A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2625/

Хотын төвийн хөдөөх тосгон жуулчдын өмнө өмхий “арал” болов

Гандангийн дэнжийг тохинуулах дөрвөн ч төлөвлөгөө бүтэлгүйтжээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2625/


Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын дурсгал, аялал жуулчлалын цогцолбор байхаар тусгасан. Мөн Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зүүн Хойд Азийн, соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болох, гэр хороолол дахь соёлын өвийг сэргээх чиглэлээр төсөл хэрэгжүүлж, жуулчдыг татах газрыг бий болгох гэсэн гоё заалтууд бий. Гэвч нийслэлийн өнгө үзэмжид чухалд тооцогдох, Монгол Улсын аялал жуулчлалын голлох газрын нэг болсон гандангийн дэнж гундуу байна.

Тагтааны сангасаар хучигдсан төв талбайгаас нь эхлээд нурсан хашаа, хуучирсан байшингууд, бохир орчин, утаа тортогт дарагдсан гэрүүдээс бүрдсэн гэр хорооллыг бурхан шашны төв гэж нэрлэхэд ичмээр болжээ. Нийслэлийн төвийн бүс дэх тохижилтгүй, хөгжилгүй, өмхий “арал” дээр өдөртөө гадаадын олон зуун жуулчин, гаднын зочид төлөөлөгчид хөлхөж байна.

Нийслэлд түүх соёлын дурсгалт газар цөөн тул жуулчны компаниуд аялагчдыг дагуулан тийш зүглэхээс ч аргагүй. Зөвхөн аялагчид төдийгүй төрийн айлчлалаар ирсэн зочид, төлөөлөгчдийг ч Жанрайсэг бурхантай танилцуулахаар гандан тийш зорьдог. Гэтэл тэнд нь хашаа хороо навсайсан, байшин барилга нь нурж унах дөхсөн, гудамжнууд нь өмхий ханхалсан орчин угтаж байна. Гэгээн цагаан өдрөөр хээв нэг бие засаж зогсоо эр, гуйлгачин архичин, гудамжны ноход гээд бохир орчныг тодотгосон бараан өнгө бүрдсэн. Өнгө гундсан, өмхий нэвширсэн газраар “аялсан” жуулчид ямар сэтгэгдэлтэй буцах нь тодорхой. Ичих багадаж, уйлах ихдэх гэдгийг аялал жуулчлалын салбарынхан ч ярьж халаглахаараа л нэг боллоо. Нэг салбар гэлтгүй нийслэл даяараа уурлах нөхцөл ч тэнд бас бүрдсэнийг судалгаа баримт харуулна.

Улаанбаатар хотын хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн газрын жагсаалтын тэргүүнд гандангийн дэнж бичигдсээр олон жилийг үдлээ. Гандангийн орчноос ч өвчний голомт дэгдэхэд ч ойрхон байна. 2015 онд нийслэлийн есөн дүүрэгт хөрсний бохирдлын хэмжээг судлахад гандан орчмын гэр хорооллын хөрс хамгийн их бохирдолтой гэж тогтоожээ. Орчны бохирдлын судалгаа ч өвөлдөө асгасан үнс, муу ус зундаа ууршиж иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буйг баталсан. Нийслэлийн эрүүл мэндийн газраас орчны ариун цэврийг сахиулах арга хэмжээ авдаг ч хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн гэр хорооллыг дахин төлөвлөхөөс аргагүй гэсэн дүгнэлттэй эвлэрчээ.

Уг нь эл байдлыг засахаар нийслэлийн удирдлага дөрвөн ч удаа ерөнхий төлөвлөгөө баталсан боловч нэг нь ч хэрэгжсэнгүй.

Анх 2003 онд тухайн үеийн дэд бүтцийн сайдын тушаал, Нийслэлийн засаг даргын захирамжаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний хүрээнд “Гандан хүрээ” нэртэй олон нийтэд зориулсан төвийг байгуулахаар зорьж байжээ. Тухайн үеийн төлөвлөлтөөр Гандантэгчэнлин хийдийн өмнө газар доороо автомашины зогсоолтой, цамын талбай, баруун дөрвөн замаас хийдийн хаалга хүртэл Богдын найман дүр, найман тахилын чулуун сийлбэр бүхий талбай барих байж. Тус төлөвлөгөө санхүүжилтгүйн улмаас хэрэгжиж чадаагүй байна.

Түүнээс хойш 2007, 2012, 2015 онд гандан орчмын гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн Засаг дарга захирамжилж, НИТХ-аар баталсан ч бас л ажил хэрэг болж чадсангүй.

2015 онд хотын мээр асан Э.Бат-Үүл, Баянгол дүүргийн удирдлага “гудамж” төслийн хүрээнд ганц гудамжны хашааг жигдэлж, авто болон явган замыг тохижуулсан байна. Мөн тухайн гудамжинд дулаан, цэвэр, бохир усны шугам татаж өгсөн ч төвийн шугамд холбож чадаагүйгээс газарт булаад “мартжээ”. Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байсан төсөл сонгуулийн дуулианаар хумигдаж, нам солигдсоноор нам жим болсон талаар тэндэхийн иргэд ярьж байна.
Гандангийн хөрсний бохирдол өвчний голомт болоход ойрхон байна

Түүнчлэн 2017 онд Гандангийн дэнжид “Аялал жуулчлалын жишиг гудамж” гэгчийг байгуулахаар нийслэлийн Засаг дарга асан С.Батболд хийгээд албаныхан шав тавьж ёслол үйлдсэн удаатай. Гэвч тэр төсөл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлагдаж чадалгүй сураг алдарлаа. Тус төслийн хүрээнд Гандангийн гурван гудамж, 1.9 га талбайг чөлөөлж түүхэн дүр төрх, өв уламжлалыг хадгалсан дөрвөн давхар 1500-1700 м.кв үйлчилгээ, 300 айлын орон сууцны барилга барихаас гадна шашны эртний эдлэлийн дэлгүүр, хүрээ соёлыг харуулсан музей, уламжлалт монгол үндэсний хоолны газар, театр, гар урлалын үйлдвэртэй аялал жуулчлалын загвар гудамж, хороолол бий болох байв. Эхний ээлжинд найман айлын газрыг чөлөөлж түр оршин суух байрны түлхүүрийг эздэд нь гардуулсан ч бас л бүтэл муутай байна. Чөлөөлсөн газар дээр нь төлөвлөснөөс өөр барилга баригдсан зүйл ч гарсан байгаа.

Эдгээр төсөл бүтэлгүйтсэний шалтгааныг нийслэлийн түүх дурсгалын гол бүсэд иргэдэд газар өмчлүүлсэнтэй холбон тайлбарлана. Улмаар иргэдийн амин хувиа хичээсэн байдал, шуналдаа хөтлөгдсөн зан нөлөөлж байгааг ч албаныхан хэлж буй. Уг нь 2003 онд баталсан анхны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үед гандан орчмын газрыг иргэдэд өмчлүүлэхгүй, эзэмшүүлэх чиглэлийг барьж байжээ. Харин 2004 оны сонгуулиар тухайн тойрогт нэр дэвшигч нэгэн нийслэлийн удирдлага, газрын албаныхныг загнасаар өмчид шилжүүлж улсыг хохироосон дуулдана. Нөгөөтэйгүүр нийслэлийн удирдлага сайхан төсөл ярьж иргэдийн газрыг чөлөөлчихөөд хэрэгжүүлэх шатанд удаашруулж гацаадаг нь Гандангийн оршин суугчдыг хашраачихсан талтай. Төр, иргэн зохицож чадаагүйгээс нийслэлийн иргэд, цаашлаад улсын эрх ашиг хохирч байгааг ч тоохгүй орхиж боломгүй. Үүнийг яаралтай нэг талд нь шийдэхгүй бол аюулт өвчин дэгдэж ниргэсэн хойно нь хашгирах нөхцөл үүссэнийг дээр өгүүлсэн. Тиймээс Гандангийн орчны ерөнхий төлөвлөгөөний хэрэгжихгүй байгаагийн шалтгаан, дээрх олон төсөл бүтэлгүйтсэний учрыг албаны эх сурвалжаас тодруулах нь зүй.

Д.Хан-Уул: Газраа чөлөөлөхгүй гэсэн иргэд Гандангийн төлөвлөлтөд саад болдог

Гандангийн орчныг тохижуулах ерөнхий төлөвлөгөөний талаар Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын ахлах мэргэжилтэн Д.Хан-Уулаас тодрууллаа.

-Ганданг тохижуулах дөрвөн ч төлөвлөгөө бүтэлгүйтсэний шалтгаан юунд вэ?

-Бүгд бүтэлгүйтсэн гэж үзэхгүй байна. Гандангийн төлөвлөлт хангалттай хийгдсэн. Гэвч газрыг нь хуулиар иргэдийн өмчлөлд шилжүүлсэн учраас өмнөх ерөнхий төлөвлөгөө хэрэгжих боломжгүй удааширсан. Сүүлд хийсэн төлөвлөгөөгөөр орчны нөхцөл, инженерийн дэд бүтэц зэрэгт тохируулаад нам давхар, дан давхар, үйлчилгээний гэсэн гурван бүсийг барилгажуулахаар болсон. Энэ төлөвлөгөө хэрэгжих шатандаа байгаа. Ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар улсаас нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, дэд бүтцийг нь бэлтгэх ажлуудыг хийгээд эхэлсэн. Харин иргэд хашаа байшингаа түүх дурсгал, шашны уламжлалд тохируулж барих шаардлагатай.

-Мөнгөгүй гэр хорооллын иргэдэд тийм боломж байхгүй учраас улсаас нэгдсэн журмаар тохижилтыг хийхээр ерөнхий төлөвлөгөөнд тусгаж болоогүй юм уу?

-Хашаа гудамжийг шинэчлэх ажлыг дүүргийн төсөвт мөнгө суулгаж нэгдсэн зохион байгуулалтаар хийх боломж бий. Хамгийн гол нь төрөөс дэд бүтэц, дулаан дамжуулах дэд станцуудыг барихад бэлэн болгож ажлаа эхлэх болоход иргэд газраа хэдхэн метрээр чөлөөлж өгөөгүйгээс ажил гацчихаад байна. Мөн Гандангийн ерөнхий төлөвлөгөөгөөр Гандантэгчэнлин хийдийг гороолсон зам барих ёстой. Тэнд байгаа айлууд газраа чөлөөлөхгүй бол ерөнхий төлөвлөгөө хэрэгжих боломжгүй. Мэдээж хүний хөрөнгийг хүчээр булааж болохгүй учраас зохицохоос өөр аргагүй.

-“Аялал жуулчлалын жишиг гудамж” төслийг хэрэгжүүлэхээр чөлөөлсөн газар дээр өөр барилга барьчихаар Гандангийн ерөнхий төлөвлөгөө хэрэгжих боломжгүй болсон юм биш үү?

-“Аялал жуулчлалын жишиг гудамж” төсөл НИТХ-аар батлагдаагүй. Гэхдээ манайхаас төслийг хэрэгжүүлэхдээ Гандангийн ерөнхий төлөвлөгөө болон бусад шаардлагад нийцүүлж засуулах ёстой гэсэн шаардлагыг тавьж хэдэн янзаар засаж өөрчилсөн. Энд бас газрын эзэн болох хөрөнгө оруулагч иргэн, ерөнхий төлөвлөгөө зөрчилдсөн тал бий. Бидний зүгээс ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн зургийг л батлах чиглэл барьж байгаа. Хоёр, гуравхан өрхийн эрх ашгийг бодож нийтийн эрх ашиг тухайн гудамжны хорь, гучин айлын боломжийг хааж болохгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

О.Солонго: Архаг хуучтай хүмүүс зуны улиралд ч ханиаданд өртдөг

Сүүлийн үед дутуу төрсөн хүүхдүүд уушгины үрэвслээр өвчлөх нь элбэг байна

 0 сэтгэгдэл


ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Амьсгалын эрхтэн судлалын тасгийн эрхлэгч, клиникийн профессор, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч О.Солонготой ярилцлаа.

-Амьсгалын замын өвчлөл зуны улиралд ч буурахгүй байна гэдэг. Энэ юунаас шалтгаалдаг вэ?

-Хүмүүс өвөл болохоор амьсгалын замын өвчлөл нэмэгдээд, зун болохоор багасдаг гэж ойлгодог. Гэтэл тийм биш. Амьсгалын замын өвчлөл үүсгэдэг зарим вирус зуны улиралд идэвхтэй байдаг. Нүдний үрэвсэл үүсгэдэг аденовирус аль ч улиралд идэвхтэй байгаа. Уг вирусийн халдварыг хөрсний бохирдол улам идэвхжүүлдэг. Хамар залгиурын үрэвсэл үүсгэдэг ринавирусийн халдвар өвөл, зунгүй идэвхтэй байдаг.

-Ер нь томуугийн вирусийг яаж ялгаж, таньж эмчилдэг вэ?

-Ротовирусээр үүсгэгдсэн томуу байвал суулгалт илүү давамгайлдаг. Коронавирусийн халдвар байвал уушгины хатгалгаа болж хүндрэх эрсдэлтэй. Эросвирусийн халварт нялхас илүү өртдөг. Томуу, томуу төст өвчнийг 200 гаруй вирус үүсгэдэг. Ринавирус хамар залгиурын үрэвсэл үүсгэнэ гэх зэргээр өвчлөл үүсгэх шинж тэмдэг нь өөр. Амьсгалын эрхтэн тогтолцоо, дархлаа сул хүүхдүүд томуу, томуу төст өвчинд илүү өртөмтгий байдаг. Бас 65-аас дээш насны ахмадууд вируст илүү өртөмтгий байна. Архаг хууч өвчтэй хүмүүс зуны улиралд ч ханиад, томуунд өртдөг. Уушгинд хийн солилцоо явагдаж байх ёстой. Гэтэл сурфактантын солилцоо явагдахаа болихоор хатгалгаа болдог. Манай тасаг дан ганц хатгалгаа бус уушгины гаж хөгжил, амьсгалын эрхтэн тогтолцоо гэмтсэн хүүхдүүдийг ч хүлээн авч эмчилдэг. Сүүлийн үед дутуу төрсөн хүүхдүүд уушгины үрэвслээр өвчлөх нь элбэг байна. холбогдох хуулиар бол эрүүл хүмүүс гэр бүл болох ёстой. Эцэг, эхийн эрүүл мэндийн асуудал хүүхдэд хамгийн их хамаатай. Эрүүл эцэг, эхээс төрсөн хүүхэд олон удаа ханиад хүрч, томуу тусаад байдаггүй. Сүүлийн жилүүдэд төрөх насны эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарахаа больжээ. Үүнээс болоод жирэмсэн байх хугацаандаа маш их тонус өгч байна. тонус их өгөөд байвал эрүүл хүүхэд төрөхөд хэцүү. Ийм хүүхэд өвчинд өртөмтгий байдаг.

Хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг нас биед хүрэхээр нь өөрт нь өгөх үүрэгтэй

Хүүхэд жилд зургаан удаа томуу, томуу төст өвчинд өртөх эрсдэлтэй гэж үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор тав хүртэлх насны хүүхдийн дунд уушгины үрэвслийн тохиолдол жилд 156 сая байдаг гэж үздэг. Үүний 20 сая тохиолдол нь заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг. Уг нь тухайн иргэн ханиад хүрсэн бол хамгийн түрүүнд амны хаалт зүүх ёстой. Манайхан тэгдэггүй. Амны хаалт хэрэглэхгүй явж байгаад бусдад тараадаг. Хүмүүс амны хаалт хэрэглэж сураагүй нь эрүүл мэндийн зөв дадал хэвшилд суралцаагүйнх. Манай улсад нийгмийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байна.

-Нийгмийн эрүүл мэндийн боловсрол дутмаг гэж та хэллээ. Энэ үнэн. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшлүүлэх сургалтууд хамгийн чухал шаардлагатай байна. Сургуулийн хүүхдүүдэд өнгөрсөн жилээс эхлээд эрүүл мэндийн хичээл орж байгаа юм билээ. Энэ хамгийн зөв. Эрүүл мэндийн хичээлийг тодорхой зааг ялгаатай заах хэрэгтэй юм шиг санагддаг. Миний бодлоор нэгдүгээр ангийнхныг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах мэдлэгтэй болгомоор байгаа юм. Харин өсвөр үед нь арай өөр хичээл заах ёстой байх. Эрүүл мэндийн зөв дадал хэвшил, эрүүл мэндийн боловсрол хоёр ялгаатай. Эрүүл мэндийн зөв дадал хэвшил хамгийн түрүүнд гараа угаахаас эхлэнэ. Тэгээд хамгийн түрүүнд эмчид хандах хэрэгтэй. Сүүлийн үед нүүр номоор дамжуулаад бие биедээ эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг болсон байна. Энэ бол хамгийн буруу дадал. Анагаах ухааны сургууль төгсөөд боловсорсон эмч болоход доод тал нь арван жил зарцуулдаг. Өрхийн эмч болоход дор хаяж зургаан жил сурч төгсөж байгаа. Тэгэхээр сайн дураараа бие биедээ зөвлөгөө өгч байгаа хүмүүсээс өрхийн эмчийн мэдлэг хамаагүй дээр байна биз дээ. Тухайн хүний биеийн онцлог нөгөөгийнхөөс өөр учраас нэг хүний эмчилгээ нөгөөд таарахгүй. Мөн ямар вирусээр үүсгэгдсэн ханиад томуу байна гэдгээс шалтгаалаад эмчилгээ нь өөр байдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй. Хүүхдийн эмчилгээ бол бүр нарийн. Биеийн жинд нь тааруулж эмчилгээ бичиж өгдөг шүү дээ.

-Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр гэж бий. Энэ дэвтрийг эмч нар 18 нас хүртэл нь хадгалах ёстой гэдэг юм билээ?

-Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр бол 2013 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайдын тушаалаар гаргасан эрхзүйн баримт бичиг. Эх жирэмсэн болсноос хойш 12 дахь долоо хоногтойгоос эхлээд л энэ дэвтэртэй “найзлах” ёстой. Тухайн жирэмсэн эмэгтэйд толгой эргэх, дотор муухайрах гээд хэд хэдэн төрлийн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай гэсэн сануулга уг дэвтрийн өмнөх сануулга дээр бий. Цаашлаад хүүхэд хаана, хэдэн килограмм жинтэй төрсөн тухай тэмдэглэл бичигдэнэ. Дээр нь төрөх үедээ 24 цагийн дотор вакцинд хамрагдсан, эсэхийг тэмдэглэсэн байдаг. 0-5 хүртэлх насны хүүхдийн өсөлтийн тухай мэдээлэл, эмчийн үзлэг, архаг хууч өвчин гээд бүх зүйл тэмдэглэгдэж байгаа учраас эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг 25 нас хүртэл нь хадгалах ёстой. Ингээд нас биед хүрэхээр нь өөрт нь хүлээлгэж өгөх үүрэгтэй. Тэд ээж, аав болоод багадаа ямар өвчнөөр өвдөж байсан, ямар вакцинжуулалтад хамрагдсан тухай мэдээллээ эндээс авна. Тодруулбал, хүүхдийг яаж өссөн бэ гэдгийг гэрчлэх хуулийн баримт бичиг юм. Тухайн эцэг, эхийн эрүүл мэндийн байдлыг нотлох баримт бичиг ч гэж хэлж болно. Эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд гээд байгаагийн учир энэ. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн дэвтрийг үл ойшоодог.

-Хатгалгааны вакцин гэж бий. Энэ вакцины хамралт хэр байгаа вэ?

-Анх 2016 оны долдугаар сараас Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн хүүхдүүдийг хатгалгааны вакцинд хамруулсан. Одоо хатгалгааны вакциныг товлолоор хийдэг болсон. Улаанбаатар хотыг бүхэлд нь хамруулаад, хөдөө орон нутагт хийж эхлэхээр төлөвлөөд байна. Хүмүүс вакцины талаар янз бүрээр ярьдаг. Вакцинд хамрагдах муу биш шүү дээ. Аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах цаг нь болжээ.

-Байнга хатгалгаа тусаад байвал сүрьеэгээр өвдөх эрсдэл бий юу?

-Бага насны хүүхдийн хувьд халдвар авч мэдэх эрсдэлтэй. Хүүхэд сүрьеэгийн халдварт өртдөг болохоос тээгч болж бусдад тараахгүй шүү дээ. Хүүхдийг товлолын вакцинд нь цаг тухайд нь хамруулж байвал сүрьеэгийн халдварт өртөхгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үхэхийг “хүссэн” 27 мянган амь байна

Нэг иргэний амь нас гэдэг нэгж алтнаас ч үнэтэй

 0 сэтгэгдэл


Байгалийн жамаараа ороод өнгөрөх бороо араасаа ямагт хохирол дагуулах юм даа. Гэхдээ борооны буруу гэж юу байхав. Жил болгон давтагддаг хохирол цэвэр бидний хариуцлагаас хамаарч гарсаар л... Гэтэл яагаад энэ бүхнийг таслан зогсоочихож чадахгүй хүний амь нас эрсэдсээр байна вэ? Тухайлбал, өнгөрөгч 15-ны өдөр орсон борооны улмаас манай улс том хохирол амссан. Дөрвөн настай бяцхан охин дөчөөдхөн хоромд орсон борооны үерт үйчихлээ. Нэг иргэний амь нас гэдэг нэгж алтнаас ч үнэтэй. Гэтэл манай улсад хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй болсон байна. Одоо бүр нэг биш 27 мянган хүний амь үерийн усанд хөвөх нь ээ!

Үерийн аман дээр буусан айлын тоо 3.3 дахин нэмэгджээ

Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод таван хоног үргэлжилсэн бороо орно. Нийслэлийн хэмжээнд 6696 өрх айлын 26784 хүн буюу нийслэлийн нийт хүн амын 2.23 хувь нь үерийн аман дээр амьдардаг талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Ямар их эмгэнэл вэ. Шувуу хүртэл аюулгүй газар бат бөх гэгч үүр засдаг атал саруул ухаант хүмүүн аюулын өмнө, амь насаа үл тоон үхэл рүүгээ өөрөө явж байна.

Хатуухан хэлэхэд иргэд өөрсдөө үхлийг хүсэж үерийн аман дээр амьдарч байна

Жил бүр борооны улиралд энэхүү асуудал яригддаг. Нийслэлийн газрын албанаас тэрхүү айл өрхүүдэд жил бүр санамж, анхааруулга бичиг хүргүүлэн, заримтай нь тохиролцон нүүлгэх арга хэмжээ авч хэрэгжүүлдэг хэдий ч тус айл, өрхүүд газраа чөлөөлөхөөс татгалзаж байна.

Үүнийг зориг гэх үү, муйхарлал гэх үү! Энд нэг тоо дурдая. 2017 онтой харьцуулахад Улаанбаатарт холбогдох газраас сануулсаар байхад үерийн аман дээр очиж буусан айлын тоо 3.3 дахин нэмэгдсэн байна. Аюул болно гэдгийг мэдсээр байж тийн муйхарлагсдыг сайн дураараа амиа хорлогсод гэж хэлэхэд буруудахгүй. Үерийн аман дээр буусан айлуудын дийлэнх нь орон нутгаас шилжин ирэгсэд. Тэр хэрээр зөвшөөрөлгүй газар эзэмших явдал ихсэн, аюултай бүсэд амьдрагсад ч олширсон. Эд хөрөнгө, гэр орноо үерийн усанд урсгасан талаараа хожим нь хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөн, тусламж гуйдаг энгийн жишиг манайд тогтчихлоо. Анхнаасаа тэр бүх аюулыг бодолцон үерийн аман дээр бууж болохгүйг сэрэмжлүүлэхэд амьд явах, газар эзэмших нь бидний эрх гэх мэт том,том мэдэмхийрсэн муйхар толгойтнууд. Энд улсын буруу гэж хэлэхээ болих хэрэгтэй санагддаг.

Хатуухан хэлэхэд иргэд өөрсдөө үхлийг хүсэж үерийн аман дээр амьдарч байна шүү дээ. Хөөгөөд, туугаад явдаггүй, хөдөлдөггүй бас хаширдаггүй 27 мянган иргэн гөжиж, гажаад одоо ч үерийн аманд амьдарсаар байгаад хэн буруутай болж байна вэ, тэгээд.

Үерийн далангийн 73 хувь нь ашиглалтын хугацаа дууссан

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх үерийн хамгаалалтын далан сувгийн асуудлаар өчигдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хэвлэлийн бага хурал хийсэн. “Энэхүү хяналт шалгалтын үр дүнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 33 км урт үерийн далан, 109.6 км үерийн суваг, зургаан ширхэг тосох байгууламж байдгаас үерийн далангийн 73 хувь нь ашиглалтын хугацаа дууссан” хэмээн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч, үерийн далан суваг хариуцсан ажилтан л.Батбаяр хэлсэн юм.

Мөн хяналт шалгалт хийх явцад дөрвөн далан халиа үүссэн, зургаан далан хог хаягдал ихтэй, иргэд ахуйн хог, үнс нурмаа даланд хийдэг, хууль бус хашаа байшин, хайс, авто засварын зам гарган, далангийн хийц эдлэгдэхүүнийг эвдэлсэн, шороо асгаж, гүүр гарц гаргаж, инженерийн шугам сүлжээг дур зоргоороо байрлуулах зэргээр үерийн далангийн хүчин чадлыг бууруулсан 60 гаруй зөрчил, дутагдал илрүүлсэн гэж тэрбээр ярилаа.

Хэдийгээр иргэд цахилгаан, шугам сүлжээнд холбогдох хэрэгтэй ч үерийн даланг нурааж, өөрсдөө инженерийн шугам, сүлжээ байрлуулах нь тийм ч оновчтой сонголт биш. Мөн цахилгааны утас нь ил гарсан, өндөр хүчдэл бүхий шонтой ойр гэр хороололд үер болох нь дэндүү аюултай.

• Үерийн аман дээр буусан айлуудын дийлэнх нь орон нутгаас шилжин ирэгсэд. 

• Иргэд хогоо үерийн далан руу хийснээс болж далан сэтрэх эрсдэл бий болдог. 

• Аюул болно гэдгийг мэдсээр байж тийн муйхарлагсдыг сайн дураараа амиа хорлогсод гэж хэлэхэд буруудахгүй.

Өндөр хүчдэлийн хажууд буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлдэг хэдий ч буцаж ирээд ахин дахин буусаар л байдаг. Уг нь үерийн далан амархан сэтрэхээр эд биш. Хогны төлбөрөөс зугатсан ухамсаргүй иргэд хог хаягдлаа үерийн далан руу хийснээс болж далан сэтрэх эрсдэл бий болдог. Энэ мэт хэнэггүй зангаас үүдэн аюул дунд амьдарсаар, олон жилийг өнгөрөөсөөр. Айлуудын нүүх шаардлагыг хорооны Засаг дарга болон төрийн байгууллагууд удаа дараа тавьдаг хэдий ч тэднийг иргэд нохой хуцсан дайд ч тоодоггүй, үр дүн муутай талаар эх сурвалжууд хэлж байна.

Дөрвөн уулаар хүрээлүүлсэн манай нийслэлд газарзүйн бүтэц, хот төлөвлөлтийн буруу механизм, төвлөрсөн бүтээн байгуулалт зэргээс үүдэн бороо, үерт ихээхэн хор хохирол амсдаг ч хүний амь нас үрэгдсээр байж таарамгүй. Яг одоогийн байдлаар 27 мянган иргэн өөрсдийн амь насаа газрын үнээр үнэлж, амьдралаас уйдсан мэт үхэлтэй зэрэгцэн амьдарч байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хар тамхины гэмт хэргийн 86 хувийг залуус үйлдэж байна

Насанд хүрээгүй хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогддог болсон

 0 сэтгэгдэл


Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчийн тоо манай улсад жил ирэх тутам өсөж, байнгын хэрэглэгчдийн давхарга бий болж байгааг холбогдох албаныхан хэлдэг. Харин энэ оны эхний хагас жилийн хар тамхитай холбогдох хэргийн тоо өмнөх оны мөн үеийнхээс бага зэрэг буурсан үзүүлэлт гарчээ. Тодруулбал, 2018 оны эхний зургаан сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 91 гэмт хэрэгт 201 хүн холбогдож шалгагдсан бол 2019 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдсан аж.

Гэвч хар тамхины хэрэгт шалгагдсан 186 хүний 86 хувь нь 18-35 насныхан буюу өсвөр насныхан байгаа нь анхаарал татаж байгааг ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын дарга С.Эрдэнэболд онцлов. Энэ нь хар тамхины хэргийн гаралт буурсан ч насны ангиллаар хэрэгт холбогдох залуучуудын тоо нэмэгдсэн гэсэн үг. Мөн он гарснаас хойш насанд хүрээгүй есөн хүүхэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогджээ. “Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг нэг удаа хэрэглэхэд ямар ч гаж нөлөөгүй гэх мэтчилэн бие биенийгээ хуурах явдал их гардаг. Иймд залуучуудад хандаж хэлэхэд битгий нэгнийгээ даган дуурайж, хэн нэгнийг санал болгоход татгалзах бүрэн чадвартай байхыг ЦЕГ анхаарууллаа. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхээс татгалзах нь ирээдүйгээ аварч буй хэрэг ” гэж тус газрын хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, дэд хурандаа Г.Давааням хэллээ.

Хар тамхины хэрэглэгч, захиалагч, худалдан авагч болж эрүүгийн хэрэгт холбогдож байгаа 20-30 насныхны 90 орчим хувь нь өөрийн сонирхлоор хар тамхи хэрэглэсэн аж. Өвчний улмаас хэрэглэсэн тохиолдол бий ч энэ нь ердөө 10 хувийг л эзэлжээ. Мөн хар тамхийг анх удаа хэрэглэж үзсэн 100 хүний зөвхөн 20 нь хар тамхины тухай бодлоо бүр мөсөн орхиж чаддаг бөгөөд үлдсэн хэсэг нь донтдог байна. Харин өсвөр үеийнхний дунд явуулсан судалгаагаар 2000 хүүхдээс 463-д нь хар тамхи хэрэглэж үзэх санал ирсэн гэжээ. Энэ нь өсвөр үеийнхний сониуч занг ашиглан хар тамхинд донтуулах гэсэн санаархал учир “үгүй” гэж  татгалзах хэрэгтэйг хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн ш.лхагвасүрэн хэлсэн юм.

Мөн түүнчлэн хар тамхины хэрэглээ орон нутаг руу хүрээгээ тэлж, энэ он гарснаас хойш 12 бүртгэгдсэн байна. Үүнээс 50 гаруй хувь нь орхон аймагт бүртгэгджээ. Хэдхэн жилийн өмнө манай улс дамжин өнгөрүүлэгч байсан бол өнөөдөр хэрэглэгч болсон нэг шалтгаан нь манай улсын 15 мянга орчим га талбайд есөн төрлийн мансууруулах бодис агуулсан ургамал их хэмжээгээр ургадагтай холбоотой гэнэ. Эдгээрийг залуучууд түүж хэрэглэх, дамлан борлуулах тохиолдол элбэг болсон аж. Хэдийгээр холбогдох байгууллагаас дээрх ургамлын төрлийг түүх, худалдан борлуулах гэмт үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж буй ч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ. Жишээлбэл, Дархан-Уул аймгийн нутгаас хууль бусаар их хэмжээний мансууруулах төрлийн ургамал түүн, худалдан борлуулахаар тээвэрлэж явсан залуусыг өнгөрсөн сарын 27ны өдөр хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид илрүүлсэн юм. 1620 насны долоон залуу Дархан сумын есдүгээр багийн нутгаас мансууруулах төрлийн ургамал түүж, “Приус” маркийн машинд тээвэрлэж явахад нь барьсан ба тэднийг бүлэглэн хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх хориотой ургамал тээвэрлэсэн, хэрэглэсэн хэрэгт буруутгаад буй юм.

Насанд хүрээгүй хүүхэд болон ид ажиллаж, хөдөлмөрлөх насны залуус хэрэглэх нь хар тамхины үр дагавар, хор уршгийг мэдэхгүй байгаатай холбоотой. Ялангуяа, насанд хүрээгүй хүүхдийн хувьд өссөн орчин, эцэг, эхийн хараа хяналтаас шалтгаалан бусдын нөлөөнд автаж хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэж байна. Мөн өсвөр насны хүүхэд болон оюутнууд найз нөхдийн хүрээнд сонирхох, өөрсдийгөө бусдад илэрхийлэх үүднээс хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж үзсэн байв. Тиймээс эцэг, эхчүүд гэмт хэрэг үйлдсэн эсвэл хар тамхи хэрэглэж болзошгүй этгээдтэй нийлж байгаа эсэхэд анхаарал тавих хэрэгтэй юм. Найз нөхдөдөө уруу татагдан хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн тохиолдол нь энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлдэг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

ОУВС-гийн хөтөлбөртэй сонгуульд орох нь санхүүгийн сахилга батыг сайжруулна

ОУВС-гийн шаардлага “Оюутолгой”, “Тавантолгой”-г дэмжиж, эдийн засгийн өсөлтийг хангах байв

 0 сэтгэгдэл


Сонгууль дөхөхийн хэрээр улстөрчдийн элдэв аяг хэрээс хэтэрдэг. Өмнө нь дуулах, бүжиглэх, хоол хийх, бүр цаашлаад траншейны архичинтай “ганц юм гуялах” шахам дотносох зэргээр “цагаахан” илэрдэг байсан бол одоо улсаа хөмөрчих хэмжээний үг, үйлдэл хийхээр улайрдаг болсон нь даанч хорлонтой.

2016 оны УИХ-ын сонгуулийн дараа бүрдсэн эрх баригчид ОУВС-гийн өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар яриа хэлцэл хийсээр, 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр 434.3 сая ам.доллараар эдийн засгийг тэтгэх эцсийн тохиролцоонд хүрсэн юм. Хөтөлбөрийн шаардлагууд нь, эрх баригчдыг санхүүгийн сахилга баттай байж, валютын нөөц нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулж, халамжийг хавтгайруулалгүй, эдийн засгийн үр өгөөжтэй салбаруудаа дэмжихэд чиглэгдэж байв. Тэд “Оюутолгой”, “Тавантолгой”-г дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийг онцлон зөвлөсөн. Үүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, эрх баригчид ард түмэндээ бүсээ чангалахыг уриалснаар хөтөлбөрийг эхлүүлж байв.

Өнгөрсөн оны сүүлээр ОУВС-гаас тав дахь шатны санхүүжилт болох 36.22 сая ам.доллар монголбанкны дансанд шилжүүлснээр манайд олгосон дүн 217.33 сая ам.долларт хүрсэн юм. Харин зургаа дахь шатны санхүүжилт, тайлантай танилцаж, Сангийн яамныхантай уулзсан мэдээллээр хязгаарлагдан, гацлаа. Шалтгааныг монголын арилжааны банкуудын актив хөрөнгийн асуудалтай холбоотой гэж тайлбарлаж байгаа ч үнэн чанартаа хөрөнгө оруулагчдыг боомилж буй улс төрийн алхмаас шууд хамаарч буйг эх сурвалж хэлэв. Өмнөх шатны тайланг хэлэлцэх үед ОУВС-гийн монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч ноён Ж.Готтлиб “Ажлын хэсэг өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тав дахь шатны үнэлгээг гүйцэтгэхэд шаардлагатай бодлогын хүрээн дэх үр дүнтэй яриа, хэлэлцээрүүдийг эрх баригчидтай хийлээ. Ялангуяа, санхүүгийн салбарыг чадавхжуулж, шинэчлэх зорилготой бодлого болон бүтцийн өөрчлөлтийн хувьд томоохон ахиц ажиглагдсан” гэж онцлоод мордсоныг энд сануулъя.

Монголын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай. Тиймээс дэлхийн томоохон төслүүдийн тоонд багтдаг “Оюутолгой”, “Тавантолгой”-н үйл ажиллагаанаас улсын эдийн засгийн үзүүлэлтүүд хамаардаг. Гэтэл одоо “Оюутолгой” төслийг зогсоох талаар ярьж эхэлсэн. Түүнчлэн “Оюутолгой”-н ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэж нэг тийш болгоогүй атлаа хоёр дахь ажлын хэсгийг байгуулж, гурван жилийн хугацаанд танигдаж амжаагүй гишүүдээрээ бүрэлдэхүүнийг баталж өгөв. Анхны ажлын хэсгийнхэн дүгнэлтээ танилцуулаагүй уясан шалтгаан, дахин нэг шалгалтын баг бүрдүүлсэн зэрэг нь “Оюутолгой” төслийг шантаажлах санаархал гэж хэнд ч ойлгогдоно. Ялангуяа хоёр дахь ажлын хэсэгт багтсан гишүүд хусам ч атугай хүртэх гэсэн хувийн сонирхлоор бүрдсэн гэдэгтэй маргашгүй. Тэдэнд улсаа хөмрүүлж, иргэдээ туйлдуулах тусам л худал амлалт боловсруулж, санал худалдан авахад дэмтэй.

Валютын сангийнхан сонгуулийн өмнө эрх баригчид сахилга алдахыг тооцсон ч, арай ч ингэж “толгойгоо цусдах” хэмжээний тоглолт хийнэ гэж бодоогүй байх. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал өгөхийн өмнөх өдөр хүүхдийн мөнгө зуун хувь олгож халамжийг хавтгайруулсан нь эхний “дэггүйтэл” байв. Гэсэн ч Валютын сангийнхан манай томчуудын гаргасан “хүүхдийн санаа”-г өхөөрдөн өнгөрч, дахиж ингэж болохгүйг сануулаад хөтөлбөрөө цааш үргэлжлүүлэн, санхүүжилт хэвийн явагдаж байлаа. Харин зургадугаар шатны тайлангийн хуралд “Эрх баригчид чанаргүй зээлийг илүү түргэн шийдвэрлэх, мөнгө угаахтай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, улсын секторын хөрөнгө оруулалтын төслүүдийг сонгох болон үнэлэхэд чиглэсэн шинэ удирдамжийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх шинэчлэлтүүдийг хайж байна. Гадаадын хөрөнгө оруулалт илүү их татахыг чухалчлан эрх баригчид бизнес, хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэхэд анхаарах ёстой. Эрх баригчид хэд хэдэн арга хэмжээнүүдийг Захирлуудын зөвлөлийн хурлаас өмнө гүйцэлдүүлэхээр тохирсон” гэдгийг онцолсон. Бизнес хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэх чиглэлд тохиролцож чадвал хөтөлбөр асуудалгүй үргэлжилж, сонгуулийн үеийн солиоролд бага автах горьдлого байна.

Манай улс өмнө нь ч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байсан. Харамсалтай нь хэрэгжих хугацааны сүүлээр сонгуулийн жил давхцаж, гүйцэтгэлийг 70 орчим хувьтай хаяж орхисон. Ингээд эдийн засгийн эрүүл бодлогоос хэтийдсэн амлалтууд, санал худалдан авах оролдлого, төсвийн замбараагүй зарцуулалт хэрээс хэтэрч, хэний ч хяналтгүй дур зоргоороо авирлацгаана.

Энэ удаад ОУВС-гийнхны хараан дор олж авсан эерэг үзүүлэлтүүдээ хэр удаан хадгалж, цааш үргэлжлүүлэх эсэх нь улстөрчдийн попролоос шууд шалтгаалах болоод байна.

• Ж.Готтлиб “Ялангуяа санхүүгийн салбарыг чадавхжуулж, шинэчлэх зорилготой бодлого болон бүтцийн өөрчлөлтийн хувьд томоохон ахиц ажиглагдсан” гэж онцлоод мордсоныг энд  сануулъя. 

• Анхны ажлын хэсгийнхэн дүгнэлтээ танилцуулаагүй уясан шалтгаан, дахин нэг шалгалтын баг бүрдүүлсэн зэрэг нь “Оюутолгой” төслийг шантаажлах санаархал гэж хэнд ч ойлгогдоно.

• Энэ удаад ОУВС-гийнхны хараан дор олж авсан эерэг үзүүлэлтүүдээ хэр удаан хадгалж, цааш үргэлжлүүлэх эсэх нь улстөрчдийн попролоос шууд шалтгаалах болоод байна.

Ирэх дөрвөн жилд Монгол Улс 2.9 тэрбум ам.долларын бондын төлбөр төлнө. Санхүүжилтийн хөтөлбөрөөс гарч, дур зоргоороо авирлан, эдийн засгаа хөлдөө чирчихээд улсаа дампууруулах уу, илүү өндөр хүүтэй бонд босгож төлбөрөө төлөх үү гэдэг сорилтод тулж очино. Гэхдээ энэ удаад ОУВС-г цааш түлхвэл итгэж хөрөнгө оруулах гадныхан олдохгүй л болов уу. Махчин хөрөнгө оруулагчид /Vulture investors/ л анаж байх вий.

Дефолт зарласан улс бодлогоо чамбайруулж, хичээсэн ч 15 жилийн дараа л дампуурлаас гардаг

Аргентин улс 2001 онд 1,320 тэрбум ам.долларын бондуудын өрийг төлөх чадваргүй болж дефолт зарласан. Тэдэнд итгэх хөрөнгө оруулагч олдохгүй, дотооддоо жинхэнэ утгаараа бүсээ чангалсаар байв. Ингээд 2010 онд нийт өрийн 93 хувийг 30 хувийн нэрлэсэн үнэтэй шинэ бондоор сольж, үлдсэн долоон хувийг бүрэн төлж барагдуулахаар болсон байна. Олон улсад нэр хүндээ алдсан Аргентины бондыг цөөн хэдэн махчин хөрөнгө оруулагч хямдралтайгаар авахаас өөр гар сунгасан нь ховор. Дампуурал зарласнаас хойш ДНБ нь 28 хувиар унаж, хүн амын 57.5 хувь нь нэн ядуу, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрсэн байв. Өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн, төсвийг алдагдалгүй баталснаар дампуурлыг эцэс болгосон ба 15 жилийн дараа 2016 оны дөрөвдүгээр сард нийт 16.5 тэрбум ам.долларын 6.2-7.8 хувийн хүүтэй бонд олон улсын зах зээл дээрээс босгож чадсан байна. Харин дампуурлын он жилүүдэд өрийг нь хямдралтай авсан хөрөнгө оруулагчид үлэмж хэмжээний ашиг хийсэн. Тухайлбал NML capital гэхэд Аргентин улсын дампуурлаас 2.1 тэрбум ам.долларын цэвэр ашиг олжээ.

Монгол Улсын ядуурал 28.4 хувьд хүрч, ажилгүйдлийн түвшин 11.8 хувьтай болсныг Дэлхийн банк болон үндэсний статистикийн хороо сая зарлалаа. Аргентины дефолтоос хойших үзүүлэлтүүдийн талыг нь манай улс хангачихсан явна. Үүн дээр ирэх аравдугаар сард Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага APG-ийн өмнө тайлангаа хамгаалж, саарал жагсаалтад орох эсэх эрсдлээ үнэлүүлнэ. Гадаад орчинд монголыг залгих олон хүчин зүйл анаж байхад, дотооддоо улстөрчдийн засгийн эрхийн төлөөх тэмцэл хөгжиж буй улсаа доош чангаах нь даанч харамсалтай. Дэлхийн улсуудын эрүүл бодлого, чамбай туршлагаас санаа авч, улс төрийн зүтгэлтгүүд нь өчүүхэн эрх ашгаа хойш тавьж чаддаг бол монголчуудын амгалан, сайхан амьдрал алхмын цаана, атгаад авахуйц ойрхон л харагдах юм.