A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2304/

Хохирол нь тэрбумаар, хариуцлага нь саяар үнэлэгддэгийг өөрчилье

Хувь хүнийг 300 мянгаар, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгодог

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2304/


Бямба гарагт “Богд” ууланд, нямд “Гоодойн ам”-нд харин өчигдөр “шадивлан”-д түймэр гарч, үлэмж хэмжээний газар автаж, өдий төдий үл хөдлөх хөрөнгө үнс болж хувирав. Дараалсан гурван өдөр нийслэлд гарсан энэ тохиолдлууд гал түймрийн аюул хэзээ бол хэзээ гамшиг болж нөмрөхийг бидэнд сануулж буй гэлтэй. Гэхдээ энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйл гэхээсээ илүү хүний хайхрамжгүй, хэнэггүй байдлаас үүдэлтэй үүсч буй нь хамгийнэмгэнэлтэй. Онцгой байдлын ерөнхий газарт сүүлийн 14 хоногийн хугацаанд шар өвс шатааснаас болж гал түймэр гарсан гэх 40 гаруй дуудлага бүртгэгджээ. Энэ нь зөвхөн нийслэлийн хэмжээнд. Татсан тамхи, асаасан гал, үсэрсэн оч бүхэн хэт хуурайгаас үүдэн гамшиг дагуулж, гал түймэр болон дэгдэж байгаа нь зөвхөн Монгол биш бүс нутгийн өмнө тулгарч буй аюул болсныг энд дурдъя.

Тэр тусмаа Зүүн өмнөд Ази хэт хуурайшилтын улмаас хүнд сорилтыг давж байна. Тухайлбал, энэ сард Өмнөд Солонгосын зүүн хойд эргийн нутагт таван хот, мужийг хамарсан гал түймэр дэгдсэн тул үндэсний хэмжээнд гамшгийн нөхцөл байдал үүссэн хэмээн үзжээ. Зүүн хойд эргийн ууланд дэгдсэн түймэрт нэг хүн амиа алдаж, 380 гаруй га газар галд автаж, 300 орчим барилга, орон сууц үнс нурам болсон байна. Энэхүү гал түймрийн цар хүрээг тус улсад урьд өмнө тохиолдож байгаагүй гамшиг хэмээн мэргэжилтнүүд нь тодорхойлжээ. Уг түймрийг унтраахдаа өмнөд Солонгосын бүх мужаас 900 орчим гал унтраах машин, 13000 гал сөнөөгч болон 16500 цэрэг, 32 нисдэг тэрэг дайчилсан юм. Цаашид хуурайшилт нэмэгдсээр байх энэ улиралд манай улсад ч гэсэн ийм зүйл болохыг үгүйсгэх аргагүй.

Мөн манай урд хөрш БНХАУ-ын Шаньси мужид гарсан гал түймрийг дарахын тулд 6000 хүн зүтгэсэн мэдээ ч энэ сарынх. Гал түймэртэй тэмцэх албаныхан 10 нисдэг тэрэг, 28 гал унтраах машин ашиглаж хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Хүний хүч, техникийн дэвшлээр өч төчнөөн хүн зүтгээд ч үлэмж хохирол амссан улс орнуудыг харахад “Манайд ийм түймэр дэгдвэл бид бэлэн үү” гэсэн бодол эрхгүй төрнө. Бүс нутгийн хэмжээнд хур тунадасгүй, хуурайшилт хэт их байгаа нь галын аюул газар авах нөхцөлийг бүрдүүлж байна.

Энэ жил хуурайшилт олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар илүү байх төлөвтэйг УЦУОШГ-аас сануулсан. Тус байгууллага түймэр гарч болох эрсдэлтэй хэсэгт хуурайшилтын зэрэг тодорхойлж байна. “Энэ долоо хоногийн урьдчилсан байдлаар түймэр гарч болох эрсдэлтэй газруудын 80 орчим хувь нь аюултай болон нэн аюултай түвшинд байна” хэмээн УЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал ярьсан юм. Цаг уур, орчны шинжилгээний газраас долоо хоног, сар, улирлаар цаг агаарын урьдчилсан мэдээг гаргадаг. Энэ долоо хоногийн хувьд халуун, хуурай салхи ихтэй байх төлөв гарчээ. Гэхдээ баруун, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орох ч хуурайшилт дарахад хангалтгүй. Тиймээс цаашид хуурайшилт улам нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ хуурайшилттай байлаа гээд гал гарах ёстой гэсэн үг биш. Хамгийн гол шалтгаан нь монголчуудын хэт хэнэггүй, хөшүүн хойрго зантай холбоотой.

Хэн нэгний буруутай үйлдлээс болж гал түймэр гарсан тохиолдолд хариуцлага тооцох хэд хэдэн хуулийн заалт бий. Тухайлбал, “Зөрчлийн тухай хуулиар ойн ногоон бүсэд ил задгай гал асаах, асаасан тамхины ишээ унтраахгүй байх, шар өвс шатаах гэх мэт зөрчил гаргасан тохиолдолд хувь хүнийг ердөө 300 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгодог” хэмээн НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй хэлэв. Тэрбээр торгууль нь бага байдаг болохоор хүмүүс хийсэн зүйлээ ухамсарлахгүй, хариуцлагагүй ханддаг талаар ч бас хэлж байсан юм.

Санаатай ч бай, санамсаргүй ч бай гал алдаж, түймэр гаргасан тохиолдолд та бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болохоор хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Тухайн түймрийн эзэн холбогдогч, шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллага тогтоодог. Цагдаагийн байгууллага хохирлын хэмжээг тогтоож, зохих хууль ёсны хариуцлагыг хүлээлгэж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Тодруулж хэлбэл, цагдаагийн байгууллагаас гаргасан дүгнэлтэд үндэслэж хариуцлага тооцно гэсэн үг. Буруутай нөхдөд ямар хариуцлага тооцдог талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Энэ талаар нэгдсэн мэдээлэл хийнэ” хэмээн хариулт өгөхөөс татгалзав.

Гал түймрийн улмаас өнгөрсөн онд 39.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Хохирол нь хэдэн тэрбумаар, хариуцлага нь хэдхэн саяар үнэлэгдэх хуулийн цоорхой иргэдийг хариуцлагаа ухамсарладаггүй болгосон байна.

ЗГМ: ТОДРУУЛГА

Г.Галбадрах: Түймрийн 90-95 хувь нь хүний болгоомжгүй үйлдлээс гардаг

Гал түймэр их гарах болсон шалтгаан болон урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрахаас тодрууллаа.

-Он гарснаас хойш ой, хээрийн түймэр хэчнээн гарсан бэ?

-Энэ сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 29 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал, Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорнод аймгийн Чулуунхороот суманд гарсан түймрүүдийг цурманд оруулсан бөгөөд Хэнтий аймгийн Дадал, Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан түймрүүдийг унтраахаар ажиллаж байна.

-Иргэдийн буруутай үйлдлээс болж ой, хээрийн түймэр их гарах болсон. Гарч буй түймрийн хэдэн хувийг хүний буруутай үйлдэл эзэлж байна вэ?

-Хуурайшилттай холбоотой гарч буй нийт түймрийн 9095 хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас гарсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Богд уулын Соёмботой уул болон Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Гоодойн ам”нд гарсан түймэр зэрэг нь бүгд  хүний санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас гарсан юм. Шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллага тогтоож байгаа. Одоогоор хуурайшилт ихтэй байгаа учраас байгалиас буюу аянгаас болж гал түймэр гарсан гэсэн мэдээлэл бүртгэгдээгүй байна.

-Иргэд түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Нийслэл хотын иргэд, аж ахуйн нэгж болон байгууллагууд хашаа хороогоо цэвэрлэх зорилгоор өнжмөл өвс бөөгнүүлж, хог хаягдалтайгаа нийлүүлж шатаасны улмаас гал түймэр гарч, их хэмжээний хохирол учрах нөхцөл байдал их давтагдаж байна. Иймд иргэд ил гал гаргах, гагнуур хийх, асаасан гал, үнс нурам, хашаа хороогоо цэвэрлэх үедээ өвсөө шатаалгүй зориулалтын саванд хийж, зориулалтын машинаар тээвэрлэж хогийн цэгт аваачиж асгахыг зөвлөж байна. Мөн бага насны хүүхдээ гэрт нь ганцааранг нь цоожилж үлдээхгүй байхыг анхааруулъя.

A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Гансэлэм: Алтай нутагт өнтэй хавар болж байна

Хөдөөгийн алс суманд иргэд ирж суурьшиж байна

 0 сэтгэгдэл


Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэмтэй ярилцлаа.

-Энэ жил нийт нутгаар гандуу, хуурайшилт ихтэй байна. Говь-Алтай аймгийн хувьд хаваржилт хэр байна вэ. Хөдөөд бол мал өдийд ид төллөж байгаа цаг. Энэ жил танайх хэчнээн тооны шинэ төл мал хүлээн авахаар зэхэж байна вэ. Уул уурхай гэхээс илүүтэй хөдөө аж ахуй давамгайлсан аймаг учраас юуны түрүүнд эндээс ярилцлага эхэлье?

-Манай аймгийн нийт нутгаар сайхан хавар болж байна. Энэ сарын эхээр хоёр удаа орсон хур тунадас хөрсөндөө нэлээд чийг өгч, ард иргэд, малчид сайхан зун болно хэмээн бэлгэшээн ярьж байна. Өнгөрсөн өвөл харьцангуй өнтэй болсон. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт, цаг үеийн ажлын талаар шуурхай мэдээлэл авах штаб байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн оны хагас жилийн мал тооллогоор манай аймаг 4.7 сая толгой мал тоолуулж, оны эцэст 3.5 сая толгой мал өвөлжсөн. Малчид маань нэг сая гаруй толгой мал борлуулж, амьдрал ахуйгаа эндээс сайжруулсан байна. Аймаг дундын отрын бүс нутагт одоогоор 400 гаруй өрхийн 300,000 орчим толгой мал отроор хаваржиж буй. Мал төллөлтийн тухайд аймгийн хэмжээнд 1.5 сая гаруй эх мал төллөхөөс одоогийн байдлаар 50 хувь нь төллөж, төл бойжилт 98 хувьтай байгаа. Малчдын маань амьжиргааг залгуулдаг мал сүрэг тогтвортой өсөж, тэр хэрээр ахуй амьжиргаа нь дээшилж байгааг ярихад таатай байна. Малын тооноос гадна үүлдэр угсааг нь сайжруулах тал дээр аймаг, орон нутгийн зүгээс багагүй ажил хийгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд ноолуурын дундаж үнэ 100-115 мянган төгрөгт хүрч, аймгийн дүнгээр малчид маань 68 тэрбум төгрөгийн ноолуур борлуулсан төдийгүй аймгийн хадгаламжийн хэмжээ 24 тэрбум төгрөг, тээврийн хэрэгслийн тоо 1600-аар нэмэгдсэн.

-Ер нь малын ноос, ноолуур, мах, сүүний гарц яах аргагүй яригдах асуудал мөн л дөө. Аймаг орон нутгаас илүү малчид үүнд өөрсдөө хэр анхаарч, сэтгэл тавьж байгаа вэ?

-Малчид маань өөрсдөө харин ч их ач холбогдол өгч, санаачилга гаргадаг болсон. Аймаг, орон нутгийн зүгээс малчдынхаа санаачилгыг дэмжин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Хөдөө аж ахуйн бирж, Эрдэнэ сумын аймаг дахь Нутгийн зөвлөлтэй хамтран 2018 оны тавдугаар сард Эрдэнэ сумд ноолуурын үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаар зэргэлдээ аймаг сумдын малчид 100 гаруй тонн ноолуурыг 10 аж ахуйн нэгжид өндөр үнээр борлуулж чадсан.

Шилжилт хөдөлгөөн багасч, хүн амын тоо нэмэгдсэн нь хамгийн чухал

-Говь-Алтай аймаг одоо хэчнээн мянган хүнтэй байна вэ. Шилжилт хөдөлгөөн хамгийн их хийгддэг аймгийн нэг шүү дээ. Харин сүүлийн жилүүдэд энэ нь багасах болсон гэх юм. Та тодорхой тоо хэлээч?

-Хандлага бол өөрчлөгдсөн. Статистик тоо хэлье. 2017 онд аймгийн хүн ам 56.7 мянга байсан бол 2018 онд 57.4 мянга болж цөөрсөн. Харин 2019 оны эхний улирлын мэдээгээр 58.282 иргэн байгаа гэсэн судалгаа гарсан. Хөдөөгийн алс суманд иргэд ирж суурьшиж байна. Шилжилт хөдөлгөөн багасаж, хүн амын тоо нэмэгдсэн нь хамгийн чухал. Аймгийн хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлж байгааг бас дурдах хэрэгтэй. Нутаг орны онцлог, уламжлалаа дагаад улсын хэмжээнд гэр бүл салалт хамгийн багатай аймагт тооцогдож байгаа нь яах аргагүй эерэг үзүүлэлт. 2018 онд аймаг, улсын эдийн засгийн өсөлтөөс шууд хамааралтайгаар ажилгүйдлийн түвшин л гэхэд зургаан хувь болж, урьд оноос 2.6 нэгжээр буурсан гээд олон нааштай үзүүлэлтийг энд тоочиж болж байна.

-Говь-Алтай аймгийн удирдлагууд хоорондоо эв түнжин муутай, сандал ширээний төлөө үзэлцэж байна гэх юм. Та нарын уур амьсгал ийм дээрээ тулчихсан уу?

-Говь-Алтай аймгийн МАН доторх хагарал бутрал намайг ажилд томилогдсон цагаас өмнө ч байсан. Одоо ч энэ байдал хэвээр үргэлжилсээр байгааг намын гишүүд, дэмжигчид бүгд мэдэж байгаа. Үүний нэг илрэл нь намын удирдлагууд, тэр дундаа намын дарга, дэд дарга нарын хүрээнд амбийц, фракц хөөж сандал ширээний хойноос хэт их улайрч буй явдал. Намын бодлогын түвшинд ажилладаг хүмүүс намын бага хурлаа ч хуралдуулахгүй дөрвөн жил болж байна. Намын их хурал хуралдаад ч орон нутагт намын ажил урагшлахгүй бахь байдгаараа. Намын бага хурлыг яаралтай хийж, сайн муугаа ярилцмаар байдаг. Гэхдээ ажил явуулахад багагүй хүндрэл гарсаар байгаа хэдий ч аймаг орон нутгийн ажлыг хууль эрх зүйн хүрээнд, багаараа чадамжиндаа тулгуурлан явуулж байгаа. Цаашид ч ажил явдгаараа явна. Миний хувьд ямар нэг эрх ашгийн зөрчил байхгүй, хууль эрх зүйн хүрээнд асуудалд ханддаг. Харин ч тэвчээр гэдгийг өөрийн хариуцлага болгож хандсаар өдий хүрсэн. Өнөөдөр зохион байгуулалттай буруу ташаа мэдээллийг олон нийтэд өгч байгаад үнэхээр харамсч байна. Аймгийн МАН-ын дарга АН-ын төлөөлөгчидтэй үгсэн хуйвалдаж, ИТХ-ын даргаа огцруулж, МАНын бүлэг завсарлага авсан байх үед шөнийн 03.40 цагт АН-ын 17, МАХН-ын хоёр төлөөлөгч дээр МАН-ын хоёр төлөөлөгчийг дагуулан очиж, аймгийн ИТХ-ын даргыг томилсон. Энэ шударга ёс уу. Өнөөдөр манай аймагт үүсээд байгаа нөхцөл байдлыг намынхаа дарга, Монгол Улсын Ерөнхий сайддаа захидлаар уламжилсан.

-Би бас асууя гэж бодож байсан юм. Таныг 3 саяар нугас авсан, бас саяхан аймгийн Тамгын газартаа караоке нээсэн гээд байх юм. Үнэхээр ийм зүйлүүд болсон юм уу, эсвэл хэн нэгний захиалга байв уу. Сонгууль ойртож байгаа болохоор энэ мэт мэдээлэлд итгэхэд бэрх байна л даа?

-Манай аймагт төрийн ажил явагддагаараа явж байгаа. 2018 оны арванхоёрдугаар сард хуралдсан ИТХ-ын хуралдаанаар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн биелэлтийг 89.11 хувь буюу хангалттай гэж 100 хувийн саналаар дүгнүүлсэн. Засаг даргын суудлын төлөөх гүжир гүтгэлэг, дарамт шахалт, улстөржилт хэрээс хэтэрч байгааг цахим орчинд гарч байгаа үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүдээс анзаарсан байх. Шинэ жилээр 3 саяар нугас худалдаж авсан, саяхан Тамгын газартаа караоке ажилуулж байна л гэнэ. Юуны төлөө, ямар хүн ийм зохисгүй мэдээлэл олонд тараагаад байгааг мэдэж байгаа хэдий ч дуугай байсан. Хүний тэвчээрт хязгаар гэж бий учраас тайлбар өгч байна. Одоо ийм зүйл зохион байгуулаад байгаа хүмүүс нь үүнийгээ зогсоох хэрэгтэй. Нугас гэдэг яриа худлаа болох нь тогтоогдсон. Дараа нь аймгийн удирдлагууд авлига авахаа боль гээд Говь- Алтай аймгийн МАНын дарга В.Рэнцэндорж өөрийн цахим хуудсаараа мэдээлэхэд нь мөн л хууль хяналтын байгууллагад хандахад “Би Засаг дарга С.Гансэлэмийг тэгж хэлээгүй, аймагт олон агентлагийн удирдлагууд бий. Тэднийг л хэлсэн уучлаарай” гэхээр нь гомдлоо татан авсан. Одоо холбогдох баримт бичгүүд нь цагдаагийн газарт байж л байдаг байлгүй. Үнэхээр ажил хийхэд энэ мэт худал мэдээлэл багагүй саад учруулах боллоо. Караоке ажиллуулсан зүйл алга аа. Худал мэдээлэл гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг холбогдох хууль хяналтын байгууллагуудад шалгуулж байгаа. “Үндэсний шуудан” сониныг шүүхэд өгсөн, цахим орчинд хуурамч мэдээлэл тавиад байгаа, үүнийг дэмжээд байгаа сайтуудыг цагдаагийн байгууллагад мөн өгсөн.

-Нөхцөл байдал ярвигтай л байгаа юм байна. Сүүлийн үед уул уурхайн лиценз олгосон асуудалд таны нэр холбогдох болсон. Энэ асуудал үнэн үү?

-Ашиглалтын болон хайгуулын лицензийг аймгийн Засаг дарга олгодоггүй. Говь-Алтай аймгийн Засаг дарга миний бие нэг ч компани аж ахуйн нэгж, хоршоо, иргэн, нөхөрлөлд түгээмэл тархацтай болон нөхөн сэргээлтийн газар шийдвэрлээгүй гэдгийг үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

М.Сильвия: Үүргэвчтэй аялагчдыг ад үзэх биш, эко жуулчин гэж хүлээж аваасай

Монгол хүний зочломтгой зан аялагчдад торгон хөнжил л гэсэн үг

 0 сэтгэгдэл


Дэлхий нийтээрээ ногоон эдийн засгийг тунхаглаж, байгальд ээлтэй амьдралыг чухалчлан, түүнд маш их мөнгө зарцуулж байна. Технологийн дэвшлээс зугтан, зэлүүд онгон байгаль руу, эко амьдралын хэвшил рүү эргээд тэмүүлэх боллоо. Ийм хүсэл эрмэлзлэлтэй олон сая жуулчинд Монголын хөдөө, эгэл амьдралыг сурталчилж, нутгийн иргэдэд олон улсын жишигт  нийцсэн аялагчдыг хүлээн авах газар байгуулахад нь туслахыг хүссэн нэгэн хүнтэй уулзуулъя. Сильвия Моралес бол 73 настай Австралиас ирсэн эмэгтэй. Түүний баялаг намтар, зорилго, үйл хэргээс нь цухас өгүүлэхэд л сонины нүүр дүүрэх арвин түүхтэй нэгэн. Испани, Франц зэрэг давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөг улсуудын иргэн, дэлхийн 12 орны паспорттой, Арктикаас бусад бүх тивээр аялсан, хөхний хорт хавдраас амьд үлдсэн Сильвия Хятад дахь хүмүүнлэгийн ажлаа амжилттай хэрэгжүүлсээр Монгол руу “халтирч” оржээ. Одоо түүний өмнө Монголын орон нутгийн иргэдэд аялагчдыг хүлээж авдаг эко кемптэй болоход нь, орчин үеийн ариун цэврийн байгууламжийг зөв зохистой ашиглахад нь, мөн амьжиргаагаа  дээшлүүлэхэд нь туслах шинэ зорилго бий болжээ. Монголын орон нутгийн болон төрийн захиргааны холбогдох албаныхантай уулзаж, төслөө танилцуулан хамтран ажиллахыг хүсэж байгаагаа тэрбээр уламжилсан юм.

М.Сильвия өөрийгөө дэлхийн иргэн гэж тодорхойлсон. Европын улсуудад идэр залуу насаа өнгөрөөсөн ч 1969 онд Австралид ажиллахаар очоод тэндээ суурьшжээ. Хоёр охинтой, охид нь мөн хүмүүнлэгийн ажил хийдэг аж. Тэрбээр нэг жилийн хугацаанд гэртээ тогтвортой суусан удаагүй. Явган аялал бол түүний амьдрал. Өөрийнхөө жингийн талаас илүүтэй тэнцэх хэмжээний үүргэвчээ үүрээд Африк, Ази, Америк, Европоор тивээс тив алгасан аялах нь амьдралыг мэдрэх хамгийн дээд таашаал гэсэн. Улсаас улс дамжихад визний асуудал гол хүндрэл болдгоос биш элдэв халдлага, муу зүйлтэй бараг учраагүй азтай аялагч. Хамгийн хүнд ширүүн нөхцөлтэй нь мэдээж Африк. Энэ тивд улсуудын хоорондын зөрчлөөс үүдэн аялах маршрут өөрчлөгдөж, зорчих суваг нь хаагдсанаас болж усан онгоцоор зургаан долоо хоногийн турш тойрч эх газарт буусан тохиолдол ч бий. Хөгшин Европ хамгийн боловсон, харин Ази бол сонирхолтой нь. Дэлхийн долоон гайхамшгийн нэг Хятадын Цагаан хэрэм орчимд нутагладаг тосгодын иргэдтэй М.Сильвиягийн амьдралын сүүлийн хориод жил холбоотой ажээ. Түүний тухай Бээжингийн “Глобал таймс” болон төвийн хэвлэлүүд бичиж байв.

АЛЬЦГЕЙМЕРЭЭР ӨӨД БОЛСОН НАЙЗЫНХАА ДУРСГАЛД ЗОРИУЛЖ 6000 КМ АЛХАХ ЗОРИЛГО ТАВЬЖЭЭ

1999 онд Хятадын Цагаан хэрмийг үзэж явахдаа танилцсан нэгэн найз нь түүний амьдралыг шинэ түвшинд гаргаж ирсэн гэж хэлж болно. Альцгеймер өвчинтэй тэрхүү найзыгаа асрахын тулд багагүй хугацааг зарцуулж, гэр бүлийн гишүүн шигээ л ханддаг болжээ. Харамсалтай нь өвчин нь улам хүндэрч, түүний төлөө ямар нэг агуу зүйл хийхийг М.Сильвия чин сэтгэлээсээ хүссэн гэнэ. Тиймээс “Чиний төлөө би Цагаан хэрэмийг дагаж 6000 км алхана” гэж амласан аж. Удалгүй найз нь өөд болж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэн алхалтаа эхлүүлэхээр шийджээ.

Цагаан хэрэм бол 8850 км үргэлжилдгээс 6260 км нь хүний гараар бүтээн байгуулсан хэрэм, үлдсэн 359 км нь гуу жалга, 2232 км нь өндөр уул, гол гэх мэт байгалийн бартаа саад байдаг.

Хятадын хот тосгод арван жилийн дотор илбэдүүлсэн мэт хөгжжээ

М.Сильвия 56 настайдаа үүргэвчээ үүрээд Цагаан хэрэмийн баруун талд орших Гансу мужийн Дунханг дүүргээс алхалтаа эхлүүлжээ. Алхах тусам энэхүү агуу гайхамшгийг зуун зууны тэртээд босгож байсан яг тэр үед очсон мэт сэтгэгдэл төрж, өдөр ирэх тусам хүч нэмэн, залуужиж байсан гэж тэр ярив. Түүнчлэн зам зуур тохиолдох байгалийн үзэсгэлэнт газрууд, тэдгээрт суурьших хятад иргэдийн амьдрал үнэхээр сонирхолтой байлаа. Олон тосгон бие засах газаргүй, гэрэл цахилгаангүй, хүмүүс нь түлээ, нүүрс шатааж амьдардаг байв. Зарим тосгонд очиход гадаад хүн огт хараагүй иргэд нь сандарч мэгдэн, гадаа тоглож байсан хүүхдүүдээ шүүрэн авч гэр гэр лүүгээ гүйлдэн, хаалга цонхоо хааж байсан тохиолдол ч бий. Заримдаа эрчүүд нь хашхиран хөөж, чулуу модоор шидсэн удаатай.

Тухайн үед ихэнх тосгон хөгжи л дэвшлээс Цагаан хэрмээр тусгаарлагдаж, иргэд нь ч оюун санаандаа хэрэм босгосон мэт шинэ зүйл хүлээж авах дургүй байв. М.Сильвия тосгоны захирагчтай уулзаж, орон нутгийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах, иргэдэд зориулсан аялал жуулчлалын сургалт зохион байгуулах зэргээр дэлхий даяар аялагч, жуулчдыг татах төслөө эхлүүлжээ. Тив бүрт оршин суудаг, олон салбарт ажилладаг найзууд нь түүнд хөрөнгө оруулалт хийж, холбоо харилцаа тогтоох зэрэгт тусалсаар ирсэн байна. Улмаар Бээжин, Шанхай, Синьян гэх мэт томоохон хотуудтай хамтран ажиллаж, түүний алхаж  өнгөрүүлсэн тосгодын зарим нь одоо аялал жуулчлалын салбар нь Австралиас ч илүү хөгжсөн ажээ. Бээжингийн олимпын өмнө визийн хяналт чангарч М.Сильвия 2008 оны долдугаар сард Хятадаас гарах ёстой болов. Энэ үед тэрбээр 1500 км алхсан байлаа. Хэдэн жил завсарлаж, Европ, Австралид байсан тэрбээр 2012 онд явган аяллаа дахин эхлүүлэв. Харамсалтай нь есдүгээр сард 1670 дахь километрт өвдгөндөө гэмтэл авч, уулын алхалтаа зогсоожээ. Энэ үед тэрбээр 66 насны босгыг даваад байлаа.

МОНГОЛЧУУД ЭКО АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГААРАА ДЭЛХИЙ НИЙТИЙГ ГАЙХШИРУУЛАХ БОЛОМЖТОЙ

Сильвия Моралес Цагаан хэрэм дагуу 6000 км алхах зорилгоо одоо ч орхиогүй. Тэр бүү хэл 2003 онд хөхний хорт хавдартайгаа мэдэж, өвчин нь даамжраагүй үед амжиж хагалгаа хийлгэн, баруун хөхөө тайруулаад эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа ч зорилгоо мартаагүй. Найздаа өгсөн амлалтаа биелүүлнэ гэх бодол л түүнийг энэ аймшигт өвчнийг даван туулж, хөл дээрээ босоход нь тусалсан гэсэн.

Хятадын тосгодын хөгжил алхаж эхлэх үеийнхтэй нь харьцуулвал өнөөдөр илбэдсэн мэт өөрчлөгдсөн аж. Технологийн дэвшил хүчтэй түрж, иргэдийн боловсрол дээшилж, ядуурал үгүй болжээ. Энэ хэрээр олон зууны турш уламжилж ирсэн аж төрөх унаган соёл нь гээгдэж, адал явдал хайгч аялагчдын хувьд байдаг л нэг газрууд болж өөрчлөгдсөөр. Харин тэрбээр Монгол Улсад ирж, хөдөө орон нутгийн иргэдийн амьдралыг хараад онгон байгаль, энгийн натураль амьдралд дахин дурласан аж. Ганцхан ариун цэврийн байгууламжийг шийдээд, өөр юу ч өөрчлөхгүй унаган төрхөөрөө байвал жуулчдыг татах болно гэдгийг орон нутгийн удирлагуудад ойлгуулахыг хичээж байна. Монгол хүний зочломтгой, цайлган зан аялагчдын хувьд торгон хөнжил л гэсэн үг. Харин архины хэрэглээгээ жаахан багасгавал монголчууд эко амьдралын хэв маягаараа дэлхий нийтийг гайхшруулах боломж бий гэж тэр үздэг.

Монголчуудтай харилцсан эхэн үед өдөр бүр л гайхам учрал тохиолддог байж. Нэг удаа газарчин залуу түүнийг ямар ч хамгаалах хэрэгсэлгүйгээр морин дээр 36 км авч явсан нь хүнд даваа байсан гэж онцоллоо. Гэтэл монгол хүүхдүүд хөлд орохоосоо эхэлж морь унадаг нь үнэхээр гайхам, бас айдастай санагджээ. Энэ тухайгаа англи найздаа хэлэхэд “Монголд жуулчдад зориулсан хамгаалах хэрэгсэлтэй морь унах англи соёлыг нэвтрүүлэхэд тусалъя, хамтарч ажиллая” гэдэг санал тавьсан гэнэ.

М.Сильвия Түнхэл дэх хаягдсан цэргийн ангийг түшиглэж, олон улсын хүүхдийн зуслан байгуулах төсөл боловсруулан орон нутгийн удирдлагуудад хандаад байгаа аж. Мөн үүргэвчтэй аялагчдад зориулсан олон нийтийн оролцоотой төв байгуулах бас нэг төсөлтэй. Хэрэв амжилттай хэрэгжвэл нутгийн иргэд байнгын орлоготой болохоос гадна аялагч жуулчдыг татах газар болно. Харин М.Сильвия тэндээс нэг цент ч авахгүй гэдгээ холбогдох албаныханд хэлдэг гэсэн.

Нийслэл Улаанбаатар хотод ч шийдвэрлэх асуудал олон. Баянгол дүүрэгт гудамж талбайн тохижилтод хувь нэмэр оруулах жижиг төслүүдээ хэрэгжүүлэхээр Засаг даргатай нь уулзжээ.  Өөрийн хүрээнд гаднаас хөрөнгө оруулалт татах уг төслийг нь хатагтай С.Одонтуяа дэмжихээ  илэрхийлээд нэгэн хуульч эмэгтэйтэй холбож өгчээ. Харамсалтай нь хүний эрхийн хуульч гэж хүндлэгдсэн тэр бүсгүй төслийн удирдлагын багт 17-хон настай хүүхдээ оруулахыг шаардаж, боломжгүйгээ хэлэхэд “тэгвэл манай найзыг оруул” гэж шахсан гэнэ. Монгол талаас түшиж дэмжих хүнгүй ч дүүргийн удирдлагын санал болгосон хүнээс татгалзахаас өөр  аргагүй болсноо учирлав.

Түүнд Монгол Улсад хэрэгжүүлж, иргэдийнх нь аз жаргалтай амьдралд туслах юмсан гэсэн олон санаа бий. Тэрбээр гаднын иргэдийг үүргэвчтэй аялагч гэж ад үзэхээс илүүтэй байгаль дэлхийгээ хайрласан эко жуулчид гэж хүлээж авах нь зүйтэй гэдгийг онцолсон. Дэлхий нийтээр тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа энэ цаг мөчид түүний эко туризмын төслүүдийг дэмжиж, хамтран ажиллаасай гэж холбогдох албаныханд уламжилъя.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Одонтой ээжүүд ба 218 мянган сонгогч

Жилд ганц удаа 100 эсвэл 200 мянган төгрөг олгосноор хүн ам өсөхгүй

 0 сэтгэгдэл


2020 оны сонгуульд бодлого биш бичлэг ялна гэж өдөр тутмын сонин саяхны дугаартаа нийтэлсэн. Яг л тэр болж байна. Хүний хэлсэн үгийг дундаас нь тасалж аваад, өөр утга санаагаар нийгэмд ойлгуулах технологи Монголын улс төрд амжилттай нутагшлаа. Хэлж байгаа үг нь тухайн хүнийх гарцаагүй мөн боловч хэлэх гэсэн санаа нь тас эсрэгээрээ нийтэд тардаг нь бичлэгийн гайхамшиг. Бодит бичлэгийг нь бүрэн эхээр гаргаад ч эвлүүлсэн, тасалсан шиг газар авч чаддаггүйн баталгаа саяхны өдрүүдэд тохиолдож, одонтой ээжүүдийн тэтгэмжээр хөврөв. “Үнэн гутлаа өмсөж байхад худал уул даваад явчихсан байдаг” гэж энэ.

Эвлүүлсэн бичлэгийн “ид шид”-ийг улстөрчид өөрсдөө сайн мэдэх учраас ХНХЯ-ны дарга сандран дахин мэдээлэл хийж, хэлсэн үгээ тайлбарлав.

Тэрбээр өмнөх өдөр нь “Монголд байгаа 218 мянган одонтой ээжид тэтгэмж олгоход жилд 30 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ нь нийгмийн халамжийн 7.2 хувь бөгөөд бусад халамжтай харьцуулахад төсөвт дарамт учруулдаг” хэмээсэн. Гэхдээ нийгмийн халамжид чиглэсэн арга хэмжээ, хүн амын өсөлтийн бодлого хоёрыг тусад нь ялгаж, тэтгэмж олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр судалж буйгаа тайлбарласан нь энэ байв. Харин энэ санаагаар бус, олон хүүхэд төрүүлсэн эхчүүд төрд дарамт болж байна гэсэн утгаар нийгэмд тарчихсан юм.

Мэдээж одонтой ээжүүдэд олгодог тэтгэмжийн мөнгө төсөвт дарамт болдог гэх нь улстөрчийн хувьд амиа хорлосноос ялгаагүй үйлдэл. Төрийн өндөр албан тушаалд намын томилгоогоор очсон хүний хувьд ийм үг хэлснээрээ зөвхөн салбарын сайдаа төдийгүй эрх баригч засгийг эрсдэлд оруулчихав. 218000 одонтой ээж гэдэг 218000 сонгогч гэсэн үг. Тодруулбал, сонгуулийн насны эмэгтэйчүүдийн 18 хувийг одонтой ээжүүд эзэлж байна. ҮСХ-ны өчигдрийн мэдээллээр 18-аас дээш насны эмэгтэйчүүдийн тоо 1092443 байна. Жил бүр одонтой ээжийн тоо 4-5 мянгаар нэмэгддэг бол 2020 оны сонгууль хүртэл дээрх хувь тодорхой хэмжээгээр өснө гэсэн үг.

Тиймээс яарч сандраан залруулах нь ойлгомжтой. Тэгэхдээ одонгийн мөнгийг хасах тухай хэлээгүй, харин ч хүүхдийнх нь тооноос хамаарч нэмэх талаар ярьсан хэмээн учирласан.

Хүн амаа өсгөх бодлого бэлэн мөнгөний “угж” болж хувирчээ

Гэвч бас л буруудав. Энэ бол Монголын төр халамжийнх, сонгуулийн санал мөнгөнийх гэдгийн нотолгоо.

“Одоо зургаан хүүхэдтэй ээж ч тэр, 10 хүүхэдтэй ээж ч тэр ижилхэн 200 мянган төгрөг авдаг. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж, хүүхдийн тооноос нь хамаараад олгох мөнгөн дүн нь ялгаатай байвал ямар вэ гэсэн санал гаргаж байгаа. Жишээлбэл, зургаан хүүхэдтэй ээж 200 мянган төгрөг авах бол, долоон хүүхэдтэй ээжид 230 мянган төгрөг олгоно гэх мэт. Олон хүүхэдтэй ээжүүдэд мөнгө олгох нь хүн амаа өсгөх бодлогын хэсэг бөгөөд төрөлтийг дэмжих нэг боломж” гэхийг сонслоо.

Гэвч манай улсын хүн амаа өсгөх ийм бодлого байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцордгийг “Дэлхийн хүн амын байдал-2018” тайланд илтгэсэн юм. Төрөлт саарсан, хүн амаа ихэсгэхээр хичээж буй улс орнуудад гэр бүл төвтэй бодлого хэрэгжүүлэх нь нэн чухлыг уг тайланд онцолжээ. Үүнээс манай улсад хамгийн их хамаатай нь ажлын цагийн хуваарийг цэцэрлэг, сургуулийнхтай уялдуулж, гэр бүлүүдийг үр хүүхдээ эдийн засгийн дарамт шахалтгүйгээр өсгөх боломж бололцоогоор хангах явдал аж. Маш энгийнээр хэлбэл, эцэг эхэд нь ажил хийх боломж олгож, цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, цагийн хуваарийг уян хатан болгосон цагт хөгжингүй Монгол Улсыг бүтээх өнөр өтгөн гэр бүлүүд бий болох учиртай. Харамсалтай нь хүн амаа өсгөх төрийн бодлого бэлэн мөнгөний “угж” болж хувирчихаад байгааг манай сонин өмнө нь ч хөндөн бичиж байсан юм.

Тухайлбал, 2016 онд 79,920 хүүхэд төрсөн. Гэвч өнөө жил хоёр нас хүрсэн тэдний 32 мянга нь цэцэрлэггүй үлдсэн. Харин 2012 онд мэндэлсэн 73 орчим мянган хүүхдийг өнгөрсөн намар нэгдүгээр ангид авахын тулд 38 дугаар сургууль гэхэд л 15 бүлэг, 79 дүгээр сургууль найман бүлэг нээж, гурван ээлжээр хичээллэж байна.

• Одонтой ээжүүдэд олгодог тэтгэмжийн мөнгө төсөвт дарамт болдог гэж хэлэх нь улстөрчийн хувьд амиа хорлосноос ялгаагүй үйлдэл. 

• Одонтой ээжүүд сонгуулийн насны эмэгтэйчүүдийн 18 хувийг эзэлж байна. 

• Манай улсын хүн амаа өсгөх ийм бодлого байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцордгийг “Дэлхийн хүн амын байдал-2018” тайланд илтгэсэн байна.

Өнгөрсөн жил улсын хэмжээнд 20 сургууль гурван ээлжээр хичээллэж байсан бол энэ жил 38 болж нэмэгдсэн.

Гэтэл манай улс хүн амаа нэмэгдүүлэх бодлогоо хавтгай “хэлбэртэй” халамжаар биелүүлнэ гэж эндүүрсээр буй.

Дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй ээжид жилд ганц удаа 100 эсвэл 200 мянган төгрөг олгосноор хүн ам өсөхгүй л дээ. Үнэндээ энэ мөнгө хүүхдийнх нь нэг сарын памперсны хэрэгцээг ч хангахгүй. 10 хүүхэд гаргасны төлөө 320 мянган төгрөг өгөөд ч ялгаагүй гэдгийг эртхэн ойлгоосой.

Харин эрэгтэй, эмэгтэй хүмүүст ажил хөдөлмөр эрхлэх ялгаваргүй орчин бий болгож, эмэгтэйчүүдэд хэзээ жирэмсэлж, ямар зайтай, хэдэн хүүхэд гаргах сонголт хийх эрх нь нээлттэй, эдийн засгийн барьергүй, залуучууд нь гэр бүл төлөвлөлтийн ойлголт мэдлэгтэй, хот сууринд хүн амьдрах наад захын эрхүүдийг хангах зэрэг олон хүчин зүйлийг зэрэг бүрдүүлж байж хүн амаа амжилттай өсгөдгийг бусад улсын жишээ харуулж байна. Тухайлбал, Азийн олон оронд гэр бүлд чиглэсэн бодлогын ачаар төрөлт нэмэгдэж, 1970-1980 оны эдийн засаг, хөгжлийн их үсрэлт бий болсон гэж дүгнэдэг юм шүү.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гамшиг, гамшиг гэдэг хэрнээ хоргодох байраа ч бэлдээгүй байна

Социализмын үеийн хоргодох байруудыг агуулахын зориулалтаар ашигладаг

 0 сэтгэгдэл


Энэ сарын 25-нд улс орон даяар гамшгийн эсрэг сургуулилт нэгэн зэрэг болно. Нэгэнт гай гамшиг хэлж биш, хийсч ирдэг болохоор бид үүнд бэлтгэлтэй байх нь чухал. Тиймдээ ч төр засгийн түвшинд бодлогоор дэмжиж, гар бие оролцож буй. Ядаж л газар хөдлөлтийн гамшиг тохиолдлоо гэхэд орон байрнаасаа хэрхэн гарах, хаана цугларах, аюулгүй байдлаа яаж хамгаалах гээд сурч, мэдсэн байх шаардлагатай зүйл их. Харин гамшиг тохиолдвол иргэд хаана очиж хоргодохоо хэр мэддэг бол. Ер нь болзошгүй гамшгийн үед ашиглах хоргодох байр гээч зүйл Монголд байна уу гэдгийг сонирхож үзлээ.

СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН ХОРГОДОХ БАЙРУУД ОДОО БИЙ ЮУ

Өмнөх нийгмийн үед манай улс гэнэтийн дайралт болон осол сүйрлээс тун ч их болгоомжилж, бэлэн байдлаа дээд зэргээр хангадаг байв.  Хүйтэн дайн дэлхий ертөнцийг хоёр туйлд хувааж, цөмийн зэвсгийн аюул нүүрлэх эрсдэл байсан болохоор газар доорх хоргодох байруудыг бэлддэг байсан гэдэг. “Бидний үеийнхний ихэнх нь хоргодох байруудыг мэддэг байлаа. Бүр заримыг нь аваачиж оруулж үзүүлдэг байсан. газар доор нүх ухаад гаргасан сүртэй байгууламж байсан гэж ярьдаг. Ямар ч байсан гамшиг тохиолдоход энд ирж хоргодох юм байна гэдгээ бид мэддэг байсан. Харин одоо ямар байдгийг сайн мэдэхгүй юм” хэмээн 55 настай Г.Бат-Очир ярив.

Тухайн үед манай улс газар доорх хоргодох байр арваадыг барьсан гэдэг. Зарим нь ДЦС-3, ДЦС-4, “Сүү” ХК, “Мах импекс” компанийн хашаанд байжээ.  Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш эдгээр хоргодох байрыг арчлахтай манатай болсон тул тэр чигт нь орхисон гэдэг. Одоо зарим нь эдгээр компанийн агуулахын зориулалтаар ашиглагддаг болохыг учир мэдэх хүмүүс хэлж байв. Харин бусад нь мартагдаж, шороонд булагдаад өнгөрсөн бололтой.

Сүхбаатарын талбайн доор байдаг хоргодох байрыг одоо хүртэл ашигладаг гэх ам дамжсан яриа бий. Энэ нүхэн хонгил урагш мушгиралдан явсаар их тэнгэрийн аманд хүрдэг гэх нь ч бий. Гэнэтийн гамшиг тохиовол төр засгийн удирдлагуудыг аюулгүй газарт эсэн мэнд хүргэх зорилгоор одоо хүртэл ашигласаар байгаа аж. Гэхдээ энэ талаарх мэдээллийг албаныхан ихэд нууцалдаг юм билээ.

22 БАЙГУУЛАМЖИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР СОНГОЖЭЭ

Япон тэргүүтэй олон орон газар хөдлөлт зэрэг гэнэтийн гамшиг тохиовол дунд сургуулийн биеийн тамирын заалыг хоргодох байр болгон ашигладаг. Манай улс бас энэ талаар ярьж эхэлснээс хойш хэдэн жил өнгөрсөн ч одоогоор албан ёсны шийдвэр гарч, ашиглаад эхэлсэн нь алга. Гэхдээ өнгөрсөн жил онцгой байдлын албаныхан нийслэлийн удирдлагуудтай хамтраад барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргаж, паспортжуулах үйл ажиллагааг зохион байгуулсан.

218 сургуульд газар хөдлөлтийн үнэлгээ хийгдээгүй байна

Одоогоор нийслэлийн хэмжээнд буй 240 сургуулийн ердөө 22-т нь үнэлгээ хийж, паспортжуулаад байгаа аж. Өөрөөр хэлбэл, эдгээр 22 байгууламжийг хоргодох байрны зориулалтаар ашиглахаар урьдчилсан байдлаар сонгожээ.  Харин үлдсэн 218 сургуулийн тухайд паспортжуулах шаардлагатай буюу газар хөдлөлтөд хэр тэсвэртэй талаарх үнэлгээ хийгдээгүй байгаа юм. Төдий тооны сургууль газар хөдлөлтөд хэр тэсвэртэй нь тодорхойгүй байна гэсэн үг.

“Хоргодох байрны зориулалтаар ашиглаж болох барилгуудыг урьдчилсан байдлаар сонгож, нийслэлийн барилгын чанарын хэлтсээр үнэлүүлсэн. Ашиглаж болох талаар эцсийн шийдвэр  гараагүй байна. Манай байгууллагын зүгээс болно гэж үзээд саналаа оруулбал нийслэлийн удирдлагууд шийдэх учиртай. Гэхдээ үүнээс өмнө хийх ажил их байна. Ядаж л түр байрны стандартаа батлуулах ёстой. Одоохондоо бол санаа төдий л байгаа гэж ойлгож болно” хэмээн ОБЕГ-ын дэд бүтэц, газар хөдлөлт хариуцсан мэргэжилтэн, хошууч Б.Хишигбаатар тайлбарлав. Эдгээр газрыг хоргодох байраар ашиглах эцсийн шийдвэр гарвал газар хөдлөлтөд илүү тэсвэртэй болгон хүчитгэхээс гадна гамшгийн үед зайлшгүй шаардлагатай дулаан хувцас, хэрэглэл материал, хоол хүнсээр хангах юм байна. Гэхдээ албаны хүний хэлсэнчлэн бодит ажил болоход хол байгаа аж.

ХҮН АМЫН 85 ХУВЬ НЬ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД АМЬДАРЧ БАЙНА

Манай орон газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. 1905 онд Булнайн нурууны газар хөдлөлтөөр 350 км газарт том хагарал үүссэн бөгөөд энэ нь өдгөө ч бүрэн эдгэрээгүй гэдэг. Хамгийн сүүлд 1957 онд Баянхонгор аймгийн нутагт 12 баллын хүчтэй газар хөдлөлт болоход 800 км урт ангал тогтсон байдаг. Тухайн үед хүн ам тархай бутархай суурьшдаг байсан болохоор айхтар хохирол амсалгүй өнгөрсөн юм.

Тэгвэл өдгөө нийт хүн амын 85 хувь нь газар хөдлөлийн идэвхтэй бүсэд амьдарч байгаа талаар мэргэжлийн байгууллагаас анхааруулж байв. Тухайлбал, манай орны нийт газар нутгийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 19.6 хувь нь ес болон түүнээс дээш баллын ангилалд хамрагдаж байгаа аж.

Хамгийн сүүлд Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод газар хөдлөлийн шинэ хагарал үүссэнийг тогтоогоод буй. Хагарлын эхний цэг нь хотын баруун зах дахь улаанчулуутын хогийн цэг бол нөгөө цэг нь “Скай ресорт” цанын баазын ойролцоо очиж буй. Энэ хоёрын хооронд шугам татаад үзэхээр нийслэл хотын төв цэг буюу Сүхбаатарын талбайгаар дайрч байгаа юм. 

“Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотыг тойроод нийт долоон идэвхтэй хагарал байна. Тодруулбал, Хустайн, Эмээлт, Шархай, Авдар уул, Гүнжийн болон Багануурын хагарал. Судалгааны үр дүнгээр улаанбаатар хотыг тайван бус, газар хөдлөлтийн идэвхтэй нутаг гэж үзсэн. 2005 оноос эхлээд Улаанбаатарт болж байгаа газар хөдлөлт огцом өссөн. Жилдээ 100 гаруй удаа газар хөдөлдөг байсан бол зарим жилд 2800 хүрсэн. Хүнд мэдрэгдэх хэмжээний газар хөдлөлт 4-5 удаа боллоо. Жишээлбэл, 2015 онд болсон гүнжийн газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгдсэн” хэмээн ШУА-ийн одон орон геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөл судлах салбарын эрхлэгч М.Өлзийбат манай сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлж байв.

Үүнийг бичихдээ мууг зөгнөж, олон нийтийг айдаст автуулахыг хүссэнгүй. Харин газар хөдлөлтийн гамшиг хэзээ ч нөмөрч болзошгүй гэсэн албаны хүмүүсийн үгийн дахин сануулж, бид болзошгүй аюулд бэлэн үү гэсэн улигт сэдвийг дахин хөндөхийг зорьсон юм. Үнэнийг хэлэхэд монголчууд бид болзошгүй аюулын үеэр авах арга хэмжээний талаар тун ч нимгэн мэдлэгтэй улс. Нийслэлийн удирдлагуудын хувьд болзошгүй гамшгийн үеэр ашиглах түр хоргодох байруудыг байгуулна гэж үйл ажиллагааны чиглэлдээ тусгасан ч өнөө хэр бодит ажил болгож амжаагүй л явна.

Гэтэл стандарт гээч зүйлийг мөрдөхөө больсон өнөө үед шинээр баригдаж буй барилгуудын хэдэн хувь нь газар хөдлөлтөд тэсвэртэй бол. Гай гамшиг тохиолоо гэхэд ямар арга хэмжээ авч, хаана очиж хоргодохоо энгийн иргэд мэдэж байна уу гээд асуудал их. Тиймээс мууг зөгнөлөө гэж ундууцахын оронд онцгой байдлын албанаас зааж буй сургалтуудад идэвхтэй хамрагдаж, анхан шатны мэдлэгтэй болох нь чухал байна. Нөгөөтэйгүүр шийдвэр гаргах түвшний хүмүүс нь хариуцсан ажлаа шуурхайлж, түр хоргодох байруудаа бэлэн болгож, олон нийтэд нээлттэй зарлах нь чухал. Гай гамшиг хэдийд ч нөмрөөд ирж магадгүй мэргэжлийн хүмүүсийн үгийг эцэст нь дахин нэг сануулъя.