A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/182/

Финтек түшсэн нэгдэл эрчээ авлаа

Финтекийн хөрөнгө оруулалт хиймэл оюун ухаан хөгжүүлэлтэд чиглэж байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/182/


Санхүүгийн үйлчилгээг ухаалаг болгосон финтекийн хөрөнгө оруулалтын урсгал блокчейн, хиймэл оюун ухаан, биометр болон таних технологи, менежментийг сайжруулахад чиглэж байна. Олон улсын PwC-ийн DeNovo платформын судалгаагаар финтек старт-апуудын хөрөнгө оруулалт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 41 хувиар өсөж, нийт хэмжээ нь 40 тэрбум ам.долларт хүрэв. Технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн үйлчилгээний шинэ бизнес эрхэлж буй финтекийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь санхүүгийн салбарт хэрхэн нөлөөлж, цаашдын хандлага яаж өөрчлөгдөх талаар PwC нэгэн сонирхолтой мэдээлэл хуваалцжээ. Уг судалгаанд 71 орны 1308 компани оролцсон бөгөөд банк, даатгал, давхар даатгал болон хөрөнгийн удирдлага, төлбөр тооцооны компаниуд, финтек гээд бүхий л төлөөллийн гүйцэтгэх удирдлага хамрагдсан байна. Тэдний ихэнх нь ирэх 3-5 жилд үйл ажиллагаагаа сайжруулж, финтек салбартай ойртохгүй бол бизнес нь эрсдэлд орох өндөр магадлалтай хэмээн үзжээ. DeNovo-ийн сар тутмын судалгаагаар санхүүгийн уламжлалт бус үйлчилгээний хэрэглэгчдийн тоо 30 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.

• Ази, АНУ, Европын санхүүгийн байгууллагуудын 82-89 хувь нь ойрын таван жилд финтект бизнесийн орон зайгаа алдах эрсдэлтэй гэж үзсэн байна.
• Финтекийн давалгаа эрчээ авч буй шалтгааныг технологийн хөгжлөөс гадна хүн ам зүйн талаас нь залуучуудын оролцоо их байгаа гэдгээр тайлбарлаж болох юм.
• Хиймэл оюун ухаан, блокчейн технологийн хөгжүүлэлтэд цутгаж буй их хөрөнгийн ачаар таны санхүүгийн хувийн зөвлөх тун удахгүй хиймэл оюун ухаант робот болох биз ээ

Харин 39 хувь нь уламжлалт үйлчилгээгээ авсаар байх болно гэж хариулсан аж. Шинжээчдийн дүгнэж буйгаар санхүүгийн үйлчилгээ сүүлийн таван жилд “танигдахгүй” болтлоо өөрчлөгдсөн. Цаашид ч энэ үйл явц улам эрчимжих төлөвтэй. Өнөөдөр гарч ирж байгаа инноваци маргааш ч хэрэгцээгүй болно гэж PwC тайландаа онцолжээ. Финтекийн давалгаа эрчээ авч буй шалтгааныг технологийн хөгжлөөс гадна хүн ам зүйн талаас нь залуучуудын оролцоо их байгаа гэдгээр тайлбарлаж болох юм.

Өөрөөр хэлбэл, банктай харьцдаггүй нийгмийн хэсэгт гар утсаар дамжуулан санхүүгийн үйлчилгээ үзүүлэх болсноор финтекийн салбарт маш том боломж гарч ирж буй. АНУ-д гэхэд гар утас, ухаалаг хэрэгслээр дамжуулан төлбөр тооцоо хийх, санхүүгийн үйлчилгээ авах эрэлт хэрэгцээ гурван их наяд ам.доллараар хэмжигдэж буй аж. Нөгөө талаар, залуучууд финтек үйлчилгээг Google, Apple, Facebook, Amazon-ын түвшинд л авахыг хүснэ. Азид бол Baidu, Alibaba, Tencent, Xiaomi-гийн дайтай ажиллаж байж финтек салбар амжилттай байх биз ээ. Тиймээс айсуй өрсөлдөөнд санхүүгийн үйлчилгээнийхэн нэг бол финтек старт-апуудтай нэгдэх, эсвэл өөрсдөө судалгаа хөгжүүлэлтдээ ихээхэн хөрөнгө хаях хэрэгтэй нь зайлшгүй юм. Гэхдээ эхний чиг хандлага улс орнуудад эрчимтэй явагдаж байна. Ази, АНУ, Европын санхүүгийн байгууллагуудын 82-89 хувь нь ойрын таван жилд финтект бизнесийн орон зайгаа алдах эрсдэлтэй гэж үзсэн байна. Тиймээс аль болох финтектэй ойртох бодлого баримтлахаа судалгаанд оролцогчдын 82 хувь нь илэрхийлжээ. Энд сонирхуулж хэлэхэд санхүүгийн салбарын одоогийн тоглогчдын 77 хувь нь 2020 он гэхэд үйлдвэрлэлийн тогтолцоогоо блокчейнд суурилсан бүтэцтэй болгохоор шийджээ. Тиймээс ч финтек салбарт хөрөнгө оруулж, хамтарсан төсөл хэрэгжүүлж буй компаниудын тоо санхүүгийн нийт оролцогчдын 20 хувийг эзэлж байна. Судалгаанаас үзвэл финтектэй нэгдэх явц ч эрчимтэй өрнөж байна.

Финтек үйлчилгээг нийт компаниудын 27 хувь нь санал болгож байна

2016 онд хамтын ажиллагаа 32 хувь байсан бол 2017 онд 45 хувь болж нэмэгджээ. Уламжлалт үйлчилгээг ухаалаг хэрэгслээр дамжуулан хүргэх санаачилга Герман, Бельги гэх мэт Европын өндөр хөгжилтэй орнуудад эрчимтэй өрнөж буй бол Азид Сингапур, Индонезид финтек түшсэн нэгдлүүд эрчимтэй явагдаж байгаа юм. Банк, даатгал, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлдэг компаниуд финтектэй нэгдэх нь судалгаа хөгжүүлэлтдээ аутсорсинг хийх боломжтой болохын зэрэгцээ шинэ шийдлийг зах зээлд цаг алдалгүй турших давуу тал олгож буй аж. Финтек старт-аппуудын хувьд ч томоохон оролцогчдод аль хэдийнэ бий болсон дата, мэдээлэлд тулгуурлан бизнесийн илүү үр дүнтэй загвар хөгжүүлж, түүнийгээ илүү чанартай зах зээлд нийлүүлэх боломжтой болж буй юм. Тэгээд ч финтек старт-аппуудад биет хөрөнгө биш хэрэглэгчид байхад л хангалттай. Товчхондоо, санхүүгийн оролцогчид хүссэн, хүсээгүй технологи суурьтай үйлчилгээ зах зээлд нийлүүлэхээс өөр аргагүй болох нь. Финтект орон зайгаа алдах хамгийн их эрсдэлтэй хоёр салбар нь банк, даатгал болж байна. Судалгаанд оролцсон банкуудын 64 хувь нь хүмүүст зээл олгож, тал хэсэг нь хувь хүнд чиглэсэн үйлчилгээ үзүүлж байгаа нь финтекүүдэд орон зайгаа алдах хамгийн том шалтгаан болж байна. Хэрэглэгчид банкны үйлчилгээг шуурхай, шат дамжлага багатайгаас гадна 24/7 гэсэн хуваариар авах сонирхолтой нь банкууд цаашид энэ чиглэлд илүү анхаарах хэрэгтэйн дохио юм.

Гэхдээ банкируудын 63 хувь нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өргөжүүлэх гол гарцыг финтек гэж харж байгаа аж. 2016-2017 онд банк, финтекүүдийн хамтын ажиллагаа 12 хувиар нэмэгдэж, 54 хувь болсон байна. Харин даатгалынхан зах зээлээ дахин тодорхойлж, санхүүгийн бусад салбартай зааг ялгаагаа багасгахад ихээхэн анхаарч эхлэв. Финтект орон зайгаа тавьж өгөх магадлалтай гэдгээ оролцогчдын 52 хувь хүлээн зөвшөөрч, 58 хувь нь хүчтэй өрсөлдөгч гэж тодорхойлсон байна. Харин 45 хувь нь финтекийг түншээрээ сонгосон бөгөөд ирэх жилүүдэд энэ тоо 84 хувь болж нэмэгдэх нь.

Тэгвэл PayPal, Stripe, Due зэрэг төлбөрийн системийн томоохон компаниуд айсуй давалгаатай дасан зохицох чадвар хамгийн өндөр гэж өөрсдийгөө тодорхойлжээ. Финтект тулгуурласан үйлчилгээг нийт компаниудын 27 хувь нь санал болгож байна. Түншлэл ч гэсэн банк, даатгалын салбартай харьцуулахад харьцангуй идэвхтэй байх төлөвтэй байна. Гэхдээ ийм компаниуд финтекийг алсаас тун анхааралтай ажиглахын зэрэгцээ дата шинжилгээ, кибр аюулгүй байдлаа сайжруулах технологид хөрөнгө оруулж эхэлжээ. Энэ бүхэн ойрын жилүүдэд санхүүгийн үйлчилгээний дүр төрхийг тодорхойлно. Хиймэл оюун ухаан болон блокчейн технологийн хөгжүүлэлтэд цутгаж буй их хөрөнгийн ачаар таны санхүүгийн хувийн зөвлөх тун удахгүй хиймэл оюун ухаант робот болох биз ээ.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Төрийн хуудууг түмний халааснаас төлөх ёсгүй

Төрийн хуудууг түмний халааснаас төлөх ёсгүй

 0 сэтгэгдэл


2017 онд УИХ-аас Нийгмийн даатгалын тухай хуулийг өөрчлөхдөө 2020 он гэхэд нийгмийн даатгал төлөгчөөс авах албан журмын шимтгэлийг таван хувиар өсгөхөөр баталжээ. Ингэснээр нэг ажилтнаас 2.5, ажил олгогчоос нь 2.5 хувийн нэмэгдэл шимтгэл авдаг болно. Өөрөөр хэлбэл, ҮСХ-ноос тогтоосон дундаж цалинтай ажилтан нийгмийн даатгалын шимтгэлд 25 мянган төгрөг нэмж төлнө гэсэн үг. Үүний цаана данс нь улайчихсан Нийгмийн даатгалын сан (НДС)-г дүүргэж гольдролд нь оруулах зорилго байгаа нь ойлгогдож байна. Гэхдээ замналаараа хөгжиж, жамаараа хуримтлагдаж байсан санг улс төрийн увайгүй уралдаанд зарцуулж хоосолсноо нөхөхийн тулд ингэж иргэдийнхээ халаасыг тэмтэрч байгааг хүлээн зөвшөөрч, “хонь” царайлах сонирхол алга. Харин ч хулгайч төрийн, хуудуутай бодлого гэдгийг шууд хэлчихье. Хөгшдийн тэтгэвэр, хүүхдийн тэтгэмжид зориулсан хуримтлалын мөнгийг төрийн нэрээр, намын ашгийн төлөө цацаж, Эх орны хишиг, Эрдэнийн хувь зэрэг “хайр зарласан” амлалтдаа АН, МАН хоёр ана, мана уралдаад зарцуулсан нь яалт ч үгүй үнэн. Тэдний алдаа, завхарлын өртгийг иргэд төлнө гэдэг шударга ёсонд байтугай жудагт харшилж байгаа хэрэг биш гэж үү.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн мөнгө, хуримтлагдсан орлогыг улстөрчид хулгайлаагүй бол тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөс “зулгаалгүй” олгочих боломжтойг тоо, баримт тодорхой харуулж байгаа. Засгийн газар анх 2001 онд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Сангийн яамны дэргэдэх төрийн санд байршуулж эхэлсэн байдаг. 2010 оны байдлаар сангийн нийт хөрөнгө 2.1 их наядаар хэмжигдэж байжээ. Тухайн үед НДС-ийн жилийн зарлага 500 тэрбум, шимтгэл хураамжийн орлого 404 тэрбум төгрөг байсныг тооцвол хуримтлал дундрахгүй, албан журмын даатгалын шимтгэлийг дээрх байдлаар нэмэхгүй байсныг төвөггүй ойлгочихно. Харамсалтай нь хуульчилсан хулгай хуримтлалыг дуусгаж, сангийн дутагдлыг нөхөхийн тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс төлсөөр ирсэн юм.

2015 онд татвар төлөгчдийн мөнгөнөөс 292 тэрбум төгрөгийг НДС-д олгож байсан бол энэ онд 609 тэрбумыг нөхөөсөнд өгч байна. Цаашид тус санд олгох төсвийн татаас их наядаар хэмжигдэж, ноцтой байдалд хүрэхийг Сангийн сайд ний нуугүй хэлсэн. Тийм ч учраас алдагдал нөхөх мөнгийг иргэд, ажил олгогчоос гаргуулахаар албан журмын шимтгэлийг нэмсэн гэж ойлгоход буруудсан болохгүй. Харин үүнийг хийхдээ УИХ-ын тогтоолыг зөрчсөн гэдгийг иргэддээ ховлочиход илүүдэхгүй. 2016 онд УИХ-аас “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” тогтоол баталсан. Түүгээр 2021-2025 онд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай, зах зээлийн нөхцөлтэй уялдуулан тогтоох төлөвлөгөөг баталсан. Гэтэл энэ УИХ өмнөх тогтоолоо зөрчиж, яаран сандран иргэдийнхээ хэтэвч рүү өнгийх шалтгаан юунд байв. Хариулт ч бэлэн байна. 2016 онд МАН-ын эрх баригчид ОУВС-гийн санхүүжилтийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч дөрвөн тэрбум ам.доллар авахаар болсон. Түүний хажуугаар төсвийн алдагдлаа багасгах үүрэг хүлээсэн байгаа. Харин үүрэг биелүүлэхийн тулд чаддагаараа ард түмнээ чардайлгах замыг сонгосон нь энэ байж. Авахаа урьтал болгож, өгөхөө хойш тавьдаг хуншгүй занг монголчууд хэзээнээс үзэн яддагийг олон улсын санхүүчид мэдэхгүй хойно болж, бүтэж байгаа гэж ойлгодог биз. Тэгж ойлгуулахын тулд ч нийгмийн сэтгэлзүйг хуурах аргыг хэрэглэсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхдээ 2018 онд нэг хувиар, 2019 онд 0.5, 2020 онд дахин нэг хувиар нэмэхээр журамласан. Шууд 2.5 хувиар нэмбэл нийгмийн эсэргүүцэлтэй тулах учраас ийн зорилтдоо гэтэж хүрэх зөөлөн заль хэрэгжүүлжээ хэмээн хардах үндэслэл бас байна. 2020 он гэхэд ажил олгогч, ажилтнаас нэмж төлөгдөх шимтгэлийг тооцож үзвэл байдал илүү тодорхой болно.

2018 оны байдлаар нийгмийн даатгалын албан журмын шимтгэлийг 869.5 мянган иргэн төлж байна. Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг шинэчлэхдээ НДШ-ийг 2018 онд нэг хувиар нэмсэн. ҮСХ-ноос улсын дундаж цалингийн хэмжээг 2018 оны байдлаар нэг сая төгрөг гэж тооцоод байгаа. Үүгээр бол сард хүн нэг бүр 10 мянган төгрөгийн шимтгэл илүү төлж НДС-д 8.6 тэрбум төгрөгийн нэмэгдэл орлого оруулна. Мөн ажил олгогчийн зүгээс адил хэмжээний шимтгэл тус санд төлдөг учир мөн л 8.6 тэрбумын орлого тус санд сар бүр тушаах нь ойлгомжтой. Ингэснээр жилд 208.6 тэрбум төгрөг нэмж төвлөрнө. Харин 2019 онд Ндшийг 0.5 хувиар нэмэгдүүлж авахаар тооцсон. Түүний үр дүнд 313 тэрбум төгрөгийг нэмэрлэнэ. Мөн 2020 оны нэмэгдлийг нэг хувиар тогтоосноор 520.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болж байна. Эцэст нь, 2020 он гэхэд нэг их наяд төгрөгийг шимтгэл төлөгч иргэн, ажил олгогчоос илүү төлсөн байх нь. Үүн дээр 185.6 мянган сайн дурын даатгуулагчийн 2.5 хувийн илүү төлөлтийг нэмбэл энэ мөнгө бүр өснө. НДШ төлөгчдөөс гурван жилд илүү мөнгө “саасан”-аар НДС-д улсын төсвөөс татаас өгөх шаардлагагүй болж байна. Ийм л нарийн тооцооллоор хоосруулсан сангаа дүүргэж, үйл ажиллагааг жигдрүүлэхээр төрөөс төлөвлөж дээ. Бас болоогүй 2021 оноос энэ төрлийн бусад шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэхгүй гэсэн баталгаа байхгүй. “Номхон тэмээ ноолоход амар” гэгчээр юм л бол иргэдийнхээ талхны мөнгөнөөс хумслах санаа дахин хэнээс гарахыг таашгүй. Улс төрчдийн популист хийрхлийн хохирлыг иргэдийн орлогоор төлдөг энэ мэт гажуудал хэзээ цэгцлэгдэхийг хэн ч хэлж мэдэхгүй нь. Ямар ч байсан хуулийн халхавчаар хэтэвч рүү гар дүрж буй эл үйлдлийг ариун явдал гэж үзэх эсэхээ шимтгэл төлөгч та тунгаана биз ээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цахим валютын ханшийн уналт график картыг “хөлдөө чирэв”

​Ethereum оны эхнээс огцом хямдарснаас GPU- ийн үнэд нөлөөлөх магадлалтай байна​

 0 сэтгэгдэл

Өнгөрсөн жилээс эхлээд Graphics Processing Unit (GPU) буюу компьютерын график картын үнэ хөөрөгдөж, үйлдвэрлэгчдийн санал болгосон үнээс 50 гаруй хувиар даваад буй. GPU үйлдвэрлэлээр зах зээлд тэргүүлэгч хоёр компани нь Nvidia болон Advanced Micro Devices (AMD). Энэ оны эхний улиралд AMD компанийн борлуулалтын орлого 1.65 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 1.4 дахин өссөн бол Nvidia компанийн орлого 2017 оноос 66 хувиар нэмэгдэж 3.21 тэрбум ам.доллар хүрсэн аж. Nvidia-ийн цэвэр ашиг л гэхэд 145 хувиар өсч 1.24 тэрбум ам.доллар болоод буй. Өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулагдсан GPU технологийн бага хуралд Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен хуан энэхүү өсөлтийг “Криптовалют олборлогчид их хэмжээгээр GPU худалдан авсантай холбоотой” хэмээн тайлбарласан аж. Сүүлийн жилүүдэд GPU-ийн тооцоолон бодох өндөр чадварыг ашиглан криптовалют олборлох болсон ба Крипто дундаа эхний гуравт орох Ethereum олборлоход түлхүү хэрэглэдэг аж. Өнөөгийн байдлаар хамгийн өндөр хүчин чадалтай GPU-г нэрлэвэл Nvidia-ийн GTX 10 цуврал болон AMD-ийн Radeon RX цувралууд байгаа юм. Бараг дуртай бүхэн нь олборлож эхэлсэн криптовалютын үнэ өдгөө шалдаа бууж, олборлолт руу шуурсан олон нийтийн хандлагаар зах зээлд их хэмжээний GPU хэрэгцээгүй үлдсэн гэж хэлж болно. Криптовалют олборлогчид ихсэх тусам өгөөж нь буурдаг. Тэгвэл Jon Peddie Research компанийн судалгаанаас харвал өнгөрсөн жил гурван сая гаруй GPU борлуулагдсан аж.


Түүнчлэн зөвхөн Крипто олборлох зориулалттай төхөөрөмж ихээр бий болсноос GPU олборлолт буурч, ашиг олохоос илүү алдагдал хүлээх нь ихэссэн аж. Иймээс ч алдагдлаа нөхөх зорилгоор их хэмжээгээр зарагдах боллоо. Гэтэл өндөр хүчин чадалтай GPU-ийн гол худалдан авагч болох видео тоглоомчид зогсолтгүй Криптовалют олборлоход ашигласан GPU худалдан авахаас зайлсхийдэг аж. Крипто олборлоход ашигласан GPU-г өндөр үнээр худалдан авах тэнэг хүн ховор. харин нөгөө талд сануулсаар байтал эрсдэл үүрэн Криптовалют олборлосон хүмүүс хамраараа газар хатгаж байх шиг байна. Иймээс ч тансаг хэрэглээ болтлоо хөөрөгдсөн GPU-ийн үнэ эргээд ердийн хэрэглээнд буух хандлага ажиглагдаад байгаа. Мөн GPU үйлдвэрлэгч хоёр ч компани цаашид борлуулалтаа тэлж, нийлүүлэлтээ ихэсгэх хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн аж. Томоохон Крипто олборлогч компаниуд ч мөн GPU худалдан авах захиалгаа саяхан цуцлаад буй. Үүний үр дүнд Nvidia, AMD загварын график картуудын үнэ өдөр ирэх тусам 2018 оны ёроолын цэгээсээ дахин буурсаар байна. Өнгөрсөн жилийг эргээд санахад, хувь хүн сүүлийн үеийн компьютер угсарснаас бүтнээр нь худалдаж авсан нь хямд тусах болсон. Учир нь GPU дангаараа бараг л нийт зардлын 50 хувийг эзэлдэг байлаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар хамгийн хүчирхэг гэгдэх GTX 1080 Ti загварын интернет дэх хамгийн хямд үнэ 850 ам.доллар байгаа. Гэхдээ энэ оны эхэнд 1200 ам.доллар байсан аж. Ерөнхийд нь харвал сүүлийн үеийн график картуудын үнэ нэгдүгээр сартай харьцуулахад дунджаар 35-45 хувиар буураад байгаа юм. 2017 оны байдлаар монгол улс 920.8 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортолсон байна. 2016 онтой харьцуулахад уг төрлийн барааны импорт 240 сая ам.доллараар буюу 35.3 хувиар нэмэгдсэн аж. Компьютер борлуулагчдаас тодруулахад GPU-ийн үнэ оны эхэн үетэй харьцуулахад дунджаар 200-400 мянган төгрөгөөр буюу 10-30 хувиар буурсан талаар мэдээллээ. Компютерын жижиглэнгийн худалдааны нэг жишээнээс харвал өнгөрсөн жил дунджаар 950ш GPU борлуулсан ба 2016 онтой харьцуулахад 25 хувиар нэмэгдсэн аж.


Тэгвэл энэ оны эхнээс 290 ширхэг борлуулагдсан байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеэс гурав дахин бага байгаа юм. Гэхдээ шинээр график карт худалдан авахаар зэхэж буй хүмүүсийн хувьд хараахан эрт байна. Хэдийгээр маш хурдан унаж буй боловч үйлдвэрлэгчийн санал болгосон жижиглэнгийн үнээс өндөр хэвээр байгаа. Жишээ нь, GTX 1080 гэхэд 2016 оны тавдугаар сард худалдаанд гарснаас хойш хоёр жил өнгөрсөн ч анхны үнээсээ 10 хувиар өндөр байгаа. Шинжээчдийн харж буйгаар GPU-ийн үнийн уналт энэ эрчээрээ үргэлжилбэл дараачийн 2-4 долоо хоногийн дотор үйлдвэрлэгчийн санал болгосон жижиглэнгийн үнэ буюу 700 ам.долларт хүрэх аж. Түүнчлэн Nvidia компани энэ зундаа багтаад шинэ загварын график карт худалдаанд гаргахаа төлөвлөжээ. Tom’s Hardware-ийн мэдээлснээр Nvidia компани дараагийн загвар болох GTX 1180 график картаа долдугаар сард танилцуулахаар зэхэж байгаа аж. Хэрэв үнэн бол дэлгэрэнгүй мэдээлэл маргаашнаас эхлээд ирэх бямба гараг хүртэл болох Computex 2018-ийн үеэр баттай танилцуулна. Өөр эх сурвалжийн мэдээлж буйгаар уг загвар есдүгээр сар гэхэд жижиглэнгийн худалдаанд гарах төлөвтэй байна. Хэдийгээр үнэ нь тодорхойгүй байгаа ч хөндлөнгийн шинжээчийн урьдчилсан тооцоогоор 800-1000 ам.долларын үнэтэй байх магадлалтай аж. Нөгөөтэйгүүр шинэ үеийн график картуудын нийлүүлэлт хэт их байснаас шинээр гарах GTX 1180-ийн үнэ өндөр байх эсэх нь эргэлзээтэй. Үүнийг дагаад одоо байгаа GTX 1080 Ti-ийн үнэ огцом унах боломж байгаа юм. Харин Nvidia-ийн өрсөлдөгч AMD-ийн хувьд энэ жил шинэ зүйл дуулгасангүй. AMD картуудын үнэ огцом буурч байгаа ч ижил үзүүлэлттэй Nivdia-ийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэтэй хэвээр байгаа аж. Илүү чадалтай загвар зах зээлд бий болсноор өмнөх загваруудын олборлолт саарч, үнэд хүчтэй нөлөөлөх нь гарцаагүй. Түүнчлэн Ethereum оны эхнээс огцом буюу дунджаар 63 хувь хямдарсан нь GPU-ийн үнэд цаашид ч хүчтэй нөлөөлөх магадлалтай байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Amazon Prime-ын төлбөртэй гишүүний тоо 100 сая давжээ

 0 сэтгэгдэл



Amazon компанийн Prime хэмээх төлбөртэй үйлчилгээнийх нь гишүүдийн тоо 100 сая давсан байна. Лхагва гарагт тараасан хувьцаа эзэмшигчдэд илгээх жил бүрийн захидалд ерөнхий захирал Жефф Безос “тэнгэрлэг дургүйцэл” илэрхийлсэн хэрэглэгчидтэй харилцах дээд зэргийн стандартыг сахина гэж бичсэн нь яруу найраг мэт сонсогдож байв. Тэрбээр хөгжим, загвараас эхлээд хүнс, үүлэн тооцоолол гэх мэт компанийн үйл ажиллагааны 16 гол зүйлийг ялган тодорхойлсон байна. Эдний Prime үйлчилгээ хэрэглэгчдээс төлбөр авч, хоёр өдрийн илгээмж, видео ба стриминг, хязгааргүй хадгалах эрх олгодог нь тус компанийг онлайн худалдан авагчдын гол хэрэглүүр болгосон гэж шинжээчид үздэг. Шинжээчид өмнө нь Prime 90 сая орчим гишүүнтэй гэж таамагладаг байхад Amazon нарийн тоогоо хэлдэггүй байв. Тус компани түүнчлэн өнгөрсөн онд Prime-аар таван зүйл илгээсэн гэж мэдээлжээ. Эдний хувьцаа өчигдөр 1.5 хувиар дээшилсэн байна.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Шүүхийн маргаан Монголын бондуудыг унагав

Бондуудын ханш энэ оны хоёрдугаар сараас савлаж эхэлсэн

 0 сэтгэгдэл

“Монголын алт корпораци”- ийн (МАК) олон улсын зах зээлд гаргах гэж буй бондын ханш ойрын өдрүүдэд тодорхой болж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ. МАК-ийн ам.доллараар нэрлэсэн шинэ бонд таван жилийн хугацаатай. Эхний хоёр жилд нь буцаан худалдаж авахгүй байх нөхцөлтэйг ойрын эх сурвалж онцолж байгаа. Энэ долоо хоногийн эхээр олон улсын үнэлгээний Fitch агентлаг “Монголын алт корпораци”-ийн зээлжих зэрэглэлийг “ССС+” түвшинд баталгаажуулсан. Олон улсын зах зээлд тус корпорацийн бондын хэлцэл амжилттай болж буй учраас ийн баталгаажуулснаа Fitch агентлаг мэдэгдэж байсан юм.

Мөн МАК-ийн бондын үндсэн нөхцөлд Нарийнсухайт ордын нүүрсний орлого болон тусгай зөвшөөрлийг нэмэлт барьцаа хөрөнгөөр тусгасныг тус агентлаг онцолж байв. МАК ойролцоогоор 200 сая ам.долларын бонд босгож, дотоодын банкуудаас авсан зээлээ эргэн төлөхөөр төлөвлөж буйгаа өмнө нь мэдээлсэн. Ийнхүү Монголоор овоглосон шинэ бондын сураг тодорч буйтай зэрэгцээд манай Засгийн газрын бондуудын ханш олон улсад сулраад байна. Өнгөрсөн оныг тогтвортой үдсэн бондуудын ханш энэ оны хоёрдугаар сараас савлаж эхэлсэн. Энэ долоо хоногийн мягмар гарагийн байдлаар манай улсын “отгон” үнэт цаас болох “Гэрэгэ” бондын ханш 97.870 нэгжид хүрээд байна. Энэ нь оны эхэнд 101 нэгжийг давж байсантай харьцуулахад мэдэгдэхүйц суларсан үзүүлэлт юм. Ийм уналт “Хуралдай” болон 10 жилийн хугацаатай “Чингис” бондын ханшид гарсан. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сард гаргаж байсан “Хуралдай” бондын ханш мягмар гарагт оны эхнээс дөрвөн суурь нэгжээр буурч, 111 нэгж боллоо. Монгол Улсын Засгийн газрын бондуудын үнэ хоёрдугаар сараас буурч эхэлснийг ханшийн муруйгаас харж болно. Тэгвэл мэдэгдэхүйц суларч эхэлсэн энэ үе нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдсон Арбитрын шүүхийн шийдвэр эргэн сөхөгдсөн хугацаатай давхцаж буй. Хэдийгээр Арбитрын шүүхийн эцсийн шийдвэр нь өнгөрсөн оны тавдугаар сард гарсан ч 2018 оны эхэн хүртэл энэ тухай тодорхой хүрээнийхэн мэдэж байв. Харин өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгийг битүүмжлэх асуудал сөхөгдсөнөөр энэ хэрэг Монголын нийгмийг доргиосон юм. 2009-2011 оны хооронд “Жаст” групп уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүгийн баталгааг хуурамчаар үйлдэн, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсныг Арбитрын шүүх тогтоосон. Тус шүүхээс “Эрдэнэт үйлдвэр”-ийг ”Стандарт банкинд 50.9 сая ам.долларын үндсэн төлбөр болон 44.3 сая ам.долларын торгууль, хүү төлүүлэхээр болсон.

Том компаниудын шүүхийн маргаан хөрөнгө оруулагчдыг түгшээжээ

Мөн үүний хүүгийн төлбөр нь сард дунджаар 870-900 мянган ам.доллараар нэмэгдэж байгаа бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар 104 орчим сая ам.долларт хүрээд байгаа юм. Монголын ард түмний өмчийг ийнхүү хууль бусаар ашигласан энэ хэрэг олон улс дахь манай улсын нэр хүндийг унагаад зогсохгүй хөрөнгө оруулагчдад түгшүүрийн дохио болж, бондын ханшид нөлөөлжээ. Энэ уналтаасаа дөнгөж өндийж байсан Монголын бондууд өнгөрсөн сард хоёр дахь давалгаанд цохигдов. Харин өнгөрсөн сарын дунд үеэс дахин суларч эхэлсэн юм. Энэ нь “Оюутолгой”-н хувьцаа эзэмшигч Turquoise Hill Resources компани Монгол Улсын Засгийн газрын эсрэг зарга үүсгэхээ мэдэгдсэн явдал. Татварын ерөнхий газраас энэ оны нэгдүгээр сард “Оюутолгой” компанийн 2013-2015 оны үйл ажиллагаанд 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүний эсрэг Turquoise Hill Resources компани гуравдугаар сард олон улсын арбитрын шүүхэд зарга үүсгэхээ мэдэгдсэн юм. Мөн “Оюутолгой”- н гэрээг байгуулсан болон шинэчилсэн төрийн өндөр албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Тэрчлэн УИХ-аас “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг шалгах Ажлын хэсэг байгуулсан юм. Энэ мэт “Оюутолгой” тойрсон үйл явдлууд олон улс дахь манай бондын ханшийг унагав. Уул уурхайн компаниудын хууль шүүхийн асуудал олон улсын хөрөнгө оруулагчдын санааг зовниулж буй аж. Өөрөөр хэлбэл, эдгээр үйл явдлыг хөрөнгө оруулагчид хэн нэгэн албан тушаалтан эсвэл хэсэг бүлэг төрийн албан хаагчдад хамаатай бус илүү том зургаар нь харж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Цаашид “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдсон эдгээр асуудлыг хэрхэн шийдэхээс олон улсад арилжиж буй Монголын бондуудын ханш тодорхой болох төлөвтэй. Цаашид “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдсон эдгээр асуудлыг хэрхэн шийдэхээс олон улсад арилжаалж буй Монголын бондуудын ханш тодорхой болох нь. Гэхдээ энэ нь бондын ханшийн богино хугацааны хэлбэлзлээр бодлогынхоо жанжин шугамаа тодорхойл гэсэн үг биш. Тухайлбал, “Оюутолгой”-н гэрээ Монголд өгөөж багатай нь батлагдсан тохиолдолд бондын ханшийн бага хэмжээний өөрчлөлтөөс эмээж, Монголын төр шийдвэрээсээ ухарч, зорилгоосоо хазайж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Харин олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарал татаж, маргаан дагуулсан асуудлуудад манай улсын төр засаг илүү нээлттэй, тодорхой хандаж, ямар бодлого баримтлахаа ил тодоор мэдээлвэл ойлголцол, тодорхой байдлын зөрүү үүсэхгүй гэсэн байр суурь ч байна. Гагцхүү Монголоор овоглосон үнэт цаасны ханшийн савлагаа нь Монголд өрнөж буй үйл явдал, төр засгийн шийдвэрүүд нь өвсөнд тавьсан түймэр шиг олон улсад түгэж, хөрөнгө оруулагчдад шууд нөлөөлдгийг эндээс харж болохоор байна. Харин энэ эрсдэлийг эс тооцвол 2018 онд манай бондуудын ханш харьцангуй тогтвортой байх боломжтой. Учир нь таваарын ханш тогтвортой, гадаад зах зээлд эерэг хандлага давамгайлж байгаа ажээ.