A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1377/

Халуун, дулаан гэр бүлээс улсын хөгжил эхэлдэг

​Гэр бүл, сэтгэлзүйн зөвлөгөө өглөө​

Халуун, дулаан гэр бүлээс улсын хөгжил эхэлдэг
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1377/


Гэр бүлийн орчинд халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэхэд олон нийтийг уриалах зорилготой “Халуун дулаан гэр бүл” өдөрлөг энэ сарын 27-нд буюу өнгөрсөн бямба гарагт “Дүнжингарав” худалдааны төвд боллоо. Тус өдөрлөгийг “Засгийн газрын мэдээ сонин” ХМХ, НҮБ-ын хүн амын сантай хамтран “Жендерт суурилсан хүчирхийлэл” төслийн хүрээнд зохион байгуулсан юм. Өдөрлөгт гэр бүл судлаач, шинжлэх ухааны доктор, профессор Т.Намжил, Монгол улсын гавъяат багш, доктор Ц.Түвшинтөгс болон олны танил гэр бүл ирж олон нийтэд зориулан илтгэл тавилаа. Судлаач Ц.Түвшинтөгс “Монгол улс 800 гаруй мянган “вант улс”-тай. Энэ “вант улс”ууд хөгжихгүй, дэвжихгүй бол улс орны, нийгмийн хөгжлийн талаар яриад ч хэрэггүй. Гэр бүл дотроо байнгын хэрүүл, зөрчилтэй бол ажлын бүтээмж нь муудна. Хүүхэд, багачууд нь зөв хүмүүжил, зөв үлгэр дууриал авч чадахгүй. Тиймээс эх орноо хөгжүүлнэ гэж ярихаасаа өмнө гэр бүлээ хэрхэн хайрлан, хамгаалж байгаа вэ, гэр бүлийнхэн минь хэрхэн өсөж, дэвжиж чадаж байгаа вэ гэдэгт анхаараарай” хэмээн зөвлөлөө. “Халуун дулаан гэр бүл” өдөрлөгийн хүндэт зочин нь Монгол улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар байв. Ханилаад 50 гаруй жилийг элээсэн хосууд гэр бүлийнхээ нандин түүхээ хуваалцлаа.

Тэднээс өдөрлөгт оролцсон хосууд гэр бүлээ амар тайван, аз жаргалтай байлгахын тулд юуг чухалчлах ёстой талаар сонирхсон юм. П.Цэрэндагва гуай “Элэг бүтэн байна гэдэг гэр бүлийн хамгийн чухал үнэ цэнэ. Нэгэнт насны ханиа гэж сонгосон л юм бол итгэл, тэвчээр, хүндлэл гурвыг умартаж болохгүй. Гэр бүлийн харилцаанд сэв суулгадаг зүйл бол бие биетэйгээ барьцах. Нэг нь нөгөөгийнхөө алдаа, дутагдлыг нөхсөн амьдрал дээшлэхээс биш, барьцаж, хардсан амьдрал олон жилийн насгүй болдог. Монгол эрчүүд архинаас болж амьдралд хөл алдах нь их байдаг. Үүнээс л хол байгаарай” гэлээ. Харин Д.Мэндбаяр гуай “Бид хоёр олны танил л болохоос биш бүх л хосуудын адил сайнтай, муутай амьдралыг туулж энд хүрсэн. Эрэгтэй, эмэгтэй хүний төрөлхийн чанар өөр. Хань ижил чинь чамд нэг л дутуу, санаанд чинь хүрэхгүй байх үе бий. Гэхдээ хань ижлээ яг тухайн цаг үеэр нь битгий хэмжээрэй” хэмээн залууст захилаа. “Халуун дулаан гэр бүл” өдөрлөгт Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн сэтгэл зүйч, хүүхэд хамгааллын ажилтнууд болон тус дүүргийн 26 дугаар хорооны хамтарсан багийн гишүүд ирж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм. Баянзүрх дүүргийн ГБХЗХХ-ийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн Ц.Агиймаа “Иргэд ихэнхдээ цахим тоглоомд донтсон хүүхдээ хэрхэн хэвийн байдалд оруулах талаар зөвлөгөө, мэдээлэл авч байна.

Энэ бол цахим донтолт ямар их байгааг харуулж байгаа хэрэг. Эцэг, эх нь ихэнхдээ архины хамааралтай, хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж байгаа учраас аргаа барсан эмээ, өвөө нар нь л бидэнд хандаж байна” гэв. Тус дүүргийн хүүхэд хамгаалах байранд долоо хоногт 7-10 хүүхэд ирдэг бөгөөд ихэнх нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байдаг аж. Түүнчлэн өдөрлөгт оролцсон цөөнгүй иргэн сэтгэл зүйчдээс гэр бүлийн харилцаагаа хэрхэн сайжруулах, үл ойлголцлоо арилгахын тулд хэрхэх талаар зөвлөгөө авсан юм. Манай улсад сүүлийн 17 жилд гэр бүл салалт дөрөв дахин нэмэгдсэн. Үүнийг гэр бүлийн хүчирхийлэл, санхүүгийн бэрхшээл, гэр бүлийн боловсрол хангалтгүй байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Гэр бүлээ цуцлуулагсдын 96 хувь нь хүүхэдтэй байгаа нь гэр бүл салалт цаанаа хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчлийг дагуулсаар байгаа юм. Тиймд жендэрийн тэгш байдлыг хангах, хүүхэд хамгааллыг сайжруулах, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, сэтгэл зүйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатай байгаа юм. Үүнд 200 гаруй хүнд мэдээлэл, зөвлөгөө хүргэсэн “Халуун дулаан гэр бүл” өдөрлөг шиг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа тогтмол явуулах нь ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцоллоо.


ЗГМ: ЗОЧИН

Т.Намжил: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрс тэс ялгааг нарийн мэдэрч харилцах хэрэгтэй

Айлын ганц хүүхдэд хөгжүүлэх, түлхэц өгөх нөлөө ямагт дутагддаг

“Халуун дулаан гэр бүл” өдөрлөгийн дараа гэр бүл судлаач, шинжлэх ухааны доктор, профессор Т.Намжилтай цөөн хором ярилцлаа. Гэр бүлүүдийн нөхцөл байдал улам олон талтай, ээдрээтэй болж байгаа бөгөөд энэ бүхэн хүүхдэд хэрхэн нөлөөлөхийг судалж, зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг тэрбээр онцолсон юм.

-Олон залуу гэр бүлийн хувьд ажил амьдралынхаа төлөө зүтгэхдээ хүүхдээ эмээ, өвөөд нь даатгадаг. Үүний улмаас яваандаа хүүхэдтэйгээ ойлголцохгүй болж, эмээ өвөөтэй нь ч бас зөрчилддөг талаар арга хэмжээнд оролцогчид ярьж байна. Энэ тохиолдолд яаж зохицож, хэн нь түрүүлж буулт хийх нь зөв бэ?

-Хүүхэд хэвлийд анх бүрэлдсэнээс төрөх хүртлээ байсан орчныхоо мэдээллийг авч төрдөг. Зөвхөн эцэг, эх, ах, эгч нар гэлтгүй өвөө, эмээ гээд гэр бүлийн бусад гишүүд хамт амьдардаг бол бүгд шинэ хүндээ зөв орчин бүрдүүлэхэд анхаарч, хичээх ёстой. Гэтэл одоо бол хүүхэд хэвлийд байхад эцэг, эх нь анхаарч, бусад нь үл тоосноос төрсөн хойно нь “хэнийгээ дуурайсан золиг вэ” гэх мэтээр “гайхдаг”. Үнэн хэрэгтээ “гайхаад” байгаа араншингаа өөрсдөө бий болгосноо мэдэхгүй байна. Хүүхэд эхийнхээ хэвлийд маш мэдрэмтгий байдаг, тэнд мэдэрснээ дараа нь ухаан орсон хойноо илэрхийлдгийг сэтгэл судлаачид нотолсон. Тухайлбал, АНУ, Японы эрдэмтдийн хийсэн судалгаагаар жирэмсэн таван сартай эх автомашины осолд орохоо шахсаныг нь хүүхэд нь дөрвөн настай байхдаа санаж, ээждээ хэлсэн байгаа юм. Нөгөөтэйгүүр, хүйн холбоотой тул хэвлийд байгаа хүүхдийн хүмүүжилд ээж маш чухал. Бас ах, эгчтэй бол дүү рүү нь хандуулж, орчныг нь бүрдүүлэх нь зөв. Эцэг, эх гэрт байхгүй байхдаа ч хүүхдийг хүмүүжүүлдэг. хүүхэд аав ингэдэг, ээж үргэлж тэгдэг гэж аливаад ханддаг. Тиймээс ялангуяа аавууд хэл яриа, үйл хөдлөлдөө анхаарах хэрэгтэй.

-Хадам болоод хүргэн, бэрийн харилцаанд хэн нь илүү үүрэгтэй оролцдог юм бэ?

-Хадмуудтайгаа ойлголцохгүй байхад бэрүүдийн санаачилга муутай, амьдралд бэлтгэгдээгүй нь нөлөөлдөг л байх. Гэхдээ үүнээс болж бэрүүдээ муучлах, дорд үзэх хэрэггүй. Харин зааж сургах нь чухал юм. Хадам сайтын бэр бардам гэж сайхан үг бий. Нэг шинэ бэр анхныхаа хүүхдийг төрүүлээд хадамтайгаа цуг байдаг байж. Нөхөр нь геологич учир хөдөө олон сараар явахдаа нялх биетэй эхнэрээ ээждээ даатгаад үлдээсэн нь тэр. Гэтэл залуу хосыг ханилах явцад гуравдагч этгээд эхнэр рүү нь байнга мессэж бичдэг болсныг хадам ээж нь мэдчихэж. Нэг өдөр хадам ээж өрөөнд нь “За дүү минь ингэвэл өөрөөр ярина шүү. Сая төрсөн хүүхдийн цусыг нь хөөргөв” гэж утсаар ярихыг бэр сонсоод дотор нь пал хийв. “Намайг өөр хүнтэй холбоотой гэж бодох байх, яанаа” гээд л өрөөндөө ортол хадам ээж өөдөөс нь “Миний охин иймэрхүү зүйл амьдралд байдаг юм. Ээж нь утасных нь дугаарыг солиод өгөх үү” гээд зогсож байсан гэдэг. Түүнээс хойш бэр, хадам хоёр төрсөн эх, охин хоёр шиг дотно болсон гэдэг. Үүнээс гадна бэр яаж ч хичээгээд үргэлж гоочилж зэмлэдэг, эсвэл байнга юу ч хамаагүй нэхдэг хадмууд бий. Өөр бас нэг анхаарах зүйл бол хүргэн, хадам аавын харилцаа бас их хөндий байна. ийм олон шалтгаан гэр бүлийн уур амьсгалыг эвдэж байна.

-Уламжлалт монгол эрэгтэй гэсэн дүр төрх өөрчлөгдөх шаардлага тулгараад байгааг судлаачид хэлдэг. Тухайлбал, хосууд хоорондоо илүү их ярилцаж ойголцох, эрэгтэйчүүд маань өөрсдийгөө нээх шаардлага тулгарч байна гэдэг. Та ямар байр суурьтай байна вэ?

-Юуны өмнө тухайн хүн нээлттэй харилцаатай болоход төрөлхийн зан араншин, ямар удам угсаатай нь чухал. Үүнийг хань ижил нь мэдэх ёстой. Нөгөөтэйгүүр, монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүс хорвоод эсрэг, тэсрэг заяагдсан юм шүү дээ. Эрэгтэйчүүд дуу цөөтэй, дотогшоо, эмэгтэй нь мэдрэмж өндөртэй, бусадтай ярилцаж, харилцаж байж сэтгэл нь онгойдог. Монгол эрчүүдийн нэг өдрийн ярианы хязгаар бол 700-800 үг, эмэгтэйчүүдийнх нь 7-8 мянган үг. Гэтэл солонгосууд өдөрт 20 гаруй мянган үг ярьдаг. Тиймээс энэ ялгааг л хосууд нарийн мэдэрч харьцах хэрэгтэй. Гэр бүл харилцан захирах, захирагдах ёсонд л суурилдаг. Сүүлийн үед хожуу гэрлэж байгаа эмэгтэйчүүдээс хүнд захирагдах дургүй байдал ажиглагдаж байна. Энэ нь ч аргагүй. Ханийн харилцаа гэдгийг тэдэнд хэн ч заагаагүй, энэ талаар мэдэхгүй шүү дээ. Тиймээс хожуу гэрлэлтэд бас өвөрмөц шинж тэмдгүүд ажиглагдаж байна. 700-800 үг, эмэгтэйчүүдийнх нь 7-8 мянган үг. Гэтэл солонгосууд өдөрт 20 гаруй мянган үг ярьдаг. Тиймээс энэ ялгааг л хосууд нарийн мэдэрч харьцах хэрэгтэй. Гэр бүл харилцан захирах, захирагдах ёсонд л суурилдаг. Сүүлийн үед хожуу гэрлэж байгаа эмэгтэйчүүдээс хүнд захирагдах дургүй байдал ажиглагдаж байна. Энэ нь ч аргагүй. Ханийн харилцаа гэдгийг тэдэнд хэн ч заагаагүй, энэ талаар мэдэхгүй шүү дээ. Тиймээс хожуу гэрлэлтэд бас өвөрмөц шинж тэмдгүүд ажиглагдаж байна.

-Ер нь монгол гэр бүлүүдийн цаашдын чиг хандлага ямар байгаа бол?

-Гэр бүлд ирээдүй байна уу гэх асуултад олон улсын судлаачид хариулт эрж байна. Бид ч гэсэн судалж, судалгаа, мэдээлэл байнга авч, анхааралтай ажигладаг. Монголын хувьд ирэх 15 жилд уламжлалт буюу хосын, хамтран амьдардаг, ганцаардмал гэр бүлүүд байна гэсэн урьдчилсан судалгаа гарсан. Цаашид уламжлалт гэр бүлээ баримталж явахгүй бол монгол гэсэн онцлогоо алдах вий гэж эмээж байна.

-Гэр бүлүүдийн хүүхдийн тоо харилцан адилгүй өөрчлөгдөж байна. Нэг хэсэг нь олон, нөгөө хэсэг нь цөөхөн хүүхэдтэй байна. Ер нь хүн амаа өсгөх бодлоготой уялдуулбал монгол гэр бүлүүд дунджаар хэдэн хүүхэдтэй байвал зохистой вэ?

-Хүннү, Чингис хаан, Манжийн үед бол 3-4 хүүхэдтэй л байсан шүү дээ. Нүүдэлчид дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдгээр ах, эгч нар дүүгээ аваад л явдаг байсан. Одоо бол энэ байдал их өөрчлөгдөж байна. Ганц хүүхэдтэй айл бол тэр хүүхдийг хөгжүүлэх, түлхэц өгөх хүчин зүйл ямагт дутагддаг гэж ойлгож, анхаараарай.

-Төрөлт хоорондын зайг тухайн гэр бүл өөрсдөө сонгох нь зөв гэсэн хандлага нэмэгдэж байна л даа. Энэ зөв үү. Эсвэл зохистой харьцаа байх ёстой юу?

-Хүүхдийн нас, бие, сэтгэл зүйн хоорондын холбоос их нарийн. Зургаан насны зөрүү бол хүүхдүүдийн алхаж гишгэх, тоглох арга барилын хооронд маш их ялгаа бий болгодог. Тиймээс 3-4 жилийн зайтай хүүхэд төрүүлдэг уламжлалтай. Хоорондын зайг нь үүнээс багасгаад хэрэггүй, эх хүн биеэ гамнах хэрэгтэй шүү дээ. Одоо үед бол 3-4 хүүхэд л хамгийн боломжийн, насны эцэст нэг нь л хөл хучна хэмээн монголчууд ярьдаг нь үнэн байх. Мэдээж амьдрал ахуйгаа сайн тооцоод олон хүүхэдтэй болж байгаа гэр бүл олон байна.

-Гэр бүлийг дэмжих бодлогыг та хэрхэн хардаг вэ?

-2003 онд гэр бүлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж гаргасан. Гэхдээ хэрэгжүүлэх санхүүгийн тооцоогүй, эх үүсвэргүй баталсан. Гэтэл одоо гэр бүлийн хуулийн талаар хэлэлцэнэ гээд яриад байгааг нь би ойлгохгүй байгаа. Үнэхээр хуулиа шинэчлэх гэж байгаа бол ойрын 15 жилд хүн амын бодлоготой уялдуулаад гэр бүлийн талаар бодлогоо ч шинэчлэх шаардлагатай. Хоёрдугаарт, гэр бүлийг дэмжих хуулийг хэрэгжүүлэх эдийн засгийн тооцоог гаргаж, батлах шаардагатай. Ийм гурван зүйлийг тодорхой болгож байж гэр бүлийг дэмжих төрийн бодлого хөрсөндөө бууна. Швед зэрэг гэр бүлээ сайн авч яваа орнууд бол ДНБ-ийхээ таван хувийг гэр бүлд зарцуулж байна. Хөдөлмөрийн болон бусад хуулиар дамжуулж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг гэр бүлийн харилцаанд ижил тэнцүү оролцуулах бодлого хэрэгжүүлдэг. Гэтэл Монголд гэр бүлийг дэмжих бодлого нь сонгуультай холбоотой юм уу гэмээр сар бүр хүүхдэд 20 мянган төгрөг өгнө гэх зэргээр тэтгэвэр тэтгэмж болж хувирсан.

-Хотжилт, шашин соёл, техник технологи, нийгмийн өөрчлөлт гэх мэт гаднын олон хүчин зүйл гэр бүлд нөлөөлж байна. Үүнд дасан зохицох чадвар монгол гэр бүлд хэр зэрэг байна вэ?

-Хүн амын 70 гаруй хувьд хот суурин газарт суурьшиж байна. Цаашдаа ч энэ тоо нэмэгдэхийн хэрээр хөдөөд эзгүйрч, монгол уламжлалыг хадгалсан гэр бүлүүд цөөрнө. Хот, хөдөөгийн завсрын амьдрал үүсч байна. Мөн нэг гэр бүлд гэхэд 2-3 нам, шашныг дэмжигч, эдийн засаг боловсролын хувьд ялгаатай гэр бүлүүд бий болчихлоо. Тиймээс энэ бүхнийг нарийн харгалзан үзэж, тухай бүрт таарсан ялгавартай бодлого явуулахгүйгээр гэр бүлийг дэмжих бодлого үр дүнд хүрэхгүй. Түүнээс хувь хүний шашин шүтэх, сонгох эрхэнд халдахдаа бус хамгийн гол нь монгол хүүхэд, гэр бүлийн төлөө нэгдмэл үзэл санаагаар хандах цаг болсон. Үүн дээр улс төр, шашин, соёлуудын эрх ашиг нэгдэх ёстой. Энэ бол их нарийн асуудал тул судлаачид судалж, гарцыг нь бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хэлж өгөх ёстой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Архины үйлдвэрүүдийн түүхий эд, спиртийг ариутгалын бодис болгоно

 0 сэтгэгдэл

Халдваргүйтгэл хийх ариутгалын бодисны тасалдал үүсээд байгаа нөхцөлд спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг архи биш ариутгалын бодист ашиглах тухай шийдвэрийг өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар гаргажээ. Ингэснээр ариутгалын бодисын импортын тасалдлыг нөхөх юм байна.  Мөн БНСУ-аас эмч, мэргэжилтнүүдийн хамгаалалтын хувцсыг авахаар төлөвлөж байгаа юм. 

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Италид Covid-19-ийн халдвараар 12 хүн нас барлаа

 0 сэтгэгдэл

Covid-19-ийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 81 мянга давж энэ вирусээр нас барагсдын тоо 2,700 гараад байгаа юм. Хамгийн анх энэ өвчин гарсан газар буюу БНХАУ тэр дундаа халдварын голомт Ухань хотод вирусийн тархалт нэмэгдэх нь илт багасаж, уг вирусийн халдварыг тогтоон барьж хяналтдаа авсанд албан бусаар тооцогдоод байгаа бол БНСУ, Иран, Италид халдвар авагсдын тоо эрс нэмэгдэж аюулын харанга дэлдлээ. 

Итали улсад маш хурдацтай буюу нэг шөнийн дотор 147-оор нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн тоо нийтдээ 470 болоод байгаа бол одоогийн байдлаар БНСУ-тай адил 12 хүн нас бараад байна. Тус улсын хойд хэсэгт байрлах тархалтын голомт болоод буй 11 тосгоныг хөл хорионд оруулж, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон бөгөөд сургууль цэцэрлэг, кино театруудыг хаажээ. Сүүлийн хоёр хоногт Бразил, Австри, Хорват, Грек, Норвеги, Швейцарь, Гүрж, Умард Македон улсад Covid-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Эдгээр халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Италид очоод эх орондоо эргэж ирсэн хүмүүс байжээ. Тухайлбал, Латин Америкт илрээд байгаа анхны өвчтөн Италид бизнес уулзалтад оролцсон байжээ. 

Үүнтэй холбоотойгоор Италийн бүлэглэл өчигдөр Хятад эзэнтэй үсчний газар луу халдсан байна. Тэд эх оронд нь Covid-19-ийн халдвар тархсанд тэднийг буруутай гэж үзжээ. 

Эх сурвалж: www.worldometers.info

www.reddit.com

A

Жижиг

A

Дунд

A

Том

БНСУ-тай хийх бүх нислэгийг зогсоолоо

 0 сэтгэгдэл

Улсын Онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууссан бөгөөд шийдвэрлэсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийж байна. Хуралдаанаар БНСУ-ын Бусан, Инчеон хотууд руу хийх бүх нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр маргааш буюу хоёрдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Дамжин өнгөрч байгаа буюу транзит зорчигчдын хувьд зөвхөн Инчеоны нисэх буудлаас авах зохицуулалтыг хийжээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийтдээ 18 нислэг байна. Бусанаас 4 удаагийн нислэг байгаа бөгөөд 367 зорчигч тийзээ захиалжээ. Нийтдээ 3668 хүн тийзээ авсан бол 2504 хүн явах захиалга өгсөн. Эдгээр тийзүүд үнэгүй буцаагдана. Мөн бид авиа компаниудад хорио тавигдсан үед одоо авсан тийзээр зорчих бололцоо, боломжийг хангаж өгөх чиглэлийг өгч байгаа. Солонгосын чиглэлд зургаан авиа компани нислэгээ цуцалсан. Мөн авиа компаниудад тархалтыг газар авахуулахгүйн тулд агаарын хөлөгт халуунтай хүмүүсийг суулгахгүй байх, шалгалтыг нарийн явуулах, халдварын бүсээс ирсэн хүн суулгахгүй байхыг онцгой анхаарах чиглэл өгсөн байгаа” гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Иран, БНСУ, Итали болон бусад орнуудад шинэ коронавирусийн халдвар ноцтой болж байгаатай холбогдуулан энэ тархалт дэлхийн цар тахлын түвшинд хүрэх вий гэдэг болгоомжлол байгааг ДЭМБ-аас мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад Замын-Үүдэд 104, Дорнодод 5, ХӨСҮТ-д 9, нийт 134 тохиолдлыг тусгаарлаад байна. Энэхүү халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн чухал алхам бол хөдөлгөөний хязгаарлалт хийх юм. Тиймээс УОК-оос дээрх шийдвэрийг гаргасан. БНСУ-ын ерөнхийлөгч шинэ коронавирусийн халдварын үед бүх иргэдийн төлбөрийг дааж, оношилж эмчлэх тухай сайхан мэдээг дуулгасан. Гэхдээ ГХЯ, ЭМЯ Монгол улсынхаа иргэдэд онцгойлон анхаарал хандуулах чиглэлд  хамтран ажиллаж байгаа. Шинэ коронавирусийн халдвар 29 улсад илэрч, 79 мянган хүн халдвар аваад байна” гэлээ. ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар “Солонгосын талтай байнгын харилцан холбоотой ажиллаж байгаа. Манай улсын иргэд коронавирустэй холбоотой асуудлаар эмнэлэгт үзүүлэх тохиолдолд ямар нэгэн төлбөр тооцоо шаардахгүй гэсэн мэдээллийг өгсөн. Бид үл ойлголцол үүсгэхгүй байх тал дээр ажиллаж байна. Дэгүд байсан, зорчсон, ирж байгаа иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байх шийдвэрийг гаргасан” гэлээ.

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сар шинийн өдрүүдэд гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг ОНЦГОЙЛОН ХҮСЛЭЭ

 0 сэтгэгдэл

  • БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллага төдийгүй холбогдох байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт тохиох сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Хэдийгээр манай улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч нийгмийн эрүүл мэндийн байдлын үнэлгээг таван удаа хийсний эцэст коронавирус манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэл өндөр байна гэж гараад буй. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Сар шинийн баярын өдрүүдэд эрсдэл өндөр нөхцөл байдалд байна. Монголчуудын ихэвчлэн зорчдог, олон хүн оршин суудаг Япон, БНСУ зэрэг азийн орнуудад халдвар эрчтэй тархаж, 24 цагийн дотор зуу, зуугаараа нэмэгдэж байна. БНСУ-ын дөрвөн муж, зургаан хотод халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Дэгү хотын иргэн сүмд залбирал үйлдэж, эмнэлэгт хандсанаас болж ийнхүү халдварын тохиолдол нэмэгдээд байгаа юм. Нэг хүнээс маш олон хүнд халдвар тархаж болдог гэдгийг энэ үйл явдал харуулж байгаа бөгөөд манай эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэг хүн халдвар авахад цаашид таван хүнд нэг дор тарааж, тэр таван хүн нь таван мөчлөгийн хугацаа буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэсэн судалгааг хийсэн. Олон улсад өгч байгаа зөвлөмжид хүн амын бөөгнөрлийг үүсгэхгүй байх, өвчлөлийн сэжигтэй хүн олон нийтийн газар, эмнэлгээр явахгүй, гэр гэртээ байхыг зөвлөж байна. Тиймээс иргэд онцгой анхааралтай байж, гэр гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон хүсэж байна” гэсэн юм. БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна гэдгийг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна.

Эх сурвалж: www.gogo.mn