A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1265/

Хот төлөвлөлт хүндээ биш автомашиндаа чиглэж байна

​Хот төлөвлөлтөд явган хүн, дугуйн замыг нэмж оруулна​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1265/


Хөгжиж буй орнууд иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчинг бий болгохын тулд эхлээд автомашины урсгал, түгжрэлийг зохицуулах шаардлагатай нүүр тулж байгааг Ази, Номхон далайн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” 11 дэх удаагийн чуулга уулзалтаар онцоллоо. Байгальд ээлтэй тээврийн талаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнтэй ярилцлаа.

-Байгальд ээлтэй тээвэр гэдэгт юу багтаж байна вэ. хот төлөвлөлтөд ямар ач холбогдолтой вэ?

-Байгальд ээлтэй буюу моторжоогүй тээврийн хэрэгсэлд цахилгаан болон механик дугуй, төрөл бүрийн скүүтер болон явган хүнийг багтааж ойлгодог. Өөрөөр хэлбэл, ямар ч хөдөлүүргүй тээврийн хэрэгслийг хэлж байгаа юм. Дэлхийн өндөр хөгжилтэй хотууд моторжоогүй тээврийн хэрэгсэл, явган хүний явах хөдөлгөөний зохицуулалт, түүнд зориулсан дэд бүтцийг ямар хэмжээнд бий болгосноороо тодорхойлогдож байна. Явган алхах болон дугуй, скүүтер ашиглах нь өртөг багатай, хэрэглэхэд хялбар. Хэрэв хурдыг нь тохируулаад, дэд бүтцийг нь зөв шийдээд өгвөл хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл болох боломжтой. Түүнчлэнхүний эрүүл мэнд, цаашлаад байгальд ээлтэй зэрэг олон давуу талтай. Ер нь хот төлөвлөлтийн хамгийн чухал үүрэг нь оршин суугчдаа эрүүл, аюулгүй орчинд амьдруулах. Гэтэл өнөөдрийн байдлаар замын түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол их болсон учраас хот төлөвлөлт хүнд чиглэж байна уу, жил ирэх тусам олширч буй автомашинд чиглэх үү гэсэн асуулт хөндөгдөх болсон. Хөгжиж буй орнуудын хот төлөвлөлт хүндээ биш автомашинд чиглэсэн бодлого болж хувираад буйг анхааруулах болсон. Энэ бол бүх л хотод тулгардаг бэрхшээл. Зарим нь шийдээд давж гарсан бол, зарим нь шийдэх арга зам хайж байна.

-Улаанбаатар хотод ийм тээврийн хэрэгслүүдээр зорчиход хүндрэлтэй байдаг шүү дээ. Явган хүн, дугуйн зам хангалтгүй байгаа нь стандарт бус. Ийм нөхцөлд байгальд ээлтэй тээврийн хэрэгслийн бодлогыг яаж хэрэгжүүлэх юм бэ?

-Зарим орны төлөөлөгчид энэ сэдвийг 20 жил ярьж, бодлогодоо тусгаж байж өнөөдөр үр дүнг нь үзэж байгаагаа хэлж байна. Үүнээс үзэхэд нэг өдөр л яриад шийдчихдэг асуудал биш гэдэг нь тодорхой. Хэдийгээр цаг хугацаа хоцорсон ч өнөөдрөөс эхлээд төлөвлөөд, ажлаа эхлээд явах ёстой. Тухайлбал, ихэнх том замуудтай зэрэгцүүлээд дугуйн зам хийхээр төлөвлөж байгаа. Ингэхийн тулд одоогийн нөхцөлд олон бэрхшээлтэй тулгарна. Гэхдээ шийдэх арга зам бий. Жишээлбэл, явган хүний гүүрэн зам хийж болно. Дэлхийн олон хотод төв зам дээгүүрээ ногоон байгууламж бүхий явган зам барьсан байдаг.

албарын яамнаас явган хүн, дугуй, скүүтерийн замтай холбоотой ямар бодлого баримталж байна вэ?

-Энэ бол Монголд шинэ сэдэв. Яг одоогоор моторжоогүй тээврийн хэрэгслийн дэд бүтцийг сайжруулах талаар төсөвт тусгаж, төсөвлөсөн зүйл алга. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Засгийн газрын 2016-2020 хөтөлбөрт дугуйн зам бий болгох, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд, давхар зам бий болгох зэрэг олон төлөвлөгөө бий.

• Байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл гэдэг ойлголтод цахилгаан болон механик дугуй, төрөл бүрийн скүүтер болон явган хүн багтдаг.

• Автомашин болон моторжоогүй тээврийн хэрэгслийн харьцааг ойролцоо түвшинд аваачих ёстой.

• Тайванийн Тайпэй, Данийн Копенгаген, Шведийн Стокхольм болон Хятад, Энэтхэгийн зарим хотын сайн туршлагууд байдаг.

Яамны зүгээс Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нэмэлттодотгол хийхээр судалж байна. Тухайлбал, Баянхошуу, сэлбэ дэд төвүүдэд ийм дэд бүтэц тусгахаар ажиллаж байгаа.

-Байгальд ээлтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн ямар сайн туршлагууд байдаг вэ?

-Тайванийн Тайпэй, Данийн Копенгаген, Шведийн Стокхольм болон Хятад, Энэтхэгийн зарим хотын сайн туршлагууд байдаг. Мөн БНСУ моторжоогүй тээврийн хэрэгсэлд зориулаад өмнө нь бий болгосон дэд бүтцээ дахин өөрчилж эхэлсэн. Харин Улаанбаатар хот цаашид цахилгаан тээврийн хэрэгслийг дэмжих чиглэлтэй байгаа. Ийм төрлийн тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтад хамруулахгүй байх, зарим татвар, хураамжийг нь хөнгөлөх боломжтой.

-Тэгэхээр Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахын тулд эхлээд автомашин, тээврийн хэрэгслээ байгальд ээлтэй болгох ёстой юу. Эсвэл явган хүн, дугуйн замаа барих ёстой юу?

-Явган алхах, дугуй унахыг дэмжсэнээр автомашиныг эрс үгүйсгэж байгаа хэрэг биш. Харин эдгээрийг замын хөдөлгөөнд автомашин, нийтийн тээврийн хэрэгслийн хэрэгцээтэй дүйцэхүйц хэмжээнд аваачих ёстой. Моторжсон тээврийн хэрэгсэл ихэнх хотод 60-90 хувийг эзэлдэг юм байна. Үүнийг ядаж 50, 50 хувьтай буюу ойролцоо түвшинд аваачих ёстой. Ингэснээр байгальд ээлтэй, эрүүл мэндэд ашигтай тээврийн хөдөлгөөн бий болно. Үүний тулд цаг алдалгүй газар болон хотын төлөвлөлтөд тусгаж эхлэх ёстой.

-“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Энэ чуулга уулзалтыг анх 2005 онд Япон улсад зохион байгуулсан. Өнөөдрийн чуулга уулзалт 11 дэх удаагийнх. Азийн бүсийн орнууд бүгдэд нь ижил тохиолдож буй асуудлуудыг энэ чуулганаар хөнддөг. Харин үр дүнд нь тухайн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлдог гэж хэлж болно. Энэ удаагийн чуулганд гаднын 24 орны 150 орчим төлөөлөгч оролцож байна. Чуулганы төгсгөлд оролцогчдын санал, зөвлөмжийг нэгтгэсэн улаанбаатарын тунхаг гаргана.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Амжилтыг нь үнэл, бусдыг багшид даатга

​СХД: ЭЕШ-д сурагчаа сайн бэлтгэсэн багшийг 5-10 сая төгрөгрөөр урамшуулна​

 0 сэтгэгдэл

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн дүүргийнхээ боловсролын чанарыг дээшлүүлэхийн тулд багш нарт урамшуулал олгох талаар ярьжээ. “ЭЕШ-д сурагчаа сайн бэлтгэж, амжилтаа ахиулсан багш нарт 5-10 сая төгрөгийн урамшуулал өгөхөөр ярилцаж байна. Мөн “Олонлог”, “Сант” сургуулийн удирдлагуудтай уулзан, дүүргийнхээ багш нарыг сургаж, чадавхжуулах талаар төсөл эхлүүлсэн” гэв. Гэхдээ энд дүүргийн даргыг магтаж, тал засах гэсэнгүй. Тэртээ тэргүй боловсролын салбарт асуудал байгаа нь үнэн. Болохгүй байгаа нь бас үнэн. Их, дээд сургуульд элсэх ЭЕШ-ын босго оноог 400 болгох түвшинд очсон нь үнэн. Энэ бүхэн шинээр бий болчихоогүй. Нэг нам, нэг сайд, нэг даргаас болсон ч юм биш. Тийм болохоор буруутан хайж, хүн яллахын оронд гарцаа хайх цаг болсон өнөө үед дүүргийнхээ багш нарт санхүүгийн урамшуулал олгох байдлаар шавийг нь чанартай сургах Ж.Сандагсүрэнгийн санаачилгыг өлгөж авсан нь энэ.

Угаасаа багшийн эрдэм шавиас гэдэг. Тиймдээ ч боловсролын системд багш нар маш чухал үүрэг гүйцэтгэдэг. “Датаком” төвийн захирал Д.Энхбат манай сонинд өгсөн ярилцлагадаа “Боловсролыг өөрчилье гэвэл багшаас л эхлэх хэрэгтэй. Нэг их том систем яриад хэрэггүй. Орчин үеийн шаардлагыг хангасан багш нарт шилдэг цалинг нь өгч яагаад болохгүй гэж” хэмээн ярьж байсан. Тухайлбал, Канадад гэхэд сайн багшид улсаас бүх хангамжийг нь олгож, хаана багшлахаа багш өөрөө шийддэг. Тухайн багшийг дагаж төсөв, сурах бичиг гээд бүх зүйл явдаг тул тухайн орон нутгийн удирдлага ч сайн багшийг татахын тулд сайн нөхцөл амладаг. Энэ мэтчилэн өөрчлөлтүүд боловсролын системд оруулж болно гэж Д.Энхбат хэлсэн юм. Тэгвэл хоёр гурван томоохон аймгийг нэгтгэсэнтэй тэнцэх хэмжээний хүн амтай, хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд олон, тэр хэрээр ажилгүйдэл, ядуурал, гэмт хэргийн гаралт их, эрүүл мэнд, боловсролын байгууллагын хүртээмж дутагдалтай байсаар ирсэн гээд түмэн зовлонтой ч боловсролын чанараа урьтал болгож буй тус дүүргийн удирдлагын санаачилга, тавьж буй нөхцөлийг бусад дүүрэг, аймгууд ч гэсэн багш нартаа амлаж яагаад болохгүй гэж.

Монгол улс сүүлийн жилүүдэд спортын салбарт гаргаж буй амжилт урьд өмнөхтэй харьцуулалтгүй дээшилсэн. Гуравхан сая хүн амтай Монгол улсыг дэлхийн том гүрнүүдийн хэмжээнд эрэмбэлүүлж чадсан хөшүүрэг нь мөнгөн урамшуулал. Өдгөө спортын тавцанд эх орныхоо нэрийг мандуулж байгаа, ирээдүйд олимп, дэлхийн аварга болох үе үеийн тамирчдад төрөөс олгох мөнгөн урамшуулал томоохон түлхэц болдог. Анх 1997 оноос эхэлсэн мөнгөн урамшууллын хэмжээ нэмэгдсээр өнөөдөр олимпоос алтан медаль хүртсэн тамирчин 120 сая төгрөг, мөнгөн медаль 60 сая, хүрэл медаль 30 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор болсон. Гэхдээ энэ шагналын 50 хувь нь тухайн тамирчинг бэлтгэсэн дасгалжуулагчид оногддог юм. Мөн дэлхий, тивийн тэмцээнд ч урамшууллын ийм систем бий бөгөөд тамирчид үүнд урамшиж, спортын гэр бүл талархах болсон. Мэдээж үр дүнд нь Монголын тамирчид тив, дэлхийн олон ч спортын уралдаан тэмцээнд амжилт гарган, эх орныхоо нэрийг сурталчилж байна.

Нэг их том систем яриад хэрэггүй, боловсролыг дэмжье гэвэл багшаас л эхлэх хэрэгтэй

Зөвхөн спорт гэлтгүй урлагийнхан ч мөн гаргасан амжилтаасаа шалтгаалан төрөөс мөнгөн урамшуулал авдаг. Засгийн газар “...Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт тэргүүн байр, нэгдүгээр байр, хоёрдугаар байр, гуравдугаар байрт шалгарсан уран бүтээлчдийг шагнах журам” гэж бий. Тус журамд дуу, хөгжим, бүжиг, циркийн уралдаанд гаргасан амжилтыг нь харгалзан уран бүтээлчийг 16-80 хүртэл сая төгрөгөөр урамшуулдаг. Мөн кино театр, дүрслэх урлаг, номын яармаг, утга зохиолын төрлөөр шалгарсан уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналын хэмжээ ч бий. Баталсан журмаас харвал 24-65 хүртэл сая төгрөгийн нэг удаагийн урамшууллыг уран бүтээлчид авах аж.

Харин одоо оюуны амжилтыг үнэлэх цаг болжээ. Одоогоор олон улсын шинж чанартай олимпиадад амжилт гаргасан багш, сурагчид олгох урамшуулал гэж алга. Энэ төрлийн тэмцээн уралдаанд ихэвчлэн хувийн дунд сургуулийн сурагчид оролцдог бөгөөд энэ нь тухайн сургуулийн чансааг харуулсан томоохон сурталчилгаа болдог. ЭЕШ-ын үзүүлэлтийг харахад аймгуудаас Дорнод, Увс, Өвөрхангайн сурагчид илүү өндөр оноо авчээ. Харин нийслэлд Сүхбаатар, Баянгол, Багануур дүүргийнхэн сурлагаараа тэргүүлсэн аж. Гэхдээ эдгээр дүүрэгт өндөр төлбөртэй хувийн сургууль олон, тэдний төгсөгчид илүү өндөр оноо авдаг. Харин дүүргээр нь дундажлаад үзэхээр нийт оноог нь дээшээ татчихдаг гэж салбарын яамны эх сурвалж хэлж байсан. Энэ бол цэвэр эдийн засгийн хөшүүрэг.

Аливаа зүйл багаас эхэлдэг. Тиймдээ ч дүүргийн Засаг дарга төслийн хэмжээнд эхлүүлж буй багшийг урамшуулж, шавийг нь амжилттай сургах санаачилгыг төрийн ажил болгон дэлгэрүүлье. Цаашлаад тив дэлхийд оюуны амжилт гаргасан багш, сурагчаа ч үнэлье. Боловсролын чанар гэхээр нэг их системийн өөрчлөлт яриад хэрэггүй. Энэ мэт эдийн засгийн хөшүүрэг ашиглавал багш нар цалингаа нэмүүлэх гэж ажил хаялт зарлаж, гудамжинд жагсаал цуглаан хийх шаардлагагүй. Харин шавиа сайн сургахын төлөө чармайж ажиллана. Бусдыг нь цаг хугацаа харуулна. Өөрөөр хэлбэл, өндөр урамшууллын төлөө багш нар аяндаа үрээ тарих хөшүүргийг бий болгомоор байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Томчуудын цуваа, зочны айлчлал нийслэлчүүдийг хохироож, бухимдуулах ёсгүй

​Зам хаах бол долоо хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, нийтэд мэдээлэх учиртай​

 0 сэтгэгдэл


Улаанбаатарын замын хөдөлгөөний тухай бодоход л дотор муухайраад, хөмсөг эрхгүй атираад ирж байгаа биз. Гэрээс ажил хүртэлх гурван километр замд би бүтэн цаг илүү зарцуулдаг юм. Мэдээж машинтай зорчиход тэр шүү дээ. Тиймээс ажлаасаа хоцрохгүйн тулд өглөө тав, зургаан цагт босох хэрэгтэй болдог. Тэгвэл надаас хол амьдардаг нөхдүүд маань болохоор бараг л дуг хийгээд л сэрж ажилдаа гардаг болж таараад байна. Яагаад гэвэл орой гэртээ харих гэж түгжирч бөглөрсөөр шөнө дунд өнгөрсөн хойно нэг юм хүрч очно. Хоол, цайгаа идэж уугаад, ус цасанд орох гэсээр байтал дараа өдрийн нэг, хоёр цаг болчихно. За тэгээд үнэндээ амьдралын ихэнх хугацаагаа Улаанбаатарчууд бид хотын замын түгжрэл дунд өнгөрөөх болоод удлаа. Хэзээ нэгэн цагт энэ зах замбараагүй хөдөлгөөнөөс шалтгаалан үүсдэг замын түгжрэл бөглөрөл арилах байх гэсэн өөдрөг бодол төрдөг ч өдөр бүр оройтож харьж, өглөө бүр ажлаасаа хоцрохдоо өөрөөсөө бус өрөөлөөс болдогт нь бүр уур хүрээд, бухимдал оволзоод байдаг юм.

Өнөө өглөө (өчигдөр) маш олон хүн надтай адил ажлаасаа хоцорч, цалингаасаа суутгуулж, санаа сэтгэл нь тавгүй байгааг сошиалаар дүүрэн постлогдсон гомдол, бухимдлаас олж харлаа. Өчигдөр өглөө энэ олон хүнийг ажлаас нь хоцруулж, асуудалд оруулсан буруутан нь ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу юм байна. Тэрбээр Монгол улсын БХ-ын сайдын урилгаар манай оронд айлчлахаар ирсэн нь мань мэтийг ийн хөлдөө чирчихлээ л дээ. Түүний айлчлалтай холбоотойгоор нийслэлийн өмнө зүгийн замын хөдөлгөөнийг тэр чигт нь 40 минутын турш хаачихав. Үүнээс болж бусад замын ачаалал нэмэгдэж, хот дотор бүхий л чиглэлд уртаас урт түгжрэл үүсчихэж байна. Ер нь энэ ганц сайд биш, Монгол улсад хэн нэгэн гаднын өндөр зэрэглэлийн зочин ирэх болгонд монголчууд ийн “хэлмэгддэг” юм. Яагаад, гэж үү! тэдгээр эрхмүүдийг ирэх болгонд Улаанбаатарын гол замуудыг хамгаалалтад аваад иргэдийнхээ хөдөлгөөнийг хаачихдаг. Ингээд л Монгол улсын төрийн албаны болон хувийн хэвшлийн олон зуун ажилтан, алба хаагчид ажлаасаа хоцорно.

Тэдний дунд яаралтай мэс засал хийхээр төлөвлөсөн эмч, оюутан сурагчиддаа хичээл зааж, лекц унших байсан багш нар, өглөө эрт бизнесийн чухал уулзалтад оролцохоор гадагш нисэх гэж байсан бизнесменүүд, цэцэрлэг, сургуульдаа яарсан охид, хөвгүүд гээд бүгд л бий. Тэд бүхний төлөвлөсөн ажлыг нэг эрхмийн айлчлал нураагаад хаячихлаа. Гэтэл бид зүгээр л нэг байдаг түгжрэл гэж ойлгоод байх шиг. Түгжрэлд орсноор алдаж байгаа энэ цаг хугацаанд хийж амжуулах байсан ямар их зүйлээсээ хагацаж байдгийг тооцоолоод гаргавал санаанд багтамгүй дүн харагдах нь дамжиггүй. Манай төрийн томчууд, сайд дарга нарыг дагаад гадаад улс оронд бишгүйдээ л нэг явж байлаа. Гэтэл тэнд манайх шиг хамаг хөдөлгөөнөө хааж, боож иргэддээ хүндрэл, төвөг удаж байгааг нэг ч удаа болов олж харсангүй ээ. Дахиад л бидний хот төлөвлөлт, авто замын хөдөлгөөний дүрэм журамтай холбоотой асуудал хөндөгдөх болж байна.

Жирийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаах ёстой гэсэн заалт хаана ч алга

Гадаадын зочдын айлчлалаас гадна манай том дарга нарын өглөө, орой албандаа морилох, харих цагаар замын хөдөлгөөнийг өдөр болгон хааж, иргэд тэр болгонд хохирсоор байдаг юм. Харин эрхэм дарга нар маань ард иргэдээ ямар их дарамт, чирэгдэл, бухимдалд оруулан давхин өнгөрч байгаадаа өчүүхэн ч санаа зовдоггүй юм шиг байдаг. Машин дотроо дандаа унтаж явдаггүй л юм бол бүгдийг тэд харж л байгаа шүү дээ. Энэ бүхнийг тэгээд хэзээ зохицуулахыг бүү мэд. Уг нь хот, суурин газрын авто замын хөдөлгөөнийг хэзээ, хэдийд, ямар тохиолдолд хаахыг журамлан заасан “Авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад хязгаарлалт хийх журам” гэж байдаг юм билээ. Уг журмыг зориуд уншаад үзлээ. Гадаадын зочид, төлөөлөгчид ирэхэд зорчих замыг нь чөлөөлж, иргэдийн хөдөлгөөнийг түгжин саатуулж болно гэсэн үг, өгүүлбэр байтугай үсэг ч алга.

Мөн Монгол улсын том дарга нарыг гэрээсээ гарах, гэртээ харихад нь жирийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаах ёстой гэсэн заалт ч бас алга. Харин Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгалийн гамшгийн улмаас авто замын байгууламжид эвдрэл, гэмтэл гарч хаагдах, засвар шинэчлэлт хийх үед авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улс, улс, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг хаах, чиглэлийг өөрчлөх, түр замаар явуулах, авто тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад /цаашид авто замыг хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах гэнэ/ тодорхой хугацаанд хязгаарлалт, зохицуулалт хийх тохиолдолд л энэхүү журмыг мөрдөнө гэсэн байх юм. Хэрвээ тодорхой хугацаагаар зам хаахаар болвол долоо хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж нийтэд мэдээлнэ.

Мэдээлэлд тухайн чиглэлийн замыг хаах, чиглэл хэрхэн өөрчлөгдөх, замд хязгаарлалт хэдий хугацаагаар хийх, энэ хугацаанд иргэд, зорчих хэрэгслүүд ямар замаар хөдөлгөөн үйлдэхийг тов тодорхой заасан байх ёстойг уг журамд мөн тов тодорхой хэн ч ойлгохоор заан оруулжээ. Замын цагдаа нь ч тэр, сайд, дарга нар, ард иргэд нь ч тэр бүгд энэ журмаа мэддэггүй болохоор хэн нэг нь бухимдаж, хэн нэгнээ бухимдуулсаар иржээ. Уул шугамандаа өчигдөр оросын БХ-ын сайд С.К.Шойгуг Монголд ирэхэд жирийн мань мэтийн зорчих замыг хааж, ажлаас хоцруулж саатуулах эрх хэнд ч байдаггүй юм байна. Эрх мэдэлтнүүдийн хэн нь ч тэр ажилдаа ирэх, гэртээ харихдаа зам хаалгуулж иргэдийг хохироох учиргүй юм байна. Үүнээс хойш иргэд мэдтүгэй! дахиад олон олон гаднын зочин ирж буцах болно. Өглөө бүр, үдэш болгон манай “томчууд”- ын цуваа хөвөрнө. Энэ болгонд бид дахин дахин хохирох ёсгүй юм билээ. Монгол улсын хууль, журам хэнд ч ялгаваргүй үйлчлэх учиртай.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Мэргэжлийн байгууллагын ажлыг мэдэгдлээр хийхгүй ээ

​Энэ бол Засгийн газар, нефть импортлогчдын гурав дахь хулхидалт​

 0 сэтгэгдэл


Шатахууны үнэ дахиад нэмэгдчихлээ. 2018 он гарсаар гурав дахь удаагаа нэмэгдэж байгаа нь энэ. Засгийн газар, нефть импорлогчдын гурав дахь хулхидалт. Мэдээж хохирогч нь иргэн бид бүгдээр. Өөрөөр хэлбэл та бид хамтаараа хулхидуулагчид. Өнгөрсөн хавар дөрөвдүгээр сард шатахууны үнэ нэмэгдэхэд Засгийн газраас дахин үнэ нэмэх асуудал гаргуулахгүй, нефть импорлогчдыг давраахгүй гэж амласан. Энэ амлалт шал худлаа байлаа. Ерөөсөө л яг хулгайч, луйварчдын арга барилаар төр, засаг төдийгүй хувь, хувьсгалын хэвшлийнхэн ажиллаж, дадаад сурчихлаа. Зөвхөн шатахууны үнийг нэмэх тохиолдолд бус нийт олонд хохиролтой бүхий л шийдвэрийг нөхдүүд ямагт баяр наадам, амралтын өдрүүдээр гаргадаг болсныг бидний хэлж заншсанаар ёстой нөгөө долоон буудлын долгор эмээ ч андахгүй мэддэг болчихлоо шүү дээ. Тухайлбал, өнгөрсөн долоодугаар сард яг наадмын өмнөх өдөр хоёр дахь удаагаа шатахууны үнийг нэмчихсэн. Хөгийн араншин гаргасан байгаа биз.

Баяр наадмын уур амьсгалд хөөрчихсөн монголчууд төдийлэн анзааралгүй өнгөрсөн. Нефть, шатахууны асуудлыг харъяалсан салбарын сайдаас нь тухайн үед яагаад шатахууны үнийг нэмэхгүй гэж амлачихаад нэмээд буйг нь сонирхсон сэтгүүлчид “Шатахууны үнэтэй холбоотой ямар ч асуултад хариулахгүй” гэж хээв нэг, пээдгэр хариулт өгсөн байдаг юм. Гэсээр байтал энэ сард нефть импорлогчдын зүгээс гурав дахь удаагийн ширвэлтээ ард түмэнд үзүүллээ. Ерөнхий сайд энэ үед “Засгийн газарт шатахууны үнийг зохицуулах чадал алга” гээд хэлчихлээ. Арчаагаа ч алджээ. Монгол улсад яг өнөөдөр нефтийн бүтээгдэхүүний талаар барьж буй бодлого гэж үнэхээр алга. Яагаад гэвэл шатахууны үнийн Зөвлөл, ашигт малтмал, газрын тосны газрынханд энэ асуудлыг мэддэг, хариуцдаг этгээд байдаггүй юм байна гэдгийг бичиж буй сэдвээрээ тодруулга, мэдээлэл авах гэж хөөцөлдөж явахдаа ойлгосон юм.

Өнөөдөр нефтийн бүтээгдэхүүний талаар барьж буй бодлого гэж үнэхээр алга

Би мэдэхгүй, юу ч мэдэхгүй гэсэн нөхдүүд л олон болж. шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газарт ирсэн өргөдөл, гомдол гэж найгүй олон болсон хэдий ч энэ газар аль хэдийн хөшчихсөн шүү дээ. Яг үнэндээ шөхтг нь О.Магнайгаас хойш “амьгүй” болсон байгууллага. Нэг бус удаа сүртэй, дуулиантай мэдэгдэл гаргахаас өөр хийж буй ажил энэ байгууллагад лав алга аа! “Шатахуун импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж, үндэслэлгүйгээр бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн болохыг тогтоолоо”. “Оруулж ирсэн шатахуунаа дахин нэрдэг, химийн бодис хольж чанаргүй бензин түгээдэг хэд хэдэн компанийг олж тогтоолоо”, “Энэ зөрчлөө даруй засахыг тэдэнд үүрэг болгосон” энэ тэр гээд олон нийтийн анхаарлыг онц сонирхолтойгоор татсан мэдэгдлүүд нь юу болоод хоцорсон бэ, үнэхээр үнэн байсан уу! Мэдэгдэл нь үнэн юм бол, үйл ажиллагаа нь үнэхээр хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө юм бол яагаад эрх ашгийг маань хохироогоод байгаа тэр компаниудын нэрийг зарлаж болдоггүй юм бэ? Нэрийг нь зарлахад л энэ бүх хулхи ажиллагаа таслагдах шүү дээ. Ингэж чадахгүй байгаагаас өөр нэгний эрх ашиг хамгаалдаг байгууллага болжээ гэсэн ойлголт хэн бүхэнд төрөх боллоо.

Илрүүлсэн зөрчлөө арилгуулах талаар ямар ч ажил хийдэггүй юм бол анхнаасаа илрүүлэх гэсний хэрэг байв уу. Нэгэн цагт БОЯ-ны сайд явсан эрдэмтэн, судлаач Ц.Адъяасүрэн гуайн гаргасан нэг судалгаатай та бүхнийг танилцаасай гэж хүсэх байна. Эрхэм эрдэмтний судалгаанаас харахад манай шатахуун итпортлогч компаниуд оруулж ирсэн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс аргагүй байдалд ордог бололтой. Бид энэ хэдэн компаниудыг зүхээд байдаг болохоос биш хэрэг дээрээ Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогоос хамаардаг болохыг ойлгохыг хүсдэггүй. 2013-2016 онд шатахууны үнэ огтхон ч нэмэгдэж байгаагүй билээ. Гэтэл сүүлийн хоёр жилд шатахууны үнэ даруй 800 төгрөгөөр нэмэгдчихлээ. Үнэхээр бодлогын зохицуулалт огт байхгүй болжээ. Янз бүрээр өөрсдийгөө өмгөөлөөд л байдаг. Сүүлийн таван жилд дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ харьцангуй буурч байлаа. Гэтэл энэ он жилүүдэд Монгол улсад шатахууны үнэ харин ч эсрэгээр өссөөр ирсэн нь Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүнд ногдуулдаг татвар шат дараалан нэмэгдсэнээс шалтгаалсан явдал байлаа.

Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурах тусам Монголд татвар нь нэмэгдэж байдаг бодлогыг нээрээ хэрхэн тайлбарлавал зохилтойг мань мэт лав мэдэхгүй юм. Тухайлбал, 2013 онд шатахуун оруулж ирэхэд ногдох хилийн татвар нийт өртгийн гурван хувийг эзэлж байсан бол өнөөдөр 34 хувь болсон байна. Монгол улсын дотоодын зах зээлд худалдаалж байгаа түлш, шатахууны жижиглэнгийн үнийг тогтоохдоо уг бүтээгдэхүүнийг оруулж ирсэн импортын үнэ, татвар болон компаниудын бусад зардал, мөнхүү олох ашгаас нь харгалзаж үздэг юм билээ. Өнөөгийн байдлаар Монголд нефтийн бүтээгдэхүүн оруулж ирэх нийт өртгийн 46 хувийг импортын үнэ, 34 хувийг татвар, 15 хувийг үйл ажиллагааны бусад зардал, үлдсэн таван хувийг ашиг эзэлж байдаг юм байна. Эндээс харахад нефть импортлогчид тийм ч таатай байдалд байдаггүй аж. Шатахуун бол Монголын хувьд стратегийн бүтээгдэхүүн. Тиймээс Засгийн бодлого маш зөв, тодорхой байх учиртай. Засгийн ийм бодлогогүйгээс, магадгүй бодлого байдаг бол маш муу учраас монголчууд дэлхий дээр хамгийн үнэтэй, хамгийн чанаргүй шатахуун хэрэглэдэг, хамгийн бухимдалтай улсын нэг болчихоод байна. Засгийн газрын татварын бодлогоос шууд хамааралтайгаар Монголын нефть импортлогч компаниуд хэрэглэгчдээ хулхидах болсон нь харамсалтай.

Хуурамч шатахуун түгээдэг үзэгдэл түгээмэл болж эхэллээ. Оруулж ирсэн шатахуунаа дахин нэрэх, найрлагад нь сольвент хэмээх холимог бодис, мөн керосин хольж хэмжээг нь ихэсгэх гэх мэтээр арга мэх нь нарийссаар. Адилтгаж тайлбарлавал, 500 грамм спиртийг усаар найруулж таван шил архи болгож зардаг байсантай ижил үйлдлийг тэд хийж байна. Дээр дурдсанчлан энэ бүхэнтэй тулж тэмцэх учиртай байгууллагууд таг чиг суусаар л... Хулхи бензин, түлшнээс болж Монголоор нэг эвдэрсэн, утаа баагиулсан машин пиг дүүрлээ. Ингэж бид “Би үхэхээр чи үх” гэсэн хандлагаар хэдий болтол бие биенээ хуурч, хохироож амьдрах юм бол оо! эцсийн эцэст Засгийн газар нефтийн бүтээгдэхүүнд ногдуулсан татвараа уян хатан болгох, эс бөгөөс шатахуун импортлогч компаниуд дотоод борлуулалтын үнээ улам нэмээд байхаас өөр гарц алга. Шатахууны үнийн өсөлтөөс хамаарч бусад хэрэглээний үнэ, өртөг нэмэгдээд талийлаа. Нийгмийн бухимдал улам өтгөрсөөр! “Аливааг араа даадаг чадалтай байж үйлд” гэж хаанаас ч билээ сонссоноо саналаа. Ард түмнийг хулхидсаар буй нөхдүүд бодвол араа баттай даадаг болоод л тэр байх гэж найдъя!

A

Жижиг

A

Дунд

A

Том

Азийн ажиллах хүчний хомсдол ба шийдэлгүй Монгол

Хаяа дэрлэсэн өмнөд хөрштэй цалингаар өрсөлдөх бядтай улс байхгүй болно

 0 сэтгэгдэл


Дэлхийн хөгжлийн луужин болсон Азийн хүн ам хөгширч байна. Маш хурдтай. Хачирхалтай нь тэдний байр суурь хөдөлмөрийн зах зээл дээр нөлөөтэй хэвээр. Тэд улс орны хөгжлийн загвар, технологийн үсрэнгүй хөгжилтэй эн тэнцүү түвшинд дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйг зураглаж буй НҮБ-ын дээвэр дор нэгдсэн мэргэжлийн байгууллага, зах зээлийн шинжээчид онцлох боллоо. Азийн өсөлт, хөгжлийн алтан үеийг цогцлоосон тэдний өдрөөс өдөрт томорч буй хоосон орон зайг нөхөх боловсон хүчний эрэлт ирээдүйд улам нэмэгдэнэ. Нөгөө талаар, тэднийг асарч тойглох эрүүл мэндийн ажилтнууд хамгийн өндөр эрэлттэй байх нь. Өөрөөр хэлбэл, монголчууд дэлхийн хамгийн том гурван эдийн засгийн хоёрт нь ажиллаж, амьдрахад хамгийн таатай үе ирээд буйд баярлахаас аргагүй. Олон нийтийн сүлжээгээр Японд нөхцөл сайтай ажлын байранд, бүр тодорхой хэлбэл, автомашин үйлдвэрлэгч болон технологийн томоохон компаниудад үндсэн ажилтан авна гэсэн зар сүүлийн үед олширлоо.

Мэдээлэл технологийн болон цахилгааны, нарийн мэргэжлийн инженерүүдийг үндсэн ажилтнаар авч, гэр бүлтэй нь ажиллуулна гэсэн зар дадлагажигчийн ажлын байрныхаас олон болж буйг Японд ажиллах хүч зуучилдаг компанийн төлөөлөл онцлов. Үндсэн ажилтан болбол цалин өндөр, нийгмийн хангамж сайн, ажлын байр баталгаатай, оршин суух зөвшөөрөл найдвартай, цаашлаад ирээдүй нь гэрэлтэй гэсэн үг. Энэ бол Япон компаниудын боловсон хүчний төлөөх өрсөлдөөн хот, мужаас хальж бусад улс орон, бүс нутагт ширүүхэн өрнөж буйг харуулж байна. Харин өнгөрсөн 30 жилд тус улсад ур чадвартай дадлагажигч ажилтны нийт ажиллах хүчинд эзлэх хувь 15-37 хувь болж өссөн байх юм. Японы хүний нөөцийн мэргэжилтэн Тошиаки Мацумото “Япон компаниуд ажилчдаа хэзээ, хаана ажиллах тал дээр маш уян хатан болж байна” хэмээн Reuters агентлагт ярьжээ.

Тухайлбал, дөрөвдүгээр сард Toyota компани Токио хот дахь төв оффистоо ажилчдынхаа хаана ажиллах хүсэлтэй байгаа талаарх хариултыг нь 24 цагийн турш хүлээн авсан байна. Ажилчдаа зөвхөн цалин хангамжаар тогтоон барих нь хангалтгүй болж, байршил, ажлын цагийн уян хатан зохицуулалтад анхаарах болсон аж. Тус улсад энэ оны байдлаар нэг ажил горилогчид 1.62 ажлын байр ногдож, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт сүүлийн 44 жилд хамгийн дээд цэгтээ хүрснийг хэвлэлүүд онцолж байна. Цаашдаа ч ажиллах хүчний дутагдал улам тэлэх нь тодорхой байгаа нь өдгөө дэлхий дахинд Японы тухай хамгийн түгээмэл сэдэв болоод буй. Ердөө хоёр жилийн дараа бидний оршин буй Ази, Номхон далайн бүс нутагт ажиллах хүчний дутагдал 12.3 сая, 2030 онд 47 саяд хүрэх тооцоог удирдах түвшний ажилтнуудын оролцоотой хөдөлмөрийн зах зээлийн төлөвийг судалдаг Korn Ferry төв хийжээ. Эрэлт нь нийлүүлэлтээсээ 16 хувиар давснаар цалингийн хэмжээг нэмэх нөхцөл бүрдэх аж.

Чадварлаг боловсон хүчнээ гадаадад олноор нь алдах эрсдэл ойрхон байна

Өөрөөр хэлбэл, 12 жилийн дараа дэлхий даяар 4.2 их наяд ам.долларын цалин хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангахад бэлэн эргэлдэж байх нь. Ажилчдад ийм мөнгө амлах өндөр магадлалтай нь санхүү, бизнес, эрүүл мэндийн салбар. Боловсон хүчний хомсдолоос болж санхүү, бизнесийн салбарт үүсэх алдагдал жилд дунджаар 439.6 тэрбум ам.доллараар хэмжигдэх тооцоо бий. Эдгээр салбарт нийт эрэлтийн 10 орчим хувь эргэлдэх төлөвтэй. Түүнчлэн технологи, медиа, харилцаа холбооны салбарт 4.3 сая ажилтны хомсдол үүснэ гэж тооцоолж байна. Үндсэндээ Хятадаас гадна Япон, Өмнөд Солонгос, Малайз, Сингапур зэрэг улс Азид ажиллах хүчний гол эрэлтийг бий болгох аж. Тухайлбал, Малайзад 2030 он гэхэд ажиллах хүчний дутагдлаас болж бизнест 93.4 сая ам.долларын алдагдал хүлээх төлөв бий. Мөн Сингапурт ур чадвартай ажилтны хомсдол нэг саяд хүрэх бөгөөд энэ нь жилд 106.8 тэрбум ам.долларын орлого олох боломжоо алдах эрсдэл юм.

Одоогоор тул улсад хөдөлмөрийн зах зээлийн хомсдол 61 хувь давж буй аж. Харин эрүүл мэндийн салбарт 2030 он гэхэд эрэлт 18 саяд хүрэх бөгөөд зөвхөн Зүүн өмнөд Азид дөрөвний нэг нь ногдож байна. Үүний дотор Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг Номхон далайн баруун эргийн хүчирхэг эдийн засгуудад 1.4 сая ажилтан дутагдалтай байх нь. Гэхдээ энэ бол хамгийн багаар тооцсон үзүүлэлт. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тооцоогоор 1000 хүн тутамд ногдох эмч, сувилагчийн тоо Хятадад 3.9, Японд найм, Өмнөд Солонгост 7.8 шаардлагатай аж. Хэдийгээр Азид технологийн хөгжлийн ачаар эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байгаа ч ур чадвартай ажилтнуудын нийлүүлэлт хүн амын өсөн нэмэгдэж буй хөгшрөлтийн хурд, төрөлтийн эрчтэй сааралтыг гүйцэхгүй байна. Тиймээс ч эрүүл мэндийн салбарт хүний нөөц татах замаар дээрх тулгамдсан асуудлаа шийдэх бодлого баримталж буйг Forbes онцолсон юм. Ялангуяа, хаяа дэрлэсэн өмнөд хөршийг ирээдүйд цалингаар гүйцэх зах зээл үгүй аж.

Шинжлэх ухаан, технологийн салбартаа Нобелийн шагналтнуудыг мөнгөөр “зодож” татаж буй тус улс 2030 он гэхэд АНУ, Японы дараа хамгийн өндөр цалин хангамжтай улс болно гэдгийг Korn Ferry төвийн бизнесийн удирдах албан тушаалтнуудын санал асуулга харуулж буй аж. ОУВС ч Хятадын хэт давуу байдал болох хямд ажиллах хүчний нийлүүлэлт 2025 он гэхэд үндсэндээ төгсгөл болно. Ингэснээр өдгөө ДНБ-ээсээ илүү хурдацтай өсөж буй цалингийн хэмжээ улам нэмэгдэж, Индонез, Филиппиний түвшнээс өндөр тогтоно гэж дүгнэжээ. Энэ бүхнийг онцолж буй шалтгаан нь хэрэв монгол хүний хөдөлмөрийг бодитоор үнэлж, дутагдах гачигдахын зовлонгүй амьдрах бололцоо олгохгүй бол алсдаа эмчээс эхлээд нарийн мэргэжилтнүүдээ гаднын орнуудад олноор нь алдах эрсдэл ойрхон байна. Яг л өнөөдөр гаднынхан мэдээлэл технологийн инженерүүдийг нөхцөл сайтай ажлын байраар татаж, дотоодын өрсөлдөх чадварыг бууруулж буйтай адил. Азийн ажиллах хүчний их урсгал дунд нэг ч гэсэн монгол хүн амьдрал ахуйгаа өөд татах нь сайшаалтай ч улс орны хэмжээнд харвал дотоодын хөдөлмөрийн зах зээл эзэнгүйдэх, тамирдах тавилан ирэхгүй гэх баталгаа алга.