A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3540/

Хятадууд нүүрсээ хямдруул гэж шахаж байна, бид яах ёстой юм

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3540/
  • Манай нүүрсийг үнэтэй байна, хямдруул гэж томорч, пээдийхийг нь нүдээр харж, чихээр сонслоо
  • Дарга нар нааш цааш давхилдаад л байдаг. Өөрчлөгдөж байгаа юм алга
  • Өнөөдрийн байдлаар 31 сая тонн нүүрс экспортод гаргачихаад байна. Үүний гуравны нэг буюу 14.1 сая тонныг нь “Эрдэнэс­Тавантолгой” ХК гаргажээ 


Өмнөд хилийн Гашуунсухайтын боомт
Дайн дажин болж байна уу гэмээр дүр байдал дунд ороод ирлээ. Ямар ч эмх замбараа алга. Яг бөмбөгдүүлчихсэн мэт ундуй сундуй, монголчуудын пад харласан гэр голдуу навсгар суурин дээгүүр нүүрсний хөө тортог баарцаглаад, харанхуйлан нүүгэлтэнэ. Хилийн боомтын босгонд тулаад зогссон хүнд даацын авто хөсгийн цуваа нутгийн гүн рүү даруй 20 орчим км үргэлжилж ачаалал, дараалал үүсгэсэн нь харахуйд эмх журамгүй, энд тэндгүй чихэлдэж, шахалдаж, түгжирч харагдах агаад дайны хөлөөс санд мэнд дайжиж яваа дүрвэгсэдийн цуваа мэт. Зам ч гэж там болж. Энхэл донхол, асфальт нь өм цөм явсан зам дээр хэсэг саатан ажихад бидний улс орон, хувьхүн бүрийн оршин тогтнох амьдралын төлөөх тэмцэл хайр найргүй, хатуу ширүүнээс гадна зөвшөөрч үл болох хамгийн бараанаар энд, өмнөд хил дээр өрнөж байна уу даа гэсэн бодол эрхгүй төрөх аж. Хүмүүсийн гадаад тал нь ч пад хар, үс гэзэг нь сэгсийжээ. Осолдохгүй нүд шүд нь л гялалзаж харагдах. Энд үйлчилгээ ч гэж “най” алга. Бохир завааны туйл. Үнэр танар ч тамтаггүй. Яаж ийм орчинд ажиллаж, амьдарч болж байна вэ. Гэвч хүмүүс амьдраад л... маш гашуун, гунигтай бодол төрж байна. Хүний төлөө анхаардаг төр засагтай ч биш дээ бид. Миалж, муулж байгаа юм биш ээ! Монголын төр ямар арчаагүй байдгийн нэг жишээг л эндээс харж байна. Гэтэл манай боомтоор нэвтрээд хилийн торгон зааг, шугамнаас ер дөө нэг метрийн цаа наас шал өөр амьдрал, дүр байдал угтана. Арав, хорь хон мет рийн зайд ямар эрс тэс ялгаа харагдана вэ? Улаанбаатараас ч цэвэрхэн, тоос тортоггүй, орчин үеийн хот руу яваад орчихож байна. Гудамж талбай нь цэлийж, мод бут ярайна. Такси, унаа сүлжилдээд, орчин үеийн хотуудад байдаг үйлчилгээний бүхий л төвүүд байх аж. Манай төр, засгийн эрхмүүд, улс орон нутгийн мяндагтнууд бодвол үүгээр явж үзсэн л байдаг байлгүй яав гэж. Өөрсдийн энэ байгаа байдлаа хүнийхтэй харьцуулж бодож, сэтгэл нь хөдөлдөг болов уу харин! Гашуунсухайтын боомт нээгдээд хэдэн жил ч болж байгаа юм. Энэ хугацаанд хүний тал бүхэл бүтэн хот барьж байгуулсан байхад харин бид нэг майхан, гэр босгосон төдий нүүдэл, тууврын маягаар нэн зутруу, тун заваанаар амьдарсаар сууцгаасаар л. Өмнөговийн энэ боомтоор уг нь Монголын нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн баяжмалын 55 хувийг нэвтрүүлдэг боловч одоо байгаа зам талбай, дэд бүтэц, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа даанч дорой аж. Энд ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд учруулж буй сөрөг нөлөөллийн талаар бол ярих ч юм биш. Үгүй, нээрээ хэдий болтол ийм байх юм бол оо! Дарга нар нааш цааш давхилдаад л байдаг. Өөрчилнө, шинэчилнэ, өргөтгөнө гэж амлаад л байдаг. Ноднин жил Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятадад хийсэн айлчлалаасаа буцах замдаа ийшээ зориуд зорьж ирээд бас баахан амлаад буцаж билээ. Өөрчлөгдсөн зүйл нэг ч алга.

Бухимдал 

 Хятадын тал нүүрс авахаа багасгаснаас болж энд 2017 оны үеийнх шиг нөхцөл байдал үүсч мэдэхээр болжээ. Өдөрт боомтоор 1500-2000 орчим машин нааш цааш нэвтэрч нүүрс тээвэрлэдэг байсан бол биднийг очих үед дөнгөж л 600 машин нэвтэрч нүүрсээ буулгаад буцаж гардаг болсон байлаа. Томилолтоос ирээд арав гаруй хоноход энэ тоо улам багасаж өнөөдрийн байдлаар өдөрт боомтоор 400 машин нэвтэрч байгаа гэжээ. Мэдээж энэ байдал нүүрс тээвэрлэгч жолооч нарыг асар бухимдуулах болж. Гашуунсухайт дээр очоод дараалал хүлээн 20 хонож байгаа болохоор арга ч үгүй юм. Энэ байдлаар удах аваас машины дараалал, цуваа хоёр жилийн өмнөх шиг 100 км үргэлжилж болзошгүй санагдсан. Зэсийн баяжмал тээвэрлэж байгаа цуваа ямар ч саадгүй нэвтэрч байгаа нь нүүрс тээвэр-лэгчдийн бухимдал, атааг хөдөлгөж, зарим нэг нь тэдний зам гарцыг хааж, барьцаж эхэлс нийг нь сонслоо. Тэгэхээр шинжтэй байсан л даа. Ийм байдал үүсээд ирэхээр удаж, уйдаж, цөхөрсөн хүмүүс архи согтуу руулах ундаа хэрэглэж бухимд лаа тайлах гэснээсээ болж гэмт хэрэгт холбогдож байсан гашуун жишээ давтаг-дах вий дээ. Холбогдох эрх мэдэлтнүүд энэхүү үүсээд байгаа нөхцөл байдалд хэрхэн анхаарч байгаа бол гэдгийг лавлалаа. Яг үнэндээ мэдэж, шийдэж, шийдвэрлэж байгаа субъект алга. Монголын хилээс цааш 100 гаруй км зайд нүүрс угааж бая жуулах найман үйлдвэрийг Хятадууд барьж байгуулсан байх юм. Монголоос нэг тонн нүүрсийг 71.7 ам.доллараар аваад энэ үйлдвэрүүдэд угааж цаашаа металлургийн үйлдвэрүүддээ тонныг нь 170 ам.доллараар нийлүүлдэг гэж байна. Монголын нүүрснээс тэд маниасаа илүү ашиг олж байгаа биз. Эндээс эхлээд атаа, басхүү бухимдал төрж, суллаж үл чадан тээсээр ирлээ. Бид яагаад нүүрсээ угааж, баяжуулаад Хятадуудад нийлүүлж болдоггүй юм бэ? Яагаад!!!
“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн үйл ажиллагаанаас хар л даа. Тэднийх намайг яг энэ тэмдэглэлээ бичиж байх өдрийг хүртэлх хугацаанд 14.1 сая тонн нүүрс борлуулж, 2.44 их наяд төгрөг буюу 918.5 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Баяр хүргэхгүй байхын аргагүй рекорд амжилт. Бид нэг тонн нүүрсээ түүхийгээр нь 71.7 ам.доллараар зараад олж байгаа орлого энэ шүү дээ. 170 ам.доллараар зарах аваас бүр бурзайх нь байна ш дээ. Тэгээд яагаад энэ боломжийг бид ашигладаггүй юм бол гэж үү? Би ч гэсэн энэ асуултыг тавиад үзлээ. Хариулт нь тов тодорхой. Ерөөсөө л манай улстөрчдийн ашиг сонирхлын зөрчил саад тээг болдог юм байна. Өөр ямар ч саад тээг алга аж. Арчаагүй, арчаагүй гэхэд арай л дэндүү санагдахгүй байна гэж үү! Монголын хувь заяагаар зүгээр л тоглож байдаг энэ нөхдийг яалтай билээ. Бухимдал ингээд л асаад ирж байна. Хятадын нүүрс угааж, баяжуулж байгаа олон үйлдвэрийн нэг болох “Ийгл майнинг” хэмээх үйлдвэрт нь очиж үзлээ. Нэг сая тонн нүүрс угаах хүчин чадалтай гэж байна. Инженер биш маний нүдээр харахад маш энгийн технологитой нь анзаарагдах юм билээ. Бид өнөөдөр нэг, хоёр, гурав биш, долоо, найман ийм үйлдвэртэй байх бүрэн боломжтой. Манай ямар ч инженер энэ байтугай технологи мэднэ. Нөгөө л улстөрчид үргэлжид саад болсон хэвээр. Монгол Улсын хөгжлийг манай улстөрчид л энэ олон жилийн турш саатуулж, уяж ирлээ л дээ. Хятадууд усаар угаахаас гадна, соронзон технологийн аргаар нүүрсийг цэвэрлэж баяжуулж байна билээ. Өвөрмонголын Баяннуур аймгийн дунд хошууны нутагт байгаа нүүрс угаадаг тэрхүү найман үйлдвэрийн тав нь үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа юм байна. Бидний очсон үйлдвэр ажиллаж байгаа гурван үйлдвэрийн нэг нь. Шалтгаанаа Хятад улсын хэрэгцээ хана-чихаад байна гэж тайлбарлаж байна. Манай нүүрсийг үнэтэй байна, иймд одооныхоо үнийг хямдруул гэж томорч, пээдийж суухыг нь нүдээр харж, чихээр сонслоо. Арчаагүй төртэй улсыг захын нэг жижиг үйлдвэрийн босс дарамталж чаддаг аж. Монголын нүүрсний үнэ ханшийг энэ мэтээр үнэндээ Хятадууд л атгадаг болохыг харлаа даа. 

 Томилолтоос үүдсэн бодол 

Сэтгэл эмзэглэн буцаж явлаа. Бусад шиг хөгжиж цэцэглэхийн тулд бид өнөөгийн бодлогоо өөрчлөх ёстой санагдана. Из-райльчууд шиг, япон, син гапур-чууд шиг сэргэлэн, ухаалаг байж болно доо. Арай л дорой байна бид. Их олон юмыг өөрчилж, эргэцүүлж бодох ёстой цаг ирж. Хятадууд нүүрсний үнийг өөрсдийн хүслээрээ зохи-цуулна гэж бодох нь аргагүй л дээ. Тэдний түмэн зөв. Харин бид аяыг нь дагах уу, сөрөх үү, өөр ямар арга байна вэ гэдгээ бодож олж, шийдэх эрхтэй. Шийдэх л хэрэгтэй. Хятадаас өөр гарцтай болох нь нэн тэргүүний зорилго байх нь тодорхой. Тиймд төмөр замаа барих ёстой. Өөрсдөө нүүрс дагасан үйлдвэрүүдтэй болох хэрэгтэй. Яриад байхаас цаашгүй аж үйлдвэрийн цогцол бороо босгох цогцлоох цаг болж. Хэлж ярьдгаараа ухаардаг бол одоо хангалттай цаг хугацааг элээлээ. Түүхий эдийн хавсарга орон чигээрээ дахиад энэ зууныг туулах уу бид! Янмал оймсноосоо цаашаа гарах хэрэгтэй байна шүү дээ. Энэ томилолтоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-иар бахархах сэтгэл дүүрэн буцаж ирсэн минь ганц олз минь юм даа. Төрийн өмчит компани ингэж сайн ажиллаж байгаа жишээг үнэндээ мэдэхгүй юм бай на. Цэл залуухан удирдлагуудаар нь үнэхээр бахархаж байна. Залуус үнэ хээр гялалзтал ажил лаж байна. Маркетинг, менежментийг мундаг хийж байна шүү дээ. Тэдэнд тус дэм, нэмэр болж чаддаггүй юм бол урмыг нь бүү хугалаасай билээ манай төр засаг. Монгол Улс 2019 онд 42 сая тонн нүүрс экспортолно гэж том амласан. Яг өнөөдрийн байдлаар 31 сая тонн нүүрс экспортод гаргачихаад байна. Үүний гуравны нэг буюу 14.1 сая тонныг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргаж. Улсын төсөвт энэ онд 1.6 их наяд төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөгөө одоогийн байдлаар 41 хувиар давуулан биелүүлж, 2.4 их наяд төгрөг төвлөрүүлсэн байгааг амжилт гэхгүй юм бол өөр юуг амжилт гэх юм. Зөвхөн энэ оны эхний хагас жилд эднийх 667 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна гээд бод. Манайхны зарим нэг маань "мангартаад" 1072 хувьцааны ногдол ашиг яасан бэ гэж нэхэж харагддаг. Өнөөдөр Өмнөговь-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүд энэ компанийн ашгаар л хөдөлж байна шүү дээ. Түүнчлэн нүүрс угаах баяжуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байна. Мөн Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн авто зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн параллель авто замын бүтээн байгуулалтын ажлуудыг эднийх санхүүжүүлэх билээ. Улс төр самраад хаячихгүй бол цахилгаан станц, хими-технологийн үйлдвэр барих гээд олон төслүүд эднийхийг шил даран хүлээж байх жишээтэй. Монгол Улсын хөгжлийг үнэхээр олон жилээр дөтлүүлж яваа энэ компанийн хамт олонд монгол хүн бүр сэтгэлээ чилээх ёстой болов уу. Хоёр өдрийн хоолноосоо давж, ядаж хоёр гурван зууны тэртээг харж, сэтгэхийн чухлыг ухаарах цаг болжээ. 













A

Жижиг

A

Дунд

A

Том

Монгол эмэгтэйчүүд л чадахгүй бол өөр хэн ч чадахгүй

 0 сэтгэгдэл
  • Forbes Mongolia сэтгүүлээс “Өсөлтийн менежмент, эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр эмэгтэйчүүдийн форум зохион байгууллаа 

2018 онд Азийн сангаас Монголын 336 байгууллагыг хамруулан удирдах түвшний эмэгтэйчүүдийн оролцоог судлахад гүйцэтгэх удирдлагын 40 хувь, ахлах менежерүүдийн 72 хувьд нь эмэгтэйчүүд ажилладаг гэсэн тоо гарчээ.Тэгвэл Дэлхийн эдийн засгийн форумаас эмэгтэйчүүдийн оролцоог бүрэн хангадаг орнуудын ДНБ 35 хувиар өсдөгийг судалж тогтоосон байна. Энэхүү тооцооллоор Монголын эдийн засгийг 10 тэрбум ам.доллар гэж үзвэл эмэгтэйчүүдийг ажил эрхлүүлэлгүй гэрт суулгаснаар жилд гурван тэрбум ам.доллар алдаж байна гэсэн үг болох нь. Энэ нь сүүлийн жилүүдэд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтаас хоёр дахин их тоо аж. Эмэгтэйчүүдийн бүрэн оролцоо эдийн засгийн бүтээмжийг ингэж нэмдэг байна. Энэ талаар Forbes Mongolia сэтгүүлийг эрхлэн гаргагч Э.Долгион илтгэлдээ дурдсан. Тэрбээр “Та бүхэн яагаад өөрсдийгөө үнэлдэггүй юм бэ. Улс төрийн оролцоонд 30 хувийн квот нэхдэг. Яагаад тэгш оролцоо, 50 хувийн квот нэхдэггүй, ийм “даруухан” юм бэ” гэж салбар хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм. 

Сэтгэлгээгээ өөрчлөхөөс манлайлал эхэлнэ 
“Оюутолгой” ХХК-ийн хүний нөөцийн албаныхан ажилд орохыг хүссэн анкетуудын нэр, хүйсийг нь харалгүйгээр зөвхөн ажлын туршлага, боловсрол, төлөвшил, хандлага зэрэг байгууллагаас тавигдах шаардлагуудаа хангасан найман хүнийг шалгаруулж авсны долоо нь эмэгтэй хүн байв. Энэ нь монгол эмэгтэйчүүдийн өрсөлдөх чадвар эрчүүдээсээ хавь илүү байгааг харуулж байна. Гэтэл аливаа ажлын байрны сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг бүрэн хангасан эмэгтэйчүүд хойш сууж, төдийлэн шаардлага хангахгүй эрэгтэйчүүд өөрсдийгөө санал болгодог жишиг тогтжээ. Барууны хөгжингүй орнуудын эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо өндөр бол Азийн орнуудынх бага байдаг нь соёл уламжлалтай нь холбоотойг олон улсын байгууллагууд нотолсон байдаг.Гэхдээ сүүлийн үед БНСУ, Япон зэрэг Азийн орнууд эмэгтэйчүүдээ удирдах түвшинд гаргасаар байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ гэртээ хүүхдээ харж буй, нуугдмал чадварлаг эмэгтэй боловсон хүчнээ дэмжих бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийгээ тэрбээр “Алдагдсан боломжийн цоожийг нээх” хэмээн нэрлэсэн юм.Монголчууд “хоол цайны дээжээ гэрийн эзэндээ өргөн барина”, “эрчүүд дээшээ сууна” гэх мэтчилэн ахуй амьдралдаа эрэгтэйчүүдээ хүндэтгэн дээдэлдэг. Энэ сэтгэлгээ нь эмэгтэйчүүд өөрсдийгөө дутуу үнэлж, өрсөлдөөнөөс хойш суух нэг шалтгаан болдог байна. Ийм сэтгэлгээтэй ард түмэн эмэгтэй манлайлагчдыг тэгш оролцоотой байхыг хүлээн зөвшөөрнө гэдэг амаргүй. Бизнесийн хүрээнд эрчүүдтэй ана мана өрсөлдөж чаддаг ч улс төрийн нөхцөлд эмэгтэйчүүд хоймор эзлэх нь бүү хэл “баганаас дээш гарахад” хүнд. Форумын хэлэлцүүлгээр эмэгтэйчүүд өөрсдийгөө голж, хойш суух биш, “борлуулж” сурах нь чухал гэдгийг хөндсөн. Зөвхөн өөрсдөө хичээхээс гадна хамт ажилладаг эрэгтэйчүүд чадварлаг манлайлагч бүсгүйчүүдээ дэмжиж, удирдах түвшинд гаргахыг чухалчилсан. Энэ хандлагыг барууны орнуудад He for she уриан дор идэвхтэй өрнүүлсэн юм. Тэгвэл өнөөдөр Монголд зөвхөн He for she бус She for she буюу эмэгтэйчүүд бие биенээ дэмжиж, удирдах түвшинд олноороо гарч ирэх хэрэгтэйг оролцогчид онцолж байлаа. 

Эмэгтэйчүүдийн өмчлөх эрх зөрчигдөж байна 


"Өрхийн тэргүүлэгчийн нэр дээр өмчөө бүртгүүлдэг монгол уламжлалаас болж эмэгтэйчүүдийн өмчлөх эрх зөрчигддөг. Бизнесийн харилцаанд ч энэ асуудал нөлөөлж байна” гэж ХХБ-ны газрын захирал Б.Эрхэмбаяр хэллээ. Бизнесийн зээл хүссэн эмэгтэйчүүдэд банкны шаардлага хангахуйц өмчийн бүртгэл байдаггүй аж. Гэр бүлийн хөрөнгөө өрхийн тэргүүнийхээ нэр дээр бүртгүүлж, өв хөрөнгөө ч голомт сахих хүүдээ залгамжуулах хандлага оршсоор байна. “Өсөлтийн менежмент ба эмэгтэйчүүд” сэдэвт салбар хэлэлцүүлэгт жендэрийн тэгш оролцоог хангах нь НҮБ болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг хөгжлийн байгууллагын үүрэг мэтээр хүлээж авдаг байдлыг халах хэрэгтэй тухай хөндсөн. ХХБ таван жилийн өмнөөс Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд ногоон зээлийн хөтөлбөрийг анх хэрэгжүүлж, Монголын хэд хэдэн банк энэ чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлсээр бодит дэмжлэг үзүүлдэг амжилттай төсөл болгосон шиг эмэгтэйчүүдэд бизнесийн зээл олгоход хөнгөлөлт үзүүлэх талаар мөн анхдагч болох нь. Олон улсын байгууллагуудын эмэгтэйчүүдийг дэмжсэн хөгжлийн хөтөлбөрүүдийг Монголдоо хэрэгжүүлэх цаг мөдхөн аж. Эмэгтэйчүүд эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч атлаа удирдах түвшинд эзлэх хувь нь чамлалттай. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоонд квот тогтоосон шиг бизнест ТУЗ, удирдлагын түвшинд эзлэх хэмжээг журамлан хэрэгжүүлсэн байгууллага илүү хөгждөг аж. Өсөлттэй он жилүүдэд хуримтлал үүсгэх, ажлын байр нэмэгдүүлэх бодлого баримталж чадаагүй нь тухайн үеийн удирдлагуудад эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байсантай холбон тайлбарлаж байлаа. 

Монголд "Мөс зүсэгч" эмэгтэйчүүдийн амжилтын түүх хэрэгтэй 
Эмэгтэйчүүдийн манлайлал, удирдлагын түвшний оролцоо, хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч зэрэг олон асуудлыг хөндсөн анхны бизнес форум амжилттай болж өндөрлөлөө. Гэхдээ зөвхөн эмэгтэйчүүдэд тулгамдаад байгаа асуудлыг биш, салбар бүрийн бэрхшээл, нийгмийн бүхий л асуудлыг хамж шимж хэлэлцэв. “Эмэгтэй хүн өөрийн-хөө асуудлыг ярьж байхдаа ч нийгмийн асуудлыг хөнддөг, байгалиасаа ийм өгөгдөлтэй” гэж эдийн засагч С.Даваасүрэн үүнийг тайлбарласан. 2016 онд анх чуулсан WILS (Wom-en in leadership symposium)-ийн сэдэв нь “эмэгтэй хүн юуны өмнө өөрийгөө таних хэрэгтэй” гэдэг асуудлыг хөндөж байв. Тэгвэл дараа жилийн форумд “зоригтой, шийдэмгий байж бусдад нөлөөлж болно”, “өөрийнхөө дуу хоолойг илэрхийлэх хэрэгтэй” гэдэг асуудлыг гаргаж тавь сан. Харин 2018 онд “мөс хагалах” эмэгтэйчүүд буюу “эмэгтэйчүүдийн амжилтын түүх бүтээцгээе” гэж уриалж байсанбол 2019 онд “эргэн тойрныхоо бүсгүйчүүдийг хөгжүүлье, ментор болъё”, эсвэл “ментортой болж, бусдынхаа дэмжлэгтэй хөгжье” гэж уриалж эхэлсэн юм. Одоо WILS 2020 оны чуулганыхаа зорилтыг тодорхойлсон бөгөөд нийт эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амжилтад хүрсэн эмэгтэйчүүдийн бүлгэм бий болгох талаар хэлэлцэх аж. Дэлхий дахинд үлгэр дуурайл болох амжилтад хүрсэн эмэгтэй манлайлагчдыг гарган ирж, түүнийгээ даган бусад эмэгтэйчүүдээ хөгжлүүлэх зорилт тавьсан байна. Тэгвэл Монголд ч мөн бусдыгаа дагуулан манлайлах “мөс зүсэгч” эмэгтэйчүүдийн амжилтын түүх хэрэгтэй байна. Даган дуурайх үлгэр жишээ одоогоор байхгүй ч бизнес эмэгтэйчүүд чуулж, асуудлаа ярилцаж, өөрсдийгөө таньж мэдлээ. Аливаа асуудлыг зөв тодорхойлох нь амжилттай шийдэх үндэс болдогчлон энэ удаагийн форум хөдөлмөр, эдийн засгийн секторын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг, эдийн засгийн бүтээмж хамгийн өндөртэй хүн ам болох эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөх индэр болж өглөө. 

Х.Булгантуяа/Сангийн сайд /
-Бизнесийн салбарт “зам гаргасан” тэргүүлэгч эмэгтэйчүүд үгээ хэлэхэд улстөрч эрчүүд “айдаг” шүү. Бодлого шийдвэр маань бодит байдалд ингэж тусаж байгаа юм байна гэдэг дүр зургийг ойлгож авдаг. 

Д.Эрдэнчимэг/Петровис группын ТУЗ-ын гишүүн/ 
-Эрэгтэй хүн математик сэтгэлгээ илүү, эмэгтэй нь дутуу гэх байгалийн өгөгдөл байхгүй. Технологийн дэвшлийн энэ үед үүнийг цаг алдалгүй ашиглаж, чанартай бүтээгдэхүүн хүртээхэд анхаарахгүй бол ямар ч том компани “арчигдаж” болзошгүй бизнесийн салбарт бид өрсөлдөж байна. 

Н.Амарзаяа /УИХ"ын гишүүн/
-Эмэгтэйчүүд төрснөөс болж ажилгүй гэртээ суух үед гэр бүлийн эдийн засгийн байдалд нөлөөлдөг. Үүнийг дэмжиж сард 50 мянган төгрөгийн халамжийн тэтгэмж олгодог ч энэ нь хангалтгүй.


Ш.Ариунаа
/Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн/
-Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү боловсролтой хэрнээ өөрсдийгөө дутуу үнэлдэг. Тиймээс өөрийгөө “борлуулж” сурах, нөгөө талаар эрэгтэйчүүд тэднийг дэмждэг болж сэтгэлгээгээ өөрчлөх шаардлагатай.


Б.Эрхэмбаяр /ХХБ-ны Олон улсын банкны газрын захирал/
-Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд ногоон зээлийн хөтөлбөр амжилттай өрнүүлсэн шиг жендэрийн тэгш байдлыг хангах дараагийн зорилтод уялдаж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн системийг хэрэгжүүлнэ.

О.Даваасүрэн /Эдийн засгийн ухааны доктор/
-Монгол эмэгтэйчүүд ахуйн талдаа санхүүгийн оролцоо өндөр. Охиноо сургах шийдвэр гаргаж, эргээд охидоос ирж байгаа эдийн засгийн өгөөж сайн байдаг. Гэтэл улс төрийн нөхцөлд эсрэгээрээ байдаг тул ядуурлын түвшин 30 хувьтай хэвээрээ л байна.

Лаура Томас /"Оюутолгой" ХХК-ийн Бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер/
-Хүүхэд төрүүлээд богино хугацаанд эргээд ажилдаа орох сонирхол манай ажилчдад түгээмэл бий. Тэднийг ажлаар хангахаас гадна цагийн хуваарийн уян хатан байдал зэргээр бид дэмждэг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийн хөгжлийн бодлогыг эмэгтэйчүүд тодорхойлж байна

 0 сэтгэгдэл
  • Дэлхий нийт эмэгтэй удирдагчдын уян хатан бодлогын ачаар хүнд байдлаас аврагддаг
  • Эмэгтэйчүүдийн хатан ухаан, удирдах авьяас, чадварыг 2009 оны хямралаас хойш дэлхий нийтээр үнэлж эхэлсэн
  • Одоогоос зургаан жилийн өмнө Дэлхийн эдийн засгийн форумд “Эмэгтэй лидерүүд бизнес, улс төрд олноор орох тусам дэлхий аврагдана” гэж анх тунхаглаж байлаа. Энэ нь эмэгтэйчүүд олноороо удирдлагыг гартаа авах тусам дэлхийд энх тайван тогтож, энэрэнгүй нийгэм бий болно гэдэгтэй санал нэгдсэн хэрэг билээ



Аливаа байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн 30-аас доошгүй хувийг эмэгтэй удирдагчаар бүрдүүлвэл зөв засаглалтай, шударга, хүнлэг үйл ажиллагааявуулахаас гадна ногдол ашигт хүртэл ахиу мөнгө хуваарилдаг болохыг олон улсын хамаг том гэгдэх судалгааны байгууллагууд нотолсон. Түүнчлэн одоогоос зургаан жилийн өмнө Дэлхийн эдийн засгийн форумд “Эмэгтэй лидерүүд бизнес, улс төрд олноор орох тусам дэлхий аврагдана” гэж тунхаглаж байлаа. Энэ нь эмэгтэйчүүд олноороо удирдлагыг гартаа авах тусам дэлхийд энх тайван тогтож, энэрэнгүй нийгэм бий болно гэдэгтэй санал нэгдсэн хэрэг билээ. Fortune сэтгүүлээс жил бүр нэрлэдэг тэргүүлэгч 500 компанийн зургаан хувь буюу 30-ийг нь эмэгтэйчүүд удирдаж байна. Энэ зууны эхэнд уг жагсаалтад ердөө ганцхан эмэгтэй захирал багтаж байлаа.

Эдийн засгийн хямралын энэ үед АНУ-ын Холбооны нөөцийн банкны тэргүүнээр ажиллаж байсан хатагтай Жанет Иеллений зоригтой шийдвэр, удирдлагын уян хатан чанар тус улсын дэлхийд тэргүүлэгч эдийн засгийг хэвээр хадгалж чадсан юм. Түүнчлэн энэ оны аравдугаар сард ОУВС-гийн тэргүүний ажлаа өгч, Европын Төв банкны ерөнхийлөгчөөр өрсөлдөгчгүй сонгогдсон хатагтай Кристин Лагард хямралын үед Францын Сангийн сайд байхдаа улсынхаа эдийн засгийг тасралтгүй өсгөж, энэ байдлыг хамгийн удаан хадгалж чадсан эмэгтэй.Дэлхийн эдийн засгийн 25 хувийг бүрдүүлдэг Европын холбоог удирддаг Европын комисс ч анх удаа эмэгтэй хүнийг ерөнхийлөгчөөрөө сонгосон. Өнгөрсөн 11 дүгээр сарын 1-нээс Европын комиссын ерөнхийлөгчийн ажлыг хүлээж авсан Германы Батлан хамгаалахын сайд асан Урсула фондер Лейен уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Евро бүсийг тэргүүлэгч байр сууринд байлгаж, их хэмжээний хөрөнгө “хаяж”, эх дэлхийгээ хамгаалахаа мэдэгдсэн. Манай хойд хөршид ч 2013 оноос тус улсын Төв банкны түлхүүрийг Моксвагийн их сургууль, АНУ-ын Иелийн их сургуулийг төгссөн эдийн засагч Эльвира Сахипзадовна Набиуллинад атгуулсан. Барууны орнуудын хориг, газрын тосны ханшийн уналт, валютын нөөцийн хомсдол нүүрлэсэн хүнд байдлаас ОХУ-ыг богино хугацаанд гаргаснаас гадна өдгөө тус улс валютын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн нэг, хүчирхэг эдийн засгаа хэвээр хадгалж чадаж буй нь нууц хатагтайн удирдахуйн ур ухаантай салшгүй холбоотой. Дэлхийн 173 орны төв банкаас 11-ийг нь эмэгтэй ерөнхийлөгч удирддаг бол Энэтхэг, Индонез, Испани зэрэг 30 гаруй улсын Сангийн сайд нь эмэгтэй улстөрч байна. Тэгвэл Монгол Улсад ч эмэгтэй удирдагчдын үүрэг, нөлөө ихэссээр буй юм. Энэ удаагийн УИХ-д парламентын түүхэнд анх удаа 17 хувьд нь эмэгтэй төлөөлөл сонгогдсон. Дэлхий нийтээр эмэгтэйчүүдэд удирдлагаа шилжүүлж буй хандлагаас харахад ирэх сонгуулиар энэ үр дүнг ахиулах магадлал бий. Улс төрөөс гадна бизнес эрхлэгчдийн дунд эмэгтэй удирдагчтай компани дунд хүч түрэн орж ирсээр байна. Монголын топ аж ахуйн нэгжийн тэргүүн фронтод тасралтгүй жагсаж ирсэн “Петровис”, “НИК” компанийг удирддаг хатагтай Ж.Оюунгэрэл нэн түрүүнд хүлээн зөвшөөрөгдөх удирдагч юм. Түүний удирддаг компаниудаас олон улсад IPO гаргаж, амжилттай яваа нь ч бий. Мөн Дэлхийн банкинд зөвлөх хүртэл хийж явсан “Голомт” банкны ТУЗ-ийн дарга хатагтай Ч.Мөнхцэцэг салбартаа өрсөлдөхүйц технологи хэрэгжүүлэх алхмыг цаг алдалгүй хийж ирсэн. Түүнчлэн “Таван богд” группийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Хулан, “Тавантолгой транс” компанийн ТУЗ-ийн дарга Г.Ганчимэг, “Жем интернэйшнл” группийн ТУЗ-ийн дарга Б.Ойгонжаргал, “АПУ трейдинг” компанийн гүйцэтгэх захирал П.Батчимэг нарын удирдагч эмэгтэй олны өмнө төдийлэн ил гардаггүй ч, удирдаж буй байгууллагынхаа ахиц амжилтаар нэгэнт танигдсан билээ. Гаднын орнуудад боловсрол эзэмшсэн, олон улсад бизнесээ таниулсан эмэгтэйчүүд Монголын нүүр царай болсоор байгааг хүн бүхэн мэднэ. Улаанбаатар хотын Худалдааны танхимын тэргүүн, “Делоитт онч аудит” ХХК-ийн захирал Д.Ончинсүрэн дотоодын компаниудыг олон улсын түвшинд гаргахад томоохон дэмжлэг үзүүлдэг.Лидер эмэгтэйчүүдийн хүрээнд шинэ үе түрэн орж ирснийг зайлшгүй тэмдэглүүштэй. 2018 онд МҮХАҮТ-ын зарласан “Топ 100” аж ахуйн нэгжийн жагсаалтын зургадугаарт МАК ХХК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн орж ирсэн нь эмэгтэй удирдагчтай хамгийн дээгүүр эрэмбэлэгдсэн компани болов. 10 жилийн өмнө тус компани 31 дүгээрт жагсаж байсан бол өдгөө айргийн тавд багтаж өрсөлдөх болжээ. Түүнчлэн “Монполимет” группийн ерөнхий захирал Н.Мөнхнасан, “Жигүүр гранд” группийн ерөнхий захирал Б.Халиунаа, “Нано” группийн гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам нарын чадварлаг залуу удирдагчдаас Монголын нийгэм үлгэр дуурайл авч, ихийг хүлээж байгаа билээ. Ийнхүү дэлхий нийтээрээ эмэгтэй удирдагчдын уян хатан бодлогын ачаар хүнд байдлаас аврагдаж, эх дэлхийгээ хайрласан, илүү олон хүнийг тэгш, тогтвортой амьжиргаатай, эрүүл аюулгүй орчинд амьдруулах чин эрмэлзэлд хөтлөгдөх болов. Монгол Улсад ч энэ хандлага шингэж шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ихсэх тусам нийгмийн зүй бус үзэгдлүүд багасна гэдэгт итгэдэг. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч хатагтай Кристин Лагардын хэлсэн “Байдал дордсон үед эмэгтэйчүүд рүү залга” гэдэг нандин үгийг эрх баригчдад сануулмаар байна. 








 







A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголын иргэн, дэлхийн аварга Саеид Моллаей бэлтгэлдээ орлоо

 0 сэтгэгдэл
  • Эрчүүдийн 81 кг жинд Саеид Моллаей 3563 оноогоор гуравт бичигдэж буй
  • Улсаасаа урван тэрсэлсэн гэх ялд унаад буй бөхийг манайх иргэнээ болгосон нь Монгол, Ираны харилцаанд хэрхэн нөлөөлдгийгн таамаглах төдий 


Ираны жүдоч, дэлхийн аварга Саеид Моллаей Монгол Улсын иргэншилтэй болж, Монголын нэрийн өмнөөс тэмцээнд оролцохоор болсон нь шинэ долоо хоногийн онцлох мэдээ байлаа. Тэрбээр энэ жилийн ДАШТ-ээс хойш Иран руугаа буцалгүй, Германаас улс төрийн орогнол хүсэн хариугаа хүлээж байлаа. Гэвч германчууд татгалзсан тул Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах хүсэлт гаргаж, түүнийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга ёсоор болгожээ. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатараас тодруулахад “Энэ бол өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш яригдсан асуудал. Сая л эцсийн байдлаар шийдэгдлээ. Монголын иргэн болсондоо өөрөө маш их баяртай байгаа. Бусад тамирчны адилаар шигшээ багт хамрагдаж, бэлтгэлээ хийж, шигшээ багийн цалингаа аваад явна. Үүнээс гадна нэмэлт урамшуулал байгаа л байх. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Багштайгаа хамт бэлтгэлийн төлөвлөгөөгөө гаргасан юм билээ. Энэ жилийн тухайд Чиндаогийн мастерс тэмцээнд Монголын нэр дээрээс зодоглоно. Харин улсын аваргад оролцохгүй байх” хэмээн ярилаа. Түүнчлэн холбооны өөр нэгэн эх сурвалж “Манайх тамирчдаа өөр улсад явуулж байснаас биш гаднын сайн тамирчныг авч байсан түүх байхгүй. Тэгэхээр яах аргагүй түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж байна. Ер нь тамирчид өөр улсын иргэншил сонгохдоо авах цалин урамшууллын хэмжээ янз бүр л байдаг. Манай улсын тухайд олимп, дэлхийгээс медаль авсан тамирчид сар бүр багагүй хэмжээний мөнгөн шагнал авдаг нь бусад орны тамирчдын анхаарлыг татах нэг шалтгаан болж байгаа” гэсэн юм. Иран, Израиль улс сүүлийн 60 гаруй жил хоорондоо дайсагналцаж байгаа. Ираны лалын хувьсгалын номлолоор бол энэ дэлхий дээр Еврейн төр улс байх ёсгүй гэж үздэг. Тэр ч үүднээс Израилийг тусгаар улс болсныг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүйн улмаас үргэлж таагүй харилцаатай явж ирсэн байдаг. Чухам энэ зөрчил Саеид Моллаей хэмээх нэгэн сайн тамирчныг Монголын иргэн болгочихлоо гэж болно. Учир нь Иран улс өөрийн тамирчдаа Изриалийн бөхчүүдтэй барилдахыг хориглсон тул энэ жилийн ДАШТ-д тус улсын жүдочид оролцоогүй юм. Гэтэл өнөөх Саеид Моллаей улсынхаа шийдвэрээс зөрж, ганцаараа “том толгой” гарган ДАШТ-д өрсөлдсөн. Улмаар хагас шигшээд түвэггүй шалгарсны дараа албаар ялагдахад хүрсэн. Хэрэв энэ даваанд учраагаа ялсан бол аваргын төлөө Израилийн бөх Саги Мукитэй барилдах байсан юм. Тухайн үед Ираны Спортын дэд сайд нь түүний дасгалжуулагч руу утасдаж, Саеидийг дэвжээнд гаргахгүй байхыг анхааруулан дарамталж байсан гэдэг. Тэр ч байтугай гэрийнх нь гадаа хүмүүс цугларч, гэр бүлийнхнийг нь заналхийлж байжээ. Нэгэнт сонголтгүй болсон тэрбээр улсынхаа төлөө албаар ялагдсан ч, эх орондоо эргэж очих боломжгүй болсон юм. Ийнхүү 81 кг-ын жингийн дэлхийн шилдэг бөх чадал хүрээгүйдээ биш, улс төрийн шалтгаанаар медальгүй үлдсэний дараа Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визер түүнийг хамгаалахаа мэдэгдэж, өөр орны нэр дээрээс барилдвал чансааны оноог нь хэвээр үлдээнэ гэдгээ амласан билээ. Тиймээс Монголын иргэншилтэй болсон тэрбээр дэлхийн чансааны гуравт бичигдсэн хэвээр байна. Иран бөх энэ сарын 12-14-нд БНХАУ-ын Чиндао хотноо болох Мастерс тэмцээнд Монголын өмнөөс анхлан зодоглох юм. Монгол бол жүдо бөх өндөр хөгжсөн орон. Манай жүдочид олимпын наадмаас нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн бол ДАШТ-ээс дөрвөн алт, гурван мөнгө, 15 хүрэл медаль авч байв. Гэхдээ эрчүүдийн долоон жингийн хоёрт нь буюу 81, 90 кг-д олимп, дэлхийн медальгүй. Тэгвэл хамгийн сул гэж болох хоёр жингийнхээ нэгд нь дэлхийн хошой медальт жүдочныг олж авна гэдэг тун ашигтай. Энэ жингийн манай бусад бөхчүүдэд ч ур чадвараа ахиулах боломж олдож байна. Манай Г.Отгонцэцэг Казахстаны нэр дээрээс барилдаад олимп, дэлхийн медальтан болсон түүхийг Монголын шинэ бөх, шинэ иргэн Саеид Моллаей давтаж чадах эсэхийг харах л үлдэж байна. Харин улсаасаа урван тэрсэлсэн гэх ялд унаад буй бөхийг манайх иргэнээ болгосон нь Монгол, Ираны харилцаанд муугаар нөлөөлөхгүй гэж найдъя. Монгол, Иран хоёр эртний түүхэн харилцаатай, ард түмэн нь бие биеийнхээ түүх соёлыг хамгийн сайн мэддэг улсууд. Аль аль нь бөхчүүдээ дээдэлдэг, бөхийн орон гэсэн тодотголтойгоороо ч адил. Нөгөөтэйгүүр Иран бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригт орсон хоёр улсын нэг. Германчууд Ираны бөхийг ивээлдээ авахаас татгалзсан нь үүнтэй холбоотой ч байж мэднэ. Харин манай улс өрнөдийнхний хар дансанд хатуу орсон Ираны тамирчинд иргэншил олгов. Монгол Улс олон улсын хоригт орсон Хойд Солонгосын иргэдийг ажиллуулсныхаа төлөө саарал жагсаалтад орсон нь саяхных. Харин энэ удаагийн сайн, муугийн дэнс хаашаа хазайхыг Чиндаогийн мастераас харах үлдлээ. Дашрамд сануулахад, эрчүүдийн 81 кг-д Израилийн Муки Саги 4384 оноогоор тэргүүлж, Саеид Моллаей 3563 оноогоор гуравт бичигдэж буй бол О.Ууганбаатар 28-д (1483 оноо), Н.Дагвасүрэн 36-д (1077 оноо) жагсаж буй юм. Тус жингийн эхний 22 бөх олимпын эрхээ авах учиртай