A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/652/

Ухаалаг автомашин цахилгаан залгигч биш

​Цахилгаан автомашины зардал ердийн машинаас 3-4 дахин бага​

Ухаалаг автомашин цахилгаан залгигч биш
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/652/

Хосолмол хөдөлгүүртэй Prius автомашиныг анх зохион бүтээгдэхэд “Монголын уур амьсгалд таарах уу”, “Дэндүү үнэтэй юм биш үү”, “Үнэхээр хэмнэлттэй байж чадах уу”, “Монголын замд дороо эвдэрч хэмхэрнэ дээ” гэсэн бодолтой хүн цөөнгүй байлаа. Гэтэл техникийн хувьсал авчирч, эргэлзээ төрүүлсэн уг машин уулын өөд Land 200-тай уралдчихсан, төв Азийн эсрэг тэсрэг уур амьсгалд торолгүй монголчуудын нийтлэг хэрэглээ болон нутагшиж чадсан. Тэгвэл ногоон эдийн засгийн хосгүй шийдэл болох бүрэн цахилгаан хөдөлгүүрт автомашинд яг ижил зүйл яригдаж байна. Энэ оны эхээр болсон Mongol Rally тэмцээнд анх удаагаа бүрэн цахилгаан автомашин Nissan Leaf уралдлаа. 16 мянган км шулуун болон бартаат зам туулахад нийт 111 удаа цэнэглэсэн ба автомашинд ямар ч асуудал гараагүй байна. Түүнчлэн цахилгаан цэнэглэлтийн зардалд ойролцоогоор 322,900 төгрөг буюу 100 км-т дунджаар 2000 төгрөгийн л зардал гаргасан байна. Энэ нь 100 км-т долоон литр иддэг дотоод шаталтын хөдөлгүүрт автомашинтай харьцуулахад бараг дөрөв дахин бага зардал юм. Улс орон бүр байгальд хөнөөлтэй нөөцийн хэрэглээг бууруулахаар мэрийж буй. Манай улс ч хойш суугаагүй. Өнөөдрийн байдлаар нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 12.7 хувийг аль хэдийнэ сэргээгдэх эрчим хүч эзэлж буй. Цахилгаан автомашины хувьд ч мөн адил шаардлагатай алхмуудыг авч эхэлсэн ба өнгөрсөн жил цахилгаан тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй болгож, авто зам ашиглах төлбөрөөс чөлөөлсөн юм.

ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНДЛАГА БА ЦААШДЫН ТӨЛӨВ

Bloomberg-ийн сүүлийн үеийн судалгаанаас харахад өнгөрсөн жил дэлхий даяар нийт 1.1 сая цахилгаан автомашин зарагдсан байна. Энэ нь 2016 онтой харьцуулахад 57 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Цахилгаан автомашины борлуулалтаараа тэргүүлэгч орон нь манай өмнөд хөрш бөгөөд дэлхийн нийт борлуулалтын тэн хагасыг дангаараа эзэлж буй. Түүнчлэн Хятадын Засгийн газар 2020 он гэхэд зах зээлд хоёр сая цахилгаан машин борлуулахаар төлөвлөсөн. Шинжээчдийн таамаглаж буйгаар 2040 он гэхэд Хятадын нийт автомашины борлуулалтын 60 хувийг цахилгаан хөдөлгүүрт автомашин эзлэх төлөвтэй байна. Өнөөгийн байдлаар дэлхийн цахилгаан автомашины нийт борлуулалтын 95 хувийг БНХАУ, Европын орнууд, АНУ, Япон, Энэтхэг, Австрали улс эзэлж байгаа. Харин эдгээрээс бусад оронд 2025 оноос цахилгаан автомашины хэрэглээ эрчимжиж, 2040 он гэхэд нийт борлуулалтын 46 хувьд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байгаа юм.

ЭДИЙН ЗАСГИЙН ҮР НӨЛӨӨ БА ТААМАГ

Дээр дурдсанчлан цахилгаан автомашины урсгал зардал дотоод шаталтын хөдөлгүүрт машинаас 3-4 дахин бага. Харин үндэсний хэмжээнд тооцоод үзвэл Монгол Улсын бүх амины машиныг цахилгаан болгоход нийт эрчим хүчний нэг сарын хэрэглээ ердөө 0.002 хувиар нэмэгдэнэ. Шатахууны үнээс инфляцийн түвшин нь ихээхэн хамааралтай байдаг манай улсын хувьд цахилгаан автомашин хөгжлийн томоохон боломж ч байж болох юм.

ЦАХИЛГААН МАШИН ЕРДИЙН МАШИНААС ХЯМД БОЛНО

Цахилгаан автомашин бүтээх нийт зардлын дийлэнх буюу бараг 40 хувь нь батарейндаа зарцуулагддаг. Bloombergийн судалгаанаас харахад батарейн үнэ цаашид буурах хандлагатай байгаа ба 2030 он гэхэд цахилгаан машины үнэ ердийн машинаас хямд болох таамагтай байгаа. Түүнчлэн батарейн эрчим хүчний нягтрал султайгаас ойр ойрхон цэнэглэх шаардлага гардаг. Дотоод шаталтын хөдөлгүүрт автомашинтай дүйцэхийн тулд нэг цэнэглэлтээр дунджаар 322-483 км зам туулах шаардлагатай аж. Судалгаанаас харахад батарейн эрчим хүчний нягтрал маш хурдацтай нэмэгдэж байгаа төдийгүй 2040 он гэхэд уг хэмжээнд хүрэх боломжтой хэмээн шинжээчид дүгнэжээ. Цахилгаан автомашин нийтлэг хэрэглээ болоход тулгамдаж буй дараагийн нэг асуудал нь цэнэглэгч станцын хүртээмж юм. Тэгвэл цэнэглэгч станцын тоног төхөөрөмж нийлүүлдэг төдийгүй салбартаа дэлхийн хамгийн том гэгдэх Швейцарын ABB компани Монголд салбараа байгуулан, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Иймд дэлхийн жишгийг дагах бус, манлайлах боломжийг эрэлхийлж, эдийн засгийн үр нөлөө бүхий уг зах зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд цувралаар хүргэх болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Их Британид интернэт хурдны хязгаарлалтыг түр цуцлав

 0 сэтгэгдэл

Их Британийн интернэт үйлчилгээ эрхлэгч гол компаниуд COVID-19 цар тахлын онцгой цаг үед нийцүүлэн өргөн зурвасын холболтоор өгөгдөл дамжуулахад тогтоодог хязгаарлалтаа түр авч хаяхаар боллоо. Уг шийдвэр нь нэгдсэн вант улсын засгийн газар, харилцаа холбооны компаниудтай хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр хэрэгжүүлэх багц арга хэмжээний бүрдэлд багтаж байгаа. Интернэт үйлчилгээний төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байгаа үйлчлүүлэгчдийг хамгаалж, дэмжих үүрэг багц арга хэмжээнд багтсан. Провайдерууд мөн үйлчлэгчдэдээ мобайл болон утсан холболттой интернэт үйлчилгээний “өгөөмөр” багц нийлүүлэхээр тохиролцлоо. BT (Openrach, EE), Virgin Media, Sky, TalkTalk, Vodafone, 02 зэрэг нэгдсэн вант улсын тэргүүлэх арав гаруй интер нэт провайдерыг хамарсан санал санаачилга нь урьд өмнө компаниуд тус тусдаа авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үргэлжлэл болж байна. Энэ удаа иргэдийн эмзэг хэсэгт зориулсан хямд үнэтэй багц үйлчилгээнээс бусад өргөн зурвасын бүх интернэт үйлчилгээний багц ямарваа хязгаарлалтгүй болно. Цар тахлаас өмнө сурталчилдаг байсан “хязгаарлалтгүй” багц үйлчилгээнүүд хэрэг дээрээ провайдерууд жижиг үсгээр бичсэн нэмэлт тайлбар бүхий далд хязгаарлалттай явж иржээ. Харин тус улсад саяхнаас хүчин төгөлдөр болсон шинэ зохицуулалтаар ийм тайлбартай үйлчилгээг “хязгаарлалтгүй” гэж сурталчлахыг хориглосон юм. Цар тахалтай тэмцэх улс орны хүчин чармайлтад хувь нэмэр оруулахын тулд интернэт провайдерууд нэгдэж байгааг харах “сайхан байна” хэмээн нэгдсэн вант улсын дижитал технологи хариуцсан сайд Оливер Дауден үнэллээ. Багц арга хэмжээ нь өндөр настнуудыг оролцуулаад үйлчлүүлэгчдийн эмзэг хэсгийг дэмжихэд чиглэж байгааг засгийн газар, зохицуулах агентлаг, компаниудын хамтарсан мэдэгдлийн үеэр тайлбарлав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Короновирусийн шинжилгээг роботоор хийлгэнэ

 0 сэтгэгдэл

Испани улс коронавирусийн шуурхай шинжилгээ авах процессыг автоматжуулахын тулд робот парктай болохоор төлөвлөж байна. Цар тахлын халдварыг хязгаарлан тогтоох тэмцэлд шуурхай шинжилгээ чухал үүрэгтэй ч эмнэлгийн ажилтнууд вирусээр халдварлах эрсдэл өндөр. Тус улсад халдварын улмаас эмч, эмнэлгийн ажилтны хомсдол хэдийн нүүрлэж эхэллээ. Испанид коронавирусийн халдвартай гэж оношлогдсон 35,000 хүнээс 12 орчим хувь нь эрүүлийг хамгаалах салбарын ажилтнууд байгаа юм. Шинжилгээ авах ажлыг роботод даатгаснаар вирус халдах эрсдэл эрс буурна. Мөн Испанид нэг өдөрт авах шинжилгээний тоо одоогийнхоос дөрөв дахин нэмэгдэж 15,000-20,000 орчим болно. Вирусийн шинжилгээг автоматжуулах төлөвлөгөө хэдийн бэлэн болсныг Мадрид дахь Карлос III-ийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Рейчел Йотти бямба гарагт болсон эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн юм. Тус улс өдөртөө 80,000 хүртэл шинжилгээ гүйцэтгэх боломж бүрдүүлэх дөрвөн ширхэг роботыг тун ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Diamond Princess-т байгаа хүмүүст 2000 ширхэг iPhone тараажээ

 0 сэтгэгдэл

Коронавирус тархсаны улмаас Японы Йокохамагийн боомтод хориотой зогсож буй Diamond Princess круиз онгоцон доторх зорчигч болон хөлгийн багийнханд шаардлагатай шуурхай холбоо үүсгэх үүднээс iPhone ухаалаг утас тараасныг Macotakara сайт мэдээлэв. Круиз онгоцны зорчигчийн тасалгаа, багийнхны өрөөний тоогоор тооцож, Японы үүрэн холбооны Softbank компанийн холболттой 2000 ширхэг iPhone ухаалаг утсыг хуваарилжээ. Шаардлагатай үед яаралтай холбоо барихад тус болох үүднээс тус утсанд нь эмчтэй шууд холбогдох мобайл аппликэйшн суулгажээ. “Эм тариа зэрэг шаардлагатай зүйлсийн талаар чатаар лавлах, хүсэлт гаргах, эмчээс зөвлөгөө авах гэвэл Японы Эрүүлийг Хамгаалах, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны тусгай программ ашиглана уу” гэсэн тайлбарыг уг программын ашиглалтын зааварт бичжээ. Уг хөлөг дээр байгаа иргэдээ АНУ ням гарагт шилжүүлж авахаар болсныг Токио дахь Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Европ тив мобайл төхөөрөмж цэнэглэх нэг төрлийн залгуур ашиглана

 0 сэтгэгдэл

Европын зах зээлд борлуулах цахим төхөөрөмжийн цэнэглэх залгуур ердөө ганц стандарттай байх шийдвэрийг Европын парламент дэмжлээ. Зах зээл дээр төрөл бүрийн цахим төхөөрөмж цэнэглэх олон янзын коннектор ашиглаж байгаа нь хэд хэдэн бэрхшээл учруулдаг. Тус тивийн хэрэглэгч ухаалаг утас, таблетын зориулалттай олон арван тонн хэрэгцээгүй холбогч кабель хаядаг нь байгаль орчин, эдийн засагт асар их хохиролтой. Асуудлыг шийдвэрлэх үүднээс цаашид Европ тивд борлуулах бүх ухаалаг утас, таблет төхөөрөмжийг USB Type-C тэгш хэмт порттой байхаар зааж өглөө. Зөвхөн нэг төрлийн порт ашигласнаар худалдаанд гаргаж буй цахим төхөөрөмжид заавал холбогч кабель дагалдуулах шаардлага арилж, хэрэглэгч хуучнаа ашигладаг болох юм. Нэгдсэн стандарт ашиглах саналыг Европын парламентын 582 гишүүн дэмжиж, 40 гишүүн эсэргүүцсэн байна. Уг саналын дагуу Европын комисс долдугаар сард шинэ зохицуулалт боловсруулах ёстой. Европ тивийн санаачилгыг бүх цахим төхөөрөмж нь Lightning залгууртай Apple компани ширүүн шүүмжиллээ. Уг санаачилга нь инновацид саадтай төдийгүй хэрэглэгчдийг хохироосон арга хэмжээ хэмээн “Алиман” эзэнт гүрэн үзэж байна.