A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3148/

Хятадын нүүрсний станцууд дарамтад орж байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3148/

Жасмин Нг

Хятадын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй топ зургаан нүүрсний цахилгаан станц уур амьсгалын өөрчлөлтийн шаардлагад нийцэж чадалгүй олон улсын төстэй компаниудаас хоцрогджээ. Ийм байдал Бээжингийн байгаль орчны бодлогыг хөсөрдүүлж байна гэж Сингапурт төвтэй Asia Research & Engagement судалгааны фирмийн тайланд дүгнэжээ. Эдгээр станц уур амьсгалын өөрчлөлтөд бизнесээ хэрхэн уялдуулж, зохицуулж буйгаа хувьцаа эзэмшигчдэдээ мэдээлдэггүй байна.

Энэ зургаан станцын зах зээлийн үнэлгээ оны дунд үеийн байдлаар 91 тэрбум ам.доллар байсан агаад Хятадын цахилгаан эрчим хүчний тавны нэгийг үйлдвэрлэж, дэлхийн нүүрсний давхар ислийн гурван хувийг гаргадаг аж. Тухайлбал, ARE фирм тайландаа “Хятадын биржид бүртгэлтэй эрчим хүчний томоохон компаниуд цэвэр эрчим хүчинд шилжих бодитой алхам хийж чадахгүй байна. Гадаадын хөрөнгө оруулагчид тэдний хувьцааг эзэмших зорилгоо зөвтгөхөд бэрхшээл үүслээ” хэмээн тайлбарлажээ.

Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтөд сэтгэл түгшиж, нүүрс хүчлийн хийн ялгаруулалтын улмаас эрчим хүчний салбарт ихээхэн дарамт шахалт ирж буй. Ялангуяа, хамгийн их бохирдолтой нүүрсний станцуудад бүр илүү анхаарч байна. Уг түлшний асуудлаар бодлого боловсруулагчид санал хуваагдаж, Rio Tinto, BHP Group мэтийн томоохон олборлогчдоос зайгаа барихад хүргэж буй. Standard Chartered, HSBC Holdings зэрэг зээлдүүлэгчид нүүрсний шинэ төсөлд олгох санхүүжилтээ хүртэл танасан.

Хятад улсын бусад оронтой харь­цуулахад нар, салхины эрчим хүчний өсөлтөөр тэр­гүүлж, ногоон эрчим хүчний зорилт тавьсан боловч тус улс дэлхийн нүүрсний хагас орчмыг олбор­лон шатааж, цахилгаа­ны хэрэгцээнийхээ 60 хувийг хангадаг. ARE-гийн тайланд дурдсанаар агаарын бохирдлыг багасгах талаар ноён Шигийн тавьсан зорилтыг улсын томоохон компаниуд нь дагаж мөрдөх шаардлагатай атал тэдгээрийн хувьцаагаа гаргасан салбарууд нь хоцрогдож байгаа юм. Агаарын бохирдол, хүлэмжийн хийн шалгуурыг нийт компанид тавьдаг. Иймээс толгой компаниуд бүртгэлтэй салбарууддаа адил стратегийг тулгаж байгаа гэж уг тайланд бичсэн байна.

Тухайлбал, Shenhua Energy 2018 онд хүлэмжийн хийн тайлангаа гаргаагүй байна. Тус компани дан нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэдэг бөгөөд нар, салхины эх үүсгэвэр огт нэмээгүй аж. Харин Resource power компани шилжилтийг хүчтэй явуулж, сэргээгдэх эх үүсгэврийг эрчимтэй нэмэгдүүлснээр нүүрсний хэрэглээгээ багасгаж байгаа хэмээн ARE онцлов. Эдний судалгаанд хамрагдсан зур­гаан компанийн эрчим хүч үйлдвэрлэлийн нийт хэмжээнд нүүрсний хувь хэмжээ Хятадын дунджаас дээгүүр байна.

Жишээ нь, өнгөрсөн оны байдлаар Хятадын нийт эрчим хүчинд нар, салхи 7.8 хувийг эзэлсэн бол эл том зургаан компанид ердөө 3.7 хувьтай байгаа юм. ARE тайландаа “Олон улсын хөрөнгө оруулагчид нүүрсний хэрэглээнд мөнгө зарахаас түдгэлзэж эхэлсэн. Шилжилтийн замын зураггүй бол эдгээр компани олон улсын зах зээлд хувьцаагаа арилжихад улам хүндрэлтэй тулгарна” хэмээн анхааруулжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Эрдэнэс-Тавантолгой” компани МУИС-тай найман чиглэлээр хамтарч ажиллана

 0 сэтгэгдэл


  • "Эрдэнэс-Тавантолгой" ХК 2020 онд үнэт цаас гаргана
  • 1072 хувьцааны талаар оюутан, багш ажилчдад мэдээлэл түгээнэ
  • “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани 2020 онд хөрөнгийн зах зээлд IPo гаргана.Ингэснээр тодорхой төслүүдээ санхүүжүүлэх хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байгаа юм
  • МУИС-ийн багш нарын шилдэг санал, бүтээлийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэхэд “Эрдэнэс-Тавантолгой“ компани дэмжлэг үзүүлнэ
  • Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, өндөр технологи нэвтрүүлэх, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах, ялангуяа эрчим хүчний нүүрснээс 125 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой

Үндэсний тэргүүлэгч компанийн нэг “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр байгууллагатай хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн МУИС, Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй албан ёсоор хамтарч ажиллахаар болж, хамтын ажиллагаагаа үзэглэлээ. Уг арга хэмжээнд “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн захирал Б.Ганхуяг, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан тэргүүтэй албаныхан оролцсон юм. МУИС-тай гэрээ байгуулснаар Монголын уул уурхайн салбарын чадавхыг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхтэй холбоотой талуудын эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын захиалгат ажлуудыг зохион байгуулах,  холбогдох бусад бүх чиглэлд мэргэжлийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллах боломж бүрдэх аж. МУИС­ийг 2016-­2024 онд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд “МУИС-­ийн алсын хараа нь дэлхийн түвшний их сургууль болоход оршино. Үүний тулд 2024 онд МУИС нь чөлөөт мэдлэг буюу либерал арт уламжлалд суурилсан, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтаж орно” хэмээн зорьж энэхүү зорилгодоо хүрэх, стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлжээ. Таван бүрэлдэхүүн, хоёр харьяа сургууль бүхий 22 мянган оюутан, 1500 орчим багштай тус сургуультай “Эрдэнэс-Тавантолгой” компани албан ёсны гэрээг үзэглэснээр МУИС-ийн ирээдүйн зорилгод маш их хувь нэмэр оруулахыг хоёр тал онцлов. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахын өмнө МУИС-­ийн захирал Я.Төмөрбаатар үг хэлэхдээ “Өнөөдөр манай сургуулийн хувьд маш чухал ач холбогдолтой өдөр тохиож байна. Хоёр байгууллагын гарын үсэг зурах гэрээ нь олон ач холбогдолтой, бас өгөөжтэй. 77 жилийн түүхтэй манай сургууль 2016 онд буюу гурван жилийн өмнө стратеги төлөвлөгөөгөө шинэчилсэн. Уг төлөвлөгөөнд МУИС шинжлэх ухааны ололт амжилт, нээлтүүдийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, нийгмийн тусын тулд тулгамдсан асуудлаар судалгаа хийх, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, төр, хувийн хэвшил, аж үйлдвэр, их сургуулийн түншлэлийг хөгжүүлэх нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн манлайлж явна. Хоёр манлайлагч байгууллага хамтран ажиллах болсон нь таатай хэрэг. Бид улсын ууган манлайлагч сургуулийн хувьд багш нарынхаа шинэ технологи, мэдлэг, бүтээгдэхүүнийг хэрэг­лээнд, үйлдвэрлэлд нэвт­рүүлэх, инновацын соёлд онцгой анхаарал хандуулж байна” хэмээн онцлов. Харин “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Манай компани ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд ирэх онд 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Өнгөрсөн хугацаанд манай хамт олон нийгмийн хариуцлагын чиглэлээр олон ажил зохион байгуулсны нэг нь энэхүү арга хэмжээ юм. Бид шинжлэх ухаанд суурил­сан уул уурхайг хөгжүүлэхэд чиглэн ажилладаг. “Эрдэнэс­Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн зах зээлд нийт хувьцааныхаа 30 хувьд IPoхийж, хөрөнгө оруулалт босгож, дагалдах төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх бөгөөд эхний төсөл хөтөлбөрүүддээ хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна. Мөн удахгүй компанийн урт болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө ТУЗ хэлэлцэж эхэлнэ. Энэ бүхэнд шинжлэх ухаанч судалгаатай зөвлөмж, зөвлөгөө шаардлагатай тул танай сургууль болон ШУТИС-­ийн эрдэмтэн багш нарын хамтын ажиллагаа чухал юм. Түүнчлэн нь тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, одоогийн технологийг сайжруулах, эрчимт өндөр технологи нэвтрүүлж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажил, үүнтэй холбогдох бүх чиглэлээр хамтран ажиллах зорилготой байна. Миний хувьд төдийгүй манай хамт олны олонх нь танай сургуулийн төгсөгчид байдаг хэмээгээд 1500 эрдэмтэн багш, 22000 оюутантай өнөр бүлд ажлын өндөр амжилт хүсье” гэв. МУИС нь зөвхөн 2019-­2020 оны хичээлийн жилд л гэхэд Монголын төдийгүй гадаадын 20 гаруй байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тухайлбал, “Рио тинто”, “Багануур”, “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Эрдэнэс­-Тавантолгой” зэрэг Монголын төсвийг бүрдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж буй компанитай хамтран ажиллаж байгааг сургуулийн удирдлагууд онцоллоо. “Эрдэнэс­-Тавантолгой” компанийн гүй­цэтгэх захирал Б.Ганхуяг дээрх сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэ үеэрээ хамтран ажиллах талаар ярилцаж байжээ. Хоёр талын санамж бичгийн хүрээнд МУИС-­ийн оюутнуудыг “Эрдэнэс­т-Тавантолгой” компанид үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийхэд дэмжлэг үзүүлэх, төгсөгчдийг ажлын байранд зуучлах, МУИС-­ийн сургалтын орчин, материаллаг бааз, эрдэм шинжилгээ, судалгаанд хэрэглэж буй тоног төхөөрөмж, программ хангамжийг сайжруулахад дэмж­лэг үзүүлэх, МУИС-­д ахисан түвшний оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, “Эрдэнэс­-Тавантолгой” компанийн үйл ажиллагааны чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын захиалгат ажил хийх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, “Эрдэнэс­-Тавантолгой” компанийн хүний нөөцийг бэхжүүлэх, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх богино болон урт хугацааны сургалтад хамрагдах, боловсролын зэргээ дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх болон “Эрдэнэс­-тавантолгой” ХК-­ийн үйл ажиллагаа, 1072 хувьцааны талаар оюутан суралцагч, багш ажилчдад мэдээлэл түгээх зэргээр хамтран ажиллах юм. 

ШИНЖЛЭХ УХААНАЫ АКАДЕМИЙН ЭРДЭМТЭД "ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ"-ТОЙ ХАМТАРНА

“Эрдэнэс-­Тавантолгой” ХК Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтран ажиллах санамж бичгийг “Эрдэнэс­-Таван­толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ШУА-­ийн хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан нар үзэглэв. Энэхүү санамж бичиг бай­гуулснаар таван толгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, одоогийн технологийг сайжруулах, эр­чимт өндөр технологи нэвт­рүүлж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажил зэрэг холбогдох бүхий л чиглэлээр хамтран ажиллах аж. “Эрдэнэс­-Тавантолгой” хувьцаат компанийн захирал гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ үеэр компанийн үйл ажиллагаа болон УИХ, Засгийн газрын тогтоолын хэрэгжилттэй холбоотой ажлаа танилцуулж, тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, өндөр технологи нэвтрүүлэх, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах, ялангуяа эрчим хүчний нүүрснээс 125 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломж хийгээд үүнийг ажил болгох судалгаа шинжилгээний чиг­лэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцолсон юм. Харин хими, химийн техно­логийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан хэлэх­дээ “Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажилд хамтарч ажиллах бидний саналыг хүлээж авсанд талархаж байна. Хүрээлэнгийн маань дэргэд 11 судалгааны лабораторитой бөгөөд эдгээр нь нүүрсний олон шинж чанарын үзүүлэлтийг тодорхойлох, судлахад түшиц болох төв байж чадна” гэв. Мөн судалгааны үр дүнгүүдийг нэгтгэн төслийн тайлан хамтран боловсруулах, түүхий нүүрсний шинж чанарыг тодорхойлж, түүхий нүүрс болон балансын бус нүүрсийг угааж баяжуулах туршилт судалгаа хийх, нүүрс угааж баяжуулах үйлдвэрээс гарах хог хаягдлыг баяжуулах технологийн туршилт судалгааг хамтран хийхээр болжээ. Мөн нүүрсний давхаргын метан хийн боловсруулалт, синтезээр нийлэг байгалийн болон шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх технологийн судалгааг хамтран хийх, нүүрсний давхаргын метан хийнээс нэмүү өртөг шингэсэн химийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэж, экспортлох боломжийн судалгаа хийх зэргээр хамтран ажиллахаар ярилцжээ. 

"Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

- Цаг хугацааны хувьд маш чухал үе тохиож байна. Манай компани хүсэлт гаргасан юм. 2020 онд бид хөрөнгийн зах зээлд IPo гаргана. Ийн тодорхой төслүүдээ санхүүжүүлэх хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байгаа юм. УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан. Дотооддоо шийдвэрлэх ажлын 90 гаруй хувийг гүйцэтгэж дууссан. Одооноос олон улсын зөвлөх компаниудтай ажиллах ажлууд маань аравдугаар сараас эхэлж байна. Энэ хүрээнд дотоодын эрдэмтэн, судлаач, санхүүгийн чиглэлийн мэргэжилтнүүд оролцож, нэг талаар дэм үзүүлэх, нөгөө талаар Монголын хөрсөнд буулгах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн. Үүнийг МУИС, ШУТИС зэрэг томоохон боловсролын байгууллагатай хамтарч хийнэ. 

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар:

- Манай сургууль дээд боловсролын тэргүүлэх байгууллагын хувьд үндэсний компаниудтай гэрээ байгуулж байна. “Эрдэнэс­-Тавантолгой” компанитай хамтарч ажиллахаар боллоо. Уг гэрээг гурван жил хэрэгжүүлнэ. Олон чиглэлээр хамтран ажиллахаар гэрээнд тусгалаа. Юун түрүүнд манай багш нарын шилдэг санал, бүтээлийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэхэд “Эрдэнэс-Тавантолгой“ компани дэмжлэг үзүүлэх юм. Мөн манай сургуулийн төгсөгчдийг ажлын байраар хангах таатай боломж бүрдлээ. Түүнчлэн ахисан болон бакалаврын түвшний оюутнуудад тэтгэлэг өгөх ба хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс эхлээд олон талын хамтын ажиллагааны хүрээнд хийнэ. Энэ нь МУИС-­ийг судалгааны их сургууль болгох чухал ач холбогдолтой.

















A

Жижиг

A

Дунд

A

Том

Дахин 54 иргэн угаарын хийнд хордсон хэмээн эмнэлэгт ханджээ

 0 сэтгэгдэл

Аравдугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө нийслэлийн 20 өрхийн 54 иргэн угаарын хийнд хордсон хэмээн Яаралтай тусламжийн төвд хандсан тухай Нийслэлийн онцгой байдлын газар мэдээллээ. Эдгээрээс 22 нь хүүхэд, 32 нь насанд хүрсэн хүн байсан бол одоогоор нэг хүүхэд, насанд хүрсэн гурван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Энэ сарын 3-наас 15-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын 145 удаагийн дуудлагаар 306 иргэнд (124 хүүхэд, 182 насанд хүрэгсэд) эмнэлгийн тусламж үзүүлсэн тухай өчигдөрхөн Нийслэлийн онцгой байдлын газар мэдээлээд байсан. Үүнээс насанд хүрсэн 25, хүүхэд долоо хэвтэн эмчлүүлж, 274 иргэнд яаралтай тусламжийн үйлчилгээ, зөвлөгөө өгч ажилласан байна. 

Сүүлийн өдрүүдэд агаарын температур харьцангуй дулаарсан. Мөн сайжруулсан шахмал түлшний зөвлөмж, сэрэмжлүүлгийг төвийн зургаан дүүргийн 220 мянган өрхөд хүргээд байгаа юм. Гэсэн ч угаарын хийнд хордсон тухай дуудлага мэдээллийн тоо буурахгүй байгаа нь өнгөрсөн шөнийн үзүүлэлтээс харагдлаа. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Зэсийн баяжмалын экспорт нэг сая тоннд хүрчээ

 0 сэтгэгдэл

Монгол Улс энэ оны эхний есөн сарын байдлаар нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс үл ялиг буюу 6700 тонноор буурсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Гол экспортлогчийн нэг “Оюу­толгой”-н хөрөнгө оруулагч Rio Tinto компани ойрын таван жилд зэсийн зах зээл тэнцвэртэй байна гэж төсөөлж буйгаа санхүүгийн тайландаа дурдсан байна.

Оны эхний есөн сард нэг тонн зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 1332.7 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар буурчээ. АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан үйлдвэрлэл, дэд бүтцэд түлхүү ашигладаг зэсийн үнэ буурахад хүргэж байгаа юм. Сүүлийн хагас жилд Лондоны металлын биржид зэсийн үнэ 12 гаруй хувиар буурчээ.

Тэгвэл цайрын экспорт 7000 орчим тонноор нэмэгдэж, 100 гаруй мянган тонн болсон байна. Гэхдээ мөнгөн дүнгээр зургаан хувиар буурч, 145 сая ам.доллартай тэнцжээ. Өнгөрсөн 2018 оны мөн үетэй харьцуулахад нэг тонн цайрын экспортын дундаж үнэ 200 орчим ам.доллараар буурч, 1441.2 ам.доллар болжээ. БНХАУ-ын цайрын олборлолт нэмэгдсэн, Лондоны металлын биржийн агуулахын нөөц өссөн зэрэг шалтгаанаар тус түүхий эдийн ханш суларсан аж. Гэхдээ энэ оны эцэс хүртэл үнэ эргэн сэргэнэ гэж Монголын цайрын экспортын дөрөвний гурав орчмыг экспортолдог “Цайрт минерал” компани таамаглаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Олборлогч аваргуудын зарж буй “бохир” актив

 0 сэтгэгдэл

Келли Гилблом

Их Британийн газрын тос, шат­даг хийн үндэстэн дамнасан BP Plc компани Аляск дахь активаа зарснаар 5.6 тэрбум ам.долларын орлого олохын зэрэг­цээ нүүрс­төрөгчийн ялгар­лаа эрс бууруулах давхар ашигтайг Гүйцэтгэх захи­рал Боб Дадли тайлбарлаж байна.

Нөлөөтэй хөрөнгө оруулагчид нь уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох үйлст хувь нэмэр оруу­лахыг шахаж буй тул нүүрс­төрөгчийн ялгарлаа буу­руулах нь Дадлигийн хувьд тун чухал ажил. Гэхдээ чухал ажилд зөрчил бий.

Аляск дахь активыг нь худалдан авагч Hilcorp Energy Co ахиу хөрөнгө оруулах замаар BP-гийн төлөвлөж байснаас ч ихийг олборлох зорилт тавьсан тул нүүрстөрөгчийн ялгарал хуучнаасаа ихэснэ хэмээн Дадли тайлбарлав.

BP-гийн захиралд тулгарсан бэрхшээл дэлхийн газрын тосны бусад тэргүүлэх компанийн удирд­лагуудад ч хамаатай. Парисын уур амьсгалын хэлэл­цээрийг мөрдөнгөө ахиухан ногдол ашиг хуваарилахуйц асар их орлого олохыг хөрөнгө оруулагчид нь шаардаж шахсаар. Захирлууд зөрчилтэй шаардлагад нийцүүлэхийн тулд зардал өндөр, нүүрстөрөгчийн ялгарал их том төслүүдээ зарах стратеги сонгож байна. Гэтэл активаа зарах арга нь нүүрстөрөгчийн ялгарлаа өөр компанид тохсонтой адил.

“Актив шилжүүллээ гээд үйлдвэрлэл үнэмлэхүй хүчин чадлаараа үргэлжлэх нөхцөлд нүүрстөрөгчийн ялгарал буурах талаар ярих хэрэг байна уу?” хэмээн Church of England тэтгэврийн сангийн Ёс зүйн асуудал хариуцсан захирал Адам Мэтьюз шүүмжлэв.

Үүрэг хариуцлагаа шилжүүлж буй компани BP-гээр тогтохгүй. Royal Dutch Shell нүүрстөрөгчийн ялгарал өндөр Канадын нефтийн бизнесээ бүр 2017 онд зарсан. Шинэ эзэмшигч нь өдгөө уг ордыг ид ашиглаж байгаа. Total SA-гаас ордыг нь худалдаж авсан шинэ эзэмшигч мөн л олборлолтыг нь сэргээхэд бэлтгэж байна. Нүүрс олборлолтоос гарч буй Rio Tinto Plc зарим активаа Glencore Plc-д зарсан. Glencore Plc худалдаж авсан нүүрсний ордуудаа мөн л олон жил ашиглах тооцоотой.

Энэ долоо хоногт болох Oil & Money хуралдааны үеэр дээрх компаниудын зохисгүй үйлдлийг олон зуун Гүйцэтгэх захирал хэлэлцэх юм. Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилтийн асуудал чухал болсоор байгаатай уялдан Oil & Money хуралдаан ирэх жилээс нэрээ Energy Intelligence Forum болгон өөрчилнө. Наймаа компаниудад зардлаа бууруулах тустай боловч ВР-гийн Дадли, Shell-ийн Бен ван Берден, Total-ын Патрик Пуянне нар хүрээлэн буй орчныг хамгаалахад үүрэг хүлээдэг хүмүүс. Эдгээр захирал хариуцлагаа бусдад тохоод орхичихгүй гэдгээ харуулах шаардлагатай боллоо.

Хөрөнгө оруулагчдын нь хувьд нүүрстөрөгчийн ялга­рал их төслүүдийг зарах нь компанийг уур амьсгалын өөрчлөлттэй уялдаатай цаашдын зохицуулалтад нийцтэй болгож буй зөв алхам.

Компаниуд нүүрстөрөгчийн ялгарал их төслүүдээ зарж олсон мөнгийг арай бага ялгаралтай үйлдвэрлэлд зориулж байгаа бол “Бид бүхэн дэмжих ёстой шийдэл мөн” хэмээн газрын тосны аваргуудын гол хувьцаа эзэмшигчийн нэг, Legal & General Invesment Management-ын таваар, түүхий эдийн судалгааны хэлтсийн захирал Ник Стэнсбери өгүүлсэн юм.

Нүүрстөрөгчийн ялгарлаа бууруулангаа дэлхийн эдийн засгийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлтийг хангах нь гол бэрхшээл болж буйг газрын тосны аваргуудын удирдлага тайлбарладаг. Компаниуд зарим үйлдвэрлэлээ зогсоосноор хомсдол үүсэж, үнэ өсөн, хүртээмж муудах эрсдэлтэй ч нөгөө талдаа шинэ төрлийн стартап үүсэхэд түлхэц болдог.

Дэлхийн дулаарлыг аюулгүй түвшинд торгоох “эрс өөрчлөлт” өрнүүлэх гэвэл нүүрстөрөгчийн ялгарал бага эрчим хүчний үйлдвэрлэлд яаралтай шилжих ёстойг Janus Henderson Investors-ын хөрөнгө оруулалт хариуцсан менежер Тал Ломмитцер анхааруулав. Засгийн газрын бодлогод өөрчлөлт оруулах, олон нийтийн шахалт дарамтыг ихэсгэх нь шилжилтийг хур­дасгах нэг хөшүүрэг хэмээн тэрбээр тайлбарласан юм.