A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4584/

Хенри Форд эмнэлэг

Хенри Форд эмнэлэг
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4584/
  • Фрида Кало энэ зургаараа эмэгтэй хүний өвдөлт шаналлыг гүн гүнзгий илэрхийлжээ

Зураач: Фрида Кало 

Зургийн нэр: Хенри Форд эмнэлэг

Кало эмнэлгээс гарсныхаа дараа сэтгэлийн хямралаа даван туулахын тулд энэ зургаа зуржээ

Зурагт Фрида өөрийгөө орон дээр цус алдан хэвтэж буйгаар дүрсэлжээ. Биеэс нь салаалсан судаснууд түүнийг тойрон орших зургаан биеттэй холбогдсон нь хүйг илэрхийлэх бөгөөд тэдгээр нь бүгд гүн гүнзгий утгатай. Хэрвээ зургийг эх хувиар нь үзвэл түүний хацрыг даган урсах ганц дусал нулимс нь тод харагдана. 

Урлагаар дамжуулан бид гоо зүйн таашаал авахаас гадна мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжтой. Түүгээр зогсохгүй уран зургийг сэтгэл заслын эмчилгээнд ашиглах нь ч бий. Бид цаашид “Амралт” буландаа уран зургийн сонирхолтой түүх, утга агуулгын талаар мэдээлэл хүргэж байх болно. “Хенри Форд эмнэлэг” гэх тус бүтээл Фрида Калогийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм. Эл зургийг өөрөөр The flying bed гэж нэрлэх нь ч бий. Метал гадаргуун дээр зурсан тус бүтээл өдгөө Мексикийн Мехико хотод Долорес Олмедо гэх эрхмийн цуглуулгад хадгалагдаж буй. Зураач бүсгүй 18 настайдаа автобусны осолд орж, нуруу болон аарцагтаа маш хүнд бэртэл авсан юм. Фрида гэмтлээс үүдэлтэй өвчний улмаас амьдралынхаа ихэнх хугацааг орондоо өвдөлт мэдрэн өнгөрүүлжээ. Кало ослоос хоёр жилийн дараа Мехико хотод Диего Ривера гэх эртэй учирч, 1929 онд гэрлэсэн байна. Хүн бүр тэднийг гайхалтай хосууд хэмээн шагшдаг байсан ч тэд тийм ч аз жаргалтай хосууд биш байв. Учир нь Фрида хэд хэдэн удаа зулбаж, гурван хүүхдээ алдсан ба тэд гэрлэлтээ 1940 онд цуцлуулжээ. Зураач бүсгүй үлдсэн амьдралынхаа турш эрүүл саруул болохын төлөө тэмцэж 30 гаруй удаа хагалгаанд орж байв. “Хенри форд эмнэлэг” гэх эл бүтээл түүний хамгийн сэтгэл шимшрүүлэм өвдөлтийг өөртөө нэвт шингээж, гүн утга санааг илэрхийлдэг. 1932 оны долдугаар сарын 4-ний өдөр Фрида гурав дахь удаагаа зулбаж, эмнэлэгт хүргэгдэн ирэв. Тэрбээр хүүхдээ эсэн мэнд төрүүлж, эх хүн болохын тулд хэвтрийн дэглэм сахин, маш их хичээсэн боловч түүний бие дийлсэнгүй. Бүх л эх сурвалжуудад түүнийг үхэн үхтлээ өдөр бүр, өвдөлт, шаналлыг мэдэрсээр байсан гэж өгүүлдэг нь туйлын гунигтай. Ор ба түүний биеийг байрлуулсан өнцөг хүчгүй байгаа мэдрэмжийг илэрхийлдэг. Түүний ард Детройт дахь Форд үйлдвэр болох аж үйлдвэрийн цогцолбор харагдаж байна. Энэ нь тэвчихэд хүнд ганцаардсан өдөр хоногуудыг илэрхийлж байна. Машин шиг хэлбэртэй хүнд төмөр нь мэс заслын багаж эмэгтэй хүний биед ямар их өвдөлт мэдрүүлдэг болохыг илэрхийлнэ. Мөн “Машиныг засаж болдог. Гэвч яагаад миний биеийг засаж, эдгээж болдоггүй юм бэ” гэх цөхрөлийг илэрхийлнэ гэж үздэг. Харин эмэгтэй хүний нөхөн үржихүй болон нугасыг дүрсэлсэн нь Фридаг ослын хүүхэд төрүүлэх чадваргүй болсон гэдгийг илэрхийлдэг. Диего, Кало хоёр хүүтэй болохыг хүсдэг байсан бөгөөд ургийн зураг тэдний төрөөгүй хүүг төлөөлж буй. Эмгэн хумс мэс заслын өвдөлт аймшигтай удаан байсан гэдгийг, урт хугацааны өвдөлт, шаналлыг илэрхийлж байна. Бага зэрэг гажсан, гэмтсэн мэт харагдаж байгаа аарцгийн яс нь түүнийг хүүхэд төрүүлэх боломжгүй гэсэн утгатай. Цахирмаа цэцэг түүний нөхөр Диегогийн бэлэг бөгөөд нөхөр нь түүнийг дэмжиж байсныг харуулна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

О.Бат-Өлзий: 37 гэдэг нь миний хүүгийн утасны дугаарын арын тоо

 0 сэтгэгдэл

“Фантастик” продакшны дэлгэцийн олон ангит бүтээл “37-р точка” олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Гэтэл уг киноны талаар хотын дарга асан Э.Бат-Үүл “Энэ киноны нэр их муу ёрын. 37 дугаар точка байхдаа яах вэ дээ. 37 он руу заагаад, заналхийлээд байгаа аятай” гэж хэлсэн юм. Харин үүнд киноны ерөнхий найруулагч Б.Тамирын аав гавьяат жүжигчин О.Бат-Өлзий цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ. Тэрбээр “Парламент сувгаар ярилцлага үзлээ. Миний найз болон миний үеийн нэртэй улстөрч хүмүүс ярьж байна. Тэд хувьсгалын гэж, сэхээтнүүд хувьсгал хийдэг тухай ярьж байснаа урлагийн тухай тэр тусмаа уран сайхны кино яриад эхлэлээ. Бүр “37-р точка”-г өөрсөд дээрээ нааж байна. Энэ кино та нарын тухай биш. Тэр тусмаа хувьсгалчдын тухай биш, захиалгаар ч хийсэн юм биш. Бат-Үүлээ 37 гэдэг нь миний хүүгийн утасны дугаарын сүүлийн тоонууд юм. Чиний хүчээр холбох гээд байгаа он цаг нь 1930-1938 он юм шүү дээ. 37 гэдэг муу ёрынх биш зүгээр л 38-ын өмнө байдаг тоо. Түүхэн баримтат кинонд харин чи мөнхөрч үлдсэн шүү дээ. Энэ “37-р точка” бол найз нөхөрлөлийн, тэр дундаа эрчүүдийн яс чанарыг өгүүлсэн кино. Та нар тэр балиар улс төрийн заваан нүнжиггүй амьдрал руугаа битгий чих, битгий сандар. Та нарын зүс төрхтэй ч дөхөж очсон царай байхгүй. Социализмын үед улс төрийн товчооны үзэл суртлын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ “Хүний мөр” киноны хоёрдугаар ангийг үзээд нэг иймэрхүү зүйл ярьж байсан гэдэг” хэмээн хатуухан бичжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Майкл Жексоны бээлий $104 мянгаар зарагджээ

 0 сэтгэгдэл

Америкийн поп од асан Майкл Жексоны бүжиглэхдээ өмсдөг, болор шигтгээтэй бээлий Техасын дуудлага худалдаан дээр 104 мянган ам.доллараар зарагдав. Сэтгүүлчдийн мэдээлснээр алдарт дуучин 1987 оны есдүгээр сараас 1989 оны нэгдүгээр сар хүртэл үргэлжилсэн Bad аялан тоглолтынхоо үеэр энэ бээлийг өмсөж байсан аж. Улмаар уг бээлий Жексоны тайзан дээрх брэнд хувцаслалтын салшгүй хэсэг болсон. Бээлийтэй хамт 1998 онд НҮБ-­ын Хүүхдийн санд хүлээлгэн өгсөн захидал, дуучны өөрийн байгуулсан MJJ Productions компанийн нэрийн дугтуй зарагдсан байна. Худалдан авагчийн нэрийг зарлаагүй гэж Sun сонинд бичжээ. 2019 оны 11 дүгээр сард Майкл Жексон алдарт “сарны алхаа”-­гаа хийхдээ өмсөж байсан оймсыг дуудлага худалдаанд гаргаж, сая гаруй ам.долларын үнэ хүрсэн тухай яригдаж байв. Америкийн дуучин энэ эрхэм албан бусаар “попын хаан” хэмээх өргөмжлөл хүртсэн агаад түүний бичлэгийн зарагдсан тоо тэрбумд хүрсэн гэж тооцдог. Одоо ч үзэгчдийн шүтээн хэвээр байгаа Майкл Жексон 2009 онд 50 насандаа таалал төгссөн билээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Холливуд коронавируст хэдийг алдав

 0 сэтгэгдэл
  • Дөрөвдүгээр сарын эхэн гэхэд зураг авалт явагдаж байсан бүх кино, сериалууд зогслоо
  • Зураг авалт, үйлдвэрлэл зогссоны хохирлыг нарийн гаргахад хэцүү боловч бас л хэдэн тэрбумаар хэмжигдэнэ гэж шинжээчид тооцжээ

Цар тахал хүний амь нас хийгээд эдийн засагт учруулж буй хохиролтой харьцуулахад зугаа цэнгээний салбарын алдагдал чухал бус санагдана. Гэхдээ энэ зах зээл хамгийн түрүүн цохилтод өртөж, хоёрдугаар сарын дундуур Хятадын 70,000 кино театр хаагдсанаар алдагдлаа тоолж эхлэв. Зөвхөн Хятадын кино компаниуд гэхэд хоёр тэрбум ам.долларыг вируст “идүүлжээ”. Улмаар хямрал нэг улсаар тогтохгүй нь ойлгомжтой болж, гуравдугаар сарын дундаас дэлхийн кино театрууд, зураг авалтын талбайн үйл ажиллагаа зогслоо. Коронавирус уг салбарт оролцогч жижиг гэрээлэгчдээс эхлээд том компани, одуудыг нэрвэжээ. Тавдугаар сард болдог Каннын наадам хойшлогдож, киноны бусад үзүүлэлт, цугларалтууд онлайнд шилжээд байна. Дөрөвдүгээр сарын эхэн гэхэд зураг авалт явагдаж байсан бүх кино, сериалууд зогслоо. Үүний улмаас Холливудын зуны улирлын киноны нээлтүүд, үзүүлэх ажиллагаанд саад учрав. Тухайлбал, гуравдугаар сарын 30-нд Sony Pictures зуны нээлтүүдээ 2021 он гартал хойшлуулахаа мэдэгдсэн. Disney, Warner Bros, Universal студиуд мөн ийм шийдвэр гаргажээ. Киноны салбар жилийн орлогынхоо 40 хувийг зуны улиралд олдог.

Forbes сэтгүүлийн тооцоогоор кино театрууд зургадугаар сарын 1­-н хүртэл хаалгаа нээхгүй бол зөвхөн Америкийн кино бизнес дөрвөн тэрбум ам.доллар алдахаар байна. Энэ бол зөвхөн кино үзүүлдэг салбарын алдагдал. Зураг авалт, үйлдвэрлэл зогссоны хохирлыг нарийн гаргахад хэцүү боловч бас л хэдэн тэрбумаар хэмжигдэнэ гэж шинжээчид тооцжээ. Өнөөгийнх шиг хүнд хямрал Америкийн кино үйлдвэрлэлд сүүлийн 100 жил тохиолдоогүй. 1918 онд “Испани ханиад” өвчний улмаас улс даяар кино театрууд хаагдаж байв. Тухайн үед зах зээлд томоохон өөрчлөлт өрнөж, жижиг студи, компаниуд дампуурч, бизнесээс шахагдсан юм. Улмаар кино үйлдвэрлэл ба үзүүлэх ажиллагаа цөөн тооны томчуулын гарт төвлөрч, өнөөг хүртэл Холливудын дүр төрхийг тодорхойлсоор ирсэн. Харин одоо кино аж үйлдвэрт олон жил мөрдсөн стратегиэ өөрчлөх зорилт тулгарлаа. Гэхдээ компаниудын ашгийг бүрдүүлэхийн төлөө авьяас, зүтгэлээ зориулдаг олон мянган уран бүтээлч ажилгүй болж, улмаар амьдралын эх үүсвэрээ алдах эрсдэл нүүрлээд байна. Америкийн киноны салбарт 200 мянга гаруй хүн ажилладаг бол дэлхий даяар хэдэн саяар тоологдоно. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Жүжгийн ертөнцөөр аялъя

 0 сэтгэгдэл

Бид онлайнаар кино, хөгжим, тоглолт гэхчлэн салбар салбарын уран бүтээлүүдээр нүд, сэтгэлээ баясгаж буй. Гэвч театрын тайзнаа тоглогдож байсан хит жүжиг, сонгодог бүтээлүүдийг үзэх боломж ховорхон байв. Харин УДЭТ-ын хамт олон хөл хорионд орсон эдгээр өдрүүдэд үзэгчдэдээ зориулж, шинэлэг, шилдэг уран бүтээлүүдээ дээжлэн хүргэж эхэлжээ. Та тус бүтээлүүдийг Univision, Look tv, Skymedia, Sky go-н видео сангаас үзэх боломжтой. 

Бүүвэй

Жинхэнэ уянгын драмын жүжиг хэмээгддэг “Бүүвэй” жүжиг ч бас энэ жагсаалтад багтжээ. Энэхүү жүжигт хайр халамжаар дутсан эмэгтэй, эх үрсийн үл ойлголцол, хууран мэхлэлт, амьдралын эрээн бараан, хувь заяаны гашуун үнэний тухай өгүүлэх болно. Гэвч энэ бүхнийг хүн чанар, уучлал, хайр энэрэл өөрчилж, амьдралын аз жаргалыг бүтээж болохыг ч харуулна.

 Манекен

“Манекен” хэмээх өвөрмөц нэртэй эл бүтээл хотоос алслагдмал төмөр замын өртөөнд аж төрдөг хоёр бүсгүйн амьдарлыг харуулна. Улс нийгмийн хөгжлөөс хол хаягдсан тэдний амьдрал уйтгартай бас дүнсгэр. Гол дүрийн бүсгүйчүүд хэн нэгэн уйтгартай дүнсгэр амьдралаас нь гэрэл гэгээг хайж, энэ бөглүү газраас авч яваасай хэмээн мөрөөднө. Гэвч хэн ч ирсэнгүй. Николай Колядагийн зохиолоор хийсэн тус жүжгийг СТА Ц.Батнайрамдал найруулж, МУГЖ Ж.Оюундарь, СТА Г.Отгонцэцэг, С.Болд-Эрдэнэ нар гол дүрүүдийг амилуулжээ.

Надаар тоглосон хайр

Одоогоос 19 жилийн өмнө МУСГЗ Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр” зохиолыг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулан 2001 онд Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа анх удаа амилуулсан билээ. Уг бүтээлийг давхардсан тоогоор 300 гаруй мянган хүн үзэж, тухайн үед залуусыг байлдан дагуулж байв. Залуу нас, хайр дурлал, нөхөрлөлийн тухай өгүүлэх энэхүү жүжиг хуучны дурсамжийг тань сануулж, анхны хайрын дурдатгалыг тань сэргээх биз ээ.

Өчигдөр

Г.Пинтерийн зохиол, найруулагч Н.Наранбаатарын бүтээл “Өчигдөр” жүжиг танд амьдрал, хайр дурлал, хүний мөн чанар хийгээд цаг хугацааны тухай өгүүлэх болно. Уйтгартай, залхмаар амьдралаа өөрчлөхийн тулд Ричард гэр орноо, эхнэр Сарагаа хүртэл орхихоор шийднэ. Нууц амрагаас нь ч харамласангүй. Өчигдөр тэд танилцан, догдолж, бие биедээ ухаангүй дурласан бол өнөөдөр залхаж уйдсан. Гэхдээ тэд өчигдөртөө хайртай.