A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/646/

Холбооны нөөц бодлогын хүүгээ өсгөлөө

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/646/


АНУ-ын Холбооны нөөцийн банк лхагва гарагт бодлогын хүүгээ дөрөвний нэг нэгжээр өсгөх шийдвэр гаргаж, оны үлдсэн хугацаанд хоёр удаа нэмж магадгүй гэсэн мессеж өглөө. Бодлого боловсруулагчид өсөлт түргэсэж, ажлын байр нэмэгдэж байгаа үед АНУ-ын эдийн засаг цаашдаа өснө гэж дүгнэсэн байна. Холбооны нөөцийн Нээлтэй зах зээлийн хороо бодлогын хүүг нийт долоон удаа өсгөснөөс энэ онд хоёр дахиа дээшлүүлж, 1.75-аас хоёр хувь болгон өөрчиллөө. Тус банкнаас гаргасан хүүгийн төлөвт 2018 онд дөрвөн удаа, 2019 онд гурван удаа өсгөх тухай дурдсан байна. Хямралын үед бодлогын хүүг урт хугацааны дунджаас доогуур барих өмнөх амлалт одооноос хүчингүй болж байгаа аж.

Уг мэдэгдэлд “Тус хороо дотоодын эдийн засгийн идэвхжил, хөдөлмөрийн зах зээл чангарсан болон инфляцын түвшин дунд хугацаанд хорооны хоёр хувийн зорилтод түвшинд ойртсон зэргийг харгалзан бодогын хүүг цаашид аажмаар өсгөх болно” гэж онцлов. Энэ онд хүүг хоёр удаа нэмэх тухай мэдээ гарсны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл 0.4 хувиар доошилж, хаагдлаа. Хүүгийн өсөлтөөс голдуу ашиг хүртдэг санхүүгийн хувьцаа эхэндээ жаахан өссөн ч бас л доошилж хаагдсан байна. Нью-Йоркийн валютын бирж дээр мэдээ тармагч ам.доллар еврогийн эсрэг бага зэрэг чангарснаа 0.4 хувиа алдаж, нэг евро 1.179 ам.доллараар арилжаалагджээ. АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж нэмэгдсэний зэрэгцээ 10 жилийн бондын өгөөж гурван үндсэн нэгжээр 2.98 хувь өслөө. BlackRock сангийн тогтмол орлогын хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Рик Ридер “Холбооны нөөц хүүгээ дөрөвний нэг хувиар дээшлүүлэх алхам нь хүүгийн төлөв ба тэнцвэрийн үүднээс хүлээгдэж байсан бөгөөд аажмаар чангаруулах бодлогын тухай мэдэгдэлд дахин хоёр өсгөх болон цаашдын төлөвийг тусгасан нь бодох зүйл юм” хэмээн тайлбарлав.

Холбооны нөөцийн мэдэгдлээс үзэхэд Төв банк өмнөх амлалтаасаа татгалзсан явдал инфляцын зорилтын талаар улам бүр итгэлтэй болж байгааг харууллаа. АНУ-ын Төв банкны шийдвэрийн дараах өглөө буюу пүрэв гарагт Ази, Номхон далайн бүсийн хувьцааны үнэ унах хандлага ажиглагдав. Токиогийн Topix индекс 0.5 хувь доошилсон бол аж үйлдвэрийн индекс 0.6 хувь, хэрэглээний индекс 0.7 хувиа алдлаа. Харин Өмнөд Солонгосын Kospi индекс хамгийн их буюу 1.6 хувиар унасан бол аж үйлдвэрийн хувьцааны үнэ 3.0, санхүүгийнх 1.4 хувиар доошилжээ. Хонконгийн Hang Seng индекс 0.6 хувиа алдсаны дотор технологийн хувьцаа 0.9, санхүүгийн салбарынх 0.5 хувь тус тус унажээ. Эх газрын Хятадын CSI 300 индекс Шанхай ба Шеньжений хөрөнгийн бирж дээр 0.5 хувиар буурсан байна.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Alibaba АНУ-д нэмж ажлын байр бий болгохоос татгалзав

 0 сэтгэгдэл

Хятадын технологийн аварга Alibaba-гийн ерөнхий захирал Жак Ма АНУ-д нэг сая ажлын байр бий болгох амлалтаасаа татгалзлаа. Энэ нь Хятадтай үүссэн худалдааны зөрчил Дональд Трампын эдийн засгийн зорилтыг саатуулж буйн нэг илрэл болов. Ноён Ма өнгөрсөн оны эхээр хэлсэн үгэндээ Alibaba-гийн онлайн платформыг ашигладаг Америкийн компаниудад таван жилийн дотор ийм хэмжээний ажлын байр нэмэгдэнэ гэж тэмдэглэсэн юм. Гэвч тэрбээр лхагва гарагт шиньхуа агентлагт өгсөн ярилцлагадаа “Хятад болон Америкийн найрсаг түншлэл, ухаалаг худалдааны цаг үед амлалт өгсөн. Тийм цаг үе одоо нэгэнт улирсан тул манай амлалт хэрэгжих боломжгүй” гэжээ. Ноён Ма үүний өмнөхөн АНУ, Хятадын маргаан нь 20 жил үргэлжилж болзошгүй худалдааны дайны эхний буудлага боллоо гээд “үймээн самуун болно” хэмээн анхааруулж байв. Цагаан ордон Хятадаас ирэх 200 тэрбум ам.долларын өртөгтэй импортод тариф тогтоож, хариуд нь Бээжин АНУ-ын 60 тэрбумын бараанд импортын татвар ногдуулсны дараахан Alibaba-гийн тэргүүн ийм тайлбар хийлээ.

Ноён Ма анх экспортод чиглэсэн олон тооны ажлын байр бий болгох санал тавихад үүнийг эдийн засгийн шинжилгээ буюу өгөгдөлд суурилаагүй нарийн төлөвлөгөө гэхээс илүүтэй том мөрөөдөл гэж үзэж байв. Гэвч Трампыг дэмжигчид уг саналыг бизнест таатай ханддаг Ерөнхийлөгч ажил эрхлэлтийг дэмжиж буйн үлгэр жишээ болгон тайлбарлаж байв. Уг амлалтыг зарласнаас хойш 20 сар өнгөрөхөд Alibaba тодорхой судалгаа хийгээгүй ч Stadium G o o d s компаний нэрлэж, АНУ-ын компаниуд уг санаачилгаас ямар ашиг хүртэж болохыг эш татаж байв. Нью-Йорк хотод байрладаг тус компани 2016 онд трампыг сонгогдохоос өмнө Alibaba-гийн цахим худалдааны Tmall сайттай гэрээ байгуулж, Хятад гутал борлуулах эрх авчээ. Ноён Ма Ерөнхийлөгч Трампыг зэмлэсэн байдалтайгаар “Худалдаа бол зэвэг биш. Түүнийг оддын дайнд ашиглаж болохгүй. Энэ бол энхтайвны хөтөч юм. Alibaba Хятад, АНУ-ын харилцаанд хувь нэмрээ оруулахын төлөө чармайн ажиллана” гэж мэдэгдлээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Худалдаачдын өгөгдөл ашигласан хэргээр Amazon-ыг шалгана

 0 сэтгэгдэл

Amazon групп онлайн худалдаачдынхаа өгөгдлийг хэрхэн ашиглаж буй талаар Европын холбоо мөрдөн байцааж эхэлжээ. Ийнхүү тус групп Брюссельд бизнес загвараа шалгуулахтехнологийн сүүлийн том компани болж байна. ЕХ-ны өрсөлдөөн хариуцсан тэргүүн Маргрет Вестагер хэлэхдээ урьдчилсан мөрдөн байцаалтаар онлайн худалдааны сайтыг өрсөлдөгчийн хувьд шалгах боловч цаашид Amazon-ы платформоор худалдаа хийдэг гуравдагч этгээд болох худалдаачдыг хамруулна гэжээ. Тус группийн захирал Жефф Безос өнгөрсөн онд хувьцаа эзэмшигчдэдээ гуравдагч талын Amazon-аар хийдэг худалдаа анх удаа талаас дээш гарсныг мэдээлсэн. Мөн тайланд Европын бизнесүүд эднийхээр дамжуулан таван тэрбум еврогийн экспорт хийснийг дурджээ. Хатагтай Вестагер таван жилийн хугацаа дуусахаас өмнө Цахиурын хөндийн эсрэг томоохон мөрдөн байцаалт явуулан нэрд гарч буй. Түүний санаачилгаар Google-д 4.3 тэрбум еврогийн торгууль ногдуулж, Apple-д 13 тэрбум еврогийн татварын буцаан төлөлт хийх тушаал гаргажээ.

Хатагтай Вестагерын мөрдөн байцаагчид Amazon-тай бизнес хийдэг жижиглэн худалдаачдад мэдэгдэл илгээж, урьдчилсан мэдээлэл цуглуулсан байна. Урьдчилсан мөрдөн байцаалт заавал албан ёсны шалгалтад хүргэх албагүй. Google-ийн хувьд монополын эсрэг мөрдөн байцаалтыг эхлээд албан бусаар явуулж байжээ. Харин Amazon энэ талаар тайлбар өгөхөөс татгалзлаа. Мөн өдөр Брюссель McDonald компанийн Люксембургтэй хийсэн гэрээгээр бараг татвар төлөхгүй байгаа нь ЕХ-ны хуулийг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргав. Amazon-ы вебсайт өөрийнхөөсөө гадна бусад бараа худалддаг. Эдний худалдах барааны жагсаалтад гуравдагч талын буюу худалдаачид бараагаа тавина гэсэн үг. Бие даасан худалдаачид сайтын төлбөр, зарын үйлчилгээ зэргээс сонгон ашиглаж болно. Amazon үйлчилгээний төлбөрөөс гадна сайтаар санал болгож буй олон нэр төрлийн бараанаас ашиг олж буй. Бие даасан худалдаачид онлайнд гарснаар бага хөрөнгө оруулалт хийж, цар хүрээгээ тэлэх боломжтой. ЕХ мөрдөн байцаалтаа албан ёсных бус бөгөөд өрсөлдөгчийн гомдлоос шалтгаалагүй гэдгийг онцолжээ.

Ирэх хоёр сард дуусгах уг асуулгыг комиссын өөрийн ажиглалт болон 2017 онд хийгдсэн арилжаанд суурилан боловсруулжээ. Amazon урьд нь монополын эсрэг шалгалтаас болгоомжлон онлайн худалдаа өчүүхэн хэсгийг нь эзэлдэг том зах зээлд компаниудтай өрсөлддөг хэмээн мэдэгдэж байв. Өнгөрсөн долоо хоногт Вашингтонд болсон уулзалт дээр ноён Безос “Бүх төрлийн томоохон байгууллагуудыг шалгах нь зүйтэй. Зохицуулалтад яаж ч заалаа гэсэн хэрэглэгчдэд үйлчлэх бидний зорилгыг зогсоож чадахгүй” хэмээн ярив. Тус групп АНУ дахь лобби ажиллагаанд 13 сая ам.доллар зарцуулсан бол Брюссельд хоёрхон сая евро гаргасныг Center for Responsive Politics төв мэдээлжээ. Эднийх ЕХ-ны бодлогын 10 ажилтантай бол Google энэ чиглэлийн 14 мэргэжилтэн ажиллуулдаг. Amazon Вашингтонд бусад технологийн компаниудаас хамгийн том лобби баг бүрдүүлсэн нь хүнсний дэлгүүр, зар сурталчилгаа, эрүүл мэнд гэх мэт шинэ бизнес эхлүүлж буйтай нь холбоотой аж. Тус бүрэлдэхүүнд одоо 28 ажилтан байгаа нь трампын өмнөх үеэс хоёр дахин нэмэгджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ирланд Apple-аас татвараа нөхөн авахгүйн төлөө тэмцэнэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Мөнгө угаахын эсрэг тэмцэлд алдаа гаргасан Credit Suisse-ийг шалгалаа

 0 сэтгэгдэл


Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тэмцэлд алдаа гаргасан Credit Suisse-ийг Швейцарын санхүүгийн хянах байгууллага шалгалаа. Уг шалгалт сэжиг бүхий хууль бус санхүүжилтэд нэр холбогдоод буй Европын банкинд шинэ цохилт болов. Дэлхийн хөлбөмбөгийн спортын зохицуулах байгууллага FIFA, Бразилын газрын тосны Petrobras, Венесуэлийн газрын тосны PDVSA компани зэрэг байгууллагатай холбоо бүхий авлигын хэд хэдэн дуулиант хэрэгт банк хөнгөн хандсаныг санхүүгийн хяналтын FINMA байгууллага тогтоов. FINMA-гийн дүгнэлт нь Европын банкуудтай холбоотой шил дарсан хэргүүдийн сүүлийн жишээ. Уг хэргээс өмнөхөн данийн зээлдүүлэгч Danske Bankны Эстони дахь салбараар дамжуулан ганцхан жилийн дотор ОХУ, хуучин ЗХУ-ын 30 тэрбум ам.доллар дамжсан нь илэрсэн юм. Нидерландын банк, санхүүгийн ING группийн санхүү хариуцсан захирал өнгөрсөн долоо хоногт огцорсон. Мөнгө угаах гэмт хэрэгт тавих хяналт сул байсныхаа төлөө Нидерландын банк 775 сая ам.доллараар торгуулсны дараа захирал албан тушаалаа орхижээ. Хөндлөнгийн байгууллагын хяналт үүсгэх замаар банк санхүүгийн тогтолцоогоо засаж сайжруулах шаардлагыг даваа гарагт FINMA-гаас Credit Suisse-д тавилаа.

Швейцарын хуулиар FINMA торгууль оноох эрхгүй. FINMA-гийн шүүмж нь 2015 оноос Credit Suisse-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Тижейн Тиамд цохилт болов. Ноён Тиам бүтцийн дайчин шинэчлэл өрнүүлэх замаар тус банкны үйл ажиллагааг дэлхийн баячуудын хөрөнгийг эрхлэн хөтлөхөд чиглүүлэх зорилт тавьсан юм. Банкны ажиллагааны алдаа дутагдал нь “хуучин уламжлал” хэмээн анхааруулж буй FINMA-гийн дүгнэлтийг Credit Suisse хүлээн зөвшөөрчээ. Банк урьд өмнөх хэрэгт дүгнэлт гаргаж “алдаа дутагдлыг засаж залруулах идэвхтэй арга хэмжээ авахын тулд FINMA-тай хамтран ажиллаж байгаа”-гаа мэдэгдэв. FIFA-тай холбоотой хэрэг 2015 оны тавдугаар сард тус байгууллагын дээд удирдлагад ажилладаг хүмүүсийг Цюрихын тансаг зэрэглэлийн зочид буудлаас сүр дуулиантай баривчилснаар эхэлжээ. Баривчлагдагсдыг АНУ, Швейцарын хууль сахиулах байгууллагууд гэмт хэрэг, хээл хахууль, авлигын хэргээр мөрдөн шалгасан нь FIFA-гийн ирээдүйд занал учруулсан юм. FINMA 2015 оноос хойш FIFA, Petrobras, PDVSA оролцсон авлигын хэрэгт “хэд хэдэн банк”-ийг сэжиглэн шалгаж эхэлснээ тайлбарлав. Credit Suisse 2006-2016 онд үйлчлүүлэгчээ таних, ашиг хүртэгч эздийг тодруулах, эрсдэлтэй бизнесийн харилцаа, бичиг баримтыг ангилах ажилд хайнга ажиллаж ирснийг FINMA илрүүлжээ.

“Олж илрүүлсэн алдаа дутагдал олон жилийн турш, үндсэндээ 2014 оноос өмнө оршиж байсан”-ыг FINMA тайлбарлав. Мөнгө угаах гэмт хэргээс үр дүнтэй сэргийлэх гэвэл банкны бүх салбар “үйлчлүүлэгчийнхээ банктай тогтоосон аливаа харилцааг тэр дор нь автоматаар тодорхойлох чадвартай байх ёстой” хэмээн Швейцарын санхүүгийн хянах байгууллага үзэж байна. Үүний зэрэгцээ тус банк урьд нь гэмт хэрэгт буруутсан этгээдийг “харилцааны менежер” болгосон, “улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүс”-тэй тогтоосон бизнесийн харилцаанд хяналт тавьж, эрсдэлийг нь үнэлэхдээ алдсаныг FINMA тусад нь анхааруулав. FINMA-гийн дүгнэлтэд тодорхой нэр дурдаагүй. Гэхдээ уг хэрэгт ойр эх сурвалж дээрх дүгнэлт нь Credit Suisse-ийнүйлчлүүлэгчийн зөвлөх байсан Патрис Лескодроныг хэлж буй хэрэг хэмээн тайлбарлав. Лескодрон нь Гүржийн ерөнхий сайд асан Бижина Иванишвили зэрэг үйлчлүүлэгчдийн итгэлийг буруугаар ашигласан хэргээр хоёрдугаар сард Женевийн шүүхэд татагдсан юм. “Активын менежмент тун амжилттай эрхэлсэн” харилцааны менежер банкны журмыг олон жил зөрчсөнийг FINMA-гийн тайлбарт дурджээ. “Гэтэл банк сахилга зөрчиж буй менежерт хариуцлага тооцож, анхааруулахын оронд харин ч цалинг нь өсгөн, сайн ажилтан хэмээн үнэлсэн”-ийг швейцарын зохицуулах байгууллага тайлбарласан юм.