A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3258/

Хурд сааруулагчийн стандарт буюу хэн ч тоодоггүй сэдэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3258/
  • Замын компаниуд стандартаа мэддэг ч хэрэгжүүлдэггүй
  • Гэр хороолол, орон сууцны хороололд зам тавьж, түүндээ хурд сааруулагч хийж буй замын компаниуд огт зөвшөөрөл, зөвлөмж авдаггүй гэв
  • Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлгийн зүүн талын хойд зүг рүү чиглэсэн замд ердөө ганцхан хурд сааруулагчтай. Гэхдээ тэр нь мөн л стандартыг зөрчжээ. Бүр 70 мм-ээр илүү буюу стандартаас хоёр дахин өндөр байгаа юм
  • Нийслэлд гардаг авто ослын таван хувь нь стандарт бус хурд сааруулагчтай холбоотой байдаг

Зайсангийн автобусны эцсийн буудлаас Америк сургууль орох гэж явсан суудлын автомашинтай иргэн хурд сааруулагчаас болж яндангаа цоолж орхив. Яндангаа цоолсон иргэн М 65 мянган төгрөгөөр гагнуулжээ. Хамгийн гол нь тэрбээр энэ асуудлаар хаана, хэнд хандахаа огт мэдэхгүй явахтай нь таарсан юм. Учир нь, тухайн хурд сааруулагчийг ямар компани тавьсан нь тодорхой бус. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр манай улсад авто замын хурд сааруулагчийн стандарт алдагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Стандарт бус зүйлд эзэн холбогдогч байдаггүй, хяналт шалгалт ч бараг хийдэггүйн нэгэн жишээ энэ. Гэтэл стандартыг нь 10 жилийн өмнө буюу 2009 онд баталсан байгаа юм. 2009 оны арваннэгдүгээр сарын 1­нээс мөрдөж эхэлсэн MNS 5968:2009 гэх уг стандартаар манайд гурван ангилал байна. Нэгдүгээрт, тээврийн хэрэгс­лийн нэг чигийн хөдөлгөөнтэй болон хэсэгчилсэн бүсийн чанартай авто замын орчимд байрлах сургууль, цэцэрлэгийн дэргэдэх замд тавина. Энэхүү хурд сааруулагч нь 70 мм өндөр, 4200 мм өргөн, зорчих хэсгийн өргөнтэй тэнцүү урттай байх стандарттай. Хоёрдугаарт, үзэгдэх орчин хязгаарлагдсан гарцын өмнө тавина. Тэр нь 50 мм өндөр, 350 мм өргөн, зорчих хэсгийн өргөнтэй тэнцүү урттай байх ёстой. Гуравдугаарт, хүнд даацын ачааны автомашин явахад зөвшөөрөгдсөн замд зориулсан хурд сааруулагч нь 75 мм өндөр, 900 мм өргөн, зорчих хэсгийн өргөнтэй тэнцүү урттай тавих шаардлагатай. Ийм гурван стандартыг сүүлийн 10 жилийн турш мөрдлөг болгож иржээ. Хурд сааруулагчийг нь халуун, хүйтэн орчинд болон механик үйлчилгээг тэсвэрлэх чадвартай нийлэг /синтез/ буюу резинэн материалаар хийсэн байна. Асфальтан хольц болон цемен­тэн бетоноор зорчих хэсэгт хийж болно. “Хурд сааруулагч” мэдээлэх тэмдгийг хурд сааруу­лагчийн шууд өмнө тавина.­ Хурд сааруулагч тавьсан газраас 50­100 метрт анхааруулах тэмдэг байрлуулна. ­Хурд сааруулагчийн гадар­гуунд цагаан, шар өнгийн гэрэл ойлгогч материалаар тэмдэглэл хийнэ. Энэ бол Монгол улсад мөрдөж буй албан ёсны стандарт. Гэтэл уг стандартыг мөрддөг хувь хүн, байгууллага нэн ховор. Тэд холбогдох газраас ямар нэгэн зөвшөөрөл, заавар авахгүйгээр дур мэдэн хурд хязгаарлагч тавьж орхино. Харин тухайн хурд сааруулагчаас үүдэлтэй аваар осол, машины эд ангид эвдрэл гарсан тохиолдолд эзэн холбогдогч, хариуцагч олддоггүй нь гайхалтай. Монголын тэр тусмаа нийслэлийн эвдрэлтэй замаас гадна хэт өндөр, стандарт бус хурд сааруулагчийн балгаар суудлын тэрэгний тэнхлэг тохиргоо алдагддагийг Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг томоохон авто сервисийн засварчид хэлж байна. Ер нь манай улсад машины тэнхлэг тохиргоо алдагдах нь түгээмэл болсон нь авто замтай шууд холбоотой гэхэд хилсдэхгүй. Машины тэнхлэг тохиргоо алдагдаж эхлэх үед дугуйны хээ жигд бус элэгдэх, жолооны хүрд аль нэг тийш булаах, эргэх үйлдэл хийхэд дугуй чахарч дуугарах, шатахуун зарцуулалт нэмэгддэг аж. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ширэндэв хэлэхдээ “Монголд уг нь MNS 5968:2009 стандартыг мөрддөг. Гэвч сүүлийн үед хувь хүн, аж ахуй нэгжүүд зориулалтын бус материалаар стандартгүй хурд сааруулагч тавьдаг болсон. Бидний зүгээс бүгдэд нь хяналт тавьж чаддаггүй. Бидэнд шалгалт хийж, хариуцлага тооцох ч эрх байхгүй. Гэр хороолол, орон сууцны хороололд зам тавьж, түүндээ хурд сааруулагч хийж буй замын компаниуд биднээс огт зөвшөөрөл, зөвлөмж авдаггүй. Уг нь стандартаа бүгд мэддэг хэрнээ дур зоргоороо байдаг” гэв. Харин хяналт тавьж, хариуцлага тооцох эрхтэй Мэргэжлийн хяналтын газар нь замын асуудал, цаашлаад хурд сааруулагчид ач холбогдол өгдөггүй бололтой. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраар ороход дээрх сэдвээр хариулт өгөх хүн олдсонгүй. Улаанбаатар хотод тавьсан стандарт бус хурд сааруулагчийн хэд хэдэн жишээ дурдъя. Зайсанд тавьсан хурд сааруулагч дээр дурдсан Монголд мөрдөж буй стандартаас даруй таван см-­ээр өндөр. Таван см өндөр байхад л стандарт алдагдаж, автомашинд ямар нэгэн байдлаар хохирол учруулдаг. Эд хөрөнгөөрөө хохирсон иргэн М хэнд хандахаа мэдэхгүй хэсэг зогсож байгаад Замын цагдаад ханджээ. Харин замын цагдаа өмнөөс нь “Бид үүнд хяналт тавьдаггүй. Замын цагдаагийн үндсэн үүрэг бол хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөнд зохицуулалт хийх” гэсэн тайлбар өгсөн гэнэ. Угаасаа тэдний хариуцах ажил биш болохоор тайлбар нь ойлгомжтой байсан биз. Жолооч М стандарт бус хурд сааруулагчийг дайрч гарахдаа 20 орчим км/цагийн хурдтай явсан гэх. Дээрээс нь тухайн газарт “хурд сааруулагч байна” гэх тэмдэг, тэмдэглэгээ огт байгаагүй аж. 

МОНГОЛД АЛДАГДСАН СТАНДАРТ  

Стандарт бус хурд сааруу­лагчийг ихэвчлэн гэр хороолол, хотоос зайдуухан орон сууцны хороололд тавьдаг аж. хэд хэдэн жишээ хэлье. баянхошууны 70 давхрын зам байна. Замын хойд талд чимээгүй хот, харин урд талд нь гэр хороолол бий. Гол зам нь баянхошууны хөтөлөөс дэнжийн мянга дахь “хүчит шонхор” зах хүртэл үргэлжилнэ.  Замын урт 2.2 км орчим. Энэ хооронд арваад хурд сааруулагч байх бөгөөд бүгд стандарт бус. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь хэт намхан бол зарим нь өндөр, бас өргөн. Эдгээр хурд сааруулагч нь манай улсад мөрдөж буй стандартаас дунджаар таван см өндөр. Дээрээс нь хурд сааруулагчийн тэмдэг, тэмдэглэгээ бараг байхгүй. Үүнээс гадна Шархадны хоёрдугаар буудлаас Цахлай зах хүртэл хоёр хурд сааруулагчтай атлаа хоёулаа стандарт бус. бас л зохих стандартаас хоёр см­ээр өндөр байв. Зайсан, “тэсо”­гийн уулзвараас “Алтан тариа” компани хүртэлх байгалийн чулуун замыг ч нэрлэж болно. түүнчлэн улсын нэгдсэн гуравдугаар эмнэлгийн зүүн талын хойд зүг рүү чиглэсэн замд ердөө ганцхан хурд сааруулагчтай. Гэхдээ тэр нь мөн л стандартыг зөрчжээ. бүр 70 мм­ээр илүү буюу стандартаас хоёр дахин өндөр байгаа юм. ингээд стандарт бусыг нь хайгаад явбал стандартаасаа олон ч юм шиг. хурд сааруулагчтай холбоотой өөр нэг зөрчил улаанбаатарт түгээмэл. тэр нь тэмдэг, тэмдэглэгээний зөрчил. Стандартаараа бол 50­100 метрийн зайд тэмдгийг тавихаар заажээ. Гэтэл манайхан хурд сааруулагчийнхаа яг хажууд тэмдэглэгээ тавьсан байх нь энгийн үзэгдэл. угтаа бол хурд сааруулагчийн тэмдэглэгээ харсан жолооч хурдаа аажим аажмаар хасах ёстой. харин манайхан хурдтай явж байгаад хурд сааруулагч харахаараа огцом тоормос гишгэдэг. улмаар энэ нь осол гарах эрсдэл дагуулдаг байна. Нийслэлд гардаг авто ослын таван хувь нь стандарт бус хурд сааруулагчтай холбоотой байдаг аж. Яг дээрх шалтгаанаар жолооч нар огцом тоормос гишгэхэд арын машин зайгаа барьж яваагүйн улмаас, эсвэл хурдтай явж байгаад мөргөх тохиолдол элбэг гардаг тухай Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байцаагч, ахлагч Б.Мөнхбаяр ярьсан. 

ОЛОН УЛСАД РЕЗИНЭН ХУРД СААРУУЛАГЧ ХЭРЭГЛЭДЭГ 

Хурд сааруулагчийг ямар зорилгоор авто замд тавьдаг вэ. Ерөөсөө л осол аваараас сэргийлэхийн тулд шүү дээ. Ингэхдээ дэлхийн ихэнх оронд, ялангуяа Азид резинэн хурд сааруулагчийг зөвшөөрдөг байна. Ингэснээр жолооч нар автомашиныхаа эд ангийг эвдэхгүйгээр хурдаа сааруулна. Түүнчлэн хурд сааруулагчийн тэмдэглэгээ дор хаяж 100 метрийн зайтай, тод өнгийн цацруулагч, гэрэлтүүлэгтэй байдаг гэнэ. Монголд хамгийн ойрын жишээ нь БНХАУ. Тус улсад резинэн хурд сааруулагчийг зөвшөөрдөг бөгөөд өндөр нь 50 мм байдаг. Харин манай улсад резин, бетон, чулуу, асфальт, шар шавартай цемент гээд дуртайгаа сонгодог. Ингэхдээ ихэнх газарт аль болох хямд өртгөөр хийхийг илүүд үздэг. Бас хурд сааруулагчийн олонх нь тодосгогчгүй, таних тэмдэггүй байдаг учраас үүнийг стандарт бус гэж тодорхойлж байгаа юм. 

ДҮГНЭЛТ

Нийслэлчүүд нийслэлдээ эрх чөлөөтэй, элдэв стрессгүй амьдармаар байдаг. Гэвч өдөр бүр шахам стресстэх асуудал гарч ирсээр. Утаа угаар, замын түгжрэл, замын эвдрэл, хог шороо гээд л нийгэмд шийдэх ёстой олон асуудал байна. Тэдний нэг нь замын хурд сааруулагч гэдгийг мартаж болохгүй, бас орхигдуулж болохгүй. Энэ бол жижиг юм шиг хэрнээ маш том асуудал гэдгийг жийп унадаг хотын удирдлагууд ойлгоосой. Хотын дарга С.Амарсайхан, ерөнхий менежер Т.Гантөмөр, орлогч дарга Ж. Батбаясгалан, мөн засгийн эрх барьж буй намын удирдлагууд аа. Аз жаргалтай гэх тодорхойлолттой хотод эдийн засгаараа, эд хөрөнгөөрөө хохирмооргүй байгаа учраас энэ асуудлаа шийдвэрлэж өгөөрэй, дарга нар аа. Бухимдах сэдэв олон байхад дээрээс нь стандартгүй тавьсан хурд сааруулагчаас болж давхар стресст ормооргүй байна. Лизингээр, зээлээр авсан төмөр хүлгээ таван жил ч болтугай тайван унамаар л байна шүү. 









A

Жижиг

A

Дунд

A

Том

Энэ жил томуугийн В хүрээний вирус дэгдэх магадлалтай

Томуугийн тандалтын 45 дахь долоо хоногийн мэдээгээр 50 сорьц шинжлэхэд хоёрт нь В вирус илэрчээ

 0 сэтгэгдэл

Томуу нь амьсгалын замаар дамжин тархаж, бүх насны хүмүүсийг өвчлүүлдэг цочмог халдварт өвчин юм.

Хүйтний эрч чангарч, томуугийн дэгдэлтийн үе эхэлж байгаа тул дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжихийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд амбулаториор 200 мянга орчим хүн үйлчлүүлсний 4.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бол нийслэлд 3.6 хувьтай байгаа аж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад бага үзүүлэлт боловч цаашид нэмэгдэх хандлагатай талаар мэргэжилтнүүд анхаарууллаа. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Томуугийн тандалтын 45 дахь долоо хоногийн мэдээгээр 50 сорьц шинжлэхэд хоёрт нь В вирус илэрсэн. Тиймээс энэ жил томуугийн В хүрээний вирус гарах хандлагатай байна” гэв. Томуу нь амьсгалын замаар дамжин тархаж, бүх насны хүмүүсийг өвчлүүлдэг цочмог халдварт өвчин юм. Томуугийн үүсгэгч нь А, В, С гэсэн үндсэн гурван хэв шинжид хуваагддаг. В вирус нь улирлын томуугийн дэгдэлтийн үндсэн шалтгааны нэг болдог ч хувьсан өөрчлөгдөх шинж чанар багатай. Халдвар нь агаар дуслын зам (халдвартай хүн ханиах, найтаах, ярих үед вирус шүлсний дусалтай хамт агаарт цацагдах), бохир гар (халдвартай хүний нус, шүлсээр бохирлогдсон эд зүйлст хүрэх)-аар дамжин халдварлана. Томуу өвчний үед илрэх үндсэн шинж тэмдэг нь халуурах. Томуугийн В вирусийн халд-варын үед гэнэт өндөр халуурах боловч А вирусийн халдварын үеийн халууралтаас бага зэрэг хөнгөн байна. Насанд хүрэгсэд бага насны хүүхдүүдийг бодвол бага зэрэг халуурдаг тул бие сульдах, ядрах, биеэр шархирч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Түүнчлэн халуун буурах үед ханиалгах, хамраас нус гоожих, хоолой өвдөх шинж илрэх бөгөөд зарим тохиолдолд маш хурдан хүндэрч, уушгины хатгалгаа болдог. Эмнэлзүйн шинж тэмдгүүд ихэнхдээ нэг долоо хоногийн дараа арилах хэдий ч, ханиалга намдахгүй 2-3 долоо хоног үргэлжилж болно. Мөн дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг ходоод гэдэсний хямралын шинж тэмдэг илэрч болох юм. Үүнээс гадна риновирус, короновирус, бокавирус, аденовирус зэрэг томуугийн вирусүүд давхар эргэлтэнд байдаг. Эдгээр вируст бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд илүү их өртөх эрсдэлтэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

МҮЭХ: Даатгалын сангийн 240 тэрбум төгрөг буцаж олдохгүй байх нөхцөл бүрдлээ

Капитал банк нийт нэхэмжлэгчдийн хохирлыг барагдуулах эдийн засгийн чадамжгүй байна

 0 сэтгэгдэл


КАПИТАЛ БАНКНЫ НИЙТ ХӨРӨНГИЙГ БИТҮҮМЖИЛЖ, БҮХ ЗЭЭЛДЭГЧДЭЭС ХӨРӨНГӨӨ БУЦААЖ АВСАН Ч НЭХЭМЖЛЭГЧДИЙН ХОХИРЛЫГ 100 ХУВЬ БАРАГДУУЛАХ БОЛОМЖГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ БАЙНА. ТОДРУУЛБАЛ, НИЙТ ТӨЛӨХ ЁСТОЙ 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫН ТАЛ ХУВИЙГ Л БАРАГДУУЛАХ БОЛОМЖТОЙ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард дампуурлыг нь зарласан Капитал банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум, нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг байршиж байсан. Хэдийгээр тус банкны дампуурлыг Монголбанк зарлахдаа эрх хүлээн авагч томилж, харилцагчдын хохирлыг шат дараатай барагдуулах үүрэг өгсөн ч татвар төлөгчдийн бүрдүүлсэн даатгалын дээрх хоёр сангийн хохирлыг нэг ч төгрөгөөр барагдуулаагүй байна. Түүнчлэн барагдуулах эсэх нь ч эргэлзээтэй байгаа аж. Учир нь Монголбанкнаас гаргасан төлбөр барагдуулах дарааллын дагуу даатгалын сангийн мөнгө наймдугаарт бичигдсэн байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын сан болон бусад холбогдох байгууллагууд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш иргэдийн төлсөн шимтгэлийг нэн тэргүүнд буцаан авахаар нэхэмжлэл гаргасан ч өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Учир нь 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор шүүгчийн хүрэлцээгүй байдал бий болж, шүүн таслах ажиллагаа хийгдээгүй аж. Үүний улмаас иргэд хохирч, хариуцагчид завшсан байдалтай байгаа талаар МҮЭХ-ны төлөөлөгчид мэдээллээ. Тиймээс тус холбоо даатгалын сангийн хөрөнгийг яаралтай барагдуулах шаардлагыг Монгол банкинд хүргүүлж байгаа аж. Капитал банк нийт нэхэмжлэгчдийн хохирлыг барагдуулах эдийн засгийн чадамжгүй байгаа аж. Тиймээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө Монгол банкнаас гаргасан дарааллын дагуу явбал төлөгдөхгүй орхигдох магадлалтай талаар МҮЭХ-ны дэд тэргүүлэгч С.Эрдэнэ ярилаа. Тэрбээр “Капитал банкны нийт хөрөнгийг битүүмжилж, бүх зээлдэгчдээс хөрөнгөө буцааж авсан ч нэхэмжлэгчдийн хохирлыг 100 хувь барагдуулах боломжгүй талаар бидэнд мэдээлэл ирсэн. Тодруулбал, нийт төлөх ёстой 500 тэрбум төгрөгийн хохирлын тал хувийг л барагдуулах боломжтой. Үндсэндээ 200 тэрбум төгрөг дампуурсан банктай хамт үгүй болох эрсдэл үүсээд байна. Хэрэв нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө төлөх дарааллыг урагшлуулахгүй бол төлөгдөхгүй байх эрсдэл бий болоод байна. Түүнчлэн даатгалын сангийн 240 тэрбум төгрөг өнөөг хүртэл шийдэгдэлгүй гацсанаар тус мөнгөнөөс тооцогдох хүү зогссон. Банкинд нэг хувийн хүүтэй хадгалуулахад л сард дунджаар хоёр тэрбум төгрөг болдог. Зөвхөн хүүнээс олох байсан их хэмжээний мөнгөө даатгалын сангууд мөн алдаж байна. Гэтэл одоо нийгмийн даатгалын сан орлого, зарлагаа нөхөж чадахгүй алдагдал хүлээсэн хэмээж, иргэдийн нуруун дээр бүх ачааг үүрүүлж байна. Тодруулбал, ирэх оноос иргэдийн цалингаас суутгадаг НДШ-ийн хувь хэмжээг нэмэг-дүүлэхээр болсон. Зарим улстөрч даатгалын сангийн мөнгө гацалтад орсонтой холбоогүй гэж тайлбарлаж байгаа ч энэ бол байж боломгүй тайлбар” хэмээлээ. Харин эрх хүлээн авагчдын хэлж буйгаар Монголбанк, Засгийн газар, Капитал банкны төлөөлөгчид хамтран ажиллаж, даатгалын сангийн мөнгийг яаралтай барагдуулах асуудлаар хэлэлцсэн ч албан ёсны шийдвэрт хүрээгүй гэв. Түүнчлэн МҮЭХ-ноос Капитал банкийг дампууралд хүргэсэн хариуцлагагүй зээлдэгчдийг олон нийтэд зарлаж, зээлийг яаралтай төлж барагдуулах шаардлага хүргүүл хэмээн Монголбанкинд мэдэгдсэн байна. Гэтэл “хууль эрх зүйн хүрээнд тийм зохицуулалт байхгүй. Хувь хүний нэр төрд халдсан үйлдэлд тооцогддог” хэмээн хариулжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“The Hu” хамтлагт “Чингис хаан” одон гардуулахын тулд журмаа өөрчилжээ

“Оддын дайн” уран зөгнөлт киноны видео тоглоомын хэсэгт “The Hu” хамтлагийн дуу орохоор сонгогджээ

 0 сэтгэгдэл

Хүннү рок урсгалаар тамгалсан “The Hu” хамтлагийнханд уг шагналыг энэ сарын 27-нд гардуулах юм. Дээрх одонг nгардуулах журамд хамтлагт олгоно гэсэн заалт байдаггүй. Харин энэ жил уг журмыг шинэчилснээр “The Hu” хамтлагт олгох боломж нээгджээ.

Дэлхийн рок хөгжмийн урсгал хөгжлийнхөө дээд шатанд хүрч, цаашид хэрхэн хөгжих нь тодорхойгүй болсон эгзэгтэй үед монгол хамтлаг хөгжмийн ертөнцийг доргион гарч ирсэн нь “The Hu” хамтлаг байв. Тэд хөөмий, хархираа морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн дууга-ралтыг орчин үеийн рок хөгжмийн элементүүдтэй хавсарган Хүннү рок урсгалыг бий болгосон билээ. Тэгвэл Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа 11 хүний бүрэлдэхүүнтэй тус хамтлагт “Чингис хаан” одон гардуулахаар болсныг ЕТГ-ын дарга З.Энхболд албан ёсоор зарлав. Эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг тус одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтсон. Хүннү рок урсгалаар тамгалсан “The Hu” хамтлагийнханд уг шагналыг энэ сарын 27-нд гардуулах юм. Дээрх одонг гардуулах журамд хамтлагт олгоно гэсэн заалт байдаггүй. Харин энэ жил уг журмыг шинэ чилснээр “The Hu” хамтлагт олгох боломж нээгджээ. Ингэхдээ цор ганц одонг жаазалж гардуулах бол 11 гишүүний энгэрт тэмдэг зүүж өгөх гэнэ. Энэхүү баярт мэдээтэй зэрэгцэн “The Hu” хамтлагийн тухай бас нэгэн шинэ мэдээлэл цацагдав. “Оддын дайн” уран зөгнөлт киноны видео тоглоомын цоо шинэ хувилбар болох “Star Wars Jedi: Fallen Order”-той Монголын “The Hu” хамтлаг холбоотой боллоо. Тэдний “Хар аянга” дуу тоглоомын хэсэгт сонгогдсон ба энэ талаар www.reddit.com сайтад “Мон голын “The Hu” хамт лагийн дууг шинэ хувилбараас хоёр ч удаа сонсож болно. “Оддын дайн”-ы хувьд хамгийн тохиромжтой ая байсан. Морин хуур эгшиглэх төдийд “The Hu” хамтлаг тоглож буйг хүмүүс ойлгоно. Магадгүй хожмын нэг өдөр тэд өөрсдөө “Оддын дайн” видео тоглоомын дүрээр гарч ирэх ч юм билүү” хэмээн бичжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

М.Батболд: “Фауст” жүжгийг эмгэнэлт байдлаар тавихыг хүсээгүй

Цаашдаа Шекспирийн сонгодог болон модерн жүжиг найруулан тавих бодолтой байна.

 0 сэтгэгдэл


ГЁТЕ ЭНЭ ЗОХИОЛОО 60 ЖИЛИЙН ТУРШ БИЧСЭН. ЭНДЭЭС “ФАУСТ” ЖҮЖГИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ЦАР ХҮРЭЭ ХАРАГДАХ БАЙХ.

Германы алдарт зохиолч Гётегийн “Фауст” эмгэнэлт жүжгийг УДЭТ-ын уран бүтээлчид дахин тоглолоо. Энэ талаар тус театрын найруулагч М.Бат-болдтой ярилцлаа.

-2018 онд “Фауст” жүжгийг УДЭТ-ын уран бүтээлчид үзэгчдэд толилуулж байсан. Тухайн үед үзэгчид хэрхэн үнэлж байсан бэ?


-2018 тавьсан “Фауст” жүжиг бол миний Москвад Театр урлагийн академийн төгсөлтийн ажлын сэдэв байсан. Тухайн үед жүжгийн бичлэгээ аваад Москва руу буцах шаардлагатай байсан юм. Тиймээс ашиг олох, олон хүнд хүргэх гэж хичээгээгүй. Гэсэн хэдий ч маш амжилттай болж, олон хүний талархлыг хүлээсэн.

-Энэ удаагийн жүжгийн тавилт 2018 оныхоос ямар ялгаатай вэ?


-“Фауст” бол эмгэнэлт жүжиг. Гэхдээ би эмгэнэлт байдлаар тавихыг хүсээгүй. Эмгэнэлт жүжиг үзэх гэж ирсэн үзэгч эсрэгээрээ бадрангуйг нь үзээд гараасай гэж хүссэн.

-Энэ жилийн тоглолтод өмнөх уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Уран бүтээлчдийн багийг өөрчлөлгүй тоглуулсны учир юу вэ?


-Анх туршилт хэлбэрээр жүжгийг тавихад сэтгэл зүрхнээсээ оролцож, амжилттай болгосон уран бүтээлчдээ солихыг хүсээгүй. Энэ бол ёс суртахууны асуудал.

-“Фауст” жүжгийн зохиолыг унших, жүжгийг үзэхэд ч ойлгоход бэрх байдаг. Та үзэгчдэд ойлгомжтой байлгах тал дээр хэрхэн ажилласан бэ?


-Нэг мөр шүлэг, бурхны сургаал, нэг үлгэр ч өөрийн гэсэн санаатай байдаг. Мэдээж эх зохиол нь уншигчдад уйтгартай санагддаг. Гэхдээ зохиолч тухайн зохиолоор ямар санаа гаргах гэж зорьсон нь илүү чухал. Эртний зохиолыг орчин үеийн үзэгчдэд хэрхэн хүргэх вэ гэдэг шийдлийг найруулагч олох ёстой.

-Жүжгийн агуулгын талаар үзэгчдэдээ товчхон хүргэвэл?


-1800-аад оны зохиол. Агуулгын хувьд өнөөгийн нийгмийн амьдралыг зөгнөж бичсэн юм шиг санагддаг. Гёте энэ зохиолоо 60 жилийн турш бичсэн. Жирийн нэг зохиолыг 60 жил бичнэ гэж байхгүй. Эндээс “Фауст” жүжгийн сэтгэлгээний цар хүрээ харагдах байх.

-Жүжгийг эх хэлнээс нь монгол руу орчуулсныг найруулах, эх хэлнээс нь орос хэл рүү орчуулсныг найруулахын хооронд ялгаа байна биз?


-Энэ бол орчуулагчаасаа хамаарна. Орчуулагч уран яруу байдлыг нь барьж орчуулсан байна уу, гол утгад ач холбогдол өгсөн үү гэдгээс хамаарна. Тухайлбал, орос орчуулгад уран яруу талыг давамгайлж орчуулсан бол англи орчуулга логик талаас нь орчуулсан байдаг. Тиймээс найруулагч аль алийг нь судалж байж жүжгээ тавих нь зөв.

-Үзэгчид драмын урлагт хэр боловсорч байна вэ?


-Драмын жүжиг үзэх нь харьцангуй нэмэгдсэн. Жүжиг бол хүний мэдрэмжид чиглэсэн бүтээл. Тиймээс театр улам хөгжсөөр байх болно. Театр хамгийн ирээдүйтэй, тасралтгүй үргэлжлэх бизнес гэж бодож байна.

-Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөс хуваалцаач?


-Театр бол сэтгэлгээний хөгжлийг хүнд олгодог. Тиймээс цаашдын уран бүтээлүүдээ бас энэ чиглэл рүү ойртуулна гэж бодож байгаа. Уран бүтээлчид ингэж сэтгэж чадвал үзэгчдээсээ түрүүлж алхана. Ингэснээр үзэгчдийг хөгжүүлэх үүргээ биелүүлнэ. Миний хувьд цаашдаа Шекспирийн сонгодог болон модерн жүжиг найруулан тавих бодолтой байна.