A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2651/

"Хадуурсан" инфляцыг гадаад зах зээл хазаарлана

Хөндлөнгийн хүчин зүйлс инфляцад цохилт өгч, үнийн дарамтыг хөнгөлөх боломжийг иргэдэд олгоно

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2651/


Улаанбаатарын инфляц улсын зорилтот түвшнээс талийлаа.

Энэ оны тавдугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индекс нийслэлд 8.8 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Есөн хувь шүргэсэн энэ өсөлт Монголын хүн амын тал хувийн халаасыг цоолж, хуруу хумсаа хугалах шахам байж олсон хэдэн төгрөгийг нь цаас болгоход хүрээд байна. Энэ зуур улсын инфляц ч найман хувь шүргэж, Улаанбаатарын үзүүлэлтээс их нэг хоцролгүй өгсөж байна. Ийнхүү сүүлийн хэдэн сарын турш монголчууд хэрэглээний үнийн өсөлтөд халаасаа сэгсчүүллээ. Ялангуяа, монголчуудын хоолны гол орц болох мах, барааны үнэд хамгийн их нөлөөлдөг шатахуун түлшний ханш өссөнөөс төгрөгийн үнэ цэн унажээ.

Инфляцын өсөлтийн бараг 80 хувь нь зөвхөн мах, шатахуун түлшний үнийн өсөлтөөс үүдэлтэй болохыг статистикийн байгууллага мэдээлж байна. Тухайлбал, махны үнэ өнгөрсөн сард килограмм тутамдаа 2000 гаруй төгрөгөөр нэмэгджээ. Мах магнаг болж, автобензин, түлшний үнэ талийсан нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, халаасыг нь сэгсэрсэн нь энэ.

Дээрээс нь инфляцын өсөлтөд валютын ханш буруутай аж. Учир нь валютын ханш өссөнөөр гадаадын мөнгөн тэмдэгтээр худалдан авдаг импортын барааны үнэ нэмэгдэж, энэ нь инфляцад нөлөөлсөн байна. Тодруулбал, тавдугаар сарын байдлаар ам.долларын дундаж ханш өмнөх оны мөн үеэс 10, дөрөвдүгээр сараас 0.4 хувиар чангарч, төгрөг төдий чинээ үнэ цэнээ алджээ. Мөн төгрөгтэй харьцах юанийн ханш өмнөх оноос 2.3, рублийнх 5.6 хувиар төгрөгийн эсрэг чангарсан байна юм.

Үйлдвэрлэл өндөр хөгжөөгүй бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг хилийн чанадаас худалдан авч, хэрэгцээгээ хангаж, амьжиргаагаа залгуулдаг. Тухайлбал, инфляцыг тооцдог хэрэглээний сагсан дахь 344 төрлийн бараа, үйлчилгээний 200 орчмыг импортын бараа бүрдүүлдэг билээ. Тиймээс валютын ханшийн өөрчлөлт импортын бараагаар дамжин инфляцыг хөндөж, иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөөлөөд байна.

Өөрөөр хэлбэл, төгрөг гадаадын валюттай жигнэн тооцоход ч, дотоодод бараа, бүтээгдэхүүний үнийн эсрэг ч тэр улам хүчгүйдэж, монгол мөнгөн тэмдэгтийн ханш унахын хэрээр иргэдийн худалдан авах чадвар доройтсоор байгаа юм.

2019 оны эхний улирлын байдлаар ДНБ-ий өсөлт сүүлийн жилүүдийн дээд цэгт хүрч, 8.6 хувьтай тэнцсэнийг албаныхан ам уралдан сайрхаж буй. Гэтэл эдийн засаг ийм хувиар тэлсэн ч инфляц наймтай ойролцоо хувиар дагаад өсчихөөд өндөр хэмээн “онгироод” буй ДНБ-ий өсөлт нь иргэдийн амьжиргаанд наалдах болов уу. Ингээд л эдийн засгийн өсөлт хуурай хоосон тоо болоод буй нь энэ.

Түүнчлэн өнгөрсөн оны сүүлчээр өрхийн дундаж орлого, зарлагын зөрүү 36 мянган төгрөг байсныг статистикийн байгууллагын мэдээллээс харж болно. Тодруулбал, 2018 оны эцэст өрхийн дундаж орлого 1.2 сая, харин зарлага нь 1.23 сая төгрөгтэй тэнцжээ. Гэтэл гурван сарын дараа буюу энэ оны эхний улирлын байдлаар өрхийн зарлага мэдэгдэхүйц өссөнөөр энэ зөрүү нь хоёр дахин нэмэгдээд байна. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлт иргэдийн зарлагыг өдөөж эхэлсэн байна. Сүүлийн 6-7 сар хот, хөдөөгүй өндийж буй үнийн өсөлт ийнхүү иргэдийн халаасыг торгосоор байна.

Гэтэл бидний мөнгөн орлогын бодит өсөлт дэндүү удаан. Иргэдийн сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны нэгдүгээр улиралд 2010 онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн байна. Гэхдээ худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин үүнээс 4.7 дахин бага буюу 64 орчим хувиар өссөн байна.

Төв банкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд “2018 оны сүүлийн сараас эхлэн нийлүүлэлтийн шалтгаантай инфляц өндөр байна. Мах, шатахуун түлшний нийлүүлэлтээс үүдэн үнийн өсөлт эрчимжсэн. Гэтэл төв банкны мөнгөний бодлогын арга хэрэгслүүд нь эрэлтээр дамжин, инфляцад нөлөөлдөг. Хэрэв нийлүүлэлтийн шалтгаантай инфляцыг эрэлтийн шалтгаантай арга хэрэгслээр удирдвал энэ нь эргээд инфляцыг илүү эрчимжүүлэх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газар махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай гэсэн байр суурьтай байна” хэмээн өгүүлж байна.

Инфляц бол иргэдийн амьдралд хамгийн ойр эдийн засгийн үзүүлэлт. Тиймээс энэ үзүүлэлтийн ялимгүй өөрчлөлтийн цаана Монголын мянга мянган өрхийн амьдрал нуугдаж байдаг. Сүүлийн хэдэн сар үргэлжилж буй үнийн өсөлтийг хазаарлах арга хэмжээг холбогдох байгууллагууд авахгүй байх зуур хаа холын ханшийн хөдөлгөөн харин манай инфляцыг номхруулж магадгүй байна. Тодруулбал, худалдааны дайн даамжирч, БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлт удаашрахын хэрээр урд хөршийн юанийн ханш сулрах төлөвтэй байна. Олон улсын зах зээлд юанийн ханш унавал энэ нь дам байдлаар манайд мэдрэгдэнэ. Улмаар төгрөгтэй харьцах юанийн ханш унаад эхэлбэл бидний хилийн чанадаас авах бараа бүтээгдэхүүний ханшид ч нөлөөлнө гэсэн үг. Яагаад гэвэл бид хүнснээс эхлээд хувцас гутал гээд өргөн хэрэглээний нийт барааныхаа дийлэнхийг урд хөршөөс авдаг. Ингэснээр юанийн ханш дотоодын үнийн өсөлтөд хариу өгөх гадаад хүчин зүйл болохоор байна.

Нөгөө талаас, урин дулаан цаг айлсаж, мах, шинэ ургацын ногооны нийлүүлэлт нэмэгдэх үе дөхөж буй тул улирлын шинж чанартайгаар инфляц тогтворжих төлөвтэй. Үүнээс гадна маргааш буюу энэ сарын 15-наас А92 автобензиний үнэ 50 төгрөгөөр хямдарна гэж АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдсэн юм. Олон улсын зах зээлд газрын тосны ханш унаж буйгаас ирэх саруудад дотоодод шатахуун түлшний үнэ хямдрах төлөвтэй байгаа. Өөрөөр хэлбэл, төр засгийн байгууллагын бодлого, зохицуулалтаас илүү юанийн ханшийн уналт, улирлын нөлөө, олон улсын зах зээл дэх газрын тосны хямдрал зэрэг гадаад зах зээлээс хамаарах, хөндлөнгийн хүчин зүйлс ирэх саруудад инфляцад цохилт өгч, үнийн дарамтаас нуруугаа тэнийлгэх боломжийг иргэдэд олгох нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Их 20-иор Трамп, Шигийн халз тоглолт болно

 0 сэтгэгдэл


Саяхныг хүртэл Их 20-ийн дээд уулзалт уйтгартай, заримдаа бүр ёслолын чанартай арга хэмжээ болж, гол эдийн засгийн удирдагчид асуудлыг найрсгаар хэлэлцдэг байв. Мэдээж Трампаас өмнө л дөө. Америкийн Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш дээд хэмжээний уулзалтын ёс журамд драм, хурцадмал, тодорхойгүй байдлаас авахуулаад ямар нэг зүйл авчирсан. Үнэхээр ч энэ сарын 28-29-нд болох Их 20-ийн цугларалтын өмнө Трамп өөрийгөө давсан үймээн тарьж байна.

Тэрбээр Хятадтай худалдааны зөрчил хурцдаж буйг худалдааны дайн болгоно хэмээн сүрдүүлсэн нь Осакагийн чуулганыг 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн том үр дагаварт хүргэж болзошгүй. Сөргөлдөөний барьц нь багадсан мэт ноён Трамп Европ, Японыг худалдааны дайны овоо хараандаа авч, гол хоёр холбоотноо машины тарифаар сүрдүүлж буй. Мөн Евро бүс болон хятадын мөнгөний бодлогын талаарх трампын шүүмжлэл нэмэгдэнэ.

Энэ бүхнээс харахад Осакад товлогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт дэлхийн санхүүгийн зах зээлд чухал дохио өгөх юм. Өнгөрсөн мягмар гарагт Трамп твиттертээ “Ноён Шитэй утсаар сайхан ярилцлаа. Бид уртасгасан уулзалт хийнэ” гэж бичсэн нь байдлыг жаахан намжаав. Хоёр улсын албаныхан ба шинжээчдийн таамаглаж буй хамгийн сайн хувилбар нь АНУ тарифаа хойшлуулж, тавдугаар сард тасарсан худалдааны хэлэлцээг сэргээх явдал гэж үзэж байна.

Харин муу хувилбар нь худалдааны сөргөлдөөнийг шинэ хүйтэн дайн руу хөтлөх эрсдэлтэй юм. Хэрэв уулзалт эхлэхээсээ өмнө цуцлагдах буюу тохиролцоонд хүрч чадахгүй бол дэлхий ертөнц хоёр тэргүүлэх эдийн засгийн хурц зөрчлийг харах агаад хохирол нь санхүүгийн зах зээлийн нуралт, өсөлтийн удаашралаар илэрнэ. Ийм магадлалыг үгүйсгэх аргагүй. Учир нь хоёр удирдагч бараг эсрэг тэсрэг гэмээр эрс ялгаатай хандаж байгаа нь өмнө нь бас асуудал үүсгэж байсан. Трамп дураар авирлаж, хэлэлцээний ширээний нөгөө талд суугаа хүний тэнцвэрийг алдагдуулдаг арга барилтай хүн.

Ноён Ши маш болгоомжтой бөгөөд түүнийг хүрээлэгчид үр дүнг нь урьдаас товлоогүй уулзалтад оролцуулахыг хүсэхгүй байгаа. Хятадын зарим албаны хүний хэлснээр Трампын дээрэнгүй авир ноён Шид татаас, оюуны өмч гээд олон асуудлаар АНУ-ын шаардлагыг зөвшөөрөхөд саад хийж байж магадгүй юм. Вилсоны төвийн судлаач, дипломатч Роберт Дейли “Трамп Ши Жиньпинийг овоо хараандаа авна гэж ярьдаг атлаа гэнэт сайхан аашлаад унавал гайхал төрүүлэх нь мэдээж” хэмээн өгүүллээ.

Бээжингийн нэгэн шинжээч Хятадын удирдагчийг шахсан байдалд оруулах тусам бууж өгсөн мэт ойлгогдох буулт хийхээс татгалзна хэмээн тайлбарлав. Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед их долоо, Их 20-ийн уулзалтын бэлтгэл ажилд оролцож байсан зөвлөх Мэтью Гудман одоогийн байдлыг шинэ хүйтэн дайн гэж нэрлэхэд эрт байна хэмээв. Түүний бодлоор эдийн засгийн харилцааг илүү шударга болгох зорилт тавигдаж байгаа аж. Харин Трампын зөвлөх Клит Уилемс “Засаг захиргаа Хятадад анхаарч буй хэдий ч бусад оронд бас тариф тогтоосон нь хятадын талаарх өөрийн стратегийг дэмжүүлэх аргыг хайж байна. Гэхдээ Хятадыг тохиролцоонд хүргэхүйц хатуу байр суурь баримталж байгаа” хэмээн тайлбарлажээ.

Ши Жиньпинийг Маогаас хойш их хамгийн хүчирхэг удирдагч гэж үздэг боловч дотооддоо улс төр, эдийн засгийн бэрхшээлтэй тулгарч буй нь түүний хийх боломжтой алхмуудыг хумьж байна. Хятадын эдийн засаг сулрах шинжтэй байгаа нь худалдааны дайны хохирлыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн хонконгт олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн явдал ноён Шигийн захиргаадах арга барилыг эсэргүүцсэн түгшүүр үүсгэв. Шинжаан дахь Исламын шашинт цөөнхийг бөөнөөр хорьж буй асуудал ч өрнөдийн анхааралд өртөөд байна.

Нөгөө талаас Трампын байр суурь өөрийнх нь бодож байгаа шиг бат бэх үү гэдэг эргэлзээтэй.  Түүний тарифын бодлого эсэргүүцэлтэй тулгарч, эдийн засагт хохирол учруулж эхэлснийг статистик харуулж буй. Трамп, Ши нарын хэн хэнд дотоодын шахалт тулгарч байгаа нь харагддаг. Тэд Осакад эвлэрэлд хүрч магадгүй л юм. Гэхдээ урт хугацааны энх тайван тогтоож чадна гэдэг юу л бол.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ирэх 10 жил арматурын импортод $1.5 тэрбумыг алдана

2030 он хүртэл жилд 300 мянган тонн арматур хилийн чанадаас худалдан авна

 0 сэтгэгдэл


Манай улс 2030 он хүртэл жилд 300 мянган тонн арматур хилийн чанадаас худалдан авна гэж “Барилга.мн”-ийн судлаачид тооцож байна. Монгол Улс дотоодын эрэлтээ хангахын тулд жилд дунджаар 130-150 сая ам.долларын арматур импортолдог. Энэ дүнгээр тооцвол ирэх 10 жилд бид багаар бодоход 1.3-1.5 тэрбум ам.долларыг арматур авахын тулд хилийн чанад руу урсгаж, ийм хэмжээний валютыг гадаад зах зээлд алдах нь.

Төмрийн хүдэр, коксжих нүүрсний арвин нөөцтэй, энэ төрлийн түүхий эд баялгаар бүс нутагтаа дээгүүр бичигддэг Монгол Улс барилгын төмөр хийцээ ийнхүү хилийн чанадаас импортолж суух ч гэж. Манай улсын төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбар жинхнээсээ “алтан дээр суусан гуйлгачин” болжээ. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр монголчууд жилд ойролцоогоор хагас тэрбум ам.доллартай тэнцэх үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хилийн чанадаас ялангуяа, хоёр хөршөөсөө худалдан авч байна.

Үүний гуравны нэгийг нь төмөр хийцийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болох арматурт зарцуулдаг аж.

Учир нь Монгол Улс сүүлийн жилүүдэд арматурын нийт эрэлтийнхээ ердөө 20-30 хувийг л дотоодоос нийлүүлж, зах зээлийнхээ дийлэнхийг импортын бүтээгдэхүүнээр хангаж байна. Манай улсад одоогоор 12 үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр үйлдвэрийн хүчин чадал нийлээд 80 мянган тоннд хүрэх аж. Гэтэл бидний эрэлт хэдийн 300 мянган тонныг давжээ.

Улаанбаатарт сүндэрлэх барилгын тоо өсөж, бүтээн байгуулалт эрчимжихийн хэрээр арматурын эрэлт хэрэгцээ сүүлийн хоёр жилд өсөж эхэлсэн байна. Гэтэл он гарсаар үнэ ханш нь мэдэгдэхүйц өсөөд буй төмрийн хүдрийн ханш сүүлийн 3-4 жилд тасралтгүй унаснаас үүдэн үйлдвэрлэгчид санхүүгийн хүндрэлтэй нүүр тулчихсан. Мөн сүүлийн 2-3 жилд манайд барилгын салбар удааширснаас дотоодын арматурын жижиг үйлдвэрүүд үүд хаалгаа барихад хүрчээ. Бүтээгдэхүүний үнэ болон барилгын салбарын удаашралаас үүдэн дотоодын үйлдвэрлэгчид цөөнгүй жилийг хүндхэн өнгөрөөсөн аж.

Гэтэл орчин цагийн Монголд хотжилтын хүрээг тэлж, хүн амаа орон сууцаар хангах эрэлт хэрэгцээ тасралтгүй өсөх тусам барилгын салбарын дутууг дүүргэх арматурын импорт өссөн байна. Ирэх жилүүдэд ч барилгын багана болсон арматурын хэрэгцээ өснө үү гэхээс буурахгүйг судлаачид онцолж байгаа юм. Тухайлбал, арматурын эрэлт 2030 он гэхэд 454 мянга орчим тоннд хүрэх төлөвтэй.

Гэвч манай арматурын зах зээл өнөө хэр гадаадын үйлдвэрлэгчдийн атганд байсаар. Ялангуяа, арматур нь барилга байгууламжийн голлох түүхий эдийн нэг бөгөөд барилгын үйлдвэрлэлийн төсөвт өртгийн 30 хувийг шингээдэг гол нэрийн бүтээгдэхүүн. Гэтэл сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэл царцсанаас нийт эрэлтийн голыг импортын бүтээгдэхүүнээр  хангаж байна” хэмээн “Барилга. мн” төвийн захирал Г.Батсүх өгүүлсэн юм. 

Энэ хэрээр барилгын салбарын гол түүхий эд валютын ханшийн савалгаа, гадаад зах зээлээс  шууд хамаарах нь. Өнгөрсөн онд ч арматурын нийлүүлэлт нэг бус удаа тасалдсанаас манай дотоодын зах зээлд үнэ ханш нь огцом өсөж, барилгын салбарынханд багагүй дарамт болсон юм.

• Гаалийн ерөнхий газрын мэдээллээр монголчууд жилд ойролцоогоор хагас тэрбум ам.доллартай тэнцэх үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хилийн чанадаас худалдан авдаг. 

• Үүний гуравны нэгийг нь төмөр хийцийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болох арматурт зарцуулдаг аж. 

• Монгол Улс сүүлийн жилүүдэд арматурын нийт эрэлтийнхээ ердөө 20-30 хувийг дотоодоосоо нийлүүлж байна.

Цаашлаад арматурын ханшийн өсөлт өнөө хэр иргэдийн худалдан авах чадвараас давсан хэвээр байгаа нь барилга, орон сууцны үнийг өдөөх эрсдэл болжээ. Гэтэл Улаанбаатарын утааг бууруулахын тулд хүн амаа барилга орон сууцаар хангах хэрэгцээ шаардлага Монгол Улсад байсаар. Харин энэ зорилгыг биелүүлэхэд арматурын үнэ ханш басаж болохгүй сорилт болж мэдэх нь. Арматур буюу ган туйвангийн үйлдвэрлэлийг дотооддоо нэмэгдүүлэх, бэлдэц үйлдвэрийг ажиллуулах шаардлагатай байгааг Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо мэдээлсэн.

Дайран дээр давс гэгчээр дотоодын эрэлт өсөхийн хэрээр айлаас арматур худалдан авдаг бидний хилийн чанад руу урсгах валютын хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй. Цаашлаад арматур дагасан валютын урсгал улсын төлбөрийн тэнцэлд дарамт болж, төгрөгийн ханш сулрах бас нэг шалтгаан болно. Тиймээс хилийн чанадаас валютаар тус бүтээгдэхүүнийг худалдан авах дотоодын иргэд, бизнес эрхлэгчид ханшийн савлагаанд хэтэвчээ сэгсрүүлэх эрсдэлийг мартаж болохгүй. Бид дотоодын үйлдвэрлэлээ бэхжүүлж чадаагүйгээс үүдэлтэй ийм олон сөрөг нөлөө Монголын эдийн засагт учрах төлөвтэй.

Иймд ирээдүйд их хэмжээний валютын урсгалыг гадагшаа алдахгүйн тулд дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлж, арматурын зах зээлийг өөрсдийн атгандаа оруулах шаардлага тулгарсаар байна. Ингэснээр дотоодын чанартай түүхий эдээр барилгын салбараа хангаад зогсохгүй валютын гадагшлах урсгалыг улсдаа шингээж, төгрөгийн ханшийг хамгаална. Цаашлаад үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэхийн хэрээр ажлын байр бий болгож, үйлдвэржилтийн үр шимийг дотооддоо шингээх боломж бүрдэх юм.

Нэгэн цагт барилгын материалын нийт эрэлтийнхээ бараг 80 хувийн хилийн чанадаас зөөдөг байсан монголчууд цемент, блок, хадаас зэрэг түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэж, энэ хэрээр импорт буурч, валютын гадагшлах урсгалыг багасгаж байгаа. Монгол Улсад цементийн үйлдвэрлэл цэцэглэснээр жил бүр гадаад руу урсдаг байсан 100 хүртэлх сая ам.долларыг дотоодод тогтоож чадсан. тэгвэл ийм өөрчлөлт арматурын салбарт үгүйлэгдэж байна.

Монгол шиг ид хөгжиж, хотжилт хүрээгээ тэлж буй улсад ирээдүйд ч барилгын салбар эрчтэй хөгжиж, энэ хэрээр бараа материалын эрэлт өсөх нь тодорхой. Ялангуяа, “барилгын яс” болдог арматурын үйлдвэрлэл улсын хөгжлөөс эхлээд хүн амын амьжиргаа, улаанбаатарын утаанд хүртэл нөлөөлөх учиртай юм. Улсын ирээдүйд чухал үүрэгтэй энэ салбарыг өөрөө хөгжихийг хүлээж, цаг алдах бус бодлого, зохицуулалтын таатай нөхцөлөөр хангаж, тууштай дэмжих нь чухал байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Аавуудын гутал” хийдэг Fila-гийн захирал $830 саяыг олжээ

 0 сэтгэгдэл


1990-ээд онд зузаан ултай, бүдүүн хийцтэй пүүз гарсныг “Аавын гутал” хэмээн нэрлэж байв. Мянганы үеийнхэн энэ загварт дурлах болсон тул хуучин гутал Fila компанийг дахин сэргээсэн байна. Түүнчлэн Ён Ёнсу захиралд ихээхэн баялаг хуримтлуулахад тусалжээ. Англиар Жен гэж нэрлэдэг захирал Fila Korea Ltd., компани дахь багцаараа дамжуулан 830 сая ам.долларын хөрөнгөтэй болжээ. Түүнийг 2007 онд Fila дэлхийн брэндийг худалдан авахад Өмнөд Солонгосын хэвлэлд “хавч аварга загасыг залгичихлаа” хэмээн бичиж байв.

Ноён Ён тус компанийг сэргээхийн тулд өөрөө биечлэн удирдсанаар хувьцаа нь дээшилж эхэлсэн байна. Үүнд гол үүрэг гүйцэтгэсэн хүчин зүйл нь 90-ээд оны загваруудыг сэргээж, сонгодог хэлбэрт дуртай худалдан авагчдын эрэлтийг хангасан явдал юм. Жишээ нь, Disruptor 2 загварыг 2017 онд сэргээн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн онд нэг үе эмэгтэйчүүдийн хамгийн дуртай шаахай болсон дэлхийн загварыг судалдаг Lyst сайт мэдээлэв.

Энэ оны эхний байдлаар уг загвараас 10 сая хосыг борлуулжээ. 73 настай ён энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан боловч 2017 онд Өмнөд Солонгосын нэг сонинд өгсөн ярилцлагаас нь үзвэл “Энэ бол 45 хүрсэн хойноо гаргасан хэнз хүүхэдтэй адилхан” гэж хэлсэн байдаг. Түүнчлэн алдартнууд эдний шаахайг өмсөх болсон нь брэндийн нэр хүндийг өргөв. АНУ-ын топ модель Кендалл Женнер, дуучин Рианна нарын Fila-гийн улаан, цагаан, хөх логотой пүүзийг өмсдөг. Дээр нь харьцангуй хямд үнэ борлуулалтыг дэмжих хүчин зүйл болжээ.

Korea Investment & Securities фирмийн шинжээч На Енча “Fila үнээ бууруулахын сацуу 30-40 насныхнаас илүүтэй залуу хэрэглэгчдийг онилсон. Энэ тактик үр дүнгээ өгч байна” хэмээн үнэлжээ. Fila Korea-гийн хувьцааны үнэ өнгөрсөн оны эхэн үеэс 400 хувь өсөж, зах зээлийн үнэлгээ нь 4.3 тэрбум ам.долларт хүрэв. Ноён Ён гэр бүлийнхээ хамтаар компанийн 20 хувийг эзэмшдэг аж. Тэрбээр нэлээд хожуу 30 гарсан хойноо коллеж төгссөн тул нас нь ажилд ороход саад болж байсан аж. Гэвч Солонгос барааг АНУ-д худалддаг компанид орсон байна.

Энэ завсар АНУ-д Fila-гийн менежертэй танилцаж, улмаар Өмнөд Солонгост пүүз үйлдвэрлэхийг ятгаж чадсан байна. Дараа нь уг бизнесийг удирдахыг санал болгож, 1991 оноос жилдээ 1.5 сая ам.долларын цалинтай Fila-гийн Өмнөд Солонгосын бизнесийн захирлаар томилогджээ. Ингээд тус салбар болон дэлхийн брэндийг худалдан авч, өдий хүргэжээ. одоо Fila 70 гаруй улсад ажиллаж байна. Ноён Ён нэгэнтээ “ёс суртахууны хувьд зөвтгөх аргагүйгээр баялаг хуримтлуулах нь утга учиргүй зүйл. Бид баялаг яаж бүтсэнийг эргэж харах ёстой” гэсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дроныг нь устгасан Иранд Трамп хориг тавина

 0 сэтгэгдэл