A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4194/

Ухаантай сонгогчоос улстөрчид айдаг

Ухаантай сонгогчоос улстөрчид айдаг
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4194/
  • Ард иргэдээ харанхуй, мунхаг байлгах санаархал их эртнээс улбаатай
  • Дэлхий сөнөх сургаар лаа, чүдэнзээ бэлдэн лагерь гарч байгаа нөхөд 2000 онд коммунизмд хүрнэ гэдэгт итгэдэг хүмүүсээс дээрдэх зүйл байна уу

Европын сэргэн мандлын үеийг XIII зууны сүүлээс эхтэй гэж үздэг. Сонирхолтой нь Йохан Гутенберг ном хэвлэх аргыг нээсэн үетэй энэ үе давхцаж таардаг. Үүнийг санамсаргүй давхцал гэж үзэх аргагүй бөгөөд ном хэвлэх аргыг хялбарчилж, олон мянгаар нь хэвлэх боломж бүрдсэн нь Европ дахиныг соён гэгээрүүлж, суут эрдэмтэн мэргэд төрөн гарч, агуу нээлтүүд хийх үндэс болсон гэж үзэх нь бий. Тэгвэл үүний эсрэг нэгэн жишээ. 1485 онд Османы эзэнт гүрний султан Баязид араб хэлээр ном хэвлэхийг хориглох шийдвэр гаргажээ. Ард иргэд нь ихийг уншиж, хорвоо ертөнцтэй танилцах тусам өөрт нь аюул тарина гэж бодсон хааны энэ зарлигийг дараагийн султан Селим баталгаажуулж, хараа хяналтыг улам чангатгасан юм. Тэд төрийн эрхэнд аль болох удаан суухын тулд ийм шийдвэр гаргаж байсан талаар турк гаралтай америк эдийн засагч Дарон Ачемоглу Why Nations Fail номондоо бичсэн байв. Энэхүү зарлиг урт удаан хугацааны турш буюу 1729 оныг хүртэл хүчин төгөлдөр үйлчилжээ. Гэвч эзэн хаадын амин хувиа бодсон шийдвэр улс орных нь хөгжил бусад улсаас хоцрох гол шалтгаан болсон юм. Нэгэн цагт мандан бадарч, Арабын хойг, зүүн Европ, өрнөд Азийг бүхэлд нь эрхшээж байсан Османы төрт улс түүхийн энэ үед уруудан доройтож, хүч чадлаа алдсан байдаг. Ард иргэдээ харанхуй, мунхаг байлгах санаархал их эртнээс улбаатай болох нь эндээс харагдана. Баязид хааны энэ жишээ өнөөгийн Монголын улстөрчид, том дарга нарын хүсэл зорилготой яг таараад байх шиг санагддаг юм. Ном хэвлэхийг хориглоно, хяналт тавина гэж улайм цайм зүтгэхгүй л дээ. Угаас ингэх ямар ч боломжгүй, өнөөгийн нийгэмд. Гэхдээ ард иргэдээ мунхаг байлгах сонирхол бол тэдэнд бий. Үүнийгээ ч гэсэн сайн хэрэгжүүлж чаддаг. Өдөр бүр хар бараан мэдээ, элдэв сенсаац зориудаар цацаж буй нь унших эрхийг хааж боосноос ч илүү аюултай зүйл. Хүмүүс сүүлдээ өнөөх олон мэдээн дунд төөрөлдөж, аль нь үнэн, алинд нь итгэхээ мэдэхээ болино. Сөрөг, бараан мэдээ хүмүүсийг улам мунхаг, харанхуй болгодог аж. Нэгнийгээ гүтгэсэн, харлуулсан муу муухай мэдээлэлд иргэд нь хоёр хуваагдаж, би, чи-дээ тулан хэрэлдэхдээ тун гаргуун. Харин дээр суугаа улстөрчид үүнийг харан инээлдэж, хэргээ бүтээсэн мэт маадгар байдаг биз. Хар бараан мэдээлэл, эцэс төгсгөлгүй хэрүүл олон нийтийг мунхаг, харанхуй болгодгийн бодит жишээ энэ. Уг нь нийт ард иргэдийн 98.4 хувь бичиг үсэг тайлагдсан, ерөнхий боловсролын сургуульд бараг л 100 хувь хамрагддаг зэргийг бодолцвол монголчууд хамгийн боловсролтой, мэдлэгтэй, гэгээрсэн ард түмэн мэт. Гэвч нийт массын байр байдлыг харахаар ингэж хэлж даанч чадамг үй нь. “Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч хэлсэн яадаг юм… Сонгогчид чинь зүгээр л цагаан цаас шүү дээ” гэж улстөрчид нь өөрсдөө хүртэл доромжилно. Өнөө хэдэн “цагаан цаас” нь сонгуулиар тав гурван төгрөг, таван кг гурил будаа, нүд хуурсан гарын бэлэг сэлт төдийхний төлөө санал өгнө. “Бид сонгууль бүрээр дараагийн дөрвөн жилд эсэргүүцэж, шүүмжилж, хараах хүмүүсээ тусгайлан олж сонгодог” хэмээн “Датаком” компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбат бичсэн нь бидний өнөөгийн байдлын товч хийгээд тодорхой хэлсэн эшлэл юм. 2020 он бол сонгуулийн жил. Ямар нөхдийг төрийн эрхэнд залахаас бидний ойрын ирээдүй тун ч их хамаарах болно. Цагаандаа гарсан, яахаас ч буцахгүй, ичих булчирхайгүй нөхдийг сонговол яаж зовж болохыг бид өнгөрсөн дөрвөн жилд мэдрэхийн дээдээр мэдэрлээ. Улстөрчид хэдэн арваараа ЖДҮХС-гаас зээл авсан нь илэрсэн нь энэ УИХ-ын хамгийн том шившиг байв. Гэвч тэд ичсэн шинжгүй “Намайг сонгооч” гээд дахин хүрээд ирнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Харин өнөөх “цагаан цаас” нь ой санамж муу юм болохоор хэлсэн сайхан үгэнд нь хайлан уяраад нэрийг нь дахин дугуйлах магадлал тун өндөр гэдэгт л асуудлын гол байна. Бид сонгогчдын боловсрол гэж олон жил ярилаа. Сонгогчдын боловсролыг дээшлүүлж байна гэж өч төчнөөн ажил санаачилж, багагүй мөнгө зарцуулсан. Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийг нь тоолбол тоймоо алдах байх. Харин ингэлээ гээд сонгогчид нь боловсролтой болсон уу. Ядаж л намуудын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг гүйцэд уншчихдаг, аль нь улсын хөгжлийг өөд нь татах бодлого амлаж байгааг гадарладаг хүн хэр олон байна вэ. Харамсалтай нь мөрийн хөтөлбөр, хийхээр төлөвлөж буй ажлыг нь харахаас илүү надад хэн, юу өгөх бол гэж горьдсон хоосон ходоодтой сонгогч дэндүү олон болжээ. Нийт масс нь ийм байхад тэтгэврийн зээл тэглэх нэрээр нэг их наяд төгрөг цацах популист амлалтын хор уршгийг ойлгох хүн цөөн байх нь аргагүй. “Маш сайн мэдээлэлтэй сонгогчид үгүй бол улстөрчид тэрбум ядуу хүнийг зургаа хамт авахуулахад л ашиглахаас өөрөөр шинэчлэл өөрчлөлтийг урагшлуулах ямар ч ажил хийдэггүй” хэмээн The Bottom Billion номын зохиолч, профессор Пол Коллиер хэлсэн байдаг. Сонгогчид мэдлэг боловсролтой байхаас улстөрчид айдаг гэдгийг хэлээд байгаа хэрэг. Нэг хүнийг тахин шүтсэн, үзэл сурталд нэвт идэгдсэн социалист системийн талаар залуу үеийнхэнд ярихаар зарим нь итгэж яддаг. 2000 онд бид коммунизмд хүрнэ. Тэр үед улс орнууд хил хязгааргүй болж, хүмүүс дэлгүүрээс хүссэн бараагаа шууд аваад гардаг болно гэх мэт үлгэрт л итгэдэг байлаа шүү дээ бид, гучаадхан жилийн өмнө. Худал үгийг мянга давтахад үнэн болно гэдэг шиг социалист үзэл суртлаар нэвт хүмүүжсэн хүмүүс эцэст нь түүндээ өөрийн эрхгүй итгэдэг байсан биз. Толгойгоо угаалгасан ард түмэн ямар харанхуй бүдүүлэг байсныг эндээс харж болно. Харин одоо бид чөлөөт, ардчилсан нийгэмд амьдарч байна. Хүссэн орон руугаа зорчиж, хэрэгтэй мэдээллээ хаанаас ч хамаагүй авч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болов. Харин ингэлээ гээд нийт масс, нийт сонгогчдын мэдлэгийн түвшин дээшилсэн үү гэдгийг бодох цаг болжээ. Дэлхий сөнөх сургаар лаа, чүдэнзээ бэлдэн лагерь гарч байгаа нөхөд 2000 онд коммунизмд хүрнэ гэдэгт итгэдэг хүмүүсээс дээрдэх зүйл байна уу. Харамсалтай нь ард түмнийг ийм байлгах ажлаа улстөрчид дэндүү сайн хийх юм даа. Учир нь тэд ердөө л “цагаан цаас” шүү дээ.  

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрчим хүчний компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ

 0 сэтгэгдэл
  • 2019 онд ойролцоогоор 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан
  • Шаардлагагүй орон тоонуудыг бий болгосон байгаа юм. Тэгж байж шахааны хүмүүсээ оруулсан зүйл бий

Сонгуулийн циклээр буюу дөрөв дөрвөн жилээр эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилчид болон удирдах албаны хүмүүсийг сольсон нь системийн хэмжээнд хөгжил удаашрах, бодлого буруу явах үндсэн шалтгаан болсон гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэллээ. Тиймээс цаашид энэ байдлыг гаргуулахгүйн тулд хүний нөөцийн дэд бүтцээ сайн хөгжүүлж, эрчим хүчний салбарын дунд хугацааны хөтөлбөрийг баталсан гэв. Эрчим хүчний салбар өнгөрсөн онд хийсэн ажил, энэ жилийн төлөвлөгөөгөө танилцуулсны дараа зарим зүйлийг тодрууллаа.

-Та эрчим хүчний салбарын хүний нөөцөд бодлогын шинэчлэл хийх талаараа ярилаа. Одоо энэ салбарын хүний нөөцийн чадавх ямар байгаа вэ?

-Тооны хувьд хэтэрхий данхайсан байна. 100-200 хүн ажиллах станц дээр мянгаараа ажиллаж байна. Үүнийг л өөрчилье гэж байгаа юм. Гэхдээ өөрчлөхийн тулд станцыг автоматжуулж, өндөр технологи оруулж ирэх ёстой. Өндөр технологи оруулж ирэхийн тулд хүн нь бэлэн байх ёстой. Тиймээс хүний нөөцөө чадавхжуулах, сургахад энэ жил анхаарч ажиллана. Сургасан хүмүүс маань Монголдоо буцаж ирэхгүй байх үзэгдэл их байна. Тиймээс энэ хүмүүстээ салбартаа ажиллах боломжийг олгоё гэж байгаа юм. 

-Мэргэжлийн бус хүн эрчим хүчний салбарт хэр олон байгаа вэ?

-Удирдлагын түвшинд байсныг нь бид өөрчилсөн. Мэдээж инженерийн ажлын байран дээр эдийн засагч томилчихсон байгаагүй. Гэхдээ шаардлагагүй орон тоонуудыг бий болгосон байгаа юм. Тэгж байж шахааны хүмүүсээ оруулсан зүйл бий. Тиймээс бид компаниуд дээр үе шаттай бүтцийн өөрчлөлт хийнэ.

-Импортын эрчим хүчийг бууруулахын тулд ямар ажил хийх вэ?

-Монгол Улс эрчим хүчний нийт хэрэгцээний 19 хувийг импортоор авч байна. Гол хэрэглээ “Оюутолгой” дээр байна. Жил гаруйн өмнө яг энэ өрөөнд станц барих тухай гэрээг “Оюутолгой”-той байгуулсан. Гэвч хөрөнгө оруулагч тал элдэв шалтаг тоочоод ажил хийхгүй байна.

-”Оюутолгой”-н цахилгаан станцын ТЭЗҮ батлагдсан юм биш үү?

-ТЭЗҮ батлаагүй. Зөвхөн саналууд ирсэн. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчээр хангая гэдэг ч юм уу хүлээж авахааргүй саналууд хэлж байна.

-Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа. Энэ алдагдлаа хэрхэн бууруулах вэ

-2019 онд ойролцоогоор 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Өөрөөр хэлбэл бид гаргасан зардлаа орлогоороо нөхөж чадахгүй байна. Тиймээс хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлээ хийж чадахгүй байна. Инфляцын өсөлттэй уялдуулан эрчим хүчний үнийг нэмж, техникийн шинэчлэлээ хийе гэхээр бүгд эсэргүүцнэ. Өнгөрсөн жил эрчим хүчний үнэ нэмэгдсэн. Энэ нь дэмжих тариф буюу нар, салхины станцтай холбоотой. 90 мегабайтын нар, салхины станцыг дэмжих тариф орсон учраас эрчим хүчний үнийг нэмсэн. Үүн дээр л асуудал үүссэн. Ам.долларын ханш 1240 байсан бол өнөөдөр 2700 төгрөг давчихаад байна. Тэр хэмжээгээр бид алдагдал хүлээж байгаа. Бид гаднаас тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, түлш авч байна. Гэхдээ тарифын үнээ өсгөөгүй учраас систем алдагдалтай ажиллаж байна.

-Хэрэглэгчид, цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айл өрхүүд эрчим хүчний үнийн өсөлтийн дарамтыг хамгийн их мэдэрч байна?

-Энэ асуултыг Эрчим хүчний зохицуулах хороонд тавих ёстой. Үнэ тарифын асуудал бодлогод байхгүй. Мэдээж хамгийн үр ашигтай байх бүтцээр ажиллая гэж ярьж буй. Харин таны тавьж буй асуултыг 2002 оноос хойш хуулиараа Эрчим хүчний зохицуулах хороо шийдээд явж байна. Тэнд гурван төлөөлөл байгаа. Хэрэглэгчийн эрх ашиг, компаниуд, Засгийн газрыг төлөөлсөн талууд ярьж байгаад тарифыг шийдэж байна. Бидний хувьд гомдолтой байдаг нь хөрөнгө оруулалт хийж чадахгүйгээр алдагдал хүлээж байгаа явдал. Нэг зүйлийг хэлэхэд айл өрхийн нэг гишүүний гар утасны төлбөрөөс хямдаар эрчим хүч нийлүүлж байгаа. Гэтэл суурь болсон эрчим хүчний систем нурчих гээд байна. Тиймээс л хүний нөөцөө бууруулъя, ухаалаг болгоё, зардлаа таная гэж байна. Цалингийн зардлаа бууруулах чиглэл рүү явж буй юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хагас өндөржүүлсэн бэлэн байдлыг 28 хоногоор сунгалаа

 0 сэтгэгдэл
  • Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлогч ААН-ийн гаалийн татварын хоёр сараар хойшлуулах санал гаргав
  • Цагаан сараар орон нутгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг улсын онцгой комисс өнөөдөр шийднэ

Covid-19 вирусийн тархалт дахин нэг сар үргэлжлэх магадлалтай нөхцөлд уялдуулан Засгийн газар хагас өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Засгийн газраас гаргасан эл шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд танилцуулахдаа “Нэгдүгээр сарын 30-нд Улсын онцгой комиссоос байгуулсан ажлын хэсгээс хийсэн судалгаагаар коронавирус тархах эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан. Дахин үнэлгээгээр зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байх дүгнэлт гарсан. Мөн эрүүл мэндийн байгууллагынхан халдварын нууц үеийг ажиглахын тулд 28 хоног зарцуулах шаардлагатай гэж үзсэн учраас Засгийн газраас хагас өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах тогтоол баталлаа” гэв. Мөн тэрбээр “Спорт зааланд олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан зохион байгуулахгүй гэсэн чиглэл өгсөн болохоос найз нөхөд, хэсэг бүлгээрээ цуглаад спортоор хичээллэхийг хориглоогүй” гэсэн юм. Засгийн газрын хурлаар хорио цээрийн дэглэмийг сунгасантай холбогдуулан эдийн засаг, нийгэмд үүсэх хүндрэлийг шийдвэрлэхээр болжээ. Энэ талаар салбарын сайд нар дараах зүйлийг ярив.

Ч.Хүрэлбаатар: Засгийн газраас өөрт олгогдсон эрхийнхээ дагуу цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, хүнсний болон үрийн улаан буудай зэрэг барааны гаалийн татварыг хоёр сараар хойшлуулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн нүүрс, газрын тосны экспортыг саадгүй хийхийн тулд БНХАУ-ын талтай ойлголцох, экспортлох боломжийг хангах чиглэл өглөө. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй учраас төсөв тодотгох шаардлагагүй. Харин сайд нар,төсвийн ерөнхийлөн захирагч нар өөр өөрийн төсвийн багцдаа тохируулга хийх бүрэн бололцоо бий гэж үзсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын төсвийн орлого 202.7 тэрбум төгрөгөөр тасалдсан байдалтай байгаа. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл нэг их наяд төгрөгийн орлого дутна. 

Б.Энх-Амгалан: Засгийн газрын хурлаар цагаан сарын битүүн, шинийн нэгнээс гуравны хооронд орон нутгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг ярилцлаа. Зорчих хөдөлгөөний 90 хувь нь хувийн тээврийн хэрэгслээр явж байгаа учраас хязгаарлах шаардлагатай гэж үзсэн. Гэхдээ маргааш (өнөөдөр) Улсын онцгой комисс хуралдаж баталгаажуулах эсэхийг шийдвэрлэнэ. Харин аймаг, нийслэл доторх хөдөлгөөнийг хязгаарлахгүй. 

Ё.Баатарбилэг: Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгаснаар сурагчдын зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй. Шинэ нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын гуравдугаар улирлын амралтыг цуцалсан бөгөөд хоёр сарын хугацаанд даваагаас бямба гарагт хичээллэнэ. Мөн анги дэвших болон төгсөх шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлж, шалгалтыг хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд багтаан зохион байгуулна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их, дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Х.Булгантуяа: Жижиг бизнес эрхлэгчдэд учирсан бэрхшээлийг Засгийн газарт танилцуулна

 0 сэтгэгдэл
  • Засгийн газраас БНХАУ-д сэтгэлийн дэмжлэг үзүүлэх аян өрнүүлж, данс нээлээ

Засгийн газраас БНХАУ-д туслах “Мөнхийн хөршид сэтгэлийн дэмжлэг” аяныг санаачилсан ажлын хэсэг байгуулж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулжээ. Тус ажлын хэсгийн гишүүд болох Н.Цэрэнбат, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар хандивын данс нээж байгаа мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн ахлагч Н.Цэрэнбат “Манай урд хөршид шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 өвчний халдвар гарч эдийн засаг болон нийгмийн байдал нь хүндэрлээ. Хөрш орны хувьд Монголын ард түмэн хүмүүнлэгийн аянд нэгдэж, хүндрэлийг даван туулахад нь сэтгэлийн дэм өгөх зорилгоор данс нээж байгааг албан ёсоор зарлаж байна" гэсэн юм.

Мөн тэд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-БНХАУ-д байгаа монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн гэсэн. Тэднийг авчрах ямар ажил хийж байна вэ?

Д.Цогтбаатар: -Одоогоор 336 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн. Тэднийг авахаар БНХАУ-ын талтай ярилцаж байгаа. Бид тус улсаас иргэдээ авчрахын тулд хугацаа зааж, боломж гаргасан боловч тодорхой тооны иргэд үлдчихлээ. Тус улсад карантин тогтоож, хөдөлгөөнийг хязгаарласан. Ийм эхний ээлжинд монгол иргэдээ Эрээнд цуглуулах ажлыг зохион байгуулж байна.

Б.Батцэцэг: -Хэдийгээр хил хаасан ч гэсэн өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын талтай ярилцаж, 106 иргэнийг хил нэвтрүүлсэн. Тэд Хятадын олон хотоос цугласан байсан. Гэтэл дахин Шанхайн тойргоос 180, Бээжинд 56, Эрээнд 100, Хөх хотод тодорхой тооны иргэд хил нэвтрэх хүсэлт илэрхийлсэн. Тэднийг ойрын хугацаанд авахаар ярилцаж байна.

-Тэд зардлаа өөрсдөө хариуцах уу, төсвөөс гаргах уу?

Б.Батцэцэг: -Яамнаас визний хугацаа хэтэрсэн төлбөр, унааны болон Замын-Үүдэд тусгаарлах байрны зардлыг хариуцахаар зохицуулалт хийсэн. Харин 14 хоног тусгаарлах хугацааны хоол, хүнсний зардлаа иргэд гаргана. Гэвч энэ зардлыг өөрсдөө хариуц гэхээр төлбөрийн чадваргүй иргэд олон байна.

-Манай уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлж эхэллээ. Энэ нь төсвийн бүрдүүлэлтэд яаж нөлөөлөх вэ?

Х.Булгантуяа: -Дэлхийн хамгийн том эдийн засагтай оронд өвчин гарсан нь бүс нутаг төдийгүй, Европ, Америк тивийн эдийн засагт ч амаргүй нөхцөл байдал үүсгэх төлөвтэй. Монгол Улсын энэ оны эхний саруудын төсвийн орлого өмнөх оныхоос харьцангуй багассан үзүүлэлттэй байгаа. Гэхдээ төсвийн тодотгол хийх хэмжээнд хүрээгүй.

-Эдийн засагчид коронавирустэй холбогдуулан Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөг гаргасан учир төсвийн тодотгол хийнэ гэсэн байр суурь илэрхийлж байна?

Х.Булгантуяа: -Төсвийн тухай хуулиар төсөвт тодотгол хийх нөхцөлийг тодорхойлсон заалт бий. Тэр хэмжээнд хүрээгүй. Ер нь эхний улиралд экспорт, бүтээн байгуулалтын ажлууд бага байдаг онцлогтой. Харин хорио цээр тогтоосон хугацааг сунгавал төсөвт тодотгол хийх асуудлыг хөндөж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.

-Нөхцөл байдлаас шалтгаалан ЖДҮ эрхлэгчид, жижиглэн худалдаа эрхлэгчид эрсдэлд орж, эдийн засагт нөлөөлөх хэмжээнд хүрлээ. Үүнийг яаж зохицуулах гэж байна?

Х.Булгантуяа: -Засгийн газрын хуралдаанд үүссэн нөхцөл байдлыг танилцуулна. Өгсөн чиглэлийн дагуу ямар арга хэмжээ авах нь тодорхой болно. Түүнээс биш иргэн ААН-тэй хийсэн гэрээг өөрчлөх, зээлийн хүүг бууруулах, чөлөөлөх тухай асуудал байхгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Цахим” цагаан сараар банкууд шимтгэл авахгүй

 0 сэтгэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “цахим цагаан сар” хийх уриалга гаргахтай зэрэгцээд УИХ-ын дарга Г.Занданшатар банкуудад сар шинийн өдрүүдэд хийх гүйлгээнээс шимтгэл авахгүй байх чиглэлийг Монголбанк болон Банкуудын холбоонд өгөх тухайгаа дуулгалаа. Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, монголчууд гэрээсээ гаралгүй ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж болох жишиг тогтоохоор бэлдэж буй энэ үед төрийн байгууллагаас энэ мэт хөнгөлөлтөөр дэм болох нь сайшаалтай. Банкууд ч спикерийн саналыг нааштай шийдвэрлэж, өдөрт хэдэн зуун саяар эргэлддэг гүйлгээний шимтгэлээсээ татгалзаж чадна гэдэгт итгэж байна.