A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/799/

Хэнэггүй зан-хүүхдийн ослын гол шалтгаан

​Хэнэггүй занд ухамсар суулгахын тулд хэчнээн үрс хорвоог орхих ёстой вэ​

Хэнэггүй зан-хүүхдийн ослын гол шалтгаан

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/799/


Баяр наадмын өмнөхөн бага насны хүүхдүүд бараг өдөр дараалан цаг бусаар өөд болсон. Тэдний араас олон нийтийн сүлжээгээр сүртэй нь аргагүй халаглаж байсан харуусал, эмгэнэл баяр наадмын хөл хөөрцөгт дарагдаж, монголчууд нүдээ аньж, чихээ бөглөөд хэд хоног сайхан наадлаа. Эмгэнэлтэй нь энэ их баяр хөөрийн дунд дахин нэг хүүхэд усанд осолдож хорвоог орхив. Аав, ээжийнхээ гараас хөтлөөд, шулганаад явдаг насан дээрээ усанд осолдож, нас барсан хүүхдийн тоо он гарснаас хойш 10 болоод байна. Өнгөрсөн бямба гарагт Туул голд дөрвөн настай эрэгтэй хүүхэд осолдож нас барсан бол зургадугаар сарын 27-нд мөн Маршалын гүүр орчимд 10 настай эмэгтэй хүүхэд усанд живж амиа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Цагдаа болон онцгой байдлын газраас дулааны улирал эхлэнгүүт иргэдэд үер уснаас болгоомжлохыг анхааруулж, хэвлэл мэдээллийнхэн ч түүнийг нь эрвийх дэрвийхээрээ мэдээлдэг. Мөн аврах албаныхан зуны турш эргүүл хийж, дуудлагаар үйлчилдэг ч осол эндэгдэл багасах янз огт алга. Наадмын өмнөхөн, үерлээд улаанаар эргэлдэж буй хэрлэн голын эрэг дээр 2-3 хүн жижиг, том нийлсэн зургаан хүүхдээ тэр чигт нь мартаж, гар утсаа маажаад хэвтэж байхтай таарав. Ач, зээгээ дагуулаад явж байгаа болов уу гэмээр нас тогтсон хүмүүс харагдсан, уг нь.

Гэвч хараажаар үертэй, эрэг нь огцом хэрлэн гол үр, хүүхдийг минь урсгаад аваад явчих вий гэсэн анхаарал болгоомж тэдэнд алга. Хүүхдүүдийн хамгийн том нь 10-12 насных, бага нь хөлд ороод удаагүй бололтой тэнтэр тунтар алхах нь юу юугүй л эрэг рүү хальтраад орчих вий гэмээр эв хавгүй харагдсан. Бидний хэдэн нөхөд хүүхдүүдийг хараад тайван сууж чадахгүй, гол руу хамаагүй ойртож болохгүй шүү гэдгээс өөрөөр болгоомжлуулах учраа олоогүй юм. Хэдийгээр хүүхдүүд аюулд ойрхон байсан ч аз болж тэдэнд муу зүйл тохиолдоогүй. Гэвч сониуч зандаа хөтлөгдөн голд осолдсон хүүхдийн тоо жилд 10, 20-оор тоологддог. 2016 онд 25, 2017 онд 16 хүүхэд усанд осолдон нас барсан нь ЦЕГ-ын статистикт бий. Харин оны эхний хагас жилийн байдлаар усанд осолдож, халуун амиа алдсан таван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Долдугаар сарын 13-ны байдлаар усны ослын тохиолдол 12 аймгийн 27 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт 39 удаа гарч, 48 хүн амиа алдсаны ес нь хүүхэд, 39 нь насанд хүрэгсэд байгаа талаар ОБЕГ мэдээллээ. Иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орсноос осолддог гэдгийг ОБЕГ анхааруулдаг. Ерөөс тус газарт хандаж буй иргэдийн дуудлагын дийлэнхийг усанд осолдсон тохиолдол эзэлдэг байна.

• Сониуч зандаа хөтлөгдөн голд осолдсон хүүхдийн тоо жилд 10, 20-оор тоологддог.

• 2016 онд 25, 2017 онд 16 хүүхэд усанд осолдон нас барсан.

• Аминаасаа илүү харж хандах учиртай алаг үрсээ мартаад байгаа нь энэ бүх осол эндэгдлийн шалтгаан болжээ.

Иргэд анхаарал болгоомжоо дээшлүүлэхгүй, үр хүүхдээ голын эрэг дээр мартаж, өөрсдөө зугаацаж, биеийн амрыг харж хэвтдэг байдал өөрчлөгдөхгүй байгаа нь юутай харамсалтай.Монголд хүүхэд эндэх олон шалтгаан бий. Эхийнхээ хэвлийд хүн болж чадаагүй нь жилд 500 хүрч байгаа бол таван нас хүртлээ 1300 гаруй нь энддэг гэх эрүүл мэндийн статистик бий. Эдний тэн хагасаас илүү нь нэг хүртэлх насандаа амьсгал болон мэдрэлийн тогтолцооны эмгэг, төрөлхийн гажиг, ходоод гэдэсний өвчнөөр хорвоог орхидог аж. Харин үлдсэн нь золгүй байдлаар эндэж байгаагийн дийлэнх нь эцэг, эхийн хараа хяналтгүй байдлын хар гай, ээлгүй орчны балаг гэлтэй. Тухайлбал, гэмтэл, согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасагт жилд 0-5 насны 2500 гаруй хүүхэд түлэгдэлтийн улмаас яаралтай түргэн тусламж авч эмчлүүлдэг. Үүний 80 хувь нь халуун тогоонд түлэгдсэн байдаг бөгөөд энэ бол цэвэр эцэг, эхийн хариуцлагагүй байдалтай холбоотой гэдгийг нийслэлийн Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Батсүх хэллээ. Тэрбээр “Цагдаа болон холбогдох байгууллага эрвийх, дэрвийхээрээ хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ухуулга, сурталчилгаа явуулж байна.

Гэвч нөгөө талаас хүүхдийн аюулгүй байдлыг тэдний хууль ёсны асран хамгаалагч болох эцэг, эхийн хариуцлагаас салгаж ойлгох аргагүй” гэв. Түүнчлэн энэ жилийн баяр наадмаар нийслэлийн хэмжээнд, наадмын тайлбайд 64 хүүхэд төөрч, алга болсныг цагдаагийн алба хаагчид олж, эцэг, эхэд нь хүлээлгэж өгсөн. Мөн орон нутгийн замд гарч буй осол, унаач хүүхдүүдийн бэртэл гэмтэл, эцэг, эхчүүд голын эрэгт үр хүүхдээ умартан, зугаацаж цэнгэхээ урьтал болгодгоос “Цагаан сар ба хар нулимс”-тай адил эмгэнэлт хувь тавилан найр наадам ид хавтгайрсан зуны дэлгэр цагт монголчуудад тохиолддог бололтой. Томчууд бид гар утас зэргээ гэртээ мартсанаа, машинаа зөвшөөрөөгүй газар зогсоовол ачуулдаг гэдгийг мэддэг, тэвддэг атлаа аминаасаа илүү харж хандах учиртай алаг үрсээ мартаад байгаа нь энэ бүх осол эндэгдлийн шалтгаан болжээ. Хатуудсан зэмлэл гэж үүнийг буруушаах нэгэн үгүй биз. Амарч зугаалж, баясаж цэнгэхээр гараад үр хүүхдээ үүрд алдаж, цангинасан инээдийг нь дахиж сонсохгүй, булбарай гарнаас нь хэзээ ч хөтлөхгүй болохоос илүү хагацал гэж энэ хорвоод үгүй. Хүүхэд бол гэнэн томоогүй, сониуч, анхаарал болгоомжгүй гэдгийг бид бүхэн мэдэхийн дээдээр мэднэ. Тиймээс ч тэднийхээ эрүүл энх, аюулгүй байдлыг хангах нь бидний журамт үүрэг болохоос биш цагдаа, хүчнийхнээр заалгаад байж таарахгүй. Тэгэвч ийм болтлоо ухамсар доройтсон нь юутай гачлантай. Өврөөсөө ч гарч амжаагүй өөдөсхөн үрсээ үл тоодог хэнэггүй занд хариуцлага нэхэх ухамсар суулгахын тулд хэчнээн үрс хорвоог орхих ёстой юм бэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бодлогогүйн гай Монголыг элсэн цөл болгох нь

  • Малын тоо өсөж, метан хийн ялгаралт нэмэгдэх тусам дулаарал эрчимжиж, цөлжинө
  • Малын тоо толгой нэмэгдсэнээс үүдэн метан хийн ялгаралт эрчимтэй ихсэж байна. Энэ нь дэлхийн дулаарлын нэмэгдүүлж буйг Дэлхийн цаг уурын байгууллага онцолсон юм
  • Бэлчээрийн доройтол, цөлжилттэй тууштай тэмцэж буй орны нэг бол Бутан юм. Тус улсын хүн амын 64 хувь нь хөдөө аж ахуйн ферм эрхлэгчид аж. Тэд олон улсын байгууллагын дэмжлэгээр доройтсон газруудад навчит ургамал тариалж, нөхөн сэргээснээр олон улсад нэлээд өндрөөр үнэлэгджээ

Зургадугаар сарын дунд хүртэл тэнгэр хур хайрлаагүйн улмаас ихэнх нутгаар гандуу байлаа. Хаврын хавсаргыг арай гэж давсан малын зоо тэнийх болоогүй бололтой. Баруун аймгийн малчид халуун зунаар хар цай ууж суугаадаа сэтгэл гонсгор байна. Булган аймгийн Рашаант сумын малчин Б.Баяр “Манай сум өмнө нь сангийн аж ахуй байсан болохоор нутгийн ихэнх хэсэг нь тариалангийн талбай байдаг. Малын бэлчээрийн талбай тун бага. Өнгөрсөн зунаас хойш малын зоо тэнийсэнгүй. Өвлийг арай гэж давж, хавартай зол госон. Гэсэн хэдий ч газар гандуу, өвс ногоо муутай хэцүүхэн байна. Бас үлийн цагаан оготно гэж бэлчээрийн дайсан хүчрэгдэхээ байлаа. Жил бүр оготно устгадаг ч хаа сайгүй л үзэгдэх юм. Зуны дунд сар гарчихаад байхад тугал, хургаа угжиж сууна. Энэ жил үнэхээр хүнд байна” хэмээн ярилаа. Мөн Архангай, Хөвсгөл аймгийн нутаг ч гандуухан байгааг малчид нь хэллээ. Хөвсгөл аймгийн хойд зүгийн сумдын нэг Ринчинлхүмбэ л гэхэд хэд хэдэн газар элсний нүүдэл хурж, цөлжиж эхэлсэн байна. Энэ бол хамгийн том аюул гэдгийг цөлжилттэй тэмцэх олон улсын байгууллагынхан анхааруулж байгаа юм. Өдгөө манай улсын малын тоо толгой 70.9 сая болсон. Малын тоо толгойн өсөлт бэлчээрийн доройтолд нөлөөлж, цөлжих нөхцөлийг бүрдүүлж буй бол үлийн цагаан оготны тархалт ч хувь нэмрээ оруулж байна. Монгол Улс 112 сая га хадлан бэлчээрийн талбайтай. Энэ талбай нь ердөө 40 сая малд л таарах аж. Гэтэл сүүлийн жилүүдэд малын тоо тасралтгүй өсөж, бэлчээрийн даац 30 сая толгой малаар хэтрээд байна. Бэлчээр талхлагдаж доройтохын хэрээр ургамлын зүйлүүд устаж буй аж. Таван хошуу малаас бэлчээр хамгийн их доройтуулдаг нь ямаа. Гэвч сүүлийн жилүүдэд ашиг шимийг нь бодож, ямаа өсгөж буй нь цөлжилт нэмэгдэх шалтгаан болж байгаа юм. Учир нь ямаа олон үет ургамлыг үндсээр нь тасалж иддэг тул бэлчээрийг маш их доройтуулдаг. Ямаа хониноос хоёр дахин их ургамал иддэг тул тоо толгойг нь олшруулж болохгүй гэсэн зөвлөмж гаргадаг ч малчид чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг нь харамсалтай. Малаас гадна үлийн цагаан оготно газрын доройтлын бас том шалтгаан болж байгааг судлаачид тэмдэглэдэг. Монгол орны нийт газар нутгийн цөөнгүй хувь буюу 40 сая га талбайд үлийн цагаан оготно тархжээ. Сүүлийн үед үлийн цагаан оготно эрчимтэй үржиж буйг бэлчээр судлаачид онцолсон байна. Судлаач Б.Долгормаагийн тэмдэглэснээр нэг үлийн цагаан оготно өдөрт 33 грамм ногоо иддэг бөгөөд хөеөндөө есөн килограммыг нөөцөлдөг аж. Нэг га талбайд оготны долоон үлий байдаг агаад тэд нийт 42 килограмм өвс хөеөндөө нөөцөлдөг аж. Уг нь үлийн цагаан оготны ганц эрлэг нь шонхор шувуу юм. Гэвч зарим аймгийн нутгаас шонхор шувуу даажсанаас болж, үлийн цагаан оготно тархах таатай нөхцөл бүрджээ. Цаашид үлийн цагаан оготно эрчимтэй өснө гэж судлаачид үзсэн байна. Иймээс үлийн цагаан оготны устгалыг сайн хийх хэрэгтэй аж. Аймаг бүрд үлийн цагаан оготно устгах ажил өрнүүлдэг ч үр дүн дүнтэй болдоггүйг орон нутгийн иргэд шүүмжилж байв.

 Малын тоог цөөлөхгүйгээр бэлчээрээ доройтлоос хамгаадахгүй 

ХХААХҮЯ малын тоо толгойг цөөлж, зохистой харьцааг барих ёстой гэж албан өрөөндөө сууж яриад үр дүнд хүрэхгүй нь тодорхой. Тиймээс бодлогоор зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч буй. Малчдад тохирсон эдийн засгийн арга хэмжээ авахгүй бол Монголын тал нутаг элсэн цөл болоход ойрхон байна. Газар тариалан, уул, уурхай, мал, үлийн оготно гээд бэлчээр нутгийг доройтуулж буй хүчин зүйлийг өнөөдрөөс зохицуулахгүй бол алс хэтдээ аюултай тулгарч мэдэхээр болжээ. Учир нь дэлхий дахинд цаг уур огцом өөрчлөгдсөөр байгаа. Малын тоо толгой нэмэгдсэнээс үүдэн метан хийн ялгаралт эрчимтэй ихсэж байна. Энэ нь дэлхийн дулаарлыг нэмэгдүүлж буйг Дэлхийн цаг уурын байгууллага онцолсон юм. Иймээс мал сүргийн тоог зохистой түвшинд байлгах бодлого үгүйлэгдэж байна. Манай улс “Монгол мал” хөтөлбөр, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” зэрэг малчдад хайр зарласан, малын тоо нэмэхийг дэмжсэн олон баримт бичиг гаргасан. Гэвч бас хариуц лага гэж зүйл байх ёстойг умартжээ. Байгалийг нөхөн сэргээх, бэлчээр хамгаалах, өвс, ногооны гарц сайжруулах талаар малчдад мэдээ, мэдээлэл хүргэсэнгүй. Бас мал сүргийн тоог зохистой байлгах зөв бодлого барьсангүй. Харин одоо энэ асуудалд санаагаа чилээхгүй бол ирээдүйд дулаарлын нөлөө, бэлчээрийн доройтол, цөлжилт энэ сайхан орныг сүйтгэж мэдэх нь. Азийн орнууд газрын доройтол, цөлжилттэй чадах чинээгээрээ тэмцэж байна. БНСУ гэхэд дэлхийн дулаарлыг бууруулахын тулд нийт газар нутгийнхаа 64 хувийг ойжуулжээ. 

Бэлчээрийн доройтол, цөлжилттэй тууштай тэмцэж буй орны нэг бол Бутан юм. Тус улсын хүн амын 64 хувь нь хөдөө аж ахуйн ферм эрхлэгчид аж. Тэд олон улсын байгууллагын дэмжлэгээр доройтсон газруудад навчит ургамал тариалж, нөхөн сэргээснээр олон улсад өндрөөр үнэлэгджээ.
Манай урд хөрш газрын доройтлыг бууруулахад чамгүй олон ажил хийж байна. Цөлжсөн газруудад ховордож буй ургамлыг олон төрлөөр тариалж, мөн ойжуулалт хийж, өөрсдийн санаачлагаар эзэмшил газраа цөлжилтөөс хамгаалсан иргэдэд тодорхой хэмжээний урамшуулал олгодог болжээ. Мөн газрын доройтол цөлжилттэй үлгэр жишээ тэмцсэн орон бол Австрали юм. Тус улс газрыг доройтуулж буй зэрлэг ургамлыг устгаж, оронд нь ашигт ургамлыг олон төрлөөр тарималжуулсан юм. Түүнчлэн фермер эрхлэгчдэд эзэмшсэн газраа нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээлгэж, нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд хуулийн хариуцлага тооцох зэрэг олон арга барилаар цөлжилттэй тэмцэж буй. Ийн дэлхийн улс орнууд газрын доройтолтой бүхий л арга чаргаар тэмцэж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хөгжлийн төлөвлөгөөндөө газрын менежментийн асуудлыг нарийн тусгаж байна. Гэтэл манай улс газар нутгийнхаа доройтлыг үл тоож, мал өсгөх бодлого барьж байгаа нь цөлжилтийг газар авахуулах эрсдэлийг улам нэмэгдүүлсээр. Малын тоог бууруулж, чанаржуулж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахгүй бол цаашид дулаарал, цөлжилт манай улсыг туйлдуулж магадгүй болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Амралтын өдрүүдээр аялах үзэсгэлэнт газрууд

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулж бид эх орондоо аялах боломжтой, байгалийн үзэсгэлэнт газруудын тухай цувралаар танилцуулж буй билээ. Энэ удаа хол замд, урт хугацаагаар явах боломжгүй аялагчдадаа зориулан, Улаанбаатар хоттой ойрхон, хүмүүсийн төдийлөн мэддэггүй байгалийн үзэсгэлэнт газруудын тухай нийтлэл бэлтгэлээ.

Цагаан суваргыг үзэж, өөр гаригт очсон мэт мэдрэмж аваарай

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Цагаан суварга хэмээх газрыг уншигчдадаа санал болгоё. Цагаан суварга нь эрт цагт хэдэн сая жилийн өмнө далайн ёроол байсан гэх бөгөөд он цагийн эрхээр ширгэж, үлдсэн шаварлаг хурдас хөрс нь салхи, бороо ус гэх мэт байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөр эрэг, мөргөцөг үүсгэсэн нь өнөөгийн үзэсгэлэнт дүр зургийг бүтээжээ. Тус газарт очсоноор аялагчдад Марс гариг дээр очсон мэт сэтгэгдэл төрдөг гэнэ. Алсаас харахад суварга мэт харагддаг энэхүү хосгүй үзэсгэлэнтэй газар нийт 500 гаруй метрийн урттай, 90 хэмийн эгц эрэг бүхий мөргөцгүүдээс тогтох бөгөөд хамгийн өндөр хэсэг нь 40 метр хүрдэг аж. Тус газар нийслэлээс 400 км-ийн зайтай ба засмал замаар холбогдсон.

Хагийн хар нуур руу морьтой аялаарай

Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн нурууны уулсын дундах тусгай хамгаалалттай бүсэд орших Хагийн хар нуурыг тайгын сувд хэмээн өргөмжилдөг. Эл нуур нь хөлгүй нуур бөгөөд тус нуураас эх авч урсдаг голыг Хагийн гол хэмээнэ. Хагийн хар нуурыг зорьсноор та байгалийн гоо үзэсгэлэнг морин дэл дээрээс тольдож, сарьдаг уулсын дунд, гайхамшгийг мэдрэх боломжтой. Мөн зэрлэг ан амьтдыг ч ойроос харах боломжтой аж. Хагийн хар нуур нь Төв аймгийн Эрдэнэ суманд Улаанбаатар хотоос 180 км-т оршино. Тус нуур руу туршлагатай хөтөч болон мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөгүйгээр аялах эрсдэлтэй ба бартаатай, машин явах боломжгүй замтай тул аялагчид тодорхой хэсэг хүртэл машинаар зорчоод үлдсэн зайг, морь болон явганаар туулдаг аж. Одоогоор Монголд Хагийн хар нуурын аяллыг Vivid Travel Club тогтмол зохион байгуулдаг.

Зоргол хайрхныг зорьж, алжаалаа тайл

Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос 150 км-ийн зайд оршино. 1668 мерт өндөртэй тус уул том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт хэмээн нэрлэдэг. Мөн хайрхны чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэх бөгөөд жил бүр бэсрэг наадам болж, хурдан морьтой хүмүүс морин эрдэнийнхээ хийморийг нь сэргээдэг аж. Эрт урьд цагт хангай говийг дамнасан цасан шуурга болж, хандгай буга, зээр, гөрөөс цөм өмнө зүг туугдан уруудахад хамгийн сүүлд сульдаж ядарсан ганц зоргол оцойсхийгээд зогсож хоцорсон нь Зорголхайрхан хайрхан болсон гэх домогтой аж.

Гүнжийн сүмд саатаж, эртний түүхээр аялъя

Довдондорж ноён өөрийн талийгаач хатан Манжийн Энх Амгалан хааны охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулан бариулсан Гүнжийн сүм Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршино. Монголын Довдондорж ноёнд Манжийн хаан өөрийн зургадугаар гүнжээ 1697 онд хатан болгон өгчээ. Манжийн хаан охиндоо монголчуудын тухай мэдээлж байх хатуу үүрэг өгсөн ч гүнж уг даалгаврыг үл биелүүлэн үүрд монгол хүн болон үлдсэн байна. Тэрбээр 1740 онд Манжийн албатуудад хорлогдсон бөгөөд “Миний цогцсыг хятад газар бүү аваач. Би монгол хүний эхнэр учир монгол хүн болсон. Иймд намайг Монголын хөрсөнд нутаглуулаарай” хэмээн захисан гэдэг. Гүнжийн онгоны үлдэгдэл чулуун дурсгал, булшийг хамгаалсан байгууламж, богд хаалга, хэрмэн хана, онгон, булшны газар зэргээс бүрдэх бөгөөд эргэн тойронд нь байгалийн үзэсгэлэн цогцолжээ. Тус газар хотоос 96 км зайтай.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөөндэйн шинэ зүйл манай оронд иржээ

Шувуу судлаачдын багийнхан Чух нуурын эрэгт нүүдлийн шувуудын мониторинг хийгээд буцах замдаа Дорнодын Матад сумын нутаг дахь Ёндонгийн хайлааст ам хэмээх газраас Chestnut Thrush Turdus rubrocanus хэмээх хөөндэйн шинэ зүйлийг олж, зургийг нь авч баталгаажуулжээ. Ингэснээр манай орон хөөндэйн 13 зүйлтэй болж байна. Энэ зүйл нь Хималайн уулсын зүүн болон өмнөд нутагт тархсан, харьцангуй мэдээлэл дутмаг зүйлүүдийн нэг аж. Дэлхийн хөөндэйн тархалтын хамгийн хойд цэг нь Монгол болдог. Судалгааны багийнхан дорнын шаргач гурвыг, шивэр намнаахай, жирхэн дууч, борлог дууч, хос-судалт дууч, бор тодол, улаавар бужмар тус бүр нэгийг бүртгэлжүүлжээ. Мөн банхар булжуухай дөрөв, тольт дунхай хоёр, бөвөөлжин өвөөлж хоёр, сохор элээ хоёр, шилийн сар хоёрыг бүртгэж авчээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цанын баазууд зэрлэг амьтдын мөхөлд нөлөөлж байна

Хөл хорионы үеэр хүмүүсийн идэвхтэй хөдөлгөөн багас­сан нь зэрлэг амьтдад таатай нөхцөл үүсгэсэн талаар манай сонин мэдээлж байсан билээ. Тухайлбал, зэрлэг чоно болон баавгайн төрөл зүйлүүд Колоро­дагийн гудманд үзэгдэх болсон,  Италийн бохирдсон голд дельфин гарч ирсэн гэх мэт байгаль дэлхийн гайхалтай өөрчлөлтүүд мэдрэгдсээр байна. Гэвч эрдэмтэд “Энэ үзэгдэл сайн мэдээ хэдий ч хөл хорио тавигдахад зэрлэг амьтад дахиад л хүний үйл ажиллагаанд хавчигдах болно” хэмээн анхааруулжээ. Нэн ялангуяа цанын баазууд олон амьтны амьдрах орчинд заналхийлж байна. Жишээлбэл, иргэд цанаар их гулгадгаас болж Австралийн гүрвэлийн амьдрах орчныг үгүй хийж, Альпийн нуруун дахь Каперкайли буюу ойн сойрын амьдрах орчинд нөлөөлөөд зогсохгүй Италийн Аппинений уулан дахь цанын баазын тэлэлт нэн ховордсон амьтан болох Марсикийн хүрэн баавгайд том аюул занал учруулж байгаа гэх зэрэг олон баримтыг дурдаж болно. Италийн хойгийг бараг бүхэлд нь бүрхдэг Аппинений уул нь одоогоор бүртгэгдээд байгаа 50, 60­-аадхан зэрлэг Марсикийн хүрэн баавгайн гэр юм. Цаашдаа аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжихийн хэрээр байгаль орчин хүн хоёрын хооронд удаан тэмцэл өрнөх нь тодорхой болжээ.