A

Жижиг

A

Дунд

A

Том

Худалдааны зөрчил нефтийн эрэлтэд хохиролтой

A

Жижиг

A

Дунд

A

Том


АНУ, БНХАУ-ын худалдааны зөрчил энэ жил төдийгүй ирэх онд ч газрын тосны эрэлтэд сөргөөр нөлөөлөх төлөвтэйг олон улсын эрчим хүчний агентлаг (IEA - International Energy Agency) баасан гарагт анхааруулав. Трампын засаг захиргааны арга хэмжээний хариуд Бээжин унадаг дугуйнаас эмнэлгийн тоног төхөөрөмж, нүүрснээс дизелийн түлш хүртэлх АНУ-ын 16 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн тариф тогтоохоо мэдэгдлээ. “Худалдааны зөрчил гүнзгийрсээр эдийн засгийн өсөлтийг сааруулж, дүнд нь газрын тосны эрэлт буурна” хэмээн тус агентлаг сар тутам гаргадаг зах зээлийн тайландаа тайлбарлажээ. Үүсээд буй нөхцөл дэлхий даяар контейнер тээвэрлэгч хөлөг онгоцны шатахуун, холын тээврийн хүнд даацын автомашины дизель түлшний зах зээлд хэрхэн нөлөөлөхийг судлаачид ажиглаж байна. Гэхдээ олон улсын эрчим хүчний агентлаг “эдийн засгийн өсөлт энэ оны эцэс, ирэх оны эхнээс саарна” гэж үзээд тайлан дахь газрын тосны эрэлтийн жил тутмын таамагтаа засвар оруулсангүй.

Ираны эсрэг хоригоо АНУ сэргээсэн нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд гол эрсдэл болж буйг тус агентлаг анхааруулав. ОПЕК, ОХУ олборлолтоо ихэсгэснээс хойш газрын тосны үнэ унах боллоо. Олон улсын Бенчмарк Brent түүхий тос сүүлийн хэдэн сард баррель нь 80 ам.доллараас 70 болж буурчээ. “Үнэ унасан нь хэрэглэгчдэд таатай хэрэг” хэмээн ОУЭХА тайлбарлав. Саудын Арабын нийлүүлэлт “гэнэт буурсан” ч Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Нигерийн олборлолт өсөж тэнцвэр барьсны ачаар ОПЕК-ийн түүхий тосны гарц долдугаар сард тогтвортой буюу өдөрт 32.1 сая баррель байсныг ОУЭХА-ын тайланд дурджээ. Саудын Арабын олборлолт зургадугаар сарынхаасаа буурч өдөрт 10.4 сая баррель хүрэхгүй болсныг тус улсын албаны хүмүүс тайлбарласан юм. Уг статистик зөв эсэхэд эргэлзэж буй эрчим хүчний салбарын зарим шинжээч Саудын Арабын олборлолтыг өдөрт 10.6 сая баррелаас илүү хэмээн сэжиглэж байна. ОУЭХА газрын тосны эрэлт энэ онд өдөрт 1.4 сая баррель, ирэх 2019 онд 1.5 сая баррель болж өснө гэсэн тооцоотой. Харин ОПЕК-аас гадуур, АНУ тэргүүтэй олборлогчдынх 2018 онд дунджаар өдөрт 59.9 сая, 2019 онд 61.8 сая баррель байх тооцоог тус агентлаг гаргажээ.