A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2517/

Уул уурхайн төслүүд энэ оныг өсөлттэй эхлүүлжээ

“Топ 100”-д багтсан уул уурхайн компаниуд 2.1 их наяд төгрөгийн татвар төлжээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2517/


Уул уурхайн улирав эхлэв үү, үгүй юү эрдэс баялгийн томоохон төслүүд биднийг шинэ мэдээгээр угтаж байна. Монголын эдийн засгийг эвхрэх, дэвхрэхийг шийддэг уул уурхайн төслүүд өөр өөрийн хурдаар урагшилж эхэллээ. Монголын “Топ 100”-н аж ахуйн нэгжийн жагсаалтыг уул уурхайн “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” компани өнгөлсөн байна. Энэ жагсаалтад багтсан уул уурхайн компаниуд 2018 онд нийт 2.1 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Зэс

Эхлээд Монголын уул уурхайн гол төслийн нэг “Оюутолгой”-д ойрын өдрүүдэд юу болсныг харцгаая. Энэ оны нэгдүгээр улиралд далд уурхайн бүтээн байгуулалтад 296.4 сая ам.доллар зарцуулсан байна. Одоогоор хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалт үргэлжилж буй бөгөөд ирэх аравдугаар сард дуусах төлөвтэй аж. “Оюутолгой” төслийг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт олон нийтийн анхааралд буй энэ үед Rio Tinto компани "холбогдох гэрээний заалтуудыг өөрчлөхгүй" гэсэн хатуу байр сууриа илэрхийлсээр буй.

Мөн “Оюутолгой”-той ойролцоо оршдог хармагтай ордод нэмэлт хайгуул хийснээ Xanadu Mines компани танилцууллаа. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани энэ оны эхний улиралд дөрвөн хэсэгт нийт 3618.5 метрийн алмазан өрөмдлөг хийсэн байна. Өрөмдлөгийн үр дүн эерэг гарсан бөгөөд ирэх саруудад нэмэлт судалгаагаа үргэлжлүүлэх аж. 

Энэ оны эхний улирлын эцсийн байдлаар Xanadu Minesын бэлэн мөнгөний үлдэгдэл 3.1 сая австрали долларт хүрсэн бол татварын дараах алдагдал нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин буурч, 0.9 австрали доллар болжээ. Тус компанийн нэгж хувьцааны ханш лхагва гарагийн байдлаар 0.08 австрали доллартай тэнцэж байна.

Тэгвэл Монголын алт, зэсийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Entree Resources компанийн үйл ажиллагааны зардал энэ оны эхний улиралд 400 мянган ам.доллар болсон нь жилийн өмнөхөөс буурсан байна.

Алт

Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид Erdene Resource Development компани “хөндий” алтны төслийн талбайд 1800 метрийн өрөмдлөг хийж, Баян хөндий ордын эрдэсжилтийн бүсийг илүү өргөжүүлжээ. Энэ нь уг төслийн урьдчилсан ТЭЗҮ-д дэмжлэг болно гэж үзэж буй аж. “Энэ төслийн Midfield талбайд 112 метрийн гүнд тонн хөрс тутамд 5.9 грамм алтны илэрц олдсон нь урд өмнө нь ажиглагдаагүй үр дүн. Энэ нь Баян хөндий ордын зүрхэн хэсэгт өндөр эрдэсжилт байгааг бататгаж байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Питер Акерли онцоллоо. Торонтогийн хөрөнгийн биржид Erdene Resource Developmentийн хувьцааны ханш 0.19 канад доллар болоод байна.

Нүүрс

Тэгвэл овоот толгойн уурхайд олборлолт хийж буй SouthGobi Resources компани оны эхний улиралд нүүрсний борлуулалтаа өмнөх оны мөн үеэс 80 гаруй хувиар нэмэгдүүлж, 1.1 сая тонн хүргэсэн байна. Тус компанийн тонн нүүрс тутмын борлуулалтын дундаж үнэ өмнөх оны 43 ам.доллараас буурч, 34.9 ам.доллар болсон байна. ӨМӨЗО руу нүүрсээ тээвэрлэж, БНХАУ-ын компаниудад худалдалгүйгээр шууд уурхайн амны нөхцөлөөр борлуулсан нь зардлыг нь бууруулжээ. Зардлаа ийн танаснаар цэвэр ашиг нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өсөж, 13.4 сая ам.доллар хүрсэн байна.

Гэхдээ SouthGobi Resources санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулаад байгаа. Тус компани China Investment Corporationийн охин компани Land Breezeтэй төлбөр хойшлуулах гэрээ байгуулахын тулд энэ сарын эцсээр хөрөнгө оруулагчдаасаа зөвшөөрөл хүсэхээ мэдэгдсэн. Land Breeze-д төлөх ёстой 41.8 сая ам.долларыг бэлэн мөнгө болон бүтээгдэхүүн үйлчилгээ оролцуулж, шинэчилсэн хуваарийн дагуу төлөх тохиролцоог China Investment Corporation-тэй хийгээд байгаа.
Төлбөр хойшлуулах гэрээний гол заалтуудыг дурдвал тус компани 2019 оны арваннэгдүгээр сараас 2020 оны зургаадугаар сар хүртэл нийт 14.3 сая ам.долларыг найм хувааж төлнө. Мөн төлбөр хойшлуулснаас үүдэн жилд 6.4 хувийн торгууль төлөхөөр болжээ. Гэхдээ SouthGobi Resources төлбөрөө хугацаанд нь барагдуулаагүйн улмаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хонконг, торонтогийн хөрөнгийн бирж дэх хувьцааных нь арилжааг зогсоогоод байна.

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголын нүүрсний салбарт бизнес эрхэлдэг Prophecy Developmentийн 2019 оны эхний улиралд цэвэр алдагдал нь өмнөх оны мөн үеэс 35.1 хувиар өсөж, 908 мянган канад долларт хүрсэн байна.

Мөн бэлэн мөнгө болон бэлэн мөнгөтэй адилтгах хөрөнгийн хэмжээ гурван сая 652 мянган канад доллар байгаа нь өмнөх оны мөн үеэс 31 хувиар буурсан дүн болж байна. Prophecy Development хэнтий аймаг дахь Чандганын төсөлд зориулан 600 мегаваттын уулын амны нүүрсний цахилгаан станц барих лиценз болон газар ашиглалтын эрхээ авчээ.

• “Хөндий” алтны төслийн талбайд 1800 метрийн өрөмдлөг хийж, Баян хөндий ордын эрдэсжилтийн бүсийг илүү өргөжүүлжээ. 

• SouthGobi Resources компани оны эхний улиралд нүүрсний борлуулалтаа өмнөх оны мөн үеэс 80 гаруй хувиар нэмэгдүүлж, 1.1 сая тонн хүргэсэн байна. 

• Одоогоор далд уурхайн хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалтын үргэлжилж буй бөгөөд ирэх аравдугаар сард дуусах төлөвтэй.

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Terracom компани Монголд Баруун Ноён уул ордоос олборлолт хийж байгаа юм. Тус компани 2019 оны гуравдугаар сард нийт 240 мянган тонн нүүрс борлуулсан байна. Нүүрсний борлуулалт нь нэмэгдсээр буй бөгөөд улмаар зургаадугаар сар гэхэд 400 мянган тонн нүүрс борлуулахаар төлөвлөж байна.

Тус компани Монголд бизнес эрхлэхэд геополитикийн эрсдэл их болохыг хөрөнгө оруулагчдад хандсан танилцуулгадаа дурдсан. Мөн эдийн засаг, нийгэм, улс төрийн тогтворгүй байдал барууны хөгжингүй орнуудынхтай харьцуулахад өндөр гэж үзжээ. Хэдийгээр улс төрийн нөхцөл байдал хөрөнгө оруулагчдын санааг чилээж байгаа ч уул уурхайн салбарын төслүүд цөөн боловч тогтвортой ахиж байна. Ялангуяа, Монгол Улсын экспортын голлох түүхий эд болох нүүрс, алтны төслүүд хайгуулаас олборлолт руу, олборлолтоос нэмүү өртөг шингээх боловсруулалт руу шилжих хандлага ажиглагдаж буй нь онцлууштай.

Энэ онд манай экспортын гол эрдэс таваарын ханш харьцангуй тогтвортой байх төлөвтэй байна. Уул уурхайн төслүүдийн явц болон таваарын ханшийн төлөв харьцангуй эерэг байгаа нь энэ оны эдийн засаг, төсвийн нөхцөл байдлыг дэмжихээр байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Меркелийн уур амьсгалын төлөвлөгөөнд бүгд дургүйцлээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өмнөд хөрш Монголын хамгийн том ажил олгогч болоход ойрхон байна

Эрчүүд нь Солонгос, эмэгтэйчүүд нь Хятад руу явах уу

 0 сэтгэгдэл


Австрали орныг зорих монголчуудын тоо сүүлийн гурван жилд эрс нэмэгджээ. Тодруулбал, 6500 гаруй монгол хүн ногоон тив улсад өнөөдөр ажиллаж, амьдарч байна. Тэдний дийлэнх нь Сидней хотод төвхнөсөн бөгөөд ажлын олдоц их байдаг нь хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг тийш чиглүүлжээ. Өнөөдөр хаана ажлын байр, ажиллах таатай нөхцөл, амьдралд хүрэлцэх цалин мөнгө, урамшуулал байна тэнд л хүмүүс очдогийн бодит жишээ энэ. Австрали дотроо Сидней илүү боломж олгодог учраас энд илүү олон монгол хүн байна гэсэн үг. Тэгвэл удахгүй бусад хот нь их ажлын төв цэг болж мэдэхээр байгаа. Учир нь Австралийн Засгийн газар Сиднейтэй зэрэгцэн дүйх хэмжээнд бусад хотоо хөгжүүлэх зорилт тавин хөрөнгө, санхүүгийн асуудлаа шийдэж байна. Австрали явж л байвал хэрэг бүтнэ гээд визний хариу хүлээж байгаа нь Улаанбаатарт бас цөөнгүй.

Өмнөд Солонгос руу гурван сараар явах гэж манайхан бүхэл бүтэн гурван сар визний хариу хүлээдэг байсныг саяхан долоо хоног болгож, наашлуулсан. Манай улсад хамгийн том ажил олгогч нь одоогоор Солонгос болоод байгаа. Солонгос явсан нь байр, машины мөнгөтэй ирж байгаа болохоор залуус хошуурах нь аргагүй. Цалингийн ахиу харж жилд хэдэн зуугаараа хайртай бүхнээ орхин байж харь орны шинэ нийгэмд хөл тавьдаг. Амьдрахын тулд, амьдралаа сайжруулахын төлөө өр зээл үлдээн далай тэнгис гатлан нисэх нь олширсон. Хаана ч очсон ажлын сайн мууг ялгалгүй хийж, олж байгаа хэддээ бас урамшдаг. Төгрөгтэй харьцах гадаад валютын ханш өндөр байгаа нь нэг талаар харьд ажиллах монголчуудад боломж.

Өнөөдөр уул уурхайн томоохон төслүүд дотоодод царцаж, зарим аж ахуйн нэгж төрийн хүнд суртал, авлигаас болж үүд хаалгаа барихад хүрээд байна. Энэ болгоны цаана эх орондоо ажиллаж, амьдрах монгол хүний мянга мянган боломжийг Монголын төр өөрөө дэвслэх нь гачлантай. Гэр бүл салалт өндөр байгаа нь нэг талаар хүмүүсээ ажиллах боломжоор хангаж чадахгүй төрийн муугийнх. Хамгийн сүүлийн статистик мэдээллээр гадаадад амьдарч буй манай улсын нийт хүн амын тоо 160 мянгад дөхөж байна. Ерөнхийлөгчийн засаглал, газар шороо гэж ярих яах вэ. Өнөөдрийн нийгмийн хамгийн халуун сэдэв ажилгүйдэл хэвээр гэдгийг мартаж боломгүй.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд өнгөрсөн сарын байдлаар гэхэд 30 мянга давжээ. Бүртгэлгүй ажилгүйдэл нь хэдэн мянга гэдгийг багцаалах боломж үнэндээ алга. НҮБ-ын хийсэн судалгаагаар, гурван монгол хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Эдийн засаг энэ оны эхний хагаст 7.3 хувиар өссөн хэдий ч ажилгүйдэл дорвитой буурч чадсангүй. Нээлтээ хийсэн, ашиглалтад орсон үйлдвэр, үйлчилгээний байгууллагаас илүүтэй үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон нь олон байна. Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан, хураасан гэх мэдээлэл голчлон хөвөрнө. Хүмүүс гэнэт ажилгүй боллоо гэх сэтгэгдэл цахим орчинд үе үе бус байн байн гарч ирдэг болов.

Ажилтай, орлоготой нь цөөрч, ажилгүй, орлогогүй монгол хүний эгнээ улам тэлсээр. Монголчууд гадагш гарах буюу ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой орныг зорих сонирхол тэр хэрээр нэмэгдэж, шударга бус байдлаас холдохын хүслэнд автана.

Их, дээд сургууль төгссөн ч, олон жилийн туршлагатай байсан ч ажлын байр гэгч хэр баргийн хүнд олдоод байдаггүй эрдэнэ мэт болжээ. Үүнийг ажилгүйдлийн түвшин хэлээд өгнө. 6.6 хувь гэдэг манайх шиг цөөн хүн амьтай, хөгжиж буй улсад өндөр үзүүлэлт гэдгийг олон улсын байгууллагынхан хэлдэг. Төрийн алба нь танил тал, нам засаг, үзэл бодлын хайрцаг дотор орж, шалгуур нь ах, эгч, нутгийн зөвлөл, мөнгөний босгоор хэмжигдэх болсон тул хүмүүс эх орондоо эргэж ирэх бус өөр орны иргэншил хүсэх, цагаачлах замыг эрхгүй сонгоход хүрч байна. Монголчууд Монголоосоо дүрвэх шалтгааныг улстөрчид хамгийн хоржоонтой аргаар биелүүлэх болсон. Үүний нэг тод жишээ нь ЖДҮ. Бизнесээ эхлүүлэх, төслөө ажил болгох гэсэн олон залуусын урмыг төр засаг маань хугалж орхисон. Иргэншлээсээ татгалзах иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэх болов. Албаны мэдээллээр, өнгөрсөн онд 500 гаруй хүн иргэншлээсээ татгалзсан байна.

Өвөр Монголд хүүхэд асрагчийн сарын цалин хамгийн багадаа 1.5 сая төгрөг байна


АНУ, Австрали, Өмнөд Солонгос, Швед, Япон улс олон монгол хүний очих, очоод амьдрах, ажиллах хамгийн боломж бүхий оронд тооцогдоно. Эх орондоо ажиллаж, амьдрах гэтэл ажил олдохгүй, агаар болон хөрсний бохирдол, нэмээд шударга бус байдал нь улсаа орхин явахад хүргэж буй. Үүнийг Сидней хотод ажиллаж, амьдарч буй монгол хүн бүр хэлж байсан юм. Тэгвэл дээрх орны тоо нэгээр нэмэгдэж байна. Энэ улс бидэнтэй хил залгаа бөгөөд очих гэж далай тэнгис гатлахгүй. Агаараар эсвэл авто замаар очих нөхцөл нь цөм бүрдсэн.

Хойд биш ээ, өмнөд хөрш өнөөдөр ажлын олдоц, цалингийн үзүүлэлтээрээ олон хүний анхаарлыг татаад эхэлчихлээ. Замын-Үүдтэй хиллэх Эрээн хотод гэхэд монголчууд хэзээний суурьшин, ажилтай, орлоготой болж амжсан байна. Эрээн хотын худалдааны хэд хэдэн захаар ороход монголчууд лангууны ард сууж байх нь түгээмэл үзэгдэл болсныг явсан нэг нь илт анзаарсан байх. 2017 оноос хойш Эрээн төдийгүй Хөх хотод ажиллаж, амьдрах монголчуудын тоо нэмэгдэж байна. Албан ёсны тоог төрийн байгууллагаас лавлах гэсэн боловч тодорхой мэдээлэл өгөхөөс цааргалсан юм.

Өмнөд хөршийг үзэн ядах, гутаан доромжлох хандлага, төлөвшил гэгчийг ард түмэндээ олгож байсан зарим улстөрч өнөөдөр тэдэнтэй бизнест хамтарч, худалдаа наймаагаа орд газар болгон өргөжүүлж сууна. Хятадад сүүлийн жилүүдэд цагийн ажил эрс нэмэгдэж, хүмүүсийн амьжиргааны түвшин сайжрах хэрээр хямд ажиллах хүч импортлох явдал дэлгэрч буй. Тухайлбал, хүүхэд асрагчийн ажил хамгийн эрэлт хэрэгцээтэй аж. Хятадын зах хязгаар бүс нутаг Өвөр Монголд хүүхэд асрагчийн сарын цалин хамгийн багадаа 1.5 сая төгрөг байна. Байрны урьдчилгаагаа нэг жил ажиллаад бүрдүүлэх боломж хажууд байгааг цахим орчинд зарлах нь шинэ бус.

Таван сартай болон дөрвөн настай хоёр хүүхэд ээжийнх нь хамт асрах 25-35 насны эмэгтэйг энэхүү ажилд авна гэж Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах төвөөс саяхан мэдээлсэн юм. 1.5 сая төгрөгийн цалинг манайхан хүний наймаатай холбож ойлгосон тохиолдол хүртэл гарчээ.

Өмнөд хөршид гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч хамгийн эрэлттэй ажлын байр гэж болно. 1991 онд Хятадын нэг хүнд ногдох ДНБ 330 ам.доллар байсан бол 2011 онд энэ дүн 5430 ам.доллар болж өссөн байна. Харин өнгөрсөн онд 13 мянган ам.долларт хүрч, энэ тоо баримтын цаана хэдэн зуун сая хүний амьжиргааны түвшин сайжирч, иргэд нь биедээ ахадсан хүнд хүчир ажил хийх нь багасаж, эцэг эхэд нь мөрөөдөл төдий байсан орчин цагийн тав тухтай амьдралд шинэ мянганы хятадууд умбах болов.

Баячуудын тоогоороо өнөөдөр өмнөд хөрш дэлхийд тэргүүлж, баянаа мэдрэх гэсэн хятадууд өртөг өндөр дэлхийн томоохон хотуудад орон сууц худалдан авч, үл хөдлөх болон үйлчилгээний салбарт хүч түрэн гарч ирлээ. Үүний нэг жишээ нь Австрали. Тус улсын хамгийн өртөг ихтэй Сидней хотод хятадууд хамгийн аз жаргалтай, эрх чөлөөтэй амьдарна. Австраличуудаас илүү үнэтэй орон сууцанд тухалж, шинэ загварын хөнгөн тэргүүд хөлөглөнө. Тансаг брэндийн дэлгүүрүүд нь хятад жуулчинд зориулж нэрийн бүтээгдэхүүн хүртэл гаргаж, худалдагчаа заавал хятад хэлтэй байх ёстой гэсэн шаардлага тавьж байна. Хятад нэгэн цагт хямд ажиллах хүчний “хар зах” байсан бол одоо бусдыг өөрсдийн төлөө ажиллуулах хэмжээнд санхүүгийн “эрх чөлөө”-г олж байна.

Business Insider сэтгүүлийн хийсэн дэлхийн өндөр технологийн 25 хотын жагсаалтад Хятадын таван хот багтсан бол дэлхийн шилдэг 500 компанийн 109 нь өмнөд хөршид байна. Урд хөрш хүний нөөцийн хөгжилд ихээхэн анхаарч, хар ажилчин бэлтгэх бус ирээдүйд бусдыг удирдан манлайлах хүмүүсийг олноор сургаж, олон улсад хамгийн олон оюутан илгээх болсон. Тэрчлэн 2030 он гэхэд БНХАУ дэлхийн хамгийн том эдийн засаг болох төлөвтэй байна. Энэ эриний эдийн засгийн хамгийн гайхалтай чиг хандлагыг өмнөд хөрш тодорхойлж байна гэхэд  өнөө маргах хүн цөөн биз ээ. Хэд хэдэн судалгааны байгууллагын тооцооллоор, өмнөд хөрш энэ дэлхийн хамгийн том ажил олгогч болоход тун ойртжээ. Монголчуудын хувьд хаяа нийлэх учраас энэ олдох боломжоос буцахгүй гэх л байх. Хэрэв бид орд баялаг дагасан мега төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа эрчимтэй өсгөж, бодит өсөлт хүмүүсийн амьдралд хүрч, иргэдийнхээ амьжиргаа, цалин хангамжийг дээшлүүлж чадахгүй бол хүүхнүүд нь Хятад, эрчүүд нь Солонгос гарч ажиллах бодит байдал нэгэнт нүүрлэжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Худалдааны дайнаас үл шалтгаалан Ази дэлхийд тэргүүлнэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Оюутолгой” төсөлд шинэ нөхцөл байдал үүслээ

Гүний уурхайн зардал 34 хувийг хөндөнө

 0 сэтгэгдэл


“Шинэ зуун гарснаар хоёр хөршийн хамаарал, оролцоогүйгээр монголчууд өөрсдөө шийдэж чадсан хамгийн том бүтээн байгуулалт бол “Оюутолгой” төсөл хэмээн Ерөнхий сайд асан С.Баяр онцолж байлаа. Хамтарсан Засгийн газрыг эмхлэн байгуулж, тэргүүлж байсан түүний хувьд уг төслийг эхлүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг гуравдагч орны компанитай олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд албажуулснаар өнөөдрийн сунжирсан их маргааны хөрс суурь хамт тавигдсан билээ. Дээрх гэрээг байгуулснаас хойш өдгөө арван жил өнгөрч байна. Энэ хугацаанд таван Засгийн газар солигдлоо. Үүнийг дагаад Монголын талын байр суурь ч хаврын тэнгэр шиг хэдэнтээ хувьсаж өөрчлөгдсөөр ирлээ.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон өчнөөн үйл явдал өрнөв. Улс төрийн сонгууль угтсан хийрхэл, хувь, хувьсгалын ашиг сонирхлын зөрчил дундуур “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт урагшилж байна. Уг төслийн баримт бичиг болох хөрөнгө оруулалтын гэрээ олон популистад бусдад танигдах олз болж, зарим нь уих-ын гишүүнээр хүртэл сонгогдож амжсан.

Цаашдаа ч энэхүү гэрээг яллах, шүүх, шүүмжлэх хүн багадахгүй шинжтэй. Иргэний нийгмийн нэг ололт нь энэ. Тэгвэл өнөөдөр “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 30 хүртэлх сараар хойшилж магадгүй байгаа.

Хугацаа сунжрахтай зэрэгцэн хөрөнгө оруулалтын зардал дахин 1.9 тэрбум ам.доллараар өсөхөөр байгаа төдийгүй одоо ашиглаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэж болзошгүй байгаа. Төсөл зогсох ээлжит эрсдэлд 2020 оны сонгууль, УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт мөн орж байгаа юм. Хөрөнгө оруулалт ахин нэмэгдэхээр байгаа нь үл ойлголцол руу төсөл хэрэгжүүлэгч талуудыг хөтөлж мэднэ. Ямартай ч “Оюутолгой” компанийн 66, 34 хувийг тус тус эзэмшигчид хэлэлцээрийн ширээнд суух нь тодорхой боллоо. Гүний уурхайн зардал хэтэрсэн нь ийм шинэ нөхцөл байдлыг үүсгэлээ.

Уурхайн талбарт хоёрдугаар босоо амны барилгын ажил үргэлжилж байна. Хэдий тийм боловч урьдын нөхцөл байдал давтагдахыг үгүйсгэх аргагүй. Төсөл хэрэгжүүлэгч талууд нэг нэгэндээ нуруу нуруугаа харуулж одвол гүний уурхайн бүтээн байгуулалт зогсоход хүрнэ. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалтын зардал өсөж, алдагдсан боломжийн өртөг улам нэмэгдэнэ гэсэн үг. Н.Алтанхуягийн Засгийн газрын үе рүү энэ Засгийн газар очих цаг ч ойрхон байж мэдэх юм.

“Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 2007 оны дөрөвдүгээр сард 2.7 тэрбум ам.доллар байсан. Тухайн үед Ерөнхий сайд асан М.Энхболд УИХ-д өргөн мэдүүлж байлаа. Үүний дараа С.Баярын Засгийн газар хэлэлцээр хийж эхлэх үед хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн тэрбум ам.доллар болж өссөн. Дэлхийн эдийн засгийн 2008 оны хямралт байдал, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээлийн хүү, тоног төхөөрөмжийн үнийн өсөлт зэргээс үүдэн хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэдэг. Засаг болгоны хүсэл хэдий ч зүрхэлж аваад зориглож хийгээгүй “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сард байгуулахад төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 4.2 тэрбум ам.доллар болж, хоёр тал үүн дээр тохирч байв. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэг жилд нэг тэрбум орчим ам.доллараар өсөн нэмэгдэж байжээ.

Дэлхийн таван томын нэг, үндэстэн дамжсан Rio Tinto групп Монголд орж ирснээс хойш гурван жилийн дараа “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Уг гэрээг  хожим Дубайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар нэмж тодотгосон билээ. Монголын хувь эзэмшилтэй холбоотой буюу 34 хувиа чамласан өнгө аяс манай улстөрчдөөс байнга цухалздаг. Сонгууль болгоноор зарим популистууд үүнийг ярьж, сонгогчдоос оноо авах гэж зүдэрдэг. Гэтэл нэг ч төгрөг заралгүй татвар, хураамж аваад суух тийм боломж бидэнд байсан. Ямар нэгэн хувь, хувьцаа авна гэхгүйгээр төслөөс олох нийт ашгийн 50-иас илүү хувийг аваад суух гарц байсан гэдэг. Одоогийн нөхцөлд 34 хувь бидэнд өр зээл болон хүндээр бууж байна.

Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн гаргасан УИХ-ын тогтоолын дагуу хөрөнгө оруулагч компанийн хувьцааны дор хаяж 34 хувийг Монголын тал авах ёстой гэсэн шийдвэрийг УИХ гаргасан нь өнөөдөр биднийг гарах гарцгүй болгоод байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээний хувь заяаг УИХ-ын 57 дугаар тогтоол үндсэндээ тодорхойлсон. Уг тогтоол Засгийн газарт буу тулгасантай дүйх хэмжээний зовлон тарьсан гэж өнөө хэр зарим улстөрч хэлдэг. 2001 онтой харьцуулахад манай эдийн засгийн хэмжээ өнөөдөр арав дахин өссөн байна.

Хөрөнгө оруулалтын зардал дахин 1.9 тэрбум ам.доллараар өсөхөөр байна


Мега төслийн хаялга энэ. Гэхдээ нийт нөөц баялгийн 80 хувийг хэвлийдээ тээх гүний уурхай ашиглалтад орох хүртэл зөвшилцөх, санал нэгдэх зүйл ар араасаа ундарсаар. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй залгаад “Оюутолгой” төслийн гүний уурхайн зардлыг улсаараа хэлэлцэх цаг тун ойртлоо.

Энэ байдлаараа Засгийн газрын толгойны өвчин “Оюутолгой” төслийн гүний уурхай болж мэдэх нь. Хөрөнгө оруулалтын зардлын асуудлаар хувь эзэмшигчид нэг талдаа гарч чадахгүй бол гүний уурхайн бүтээн байгуулалт удаашрах, улмаар царцах эрсдэл хол биш байна. Үндсэн хуулийн “эцэг” гэгддэг байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хуульч Б.Чимид агсан “Гэрээгээр холбогдсон хоёр тал бол гэр бүл болсон хостой адил. Нэг гэрт орсон хоёр шиг элгэмсэг, ойр дотно харилцаатай байхгүй бол хардлага байнга төрнө. Харилцаа сэвтэх, эвгүйтэх цагт харилцан буулт хийж явахгүй бол хагарч салахдаа хүрч мэднэ. Тэгээд хамтдаа жаргаж чадахгүй бол тус тусдаа зовно доо” гэж Ерөнхий сайд асан С.Баярын өрөөнд болсон нэгэн хурал дээр хэлж байлаа. Тэгвэл гүний уурхайн зардал нэмэгдэх, ашиглалтад орох хугацаа хойшлох магадлал өндөр байгаа энэ үед эдүгээгийн Ерөнхий сайдын өрөөнд энэ талаар ямархуу яриа өрнөж, хэрхэн шийдэл эрэлхийлж байгаа юм бол...