсийг худалдаалах тохиолдол гаднын улсад элбэг байдаг. Тэд үсээ арчилж, хурдан хугацаанд эрүүл ургуулаад, түүнийгээ хиймэл үс хийдэг болон үс залгадаг компаниудад зарж, мөнгө олдог. Хэрэв үс тань хэт их ургаад тайруулах талаар бодож байгаа бол зүгээр нэг тайруулж, хаяхын оронд зарж мөнгө болгох талаар бодоод үзээрэй. 

Цаасан номыг цахим хэлбэрт шилжүүлэх

Хэрэв та зохиолч бол өөрийн номоо цахим хэлбэрт шилжүүлж зараад, мөнгө олохын зэрэгцээ оюуны бүтээлээ бусдад хүргэх боломжтой. Мөн Amazon дээр KDP хөтөлбөрөөр дамжуулан зарах номоо борлуулан 70 хувь хүртэлх ашиг хувааж авах бо­ломжтой. Ийм үйлчилгээ манай улсад дутагдаж байгаа учир энэ талбарыг хөгжүүлж, бусдын оюуны цангааг тайлж, хэтэвчээ зузаалах боломж бий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятадын том банкуудын орлого вирусийн улмаас эрс хумигдлаа

 0 сэтгэгдэл
  • Хятадын банкны салбар сая сая үйлдвэр, аж ахуйн байгууллагын зээлийг сунгах хэрээр найдваргүй зээлээс хамгаалах хөрөнгө нөөц нь шавхарч байна
  • Аж ахуйн байгууллагыг сүйрүүлэхгүйн тулд өр зээлийг нь сунгах хэрээр найдваргүй зээлээс хамгаалах хөрөнгө нөөц нь шавхарч байна

Хятадын банкны үйлдвэрлэлийн орлого энэ онд санаанд оромгүй буюу 39 хувиар буурах магадлалтай

Хорин жилийн турш үнэмлэхүй ашигтай ажиллаж, дэлхийн санхүүгийн хямралыг хүртэл давж гарсан Хятадын тэргүүлэх том банкуудад түүхэн сорилт тулгарлаа. Үхлийн уршигт коронавирусийн тархалт бизнесийн үйл ажиллагаанд нь заналхийлж буйн улмаас активын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг Хятадын Үйлдвэрлэл, Худалдааны Банк (Industrial and Commercial Bank of China) зэрэг тэргүүлэх банкуудын байдал хүнд байна. Дээр нь өсөлтийн хурдац сүүлийн 40 жилийн үнэмлэхүй хэмжээнд сулраад буй дэлхийн хоёр дахь гол эдийн засгийг аврахад туслахыг банкуудаас хүсэж байгаа нь давхар дарамт боллоо. БНХАУ-­д шинэ он гарснаас хойш эдийн засгийн идэвх үндсэндээ зогссон нь банкуудын активын чанар, цэвэр хүүгийн ашиг, нөөц хөрөнгө, шинэ үйлчлүүлэгч татах чадварт сөрөг нөлөөлснийг тус улсын тэргүүлэх зээлдэгчийн нэгнийх нь захирал тайлбарлав. Нийт 41 их наяд ам.доллараар хэмжигддэг, АНУ­-ынхаас хоёр дахин том Хятадын банкны салбар сая сая үйлдвэр, аж ахуйн байгууллагыг сүйрүүлэхгүйн тулд өр зээлийг нь сунгах хэрээр найдваргүй зээлээс хамгаалах хөрөнгө нөөц нь шавхарч байна. Хятадын банкны тогтолцоо нь активын чанартай холбоо бүхий ихээхэн бэрхшээлтэй ажиллаж ирснийг Хонконгод байрладаг, судалгааны Rhodium Group LLC фирмийн захирал Логан Райт анхааруулав. Чанаргүй зээлийг засгийн газар шингээж явлаа ч Хятадын банкны үйлдвэрлэлийн орлого энэ онд санаанд оромгүй буюу 39 хувиар буурах магадлалтайг UBS Group AG-­ийн шинжээчид тооцоолжээ. Хятадын Үйлдвэрлэл, Худал­дааны Банкийг оролцуулаад тус улсын хэд хэдэн тэргүүлэх банк баасан гарагт 2019 оны үйл ажиллагааны тайлангаа нийтлэв. Тайлангаас үзвэл, Бээжин хөшүүргийн бодлогоо багасгаж, АНУ-­тай худалдааны асуудлаар зөрчилдсөнөөс банкуудын ажиллагаа суларсан 2019 онд орлого тав орчим хувиар өссөн дүнтэй гарчээ. Хятадын Үйлдвэрлэл, Худалдааны Банкны зээлийн алдагдал нөхөх нөөц өнгөрсөн онд 479 тэрбум юань (67 тэрбум ам.доллар) болсон нь өмнөх дөрвөн жилийнхээс 70 хувиар өссөн үзүүлэлт юм. Төрийн өмчийн банкуудын удирдлага эдийн засаг урт хугацаанд тогтворжино хэмээн тайлбарлах нь нийтлэг. Хятадын Үйлдвэрлэл, Худалдааны Банкны ерөнхийлөгч Гу Шу тус улсын хэрэглэгч, экспорттой холбоотой салбарууд вирус тархсанаас үүдэлтэй эдийн засгийн цохилтын хүндийг үүрч буйтай уялдан банкны активын чанар цаашид муудна гэж үзсэн юм. Хохирол нийт салбарыг хамраад байгааг Хятадын Харилцаа Холбооны Банкны (Bank of Communications) дэд ерөнхийлөгч Хоу Вэйдун анхааруулсан бол Хятадын Банк (Bank of China) цаашдын цохилтоос хамгаалах нөөц төвлөрүүлэх шинэ тойрог эхлүүлснээ зарлав. Онцгой байдал үргэлжилсээр байх аваас Хятадын төлөгдөөгүй зээлийн хэмжээ гурав гаруй дахин нэмэгдэж, 6.3 хувьд хүрснээр чанаргүй зээл 5.6 их наяд юань болох тооцоог S&P Global сарын өмнө гаргасан юм. Тус улс хямралын үеийн арга хэмжээ болгон чанаргүй зээл тооцох стандартаа сулруулсан, дээр нь цар тахлын уршигтай холбоотойгоор цаашид “асуудалтай” зээлийн хэмжээ нийт зээлийн 11.5 хувьд хүрэх эрсдэлтэйг зээлжих зэрэглэлийн фирмүүд анхааруулж байна. “Хасах үзүүлэлтгүй олон жил явж ирсэн банкны тогтолцоо 2015, 2016 оны харьцангуй хүнд бэрх цаг үед хүртэл хоёр хувийн өсөлттэй байсан”-­ыг Хонконг дахь UBS-­ийн шинжээч Мэй Янь тайлбарлав. Активын чанар, ашиг орлого муудаж буй нь 2019 онд лавтай гурав нь яаралтай тусламж авахдаа тулсан Хятадын орон нутгийн банкуудад ноцтой дарамт учруулж байна. Хятадын эдийн засгийн өсөлт 4.15 хувь хүртлээ сулрах юм бол тус улсын тэргүүлэх 30 банкны 17 нь оршин тогтнох аргагүй болох нь өнгөрсөн онд явуулсан стресс тестээр харагдсан юм. Гэтэл БНХАУ-­ын эдийн засаг энэ жил ердөө 2.9 хувиар өсөх төлөвтэй байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Коронавирусийн халдвар тээгчийг нохойгоор илрүүлнэ

 0 сэтгэгдэл
  • Амьсгалын замын бусад өвчний адилаар COVID-19 хүний биеийн үнэрийг өөрчилдөг гэж нотолж байна

Их Британид коронавирусийн халдвартай хүмүүсийг хайхад нохой сургаж байгаа талаар France Press агентлаг уламжлав. Medical Detection Dogs хэмээх буян байгууллагын санал болгосон судалгаанд Дарем ба Лондоны их сургуулийн мэргэжилтнүүд оролцож байна. Өмнө нь уг байгууллагын сургасан нохдыг хорт хавдар, Паркинсоны өвчин, хумхаа болон хэд хэдэн бактерийн гаралтай өвчнийг илрүүлэхэд ашиглаж байжээ. Тус байгууллагыг үндэслэгч Клэр Гэст “Нохой COVID­-19­-ийг тодорхойлж чадна гэдэгт бид зарчмын хувьд итгэлтэй байгаа. Одоогийн байдлаар өвчтөний вирусийн үнэрийг аюулгүй байдлаар авч нохойд үнэрлүүлэх аргыг хайж байна. Гол зорилго нь шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг олж, шинжилгээнд хамруулахад нохой тусална” хэмээв. Лондоны ариун цэвэр, халууны бүсийн өвчний анагаах ухааны сургуулийн нэг ажилтан амьсгалын замын бусад өвчний адилаар COVID­-19 хүний биеийн үнэрийг өөрчилдөг гэж нотолж байна. Энэ нь SARS-­CoV­-2 вирусийг нохойгоор илрүүлэх найдвар төрүүлж байгаа аж. Өмнө нь Medical Detection Dogs­-ын ноход хумхаа өвчнийг маш өндөр нарийвчлалтай илрүүлж байжээ. Судлаачид тахлын дэгдэлт сулрах үед нааштай үр дүн гарч, сургасан нохдоо онгоцны буудлуудад ажиллуулснаар гаднаас вирус орж ирэхээс сэргийлнэ гэж тооцож байна.