A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2816/

Уурын зууханд нүүрс түлнэ, түлэхгүй

Нэг аж ахуйн нэгж халаалтаа солиход хамгийн багадаа 10 сая төгрөг зарцуулна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2816/


Энэ жил нийслэл хот түүхий нүүрснээс татгалзаж, нийтээрээ сайжруулсан түлш хэрэглэнэ. Дээрх зохицуулалтын үр дүнд Улаанбаатарын гамшиг болсон агаарын бохирдол 40-50 хувиар буурах тооцоог албаныхан гаргасан. Тиймээс хотын утааны 80 хувийг “үйлдвэрлэдэг” гэр хорооллын айлууд ирэх өвөл сайжруулсан шахмал түлш заавал хэрэглэх ёстой. Нүүрс авах хэмжээний мөнгөөр түлш худалдаад авчих тул энэ ажил нэг их явдал чирэгдэлгүй бүтчихнэ гэж шийдвэр гаргагчид төлөвлөж байгаа. Харин уурын зуухаар халаалтаа шийдсэн аж ахуйн нэгжүүдэд “гэнэтийн” энэ шийдвэр тун хүндээр тусч байна.

Эдгээр байгууллага нүүрсэн галлагаатай бага оврын уурын зуухтай болохын тулд хамгийн багадаа 20 сая төгрөг зарцуулсан байдаг. Байгууламж том, чадал сайтай нь бүр 30, 40 сая гээд явчихна. Гэтэл одоо түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэрийн улмаас зуухаа буулгах, өөр эх үүсвэрээр солих дарамтад өртөж, их хэмжээний мөнгө зарцуулахаар болоод байгаа юм.

Хувийн хэвшлийн төлөөлөл болсон нэгэн залуу яг энэ асуудлаар манай сонины редакцид хандсан юм. Тэрбээр “Манайх үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байна.

Ихэнх байгуулагын адил бага оврын уурын зуухаар халаалтаа шийдсэн. Гэтэл энэ жил түүхий нүүрс түлүүлэхгүй байх шийдвэрийн улмаас манайхыг халаалтаа өөр эх үүсвэрээр шийд гэж нийслэлээс сануулсан. Шахмал түлшийг түлье гэвч энэ том талбайг халааж дийлэхгүй. Урсгал зардлаа дөнгөн данган нөхөж, амьдралаа залгуулах гэж яваа бидний хувьд 10, 20 сая төгрөг шууд гаргаад халаалтаа солих ямар ч боломж алга. Ядаж байхад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээл олдохгүй, бизнес хумигдсан сүүлийн хоёр жилийн хугацаанд манай орлого эрс багассан. Гэвч солихгүй бол хааж боох дээрээ тулах юм гэсэн. Бид түүхий нүүрс хориглосон шийдвэрийг эсэргүүцээгүй. Хамгийн гол нь урт хугацаанд бэлтгэж, багагүй хөрөнгө мөнгө гаргаж хийх ажлыг гэнэт тулгачихаар бидэнд хэцүү байна. Төр хувийн хэвшлийнхнээ дарамталж дуусахгүй бололтой” хэмээн зовлонгоо тоочиж сууна.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хийсэн судалгаагаар өдгөө хотод бага оврын буюу 15-100 квтын хүчин чадалтай 2333 зуух байгаа аж. Эдгээрээс цахилгаан болон төвлөрсөн дулаанд шууд холбох боломжтой газруудын жагсаалтыг гаргаж, нэмэлт зардалгүйгээр халаалтыг нь шийдэхээр болсон байна. Харин бусад байгууллага нь тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахаас аргагүйд хүрч байгаа бололтой. Энэ талаар хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Нийт 2333 зуухны 469- ийг нь элдэв тоног төхөөрөмж шаардлагагүйгээр шууд холбох боломжтой. Харин үлдсэн хэд нь тодорхой ажилбарууд хийх шаардлагатай. Энэ ажлыг хийх нарийвчилсан төсөв гараагүй. Гэхдээ урьдчилсан байдлаар 130 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Сургууль, цэцэрлэгүүдийг бол тусгай хяналтын дор нүүрс түлэхийг зөвшөөрч байгаа. Харин бага хэрэглээтэй бусад хувийн аж ахуйн нэгжүүдийг нэг бол цахилгаан, эсвэл дулаанд заавал холбох чиглэл өгч байна. Нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглсон шийдвэр 2018 онд гарсан шүү дээ. Жил гаруйн хугацаанд хэвлэл мэдээллээр зөндөө сурталчилсан. Нийтийн эрх ашгийн төлөө л гаргасан шийдвэр. Тиймээс аж ахуйн нэгжүүд ямар нэг аргаар халаалтаа өөр аргаар шийдэх л ёстой” гэв.

• Хотын төвийн зургаан дүүрэгт таван кВт-аас 1.4 мВт хүртэл хүчин чадалтай 2740 орчим зуух бий. 

• Сургууль, цэцэрлэгүүдийг бол тусгай хяналтын дор нүүрс түлэхийг зөвшөөрч байгаа. Харин бага хэрэглээтэй бусад хувийн аж ахуйн нэгжүүдийг нэг бол цахилгаан, эсвэл дулаанд заавал холбох чиглэл өгч байна. 

• 20, 30 сая төгрөг шууд гаргаад цахилгаан юм уу хийн халаалттай болж чадах байгууллага хэр олон билээ.

Нэг аж ахуйн нэгж халаалтаа солиход хамгийн багадаа 10 сая төгрөг гаргана. Хэрэв томоохон  талбайтай байгууллага бол энэ мөнгөн дүн хоёр, гурав дахин үржигдэх нь ойлгомжтой. Гэтэл энэ мөнгийг шууд гаргаад цахилгаан юм уу хийн халаалттай болж чадах байгууллага хэр олон билээ. Хэрэв нүүрсний зуухаа солихгүй бол мэргэжлийн хяналтын байгууллагаас торгоно, үйл ажиллагааг нь зогсооно гэж өнгөрсөн хавраас эхлэн “дарамталсан”. Ийм ацан шалаанд орсон мянга гаруй байгууллага байна гэж тооцохоор ямар олон хүний амьдралд хүндээр тусаж буй нь ойлгогдох байх. Гэвч нийслэлийн удирдлагууд жилийн өмнө гаргасан шийдвэрээ хувийн байгууллагуудад хүчээр тулгаж, хатуу нударгаар балбахаар зэхэж буй нь энэ. Ингэснээр албан байгууллагууд төрийн шийдвэрийг дагах хэцүү, болих хэцүү тун хүнд байдалд орчихоод байгаа аж. Ядаж таван жилийн өмнөөс анхааруулж сануулсан бол бэлтгэлээ эртнээс базаах байсан гэж тэд учирлаж байлаа. Улс гүрнүүд хэтийн болон ойрын төлөвлөгөөтэй хөдөлдөг дөө, уг нь.

Албан байгууллагууд халаалтаа солиход хүндрэл учирч байгаа учир хөнгөлөлттэй зээл олгох зэргээр дэмжлэг үзүүлж болох эсэхийг Р.Даваасүрэн мэргэжилтнээс тодруулахад БОАЖЯ-наас асуу гэв. Харин тус яамтай холбогдоход огт өөр тайлбар хэллээ. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга хувийн хэвшлийн байгууллагуудыг халаалтаа заавал энэ жил соль гэж дарамтлахгүй, асуудлыг уян хатан аргаар шийдэхийг хичээж байгааг дуулгав.

Тэрбээр “хотын төвийн зургаан дүүрэгт таван квтаас 1.4 мвт хүртэл хүчин чадалтай 2740 орчим зуух бий. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, шорон, цэргийн ангиас гадна хувийн хэвшлийн объектууд хүртэл байгаа. Мэдээж бүгдийг нь энэ жил амжиж шинэчилнэ гэдэг боломжгүй зүйл. Ядаж л зууханд тавигдах стандарт гэж алга. Манайхан энд тэндээс янз бүрийн зуух оруулж ирж байна. Өөрсдөө ч төрөл бүрээр нь үйлдвэрлэлээ. Тиймээс эхний ээлжинд зуухны стандартаа батлуулах ёстой юм. Үүний дараа нүүрсэн галлагаатай зуухуудыг шинэчлэх ажлыг шат дараатай хийх болно. Энэ ажил магадгүй 5-10 жил үргэлжлэх байх. Хувийн хэвшлийн байгууллагуудыг энэ жилдээ багтааж зуухаа заавал шинэчил гэж шахаж болохгүй. Угаасаа эрх зүйн үндэс ч байхгүй. Хотын захиргаанд яагаад тийм яриа гарсныг мэдэхгүй юм. Тиймээс эхний ээлжинд яндандаа заавал шүүлтүүр тавих шаардлага тавьж байгаа. Мэдээж төрийн өмчийн байгууллагын шүүлтүүр тавих зардлыг улсаас гаргана. Харин хувийн хэвшлийн тухайд ногоон сангаас хөнгөлттэй зээл олгох зэргээр аль болох хүндрэл учруулалгүйгээр шийдэх гээд ярилцаж байна. Шүүлтүүр суурилуулах тул өвөл хар утаа ялгаруулдаг том зуухнууд байхгүй болно” гэсэн юм.

Ийнхүү агаарын бохирдлыг бууруулна гэсэн ижил чиглэлээр ажиллаж буй хоёр төрийн байгууллагын байр суурь, тайлбар эрс зөрөөд явчихлаа. Нийслэлээс өгсөн тайлбараар бол уурын зуухаа шинэчлээгүй бүх байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг нь шууд цуцлах юм байна гэж ойлгогдлоо. Харин БОАЖЯ-ны тайлбараас харахад төр энэ асуудалд илүү уян хатан хандаж, хувийн хэвшлийнхэнд дарамт багатайгаар шийдэхийг хичээж буй аж.

Харин төрийн байгууллагуудын зөрүүтэй тайлбарын дунд хувийн хэвшлийнхэн яахаа мэдэхгүй хотын захиргаа, нийслэлийн Мэргэжлийн хяналтынхнаас дальдирч сууна. Мэдээж хүн ардын эрүүл мэндэд заналхийлсэн хотын хорт утааг бууруулах зөв зүйтэй санаачилгыг хүн бүр дуу нэгтэй дэмжиж буй. Тиймдээ ч түүхий нүүрсийг шахмал түлшээр солих ажлыг олон нийт дэмжиж, бүгд хувь нэмрээ оруулахыг хичээж байгаа. Гэхдээ төрийн ажлыг явуулж байна гээд хувийн хэвшлийнхнээ гэнэтийн тулган шаардлагаар дарамталж, бизнес, үйл ажиллагааг нь боомилж боломгүй санагдана. Байгууллага бүр хэдэн арван сая төгрөгийг шууд гаргаад халаалтаа солих боломжгүйг бодолцон үзэж, бодлого шийдвэртээ эрүүл ухаанаар, илүү уян хатан хандах хэрэгтэй санагдана. Үгүй бол мянга гаруй байгууллагын үйл ажиллагаа доголдож, зарим нь үүд хаалгаа барихдаа тулах гээд байна. Үүний цаана тэдний гэр бүл, ажилчид гээд олон хүний эрх ашиг, амьдрал бийг бодолцож үзэх нь зүйн хэрэг. Хүйтний ам наашилж буй цаг дор боомилогдсон байгууллагуудаа муйхраар дарамтлах бус зөв  шийдвэр гаргана буй за.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Трампын хүү Монголд ан хийхээр ирсэн үү

 0 сэтгэгдэл


Өнгөрсөн бямба гарагт АНУын ерөнхийлөгчийн том хүү Доналд Трамп Жуниор Монголд аялахаар ирээд, Алтай таван Богдыг зорьсон. ГХЯ-нд хандаагүй, хувийн шугамаар ирсэн тул албаны ямар ч уулзалт товлоогүй аж. Трампын хөвгүүдийг ангийн хорхойтой, сайн ч бууддаг талаар олон улсын хэвлэлүүд нэг хэсэг шуугисан. Гол шалтгаан нь АНУ-д ховор ан амьтны арьс, түүхий эд оруулах хоригийг зөөллөсөн шийдвэр гаргасан нь зэрлэг Африкт хориотой ан хийх үзэгдлийг ихэсгэсэнтэй холбож шүүмжилж байв. Харин энэ удаад Трамп Жуниор дархан цаазат ангаар баялаг баруун хязгаарыг зорьсон нь дэлхий даяар шуугисан асуудалтай холбож хардахад хүргэлээ. Ховор ан амьтан агнах зөвшөөрлийг орон нутгаас өгдөг. Тухайн жилд хэдэн төрлийн хичнээн ан хийх хязгаарыг баталсны дараа анчдад үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгчдээ авдаг байна. Ан тус бүр өөр өөр тарифтай. Тухайлбал, аргаль, угалз зэргийг агнахад 40-50 мянган ам.долларын төлбөртэй. Түүнийг орон нутаг болон анчдыг зуучлах компани хуваан авдаг байна. Ямартай ч АНУ-ын ерөнхийлөгчийн хүү Монгол Улсад “авиралт хийнэ үү, ан хийнэ үү, яана уу” хамаагүй. Орон нутагт хөрөнгө оруулж, алс баруун хязгаарын хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр болж байгаа нь чухал биз.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Гишүүний “нүцгэн лайв” хардлага дагуулав

 0 сэтгэгдэл



Засгийн газрын шийдвэрээр уул уурхайн лицензээ цуцлуулсан эзэд, төрийн зарим түшээдтэй Новотел зочид буудалд цугласан тухай мэдээлэл шуугиан тарьж байна. Харин тэр үйл явдалд  нэр холбогдсон Д.Хаянхярваа гишүүн гэртээ байгаагаа харуулж “нүцгэн лайв” хийсэн нь интернэт орчинд маргаан дэгдээв. Түүний гэр орноо дүрсэлж, дүү нараа харуулсан тэр бичлэгийг уулзалтын дараа хийсэн гэж хүмүүс хардаж байгаа юм. Үүн дээр нэмээд “Монгол газар”- ын Ц.Мянганбаяр эмнэлэгт хүргэгдсэн шуугианд хариу болгож мань гишүүн “Би тэр Мянганбаяр нарыг чинь танихгүй, мэдэх ч үгүй” гэж жиргэсэн нь сошиалд хардлагын галыг улам өрдөөд байна. Хаян дарга Ц.Мянганбаяр нартай уулзсан гэх мэдээллийг хууль хяналтын  байгууллагаар шалгуулахаа мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ түүнд хандаж “Үнэн худлын хооронд бүх л ертөнц оршдог” хэмээсэн сэтгэгдэл илгээжээ.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Нөхөр маань тоглоомонд донтчихлоо, би яах вэ?

 0 сэтгэгдэл


ЗГМ weekend мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтран зөвлөгөө өгч байна. Энэ удаагийн дугаарт “Монгол билиг” сэтгэл судлалын төвийн сэтгэл судлаач Б.Чоймаа уншигчдаас ирсэн асуултад дараах хариултыг өглөө. Хэрэв танд гэр бүл, сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй.

ГЭР БҮЛ ХУУРАЛТ ДУТУУГИЙН МЭДРЭМЖЭЭС ҮҮДЭЛТЭЙ

-САЙН БАЙНА УУ. БИ 37 НАСТАЙ ЭРЭГТЭЙ. МАНАЙХ ХОЁР ХҮҮХЭДТЭЙ. ХАРИН МАНАЙ ЭХНЭР ГЭР БҮЛЭЭСЭЭ САЛСАН НЭГ ЗАЛУУТАЙ НАМАЙГ ХУУРЧ БАЙСНЫГ ХЭДЭН САРЫН ӨМНӨ МЭДСЭН ЮМ. ТЭР ЗАЛУУГИЙН САЛСАН ЭХНЭР НАДАД ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД БИ ИХ ЦОЧИРДСОН. ЭНЭ ТАЛААР ЭХНЭРТЭЙГЭЭ ЯРИЛЦАЖ ХОЛБООГОО ТАСАЛ ГЭЖ ХЭЛСЭН. БОСГОСОН АМЬДРАЛАА НУРААХЫГ, ХОЁР ХҮҮХДЭДЭЭ ХАГАЦАЛ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА. ГЭТЭЛ ЭХНЭР МААНЬ “ХОЁУЛАА САЛЪЯ” ГЭЖ ХЭЛЛЭЭ. БИ ОДОО ЯАХ ЁСТОЙ ВЭ?

-Гэр бүлээс гадуурх харилцаа нь ихэвчлэн хамтрагчаасаа авч чадаагүй дутуугийн мэдрэмжтэй холбоотой байдаг. Эхнэр эсвэл нөхрөөсөө авч чадахгүй байгаа мэдрэмжээ өөр хүнээс авах нь энэ харилцааны эхлэл болдог. Тиймээс эхлээд танд ямар асуудал байсан бэ. Эхнэртэйгээ яаж харьцдаг байсан болон эхнэр чинь таниас юу хүсэж хүлээдэг байсан талаар бодоод үзээрэй. Хэн хэн нь тайвширсны дараа ярилцах хэрэгтэй. Уур бухимдал сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудлыг шийдэхгүй шүү дээ. Эхнэр чинь тухайн хүнтэй яагаад хамт байхыг хүссэн юм бол, эхнэртээ ямар мэдрэмж сэтгэлийг өгч чадаагүй вэ зэрэг хэн хэнийхээ учир шалтгаан нөхцөлийг нээлттэй ярилцаж тодруулах хэрэгтэй. Асуудлын учир шалтгааныг тодруулсан бол яагаад салахыг хүсэж байгаа, яагаад салахыг хүсэхгүй байгаа шалтгаануудаа ярилцан асуудал яавал шийдэгдэх боломжтой гарц гаргалгааг хамтдаа хайгаарай.

ХҮҮХДҮҮДЭЭ БҮҮ ХАРЬЦУУЛ

-БИ ОДОО ХОЁР ОХИНТОЙ. ТОМ МААНЬ НАЙМАН НАСТАЙ, БАГА НЬ ЗУРГААН НАСТАЙ. ДҮҮ НЬ ИХ СЭРГЭЛЭН ЦОВОО ХӨДӨЛГӨӨНТЭЙ, ХҮМҮҮСТЭЙ АМАРХАН НӨХӨРЛӨДӨГ БОЛ ЭГЧ НЬ ЧИМЭЭГҮЙ, ДУУ МУУТАЙ ХҮҮХЭД. ХҮМҮҮСТЭЙ ХУРДАН ДОТНОСОЖ ЧАДДАГГҮЙ ДУУ СУЛТАЙ, НООМОЙ. БИ ТОМ ОХИНДОО САНАА ЗОВООД БАЙНА. ДҮҮ ШИГ НЬ СЭРГЭЛЭН, ХҮМҮҮСТЭЙ НЭЭЛТТЭЙ БОЛГОЖ БОЛОХ УУ. ЯАЖ ТЭГЭХ ВЭ?

-Эцэг эхчүүдийн гаргадаг нэг алдаа нь хүүхдүүдээ хооронд нь харьцуулж бодох юм. Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн зан чанартай. Чимээгүй, дотогшоогоо байлаа гээд хүчээр нээлттэй болгох гэж хүчлэх нь хүүхдэд нь дарамт болж өөрийнхөөрөө байж чадахгүйд хүргэнэ. Дүүтэй нь харьцуулж ярьдаг бол дүүдээ дургүй болох ч талтай. Улмаар өөрийг нь ойлгодог хүн байхгүй мэт санагдаж ганцаардахад хүргэнэ. Та хүүхдээ өөртэйгөө дотно, нээлттэй байгаасай гэж хүсэж байвал өөрчлөх гэж хүчлэхгүйгээр өөрийнх нь онол, зан чанарыг хүлээх зөвшөөрөх хэрэгтэй. Тэд чинь нэг хэвэнд цутгасан робот биш, байгаагаараа хайрлагдах гэж ирсэн хүүхдүүд шүү дээ.

ӨСВӨР НАСАНД ӨӨРИЙГӨӨ БУРУУТГАХ МЭДРЭМЖ НЭМЭГДДЭГ

-САЙН БАЙНА УУ. БИ ГЕРМАНД СУРДАГ, 17 НАСТАЙ ЭРЭГТЭЙ. НАДАД K-POP МАШ ИХ ТААЛАГДДАГ УЧИР СОЛОНГОС ХЭЛ СУРСАН. ХАРИН САЯХНААС СОЛОНГОСТ ОЧИЖ СУРАХЫГ МАШ ИХ ХҮСЧ БАЙНА. УЛС ОРОН БҮРИЙН ӨӨРИЙН ОНЦЛОГ ГЭЖ БАЙДАГ ДАА. ГЭХДЭЭ ЭНЭ БОДЛОО ЭЭЖ, ААВДАА ХЭЛЭХЭЭС АЙГААД БАЙХ ЮМ. ТЭД НАМАЙГ ЭНД СУРГАХ ГЭЖ ИХ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАСАН. БИ ЯАЖ ӨӨРИЙГӨӨ ОЙЛГУУЛАХ ВЭ?

-Тухайн улсын урлаг соёл таалагдаад тэр орныхоо хэлийг судалж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ улс чиний ирээдүйн амьдрал, мөрөөдөлд бүрэн хамааралтай эсэхийг бодож үзээрэй. Юун түрүүнд суралцах орон, сургуулиас илүү сурахыг хүсэж буй мэргэжлээ тодорхойлоорой. Чи ирээдүйд ямар амьдралаар, юу хийж амьдрахыг хүсэж байна вэ,тэр амьдралаараа амьдрахад чамд ямар ажил, мэргэжил хэрэгтэй вэ. Энэ мэргэжлээр сурахад надад ямар сургууль, ямар улс тохиромжтой вэ гэх мэтчилэн бодож үзээрэй. 12-16 нас бол шилжилтийн нас. Хүүхдийн онцлогоос хамаарч шилжилтийн нас хожуу тохиох нь ч бий. Тиймээс өөрийн сэтгэл зүй, насны онцлогоо тунгаагаад үзээрэй. Чиний насан дээр нийгмийн мэдрэмж нэмэгдэж бусдыг хүндлэх, бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлаж эхэлдэг. Энэ хэрээр гэр бүлийнхэн, дотны хүмүүстээ тулгарсан болохгүй, бүтэхгүй зүйлийн өмнө өөрийгөө буруутган эмзэглэж, гутрах нь ихэснэ. Эсрэгээрээ өөрийнх нь туслалцаатай бүтсэн ажил хэрэгт баярлаж, урам зориг, эрч хүч авдаг. Тиймээс өөрийгөө буруутгах мэдрэмж чамд байнга төрж байвал хүндээр хүлээн авах хэрэггүй. Сэтгэл зүйгээ тогтвортой байлгах үүднээс тэмдэглэл хөтөлж болно.Дараа нь уншиж үзээд өөрийнхөө бодол санаанд дүгнэлт хийгээрэй. Мөн аав, ээжтэйгээ өөрт төрж буй мэдрэмжээ хуваалцаж нээлттэй ярилцаад үз. Тэд чамд хамгийн сайн зөвлөгөөг өгөх болно.

УНТСАН Ч АМРААГҮЙ МЭДРЭМЖ ТӨРӨХ НЬ СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ ХОЛБООТОЙ

-БИ 40 НАСТАЙ ЭМЭГТЭЙ. СҮҮЛИЙН ЗУРГААН САР ҮРГЭЛЖ ДӨРВӨН ЦАГТ СЭРЖ БАЙНА. ОРОЙ БОЛОХООР УНТАЖ ЧАДАХГҮЙ ХӨРВӨӨГӨӨД БАЙХ ЮМ. ЭНЭ НЬ СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ ХОЛБООТОЙ ЮУ. ХЭРХЭН НОЙРОНДОО САЙН БОЛОХ ВЭ?

-Тийм ээ, нойргүйдэх, нойронд муу болох, унтсан ч унтаагүй мэт мэдрэмж төрөх нь сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Удаан хугацаагаар ямар нэг зүйлд санаа зовох, түгшүүртэй байх болон хэт их зүйлсийг бодож шаналах нь нойргүйдэлд хүргэдэг. Нойргүй болсон хүмүүс ихэнх нь ямар асуудлаас болж нойронд муу болсноо мэддэггүй. Сэтгэл гутрал нь далд хэлбэрээр удаан хугацаанд бага багаар хуримтлагдсаар хожуу илэрч байгаа нь энэ юм. Асуудлыг хэт хүндээр хүлээж авч удаан хугацаанд шаналахаа болих хэрэгтэй. Асуудал, хэцүү зүйлсээ овоолон үүрч явах биш тухайн цаг үед нь үлдээж сурах нь өнгөрснөө чирж өөрийгөө шийтгэхээс дээр байх болно. Хэрвээ та асуудлаа тодорхойлж чадахгүй байвал мэргэжлийн сэтгэл зүйчийн тусламж аваарай.

ТОГЛООМОНД ДОНТСОН БОЛ СЭТГЭЦИЙН ЭМЧИД ЯАРАЛТАЙ ҮЗҮҮЛ

-САЙН БАЙНА УУ. БИ 26 НАСТАЙ, ЭМЭГТЭЙ. МАНАЙ НӨХӨР ТОГЛООМОНД ДОНТЧИХЛОО. БИ ТОГЛООМООС НЬ ХӨНДИЙРҮҮЛЭХ ГЭЭД ХҮҮХДЭЭ ӨВӨР ДЭЭР НЬ АВААЧИЖ ТАВЬСАН Ч  УЙЛУУЛААД Л ТОГЛООД БАЙДАГ. НЭГ ӨДӨР БИ КОМПЬЮТЕРИЙН ЗАЛГУУРУУДЫГ НЬ НУУЧИХСАН ЧИНЬ АЙМШИГТАЙ УУРЛАСАН. ЭНЭ ХҮН ТАКСИНД ЯВЖ ӨДРИЙН ХООЛОО ОЛЧИХООД Л ТОГЛООД ХЭВТЭЖ БАЙХ САНААТАЙ БАЙХ ШИГ БАЙНА. ЯАЖ ЗАСАЖ АВАХ ВЭ?

-Мэргэжлийн сэтгэц мэдрэлийн эмчид үзүүлэхийг санал болгож байна. Цахим тоглоом хэт их тоглох нь дэлгэцийн донтолтын нэг төрөл бөгөөд даамжирвал сэтгэц мэдрэлд нөлөөлж эмгэг болох аюултай байдаг. Тиймээс сэтгэцийн эмчид үзүүлэн эмчилгээ хийлгэх, шаардлагатай тохиолдолд албадан эмчилгээнд явуулах хэрэгтэй болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Наадам дуусаагүй байхад цас, хадлан яах вэ

Аймгийн харцага, начингууд хүртэл шинэ цолны мялаалга наадам хийдэг болжээ

 0 сэтгэгдэл


Төрийн ордонд болж өнгөрсөн Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр энэ жил өвөлжилт хүндэрч магадгүйг албаны хүмүүс сануулсан. Наймдугаар сард орсон их борооны улмаас ургац хураалт хойшлох, болц удаашрах зэрэг шалтгаанаас хамаарч ургац алдах нөхцөл бүрдсэнийг салбарын яамнаас тариаланчдад анхааруулсан бол наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр цас орж, олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж магадгүй гэх мэдээллийг цаг уурын байгууллагаас өглөө. Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх найр, наадмын сар дууссаныг сануулж, өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг шат шатныханд хатуу анхааруулсан. Гэвч эрхэм сайдын үгийг нохой хуцаж байгаан чинээ ч тоох хүн алга. Долдугаар сарын аравдаар улс орон даяар эхэлсэн их найр наадам хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн өнөө үед ч үргэлжилсээр. 21 аймаг, 330 сумын наадам ч яахав болдгоороо болоод өнгөрсөн. Харин албан ёсны наадмын дараах албан бус бэсрэг наадмууд бараг хоёр сарын турш үргэлжилсэн хэрнээ дуусах яагаа ч үгүй байна. Наадам хэссэн монголчуудын тоос шингэрэх ч янз алга.

Улсын баяр наадмаар шинэ цол хүртсэн бөхчүүд түүнийхээ мялаалга наадмыг хийдэг уламжлалыг байх ёстой зүйл гэж үзье. Гэтэл сүүлийн үед аймгийн цолтнууд хүртэл нүсэр том мялаалга наадам хийдэг болжээ. Тэр ч байтугай аймгийн харцага, аймгийн начин цол хүртсэн нөхөд хүртэл бэсрэг наадам хийж, бөх барилдуулж, морь уралдуулж, сур харваа зохион байгуулж байгааг юу гэж ойлгох вэ. Тун удахгүй сумын заан цолны мялаалга наадам гэж сонсогдоход гайхах зүйл алга. 

Жил бүр 120 орчим бөх шинээр аймаг, улсын цол хүртдэг гэх ерөнхий багцаа бий. Энэ жилийн  тухайд аймгийн начин 70 гаруй, аймгийн харцага 20 орчим, аймгийн заан тав, аймгийн арслан  цолыг 20 шахам бөх хүртжээ. Үүн дээр улсын баяр наадмын шинэ цолтнуудыг нэмбэл 120 гэсэн дундаж тоонд дөхөж очихоор байна. Харин энэ олон цолтнуудын ихэнх нь мялаалга наадмаа хийдэг болсон гэж тооцвол найр наадмын хөл есдүгээр сар гарсан ч тасрахгүй бололтой.

Бөхчүүд цолны мялаалга наадмаа хийнэ үү, болино уу бидэнд ямар хамаатай юм гэж зарим нь бодож магадгүй. Тийм биш юм аа. Учир нь шинэ цолтон бүр мялаалга наадмаа тухайн аймаг, сумын захиргаатай хамтран зохион байгуулдаг. Сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд энэ хэдэн өдөр бүхэлдээ наадмын зохион байгуулалтад дайчлагдана. Мөн наадам зохион байгуулахад орон нутгийн төсвөөс чамгүй мөнгө зарцуулчихна. Бусад сумынхан шинэ цолтны наадмаа сайхан хийгээд байхад бид юунаас нь дутдаг юм гэх монгол зан үүнд нэрмээс болно.

Зөвхөн бөхийн тухайд ярихад ийм байна. Үүнээс гадна харваачид, шинэ цолны болзол хангасан уяачдын наадам гээд цааш үргэлжилнэ. Тийм харваачийн мэргэн цолны мялаалга наадам, ийм уяачийн алдрыг тэмдэглэх наадам гээд зөндөө л сонссон байх. Тэр ч байтугай хүүхдийн сэвлэг үргээх баярт зориулан бэсрэг наадам хийж, морь уралдуулах үеэр нэг нөхөр хоёр настай хүүхдээ морин дээр баглаж уяад уралдуулсан гэх дуулиан өнгөрсөн жил гарч байлаа. Аав нь тухайн үед торгуулаад өнгөрсөн санагдана. Гэхдээ даахины найранд зориулж бэсрэг наадам хийнэ гэдэг арай л дэндүү аархал уу.

Жижиг хэмжээний ганц наадам зохион байгуулахад хамгийн багадаа 20 сая төгрөгийн зардал гардаг гэх багцаа бий. Бөх, морь, сур харвааны бай шагнал, дуучдын үнэ хөлс, ирсэн зочдыг дайлж цайлах мөнгө болон зохион байгуулалтын бусад зардал багтаад энэ. Арай том, хөлтэйхөн наадам хийнэ гэвэл энэ зардал улам өсөх нь тодорхой. Өнгөрсөн зун манай нэгэн алдартай аваргад зориулсан наадам баруун аймгийн төрсөн суманд нь болж өнгөрлөө. Хамгийн гол нь эл наадмын бүх зардал тухайн сумын төсөрхөн төсвийг шавхаад зогсохгүй сумын албан хаагчдын цалингаас татаас авч байж нэг юм зохицуулсан тухай чих дэлслээ.

Ингэж наадамлаад цэнгэл авдаг гэвэл нэн харамсалтай биш гэж үү.

Гэтэл ийм хэмжээний зардалтай наадам 21 аймаг, 330 суманд жил бүр хэд хэдээрээ болж байна гээд төсөөл дөө. Ямар их үргүй зардал урсаж байгаа бол. Наадам хийж буй энэ мөнгөөр сумандаа ганц боловсон жорлон барьчих сэтгэл даанч алга даа.

Наадмын маргааш намар гэж монголчууд ярьдаг. Наадамлаж дууссан бол намар, өвлийн бэлтгэлээ эртхэн базаахыг сануулсан үг. Хотынхон ч яахав, дулаан хувцсаа зэхсэн байхад өвлийн бэлтгэл ерөнхийдөө болоод явчихна. Харин хөдөөгийн малчдын хувьд хадлан тэжээлээ бэлдэхээс авахуулаад хийх ажил мундахгүй. Гэтэл зуны сарыг зургаа юм шиг санаж наадамласаар анхны цас унахтай зэрэг гэнэт ухаарсан мэт сандардаг арчаагүй малчин өчнөөн бий. Тэгээд өвөл нь болохоор хотоо харлуулчихаад зуд турханд хамаг буруугаа чихээд сууж байх вий.

Сүүлийн үед малаа саадаггүй залхуу малчин олширсон гэж ярьдаг нь үнэний ортой. Одоо хот байтугай хөдөөд цагаан идээ нүдний гэм болсныг хүн бүр хэлдэг. Бидний багад захын нэг малчныхаар ороход цагаан идээгээр бялхаж байдаг сан. Хотоос ирсэн хамаатнууддаа даавуун уут дүүрэн хийж өгөөд явуулна. Харин одоо ингэж цагаан идээгээр халгиж цалгисан айл хэр олон байгаа билээ. Монгол 60 сая малтай хэрнээ 15 мянган төгрөгөөр ганц кг мах авч, ааруулын үнэ 20 мянгыг давж, сүүнийхээ 80 хувийг импортоор авч буй нь эмгэнэл биш гэж үү. Гэвч энэ бүгдийг тоож, анхаарлаа хандуулах ч сөхөөгүй наадамлаж, өдөр хоногийг өнгөрөөсөөр. Ерөнхий сайд анхааруулсаар байтал ийнхүү үл тоосон наадамчин монголчууд байгаль эхийн ниргэлт амсаж байж оройд нь орох гээд байх шиг санагдах юм.