A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4807/

Хуримтлалын туршлагаа хуваалцъя

Хуримтлалын туршлагаа хуваалцъя
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4807/
  • 2018 оны байдлаар манай улсын нийт өрхийн 23.7 хувь нь хадгаламжтай байна

Хуримтлал үүсгэх нь санхүүгийн эрх чөлөөнд хөтөлж, гэнэтийн эрсдэлээс сэргийлэх, зорилгодоо хүрэхэд туслах хэрэглүүр болдог гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Гэвч 2018 оны байдлаар Монгол Улсын нийт өрхийн 23.7 хувь нь хадгаламжтай байна. Харин 52 хувь нь ямар нэг зээлтэй аж. Энэ удаагийн “Баяжих ухаан” буландаа хуримтлал үүсгэж, түүнийхээ үр шимийг хүртэж яваа хүмүүсийн туршлага, сургамж, бэрхшээлийн тухай хуваалцаж байна.

Н.Нарангэрэл: Тогтмол орлоготой дансаа карттай холбохгүй байх нь зүйтэй

Мэргэжил: Төрийн захиргааны менежмент

Хуримтлуулж буй хугацаа: 10 жил 

Хадгалж буй орлогын хэмжээ: Орлогын 90 хувь

Би одоо 29 настай. Хуримтлал үүсгээд 10 жил болж байна. Үүнээс сүүлийн зургаан жилд нь орлогоо тасралтгүй хуримтлуулсан. Гэнэтийн шаардлагатай үед хэн ч танд туслахгүй тул бусдад найдахын оронд өөртөө найдаж, аливаа эрсдэлийг даван туулах хэрэгтэйг ойлгосон тул хуримтлалтай болохоор шийдсэн. Оюутан байхдаа хөтөч хийж олсон 20 ам.долларын цалин миний анхны хуримтлал болж байлаа. Тэр хуримтлалаа өсгөхийг хичээдэг байсан ч оюутан хүн тэр бүр мөнгө хийгээд байж чадахгүй. Ингээд гуравдугаар дамжаанаасаа цагийн ажил хийх болж, цалингаасаа бага багаар хуримтлуулсан. Энэ мэтээр хуримтлалаа өсгөх бүртээ өөртөө урамшиж байлаа. Гэр бүлтэй болсноос хойш арай өөрөөр хадгалж эхэлсэн. Хуримтлалдаа аль болох өндөр дүнтэй мөнгө хийх нь зүйтэй. Энэ нь зарлагаа хянаж, багасгахад тусалдаг. Мөн хугацаатай, хугацаагүй гэх мэт хэд хэдэн данстай байвал зүгээр. Яаралтай үед хугацаагүй хадгаламжаасаа хэрэглээд нөхөж хийдэг бол хугацаатай хадгаламжиндаа гар хүрэх ямар ч боломжгүй. Надад гурван банкны долоон данс бий. Түүнчлэн бэлэн мөнгө хэрэглэхээс татгалздаг бөгөөд тогтмол орлоготой дансаа карттай холбоогүй учир хэмнэхэд дөхөм байдаг.

А.Номин-Эрдэнэ: Хэдий чинээ хадгална төдий чинээ тэвчээр суудаг

Мэргэжил: Оюутан

Хуримтлуулж буй хугацаа: 3 жил 

Хадгалж буй орлогын хэмжээ: Орлогын 90 хувь

Би 16 нас хүрээд эцэг, эхээсээ тусдаа амьдрахаар шийдсэн. Мэдээж тэднээс тодорхой хэмжээний тусламж авдаг. Бие дааж амьдарч байгаа учраас амьжиргааны зардлаа хүрэлцэхээр хэмжээнд хэмнэж, хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарцуулахыг хүсэх болсон. Өмнө нь мөнгөө амттан, хоол хүнсэнд л үрчихдэг байсан. Хуримтлал үүсгэж байх үед дуртай зүйлээ идмээр санагдана, найзуудтайгаа гадуур гарахыг хүснэ. Тухайн үед 18 нас хүрээгүй учраас мөнгөө дугтуйнд хадгалж эхэлсэн. Хэрэглээний зардлуудаа ангилаад зургаан төрлийн дугтуй хийж, мөнгөө цуглуулах болсон. Удалгүй банкинд хоёр хадгаламжтай болж, харилцах данстай болсноор 100 хувь бие дааж амьдарч эхэлсэн. Энэ үеэс ажил хийж цалингаа хуримтуулдаг байлаа. Би Герман айлд хүүхэд харах, орчуулга хийх, бие даалт хийх зэргээр орлоготой болж, цалингаа хуримтлуулж байсан. Ажил хийж, бие дааж амьдарч эхэлсэн маань өөрийгөө өөрчлөх, мөнгөний үнэ цэнийг ойлгоход тусалж, мөнгөө хадгалах шалтгаан улам бүр нэмэгдсээр байгаа. Би зургаан төрлийн хадгаламжийн данстай. Гэрийн дансанд байрны төлбөр, ахуйн хэрэглээний зүйлс авах мөнгөө хуримтлуулдаг. Мөн аяллын данс, боловсролдоо зарцуулах данс гэж бий. Онлайн шоп ажиллуулж олсон бүх орлогоо бизнесийн дансандаа хийдэг. Харин найзуудтайгаа гадуур гарах, хоолонд орох үедээ зугаа цэнгэлийн дансаа ашигладаг. Сүүлийн үед үнэт цаасны арилжаа сонирхох болж, арилжааны данс нээсэн.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ч.Ганжавхлан: Хөл хорио тогтоосноос хойш манай хамгаалах байрны ачаалал дөрөв дахин нэмэгдсэн

 0 сэтгэгдэл
  • Гэмт хэргийн гаралт буурч байна гэж цагдаагийн газраас мэдээлээд байна. Сонгуулийн өмнө оноо алдахгүйн тулд Засгийн газраас үнэн бодит тоо, мэдээллийг нууж байна л гэж би харддаг
  • Үргэлж хандиваар үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас нийгэмд ээлтэй бизнесийн модель руу шилжихээр төлөвлөж байна. Өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг борлуулж, контент бий болгож үнэлүүлэхээр ажиллаж эхэлсэн
  • “Ид шидийн орон” төвийн ажилчдын цалин, хүүхдүүдийн эмчилгээ, асаргаа, ус, цахилгаан зэрэг нийлээд сард 30 орчим  сая төгрөгийн урсгал зардал гардаг. COVID-19 гарахаас өмнө “ид шидтэй ах, эгч” нараас энэ хэмжээний мөнгө цуглардаг  байсан. Гэхдээ хөл хорионоос хойш маш олон хандивлагч хасагдсан

Бизнесийн чиглэлээр суралцаж, гадаад хэлний сургалтын төв байгуулж, жуулчны компанид хөтөч хийх зэргээр өөрийгөө үргэлж туршиж, чадвараа сайжруулахыг хичээсээр ирсэн нэгэн бол Ч.Ганжавхлан юм. Түүнийг олон нийт “Лантуун дохио” ТББ, Jack’s coffee, “Ид шидийн орон”-ыг үүсгэн байгуулагч гэдгээр нь илүү сайн мэднэ. Гадаадад боловсрол эзэмшээд, эх орондоо ирээд удаагүй байхдаа "хүний наймааг зогсооё" гэсэн лоозон барьсан нэг гар, нэг хөлгүй хүнтэй таарсан нь түүнийг нийгэмд болж буй хүчирхийлэл, хүний наймааны эсрэг тэмцэж, эрх нь зөрчигдөж буй олон хүний дуу хоолой болоход хүргэсэн гэдэг. Түүнтэй ажил хэргийн талаар болон ТББ-ынх нь цаашдын зорилго, санхүүжилтийн талаар ярилцлаа.

-Сүүлийн үед ямар ажил хийж байна вэ. Ажлынх нь сонин сайхнаас яриагаа эхэлье?

-Бид “Ид шидийн орон-2” төвийнхөө барилгын ажлыг дуусгаад, УОК-д хүлээлгэж өглөө. Жилийн өмнө хоосон газар дээр мод тариад эхэлж байсан ч одоо ашиглалтад ороход бэлэн болсон байна. Ирэх сарын 1-нээс балет, англи хэл, монгол бүжиг, товшлуур бүжгийн сургалт нээхээр төлөвлөж байна. Хүүхдүүдээс ямар нэг төлбөр авахгүйгээр үйл ажиллагаа явуулна. Үүнээс гадна таван бүлэг, 15 цуврал бүхий хүүхдийн комик хийхээр ажиллаж байна. Хүүхдийн хүмүүжилд чиглэсэн “Бумбардай” цуврал бол байшин барихаас дутахааргүй чухал ажил. Учир нь тэднийг багаас нь зөв төлөвшүүлснээр ирээдүйд бий болох хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой.

-“Лантуун дохио” ТББ-г байгуулснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Хүний наймаанаас эхлээд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн зөрчигдөж буй эрхийг хөндөж, тулгарч буй бэрхшээлийг нь шийдвэрлэхийг хичээж ажилласан шүү дээ. Бусдын асуудлыг шийдэж, тэдний дуу хоолой болох мэдээж амаргүй байсан байх?

-Би 23 настайдаа “Лантуун дохио” ТББ-г байгуулж байлаа. Эхэндээ хүчирхийлэл, хүний наймааг хүмүүс төдийлэн ойлгохгүй байсан нь бага зэрэг хүндрэлтэй байсан. Зүрх зүсэм хүнд нөхцөл байдалд орсон хүмүүстэй уулзаж, асуудлыг нь шийдвэрлэхийг хичээх мэдээж амаргүй. Гэхдээ анхнаасаа аз жаргалтай, гэгээлэг зүйл рүү ороогүй гэдгээ маш сайн мэдэж байсан болохоор шантрах, бууж өгөх тухай бодоогүй л дээ. Ер нь сэдэв хараад “ямар хэцүү юм бэ” гэж ярих, бодит байдалтай нүүр тулах хоёр харилцан адилгүй. Хүнд байдалд орсон эмэгтэйчүүд, хүүхдүүдийн нүд рүү нь хараад, гарыг нь бариад, цус, нулимсыг үзсэний дараа өөрийгөө ямар чухал зүйл хийж байгаагаа улам сайн ойлгодог юм билээ. Одоо бол биднийг ихэнх хүн амжилтын нэг жишээ болгон ярьдаг болж. Гэхдээ хүмүүст танигдахаасаа өмнө, бүдэрч унасан маш олон өдрийг туулсан юм шүү. Тэр цаг үе амжилтын хамгийн чухал суурь байсан юм билээ.

-Та бизнесийн чиглэлээр БНСУ, АНУ, БНХАУ зэрэг улсад суралцаж төгссөн. Заавал бусдын зовлон руу өнгийхгүйгээр мэргэжлийнхээ ажлыг хийгээд, жаргалтай амьдарч болохоор байхад амьдралынхаа найман жилийг хүнд байдалд орсон хүмүүсийн бэрхшээлийг шийдэхэд зориулсанд шалтгаан бий байх?

-Чи сая аз жаргал гэж хэллээ. Хүн бүхэн харилцан адилгүй зүйлээс аз жаргалыг мэдэрдэг. Зарим хүнд үнэтэй машин унаад, том байшинд амьдрах нь аз жаргал байдаг бол зарим нь бусдад баяр, баясал бэлэглэж жаргалтай болдог. Харин би асуудал, бэрхшээлийг шийдэж, гаргалаа олж байхдаа аз жаргалтай болдог юм. Бусдын төлөө өөрийгөө золиод гэх мэт романтик үгэнд би нэг их дуртай биш. Бусдын төлөө явах гэсэндээ би энэ ажлыг хийгээгүй. Зүгээр л үүнийг хийснээр хүн байхын гол утга учрыг мэдэрдэг юм. Тиймээс энэ ажил золиос, зовлон бус миний амьдарч болох хамгийн сайн, зөв хэлбэр. Хэрэв чиний хэлснээр хувиа хичээгээд явсан бол арай том машин унаад, том байшинд амьдраад, илүү үнэтэй хувцас өмсөх байсан байх л даа. Энэ нь миний эргэн тойрны хэсэг хүмүүст сайнаар нөлөөлнө. Гэхдээ бид одоо хэдэн мянган хүнд нөлөөлж, хэдэн зуун хүнд тустай үйл хийж байна. Мөн би цэвэр агаартай, цэлгэр нутагтай эх оронд мэндэлсэн. Тэгэхээр би энэ нийгмээс маш их зүйл авсан хэрэг. Үүнийхээ хариуд ямар нэг зүйл өгөх ёстой. Тиймээс үрдээ болон өөр олон мянган хүүхдэд эрүүл, аюулгүй нийгэм үлдээхийн төлөө л хичээж байна. 

-ТББ нэрийн доор мөнгөждөг хүн мэр, сэр байдаг шүү дээ. Танай байгууллагыг ч ингэж харддаг хүн цөөнгүй байдаг байх?

-Олон нийтийн ажил хийгээд, олон хүний хандив, тусламжаар үйл ажиллагаагаа явуулж байгаа болохоор хардаж сэрдэх нь аргагүй. Гэхдээ саяхан намайг хардахаасаа илүүтэй ёс зүйгүйгээр гүтгэсэн. Анх үйл ажиллагаагаа эхэлж байхад ч иймэрхүү яриа гардаг л байлаа. Тэгэх болгонд нь гомдоод, заргалдаад явах боломж ч, хүсэл ч байсангүй. Хүмүүс Ч.Ганжавхланд хандив өгч байна гэж ойлгоод байдаг. Уг нь би бусдын адил л хандивлагч юм шүү дээ. Боловсрол, менежментийн ухаан, бичих чадвар зэрэг бүх л сурсан, мэдсэн зүйлээ энэ ажилд зориулж байна. Үүнийхээ хариуд нэг ширхэг будаа ч авдаггүй. Ямар ч цалин мөнгө авахгүйгээр бүх сэтгэлээрээ ажлаа хийж байна. Найман жилийн турш ингэж ажилласан ч гүтгүүлсээр байна гэдэг амаргүй л дээ. Хэдий сэтгэлийн дархлаа байдаг ч төмөр хүн биш болохоор үндэслэлгүй гүжир, гүтгэлэг хараад хямардаг л юм. Манай байгууллагын хувьд шилэн дансны системээр ажилладаг. Мөн олон улсын хамгийн том аудитад шалгуулдаг. Үүнээс гадна би хандивтай огт харьцдаггүй. Санхүү хариуцсан хүмүүс тусдаа бий. Бид бэлэн мөнгөний хандив авахаас аль болох татгалздаг. Дансаар бүх төлбөр тооцоо хийвэл хянаж, шалгахад хялбар байдаг.

-“Ид шидтэй ах, эгч” хөтөлбөр, хандив өгөхөд илүү хялбар болсон байна лээ. Хүмүүсийн данснаас, шимтгэл авахгүйгээр бага хэмжээний мөнгө тогтмол хасагддаг байх аа. “Ид шидийн орон” төвийн зардлыг энэ хандиваас бүрдүүлдэг үү?

-“Ид шидтэй ах, эгч” хөтөлбөр хэрэгжсэнээр хүмүүс өдөр бүр мөнгө хандивлах боломжтой болсон. Монголд байгаа ид шидтэй ах, эгч нар өдөрт 100 төгрөг, АНУ-д байгаа бол нэг ам.доллар хандивладаг. Хэдий бага мөнгө мэт болов ч олон хүний хандив цуглаад манай байгууллагын хамгийн чухал санхүүжилт болдог. 

-“Ид шидтэй ах, эгч” нараас сард дунджаар хэчнээн төгрөгийн хандив цуглардаг вэ?

-“Ид шидийн орон” төвийн ажилчдын цалин, хүүхдүүдийн эмчилгээ, асаргаа, ус, цахилгаан зэрэг нийлээд сард 30 орчим сая төгрөгийн урсгал зардал гардаг. COVID-19 гарахаас өмнө “ид шидтэй ах, эгч” нараас энэ хэмжээний мөнгө цуглардаг байсан. Гэхдээ хөл хорионоос хойш маш олон хандивлагч хасагдсан. 

-Өнгөрсөн сард бид гэр хорооллоор явж, хүүхдүүдийн нөхцөл байдлыг сурвалжилсан юм. Сургууль, цэцэрлэг амарснаас хойш ахуйн өлсгөлөн бий болж, хүүхдүүд хүчирхийлэлд өртөх эрсдэл нэмэгдсэн нь анзаарагдаж байлаа. Танай хамгаалах төвийн ачаалал хөл хорио тогтоосноос хойш нэмэгдсэн үү?

-Хөл хорио тогтоосноос хойш хамгаалах байрны ачаалал дөрөв дахин нэмэгдсэн. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгт явж, тэндээ хооллож, хамгаалуулдаг байсан нь больчихлоо шүү дээ. Мөн коронавирусийн улмаас маш олон хүн ажилгүй боллоо. 46 мянган хүн ажилгүй болоход цаана нь 200 орчим мянган хүүхдийн асуудал хөндөгдөнө. Ингэхээр ахуйн өлсгөлөн бий болно. Архидалт, стресс нэмэгдэнэ. Гэр бүл доторх өөрийгөө хамгаалах чадваргүй, хамгийн хүч муутай нь хүүхэд болохоор тэд стресс тайлах гол субьект болдог. Би нэг зүйлийг гайхаад байгаа юм. Гэмт хэргийн гаралт буурч байна гэж цагдаагийн газраас мэдээлээд байна. Сонгуулийн өмнө оноо алдахгүйн тулд Засгийн газраас үнэн бодит тоо, мэдээллийг нууж байна л гэж би харддаг. Бид гэмт хэргийн хамгийн оргил цэг дээр ажилладаг. Хоёр гудамж өнгөрөх бүрт л архи ууж, тасарсан хүн хэвтэж байна шүү дээ. Эдгээр хүмүүс гэртээ очно. Тэгэхээр гэмт хэргийн гаралт буурна гэж байхгүй.

-Хамгаалах төв нь хэзээнээс үйл ажиллагаа явуулж байна вэ. Улсын хэмжээнд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг хэчнээн байгууллага байдаг бол?

-2018 оны нэгдүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд хүүхэд хамгааллын хоёр л байгууллага бий. Нэг нь 108, нөгөө нь “Ид шидийн орон”. Хамгаалах байгууллага бол хүчирхийллээс шууд ирж байгаа хүүхдэд хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Тухайн хүүхдээс ямар нэг төлбөр мөнгө авдаггүй. Манайх үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 260 гаруй хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалсан байна. Нийт гарч буй гэмт хэрэгтэй харьцуулахад их тоо биш ч хүний амь, амьдрал гэж харвал бага тоо биш. Манай хамгаалах байр улсын ачааллаас маш их хөнгөлж байна. 108 төв ачааллаа дийлэхгүй үед тэндээс хүүхдүүд ирдэг.

-ТББ үйл ажиллагаа явуулахад багагүй хөрөнгө шаардлагатай. Санхүүжилтийг нь зөвхөн хандиваар босгодог уу ?

-Өнгөрсөн хугацаанд манай байгууллага хандивын системээр л санхүүгээ бий болгож, үйл ажиллагаагаа явуулж. Гэхдээ үргэлж хандиваар үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас нийгэмд ээлтэй бизнесийн модель руу шилжихээр төлөвлөж байна. Өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг борлуулж, контент бий болгож үнэлүүлэхээр ажиллаж эхэлсэн. Мөн жижигхэн оёдлын үйлдвэр байгуулахыг зорьж байна. Бүтээгдэхүүнээ хүмүүсийн худалдан авалттай холбоно гэсэн үг. Ингэснээр иргэд хэрэгцээт бүтээгдэхүүнээ худалдж авах замаар манай байгууллагад хандив өгөх боломжтой. Ер нь ашиг нь л хүүхдийн төлөө болохоос ТББ бизнестэй ойролцоо шүү дээ.

-ТББ байгуулахыг зорьж буй олон залуус бий. Гэхдээ хандив, тусламж цугларч, үйл ажиллагаа жигдрэхэд амаргүй байдаг шүү дээ. Танай байгууллага ч мөн энэ замналыг туулсан байх. Хүмүүст танигдаж, өргөжсөн түүхээсээ хуваалцахгүй юу?

-Бид үнэн байсан. Мөн үнэн гэдгээ маш сайн илэрхийлдэг байлаа. Мэдээж шууд л хандив цуглараад, үйл ажиллагаа жигдрэхгүй шүү дээ. Анх Баянхошууны Зүүн салааны уулан дээр очоод байшин барих газрынхан хогийг цэвэрлэж, суурийг нь ухаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, дэлгэцийн цаанаас юм биччихээд, шилэн барилга дотор, гараа хумхиад суугаагүй юм. Эхэндээ хүмүүс улс төрд орох гэж байна, сонгуульд бэлтгэж байна, мөнгө идэх нь гэх мэтээр хардаж байсан. Гэхдээ хэчнээн муулж, өөлсөн ч ажиглаад л байдаг юм билээ. Тэр үед бид шантраагүй, хэн нэгэнд ялархаагүй. Зүгээр л нэг тоосго, нэг цемент олохын төлөө хөдөлмөрлөж байсан. Тэр хандлага л том мөсөн уулыг нураах гол хүчин зүйл байсан юм билээ. Аажимдаа хүмүүс таньж эхэлсэн. Энэ хүүхдүүд үнэхээр юм хийх гээд байна гэдгийг олж харсан.

-Анх таныг улс төрд орох гэж байна гэж харддаг байсан гэлээ. Одоо ч энэ хандлага хэвээрээ юм шиг анзаарагддаг?

-Ч.Ганжавхлан улс төрд орох сонирхолтой гэсэн хардлага найман жилийн турш намайг дагалдаж байна. Би тайлбар өгсөн, өгөөгүй ялгаагүй байдаг. Хэрэв надад улс төрд орох сонирхол байсан бол өнгөрсөн хоёр ч сонгуулийн аль нэгэнд өрсөлдөж болох л байсан. Гэтэл би хороонд ч дэвшсэнгүй, намд ч элссэнгүй. Хүмүүсийн хардах нь аргагүй байх. Учир нь өмнө нь олон хүн сайхан юм ярьж байгаад улс төрд орчихсон. Ороод ч олигтой ажил хийж чадаагүй болохоор намайг тэдэнтэй адилтгадаг байх л даа. Гэхдээ би улс төрд дургүй, огт сонирхдоггүй хүн биш. Залуучууд улс төрд орох хэрэгтэй. Мундаг залуучууд улс төрд орохоор зорьж байгаа бол би дэмжинэ. Гэхдээ хүмүүс улс төрийг ямар нэг үйл ажиллагаа эхлүүлэх, бодлогод нөлөөлөх цорын ганц зам гэж хардаг нь буруу санагддаг юм. Боловсролтой улстөрчдөд нөлөөлж, хамтарч ажиллаж болно шүү дээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

The Voice шоу бол үндэсний урлагаа сурталчлах маш том боломж

 0 сэтгэгдэл
  • Энэ шоу Австрали төдийгүй дэлхий даяар цацагдах учир урилгыг нь дуртайяа хүлээн авсан
  • Монголчууд маань урмын үгээр угтаж авсан болохоор үнэхээр сайхан байсан. Бичлэг цацагдсаны дараа манайхан цахимд давалгаалж байгааг хараад нэг их том армид орчихсон мэт сэтгэгдэл төрсөн. Монгол улс гэж ямар улс вэ? ямар өв соёлтой вэ, бидний дуу хөгжим хэчнээн гайхалтай вэ гэдгийг харуулах нь хамгийн чухал
  • Mother and father дуу эх орон, ээж аавыг минь санагдуулж, төрсөн гэртээ очоод ирсэн юм шиг л мэдрэгддэг. Тайзан дээр байхдаа би шүүгчид эргэсэн эсэхийг ч анзаараагүй

Хэдхэн хоногийн өмнө Австрали улсын The Voice шоуны тайзнаа морин хуурын аялгуу эгшиглэж, ардын уянгат дуу, дахин    давтагдашгүй хөөмийн чимээ Монголын төдийгүй дэлхийн хүн зоныг уяраасан билээ. Энэ аялгууг сонсоод эх нутгаа санасан монголчууд нулимс мэлмэрүүлж, монгол хүн болж төрснөөрөө бахархаж, огшиж байв. Харин энэхүү гайхамшигт   аялгууг эгшиглүүлсэн эрхэм авьяастан бол Австрали улсад ажиллаж, амьдардаг монгол залуу Ганбүргэдийн Бөхчулуун билээ.

-Урилга хүлээн авсанд баярлалаа. Хүмүүс таныг “Домог” хамтлагийн гишүүн байсан гэдгээр нь илүү сайн мэддэг. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Г.Бөхчулуун гэдэг. Хөгжим бүжгийн консерваторыг төгссөнөөсөө хойш үндэсний хөгжмөө 22 жил тоглож байна. Харин хөөмийлж эхлээд 15 жил өнгөрчээ.

-Яагаад The Voice шоуны тайзыг зорих болов?

-Үндэсний урлагаа хөгжүүлэх, түгээх, олон улсад сурталчлах нь уран бүтээлч хүн төдийгүй монгол хүн бүрийн эрхэм үүрэг. Би The Voice шоуны тайзыг үндэсний урлагаа сурталчлах маркетингийн маш том боломж гэж харсан. Австрали төдийгүй дэлхий даяар цацагдах учир урилга ирэхэд нь дуртайяа хүлээн авсан. Монгол Улс гэж ямар улс вэ, ямар өв соёлтой вэ, бидний дуу хөгжим хэчнээн гайхалтай вэ гэдгийг харуулахыг хүссэн. Зорилгоо ч бас тодорхой хэмжээнд биелүүлж чадсан болов уу. Би Австралид ирээд 11 жил болж байна. Ихэнх австраличууд “Монгол гэж ямар улс вэ, Хаана  байдаг вэ, Хятадын нэг хэсэг үү” гэх мэт асуулт асуудаг. Энэ хандлагыг ч бас өөрчлөхийг хүсдэг.

-Таны сонгосон шүүгч Гай Себастьян “Бид өөр хэний ч хийж чадахгүй зүйлийг хийдэг гайхалтай гишүүнтэй боллоо” гэж хэлсэн байсан. Яагаад тэр шүүгчийг сонгох болов?

-Миний дуртай дуучин л даа. Намуухан хэмнэлтэй, гоё дуунуудтай. The Voice-ийн урилга ирэхэд нь би ямар хүмүүс шүүх талаар нь ч тодруулж асуусан. Урилгыг нь хүлээн авахад нөлөөлсөн бас нэг хүчин зүйл Тай Сибастян байсан гэж хэлж болно.

-Тайзан дээрх мэдрэмж, үзэгчдийн сэтгэгдэл ямар байсан бэ?

-Үзэгчид маш сайхан хүлээн авч, өндөр сэтгэгдэлтэй байсан. Хамгийн сонин нь тайзан дээр гарах үед надад ямар нэг мэдрэмж төрдөггүй. Бүр сандардаг ч үгүй. Би сандарч, догдлох юмсан гэж хүсдэг шүү. Заримдаа сандарсан үед хүнээс сэтгэл хөдлөл шингэсэн жинхэнэ амьд, мэдрэмжтэй уран бүтээл төрдөг шүү дээ. Албаар сандрах гэж оролддог ч нэг л болж өгдөггүй юм /инээв/. Олон жил ажиллаад ирэхээр дөжирчихдөг байж мэднэ.

-Эхний шатанд дуулсан дуугаа таныг өөрөө зохиосон гэж сонссон. Эх орноо санасан олон хүний зүрх сэтгэлийг дэвтээж байх шиг байна? 

-Миний ээж Хөвсгөлийн Хатгалын хүн. Ээжийгээ, Хөвсгөлийнхөө үзэсгэлэнт байгалийг сэтгэлдээ харж, тэр мэдрэмжээ илэрхийлсэн. Нам гүм байдал, байгалийн аниргүй чимээг сэтгэлдээ байнга хардаг. Энэ дууг дуулахаар эх орон, ээж аавыг минь санагдуулж, төрсөн гэртээ очоод ирсэн юм шиг л мэдрэгддэг. Ямар сайндаа дуулж байхдаа би шүүгчид эргэсэн эсэхийг ч анзаараагүй байсан.

-Эх орныхоо юуг хамгийн их санадаг вэ?

-Ээж, аавыгаа л хамгийн их санах юм даа. Би Монголдоо зун бүр очдог. Өнгөрсөн жил ч бас очсон. Харамсалтай энэ жил чадахгүй бололтой. Эх орондоо очихоор онгоцноос буугаад л шал өөр болчихдог. Нэг л сайхан тайван, хамаг бие сулраад л. 

-Таныг өөрийн гэсэн хамтлагтай гэж дуулсан. Мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?

-Тийм ээ, мэргэжлээрээ ажиллаж байна. Би хоёр хамтлагтай. Нэг хамтлагтаа “Ая” гэж нэр өгсөн. Манай хамтлаг саяхан Монголын хамгийн ховор амьтдын нэг мазаалайд зориулсан шинэ ая зохиосон байгаа. Энэ амьтны тухай олон хүн мэдвэл, мөхлөөс аврах боломжтой. Харин нөгөө хамтлагийн маань нэр Equus. Энэ нь латинаар морь гэсэн утгатай. Мөн Австралийн сургуулиудад хөгжмийн хичээл зааж, бага, дунд сургуулиудаар тоглолт хийдэг. Энэ улсад маш олон үндэстэн, ястан байдаг учир бүх орны хөгжимчдийн уран бүтээлийг толилуулж, хүүхдүүдийнхээ хөгжмийн боловсролд анхаарахаас гадна хөгжмөөр дамжуулан улс үндэстнүүдийн талаарх мэдлэгийн хүрээг нь тэлдэг. Хааяа хоббигоороо уран зураг болон интерьер дизайны чиглэлээр ажиллаж байна.

-Танай хамтлагууд бүтээлээ ямар жанраар туурвидаг вэ?

-Монгол ардын дуу болон уртын дууг орчин үеийн хэмнэлд оруулж тоглодог. Ерөнхийдөө этно гэж хэлж болно.

-Гишүүд нь монгол хүмүүс үү? 

-Бүх гишүүд маань Австрали.

-Хамтлаг гэснээс та “Домог” хамтлагаас яагаад гарсан юм бэ?

-2009 онд Австрали руу ирээд, “Домог” хамтлагийнхаа уран бүтээлд оролцох боломжгүй болсон. Бид хөгжим бүжгийн нэг ангийн хүүхдүүд шүү дээ. Байнга холбоотой байдаг. Улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосон болохоор тоглолтууд нь цуцлагдаж, манай хэд амралтын байдалтай байгаа.

-Австралид халдварын нөхцөл байдал ямар байна вэ. Уран бүтээлд нь нөлөөлж байна уу?

-Хөл хорио урлагийн салбарынханд хамгийн их нөлөөлж байна. Бүх тоглолтууд цуцлагдсан. Хэзээ хэвийн болох талаар мэдээлэлгүй байна. 

-Та хөгжмийн ертөнцтэй хэрхэн холбогдож байв. Удамд нь урлагийн хүмүүс бий юу?

-Өвөө маань хөгжмөө өөрөө урладаг, гарын дүйтэй дархан хүн байсан юм гэнэ лээ. Бас сайхан дуулдаг, хөгжим тоглодог тийм буурай байж. Би өвөөгөө харж байгаагүй ээ. Аав маань өвөөгөөс гарын урыг нь өвлөсөн барилгын инженер мэргэжилтэй, дархан хүн. Харин авга ах маань хөгжим тоглох авьяасыг нь өвлөсөн, МУГЖ н.Идэрбат гэж хүн бий. Энэ авьяас нь надад удамшсан болов уу даа.

-Таныг тайзан дээр байхад эхнэр тань нулимс дуслуулж байсан. Цахим орчинд олон монголчууд талархлаа илэрхийлсэн байсан. Танд ямар сэтгэгдэл төрж байна?

-Монголчууд маань урмын үгээр угтаж авсан болохоор үнэхээр сайхан байсан. Бичлэг цацагдсаны дараа манайхан цахимд давалгаалж байгааг хараад нэг их том армид орчихсон мэт сэтгэгдэл төрсөн. Баярлаад л /инээв/.

-Та TEDxSydney-н тайзан дээр морин хуураа эгшиглүүлж байсан. Энэ дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-TEDxSydney-д 2016 онд оролцож, 4500 гаруй хүний өмнө хуур татсан. Морин хуураа тоглохоос гадна тэдгээр үзэгчийг удирдаж, хоор дуулсан учраас үнэхээр үгээр хэлэмгүй, бахархалтай мөч, гайхалтай тайз байсан.


-Гаднын иргэд манай үндэсний хөгжим, хөөмий, ардын урлагийн соёлыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Маш их хүндэтгэн хүлээж авдаг. Би хөгжмөөр дамжуулж эх орноо сурталчлах нь хамгийн зөв гэж боддог. Чаддаг юмаа хийгээд, эх орондоо хувь нэмэр оруулах нь монгол хүн бүрийн үүрэг.

-Монголын үндэсний хөгжим сүүлийн жилүүдэд эрчээ авч дэлхийн зах зээлд хүч түрж байна. Энэ амжилтыг та хэрхэн харж байна?

-Маш ухаантай алхам хийх ёстой. Ямар хүмүүстэй хамтран ажиллах, хамтрах гэж буй байгууллагын чадвар, нэр хүнд, гарын үсэг зурах гэж буй гэрээний нөхцөл гээд олон зүйлийг анхаарах шаардлагатай. Тайзан дээр нэгэнт л гарсан бол ур чадвартай нь хүссэн хүсээгүй цаашаа явна. Менежерүүд чамайг авьяастай, амжилтад хүрэх ирээдүйтэй бол шүүрнэ гэсэн зарчимтай.

-Таны уран бүтээлийн онгод юу вэ?

-Тухайн үеийн мэдрэмж, уран сэтгэмжээс шалтгаална. Тархин дотроо зураг зурахтай адил юм уу. Тэр зургийг яаж хөгжмийн хэлээр илэрхийлж, хүмүүст ойлгуулах вэ гэдэгт төвлөрдөг учраас өөрийнхөө гүнээс, дотроосоо тоглох хэрэгтэй. 

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-The Voice шоунд орсноор миний нэг зорилго биелсэн гэж хэлж болно. Монгол дуу гэж юу вэ, морин хуур гэж юу вэ, хөдөө гэж юу вэ гэдгийг олон хүн мэддэг боллоо. The Hu хамтлаг эх орноо сурталчлах үүргийг хамгийн сайн биелүүлж байна. Намайг оюутан байхад жаахан хүүхдүүд Хөгжим бүжгийн коллежид орж ирж байлаа. Дэлхийд нэрээ мандуулж байгаа тэднээр бахархахгүй байхын аргагүй. Мөн Домог, Хөсөгтөн гээд үндэсний өв соёлоо тээж, хөгжүүлж яваа бүх уран бүтээлчдээрээ маш их бахархдаг шүү. Би ч гэсэн хичээнээ гэж хэлмээр байна. Бүх монголчууддаа баярлалаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Чойжин ламын сүм музейн газрын 20 хувьд автомашины зогсоол барина

 0 сэтгэгдэл
  • Манайх үйлчилгээний байгууллага атал жуулчдад зориулсан автомашины зогсоолгүй. Жуулчны том оврын автобус ирж зогсох боломжгүй учраас зам дээр яаран сандран буулгадаг гэв
  • Тус сүмийг 1904-1908 оны хооронд Чойжин лам Лувсанхайдавын (8-р Богд Жавзандамба хутагтын дүү) шашин номын үйл хэрэгт зориулан бүтээжээ

Эртний түүхэн дурсгалт Чойжин ламын сүм музейн эргэн тойрныг тохижуулах нэрийн дор автомашины зогсоол барьж байна гэх мэдээлэл цахим орчинд эрчтэй тархаж, олон хүний дургүйцлийг хүргэсэн. Тиймээс хотын захиргаа болон музейн удирдлагууд тэр дор нь хэвлэлийн бага хурал зарлаж, үүсээд буй нөхцөл байдлыг тайлбарлалаа. 2001 оны Засгийн газрын тогтоолоор музейн барилгыг улсын хамгаалалтад авсан бөгөөд 2019 онд музейн захиргаанаас тавьсан хүсэлтийн дагуу зөвшөөрөлгүй барилгыг буулгаж, тохижилтын зураг төслийг баталсан болохыг Хот байгуулалт хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр хэлэв. “Музейн хоёр га газрын 60 хувьд ногоон байгууламж, 20 хувьд нь автомашины зогсоол барих бол 20 хувь нь явган хүний зам талбай байх юм” хэмээн тэрбээр тайлбарласан. Хэрмэн хашаан доторх тохижилтыг нийслэлийн төсвийн 365 сая төгрөгөөр хийсэн бол Махранзын сүмээс Гэндэнгийн гудамж хүртэлх 7393 ам.метр талбайн тохижилтыг MCS групп нийгмийн хариуцлагын хүрээнд 700 сая төгрөгийн санхүүжилтээр хийсэн болохыг Монголын урлагийн зөвлөлийн Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх хэлсэн юм. Харин Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн өнөөгийн нөхцөл байдлыг нэмэлт хачиргүй тайлбарлав. “Музейн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгах гэж бид 10 жилийн турш шүүхдэлцсэн. 

Тэр буулгасан газар дээрээ машины зогсоол барьж байгаа юм. Музейн эргэн тойронд хувь хүмүүсийн автомашинаа тавьдаг зогсоол бий. Гэтэл манайх үйлчилгээний байгууллага атал жуулчдын автомашины зогсоолгүй. Жуулчны том оврын автобус ирж зогсох боломжгүй учраас зам дээр жуулчдаа яаран сандран буулгадаг. Үүнээс болж дүрэм зөрчсөн хэргээр жолооч нь торгуулах  тохиолдол олон. Үүнээс гадна том автобус зогсох гэж тэр хавьд маш их түгжрэл үүсгэдэг. Энэ газарт бид олон улсын жишигт нийцсэн ажлуудыг шат дараатай хийж байгаа. Юун түрүүнд авто зогсоол баригдах юм. Араас нь ногоон байгууламж, явган хүний зам баригдана. Манай музей төвийн халаалтгүй, гүний худагтай. Тениэр халаалтаа шийддэг. Гэтэл 2010 оны судалгаагаар тус гүний усыг унданд хэрэглэж болохгүй, нефтийн агууламжтай байна гэсэн. Манай хүмүүс хүнд байдалд ажиллаж байна. Мөн хэрмэн хашааг автомашинууд маш их гэмтээдэг. Гэтэл энэ хашаа бол соёлын өв” хэмээн Д.Отгонсүрэн захирал ярьсан юм. Тус сүмийг 1904-1908 оны хооронд Чойжин лам Лувсанхайдавын (8-р богд Жавзандамба хутагтын дүү) шашин номын үйл хэрэгт зориулан бүтээжээ. 1940-1960 оны хооронд гадаадын зочид төлөөлөгчдөд үзүүлдэг хаалттай музей байсан бол 1961 оноос иргэдэд нээлттэй болгосон байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Коронавирустэй өвчтөн 11 хоноод халдваргүй

 0 сэтгэгдэл
  • Халдвар туссан хүнд COVID-19-ийн шинж тэмдэг илэрч эхлэхээс өмнөх хоёр хоногт вирус бусдад халдах хамгийн их магадлалтай
  • COVID-19-тэй өвчтөнийг эмчилж буй Сингапурын эмчилгээний стратегид уг дүгнэлтийг харгалзаж үзэх эсэхэд тус улсын Эрүүл мэндийн яам үнэлгээ өгөх гэж буйг Strait Times мэдээлэв

COVID-19-өөр өвчилсөн хүн халдвар авснаас хойш 11 өдрийн дараа тестээр эерэг гарсан ч бусдад вирус халдаах аюулгүй болж байгааг Сингапурын халдварт өвчин судлалын экспертийн шинэ судалгаа харуулав. Тестийн эерэг дүн нь өвчтөн “бусдад халдварлах, үржиж олшрох чадвар бүхий вирустэй гэсэн үг биш” гэдгийг Сингапурын Халдварт өвчний үндэсний төв (NCID-Natiional Centre for Infectious Disease), Анагаах ухааны академийн хамтарсан судалгааны тайланд тайлбарлажээ. Коронавирусээр халдварласан 11 дэх хоногоос эхлэн өвчтөний биеэс вирус тусгаарлах, өсгөвөр үүсгэх боломжгүй болж байна. Сингапурын эрдэмтэд COVID-19-ээр өвдсөн 73 өвчтөнд хийсэн судалгаанд үндэслэн уг тайланг гаргасан юм. Энэ шинэ дүгнэлт нь тус улсад коронавирус туссан өвчтөнүүдийг эмнэлгээс гаргах журамд өөрчлөлт оруулж болзошгүй. Одоогоор өвчтөнийг бусдад халдвартай эсэхээр нь бус, тестийн сөрөг дүнд үндэслэн эмнэлгээс гаргаж байна. Дотоодын болон олон улсын нэн шинэлэг клиник шинжлэх ухааны баримт, өгөгдөлд тулгуурлан COVID-19-тэй өвчтөнийг эмчилж буй Сингапурын эмчилгээний стратегид уг дүгнэлтийг харгалзаж үзэх эсэхэд тус улсын Эрүүл мэндийн яам үнэлгээ өгөх гэж буйг Strait Times мэдээлэв. 

Энэ удаагийн судалгаанд хамруулсан сорьцын хэмжээ бага ч илүү өргөн хүрээтэй судалгаа явуулах тохиолдолд үр дүн мөн адил гарна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Лео Ий-Син тус сонинд тайлбарласан юм. “Өвчтэй хүн 11 хоногийн дараа гэхэд бусдад халдвар тараах аюулгүйг нотлох нотолгоо хангалттай гэдэгт би шинжлэх ухааны үүднээс итгэлтэй байгаа” хэмээн тэрбээр өгүүлэв. Судалгааны тайлангаас үзвэл өвчний эхний долоо хоног өнгөрмөгц вирусийн идэвх мэдэгдэхүйц суларч, хоёр дахь долоо хоногоос өвчтөнд “амьдрах чадвартай вирус” илрэхээ больж байна. Халдвар туссан хүнд COVID-19-ийн шинж тэмдэг илэрч эхлэхээс өмнөх хоёр хоногт вирус бусдад халдах магадлал хамгийн их байна. Сингапурт энэ сарын 26-ны байдлаар COVID-19 туссан нийт 31,960 өвчтөний 15,738 нь эдгэрч эмнэлэг болон тусгаарлах байрнаас гарлаа. Тус улсын Засгийн газар зургадугаар сарын 2-ны өдрөөс цэцэрлэгүүдийг нээхээр төлөвлөж буйтай уялдан цэцэрлэгийн ажилтнуудын дунд халдвар илрүүлэх тестээр оношилж эхэллээ. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар цэцэрлэгийн хоёр ажилтан шинэ төрлийн коронавиурсийн тестээр эерэг гарч нийт халдвартай ажилтны тоо долоо болсныг тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн юм.