A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/582/

Хувьцааны арилжаа тэтгэврийнхэнд нэмэлт орлогын үүд болдог

​Компаниуд 2017 онд 69.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/582/


Хувь, “хувьсгал”-ын компаниудын өмч хувьчлалын буухиа энэ онд улам өргөн хүрээг хамрахаар байна. Компаниудын IPO ар араасаа цуварч буй энэ үеийг өмч хувьчлалын хоёр дахь том давалгаа хэмээн зарим судлаач нэрлэж буй. Одоогоор Монголын хөрөнгийн биржид 300 гаруй компани бүртгэлтэй байгаагаас 250 нь өдөр тутмын арилжаанд оролцож байна. Сүүлийн хоёр жилд Монголын хөрөнгийн бирж алдагдлаас ангижирч, ашиг, орлогоороо түүхэн амжилт тогтоосон бол компаниудын ногдол ашиг хуваарилах хэмжээ ч өссөн. Хэдийгээр ногдол ашиг тараадаг компанийн тоо төдийлэн нэмэгдээгүй ч мөнгөн дүн нь нэлээд ахижээ. Хувьцаат компаниуд 2015 онд нийт 7.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан бол 2017 онд энэ хэмжээ 69.5 тэрбумд хүрсэн. Эдийн засгийн өсөлт, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дагаад цаашид ч нэмэгдэхээр байгаа. Гэвч манай хөрөнгийн зах зээлийн багтаамж хэр вэ. Монголчуудын хэдэн хувь нь энэ зах зээлээс өгөөж хүртэж чаддаг вэ. Монголд хөрөнгийн зах зээл нийт санхүүгийн зах зээлийн дөнгөж хоёр гаруй хувийг эзэлдэг. Харин АНУ-д энэ хэмжээ 25 хувиас буудаггүй. Монголд энэ салбарын талаарх анхан шатны мэдлэгтэй, арилжаанд оролцдог хүн хамгийн ихдээ 6000 байдаг гэсэн албан бус тоо бий. Энэ нь хүн амын 0.19 хувийг эзэлж байна. Үүнийг АНУ-ын иргэдийн 50 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр хувьцаа эзэмшдэгтэй харьцуулбал асар бага тоо. Гэхдээ эерэг талаас нь харвал, хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо бага байх тусам шинээр сонирхож буй иргэдэд илүү давуу талтай. Энэ зах зээлд цаашид өсөн тэлэх орон зай их байна гэсэн үг.


Япон гэрийн эзэгтэй нар жижиглэнгийн зах зээлийн 25 хувийг эзэлдэг


Тийм ч учраас эдийн засагчид хөрөнгө оруулах санаа толгойд чинь багтаж байвал одооноос судалж эхлэхийг зөвлөж байна. Мэдээж, хувьцаа авах нь банкны хадгаламжаас илүү эрсдэлтэй. Гэхдээ өгөөж нь өндөр. АНУ-д хөрөнгийн зах зээлд оролцогчдын дунд тэтгэврийн насныхан олон бий. Залуучууд ч тэтгэвэрт гарсныхаа дараа өгөөжийг нь хүртэх зорилгоор хувьцаа авах нь түгээмэл. Харин Японд гэрийн эзэгтэй нар байнгын ажил хийх боломжгүй тул гэрээсээ хөрөнгийн зах зээлд арилжаа хийдэг эмэгэйчүүд хэдэн зуун мянгаараа бий болсон. “Кимонотой арилжаачид” ялангуяа валютын форекс, своп, форвард арилжааны жижиглэнгийн зах зээлийн 25 хувийг дангаараа эзэлдэг. Хөрөнгийн зах зээлийн оролцогч болоход заавал их мөнгөтэй байх шаардлагагүй. Харин ч бага мөнгөөр арилжаанд оролцож, туршлага хуримтлуулах нь чухал. Мөн нарийн шинжилгээ хийдэг, мэргэжлийн хүн байх ч албагүй. АНУ-д гэхэд хувьцаа арилждаг хүмүүсийн дөнгөж зургаан хувь нь мэргэжлийнхэн байдаг аж. Монголын хөрөнгийн биржийн арилжаанд тун идэвхтэй оролцдог нэгэн буурай бий. Түүнийг хөрөнгийн биржийнхэн анддаггүй.


Өдгөө 73 настай А.Чулуун гуай шил, лааз түүж цуглуулсан болон тэтгэврийн мөнгөө хадгалж, үүгээрээ хувьцаа худалдаж авдаг. 1990 оноос хойш хөрөнгийн биржийн арилжаанд оролцсон тэрбээр одоо 60 гаруй компанийн хувьцаа эзэмшигч болжээ. Энэ мэтээр хөрөнгийн зах зээлд мэдлэгтэйгээр оролцож чадвал хэнд ч боломж өргөн байдаг. Энэ онд “Таван Толгой” ХК хөрөнгийн зах зээлд компаниудын тараасан нийт ногдол ашгийн 83 хувийг эзэлсэн. Тус компанийн нэг ажилтан хувьцааныхаа ногдол ашигт 600 сая төгрөг авсан жишээ ч байна. Компаниудын хувьд ч хувьцаагаа нээлттэй арилждаг байх нь ашигтай. Тухайлбал “Монгол базальт” компанийн хувьцаа гаргасан нэг зорилго нь гаднын харилцагчдадаа танигдах бас таалагдах. Гаднын хөрөнгө оруулагчид нээлтэй, хувьцаат компанид илүү найдвар тавьдаг. Учир нь ийм компанийн засаглал, хяналт сайжирч, мэдээлэл нь ил тод болдог. Гэр бүлийн маргаанаас болж бизнес нь сүйрэх эрсдэл ч багасна. Компанийн захирал хөрөнгөө дур зоргоороо захиран зарцуулах эрх нь ч үүгээр хумигддаг билээ. Ажилчид нь компанийнхаа бага ч гэсэн хувьцааг эзэмшдэг бол ажлын цаг нь илүү үр бүтээлтэй байдаг гэсэн судалгаа бий. Мөн худалдан авалт хийхдээ өөрийн хувьцаа эзэмшдэг компанийн бүтээгдэхүүнийг илүүд үздэг гээд жижиг атлаа компанид ашигтай нүдэнд үл үзэгдэх үр дүн олныг дурдаж болно. Тиймээс танд хөрөнгийн зах зээлд орох ямар боломж байгааг эргэцүүлээд нэг үзээрэй. Хуучны ягаан, цэнхэр тасалбартай бол арилжаанд оролцоход том хөшүүрэг болно. Сүүлийн үед банкууд хувьцааны хүүтэй уясан хадгаламжийн шинэ төрлийг ч санал болгодог болсон. Өмч хувьчлалын хоёр дахь давалгаа эхлэхэд та бэлэн үү.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өрсөлдөх чадварыг нэмэх ложистикийн төвтэй болно

Замын-Үүд дэх ложистикийн төв ашиглалтад орсноор тээврийн зардал эрс буурна

 0 сэтгэгдэл


Европ-Азийг холбосон хамгийн хямд өртөгтэй, хамгийн дөт ачаа тээврийн замтай болох том амбиц манай улсад бий. Монгол Улс газар зүйн байрлалын хувьд хоёр тивийг холбох хамгийн ойр зам болдог. ОХУ-ыг БНХАУ-тай холбодог манай төмөр замын урт 1110 км бөгөөд энэ нь Казахстаны коридороос 513 км, Манжуурынхаас 748 км-ээр богино. Гэвч бид газар зүйн байрлалын энэ давуу талаа бүрэн ашиглаж чаддаггүй. Бусад орны Европ-Азийг холбосон коридоруудтай харьцуулахад өртөг өндөр, өргөн болон нарийн царигийн зөрүүнээс болж хугацаа их алддаг. Хятадын нарийн царигтай замаар ирсэн ачааг вагоноос буулгаж өргөн царигтай зам дээрх вагонд эсвэл автомашинд ачихад багагүй хүлээлт, чирэгдэл үүсдэг байдал олон жил үргэлжиллээ. Мөн бичиг баримт бүрдүүлэлт удаан, ачаа шилжүүлэн зөөх терминал нь ачааллаа дийлдэггүй зэрэг олон шалтгааны улмаас тив хоорондын ачаа тээврийн урсгалын тун бага хэсгийг манай улс татаж байна. Харин эдгээр бэрхшээлийн олонхыг нь нэгэн зэрэг шийдэж, Монголын эдийн засгийн коридорын өрсөлдөх чадварыг нэлээн хэдэн шат урагш ахиулах бүтээн байгуулалт Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өрнөж буйтай танилцлаа.

ХУГАЦАА, ЗАРДАЛ ХЭМНЭСЭН ШИНЭ ШИЙДЭЛ

БНХАУ-ын Эрээн хоттой хиллэдэг Замын-Үүд суманд 71.6 сая ам.долларын өртөг бүхий ложистикийн цогцолбор төв “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд тун удахгүй ашиглалтад орохоор зэхэж байна. Уг төслийг Азийн хөгжлийн банкны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, таван сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн. Харин улсын төсвөөс үлдсэн 26.6 сая ам.долларыг нь гаргажээ. Ийнхүү өндөр өртөгтэй ложистикийн төв барих болсон нь дээр дурдсан бэрхшээлүүдийг арилгаж, улс хоорондын ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилготой. БНХАУ, Монгол Улс хоорондын гадаад худалдаа өнгөрсөн онд 6.5 тэрбум ам.доллараар хэмжигдсэн. Харин 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэхээр Засгийн газрууд зорьж буй. Ер нь манай улсын хилээр орж, гарах ачаа тээврийн урсгал хоёр жилийн дараа гэхэд 90 хувиар өсөх тооцоо гарсан. Тиймээс ачааг түргэн шуурхай зөөж, шилжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Замын-Үүд сумаас зургаан км зайд улбар шар өнгийн хоёр том багана харагдана. Энэ бол ложистикийн төвийн 50 метр урттай бараа зөөх кран буюу өргүүр. Уг өргүүр алслагдмал сумын хамгийн өндөр байгууламж нь болж байна. 128 га талбайд инженерийн шугам сүлжээг бүрэн шийдсэн бөгөөд захиргааны байр, засварын төв, уурын зуухны барилга, насосны байр, гаалийн түр агуулах, газар доорх усны нөөц савтай. Мөн цогцолбороос гадна ирээдүйд энэ хавьд баригдах үйлдвэр,байгууламжийн хэрэгцээг тооцсон дэд станц ашиглалтад орсон. Сүүлийн үеийн технологи бүхий бие даасан цэвэрлэх байгууламжийг ч шийджээ.

• Уг төслийг Азийн хөгжлийн банкны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, таван сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн. Харин улсын төсвөөс үлдсэн 26.6 сая ам.долларыг нь гаргажээ.
• Цогцолбор ашиглалтад орсноор Замын-Үүдэд 170-200 тогтмол ажлын байр нэмэгдэнэ.
• Ложистикийн төвийн ашиглалт, татвар хураамжийн хэмжээг бүрэн ашиглалтад орсных нь дараа Засгийн газар шийднэ.

Олон тэрбум төгрөгийн өртөгтэй энэ нүсэр байгууламжийн гол цөм нь дээр дурдсан хоёр улбар шар өнгийн өргөгч кран. Одоо ашиглаж буй хоёр терминалд ачааг зөөхдөө эхлээд нарийн царигтай замаар ирсэн вагоноос чингэлгийг талбайд буулгана. Дараа нь ахин зөөж өргөн царигтай вагонд ачдаг зэргээр дамжлага ихтэй. Чингэлгийг өргөж буй төхөөрөмж нь дизель түлшээр ажилладаг тул зардал нь ч хямд бус. Харин шинэ төвийн ачаа шилжүүлэн зөөх кран энэ олон дамжлагыг ганцхан үйлдэл болгосон. Нарийн болон өргөн царигтай замыг зэрэгцүүлэн барьсан учраас чингэлгийг нэг замаас нөгөө рүү кранаар нэг удаа л өргөөд буулгана гэсэн үг. Мөн цахилгаанаар ажилладаг тул энэ үйлдэлд дөнгөж 50 цент зарцуулдаг юм байна. Харин одоогийн “МЧ-1”, “МЧ-2” шилжүүлэн ачих төвд нэг чингэлэг зөөхөд 3-4 ам.доллар зарцуулж байгаа аж. Түүнчлэн шинэ төвийн ачаа шилжүүлэх хэсэг нь хоёр захаараа хүнд даацын автозамтай. Вагонд ачсан чингэлгийг кранаар өргөөд автомашинд шилжүүлэн ачдаг. Нэг кран нь дангаараа 50 тонн хүртэлх ачааг өргөх хүчин чадалтай бөгөөд даац нь үүнээс их байвал хоёр кранаар зэрэг өргөх боломжтой гэдгийг инженерүүд тайлбарлаж байлаа. Мөн одоогийн ачааны терминалуудад 24 вагон байрлах талбайтай. Ачаалал ихтэй үед жолооч нар халуун наранд үйлчилгээний төвөөс хол эл хуль газарт удаан хугацаанд ээлжээ хүлээх нь бий. Тиймээс 60 вагон байрлах боломжтой, үйлчилгээний газрууд бүхий ложистикийн төв ашиглалтад орвол жолооч нарын ая тухыг хангахаар тооцжээ.

ОРОН НУТАГТ 200 ОРЧИМ АЖЛЫН БАЙР НЭМЭГДЭНЭ

Шинэ ложистикийн төвийн хоёр дахь том амжилт бол замын байгууламж. Өмнө нь ачааны машинууд терминал руу явахдаа төмөр замаар дайрч гардаг байсан тул цөөнгүй осол гарч байжээ. Харин автомашины зам төмөр замтай огтлолцдог хэсэгт хүнд даацын 19 у/м төмөр бетон гүүр барьсаар аюулгүй байдал сайжирсан байна. БНХАУ-ын хилээс манай улс руу үргэлжлүүлэн барьсан нарийн царигтай төмөр замыг ложистикийн төв хүртэлх 6.5 км зайд нөхөж барьсан. Харин дотоодын өргөн царигтай замыг үүнтэй холбохын тулд 5.5 км-т шинээр барьжээ. Ингэхдээ Монголд анх удаа бетонон дэртэй суман шилжүүлгийг тусгайлан захиалж хийлгэсэн гэдгийг талбайн ажилчид сонирхууллаа. Энэ нь бетон дэрээс дөрөв дахин их урт буюу 60 жилийн настай. Ер нь уг барилгад ашиглаж буй бүхий л материалыг өөрсдийн талбайд барьсан лабораторид туршиж, шинжилдэг аж. Төслийн бүтээн байгуулалтад ашиглаж буй арматур, хөрс, бетон, цементийн чанарыг сүүлийн үеийн багажаар туршиж буйгаа танилцууллаа. Тухайлбал, арматурын багц бүрийг туршиж, тасралтын хязгаарыг нь тогтоодог. Мөн бетон хавтангуудыг таван паскалын хүчтэй даралтаар шалгаж, бяцарч байвал ашигладаггүй юм байна. Ингэснээр дараа дараагийн бүтээн байгуулалтад чанарын жишиг тогтооно гэж тайлбарлав.

Ачаа тээврийн урсгал 2020 он гэхэд 90 хувиар өснө

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез “2020 онд ачаа тээврийн урсгал нэмэгдэхэд одоогийн “МЧ-1”, “МЧ-2” терминалууд ачааллаа дийлэхгүй. Ложистикийн төвийн төслийн ажилд хөрөнгө оруулагчийн зүгээс сэтгэл хангалуун байна. Үүнтэй зэрэгцээд боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах төсөл хэрэгжиж байгаа. Ингэснээр Монгол Улс болон БНХАУ хоорондын худалдааг хөнгөвчлөх, шуурхай болгоход ач холбогдолтой” гэв. Ийнхүү 2010 онд зураг төслийг нь хийж, найман жил үргэлжилсэн том бүтээн байгуулалтын ажил шувтарч байна. Одоогоор цогцолборын барилгын ажил 85 хувьтай байгаа бөгөөд ирэх наймдугаар сар гэхэд улсын комисст хүлээлгэж өгнө гэдгийг тус төслийн зохицуулагч Д.Энхбаатар хэллээ. Тэрбээр “Ложистикийн төвийн барилгынажил ерөнхийдөө дууссан. Байгууламжуудын дотоод засал, тохижилт болон тоног, төхөөрөмжүүдээ суурилуулах ажил л үлдсэн” гэв. Ложистикийн төвийн ашиглалт, татвар хураамжийн хэмжээг бүрэн ашиглалтад орсны дараа Засгийн газар шийдэх юм байна. Замын-Үүд сумын иргэдийн олонх нь хилийн зурвас дээр хоол хүнс, бараа зардаг эсвэл зорчигчдод унаагаар үйлчилдэг. Төмөр зам болон төрийн байгууллага, цөөн хэдэн үйлчилгээний газраар байнгын ажлын байр нь хязгаарлагддаг. Хэрэв энэ цогцолбор ашиглалтад орвол 170-200 тогтмол ажлын байр нэмэгдэх юм. Мөн тээврийн зардал буурснаар бараа, бүтээгдэхүүний үнэ хямдрах боломжтой. Хамгийн гол нь шинэ ложистикийн төв ашиглалтад орсноор манай улсын эдийн засгийн коридорын өрсөлдөх чадвар хэд дахин өсөхөөр байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

БНХАУ-тай түншилж, АНУ-ыг тулах боломж бий

Монгол Улс өнөө хэр түүхий ноолуурын бэлтгэн нийлүүлэгч хэвээр

 0 сэтгэгдэл


Монгол улс зах зээлийн замаар замнасныг нь үнэлэн чөлөөт эдийн засгийн эцэг гэгддэг АНУ 1990 оны эхээр экспортын хөнгөлөлт эдлэх эрх олгож байлаа. Худалдаа хийхдээ гарамгай Америкчууд Монголоос авч болох хамгийн боломжит бүтээгдэхүүнээр оёмол сүлжмэл эдлэлийг нэрлэж, татваргүй нийлүүлэх эрх олгосон юм. Гэвч Америкийн хишгийг бид хүртэж чадаагүй. Харин “дүү”-дээ хишиг хүртээснийг мэдсэн урд хөршийн бизнес эрхлэгчид Монголыг зорьж, ноолуурын үйлдвэрүүдэд хөрөнгө оруулж эхэлсэн билээ. Ийн манайд шинэ үйлдвэрүүд шил шилээ даран босч, урд хөршийн иргэд Монголын эрхийн дор АНУ руу экспорт хийдэг байв. Хятадууд чамлахааргүй орлого олсон гэж учир мэдэх хүн дурсаж байсансан. Гэвч АНУ худалдааны бодлогоо өөрчилж, илүү нээлттэй болгосноор бидний экспортын эрх хаагдсан юм. Ингээд хэдэн хятад хэтэвчээ түнтийлгэж аваад нутаг буцав. Харин бид олсон орлого ч үгүй, экспортын эрх ч үгүй хоосон хоцорсон гашуун түүх саяхных. Ер нь АНУ-ын шагнал Хятад төдийгүй гадаадын олон орны хөрөнгө оруулагчийн харааг булаасан байдаг. 1992 онд Их Британийн “Тэмүүжин мэнч” Монголд жижиг дунд оврын оёдлын үйлдвэр байгуулж, Америк руу экспорт хийхээр зорьсон. Гэвч үйлдвэр ашиглалтад орсноос хэдхэн сарын дараа тэнд бослого гарч “тэмүүжин мэнч” тэр дороо Монголыг орхисон хэмээн нийтлэлч Баабар “гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд IV буюу оёдлоос тос хүртэлх намтар” нийтлэлдээ өгүүлжээ. Ингэж АНУ-ын өгсөн чихрийг долоохоор чармайсан гадаадын цөөнгүй бизнес эрхлэгч байв. Ер нь газар нутагт хол ч гэлээ ардчилал, хүний эрхийг эрхэмлэн дээдэлдэг, зах зээлийн загвар болсон Монгол улсад АНУ хэзээнээсээ элгэмсэг хандсаар ирсэн. Гэвч энэ боломжийг нь мэдлэг мэдээлэл, туршлага дутмаг бид тэр болгон бүрэн ашиглаж байсангүй.

Гэхдээ өдгөө бидний байдал өөрчлөгдөөд буй. Нэгэн цагт боломжоо бусдад ашиглуулсан манай оёдол сүлжмэл ялангуяа, ноолуурын салбар өнөөдөр дэлхийн энд хүрсэнтэй хэн ч маргахгүй. Өдгөө ноолуурын үйлдвэрлэл уул уурхайн дараа орох экспортын орлогыг Монголын эдийн засагт авчирж, манай хөнгөн үйлдвэрийн нэрийн хуудас болж байна. Гэвч төлждөг нөөцтэй энэ салбарт өргөн боломж байсаар. Хэдийгээр Монгол улс ноолуурын зах зээлийн том тоглогч ч гэлээ дийлэнхийг нь түүхийгээр гадагш гаргадаг. Өнгөрсөн оны дүнгээр нийт ноолуурынхаа ердөө 10 хувиар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 90 хувийг нь анхан шатны боловсруулалт хийгээд л хил давуулжээ. Дэлхийн түүхий ноолуурын 40 хувийг хангадаг Монгол улсын энэ түүхий эдийн экспортоос олдог мөнгө уул уурхайн орлогын хаана ч хүрэхгүй. Түүхий болон боловсруулсан, эцсийн бүтээгдэхүүн болгосон бүх ноолуурын экспортын орлогоо нийлүүлээд тооцоход нүүрсний экспортын ердөө 10 хувьтай тэнцэж байна. Хэдийгээр Монголын ноолууран бүтээгдэхүүний чанар чансааг дэлхийд гайхуулж буй “Говь”, “Гоёо” зэрэг үйлдвэрлэгчид маань өсөн дэвжиж байгаа ч өнөө хэр Монголчууд ноолуурын зах зээлийн түүхий эд бэлтгэн нийлүүлэгч төдий хэвээр. Иймд энэ салбарыг түүхий эд бэлтгэгчдээс үйлдвэрлэгч болгож, өсөн дэвжиж буй үндэсний үйлдвэрлэгчдэдээ өргөн боломжийн үүдийг нээхээр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцгойлон анхаарч эхэлсэн. тэрбээр Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх хүсэлтийг АНУ-ын Конгресс болон Ерөнхийлөгч Дональд Трампт хүргүүлсэн. Мөн энэ чиглэлээр Конгресст нь том лобби бүлэг үүсээд буй аж. Ийнхүү Ерөнхийлөгчийн санал АНУ-ын Конгресст хүчээ авч буйтай зэрэгцээд төрийн тэргүүнийг ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Монголын ноолуурын үйлдвэрлэлийг шинэ түвшинд авчрах нэгэн чухал санал тавьсан юм. Дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 90 орчим хувийг хангадаг Монгол, БНХАУ хүч хавсрах талаар санал тавьсан нь зөвхөн Монгол төдийгүй дэлхийн ноолуурын зах зээлд онцгой үйл явдал болсон. Уг саналыг ч Монгол улсын Ерөнхийлөгч нааштай хүлээн авсан. Энэ зах зээлийн хүчтэй өрсөлдөгчид болох Монгол, Хятад хамтарснаар дэлхийн ноолуурын зах зээлд дийлдэшгүй болох талтай. Дэлхийн ноолуурын хамгийн том хоёр нийлүүлэгчийн нэгдэл хэн хэнд нь ашигтай гэж урд хөршийн тал үзэж буй. Тэд хамтран бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийд экспортлох боломж ч бий аж. Харин урд хөршийн тавьсан гэнэтийн санал бас учиртай. Дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн хамгийн том нийлүүлэгч Хятад гол худалдан авагч болох АНУ-тай тарифын маргаан дэгдээгээд буй.

• Хэдийгээр Монгол Улс ноолуурын зах зээлийн том тоглогч ч гэлээ дийлэнхийг нь түүхийгээр гадагш гаргадаг.

• Өнгөрсөн оны дүнгээр нийт ноолуурынхаа ердөө 10 хувиар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 90 хувийг нь анхан шатны боловсруулалт хийгээд хил давуулжээ.

• 25 сая хүн амтай АНУ манай оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зорилтот зах зээл байсаар ирсэн.

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны хориг өдгөө улам бодит болж, урд хөршийн 50 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд тариф тогтоохоор болчихоод байгаа юм. Бас энэ дүнг 200 тэрбум ам.долларт хүргэнэ хэмээн хатуухан сануулж байгаа. АНУ-ын тариф тогтоох бараа, бүтээгдэхүүний тоонд оёмол сүлжмэл эдлэл багтахаар байгаа тул БНХАУ, Монголтой хамтрахаар зэхэж буй нь энэ. Өөрөөр хэлбэл, хоёр улсын худалдааны маргаан манайд зарим таатай боломжийг нээж магадгүй байна. Үүнтэй зэрэгцээд АНУ нааштай хариу илэрхийлбэл манай ноолуурын салбарт эргэлт болж мэдэх нь. Учир нь 325 сая хүн амтай АНУ манай оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зорилтот зах зээл байсаар ирсэн. Дэлхийн томоохон хэрэглэгчдийн нэг энэ улс Хятад, Вьетнам, Энэтхэг, Индонез, Мексик, Пакистан зэрэг улсаас оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн их хэмжээгээр импортолдог. Энэ аварга зах зээлд гаалийн татваргүй бараа бүтээгдэхүүнээ нэвтрүүлбэл ноолуурын компаниудад том дэм болно гэж Монголын ноос, ноолуурын холбооноос мэдэгдэж буй. Тэрчлэн Засгийн газар “Ноолуур” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд ноолуурын экспортыг 5.7 дахин өсгөж, 4.3 их наяд төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөж байна. Эцэст нь хил залгаа хөрш орон төдийгүй дэлхийн геополитикийн нөхцөл байдал хүртэл манай оёмол сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэлд боломж олгож байна. Харин эргэлт авчрах энэ “шар тос”-оо өмнөх гашуун түүхүүд шигээ харсаар суугаад хоосон хоцрох эрх бидэнд үгүй. Өөрсдөө идэвх санаачилга гарган, хөнгөн үйлдвэрийн салбартаа хувьсал хийх эсэх нь биднээс л шалтгаална. Ингэж чадвал нөхөн төлжиж байдаг нөөц баялгаа ашиглан уул уурхайтай энэ зэрэгцэхүйц эдийн засгийн тулгуур салбарыг цогцлоох боломж нээгдэнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засаг сэргэсэн ч үрэлгэн зан сэдэрлээ

Эдийн засгийн сэргэлтийг дагаад импорт өсчихдөг зүй тогтол бий

 0 сэтгэгдэл


Манай эдийн засагт сэргэлтийн салхи сэвэлзэв үү үгүй юү импорт дагаад өсчихдөг зүй тогтол бий. Өөрсдөө баялаг бүтээж, үйлдвэрлэдэггүй улсын зовлон энэ л дээ. Эдийн засаг идэвхжихээр хэрэглээ тэлнэ. Эрчимжсэн хэрэглээг хангахын тулд хилийн чанад руу харайлгаж, түүхий эдээ зарж олсон хэдхэн “ногоон”-оо юу ч үгүй үрчихдэг нь монголчуудын гэм биш зан болсон. Сүүлийн хэдэн жил тэг рүү уруудсан эдийн засгийн уналт өнгөрсөн оноос эргэн сэргэхтэй зэрэгцээд импортын дүн өсчихөж. Тавдугаар сарын импортын дүн 2016 оны мөн үеийнхээс бараг хоёр дахин өндөр байна. Одоогоос хоёр жилийн өмнө, 2016 оны эхний улиралд манай ДНБ гурван хувиар өсөж, импорт 1.1 тэрбум ам.долларт хэмжигдэж байв. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны тооцоогоор оны эхний улиралд эдийн засаг 6.1 хувиар өссөн бол импортын хэмжээ 2.2 тэрбум орчим ам.долларт хүрээд байна. Уг нь улсын “хэтэвч” нимгэрсэн сүүлийн хэдэн жил орон даяар хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсэн. Ингэж хямгач байсныхаа хүчинд бид өнгөрсөн онд түүхэндээ байгаагүй их хэмжээний ашиг гадаад худалдаанаас хүртсэн юм. Хэн хүний хүсдэггүй хямрал арвич хямгач занг бидэнд сургажээ.

Гэтэл хямрал алсран холдохын хэрээр бид хямгач зангаа гээж эхлэв. Хятад, Япон зэрэг үйлдвэрлэгч орны хувьд иргэдийн хэрэглээ өсөх нь эдийн засгийнх нь хамгийн сайн мэдээ байж болно. Харин үйлдвэрлэж, бүтээхдээ дулимаг Монгол Улсын хувьд эдийн засаг, иргэдийн хэрэглээний өсөлт импортыг тэтгэж, урд хөршийн хэдэн үйлдвэрлэгчийг дэмжихээс хэтэрдэггүй нь харамсалтай. Эдийн засгийн идэвхжилийг илтгэдэг уул уурхайн тоног төхөөрөмж, машин техник, автобензин, дизелийн түлшний импорт нэмэгджээ. Энэ нь нэг талаар эерэг дохио болдог. Гэтэл үүнтэй зэрэгцээд хэрэглээний импорт тэлчихэж. Тухайлбал, гар утасны импорт хоёр дахин нэмэгдсэн. Гар утас борлуулагчдын цахим хуудсыг сөхөөд үзээрэй. Хэрэглэгчдийн гарт хүрээд удаагүй iPhone, Galaxy цувралын хамгийн сүүлийн үеийн iPhone X, iPhone 8 plus, Samsung Galaxy Note 8 загварууд хэдийнэ дуусчихсан байгаа. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр монголчууд өнгөрсөн таван сарын хугацаанд телефон, цахилгаан шуудан холбооны болон үүрэн холбооны аппаратуудад нийт 90 орчим тэрбум төгрөг зарцуулсны дунд гар утас ч багтаж буй. Бас татварыг нь өсгөснөөс үнэ нь нэмэгдсэн тансаг загварын автомашины борлуулалт нэмэгдсэн. Үнэ бараг 160 сая төгрөгөөс эхэлж буй шинэ Land Cruiser 200 автомашиныг өдөрт хэд хэдээр нь борлуулж буйгаа танил дилер маань бахдалтай хэлж байсан. Бас 2018 онд хэрэглэгчдийн хүртээл болсон шинэ загварын төмөр хүлгийн захиалга ч хэдхэн хоногийн дотор дуусдаг байна.

• Тавдугаар сарын импортын дүн 2016 оны мөн үеийнхээс бараг хоёр дахин өндөр байна.
• Хятад, Япон зэрэг үйлдвэрлэгч орны хувьд иргэдийн хэрэглээ өсөх нь эдийн засгийнх нь хамгийн сайн мэдээ байж болно.
• Харин үйлдвэрлэж, бүтээхдээ дулимаг Монгол Улсын хувьд эдийн засаг, иргэдийнх хэрэглээний өсөлт импортыг тэтгэж, урд хөршийн хэдэн үйлдвэрлэгчийг дэмжихээс хэтэрдэггүй нь харамсалтай.

Үүнтэй зэрэгцээд үнэт эдлэлийн импорт нэмэгджээ. Энэ оны эхний таван сард гэхэд монголчууд сувд, үнэт чулуун гоёлд бараг 900 мянган ам.доллар зарцуулсан нь өмнөх оныхоос 30 хувиар өссөн үзүүлэлт. Энэ мэт бидний хэрэглээ нэмэгдэж буйг харуулсан жишээ цөөнгүй. Гэтэл бидний орлого сүүлийн жилүүдэд өндийсөнгүй. Үндэсний статистикийн хороо дундаж цалингийн үзүүлэлтээ өнгөрсөн сараас эхлээд шинэчлэн танилцуулж байна. Тус хорооны тайлангаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн медиан цалин 705 мянган төгрөгт хүрчээ. Энэ бол монгол хүний авч буй дундаж цалингийн хамгийн бодитой дүн. Гэтэл бидний худалдан авалт үүнээс хэд дахин өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, бид олсноосоо давсан, материаллаг зүйл шүтсэн хэрэглээтэй болчихож. Гэхдээ эдийн засаг өсөж, хэрэглээ ийн нэмэгдлээ гээд Монголын эдийн засагт үлдэж ашиг хуримтлагдсан түүх тун ховор. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ цойлж, Монголын орд уурхайн үүцийг задалсан 2011 оны эхэн үе. Манай улсын импорт тухайн үед жилийн дүнгээр гурав дахин өсөж, долоон тэрбум ам.долларыг шүргэж байв. Гэнэт баяжсан монголчууд хэрэглээгээ огцом тэлж, олсон хэдийгээ хавтгайруулан тарааж тансаглаж байв. Ямартай л Samsung-ийн ухаалаг гар утас худалдан авалтаараа монголчууд Зүүн өмнөд Азид тэргүүлж, үүнд нь талархсан солонгосчууд шинэ загварын ухаалаг утасныхаа нээлтийг манайд хийж байж билээ. Бид тансаг хэрэглээгээрээ Арабын орнуудтай эн зэрэгцэх атлаа өрсөлдөх чадвараараа Африкийн улсуудтай тэнцэж байсан юм. Гэлээ гээд Монголын эдийн засаг өсөж өндийв үү. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэггүй, хэрэглээг хэт тахин шүтсэн бидний муу зан хуримтлал үүсэх, эдийн засгийн өгөөж хүртэх боломж олгохгүй байна. Өр зээлтэй атлаа үнэтэй жийп хөлөглөж, ходоод нь хоосон хороо дундаж цалингийн үзүүлэлтээ өнгөрсөн сараас эхлээд шинэчлэн танилцуулж байна. Тус хорооны тайлангаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн медиан цалин 705 мянган төгрөгт хүрчээ. Энэ бол монгол хүний авч буй дундаж цалингийн хамгийн бодитой дүн. Гэтэл бидний худалдан авалт үүнээс хэд дахин өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, бид олсноосоо давсан, материаллаг зүйл шүтсэн хэрэглээтэй болчихож.

Гэхдээ эдийн засаг өсөж, хэрэглээ ийн нэмэгдлээ гээд Монголын эдийн засагт үлдэж ашиг хуримтлагдсан түүх тун ховор. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ цойлж, Монголын орд уурхайн үүцийг задалсан 2011 оны эхэн үе. Манай улсын импорт тухайн үед жилийн дүнгээр гурав дахин өсөж, долоон тэрбум ам.долларыг шүргэж байв. Гэнэт баяжсан монголчууд хэрэглээгээ огцом тэлж, олсон хэдийгээ хавтгайруулан тарааж тансаглаж байв. Ямартай л Samsung-ийн ухаалаг гар утас худалдан авалтаараа монголчууд Зүүн өмнөд Азид тэргүүлж, үүнд нь талархсан солонгосчууд шинэ загварын ухаалаг утасныхаа нээлтийг манайд хийж байж билээ. Бид тансаг хэрэглээгээрээ Арабын орнуудтай эн зэрэгцэх атлаа өрсөлдөх чадвараараа Африкийн улсуудтай тэнцэж байсан юм. Гэлээ гээд Монголын эдийн засаг өсөж өндийв үү. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэггүй, хэрэглээг хэт тахин шүтсэн бидний муу зан хуримтлал үүсэх, эдийн засгийн өгөөж хүртэх боломж олгохгүй байна. Өр зээлтэй атлаа үнэтэй жийп хөлөглөж, ходоод нь хоосон




A

Жижиг

A

Дунд

A

Том

Арнауд Суарат: “Оюутолгой”-н гэрээ бол бидний хөрөнгө оруулалтын суурь

"Оюутолгой"-гоос нийт 1.8 тэрбум ам.долларын татвар төлөөд байна

 0 сэтгэгдэл


Rio Tinto группийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат Монголд ирээд байгаа. Тэрбээр “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой маргаан болон бусад асуудлаар байр сууриа илэрхийлэв.

-Монголын улс төрийн сүүлийн үеийн өрнөлийг Rio Tinto компани хэрхэн хүлээн авч байна вэ. Тухайлбал татварын актыг?

-Бид “Оюутолгой”-н үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Тэнд үнэхээр сайхан сэтгэгдэл төрж, эрч хүчийг мэдэрлээ. Удирдах шатнаас эхлээд далд уурхайн төсөлд урам зоригтой, эрч хүчтэй ажиллах монголчуудыг харлаа. Одоо “Оюутолгой”-д ажиллаж буй нийт 14 мянган ажилтны 94 хувь нь монголчууд байна. Мөн уурхайд хоол хүнс, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх гэрээтэй дотоодын мянга гаруй байгууллагад нийт 13 мянга орчим хүн ажиллаж байна. Тэгэхээр том зургаар нь харвал Монголын ажил олгогч хамгийн том, хувийн байгууллага нь “Оюутолгой” болжээ. Дэлхийн уул уурхайн салбарын шилдэг туршлагаас суралцах боломжийг монголчуудад бид олгож байна. Үүгээрээ бид улс орны эдийн засагт хувь нэмэр оруулсаар байгаа. “Оюутолгой”-н төсөл улс орны эдийн засагт үр ашгаа өгөхгүй байна гэж шүүмжилдэг. Тэд өөрсдөө уурхайд очиж үзэх хэрэгтэй. Тэгээд “Оюутолгой” нь үнэхээр улс орны хөгжилд хангалттай үр өгөөжтэй байна уу гэдгийг олж мэдэх нь зүйтэй. Та бүхэнд хэдэн тоог жишээ болгон хэлье л дээ. Төслийг эхлүүлснээс хойш нийт 7.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Бид Монголд дахиад таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар “Оюутолгой”-гоос нийт 1.8 тэрбум ам.долларын татвар улсын төсөвт төвлөрүүлээд байгаа. Монголын Засгийн газар 34 хувийн эзэмшлээрээ дамжуулан төслийн эдийн засгийн нийт өгөөжийн талаас илүү хувийг авахаар байгаа.

-Харамсалтай нь Монголын улс төр баримтад төдийлэн ач холбогдол өгдөггүй болохыг бид харж байна. Тэгэхээр “Оюутолгой” хэрэгтэй, хэрэггүй гэсэн энэ улс төрийн маргааныг та бүхэн хэрхэн шийдвэрлэе гэж бодож байна вэ?

- Би улстөрч биш, тоо баримтад тулж ажилладаг бизнесмэн хүн. “Оюутолгой” төслийг гүйцэтгэхэд олон сайн ажил хэрэгжүүлж байсан. Одоо ч гэсэн “Оюутолгой”-н гэрээний хэрэгжилтийг шалгах УИХын ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа нь сайшаалтай хэрэг. Ажлын хэсэг гэрээ хэлэлцээрийг судалж, ард иргэд болон парламентад бодит мэдээлэл өгөх байх. Учир нь энэ гэрээг шүүмжлэх хүн олон ч уншсан хүн цөөн. “Оюутолгой”-н гэрээг баталсны дараахан бид вебсайтдаа олон нийтэд ил тод байршуулсан шүү дээ. Хэн ч ороод харах боломжтой. Монгол дахь бидний бизнесийн ил тод үйл ажиллагааг олон улсын төрийн бус байгууллагууд хүртэл үнэлж, сайшаасан юм шүү. Тэгэхээр ажлын хэсэг гэрээг уншиж судлан, хэрэгтэй бол өөрийн биеэр ирж бодит нөхцөл байдалтай танилцаад Монголын нийт ард иргэдэд үнэн мэдээлэл өгөх нь зүйтэй.

• Гэрээний дагуу бид олон улсын 15 агентлагаас зургаан тэрбум ам.доллар зээлж, долоон мянган ажилтан шинээр авах боломжтой болсон.

• Гүний уурхайг ашиглалтад оруулснаар Монголын ДНБ-ий 30-40 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээнэ.

• "Оюутолгой"-н гэрээг манай вебсайтаас хэн ч ороод харах боломжтой.

Улс төрийн зорилготой ор үндэсгүй мэдээлэл гадуур их байна. УИХ-ын ажлын хэсэг энэ бүх мэдээллийг няцааж, хүмүүст бодит баримтыг дэлгэх гол түлхүүр гэж харж байна. “Оюутолгой”-н далд уурхай болон холбогдох бусад гэрээ үнэхээр сайн болсон. Гэрээг байгуулахад тухайн үеийн Засгийн газраас итгэмжлэгдсэн өндөр дээд албаны хүмүүс оролцсон. Энэ гэрээ улс орны хөгжилд сайнаар нөлөөлсөн. Монголын Засгийн газар “Оюутолгой”-н 34 хувийг эзэмшдэг, гэхдээ нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Тэгээд дээрээс нь татвар болон бусад хэлбэрээр ашгаа хүртсээр байгаа. Гэтэл Turquoise Hill Resources болон Rio Tinto өнөөг хүртэл нэг ч цент аваагүй байна. Зарим нэг хүн энэ их ашгийн тухай ярихыг ч хүсэхгүй байна. Гэхдээ УИХ-ын ажлын хэсэг энэ мэдээллийг олонд хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Муулаад байгаа гэрээ нь энэ их хөрөнгө оруулалтын үндэс суурь гэдгийг мартаж болохгүй. Бидний ажиллах улс оронд хуулийн хэрэгжилтийг хангаж, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийг хүндэтгэн үзэж байгаа эсэх нь чухал. Энэ нь бидний хөрөнгө оруулах үндэс суурь, орчин нөхцөл. Ийм нөхцөлд л цаашдын хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааг өрнүүлэх учиртай. Тиймээс хөрөнгө оруулалт, уурхайн ажиллагааг үргэлжлүүлэхэд гэрээ хамгаас чухал. Гэрээтэй холбоотой ямар нэг асуудал цаашдын хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулах юм.

-УИХ-ын ажлын хэсэгтэй уулзаа юу. Уулзалтууд хэр үр дүнтэй байна вэ?

-Миний хувьд цөөн улстөрчтэй биечлэн уулзсан. Манай багийн гишүүд УИХ-ын ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байгаа. Засгийн газар дөрвөн ч ажлын хэсэг байгуулаад байна. Зээлийн хүү, татварын акт, цахилгаан станц, дагавар хотын бүтээн байгуулалтыг тус тус хариуцсан ажлын хэсгүүд юм. Манай хүмүүс ажлын хэсэгтэй нягт хамтран ажиллаж, хүссэн мэдээллийг өгч байна. Ажлын хэсэг олон талын мэдээлэл шаардаж, бид ч ил тод байхыг хичээж байна. Ажлын хэсгийн зарим гишүүн өөрийн биеэр уурхайн үйл ажиллагаатай ч танилцсан. “Оюутолгой”-н гүний уурхай дэлхийн олборлолтын салбарын хамгийн нарийн бүтэцтэй цогцолбор байгууламжид тооцогдоно. Дэлхийн тэргүүний цөөн хэдэн компанийн ашигладаг технологийг бид нэвтрүүлээд байгаа. Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл дэлхийд зэсийн олборлолтоор гуравт орох төлөвтэй байна. Энэ амжилт, бүтээн байгуулалт тэнгэрээс унаад ирээгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу бидний нөр их хөдөлмөрөөр бүтээсэн ажил. Гэрээний дагуу бид олон улсын 15 агентлагаас зургаан тэрбум ам.доллар зээлж, долоон мянган ажилтан шинээр авах боломжтой болсон. Ингэснээр бид гүний уурхайн төслийн дэлхийн шилдэг туршлага, технологийг Монголд нэвтрүүлэх боломжтой боллоо. Гүний уурхайг ашиглалтад оруулснаар Монголын ДНБ-ий 30-40 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээнэ. Тиймээс бид хийсэн зүйлдээ бахархалтай байгаа. Бидний бүтээн байгуулалтыг үзсэн хүнд мөн бахархах сэтгэл төрнө гэдэгт итгэлтэй байна.

-Татварын акт тавьсан явдал, улс төрийн бусад маргаан уурхайн үйл ажиллагаанд нөлөөлсөн үү?

- Татварын акт бол удирдлагын асуудал. Уурхайн удирдлага, ажилтнууд өмнөх ажилдаа, аюулгүй ажиллагаанд анхаарах хэрэгтэй. Манай мэргэжилтнүүд Засгийн газартай татварын актын талаар санал солилцсон. Өнгөрсөн жилүүдэд манай байгууллага шилдэг татвар төлөгчөөр шалгарсан. Аудитын байгууллага ирж шалгаад, нэмэлт 155 сая ам.долларын татвар ногдуулсан. Бид таван сая ам.доллар татварт төлсөн. Харин 150 сая ам.долларыг бид зөвшөөрөөгүй. Учир нь ийм татварын хэмжээг гэрээнд заагаагүй. Асуудлыг шийдэхийн тулд ил тод байх нь чухал. Энэ тал дээр олон улсын туршлагыг харж болно. Гэрээ хэлэлцээрийн асуудлаар ямар нэг маргаан үүсвэл гуравдагч этгээд, арбитрт ханддаг. Бид Австралийн арбитрын байгууллагын татварын албанд хамаардаг.

-Арбитрт аль хэдийнэ хандсан гэсэн үг үү?

-Үгүй, гэхдээ бид зөвшилцөлд хүрч чадахгүй бол арбитрт хандана гэдгээ Монголын Засгийн газарт анхааруулаад байгаа.

-Эцсийн цэг нь?

-Манай хүмүүс яриа хэлэлцээр хийсээр байна. Бид зөвшилцөлд хүрэх нь чухал.

“Оюутолгой”-д ажиллаж буй 14 мянган ажилтны 94 хувь нь монголчууд

-“Оюутолгой”-г чиглэсэн улс төрийн маргаан гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын явцад нөлөөлөөгүй гэж ойлголоо?

-Одоохондоо товлосон цаг хугацааны дагуу ажиллаж байна. Далд уурхайн анхны тулгуур баганаа л тавиад байна шүү дээ. Эрсдэл огт байхгүй гэж хэлэхгүй. Энэ бол үнэхээр нүсэр том цогц төсөл. Бид ганцаараа энэ төслийг хэрэгжүүлж чадахгүй. Орон нутгийн төдийгүй нийт иргэдийн дэмжлэг, Засгийн газар, парламентын хамтын ажиллагаа бидэнд хэрэгтэй. Бидэнд ажлаа хийх боломж, таатай нөхцөл хэрэгтэй байна. Гэтэл өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал үнэхээр түгшүүртэй байна.

-Rio Tinto уул уурхайн зарим төслөөсөө гарч эхэлсэн. Тухайлбал нүүрс. Энэ үед “Оюутолгой” гэх мэт зэсийн төслүүд компанид хэр чухал вэ?

-Rio Tinto-гийн хувьд зэс чухал салбар. Энэ салбарт хөрөнгө оруулсан манай хамгийн томоохон төсөл бол “Оюутолгой”. Зэсийн салбар ирээдүйтэй, зах зээл нь өргөн. Дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ жилд гурван хувийн өсөлттэй байгаа учраас ирээдүйтэй гэж үздэг. Дэлхийн олон оронд аж үйлдвэрийн салбар хөгжиж байна. Аж үйлдвэрт тоног төхөөрөмж хэрэгтэй. Тоног төхөөрөмжийн эд ангийг зэсээр хийдэг. Олон улсад хөдөөгөөс хотыг чиглэх хөдөлгөөн эрчимжиж, барилга, орон сууц эрс нэмэгдэж байна. Барилгын цахилгаан утас, сүлжээнд зэс хэрэгтэй. Техник технологи хөгжиж, цахилгаан автомашин ихээр үйлдвэрлэх боллоо. Улс орнууд сэргээгдэх эрчим хүчний салбарыг сонгож байна. Энэ бүгд нь зэсийн эрэлт хэрэгцээг улам нэмэгдүүлэх хүчин зүйл болно. Тэгэхээр энэ салбарт худалдан авагчид биш ханган нийлүүлэгч талд илүү ашиг харагдаж байгаа биз. Бидний ажигласнаар энэ салбарын томоохон тоглогчид шинэ уурхай болон бусад төсөлд хангалттай хөрөнгө оруулаагүй байгаа. Уул уурхайн салбар хатуу ширүүн, компаниуд татан буугдаж, шинээр мэндэлж байдаг. Шинэ шинэ төсөлд тогтмол хөрөнгө оруулж байж оршин тогтноно. Тэгж чадахгүй бол дампуурна. Дэлхийн хэмжээнд зэс олборлолтын салбарт сүүлийн үед дорвитой хөрөнгө оруулалт хийсэн компани байхгүй гэж хэлж болно. Тэгэхээр энэ их эрэлт хэрэгцээг хэн хангах вэ? Эрэлт өндөр, нийлүүлэлт хангалтгүй болно гэдгийг баталгаатай хэлэх байна. Өндөр эрэлттэй байх учраас цаашид үнэ ханш нь тогтвортой байх нь мэдээж. “Оюутолгой”-н далд уурхай үнэхээр таатай цаг мөчид ашиглалтад орох төлөвтэй байгаа. Бид бүтээгдэхүүнээ гаргахад дэлхийн зах зээл дээрх зэсийн эрэлт өсөлттэй, үнэ ханш нь өндөр байх болно.

-“Оюутолгой” уурхайн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ. Уурхайд түшиглэсэн хот байгуулах асуудал удтал яригдсан?

-Би Ханбогдод очиж, тэндхийн бүтээн байгуулалтыг хараад сэтгэл сэргэсэн. Тэнд юу ч хийгээгүй байна гэсэн улстөрчдийн яриаг та сонссон л байх. Тэнд юу ч хийхгүй байгааг өөрсдөө очиж харсан юм болов уу, асуух юмсан. Очиж л үзэхгүй бол Rio Tinto “Оюутолгой”-д чухам юу хийж бүтээснийг харах боломжгүй шүү дээ. Бид үнэхээр их зүйлийг хийж бүтээсэн. Хотхоны дэд бүтцийг байгуулахад бид оролцсон. Бид ус цэвэршүүлэх байгууламж бий болгосон. Орон нутгийн малын эмнэлэгт тусламж үзүүлсэн. Сургуулиуд байгуулсан. Хотхоны ирээдүйн хөгжилд нэн чухал хэрэгтэй дэд бүтцийг байгуулсан. Хотхон сүүлийн 10 жилд өргөжин тэлж, хүн ам нь гурав дахин нэмэгдсэн. Гэхдээ манайх барилгын компани биш. Хот байгуулах нь бидний ажил биш. Засгийн газар болон хувийн барилгын компаниуд гэж тусдаа байна. Харин бид дэмжиж болно.

-Хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн төсөл нь танай хөрөнгө оруулалтын үндэс суурь гэж та хэллээ. Популистууд гэрээг өөрчлөх хэрэгтэй гэдэг. Парламентын сонгууль дөхөх тусам ийм яриа олширно. Энэ нь танай компанийн хувьд ямар эрсдэлтэй вэ?

-Бид танай улсад хөрөнгө оруулж байна. Монголын ард иргэд, хувь эзэмшигчдийн хувьд хамгийн чухал нь тэвчээртэй хүлээх. Тогтворгүй, түгшүүртэй нөхцөлд хөрөнгө оруулах ямар ч боломжгүй. Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх боломжгүй. Гэрээг хүндлэн дээдэлж, дагаж мөрдөж байж хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ. Энэ гэрээний тусламжтай бид цаашид их зүйлийг хамтдаа бүтээнэ шүү дээ. Тухайлбал. цахилгаан станц байгуулах үүргийг бид хүлээсэн. Энэ станц нь Тавантолгойн нүүрсээр Оюу Толгойг цахилгаанаар хангана. Энэ бүхнийг бид ганцаар хийж чадахгүй, төр засгийн дэмжлэг, зөвшөөрөл чухал. Гэтэл өнөөдөр төр засгийн дэмжлэг авах тал дээр асуудалтай байна. Гэхдээ бид гэрээний дагуу Монгол Улсад хийх зүйлээ хийнэ. Үүнийг хийхэд гэрээг өөрчлөөд байх шаардлага огт байхгүй

-Гэрээнээс хүртэх үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд юу хийх вэ?

-Бид БНХАУ-ын ӨМӨЗО-оос цахилгаан авч жилд 120-140 сая ам.доллар төлдөг. Хэрэв цахилгаан станц байгуулчихвал энэ мөнгө дотоодод үлдэнэ. Цаашид илүү олон хүн ажилд авч, дотоодын компанитай гэрээ байгуулж болно. Одоогоор “Оюутолгой”- той гэрээтэй компаниудын 85 хувь нь дотоодынх байна. Манай байгууллага Монголын эдийн засгийг солонгоруулан хөгжүүлэхэд анхаардаг. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж, энэ чиглэлийн төсөл, санаачилгыг дэмждэг.

-Хөрөнгө оруулалтаас өгөөж хүртэх хугацаагаа наашлуулах нэг шийдэл нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлэх. Катодын цэвэр зэс үйлдвэрлэх боломж ...?

-Зэс хайлуулах үйлдвэр байгуулах талаар судалж, Засгийн газарт өнгөрсөн наймдугаар сард танилцуулсан. Энэ үйлдвэр ашигтай ажиллах нь эргэлзээтэй байгаа. Монголын газарзүйн байршил үүнд нөлөөлж байна. Тийм учраас хайлуулах үйлдвэрт хөрөнгө оруулахаас татгалзсан байр сууриа бид Засгийн газарт илэрхийлсэн. Засгийн газар стратегийн зорилгоор үйлдвэрээ байгуулж болно. Тэгвэл бид гэрээний дагуу зэсийн баяжмалаа дэлхийн зах зээлийн үнээр нийлүүлэхэд бэлэн байгаа.