A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/213/

Хятадын нэг нууц: Хэтэрхий олон зорилт төлөвлөдөг

ДНБ-ээ 58 дахин өсгөдөг өөр улс үндэстэн дэлхийд нэрлэгдээгүй байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/213/


ХХ зуунд Хятад улс ямар дэвшилд хүрсэн тухай ХКН-ыг нэг үед удирдаж байсан Ху Яобан ингэж хэлж байв. Хятад улс энэ зуунд гурван том үсрэлт хийж байна. Эхний үсрэлт бол Цин улсын феодализмыг түлхэн унагасан ХХ зууны эхний хувсгал. Хоёр дахь үсрэлт нь энэ зууны дундуур БНХАУ-ыг байгуулж, социализм бүтээн байгуулах замд шилжсэн явдал. Гурав дахь үсрэлтийг 1980-аад онд хийж байна. Энэ үед хоёр том зорилтыг биелүүлнэ. Нэгдүгээрт, эх орноо нэгтгэнэ. Хоёрдугаарт, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүнийг дөрөв дахин нэмэгдүүлэх гэжээ. Энэ 2018 онд Хятад улс нэгэн лут үйл явдлын түүхт 40 жилийн ойг тэмдэглэж буй нь Ху Яобаны заасан гурав дахь үсрэлтийн 40 жил буюу ХКН-ын XI их хурлаас (1977 он) сонгогдсон Намын төв хорооны III Бүгд хурлын 40 жилийн ой болно. Энэ 40 жилд 700 сая ядуус ядуурлаас гарлаа гэдэг нь аугаа том үйлс, ялалт хэмээн хятадууд шагшдаг, тэр тухай ч намынх нь XIX Их хурал, БХАТИХ-ын саяхны шинэ чуулганаар (13 дахь удаагийн сонгуулийн) хангалттай ярилаа.


Энэ 40 жилд хүндийн төвийг улс төрөөс эдийн засагруу эргэлтгүй шилжүүлж, либераль эдийн засгийн реформыг тасралтгүй хийсэн. 40 жилийн гол бахархал нь 700 сая хүнийг ядуурал, гуйланчлалаас гаргаж чадсан явдал аж. Энэхүү 40 жилийн ололтыг илтгэх тоо: Хятадын ДНБ-ий өсөлт 35 жилд буюу 1980-2015 онд 191 тэрбумаас 11 их наяд доллар болж (бараг 58 дахин) өссөн нь дэлхийн эдийн засгийн түүхнээ урьд хожид үзэгдээгүй явдал болох аж. ДНБ-ээ 58 дахин өсгөдөг өөр улс үндэстэн дэлхийд нэрлэгдээгүй байна. Яг одоогийн Хятадын суртал нэвтрүүлгээр энэ 40 жилийн сүүлийн таван жил онцгой болж, түүхнээ Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе хэмээгдэж буй. Энэ тавхан жилд юу эсийг амжууллаа гэхэв. Өнгөрсөн таван жилд ядуу хүн амын тоог 68 сая гаруйгаар цөөрүүлж, 8.3 сая хүнийг өөр нутагруу нүүлгэн амьдралыг нь өөд татаж, ядуурлын хэмжээ 10.2 хувьтай байсныг 3.1 хувь болгон бууруулжээ.


Оршин суугчдын орлогын жилийн дундаж өсөл­тийг 7.4 хувьд хүргэсэн нь улсын эдийн засгийн өсөлтийн хурдаас илүү байна. Эдүгээ Хятад нь дэлхийн хамгийн олон хүн амтай, гэхдээ дунд зэргийн орлоготой цорын ганц улс болж тодорлоо. Гадаадад жуулчлах хятад иргэд 83 сая байсан бол 130 сая гаруй болж, өндөр настны даатгалд 900 сая хүнийг, эмчилгээний даатгалд 1.3 тэрбум бүх хүнээ хамруулж, нийгмийн баталгааны дэлхийн хамгийн том сүлжээг байгуулсан байна. Хятадын хүн амын дундаж наслалт 76.7 хүрсэн нь тэрбум гаруй хүн амд нь харьцуулж үзвэл гайхамшиг гэхээс аргагүй. Тэгэхээр тэр “40”-өөс “5”-ыг салгаж аваад, түүнийгээ ололт хэмээн сурталдахад болохгүй нь юу байх билээ. Яг манай Монголын дэргэд, хил залгаа, өдөр тутам холбогддог хөрш маань ийм аугаа хүчирхгээр босч ирснийг бид тусгаж авах, хамтын ажиллагаандаа тооцох, тэр их орлого ба мөнгөнөөс зөв, хуулийн дагуу хамтарч бизнес хийгээд ашиг хүртэх нь зүйтэй мэт.


Хятадын дундаж наслалт 76.7 хүрсэн нь тэрбум гаруй хүн амд нь харьцуулж үзвэл гайхамшиг


Тэрхүү 40 жил дээр нэмэгдэх ойрын таван жилд өмнөд хөрш маань ямар лут зорилтын ард гарах бол. Тэд хөдөө аж ахуйруу том дайралт хийх нь ээ. Орчин үеийн хөдөө аж ахуйг буй болгоно гэж байна. Хөдөө тосгоны нэг ба хоёр, мөн гуравдугаар аж үйлдвэрийг уялдуулан хөгжүүлнэ, хөдөө тосгоны аж үйлдвэрийн сис­темийг буй болгон, тариачдын орлогыг нэмэгдүүлнэ гэжээ. Хөдөөгийн I, II, III аж үйлдвэр гэж юу болох, тэр нь манайд ямар хамаатайг судлах ёстой болж таарлаа. Орчин үеийн хөдөө аж ахуй гэдгээ ингэж төлөвлөжээ:

Үндэсний үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулж, хөдөө аж ахуйн бүтцийг сайжруулан, орчин үеийн хөдөө аж ахуйн аж үйлдвэр, боловсруулах, хөтлөн явуулах системийг түргэн байгуулж, хөдөө аж ахуйн өсөлтийг шаардаж байсан бол одоо чансаатай хөгжлийг шаардана гэжээ. Хөдөө тосгоны соёлч боловсон байдлыг ч эрс сайжруулна гэлээ. Экологи ба хөдөө аж ахуй хоёрыг шууд холбоод авлаа. Хөдөө тосгоны байгаль орчны асуудлыг зохицуулж, тариачдын амар амгалан, аз жаргалтай амьдрах үзэсгэлэнт сайхан нутаг усыг нь бүтээн байгуулна гэлээ. Энэ бүхнээ чансаатай хөгжил гэж нэрлээд байх шиг.


Ардын төлөөлөгчдийн Их хурлын баримт бичгүүдэд “Чансаатай хөгжил” хэмээн нэгээр тогтохгүй олон ярьсныг бид бас судлах ёстой. 2018 оны эхний улирал өн­гөрсөн ч үлдэх гурван улиралд Хятадаас юу хүлээж болох вэ гэдэгт саяхны Хятадын Их хур­лын чуулган хариу өгчихсөн. Юуны өмнө ДНБ-ийг 6.5 орчим хувиар өсгөх, хот суурин газрын ажилгүйдлийн хэмжээг 4.5 хувийн дотор байлгаж, 2020 он гэхэд үлдсэн 30 сая ядуу хүн амыг бүгдийг нь ядуурлаас гаргана гэчихлээ. Нэг бүрчлэн задалъя. Ши Жиньпин даргын хэлснээр “Хөдөө тосгоныг сэргээн ман­дуулах стратеги бол том ажил” ажээ. Хөдөөгөө хөгжүүлдэг Хя­тадын туршлага, ерөөсөө аж ахуй хөтлөн явуулдаг хятад арга ухаанаас монголчуудад суралцахад илүүдэхгүй гэдэг утгаар би дэлгэ­рүүлэн бичиж байгааг уншигчид ойлгох биз ээ. Хятад яагаад том ажил хийнэ гэв. Яагаад гэвэл ядуурлаас ангид байхын тулд хөдөөг анхаар, хотуудын ачаалал, хэт төвлөрлөөс сэрэмжил гэсэн утгаар хэлэгдсэн байх.

Ши дарга хэлж байна:

-Чинээлэг болсон эсэхийг тариа­ чид маань чинээлэг байгаа эсэхээр тогтооно.

-Хятад улс хүчирхэг байя гэвэл хөдөө аж ахуй нь хүчирхэг байх ёстой.

-Хятад улс үзэсгэлэнтэй байя гэвэл хөдөө тосгон маань үзэсгэ­ лэнтэй байх ёстой.

-Хятад улс баян байя гэвэл тариачид маань хөлжиж баяжсан байх ёстой.

-Хятадын хөдөө тосгоны аугаа их, сайн сайхан хэтийн төлөвийг ХКН зурагласан юм шүү гэжээ. Ши дарга “Гурван шаардлага” гэдгийг Гуандун мужид нам толгойлж байхдаа хэрэгжүүлж байсан юм билээ.

Тэр нь: 1. Гуандун нь Хятадын онц­логтой социализмыг хөгжүүлэх тэргүүн эгнээнд байнга байх;

2. Өөрчлөлт нээлтийг гүнзгий­рүүлэх түүчээ болох;

3. Шинжлэх ухаанчаар хөг­жихийг эрэлхийлэх туршилтын талбар болох ёстой гэдгийг одоо нийт Хятад даяар хэрэгжүүлэхийг саяхны чуулган уриалжээ. Энэчлэн “төдөн тийм” гэсэн Ши даргын заалтууд хөвөрч өгнө. Бүгд л дор бүрнээ утга агуулга, тодорхой зорилгод хөтлөгдсөн мэт.

“Хоёр тэргүүлэх чиглэл”: -Нэн тэргүүнд бүх талаар чи­ нээлэг нийгэм байгуулах хэрэгтэй.

-Нэн тэргүүнд социалист орчин үеийн бүтээн байгуулалтыг биелүүлэх хэрэгтэй. “Дөрвийг баримтлан, гурвыг дэмжиж, хоёр зүйлд гавшгайлах”: Дөрвийг баримтлах

-ХКН-ын удирдлагыг баримтлах

-Хятадын онцлогтой социализ­мыг баримтлах

-Хөгжлийн шинэ үзэл санааг баримтлах

-Өөрчлөлт нээлтийн бодлогыг баримтлах Гурвыг дэмжих

-Бүх улс орны хангамжийн талын бүтцийн өөрчлөлтөд дэмж­лэг үзүүлэх

-Инновацийг хөгжүүлэх хөгж­лийн стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

-Нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх Хоёр зүйлд гавшгайлах

-Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахаар гавшгайлан ажиллах

-Социализмыг орчин үеийн болгох байгуулалтын шинэ аянд гавшгайлан ажиллах гэжээ. Дээрх бүх заалтад манайхан чих тавьж, сонирхож таарах байх. Учир нь манай худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш учраас бүгдийг нь гярхай судалж, байнга ажиглаж, тэр ажиглалтаасаа дүгнэлт хийж хамтын ажилла­гаандаа мөрдөөсэй билээ. Тог­лоомын дүрмээ “хятадын”-хаар явуулбал тэднийг ядаж соёлтой шулмаарсан.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хуулийн цоорхой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хохироож байна

Хөдөлмөрийн насны ажил хийдэггүй 75 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий

 0 сэтгэгдэл


Ид хийж бүтээх насных ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэйн улмаас ажил хийж чаддаггүй 80 мянган хүн Монголд байна. Харин өнгөрсөн оны байдлаар тэдний 2500 нь ажил хайгчаар бүртгүүлж, ердөө 25 хувь нь ажилд зуучлуулан оржээ. Гэхдээ тэд ажилд орох гэж бүртгүүлээд хамгийн багадаа хагас жил хүлээдэг аж. Тиймээс зарим нь замаасаа шантардаг гэсэн судалгааг хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар аж ахуйн нэгжүүд 25, түүнээс дээш ажилтантай бол түүний дөрөвт нь хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэн ажиллуулах ёстой. Гэвч энэ хуулийн хэрэгжилтийг биелүүлэх, шалгах механизм тун муу. Тиймээс аж ахуйн нэгжүүд дээрх хуулийг биелүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахад хойрго хандсаар байна. Харин ч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүйн төлбөрийг төлөөд явах сонирхол өндөр байдаг аж.

2018 оны байдлаар дээрх төлбөрийг 273 аж ахуйн нэгж, байгууллага төлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 969.1 сая төгрөг шилжүүлжээ. Уг нь тус хуулийн заалтыг хэрэгжүүлэх нийт 5230 шимтгэл төлөгч байгууллага Монгол Улсад бүртгэлтэй аж. Хөдөлмөрийн тухай хуулийн тус заалт бүрэн хэрэгжсэн бол дор хаяж 15 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болох байсан. Шимтгэл төлж байгаа байгууллагаас төлбөр төлж буй шалтгааныг асуухад 50 орчим хувь нь “Хөгжлийн бэрхшээлтэй  иргэн ажилд орохоор хандаж байгаагүй” гэж хариулсан байна. Харин 26 хувь нь эдгээр иргэнд  ажиллах боломжтой ажлын байр байхгүй, 20 хувь нь ур чадвар шаардлагад нийцдэггүй гэжээ.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг “Тухайн байгууллага хэдэн төгрөгийн төлбөр төлөх нь ажилчдынх нь тооноос хамаарна” хэмээн хэлэв. Ийнхүү ажилд орох гэсэн ч тэнцдэггүй, хайгаад ч олддоггүй гээд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд гэр зуур байхаас өөр сонголт үлдсэнгүй. Харин тэдэнд улсаас сар бүр 174 мянган төгрөгийн тэтгэмж олгодог бол, улиралд нэг удаа асаргааны мөнгө гэж 78 мянгыг нэмж өгдөг аж. Тэгэхээр үүнээс өөр ямар ч орлогогүй тэд сард ердөө 200 мянган төгрөгөөр амьдралаа залгуулдаг гэсэн үг.

Харин ажил хийж буй 20 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний дийлэнх нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг аж. Эрүүл мэнд, боловсрол, ус хангамжийн салбарт цөөн тооны хүмүүс ажилладгийг албаны хүн дурдсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Оюутолгой” ХХК ажилчдынхаа цалингаас ₮1.2 тэрбумыг хассан гэв

Хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг хууль зөрчин өөрчилжээ

 0 сэтгэгдэл


Шилдэг татвар төлөгчдийн эхний хоёр байрыг жилийн жилд “булаацалдаж” төсвийн ачаанаас томоохон хувийг үүрэлцдэг “Оюутолгой” ХХК-д ажиллах хүсэлтэй залуусыг жагсаавал хэдэн зуун километр ч үргэлжилж мэдэх эрэлттэй байгууллага. Харин тэнд ажилладаг монгол ажилчдыг улстөрч биш хэрнээ орлого өндөртэй, тансаг хэрэглээтэй гэж олон нийт андуурах нь бий. Бүр “байр аваад амьдардаггүй, машин аваад унадаггүй” гэж шоглодог болсон. Жилийн гуравны нэгийг гэр бүлээсээ хол, уурхайн хуаранд “ажлын мал” болж өнгөрөөдөг тэдний хувьд эрүүл мэндээ зольж авдаг цалин нь амьдралын баталгаа болдог ч, аз жаргалыг мэдрүүлж чаддаг эсэх нь эргэлзээтэй.

Монгол Улсын хуулиар газар дор хүнд, хортой, халуун нөхцөлд ажилладаг хүн 7-10 жил ажиллаад л тэтгэвэрт гарах учиртай. Өөрөөр хэлбэл, уурхайчин хүн амьдралаа эхэлж, анхны хүүхдээ өлгийдсөнөөс хойш сургуульд орох хүртэл нь л энэ хүнд нөхцөлийг дааж ажиллах чадвартай гэж шинжлэх ухааны үндэстэйгээр судалж байж хуульчилсан нь лавтай.

Тэгвэл энэхүү хуулийг “Оюутолгой”-н удирдлагууд үл ойшоож, хөдөлмөрийн нөхцөлийг нь “хэвийн” гэдэг ангилалд оруулах замаар цалингийн зардлаасаа хэдэн төгрөг хэмнэх явуургүй арга сүвэгчилжээ. Тодруулбал, 2017 оны зургадугаар сард уурхайн талбарын 329 ажилтанд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж, 200 гаруй хүнийг “хэвийн бус” ангиллаас хассан байна. Хэвийн бус гэх нэр томъёоны цаана газар дор, хортой, халуун зэрэг бүхий л хүнд нөхцөлийг илэрхийлж байгаа хэрэг.

Ийм нөхцөлд хөдөлмөр эрхэлж, 13 хувийн цалингийн нэмэгдэл авдаг байсан 200 гаруй хүн тус бүрээс сарын нэг сая орчим төгрөгийг зургаан сарын турш хассанаар, нийт 1.2 тэрбум шахам төгрөгийг “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд “хэмнэж” чаджээ. Энэ “шилдэг” аргаа хэрэгжүүлэхийн тулд хууль, журам зөрчиж үнэлгээ хийх эрхгүй байгууллагыг сонгон шалгаруулахаа ч мартсангүй.

Хөдөлмөрийн сайдын 2015 оны А223 тоот тушаалын хавсралт “ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 3.6-д “хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах асуудлыг “хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв” хариуцаж гүйцэтгэнэ” гэж заасан байдаг. Энэ бол ХНХЯ-ны харъяа, хуучнаар Мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв юм. Гэтэл “Оюутолгой” ХХК нь АШУҮИС-ийн дэргэдэх “Орчны эрүүл мэндийн институт” гэх төрийн бус байгууллагыг шалгаруулан, үнэлгээ хийлгэж ийнхүү ажилчдыг хохироосон дүгнэлт гаргуулжээ. Түүгээр ч барахгүй энэ төрийн бус байгууллагаар гүний уурхайн үнэлгээг мөн гаргуулахаар болсон тухай ажилчид нь ярьж байна.

Тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд одоогоор 178 ажилтан гомдол өргөдөл гаргажээ. Ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс хууль ёсны эрхийг зөрчсөн энэхүү үйлдлээ зогсоохыг хүсч, тэд удирдлагууддаа хандсан боловч “танай улсын хууль тогтоомжийн тодорхой бус байдлаас болсон” хэмээн байдлыг залруулаагүй аж. Ингээд Үйлдвэрчний эвлэлийнхэн хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэхээр харъяа дүүргийн засаг даргаар захирамж гаргуулан, дундын зуучлагчийг томилуулах шатанд “Оюутолгой” ХХК-ийн зүгээс огт оролцоогүй бөгөөд уг захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Ийнхүү шүүхэд хандсанаар хөдөлмөрийн маргаан өрнөх боломжгүй болж, ажилчид хүнд нөхцөлийн нэмэгдлээ авах горьдлого үндсэндээ тасарч байна.

Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 тоот тушаалд “тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын доор болон хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийг шинэчлэн батлах” жагсаалтаар тогтоосон ажлын байрыг тодорхой заасан байдаг.

• Хэвийн бус буюу газар дор, хүнд, хортой нөхцөлд 7-10 жил ажиллаад тэтгэвэрт гардаг хуультай. 

• Хууль зөрчиж, ТББ-аар хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэжээ. 

• ҮЭХ-оос “Оюутолгой”-н хууль бус шийдвэрийг шүүхэд өгнө.

Уг хавсралтад дурайтал бичигдсэн ажлын байрыг ийнхүү хэвийн бус ангиллаас хассан тул “Оюутолгой”-г шүүхэд өгөхөөр зэхэж байгаа тухай Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Дэлгэрхүү ярьсан. Өмнөх дарга нь энэ асуудлыг хуулийн хүрээнд эсэргүүцэн, хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлсний төлөө ажлаасаа халагдсан аж. Харин одоо эдгээр залуусын тэмцэл үр дүнд хүрэх эсэхийг нийгэм даяараа харж байна.

“Оюутолгой” ХХК-ийн монгол ажилчид яг адилхан үүрэг гүйцэтгэдэг гадаад мэргэжилтнээс дөрөв дахин бага цалин авдагтаа хэзээ ч гомдол гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн хүнд нөхцөл, эрүүл мэндэд хортой орчинд ажилладагтаа “ялархаж”, аяга сүү илүү нэхэж үзээгүй. Бусад орнуудад эрхэлдэг уурхайн ажилчидтайгаа ижил хэмжээнд үзэж, цалингийн шатлалын нэгдсэн системтэй байхыг ч шаардаагүй. Гагцхүү эрүүл мэндээс нь хумсалж, амьдрах наснаас нь хороож байгаа хүнд, хортой нөхцөлдөө тохирсон нэмэгдэл хэдхэн төгрөгөө өгөөч гэж гуйж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хаусын зах зээлд боломж нээгдсэн ч чанар үгүйлэгдэж байна

Амины орон сууцны ипотекийн зээл авч буй иргэний тоо харьцангуй цөөн байна

 0 сэтгэгдэл


Бүтээн байгуулалтын улирал хэзээ мөдгүй эхлэх нь. Өвлийн турш гацсан барилгын араг яснууд амилж, иргэн, аж ахуйн нэгж, нэгдэл бригадууд хавартай уралдан ханцуй шамлах үе ирлээ. Барилгын салбарын борлуулалтын гол суваг болох ипотекийн зээлийн журмыг өнгөрсөн онд тодотгож, энэ оноос найман хувийн хүүтэй зээлийг амины орон сууцанд олгохоор болсон. Одоогоор хаус барихаар хөнгөлөлттэй зээл авч буй иргэний тоо харьцангуй цөөн байгааг арилжааны банкны зээлийн эдийн засагчид хэлж байна.

Амины гэх тодотголтой шинэ зээл 2013 оноос олгож эхэлсэн олон давхар орон сууцны зээлтэй урьдчилгаа төлбөр (30 хувь), хүүгийн хувь (жилийн найман хувь) зэрэг үндсэн шаардлага, шат дамжлагын хувьд ижил. Гэхдээ ипотек хэмээх ижил нэрийн дор олгох энэ хоёр зээлийн бүтээгдэхүүнд хэд хэдэн ялгаа бий.

Нэгдүгээрт, Засгийн газраас нэг дор олон зуун айлыг багтаадаг орон сууцанд олгох зээлийн хэмжээ болон хугацааны дээд хязгаарыг 100 сая төгрөг болон 30 хүртэлх жилээр тогтоосон бол амины хаусын санхүүжилт харьцангуй бага, хугацаа нь ч богино. Тодруулбал, нийслэлийн иргэд 120 хүртэлх ам метр талбайтай амины орон сууцанд 60 хүртэлх сая төгрөгийн зээлийг 30 хүртэлх жилээр авч болно.

Өнгөрсөн оны байдлаар арилжааны банкуудын өөрийн санхүүжилтээр олгосон зээлийн хүү дунджаар 14 хувийн хүүтэй байжээ. Харин Засгийн газар энэ хэмжээний хүүг иргэдийнхээ нуруун дээр үүрүүлэхгүйн тулд зээлийн хүүгийн зөрүүг өмнөөс нь төлж, байж болох хамгийн бага буюу жилийн найман хувийн хүүтэй зээлийг иргэдэд санал болгож буй.

Гэтэл хүүгийн дарамтынх нь багагүй хэсгийг төр үүрч буй энэ төрлийн хөнгөлөлттэй зээлийг зорилтот бүлэг нь бус, байр, хаустай чинээлэг иргэд гэр хорооллын иргэдтэй уралдан авч, илүү хөрөнгөжих тохиолдол цөөнгүй гарсныг албаныхан үгүйсгэсэнгүй. Тиймээс энэ зээлийг халаалт, халуун устай тав тухтай байр байшинд амьдрах чин хүсэлтэй иргэд рүү чиглүүлэхээр ипотекийн зээлийн журмыг шинэчилжээ. Ингэснээр энэ бодлого байгаа онож, орчны бохирдлыг бууруулж, дундаж давхаргын хувь хэмжээг нэмэгдүүлэх юм.

Манай иргэдийн дийлэнх нь орд харш шиг олон өрөөтэй эсвэл дэндүү давчуу биш амины орон сууцыг төдий л сонирхдоггүй. Харин дундаж хэмжээ, мансарттай байшинг илүүд үздэг гэж барилгын компаниуд хэлж байна. Ингэхдээ зочдын болон гал тогооны өрөө зэрэг үндсэн хэсгээс гадна унтлагын 2-3 өрөө, амралт болон техникийн өрөөтэй, дунджаар 78 ам метр талбай бүхий хаусыг сонирхдог аж. Ийм хэмжээ бүхий орон сууцны дундаж зардлыг “Барилга.мн” сэтгүүлийн мэргэжилтний баг тооцжээ. Зураг төслөөс нь эхлээд дотоод засал хүртэлх барилгын өртөг 65 сая төгрөгтэй тэнцсэн байна. Ингэхдээ барилгын материалын үнийг 2018 оны эхний хагасын байдлаар НӨАТ-тай нь хамтатган тооцсон бөгөөд тээврийн зайг 20 километр гэж үзжээ. Энэ өртөг дээр бусад нэмэгдэл зардал болон ашгийг таван хувиар тооцон нэмбэл 74.1 сая төгрөгтэй тэнцэж байгаа аж.

Иргэд худалдан авах гэж буй байраа барьцаалж, банкнаас ипотекийн зээл авдаг. Өөрөөр хэлбэл, банк хэдийн сүндэрлэн боссон тул шинэ байрны ордер буюу орон сууцны гэрчилгээг нь барьцаалж, буцаагаад зээл олгодог гэсэн үг. Харин амины хаусын зээлийг шинээр байшин барих гэж буй иргэдэд олгохоор заасан. Тиймээс иргэд зээл авч байж, хаусаа барина гэсэн үг. Гэтэл барьцаалчих үл хөдлөх хөрөнгө нь нүдэнд харагдахаар босоогүй байгаа нөхцөлд үүнийг хэрхэн шийдэх вэ. Холбогдох журамд зааснаар иргэд банкнаас авах зээлтэй тэнцэх хэмжээний барьцаа хөрөнгө тавих учиртай. иргэдийн дийлэнх нь байшин барих газраа барьцаанд тавьж байгаа аж. Гэвч зөвхөн газар зээлийн барьцааг хангахгүй байгаа тул зээл авахаас өмнө амины орон сууцныхаа барилгын ажлыг тодорхой хувьд хүргээд, үүнийгээ эзэмшил, газартайгаа хамтатгах байдлаар шийдэх гаргалгааг ч Барилга хот байгуулалтын яамнаас санал болгож байна. Мөн иргэдийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, инженерийн дэд бүтцэд холбосноор үнэ цэнэ нь нэмэгдэх төлөвтэй гэж холбогдох албаныхан  үзэж байна.

Салбарын яам болон Нийслэлийн захиргаа инженерийн дэд бүтцийг өргөтгөж, иргэдийн үүдэнд хүргэхээр зорьж байгаа. Энэ төрлийн дэд бүтцийг сунгахад БНХАУ-аас хоёр тэрбум юанийн санхүүжилт олгохоо 2017 онд мэдэгдсэн. Ингэснээр Баянхошуу, Толгойт, Хандгайт, Шарга морьт, Дарь-Эх, Гачуурт зэрэг алслагдсан бүс рүү инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ татахаар төлөвлөсөн ч санхүүжилт нь өнөө хэр бүрхэг байгаа аж. Холбогдох албаныхан 2019, 2020 онд орж ирнэ гэж хүлээж байна.

Халаалт, халуун устай хаусын хямд зээлийн шугам нээсэн энэ бодлого энэ төрлийн бизнес эрхлэгчид ч зах зээлийн боломж олгож байгаа. Хүлээгдэж байсан бодлогыг төр урагшлуулсан хэмээн амины орон сууцны компанийн төлөөлөл мэдэгдсэн бол “Монгол базальт” компанийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд “Амины орон сууцанд зээл олгосноор зах зээлд эрэлт нэмэгдэх хүлээлттэй төдийгүй зөв төлөвлөж хэрэгжүүлж чадвал агаарын бохирдлыг бууруулах боломж бий” хэмээн хэлж байна.

Энэ онд ипотекийн зээлд олгох санхүүжилтийг нэмэгдүүлж, хагас их наяд төгрөгт хүргэсэн. Үүний тодорхой хэсэг нь амины орон сууцны зах зээлийг чиглэх болноор санхүүжилтийн саад  багасч, боломж нэмэгдсэн сайн талтай. “Тэнхлэг зууч” компанийн нийслэл болон орон нутгийн суурин газарт нийт 340 мянга орчим айл инженерийн дэд бүтцэд холбогдоогүй амьдарч байгаа гэсэн тооцоо гаргасан. Үүнээс үзэхэд амины орон сууцанд зах зээлийн боломж зах хязгааргүй байгаа гэсэн үг. Дээрээс нь санхүүжилтийн шинэ бас хямд сонголт нээгдэж байгаа нь иргэд төдийгүй бизнес эрхлэгчдэд ч ээлээ үзүүлнэ.

Гэхдээ амины орон сууцны зах зээлийн нэг амин чухал хүчин зүйл болох чанарын тухай ойлголт өнөө хэр орхигдоод байна. Найман хувийн хүүтэй зээлийг стандартын шаардлага хангасан амины орон сууцанд олгохоо албаныхан мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Барилга, хот байгуулалтын сайдын баталсан нэг айлын орон сууцны барилгын төлөвлөлт угсралтын нормыг хангасан, зураг төслийн хүрээнд боссон байшинд зээл авах юм. Гэтэл одоогоор амины орон сууцуудын 90 гаруй хувь нь зураг төсөлгүйгээр, иргэн хоорондын хэлэлцээрийн хүрээнд баригддаг. Ер нь энэ салбарын чанарыг байшин захиалсан иргэдийн үзэмжээр шийдэх нь түгээмэл байдаг аж. Чанарыг нь мэргэжлийн байгууллага бус иргэд дэнсэлдэг учраас барилгын компаниуд хямд үнэ, богино хугацааг чанараас түрүүнд тавьж, зар сурталчилгаагаа ч энэ төрлийн үгсээр чимэглэж хачирладаг. Бүр 14-хөн хоногийн дотор амины орон сууц барих зар мэдээллүүд ч цахим ертөнцөөр хөвөрч байна. Мөн 10 гаруйхан хоногийн дотор амины орон сууц барина хэмээн иргэдээс жилийн өмнө мөнгийг нь аваад өнөөг хүртэл барилгаа бариагүй компаниуд ч энэ зах зээлд бий аж.

Гэтэл амины орон сууцны зах зээлийн боломж нэмэгдэхийн хэрээр илүү хариуцлагатай, мэргэжлийн ажиллах шаардлага тулгараад байна. Учир нь иргэд, барилгын компани гэсэн хэдхэн тоглогчийн хооронд өрнөдөг байсан энэ бизнес Засгийн газар, Монголбанк болон арилжааны банк зэрэг олон оролцогч нэмэгдэж, зах зээлийн зарчмаар ажиллаж эхэллээ. Энэ зах зээл өмнөх шигээ замбараагүй, хяналтгүй, албан бус байдлаар үргэлжилбэл нэг их удахгүй нуран унахад хүрнэ. Ингээд зогсохгүй хүүтэй зээл авсан иргэн болон санхүүжилт өгсөн банкинд хохирол дагуулна. Тиймээс чанар хэмээх ойлголтыг зах замбараагүй амины орон сууцанд чанд сахиулахгүй бол нуухыг нь авах гээд нүдийг сохлох вий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж буй иргэдийг 100 мянгаар торгожээ

 0 сэтгэгдэл


Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хууль бусаар дуудлагын такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ. Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу арга хэмжээ авч байна. Одоогийн байдлаар Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар нэг аж ахуйн нэгж, байгууллагад нэг сая төгрөгийн, зургаан иргэнд 100 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцжээ. Мөн холбогдох хууль, тогтоомжийн дагуу нэг байгууллагын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар гарган зогсоосон аж.