A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4277/

Хайрыг цэцэг шиг арчилж, халамжаар усалж байх хэрэгтэй

Хайрыг цэцэг шиг арчилж,  халамжаар усалж байх хэрэгтэй
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4277/


Хүн төрөлхтний мөнхийн сэдэв бол хайр. Харж болохгүй ч мэдэрч болдог цорын ганц зүйл. Энэхүү эмзэг нандин, гэгээлэг бас хамгийн хүчирхэг ертөнцөөр таныг аялуулъя. Үлгэр жишээ мянга мянган хосуудын төлөөлөл, салбар салбарын сайхан хостой цөөн хором ярилцлаа. Дараах дөрвөн асуултад хосууд хэрхэн хариулсныг сонирхоорой.

1. Анх хэрхэн танилцаж байв. Хамгийн анхны догдлол, хайртай гэдгээ мэдэрч байсан үеийнхээ талаар хуваалцахгүй юу?

2. Ханийнхаа ямар чанараар бахархдаг вэ?

3. Хайрыг хамгийн нандин, хамгийн цагаахан ч гэдэг. Гэхдээ хайр шиг харгис зүйл байхгүй байж ч мэднэ. Танай гэр бүл хайрыг хэрхэн тодорхойлох бол?

4. Өнгөрсөн хугацаанд олон зүйлийг туулсан байх. Хамгийн дурсамжтай үеэсээ хуваалцахгүй юу?

Бидний хайр одоо ч гал халуунаараа байна

Урлагийн салбарт олон жил зүтгэж, ард олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА, найруулагч Ц.Хүсэлбаатар, МУГЖ С.Өлзийхүү нарын гэр бүл ярилцлагын маань эхний зочин боллоо.

1.
Ц.Х:
Бид багаасаа л бие биеэ танина. Нэг дор өсөж, нэг сургуульд сурч байсан. 24-р сургуульд би дээд ангид нь Өлзий доод ангид маань сурдаг байлаа. Бас нэг байранд амьдардаг байсан. Цэргээс халагдаж ирээд театрт жүжиг үзсэн юм. Өлзий бас жүжиг үзэж байсан. Ингээд хамт харьж байлаа. Тэр үеэс хайрын түүх маань эхэлж бараг арав хоноод л нэг гэрт орсон. 30 жил өнгөрсөн байна. 

2.
Ц.Х:
Би ханийнхаа хөгжилтэй хошин занд дуртай. Бас юунаас ч шантрахгүй тэвчээртэй занг нь хүндэлдэг. Тэр үргэлж үзэсгэлэнтэй байж намайг баярлуулж бахархуулдаг. Гучин жил маш хурдан өнгөрчээ. Гэсэн ч би одоо ханийнхаа гэрэлтсэн нүд, сэтгэл татам инээд шонтгор хамрыг харах дуртай. Миний хань хорвоо дээр хамгийн хөөрхөн хамартай гэдэгт би одоо ч итгэлтэй байдаг.

С.Ө: Миний хань маш дөлгөөн, хүлээцтэй хүн. Бас гэр бүлээ хайраар дутаахгүйг хичээдэг. Эгч нь өдөр бүр нөхөртөө халуун хайртай гэдгээ мэдэрдэг. Бид хоёрын хайр яг одоо ч анхных шигээ гал халуунаараа байна. 

3.

Ц.Х: Хайр яагаад ч харгис зүйл биш. Хэн нэгнийг хайрлана гэдэг хамгийн сайхан. Хайрыг цэцэгтэй зүйрлэж болно. Тэгэхээр гоё сайхан цэцэг дэлгэрүүлэхийг хүсвэл хайранд хайхрамжгүй хандаж болохгүй. Усалж, арчлаагүй цэцэг үхдэг шиг хайр бас гандаж мөхнө. Хайрыг үргэлж халамж анхаарлаар тордож байх ёстой. Манай гэр бүлийн хувьд хайр хамгийн сайхан зүйл. Бид амьдралыг нэг нэгэнгүйгээрээ төсөөлж чадахгүй байх. Оровч гаравч үргэлж хамт байдаг болохоор одоо жоохон л холдвол бие биеэ санана.

С.Ө: Хайр гэдэг энэ хорвоог хөглөж, зөөллөж байдаг хамгийн гайхамшигтай зүйл.

4.

Ц.Х: Хань минь хэцүү үед хэзээ ч “Чамаас бүх юм боллоо. Чи арчаагүй эр” гэж хэлж байгаагүй. Бас хэзээ ч гомдоллож ачирхаж байгаагүй тийм л мундаг хань. Эр хүнийхээ хувьд үнэхээр арчаагүй байдалд орчихоод байгаагаа мэдэж байхад ч тийм зүйл болоогүй юм шиг байдаг. Надад хайртай болохоор намайг зовоохоос айдаг байх. Хэцүү цагийг хөтлөлцөөд давж чадах ийм том зүрхтэй бүсгүйтэй ханилсандаа би үргэлж бахархдаг. Хүүхдүүдтэйгээ хамт байх хамгийн том аз жаргал. Дөрвүүлээ хамт байхаар гэр дүүрэн баяр хөөр, инээд шуугиан. Ач, зээ нартай болбол улам их хайр ундрах байх.

С.Ө: Бид СУИС-д хамт сурдаг байсан. Манай хүн найруулагчийн дөрөвдүгээр курс, би жүжигчний ангийн нэгдүгээр курс байлаа. Тэдний анги шинэ жил хийхдээ “Ардын элч”-ийн Ариунаагийн дүрд тоглуулах гээд намайг эмнэлгээс оргуулж байсан. Би тэр үед жирэмсэн, Нэгдүгээр эмнэлэгт хэвтэж байсан юм. Ямар ч эрсдлээс айхгүй бадрангуй байж дээ. /инээв/. Бас анх үерхэж байх үеэр би “Нарс” зуслан руу явсан юм. Тэр үед унаа тэрэг ч ховор байлаа. Гэтэл намайг эргэх гээд хаа холоос алхаад ирчихсэн байсан.

Хайр бол хамгийн том итгэлцэл

Мэргэжлээрээ ажиллахын хажуугаар их спортод хүчин зүтгэж буй залуу гэр бүлтэй ярилцлаа. “Хасу мегастарс” клубийн тамирчин, Волейболын үндэсний шигшээ багийн ахлагч, ОУХМ М.Цэрэнбаатар, “Алтайн барс” клубийн тамирчин, спортын мастер Г.Мөнхтуул нарын хайрын түүхээс хуваалцаж байна.

1.

М.Ц: Анх Дарханд болсон залуучуудын улсын аваргын үеэр харж байсан. Дараа нь эхнэрийнхээ сургуулийн зааланд бэлтгэл хийж байгаад танилцаж, тэр өдөр хамт автобусанд суусан юм. Эхнэрээ хараад даруухан, хүний хайр татсан хөөрхөн охин бэ гэж бодсон. 

Г.М: Бэлтгэлээ тараад хамт харьж явахдаа шохоорхож байсан. Анхны болзоон дээр үзсэн киноны тасалбараа одоо ч хадгалдаг.

2.

М.Ц: Аливаад тууштай, асуудалд эергээр ханддаг, миний ар тал болж явдаг чанараар нь бахархдаг. 

Г.М: Хөдөлмөрч, тэвчээртэй чанараар нь бахархдаг. Бас ямар ч асуудалд ноён нуруугаа алдахгүй байж, гэр бүлээ ямагт нэгдүгээрт тавьдаг. 

3.

-Хайр бол итгэлцэл гэж боддог. Бие биедээ, итгэж дэмжихээс л эхэлнэ.

4.

М.Ц: Аав, ээжийгээ гэнэтийн ослоор алдахад хань минь л хамгийн том түшиг тулгуур болж байсан. Намайг үргэлж дэмждэгт нь маш их баярладаг. Хоёулаа спортын карьер хөөх хэцүү байсан учраас эхнэр маань ажилдаа анхаарч, намайг ар гэртээ санаа зовох зүйлгүйгээр бэлтгэл сургуулилтдаа анхаарахад тусалж байна. Би дэндүү сайн ханьтай.

Г.М: Бид 2017 онд хуримаа хийсэн. Тэр жаргалтай мөч сэтгэлд хамгийн тод үлдсэн байна. Хүүхэдтэй болсны дараа амьдрал эрс өөрчлөгддөг юм билээ. Гэртээ хүүхдээ хараад сууж байх тэр үед өмнөхөөсөө ч илүү халамжтай болж, үргэлж жижигхэн зүйлээр ч болов баярлуулах гэж хичээдэг байсан. Ханьдаа баярлалаа, хайртай шүү гэж хэлье.

Хайрыг харж байж итгэх биш, итгэж байж харж чаддаг

Дараагийн хайрын өртөө маань Ч.Ерөөлтүвшин, С.Буянтогтох нарын гэр бүл. Тэд нийслэлээс орон нутгийг зорьж, хөдөө ч сайхан амьдарч болно гэдгийг харуулж яваа. Хөтлөн явуулдаг “Хөдөөгийн айл” цахим хуудсыг нь олон нийт хэдийн мэдэх болсон.

1.

Ч.Е: Долоон жилийн өмнө би архи дарс, буруу хооллолтоос татгалзаж, амьдралын зөв хэмнэлтэй болохоор хичээж эхэлсэн. Ингээд ирэхээр хүн хамт олноос орхигдох, “энэ хэзээ ийм байсан юм” гэх хандлагад өртөөд ганцаардаж эхэлдэг юм билээ. Яг тэр үед эхнэртэйгээ танилцсан. Би цагдаа хүн л дээ. Эхнэр маань нэг хэргийн хохирогч байсан юм. Гар утсаа хулгайд алдаад, байцаалт өгөхөөр орж ирлээ. Утасных нь содон шинж тэмдгийг асуутал “Цэнхэр кейстэй байсан” гэж хариулсан. Би тухайн үед англи хэлийг бие даан сурч байсан болохоор case гэдэг үгийг “Ямар гоё цэвэрхэн хэлдэг юм бэ” гэж бодож байлаа. Манай хүн гадагшаа явах гээд TOEFL-ийн шалгалтад бэлдэж байсан. Ингээд байцаалтаа мартаад англи хэл сурах тухай ярьж маргаашаас нь өдөр бүр уулзаж, утсаар холбогдох болсон. Гол нь зөвхөн англиар ярих ёстой. Эхэндээ хэлээ сайжруулж байна л гэж бодохоос биш ямар нэг холбоо байгаагүй. Хэсэг хугацааны дараа дотор маань арай өөр мэдрэмж төрж байгааг анзаараад эхнэртээ хэлсэн. 

С.Б: Би өөрийгөө дурлачихсан гэдгээ мэдээгүй явсан. Эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг дээ.

2.

Ч.Е: Цагдаагийн ажлаа орхиж, онлайн бизнесээ эхлүүлсний дараа хоосон хонох ч үе байсан. Амьдралын ямар ч хүнд, хэцүү үед миний хажууд байдаг, тууштай чанарт нь хамгийн хайртай.

С.Б: Миний мөрөөдлийг сонсдог, намайг үргэлж дэмждэг. Би багаасаа их яриа хүүхэд байсан. Анх таарсан мөчөөс эхлээд намайг маш сайн сонсож ирсэн. Эмэгтэй хүн төрснийхөө дараа уйдах, сэтгэлээр унах тохиолдол их байдаг. Тэр үеийг нөхөртэйгөө ярилцаж байж л даван туулсан.

3.

Ч.Е: Хүний амьдралд бодитой оршдоггүй хийсвэр зүйл бол хайр. Хүмүүс хайранд харж байж итгэдэг бол бид итгэж байж хардаг.

С.Б: Би нөхрөө хэзээ ч чи гэж дуудаж, амнаасаа муу муухай үг гаргадаггүй. Энэ бол миний нөхөртөө үзүүлж байгаа хайр халамж гэж боддог. Нөхрийг маань хүмүүс их хатуу ширүүн хүн гэдэг. Гэхдээ гэртээ байхдаа "хүүе", гэхийн аргагүй зөөлөн хүн. Би энэ хүн хамгийн эмзэг байдлаа гэр бүлдээ л харуулдаг юм байна. Энэ итгэл, хайрыг нь буруугаар ашиглаж даврах биш улам бүр итгэж, хүндлэх ёстой гэж боддог.

4.

Ч.Е: Хоёр талаас маань биднийг маш их эсэргүүцсэн. Эхнэрийн талынхан өөрөөсөө олон ах хүнтэй суулаа, жаахан хүүхдийн толгой эргүүллээ гэж загнаад л. Гэхдээ эцэг эхийн эсэргүүцэлтэй тулгарах тусам хайрынхаа төлөө илүү их тэмцэж, бие биедээ итгэх болсон. Эхнэр цагаан, харин би бор царайтай. Хүү маань ээжийгээ дуурайсан. Бидний гэрлэлтийг эсэргүүцэж байсан болохоор хамаатнууд хүүг маань “миний хүүхэд биш” гэх зэргээр хэлж эхэлсэн. Ийм үед эр хүний дотор урагдах шиг болдог юм билээ. Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгээд тэр хүмүүст харуулж байсан юм. Заавал батлах гэж улайрсан маань миний алдаа байсан

Хайр хүн хүнээ хүндлэх сэтгэлээс үүсдэг

Хүн ардынхаа эрүүл энхийн төлөөх үйлсэд хүчин зүтгэж, эрүүл мэндийн манаанд нүд цавчилгүй зогсож буй нэгэн гэр бүлийг онцолж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын эмч В.Ганхуяг, Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч М.Ариунтунгалаг нартай ярилцлаа.

1.

М.А: Бид анагаахын дээдийн нэг ангийн хүүхдүүд. Дугуйланд ч хамт явдаг байлаа. Дараа нь ажлын байран дээр ч хамт байсан. Би унтуулгын эмч, хань маань мэс заслын эмч. Жижүүрт гарах, хурал цуглаанд явах гээд бүх л зүйл дээр хамт байсан болохоор нэг нэгэндээ татагдаж гэр бүл болсон.

2.

М.А: Худлаа ярьдаггүй чанараар нь бахархдаг. Хийж чадахгүй юман дээрээ за ч гэхгүй, үгүй ч гэхгүй. Хүнд хэзээ ч худлаа ярьж байгаагүй. Ер нь манай хүн хүнтэй огт муудалцдаггүй. Хэрэлдэж маргах зүйл болбол чимээгүй л сууж байдаг. 

В.Г: Дайчин чанарт нь дуртай.

3.

М.А: Хайр бол хамгийн агуу зүйл. Бие биеэ хүндэлж, нэг зорилготойгоор явахыг хайр гэнэ. Түүнээс биш би чамд хайртай учраас чи намайг хүндэл эсвэл чи надад хайртай бол хүндэл гэх ухвар мөчид зүйл байх ёсгүй. Хүн хүнээ хүндэлж байж хайр үүсдэг.

4.

М.А: Жаргал, зовлон зөндөө л тохиолдож байсан. Би дөрвөн удаа төрөхдөө дөрвүүлэнд нь хагалгаанд орж байсан. Хагалгаанд орохдоо нөхрөө миний хажууд байна байх гэж бодсон. Тэгээд орохынхоо өмнө “Чи миний хажууд байх уу” гэж асуутал “тэгнэ ээ” гэж хэлсэн хэрнээ хажууд минь байгаагүй. Дараа нь асуухад “Өөрөө эмч хүн байж, хүнийг хянаж байгаа аятай хараад зогсох муухай” гэж хариулж байлаа. Энэ бол эмч хүний ёс зүйн асуудал л даа. Гэхдээ анхныхаа хүүхдийг төрөх гэж байхад ёс суртахуун яриад зогсож байсан тийм л хүн дээ, миний хань. Төрөх бүрт хаалганы гадаа л зогсож байсан. /инээв/

В.Г: Анхны хүүгээ өлгийдөж авч байсан тэр өдөр сэтгэлд хамгийн тод үлджээ. Цас хөвсийтөл орсон сайхан өдөр байсан.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цаг зүүх соёл таныг илэрхийлнэ

 0 сэтгэгдэл
  • Нөлөө бүхий байр суурьтай хүмүүс хүч чадлаа харуулахын тулд цагаа баруун гартаа зүүдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ жишгийг дагадаг. Гэхдээ зүүн гартаа зүүх нь тогтсон соёл гэдгийг битгий мартаарай
  • Эмэгтэйчүүдэд хэдэн зуун төрлийн гоёл чимэглэл байдаг бол эр хүнийг тодотгох, хамгийн чухал гоёл нь бугуйн цаг

Загварлаг эрчүүд бор гутлыг хар бүс, эрвээхэй зангиатай хослуулдаггүй гэдгийг аль эсвэл гэрийнхээ гадаа унтлагын хувцастай зогсох ёсгүйг мэднэ. Гэвч бугуйн цаг хэрэглэх соёлын тухай дийлэнх нь мэддэггүй. Эмэгтэй хүн төрөл бүрийн гоёл чимэглэл хэрэглэж, хувцаслалтаа тодотгох боломжтой байдаг бол эрчүүдийн хувьд хамгийн чухал гангараа нь бугуйн цаг. Бугуйн цагийг хэлбэр, хэмжээ, загвар зэргээс нь хамаарч, хувцаслалтдаа тохируулан сонгохын чухлыг дор танилцуулъя. 

Хямдхан цаг таны имижийг гутаадаг 

Omega, Ullyse Nardin, IWC, Rolex, Baume Mercer, Arnold & Son, Hublot, Cartier, Zenith зэрэг дэлхийд нэр хүндтэй брэндүүд бий. Гэхдээ хүн бүр дээрх брэндээс сонголт хийх санхүүгийн чадавхгүй учир дундаас дээш болон дунд түвшний орлоготой иргэд төвлөрсөн Casio, Seiko, Tissot, Swatch, Citizen гэх мэт брэндээс сонголт хийх боломжтой. 

Цагныхаа хэмжээг тохируул

Нэгэн үе том цаг тренд болж байсан боловч энэ сонголт хоцрогдож байна. Учир нь том цагийг бусдын анхаарлыг татах зорилгоор зүүдэг. Хэт том цаг таны бугуйг жижиг харагдуулахаас гадна өмссөн хувцасны тань зохицлыг алдагдуулдаг аж. Харин цагны оосрын хэмжээ гараа унжуулах үед хоёр см-аас илүү доошлохгүй байхаар бариу, гарт тань ором үлдээхгүй байхаар сул байх хэрэгтэй. 

Бугуйн цагийг зүүн гартаа зүүдэг 

Сүүлийн үеийн хувцаслалтын чиг хандлага цагийг аль ч гартаа зүүх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон. Та ажлаа хийх үедээ аль гараа илүү их ашигладгаа бодолцож үзээрэй. Гэхдээ зүүн гартаа зүүх нь тогтсон соёл гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Ялангуяа бизнес уулзалтад очихдоо бугуйн цагийг зүүн гартаа зүүх нь чухал соёлд тооцогдоно. Судалгаагаар бизнес эрхлэгчид цагаа зүүн гартаа зүүхийг илүүд үздэг бол хөгжимчин, зураач зэрэг уран бүтээлч хүмүүс баруун гартаа зүүдэг нь тогтоогдсон аж. Мөн нөлөө бүхий байр суурьтай хүмүүс хүч чадлаа харуулахын тулд цагаа баруун гартаа зүүдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ жишгийг дагадаг. 

Цаг зүүхэд ч цаг хугацаа хамаатай

Хэрвээ та бүх л өдрийн турш гадуур ажиллах бол аль болох цайвар өнгийн цаг зүүхийг эрхэмлээрэй. Бор болон хар өнгийн цагийг орой зүүхэд илүү тохиромжтой. Мөн үдийн хоолны үеэр бараан өнгийн цагнаас татгалзах нь зүйтэй. Чөлөөт хувцаслалтыг тод өнгийн цаг чимж өгдөг. 

Ажлын ярилцлагад орохдоо нэмэлт функцгүй цаг сонгоорой 

Та ажлын ярилцлагад орох гэж байгаа бол нимгэн, дундаж хэмжээтэй, ямар нэгэн нэмэлт функцгүй, тэгш өнцөгт хэлбэртэй, хэт гял цал биш, бараан өнгийн суран оосортой цаг зүүх нь зохистой. Харин бизнес уулзалт, ямар нэг хэлэлцээр хийх гэж буй бол дугуй хэлбэртэй, нэмэлт функц бүхий, метал цаг зүүх нь таныг хүчирхэг харагдуулна. 

Хар хослол дээр бор оосортой цаг зохимжгүй 

Цагны тань өнгө энгэрийн зүүлт, гутлын гоёл, бөгж, бүс, чагтан товч зэрэгтэй хослох шаардлагатай. Жишээлбэл, шар метал зүүсэн бол алтлаг өнгөтэй цаг зүүх, хар хослол өмссөн бол бор оосортой цаг зүүхгүй байх зэрэг өнгөний зохицолд анхаараарай. Ямар ч төрлийн энгийн, хар нүүртэй цагийг эрвээхэй зангиатай хослуулан зүүж болдог. 

Цагаа ойр ойрхон харах нь бүдүүлэг үйлдэл 

Хэдийгээр цаг эрчүүдийн хамгийн чухал гоёл мөн боловч ойр ойрхон харах нь таны нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Кино театрт эсвэл ресторанд утсаа оролдох нь бүдүүлэгт тооцогддогийн адил хэн нэгний өмнө цагаа дахин дахин шалгах нь харилцаж буй хүнээ үл хүндэтгэсэн, залхаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Жеймс Бондыг дуурайх хэрэггүй

Усны хамгаалалттай цагийг усанд шумбах, орох үед л зүүдэг болохоос хэзээ ч хослол өмссөн үед зүүдэггүй байна. Яагаад гэвэл хэтэрхий том харагддаг. Жеймс Бонд тэгж зүүсэн байлаа ч энэ үйлдлийг дуурайх хэрэггүй. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цагаан сараар COVID-19 халдваргүй шинэлцгээе

 0 сэтгэгдэл

Зочдод зориулсан зоог бүрт халбага, сэрээ, савх бэлтгээд, өөрийнхөө идэж буй халбагаар хоол, зуушинд хүрэхгүй байхыг сануулаарай

Үнсэж, хацраа нийлүүлж огт болохгүй

Уламжлалт баяраар аав, ээжтэйгээ золгохдоо зүүсэн амны хаалтаа бүү аваарай. Мөн бие, биеийнхээ гарт хүрэхгүй золгохыг хичээгээрэй. Тухайлбал, алсаас мөргөж, мэндчилж, шуу зөрүүлж болох юм. Харин үнсэж, хацраа нийлүүлж огт болохгүй. Учир нь COVID-19 халдвар зөвхөн агаараар бус ахуйн замаар ч дамждаг. Мөн бага насны хүүхэдтэй бол гэрээсээ гаргахгүй байх хэрэгтэй.

Хөөргөөр вирус дамжих эрсдэлтэй

Хөөрөг зөрүүлж, мэнд мэдэх нь манай уламжлалт соёл. Гэхдээ шинэ төрлийн коронавирус хуурай гадаргуу дээр ч оршиж чаддаг тул хөөрөг, даалингаар халдвар дамжих өндөр эрсдэлтэй. Тиймээс өөрийнхөө болон, бусдын эрүүл мэндийн төлөө хөөрөг зөрүүлэхээс татгалзаарай. Хэрэв гарцаагүй нөхцөл байдал үүсвэл ариутгагч спирт, зориулалтын салфетикаар гар, гар утас, хөөрөг, түрийвч зэргээ тогтмол ариутгаарай. Ахмадуудад мөнгө барьж золгох нь мөн л халдварын эх үүсвэр болох тул дансаар нь шилжүүлэх аюулгүй шийдэл болно.

 Лифтний товчлуурт бүү хүр

Коронавирус тархах хамгийн эрсдэлтэй газар бол орон сууц болон оффисын лифт болохыг Хятадын Эрүүл мэндийн хорооны тэргүүн Чун Наншань анхааруулсан байна. Тиймээс сар шинийн баяраас өмнө байр, орцныхоо цахилгаан шатыг ариутгаж, халдваргүйжүүлээрэй. Мөн лифтний товчлуурт гар хүрэхгүй байхыг хичээх хэрэгтэй бөгөөд бээлий өмсөж хэвшээрэй.

Гадуур хувцастай нь гэртээ оруулахаас сэргийл

COVID-19 хуурай гадаргуу дээр хоёр өдөр, шингэн орчинд түүнээс ч удаан амьдардаг учир гадуур хувцас, малгай, бээлийгээр халдвар дамжих эрсдэлтэй. Тиймээс хүн ирвэл гадуур хувцсыг нь тусгай өлгүүрт байрлуулах нь зохимжтой. Харин өлгүүр байршуулсан газраа тогтмол цэвэрлээрэй. Мөн гар ариутгагч, нэг удаагийн улавчийг гэрийнхээ үүдэнд тавьж, ирсэн зочдод улавч өмсөж, гараа ариутгахыг зөвлөөрэй.

 Ариун цэврийн өрөөндөө гаднын хүн оруулах хэрэггүй

Коронавирус өтгөн, хөлс, шүлс гэх мэт хүний биеэс ялгарч буй бүх шингэнээр халдварлаж байгаа. Тиймээс ариун цэврийн өрөөний суултуур халдвар тараах эрсдэлтэй учир ОО-ын өрөөндөө гаднын хүн оруулахгүй байхыг хичээгээрэй. Мөн айлд зочлохдоо ариун цэврийн өрөөг нь ашиглахгүй байхыг зөвлөж байна. Харин гар ариутгагч биедээ авч яваад, тогтмол ашиглах хэрэгтэй.

Өөрийн халбага, савхаар хоол зуушинд хүрэхгүй байх

БНХАУ-д халдвар их хэмжээгээр тархах болсон нэг шалтгаан нь зоог. Учир нь тэд баярын үеэр нэг тавагнаас олуулаа идэж, бие, биеийнхээ савх хүрсэн газраас хооллосон нь тогтоогдсон. Ийнхүү нэг халдвартай хүний халбага хүрсэн хачираас олон эрүүл хүн идэж, халдвар хурдацтай тархсан. Тиймээс зочдод зориулсан зоог бүрт халбага, сэрээ, савх бэлтгээд, өөрийнхөө идэж буй халбагаар хоол, зуушинд хүрэхгүй байхыг сануулаарай. Мөн аяга, таваг, халбага, сэрээгээ ариутгалын бодис бүхий зориулалтын угаагчаар цэвэрлээрэй.

Коронавирусийн халдвар БНХАУ-ын ихэнх мужид болон дэлхийн олон оронд тархаж, үүний улмаас 2100 гаруй хүн амиа алдаад байна. Уг вирус ийнхүү хурдацтай тархах болсон гол шалтгаан нь Хятадууд Цагаан сарын баяраа тэмдэглэн, бие биеийнхээрээ зочилж, нэг тавагнаас олуулаа хооллосонтой холбоотойг албаныхан мэдээлж буй. Тиймээс манай улс сар шинийн баяр хийхгүй байж, айл хэсэхгүй, гэр гэртээ тэмдэглэн, аймшигт вирусийн халдвараас сэргийлэх шийдвэр гаргасан. Гэхдээ өвөө, эмээ, аав, ээжтэйгээ золгох зайлшгүй шаардлагатай бол өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдварын эрсдэлээс сэргийлэх зөвлөгөөг хүргэе.

A

Жижиг

A

Дунд

A

Том

McDonald’s, Starbucks дахин ашигладаг савлагаа хөгжүүлж байна

 0 сэтгэгдэл

Уншигч та ирээдүйд McDonald’s юм уу Starbucks-д кофе захиалах энэ үед өмнө өөрийн тань хаа нэгтээ ашиглаж байсан аяганд аягалж өгөх болно. “Ухаалаг”, дахин ашигладаг, хоёр төрлийн аягыг энэ долоо хоногт хэрэглээнд нэвтрүүлэхээр туршиж эхлэх уг хөтөлбөрөөр АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско, Пало-Альто дахь кофе шопын олон сүлжээг ийм бүтээгдэхүүнээр хангах юм. Байрлалыг нь тодорхойлох үүднээс RFID чип юм уу QR код суулгасан, үндсэндээ хуванцар материалаар бүтээсэн ийм аяга нь Starbucks Corp, McDonalds’s Corp тэргүүтэй үйлдвэрлэгчдийн NextGen Cup Challenge хэмээх хоёр жилийн судалгааны хөтөлбөрийн үр дүн аж. Зөвхөн энэ хоёр сүлжээ гэхэд л жилдээ хэдэн тэрбум ширхэг цаасан аяга хаядаг. Цаасан аяганы дийлэнх нь хуванцар дотортой учраас дахиварт ашиглах боломж бараг байдаггүй. NextGen групп мөн байгальд хаягдаж задрахаараа бордоо болдог, нэг удаагийн хэрэглээний аягыг Оклендэд турших төлөвлөгөөтэй байна. Эх дэлхийдээ хөнөөл бага учруулах гэвэл материалын сонголт ач холбогдол бага. Учир нь цаас, хуудсан хөнгөн цагаан, хуванцрын алинаар нь ч хийсэн нэг удаагийн хэрэглээний аяга байгальд сөрөг нөлөөтэй. Иймд NextGen олон дахин ашигладаг, эдэлгээ сайтай аяга хийхэд гол анхаарлаа чиглүүлжээ. Энэхүү хүчин чармайлтын дүнд хүн төрөлхтөн цуглуулж, цэвэрлэдэг, дахин хуваарилж, дижитал технологийн тусламжтай хянахдаа, дахин ашигласан тоог, тодорхойлж болдог аяга хэрэглэх гэж байна. Хоёр төрлийн шинэ аягыг энэ долоо хоногоос Калифорнийн кофе шопуудад туршиж эхэлнэ. Сан-Францискод Muuse стартапаас их дээд сургуулиудын кампуст турших аяга нь гаднаа QR кодттой байх юм. Хэрэглэгч уг аягыг хэрэглэхээр авах, хэрэглэж дуусаад хураах цэгт өгөх болгондоо кодоор нь бүртгүүлнэ. Харин Пало-Альтод Cup-Club стартапаас турших аяганы дизайныг Лондонд амьдардаг Сафиа Куреши хэмээх архитектор 2015 онд гаргажээ. Аягыг хот доторх, тод шар өнгөөр тэмдэглэсэн хураах цэгүүдэд хялбархан хурааж болно. Хуримтлагдсан аягыг автомашинаар зөөж цэвэрлэх цэгүүдэд хүргэх аж. Өөртөө RFID чиптэй ийм аягыг кофе шоп, хураах цэгүүд скан нердан бүртгэж авах аж. Шинэ системээ албан байгууллага, компаниудад борлуулах зорилготой Cup-Club дахин ашигладаг аяга нь лэндфилийн аргаар устгадаг хаягдлыг 40 хувиар бууруулж чадна хэмээн тайлбарлажээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийн гурав дахь $100 тэрбумтан

 0 сэтгэгдэл
  • Итгэл тавихтай зэрэгцэн тайзны арын дэлгэцээр загвар өмсөгчдийн алхаа болон Монголын хээр талд дэггүйтэн цовхчих ноолуурын чиглэлийн ямаа зэргийг харуулсан дүрс бичлэг гарч байв 

Арно бямба гараг бүр салбар дэлгүүрүүдээр зочилж, гар цүнхүүдийн байрлалыг шинэчилж, ажилтнууддаа зөвлөгөө өгдөг. Өрсөлдөгч дэлгүүрүүдийг оруулж тооцвол тэрбээр нэг өглөөд 25 орчим дэлгүүрээр айлчилдаг аж. “Энэ нь бүр зуршил болчихсон юм” хэмээн түүний хүү, LVMH-ийн бугуйн цагны брэнд TAG Heuer-т ажилладаг, 25 настай Фредерик өгүүлэв. Арно дэлгүүрүүдээр зочлохдоо анзаарсан зүйлсээ хариуцсан захирлуудад нь хэлдэг. Саяхан гэхэд л тэрбээр Louis Vuitton-ийн гүйцэтгэх захирал Майкл Бёркт хандаж тэдний гол бүтээгдэхүүн болох 2,480 ам.долларын үнэтэй шинэ цүнх Вандом дахь салбарт дууссан болохыг сануулжээ. “Нэг төрлийн бүтээгдэхүүн хэт олноор зарагдахад Арно дургүй байдаг” хэмээн 1980 оноос хойш Арнотой хамтран ажиллаж буй Бёрк хэлэв. Түүнчлэн Арно сард нэг удаа Bombardier хувийн онгоцоороо алслагдсан салбаруудаар зочилдог. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард тэрбээр Техас мужийн Кин хэмээх жижиг хотод айлчилж, Louis Vuitton-ийн шинэ үйлдвэрийн нээлтийн туузыг Дональд Трампын хамт хайчилсан юм. Энэ нь ирэх таван жилийн дотор 1,000 ажлын байр бий болгох хоёр шинэ үйлдвэрийн нэг юм (тус брэнд Калифорнид хэдийнэ хоёр үйлдвэртэй). Арно сэтгүүлчдэд хандан “Би түүний улс төрийн бодлогыг шүүх гэж ирээгүй. Надад улс төрд хүлээсэн үүрэг байхгүй” гэжээ. Гэвч тус үйл явдал Арногийн хүрээллийнхний дунд зөрчил үүсгэсэн юм. Vuitton-ийн эмэгтэй хувцасны дизайн хариуцсан захирал Никола Жескьер Instagram хуудсандаа “Загвар зохион бүтээгч миний бие тус хамтын ажиллагаанаас татгалзаж байна хэмээн нийтэлсэн юм. Харин Арно түүний өдөөн хатгалгад хариу өгөөгүй аж. Аравдугаар сарын сүүлчээр Арно, Бёрк, Dior-ийн гүйцэтгэх захирал Пьетро Беккари нар салбар дэлгүүрүүдээрээ зочлохын зэрэгцээ нэрт архитектор Фрэнк Геригийн зохион бүтээсэн Vuitton-ийн шинэ барилгыг үзэхээр Сөүл рүү нисчээ. Дотроо уран зургийн галерейтай зургаа дахь салбар болох тус барилга дотор LVMH-ийн Fondation Louis Vuitton музейн цуглуулгаас тавигдах юм. Цаашид, үзмэрүүдийг нь тус сангийн Парис дахь 135 сая ам.долларын музейн үзмэрүүдтэй солилцож байх аж. LVMH дэлхийн 68 оронд 4,590 салбар дэлгүүртэй болж өргөжсөн байтал шинэ салбар нээх, хаах шийдвэрийг Арногийн зөн совин, нэг ам метр талбайд ногдох борлуулалт, орчны зэрэглэл зэрэг уламжлалт үзүүлэлтэд тулгуурлан гаргадаг.

Тухайлбал, тэрбээр LVMH-ийн гол зах зээл болсон Хятад дахь Louis Vuitton-ийн салбарын тоонд хязгаар тогтоож, тэлэлтийн хурдыг зохицуулжээ. Мөн Флорида мужийн Форт-Лодердейл хотын салбар дэлгүүрийн ойролцоох зоогийн газар, дэлгүүр, автомашины зогсоол зэргийг хангалттай тансаг зэрэглэлийн бус гэх үндэслэлээр 2019 онд хаажээ. Харин Элисейн өргөн чөлөөг сайтар нягталсны эцэст тэрбээр Парисын Ялалтын хаалганы дэргэд, өмнөх түрээслэгчийнх нь борлуулалт муу байсныг мэдэж байсан ч Dior-ийн шинэ салбарыг 2019 оны долдугаар сард нээсэн юм. Dior-ийн гүйцэтгэх захирал Беккари “Тэр биднийг итгэлтэй байхыг шаарддаг. Биднийг үргэлж сорих нь түүний тактик” гэв. Өрсөлдөгчдийнхөөрөө айлчлах нь түүний бас нэгэн тактик юм. Бэлэн хувцасны компаниуд байгальд ээлтэй брэнд болохын төлөө өрсөлдөж байх зуур Арно Английн загвар зохион бүтээгч, экологийн аюулгүй байдлын төлөө тууштай тэмцэгч Стелла МакКартнитай (Пол МакКартнигийн охин) хамтран ажиллахаар болсноо долдугаар сард зарласан билээ. Стелла МакКартни цавууг амьтны эд, эрхтэн чанаж үйлдвэрлэдэг учир пүүзэндээ хүртэл ашигладаггүй аж. Пиногийн гэр бүлийн Kering групптэй (Gucci брэндийг эзэмшигч) 17 жил үргэлжилсэн хамтын ажиллагаагаа 2018 онд эцэслэсэн МакКартниг Арно өөрийн “тусгай зөвлөх” болгожээ. LVMH бүтээгдэхүүндээ арьс, үслэг эдлэл (бас цавуу) үргэлжлүүлэн хэрэглэх шийдвэр гаргасан ч МакКартни хамтран ажиллахыг зөвшөөрсөн юм. Kering-ийн зүгээс нүүрстөрөгчийн ялгарал бууруулах зорилгоор санаачилсан Fashion Pact нийгэмлэгт Chanel, Hermès, H&M, McCartney зэрэг 32 брэнд нэгдсэн боловч Арно нэгдэхээс татгалзсан аж. Харин тэрбээр хэвлэл, мэдээллийнхэн Парист ид төвлөрдөг загварын долоо хоногийн үеэр эко байр сууриа илэрхийлсэн юм. Тодруулбал, Dior-ийн шоуны үеэр загвар өмсөгчид шуудайтай шороонд суулгасан 170 модоор хүрээлүүлсэн тайзны голоор алхжээ. Байгаль орчны тогтвортой байдлыг бэлгэдсэн уг шоуны тог, цахилгаанд канола тосоор ажилладаг генератор ашигласан гэв. Маргааш орой нь Арно LVMH -ийн төв байрны хурлын танхимд 50 сэтгүүлчийг урьжээ. Хоёр цаг 30 минут үргэлжилсэн уг арга хэмжээний үеэр Арно болон LVMH-ийн 10 брэндийн захирлууд гэрэл цацарсан тайзан дээр ээлжлэн гарч, байгаль орчны тогтвортой байдлын хүрээнд хүлээх тус тусын хариуцлага, хэрэгжүүлэх ажлыг танилцуулсан юм. Илтгэл тавихтай зэрэгцэн тайзны арын дэлгэцээр загвар өмсөгчдийн алхаа болон Монголын хээр талд дэггүйтэн цовхчих ноолуурын чиглэлийн ямаа зэргийг харуулсан дүрс бичлэг гарч байв. Арга хэмжээний дундуур Арногоос уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэн тэмцэгч, 16 настай Грета Тунбергийн талаар асуухад “Гретагаас ялгаатай нь би төрөлхийн өөдрөг хүн. Ямар ч бодит шийдэлгүй, дэндүү гэмээр гутранги үзлийг түгээж буй нь түүний хамгийн том алдаа” гэв. Арно аливаа асуудлыг сунжруулах дургүй. Vogue сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур түүний талаар “Тэр ‘үгүй’ гэсэн үг сонсох дургүй. Түүний үгийн санд ч байдаггүй” гэв. Арно бол өрсөлдөгчдөөсөө, худалдаж авахаар онилсон компаниудаасаа, тэр байтугай байгаль хамгаалагчдаас ч “үгүй” гэсэн үг хүлээж авдаггүй хүн юм. Үргэлжлэл бий...