A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5399/

Хилийн чанад дахь монголчууддаа хаалгаа хаасаар л байх уу

Хилийн чанад дахь монголчууддаа хаалгаа хаасаар л байх уу
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5399/
  • Галт тэрэг хоёр метрийн зай барь гэсэн ДЭМБ-ын дүрэмд нийцэх унаа мөн эсэхийг бодож үзэх хэрэгтэй бололтой
  • Цонхоо онгойлгохгүй маш бүгчим, амны хаалттай хүмүүс амьсгалахад бэрх байсан. Рейлбус руу шилжиж суухад зорчигч нар зай барих дүрэм мөрдөх боломжгүй байлаа. Бид дунд талынх нь хараахан дүүрээгүй байсан воганд орсон. Даралт ихэсдэг хүн дахиад л бүгчим агааргүй орчинд орох нь тэр. Агааргүй орчинд удаан суух хэцүү байсан болохоор цонхоо онгойлгооч гэж удаа дараа гуйсны эцэст арай гэж онгойлгуулсан
  • Улаанбаатар төмөр зам социализмын үеэс мөрдөж ирсэн хатуу дэг журмаа огтхон ч сулруулаагүй бөгөөд зөрчсөн тохиолдолд ажилтныг цалингийн 30 хүртэл хувиар торгодог. Түүнчлэн COVID халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, эрүүл ахуйн байцаагч, эмч, сувилагч, цагдаагийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй зорчдог

Эх орондоо ирэх хүсэлтэй 10,836 иргэнээс 472-ыг нь авчирлаа. Тодруулбал, Энэтхэгээс 190, ОХУ-аас 282 иргэнийг тусгай үүргийн нислэг болон галт тэрэг, автобусаар тээвэрлэв. Ингэснээр 10,364 хүн эх орныхоо зүг нүдээ ширгэтэл харсаар үлдлээ. Европын улсуудаас 2700 гаруй, Азиас 5100, Австралиас 1176, Америк тивээс 1700 гаруй иргэн эх орондоо ирэх арга зам хайж, Монгол Улсыг агаарын хилээ нээж, дамжин нислэгээр харих боломж олгохыг хүлээж буй. Гэвч халдварын эрсдэл өндөр, гаднаас авчирсан иргэдээс коронавирус илэрсээр байгаа тул хамгаалалт, халдваргүйтлийн өндөр дэглэм дор Монголын Засгийн газраас зохион байгуулсан нислэгээр ирэхийг илүүд үзэж байна. Харамсалтай нь хамгийн сүүлд ОХУ-аас иргэдээ авчрахдаа ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг зөрчиж, олон алдаа гаргаснаас замдаа халдвар авсан гэх иргэдийн гомдол, шүүмжлэлд дарагдаад байна. Энэ сарын 14-15нд ирсэн иргэд Москва, Эрхүү хотоос Улаан-Үүдээр дамжиж хүнд нөхцөлд олон цагаар явж ирснээ ярьсан. Хүмүүс дор бүртээ халдвар хамгааллын дэглэмийг чадах чинээгээр барьсан хэмээн ярьж байгаа ч нүдээр үзээгүй хүмүүсийн хувьд ОХУ-д байхдаа халдварт өртсөн болов уу гэсэн хардлага төрүүлж буй. Улсын онцгой комиссынхон өнгөн дээрээ бүх зүйлийг нарийн чанд мөрдөж буй мэт олны нүдэнд харагдаж байгаа ч ачир дээрээ тийм биш гэдгийг халдварт өртсөн иргэд хэлж байна. Уг нь Эрүүл мэндийн яам “Галт тэрэг, автобус, хот хооронд зорчигч тээвэрлэхэд баримтлах зөвлөмж” гээчийг боловсруулж гаргасан юм байна. Тус зөвлөмжид зорчигчдын амны хаалтыг хоёр цаг тутамд солих нөөцтэй байлгах, биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэх, бөөгнөрөл үүсгэхгүйгээр 1-1.5 метрийн зайтай суулгахыг зааварласан. Мөн хүндэтгэх шалтгаантай зорчигчдыг эхэлж суулгах, гадаад паспортыг битүүмжлэх уут бэлтгэж, албан шалгалтыг шуурхай явуулна гэжээ. Галт тэрэгний купе, коридорт хоёр цаг тутамд цэвэрлэгээ хийж, халдваргүйжүүлэн, цонх нээж агаар сэлгэх тухай ч онцгойлон тусгасан. Ариун цэврийн өрөөнд саван, цаас, гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай бодис, хогийн савыг байрлуулан, тогтмол халдваргүйжүүлэх уусмалаар цэвэрлэнэ гэсэн байв. Гэвч цаасан дээр буусан энэ дүрэм газар дээрээ мөрдөгдөхгүй байгаа бололтой. Уг нь Улаанбаатар төмөр зам социализмын үеэс мөрдөж ирсэн хатуу дэг журмаа огтхон ч сулруулаагүй бөгөөд зөрчсөн тохиолдолд ажилтныг цалингийн 30 хүртэл хувиар торгодог. Түүнчлэн COVID халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, эрүүл ахуйн байцаагч, эмч, сувилагч, цагдаагийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй зорчдог. Гэтэл галт тэргэнд ямар ч ариутгалын бодис байгаагүйгээр барахгүй зорчигчидтой зөвхөн чанга яригчаар харилцаж байсан. 70 орчим хүн нэг дор бие засах газраар үйлчлүүлж байхад нэг удаа ч ариутгаагүй гээд зөрчил дутагдал байгааг галт тэргээр ирсэн иргэд дуулгалаа. Бид энэ талаар МХЕГ болон бусад холбогдох газрын мэргэжилтнүүдээс тодруулах гэсэн боловч “газар дээр нь бид ажиллаагүй учраас ямар нэг тайлбар хийх шаардлагагүй” гэсэн хариулт өглөө. Иргэдийн хэлж буй шиг халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллаж чадахгүй байгаа бол цаашдаа ирэх иргэд хэдэн зуугаар өвчлөх эрсдэл өндөр байгааг холбогдох байгууллагууд анхаарна уу. Ойрын үед ОХУ-аас дахин иргэдээ авчрахаар төлөвлөж байна. Дараагийн ирэх иргэдийг тээвэрлэхдээ энэ алдаанаасаа сургамж авч, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх шаардлага Хилийн мэргэжлийн хяналтын алба, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийнхэнд тулгарлаа. Энэ явдал ар араасаа илэрч буй халдварын үед ариун цэврийн дэглэм илүү нарийн сахих анхааруулга өглөө.  

Арай гэж авчирсан иргэдээ замд нь халдварлуулах эрсдэлтэй байна

Бид ОХУ-аас ирээд халдвартай гэж оношлуулсан зарим хүмүүстэй утсаар холбогдож ярилцлаа. 

Улаан-Үүдээс 200 километрийн зайд орших тосгоноос зургаан оюутны хамт ирсэн эмч багш ийн ярилаа. Тэрбээр “Тавдугаар сарын 14-нд сургуулийнхаа жолоочоор Улаан-Үүд рүү хүргүүлсэн. Жолооч битүү хамгаалалтын хувцастай байсан. Бид 12:00 цаг өнгөрч байхад хил дээр ирсэн. Алтанбулагийн боомтоор хүмүүсийг 20, 20-иор нь нэвтрүүлсэн. Хилээр орж ирэнгүүт дэглэм илт суларч, эмх замбараагүй байдал үүссэн. Ингээд тэнд зогсож байсан улаан автобусанд 40 хүнийг чихэж суулгасан юм. Хамгийн сүүлд би 40 дэх хүн болж орсон ч рейлбус хүртэл чемодан дээрээ сууж явсан. Цонхоо онгойлгохгүй маш бүгчим, амны хаалттай хүмүүс амьсгалахад бэрх байсан. Рейлбус руу шилжиж суухад зорчигч нар зай барих дүрэм мөрдөх боломжгүй байлаа. Бид дунд талынх нь хараахан дүүрээгүй байсан воганд орсон. Даралт ихэсдэг хүн дахиад л бүгчим агааргүй орчинд орох нь тэр. Агааргүй орчинд удаан суух хэцүү байсан болохоор цонхоо онгойлгооч гэж удаа дараа гуйсны эцэст арай гэж онгойлгуулсан. Галт тэргэнд ороод суудлаа олж амжаагүй байтал чанга яригчаар “36,900 төгрөгийн зардал өгөөрэй, хэрэв хэн нэг нь зардлаа өгөхгүй бол явахгүй шүү” гэж зарласан. Ингээд галт тэргэнд ороод оюутнууд маань ар гэр рүүгээ утсаар холбогдлоо. Харамсалтай нь миний мэдэж байгаагаас утсаар ярьсан таван оюутан вирусийн халдвартай гарсан. Огт утсаар яриагүй, маскаа аваагүй хүүхдүүд сөрөг хариу авсан. Халдвар хамгааллын дэглэм барих ямар ч арга байгаагүй. Галт тэрэгний бие засах газарт бүх л хүн орж байлаа. Тэнд ариутгаж сүйд болоод байсан ч юм харагдаагүй. Бидэнтэй хамт ирсэн эмч өөрт байсан ариутгалын бодисоороо байсхийгээд л бие засах өрөөг ариутгаж явсан. Нойр, хоолгүй олон цаг зүдрүүхэн явж Мандал өртөөнд ирсний дараа дахиад унаа сэлгэх шаардлага гарсан юм. Галт тэрэгнээс бууж автобус фургонд хувааж суулгасан. 15 хүнийг фургон машинд чихэж суулгасны нэг нь би. Батсүмбэрт ирж тусгаарлах байранд ороход үүрийн 05:00 цаг болж байсан. Урд өдрийнх нь 12:00 цагаас хойш явсаар 17 цаг олигтой хоол унд идээгүй юм байна. Ингээд 08:00 цаг ийн үед шинжилгээ авахад бидний хариу эерэг гарчихсан. Гэхдээ би үүнд тэгтлээ цочирдоогүй, “ОХУ-д байхдаа шинжилгээ өгчихөөд ирэхгүй яав даа” л гэж харамссан. Халдваргүй бүсээс ирсэн болохоор бидэнд ямар ч асуудал байгаагүй тул шинжилгээний хариунд эргэлзэж байгаа. Хил дээр ирэхдээ л би эргэн тойрноо хараад их эрсдэл дунд орлоо гэдгийг ойлгосон. Зарим хүн амны хаалтгүй, нэг эмэгтэй нялх хүүхдээ тэвэрчихсэн хөхүүлээд сууж байсан. Хоёр метрийн зай барих, биеэрээ шүргэлцэхгүй байх, бие засах газрыг байнга ариутгах, гараа савандаж угаах гээд бүх л халдвар хамгааллын дэглэм алдагдсан. Цаанаасаа тийм боломжийг хангаж өгөөгүй. Эх орныхоо хилийн дээсийг алхаж, нутаг ямар үнэ цэнтэй болохыг мэдэрч өөрийн эрхгүй баярлаад уйлж байсан. Би хэн нэгнийг буруутгамааргүй байна. Гэхдээ хамгаалалтын дэглэмийг нарийн чанд мөрдөхгүй бол халдвар улам нэмэгдэх эрсдэл байна шүү гэдгийг л хэлэх гэсэн юм” гэлээ. 

Гаднаас ирж байгаа хүмүүст тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй

Бидний дараагийн холбогдсон иргэн Улаан-Үүдэд аяллаар явж байгаад гацсан эмэгтэй байлаа. Тэрбээр “Би Улаан-Үүдэд 15 хоносон. Нэгэнт хил хаагдсан болохоор найз нөхдийнхөөрөө л орж гарч байлаа. Хил нээгдмэгц энэ сарын 14-нд ирсэн. Галт тэргээр ирж байгаа хүмүүст халдваргүйтгэл ариутгалын үйлчилгээ хангалтгүй юм шиг санагдсан. Хил дээр биднийг цэргийн ногоон майханд олноор нь чихэлдүүлж оруулаад, цаг гаруй суулгасан. Автобусаар галт тэрэгний буудал хүрэх юм байна гэдгийг л гадарлаж байснаас өөр ямар ч мэдээлэл өгөөгүй. Хаана хэдэн цаг саатах, хаа хүртэл хэдэн километр ямар унаа сэлгэж явах, тусгаарлах газар нь хаана байх гээд тодорхой мэдээлэл байгаагүй. Энэ талаар хэн ч бидэнд мэдээлэл өгөөгүй. Мөнгө тушаа гэсэн дансыг нь шалгатал хувь хүнийх байсан. “Яагаад бид хувь хүний данс руу мөнгө тушаах ёстой юм бэ” гэж машинистаас лавлатал өгсөн данс руу хий гэсэн. Гэтэл хүмүүс бужигнаад эхэлсэн. Оюутнууд нь монгол мөнгө байхгүй, рублиэр төлөх боломжгүй юм уу гээд л хойш урагшаа холхилдоод байлаа. Нэг нэгнээсээ монгол мөнгө, мобайл банк сурагласан хүмүүс хэсэгтээ л эмх замбараагаа алдсан. Хоёр метрийн зайнаас харьцах нь байтугай утсаа дамжуулж ярих, байгаа мөнгөө нэгэндээ шавхаж өгөх үзэгдэл гарсныг нуухгүй. Зохион байгуулалт маш муу байсан нь эндээс харагдах байх. Уг нь хилээр оруулж ирээд л хүн бүрт тодорхой мэдээлэл өгөх ёстой биз дээ. Гэтэл нүдэн балай чих нь дүлий гайхаж, учраа олохоо байсан хүмүүс л явж ирсэн. Мөнгөгүй оюутнуудын нэрийг чанга яригчаар зарлаж зардлаа төл гэж дарамталж байхын оронд тусгаарлагдсан хугацаанд нь төлүүлж болох л байсан шүү дээ. Галт тэргэн дотор уух ус ч үгүй бүтэн найман цаг гаруй болж байж хөдөлсөн. Агааргүй бүгчим орчинд хүнийг ийм удаан суулгахаар өвчлөхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Дараа дараагийнхаа авчрах хүмүүсийн ийм байдалтай тээвэрлэвэл халдвар улам газар авна. Манай улсын эмнэлгийн хүчин чадал ямар билээ. Эрүүл мэндийн байгууллагын ачаалал ямар билээ гэдгээ бодолцож, хүмүүсээ халдваргүйтлийн дэглэм нарийн мөрдөж тээвэрлэхгүй бол биднийг авчирсан шиг хандвал олон хүн халдварт өртөнө” гэлээ. Онгоцоор ирж буй хүмүүсийн халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд мөрдүүлж буй шигээ газраар ирж байгаа иргэдэд ч адилхан үйлчилгээ үзүүлмээр байна. ДЭМБ-аас гаргасан хоёр метрийн зайнаас харилцах гэсэн дүрэмд галт тэрэг тохирох унаа мөн эсэхийг дахин тунгаан бодох хэрэгтэй болов уу. Автобусаар цөөн хэдээр тээвэрлэн авчирч яагаад болохгүй гэж. Иргэд өөрсдөө замын зардлаа төлж байгаа нөхцөлд аль болох тав тухтай зорчиж ирэхийг хүсэх нь мэдээж шүү дээ. Эх орондоо хөл тавихыг хүссэн иргэд хэдийг ч нэхсэн төлөхөд бэлэн суугаа нь дамжиггүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Орон орны өвөрмөц соёл

 0 сэтгэгдэл

Дэлхий ертөнц даяаршиж бас ондоошиж байна. Хүн төрөлхтний үнэт зүйл нэг боловч амьдралын хэмнэл, өдөр тутмын соёл нь ялгаатай. Мэндлэх, хооллохоос эхлээд оршуулах ёслолд хүртэл орон бүр өөр өөрийн өвөрмөц соёлыг тээн иржээ. Усыг нь уувал, ёсыг нь дага гэдэг учир эдгээр соёлыг урьдчилан мэдэж аваад, аялал болон ажил хэрэгтээ ашиглаарай.

Турк


Хол замд явж байгаа хүнийхээ араас сайн сайхныг хүсэн ус цацдаг. Эрэгтэй хүний үсийг эрэгтэй хүн, эмэгтэй хүний үсийг эмэгтэй хүн л засдаг. Хэрвээ төрийн далбаагаа харсан л бол хаана ч байсан үнсэж хүндэтгэх ёстой.

Малайз

Малайзад дохио зангаа илэрхийлэх, зүг чиг заахдаа зөвхөн эрхий хуруу ашигладаг. Учир нь долоовор хуруу нь бүдүүлэг байдлын илэрхийлэл бөгөөд эрхий хуруугаа гаргах нь илүү эерэг гэж үздэг. 

Франц


Харин Францад амьдардаг хүмүүс уулзахаараа хацраа гурван удаа нийлүүлэн үнсэж, мэндэлдэг. Мөн үнсэлтийн тоо бүс нутгаас хамаараад өөрчлөгддөг аж. Мөн та ямар нэг үдэшлэгт оролцож байгаа бол зочдыг таньдаг эсэхээсээ үл хамааран бүх хүнтэй мэндлэх ёстой. 

Япон

Японд хооллох үедээ сорох чимээ гаргах нь тухайн хоол танд үнэхээр таалагдаж буйг илтгэдэг гэж үздэг. Тиймээс гоймон идэх үедээ сэтгэл амар сорж болно. Мөн энд нэрийн хуудас солилцох соёл маш чухал бөгөөд та нэрийн хуудсаа англи хэл дээр бичихээс гадна заавал япон хэлээр бичсэн байх ёстой.

Энэтхэг

Энэтхэгт хоолонд зүүн гараараа хүрч болдоггүй. Зөвхөн баруун гараараа хоол иддэг. Учир нь зүүн гараа ашиглахыг доромжлол гэж үздэг бөгөөд бие зассаныхаа дараа зүүн гараараа цэвэрлэгээ хийдэгтэй холбоотой. Мөн хоёр эрэгтэй хүн хөтлөлцөх нь энд нөхөрлөлийн бэлгэ тэмдэг. 

Герман

Германд уулзалт, магистрын төгсөлтийн үеэр алга ташихын оронд ширээгээ тогшдог. Мөн шар айргаа жингэнүүлэн тулгаж, Prost гэж хэлэх нь таны хүндэтгэлийг илэрхийлнэ. 

Австрали

Манайд бусдын гарыг хэт чанга атгах нь бүдүүлэгт тооцогддог бол энэ нь Австралид хүндэтгэлийг илэрхийлдэг.

Унгар

Харин Унгар улсад шар айраг, дарс зэргээ тулгадаггүй. Энэ уламжлал тус улсад 1848 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн үед Австри Унгарыг эзлэн авч, баяраа тэмдэглэн тулган ууж, найр наадам хийж байв. Энэ цагаас хойш Унгарчууд тулгаж уухыг хориглох болжээ. 

БНСУ


Солонгост хамт ажиллагсадтайгаа оройн хоолонд орох болон караокед дуулах нь хамгийн их тархсан соёл. Ажлын амжилтаа тэмдэглэх, шинэ хүн ажилд орох, ажил хэрэгч уулзалтын дараах албан бус арга хэмжээ гэх мэт олон зүйлд энэ соёл үйлчилнэ.

БНХАУ

Хятадад бэлгийг хүлээн авахаас өмнө гурван удаа татгалздаг уламжлалтай. Тиймээс авах хүртэл нь бэлгээ үргэлжлүүлэн өгөх нь чухал. Ялангуяа бизнес уулзалтын үед хятад харилцагчдаа бэлэг бэлдэх нь түгээмэл.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төрсний дараах сэтгэл гутралыг анхаарах төрийн бодлого алга

 0 сэтгэгдэл
  • Сэтгэл гутралд орсон эмэгтэйчүүдийн ердөө 10 гаруй хувь нь л сэтгэл зүйч болон эмнэлгийн байгууллагад хандсан байна
  • Манай улсад төрсний дараах сэтгэл гутралын талаарх судалгааг 2002 болон 2018 онд хийж байжээ. Анхны судалгаагаар, амаржсан эмэгтэйн сэтгэл гутралын тархалт 9.1 хувь байсан бол 2018 онд тус тоо 31.5 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, гурван ээж тутмын нэг нь төрсний дараах сэтгэл зүйн эмгэгтэй байдаг нь тогтоогджээ
  • Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 10-15 хувь нь төрсний дараах сэтгэл гутралд ордог бол хөгжиж буй орнуудад 10-41 хувийн тархалттай байдаг

30 гаруй настай эмэгтэй гурван сартай бяцхан үрийнхээ хамт цонхоор үсэрч, амиа егүүтгэсэн хэрэг олон нийтийг цочирдууллаа. Хоёр халуун амь хорвоог зуурдаар орхисон харамсалтай хэргийн буруутныг нийгэм нийтээрээ шүүж, “хүүхдийнх эцэг хүчирхийлэгч байсан, бүсгүйн дүү нар ийм хэрэг хийхэд хүргэсэн, амиа хорлосон эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ” зэрэг элдэв мэдээлэл цахим ертөнцөд цацагдаж байна.

Гэхдээ төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэцийн өөрчлөлтийн талаар хэн ч дуугарсангүй. Нялх биетэй ээжийн сэтгэл зүйн хямрал, нярай үрийн дасан зохицох процесст анхаардаггүй гажуу тогтолцооны талаар хаана ч хөндсөнгүй. Бурхан болсон ээжийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ нялх биетэй эмэгтэйн сэтгэл зүйг анхаарч, бодлогын түвшинд өөрчлөлт хийх шаардлагатай байгааг үүнээс гадна олон жишээ батална. “Бяцхан үрээ төрүүлсэн ч баяр, жаргалыг мэдрэхгүй байна. Өөрийгөө ч, өрөөлийг ч үзэн ядаж, амьдралаас залхах боллоо” гэж анхны хүүхдээ төрүүлсэн ахимаг насны эмэгтэй цөхөрч сууна. Тэрбээр “зарим үед өөрийгөө ч, үрээ ч үгүй хиймээр санагдаж, нүгэлт бодолдоо шаналж байна” гэсээр нулимс нэрнэ. Энэ эмэгтэйтэй уулзаж, ярилцаад нэг сарын ч хугацаа өнгөрөөгүй байтал өөр нэгэн эмэгтэй үрээ тэвэрч, цонхоор үсэрсэн харамсалтай хэрэг гарсан нь сэтгэл гутралын эмгэг олон ээжид тохиолдож байгааг гэрчилж байна.

Сэтгэл гутралд орсон ээжид өөрийгөө, үрээ гэмтээх бодол төрдөг

Төрсний дараах сэтгэл зүйн хямрал нийт эмэгтэйчүүдийн 70-80 хувьд тохиолддог бөгөөд амаржсанаас хойших эхний хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжилдэг. Энэ нь дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй. Харин уг хямрал 14 хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл сэтгэл гутрал буюу сэтгэл зүйн эмгэг болж хувирдаг. Ингэснээр амьдралын баяр баясгалангүй болж, гэр бүл, найз нөхдөөсөө хөндийрч, хүүхдээ халамжлахаа больж, өөрийгөө болон үрээ гэмтээх зэрэг элдэв муу бодол төрж, архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх хүсэлд автдаг байна. Эдгээр шинж тэмдэг илэрсэн ч эмчлэхгүй орхивол төрсний дараах сэтгэл зүйн солио тусаж, хий юм үзэж, дэмийрч эхэлдэг аж. Энэ талаар эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Цэндсүрэн “Сэтгэл хямрал хэвийн үзэгдэл ч сэтгэл гутрал бол эмгэг. Эмчлэхгүй бол маш аюултай. Хэрэв төрсний дараа нойргүйдэх, уур бухимдалтай болох, хүүхдээ болон өөрийгөө буруутгах зэрэг шинж тэмдэг илрээд 14-өөс дээш хоносон бол яаралтай мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй” гэсэн юм.

Гурван эмэгтэй тутмын нэг нь төрсний дараах сэтгэл зүйн эмгэгтэй

Манай улсад төрсний дараах сэтгэл гутралын талаарх судалгааг 2002 болон 2018 онд хийж байжээ. Анхны судалгаагаар, амаржсан эмэгтэйн сэтгэл гутралын тархалт 9.1 хувь байсан бол 2018 онд тус тоо 31.5 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, гурван ээж тутмын нэг нь төрсний дараах сэтгэл зүйн эмгэгтэй байдаг нь тогтоогджээ. Гэхдээ ээжүүд сэтгэл зүйн өөрчлөлтийнхөө шалтгааныг төдийлөн мэддэггүй учир хэн нэгэнтэй ярилцах, эрүүл мэндийн байгууллагад хандах тохиолдол ховор аж. Сэтгэл гутралд орсон эмэгтэйчүүдийн ердөө 10 гаруй хувь нь л сэтгэлзүйч болон эмнэлгийн байгууллагад хандсан байна.

Санхүүгийн байдал сэтгэл гутралд нөлөөлдөг

Гэр бүлийн нөхцөл байдал, хосуудын харилцаа, тухайн эмэгтэйн сэтгэл зүйн онцлог зэрэг олон шалтгааны улмаас сэтгэл гутрал үүсдэг. Үүнээс гадна, мөнгө санхүүгийн байдал чухал нөлөөтэй аж. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 10-15 хувь нь төрсний дараах сэтгэл гутралд ордог бол хөгжиж буй орнуудад 10-41 хувийн тархалттай байдгийг ДЭМБ, НҮБ-ын хүн амын сангийн хамтарсан судалгаагаар тогтоожээ. Мөн манай улсад хийсэн судалгаагаар бага, дунд орлоготой өрхийн эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх нь түгээмэл байдаг нь тогтоогдсон байна. Энэ талаар СЭМҮТ-ийн эмч Т.Мандхай “Бид 2018 онд АНУ-ын Рочестрийн их сургуулийн дэмжлэгтэйгээр төрсний дараах сэтгэл гутралын талаар судалгаа хийсэн юм. Түүнээс харахад, бага болон дунд орлоготой өрхийн эмэгтэйчүүдэд сэтгэл гутрал элбэг тохиолдож байсан. Мөн төлөвлөгөөгүй жирэмслэлт, ажилгүйдэл, төрөлтийн болон жирэмсэн үеийн хүндрэл зэрэг нь эрсдэлт хүчин зүйлд тооцогддог. Тиймээс төрөөс эмэгтэйчүүд рүү чиглэсэн бодлого боловсруулах шаардлагатай” гэлээ. Үүнээс гадна, барууны оронд төрсний дараах сэтгэл гутрал дээр эрүүл мэндийн байгууллагууд анхаарч ажилладаг нь элдэв эрсдлээс урьдчилан сэргийлэх гол хүчин зүйл болдог байна. 

Сэтгэл гутралыг эмчлэх төрийн бодлого дутагдаж байна

Төрсөн эхчүүдийн сэтгэл гутралыг тодорхойлох, эмчлэх нэгдсэн бодлого, тусламж, үйлчилгээ манай улсад байдаггүй. Төрөх эмнэлэгт болон, өрхийн эрүүл мэндийн төвд сэтгэлзүйчийн орон тоо хангалтгүй байдаг төдийгүй эмч, сувилагчийн аль нь ч эмэгтэйчүүдэд сэтгэлийн дэм, тусламж үзүүлэх боломж, мэдлэг, сэтгэл алга. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэг сэтгэлзүйч ажилладаг ч эмчлүүлж буй хүүхдийн сэтгэл зүйд голчлон анхаардаг байна. Харин Европын оронд жирэмсний хяналтад орсон цагаас нь эхлээд сэтгэл зүйд нь анхаарч, хямралтай байгаа эсэхийг тогтоох асуумж бөглүүлдэг байна. Мөн төрсний дараа эмчийн үзлэг, хяналтад орох бүрд нь судалгаа хийж, биеийн байдлыг нь, сэтгэл зүйтэй нь хамт хянадаг аж. Хэрэв ямар нэг асуудал үүссэн тохиолдолд 10-12 ээжийг хамарсан бүлэг байгуулж, мэргэжлийн эмч зөвлөгөө өгдөг аж. Япон улсад сүүлийн жилүүдэд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” төвд тусламж авахаар хандсан эмэгтэйчүүдийн тоо 15 хувиар өссөн тул тус улсын Засгийн газар төрсний дараах сэтгэл гутрал болон гэр бүлийн хүчирхийллийн хамаарлыг тогтоох судалгааг зохион байгуулж, судалгааны үр дүнд үндэслэн арга хэмжээ авсан байна. Гэтэл манай улсад эх, хүүхэд амиа алдаж байсан ч төр дүлий, дүмбэ оргисоор л байна.

Сэтгэл гутралд орсон эмэгтэй СЭМҮТ-д хандахаас өөр гарц алга

Сэтгэл зүйн тусламж хүссэн эмэгтэйд СЭМҮТ-д хандах эсвэл сэтгэлзүйчээс зөвлөгөө авах хоёр л сонголт бий. Хүүхдийнхээ хагас сар хэрэглэх памперсны мөнгөөр сэтгэлзүйчээс нэг цагийн зөвлөгөө авах хүн ховор. Мөн сэтгэл гутралд орсон эмэгтэй хоолны дуршил буурах, нойрны хэмнэл алдагдах зэрэг биеийн зовуурьтай байдаг тул сэтгэлзүйч үүнийг эмчлэхэд бэрх. Харин СЭМҮТ-д хандаж хэвтэн эмчлүүлэх боломжтой ч сэтгэл гутралд орсон эмэгтэй сэтгэцэд өөрчлөлт орсон гэдгээ хүлээн зөвшөөрч, тус эмнэлэгт хандах нь ховор. Энэ талаар төрсний дараах сэтгэл гутралд өртөж, СЭМҮТ-д эмчлүүлсэн эмэгтэй (нэрээ нууцлахыг хүсэв) “Төрснөөс хойш нэг жилийн турш хагас галзуу хүн шиг байсан. “Орой ямар хоол хийж вэ” гэж асуухад хүртэл уурлаж, хадмууд хүүг маань үнсэж, тэврэхэд хүртэл ундууцдаг байлаа. Өөрийгөө өөрчлөгдөж байгааг мэдэж байсан ч хүлээн зөвшөөрч чаддаггүй юм билээ. Нөхөр маань шархадны эмнэлэгт хэвтүүлэх тухай хэлэхэд жинхэнээсээ галзуурах шахсан. “Намайг галзуу гэж бодоо юу” гээд бөөн сүр болж билээ. Олон нийтийн дунд галзуугийн эмнэлэг гэсэн ойлголттой байдаг болохоор эмэгтэйчүүд тийшээ зүглэхийг хүсдэггүй” гэсэн юм. Ийнхүү эх, хүүхдийг хоёр яс салгачихвал л үүргээ гүйцэтгэлээ гэж буй эрүүл мэндийн бодлого хэдэн ээж, хэдэн хүүхдийн амийг авч одох бол. Энэ асуудал дээр анхаараагүйн улмаас эмэгтэйчүүд насан туршдаа сэтгэлзүйн эмгэг тээж, гэр бүл салж, хүүхэд өнчирч байна.

Т.Мандхай: Сэтгэл гутралын талаарх ойлголт хомс байгаа учир эрт илрүүлж чадахгүй байна

Өндөр хөгжилтэй орнууд төрсөн эмэгтэйн сэтгэл зүйг хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авдаг талаар СЭМҮТ-ийн эмч Т.Мандхайгаас тодруулсан юм. Тэрбээр энэ чиглэлээр сургалт, судалгааны ажил хийдэг юм.

-Өндөр хөгжилтэй орнуудад төрсний дараах сэтгэл гутралд өртсөн эмэгтэй цөөхөн байдаг юм байна. Бодлогын түвшинд арга хэмжээ авдагтай холбоотой болов уу?

-Англи, АНУ зэрэг өндөр хөгжилтэй оронд ээжүүдийг жирэмсний хяналтад орох үеэс нь эхлээд л сэтгэл гутрал илрүүлэх асуумж бөглүүлдэг. Жирэмсэн үеийн сэтгэл гутрал төрсний дараах сэтгэл зүйн өөрчлөлтөд нөлөөлдөг учир урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Тиймээс хяналтын эмч нар ингэж ажиллах шаардлагатай байна. Мөн төрсний дараа өрхийн эмч нар гэрээр нь очиж нярайн үзлэг хийхдээ ээжүүдийн сэтгэл зүйг хянадаг байх хэрэгтэй. Эрт илрүүлэг хамгийн чухал байна. Жирэмсний хяналтын ягаан дэвтэр дээр ч төрсний дараах сэтгэл зүйн хямралын талаар ямар нэг үг, өгүүлбэр байдаггүй. Тиймээс бодлогын хэмжээнд зохицуулах шаардлагатай байна. Манай улсад сэтгэл гутралын талаарх ойлголт хомс. Үүний улмаас илрүүлж чадахгүй, хүндрүүлээд байна.

-Ээжүүдийг жирэмсний хяналтад орох үеэс нь эхлээд л сэтгэл зүйн асуумж бөглүүлдэг гэлээ. Сэтгэл гутралд орсон тохиолдол ямар арга хэмжээ авдаг бол?

-Өндөр хөгжилтэй орнуудад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг өөртөө туслах бүлэг гэж байдаг. Ижил шинж тэмдэгтэй, эмэгтэйчүүд бие, биетэйгээ нэгдэж, бүлэг үүсгэдэг юм. Гэхдээ мэдээж, мэргэжлийн эмч чиглүүлнэ. Ганцаараа сэтгэл гутралд автсан бус гэдгээ мэдэх маш чухал. Мөн хоорондоо нөхцөл байдлаа ярилцаж, асуудлыг хамтдаа даван туулдаг. Нөхөрт нь ч мэргэжлийн эмч зөвлөгөө өгнө. Гэтэл манай улсад сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэйг СЭМҮТ рүү л илгээдэг. Энэ нь тухайн эмэгтэйд тааламжтай санагдахгүй. Уг нь өрхийн болон төрөх эмнэлэг дээр сэтгэл зүйч ажиллах хэрэгтэй. Бид эмч, сувилагч нарыг сургалтад хамруулдаг ч тэд ажлын ачаалал ихтэй учир ээжүүдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх боломж хомс. Мөн өрхийн эмч нар ажлын байраа хурдан сольдог.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цахим спорт олимпод бүртгэгдэх нь цаг хугацааны асуудал

 0 сэтгэгдэл
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дуртай спортдоо нэрээ мөнхлөхийг хүсэж байна
  • Цахим спорт сэтгэхүйн болон харааны хурд, богино хугацаанд шийдвэр гаргаж, стратеги боловсруулахыг шаарддаг. Тиймээс төвлөрөх чадвараа сайжруулах үүднээс өдөр бүр таван км  алхаж, бясалгал хийн, сэтгэл зүйн бэлтгэлээ хангадаг

Нэгэн үе бид цахим спортыг компьютер тоглоомын газраар л төсөөлдөг байв. Гэвч өдгөө энэ спорт дэлхий дахинд хүчээ авч, Азийн наадамд бүртгэгдээд зогсохгүй олимпын төрөлд багтах нь цаг хугацааны асуудал болжээ. Саяхан манай улсын Tiger баг Азийн аварга шалгаруулах "ESL One: Road to Rio" тэмцээний аваргаар шалгарч, Weibo Cup Asian Championship-2020 тэмцээнд түрүүлж амжилтаа бататгаад буй. Ингээд энэ удаагийн залуус буландаа тус багийн тоглогч Kabal буюу Б.Бат-Энхийг урьж, ярилцлаа.

-Энэ спортыг сонирхож, хичээллэх болсон үеэс ярилцлагаа эхэлье. Эцэг эхчүүд хүүхдээ компьютероос аль болох хол байлгахыг хичээдэг. Энэ спортоор хичээллэж эхлэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авч байв? 

-Би цахим спортоор хичээллээд найман жил болж байна. Намайг энэ спортыг сонирхож эхлэх үед Монголд хөгжих гарц нь хаагдмал, хүмүүсийн ойлголт хязгаарлагдмал байсан. БНХАУ болон БНСУ руу суралцахаар явсан учраас цаашид мэргэжлээрээ ажиллана гэж төлөвлөөд спортоосоо хэсэг завсарлага авсан байлаа. Ингээд 2017 онд дахин хичээллэхээр болж, БНХАУ руу явж, өөр багт цалинтай тоглох болсноо хэлэхэд гэрийнхэн маань эергээр хүлээж авсан. Одоо бол бүгд маш сайн ойлгож, дэмждэг. 

-Саяхан болсон дэлхийн аваргын эрхийн төлөөх тэмцээнд түрүүлж, аваргын тоглолтод Хятадын Invictus Gaming багтай таарсан. Тоглолтын уур амьсгал ямар байсан бэ?

-Invictus Gaming бол өндөр чансаатай, нэлээн хүчтэй өрсөлдөгч байсан. Тоглолтод орохын өмнө бид эсрэг багаа маш сайн судалдаг. Энэ тэмцээнд ч бас бэлтгэлээ яг тийм байдлаар хангасан. Аваргын тоглолтын үеэр гал гарсан өрсөлдөөн өрнөсөн гэж хэлж болно. Гурван үе тоглосны дараа хоёр баг тэнцэж, цаг сунгасан. Эхний нэмэлт цаг дээр дахин тэнцсэн учир, хоёр дахь удаагаа цаг сунгаж тэр тоглолтод ялалт байгуулсан.

-Та өмнө нь 2016 оны Азийн аварга Mongolz багт тоглодог байсан. Яагаад Mongolz багаас гарсан юм бэ? 

-Би Mongolz багт жил гаруй тоглосон. Тухайн үед ивээн тэтгэгч байхгүй, дэмжлэг муу байсан учраас Монголынхоо өөр нэг тоглогчтой хамт Хятадыг зорьсон. Хятадад цахим спорт хурдацтай хөгжиж байгаагаас гадна тамирчдыг маш өндрөөр үнэлдэг. Манай баг гурван хятад, хоёр монгол тамирчны бүрэлдэхүүнтэй байсан. Багаар тоглодог учраас хоорондоо маш сайн ярилцаж, хурдан хугацаанд мэдээлэл солилцох шаардлагатай. Гэтэл хэлний бэрхшээлээс шалтгаалаад бүрэн ойлголцож чадахгүй байсан. Эхний жил дохио зангаагаар ойлголцож, хоёр дахь жилээсээ амжилт үзүүлж эхэлсэн ч нэг хэлээр ярьдаггүй, нэг үндэстнүүд биш учраас энэ нь сул тал болж, том тэмцээнүүдэд ялагдал хүлээх болсон. Ингээд Хятад дахь багаасаа гарч Монголдоо ирээд шинэ баг бүрдүүлсэн.

-Азийн аваргад бэлтгэж байгаа гэсэн. Цахим спортын тамирчид бэлтгэлээ хэрхэн хийдэг нь сонирхолтой байна?

-Манай багийн тоглодог төрөл биднээс сэтгэхүйн болон харааны хурд, анхаарал төвлөрөх чадвар, богино хугацаанд шийдвэр гаргаж, стратеги боловсруулахыг шаарддаг. Тиймээс төвлөрөх чадвараа сайжруулах үүднээс өдөр бүр таван км алхдаг. Мөн эрүүл хооллож, түргэн хоол, газтай ундаа зэрэг чихэрлэг хүнс хэрэглэхээс татгалзаж хоолны дэглэм баримталдаг /инээв/. Яагаад гэвэл тэмцээний үед олон цагаар сууж, тоглоод ирэхээр энергиэ алдаж, “унтарч”, эхэлдэг. Харин сэтгэл санаагаа тогтвортой байлгах үүднээс бясалгал хийж, сэтгэл зүйгээ бэлддэг. 

-Ихэнх хүмүүс цахим спортыг PC тоглоомын газруудаар хязгаарлаж ойлгодог. Манай улсад цахим спортын хөгжил ямар түвшинд байна вэ?

-Сүүлийн хэдэн жил маш эрчтэй хөгжиж байна. Өмнө нь цөөхөн хэдхэн тэмцээн болдог байсан бол одоо лигийн аварга, халз тоглолтууд гэх мэтээр олон төрлийн тэмцээн тогтмол зохиож байна. Тоглогчид байнгын бэлтгэлтэй байгаа учраас ур чадвар нь ч эрс сайжирч байна. Сая болсон Азийн аваргад гурван монгол баг оролцох жишээний. Мөн маш олон монгол тамирчид дэлхийн хэмжээний томоохон багуудтай гэрээ байгуулж байна.

-Өсвөр үеийн хүүхдүүд донтох, олон цагаар тоглох хандлагатай байдаг. Компьютер тоглоом сонирхогч, мэргэжлийн тамирчин хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

-Тоглоомд хэт их донтож байгаа нь цагаа буруу хуваарилж, сөрөг сэтгэл зүйгээр тоглож байгаатай холбоотой болов уу. Бид өдөрт хамгийн ихдээ 6-7 цагийг бэлтгэлдээ зарцуулдаг. Энэ хугацаанд зөвхөн тоглохоос гадна өрсөлдөгч багаа судална, стратеги боловсруулна, хувийн бэлтгэлээ хийнэ гэх мэт олон зүйлийг амжуулдаг. Утга учиргүй тоглох бус үр дүнтэй тоглох хэрэгтэй. Донтох эсэх нь хувь хүний ухамсраас шалтгаалах байх.

-Энэ спортын ач холбогдлын талаар хуваалцахгүй юу? 

-Хамгийн түрүүнд багаар ажиллах чадвар сайжирдаг. Би анх тоглож эхлэхдээ маш дуугүй, бүрэг хүүхэд байсан. Өөр өөр хүмүүстэй баг болж тоглоод ирэхээр нээлттэй болж, харилцааны чадвар маань сайжирсан. Мөн хурдан хугацаанд шийдвэр гаргаж, стратеги боловсруулж сурдаг. Ер нь асуудлаас амархан гарч чаддаг гэж хэлж болно. 

-Танай багийг Хятадын Weibo группийн охин компани ивээн тэтгэдэг юм билээ. Ивээн тэтгэгчээ хэрхэн олж байв. Монголоос ивээн тэтгэгч олоход хүндрэлтэй юу?

-Манай багийн гишүүн Dobu бид хоёр Хятадад хоёр жил гаруй тоглосон. Энэ хугацаанд цахим спортын салбарын маш олон хүмүүстэй танилцаж, холбоо тогтоосон учраас ивээн тэтгэгчтэй болох боломж олдсон. Мөн Хятадад цахим спортыг маш сайн дэмждэг бөгөөд тамирчид нь Азидаа хамгийн өндөр цалин авдаг. Хятадад хамгийн багадаа хоёр сая төгрөгийн цалин олгодог. Намайг анх очиж байх үед Эстонийн тамирчин 25 мянган юанийн цалинтай тоглодог байсан. 

-Цахим спортын тамирчдыг ивээн тэтгэх нь ямар давуу талтай вэ. Харилцан ашигтай байх зарчим нь юун дээр суурилдаг юм бол?

-Цахим спортын том хэмжээний тэмцээнүүдийг хэдэн зуун мянгаас тэрбум хүн үздэг. Саяхан болсон дэлхийн аваргын тоглолтыг зөвхөн онлайнаар 600 гаруй мянган хүн үзсэн. Шилдэг багуудын хэрэглэж байгаа keyboard, mouse ямар брэндийнх байх вэ, өмсгөл дээр нь ямар компанийн лого байгаа вэ гэдгээс эхлээд ивээн тэтгэгчдэд олон талын үр ашигтай. Зөвхөн Youtube хуудсанд байршсан бичлэг, үзэгчийн тоо хүртэл орлогын эх үүсвэр болдог.

-Цахим спорт 2022 оны Азийн наадамд багтсан. Танай баг энэ уралдаанд оролцох уу? 

-Хоёр жилийн хугацаа байгаа учраас сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед яаж шалгаруулахаас хамаарна. Хэрвээ CSgo төрөл багтсан бол манай баг уригдах болов уу гэж бодож байна.

-Багийн тоглолт ганцаарчилсан тоглолтоос эрс өөр. Гишүүн бүрд тоглолтын үед гүйцэтгэх үүрэг гэж байдаг байх? 

-Тийм ээ, гишүүн бүр өөр өөрийн үүрэгтэй. Жишээ нь нэг нь багаа удирдана, нөгөө нь дэмжиж тоглоно, нэг нь снаппер буюу холоос дурандаж буудна, хоёр нь шууд буудалцах үүрэг гүйцэтгэнэ гэх мэт. CSgo төрөл олимпод бүртгүүлэхэд ойрхон байсан ч террорист гэсэн үг орсон, мөн буудалцааны үед цус гардаг учраас хасагдсан байгаа. Гэхдээ энэ алдаануудаа засчихвал боломж бий. Бусад төрлүүдийн хувьд олимп од бүртгүүлэх нь цаг хугацааны асуудал болсон. 

-Ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл тань юу вэ? 

-Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд, амжилттай оролцож, ДАШТ-д хүч сорихыг хүсэж байна. Мөн дэлхийн аваргад оролцсон тоглогчдод стикер гэж өгдөг. Энэ наалтан дээр тухайн тоглогч өөрийн гарын үсгээ үлдээж, тоглоомд нэрээ мөнхөлдөг. Тиймээс гарын үсэгтэй болж, дуртай спортдоо нэрээ мөнхлөхийг хүсэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сард 35 мянгаар “амьдардаг” нэр дэвшигч байгаа бол хамгийн баян нь 168 тэрбумын орлоготой

 0 сэтгэгдэл
  • Б.Жавхлан, Ц.Мөнх-Оргил, Д.Мурат, Ц.Нямдорж зэрэг гишүүд бүтэн жилийн турш зөвхөн цалингаараа “гол зогоодог” хэмээн ХОМ-тээ дурджээ
  • Х.Нямбаатар гишүүн дахин "Ядуурчээ". Энэ удаа түүний жилийн орлого 416 саяар буурч, ердөө 26 сая болсон байна

Авлигатай тэмцэх газар удтал дуншсаны эцэст УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд зарлалаа. Төрийн өндөр сэнтийд суухаар горилж буй нэр дэвшигчдийн бэл бэнчин ямархуу юм, хэр их орлогтой вэ гэдэг нь эндээс харагдах учиртай. ХОМ-ийг шүүж байхад сонирхолтой зүйлс багагүй тааралдаж байна. Тэднээс заримыг нь хүргэе.

Ерөнхий сайд 1072-оос өөр хувьцаагүй

МАН-аа ахлан “тулаанд” орж буй Ерөнхий сайдын жилийн орлого 165 сая төгрөг бол гэр бүлийн гишүүд нь огт орлогогүй аж. Нийтдээ 162 саяар үнэлэгдэх нийтийн болон зуслангийн байр тус бүр нэгтэй бол 1.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж ХОМ-тээ бичсэн байна. Сонирхолтой нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072-оос өөр хувьцаагүй аж.

Улстөрчдөөс хамгийн баян нь Кёкүшюүзан уу

Хэрэв ХОМ-т үндэслэн нэр дэвшигчдийг жагсаавал хамгийн баян нь Кёкүшюүзан Д.Батбаяр болж таарах нь. Түүний өөрийн орлого 601 сая төгрөг хэдий ч гэр бүлийн гишүүдийн орлого нь 13 тэрбум төгрөг аж. Үүнээс гадна 70 тэрбумаар үнэлэгдэх долоон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол 1.1 тэрбумын үнэтэй таван автомашинтай аж. Мөн 1.8 тэрбумын үнэт эдлэл, 360 саяын газар, 7.5 тэрбумын хадгаламж гээд жагсаалт цааш үргэлжилнэ. Сүмоч эрхэм маань үнэхээр хамгийн баян нь уу, эсвэл хөрөнгө, орлогоо үнэнчээр мэдүүлсэн цөөн хэдийн нэг байв уу гэдэг сонирхолтой санагдаж байна. Түүнчлэн улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Д.Дэлгэрсайхан нар жилийн гурван тэрбумын орлоготой болохоо илэн далангуй мэдүүлсэн байв. Б.Дэлгэрсайхан гишүүн үүнээс гадна 6.2 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, дөрвөн тэрбумын хадгаламжтай.

Гэхдээ Кёкүшюүзан бол жирийн л нэг "Хурган баян"

Улстөрчид дундаа Кёкүшюүзан толгой цохих ч бизнесийн төлөөлөл Б.Пунсалмаагийн хажууд тэрбээр жирийн нэг ”хурган баян”. “М Ойл” компанийн захирал, АН-аас нэр дэвшигч Б.Пунсалмаагийн жилийн орлогоо 85 тэрбум төгрөг гэж мэдүүлжээ. Гэр бүлийнхний орлогыг нь хамт тооцвол 168 тэрбум болно. Түүний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 2.4 тэрбум бөгөөд Range Rover, Porsche зэрэг 470 саяар үнэлэгдэх гурван автомашинтай аж.

Хамгийн их ядуурсан нь Х.Нямбаатар

Өнгөрсөн жил “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын зарим гишүүний орлого 6-20 дахин нэмэгдсэнийг сэжигтэй хэмээн үзэж, Ёс зүйн дэд хороонд шалгуулах хүсэлт өгсөн ч олигтой үр дүнд хүрэлгүй тэгсгээд намжсан. Тухайлбал, УИХ-ын шинэ гишүүн Х.Нямбаатарын орлого 2015 онд 29 сая байснаа 2018 онд 442 сая болж нэмэгдсэн шалтгааныг тайлбарлуулах хүсэлт тавьж байв. Тэгвэл энэхүү хэл амнаас хойш Х.Нямбаатар гишүүн дахин “ядуурчээ”. Энэ удаа түүний жилийн орлого 416 саяар буурч, ердөө 26 сая болсон байна. Түүнтэй хамт сэжиглэгдэж байсан М.Оюунчимэг гишүүний тухайд орлогоо хав дарсангүй. Гэр бүлийн гишүүдтэйгээ нийлээд жилдээ 374 саяын орлого олдог гэв.

Зөвхөн цалингаараа амьдардаг гишүүд

УИХ-ын гишүүний сарын үндсэн цалин 1.2 сая төгрөг. Үүн дээр хууль баталсан, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан зэргээс хамааран цалин нэмэгдэнэ гэж тооцвол жилдээ 20 орчим сая төгрөг авчихна. Тэгвэл зөвхөн цалингаараа амьдардаг гишүүн цөөнгүй байгаа аж. Тухайлбал, Б.Жавхлан 26 сая, Ц.Мөнх-Оргил 32 сая, Д.Мурат 26 сая, Н.Номтойбаяр 26 сая, Ц.Нямдорж 26 сая төгрөгийн орлогоор бүтэн жилийн турш “гол зогоодог” хэмээн мэдүүлэгтээ дурджээ.

 Үгээгүй ядуусын арми УИХ руу зүтгэж эхлэв

Тоолж барахын аргагүй их хөрөнгөтэй нөхдөөс гадна амьдралын баталгаажих түвшингээс ч доогуур орлоготой байж мэдэх нөхөд цөөнгүй нэр дэвшсэн нь анхаарал татлаа. Тухайлбал, Орхон аймагт Зон олны намаас нэр дэвшиж буй Б.Амарбаясгалан гэр бүлийн гишүүдтэйгээ нийлээд жилд 900 мянган төгрөг олдог хэмээн мэдүүлжээ. Сард 75 мянган төгрөгөөр “гол зогоодог” гэсэн үг. Энэ нь амьдралын баталгаажих түвшин буюу ядуурлын улаан шугамнаас хоёр дахин доогуур дүн. Түүнчлэн 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Монголын ногоон намаас нэр дэвшсэн Б.Алтанхуяг гэр бүлийн хүнтэйгээ нийлээд жилийн хоёр сая буюу сарын 166 мянган төгрөгийн орлогоор өдөр хоногийг аргацаах жишээний. Тэгсэн атлаа 43 сая төгрөгийн зээлтэй гэнэ. Энэ хүн яаж амьдраад байгааг бурхан л мэдэх байх. Ховд аймагт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч Д.Алимаа мөн л “үгээгүй ядуу” нэгэн бөгөөд сарын орлого нь ердөө 125 мянган төгрөг. Гэхдээ 420 саяын байртай, хадгаламжиндаа 816 сая төгрөгтэй хэмээн мэдүүлсэн байх юм. Эдгээр хүмүүс Баянгол дүүрэгт өрсөлдөн гишүүн болохоор санаархаж буй Зон олны намын Б.Ариунсанаагийн хажууд бол баяндаа тооцогдохоор. Мань хүний жилийн орлого 425 мянга буюу сард 35 мянган төгрөгөөр амьдардаг байна. Хадгаламжиндаа ердөө 300 мянган төгрөгтэй аж. Үүнээс гадна бүтэн жилийн турш 900 мянгаар гэр бүлээ тэжээдэг А.Баасандэмбэрэл (Ховд аймаг), 700 мянгын орлоготой Б.Базарваань (Сэлэнгэ аймаг), 800 мянгаар 365 хоногийн турш амьдардаг А.Дөлгөөн (Баянзүрх дүүрэг, 23 дугаар тойрог) гээд ядуусын хорооллынхон ч өрөвдмөөр нэр дэвшигчид цөөнгүй байна.

Шинэ хүмүүсийн хэтэвч рүү өнгийвөл

Энэ удаагийн сонгуульд цөөнгүй шинэ хүн нэр дэвшиж байгаа. Дархан аварга А.Сүхбат намаасаа мандат авч чадаагүй ч түүний ах А.Батсүх ШИНЭ эвслийг төлөөлөн Төв аймагтаа өрсөлдөнө. Түүний жилийн орлого 480 сая төгрөг бөгөөд 1.6 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 6.8 тэрбумаар үнэлэгдэх мал сүрэгтэй. МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн хөтлөгч П.Анужин жилдээ 390 саяыг олчихдог. Мөн 900 саяар үнэлэгдэх барилга орон сууцтай бөгөөд нэг тэрбумын үнэ бүхий 680 ширхэг малтай аж. Түүнийг амлан авч тойрогт нь нэр дэвшсэн Н.Ган-Од буюу Гамбуушийн жилийн орлого ердөө 350 мянга бөгөөд хадгаламжиндаа таван сая төгрөгтэй. АН-аас Баянзүрх дүүрэгт өрсөлдөж буй жүжигчин Ж.Баясгалан жилд 246 саяыг олдог. Мөн гурван тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 737 саяар үнэлэгдэх тээврийн хэрэгсэл, 1.2 тэрбумын мал, 1.2 тэрбумаар үнэлэгдэх түүхийн үнэт зүйлтэй хэмээн ХОМ-тээ дурджээ. Бизнесийн томоохон төлөөлөл, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын жилийн орлого 146 сая. Үүнээс гадна 26 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 3.2 тэрбумын гадаад дансны хадгаламжтай гэнэ. Г.Батхүү агсны хүү, аавынхаа төрөлх нутаг Өвөрхангайд өрсөлдөж буй Б.Ганхөлөг хөрөнгө орлогоо харьцангуй даруухан мэдүүлсэн харагдана. Түүний жилийн орлого 6.4 сая төгрөг бөгөөд нэг тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 430 саяын машин, 1.7 тэрбумын зээлтэй. Гэхдээ өв залгамжлал гэсэн хэсэгт 18 тэрбум төгрөгийг мэдүүлжээ.

Бусад нь буюу анхаарал татсан эрхмүүд

Ц.Мөнх-Оргил гишүүн уг нь 5.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Гэвч жилийн орлогоо 32 сая төгрөг гэсэн байна. Хадгаламжийн хүүг хамгийн багаар тооцоход сард 40 орчим сая төгрөг зүгээр авчихна. Үүнийг 12 сараар үржүүлбэл жилдээ 500 шахам сая төгрөг олно гэдгийг тооцохын тулд заавал мэргэжлийн эдийн засагч, нягтлан бодогч байх шаардлагагүй. Гэвч эрхэм гишүүн энэ мөнгөө мартсан бололтой. Бизнесийн өөр нэг төлөөлөл, “Херо” группийн үүсгэн байгуулагч Х.Ганхуяг 716 саяын орлого, 1.5 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 686 саяын авлагатай. Бангкокоос сонгуульд өрсөлдөж буй Л.Гүндалай жилийн орлогоо ердөө 24 сая гэж мэдүүлсэн ч 4.7 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 1.2 тэрбумын хадгаламжтай гэжээ. Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар цалингаас өөр орлогогүй буюу жилд ердөө 25 саяыг олдог. Гэхдээ гэр бүлийн гишүүдийн орлого нь 452 сая төгрөг бөгөөд 854 саяар үнэлэгдэх гурван байртай аж. АН-ыг төлөөлөн Дундговь аймгаас тасралтгүй сонгогдож буй Б.Наранхүү гишүүн жилийн орлогоо 32 сая гэж мэдүүлсэн ч нэг тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 1.2 тэрбумын тээврийн хэрэгсэл, 4.5 тэрбумын мал, 4.8 тэрбумын хадгаламжаа нууж хаалгүй мэдүүлэв. Тэрбээр 21 компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг аж.