A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/452/

Уул уурхайн төсөвт төвлөрүүлсэн орлого 1.5 дахин өслөө

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/452/

Эрдсийн экспорт энэ оны дөрөвдүгээр сард нийт экспортын 91 хувийг бүрдүүлж, 1.9 тэрбум ам.долларын орлого оруулжээ. Энэ хугацаанд Монгол Улс 2.4 сая баррель буюу 340 мянган тонн газрын тос олборлож, 300 мянган тонныг экспортлоод байна. Ингэснээр газрын тосны салбар улсын төсөвт 73 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Харин энэ сарын 8-ны байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Түүнчлэн ашигт малтмалын нийт 3330 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгааг салбарын яамнаас мэдээлсэн Үүний 1,687 нь хайгуулын, 1,643 нь ашиглалтынх аж. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 4.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 798.8 тэрбум төгрөгөөр өслөө. Энэ өсөлтийг нүүрс болон металлын хүдэр бүрдүүлжээ. Тэрчлэн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт 694.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 229.8 тэрбум төгрөг буюу 1.5 дахин өсчээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар тутам зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хурлын үеэр энэ талаар танилцууллаа.

Мөн энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас зарим асуултад хариулт авлаа.


-“Оюутолгой”-н гэрээг шалгах Ажлын хэсгийн ахлагчийг өнгөрсөн долоо хоногт солилоо. “Оюутолгой” тойрсон хяналт шалгалтын талаар мэдээлэл өгөөч?

-”Оюутолгой” төсөлтэй холбогдуулан Монгол Улсын төрийн захиргааны бүхий л байгууллагуудад шалгалт орж байгаа. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шалгалт ороогүй. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа УИХ, Засгийн газарт дараагийн шийдвэрүүдийг ярих болов уу.

-Татварын ерөнхий газраас “Оюутолгой”-д 155 сая ам.долларын акт тавьсан байна. Үүнийг нь “Оюутолгой”-н хөрөнгө оруулагч хүлээн зөвшөөрөхгүй учраас Арбитрт хандахаа мэдэгдэж байсан. Салбарын сайдын хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Татварын асуудалд хоёр талаас Ажлын хэсэг байгуулсан. Цаашид талууд харилцан ярилцаж байж асуудлыг шийдвэрлэх ёстой. Том төслүүд жижиг зовлонг байнга дагуулж байдаг. “Оюутолгой” бол гаднын төсөл биш. Энэ бол Монгол Улсын төсөл. Үүнийг бүү улс төржүүлээсэй гэж хүсэж байна. Улс төржүүлдэг ч сэдэв биш. Арбитрт хандах эсэх нь өөрсдийнх нь шийдвэр. Ярилцаж байгаад шийдвэрлэх нь зөв. Юм л болбол арбитрт хандаад байж болохгүй.

-Хууль бус ашигт малтмалын лиценз олгосон асуудлыг хуулийн байгууллагуудтай хамтран шалгана гэж байсан. Шалгалтын ажил хийгдсэн болов уу?
-Хууль бус тусгай лицензүүдийг шалгахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан. Хууль бус лицензийг цуцлах эрх нь бий.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Чанараа өсгөхийг үнийн уналт шаардаж байна

​Нүүрсэнд нэмүү өртөг шингээсэн туршлагаар бид нимгэн​

 0 сэтгэгдэл


“Хэрэглэгч хаан” гэдэг зах зээлийн зарчмын дагуу манай олборлогчид худалдан авагчийнхаа хүслийг дагаж байна. Монголын нүүрсний цорын ганц гээд хэлчихэд бараг буруудахгүй худалдан авагч болох БНХАУ утаатай “дайн” зарласныг бид мэднэ. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхий дахиныг гайхшируулж буй Хятад улс агаарын бохирдол гэх аюулын харангатай нүүр тулаад удсан. Тиймээс иргэдээ эрүүл, аюулгүй орчноор хангах, эх дэлхийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн тулд их гүрэн ногоон хувьсгалыг зоригтой хэрэгжүүлж байгаа. Хятадын төр бүр өнгөрсөн оноос утаа “үйлдвэрлэгч”-дэд төмөр нүүрээ харуулж эхэлсэн. Ялангуяа, ган, нүүрсний салбарынхныг хайр найргүй хааж, хязгаарлах болсныг дуулсан байх. Тэгвэл утааны эсрэг ээлжит шийдвэрээ өнгөрсөн долдугаар сард танилцууллаа. Тухайлбал, Хятадын гангийн түшиц Хэбэй мужийн гангийн үйлдвэрийн тоог 2020 он гэхэд хоёр дахин бууруулж, 30-д хүргэнэ. Мөн нүүрсийг чанараар нь ангилан, ялгах бодлогоо үргэлжлүүлэхээ мэдэгдэв. Ийн манай “хэтэвч” болох Хятад улс чанараа өндөрсгөж байна.


Худалдан авагчаа дагаад бид ч нүүрсний чанар, стандартаа сайжруулахаас өөр аргагүй. Тиймээс Монголын нүүрс олборлогчид дуу дуугаа авалцан нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлыг эхлүүлцгээсэн юм. Монголын нүүрсний хамгийн том олборлогч, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани дотоодын компаниудтай хамтран баяжмал гаргах судалгааны ажил эхлүүлжээ. Харин Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй SouthGobi Sands, “Өсөх Зоос”, МАК-ийн үйлдвэрийн төслүүд амжилттай урагшилж байна. МАК-ийн үйлдвэр бараг дууссан бол “Өсөх зоос” компанийнх дунд шатандаа явна. Гэхдээ бид нүүрсээ түүхийгээр нь зарж байснаас нэмүү өртөг шингээн, боловсруулж байсан туршлагаар нимгэн. Үнэнийг хэлэхэд, баяжуулах нь бүү хэл түүхий нүүрсээ ч хүссэн хэмжээндээ хүртэл борлуулж чаддаггүй. Бас байсхийгээд л Монголын нүүрсний экспортод сорилт тулгарчихна. Энэ өдрүүдэд гэхэд нүүрсний экспортын гол “судас” болох Гашуунсухайт боомтод автомашины 100 гаруй километр урт цуваа үүссэнийг та дуулсан байх.

• Хятадын гангийн түшиц Хэбэй мужийн гангийн үйлдвэрийн тоог 2020 он гэхэд хоёр дахин бууруулж, 30-д хүргэнэ.

• Мөн нүүрсийг чанараар нь ангилж, ялгах бодлогоо үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.

• Манайд нүүрс боловсруулах ердөө ганцхан үйлдвэр амжилттай ажиллаж байгаа.

Уг нь нүүрсээ түүхийгээр нь бус баяжуулах бидний хүсэл бараг 20-иод жилийн өмнөөс эхэлсэн. Гэвч “Энержи ресурс”- ийг эс тооцвол нүүрс экспортолдог энэ олон компаниас нэг нь ч баяжуулах үйлдвэр барьж чадаагүй. Уг нь нүүрс баяжуулах нь уурхайн амнаас түүхий эд борлуулахтай адилгүй. Нарийн технологи, чадварлаг боловсон хүчин нэхэхээс гадна тухайн үйлдвэрийг амилуулах эрчим хүч, усан хангамжийг давхар шийдэх хэрэгтэй болно. Боловсруулах үйлдвэрийн хаягдал нь хүртэл бодолцох хэрэгтэй нэг хүчин зүйл болдог. Гэтэл манайд ердөө ганцхан компани эдгээр сорилтыг цогцоор нь шийдэж, бүрэн хэмжээний боловсруулах үйлдвэр амжилттай ажиллуулж байна. Тиймээс баяжуулах үйлдвэр байгуулахаар зорьж буй компаниудад ч зарим сорилт тулгарсаар байгаа аж. Монголын баялгийн үүц болсон Өмнийн говьд үйлдвэр байгуулахад ус, цахилгаангүйн гачлан бий. Өнөө хэр энэ бүс нутагт ус болон эрчим хүчний хангамжийг найдвартай шийдэж чадаагүй.


Эрчим хүчийг гэхэд өдгөө бусдаас гуйж, амь залгуулж буй. Усан хангамж ч ялгаагүй Өмнийн говьд шийдлээ хүлээсээр байна. Тухайлбал, “Өсөх зоос” компанийн баяжуулах үйлдвэрүүдийг бүрэн ашиглалтад оруулахад цахилгаан эрчим хүчний дутагдалтай нүүр тулжээ. Тиймээс БНХАУ-аас импортлохоор хэлэлцэж буйг эх сурвалж мэдээлэв. Харин жилд нэг сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэр байгуулаад буй МАК компани нүүрс баяжуулахдаа гүний бус үерийн үеэр хуримтлагдсан нэг сая шоо метр усыг эхний жилүүдэд ашиглахаар төлөвлөж байна. Түүнчлэн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани ч ус хэмнэх технологийн шийдлийг эрэлхийлж байгаа аж. Уг нь тус компанийн Цанхийн зүүн уурхайг түшиглэн барих үйлдвэрийн ТЭЗҮ гэхэд одоогоос бараг долоон жилийн өмнө бэлэн болсон. Гэвч өнөөг хүртэл бодит ажил болоогүйгээс олон жилийн өмнөх ТЭЗҮ өдгөө хуучирч, тооцоо судалгааг дахин хийхэд хүрчээ. Хэдийгээр хувийн хэвшлийн компаниуд нүүрсний чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа ч сорилт бэрхшээл мундахгүй байна.


Бас Монголын нүүрсийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох энэ санаачилгыг хувийн хэвшлийн компаниуд түүчээлж, үлгэр дуурайл болсоор байна. Гэхдээ нүүрс борлуулагчдад цаг тун бага үлдчихээд байгаа. Учир нь олон улсын шинжээчдийн нэгдсэн тооцоогоор нүүрсний үнэ ирэх оны дунд үеэс унаж эхлэх төлөвтэй. Энэ нь компаниудын ашигт ажиллагаанд нөлөөлж, хөрөнгө оруулалтыг нь хязгаарлана. Бас нүүрсний салбарыг чиглэх хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагын сонирхолыг ч бууруулна. Ийм түүх ч бий. 2010 оны эхээр нүүрсний үнэ тэнгэрт хадаж байхад баяжуулах үйлдвэрийн цөөнгүй төсөл эхлүүлсэн ч үнийн шуургатай нүүр тулаад, хэдэн жил гацсан. Тиймээс үнийн уналтаас урьдаж, чанар, үнэ цэнээ ахиулах шаардлага хувийн болон хувьсгалийн компаниудад тулгарч байна. Олон улсын зах зээл дэх үнийн уналтыг бид хойшлуулж чадахгүйгээс хойш цаг хугацаатай уралдан ажлаа урагшлуулах боломж олборлогчдын гарт бий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төмөр замын төсөл түрүүлж хөдлөх нөхцөл бүрдлээ

​Хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрс урьдчилан борлуулах гэрээгээр босгоно​

 0 сэтгэгдэл


“Эрдэнэс Тавантолгой”-н олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татах бэлтгэл ажил үргэлжилсээр. Тус компани 180 хоногийн хугацаанд бэлтгэлээ хангаснаар энэ оны эцэс гэхэд IPO хийх товтой байгаа. Нийт хувьцааныхаа 30 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчдад санал болгох бөгөөд ингэснээр дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлэх мөнгөтэй болох юм. Тодруулбал, ордын өгөөжийг нэмэгдүүлэх төмөр зам, цахилгаан станц, баяжуулах үйлдвэртэй болсноор “Тавантолгой” төсөл бүхэлдээ эдийн засгийн эргэлтэд орно гэсэн үг. Ордын хувь заяаг шийдэх дагалдах дэд төслүүдэд шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” зөвхөн цэвэр ашгаасаа дангаар гаргах боломжгүй. Тиймээс хөрөнгө оруулагчдад хандахаар зэхэж байгаа нь энэ. Төмөр зам, цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр “Тавантолгой” төслийн өнөөгийн үнэ цэнийг хэд дахин өсгөх тул цогцоор нь авч үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, эдгээр төсөл нэг дор хамт байснаар төслийн эдийн засагт үзүүлэх нөлөө өндөр байх юм. Засгийн газар “Тавантолгой”-г хөдөлгөх эрхээ УИХ-аас авчихсан болохоор замын турш улс төрийн саад үгүй. Харин хөрөнгө босгох ярвигтай ажил тэдний өмнө тулж ирээд байна. 180 хоногийн тоолуур гүйгээд эхэлчихсэн.

Гэхдээ найман жилийн турш ярьж, улстөржсөн энэ төсөл төмөр замаас болоод хэдэнтээ унаж, буцаж байсан удаатай. Тэгвэл Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг эрчимжүүлэхээр болсноо өчигдөр мэдэгдлээ. Үүний хүрээнд “Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар шийдвэрлэж, энэ чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар тус компанид олгоно гэдгээ зарлалаа. Үүнээс гадна төмөр замын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулан санхүүжүүлэх эрхийг “Эрдэнэс Тавантолгой”-н төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Энэ нь ирээдүйн орлогоо урьдчилж аваад төслөө мөнгөжүүлэх санаачилга. Төмөр замын төсөл урагшлах хэрээр хүлээгдэж байгаа IPO амжилттай болох магадлал улам нэмэгдэнэ гэдгийг салбарынхан хэлж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 орчим км урт төмөр зам ашиглалтад орсноор жилд хамгийн багадаа 30 гаруй сая хүртэл тонн нүүрс экспортод гаргах боломжтойг салбарын сайд онцолсон. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ төмөр замаар тээвэрлэх өртөг найм орчим ам.доллараар буурна. Тодруулбал, автозамын тээврээс дөрөв дахин бага зардлаар хөрш орнууд болон гуравдагч зах зээлд хүргэх нөхцөл бүрдэх юм.

• Компанийн өгч буй мэдээллээр, 2020 он гэхэд уурхай түшиглэн таван сая тонн хүртэлх хэмжээний нүүрс баяжуулах үйлдвэр барих юм.

• Тавантолгой ордын нүүрсний давхарга дахь метан хийн нөөц 51 тэрбум метр куб гэсэн урьдчилсан тооцоо бий.

• Засгийн газрын ээлжит хурлаас гарсан шийдвэр дахиад хүлээлт үүсгэлээ. Энэ нь “Тавантолгой төмөр зам” компанийн 49 хувийг хэн эзэмших вэ гэсэн асуулт хариулт нэхнэ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд өмнө нь 278 сая ам.доллар зарцуулсан ч санхүүжилт байхгүйн улмаас 2015 оноос хойш ажил нь зогсоод байсан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд төмөр замд 200 орчим сая ам.долларын хөрөнгө оруулах боломжтой аж. Уг төслийг барьж дуусгахад 790 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Үүний 49 хувийг босгоход Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдад хандахаар болж байна. Өрийн “хавхнаас” мултарч, 2017 оноос үйл ажиллагаа нь эрс сэргэсэн “Эрдэнэс Тавантолгой” зарим төслөө өөрсдөө санхүүжүүлэх боломж бүрдэж байгааг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцолсон. Гэхдээ төмөр замын төслөө дангаараа санхүүжүүлэх тамир тэнхээ тус компанид одоогоор суугаагүй байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн үзүүлэлт энэ он гарсаар сайжирч эхэлсэн гэдгийг өмнө нь манай сонин мэдээлж байсан.

Тодруулбал, энэ оны эхний хагаст тус компани улсын төсөвт 216.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 953 тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд байна. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүчээ төслүүдийн магнайд нь байх учиртай “Тавантолгой” Засгийн газрын түвшинд урагшилж байна. Энэ төсөл С.Баяраас эхлээд зургаан Ерөнхий сайд, таван салбарын сайдын нүүр үзээд буй. Төслийн хоёр дахь дэд төсөл нь нүүрс баяжуулах үйлдвэр. Компанийн өгч мэдээллээр, 2020 он гэхэд уурхай түшиглэн таван сая тонн хүртэлх хэмжээний нүүрс баяжуулах үйлдвэр барих юм. Уг төсөлд шаардлагатай хөрөнгийг төлөвлөж буй IPO хийснээр олох юм. “Тавантолгой” төслийг дагаад өмнийн говийн бүс нутагт цахилгаан эрчим хүчний шинэ хэрэглээ үүсэхээр байгаа. Үүнийг хангах үүднээс “Тавантолгойн цахилгаан станц” төслийг барихаар таван жилийн өмнөөс шийдсэн ч уг төсөл цааш үргэлжлэх, эсэх нь тодорхой бус байна.

Нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай уг төслийн гол худалдан авагч нь “Оюутолгой” байхаар тооцсон байсан. “Эрдэнэс Тавантолгой”-д хамааралтай өөр нэг төсөл нь “Нүүрсний давхаргын метан хий” ашиглах төсөл. Тавантолгой ордын нүүрсний давхарга дахь метан хийн нөөц 51 тэрбум метр куб гэсэн урьдчилсан тооцоо бий. Уг төслийн судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд туршилтын үйлдвэр гурван жилийн өмнө тавантолгойн ордод байгуулсан. Метан хий нь эрчим хүчний цэвэр эх үүсвэр. Түүний дулаан гаргах чадвар нүүрснийхээс 2.5 дахин, шатахуунаас 1.5 дахин өндөр. “Эрдэнэс Тавантолгой” хүчин чадлаа нэмэгдүүлж, дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэхэд нийт 7.4 тэрбум ам.доллар шаардлагатай. Үүний гуравны нэгийг IPO хийж босгохоор төлөвлөж байна. Засгийн газрын ээлжит хурлаас гарсан шийдвэр дахиад хүлээлт үүсгэлээ. Энэ нь “Тавантолгой төмөр зам” компанийн 49 хувийг хэн эзэмших вэ гэсэн асуулт хариулт нэхнэ. Уг төмөр зам дээр өмнөд хөршийн Shenhu групп орж ирэх үү, эсвэл өөр хувилбарын эрэлд Засгийн газар гарах хэрэгтэй болж байна. Ямартай ч “Тавантолгой”-н дэд төслүүдээс төмөр зам түрүүлж хөдлөх нөхцөл бүрдлээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Байгалийн баялаг бүр хараал болдог уу

Манай Улс орлогын менежмент муутай ангилалд бичигдэж буй​

 0 сэтгэгдэл

Лондонд төвтэй олон улсын уул уурхай, металлын зөвлөл уул уурхайгаас хамааралтай орнуудын тоо сүүлийн 20 жилд 53 хувиар өссөн гэж үзжээ. 1995 онд олборлох түлш болоод метал олборлож, эдийн засгаа авч явдаг 53 улс байсан бол 2015 онд 81 болж нэмэгдсэн байна. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлээр Энэтхэг, Хятадын түүхий эдийн их эрэлтийг нэрлэжээ. Уул уурхайн хамааралтай орнууд гэдэгт уул уурхайн салбар мөнгөн дүнгээр нийт экспортын орлогын 20 хувь, ДНБ-ий 10-аас илүү хувийг бүрдүүлж буйг нь тооцож үзсэн байна. 81 улсын 34 нь олборлох түлшнээс, 26 нь эрдэст түүхий эдээс экспортын орлогын 75 хувиа бүрдүүлж буй бол үлдсэн 21 улсын хувьд аль алинаас нь хамааралтай гэж үзжээ. Харин Монгол улсыг эрдэст түүхий эдээс хамааралтай гэдэг ангилалд оруулсан байх юм. Гэвч манай улсын экспортын орлогын 70-аас хол илүү хувийг эзэлдэг уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилд нүүрсний экспорт жин дарах болсон. Иймээс Монгол улс уг ангиллааар бол олборлох түлшнээс ч мөн хараат болж байна.


Эдгээр орон 20 жилийн өмнө дэлхийн ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж, нийт хүн амын 26 хувь нь аж төрдөг байжээ. Тэгвэл өдгөө дэлхийн ДНБ-ий дөрөвний нэгийг, нийт хүн амын 30 орчим хувийг бүрдүүлж буй энэ орнуудад уул уурхайн баялаг нь хөгжил авчирч байна уу гэдэг нь хэн хүний анхаарлыг татах биз ээ. Ийм харьцуулалт, тэгшитгэлийг хийхийн тулд НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд уул уурхайн хамаарал хийгээд нийгэм, эдийн засгийн хөгжлийн уялдаа холбоог авч үзсэн байна. Нийтэд нь дүгнэж хэлбэл, уул уурхайгаас хамааралтай орнуудын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд 1995 оноос хойш олон талаар эрс сайжирсан. Гэхдээ эдгээр өөрчлөлт тухайн улс оронд нэгэн жигд бус харин муж, бүс нутгийн шинж чанартай байгаа аж. Уул уурхайн түүхий эдийн орлого нэмэгдэх нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтын 11-д нь эерэг нөлөө үзүүлжээ. Уул уурхайгаас хамааралтай орнуудын 56 хувийнх нь нийгэм, эдийн засгийн байдал 1995 онд дэлхийн дунджаас доогуур байсан байна. Харин 1995 оноос хойш эдгээр орны 84 хувь нь энэ ялгааг багасгахаар зорьсон нь амжилттай болсон аж.

• Уул уурхайгаас хамааралтай орнуудын тоо сүүлийн 20 жилд 53 хувиар өссөн.

• Түүхий эдийн орлого нэмэгдэх нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 11-д нь эерэг нөлөө үзүүлжээ.

• Уг зорилтыг амжилттай биелүүлсэн орнуудын тоонд Монгол, Перу, Гана, Боствана болон Нигери улс орж буй аж.

Эсрэгээрээ, уул уурхайгаас хамааралгүй орнуудын 69 хувь нь л нийгэм, эдийн засгийн ялгавартай байдлаа багасгасан байна. Бага орлоготой ч уг зорилтыг амжилттай биелүүлсэн орны тоонд Монгол, Перу, Гана, Боствана болон Нигери улс орж буй аж. Газрын хэвлий дэх баялгийн зарцуулалтаараа дээрх 81 улсаас Чили, Гана, Перу, Индонез бусдадаа жишиг болж буй. Эдгээр орон сүүлийн 20 жилд нийгэм, эдийн засгийн сайн сайханд хүрэх зорилтынхоо 75 хувийг биелүүлж буй бөгөөд хүртээмж нь жигд гэж дүгнэжээ. Харин бусад улсын тухайд баялгийн элбэг хангалуун байдал ямагт эдийн засгийн хөгжил бий болгодоггүй гэдгийг баталж байна. Байгалийн баялгийн орлогыг дагаад нэг талд дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, цэвэр усны хүртээмж сайжирсан ч засаглалын хүчин зүйлд нөлөөлснөөрөө ДНБ-ий өсөлтийг доош чангааж, орлогын тэгш бус байдал, дарангуйлал, зөрчил мөргөлдөөн бий болгодог гэжээ.


Тиймээс байгалийн баялгаас хамааралтай орнуудын засаглалын чадавх тухайн улсын нийгэм, эдийн засагт үлэмж нөлөөлдөг гэсэн үг. Гэтэл засаглал, авлигал, хээл хахуулыг халах, улс төрийн тогтвортой байдал болон иргэдийн суурь эрхийг хангах тал дээр эдгээр оронд ахиц дэвшил туйлын сул байгаа аж. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээгээр 2015 оны байдлаар дэлхий дахинд 15-аас дээш хөдөлмөрийн насны 198 сая гаруй хүн байгаагийн 24 хувь нь уул уурхайгаас хамааралтай орнуудад амьдарч байна. Гэвч орлогын тэгш бус байдал тив, улс ялгахгүй тэлж байна. Дэлхийн нийт орлогын 40 хувийг хамгийн баян 10 хувь нь олж эзэмшдэг бол хамгийн ядуу 10 хувьд нийт орлогын ердөө 2-7 хувь л ногдож буйг тус судалгаанд онцолжээ. Ялангуяа хөгжиж буй орнуудад хүн амын өсөлттэй нь харьцуулахад орлогын тэгш бус байдал 11 хувиар тэлсэн байна.


Нөгөөтэйгүүр, уул уурхайгаас хэт хамааралтай байгаа нь засгийн газруудыг дотоод институцээ бэхжүүлж, төрийн байгууллагын үр дүнтэй болгох боломжийг хязгаарладаг. Эрдэс, түүхий эдээ хянаж, захиран зарцуулахад тулгарч буй аливаа саад бэрхшээл засаглалын тогтворгүй байдал, иргэний дайнд хүргэдэг эрсдэлтэй бөгөөд байгалийн баялгийн орлого нэмэгдэх тусам иргэний дайн дэгдэх эрсдэл нэмэгддэг гэсэн дэлхий нийтийн статистик бий аж. Манай улсын хувьд байгалийн нөөцийн засаглалаараа 81 орноос дээгүүрт орж буй ч орлогын менежмент муутай гэдэг ангилалд бичигдэж буй. Үнэхээр ч гурван хүн тутмын нэг нь ядуу, засгийн газрын дундаж наслалт 1.6 жил, үргэлж хагарал тэмцэлтэй байдаг тул дээрх ангилалд эргэлзэх нэгэн үгүй биз ээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Зэсийн ханшийн уналтыг шинжээчид чөлөөт уналттай зүйрлэж байна

​Зэсийн ханш сүүлийн нэг сард 1100-1200 ам.доллараар уруудлаа​

 0 сэтгэгдэл


Биднийг орлого өслөө хэмээн хөөрч, олсон хэд дээрээ найрлаж суух зуур таваарын ханш нүд ирмэхийн зуур уруудаж эхэллээ. Он гарсаар тогтмол өсөж, тооцооноос давж байсан төсвийн орлого энэ оны сүүлчээр хүндрэх эрсдэлтэй нүүр тулав. Олон улсын зах зээл биднийг тийм ч удаан дураар нь дургиулахгүй бололтой. Оны эхний хагасыг тун томоотой үдсэн таваарын зах зээл хоёрдугаар хагасаас тонгочиж эхлэв. Дэлхийн эдийн засгийн өсөлт, уналтыг илтгэдэг үндсэн түүхий эдүүдийн ханш уруудлаа. Таваарын үнийн зэрэгцсэн хямдралуудыг шинжээчид хүндийн хүчний “чөлөөт уналттай” зүйрлэсэн нь учиртай. лондоны металлын биржид гурван сарын хугацаатай зэсийн ханш сүүлийн нэг сард 1100-1200 ам.доллараар уруудаж, 2015 оноос хойших нэг сарын хамгийн огцом уналтаа үзүүлжээ. Үүгээр ч зогсохгүй лондоны металлын биржид пүрэв гарагт зэсийн ханш 2.6 хувиар буурч, 5000 ам.доллар руу гулсаад амжив. Уналтын давалгаанаас алт, мөнгө, цайр, хар тугалга ч хоцорсонгүй. Нью-Йоркийн биржид алтны ханш бараг 100 гаруй ам.доллараар хямдраад байна. Уг нь таваарын зах зээл 2017 оны босгон дээр өндийж, түүнээс хойш тасралтгүй өссөн. Гэвч өнгөрсөн зургадугаар сараас эхлэн алт, зэс зэрэг металлуудын ханш буурсан юм.


Энэ бол худалдааны шинэ тариф тогтоох Америкийн дуу хоолой улам чангарч эхэлсэн үе. Хойд Америкаас Ази руу үлээсэн, Хятадын бүтээгдэхүүнд хориг саад тогтоох шийдвэр хоёр улсаар зогсохгүй дэлхийн бараа эргэлтэд нөлөөлж мэдэхээр байна. Дэлхийн худалдааны тэнхлэгийн хоёр том хүч болох АНУ, БНХАУ өмнө нь зөвхөн үгээр дайтаж байсан бол өнгөрсөн сараас эхлэн үйлдлээрээ эсэргүүцлээ илэрхийлсэн нь зах зээлд хүчтэй нөлөөлж, таваарын ханш унахад хүргээд байна. Учир нь сүүлийн бараг 30 жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг урьд өмнө нь байгаагүйгээр хурдтай өсөхөд хүчтэй түлхэц болсон нээлттэй худалдаа хумигдаж мэдэхээр байгаа нь цэнхэр гарагийн эдийн засгийн өөдрөг ирээдүйг бүүдгэр болголоо.“Таваарын зах зээлд тодорхойгүй байдал ноёрхож, АНУ, БНХАУ-ын худалдааны хариу арга хэмжээ нь хөрөнгө оруулагчдыг няхуур хөдлөхөд хүргэж байна” гэж ABN Amro банкны ахлах эдийн засагч Каспер Бургеринг тайлбарлаж байна. Түүхий эд ялангуяа, зэсийн зах зээлийг жолооддог гэхэд хилсдэхгүй Хятад улс худалдааны зөрчлөөс богино хугацаанд хохирч магадгүй байгаа нь зэсийн ханшийг ийнхүү доргиогоод байна.


Зэсийн зах зээлийн эрэлтэд эрсдэл учраад буй бол нийлүүлэлт богино хугацаанд харьцангуй тогтворжих төлөвтэй. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал богино хугацаанд зэсийн ханшийг багагүй доош татна. Худалдааны зөрчил улам даамжирвал зэсийн ханшийн түвшин одоогийнхоос ч уруудаж магадгүй хэмээн Citigroup шинэхэн тайландаа анхааруулжээ. Мөн энэ нь өндөр өртөгтэй уурхайнуудад хүндхэн тусах бөгөөд бэлэн байхыг сануулжээ. Хэрэв зэсийн ханш 6000 ам.доллараас буурч эхэлбэл, баяжмал дахь зэсийн агууламж бага, өндөр өртөг зардлаар түүхий эд олборлож, тээвэрлэдэгуурхайнуудын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Түүхий эдийн ханш уруудаж буй цөвүүн цагт зөвхөн орд уурхай гэлтгүй улс орнууд ч бэлтгэж эхэлжээ. Зэсийн томоохон экспортлогч болох Чили эрдсийн үнийн уналтад бэлтгэж, төсөв, санхүүгийн байдлаа чамбайруулж буйгаа мэдэгдэж байна. Гэтэл уул уурхайгаас хамаарах хамаарлаараа Чилиэс ч илүү манай улсын сангийн бодлого тодорхойлогчид таваарын зах зээлд уналтын улаан гэрэл асаад бүтэн сар өнгөрч байхад анзаарч байгаа юм алга, зардлаа чимээгүйхэн өсгөсөөр.

Түүхий эдийн ханш ёроолын цэгээсээ сэргэж, төсвийн орлого овоо өсөж эхэлмэгц олсныхоо хэрээр үрдэг төр засгийн олхиогүй зан сэдэрчээ. Эдийн засаг хүнд байхад хумьж болоод байсан төсвийн зарлага өдгөө 170 тэрбум төгрөгөөр өсчихсөн явна. Манай улс төсвийн орлогынхоо долоо хуваасны нэг буюу бараг нэг их наяд төгрөгийг зөвхөн зэсийн орлогоос олно. Энэ онд тонн зэсээ 6430 ам.доллараар борлуулахаар төсөвтөө тусгачихсан суугаа. Гэтэл Сангийн яамныхны байж болох хамгийн хямдаар тооцсон нь энэ хэмээн тайлбарлаж байсан үнийн дүнгээс нь даруй 300 ам.доллараар зэсийн ханш буурчихаад байхад үл тоож, үрэлгэн зангаа гээхгүй байж болох уу. 2018 оны эхний хагас жилийн байдлаар 170 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдсэн төсвийн зарлагын өсөлт энэ оны эцэст 671 тэрбум төгрөг хүртлээ өснө хэмээн Монголбанк тооцжээ. Зарлагаа сул тавьсаар суутал орлого нь буураад эхэллээ. Орлого, зарлагын зөрүүгээр улсын төсөвт томоо гэгчийн цоорхой үүсмэгц түүнийг өр тавьж нөхсөөр өнөөг хүрсэн. Олсон орлогоо үр ашиггүй зарцуулсныхаа горыг өнөөдөр ч бид амсаж байгаа. Энэ жил ч давтагдаж магадгүй байна. Ялангуяа, эрдсийн үнийг өөдрөгөөр төсөөлсөн төсөв болон өндөр өртөгтэй олборлолт хийдэг уурхайнууд уналтын цэгээ одооноос онилж эхлэхгүй бол энэ оны эцэст хүндхэн газардаж магадгүй байна.