A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1804/

Ханиад нас баралтын тав дахь шалтгаан болж байна

Вирусийн эмчилгээг өнөөдрийг хүртэл олоогүй

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1804/


УНТЭ-ийн Уушгины эмгэг судлалын тасгийн эмч, клиникийн профессор Ц.Батцэнгэлтэй томуугийн А хүрээний вирусын талаар ярилцлаа. Тэрбээр H1N1 вирус нь халдварлах чавдар сайтай учир маш богино хугацаанд олон хүнийг хамардаг. Тиймээс вирусын халдвар авсан тохиолдолд 10 хүний ес нь өвчилдөг хэмээн онцлов.

-Он гарснаас хойш томуугийн А хүрээний вирусийн өвчлөл нэмэгдэх болсон тухай ЭМЯ-наас мэдээлсэн. Энэ нь 2009 оноос хойш гурван жилийн хугацаанд 30 хүний амь насыг авч одсон гахайн ханиад шүү дээ. Гэтэл яагаад улирлын томуу гэж энгийн ханиад мэт яриад байгаа юм бэ?

-2009 онд А хүрээний H1N1 вирус нь дэлхийд цар тахлын хэмжээнд хүрсэн. Анх мексик улсад гарсан. Тус улсад гахайн фермээс анх хүнд дамжиж тархсан гэж үздэг. Дараа нь хүнээс хүнд дамжих замаар нийт 200 гаруй оронд тархсанаар цар тахлын хэмжээнд хүрсэн. Тухайн үед H1N1 вирус нь генийн бүтцийн хувьд гахай, шувуу болон хүний томуугийн генийн аль алийнх нь шинж тэмдгийг агуулсан эрлийз хэлбэрийн вирус байсан. Одоогийн А хүрээний H1N1 вирус нь хүний томуугийн вирус болж хувирсан. Уг нь амьсгалын замын вирус шувууны томуу шувуундаа, хүний томуу хүндээ, гахайны томуу гахайндаа халдварладаг байсан. Гэтэл гахайны томуугийн вирус хүний популяци руу орж, эрлийз хэлбэрийн вирус үүсэхээр хүний дархлааны тогтолцоо нөгөө вирусыг хүлээн авах чадвар байхгүй. Дархлаа бэлэн биш учраас илүү хоруу чанартай, хурдан тархалттай, халдвар ихтэй вирус болчихож байгаа юм. Энэ вирус 99 хувийн халдвартай гэж үздэг. Хүнээс хүнд агаар дуслын замаар дамжиж халддаг учир маш богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлдэг. Тиймээс дэлхийн түүхэнд олон төрлийн цар тахлууд А хүрээний вирусээр халдсан байдаг. Агаар дуслаар дамжиж халдахаар амьсгалын замаас гадна бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Энэхүү вирус эхлээд хүний бие рүү нэвтрээд цус руу ордог. Эхний нууц хугацаа дунджаар 1-2 хоног байдаг.

Нэг вирус дунджаар 7-14 хоног хүний биед амьдардаг

-Одоогоор ЕБС, их сургуулиуд амарсан байгаа. Харин цэцэрлэгүүд хүүхдүүдээ хэвийн хүлээж авч байгаа боловч ханиад болон утаанаас шалтгаалан ирц 50-иас доош хувьтай байна. Ийм үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Энэхүү вирусийн халдвар авсан тохиолдолд 10 хүний ес нь өвчилнө гэсэн үг. Бүх насны хүн өвчилдөг. Гэхдээ бага насны хүүхдийн дархлаа сул байдаг учраас илүү өвддөг. Өвчилсөн тохиолдолд удаан хугацаанд эдгэхгүй байх, хатгаагаар хүндрэх, тэр тусмаа нас барах тохиолдол бага насны хүүхдэд илүү тохиолддог. Сургууль, цэцэрлэгт халдвар авах нөхцөл ихтэй. Тиймээс хүүхдээ бүрэн эдгэтэл нь гэртээ байлгах хэрэгтэй. Ханиадтай хүүхэд эрүүл хүүхдийн дунд ороод халдвар тараадаг. Нэг вирусийн халдварт өртсөн, дархлаа суларсан үед өөр шинэ хэлбэрийн вируст өртөхөд амархан байдаг учир ханиаднаас салдаггүй. Амьсгалын замын ханиад үүсгэдэг нийт 200 гаруй төрлийн вирус байдаг. Нэг өвдсөн вирусээр дахиж өвддөггүй.

-Ханиад томуу, цаашлаад уушгины өвчлөл их байгаагийн гол шалтгаан нь агаарын бохирдол гэхэд нэг их буруудахгүй байх. Хүүхдээ аваад хөдөө, гадагшаа явсан эцэг, эхчүүд очоод л хүүхдийнх нь ханиад өргөс авсан юм шиг эдгэсэн тухай ярьж байна. Та санал нийлэх үү?

-Санал нийлэлгүй яахав. Эрүүл агаар туйлын чухал. Утаагүй, хүчилтөрөгчөөр баяжсан агаараар амьсгалах эрхтэй. Тиймээс төр засгийн зүгээс яаралтай арга хэмжээ авч өгөхийг мэргэжилтний хувиар хүсэж байна.

-Нийслэлчүүдийн уушгины өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Шалтгаан нь юу гэж харж байна?

-Ханиад, томуу хүндэрч хатгаа болох нь их байна. Мөн агаарын бохирдол амьсгалын эрхтэн тогтолцооны хамгаалалтыг алдагдуулснаас болж мөн л уушгины хатгалгаа болдог. Агаарын бохирдол уушгинд яагаад муу вэ гэвэл, эрүүл хүний бие махбод тодорхой зөвшөөрөгдөх хэмжээний тоос тортог, утаа, бактери болон вирусийг шүүж, цэвэрлэх тогтолцоотой. Зөвшөөрөгдөх хэмжээнээс маш их хэмжээний утаа уушгинд ороод ирэхээр тэр хамгаалалт алдагддаг. Хамгаалалтгүй болсон тогтолцоонд ямар ч бактери, мөөгөнцөр үржээд ханиад томуу тусах, хатгаа болох, уушгины өвчлөл үүсэх нөхцөл бий болдог.

-Одоо дэгдээд буй вирусээр өвчилсөн тохиолдолд ямар эмчилгээ шаардлагатай вэ?

-А хүрээний вирусийн эсрэг римантадин, тамифлю гэсэн хоёр янзын эмийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санал болгосон. Энэ эм нь нэг эсээс нөгөө эс рүү дамжих замыг хаадаг болохоор 24-48 цаг дотор үр дүн үзүүлэх нөлөөтэй. Харин вирус цус руу ороод тархсан тохиолдолд үр дүн багатай. Олон төрлийн вирус байгаа болохоор бусад төрлийн вируст үйлчлэх эм байхгүй. Цочмог хатгаатай хүмүүс вирусийн эсрэг бэлдмэл, хажуугаар нь халдвар, вирус, бактери болон үрэвслийн эсрэг, хордлого тайлах гэх мэт эмчилгээнүүдийг цогцоор нь хийж байна.

• Одоогийн А хүрээний H1N1 вирус нь хүний томуугийн вирус болж хувирсан. 

• Олон төрлийн вирус байгаа болохоор бусад төрлийн вируст үйлчлэх эм байхгүй. 

• Амьсгалын замын өвчлөл халдварын бус өвчлөлийн нэгдүгээрт, нас баралтын шалтгаанаар дөрөвдүгээр байрт бий.

-Ханиад нь хатгаа болсон хүүхдүүд эмнэлгээр дүүрэн байна. 5-10 хоног эмнэлэгт хэвтээд гардаг боловч буцаад ирдэг гэж эмч нар ярьдаг. Үүний шалтгаан нь юу юм бол. Эцэг, эхчүүд эмчилгээ дутуу хийдэг гэж байсан?

-Нэг вирус дунджаар 7-14 хоног хүний биед амьдардаг. Дархлаа сул, уушгины үйл ажиллагаа сэргээгүй байгаа үед шинээр халдвар авч болно. Хүүхдээ сайн эдгээгүй байхад нь цэцэрлэг, сургуульд явуулахаар өөр хэлбэрийн вирусийн халдвар аваад хатгаа болж хүндрээд байгаа юм.

-H1N1 вирус хоруу чанар ихтэй гэсэн. Хүний биед ямар муу нөлөөтэй вэ. Анх манай улсад гарч байсан шигээ хүний амь насанд хүрэх эрсдэл бий юу?

-Хүний амь насанд хүрэх эрсдэлтэй. Одоогоор судалсан тоо баримт байхгүй. Гэхдээ хатгаагаар хүндрээд нас барах тохиолдлууд зөндөө байна. ЭМЯ-наас хатгаагаар нас барсан хүмүүсийн тоог гаргадаг. Амьсгалын замын өвчлөл халдварын бус өвчлөлийн нэгдүгээрт, нас баралтын шалтгаанаар тавдугаар байрт ордог. Эрсдэлт хүчин зүйл их учраас жил бүр нас барах тохиолдол нэмэгдэж байгаа.

-H1N1 вирус манай улсад дэгдэж эхэлснээс хойш 10 жил боллоо. Энэ хугацаанд жил бүр гарч байсан гэсэн үг үү. Хэрэв тийм бол дэгдэлтээс урьдчилан сэргийлэх хангалттай хугацаа юм биш үү?

-Жил бүр томуугийн үндэсний төвийн цахим хуудсанд томуугийн дэгдэлтийн судалгааны сорьцын шинжилгээний төлөв харагддаг. Гэхдээ жил бүр өөрчлөгддөг учраас вирусийг эмчлэх түвэгтэй. Вирусийн эмчилгээ өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа.

-Урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Вакцин хийлгэх шаардлагатай. Хоёроос бага настай хүүхэд, 65-аас дээш настай, архаг суурь өвчтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэх нь зүйтэй. H1N1 вирус дотроо маш олон төрөл. Жил бүр өөрчлөгдөж байдаг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөрсний бохирдол, халдварт өвчний улирал эхэллээ

Ниргэсэн хойно нь хашгирч, нэрмээс болохын оронд урьдчилан харж, таслан сэргийлдэг болъё

 0 сэтгэгдэл


Өвлийн цагт утааг зүхэж, салхи мөрөөсөн хавартай золгомогцоо бид салхийг үзэн ядах болов. Уушиг утаанаас хагацах цаг дор бохир хөрс салхиар дамжин, уушигт нэвчих тул салхийг үзэн ядахад хүрнэ. Ялангуяа гэр хорооллын үнс, бохирдсон хөрс утааны дараа хараалын үгтэй уушгинд залардаг учраас зүхэж эхэлнэ. Нийслэлийн хөрсний бохирдол өвчний эх үүсвэр болж байгааг БОАЖЯ, нийслэлийн удирдлага мэддэг хэрнээ нэг хэсэгтээ пүү, паа болж байгаад зунтай золгуут мартчихдаг.

Өнгөрсөн жилийн хавар ЭМЯ-наас хөрсний бохирдлоор дамжин үүсдэг өвчний талаар тодорхой танилцуулж, дээр дооргүй шуугисан ч, хаврын тэнгэрийн “ааш” намдмагц санаа алдаж аваад таг мартсан байна. Эргэн сануулахад, өнгөрсөн хавар хөрсний бохирдол шар, цусан суулга өвчний гол шалтгаан болдгийг тогтоож, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэдэсний халдварт цусан суулга, халдварт шар, балнад, урвах тахал гэх мэт өвчин, гэдэсний шимэгч хялгасан хорхой, өргөн туузан хорхой, үхрийн болон гахайн туузан хорхой, хүний хүж хорхойн халдвараар нийт 1200 гаруй хүн өвчлөөд байв. Тэдний ихэнх нь 0-4 насны хүүхэд, өндөр настан байсан юм. Мөн хөрсний бохирдолд эзлэх хар тугалгын хэмжээ дөрөв дахин их байгаагаас хотод амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ орон нутгийнхтай харьцуулашгүй ихэссэнийг мэдээлж байлаа. Үүний нөгөө талд аюултай хог хаягдлын асуудал ч “чих халууцуулж” аюулын харанга дэлдсэн. Харамсалтай нь энэ тухай өнөөдөр бүгд мартаад амар сайхандаа жаргажээ.

Жил тойрон өнөөх сэдэв нь хав дарагдаж хэвтсэнийг гайт салхи ойрын өдрүүдэд уушгиар дамжуулж тархинд хангалттай сэрэмжлүүлэг болголоо. Гэр хорооллынхны өвөлжин жалга, зам дээр асгасан үнс салхиар дамжин нийслэл даяар тархдаг өдрүүд айсуй. Дээр нь булан, тохой бүрт сарьсан ялгадас, гудамжинд цацсан угаадас хөрсний шороогоор дамжин, нийслэлийнхний хамар аманд дураараа чихэж байна. Өнөө жил өвөлдөө хур тунадас бага орсныг ч хэлэх үү салхи хөдлөх төдийд л элдвийн үнэр танар, түмэн янзын бохир хөрс агаарт дэгдэх юм. Үүнээс шалтгаалж олон төрлийн өвчин дэгдэж болзошгүйг сэхээрч байгаа холбогдох яам алга. Сэрэмжлүүлэг ч болох нь ээ гаргачих сэтгэлгүй л сууна. утаа, утаа гэж уушгиа хөөтөл орилсон иргэд цэлмэг тэнгэр харж тайвшрах зуурт, хөрсний бохирдол уушги, хамарт “дайн зарлаж” эхэллээ. Энэ хаврын “дайн”-ыг хэрхэн хохирол багатай давах төлөвлөгөө боловсруулсан уу, гэж БОАЖЯ, ЭМЯ-наас асуувал бахь байдгаа л тоочих бололтой. Манай төрийн байгууллагынханд ниргэсэн хойно нь хашхирдаг ужиг өвчин байдаг. Асуудлыг урьтаж бус төгсгөлд нь л анхааруулдаг гажиг тогтоц ч уламжлал хэвээр. Өнгөрсөн жил бас л өвчин дэгдэж бага нь уйлж, том нь уурлаж эхэлмэгц “төрийн үйлчилгээ түмний төлөө” гэсэн уриатай байснаа санаж дээр, дооргүй гүйлдсэн юмдаг. Энэ жил бас л хавсаргат хаврын төгсгөлд, халуун зуны эхэнд хөрсний бохирдлын талаар ярих бололтой юм.

Нийслэлийн нийт хог хаягдлын 49.1 хувийг гэр хорооллоос гарч буй үнс эзэлдэг

Суурин газрын хөрсний бохирдлыг голлон бүрдүүлэгч нь гэр хорооллыхны хог, хаягдал үнс. Өвлийн улиралд нийслэлийн нийт хог хаягдлын 49.1 хувийг гэр хорооллоос гарч буй үнс эзэлдэг гэхээр ямар их хөрсний бохирдол үүсгэдэг нь ойлгомжтой. Үнсийг аюултай хог хаягдалд тооцдог болохоор даруй булж устгах аргыг дэлхий нийт мөрдөж байна. Харин манайд гэр хорооллынхон халтиргаанаас хамгаалах хэрэгсэл болгон ашиглаж байгааг юу гэж  ойлгох вэ. Цаг зуурын бэрхшээлээ шийдэхийн тулд насан туршийн өвчин авдаг балай зуршлаасаа хэзээ салах вэ. Хөрсний бохирдлоор дамжин амьсгалын замын сүрьеэ, харшлын гаралтай багтраа, бронхит гэсэн насан туршийн өвчин хүний биед нэвтэрч байна. Үнсэнд цацраг идэвхт бодис их хэмжээгээр агуулагддаг учраас гэр хорооллын үнсийг дахин ашиглахыг хориглодог. Судалгаагаар удаан задардаг органик бодис буюу үнс, хуванцар хаягдал нь хүний биед орж, био хуримтлал үүсгэн улмаар дотоод шүүрэл, дархлаа, дээд мэдрэл, нөхөн үржихүйн системд нөлөөлөн, хорт хавдар, чихрийн шижин, үргүйдэл, дархлааны хомсдол, дотоод шүүрлийн системийн хямрал, арьсны өвчлөл, мэдрэлийн согог зэрэг өвчний угшил болдог байна. Үүнээс гадна хэвлий дэх урагт нөлөөлж, эхийн сүүгээр дамжин үр удмыг ч хордуулдаг ажээ. Гэтэл бид өргөнөөр ашигладаг болсоор удаж байна. Өвлийн синдром хаврын “проблем” болдог энэ байдлыг халах талаар холбогдох яамд ямар арга хэмжээ авч байгааг ойлгосонгүй. Өвлийн цагт байгаль орчин, хүний эрүүл мэндэд “халдлага” хийж буй гэр хорооллынхныг соён гэгээрүүлэхэд ямар ажил хийсэн бэ, аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах үйлдвэр барих ажил ямар шатанд байна вэ гээд ЭМЯ, БОАЖЯ-наас асуувал дорвитой ахиц алга.

Өнгөрсөн жил хөрсний бохирдол, аюултай хог хаягдлын талаар шуугиж байх үед л БОАЖ-ын сайд нь үл бүтэх юм яриад явж байсан. Өнөөдөр ч түүнээс урагшлаагүй байгаа дуулдана. Н.Цэрэнбат “Аюултай хог хаягдлыг булшлах цэгийг нийслэл, орон нутгийн итхаас тогтоож газрыг нь шийдэж өгөх ёстой. Харамсалтай нь орон нутгийн зүгээс аюултай хог хаягдлын цэг байгуулах газрын асуудал дээр үл ойлголцол үүсгэж, гацаачихаад байна. Улаанбаатар хотын хувьд төв аймагт 30 га газар аюултай хог хаягдал боловсруулахад зориулж гаргаж өгөх ёстой боловч итх дээр нь үл ойлголцол үүссэнээс энэ ажил зогсчихсон” гэж байв.

Хүн амынх нь эрүүл мэндэд ноцтой халдаж буй аюултай хог хаягдлыг устгах, дахин боловсруулах үйлдвэр, ландфиллийг байгуулах газраа ч товлож чадаагүй сууна гэдэг дэндүү арчаагүй төртэйн шинж биш гэж үү. Ногоон уриатай, төрийн хар хүн хөрсний бохирдлын талаар юу бодож суудаг юм бол оо. Иргэдийнх нь эрүүл мэндэд ноцтой хохирол тарих аюул хэзээ мөд “ханхалж” буйг мэргэжлийн бус сайд нь мэдэрч чадах болов уу.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Менингококкийн халдварын эсрэг вакцин хийж байна

 0 сэтгэгдэл


ХӨСҮТ-д даваагаас баасан гарагуудад 8.30-14.30 хүртэл менингитийн вакцин хийж байна. Сайн дурын дархлаажуулалтыг тус эмнэлгийн 114 тоот өрөөнд хийх ба 13500 төгрөгийн үнэтэй. Зургаан сараас доош насны хүүхдэд хийх хориотой юм байна. 

Жил бүрийн хавар менингит өвчний тохиолдол бүртгэгддэг. Энэхүү өвчин нь менингококк гэдэг вирусаар халдварладаг  бөгөөд  халдвар авсан үед үнэрлэх эд, эрхтэн болон цусаар дамжин төв мэдрэлийн системд халддаг. Халдварын шинж тэмдэг нь тайван бус болох, өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрахгүйгээр бөөлжих, арьс, сонсгол, хараа хэт мэдрэг болох, дагзны булчин хөших, шөрмөс татаж, үе мөч салганах зэрэг шинж  тэмдэг илэрдэг байна. 
Өвчний 2-5 хоногт их хэмжээний үсэрхийлсэн тууралт, цөөн тохиолдолд бэржрүүт тууралт үүснэ. Тууралт нь од хэлбэртэй ихэнхдээ өгзөг, их биеийн хажуу хэсгээр гардаг. Зарим тохиолдолд өвчний эхний өдрөөс менингитийн шинж рүү шилжиж, эмнэлзүйн шинж 24 цагийн дотор илрэх бөгөөд эмчилгээ хожимдвол амархан хүндэрч, амь насанд эрсдэл үүсэх магадлал өндөр байдаг аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

САРС хүндэрвэл хүүхдээ тээх эсэхийг эмч нар шийдэхээс аргагүй

38 болон 39 долоо хоногтой төрөх тохиолдол их байна

 0 сэтгэгдэл


Цахим хуудастаа бичсэн эмчийн үг. “Иргэд H1N1 вирусийг энгийн ханиад гэж ойлгоод байна. Энэ чинь цар тахалд хүргэдэг вирус” хэмээн бичжээ. Мөн сар шинийн баярын дараа хэдэн хүүхэд эндэх бол гэдгээс айж буйгаа илэрхийлсэн байв.

Анх 2003 онд САРС нэрээр Монголд тархаж байсан цартахал болох H1N1 вирус өдгөө улирлын томуу нэрээр манай улсад “нутагшиж” он гарснаас хойш эрчимтэй газар авсан. Ялангуяа, бага насны хүүхдүүд олноороо өвдөж, эмнэлгийн коридороор дүүрэн хэвтэж байлаа. Өдгөө ч хол хөдөлгөөн татраагүй байна. 1-4 дүгээр сарыг ханиад, томууны улирал гэдэг. Тиймээс ханиад хүрсэн хүмүүс эмчид үзүүлэхгүй өөрөө дур мэдэн эм уух тохиолдол их байдаг. Энэ нь эрүүл мэндийн байгууллагууд H1N1 вирусийн халдварыг энгийн ханиад мэтээр ойлгуулснаас ч болсон байх талтай. Бага насны хүүхэд, нялхсыг хамраад байсан уг вирусын дэгдэлт жирэмсэн ээжүүдийг ч сандаргаж байна.

Энэ талаар тодруулахаар нийслэлийн “Өргөө” амаржих газарт очиход H1N1 вирусийн халдвартай 12 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байлаа. Гэхдээ уг амаржих газар үүнээс дээш долоо хоногтой жирэмсэн эхчүүдийг л хүлээж авдаг. Харин 36-аас доош долоо хоногтой эхчүүд дүүргийнхээ эмнэлэгт ханддаг байна. Өөрөөр хэлбэл, бусад шатлалын эмнэлэгт өшөө олон ээж хандсан болж таарах нь. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд он гарснаас хойш уг вирусийн халдвар авснаас жирэмсэн 12 эх хэвтэн эмчлүүлжээ.

“Эмчид үзүүлэхгүй гэртээ байж байгаад ханиад нь хүндэрсэн тохиолдол их байгаа. Жирэмсэн эх удаан ханиалгаснаар сав базалж, төрөлт хурдан явагддаг. Үүнээс болж төрөх хугацаанаасаа өмнө буюу 38 болон 39 долоо хоногтой төрөх тохиолдол их байна” хэмээн Нийслэлийн Өргөө амаржих газрын хавдар, тархвар судлаач эмч Т.Энхбаатар ярилаа.

Үүнээс гадна, ургийн хөгжилд өөрчлөлт гарах эрсдэлтэй гэдгийг ч эмч нар хэлж байна. “Ханиад нь улам хүндэрсэн тохиолдолд ургийн хүчилтөрөгчийн цусан хангамж багасаж, улмаар хөгжил нь саатах, өсөлтгүй болох, дутуу төрөх, зулбах эрсдэлүүд байдаг” хэмээн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн ахлах эмч Д.Батбилэг ярив. Тус эмнэлэгт уушгины эд эсийг хамарсан, хүндэрсэн хатгаатай жирэмсэн эхчүүд ирдэг байна. Ханиад нь үүнээс илүү хүндэрсэн тохиолдолд амьсгалын дутагдалд ордог. Ингэснээр эхийн амь нас дээсэн дөрөөн дээр ирж, улмаар хүүхдээ цааш тээх эсэхийг эмчийн зөвлөгөөнөөр шийдэхэд хүрдэг байна. Өөрөөр хэлбэл, төр нь хүртэл бууж өгсөн H1N1 вирусийн улмаас өвдсөн жирэмсэн эмэгтэйн тээж буй үрийнх нь амийг таслах хүртэл арга хэмжээ авах аюултай гэсэн үг юм.

Тиймээс амьсгалын замын халдварт өвчнийг эрт илрүүлэх, аль болох уг вирусээр өвдөхгүй байхыг сануулдаг аж.

Мөн H1N1 вирус нь энгийн ханиадыг бодвол хоруу чанар ихтэй. Тиймээс халдварыг нь цаашид нэмэгдүүлэхгүй байхын тулд эрүүл мэндийн байгууллагууд ямар нэгэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас ханиад, томууны эсрэг ямар арга хэмжээ авч, жирэмсэн эхчүүдээ хамгаалж байгаа талаар тодруулахад “Жирэмсэн эхчүүдэд зориулсан арга хэмжээ аваагүй. Тусад нь үйлчилгээ үзүүлнэ гэж байхгүй. Хяналтандаа орж, эмчдээ тогтмол үзүүлэх ёстой байдаг. Өнгөрсөн оны аравдугаар сард зорилтод бүлгийн хүмүүсийг вакцинд хамруулсан” гэдгээс өөр тайлбар өгсөнгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сэргээн засах хөгжлийн төв өдөрт 500 орчим хүүхдэд үйлчилнэ

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан уг төвийн нийт өртөг $30 сая юм

 0 сэтгэгдэл


Хүүхдийнх нь сонсгол хэвийн бус байгааг анзаарсан ээж өрхийн эмнэлэгтээ хандахад “Танай хүүхэд сонсохгүй байх шиг байна, дүүргийн эмнэлэг рүү очсон нь дээр байх” гэнэ. Дүүргийнхээ эмнэлэгт очихоор “Манайд сонсгол шалгах тоног төхөөрөмж байдаггүй, гуравдугаар шатлалын эмнэлэгт ханд” гэж хаалга мөргүүлнэ. Харин гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхийн тулд 10-21 хоног хүлээх шаардлага үүсдэг гэж “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо”ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Тунгалаг ярилаа. Энэ мэт эмнэлгийн хүртээмжгүй байдалд эцэг эхчүүд шантарч, хөдөө орон нутгийнхан нь хүүхдийнхээ бэрхшээлийг эрт илрүүлж чадахгүй, сэргээн засах эмчилгээ сувилгаанд хэт оройтож орох тохиолдлууд олон гардаг байна. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Монгол Улсад байгаа хөгжлийн бэрхшээлтэй 11 мянга орчим хүүхдийг асарч, сувилах, нөхөн сэргээх, эмчилгээ хийх төвийг нээлээ. Энэ төвд харьяа дүүрэг, хот хөдөө, оочир дараалал гэхгүйгээр шууд үзүүлж, хүүхдийнх нь аль эрхтэн хөгжлийн бэрхшээлтэй байгааг оношлуулах бүрэн боломжтой. Мөн төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай тохиолдолд жирэмсэн ээжид нарийн үзлэг, оношлогоо хийх аж.

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилгаар нэг ээлжиндээ 250 хүүхэд хүлээн авч хэвтүүлэх, 500 хүүхэд амбулаториор үзэх боломжтой уг төвийг Баянгол дүүргийн хорьдугаар хороо, сонсголонгийн гүүрний хойд талд нээв.

Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн нарийвчилсан шинжилгээ, оношлогоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээнд хамрагдах боломжтой. БНХАУ-ын 100 хувийн буцалтгүй тусламжаар барьсан уг төвийн барилга, тоног төхөөрөмжийн зардлын нийт өртөг 30 сая ам.доллар юм.

Тус төвд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг 350 хүнийг БНХАУ-д сургаж, дадлагажуулах ажлыг мөн зохион байгуулахаар болжээ.

Харин одоо сонсголонгийн гүүрнээс тус төвийн хашаа хүртлэх замыг эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ авч явах боломжтой байдлаар тохижуулах, засах ажил үлджээ. Гэхдээ энэ ажил Монголын талаас хамаарах юм.