A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5269/

Хурмаст тэнгэр долдугаар сар хүртэл хураа харамлана

Хурмаст тэнгэр долдугаар сар хүртэл хураа харамлана
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5269/
  • Тав, зургадугаар сард хур тунадас олон жилийн дунджаас бага, харин долоо болон наймдугаар сараас ахиу орох урьдчилсан төлөв гарчээ
  • Энэ сард олон жилийн дунджийн хэмжээнд хур тунадас оруулж чадвал газар тариалан болон бэлчээрт нөлөөлөх боломж байна

Гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр анхны бороо ордог байсан үе саяхан. Гэвч энэ хугацаа жил ирэх тусам хойшилсоор байна. Энэ жилийн хувьд тавдугаар сар бараг талдаа орчихоод байхад анхны бороо багахан дусалсан төдий болоод өнгөрөв. Хурмаст тэнгэр хэзээ хураа хайрлаж, ангасан газрыг дэвтээхийг албаны хүмүүсээс тодруулахад долдугаар сараас нааш олигтой чийг унахгүй гэх базаахгүй мэдээг дуулгасан юм. Энэ талааар цаг уурч Х.Ахмед-Али “Тав, зургадугаар сард хур тунадас олон жилийн дунджаас бага, харин долоо болон наймдугаар сараас ахиу орох урьдчилсан төлөв гарсан. Сүүлийн жилүүдэд цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж, эрч нь нэмэгдэж байгаа тул зуны хугацаанд зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, салхины түр зуурын хүчтэй ширүүсэлт ажиглагдах магадлал өндөр байна. Мөн зуны эхэн болон эцсээр цочир хүйтрэх, дунд үеэр хэд хоногоор хүчтэй халж, үр тариа, бэлчээрийн ургалтад сөргөөр нөлөөлөх төлөвтэй. Харин ирэх есдүгээр сараас нойтон цас орж, тариа, хүнсний ногоо цасанд дарагдах зэрэг цаг агаарын тааламжгүй төлөв ажиглагдаж байгаа” гэв. 

Хаврын улиралд олон жилийн дунджаас бага хур тунадас орох урьдчилсан төлөв гарсан тул дөрөвдүгээр сарын 13-наас хойш үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулах арга хэмжээ авах болжээ. Энэ талаар ЦУОШГ-ын Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Мөнгөнбаатартай цөөн хором ярилцлаа. 

-Үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулах ажлын явц хэр байна вэ? 

-Өнгөрсөн сараас улсын хэмжээнд үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Энэ сарын эхээр томоохон борооны үүлэнд зориудаар нөлөөлснөөр газар тариалангийн бүс нутаг, тэр дундаа зүүн аймгуудын нутгаар хур тунадас түлхүү орсон. Зарим газар 50 мм тунадас орлоо. Хүй долоон худаг, Партизан, Аргалант болон Эмээлтийн чиглэлд ажилласнаар их хэмжээний нойтон цас орсон. Салхи ихтэй болохоор ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Тиймээс зарим аймагт үйл ажиллагаагаа түр зогсоосон. 

-Бороо хожуу орсон нь юутай холбоотой вэ. Дэлхийн дулаарал нөлөөлж байна уу? 

-Дэлхийн дулаарал тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Халалт ихсэж байгаагаас болоод хуурайшилт нэмэгдэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас дулаан байсан. Үүнтэй холбойтойгоор халалт үүсэж, төв суурин газруудад үүл гарсан ч салхилаад бороо орохгүй байна. Тиймээс энэ сардаа олон жилийн дунджийн хэмжээнд хур тунадас оруулж чадвал газар тариалан болон бэлчээрт нөлөөлөх боломж байна. Ер нь нэмэгдэл хур тунадас оруулах ажиллагаа явуулахгүй бол байдал хэцүүдэхээр байна. 

-Цаг агаарын урт хугацааны ерөнхий төлөв гардаг. Энэ нь бодит байдалтай хэр нийцдэг вэ? 

-Энэ сарын эхний арав хоногт хур тунадас багатай харагдаж байсан. Урьдчилсан төлөвөө үнэн бодит гаргахын тулд анхаарч байна. Гэхдээ гэнэт борооших тохиолдол бий. Энэ нь тухайн орон нутгийн онцлогоос хамаардаг. Бид аймаг бүрийн байршлыг зураглалаар нарийн гаргаж чадахгүй шүү дээ. Хур тунадас орохгүй гэсэн газар гэнэт бороошиж, үүл гарах тохиолдол цөөнгүй байна. Тиймээс орон нутгийн УЦУОШГ-ууд анхаарлаа сайн хандуулах ёстой. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Чулуут гол хэдэн загастай вэ

 0 сэтгэгдэл

(Сахалт эрээлж, ердийн варлан зэрэг жараахайн төрөл зүйлийн загаснууд бүрэн устах хэмжээнд хүрснийг тогтоож, үржүүлгийн ажил хийж эхэлсэн байна)

Монголын агнуурын загасчлалын холбоо 2018-2019 онд Архангай аймгийн Чулуут голд хийсэн судалгаа, ажиглалтынхаа тайланг танилцуулжээ. Тус багийнхан 415 км урт голын загаснуудын төрөл зүйлийн популяцийг хэвийн хэмжээнд тооцож, голын голдиролын 500 ам метр талбай тутамд 80-90 кг биомасс байна гэж үзвэл 414 хүртэл тооны шивэр тул загас байх боломжтой гэсэн тооцоо гаргажээ. Мөн гутаар загас 20700, монхор хоншоорт зэвэг загас 31050, шивэр хадран загас 93150, жараахайн зүйл загас хоёр сая орчим байх боломжтой гэж тооцсон байна. Судалгааны явцад агнуурын төрөл зүйлийн загаснууд нэн ховордож, сүргийн бүтэц алдагдсан нь тодорхой болжээ. Ялангуяа сахалт эрээлж, ердийн варлан зэрэг жараахайн төрөл зүйлийн загаснууд бүрэн устах хэмжээнд хүрснийг тогтоож, үржүүлгийн ажил хийж эхэлсэн байна. “Зөвхөн Чулуут голоос зун, намрын улиралд 40 мянган загас агнадаг байж магадгүй гэсэн тооцоо гарч байна. Сүүлийн 30-аад жилийн турш хууль бус загасчлал, загас идэшт харь шувуудаас шалтгаалж Чулуут голын агнуурын төрөл зүйлийн загаснууд байгалийн жамаар нөхөн үржиж, сэргэх боломжгүй болсон байх магадлал нэн өндөр” хэмээн уг судалгаанд дурджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тарваганы тархацыг судална

 0 сэтгэгдэл

Монгол Улсын ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-тай хамтран Говь-Алтай аймгийн зорилтот бүс нутаг болох Хасагт хайрхан, Дарвийн нуруунд тарваганы нөөц тогтоох судалгаа хийжээ. Судалгааны хүрээнд тарваганы нүх, дош, ичээ зэргийн дэргэд автомат камер байрлуулж, droneDeploy буюу нисгэгчгүй төхөөрөмжөөр өндрөөс  тооллоо. Мөн бусад амьтдыг бүртгэн тэмдэглэжээ. Уг ажилд нутгийн малчдыг дайчилсан байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

А.Баясгалан: Говийн экосистемийг тогтвортой байлгаж чадвал мазаалай өснө

 0 сэтгэгдэл
  • Алтайн цаад говийн хур тунадасын хэмжээ жилд 50мл болохоор хөхтөн амьтдын идэш тэжээл ядмаг байдаг
  • Одоогоор 2005-2019  оны хооронд нийт 26 мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ. Хөрөнгө санхүүжилтээс шалтгаалан жилд 1-2 мазаалайд сансрын дохиололт хүзүүвч зүүдэг

(Үсний дээжинд хийсэн генетик судалгааны үр дүнд 50 мазаалай байна гэсэн тоо гаргасан)

Дэлхийн нэн ховор амьтны ангилалд орж, устах аюул нүүрлээд байгаа мазаалайн талаар “Мазаалай хамгаалах сан”-ийн судлаач А.Баясгалантай ярилцлаа.

-Мазаалай хамгаалах ажил хэр үр дүнтэй байна вэ?

-Мазаалай баавгайг 1953 оноос агнах устгахыг цаазлан хориглож, 1975 оноос амьдрах нутгийг нь хамгаалалтанд авч Говийн их дархан цаазат газрыг байгуулсаны зэрэгцээ үндэсний хэмжээнд “Улаан ном”-д оруулж, Амьтны тухай хуулиар нэн ховор амьтан болгосон байдаг. 1960-1970 онд Монголын ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид судалгаа хийж 20 орчим мазаалай байна гэсэн анхны эрдэм шижилгээний өгүүллэгийг гаргасан. Байгаль орчны яам (тухайн үеийн нэрээр), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлсэн “Их говийн экосистем, түүний шүхэр зүйлийг хамгаалах төсөл”-ийн хүрээнд мазаалай баавгайн судалгаа, хамгааллын ажлууд эрчимжиж эхэлсэн. Тухайлбал 2005 оноос Олон улсын баавгай судлалын нийгэмлэгтэй хамтран мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж эхэлсэн байна. 2005-2019 оны хооронд нийт 26 мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ. Энэхүү судалгааны ажлыг “Мазаалай хамгаалах сан” ТББ, АНУ-ын “Говийн баавгай” ТББ-ын судлаачид хамтран гүйцэтгэж байна. Хөрөнгө санхүүжилтээс шалтгаалан жилд 1-2 мазаалайд сансрын дохиололт хүзүүвч зүүдэг. Хамгийн сүүлд 2019 оны тавдугаар сард хүзүүвч зүүсэн эр баавгай гуравдугаар сарын 1-нд ичээнээс гарсан. 2014 онд БОАЖЯ-наас баталсан Мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөр 2030 он хүртэл хэрэгжинэ. Үүний хүрээнд Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа илүүтэй анхааран ажилладаг бөгөөд хавар, намрын улиралд, гантай үед мазаалайн бэлчээрт идэш тэжээл тавьж өгдөг.

-Энэ жил мазаалайн тоо толгой хэр зэрэг нэмэгдсэн бэ? 

-Мазаалай баавгайг 2005 оноос хойш албан ёсоор тоолоогүй. Үсний дээжинд хийсэн генетик судалгааны үр дүнд 50 мазаалай байна гэсэн тоо гаргасан. Мазаалай судалгааны хүрээнд үсний дээжийг цуглуулан АНУ-ын Айдахогийн Их сургуульд судлан шинжилж байна.

-Тархац нутаг нь ямар байна, мөн хоол тэжээл нь хэр элбэг байгаа вэ?

-Говийн их дархан цаазат газрын А хэсэгт буюу Алтайн өвөр говьд амьдардаг ба дэлхий дээр цор ганц хэт гандуу цөлд амьдардаг хүрэн баавгайн нэг зүйл амьтан л даа. Энэ хэсэг нь 4.6 сая га бөгөөд мазаалайн амьдардаг цөм нутаг нь Атас Ингэс, Шар хулсны нуруу, Цагаан Богд зэрэг томоохон баянбүрд, уст цэгийг түшиглэн нийт 16000 ам. метр нутагт байршин амьдарч байна. Сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүсний үр дүнд голлон байрших нутаг, нийт тархац, ичээ зэргийг тодорхойлоод байна. Алтайн цаад говийн хур тунадасын хэмжээ жилд 50мл гэж бодохоор мазаалай төдийгүй бусад нэн ховор, ховор хөхтөн амьтад ч идэш тэжээлийн хувьд ядмаг байдаг байх. Уур амьсгалын өөрчлөлт, цаг уур, хөрс, ус, ургамал гээд экосистемийн цогц судалгааг энэхүү эмзэг, өвөрмөц зүй тогтолтой говьд хийх шаардлагатай байна.

-Дэлхий дахинд мазаалай хамгаалах ажил ямар байна вэ? 

-Дэлхий дээр говь, цөлд амьдардаг цор ганц баавгайн зүйл гэдгээрээ судлаачдын анхаарлыг маш их татдаг амьтан бол мэдээж мазаалай. Энэ утгаараа дэлхийн баавгай судлалын хүрээнд ажилладаг судлаачдын хурлыг Монголд зохион байгуулах талаар “Мазаалай хамгаалах сан” ТББ санаачлан ажиллаж байна. Ингэснээр баавгай судлаачдын анхаарлыг Монголын мазаалай руу хандуулах юм.

-Хятад мазаалайн тоо толгойг өсгөхөд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа талаар мэдээлэл өгнө үү? 

-БНХАУ-н буцалтгүй тусламжийн хүүрэнд “Мазаалай хамгаалах, техникийн тусламж үзүүлэх” төсөл хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд хамгаалалтын захиргаанд автомашин, мотоцикл, компьютер, сансрын утас, цаг уурын станц, автомат камерууд хүлээлгэн өгч техникийн асуудлыг нь бүрэн шийдвэрлэсэн.

-Цаашдаа мазаалайг хамгаалж үлдэж чадах болов уу, хүмүүс хэрхэн анхаарах ёстой вэ?

-Мазаалайн амьдардаг нутагт гүний худгууд гаргах шаардлагатай байна. Гол нь амьдрах орчныг нь экосистемийн доройтолд өртүүлэхгүй байвал өсөх хандлага ажиглагдсан. Хөрөнгө санхүүг нь шийдэж чадвал бүх мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүж нарийн ажиглах боломжтой болно. Ингэснээр цаашид авах хамгааллын арга хэмжээнүүд ч тодорхой болох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Загасны үржлийн үед хууль бус ан хийсээр байна

 0 сэтгэгдэл

Хаврын саруудад загасны үржлийн үе эхэлдэг бөгөөд энэ үед нь агнавал тухайн төрөл зүйл устах, тоо толгой нь цөөрөх аюултай тул “Амьтны тухай хууль”-ийн дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл загасчлалд хорио тогтоосон. Гэвч хууль бусаар загас агнасан зөрчил илэрсээр байна. Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын зургадугаар багт түр оршин суух эрхтэй БНХАУ-ын иргэн А нь тавдугаар сарын 1-ний өдөр 74 ширхэг сазан нэртэй загас худалдан авсан зөрчлийг Экологийн цагдаагийн албаныхан илрүүлжээ.