A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2925/

Хариуцлагагүй уул уурхайг төрийн шийдвэр өөгшүүллээ

“Нинжа” нар олширч, төсвийн орлого хумигдах нь

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2925/


Уурхайчдад барьсан Засгийн газрын гэнэтийн “бэлэг” нэг компанийн үүд хаалгыг хаах бус нийт салбарынханд “түгшүүр” авчирлаа. Хөрөнгө оруулалт татах яриа, хэлэлцээ хүртэл саатах хэмжээнд бизнесийн орчныг доргиож байна. Өмнөговь аймгийн гурвантэс сумын нутагт олборлолт явуулж байсан “Сауд гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бусаар ашигт малтмал олборлогчдод тун завшаантай хэрэг болж байна. Буух эзэн, буцах хаяггүй болсон уурхайн ашиглалтын талбайд “нинжа” нар “найрлах” боломжийг Засгийн газрын харалган шийдвэр олгосон юм. Өөрөөр хэлбэл, хариуцлагагүй уул уурхайг төр өөгшүүлж, эвдэрсэн талбайн хэмжээ дахиад хэдэн мянган га-гаар томрох муухай аюул нүүрлэлээ. Байгаль орчныг хамгаалах нэрээр харалган шийдвэр гаргаж, эсрэгээрээ хамгийн халтай зам сонгочихлоо. Хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангаагүйн улмаас “нинжа” нар амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь их. тэгвэл дээрх шийдвэр ийм үзэгдэл рүү улам хөтлөх нь гарцаагүй.

Ирэх оны сонгууль ойртох тусам татвар төлж, ажлын байр олноор бий болгодог, төсвийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлж буй уул уурхайн салбараа ийн хэмлэсээр байвал үлдэх компани ховор. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татна, хөрөнгө оруулагчдад боломж олгоно хэмээн Засгийн газрын сайд, дарга нар олон улсын болон дотоодын томоохон хурал, чуулганы хоймроос мэдэгддэг.

• Буух эзэн, буцах хаяггүй болсон уурхайн ашиглалтын талбайд “нинжа” нар “найрлах” боломжийг Засгийн газрын шийдвэр олгосон юм.

• Сонгууль ойртох тусам татвар төлж, ажлын байр олноор бий болгодог, төсвийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлж буй уул уурхайн салбараа хэмлэсээр байвал үлдэх компани ховор.

• Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсох болсноор төсөвт төвлөрөх орлого хумигдана. Орлогыг дагаад цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх боломж алсарна.

Хэдий тийм боловч хэлсэндээ хүрч чадах эсэх нь улам эргэлзээ төрүүлж байна. Тэднийг “далан худалч” нэрэндээ таарсан эрхмүүд болохыг гаргасан шийдвэрээс нь харж болно. Үүгээр зогсохгүй гаднын хөрөнгө оруулагчдад сөрөг “мессеж” хүрэх нь “Эрдэнэс тавантолгой”-н IPO бүтэлгүйтэх, Засгийн газрын олон улсын зах зээл дэх бондын ханшид хүртэл тааруу эрсдэл мөн.

Хөрөнгө оруулалт одоогоор ганц татахаар өрсөлдөх чадвартай уул уурхайн салбарт төр төмөр нүүрээ харуулах нь даанч нүдээ олсон шийдвэр болж чадсангүй. Ийм нөхцөлд юун шинэ хөрөнгө оруулалт мөрөөдөх билээ. Олборлох салбарынхан түгшсэн хэвээр, монголын бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэн нухчин даруулсаар байна. Нэг л өдөр үйл ажиллагааг нь хүч түрэн зогсоох вий гэсэн “айдас хүйдэс” дунд уул уурхайн салбарынхан ажиллах даанч боломжгүй. Компанид хариуцлага тооцож буй мэт боловч хариуцлагагүй уул уурхай дээрх шийдвэрээс үүдэн гаарч мэдэх эрсдэлтэйг монголын уул уурхайн ассоциаци анхааруулсан. Эдийн засгийн шилжилтийн үед олон мянган иргэн хувиараа ашигт малтмал олборлож, монгол орон даяар хаа сайгүй тархсан байдаг юм. Тэднийг бүхэлд нь “нинжа” гэж нэрлэх бөгөөд явсан газар болгондоо балаг тарьж, хууль бусаар мөнгөн ус ашиглаж байгаль орчны өмнө гэмт хэрэг үйлдсээр ирсэн нь их. Сүүлийн жилүүдэд бичил уурхайчид нэгдсэн зохион байгуулалтад орж, нөхөрлөл хэлбэрээр ажиллах болсон. Үүнийг дэвшил гэж хэлж болно. Харин ингэж ажиллахгүй, хууль бусаар ашигт малтмал олборлодог нь тоймгүй олон.

Нөхөн сэргээлт, орон нутгийн хамтын ажиллагаа, татвар, хураамжийн талаар “нинжа” нартай огт ярих боломжгүй. аймаг, орон нутгийн удирдлагууд ч “нинжа” нараас жийрхдэг. “Уул уурхайн олборлолт болон бусад үйл ажиллагааны эвдрэлд орж орхигдсон газрын тооллого”-оор улсын хэмжээнд 20 аймгийн 56 сумын 4321 га газар эвдрэлд орж орхигдсон гунигтай дүн бий. Энэ талбайн 40 гаруй хувь нь хувиараа ашигт малтмал олборлогчидтой холбоотой байна. Африк болон Латин Америкийн орнуудад “нинжа” нар хар ул мөрөө тод үлдээсэн түүхтэй. Учир нь, популист улстөрчдийнх нь харалган шийдвэр хөрөнгө оруулагчдыг үргээж, байгаагаа төрийн нэрээр дарамталсаар өнөөдөр Канад, австралийн хэмжээнд уул уурхайгаа хөгжүүлж чадаагүй.

Манай улсын ч гэсэн хөгжил, эдийн засгийн тамир тэнхээ сайжирч, өөдөлсөнгүй. Баялаг ихтэй ч баларсан орнуудын гашуун түүхийг Африк, Латин Америкийн араас Монгол Улс залгаж мэдэх нь гэдгийг зарим олон улсын хэвлэлүүд бичээд эхэллээ. Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсох болсноор төсөвт төвлөрөх орлого ч хумигдах нь гарцаагүй. Орлогыг дагаад цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх боломж алсарна. Уг нь үндэсний статистикийн хорооны мэдээллээр, улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 88.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хэт хэрэглээнээс татгалзах Шведийн Лагом хандлага

 0 сэтгэгдэл

  • Лагом гэх үгийг швед хэлнээс орчуулбал “хангалттай”, “яг таарсан” гэсэн утга илэрхийлдэг
  • Лагом хандлага нь эд материал төдийгүй хүн хоорондын харилцаанд ч нөлөөлдөг гэнэ. Швед хүмүүс ажил амралт, жаргал зовлон гэх мэт эсрэг тэсрэг зүйлсийн тунг маш энгийнээр тохируулдаг онцлогтой


Швед улсад сүү­лийн жилүүдэд лагом гэх шинэ чиг хандлага төлөвшжээ. Улмаар тус улсыг Lagomlandet буюу Лагом улс гэж нэрлэх нь бий. Энэхүү хэв маягийн гол философи нь бүх зүйлийн тунг нь тааруулж, алтан дунджийг олон, тэнцвэртэй амьдрах юм. Өөрөөр хэлбэл, тус улсын иргэд эерэг мэдрэмжийг эд зүйл бус нийгэмд оруулж буй хувь нэмэр өгдөг гэж үздэг. Швед хүмүүс өдөр тутамдаа зөвхөн нэн шаардлагатай зүйлийг хэрэглэж, хэт их эд материа­лаар өөрийгөө хүрээлүүлэн, амьдралаа ачаалуулахаас татгалздаг. Энэ хандлага нь зөвхөн эд материал төдийгүй хүн хоорондын харилцаанд ч нөлөөлдөг гэнэ. Тухайлбал, швед хүмүүс ажил амралт, жаргал, зовлон гэх мэт эсрэг тэсрэг зүйлсийн тунг маш энгийнээр тохируулдаг онцлогтой. Лагом гэх үгийг Швед хэлнээс орчуулбал “хангалттай”, “яг таарсан” гэсэн утгыг илэр­хийлдэг. Тус ойлголт нь хоол, дизайн, байгаль орчин гэх мэт амьдралын бүх салбарт хэрэгждэг. Гэхдээ эл хандлага загварын салбарт хүчтэй ноёрхдог ба Шведийн ихэнх дизайнер бүтээлүүдээ лагом хэв маягаар бүтээдэг байна. Жишээ нь Acne Studios, Filippa K гэх зэрэг брэнд хувцас урлахдаа илүү деталь, хэт их чимэглэл хэзээ ч ашигладаггүй. Үүний оронд тэд өдөр тутам болон онцгой тохиолдолд ч өмсөхөд тохиромжтой биед эвтэйхэн, минималист хувцас зохион бүтээдэг. Энэ хандлагын бас нэг гол зорилго нь хэрэглэгчдийг хүрээлэн буй орчинтойгоо зохицож амьдрахад уриалах юм. Дэлхий даашгүй их материал цуглуулах нь экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, байгаль орчинд хор хөнөөл учруулдаг. Тиймээс хэрэглээнээс таашаал авах үзлийг улс нийтээрээ үгүйсгэж буй нь сайшаалтай. Лагом хэв маягийг төлөвшүүлж буйтай холбогдуулан IKEA брэнд Live Lagom хэмээх төсөл хэрэгжүүлж байжээ. Төслийн гол зорилго нь нийгэмд экологийн боловсрол олгож, байгальд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэж хэвшихийг уриалах юм. Тэд аяныхаа хүрээнд эрчим хүчинд хэмнэлттэй чийдэн, зай гэх зэрэг байгаль орчинд ээлтэй гэр ахуйн эд зүйлс худалдаалах болсон. Дэлхий дээр зөвхөн хүн л амьдардаггүйг тунхаглаж буй лагом хандлага нь хүний шуналын эсрэг хэрэгжүүлж буй энгийн, хэрэгцээт арга юм.Улс бүрд өөрийн гэсэн амьдралын хэв маяг бий. Түүнчлэн зарим улсын амьдралын философи бусад оронд нөлөөлөх тохиолдол ч олон. Тухайлбал, Япон улсаас гаралтай минималист хандлага өдгөө дэлхий нийтэд хэт хэрэглээнээс татгалзаж, эко, эрүүл амьдрахыг уриалаад буй. Швед улсын лагом хэв маяг ч мөн ижил утга санаатай. Гэхдээ амьдралын бүх элементэд нөлөөлдөг болохоороо онцлог юм.


















A

Жижиг

A

Дунд

A

Том

Алдартнууд дуугарч байж бэлгийн дарамтын эсрэг тэмцэл үр дүнд хүрдэг юм

 0 сэтгэгдэл
  • Монголын тамирчдын эрх ашиг солонгос бүсгүйн өгзөгнөөс хямд гэж үү
  • Сонины нүүрэнд зураг нь тавигдсан зарим алдартай тамирчидтай уулзсан юм. Ерөнхийдөө манай сонины уриалыг дэмжих, зүй бус зүйлийн эсрэг тэмцэхэд санал нийлж байв. Гэхдээ ил тодоор дэмжих боломжгүй, олимп дөхсөн тул хэл аманд өртмөөргүй байна гэх хэвэнд цутгасан мэт хариулт хэлж байв


2006 онд Нью-Йоркийн жирийн нэг охин Тарана Брюкийн бэлгийн дарамтад өртсөн тухайгаа өөрийн зурагтай олон нийтийн сүлжээнд тавьж байв. Гэсэн ч түүний нэр хүндээ золиослон байж тэмцэхийг хүссэн энэ зоригт үйлдэл хүссэн үр дүнд хүрсэнгүй. Харин 2017 онд Америкийн алдарт жүжигчин Алиса Милан Бюркийн постыг сэргээн, Me too хаштаг хэрэглэн өөрийн сошиалд сүлжээндээ тавьжээ. Ингэснээр бүсгүйчүүд бэлгийн дарамтад өртөж байсан тохиолдлуудаа ээлж дараалан зоригтойгоор зарлаж, хүчирхийллийг эсэргүүцсэн хөдөлгөөн дэлхий даяар өрнөсөн юм. Улмаар Гвинет Пэлтроу, Эшли Жүдд, Женефер Лауренс, Ума Турман нарын Холливудын одод Me too-д нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох үйлсэд хувь нэмрээ оруулсан юм. Олон ч алдартан, эрх мэдэлтэн бусдад бэлгийн дарамт үзүүлж байсан нь үүгээр илэрч, жинхэнэ дүр төрх нь илчлэгдсэн билээ. Бюркийн 2006 онд эхлүүлсэн хөдөлгөөн 2017 онд сая дэлхий нийтийг хамарч чадсан бөгөөд үүний үр дүнд зөвхөн АНУ-д 2017 оны есдүгээр сараас 2018 оны есдүгээр сарын хооронд бэлгийн дарамтын 7500 тохиолдлыг шинээр илрүүлэн гаргажээ. Мөн “Одоо хангалттай” хэмээх сан байгуулагдаж, бэлгийн дарамтад өртсөн 3600 гаруй хүнд тусалсан байна. Жирийн нэг бүсгүйн эхлүүлсэн хөдөлгөөн ямар их үр дүнд хүрч болохын бодит жишээ энэ. Дэлхий нийтээрээ тэмцээд буй бэлгийн дарамт Монголд ч мөн байдгийг бүгд мэддэг ч зориглон илчилж, тэмцсэн нь үгүй, далд хэлбэрт оршсоор байна. Ялангуяа спортын салбар дахь эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөх тохиолдол их байгаа нь “Эмэгтэй удирдагч” сангийн хийсэн судалгаагаар нэгэнт ил болоод байна. Энэ талаар манай сонин нийтлэхдээ Монголын алдартай эмэгтэй тамирчдын зургийг эгнүүлэн тавьж, тэднийг зүй бус зүйлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалсан нь өчигдөр цахим орчинд багагүй хэл ам дагуулав. Тамирчдын зургийг зөвшөөрөлгүй ашиглалаа гэх шүүмжлэл ч ирж байна. Бидний хувьд ийм шүүмжлэл, буруутгал ирэхийг сайн мэдэж байсан ч спортын салбарын тэргүүлэгч бүсгүйчүүд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хохирогчдын төлөө бидний гаргаж буй эрсдлийг ойлгоно гэж найдсан. Энэ салбарт төдийгүй нийгэмд бугшсан бусармаг зүйлийн эсрэг тэмцэхийн тулд салбартаа хэдийн танигдсан, нэр хүндтэй, бусдад нөлөөлөх чадвартай хүмүүсийг уриалж, асуудлыг шийдэхэд дуу хоолойгоо нэгтгэхийг хүссэндээ ийм шийдэлд хүрсэн болохоо энэ ялдамд тайлбарлая. Хэрэв бид эрсдлээс зайлс хийж зааланд уйлаад сууж байгаа хэн ч танихгүй энгийн охины зургийг ашигласан бол олны анхаарлыг тэгтлээ их татах байсан гэж үү. Үүнийг уншигч та, энэ салбарын асуудлын тухай мэдэх байсан уу. Өдөр алгасахгүй гарч буй энэ их сенсаац дунд дарагдаад усанд хаясан чулуу шиг чимээгүй өнгөрөх байв. Харин тамирчдын зургийг тавьснаар нийгмийн анхаарлыг энэ асуудалд төвлөрүүлсэн нь нэг талаасаа монгол эмэгтэйчүүдийн амжилт юм. Эмэгтэй тамирчдад тулгардаг бэлгийн дарамтын асуудлыг бид орхихгүй, бусдыг уриалан дуудаж, цааш үргэлжлүүлэн дуугарсаар байх болно гэдгээ мөн дуулгая.Сонины нүүрэнд зураг нь тавигдсан зарим алдартай тамирчидтай уулзаж ярилцсан юм. Ерөнхийдөө манай сонины уриалгыг дэмжиж, зүй бус зүйлийн эсрэг тэмцэх болсон гэдэгтэй санал нийлж байв. Гэхдээ ил тодоор дэмжих боломжгүй, олимп дөхсөн энэ үед хэл аманд өртмөөргүй байна гэх хэвэнд цутгасан мэт хариулт хэлж байв. Ер нь өндөр амжилтад хүрсэн, алдах зүйл ихтэй тамирчид дарамтад өртөх магадлал илүү байгаа тухай тэрхүү судалгаанд дурдсан нь үүгээр мөн батлагдаж байна. Мөн зарим спорт холбоо манай сонины санаачилгыг дэмжиж, нэгдэж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлснийг дурдахад таатай байна. Судалгаанд оролцсон тамирчдын хариултаас харахад ихэвчлэн энэ төрлийн мэдлэг, мэдээлэл дутмаг, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана хандахаа мэддэггүй, би үүнийг тэвчиж гарах ёстой гэх үзэл давамгайлж байжээ. Энэ нь хүчирхийлэгчдийг улам давраадаг болохыг “Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн М.Болормаа манай сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн юм. Эмэгтэй тамирчдын эрх ашгийг хамгаалж, тэдэнд мэдлэг мэдээлэл олгох тал дээр холбогдох албаныхан шийд-вэртэй алхам хийх шаардлагатай нь эндээс харагдаж байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан ажлаар явж байхдаа Korean Air компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх дуулиан намдаагүйгээр үл барам улам өндрөө авсаар байна. Энэ асуудал нэгэнт Монголын хилээс хальж, олон улсын хэвлэлээр ч шуугисан хэвээр. БНСУ иргэнийхээ эрх ашгийг хэрхэн хамгаалдгийг бид энэ өдрүүдэд хангалттай харлаа. Монголын төрийн том албан хаагчийг хэрхэн "жижигрүүлж" буйг Солонгосын хэвлэлүүд хангалттай мэдээлэв. Тэгвэл улсынхаа нэрийг олон улсад цуурайтуулсан, өөрийн хөлс хүчээ урсган байж амжилтын төлөө тэмцэж яваа эмэгтэй тамирчид яагаад бэлгийн зүй бус дарамтад өртөх ёстой гэж. Нэгэнт ийм зүйл байсан хэвээр гэдгийг судалгаагаар нотолчихоод байхад чимээгүй суух нь зүйд нийцэх үү. Зураг тавьснаар тэднийг хүчирхийлэлд өртөж болох аюулаас сэрэмжүүлж байгаа хамгийн тод хэлбэр болохоос зарим нэгний ойлгож мушгиж байгаа шиг нэр хүндэд нь халдсан явдал огт биш билээ. Өнөөдөр бидний дунд бэлгийн хүчирхийлэл байна гэж Ме Тоо хөдөлгөөнд нэгдэн зургаа авахуулсан эмэгтэйчүүд, мөн энэ олон спортын алдартнуудыг бүгдээрээ хүчирхийлэлд өртсөн гэж хэн ч хэлдэггүй, бас боддоггүй юм. Харин тэд ингэж нүүр царайгаа гаргаж тэмцсэнээрээ хаана ч байдаг хамгийн далд, хүмүүсийн ойлгож мэддэг хэрнээ хэлж ярьж чаддаггүй хүчирхийллийг багасгахад, үгүй болгоход хамгийн үр дүнтэй тэмцэл болж байдаг юм. Монголын сор болсон тамирчдын эрх ашиг солонгос бүсгүйн өгзөгнөөс хямд гэж үү. Хэрхэвч ийм байж таарахгүй. Тиймдээ ч манай сонин шударга бус зүйлийн эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, спортын фронт дээр “дайтаж” яваа тамирчдыг энэ тэмцэлд нэгдэхийг уриалсаар байх болно. 










A

Жижиг

A

Дунд

A

Том

Боловсруулах үйлдвэрээ дэмжих бус сөхрүүлэх төлбөрт “баяртай” гэж хэлье

 0 сэтгэгдэл

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ИХ СУУДЛЫН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР АЛДАГДАЛ НЬ ХОЁР ИХ НАЯД ДАВСАН 2020 ОНЫ ТӨСӨВ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮНДХЭН БУУЛАА. СОНГУУЛИЙН ДАРАА АМЬДРАЛ УРЬДЫНХААРАА ҮРГЭЛЖИЛНЭ, УЛС ОРОНД ТУЛСАН ӨР ТӨЛБӨРӨӨ БАРАГДУУЛАХ ХУГАЦАА ЗОЛГОНО. ХАРАМСАЛТАЙ, ТӨСВӨӨ БАЙДГААРАА ТЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ЗӨВХӨН ӨНӨӨДРӨӨ БОДОН АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАЛТ ТӨЛБӨР АВАХ НЭРЭЭР БОЛОВСРУУЛАХ САЛБАРАА БАЛЛАЖ МЭДЭХЭЭР БАЙНА.

Засгийн газар зөвхөн өнөөдрөө бодон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах нэрээр боловсруулах салбараа баллаж мэдэхээр байна. Ирэх жилийн төсөв тойрсон маргаан намжих шинжгүй байна. Түүхэндээ байгаагүй өндөр зарлагатай төсөв УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газар уул уурхайгаас хамаг орлогоо олно гэж тооцоолсон. Сонгуулийн жил учраас байгаа нөөц, боломжоо тэд тултал нь ашиглахаар шийдсэн хэрэг. Гэвч Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр алдагдал нь хоёр их наядаар хэтэрсэн 2020 оны төсөв, түүнийг хэрэгжүүлэх Засгийн газарт хүндхэн буулаа. Сонгуулийн дараа амьдрал урьдынхаараа үргэлжилнэ, улс орон тулсан өр төлбөрөө барагдуулах хугацаатай золгоно. Харамсалтай нь, төсвөө байдгаараа тэлсэн Засгийн газар зөвхөн өнөөдрөө бодон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах нэрээр боловсруулах салбараа баллаж мэдэхээр байна. 12.9 их наяд төгрөгийн орлоготой байхаар төлөвлөсөн төсөв АМНАТ-ийн шийдвэрээс болоод 1.3 их наяд төгрөгөөр буурахаар болж байгаа. Баахан хөрөнгө оруулалт хийхээ зарлачихсан эрх баригчдад энэ хэмжээний орлого дутна гэдэг аюул. Төсвийн алдагдал ийм тохиолдолд одоо байгаагаас улам талийж өгнө гэсэн үг. Үүнийг бууруулъя гэвэл хөрөнгө оруулалтаа үр ашгаар нь эрэмбэлж, өөрсдийн үрэлгэн зардлыг хумих учиртай. Зөвхөн сонгуулийн жилийн төсвийг санхүүжүүлэхийн тулд дөнгөж хөл дээрээ тэнцэж буй боловсруулах үйлдвэрийнхээ өсөлт, хөгжлийг боомилж боломгүй. Эдийн засгийн тусгаар тогтнол аж үйлдвэржилт, хүнд үйлдвэрээс эхэлдэг. Тиймээс төсвийн орлого бодож холын зорилгоо умартана гэдэг төрийн зорих хэрэг биш юм. Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосноор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр үгүй болж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цухалдан байж илэрхийлсэн. Түүний эгдүүцэх нь аргагүй байх, төсөв нь орлогогүй болж байхад. Гэхдээ 1.3 их наяд төгрөгийн орлого олохын тулд хэдэн арван их наяд авчрах үндэсний аж үйлдвэрийн бодлогоосоо Монгол Улс ухарч болохгүй. Уул уурхайн салбарт ухаад зөөдөг нь бус угааж боловсруулдаг нь, нэмүү өртөг шингээдэг нь илүү хэрэгтэй байна. Улс орны амьдралд ч энэ хэрээр өөрчлөлт, дэвшил гардаг нь хууль. Уул уурхайн салбараас Засгийн газар 3.2 их наяд төгрөгийн орлого олох бөгөөд үүний гуравны нэгийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бүрдүүлэхээр байсан. Татвар бус төлбөрийн орлого. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх Үндсэн хуулийн Их суудлын хуралдааны гаргасан шийдвэртэй холбогдуулан Сангийн сайдтай эсрэг байр суурьтай байгаагаа хэвлэлээр илэрхийлсэн. Цэцийн шийдвэр гарсан цагаас хойш төсвөөс илүү АМНАТ олон нийтийн анхаарлын төвд байна. “Хоёр удаа АМНАТ авч болохгүй” хэмээн УИХ-ын даргаар ажиллаж байсан эрхэм хэлсэн. Монголын ашигт малтмалаар ажиллаж, амьдардаг 140 гаруй боловсруулах үйлдвэр бий. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарахаас өмнө бүгд АМНАТ-ийг дахин төлөхөөр байв. Өөрөөр хэлбэл, АМНАТ давхардсан байлаа. Энэ нь УИХ-ын хариуцлагагүй байдлаас улбаатай болохыг судлаачид хэлж байгаа юм. Гол хэргийн эзэн нь хууль тогтоох УИХ гэсэн үг. Дээрх Цэцийн гаргасан шийдвэрээс үүдэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газар ажиллаж эхэллээ. Энэ оны гуравдугаар сарын 26-нд Засгийн газрын хуулийг батлахаас өмнө Монгол Улс жонш баяжуулах, зэс баяжуулах, нүүрс угаах, гангийн үйлдвэр зэргээс дээрх татварыг авдаггүй байсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга онцолсон. Харин хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүгдээс нь авдаг болохоор өөрчилжээ. Уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэр хоёр янз байгаа бөгөөд дэргэдээ боловсруулах үйлдвэртэй компаниудад АМНАТ давхардахгүй юм. Харин тусдаа байгуулсан үйлдвэрт давхардал үүсээд байгаа аж. Боловсруулах үйлдвэрээ дэмжих бус сөхрүүлэх хуулийн өөрчлөлтийг УИХ даруй засахгүй бол байгаа үйлдвэрүүд нь хаалгаа барихад хүрэх нь. Иргэн С.Баярмаагийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл ч ихээхэн ул суурьтай байж, нэг бүтээгдэхүүнээс гурван хэлбэрээр төлбөр авахаас гадна НӨАТ гээд нийт дөрвөн төрлийн татвар авч байгааг гаргаж тавьсан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт бус УИХ-ын баталсан хууль өөрөө асуудлын бай, маргааны шалтгаан болоод буй. Боловсруулах үйлдвэрээ дэмжиж аж үйлдвэрийн цогцолбор байгуулах нь манай улсын олон жилийн хүсэл мөрөөдөл. Үүнийг бодит ажил болгоход боловсруулах үйлдвэрүүдэд АМНАТ ихээхэн чирэгдэл удахаар байгаа юм. Аж үйлдвэр хөгжсөн орнуудад боловсруулах үйлдвэр ДНБ-ий 30-40 хувийг эзэлж байхад манай улсад энэ дүн 10 хувиас ч хэтрэхгүй. Үүнийг хоёр, гурав дахин нэмэгдүүлж чадвал ам.долларын ханш буурна, айл өрхийн орлого ч нэмэгдэнэ гэсэн үг. Эрх баригч намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч томоохон ордыг түшиглэн нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжихээ амласан. Гэвч одоо үүсээд буй нөхцөл байдал энэ бүхний эсрэг байна. Засгийн газар ч уг асуудал дээр санал зөрөлдөж эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам боловсруулах үйлдвэрлэлээ авч үлдэхээр зүтгэж байгаа бол Сангийн сайд төсвийн орлого бодон гэдийж сууна. 







A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Пүрэвдорж: Манай компанийн нэрийг барьж Манжуур руу аялуулах нь олширлоо

Нэг хүн нас барсан асуудал “Хэрсүү жаал” гэх компанитай холбоотой юм билээ

 0 сэтгэгдэл


Монголдоо аял­лын топ компанийн нэг “Монгол аялал” компанийн шугамаар Манжуурын чиглэлд аялсан нэг хүн хоолны хордлогын улмаас нас барсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ мэдээлэл хэр үнэн болохыг “Монгол аялал” компанийн захирал Ц.Пүрэвдоржоос тодрууллаа. Тус компани 20 жилийн өмнө анх байгуулагдсанаасаа хойш аялагчдыг 27 оронд аялуулдаг болсон юм.

“МОНГОЛ АЯЛАЛ” КОМПАНИЙН НЭРИЙГ БАРЬЖ ХҮМҮҮСИЙГ АЯЛУУЛЖ БАЙГАА ТОХИОЛДОЛ ЦӨӨНГҮЙ ГАРАХ БОЛЛОО. ҮҮНИЙ УЛМААС НЭГ ХҮНИЙ АМЬ ЭРСЭДСЭН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРСАН. МАНАЙ КОМПАНИАР АЯЛАХ ГЭЖ БАЙСАН ХҮНИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ АВЧ ЯВСАН БАЙНА ЛЭЭ. ХУУЛЬ БУС ИЙМ ЗҮЙЛТЭЙ БИД ХЭЗЭЭ Ч ЭВЛЭРЭХГҮЙ.

-Цахим хэрэгслээр танай компанитай холбоотой нэг хэрэг цацагдаад байгаа. Тодруулбал, танай шугамаар Манжуур явсан нэг аялагч хоолны хордлогоор нас барсан гэх юм. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?


-Манайх аялал жуулчлалын салбарт 20 жил ажиллаж байна. Гэтэл сүүлийн үед манай компанийн нэрийг барин хүмүүсийг аялуулах тохиолдол цөөнгүй гарах боллоо. Үүнээс болж нэг хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг ч гарлаа. Энэ нь хувь хүн болон жижиг компаниуд манай нэрийг барьж хямд зардлаар авч явсан байна лээ. Энэ нь эргээд эрсдэл дагуулж байгаа юм. Манай компанид өмнө нь ажиллаж байгаад гарсан хэдэн хүн хялбар аргаар мөнгө олох гэж ийм зүйл сэдсэн байсан. Ер нь Манжуурт “Монгол аялал”-ын аялал нэр хүндтэй байдаг юм. Тиймээс тус хотод очсон ихэнх хүн “Монгол аялал”-аар явж байна гээд хуурамч нэр барьдаг юм билээ. Хямд, баталгаагүй аяллыг бүү сонгоорой гэж иргэдэд анхааруулж хэлмээр байна.

-Нас барсан хүнийг судалж үзсэн. Та нас барсан хүний тухай олж мэдэв үү?


-Судалж үзсэн. Гэтэл манай компаниар яваагүй юм билээ. Манайхаар явах гэж байсан хүнийг ямар нэгэн аргаар хууран мэхэлж авч явсан болж таарсан. Есдүгээр сарын эхээр Манжуур хотод 60 гаруй хүн хоолны хордлогод орж, нэг хүн нас барсан. Энэ нь бидний нэрийг барьсан “Хэрсүү жаал” гэх компанийн авч явсан хүнд тохиолдсон хэрэг юм билээ. Үүний хор уршиг хожим нь заавал гардаг болохыг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Ер нь хямд аялал байнга эрсдэл дагуулдаг. Манай компанийн нэрийг барьж хэд хэдэн удаагийн аялал зохион байгуулж, бидний үйл хэргийг санаатайгаар гутаах, нэр хүнд унагаах асуудал гарсанд үнэхээр харамсаж байна. Цаашид үнээр биш чанараар өрсөлдөхийг бусад аялал жуулчлалын ком-панид уриалмаар байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын томоохон компаниуд энэхүү уриалгад нэгдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол жижиг компани, эсвэл байгууллагад ажилласан хэн нэгэн дур зоргоороо бидний нэр хүндэд халдаж байна. Тиймээс хамтдаа таслан зогсооё. Шударга бус өрсөлдөөнийг үгүй болгохын тулд бид ямар ч компанитай хамтарч ажиллахад бэлэн байна.

-Нэр барина гэхээр яг яана гэсэн үг вэ. Тухайн хүн танай компанийн үнэмлэх, бичиг баримттай явсан хэрэг үү?


-Яг ч тийм биш. “Монгол аялал”-аас ярьж байна гэхээр л хүмүүс итгэсэн хэрэг. Биеийн байцаалт зэрэгтэй нь ч тодорхой танилцаагүй юм билээ. Манай компанид ажиллаж байгаад гарсан хүн “Монгол аялал”-ын салбарыг нээсэн гэж хүмүүст яриад жуулчид авч явсан байсан. Та бүхэнтэй уулзсан дээрээ хуурамч нэр хаяг зүүж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд хандаж нэг анхааруулга хэлье. Хятадын тал албан ёсны бус, нэр зүүсэн аяллуудыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж, журам гаргасан байна билээ. Тиймээс хүмүүс авч явж байгаа бол бүх зүйлээ албажуул. Хууль бус ажиллагаа битгий хий. Өөрсдийнхөө нэр хүндийг алдаж, хүмүүст чирэгдэл учруулна. Бидний нэрийг барьж аялал хийсэн хүмүүсийн зарим нь буруугаа хүлээж уучлалт гуйсан.

-Танай компаниар дамжуулж аялахыг хүсвэл заавал гэрээ хийх үү?


-Тэгэлгүй яах вэ. “Монгол аялал” компанийн байранд ирж гэрээ хийвэл илүү баталгаатай, найдвартай. Эрсдэл гарлаа гэхэд буух эзэн, буцах хаягтай байна гэсэн үг.

-Танай компаниар дамжуу-лан Манжуур-Улаанбаатарын аялалд явбал ямар үнэтэй байдаг вэ?

-250-280 мянган төгрөгийн үнэтэй. Бид дөрвөн одтой зочид буудалд жуулчдаа байрлуулдаг цорын ганц компани. Таван одтой зочид буудалд хоолыг нь өгдөг. Үнэ дагаж чанар яригдах ёстой гэдэг зарчмыг манай компани баримталдаг.