A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1289/

“Харилцаа тань айдас, дарамттай байвал тусламж авах нь чухал”

Харилцаан дах зөрчлөө эерэг аргаар шийдвэрлэж сурах чухал

“Харилцаа тань айдас, дарамттай байвал тусламж авах нь чухал”
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1289/


“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн Б.Золзаяатай хүчирхийллийн хохирогчдыг чадавхжуулах сайн туршлага, ач холбогдлын талаар ярилцлаа. Тэрбээр “Манай нийгэмд хохирогчийг буруутгах хандлага давамгай байгаа нь хохирогч дуугаа хураах, хүчирхийлэгч өөхших боломжийг бий бүрдүүлж байна. Бид хүчирхийлэл үйлдэгчээс яагаад бусдын эрхэнд халдаж хэрэг үйлдсэнийг нь асууж, таслан зогсоохын оронд хохирогчоос яагаад, яаж яваад хүчирхийлэлд өртчихсөн юм бэ мэтээр шалгаахад илүү их анхаарч байна. Тиймээс нийгмээрээ хохирогчдыг хамгаалахад анхаарахын сацуу хүчирхийллийг өөхшүүлж буй хандлагыг өөрчлөх нь хамгийн гол зүйл болоод буйг онцолсон юм.

-Гэр бүлийн харилцаа нь хүчирхийлэлтэй байгааг хохирогч өөрөө таньж мэдэх хамгийн эхний шинж тэмдэг нь юу вэ?

-Хүчирхийлэл бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн гээд маш олон хэлбэрээр илэрдэг тул яг оноосон шинж тэмдгээр хязгаарлагдахгүй. Тухайн хүн харилцаандаа таагүй, ямар нэг айдас, дарамт байгааг мэдэрч эхлэх нь эхний дохио байж болно. Нөгөө талаас хүчирхийлэлд өртөж байгаа хүн өөрөө зогсолтгүй эргэх сэтгэл гутралын тойрогт орох нь олонтаа тул түүнийг давж, зориг гарган дуугарахад нь эргэн тойрны хүмүүс, хамт олны дэмжлэг чухал. Учир нь хохирогч “би хүмүүст хэлж, тусламж хүслээ гэхэд тэд юу гэж бодох бол, намайг буруутгах болов уу, туслах болов уу” гэх мэт эргэлзээтэй байдаг. Тиймээс хэн нэгэн хүчирхийллийн хохирогч болсоноо танд хандан илэрхийлбэл та үл тоох, няцаах бус харин тусламж, зөвлөгөө авч болох мэргэжлийн байгууллагад очиход нь туслаарай. Түүнчлэн, хүчирхийллийн хохирогчийг хөндлөнгөөс хараад “хүчирхийлэгч хүнээс шууд салаад явах хэрэгтэй” гэх мэтээр их амархан дүгнэх нь бий. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл бол гудамжинд танихгүй хэн нэгний халдлагад өртөхөөс огт өөр, онцлогтой. Наад зах нь тухайн хоёр хүн хайр сэтгэлээр холбогдсон, тэр хүндээ итгэдэг, уучилдаг, дахиад бүх зүйл өөр болно гэж найддаг, дундаа хүүхэд, эдийн засаг, байр, санхүү, зээл, нэр төр гээд олон зүйлээрээ холбогдсон тул нэг өдөр гараад гүйчихэж чадахгүй гээд олон хүчин зүйл нөлөөлж байдаг.

-Нэг үеэ бодвол гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэгч нэмэгдсэн гэдэг. Гэхдээ санамсаргүй алдаа хохирогчдыг эргээд эрсдэлд оруулах тохиолдол байдаг. Ер нь ийм үйл явдлын гэрч болсон хүн яах ёстой вэ?

-Дотны хүндээ сайн сайхныг хүссэндээ, нөхцөл байдал ноцтой болчихсон үед нь ч бид “Гэр бүл, үр хүүхэд, сайхан үеэ бод. Энэ зэргийн зүйл байдаг, бодож байгаа шиг чинь биш” гэх мэтээр хохирогчийн яриаг үгүйсгэснээр эргээд хохирогчийн дахин ярих, илэрхийлэх зүрх зоригийг нь мохоож эргээд жинхэнэ нөхцөл байдлыг саармагжуулан далдлах нь түгээмэл. Ихэнхдээ асуудал маш ноцтой болох хүртэл тухайн хүн тэвчдэг тул итгээд ярьсан үед нь зоригжуулах, итгэх нь чухал. Тэр дундаа хамгийн анхны итгэж хэлсэн хүний хандлага маш чухал тул яаран дүгнэлт хийлгүй мэргэжлийн хүн байгууллагад хандахыг зөвлөх хэрэгтэй. Учир нь итгэж хандсан хүмүүс нь мэдрэмжийг нь үгүйсгэвэл хохирогч дуугүй болж, өөрийгөө буруутган, цаашлаад хүчирхийлэл даамжирч эрүүл мэнд, амь насаараа хохирох хүртэл эрсдэлийг бий болгоно. Судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн 15-30 хувь нь л хүчирхийлэлд өртөж байгаагаа ойр дотнынхондоо мэдээлдэг байна. Түүгээр зогсохгүй, таны ойр дотны хэн нэгэн хүчирхийлэлд байгаагаа нууж байсан ч та ямар нэг зүйл мэдэрч байвал заавал асууж, ярилцахыг зөвлөж байна.

-Хохирогч сэтгэл зүйн маш хүнд байдалд орсон байдаг. Үүнийгээ даван туулахын тулд өөрсдөө юу хийх хэрэгтэй вэ?

-Хамгаалах байраар үйлчлүүлсэн эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгааг харвал хохирогч сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орсон байх нь элбэг. Чөтгөрийн тойрог гэдэг шиг, хүчирхийлэгч үргэлж “чи хэн ч биш, надаас өөр чамайг гэх хүн байхгүй, чи гараад хаачдаг юм” гэх мэтээр хэлж эсвэл гэр бүлийг нь заналхийлэх зэргээр сул дорой болгосон байдаг тул хохирогч нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Өдөр бүр нэг гэрт байдаг, маш олон зүйлээрээ холбогдчихсон нөхцөлд өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд байгаагаа, тэр гэрээс гараад цаашид амьдрах гарц байгаа гэдгээ олж харахад маш хэцүү. Ямар ч тохиолдолд хохирогч энэ бүгдийг ганцаараа давж туулах хэцүү тул дотны хүмүүс эсвэл мэргэжлийн байгууллагаас тусламж авах нь л гарц болно. Эргээд харвал, бид аливаа харилцаанд зөрчил, маргааныг харилцан ярилцаж, эерэгээр шийдвэрлэх аргад суралцаагүй байдаг тул зөрчил даамжирсаар эрх мэдлийн тэнцвэргүй харилцааны улмаас ихэнхдээ хүчирхийлэл болж хувирдаг. Тиймээс хосууд зөрчлөө эерэг аргаар шийдвэрлэх гэж хамтдаа зорих, боломжгүй бол хамтдаа сэтгэлзүйч, мэргэжлийн хэн нэгнээс эрт тусламж авах нь ирээдүйд үүсэх сөрөг үр дагаваруудаас урьдчилан сэргийлэхэд чухал.

-Хүмүүс хамтрагчтайгаа олон талаар холбогддог нь гарцаагүй. Гэхдээ зарим нь харилцааг орхиж, нөхцөл байдлаас гарч чаддаг. Харин орхиж чаддаггүй нь ямар шалтгаантай байдаг юм бол?

-Хүчирхийлэлд байгаа хүний нөхцөл байдлыг бид бүрэн мэдэрч чадахгүй. Жишээ нь, нэн түрүүнд эдийн засгийн байдал нөлөөлдөг. Тухайн хүн хүүхдүүдээ дагуулаад гэрээсээ гараад айлаар хэд хонолоо, төрсөн гэртээ эргэж очиход хэрхэн хүлээж авах уу, дараа нь хаачих уу, хэрхэн амьдрах уу гэх мэт эдийн засгийн хүчин зүйл хамгийн том шалтгаан болж байна. Өөр хэн нэгэн хөндлөнгөөс нөхцөл байдлыг хараад, шийдвэр гаргахад амархан мэт санагдах боловч яг бодит байдал дээр энэ бүхэн нэг өдөр орхиод гарчих тийм амархан биш байдаг. “Юмс, үзэгдэл харагдаж буй шигээ энгийн биш” гэдэг үг байдаг шүү дээ. Тэр дарамт, хүчирхийллийн нөхцөл байдлаас гарахад гэр бүл, найз, нөхөд, хамт олон, цаашлаад мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг, тусламж зайлшгүй хэрэгтэй.

-Хүчирхийллийн хохирогчдыг эдийн засгийн хувьд чадавхжуулах бүтэц, үйлчилгээ улсад байна уу?

-Өнөөг хүртэл хохирогчдыг хамгаалж, чадавхжуулах ажлын дийлэнхийг ТББ-ууд хийж ирсэн. Хохирогч хамгаалах байранд хэд хонохоос өөр дорвитой үйлчилгээ улсад алга. Хамгаалах байрнаас гараад аюулгүй байх эсэх, гараад хаачих, яаж амьдрах, ямар ажил хийх нь тодорхойгүй. Хөл дээрээ босож, эдийн засгийн хувьд бие даатлаа түр хугацаанд байрлах байртай байж л тухайн хүнд цаашдаа хөгжих боломж, цаг хугацаа өгнө. Орон нутагт бол бүр хүнд. Бүгд бие биенээ таньдаг тул хохирогчид очих газар ч байдаггүй гэх мэт асуудлууд байна. Хэрэв гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо сайн ажилладаг бол санхүүгийн эх сурвалжтайгаа золготол нь тодорхой хэмжээнд дэмжих систем байх ёстой. Үүнийг хүний эрхийн хангах, хамгаалах үндсэн үүргийнхээ дагуу төр нь мэргэжлийн ТББ-уудаар дамжуулан хийх учиртай. Энэ системийг зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчоос гадна хүн худалдаалах гэх мэт бусад төрлийн гэмт хэргийн эмзэг нөхцөлд байгаа гэрч, хохирогчийг хамгаалах, цаашид нийгэмд хөл дээрээ босох дэмжлэг болгож өргөжүүлэх шаардлагатай.

-Хохирогчийг чадавхжуулах ямар загвар олон улсад үйлчилдэг бэ?

-Скандинавын болон Шинэ Зеланд зэрэг улс, АНУ-ын зарим мужид гэрч, хохирогчид өөр газар шилжин суурьших зардлыг нь олгох, дараагийн ажилд, хийж чаддаг зүйлээ эрхлэхэд нь зуучлах, тэр хүртэл нь хямд орон сууцаар хангах зэрэг үйлчилгээг төсвийн зардлаар санхүүжүүлдэг. Харамсалтай нь энэ систем манайд санхүү, эрх зүйн орчны хувьд үйлчлэх боломж байхгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн ихэнх хохирогч хүүхдээ дагуулаад гардаг. Гэтэл ийм үйлчилгээ байхгүй тул хүүхдийнх нь сурч боловсрох болон бусад эрх зөрчигдөж, хүүхэд ч бас эрсдэлд орох нь бий.

-Хүчирхийллийн хохирогч зөвхөн эмэгтэйчүүд биш. Монгол эрчүүдийн дундаж наслалт богино. Нийгмийн зүгээс гэр бүлээ авч явах, санхүүгийн бүх ачаа дарамт тэдний нуруун дээр ирдэг. Тэдэнд чиглэсэн ямар бодлого, хандлага чухал вэ?

-Жендер гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн л асуудал гэсэн өрөөсгөл ойлголт байдаг, гэтэл бид жендэрийн тэгш эрхийн хангахын тулд эрэгтэй, эмэгтэй, өөр хүйсийн гээд бүх хүсүүстэй ажиллах, энэ нь эргээд хүн бүрт ээлтэй нийгмийг бий болгох алсын хараа юм. Нэг жишээ нь, өнөөдөр эрчүүдээ яаж өсгөж хүмүүжүүлдгээ эргэн харах чухал. Хүүхдээ багаас нь хайр энэрэл, харилцаа, халамж төрүүлдэг бус зөвхөн зодоон, тулаантай тоглоомоор л тоглуулж, “эр хүн уйлдаггүй, хатуужилтай, бүхнийг давж гарах ёстой” гэх мэт хэт нэг л талыг барьсан зан үйл, чадваруудыг хөгжүүлээд байвал эрэгтэйчүүд маань нээлттэй ярилцдаг бус, асуудлыг нударгаар шийдэх хандлагатай, бухимдал, мэдрэмж, алдаа оноогоо гадагшаа хуваалцах боломжгүй, бүхнээ дотроо тээдэг хүн болчихоод байна. Үүний хажуугаар эр хүн л болзохоос эхлээд, гэр бүлээ тэжээж мөнгө олох ёстой гэсэн амаргүй “үүрэг” ачааг үүрүүлчихдэг, чадахгүй бол чи эр хүн биш, удирдагч, шийдвэр гаргагч байх ёстой, тийм биш бол чи эр хүн биш гэх мэтээр явцуу дүрд хайрцаглана. Тэдгээр дүрд нь хүрэхэд амаргүй байгаад гутарлаа, сөхөрлөө гэхэд хатуу чанга, хүчтэй бай хэмээн эерэгээр гадагшлуулах, хуваалцах эрх ч өгдөггүй ингээд эцэстээ энэ бухимдлаа архиар тайлна, цаашлаад хүчирхийлэгчийн авир гаргахад хүрч байна. Өсгөн хүмүүжүүлж, бүтээж буй арга, хандлага маань ийм байдалд хүргэсэн болохоос биш тэд төрөхдөө хүчирхийлэгч байгаагүй, эсвэл хэн нэгэн хүчирхийлэл үйлд гэж тэдэнд нэг өдөр хэлээгүй. Дээрээс нь эрэгтэйчүүд маань өвчний нас баралтаар дэлхийд тэргүүлдэг боллоо. Мөн эмэгтэйчүүдээсээ есөн насаар богино наслаж байна. Энэ бүгд бидний “жинхэнэ эр хүн” гэж хэнийг бүтээгээд байгаагаа эргэж харах сануулга болж байна. Охидын хувьд ч ялгаагүй. Зөвхөн хүүхэлдэй, гал тогоогоор тоглуулснаас сэлэмээр тоглуулж, өрсөлдөх, тэмцэх мэдрэмж өгч, зоригтой, манлайлагч болгоход анхаарах цаг болсон.

-Монгол эрэгтэй хүний дүр бол уламжлалын явцад бүрэлдсэн, нэг ёсондоо шалгуур давж гарч ирсэн. Одоо энэ дүр таарахгүй болсон шалтгаан нь юу вэ?

-Өмнө нь бүх зүйл болоод ирсэн гэж харахад хэцүү. Магадгүй олон арван жилийн өмнө хүний амьдрах хэв маяг, ахуй өөр үед болж байсан мэт харагдаж болох, гэтэл өнөөгийн нийгмийн энэ хэв маягт тэр хэвшмэл ойлголт, дүр төрх хэр бууж байна гэж асуух чухал. Өмнө нь байгальдаа ойр, ан болоод аян дайн их хийдэг байсан тул бие физиологийн хүчээр амьдардаг байсан нь үнэн. Одоо бол нөхцөл байдал өөр болсон тул эрчүүдээ дайнд бэлдэж буй мэтээр хүмүүжүүлэх ёстой юу эсвэл нийгмийн харилцаанд өөрөө өөрийгөө авч гарч чаддаг, стресс бухимдлаа зөв тайлж чаддаг, харилцан ярилцаж, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлж чаддаг хүн болгосон нь дээр үү. Эрчүүдэд жендерийн асуудал байгаа нь үнэн. Гэхдээ үүнийгээ нээлттэй ярихад нөгөө олон юм ярьдаггүй гэх “монгол эр хүн”-ий хэвшмэл дүр саад болоод байна шүү дээ. Аливаа соёлд сайн, муу холилдон байдаг. Соёлоо авч үлдэнэ гээд одоо үед тохирохгүйг нь чирээд ухраад байж болохгүй. Бид авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй.

-Олон улсын туршлагаас харахад энэ салбарт хурдтай ахиц гаргасан ямар улс байдаг вэ?

-Скандинавын орнууд гэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгэмд ижил үнэ цэнтэй, тэнцвэртэй амьдруулахад чиглэсэн олон бодлого, зохицуулалт хэрэгжүүлж байна. Жишээ нь хүүхэд нь төрөхөд эцэг, эхэд нь цалинтай чөлөө ижил тэнцүү олгодог болсон. Ингэснээр ажил олгогч тухайн хүн хэн ч байсан чадварт үндэслэн ажилд авах шийдвэрээ гаргаж байна. Өмнө нь зөвхөн эмэгтэй хүнд ийм чөлөө олгодог байхад эмэгтэйчүүд хүүхдээ төрүүлээд удаан хугацаагаар чөлөө авах нь ажил олгогчид эрсдэлтэй байсан учраас эрэгтэйчүүдийг ажилд илүү авахад нөлөөлдөг жишээтэй. Судалгаанаас харахад ийм зохицуулалт хийсний дараа эрэгтэйчүүдийн стресс ч багассан. Хүүхдээ харж хайрлаж, өсгөж хүмүүжүүлж байгаа эрэгтэйчүүдийн аз жаргал, хайр энхрийллийн мэдрэмж нь илүүтэй нэмэгдсэн. Тиймээс жендерийн тэгш оролцоог хангах нь тухайн хүн, гэр бүл, ажил олгогч болоод нийгэмд ч эерэг нөлөө авчирч байна. Гэтэл монгол эрчүүд маань мөнгөний машин шиг өдөр болгон ажиллах ёстой, хүүхэд нь төрвөл долоо хоногийн л чөлөө авч байх жишээтэй.

-Хүчирхийллийн төрлүүдээс хамгийн гутамшигтай нь нийгэмд арай дэндүү газар авсан байна. Ялангуяа бага насны хүүхдүүд маань бэлгийн хүчирхийлэлд их өртдөг болсон. Бэлгийн хүчирхийлэгч үнэхээр тийм олон болчихсон хэрэг үү?

-Мэргэжлийн сэтгэлзүйч илүү нарийн хариулах байх. Ерөнхийд нь харвал нийгэмд өөрийгөө барьж чаддаггүй, физиологийн шалтгаантай, төрөлхийн хүчирхийлэгч зан авиртай хүн цөөхөн шүү дээ. Харин олонх тохиолдолд нийгэм хүчирхийллийн эсрэг хангалттай хөдлөхгүй дуугарахгүй үед “энэ бол болдог л зүйл, угаасаа ингэлээ гээд намайг яавал гэж” гэсэн хандлага хүчирхийлэл үйлдэхийг өөгшүүлсээр байна. Найзуудын уулзалт, үдэшлэг дээр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдлыг буруу, гэмт хэрэг үзэхгүй, харин хохирогчийг буруутгасаар байгаа учраас л болзооны хүчингийн асуудал нуугдмал хэвээр байсаар байна. Эхнэрээ зодож байгаа хүн ч гэсэн ялгаагүй “миний гэр бүлийн асуудалд хэн орж ирж, юу хэлэх юм бэ, би эхнэрээ мэднэ” гэсэн, өөрөөр хэлбэл намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэх хандлага өөгшүүлсээр байдаг. Бид хүчирхийллийг хүлээн зөвшөөрдөг хандлагыг өөрчлөхийн тулд, үр хүүхдэдээ илүү эерэг нийгмийг бий болгохын тул дор бүрнээ хүчирхийлэлд үгүй гэж хэлэх хэрэгтэй. Бид дор бүрнээ үр хүүхдээ хамгаалахаар зогсохгүй, бүгд хүчирхийллийн эсрэг дуу хоолой гарган тэмцэх чухал, учир нь тэд энэ нийгэмд л хөл тавж амьдрана шүү дээ.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Онлайнаар суралцах боломжууд

 0 сэтгэгдэл

Коронавирусийн цар тахлын улмаас хөл хорио тогтоож, ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн оюутнууд цахим хичээлд хамрагдаж буй. Өдгөө дэлхий дахинд онлайнаар суралцах олон боломж бий болсон бөгөөд 1.2 тэрбум сурагч цахимаар суралцаж байна. Хөл хорионы үеэр цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, цахимаар суралцах үр дүнтэй боломжуудыг толилуулж байна.

hicheel.mn-д бүх теле хичээлийг байршуулсан

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас сурагчдад зориулж ЕБС-ийн болон цэцэрлэгийн теле хичээлүүдийг hicheel.mn сайтад үнэгүй байршуулж ашиглах боломж олгож байна. 

Давуу тал: 

» Нөхөж үзэх боломжтой 

Khan Academy-н бүх хичээл үнэ төлбөргүй

Khan Academy нь ашгийн бус, онлайн хичээлийн платформ юм. Тус сайтын математик, компьютер, программ хангамж, эдийн засаг, санхүү, англи хэл зэрэг олон төрлийн хичээлд хамрагдах боломжтой. Мөн нэгдүгээр ангиас эхлээд төгсөх ангийн сурагчдад зориулсан хичээлүүд ч бий. Хичээлүүд англи болон монгол хэл дээр байдаг бөгөөд олон улсын стандартад нийцсэн байдаг. Түүнчлэн SAT, LSAT, GMAT гэх мэт шалгалтад бэлдэх хичээлүүд, ахисан түвшний мэргэжлийн хичээлүүд бий. 

Давуу тал: 

» Хэлний мэдлэгээ сайжруулах боломж 

» Үнэ төлбөргүй 

» Бүх насныханд зориулсан 

» Олон улсын стандартад нийцсэн 

Google Classroom-ийг үнэ төлбөргүй ашиглаарай

Танхимын сургалтад хамрагдаж буй мэт эмх цэгц, зохион байгуулалттай мэдлэг авах боломжтой үнэ төлбөргүй боломж бол Google Classroom юм. Сургалтын менежментийн энэхүү системээр дамжуулан багш хичээл, шалгалт, хэлэлцүүлэг, дүн зэрэг бүх мэдээллээ нэгтгэн оруулж, сурагчидтайгаа харилцаж болно. Оюутнуудад илүү тохиромжтой. 

Давуу тал: 

» Үнэ төлбөргүй 

» Хичээлийн материалаа хуваалцах, видео, шалгалт, даалгавар оруулах 

» Цэгцтэй бүтэц

EDX ашиглан дэлхийн хэмжээний боловсрол эзэмшээрэй 

EDX бол гадаад хэл, технологи, эрүүл мэнд, бизнес санхүү, урлаг зэрэг 2000 гаруй төрлийн курс хичээлийг санал болгодог онлайн сургалтын сайт юм. Хичээлүүд нь төлбөртэй болон төлбөргүй гэсэн хоёр төрөл бөгөөд хэрвээ та мэдлэгээ баталгаажуулж, сертификат авахыг хүсвэл төлбөртэй хичээлийг сонгох ёстой. Тус сайтад байршсан хичээлүүдийг дэлхийн топ сургуулиудын профессор, багш нар заадаг. Мөн онлайн хичээлийн хөтөлбөр нь дотроо аливаа нэг сэдвийн талаар гүнзгий мэдлэгтэй болоход чиглэсэн хичээл, их дээд сургуулиудын кредиттэй хичээл, мэргэжлийн чадварыг хөгжүүлэх гэх мэт ангилалтай. 

Давуу тал: 

» Үнэ төлбөргүй суралцах боломж 

» Чанартай боловсрол 

» Мэдлэгээ баталгаажуулж, гэрчилгээ авах боломжтой 

» Бүх төрлийн хичээл байршсан

Цахим сургуулийн системээр багштайгаа шууд харилцаж болно 

Манай улсад цахим сургуулийн системийг амжилттай хэрэгжүүлж буй “Амжилт”, “Интерактив” зэрэг хэд хэдэн компани бий. “Амжилт” компанийн хувьд “Амжилт 2.0 сургуулийн цогц систем”-ийг 2015 оноос хойш хөгжүүлж, өдгөө хувийн хэвшлийн ерөнхий боловсролын найман сургууль, хоёр их сургуульд амжилттай нэвтрүүлсэн. Энд дурдагдаад буй цахим системийг нэвтрүүлсэн сургуулийн сурагчид карантин тогтоосон өнөө үед ямар нэгэн агуулгын зөрөөгүйгээр хичээлээ үргэлжлүүлэн судалж буй бөгөөд тухайн хичээлийн багштайгаа шууд харилцаж, ирц бүртгэл, гэрийн даалгавраа хянуулах болон мэдлэгээ бататгаж байна. 

Давуу тал: 

» Хичээлээ нөхөж үзэх, live хэлбэрээр буюу шууд дамжуулалтаар заах 

» Сургалтдаа технологийн дэвшил ашиглаж, анимейшн, график үзүүлэх 

» Веб рүү нэвтэрсэн нөхцөлд ирц автоматаар бүртгэгдэх 

» Сургуулийн захиргаа, сурагч, багш болон эцэг эхчүүд өөр өөрийн нэвтрэх эрхээр хамтд ашиглах боломжтой 

» Сургуулийн бүх мэдээллийг нэгтгэн дата хэлбэрт шилжүүлж, багш болон сургуулийн ачааллыг хэд дахин хөнгөвчилдөг

A

Жижиг

A

Дунд

A

Том

"Энэ жил ЕБС-ийн сурагчдаас улсын болон анги дэвших шалгалт авахгүй"

 0 сэтгэгдэл

  • Хүүхдүүд улирлын шалгалтыг тухай бүрт нь өгч байгаа учир хичээлийн жилийн төгсгөлд нэгтгэж тооцон анги дэвшээд явах боломжтой
  • Хичээл орж эхлээд сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үзэх болон теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар сургалт явагдана

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын болон анги дэвших шалгалт авахгүй гэдгийг хэллээ. Ингэхдээ сурагчдыг зөвхөн явцын дүнгээр дүгнэх гэнэ. Тэрээр энэ талаар "Бид Боловсролын үнэлгээний төвтэй ярилцаж уг шийдвэрийг гаргалаа. ЕБС-ийн 5, 9, 12-р ангийн хүүхдүүдээс улсын шалгалт авахгүй. Хүүхдүүд хоцрогдсон хичээлүүдээ нөхөх, хичээлийн жилд үзэх ёстой судлагдахуунуудаа жигд сайн суралцаж төгсөх шаардлагатай байна. Математик, Монгол хэл, Гадаад хэл гэх мэт улсын шалгалтад авдаг хичээлүүддээ л анхаарч бусдыг анхаарахгүй орхигдуулах сул талтай байгаа учир энэхүү шийдвэрийг гаргалаа. Анги дэвших шалгалтыг цаашдаа ч авах шаардлагагүй юм байна гэж бид үзэж байна. Дэлхийн бусад улс орнуудад энэ төрлийн шалгалтыг авдаггүй. Хүүхдүүд улирлын шалгалтыг тухай бүрт нь өгч байгаа учир хичээлийн жилийн төгсгөлд нэгтгэж тооцон анги дэвшээд явах боломжтой. Дөрөв, тавдугаар сард 2019-2020 оны бүх хичээлийн хоцрогдлыг арилгаж жигд мэдлэгтэй төгсгөх тал дээр анхаар ажиллана. Харин ЭЕШ зурагдугаар сарын 8-11-нд улс орон даяар явагдана. Өнгөрсөн жилүүдэд сонгож үзэх болон заавал үзэх судлагдахуун гэсэн 3-4 хичээл байсан бол энэ жил зөвхөн заавал үзэх судлагдахуунаар авах болно. Сурагчид багш нартайгаа уулзан шалгалтад бэлдэх боломж хомс байгаа учир ийнхүү шийдвэрлэсэн. Өмнөх жил босго оноо 400 байсан нь энэ жил ч хэвээр байх болно. Гэхдээ шалгуулагч наана нь монгол хэлний шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд заавал өгнө. Хэрэв шалгуулагч уг шалгалтад амжилтгүй орвол, оролцож чадаагүй хүүхэд тавдугаар сарын 16-нд өгнө. Энэхүү хоёр шалгалтыг шалгуулагч заавал өгөх ёстой. Монгол хэлний босго оноо 400-г давж байж ЭЕШ өгөх боломжтой болно. Өнгөрсөн жил 18 мянган шалгуулагчид хамрагдсан ЭЕШ-ыг нэг цаг хугацаанд цахимаар явуулсан нь элдэв хэл ам дагуулалгүй маш амжилттай болсон гэж үзэж байна. Энэ жил 28 мянга орчим хүүхэд шалгалт өгнө. Хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байвал харин шалгалтын энэ байдлыг үргэлжлүүлэх боломжгүй. Гэхдээ бид энэ сарын 30-нд хорио цээрийн хугацаа дуусч хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдах байх хэмээн найдаж байна. Эс тэгвэл багагүй хүндрэлүүд гарах гээд байна" гэсэн юм. Хичээл орж эхлээд сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үзэх болон теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар сургалт явагдахыг онцоллоо. Тэрээр теле хичээл зааж байгаа багш нартай өнөөдөр уулзаж тэдний саналыг сонссон юм. Мөн теле хичээлээр заасан мэдлэгээ хүүхдүүд хэрхэн бататгах, нөхөж үзэх боломжгүй, алслагдсан бүсэд байгаа айл өрхийн хүүхдүүд хичээлээ хэрхэн үзэх зэрэгт өөрийн саналыг тусгаж мэргэжилтнүүдээс тайлбар авчээ.

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эхнэрээ дураар нь байлгах нь буруу гэж үү

 0 сэтгэгдэл

“Засгийн газрын мэдээ” сонин мэргэжлийн сэтгэлзүйчтэй хамтран бэлтгэдэг ээлжит зөвлөгөөгөө хүргэж байна. Энэ удаа “Улаанбаатар Эрдэм” их сургуулийн сэтгэл судлалын багш, сэтгэлзүйч Б.Батцэцэг уншигчдын асуултад хариуллаа. Хэрэв танд сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй.

Найз залуу маань намайг дахин хуурах болов уу

 -Би найз залуутайгаа үерхээд зургаан жил болж байна. Гэнэт л “Би чамд хэрэггүй. Чи надаас өөр хүнтэй илүү сайхан амьдарна” гээд надаас салсан. Тэр үед өөр охинтой харьцдаг байсан юм байна лээ. Сарын дараа би чамгүйгээр байж чадахгүй нь гээд эргээд ирлээ. Намайг дахин хуурах болов уу?

-Найз охин болон залуугаасаа өөр хэн нэгнийг сонирхох, түүнд татагдах үе хүн бүрт байдаг. Тухайн үед сонирхогч хүний байр сууринаас хандаад түүндээ бат итгэсэн бололтой. Таныг сэтгэл санаагаар унагааж, хүнд байдалд оруулахгүйн тулд тэгж хэлсэн байх. Хэсэг хугацаанд өөр хүнтэй харьцаад үзсэн боловч тан шиг түүнийг хайрлахгүй, мөн танд илүү их хайртайгаа мэдэрсэн учраас буцаад ирсэн. Тиймээс найз залуугаа дахин алдаа гаргахгүй гэдэгт итгэж, өөрт нь итгэх итгэл найдварыг сайн өгч хайрлавал ийм асуудал дахин гарахгүй.

Эхнэрээ дураар нь байлгалаа гэж ээж, аав уурладаг

-Эхнэрээ хэтэрхий их дураар нь байлгалаа гээд ээж, аав уурлаад байх юм. Би айлын ганц эрх охиныг авч суусан нь үнэн. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам гэрийн ажил хийж сурна гэж боддог. Намайг хоол хийж, гэрээ цэвэрлэж байхыг ээж харчихаад уурлаж, “сал” гэсэн. ингэж сүржигнэх нь буруу биз дээ?

-Гэр бүлийн ийм маргаантай асуудлыг шийдвэрлэх гарц бол бие биедээ итгэх илтгэл, хайр халамж юм. Тиймээс үүнийг асуудал мэт хүлээн авалгүй, эхнэртэйгээ хамт гэрийн ажлаа хийж, урам өгөн сургаж сайн ярилцах үед амархан намждаг. Яагаад гэвэл таны эхнэрээ хайрлах чин сэтгэл үнэхээр гайхалтай учраас ямар ч эмэгтэй хүн үүнийг ойлгож өөрөө өөртөө анхаарал тавьж алдаагаа засах алхам хийдэг. Аав, ээжийн үг хэдий үнэн ч үүнийг зөвөөр ойлгуулахын тулд та хоёр хичээж, асуудлаа шийдвэрлэх гарцыг ярилцаад хэрэгжүүлээрэй.

Аав маань ирээд дүүг маань аваад явна гэвэл яах вэ

-Эцэг өөртэй ч би дүүгээ маш их хайрладаг. Гэтэл том болох тусам үгэнд орохгүй юм. Аав нь бидэнтэй хамт байдаггүй. хоёр настай байхад нь хамт байсан боловч таван жил нэг ч удаа холбоо бариагүй аавыгаа байнга ярина. Аав нь ирээд дүүг минь аваад явна гэвэл яах вэ?

-Эцгийн хайр үгүйлэгдэж, аавыгаа санаад байгаа болохоор дүү тань үгэнд орохгүй байгаа юм. Тиймээс дүүгээ аавтай нь хааяа нэг уулзахыг зөвшөөрөх хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам энэхүү байдал даамжрах магадлалтай учир даруй арга хэмжээ авахыг зөвлөж байна. Дүү чинь таныг хэзээ ч орхихгүй гэдэгт итгэлтэй байгаарай. Тэр хүнд охинтойгоо уулзахгүй байх шалтгаан байгаа гэдгийг ойлгож, чи ч гэсэн аавд нь сайн хандах хэрэгтэй. Хүн хүнээ хайрлаж байж, хайрлагддаг учраас дүүдээ маш их хайртай гэдгийг аавд нь сайн ойлгуулан, ярилцахыг зөвлөе. 

Өвөөгөөс болж гэрт хэрүүл үүсээд байна

-Өвөө маань одоо 70 настай. Бидэнтэй хамт амьдардаг нь дүү бид хоёрт их яршигтай санагддаг. Яг л жаахан хүүхэд шиг аашилж, биднийг байнга загнана. Өвөөгөөс болж үргэлж гэрт хэрүүл үүсдэг. Яаж энэ асуудлыг шийдэх вэ?

-70 нас гэдэг бол хүний амьдралын хамгийн эмзэг бөгөөд өнгөрүүлсэн амьдарлаа дүгнэж, бие махбод сэтгэл санааны байдал хувьсан өөрчлөгдөж яг л хүүхэд шиг аашилж хандах үе болохоор ийм нөхцөл байдлыг сайнаар хүлээн зөвшөөрч тэвчих хэрэгтэй байдаг. Мөн энэ байдал хэцүү санагдаад байвал түр зуурын хугацаанд тусдаа амьдарч нөхцөл байдлын ялгааг сэтгэл зүйн үүднээс ойлговол ийм байдал хүнд хэцүү санагддаггүй болчихдог. Тиймээс гэрийнхэнтэй ярилцаж байгаад аль болох шийдвэрлэх гарцыг сонгоорой. Эргээд та нар ч гэсэн адилхан хөгширч энэ үеийг туулах учраас хэцүү сөрөг байдлаар бүү хүлээн аваарай.

Жирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй өсвөр насныхтай адил байдаг

-Би зургаан сартай жирэмсэн. Сүүлийн үед сэтгэл санаа тайван бус байх боллоо. Ямар ч шалтгаангүй эргэн тойронд байгаа хүмүүст уурладаг. Үүнийгээ мэддэг хэрнэ өөрийн эрхгүй аашлаад байх юм. Би яах вэ?­

-Ийм нөхцөл байдал жирэмсэн эмэгтэй бүрт тохиолддог учраас та үүнийг хүндээр бүү хүлээн аваарай. Хэсэгхэн хугацаа өнгөрөхөд асуудал тань амархан шийдэгдэх болно. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн тогтворгүй үетэй жирэмсэн эмэгтэйн сэтгэл зүйн онцлог яг адилхан байдаг. Энэхүү нөхцөл байдлаа арилгахын тулд аль болох өөртөө түвэггүй дуртай зүйлээ хийж, уурлах зүйл гарсан ч түүнийг түр хугацаанд тэвчиж, өөрийгөө завгүй байлгаарай. Мөн өөдрөг зүйлсийг бодож агаар салхинд гарч, эерэг энергиэр өөрийгөө цэнэглээрэй. 

Хайртай бүсгүйгээ байнга үнсдэг эрчүүдийн 75 хувь нь орлогтой

АНУ­-ын Калифорнийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд хайртай бүсгүйгээ үнсэхээс ичдэг залуучуудад эхнэрээ үнсэх даалгавар өгөхөд итгэмээргүй үр дүн гарсан байна. Залуучууд хайртай бүсгүйгээ хэдий хэр үнсэнэ төдий чинээ санхүүгийн орлого нь нэмэгдэж байжээ. Үнсэлтийн талаар янз бүрийн үзэл бодолтой хэдэн арван эрчүүдээс санал асуулга авсан байна. Үр дүнг нэгтгэн харахад хайртай бүсгүйгээ ихээр үнсдэг эрчүүдийн цалин байнга нэмэгдэж ирж байсан түүхтэй байв. Тиймээс хайртай бүсгүйгээ байнга үнсдэг эрчүүдийн 75 хувь нь өндөр орлогоороо гайхуулж чаддаг аж. Иймд эрдэм шинжилгээний ажилтнууд хайртай бүсгүйчүүдээ үнсэлтээр “мялааж” байхыг зөвлөж байна. Тэдний хэлснээр энгийн энхрийлэл нь сэтгэл санааг сэргээж, эрүүл, тэнцвэртэй харилцаа бий болгоход нөлөөлдөг аж. Мөн санхүүгийн өсөлтөнд нөлөөлж байгааг бодож үзэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Онлайн худалдаа хийхдээ анхаарах зүйлс

 0 сэтгэгдэл
  • Нэр эсвэл байгууллага нь тодорхойгүй газраас худалдан авалт хийх нь эрсдэл дагуулах сөрөг талтай
  • Тухайн бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг хүнээс зөвлөгөө авахад илүүдэхгүй. Бас нэмж хэлэх зүйл бол сэтгэгдэл бичсэн хүмүүс жинхэнэ хувь хүний хаяг мөн эсэхийг нягталж үзэх нь зүйтэй. Заримдаа хуурамч хаяг ашиглан эерэг сэтгэгдэл бичин эрэлтийг өсгөх арга ашиглах нь бий

Орчин үед хүмүүс гэрээсээ гаралгүй худалдаа хийх сонирхолтой болжээ. Үүнийг дагаад онлайн худалдааны зах зээл өргөжиж байна. Иймд онлайн худалдаа хийхдээ анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө бэлтгэлээ. Бараа бүтээгдэхүүнээ танилцуулж буй байгууллага хэр баталгаатай эсэхийг эхлээд шалга. Хэрвээ танд ямар нэгэн байдлаар тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой асуудал гарахад эргэж хандах эзэнтэй, гомдлыг хүлээн авах чадвартай, баталгаат байдлыг маш сайн харгалзах хэрэгтэй. Нэр эсвэл байгууллага нь тодорхойгүй газраас худалдан авалт хийх нь эрсдэл дагуулах сөрөг талтай. 

Зураг ба бодит байдал

Цахим сурталчилгааны зургийг ихэвчлэн студийн хэмжээнд тусгайлан авдаг. Гэрлийн тусгал, орчныг бэлдсэн тусгай зураг ашигладаг учраас таны анх бодож захиалсан болон бодит байдал хоорондоо зөрөх явдал багагүй тохиолддог. Иймээс та худалдан авалт хийхээсээ өмнө үүнийг маш сайн анхаараарай. 

Төлбөр нь уян хатан эсэхийг нягтлаарай

Хүмүүсийн хамгийн их эргэлзээг төрүүлдэг зүйл бол төлбөрийн нөхцөл байдаг. Зарим онлайн худалдаанд захиалсан бүтээгдэхүүн нь гар дээр ирэх хугацаа нь богино боловч төлбөрийн нөхцөл уян хатан биш байдаг. Иймээс сонголт хийхээсээ өмнө дахин нэг бодож үзэх хэрэгтэй. 

Бараа бүтээгдэхүүний талаарх зөв мэдээлэл бол хэрэглэгчийн сэтгэгдэл

Зах зээлд маш их өрсөлдөөн байдаг тул худалдаа эрхлэгчид, байгууллага өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хамгийн сайн гэж сурталчилдаг. Харин танд үнэнийг хэлж чадах зүйл бол хэрэглэгчийн сэтгэгдэл байх болно. Мөн хүмүүс их асууж, анхаараад байгаа зүйлийг хамгийн сайн мэтээр төсөөлдөг. Гэтэл үнэн хэрэгтээ чанар муутай байх нь бий. Тиймээс тухайн бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг хүнээс зөвлөгөө авахад илүүдэхгүй. Бас нэмж хэлэх зүйл бол сэтгэгдэл бичсэн хүмүүс жинхэнэ хувь хүний хаяг мөн эсэхийг нягталж үзэх нь зүйтэй. Заримдаа хуурамч хаяг ашиглан эерэг сэтгэгдэл бичин эрэлтийг өсгөх арга ашиглах нь бий.

Захиалсан бараа талаалагдахгүй бол буцаах боломжтой эсэхийг судал

Монголд бараа бүтээгдэхүүн худалдаж авахад хамгийн хэцүү зүйл бол “Зарагдсан барааг буцаахгүй” гэдэг тулган шаардалт. Нэг талаас худалдаа эрхлэгчдийн хувьд барааг буцаана гэдэг хүндрэлтэй хэдий ч хэрэглэгч мөн адил өөрийн хүлээлтэд хүрэхгүй, сэтгэлд нийцээгүй зүйл худалдан авна гэдэг хэцүү. Иймээс аль аль талдаа гомдолгүй байх худалдан авалтын уян хатан нөхцөлтэй эсэхэд анхаараарай. Бүтээгдэхүүний чанартаа эргэлздэггүй газруудад үргэлж ийм нөхцөл байдаг.

Урамшуулал, хөнгөлөлтийн мэдээлэл

Бизнес эрхлэгчид урамшуулал эсвэл хөнгөлөлтийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд хийж байдаг. Хэрвээ худалдан авалт хийхийн өмнө үүний талаар асуух эсвэл судлахгүй бол илүү ашигтай байж болох байсан боломжоо алдаж магадгүй. 

Гэр бүлийнхнийхээ размерийг мэдэж байх нь чухал

Ялангуяа онлайнаар хувцас худалдан авахдаа таарсан хэмжээ, размераа мэдэж байх нь чухал. Зарим хүмүүс онлайн худалдан авалтын дараа сонгосон хувцас нь багадаж, таагүй сэтгэгдэлтэй хоцорсон тохиолдол бий. Энэ нь тухайн худалдан авч буй зүйлийнхээ хэмжээг нарийн судлаагүйтэй холбоотой. Жишээлбэл, ази М размер нь европ S размерт тохирдог. Учир нь ази хүний биеийн онцлог, европ хүний биеийн харьцаа маш их зөрүүтэй байдаг. Заримдаа брэнд хүртэл өөрийн размертай байдгийг санаарай.

Дэлхийн шилдэг онлайн худалдааны сайтууд

Дэлхийн хамгийн алдартай мөн хамгийн том онлайн худалдааны сайт бол Amazon. 1994 онд Жефф Безос байгуулсан бөгөөд АНУ-ын Вашингтонд төв оффис нь байрладаг. Анх онлайн номын худалдаагаар гараагаа эхэлж маш хурдацтай шинэчлэл, төрөлжүүлэлт хийснээр хүний хэрэгцээтэй бүх зүйлийг борлуулах болсон юм. Төлбөрийн хялбар нөхцөл, хямдрал, шуурхай хүргэлт гэх мэт олон боломжийг хэрэглэгчид санал болгодог.

Гоо сайхан, хувцас загварын хамгийн том онлайн сайт бол мэдээж Английн Asos. Бүтээгдэхүүн худалдан авах, өөрийн эд зүйлээ борлуулахаас гадна хэрэглэгчдэд хувцас загварын сүүлийн үеийн чиг хандлагын мэдээлэл авах боломжийг олгодог. 

Электрон бараа, видео тоглоом, гэрийн тавилга, хувцас, чимэглэл, хүүхдийн тоглоом, спортын хэрэгсэл гээд хүний хэрэглээнд нийцэх бүх зүйлийг агуулсан сайт. Та эндээс өөрийн хэрэгцээ шаардлага болон төсөвтөө нийцсэн бүхий л зүйлийг олох боломжтой.

Интернетэд суурилсан, цахим худалдааны чиглэлээр мэргэшсэн, жижиг бизнесийнхэнд зориулсан дэлхийн хамгийн том B2B /business-to-business/ платформ юм. 1999 онд анх үүсгэн байгуулагдсан, одоо Хятадын Ханжоуд төв оффис нь байрладаг. Уг сайт нь Хятад болон Азийн орнуудад илүү өргөн ашиглагддаг бөгөөд хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ харьцуулж үзэх боломж, нууцлал бүхий төлбөрийн систем, шуурхай хүргэлтийг санал болгодог.