A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/638/

Харүмафүжи аваргын мөрөөдлийн эхлэл буюу “Шинэ Монгол”-ын шинэ ирээдүй

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/638/


Индэрт гарсан эмэгтэй “...Бусдын л адил Япон хэв шинжийн сургалттай “Шинэ Монгол” хэмээх сургуулийн талаар олны амнаас сайн мэдээ олонтаа сонсож байсан болохоор охиноо энэ сургуульд оруулсан юм. Үнэхээр гайхалтай сургууль. Тэгэхээр энд цугласан та бүхэнд ямар нэгэн зөвлөгөө хэлээч гэвэл “Хэрвээ хүүхэд чинь энэ сургуулийн элсэлтийн болзол, шалгалтад тэнцээд орсон л бол өөрсдийн зүгээс шалтгаалах зүйлд л санаа тавь, харин сургуулийн сургалтын чанар, арга барил, хүүхдэд олгодог олон талт төлөвшил гээд Монголын өөр ямар ч сургуулиас олж харж үл чадах тэр бүхнийг “Шинэ Монгол” л бүрэн бүүрэн өгч чаддаг юм шүү” гэж бардам хэлж чадна аа. Би хүүхэд, эцэг, эхчүүдэд хандан нэг зүйлийг онцлон хэлмээр санагдлаа. Юу гэвээс ямар хүсэл тэмүүллээр хаана хүрэх гэж, ямар түүхтэй сургуульд суралцаж байгаагаа хүүхэд бүр эцэг эхчүүд бүр маш сайн ойлгож, ухаарсан байх хэрэгтэй болов уу. Энэ бол хамгийн чухал суурь. Бид бүхэн Ж.Галбадрах багшийг маш сайн мэднэ шүү дээ. Түүний “Нар тэтгэсэн мөрөөдөл” гэдэг номыг уншаагүй хүүхэд, эцэг эх байдаг бол заавал уншаарай гэж захимаар байна.


Миний л хувьд энэ номыг уншсанаар бодол санаанд минь маш их өөрчлөлт гарсан юм. Охинтойгоо би сургуулийнх нь тухай, хүсэл мөрөөдлийнх нь тухай, ямар их боломж бололцоо түүнд минь байгаа тухай энэ номыг дахин дахин уншаад ярилцдаг юм...” хэмээн ярихыг би анхааралтай сонсож суулаа. Онц суралцдаг хүүхдүүдэд сургуулиас олгодог тэтгэлэгт тэрхүү эмэгтэйн охин тэнцсэн юм байна. Иймээс тэтгэлэг гардуулах ёслолд оролцож, олны өмнө үг хэлж байгаа нь энэ. Миний хувьд “Шинэ Монгол” сургуулийг эртнээс мэднэ. Тодруулбал 2000 оны яг өдийд Ж.Галбадрах багштай уулзан ийм сургууль байгуулж байгаа талаар сурвалжилж, монголчуудад анх дуулгасан түүхтэй. Түүнээс хойш 18 жил өнгөрч. Тухайн үед Галаа багшийг болон сургуулийг нь ийм амжилтад хүрнэ чинээ төсөөлж байсангүй. Дөнгөж л баригдаж байсан ахлах сургуулийн жижигхэн дөрвөлжин хүрэн байшин нь эдүгээ шил толь болон өргөжиж, инженер,технологийн коллеж, дээд сургуультай бүхэл бүтэн эрдмийн хүрээлэн болон цогцолжээ.


Арван найман жилийн өмнөхөөс ялгарах бас нэгэн онцлог нь “Шинэ Монгол”-ын талаар өдгөө олныг нурших огт шаардлагагүй болж. Нэгэн цагт энэ сургуулийг мэддэг хүн Монголд тун цөөхөн байсан бол эдүгээ мэддэггүй хүн бараг байхгүй болж,энэ сургуульд хүүхдээ оруулж,сургах нь эцэг, эхчүүдийн хувьд тэмүүлэл нь болсныг жил бүрийн элсэлтийнх нь үйл явцаас тодорхой харагддаг. Хамгийн гол нь энэ сургуульд өнөөгийн боловсролын тогтолцоонд үгүйлэгдээд байгаа жинхэнэ ЧАНАР баттай нутагшсан болохоор тэр л дээ. “Шинэ Монгол” сургуульд элсэж суралцах хүсэлтэй олон зуун мянган хүүхэд бүрт боломж олддоггүй нь хамгийн том бэрхшээл болжээ. Чанартай сургууль болгоныг дагадаг хяслан гэдэг энэ. Гэтэл ”Шинэ Монгол” сургуулийн шинэ салбар байгуулагдаж ирэх намар нээлтээ хийх гэж байгаа нь боломжийг нэмсэн үйл явдал болж байна. Бүр тодруулбал, Японы сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Бямбадорж, Ж.Галбадрах багштай хамтарсан хөрөнгө оруулалтаар Яармагт “Харүмафүжи-Шинэ Монгол 2” сургуулиа нээхэд бэлэн болж. Уншигчдадаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүднээс Галаа багшид хандсан юм. Тэрбээр ийн ярилаа.


Ж.Галбадрах: Сайн сургуулиас агуу сургуульд хүргэх нь ойрын минь зорилго

-Тантай уулзалгүй уджээ. Сургуулийнхаа шинэ салбарыг нээх гэж байгаад баяр хүргэе! Харүмафүжи Бямбадорж аваргатай хамтарч байгаа гэдгээрээ энэ мэдээ нийгэмд их содон хүрч байх шиг санагдсан. Миний мэдэх Галаа багш хэр баргийн хүнтэй хамтрах хүн биш л дээ. Яагаад гэвэл боловсролын талаар таны баримталдаг үзэл бодол, тавьдаг шалгуур, шаардлага шал өөр шүү дээ. Хамтрах санал тавьж байсан хэд хэдэн хүнд татгалзсан хариу өгч байсныг тань бас мэднэ. Тэгэхээр Харүмафүжид зөвшөөрсөн шалтгааныг тань эхлээд асууя?

-Чиний зөв. Үнэхээр боловс­ролын салбарт хамтрая гэдэг санал ирж байсан ч би зөвшөөрч байгаагүй л дээ. Шалтгааныг нь чи хэлчихлээ. Харин Харүмафүжи аваргын саналыг яагаад зөвшөөрсөн вэ гэвэл маш итгэлтэй залуу санагдсан учраас тэр. Мэдээж түүнийг өмнө нь сүмоч гэдгээр нь мэддэг байсан. Бусад бөхчүүдийн адил бодож явсан л даа. Гэвч түүнтэй илүү ойр танилцаж, хүсэл мөрөөдөл, үзэл бодлыг нь ойлгоод ямар мундаг залуу бэ гэж бодох болсон. Сүмогийн ертөнцийн оргилд хүрсэн хүн атлаа ихэмсэг зангүй маш даруу, хүнийг ялгаж харилцдаггүй, нээлттэй, халуун сэтгэлтэй, хамгийн гол нь зорилгоо ултай тодорхойлж, ямар сургуулийг яах гэж байгуулахаа маш сайн мэдэж байсан нь их сэтгэгдэл төрүүлсэн. Анх Монголдоо ийм нэг сургууль байгуулах гэсэн юм. Тантай хамтармаар байна гэж гурван ч удаа ирсэн л дээ.Түүний хүсэл мөрөөдөл, зорилго нь үнэн бөгөөд нийцтэй байсан болохоор ямар ч байсан дэмжээд зөвлөөд явъя гэсэн юм. Сүүлд хуриман дээр нь илүү дотно танилцаад жирийн нэг бөх барилддаг хүн биш болохыг нь бүр ч тодоор мэдэрсэн. Үнэхээр гоё, хүчтэй энергитэй, асар тэмүүлэлтэй, эрмэлзэл дүүрэн залуу. Би түүнтэй хамтрах шийдвэр гаргасандаа огт харамсахгүй. Сургуулийнхаа тухай ийм байна, тийм байна гээд бид хоёр их ярьж зөвлөлдөнө. Бямбаагаас их гоё шийдлүүд гардаг юм. Монгол хүн хамтарч чаддаг юм, хамтрахаараа ямар амжилтад хүрдэг юм гэдгийг бид хоёр харуулж чаднаа гэсэн гүн итгэл бий.

-Түүний боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа нь надад ч гэсэн гоё сэтгэгдэл төрүүлж байна. Ямар нэгэн банк, худалдаа, наймааны компани байгуулаад явж болох шүү дээ?

-Бямбааг маш өөр бодолтой, зорилготой, ухаалаг залуу гэж үнэлээд байгаа маань энэ шүү дээ. Надад аавынхаа тухай, ах дүү, хамаатан саднаа хүртэл яриад “Би хэзээ ч хүний итгэлийг алдахгүй ээ! Галаа багшаа танд аавынхаа нэрээр тангараглаж байна” гэж хэлсэн юм. Ер нь би чамайг өөртөө нь утсаар яриулъя, тэр нь ч зөв байх. Үнэхээр боловсролын салбарт хөрөнгө оруулсан хүн үр дүнг нь урт хугацааны дараа хардаг юм. Түүний зорилгоос нь ямар халуун эх оронч сэтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй болох нь харагддаг.

-Баярлалаа! Сайхан боломж байна. Ярианыхаа төгсгөлд Харүмафүжи аваргатай ярилцъя. Галаа багш аа, хорь шахам жилийн өмнө ярилцаж байхад Та сургуулиа олон япон хүний сайхан сэтгэл, туслалцааны багана дээр тулж байгаа болохоор ухарч, шантрах эрхгүй гэж байж билээ. Одоо”Шинэ Монгол” сургууль улам ч олон баганатай болж, өргөжжээ.

-Японд анх очоод улс гэдэг ингэж хөгжиж чаддаг юм байна. Энэхүү хөгжлийнх нь нууц боловсролдоо байдаг юм байна гэдгийг ойлгож авсан юм. Анх яаж эхэлж байсныг чи мэднэ шүү дээ. Японы сургуулиудад нэг онцлог байдаг л даа. Юу гэхээр хүүхдүүдийг сонгож шилж, шигшиж байж сургадаг. Монголчууд малыг заазалдаг шиг гэж ойлгож болох юм. Ингэж байж элитүүдийг гаргаж авдаг, бэлтгэдэг юм байна. Миний зорилго, хүсэл тэмүүлэл яг ийм юм. Тэгээд л зүтгэсэн. Тухайн үед өнөөдөрт хүрээд байгаа дүр зургийг төсөөлж ч байсангүй ээ. Анх ахлах сургууль байгуулна гэж бор зүрхээрээ зүтгэсээр энэ улаан байшингаа барьсныхаа дараа баярлаад уйлж суусан цагаа санаж байна.

Манай төгсөгчдөөс Монголын анхны Нобелийн шагналтнууд төрөн гарна гэдэгт эргэлздэггүй.

Тэгээд би санасандаа хүрлээ хэмээн дотнынхоо япон хүнд хэлэхэд нөгөөх маань “За яахав үнэлгээ өгвөл “С” л юм даа” гээд ийм хүнд нөхцөлд сургуулиа байгуулж чадсан хойно илүүг ч хийж чадна, зүтгэ гэсэнд их урам орж билээ. Яах гэж сургууль байгуулав даа гэж бодож, шантарч байсан ч үе бий. Сургуулийн маань хүүхдүүд, төгсөгчид миний зүүдлээгүй амжилтыг надад авчирсан. Хүүхдүүдийн маань чадвар, хүмүүжлээр япон хүмүүс бахархаж, тэднийг маань булаацалдах болсон нь юутай их аз жаргал гэж бодно. Энэ олон жилийн хугацаанд “Шинэ Монгол”-д суралцаж байгаа хүүхэд болгоныг өөрийнхөө хүүхдүүд гэж боддог. Ингээд зүтгээд ирэхээр сайн үр дүн гардаг юм байна. Анхны төгсөгчдөөс зургаан хүүхэд Японы их, дээд сургуульд тэтгэлэгээр явж байж. Дараа жилээс тоо нь найм, арав, хорь гээд өсөөд явчихсан. Одоо танай төгсөгчдөөс авъя, зардал мөнгийг нь даая гэсэн хүсэлт Японоос байнга ирдэг болсон. Энэ бүхэн асар урам өгдөг юм. 2010 онд сургуулийнхаа 10 жилийн ой болоход “Би энэ хугацаанд юу хийв ээ?” гэдгээ анх дүгнэж үзлээ. Өөртөө тэгээд дүн тавьсан.

-Мэдээж “онц” тавьсан байх аа?

-Сайнаас хэтрэхгүй гэсэн дүн тавьсан. Тэгээд сургуулиа агуу болгох зорилго тавиад зүтгэхээр шийдсэн. Тэр үед Жим Коллинзийн “Сайнаас агууд” гэдэг номыг уншиж байгаад “Сайн сургуулийг агуу сургууль болгож болно” гэсэн өгүүлбэр олж харсан юм.Ингээд дараагийн арван жилийнхээ зорилгыг тодорхойлсон хэрэг л дээ. Агуу сургууль гэж ямар байх юм вэ? гэдгээ тодорхойлсон. Жинхэнэ элитүүдийг бэлтгэн гаргадаг байх ёстой. Манай төгсөгчдөөс Монголын анхны Нобелийн шагналтнууд төрөн гарна гэдэгт эргэлздэггүй. “Шинэ Монгол” сургуулийн төгсөгчид ямагт бусдын сайн сайхны төлөө явдаг, амьдралын өөдрөг тэмүүлэлтэй,эрмэлзэлтэй, мөрөөдөлтэй элит хүний шинж чанар суусан байх болно. “Шинэ Монгол”-ын төгсөгч бүр аз жаргалтай, амжилтын эзэд байх, тийм хүнийг Монголдоо бид гаргаж өгнө гэсэн үзэл санааг боловсруулж гаргаж ирсэн юм.

Сургуулийн маань хүүхдүүд, төгсөгчид миний зүүдлээгүй амжилтыг надад авчирсан.

-“Шинэ Монгол” сургуулийн амжилт Монголын боловс­ролын салбарт ямар болом­жийг авчирсан бол оо?

-Тийм ээ, ер нь анхнаасаа л Монголынхоо боловсролын салбарт жишиг тогтооё гэж орж ирсэн. Эхлээд олон улсын жишиг гэж юу байдаг, сурах орчин, сургууль нь ямар байхын, багш нь ямар байхын, яаж хичээл, сургалт нь явахын, багш ажилтан, сурагчдын сахилга бат, хариуцлага ямар байхын жишгийг Монголдоо бий болгож чадсан. Гэвч санаанд хүрэхгүй л байна. Бүрэн дунд сургууль маань нэг багана байсан гэж үзвэл, одоо коллеж, технологийн дээд сургууль гэсэн багана нэмэгдлээ. Анхны төгсөгчид маань 30 гаруй настай байна гээд бодохоор Монголын ирээдүйн хөгжлийг бүтээх жинэхэнэ чадварлаг боловсон хүчнийг бид бэлтгэж байгаа. Монголд одоо бүтээгч инженерүүд хэрэгтэй байна. Тиймээс “Made in Mongolia”-г бүтээгчдийг гаргахаар зорьж байна. Мундаг боловсролтой, зөв бодолтой сайхан сайхан залуучуудаас урам орно. Тэд мөрөөдөл, зорилгоо ярьж орж ирдэг юм. Санаанд үнэхээр нийцдэг болохоор тэр болгонд би “Чиний мөрөөдөл бол яг миний мөрөөдөл”гэж хүлээж авдаг л даа. Эндээс үүдэн Ш.Буянжаргал гэдэг залуутай Технологийн коллеж, Ч.Ганзоригтой Технологийн дээд сургуулиа байгуулсан. Бас манай сургуулийн төгсөгч, шавь Э.Зулгэрэл, Д.Хишигээ нартайгаа хамтран “Бяцхан Монгол”цэцэрлэг байгуулсан байх жишээтэй.

-Ярилцлагынхаа төгсгөлд шинээр байгуулагдаж байгаа” Шинэ Монгол-2” сургуульд хэрхэн элсэлт авч байгааг асууя. Олон хүн үүнийг сонир­хож байгаа байх аа?

-Багын нэгдүгээр анги, дун­дын зургадугаар анги, ахлах аравдугаар ангид элсэлт авахаас аравдугаар ангийнх л үлдсэн. Маргааш (Өнөөдөр)элсэлт эхэлнэ. Нэгдүгээр ангид гэхэд л 1000 хүүхэд орчихоод байгаа. Нэгдүгээр ангид элсүүлэхдээ хүүхдийн төрмөл ухааныг сорьж сонгодог. Дунд ангийнхныг бол сурах арга барил хэр сурсан, эзэмшсэн байна вэ гэдгийг нь харгалзан сонгодог.Харин ахлах ангийнхнаас хүсэл, мөрөөдөл өөрийн гэсэн бодолтой, чөлөөт сэтгэлгээтэй байна уу гэдгийг илүү харгалздаг. “Харүмафүжи Шинэ Монгол-2” сургуулийн сургалтын хөтөлбөр тэр чигээрээ “Шинэ Монгол” сургуулийнх байна. Ялгарах онцлог нь хичээлээс гадуур, хүүхдийг сургаж, хүмүүжүүлж, төлөвшүүлэх орчин илүү сайтай. Ахлах сургуулиа төгсөх үедээ хүүхдүүд маань мэрэгжлээ сонгоод аль эрт тэр чиглэлээрээ нарийвчлан суралцсан байхаараа бас давуу юм. Мэдээж спортын чиглэлээр бол Монголд байхгүй тохилог орчинтой, сайн сургалттай байх болно. Сургуулийн барилга маань хүртэл шаваа хийж байгаа сүмо бөхөөс санаа авсан хэлбэртэй шүү дээ.

Галаа багштай ийн ярилцаад Харүмафүжи аваргатай холбогдлоо.

Харүмафүжи Бямбадорж: Сүмогоор дамжуулж авсан бүхнээ Монголдоо зориулна

-Сайн байна уу, аваргаа!

-Сайн, сайн байна уу?

-Галаа багштай хамтарсан сургууль байгуулах болсон түүхийн талаар тань ярилцаад сууж байна. Та ингэхэд боловс­ролын салбарт яагаад хөрөнгө оруулах болсноо яриач?

-Шууд ингээд эхэлчихэж байгаа юм уу?(инээв) За, за хариулъя аа! Анх Японд ирснээс хойш 18 жил болжээ. Энэ бол багагүй хугацаа. Яагаад боловсролын салбарт үйл ажиллагаа эрхлэх болов оо гэвэл Япон улсын боловсролд хандаж байгаа хандлага онцгой санагдсан юм. Япончуудын сургууль, боловсролынхоо салбараар дамжуулан ирээдүй, хойч үеэ бэлтгэж байгаа нь гайхалтай. Нэн ялангуяа хүүхэд, багачуудад олгож байгаа ах захаа хүндэтгэх, үг сургаалийг нь эрхэмлэн дагах хүмүүжил нь бидэнд маш хэрэгтэй, сурах ёстой үнэ цэнэтэй зүйл гэж бодогддог. Тэгээд Монгол эх орноо хөгжүүлэхэд яг л ийм эрүүл чийрэг, зөв бодол санаа,хандлага хүмүүжилтэй, үйлдэх, эс үйлдэж болох сайн, муу үйлийг ялгаж мэддэг, хүсэл тэмүүлэл, мөрөөдөлтэй, сайн иргэнийг бэлтгэх юмсан гэсэн бодол үргэлж дотор орших болсон. Эндээс сургууль байгуулах болсон гол шалтгаан маань үүдэж гарсан даа. Энэ мөрөөдлөө тээж яваад одоогоос яг найман жилийн өмнө Галаа багштай хуриман дээрээ уулзаж, танилцах завшаан гарсан хэрэг. Миний гэргий “Шинэ Монгол” сургуулийн дөрөвдүгээр үеийн төгсөгч л дөө. Ингээд энэ эрхэм ахтайгаа дотносон, хүсэл мөрөөдлөө ярилаа. Таны арга барил, менежмент маш чухал. Иймээс та надтай хамтраач гэсэн хүсэлт тавилаа. Галаа багш хамтрах талаар татгалзсан ч, маш сайхнаар хүлээн авч сонсоод “Зөв бодол байна. Би бүрэн дэмжинэ, бүхий л талаар зөвлөе” гэлээ.


Энэ хариулт нь хангалттай байгаагүй болохоор дахин дахин саналаа тавиад байсан л даа. Гурав дахь удаагаа гэртээ урьж, аавынхаа талаар яриад “Би хүний итгэл алдахгүй ээ! Удам судраараа тангараглая” гээд гуйлаа. Галаа багшийн надад итгэх итгэл хэрэгтэй байсан юм. Ингээд багш маань надад сая нэг итгэж сургууль хамтарч байгуулахаар хэлэлцэж тохирсон доо. Маш ихийг Галаа багшаас сурах болсон. Хамтрах саналыг минь хүлээж авсанд үнэхээр их баярладаг. Энэ эрхэм хүн бол миний ЭРДМИЙН БАГШ гэдгийг би бахархалтайгаар хэлмээр байна. Ер нь аливаа спорт өөрөө хүнд асар их хүмүүжил олгодог. Спортоор дамжуулаад би үндэсний бахархал, эх оронч үзлийн талаар илүү ихийг ухаарсан гэж боддог. Монголынхоо хүүхэд багачуудыг зөв бодолтой, хамгийн гол нь эх орондоо хэрэгтэй сайн иргэн болж төлөвшихөд нь миний хийж чадах юм юу байж болох вэ гэж их бодож явдаг. Миний өнөөдөр сайн яваа маань Монгол эх орны минь, элгэн садан монголчуудын минь, эцэг эхийн минь буян. Миний хөлс хөдөлмөрөөрөө олсон бүхэн ганц надад зориулагдах ёсгүй гэж боддог. Монголдоо ачийг нь хариулах өр надад бий. Ард түмэндээ ачийг нь хариулахын тулд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх хамгийн зөв юм гэж шийдсэн. Ингэснээрээ миний хоёр дахь эх орон болсон Япон улсын ачийг ч мөн ачилж чадна гэж бодож яваа хүн.Байгуулсан сургуулиас минь Нобелийн шагналтан, олон олон эрдэмтэн, эмч, багш, бизнесмен төрж япон улс, япон хүнтэй хамтарч ажилладаг, хоёр улсын харилцааг бүхий л талаар улам дотно болгон холбох гүүр болно гэдэгт итгэлтэй байгаа.

-Түрүүхэн таныг хамтраг­чаараа сонгох болсон шалт­­­гаанаа Галаа багш ярьсан. Харин Та яагаад заавал Галаа багшийг сонгов?

-Японд “Шинэ Монгол” сургуулийг төгссөн маш олон хүүхэд байдаг л даа. Тэдэнд бусдаас ялгарах нэг адил зүйл байдаг юм. Өөртөө маш итгэлтэй, өөдрөг, хөдөлмөрч, бусдад баярлаж талархаж чаддаг, зорилго тэмүүлэлтэйгээрээ үнэхээр ялгардаг юм. Тэгээд Галаа багшийн талаар сонсоод мундаг хүн юм гэж бодох болсон.

Миний өнөөдөр сайн яваа маань Монгол эх орны минь, элгэн садан монголчуудын минь, эцэг эхийн минь буян.

Миний хүсэл, мөрөөдөлд туслаж чадах хүн гэдэгт эргэлзэхгүй итгэсэн. Эрдмийн багш маань миний хүслийг хүлээж авсан тэр мөчийг хэзээ ч мартахгүй ээ. Маш сайхан ирээдүй хүлээж байгаа. Галаа багшийн сургууль Монголд төдийгүй Японд ч их нэр хүндтэй. “Шинэ Монгол” сургуулийг дэмждэг “Багана нэгийн холбоо” , мөн намайг дэмждэг япон хүмүүс, миний фэн клуб хамтраад явахаар зорилго маань илүү бүтэмжтэй байх болно. Аль ч улс оронд сайн, муу иргэн бий. Багштайгаа хамтраад Монголдоо сайн иргэн бэлтгэхийг зорилоо.

-Намраас эхлээд Харү­мафү­жи аварга маань Монголдоо ирж,сургуулийнхаа захирлаар ажиллах болох нь ээ? Ингэхэд нээрээ Таны зодог тайлах ёслол хэзээ болох гэж байна даа?

-Намар есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийнэ. 18 жил Япон оронд сурч, хүмүүжиж, амьдрахдаа олон сайхан хүнтэй учирч, танилцаж нөхөрлөжээ. Сүмо бөхтэйгөө, өөрийн ах,дүү элгэн саднаас өөрцгүй фэнүүд, намайг үргэлжид дэмжиж ирсэн Японы олон зуун дэмжигчиддээ талархсан сэтгэлээ илэрхийлж, сүмо бөхийнхөө дэвжээтэйгээ салах ёс хийнэ дээ. Монголдоо шууд ирмээр байгаа ч, эхлээд сургуулиа төгсч магистраа хамгаална. Хосэй их сургуульд дөрвөн жилийн өмнөөс суралцаж эхэлсэн ч хоёр жил сураад чөлөө авсан байсан. Тэгэхээр үлдсэн хоёр жилдээ суралцаж төгсөөд очиж, сүмогоор дамжуулж авсан бүхнээ Монголдоо зориулах болно оо.

-“Харүмафүжи Шинэ Мон­гол-2”сургуульд сурахын давуу талыг Та хэрхэн илэр­хийлэх вэ?

-Би өөрөө гурван хүүхдийн аав байлаа. Гэтэл одоо 600 хүүхдийн аав болох нь байна. Энэ хүүхдүүдээ ямар хүн болгох вэ гэдэг сургуулийн маань үйл ажиллагаанаас хамаарна шүү дээ. Галаа багнш бид хоёрын зорьж байгаа зорилго тодорхой. Манай сургуулийг төгсөн гарч байгаа хүүхэд бүр аливаа хийж байгаа юмандаа үргэлж амжилтын эзэн байх эрмэлзэлтэй, тэднийгээ төгсмөгц нь сургууль нь ч баяртай гээд мартчихдаггүй, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж дэмжээд, ажил албатай болгох гээд эргэх холбоо хэзээ ч тасардаггүй байлгахыг зорино. Хүүхэд бүр лидер болох албагүй ч, сайн иргэн, сайн ээж, аав болох ёстой.Үүний төлөө ажиллах болно.Манай сургуульд сурснаар мэдээж Япон улсад 100 хувь тэтгэлэгээр суралцах боломжтой болно. Өндөр боловсролтой иргэнтэй улс орон өндөр хөгжилд хүрдэг гэдэг нууцыг дэлхий дахинаа мэддэг болсон байна. Монгол Улс маань дэлхийд тэргүүлсэн улс болоход БОЛОВСРОЛ маш чухал юм шүү. За баярлалаа! Дараа дэлгэрэнгүй ярилцах боломж гарах байх аа!

-Танд ч гэсэн баярлалаа!


Яармагт ирэх намар нээлтээ хийх "Харүмафүжи Шинэ Монгол-2" сургууль

A

Жижиг

A

Дунд

A

Том

NBA-ийн оддын 60 хувь нь зодог тайлснаас хойш таван жилийн дотор дампуурдаг

​Сагсны супер одод жилд 30-40 сая ам.долларын цалин авдаг​

 0 сэтгэгдэл


АНУ-ын мэргэжлийн лигүүдийн аль нэгт багтаж чадвал саятны амьдралд хөл тавилаа л гэсэн үг. Супер одод жилд 30-40 сая ам.долларын цалин авдаг бол байнга сэлгээнд суудаг тааруухан тоглогч нь 800 мянган ам.доллар өлхөн халаасалчихна. Энэ нь тус улсын энгийн иргэдийн дундаж цалингаас даруй 10 дахин их хэмжээ. Гэвч ядуу тарчиг амьдралаас гэнэт баяжсан тамирчид мөнгөө дэмий зүйлд баруун солгойгүй цацсаар эцэст нь модоо барих тохиолдол элбэг. NBA-ийн сагсчдын 60 хувь нь зодог тайлснаас хойш таван жилийн дотор дампуурдаг гэх баримт үүний нотолгоо. Америкийн хөлбөмбөгийн тамирчдын хувьд 78 хувь нь зодог тайлсныхаа дараа гуйлгачдын эгнээнд шилждэг гэх баримт бүр ч эмгэнэлтэй. Ухаангүй үрэлгэн зангаасаа болж дампуурсан супер оддын түүхээс сонирхуулъя.

Аллен Айверсон

Аллен 14 жилийн карьерийнхаа турш зөвхөн цалингаас 154 сая ам.доллар олсон байдаг. Оргил үедээ тэрбээр Reebok компанитай таван жилийн 50 сая ам.долларын гэрээ байгуулаад зогсохгүй, дараа нь үүнийгээ шинэчилж бүх насаараа тус компанийг сурталчилсан анхны тоглогч болсон. Харамсалтай нь түүнийг гай дайрч, денвер болон Атланта дахь хоёр ч эдлэнгээ банкинд хураалгаж, эхнэрээсээ салж, мөрийтэй тоглоомонд ихэнх мөнгөө алдсан. Өдгөө Аллен дансан дахь 30 сая ам.доллартаа 2030 он хүртэл гар хүрэх эрхгүй болчихоод байна.

Майк Тайсон

Мэргэжлийн боксын домогт аварга амжилттай он жилүүдийнхээ үрээр 400 сая “ногоон” олсон ч хар тамхи, гэмт хэргийн улмаас өдгөө дампуурсан оддын тоонд орж буй. Аргаа барсан ахмад боксчин төлбөрөө төлөхийн тулд телевизийн шоунд орох, кинонд тоглох зэргээр мөнгө олж байна.

Эвандер Холифильд

Боксын оддоос дампуурсан ганц хүн нь тайсон биш. Мэргэжлийн боксын аваргын бүсийг дөрвөн удаа эзэмшиж явсан Эвандер холифильд ч бас ийм асуудалд орсон. Энэ нь ердөө хоёрхон шалтгаантай. Эхнийх нь маш их алдагдалтай бизнес түүнийг ийм зам руу түлхсэн бол сүүлийнх нь олон хүүхдийн мөнгө төлдөгт байгаа юм. Тэрбээр зургаан өөр эмэгтэйгээс нийт 11 хүүхэдтэй. 2008 онд Атланта дахь 109 өрөөтэй эдлэнгээ зээлийн улмаас алдсан аж.

Жон Дэли

Баячуудын спорт гэгддэг гольфт Жон дэли нэгэн үе гялалзаж байлаа. Гэвч тэрбээр нэг л өдөр мөнгөгүй, ядуу нэгэн болж хувирсан. Архинд толгойгоо мэдүүлсэн нь үүний шалтгаан болжээ. Тэрбээр 2004 онд хэвлүүлсэн дурсамж номдоо 60 сая ам.долларыг юу ч үгүй үрчихсэндээ харамсаж явдгаа бичсэн байдаг.

Майкл Вик

Америк хөлбөмбөгийн “Филадельфи ийглс”-ийн холбогч Вик нохой зодолдуулсан хэргээр 18 сар “аавын хаалга” татсан. үүнээс үүдэн олон сая ам.долларын гэрээгээ алдаж, хамтрагч бизнесийн байгуулагууд нь нүүрээ буруулснаар бүр мөсөн дампуурсан юм.

Ленни Дюкстра

Бэйсболын “Нью-йорк Метс”, “Филадельфи Филльес” багуудад тоглож, гурван удаа Бүх оддын тоглолтод оролцсон Ленни 1997 онд зодог тайлсан. Их спортоо орхисноос хойш бизнесийн ертөнцөд хөл тавьж, машин угаалгын газар ажиллуулж эхэлсэн боловч 2007 онд түүнийгээ зарсан юм. Энэ хооронд сэтгүүл гаргаж үзсэн ч бас л бүтэлгүйтэв. Өр зээлэнд ороогдсон тэрбээр бүх мөнгөө банкинд алдсан гашуун түүхтэй.

Жамаркус Руссель

Америк хөлбөмбөгийн авьяаслаг залуу холбогчдын тоонд багтаж явсан ЖаМаркус Руссель 2007 онд драфтаар “Оклэнд Рэйдерс” багт очсон. Тус баг ирээдүйтэй тоглогчтой дөрвөн жилийн хугацаатай 61 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэвч хар тамхины улмаас Руссель мэргэжлийн замналаа удаан үргэлжлүүлж чадсангүй. Тэрбээр шоронд сууж, эдлэнгийнхээ мөнгийг ч төлж чадахгүй болтлоо уруудсан юм.

Лэтрелл Спрюэлл

NBA-ийн хамгийн сахилгагүй тоглогчдын нэг лэтрелл 2005 онд “Миннесота Тимбервулвз” багийнхаа гурван жилийн 21 сая ам.долларын гэрээнээс татгалзсан шалтгаанаа “Энэ мөнгө үр хүүхдээ тэжээхэд хангалттай хүрэлцэхгүй” хэмээн тайлбарласан аж. Эдлэн газрынхаа сарын төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн лэтрелл 2005 оноос хойш лигт тоглоогүй юм.

Скотти Пиппен

Нэгэн цагт “Чикаго Буллз”-ын од асан Скотти Пиппен карьерийнхаа турш 120 сая ам.долларыг зөвхөн цалингаасаа олсон гэдэг. Харамсалтай нь домогт тоглогч дампуурлаа зарлаж, энэ бүхнээс гарахын тулд өөрийн эд хөрөнгөө зарсан юм.

Энтони Уолкер

NBA-д 12 жил тоглохдоо 110 сая ам.доллараас илүүг олсон Уолкер зодог тайлаад хэдхэн жилийн дараа хөгжлийн лигт тоглох болсон нь сагсан бөмбөгөө санасных биш байв. Мөрийтэй тоглоомонд хамаг мөнгөө алдсан түүнд мөнгөний хэрэг гарсан учраас эргэн ирсэн хэрэг. Тэр зөвхөн цалингаараа амьдраагүй. Ид үедээ Adidas брэндтэй гэрээ байгуулж, 1999 онд NBA Live 99 видео тоглоомын эхний нүүрэнд заларч, 60-65 орчим сая “ногоон” олсон ч энэ мөнгө элсэнд цацсан ус мэт алга болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Том таван лиг зуны солилцоонд 4.5 тэрбум евро зарцуулжээ

​Энэхүү дүнг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 126 хувиар өсчээ​

 0 сэтгэгдэл


Хөлбөмбөгчдийн үнэ тэнгэрт хадаж, багууд солилцоо наймаанд улам их мөнгө зарцуулах болсныг өнгөрсөн зуны шилжилт хөдөлгөөн дахин баталлаа. Наймдугаар сарын 31-нд солилцооны цонх хаагдсаны дараа нийт гүйлгээг тооцож үзвэл Европын том таван лигийн багууд (Англи, Испани, Герман, Итали, Франц) шинэ тоглогч худалдаж авахад 4.5 тэрбум евро зарцуулсан нь тодорхой болжээ. Наймааны нийт дүн өнгөрсөн жил анх удаа дөрвөн тэрбумын босго давж, олныг алмайруулж байсан бол өнөө жилийн наймаа дээрх рекордыг дахин эвдсэн юм. Энэхүү дүнг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 126 хувиар өсчээ. Английн Премьер лигийн багууд урьдын адил солилцоо наймаанд хамгийн идэвхтэй байлаа. Будант Альбионы 20 баг шинэ тоглогч худалдан авахад 1.4 тэрбум евро зарцуулсан нь нийт наймааны 31 хувийг эзэлж байгаа юм.


Сүүлийн жилүүдэд нам гүм байсан италийн Сери А-гийн багууд өнгөрсөн зун тун идэвхтэй байлаа. Улсынхаа лигт сүүлийн зургаан жил дараалан түрүүлээд буй “Юьентус” супер од Криштиану Роналдуг “реал”аас 117 сая еврогоор урвуулж дөнгөсөн нь өнгөрсөн зуны хамгийн чухал наймаа болов. Италийн багууд топ таван лигийн нийт зарцуулсан мөнгөний 25 хувийг бүрдүүлсэн нь 2009 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Их мөнгө гаргахын хэрээр багуудынх нь хүч сайжирсан хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Багуудын орлого жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь солилцоо наймааны тэсрэлт болоход нөлөөлсөн нь гарцаагүй. Ялангуяа, телевизийн гэрээний эрх тэдний санхүүг үлэмж бэхжүүлсэн юм. Английн Премьер лигээр жишээ авъя.

Телевизийн гэрээний эрх багуудын санхүүг үлэмж бэхжүүлсэн

Тус лиг 2019-2022 оны тоглолтуудаа шууд дамжуулах эрхийг Sky сувагт 4.46 тэрбум фунт стерлингээр зарж чадсан. Энэ нь дөрвөн жилийн өмнөх гэрээтэй харьцуулахад 70 хувиар өссөн дүн аж. Багууд энэ мөнгөнөөс чамгүй хишиг хүртдэг. тухайлбал, 2017-2018 оны улиралд “Манчестер Сити” багийн 26 тоглолт үндэсний телевизээр шууд гарсан тул нийт 149 сая фунт стерлинг авсан байна. Манчестер хотын нөгөө баг “Юнайтед” мөн энэ хэрийн мөнгийг телевизийн гэрээний эрхээс хүртсэн. Хамгийн цөөн буюу есөн тоглолт нь үндэсний телевизээр шууд гарсан “Вест Бромвич” гэхэд 94 саяыг халаасалжээ. Ингэснээр хүснэгтийн адагт бичигддэг, хомоол хамдаг багууд хүртэл 20, 30 саяар шинэ тоглогч авах хэмжээнд хүрээд байгаа юм. Үр дүнд нь тамирчдын үнэ тэнгэрт хадаж, жирийн нэг дундаж хөлбөмбөгч хүртэл 40, 50 саяар үнэлэгддэг боллоо. Уг нь 30 сая евро гэдэг дундаж хэмжээний нэг баг худалдаад авчих хэмжээний мөнгө.


Бразилын домогт довтлогч Роналдо гэхэд хэдхэн хоногийн өмнө Испанийн дээд лигийн “Вальядолид” багийг 30 сая еврогоор худалдаж авсан. Гэтэл ганц тамирчин 200 саяын үнэ хүрч байгаа нь шударга бус явдал, хэт хөөрөгдсөн үнэ гэдэгт мэргэжилтнүүд санал нэгддэг. Гэвч баян клубүүд үүнийг үл тоон шилдэг тоглогчдод мөнгө харамгүй цацаж байна. Дэлхийн хөлбөмбөгт 100 сая еврогоос дээш үнийн дүнтэй шилжилт долоо болсон. үүний зургаа нь сүүлийн гурван жилийн дотор хийгджээ. Энэ жил л гэхэд гурван ч тамирчин 100 болон түүнээс дээш сая еврогоор “зарагдан” буурь сэлгэсэн байна. Тамирчдын үнэ маш богинохон хугацаанд гэрлийн хурдаар өссөн нь эндээс харагдах биз ээ. Сонирхуулахад, 2009 оноос хойш Премьер лигийн багууд зөвхөн солилцоо наймаанд 9.6 тэрбум евро зарлагадсан нь ард бичигдэж буй Италийн лигээс даруй гурван тэрбумаар их гэсэн үг. Италийн Сери а өнгөрсөн 10 жилд 6.09 тэрбум евро үрсэн бол Испанийн Ла лиг 4.7, Германы Бундеслиг 3.5, Францын лиг 3.08 тэрбумаар шинэ тоглогч худалдаж авсан байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Холбоодын тэмцлийн золиос нь тамирчид болох учиргүй

Бид одоогийнхоос илүү сайн багтай Индонезийг зорих боломж байсан​

 0 сэтгэгдэл


Индонезид болж буй Азийн наадмын нэгэн чимэг нь Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг байлаа. Өмнө нь учраа таарсан өрсөлдөгч бүртээ олон оноогоор хожигдож, “туршлага судлаад ирлээ” гэх үгээр ам тагладаг байдал үгүй болж, эрэгтэй, эмэгтэй, 3х3 гээд төрөл бүрт жигд өрсөлдөх болсон. Хамгийн сүүлд талбайн эзэн Индонезийн эсрэг хийсэн шийдвэрлэх тоглолтыг спорт сонирхогч хэн бүхэн үндэсний телевизээр үзэж сонирхсон байх. Гаднын багуудыг биш, үндэсний шигшээгээ үзэж, дэмжиж, баярлаж, гуниглаж суух юутай сайхан. Эрэгтэй сагсчид маань Индонезийг олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө хожсон ч харамсалтай нь хэсгээс шалгарч чадсангүй. Хэсгээс шалгарах, эсэх ч яахав. Харин бид үүнээс илүү хүчирхэг баг бүрдүүлж болох байсан гэж бодохоор харамсах сэтгэл төрөх юм. Бид одоогийнхоос илүү сайн багтай Индонезийг зорих боломж байсан уу гэвэл тийм. Энэ хэрээр амжилт дээшилж, хэсгээс зовлон багатай шалгарах байсан нь бас л ойлгомжтой.

Гэвч Монголчуудыг олон жил доош чангааж байгаа дуусашгүй их хэрүүл тэмцэл энэ удаад бас л гай тарив. Токиогийн олимпийн хөтөлбөрт багтсан 3х3 төрлийн сагсчид сүүлийн үед амжилт арвин байгаа. Монголын шигшээ тивдээ түрүүлж, ДАШТ-ий шилдэг наймд шалгараад зогсохгүй олимпийн эрхээ авах магадлал өндөр болж ирсэн. Багийн лидер Э.Дөлгөөнийг олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) үнэлж, энэ төрлийн шилдэг тамирчдын нэгээр тогтмол нэрлэж буй. Мөн Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар олон тэмцээнд оролцохын хэрээр туршлага, ур чадвар сууж, хэний ч өмнөөс тоглох хэмжээнд бэлтгэгдсэн залуус. Цэргүүдийг мянган өдөр тэжээж, нэг өдөр ашиглана гэдэг шиг өндөр түвшинд бэлтгэгдсэн залуусаа чухам энэ наадамд ашиглах ёстой байлаа. Гэвч 3х3 төрөлд 23-аас доош насныхан оролцох юм байна гээд тэмцээний гадна үлдэв. Үүнийг нь мэдэж байсан бол тэднийг үндсэн бүрэлдэхүүндээ авч, хүчээ яагаад зузаатгаагүй юм бэ гэж асууя. Үнэнийг хэлэхэд үүнд тамирчдын буруу байхгүй. Харин шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг хоёр тийш хараад суучихсан холбоод гол буруутан нь.

Хоёр холбоо учраа олж, хүчээ нийлүүлбэл сагсан бөмбөгт том дэвшил гарах нь тодорхой

Уг нь хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад бидэнд сайн тамирчин хэд хэдээрээ байна. Б.Билгүүн шиг, Т.Санчир шиг, Э.Дөлгөөн шиг чадварлаг сагсчид байгаа нь бидний аз. Харин тэднийгээ бүрэн дүүрэн ашиглахгүй юм бол сайн тамирчидтай байхын хэрэг юун. Харамсалтай нь хоёр холбоо хэдэн тамирчнаа танай, манай хэмээн өмчилсний балаг ийнхүү гарч байна. “Сүүлийн үед сагсан бөмбөгт улс төр, аль нэг намын нөлөө хэт орох болсон. Засаг барьж байгаа намаас шалтгаалаад өөр болдог. Үүнээс болоод жирийн тамирчин бид хохирох гээд байна” хэмээн Б.Билгүүн Инчоны Азийн наадамд оролцсоныхоо дараа ярьж байв. Тэгвэл үүнээс хойш дөрвөн жил өнгөрсөн ч талууд эвээ олсон зүйлгүй, талцаж маргалдсан хэвээр байгаа нь гутамшиг гэлтэй. Хоорондоо зэвсэг барин дайтаж, үүний улмаас олон жилийн турш нэгнийгээ заналхийлж ирсэн хоёр Солонгос энэ удаагийн Азийн наадамд зарим төрөлд хамтарсан багаа оролцууллаа. Улмаар Каноэ завины төрөлд эмэгтэйчүүдийн хамтарсан баг нь түрүүлж, олон солонгосчуудын сэтгэлийн утсыг хөндсөн.

Мөн сагсны эмэгтэй баг нь хагас шигшээд шалгараад байна. Цаашид түрүүлэхэд ч гайхахааргүй сайн тоглож байна лээ. Хэзээ ч эвлэрэхгүй гэгдэж байсан улсууд спортоор дамжуулан нэгдэж нийлэх алхмаа ийнхүү хийгээд эхэлж байхад чөлөөт ардчилсан нийгэмдамьдарч байна хэмээн цээжээ дэлддэг монголчууд талцаж маргалдахаас өөр юу гийгүүлэв. Спорт дахь талцал бидэнд хэзээ ч сайн зүйл авчраагүй. Чөлөөтийнхнийг хар л даа. Риогийн олимпийн өмнө хэрэлдэж хэрэлдэж байгаад л явсан. Эрэгтэй баг нь холбоо биднийг дэмжсэнгүй гэж гомдоллох. Харин холбоо нь аль алинд нь адилхан ханддаг хэмээн биеэ өмөөрсөөр байгаад олимп хүргэсэн. Үр дүнд нь олимпийн наадмаас ганзага хоосон ирсэн. Үндэсний бөхийнхөн бас 20 шахам жил хэрэлдэж муудалцлаа. хэдэн удаа хоорондоо цаас шидэлцэж, хэчнээн ч удаа шүүхдэлцсэн юм бүү мэд. Үүний балгаар аль аль тал нь хохироод өнгөрсөн. Мөн бөхчүүдээ өмчилж авах гэж зүтгэдэг байдал ч ажиглагдах болов. яг л одоогийн Монголын сагс шиг.

• 2014 оны Инчоны Азийн наадмаас хойш Монголын сагсны шигшээ олон улсын нэг ч тэмцээнд оролцоогүй.

• Хоёр холбоо хэдэн тамирчнаа танай, манай хэмээн өмчилсний балаг ийнхүү гарч байна.

• Хэзээ ч эвлэрэхгүй гэгдэж байсан улсууд спортоор дамжуулан нэгдэж нийлэх алхмаа хийгээд эхэллээ.

• Нуруулаг, чадварлаг, авьяаслаг тамирчид өч төчнөөнөөрөө гарч ирж байна. Ховорхон олдох энэ алтан үеийг алдалгүй ашиглахсан.

2014 оны Инчоны Азийн наадмаас хойш Монголын сагсны шигшээ олон улсын нэг ч тэмцээнд оролцсонгүй. Хөрөнгө мөнгө, замын зардал дутсандаа биш л дээ. Харин дотооддоо хоёр холбоо үзэлцээд байгаа болохоор олон улсын сагсан бөмбөгийн холбоо монголын тэмцээнд оролцох эрхийг хасч орхисон. Эхлээд дотоод асуудлаа зохицуул, тэгж байж олон улсын тавцанд өрсөлд гэсэн сануулга гэж болно. Үүний балгаар олон улсад рейтингээ ч тогтоолгож чадсангүй. Сая манайханд хожигдсон хэрнээ хэсгээс шалгарсан Индонезийн баг FIBA-гийн чансааны 103-т жагсдаг юм билээ. Ийм багийг талбайд нь хожсоныг бодвол бид ямар ч байсан эхний 100-д найдвартай орох нь тодорхой. Гэвч холбоодын урагшгүй байдлаас болоод сураггүй өрсөлдөгч Непал, Камбож, ливийн дор орох хэмжээнд үнэлэгдэх гэж дээ. хамгийн харамсалтай нь Б.Билгүүн, Т.Санчир гэсэн төрмөл авьяастай сагсчид карьерийнхаа ид үеийг зөвхөн монголдоо тоглосоор өнгөрөөх нь. Тэднийг залгаж гарч ирэх авьяаслаг залуусыг ч ийм ирээдүй хүлээж байгаа гэж бодохоор харамсалтай. Уг нь манай сагсчид эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож байхдаа л хамгийн жаргалтай байдаг. Ард нь олон мянган хүний дэмжлэг байгааг мэдэрдэг учраас тэр.

Ядаж л дэлхийн аварга, Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөөд, ялж, ялагдаад явж байвал сагсчин хүний жаргал тэр. Азийн аваргад түүхэндээ орж үзээгүй бараан цувралаа таслах боломж ч өнөөгийн шигшээд бүрэн дүүрэн бий. Ийм боломжоор хангах үүрэгтэй газар нь мэргэжлийн холбоод. Хоорондоо эвлэрч өгдөггүй Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэх энэ хоёр байгууллагыг аваад үзвэл аль аль нь хөл дээрээ бат зогссон. Материаллаг бааз хангалттай байна. Бүр сагсан бөмбөгийн ордон хүртэл байгуулсан холбоо ч байна. Мөн мэргэжлийн шүүгч, багш дасгалжуулагчаар дутахын зовлонгүй. Хамгийн гол нь нуруулаг, чадварлаг, авьяаслаг тамирчид өч төчнөөнөөрөө гарч ирж байна. Ховорхон олдох энэ алтан үеийг алдалгүй ашиглахсан. Хэрэв хоёр холбоо учраа олж, хүчээ нийлүүлбэл монголын сагсан бөмбөгт ямар дэвшил гарахыг төсөөлөөд үз дээ. Лигийн тэмцээн нь жинхэнэ утгаараа өрсөлдөөний талбар болно. Сагсны хорхойтнууд чухам үүнийг л хүсэж байгаа. Мөн тамирчид хоёр холбооны алиных нь тэмцээнд орохоо шийдэх гэж дүлгэнэсэн байдалд орохгүй. Дотоодын эв нэгдэл, өрсөлдөөн сайжрах нь эргээд гадаад дахь амжилтын эхлэл болох учиртай. Дараагийн Азийн наадам эхлэхэд бид дотроо учраа олчихсон, хамгийн шилдэг сагсчдаа илгээчихээд медалийн төлөө өрсөлдөнө гээд ам бардам сууж байх юмсан.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Азийн олимп”-д хамгийн том багаа илгээнэ

 0 сэтгэгдэл


Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадам энэ сарын 18-наас есдүгээр сарын 2-нд Индонезийн Жакарта, Палембанг хотод зохиогдох гэж байна. “Азийн олимп” гэгддэг энэхүү том наадамд шар тивийн 45 улсын 10 мянга орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн нь бүх цаг үеийн дээд амжилтаар бүртгэгджээ. 1951 оноос эхтэй азийн наадам өнөө жил анх удаа хоёр хотод зэрэг зохиогдох гэж байгаа юм. Уг нь наадам зохион байгуулах өрсөлдөөнд Вьетнамын ханой хот ялалт байгуулсан. Гэтэл зохион байгуулах тов нэг жилээр өөрчлөгдсөн нь Вьетнамчуудын дургүйг хүргэж, энэхүү эрхээсээ татгалзсан юм. Ингээд сандралд орсон Азийн олимпийн зөвлөл 2014 оны хурлаараа Индонезийг оронд нь сонгожээ. Уг нь 18 дахь удаагийн наадам хуваарь ёсоор 2019 онд зохиогдох байв. Гэтэл тэр жилд нь Индонезид ерөнхийлөгчийн сонгууль болохоор байсан тул нэг жилээр урагшуулахаас аргагүйд хүрчээ. Хэдийгээр хугацаа давчуу байсан ч Индонези улс тал бэлтгэл ажлыг тун чамбай хангалаа. 2011 онд Зүүн өмнөд Азийн наадмыг зохион байгуулахдаа босгосон объектууд нь ачааны голыг нугалж байна. Тэмцээн болон бэлтгэлд зориулсан нийт 80 цогцолборыг тэд ашиглаж байгаа аж.


Улс орны удирдлагууд энэ том арга хэмжээг нүүр улайхааргүй зохион байгуулахын тулд гурван тэрбум гаруй ам.доллар гаргасан нь Азийн наадмын түүхэнд рекорд амжилт болжээ. Өмнө нь “Бусан 2002” наадам 2.9 тэрбум, “Доха 2006” наадам 2.8 тэрбум ам.долларын өртөгтэй зохиогдож байв. Бараг зуны олимпийн наадамд оролцох хэмжээний тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс ирж байгаа болохоор зардал өндөр гарахаас ч аргагүй. Монголын багийн тухайд спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаныхан гээд нийт 397 хүний нүсэр бүрэлдэхүүнтэй Индонезийг зорихоор болсон нь наадмын түүхэн дэх дээд амжилт боллоо. Тамирчдыг үдэн гаргах, төрийн далбаа гардуулан өгөх ёслолын ажиллагаа өчигдөр Спортын төв ордонд болсон юм. Монгол улсын Засгийн газраас баг тамирчдын бэлтгэл сургуулилт, шигшээ багийн тамирчдын замын зардалд 578 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн болохыг БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр энэ үеэр дуулгав. Манайхан дөрвөн жилийн өмнөх Инчоны Азийн наадмаас таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл, нийт 21 медаль авч, үнэмлэхүй амжилт тогтоосон.


Тэгвэл одоогийн багт энэ амжилтыг давтах, ахиулах хүндхэн даалгавар ногдож байна. Монголын багийн ахлагч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй үүнээс өндөр амжилт үзүүлэх зорилготой хэмээн ярилаа. Тэрбээр “Монгол улсын Засгийн газар, МҮОХ-той хамтраад баг тамирчдынхаа бэлтгэлд түлхүү анхаарсан. Тухайлбал, тэмцээн уралдааны үеэр өмсөх хувцас хэрэглэл, бэлтгэлд шаардлагатай уураг витаминаар хангалаа. Өмнөх наадамд монголын баг өндөр амжилт үзүүлсэн. Харин энэ удаа түүхэн дэх хамгийн том бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Манайхан энэ удаа нийт 28 медаль авна гэж тооцсон. Алтан медалийн тухайд өмнөх наадмынхаас бууруулахгүй байх зорилготой” гэсэн юм. Харин Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц “Монголын багийн бэлтгэл сайн хангагдсан. Энэ жил түүхэнд байгаагүй олон тамирчин орж байгаа. Тэр хэрээр амжилт урьд өмнөхөөс дээшилнэ гэж найдаж байна. Бүх тамирчид маань дөрвөн жилийн өмнө Инчонд үзүүлсэн амжилтаа давтах, ахиулахын төлөө зүтгэх болно.

Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй баг орно. Үүнээс гадна 3х3 төрлийн баг маань сайн өрсөлдөх байх. Угаасаа Азийн аваргад түрүүлсэн баг шүү дээ” гэв. Манайхан ТОП гэгддэг жүдо, чөлөөт бөх, бокс, буудлагын төрөлдөө ихээхэн найдвар тавьж буй нь тодорхой. Өмнөх наадмаас гурван алт шүүрсэн жүдочдын хувьд энэ удаад дэлхийн аварга М.Уранцэцэг, Д.Сумъяа, дэлхийн медальт Д.Амартүвшин, Б.Мөнгөнчимэг болон олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй шилдгүүдээ Индонез руу илгээнэ. Чөлөөтийнхөн ч бас Э.Бэхбаяр, О.Насанбурмаа, П.Орхон, Э.Сумъяа, Г.Мандахнаран тэргүүтэй дэлхийнмедальтнуудаа сойжээ. Боксын шигшээгийн тухайд олимп, дэлхийн медальт Д.Отгондалай бэртлийн улмаас тэмцээнийг өнжиж байна. Гэхдээ бусад нь ямар ч медаль авахад гайхах явдалгүй. ТОП дөрвөн төрлөөс гадна 3х3 сагсан бөмбөгийн шигшээ маань энэ тэмцээнд “ногт ганзагалаж” очно. Тивдээ түрүүлж, дэлхийн аваргын шилдэг наймд шалгарсан баг зөвхөн алтан медаль авахыг зорих нь тодорхой биз ээ. Манай сагсчид тэмцээний “В” хэсэгт БНСУ, Тайвань, Кыргызстан, Бангладешийн багтай өрсөлдөх юм.