A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2218/

Хортой хог, хуванцар дэлхийг сүйтгэж байна

НҮБ-ын тооцоогоор далайн нэг шоо километр усанд 46000 нэгж хог ногдож байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2218/


Хүн төрөлхтөн хэдий хэмжээний хог гаргадгийг хэн ч тооцож чадаагүй байгаа. Гэхдээ хүн амын тоо өсөж, байгаль орчинд урьд өмнө нь үзэгдээгүй үлэмж их хог хаягдсаар байгаа. Гэтэл хогийн овоолго дээр юу болдог, агаар, хөрс, усанд хэрхэн нөлөөлдгийг нарийн тооцсон судалгаа ч ховор байна. Энэ талаарх Okko сайтын тоймыг та бүхний сонорт хүргэе.

ӨССӨӨР БУЙ АЮУЛ

100 жилийн өмнө хогийг газар булчихдаг байсан одоо боломжгүй болж, асар том овоолго дээр хаяж байна. Жишээ нь, Ливаны нийслэл Бейрут хотоос өдөрт гардаг 80 тонн хогийг урьд нь наран шарлаг байсан газарт хурааж байна. Энд овоолгын өндөр 40 метр хүрэх нь цөөнгүй. Хог нь ялзарч, метанаас эхлээд бусад химийн бодис хөрс, агаарыг хордуулж, түүгээр нь ойр орчны 200 мянган хүн амьсгалж байна. Нутгийн загасчид далайд хаягддаг ялзарсан хүнснээс болж, хохирол амсдаг.

Энэ нь зөвхөн тухайн улсын сорилт биш бөгөөд Ливантай усан хилээр холбогддог Кипр, Сири, Туркийн эрэг орчмын байгаль орчинд нөлөөлдөг. Эдгээр улс эрэгт нь байнга хог урсаж ирдэг гэж гомдол мэдүүлсээр байна. Уул овоо шиг хогон дээр хог түүгчид ирж, дахин боловсруулах үйлдвэрт худалдаж болох юм хайна. Гэхдээ тэдний түүсэн энэ хэсэгт зүйл асар том овоолгын дэргэд юу ч биш. Хогийг зайлуулах талаар төсөл хэрэгжүүлж үзсэн аж.

Арабын нэг хунтайж хогтой тэмцэхэд таван сая ам.доллар хандивласан боловч үр дүн гараагүй юм. Уг нь 35 жилийн өмнө энд эзгүй элсэн эрэг байсан агаад хүмүүс ирж, торхтой хорт бодис булснаас бүх зүйл эхэлжээ. Удалгүй уул овоо болсон хогийн цэгийн суурь тавигдсан байна. Хаашаа ч харсан энд тэндгүй тарсан хог улам нэмэгдсээр байна. Бээжин хотод 400 хог овоолох газар байдаг бөгөөд цаашид нэмэх аргагүй болсон. Сүүлийн 10 жилд Нью-Йоркийн 14 хогийн цэг талбайгаасаа хальжээ.

Хүн төрөлхтөн жилдээ 200 тэрбум хуванцар лонх, 25 тэрбум нэг удаагийн аяга болон хэдэн тэрбум пластик уут хаядаг. 150 жилийн хог, хаягдал голдуу цаас, мод, хүнс, ноос, хөвөн гэх мэт байгалийн зүйлээс бүрддэг байв. Тэдгээр нь байгаль орчинд онц нөлөө үзүүлэлгүйгээр задардаг байсан бол сүүлийн үед хогоос үүсэх хор улам нэмэгдсээр буй. Хогон дахь хүнд металл, цацраг идэвхт бодис, синтетикээс гаргаж авдаг пластмассын орц эрс нэмэгдэв. Орчин цагийн хогийн овоолго онц хортой учир устгасны дараа ч хор хөнөөл нь арилдаггүй байна.

ҮХЭЛ ДАГУУЛСАН ОВООЛГУУД

Байгаль орчныг хамгаалах нэг арга бол хорт бодисыг гүний усанд нэвтрүүлэхээс сэргийлж шавар давхарга үүсгэх юм. Гэвч ийм хаалт удаан хадгалагддаггүй учир үр дүн багатай. Хаягдлын овоолгоос гардаг хор хэдэн зуун жил устдаггүй. Үүнээс гадна хогийн талбай дээр үе үе ноцтой байдал үүсдэг. 2008 онд Британийн Дорсетшир хэмээх Юрийн галавын эрэгт нуралт болж, булсан хог ил гарчээ.

Үүний сацуу хаана, хэзээ хөрс гулсаж, далайн түрлэгээр эрэгт булсан хог задрахыг хэн ч хэлж мэдэхгүй. Хот, суурингийн дэргэдэх хогийн овоолго хүний аминд хүрэх нь олширч, хэдэн зуугаар тоологдох боллоо. Хогийн эмх цэгцтэй талбай ч асуудал үүсдэг. Британийн глостерширийн овоолгод будаг, лак, шингэлэгч гэх мэт 150 мянган тонн хорт хаягдал жилд хүлээн авдаг учир Европт хамгийн аюултайд тооцогддог. Гэтэл эндээс гуравхан километр зайд 15000 хүнтэй тосгон оршдог ба хогийн цэгээс салхи голдуу тус суурин руу үлээдэг. Энд хоцрогдсон аргаар хорт хаягдлыг боловсруулах гэж оролддог байна.

Хогийг нүхэнд хийж, хорт тоосонцор үүсэхээс сэргийлэх үүднээс устай холиод талбайгаар жигд тараадаг аж. Үндсэндээ хром, кадми зэрэг хүнд металл агуулсан хольцыг тарааж байна гэсэн үг. Нутгийн иргэд хорт тоосны талаар байнга гомдол мэдүүлдэг ч хогийн талбайн эзэд үгүйсгэсээр ирсэн. Албаны дүгнэлтэд хогийн талбай хүний эрүүл мэндэд бодит аюул бараг учруулахгүй гэж тайлбарлажээ.

Үнэн хэрэгтээ ойролцоох хог хүн ба амьтанд заавал аюул учруулдаг. Таван орны 21 хогийн талбайд хийсэн шинжлэх ухааны судалгаанаас үзэхэд хогоос гурван километрт амьдардаг иргэд хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл байдгийг тогтоосон байна. Гэтэл хогийн овоолгын тоогоор Европт тэргүүлдэг Британи улсад хүн амын 80 хувь нь хогийн талбайгаас хоёр километр зайд оршин суудаг байна. Байгаль хамгаалагчдын ярьснаар тус улсын хог боловсруулах салбарынхан овоолго хоргүй гэсэн дүгнэлт хийлгэх хангалттай мөнгөтэй аж.

ХОР ЦАЦДАГ ЗУУХ

Мэдээж хогийг хаяж, овоолохоос өөрөөр зайлуулах аргууд бий. Булахаас хавьгүй өндөр өртөгтэй ч гэсэн шатаах аргыг өргөн хэрэглэдэг. 2012 оны байдлаар дэлхийд 800 хог шатаах үйлдвэр байв. Үүнээс Японд 500, Британид 30 байдаг агаад тоо нь жил ирэх бүр нэмэгдсээр байгаа. Зууханд өндөр температурт шатаасан хогийг хий, үнс, дулаан, цахилгаан болгон хувиргана. Илүү дэвшилтэт эрчим хүчний арга бий ч бас дутагдалтай.

Агаар мандалд диоксин хэмээх хлор агуулсан бодис цацдаг. Энэ нь хуримтлагдсан хорт нөлөөгөөр хамгийн аюултай бодисын тоонд ордог. Нарийн шүүлтүүр ашиглаж болох ч өндөр үнэтэй, удаан тэсдэггүй. Үүнээс гадна хорт үнсийг бас зайлуулах хэрэгтэй. Дэлхийн диоксиноор хордолтын 50-80 хувь нь хог шатаах үйлдвэрүүдээс гаралтай гэсэн тооцоо бий. Арктик манай гараг дээрх диоксиноор хамгийн их хордсон газар болоод байна.

Сүүлийн 20 жилд дэлхийн дулаарлын улмаас хайлсан хойд мөсөн далайн усаар хорт бодис буцаад байгаль орчинд нэвтэрч байна. Диоксин хүнсний салбарт түргэн нэвтэрч хүмүүсийн дунд хорт хавдраас эхлээд янз бүрийн өвчлөл үүсгэдэг. Үүний зэрэгцээ хүний 14 жил амьсгалдаг хорт бодисыг үхэр өвснөөс нэг өдөрт авдаг байна. Зарим эрдэмтний хэлснээр хүний биед диоксин агуулагддаг боловч хэдий хэмжээтэй байх нь аюултайг тодорхойлох боломжгүй аж.

2009-2010 онд Аргентиний Кордова дахь хог шатаах үйлдвэр зөвшөөрсөн хэмжээнээс 52-103 хувиар илүү диоксиныг агаарт цацжээ. Канадын оттава хотын үйлдвэр хэт их метан, азотын исэл гаргасан учир хаасан байна. Дэлхий даяар зөвшөөрсөн хэмжээг хэтрүүлсэн тохиолдол түгээмэл гардаг. Жишээ нь шотландад сүүлийн үеийн технологиор 2012 онд барьсан үйлдвэр зөвшөөрсөн хязгаараас 172 дахин их хорт бодис ялгаруулж байв. Францын хог шатаах үйлдвэрээс гарсан диоксиний улмаас 350 фермерийн аж ахуйн 7000 тонн үр тариа, 3000 малыг устгахад хүрч байв. Гэтэл ийм үйлдвэрүүд хотын төсөвт нэн халтай. Жишээ нь АНУ-ын Детройт хотын иргэд зуухаа шинэчлэхэд нэг тэрбум ам.долларын татвар төлжээ.

ХУВАНЦАР ДАЛАЙ

Дэлхий даяар эргийн ойролцоо уснаас өдөрт гурван сая килограмм хог хурааж авдаг. Байгаль хамгаалагчдын ярьснаар тамхичид асар их хог үлдээдэг байна. Тамхины иш ацетатын целлюлозоос бүтдэг учир задардаггүй хаягдлын тоонд ордог. Усанд хаягдсан тамхины иш загас болон нялцгай биетнийг хордуулдаг. Индонезийн нийслэл Жакарта хотын ихэнх хог Чиливунга гол руу хаягддаг учир дэлхийн хамгийн их бохирдсон урсгал ус болоод байна.

Голын усанд бүх төрлийн хог задарч байгаагийн дотор үхсэн амьтдаас хүртэл хүүрийн хор ялгарч байдаг аж. Эрдэмтдийн тооцоолсноор голыг цэвэрлэхэд 20 жил шаардлагатай. Гэтэл үүний хажуугаар Чилинвунга гол хотын сая сая хүний ундны ус болдог. Хаягдлын багахан хэсэг нь голд үлдэж, ихэнх нь гадаад далай руу урсаж, ургамал, амьтанд нөхөж баршгүй хохирол учруулсаар байна.

НҮБ-ын тооцоогоор дэлхийн далайнуудын нэг шоо километр усанд 46000 нэгж хог ногдож байна. Пластикийн гадаргууд хортой нэгдлүүд наалддаг учир далайн амьтдад аюул учруулж, хүн төрөлхтөнд хүрдэг. Бохирдуулагчид хүнсний үйлдвэрлэлийн шат бүрт хуримтлагддаг учир  махчин амьтад, түүний дотор хүнийг хамгийн түрүүнд хордуулдаг. 1988 онд эрдэмтэд далайд хаягдсан хог урсгал даган Номхон далайн нэг хэсэгт хуримтлагддаг гэсэн дүгнэлт хийжээ.

Номхон далайн хогийн толбо гэж нэрлэдэг энэ бүсэд Хойд Америк, Японы эргээс хог урсаж ирдэг боловч гадагшаа гардаггүй байна. Урьдчилсан тооцоогоор энд 100 сая гаруй тонн хаягдал цугларчээ. Гэхдээ энэ газар асар том хуванцар болон хогийн арал мэт харагддаггүй. Гэрлийн нөлөөгөөр хуванцар жижиг хэсгүүд болж задардаг тул далайн амьтад түүнийг нялцгай биетэнтэй андуурч иднэ. Ингэснээр пластик хүнсний хэлхээнд орж, загас болон далайн хүнс хэлбэрээр хүнд хүрдэг байна.

Хог хаягдлын асуудал улам бүр хурцаар тавигдаж, зөвхөн хөгжингүй орнуудын сорилт биш боллоо. Үүний сацуу хүн бүр нэг удаагийн сав, уутны хэрэглээгээ багасгаж, байгаль хамгаалахад хувь нэмэр оруулах боломжтой. Хэдийгээр полиэтилен хямд, тохиромжтой сав боловч хог дээр хаягдвал буцаад хүний ходоодонд хорт бодис дагуулан ирэх магадлал өндөр. Гэхдээ хүн төрөлхтөнд хог хаягдлыг боловсруулах дэлхий нийтийг хамарсан дэд бүтэц хэрэгтэй байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ирэх зуун жижиг амьтад, жижиг шувуудынх

 0 сэтгэгдэл


Ирэх зууны амьтны ертөнцөд жижиг хөхтөн, бяцхан шувууд зонхилно гэсэн дүгнэлтийг Саутхэмптоны их сургуулийн судлаачид гаргалаа.

Эрдэмтдийн судалгаагаар, нас богино, үржих чадвар сайтай, шавжаар хооллодог, жижиг биетэй амьтад цаашид илүү тархах төлөвтэй. Ирээдүйн амьдралд “ялагч”-ийн эгнээнд элсний  огдой зэрэг жижиг мэрэгч, цагаан хөмсөгт болжмор зэрэг бяцхан дууч шувууд зонхилж байна. Дасан зохицох чадвар сул, нас харьцангуй урт, амьдралын тусгай орчин нөхцөл шаарддаг амьтад оршин тогтнох аргагүйд хүрнэ. “Ялагдагч”-ийн тоонд элсний шаргал бүргэд, хар хирс зэрэг том амьтад голчлон оржээ. 

Дэлхийн хөхтөн амьтдын нийт жингийн дундаж үзүүлэлт ирэх зуунд 25 хувиар буурна гэсэн тооцоог судлаачид гаргаад байна. Сүүлчийн их мөстлөгөөс өмнөх 130 мянган жилд энэхүү үзүүлэлт 14 хувиар буурсантай харьцуулах юм бол энэ нь ноцтой, эрс хурдассан өөрчлөлт болж байх юм.

Эрдэмтдийн судалгааны тайланг Nature Communcations сэтгүүлд нийтэлжээ. “Шувууд, хөхтөн амьтдын гол аюул нь хүн төрөлхтөн. Ой мод огтлох, ан агнуур, хөдөө аж ахуй газар тариалан, хотжилт, дэлхийн дулаарлын улмаас манай гарагт учирч буй сөрөг нөлөө нь амьтдын оршин тогтнох нөхцөлийг үгүй хийж байна” хэмээн судалгааг удирдагч, Саутхэмптоны их сургуулийн судлаач роб Күк тайлбарлав. 

Судалгааны баг нийт 15,484 төрөл зүйлийн хөхтөн, шувуунд судалгаа явуулж, төрөл зүйл тус бүрийн байгальд гүйцэтгэх үүрэг, биеийн масс, орших орчин, хооллолт, үе хоорондын амьдралын хугацааг нь харьцуулан судалсан байна. Ирэх зуунд сөнөж болзошгүй амьтдыг тодорхойлох үүднээс судалгаагаа Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN), Сөнөх гэж Буй төрөл Зүйлийн улаан Номын өгөгдөлтэй харьцуулж, орчин үеийн статистик хэрэгслийн тусламжтай тооцоолжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хууль зөрчиж ойн санд газар олгосноос байгаль орчин сүйдэж байна

Дүүргийн удирдлага, газрын албаныхан ойн бүсэд хууль зөрчиж газар олгосон 10000 зөрчил бий

 0 сэтгэгдэл


Нийслэлийн нутаг дэвсгэрийн дөрөвний нэг буюу 116.2 мянган га газрыг ойн санд хамааруулж буй. Үүний 82.6 га талбай ой модоор бүрхэгдсэн байдаг. Хэдийгээр нутаг дэвсгэрийн хувьд нийслэлд хамаатай боловч тусгай хамгаалалттай газар нутаг гэдгээрээ Богдхан уул, Горхи тэрэлжийн сав газрын ой мод нийслэлийн ногоон бүсэд харяалагддаггүй. Тэгэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн ой мод нийслэлийн мэдлийнх юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийг тойрсон зуслангийн эргэн тойрны ой мод нийслэлийн өмч гэсэн үг. Гэвч нийслэлийн өмчийг хууль зөрчин үрэн таран хийж байгааг бид зүгээр харсаар сууна. Мод огтолж, самар жимс түүх зорилгоор сүйтгэж буй олиггүй олон тохиолыг үл нуршин, ойг сүйтгэж буй тодорхой жишээг энд өгүүлье.

Анзаарч үзээгүй, анхааруулга гаргаагүй орхисон энэ сэдэв бол ойн бүсэд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлж, сүйтгэх боломж олгож буй явдал. Үүний гол буруутан нь дүүргийн Засаг дарга, газрын албаны эрх бүхий албан тушаалтнууд гээд шууд хэлчихье. Мөн өөрийн өчүүхэн тав тухыг бодож байгаль сүйтгэж буй иргэдийн нөлөөлөл их байгааг дурдах нь зүйн хэрэг. Зуслан тийш хараа бэлчээвэл ойн гүнд том байшин сүндэрлүүлж, ойр орчмын мод бутыг сүйтгэсэн дүр зураг хаа сайгүй бий. Энэ нь байгаль хамгаалах тухай хуулиудыг ноцтой зөрчсөн төдийгүй ойн тухай хуулийг уландаа гишгэсний тод илрэл юм. Ойн тухай хуулийн 4.4.2-т “Сум, дүүргийн ИТХ, баг, хорооны иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болно” гэж заасан. Тэнд ойн сангаас иргэдэд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх заалт огт байхгүй. Харин ч ойн сан, хамгаалах бүсээс 100 метр зайтай газар эзэмшүүлэх тухай тодорхой заагаад өгчихсөн байна. Энэ нь ойг тэлэн ургах нөхцөлийг бий болгохоор хуульд тусгайлан оруулсан чухал заалт. Ийм илэрхий хуулийн заалтуудыг зөрчиж, ой дотор газар олголт хийж байгаа дүүргүүдийн газрын албаныхныг юу гэж тодорхойлох вэ. Ядахдаа тэд эзэмших зөвшөөрөл олгохын өмнө тухайн газрыг кадастрын зургийн дагуу байгаа эсэхийг нягталж, газар дээр нь очиж тулгах ёстой. Тэр тулгалт, шалгалтаар ойн бүсийн хил хязгаарыг давсан эсэх нь ч тодорхой болох байв. Гэтэл наад захын өөрсдийн үүрэгт заасан ажлаа хийдэггүйгээс уулын орой хүртэл модон дунд газар олгосоор нийслэл орчмын ойд зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэн, аж ахуй нэгж олон мянгаар хэмжигдэх болжээ. Нөгөөтэйгүүр, газрын зөвшөөрлийг хэдэн арван хуудсаар нь захирамжилдаг дүүргийн “засаг ноёд”-ын ой тойнд ойн талаарх мэдлэг, мэдээлэл огт алга. Хэрэв ойлголттой, хуулийн мэдлэгтэйсэн бол ойн санд газар олгоход гарын үсэг зураад суухгүй байсан биз ээ.

Хууль зөрчсөн энэ үйлдэлд хувийн ашиг сонирхол байгааг АТГ шалгачихад илүүдэхгүй

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн байгаль орчны газарт ойн бүсэд хууль зөрчиж газар олгосон 10 мянга гаруй зөрчил бүртгэлтэй байна. Нийслэлийн байгаль орчны газраас энэ талаар лавлахад ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин “Ойн санд газар эзэмшсэн иргэд мод, бут, сөөгийг огтолж байгаль орчныг сүйтгэж байгаа тохиолдол их бий. Бид ойн тухай хууль зөрчиж олгосон 10 мянга орчим газрын эзэмших эрхийг цуцлуулахаар холбогдох шатны Засаг дарга, газрын албанд шаардлага, хүсэлт хүргүүлсээр байгаа. Ойн санд хууль зөрчиж зуслангийн газар олгосныг судлах, зөрчлийг арилгуулах тусгай ажлын хэсэг ч байгуулсан. Тэндээс ойд газар олгосон дүүргийн Засаг дарга нарын захирамжуудыг цуцлах, газар олголтыг зогсоох тодорхой шийдвэрүүд гарна гэдэгт найдаж байна” хэмээсэн юм. Мөн тэрбээр Нийслэлийн байгаль орчны газар ойг хамгаалах үүргийнхээ хүрээнд ажиллаж буй ч нэгэнт төрийн захиргааны байгууллага нь зөвшөөрөөд, иргэд мөнгөө зарж үл хөдлөх хөрөнгө барьчихсан учраас зуслангийн газар эзэмшигчдийг буруутгах аргагүй байдалд орсон тухай учирлаж байв.

Байгал орчинд нөлөөлөх байдлын тухай хуулиар хэрвээ ойн сан бүхий газарт газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгох бол байгаль орчны дүгнэлтийг үндэслэн газрын зөвшөөрөл олгох ёстой. Гэвч хуулийн энэ заалт байгаль хамгаалагч, малчин, ойн ажил хийж буй нөхөрлөл, компани гэсэн цөөн хэдхэн тохиолдолд зориулсан заалт. Хэрэв дүүргийн газрын албаныхан хууль, журмаа мэдэж байсан бол эл заалтыг далимдуулж 10 мянга гаруй иргэн, аж ахуй нэгжид газар олгосон болж таарлаа. Ийм тохиолдолд тэд хуулийн дагуу дүгнэлт шаардаж газрын гэрчилгээ олгох үүргээ зориуд “мартсан” байна.  Тиймээс ойн бүс дэх газар олголт цаашид ч нэмэгдэхээр байгаа юм. Ийм байдалд хүргэсэн нийслэл, дүүргийн газрын албаны ажилтнуудыг хариуцлагад татаж ойн санд учруулсан хохирлыг төлүүлэх учиртайг ч холбогдох албаныхан хэлж байсан. Зөвхөн хохирлыг төлүүлээд зогсохгүй хууль, журмыг үл тоомсорлон санаатайгаар газар олголт хийсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох асуудал ч сөхөгдөхийг үгүйсгэхгүй. Хууль зөрчсөн шийдвэрийн ард ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг нягтлахад ч буруудахгүй. Нийслэлийн байгаль орчны газар гэлтгүй АТГ-ын холбогдох албаныхан зуслангийн газар олголтын үйл ажиллагааг мөшгөн төрийн өмчийг сүйтгэх боломж олгосон буруутнаар байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ёстой. Хамгийн чухал нь дүүргийн Засаг дарга, газрын албаныхны мэдэн будилсан, хууль зөрчсөн үйлдлийг даруй таслах хэрэгтэй. ингэж байж ойн санг нэмэгдүүлэх боломж нээгдэнэ.

Эрх мэдэлтнүүд нь далимдуулж, иргэд нь сүйтгэж буй нийслэлийн ойн санг сэргээх гол ажил нөхөн сэргээлт, ойн цэвэрлэгээгээр хийгдэх учиртай. Нийслэлийн ойн санд цэвэрлэгээ хийх шаардлагатай их хэмжээний талбай бий. Зөвхөн Баянзүрх дүүрэгт гэхэд л 13.5 мянган га ойг цэвэрлэх шаардлага тулгараад буй. Нийслэлийн ойн санд цэвэрлэгээ хийх зориулалтаар хэрэглээний болон түлээний мод бэлтгэх хэмжээг БОАЖ-ын сайд жил бүр баталдаг. 2019 оны хувьд дөрвөн дүүргийн ойн 405 га-д цэвэрлэгээ хийж, 8900 шоо метр мод бэлтгэхээр болжээ. Үүнийг зөв зохион байгуулвал иргэдийн сүйтгэсэн ойг “орлуулах” боломж байгаа.

Мөн ойн санг тэлэх бас нэг ажил сайн дурын ойжуулах хөтөлбөр юм. Гаднын олон оронд иргэд, том компанийн санаачилгаар бий болсон ой олон бий. Ялангуяа Солонгос, Японд сайн дурын мод тарих хөдөлгөөн нийтийн ухамсар болж тогтсон. Манай улс энэ чиглэлд уриалга гаргаад, нийслэлийн удирдлагууд томоохон компаниудаа урамшуулаад эхэлбэл болохгүй зүйл үгүй. Одоогоор Нийслэлийн байгаль орчны газарт ойн санд хувь нэмрээ өргөх санаачилга гаргасан дотоодын ганцхан компани байна. Мөн БНСУ-ын Инчон хотоос санаачлан Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, хуучин хогийн цэг байсан 100 га газарт мод тарьж эхэлсэн. Гаднын улс, харь хотынхон хүртэл улаанбаатар хотын ойн санд санаа тавьж, сэтгэлээ зориулж байхад нийслэлчүүд “та нар сайныг бүтээ, бид нар сайхныг сөнөөнө” гэх мэт хандсаар байх нь арай л гутамшигтай.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Жаргалант тосгонд “Мөрөөдлийн ой” төгөл бий болно

Төслийн хүрээнд 2027 он хүртэл нийт 100 га талбайг ойжуулна

 0 сэтгэгдэл


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны хогийн цэг байсан талбайг өнгөрсөн оноос ойжуулж эхэлсэн. Уг ажил 2027 он хүртэл арван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд нийт 100 га талбайг ойжуулахаар зорьж байгаа юм. 2018 онд Улаанбаатар хот, БНСУ-ын Инчёон хотын хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын Байгаль орчны газрууд хамтран “Мөрөөдлийн ой” төсөл хэрэгжүүлэх болсноор дээрх ажил эхэлсэн байна. Өнгөрсөн бямба гарагт тохиосон мод тарих үндэсний өдрийн хүрээнд НИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй тус хурлын ажлын алба, нийслэлийн Байгаль орчны газрынхан, БХБЯ-ны төлөөлөл, Жаргалант тосгоны иргэд болон Ерөнхий боловсролын 74 дүгээр сургуулийн сурагчид зэрэг 200 гаруй хүн “Мөрөөдлийн ой” төгөлд мод тарилаа. Тус газар өнгөрсөн онд 10 мянган улиас суулгасан бол энэ жил 10 га газарт, 8000 хуайс тарьж байгаа юм. Жил бүр 10 га газрыг ойжуулах аж.

“Улаанбаатар хотыг чиглэх салхи нь гол төлөв баруун хойноосоо тул уг чиглэлийн дээд хэсгийг ойжуулах нь тоосжилт бууруулах, хүчилтөрөгчийн хангамж нэмэгдүүлэх, ойг дагасан экосистем бүрэлдэнэ” гэж НИТХ-ын дарга Р.Дагва ойн төгөл байгуулахын ач холбогдлыг тодорхойлов. Нэг га талбайг ойжуулахад 18 сая шоо метр талбайг цэвэршүүлж байдаг аж. Тиймээс ногоон байгууламж нь орчны бохирдлыг 75, дуу чимээг 25 хувиар бууруулж байдаг. 2018 оны тооллогоор нийслэлд 1,381,278 метр/кв зүлэгт талбай байгаа юм. Харин шилмүүст мод 24011, навчит мод 35190, бут сөөг 1,323,229 ширхэг байгааг албаныхан хэлж байна.

“Мөрөөдлийн ой” төгөлд суулгасан модыг органик бордоогоор бордож буй нь энэ жилийн мод тарих үйл ажиллагааны онцлог гэдгийг төлөөлөгчид хэлж байлаа. Тус бордоо нь химийн нэмэлт бодисгүй, эрдсээр баялаг. Мөн ойн хөрсний үнэртэй, ашигтай амьд бактери агуулсан тул хөрсний амьсгалах чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ ус хуримтлуулах чадварыг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн албаныхан тайлбарлаж байна. Бордоо гарган авах энэхүү технологийг “Эко тайхи” болон “Ховд тул” компаниуд хэрэгжүүлжээ.

“Төв цэвэрлэх байгууламжид олон жилийн турш нийт 700 гаруй мянган метр куб лаг хуримтлагдсан. Энэ лагийг хоёр байдлаар ашиглаж болно гэж үзээд төсөл хэрэгжүүлсэн.

Жил бүр 10 га газрыг ойжуулахаар төлөвлөжээ

Нэг хэсгийг нь бордоо, нөгөө хэсгийг нь хар шороон хөрс болгож байгаа” хэмээн БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн ярилаа. БХБЯ-наас 500 мод бордох хэмжээний бордоо авч ирж, бүх нийтээрээ мод тарих аянд нэгдсэн юм. Цаашид 745 мянган тонн бордоог  нийлүүлэх боломжтой талаар ч дурдаж байлаа. Харин хар шороон хөрсийг хаврын хот тохижилтын ажилд нийлүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлд жилд 15 мянга орчим тонн хар шороон хөрс хэрэг болдог бол “Эко тайхи” ХХК нь 30 мянган тонныг хангалттай нийлүүлэх аж. Нийслэлийн хэмжээнд мод тарих үндэсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсноор ес дэх жилтэйгээ золгож байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 2.2 сая мод тарьжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Яаманд “гологдсон” түймэр унтраах хэрэгсэл яг одоо хэрэгтэй байна

“Оюутолгой” компанийн бэлэглэсэн үнэтэй төхөөрөмж агуулахад шороонд дарагдан хэвтсээр

 0 сэтгэгдэл


Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын хуралдаанд Шадар сайд Ө.Энхтүвшин ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. Зөвхөн энэ он гарснаас хойш Улаанбаатар хот болон 10 аймгийн 33 суманд нийт 48 удаагийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 21.9 мянга га ой, 217.2 мянган га хээрийн талбай өртжээ. Тэгвэл өнгөрсөн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд ой хээрийн түймэр 1075 удаа гарч, экологи болон эд материалд 203.2 тэрбум төгрөгийн асар их хэмжээний хохирол учирсан байна.

Ер нь жил бүрийн өдийд түймэр ёс мэт дэгдэж, онцгой байдлын хэдэн аврагч улаан халз нүүр тулдаг байдал энгийн үзэгдэл болжээ. Хэдэн аврагчдынх нь техник хэрэгсэл ч өрөвдөлтэй. Хэдэн жилийн өмнө түймрийг саваагаар цохиж унтраадаг байсан бол одоо арай сайжирч, зориулалтын үлээдэг хэдэн багажтай болсон. Энийгээ цэнэглэж аваад л үзэж тарж байгаа харагддаг. Харин кинон дээр гардаг, гадаадын орнуудад хэрэглэдэг түймэр унтраах хэрэгсэл манайхны хувьд мөрөөдөл төдий зүйл л гэсэн үг.

Уг нь өнгөрсөн жилийн өдийд “Оюутолгой” компанийн зүгээс манай онцгой байдлынханд нисдэг тэргээр гал унтраах зориулалттай төхөөрөмж бэлэглэж байв. Нисдэг тэрэгнээс ус болон хөөс цацах зориулалттай гурван том хөнөгийг зориулалтын тоног төхөөрөмжийн хамт бэлэглэх ёслолд тус компанийн удирдлагууд болон онцгой байдлын газрын дарга нар оролцсон тухай мэдээ зураг хөрөгтэйгөө дурайж байна. гурав хүртэлх тоннын багтаамжтай уг төхөөрөмжийг нисдэг тэрэгнээсээ дүүжилж, гол болон гүний худгаас шууд ус соруулан очоод улалзаж буй галын дээрээс асгана гэсэн үг. Нийт өртөг нь 118 мянган ам.доллар буюу бараг 300 сая төгрөгийн үнэтэй орчин үеийн хэрэгсэл аж. Ашгүй онцгойгийнхон овоо дориун хэрэгсэлтэй боллоо, одоо түймрийг агаараас унтраагаад байж дээ гэж тухайн үед бодсон хүн олон байх.

Гэвч олон зуун саяын үнэтэй өнөөх техник хэрэгслийг манай улс нэг ч удаа ашигласангүй, одоо болтол агуулахад тоосонд дарагдан хэвтэж байгаа нь арчаагүй гэж хэлмээр. Хувийн компани нийгмийн хариуцлагын хүрээнд гал унтраахад шаардлагатай хэрэгсэл бэлэглэсэнд талархаад баршгүй. Гэтэл бид үүнийг нь яагаад ашиглахгүй байна вэ. Агуулахад хав дарахын тулд аваагүй л байлтай.

“Энэ төхөөрөмжийг Монголд ашиглаж чадахгүй” хэмээн онцгой байдлын эх сурвалж өгүүлэв. Гэхдээ ашиглаж, ид шидийг нь үзэхгүй байгаа хамаг учир шалтгаан Батлан хамгаалах яаманд байгаа бололтой.

• Балгахан усыг хэд дахин зөөж, уулын орой дээр гарсан түймрийг унтраана гэдэг харганы ноос түүж эсгий хийхтэй адил өрөвдөлтэй зүйл.

• Нисдэг тэрэгнээс ус цацаж түймэр унтраах төхөөрөмжийн нийт өртөг нь 118 мянган ам.доллар буюу бараг 300 сая төгрөг.

• Харамсалтай нь олон саяын үнэтэй тэрхүү техник хэрэгслийг манай улс нэг ч удаа ашигласангүй.

Мэдээж онцгой байдлынхан төхөөрөмжөөр түймэр унтраахад нисдэг тэрэг болон нисгэгч шаардлагатай. Гэтэл БХЯ-ны нислэгийг удирдах албаныхан болохоор “Ийм хүнд юм дүүжилчихээд нисэж чадахгүй. МИ-8-ын нисгэгчдээ зориулалтын сургалтад суулгах шаардлагатай. Оросоос сургалт авмаар байна” гээд хөдлөхгүй гүрийсээр өдийг хүргэсэн гэх. Гэтэл оросууд нь сургалт хийх боломжгүй гэдгээ мэдэгдсэнээр өнөөх үнэтэй төхөөрөмж агуулахад хаягдах эхлэл тавигджээ. Үүнээс хойш жил гаруй болсон ч асуудлыг хэрхэн шийдэх, бусдын бэлэглэсэн тоног төхөөрөмжийг яаж ашиглах нь тодорхойгүй байсаар өнөөдөртэй золголоо. Энэ янзаараа бол сайн санаа гаргаж хандив өгсөн “Оюутолгой” компанийн буруу болоод өнгөрөх нь.

“Манай цэргийнхэн хилийн том том багануудыг зөндөө л зөөж нисдэг. Энэ зэргийн ачаа зөөж байгаа юм чинь гурван тоннын устай сав аваад нисэхэд ямар ч асуудалгүй л баймаар. Ганц сургалт ярьсаар байгаад бүтэн жил тойрлоо. Үнэндээ төрийн албаныхны байгаа байдал л энэ. Гадаадын өндөр хөгжилтэй оронд хэрэглэдэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бэлэглэж байхад ашиглаж чадахгүй байгаа нь бидний л арчаагүйгийнх. Үнэндээ яамныхан өөрт нь төсөвлөсөн мөнгийг онцгой байдлынхны гал унтраах шатахуунд зарцуулах нь харамсмаар бөгөөд харамламаар болохыг үгүйсгэхгүй. Манайд агаараас гал унтраах хэрэгсэл ямар их хэрэгтэйг хүн бүр мэдэж байгаа. Хүний хөл хүрэхийн аргагүй өндөр ой тайгад гарсан түймрийг манай онцгойгийнхон унтраах гэж яаж үйлээ үздэг билээ. Уулын бэлээс 20 литрийн шар саваар ус зөөж байгаа дүр зургийг бид зөндөө л харсан. Балгахан усыг хэд дахин зөөж, уулын орой дээр гарсан түймрийг унтраана гэдэг харганы ноос түүж эсгий хийхтэй адил өрөвдөлтэй зүйл. Хээрийн түймрийг бол хүний олноор л унтраадаг. Түүнчлэн түймэр унтраахаар дайчлагдсан хүмүүс дунд нь зориулалтын багаж төхөөрөмжтэй хүн ховорхон. Ихэнхэд нь урдаа резин хадсан мод бариулаад “Эх орон чинь шатаж байна. Түймрийг унтраах нь үүрэг” гэж хөөгөөд илгээдэг. Ингээд хөө тортогтой холилдсон хэдэн нөхөр өдөржин шөнөжин балбасаар байгаад түймрийг арайхийн цурманд оруулна. Ингэж бичихэд харамсалтай хэдий ч гал түймэртэй тэмцэж буй бидний өнөөгийн байдал ийм л байна. Гэсэн хэрнээ гуймхай мөртлөө голомтгой гэдэг шиг бусдын бэлэглэсэн төхөөрөмжийг яаж ийгээд ашиглачихгүй, элдэв шалтаг тоочоод сууж байдаг. Үнэхээр сургалт авах шаардлагатай юм бол ийм төхөөрөмж ашигладаг бусад оронд хандаж болдоггүй юм уу.

МИ-8 нисдэг тэргүүдээ Оросоос авсан. Гэвч Орос энэ төхөөрөмжийг ашигладаггүй байж хэнд, юугаа заах билээ. Оросууд боломжгүй гэнгүүт л өөр хувилбар байхгүй мэт таг дуугүй болох нь тэгээд зөв зүйл үү. Энэ асуудалд Ерөнхий сайд, Шадар сайд анхаарлаа хандуулж, хав дарж гацаагаад байгаа нөхдөөс хариуцлага нэхэх болсон юм биш үү. Яамны нөхдийг элдэв шалтаг тоочиж суух хооронд энэ улс орон чинь шатаж дууслаа. Хэдхэн жилийн өмнө 15 зоригт эр амиа алдсаныг мартаагүй буй за.