A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1590/

Ханшаар наадах боломжийг хариуцлагагүй засаглал олгов

Цөөнгүй компанийн үнэт цаасны ханш мянгаар хэмжигдсэн хувиар өсчээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1590/


Монголын хөрөнгийн зах зээлд аварга атлаа анир чимээгүй ханшийн өсөлт өрнөөд удлаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэхэд манай хувьцааны зах зээлд нэг биш компанийн үнэт цаасны ханш мянгаар хэмжигдсэн хувиар өсчээ. Оны эхнээс өнгөрсөн сар хүртэл “Алтайн зам” компанийн хувьцааны ханш 3666 хувиар өсөж, үнэт цаасны үнэ цэн нь нүд ирмэхийн зуур өсөн өндийв. Ингэснээр сүүлийн таван жил 600-800 төгрөгт хэлбэлзэж байсан тус компанийн нэгж хувьцааны ханш хэдхэн сарын дотор 60 мянган төгрөг давлаа. Энэ оны арваннэгдүгээр сарын 26-ны арилжаагаар компанийн нэгж хувьцааны ханш 60.2 мянган төгрөгтэй тэнцжээ. “Алтайн зам” компанийн хувьцааны ханш ийн “ялгуусан” өсөлт үзүүлсээр байх зуур үнэт цаасных нь идэвх, эрэлт нь төдий л ахисангүй. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 26-ны арилжаагаар “Алтайн зам” компанийн ердөө нэг ширхэг хувьцааг борлуулжээ. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэхэд компанийн хувьцааны арилжаа ердөө 26-хан удаа болсон байна. Гэтэл энэ хугацаанд хувьцааны ханш нь тэнгэр өөд тэмүүлж асар олон хувиар өссөн байна. 

Уг нь хөрөнгийн зах зээлийн хуулиар хувьцааны эрэлт, арилжааны идэвх нэмэгдэхийн хэрээр ханш нь өсдөг. Гэтэл зах зээлийн энэ зүй тогтол манайд гажаад байгаа нь энэ. Зөвхөн “Алтайн зам” компаниар зогсохгүй “Хүннү менежмент”, “Евроазиа капитал холдинг”, “Е-моние” зэрэг компанийн үнэт цаасны ханш огцом өссөн. “Хүннү менежмент” компанийн нэгж хувьцааны ханш нэг жилийн дотор 2334 хувиар өссөн бол сүүлийн таван жил үйл ажиллагаа явуулаагүй, 6.9 сая төгрөгийн хөрөнгөтэй “Е-моние” компанийн хувьцааны ханш 314.7 хувиар өссөн нь эрхгүй анхаарал татаж, эргэлзэхэд хүргээд буй юм. 

Ханшийн энэ өөрчлөлт бодит өсөлт үү, зохиомол хөөс үү гэдэг одоо хэр асуултын тэмдэг хэвээр байна. Одоогоос хэдэн сарын өмнө буюу зургадугаар сард “Алтайн зам”-ын хувьцааны ханш 2-3 дахин өсөх үеэр Санхүүгийн зохицуулах хороо тус компанийн үнэт цаасны өөрчлөлтийг шалгасан. Улмаар хоёр сарын хугацаанд компанийн хувьцааны арилжааг зогсоосон юм. Гэвч шалгалтаар хянан  шийдвэрлэсэн тул арилжааг нь өнгөрсөн есдүгээр сард нээснээ Санхүүгийн зохицуулах хороо мэдээлсэн билээ. Гэтэл үүнээс хойш компанийн хувьцааны ханш бараг зургаа дахин өсчихөөд байгаа юм. 

Тиймээс холбогдох албаныхан дахин анхаарч эхэлжээ. “Монголын хөрөнгийн биржийн гуравдугаар ангиллын компаниудын үйл ажиллагаа идэвхжих үед компаниудын баланст байгаа үнэ болон зах зээлийн үнэлгээ хэт зөрүүтэй байдаг болон бусад шалтгааны улмаас ханш хөдөлсөн. Үүнийг үндэслэн шалгаж, холбогдох дүгнэлтийг ч танилцуулсан. Гэхдээ дахиад лавшруулж шалгах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс дахин шалгалт хийхээр төлөвлөж байна” гэж Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн мэдээллээ. 

Ер нь ханшийн үсэрсэн өсөлт хөрөнгийн биржийн гуравдугаар ангиллын компаниудад ажиглагдаж байгаа. Сүүлийн жилүүдэд үүдээ барихад ойрхон байсан эдгээр компанийн үйл ажиллагаа сүүлийн нэг жилд гэнэт сэргэсэн нь ханш хөдлөх шалтгаан болсон гэж шинжээчид тайлбарлаж байна. Тухайлбал, барилга угсралтын “Алтайн зам” компанийн борлуулалтын орлого энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс дөрөв дахин, цэвэр ашиг нь зургаа дахин өсчээ. Энэ нь ханшийг нэг талаас түлхсэн. Нөгөө талд, ханшийн зохиомол өсөлт байгааг ч үгүйсгэхгүй байна. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн цогц судалгаа хийдэг “Маркетинфо”-гийн шинжээчид зохиомол өсөлт ажиглагдсаар байгааг дурджээ.

Богино хугацааны өсөлтийг ирээдүйтэй хөрөнгө оруулалт гэж хэлэхэд хэцүү


Тэгвэл хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар “Ийм өсөлт хувьцаа хэт төвлөрсөн 1-2 хүний эзэмшилд байдаг компанийн ханшид нийтлэг ажиглагддаг. Гэхдээ энэ бол зах зээлийн бус өсөлт. өөрөөр хэлбэл, хувьцаа нь идэвхтэй арилжигддаггүй компанийн үнэт цаасыг зах зээлийн лангуун дээр нэг, хоёр ширхэг арилжихаар ингэж өсдөг. Хэдийгээр эдгээр үнэт цаас өдгөө өндөр хувиар өсөж буй ч цаашид ирээдүйтэй, ухаалаг хөрөнгө оруулалт болно гэж хэлэхэд хэцүү” хэмээсэн юм. 

Ер нь үнэт цаасны үнэ цэнэ нь үлэмж өссөн компаниудын хувьцааны төвлөрөл өндөр байна. Тодруулбал, “Е-моние” компанийн нийт хувьцааны 90 хувь нь гурван хувьцаа эзэмшигчийн гарт байдаг бол “Алтайн зам” компанийн үнэт цаасны 92.4 хувь ердөө нэг иргэний мэдэлд байна. 

Түүнчлэн зарим компани ханшаа өсгөхийн тулд брокеруудад захиалга өгч, зохиомлоор ханшийн хөөс үүсгэх тохиолдол байдаг аж. Санхүүгийн зохицуулах хорооноос ч үүнийг үгүйсгээгүй бөгөөд сүүлийн жилүүдэд ийм үзэгдэл буурч буй гэж мэдэгдлээ. 2016 онд гэхэд “Дархан хөвөн” компанийн үнэт цаасыг брокерийн пүүсүүд санаатай өсгөж байсныг Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар тогтоожээ. Гэтэл тухайн үед тус компани өр төлбөрт унаж, үйл ажиллагаа нь зогсонги байдалд шилжээд байсан аж. 

Энэ мэт хувьцааны ханшаар тоглож, хөөс үүсгэх нь хөрөнгийн зах зээлд олон сөрөг нөлөө авчирдаг. Ялангуяа, зах зээлийн мэдлэг, мэдээлэл дутмаг хөрөнгө оруулагчид ханшийн хуурамч хөөсний золиос болж, хөрөнгөөрөө хохирдгийг албаныхан анхааруулж байна. Цаашлаад зохиомол шинжтэй, ханшийн уналт, өсөлт нь энэ зах зээлд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж, идэвхийг нь хойш татдаг байна. 

Иймд хөрөнгийн зах зээлд оролцогчдын мэдлэг мэдээллийг дээшлүүлэхийн зэрэгцээ хувьцаат компаниудын засаглалыг сайжруулах шаардлагатай. Ялангуяа, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн нэг түгжээ болдог үнэт цаасны төвлөрлийг задалж, компанийн засаглалын зарчмаар нь ажиллах боломжийг олгох нь чухал байгааг хөндлөнгийн шинжээчид хэлж байна. Цаашлаад компаниуд энэ чиглэл рүү алхахад хөрөнгийн зах зээлийн зохицуулах байгууллагууд ч бодлогоор шахаж, зах зээлийн мэдлэг, мэдээлэлгүйг далимдуулан ханшаар нааддаг оролцогчдод хараа хяналт тавих хэрэгтэй гэж үзэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Валютын нөөцөө гөвөх эрсдэл ойрхон байна

Валютын ханш тогтвортой байх нь эдийн засгийн өсөлтөөс илүү чухал болоод байна

 0 сэтгэгдэл


Валютын ханш өнөөдөр манай улсын эдийн засгийн бодит тусгал болж байна. Төгрөгтэй харьцах ам.долларын нэрлэсэн албан ханш лхагва гарагт 2634.26 төгрөгтэй тэнцлээ. Сүүлийн сар гаруйн хугацаанд ам.доллар даруй 140 гаруй төгрөгөөр өсөж, огцом чангарлаа. Түүнчлэн энэ сар гарснаас хойш ам.доллартай зэрэгцээд юанийн ханш цочир нэмэгдлээ. Хэдий мөнгөний бодлогын хүүгээ Монголбанкны Н.Баяртсайхан ерөнхийлөгч нэг хувиар нэмэгдүүлсэн ч ханшийн зах зээлийн өсөлтийг энэ удаагийн шийдвэр хазаарлаж дөнгөсөнгүй. Валютын ханш “халуун”-тай хэвээр. Энэ он гарснаас хойш төв банк ам.долларын ханшийн огцом өөрчлөлтийг хумих гэж 1.2 тэрбум ам.доллар зах зээлд нийлүүлсэн боловч нөхцөл байдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дорджээ. Ханш савлах хэрээр импортын бараа, бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж, инфляцын дарамт мөнгөний бодлогыг дахиад л сорьж мэдэхээр байна. Иргэд, аж ахуйн нэгжийн хувьд ДНБ-ий өсөлтөөс илүү ам.доллар болон юанийн ханш тогтвортой байх нь илүү чухал боллоо. 

Үндэсний статистикийн хорооны энэ оны арваннэгдүгээр сарын үзүүлэлтээр, мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 25.9 хувь буюу 3.8 их наяд төгрөгөөр өссөн байна. Жилийн хугацаанд ам.доллартай харьцах төгрөгийн ханш 5.4 хувиар суларчээ. Мөнгөний нийлүүлэлт хэт өндөр байна гэж эдийн засагч С.Болд үзсэн юм. 

Одоогийн мөнгөний бодлогыг зэмлэх эдийн засагчдын байр суурь ч ширүүн байна. Эдийн засагч Ч.Отгочулуу төгрөгийн нийлүүлэлт эрс нэмэгдсэн нь валютын ханш чангарах ээлжит шалтгаан болж байгааг дурдсан. Түүний хэлснээр төв банк ам.долларын ханшид тойруу замаар нөлөөлж байгаа гэх. Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрээд буй. Үүнийг таван тэрбумаас давуулахаа төв банк зарласан. Нөгөө талдаа, энэ нь ам.доллар зах зээлд ховордох, иргэд хадгаламжаа ам.долларт хөрвүүлэх сонирхлыг нэмэгдүүлжээ. 

Тухайлбал, сүүлийн хоёр сарын хугацаанд гадаад валютын хадгаламж 220 гаруй сая ам.доллараар өссөн байна. 

Инфляц энэ оны турш харьцангуй тогтвортой байгаа боловч валютын ханш хамгийн тогтворгүй байна. Эдийн засаг 6.4 хувиар өссөн боловч ам.долларын ханш бүтэн жилийн хугацаанд 150 төгрөгөөр нэмэгджээ. Валютын ханш чангарсан ч иргэдийн цалин, орлого энэ онд нэмэгдсэнгүй. Үүнээс улбаалан өрхийн зардал нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар муудсаар байна. Манай улсын гадаад валютын нөөц 2016 онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн. Гэвч гадаад өрийн хэмжээ 27.9 тэрбум ам.долларт хүрсэн нь валютын одоогийн нөөцөд бардах үндэслэл болж чадахгүй билээ. 

Азийн хөгжлийн банк болон дэлхийн банк манай улсын ирэх оны ДНБ-ий өсөлтийг 4-5 хувиар таамагласан. Хөтөлбөр хэрэгжүүлж буй ОУВС үүнээс харьцангуй өөдрөг буюу 6.3 хувийн өсөлтийг 2019 онд хүлээж буй. Харин Засгийн газар ДНБ-ий өсөлтийг найман хувиар төсөөлж, төсвөө баталсан. Энэ өсөлтөд валютын ханш томоохон сорилт болж мэдэхээр байна. Ханш ийнхүү долоо хоног тутам өсөөд байвал эдийн засгийн өсөлт гэж яриад ч нэмэргүй. Иргэдэд энэ өсөлт наалдахгүй байх талтай.

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн хоёр сард 200 орчим төгрөгөөр суларсан байна. Гадаад валютын албан нөөц харьцангуй өндөр түвшинд хүрсэн ч төгрөгт итгэх иргэдийн итгэл сул байгааг харж болох юм. МУИС-ийн шинжлэх ухааны сургуулиас 2009 оноос хойш хийж буй “хэрэглэгчийн итгэл индекс” судалгааны энэ оны гуравдугаар улирлын дүнгээр иргэдийн 40.4 хувь нь ирэх зургаан сарын хугацаанд ам.долларын ханш өснө гэж хүлээж байна.

Иргэдийн 23 хувь нь ам.долларын ханш өөрчлөгдөхгүй гэж хариулжээ

Харин 23 хувь нь ам.долларын ханш өөрчлөгдөхгүй гэж хариулжээ. Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан төв банк валютын ханшийн хойноос хэт хөөцөлдөх аваас байгаа нөөцөө барах эрсдэлтэйг анхааруулсан юм. 

Монголбанк нөөцөө зузаалах алхам хийсээр байгаа боловч нөгөө талд зах зээл дээр үүссэн ханшийн нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор өнгөрсөн сарын эхнээс 400 гаруй сая ам.долларыг валютын захад нийлүүлж, интервенц хийжээ. Сар гаруйн хугацаанд дээрх хэмжээний валют зах руу нийлүүлсэн ч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш үргэлжлэн суларсан хэвээр байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд л 130 орчим сая ам.доллар арилжаалсан боловч ханшийн өсөлт намжсангүй. Байдал энэ чигээрээ үргэлжилбэл эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа болж буй валютын нөөцөө гөвөх эрсдэл ойрхон байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Чөлөөт зах зээлд төөрсөн дотоод худалдаа

Дотоодын худалдааг 30 гаруй хуулиар зохицуулдаг

 0 сэтгэгдэл


Дотоодын дэлгүүр, худалдааны төвүүдийн үйлчилгээнд та сэтгэл хангалуун байдаг уу. Ойролцоо орших дэлгүүрт ороход л худалдагч нь бохь зажлан, дээгүүр харан, асуусан асуултад ч хариулахгүй, хялалзах нь цөөнгүй. Зөвхөн гудамж, булангийн жижиг дэлгүүр гэлтгүй манай дотоодын худалдааны салбар ийм баргар төрх, бүрзгэр царайтай олон жилийг үдэж байна. Социализмын үед дотоодын худалдаа нь чадварлаг хүний нөөцтэй, хувь нэмэр, нэр нөлөө нь Монголын эдийн засагт жин дарсан том салбар байв. Гэтэл чөлөөт эдийн засагт шилжсэнээр энэ салбарынханд зах зээлийн зах хязгааргүй боломж нээсэн ч төр тоолгүй, дур зоргоор орхисон нь худалдааны салбарыг гээгдэн, эзэнгүй айл адил орхигдоход хүргээд байна. Эдүгээ энэ салбарын дийлэнх нь дэлхийн худалдааны хөгжил дэвшлээс хоцорч буй нь тэдний хүний нөөц, үйлчилгээний соёл зэрэг өрсөлдөх чадварын түлхүүр үзүүлэлтүүдээс илт мэдрэгдэнэ. 

Нийгэм дэх худалдааны салбарын “имиж” нунж дорой. Гэтэл Монголын эдийн засагт эзэлж буй энэ салбарын жин, нөлөө нь бага буурай биш. Эдүгээ худалдааны салбар Монголын эдийн засгийн бараг 20 орчим хувийг дангаараа бүрдүүлж, 200 мянган хүнийг ажлын байраар ханган, тэдний цаана орших сая орчим хүнийг тэжээж байна. . 

Хэдийгээр бид тэднийг муусайн худалдаачид, шулаачид хэмээн доромжлох нь холгүй дууддаг ч сүүлийн 28 жилийн турш нэр муутай худалдааны салбар л ачааны хүндийг үүрсээр ирлээ. Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны зөвлөх Д.Нарантуяа “Манай улс дотоодын худалдаа, үйлчилгээний салбарыг тэр чигт нь орхигдуулсан” хэмээн дүгнэж байна. Энэ салбар одоо зах зээл гэх зах хязгааргүй далайд төөрөн, жолоодлогогүй хөлөг мэт хөвж яваа аж. 

Гэхдээ төр энэ салбарыг бүр мөсөн зөнгөөр нь орхисон уу гэвэл бас үгүй ээ. Худалдааны бодлогыг зураглахдаа хойш сууж, хойрго ханддаг атлаа хянаж, торгохдоо ухасхийдэг. Хүнсний жижиг дэлгүүрээс эхлээд том зах, худалдааны төвүүдийг 30 гаруй хуулиар зохицуулдаг гэж МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Р.Шарбандийн судалгаанд дурджээ. Бас эдгээр хуулийг  дагасан 100 гаруй журам хэрэгждэг байна. Архидан согтуурахтай тэмцэх тухай, галт зэвсэг, Нийлэг хальсан уут, тамхины тухай, органик хүнсний тухай, Эрүүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай гээд худалдаачдын эрх ашгийг хөнддөг хуулийн зохицуулалт цааш хөвөрнө. Орон сууцны нэгдүгээр давхрын жижиг өрөөгөө дэлгүүр болгон тохижуулж, бараа борлуулж буй иргэн дорж ийм хэмжээний хязгаарлалт дор үйл ажиллагаа явуулдаг гээд бод доо. Хэтийдсэн дарамт биш гэж үү. 

Ер нь 1990-ээд оноос хойш төр засаг үйлдвэрлэл хэмээх чихэнд чимэгтэй үгийг урдаа барин, оносон оноогүй, эзэндээ очсон,  очоогүй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлснийг бид мэднэ. Гэхдээ энэ хугацаанд дотоодын худалдааг хөнгөвчилж, дэмжсэн хөтөлбөр, бодлогын талаар та хэр сонссон бэ. 

Агуу Америкаас эхлээд аль ч улсын хувьд үйлдвэрлэл нь хөгжлийн үндэс байдаг тул уг нийтлэлээр үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогыг үгүйсгэх гэсэнгүй. Экспортод тулгуурласан үйлдвэрлэлийг эн тэргүүнд тавьж буй нь манай төрийн алсыг харсан, мэргэн бодлого болохыг эдийн засагчид хэлдэг. Ялангуяа, дотоодын зах зээл нь харьцангуй бага Монгол Улс гадагш чиглэсэн худалдаагаа нэмэгдүүлснээр эдийн засгаа илүү тэтгэх нь зүйн хэрэг. Гэлээ гээд бид дотоодын зах зээлээ умартаж болно гэж үү. Чамлахаар чанга атга гэдэг дээ. Уг нь Монгол бол 10 тэрбум ам.доллараар хэмжигддэг эдийн  засаг төдийгүй жилд дунджаар 5-6 хувиар тэлж буй ирээдүйтэй зах зээл. 

Үүнээс гадна худалдаагүйгээр үйлдвэрлэл урагшилдаггүйг сүүлийн хэдэн жил бид ухаарлаа. Өнгөрсөн 5-6 жилд манай төр засаг гадаадаас бага хүүтэй санхүүжилт татаж, дотоодын үйлдвэрлэгчдэдээ олгосон ч өнөө хэр үндэсний үйлдвэрлэл өндийн босож, импортыг бут цохисон нь ховор. Үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд түүнийг борлуулж, хэрэглэгчдэд хүргэх нь гол сорилтын нэг болохыг дотоодын үйлдвэрлэгчид учирладаг. Тиймээс иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэхэд бас дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд худалдаагаа бид дэмжих шаардлага тулгараад байна. Биднийг ийн үл тоох зуур хөрөнгө, хүний нөөц, олон улсын туршлагаар “зэвсэглэсэн” гадаадын франчайз дэлгүүрүүд манайд хүч түрээд байна. Мэдээж, зах зээлийн өрсөлдөөнийг нэмж, шинэлэг үйлчилгээ үзүүлж буй шинэ тоглогчдыг буруутгаж болохгүй. Гэхдээ ингэлээ гээд дотоодын бизнес эрхлэгчдээ ч мартаж болохгүй. Бас “та нар хоцрогдсон” хэмээн зах зээлээс шахаж бүр ч болохгүй. Иймд “Энэ салбарын хүний нөөцийг чадавхжуулах, шинэ стандарт, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд нь төр зохицуулалтын тусламж үзүүлэх нь чухал” гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Г.Лхагважав хэлсэн юм. 

Энэ салбар төрийн хэт оролцоог нэхээгүй. Зөвхөн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хүсэж байна. Борлуулалт нь бараг 20 их наяд төгрөгөөр хэмжигддэг дотоодын худалдааны салбарын бодлогыг нэг яамны ганцхан мэргэжилтэн хариуцдаг гэвэл та итгэх үү. Дээрээс нь худалдаа хариуцдаг энэ нэгж засаг солигдох бүрт аль нэг яамны бөөрөнд наалдаж, дарцаг шиг хийссээр ирсэн. 

Монгол Улсад худалдааны салбар үүсээд хэзээ мөдгүй 100 жилийн ойтойгоо золгох гэж буй ч энэ салбарыг зангидсан малгай хуульгүй өдий хүрсэн. Худалдааны ерөнхий хуулийн төслийг холбогдох албаныхан боловсруулсан ч гурван ч Засгийн газрын нүүр үзэж буйг МҮХАҮТ-ын худалдаа хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Адъяасүрэн өгүүлж байна. Гэтэл дэлхийн 50 гаруй улс худалдааны бодлого, бие даасан хуультай. Хойд хөрш гэхэд худалдааны хуулийг 2009 онд баталж, уг салбараа 2020 он хүртэл хөгжүүлэх 10 жилийн төлөвлөгөө зураглал боловсруулан ажиллаж байна. Үүнийг нь тус улсын худалдаа, үйлдвэрийн яам хариуцдаг аж. Хэдийгээр төр бизнест хутгалдах нь зохисгүй ч бүхнийг зах зээлийн зарчмаар шийднэ гээд хөсөр хаячихаж бас болохгүй. Бизнесийг хөндөөгүй, оновчтой, цагаа олсон төрийн зохицуулалт нь аливаа салбарыг алсын хараатай, өрсөлдөх чадвартай болгоно. Тиймээс худалдаа дагасан хуулийг батлах, эзэнгүй айл мэт, хөглөрсөн энэ салбарыг хариуцах эзэнтэй болгох нь чухал байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Угтаж буй хөгжлийн гарцыг нээе

Нийгмийн инновац шингэсэн имиж бүрдүүлэх өргөн боломж байна

 0 сэтгэгдэл


Дэлхийн зах зээл дээр монголын дэлгэх хөзөр бол нийгмийн инновац шингэсэн бүтээгдэхүүн гэдгийг нийгмийн баримжаатай үйлдвэрлэл эрхлэгчид онцолж байна. Яагаад гэвэл, ирээдүйн идэвхтэй худалдан авагчдын хандлага өөр. Яг л технологийн хөгжил дэвшил хөгжлийг хурдасгаж байгаа шиг шинэ мянганыхан бизнесийн уламжлалт үзэл санааг асар хурдтай өөрчилж байна. Ирэх 10 жилд шинэ мянганыхан бизнес, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний гол худалдан авагчид болно. Тэд гар утсаар төлбөр тооцоо хийж, ганцаараа аялах дуртай шигээ нийгмийн баримжаатай буюу нийгмийн инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний гол хэрэглэгчид. Educated Space байгууллагыг үүсгэн байгуулагч О.Энхзул “Шинэ мянганыхан буюу одоогийн 25 орчим насныхан 10 жилийн дараа гэхэд худалдан авалтын гол шийдвэр гаргагчид болно. Ийм худалдан авагчид нийгэмдээ өгөөжтэй, байгальдаа ээлтэй үйл ажиллагааг бизнестээ шингээж, түүнийгээ баталж харуулж чаддаг компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүүд үздэг онцлогтой. Тийм учраас орлогоо нэмэгдүүлж, бизнесээ сайжруулъя гэвэл хэрэглэгчид ямар үнэ цэнэ, юу хүсэж буйг нь судалж, түүнд нь нийцүүлэхээс аргагүй юм” гэв. 

Тэгвэл монгол малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн бол тэр чигтээ нийгмийн инновац шингэсэн брэнд болох боломжтой. Ийм бүтээгдэхүүний хамгийн тод жишээ бол эсгий болоод гар урлалын “Хөсөг”, “Монголын артизан бяслаг үйлдвэрлэгчдийн холбоо”-ны бүтээгдэхүүнүүд юм. 2013 онд байгуулагдсан “Хөсөг” брэндийн үйлдвэрлэгчид нь “Дэлхийн зөн” болон бусад донор байгууллагын дэмжлэгээр сургалтад хамрагдсан эмэгтэйчүүд. Харин түүхий эд нийлүүлэгчид нь Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй “Ногоон алт” төслийн гишүүд. Тус брэндийг үүсгэн байгуулагч А.Намуун “анх “Хөсөг” брэндээ байгуулах үед манай ДНБ-д эзлэх хөдөө аж ахуйн салбарын хувь оролцоо жилээс жилд хумигдаж байсан. Тэр хэрээр энэ салбараас амьжиргаагаа залгуулдаг хүмүүс цөөрч, хот руу чиглэсэн их нүүдэл бий болгож, улмаар нийслэлээрээ агаарын бохирдол дунд байна. Тиймээс бид эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ тогтвортой бизнес эрхлэхээр шийдсэн. Одоо 4000 гаруй эмэгтэй манай бүтээгдэхүүнийг нийлүүлдэг бөгөөд 2400 гаруй нь идэвхтэй ажиллаж байна. Бид их ажиллах тусам нэмэлт санхүүжилт шаардагдах болсон. Гэвч манайх ТББ байсан тул банкнаас зээл авахын тулд статусаа компани болгосон. Улам их хамтарч ажиллахын хэрээр бид нийгмийн олон асуудлыг шийдэж чадна” хэмээв. Хэрэв та тус брэндийн сошиал хуудсаар зочилбол тэдэнд урмын үг харамгүй хайрласан олон сэтгэгдлийг харна гэдэгт эргэлзэхгүй байна.

Шинэ үеийнхний 60 гаруй хувь нийгмийн инноваци шингэсэн бизнесийг дэмждэг

Нийгмийн инновац, нийгмийн энтрепренершип нь цоо шинэ эсвэл тэс хөндлөн ойлголт биш. Харин бизнесийн стратегидаа үүнийг шингээснээр дунд болон урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа эрхэлнэ гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Олон улсын судалгааны Deloitte байгууллагаас дэлхийн 40 гаруй орны залуучуудын дунд хийсэн судалгаагаар мянганыхны 60 гаруй хувь нь хариуцлагатай буюу нийгмийн аливаа асуудлыг шийддэг, байгаль орчинд ээлтэй ажилладаг бизнесийн хэрэглэгч болохыг хүсдэгээ илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, ашиг орлогоо нэн тэргүүнд тавьж, дараа нь нийгмийн асуудлыг шийдэх ёстой гэж хардаг бизнесийн уламжлалт ойлголт маш хурдтай өөрчлөгдөж байна. Манайд ч гэсэн бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа байгальд ээлтэй явуулах хэрэгтэйгээ илэрхийлсэн үндэсний хэмжээний судалгаа бий. Тийм ч учраас хэрэглэгч бус хүнд зориулсан бараа бүтээгдэхүүн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг 74 хувиар, борлуулалтыг 2.5 хувиар тэлдгийг харвардын их сургуулийн судлаачид судалж тогтоосон байна.

Ашиг орлогоо эхэнд нь тавих уламжлалт ойлголт өөрчлөгдсөн

Португалийн Нийгмийн бизнесийн сургуулийн захирал Карлос азеведогийн хэлж буйгаар “Нийгмийн үнэ цэнэ хэдий их бий болгоно төдий чинээ бизнесийн үнэ цэнэ нэмэгддэг” аж. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгалийн онц ноцтой үзэгдлийн давтамж ихсэж, ядуурал зэргээс болж хэрэглэгч ч гэсэн бүтээгдэхүүн худалдаж авахдаа байгаль орчинд ямар нөлөөтэйг, би энэ бүтээгдэхүүнийг худалдаж авснаар анхан шатны үйлдвэрлэгч, түүхий эд нийлүүлэгчдэд хэр зэрэг ашигтай байх бол гэдэгт үлэмж анхаарах болсон аж. Тиймээс бизнесийн үзэл санаа хүссэн, хүсээгүй ийшээ чиглэхээс аргагүй. Хэдий эрт чиглэх тусам төдий чинээ хожоотой байх зүй тогтол харагдаж байна.  Харамсалтай нь манайд төрийн бодлого нь хувийн хэвшлийн санаачилгаас дэндүү хоцорч байгааг швейцарын хөгжлийн агентлагийн тогтвортой бизнесийг дэмжигч “Ногоон алт” төслийн ерөнхий менежер Ц.Энхамгалан хэлж байна.

Бусад улс оронд төр засаг, иргэний нийгмийн болоод бизнесийн байгууллага нь түншлэх замаар нийгэмдээ үр өгөөжтэй бизнесийг хөгжүүлдэг. Гэтэл манайд сайн дурын залуучууд, донор байгууллага л одоогоор энэ асуудлыг хөндөж эхэлж байна. Бусад улс оронд эдийн засгийн хөшүүрэг, татварын таатай орчноос гадна экспортод гарч буй бүтээгдэхүүн, үйлчилгээндээ нийгмийн инновац шингэсэн имиж бүрдүүлэхэд төрийн бодлогоор анхаардаг. Нүүдлийн амьдралын хэв маяг, түүнээс урган гарсан бүтээгдэхүүн бол дэлхийд манай туйлын давуу талыг харуулах имиж. Харамсалтай нь, энэ бүхнийг дэлгэхэд өнөөх л төр засгийн унхиа муутай байдал, хүнд суртал саад болж буй аж. “Монголын артизан бяслаг үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Майкл Морроу Орос, Хятадын зах зээлд бэлчээрийн монгол үнээний сүүгээр хийсэн бяслагаа экспортлох гээд гурван жил оролдож буйгаа учирласан юм. Түүний тооцоогоор малчид зуны цагт зөвхөн тус үйлдвэрт сүүгээ борлуулснаар 800 орчим ам.долларын орлого олдог байна. Цаашдаа Шангри ла зэрэг томоохон зочид буудлын сүлжээгээр ч борлуулах боломж өндөр аж. “Хэрэв улсын хэмжээнд 100 ийм үйлдвэр байгуулбал малчдын амжиргаа дээшлэхийн хэрээр байгальд учруулах сөрөг  нөлөө ч багасна” хэмээв. Ийнхүү хөгжлийн шинэ шийдэл гэгдэж буй нийгмийн баримжаатай бизнес, үйлдвэрлэлийн хөгжлийн гарцыг нээх дэндүү давчуу цаг үе тулж ирээд байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бараан жагсаалтуудын сүүдэр Монголоос холдсонгүй

Монгол Улс “гэрийн даалгавар”-аа хийхдээ хойрго хандаж байна

 0 сэтгэгдэл


Терроризмтэй тэмцэх саарал жагсаалт

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын нэгдэл буюу FATF-аас Монголыг мөнгө угаах эрсдэлтэй орны тоонд оруулсан. Ингээд санхүүгийн салбараа ил тод болгож, мөнгөний тогтолцоог шилэн болгох 15 сарын хугацааг 2017 онд өгсөн. Монгол Улс энэ хугацаанд холбогдох хуулиуддаа өөрчлөлт оруулан, хар, саарал жагсаалтаас гарах гэж хичээж, манай улсад дахин нэг жилийн хугацааг өнгөрсөн долдугаар сард олгосон юм. 

Бид Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх төлөвлөгөө болон түүний хэрэгжилтийг дахин сайжруулж ирэх сарын 30-наас өмнө FATF-д дахин хянуулна. Улмаар тус нэгдэл ирэх оны долдугаар сард эцсийн хариуг гаргах юм байна. Хэрэв энэ шалгалтад бүдэрвэл Монгол Улсыг хар эсвэл саарал жагсаалтад оруулж, санхүүгийн терроризмтой тэмцдэггүй орон хэмээн цоллоход ойрхон байна. 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2019 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлыг чухалчилж авч үзсэн гэж мэдэгдсэн юм. Мөн өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-аар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг өөрчлөн баталсан. Засгийн газраас тусгай төлөвлөгөө баталж, энэ дагуу ажил өрнөж байгаа. Гэхдээ хэрэгжилт, ялангуяа, бохир мөнгөтэй тэмцэх холбогдох байгууллагуудын уялдааг илүү сайжруулах хэрэгтэй гэж FATF үзсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ тэмцэл нь зөвхөн банк санхүүгийн байгууллагад хамаарахгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл, хууль сахиулах байгууллага зэрэг олон салбарын огтлолцол дээр биеллээ олохоор байгаа аж. Тиймээс энэ жагсаалттай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллага ажиллаж буй. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо гэхэд саарал жагсаалтад орж болзошгүй хүндрэлийг хамтын хүчин чармайлтаар давахын тулд банкнаас бусад салбарын хууль эрхзүйн орчин болон боловсон хүчний мэдлэгийг дээшлүүлэхээр ажиллаж буйгаа тус хорооны дэд дарга д.Баярсайхан хэлсэн юм.


“Саарал жагсаалт”-д орох нь санхүүгийн системд ноцтой эрсдэлтэй

“Саарал жагсаалт”-д орох нь санхүүгийн системд ноцтой эрсдэл учруулна гэж төв банкнаас мэдээлж байна. 2013 онд FATF Монголыг мөнгө угаах өндөр эрсдэлтэй орноор нэрлэж, саарал жагсаалтад оруулсан. Үүнээс үүдэн Монгол Улсын гадаад төлбөр тооцоо гурван сар саатаж, иргэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байжээ. 2011 оноос хойш нийт 4345 иргэнийг мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгаснаас 46 хэрэг мөрдөн байцаалтад шилжжээ. Үүнээс хоёр хэргийг анхан шатны шүүхээс буруутайг нь тогтоосон ч хариуцагч талууд давж заалдсаар улсын дээд шүүхээр хэрэгсэхгүй болгожээ. 

Баргар мэдээ дагуулсан бараан жагсаалтууд одоогоос яг жилийн өмнө Монгол Улсын хаалга тогшиж, хэсэгтээ биднийг сандаргасан билээ. Шинэ оны босгон дээр Европын холбооноос Монгол Улсыг сүүдрийн мөнгө нуух эрсдэлтэй орон хэмээн үзэж, хар жагсаалтдаа багтаасан. Хариу арга хэмжээг Засгийн газраас яаралтай авсны ачаар Монгол Улс “хар”-аас мултарч, саарал жагсаалт руу шилжсэн юм. Гэтэл төд удалгүй санхүүгийн аюулгүй байдлын саарал жагсаалттай нүүр тулах нь тэр. Хэдийгээр холбогдох албаныхан энэ үеэр шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авсан ч бараан жагсаалтуудын эрсдэл өнөө хэр холдоогүй төдийгүй Монгол Улс алдаа дутагдлаа засах тодорхой үүрэг, тоймтой хугацаа авчихаад байгаа юм. Тэгвэл олон улсаас авсан “гэрийн даалгавар”-аа бид хэрхэн биелүүлж байна вэ.



Санхүү, татварыг сөхөх саарал жагсаалт

Европын холбооноос гаргасан татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын хар жагсаалтад Монгол Улс багтаж, өнгөрсөн оны өдийд шуугиан тарьсан билээ. Тус холбоо “Панамын баримтууд”-аас сургамж аван, татвараас зайлсхийхийг таслан зогсоохын тулд хяналтаа чангатгаж, улс хоорондын хамтын ажиллагаагаа бэхжүүлж эхэлсэн юм. Энэ хүрээнд хамтран ажилладаг орнуудаа татварын ил тод, нээлттэй байдлаар нь жагсаахад Монгол Улс хар жагсаалтад багтсан юм. Үүний эсрэг Засгийн газар яаралтай арга хэмжээ авч, татварын орчноо сайжруулах амлалт, үүрэг авч, Монгол Улс “хар”-аас “саарал” руу шилжсэн. 

Тэгвэл Монгол Улсын татварын орчныг сайжруулахын тулд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Европын холбооны мэргэжилтнүүд манайд ажилласан байна. Мөн Европын Парламентаас энэ чиглэлээр төлөвлөгөө боловсруулжээ. 

Монгол Улс “Татварын зорилготой ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”ын гишүүнээр элсээгүй, холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурж, соёрхон батлаагүй, “Татварын бааз гувчуулах, ашиг зувчуулахын эсрэг” зэрэг шалтгаанаар хар жагсаалтад багтсан. Тиймээс эдгээр дутагдлаа сайжруулахын тулд өнгөрсөн оны эхээр "Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум"-ын 148 дахь гишүүнээр элссэн байна. 

Түүнчлэн санхүүгийн ил тод байдлыг хангахын тулд татварын ерөнхий хуулиуддаа өөрчлөлт оруулахаар тусгасан. Ялангуяа, Европын холбооны чиглэл, саналыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ), Хувь хүний орлогын албан татварын (ХХОАТ) хуулийн шинэчилсэн төслүүдэд тусгаснаа Сангийн яам мэдээлсэн. Мөн эдгээр төслөө УИХ-д өргөн барьжээ. Гэвч УИХ хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй хэвээр байна. Ингэснээр манай улсын татварын шинэчлэл удаашраад зогсохгүй олон улсад хүлээсэн бидний үүрэг амлалт ч хойшлоод байгаа юм. Цаашлаад манай худалдааны гурав дахь том түнш болсон Европын холбооны худалдаа, хамтын ажиллагаанд эрсдэл учирч мэдэхээр байна.

Орсон борооны хойноос цув нөмрөх бус одоо л үүргээ биелүүлэх нь чухал

Сүүлийн жилүүдэд дэлхийн гурван том зах зээлийн нэг болох Европын холбоо болон Монгол Улсын худалдааны эргэлт эрс нэмэгдсэн бөгөөд нэг тэрбум ам.долларт дөхөж байгаа. Сүүлийн 28 жилд Европын холбооны орнууд Монгол Улсад нийт долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн Монголын зарим бараа бүтээгдэхүүнийг гишүүн орнуудаа гаалийн татваргүй нэвтрүүлэх боломжийг ч тус холбоо олгосоор байгаа юм. Гэвч бид түншээсээ авсан “гэрийн даалгавар”-аа хойрго хийж байна. 

Хэнэггүй зан бидэнд эрсдэл, сөрөг үр дагавар авчрахаас хэтрэхгүй. Тэр тусмаа Монгол Улс сүүлийн хэдэн жил найдваргүй,  тогтворгүй, хэлснээсээ буцдаг түнш хэмээх имижийг олон улсад хэдийн зүүчихээд байгаа үед. Ийм эмзэг үед санхүү болон татварын хар, саарал жагсаалтууд бидэнд нэмрээс илүү нэрмээс л болж, Монголын нэр хүнд, хөрөнгө оруулагчдын итгэл буурна. Тиймээс орсон борооны хойноос цув нөмрөх бус одоо л үүрэг амлалтаа биелүүлэх нь чухал байна.