A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3719/

Хүйтэн, сэрүүний улиралд урт хугацааны мацаг барьдаггүй

Хүйтэн, сэрүүний улиралд урт хугацааны мацаг барьдаггүй
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3719/
  • Анх удаа мацаг барих гэж байгаа бол эхлээд завсарлагатай аргачлалыг сонгох хэрэгтэй
  • Мацаг барьж байх хугацаандаа өдөрт хамгийн багадаа 250 мл хэмжээтэй, найман аяга ус уух ёстой. Гол нь бие махбодидоо цэвэршүүлэх учир цэвэрлэгээний цай уухыг  зөвлөдөг

Шинэ жилийн баярын үеэр эмэгтэйчүүд жингээ хасах зорилгоор хэдэн өдрөөр ч хамаагүй мацаг барьдаг. Тэр бүү хэл саяхан нэгэн эмэгтэй нас барсан тохиолдол ч гарсан. Тиймээс хэрхэн зөв мацаг барих болон ямар хүмүүс мацаг барьж болдоггүй талаар Цахим эмч Б.Баярбямбатай ярилцлаа.

-Шинэ жилээр өмсөх даашинзнаасаа болоод мацаг барьж байгаа гэж ярих бүсгүйчүүд цөөнгүй байна. Жингээ хасахын тулд хэрхэн зөв мацаг барих талаар зөвлөгөө өгөхгүй юу? 

-Мацаг гэдэг нь хоол сойх үйл явц юм. Хүмүүс мацаг барина гэхээр 24, 48, 72 цагаар урт хугацаанд шим тэжээл буюу хоол хүнс хэрэглэхгүйгээр зөвхөн шингэн зүйл ууна гэж ойлгодог. Турахын тулд мацаг барина гэдэг буруу хандлага. Тэгэхээр мацаг барих гэж байгаа бол эхлээд улирлыг тооцох хэрэгтэй. Хүйтэн, сэрүүний улиралд урт хугацааны мацаг барьдаггүй. Хэрвээ дулааны улиралд мацаг барих гэж байгаа бол эхлээд завсарлагатай аргачлалыг сонгох хэрэгтэй. Дараа нь урт хугацааны мацаг барихыг зөвлөе. Гэхдээ мацаг барихаасаа өмнө элэг болон бөөрний үйл ажиллагаа хэвийн эсэхийг мэдэхийн тулд шинжилгээ өгөх хэрэгтэй. Үүний дараа эмчийн заавраар мацаг барих ёстой. Түүнээс биш жингээ хасах гэж байна гээд хүйтэн, сэрүүний улиралд гэнэт 3-4 хоногоор хоолоо сойх нь эргээд тухайн хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгэдэг. Эмэгтэйчүүдэд анхааруулж хэлэхэд жүүстэй мацаг гэж байдаггүй. Тиймээс бүх зүйлийг мацагтай холбох нь хэтэрхий өрөөсгөл ойлголт. 

-Та завсарлагатай мацгийн талаар ярьсан. тодруулж өгөхгүй юу? 

-Орчин үед завсарлагатай мацаг барих аргачлалыг хэрэглэх болсон. Хамгийн түгээмэл  хэрэглэдэг хоёр төрлийг нь танилцуулъя. Эхнийх нь 5:2 гэдэг аргачлал. Энэ нь ямар учиртай вэ гэхээр долоо хоногийн хоёр өдөр мацаг бариад таван өдөр нь та энгийн хоолоо идээд явахаар зохицуулж өгдөг. Тухайлбал, та мягмар, пүрэв гарагт мацаг барьж бусад өдөр нь энгийн хоолоо иднэ гэсэн үг. Энгийн хоол гэхээр хүн хоногт дунджаар 2000 ккал илчлэгийг хоол хүнсээрээ авч байх ёстой гэж үздэг. Харин мацаг барихдаа хов хоосон байхыг зөвлөдөггүй. Өдөрт 500- 600 ккал илчлэгтэй хүнсийг нэг удаа хэрэглэхийг зөвлөдөг. Дараагийнх нь 16:8 гэдэг аргачлалыг завсарлагатай мацаг гэдэг. Хоногт 24 цаг байдаг бөгөөд үүний найман цагийг нь унтаж өнгөрүүлдэг. Үлдсэн 16 цагийг ажил, амьдралдаа зарцуулдаг. Үүний найман цагт нь хоолоо сойгоод үлдсэн найман цагт нь хоолоо идэж болох аргачлалыг хэлдэг. Тодруулбал, 12:00-20:00 цаг хүртэл та хоол иднэ. Харин 20:00 цагаас маргааш өдрийн 12:00 цаг хүртэл мацаг барих юм. Тэгэхээр өглөөний цайгаа 12:00 цагт ууна гэсэн үг.

-Мацаг барихад хориглох зүйл байдаг уу? 

-Жирэмсэн хүн мацаг барихгүй. Мөн ходоод гэдэсний үрэвсэлтэй хүмүүс хоол сойх нь зөв зүйл биш. Гэхдээ ходоодны шархтай, үрэвсэлтэй хүмүүс 12:00 цаг хүртэл хоол сойхгүйгээр 18:00 цагаас хойш юм идэхгүй байж болно. Энэ арга нь ямар нэгэн өвчтэй хүмүүст тохиромжтой. Тэгэхээр хүн бүр ижил зарчмаар явж болохгүй. Өөртөө тохируулах хэрэгтэй.

-Завсарлагатай болон урт хугацааны мацаг барьж байгаа хүмүүс юуг анхаарах ёстой вэ? 

-Мацаг барина гэхээр юу ч идэж, уухгүй байна гэсэн үг биш. Хүний биед шимт бодисоос гадна шингэн хэрэгтэй. Тиймээс мацаг барьж байх хугацаандаа өдөрт хамгийн багадаа 250 мл хэмжээтэй, найман аяга ус уух ёстой. Мацаг барих гол зорилго нь бие махбодоо цэвэршүүлж, эрүүлжүүлэх учир цэвэрлэгээний цай уухыг зөвлөдөг. Анхааруулах ёстой зүйл гэвэл, мацаг барьсны дараа зөвөөр тайлах нь их чухал байдаг. Тиймээс өглөөний цайндаа гликемик индекс багатай буюу нүүрсний агууламж багатай хүнсийг түлхүү хэрэглэж байх ёстой. Тэгэхээр хамгийн зохистой хоол бол шар будааны зутан. Завсарлагатай мацгийг 7-14 хоногоос хэтрүүлэх хэрэггүй. Завсарлагатай мацгийн үед өөх тос, уураг, нүүрс буюу хүний бие махбодод шим тэжээл өгдөг зүйлийг хэрэглэх ёсгүй. Мөн архи, согтууруулах ундаа хэрэглэх нь хамгийн тохиромжгүй зүйл. Түүнчлэн цай, кофегоо чихэргүй хэрэглэх хэрэгтэй гэсэн зарчмууд бий.

-Зөв мацаг барьж чадвал ямар үр дүнд хүрэх вэ? 

-Мацаг барих үед өөх шатаалт маш хүчтэй явагддаг. Тодруулбал, хоолоо сойх үед дотоод хуримтлагдсан өөх тосыг задлах замаар энерги гаргаж, өөхийг шатаадаг. Үүний дараа нөөц энергиэ шатаах явцад бие махбодод дотоод хүчил шүлт үүсдэг. Үүний нөлөөгөөр бие махбодод эсийн дотоод хооллолт буюу аутофаги механизм өрнөж эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дотроосоо цэвэршиж эхлэх юм. Ингэснээр мацаг барьсан хүний бие эрүүлжиж, залуужихаас гадна урт насална. Түүнчлэн эрүүл амьдралын хэв маягийг зохистой хэрэглээд ирэхээр жин хасагдах нь ойлгомжтой зүйл шүү дээ. Мацгийг тодорхой хугацаатай, зөв зохистой барихгүй бол өөхийг шатааж дуусгаад бидний булчинг задалж эхэлдэг. Тэгэхээр аль ч аргачлалыг сонгосон хугацааг хэтрүүлж болохгүй. Буруу мацаг баривал таны биед сөрөг нөлөөтэй. Анх удаа мацаг барьж байгаа хүн 24, 48, 72 цаг болон олон хоногоор барих нь зохисгүй. Тиймээс завсарлагатай мацаг барих аргачлалыг сонгоорой.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Охинтой аавууд урт насалж, стресс бухимдалд бага өртдөг

 0 сэтгэгдэл

Охидууд эцэг, эхдээ аз жаргал дагуулан авчирдаг төдийгүй аавдаа урт удаан амьдрал бэлэглэдэг гэдэг. Нэг охин төрөхөд аавын амьдрах хоног 74 долоо хоногоор уртасдаг аж. Судалгаанаас үзэхэд охинтой аавууд бусад аавтай харьцуулахад илүү удаан амьдарч, төрөл бүрийн өвчнөөс хол байдаг. Хүүхэдтэй болох нь эцгийн эрүүл мэнд, бие махбодод хэрхэн нөлөөлдөг талаар төдийлөн сайн мэддэггүй тул гүн гүнзгий ухах зорилгоор Ягеллонский их сургуулийн судлаачдын хийсэн судалгааг Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сувилагч М.Буянхишиг танилцуулж байна. Эрэгтэй, эмэгтэй хүүхэдтэй аавуудыг хоёр бүлэгт хувааж, тэдний биеийн болон сэтгэхүйн эрүүл мэндийг шинжилж үзсэн аж. Судалгаагаар охинтой аавууд илүү удаан амьдарч, стресс бухимдлаас хол байдаг төдийгүй эрүүл саруул, амар тайван амьдардаг болох нь тогтоогджээ. Охидтой аавууд илүү урт наслах хандлагатай байдаг бөгөөд охидын тоо олон байх тусам аавуудын амьдрах хугацаа уртасдаг байна. Мөн өөр нэгэн судалгаанаас үзэхэд хүйс хамаарахгүй хүүхэдтэй болох нь эцэг, эхчүүдийн амьдрах хугацааг илүү уртасгадаг хэмээжээ. Тэд аав ээждээ аз жаргал бэлэглэж, ажлын стресс бухимдлыг нь тайлж, олон төрлийн өвчнөөс ангид байх боломжийг “бэлгэлдэг” аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хоолны дуршлаа өөрчлөн, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлээрэй

 0 сэтгэгдэл

Хэт чихэрлэг эсвэл тостой хоолонд дуртай хүн цөөнгүй. Түүнчлэн халуун ногоотой, давс ихтэй хүнс хэрэглэх сонирхолтой ч хүмүүс бий. Махан хоолны дараа амттай хүнс хэрэглэж, хоолоо чихэрлэг шингэнээр даруулж уух тохиолдол ч элбэг. Мөн эдгээр дуршил зарим үед нэмэгдэж, заримдаа буурдаг. Тэгвэл энэ хүсэл нь физиологийн эсвэл сэтгэл санааны байдлаас үүдэлтэй аж. Тухайлбал, стресст өртөх, хоолны чанга дэглэм барих, нойр дутуу байх, дотор эрхтний өөрчлөл бий болох зэрэг үүнд нөлөөлдөг байна. Мөн хүний биед хэрэгцээтэй шим тэжээл ихдэх эсвэл багадах үед идэх дуршил өөрчлөгддөг аж. Тэгвэл энэ удаагийн дугаартаа хэрхэн идэх дуршлаа зөв зохицуулж, эрүүл амьдрах талаар Natural Diet төслийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.

Уураг ихтэй бүтээгдэхүүн их идэх нь амттаны хүсэлд автуулдаг

Мах, махан бүтээгдэхүүн эсвэл уураг ихтэй хүнс хэрэглэдэг хүмүүс амттанд дуртай байх нь олонтоо. Мөн ихэнх хүнд махан хоол идсэний дараа чихэрлэг зүйл амтлах хүсэл төрдөг. Учир нь уургийн хэмжээ хэтэрснээр хоол боловсруулах системд ачаалал ирж шингээхийн тулд ходоодонд их хэмжээний хүчил ялгардаг байна. Улмаар чихэрлэг зүйл идэх хүсэлд автдаг. Ийнхүү уургийн хэмжээгээ хэтрүүлж, чихрийн хэрэглээг идэвхжүүлэх нь бие физиологид сөрөг нөлөөтэй. Үүнийг шийдвэрлэхийн тулд махнаас бүрэн татгалзах хэрэггүй бөгөөд ердөө л хэмжээг нь тохируулахад хангалттай юм.

 Ус бага ууснаар давстай хүнс хэрэглэх хүсэл төрнө

Давстай хоол идэх хүсэл нь бие организм дахь ус болон давсны тэнцвэр алдагдсаныг илтгэдэг аж. Энэ тохиолдолд та усны хэрэглээндээ дүгнэлт хийх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн бага ус уусны улмаас давсны хэрэглээ нэмэгддэг бус хэт их ус уух нь ч биед хортой. Тиймээс өөрийн биеийн хэмжээнд тохирсон усыг хэрэглэж хэвшээрэй.

Шим тэжээлээ буруу хувиарилах нь түргэн хоол идэх хүсэл төрүүлдэг

Хоолны тэжээллэг чанарыг буруу хуваарилснаас үүдэн эрүүл мэндэд төдийлөн тустай биш хоол хүнс идэх хүсэл төрдөг. Тухайлбал, өглөөний цайгаа уухгүй гарч, өдөр, орой хэт хүнд хоол иддэг бол таны хоолны дэглэм буруу гэсэн үг. Ийнхүү шим тэжээлийн хуваарилалтаа зөв хийгээгүйн улмаас түргэн хоол идэх хүсэл бий төрдөг байна. Үүнийг шийдвэрлэх маш энгийн арга бий. Тухайн өдрийн гол хоолоо өдрийн цагаар идэх хамгийн чухал аж. Энэ үеэр хоол боловсруулах үйл ажиллагаа идэвхтэй байдаг тул идсэн хоолыг хурдан шингээдэг. Ингэснээр түргэн хоол, амттан идэх дуршил буурна. Харин өглөөний цайнд хэт их өөх тостой, их хэмжээний хоол идэх нь зохимжгүй. Учир нь био хэмнэлийн дагуу энэ үеэр хүний бие организм сэргэж, бүх систем идэвхжиж байдаг. Тиймээс бие организмоо хэт ачаалуулахгүй байх нь чухал юм.

Исгэлэн амт дулаацуулж, тайвшруулдаг

Амт бидэнд дутагдаж буй мэдрэмжийг нөхдөг шидтэй. Йогийн багш, амьдрах ухааны зөвлөх, Happy, Healthy, Sexy номын зохиолч Кейти Силкокс чихэрлэг амт нь зөөлөн, дулаан тэврэлтийг санагдуулдаг учир тухайн мэдрэмж дутагдах үед бид зүсэм бялуу болон бусад ижил төрлийн чихэрлэг амт руу тэмүүлдэг болохыг тогтоожээ. Харин исгэлэн амт дулаацуулж, тайвшруулдаг байна. Мөн анхаарлаа илүү сайн төвлөрүүлэхэд тусалдаг учир амьдралд юу хийхээ мэдэхгүй, будилсан үедээ давслаг зүйл идэхийг хүсдэг гэнэ. Харин амьдралд тань адал явдал, шинэ мэдрэмж үгүйлэгдэх үед халуун ногоотой зүйл идэх хүсэл төрдөг бол гашуун амт нь бид өөрсдийгөө хязгаарладаг болохыг илтгэнэ. Ийнхүү амт бидний мэдрэхийг хүссэн мэдрэмжийг орлуулах шидтэй ч хэтрүүлэн хэрэглэх нь сөрөг нөлөөтэй. Тухайлбал, зөвхөн амтнаас таашаал авдаг хүн цөөнгүй. Улмаар хоол нь таатай харилцаа, сонирхолтой ажил, шинэ мэдрэмжийг орлож, таашаал авах байнгын эх үүсвэр болдог бөгөөд донтолт үүсдэг байна. Улмаар тархинд хуурамч өлсгөлөн бий болж бялуу, пицца, мөхөөлдөс нэхэж эхэлдэг. Энэ мэдээж эрүүл мэнд, сэтгэл санаанд асар их хор хөнөөлтэй учир үүнээс хэрхэн гарах аргыг хүргэж байна.

 Үнэхээр өлссөн үедээ хоолло

“Жинхэнэ өлсгөлөн бие организмд буюу ходоодонд эхлээд мэдрэгддэг. Үүний дараа тархи өлссөн гэсэн дохио хүлээж авна. Мөн биеийн байдалд өөрчлөлт орж, ходоод хоржигнож, гэдэс хоосон оргиж, толгой эргэн, хүч чадалгүй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Харин хоол идсэний дараа дээрх мэдрэмж арилдаг. Мөн хуурамч өлсгөлөнгийн үед амтгүй, үзэмж муутай хоолонд дуршил хөдөлдөггүй бол жинхэнэ өлсөж байгаа үед ямар ч хоолыг идэхээс буцахгүй" гэж эрүүл хоолны зөвлөх Екатерина Ермакова хэлжээ. Тиймээс хоолноос таашаал авахгүйн тулд өөрийнхөө үнэхээр өлсөж буй эсэхийг шинжээрэй. 

Хоолноос авч буй мэдрэмжийг өөр зүйлээр орлуулах

Сэтгэл санааны байдлаас болж идэх хүсэл төрж байгаа эсэхээ анзаарч, бодол санаагаа цэгцлэх нь хамгийн чухал юм. Ямар мэдрэмж дутагдаж байгаагаа олж илрүүлэн, хоолноос өөр зүйлээр орлуулахыг хичээгээрэй. 

Завгүй байх нь идэх дуршил бууруулах  нэг арга юм

Ямар ч хүн ажил ихтэй үед хоолны тухай боддоггүй. Тиймээс өөрийгөө завгүй байлгаж, чөлөөт цагаараа сонирхдог зүйлээ хийгээрэй. Ингэснээр хоолноос мэдрэх таашаалыг өөр зүйлээр орлуулах боломжтой. Гэхдээ шим тэжээлтэй хоол хүнсийг тохируулан хэрэглээрэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Коронавирусийн улмаас Индонезид саримсны үнэ огцом өсжээ

 0 сэтгэгдэл

Коронавирусийн тархалтаас шалтгаалж Хятадын нийлүүлэлт тасалдах түгшүүр үүсмэгц Индонезид саримсны үнэ огцом өслөө. БНХАУ дэлхийн саримсны нийлүүлэлтийн 80 хувийг дангаараа хангадаг. Харин Индонезын саримсны импортын 90 хувь нь БНХАУ-д оногддог. Вирусийн тархалтын улмаас Хятадын тээвэр зогсож болзошгүй болсон нь Индонезийн нийслэл Жакартад ганц долоо хоногийн дотор саримсны үнийг 70 хувиар хөөргөдөв. “Коронавирус зах зээлийн уур амьсгалыг өөрчилснөөс худалдаачид үнээ хадаачихлаа. Манай импорт ердөө ганц улсаас шалтгаалдаг болохоор аргагүй” хэмээн Индонезийн зах зээлийн арилжаачдын холбооны тэргүүн Абдулла Мансури тайлбарлав. Хятадын хямралт нөхцөл зэсээс эхлээд пуужингийн түлш хүртэлх таваарын эрэлтийг унагасан үед үнэ нь өссөн олон таваарын нэг бол саримс. Дэлхийн санхүүгийн зах зээлд чухал хэмжүүр биш ч Индонезийн үндэсний хоол хүнсний чухал бүрдэл болдгийнхоо хувьд саримс нь тус улсад инфляц хөөргөдөх эрсдэлтэй. Дэлхийд саримсны тэргүүлэх худалдан авагч-Индонез жилдээ 500 мянган тонныг импортолдог. Сүүлийн долоо хоногт тус улсын зарим зах зээлд нэг килограмм саримсны үнэ бараг хоёр дахин өсөж, 80,000 рупиа буюу ойролцоогоор 5.8 ам.доллар болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Хишгээ: Жирэмсэн эмэгтэйчүүд халдварт өртөх өндөр эрсдэлтэй

 0 сэтгэгдэл
  • Шинэ гарч буй коронавирусийн хувьд, өндөр халуурах, ханиалгах, амьсгал давчдах, булчин өвдөх, толгой өвдөх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл хурдан эмнэлэгт хандах нь зөв

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн зөвлөх, Монгол Улсын гавьяат эмч С.Хишгээтэй ярилцлаа. Тэрбээр хол хорио тогтоосон үед жирэмсэн эмэгтэйчүүд эмнэлэг дээр очиж, урт дараалалд зогсохоос аль болох зайлсхийн, цахимаар болон гар утсаар эмчтэйгээ холбогдож зөвлөгөө авах хэрэгтэй хэмээн хэлсэн юм.

-Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас сэргийлж, жирэмсэн эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байна вэ. Онцгой нөхцөлд яаж ажиллах ёстой вэ?­

-Шинэ төрлийн коронавирусийн тархалт эрчимтэй явагдаж, БНХАУ-­аас бусад улс оронд тархаж байна. Монгол Улсад ямар нэгэн халдварын эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Тиймээс жирэмсэн эхчүүд юун дээр анхаарах вэ гэдгийг хэлье. Жирэмсэн болсноор умайд, эхэс үүсэж, цусны эргэлт шинээр бий болж, биед өөрчлөлт ордог. Иймээс жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлаа муудах асуудал бий. Ийм үед гараа сайтар угаахыг анхааруулж байна. Ялангуяа жирэмсэн эхчүүд болон ээжүүд гараа маш сайн угаах хэрэгтэй. Ингэснээр үр хүүхэд, гэр бүлээ хамгаална. Хоёрдугаарт нь амны хаалтыг зөв хэрэглэх хэрэгтэй. Зөв хэрэглэх гэдэг нь хоёр цаг тутам сольж байх, олон нийтийн газар байнга зүүж байх зэргийг хэлнэ. Өвчтэй хүмүүс ойр орчимд нь байвал эсвэл өөрөө ханиад томуу хүрсэн тохиолдолд амны хаалт зүүх хэрэгтэй. Хөл хорио нэгэнт тогтсон учир өвчний голомт руу явахгүй байх. Жирэмсэн эхчүүд олон нийтийн газар явах шаардлагагүй. Болж өгвөл гэрээсээ тусламж авах хэрэгтэй. Хэвийн жирэмсэн эхчүүдийг хамгийн багадаа зургаан удаа эмчид үзүүлэх хэрэгтэй гэж заадаг. Тэгвэл хүндрэл гараагүй, биед нь өөрчлөлт ороогүй тохиолдолд эмчтэйгээ утас, фейсбүүк, онлайнаар холбогдож зөвлөгөө авч болох юм. Хэрвээ хүндрэл гарвал эмчид хандана. Эмчид хандахдаа тодорхой цагуудаар очиж урт дараалалд зогсох, олон хүний дунд орохгүй байх хэрэгтэй. 

-Энэ нь жирэмсэн эмэгтэйчүүдийг эрсдэлтэй бүлэг рүү оруулах шалтгаан болж байна уу?

­Ямар ч халдвар дархлаа муутай эсвэл дархлаа суларсан хүмүүст тусдаг. Тэгэхээр хүүхэд, өндөр настан жирэмсэн эхчүүд орно. Жирэмсэн эхчүүд цус багадалтай, суурь өвчтэй байх зэрэг нь халдварт өртөөд өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг. Эмчийн заасан амин дэм, эмчийн бэлдмэл, бусад эрдэс бодисыг хэрэглэх хэрэгтэй. Төмрийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүд гурван сартайгаас эхлээд төрөх хүртлээ хэрэглэдэг. ДЭМБ-­аас жирэмсэн эмэгтэй төмрийн бэлдмэлийг өдөрт 60 миллиграммыг уух хэрэгтэй гэж зөвлөдөг. Төрсний дараа ч үргэлжлүүлэн хэрэглэнэ.

-Үүнээс өмнө вирусийн халдварууд илэрч байсан. Тухайн тохиолдол бүрт жирэмсэн эмэгтэйчүүд эх нялхасыг хамгаалах урьдчилан сэргийлэх тал дээр юу хийж байв. Тухайлбал, 2010 оны H1N1 вирусын халдварын жишээг харж болох юм.­ Жил бүр улирлын томуу гэж гардаг. Одоо ч гэсэн гараад хүүхэд эмэгтэйчүүд томуугаар өвдөж байна. Одоогийн гарч буй томуугийн шинжилгээг харахад, A хүрээний вирусээр үүсгэгдсэн байгаа юм. 2009 оны аравдугаар сар гараад 2010 онд үргэлжлээд явсан H1N1 A хүрээний вирусийн халдварын үед жирэмсэн эхчүүд нэлээн их хүндэрч байсан. Хот хөдөөгүй орон нутгаас хүндэрсэн иргэд ирж байсан. Түүнээс гадна эмнэлэгт эрт хандах тусмаа хүндрэл нь гайгүй, эх хүүхэд хэвийн төрөх тохиолдлууд байсан. Шинэ гарч буй коронавирусийн хувьд, өндөр халуурах, ханиалгах, амьсгал давчдах, булчин өвдөх, толгой өвдөх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл хурдан эмнэлэгт хандах нь зөв. Мөн зарим эмэгтэй жирэмсэн гэдгээ мэдээгүйгээс, вирусийн халдварын үед зулбах хүндрэл гардаг. 

-Хамгийн сүүлд авсан мэдээллээр, Ухань хотод жирэмсэн эмэгтэй төрөхөд, хүүхдэд нь 30 цагийн дараа халдвар илэрсэн. Энэ хэр аюулгүй вэ?

­Жирэмсэн эмэгтэйчүүд хэр өртөж байна вэ гэсэн албан мэдээллийг хайсан боловч баттай мэдээллүүд олж авч чадахгүй байна. Амьсгалын замын халдвартай, тэр нь хүндрээд амьсгалын стресс хам шинж, амьсгалын дутагдал зэрэгт орж байгаа үед ургийн бүтэлт үүсэх эрсдэл гарцаагүй байна. Шинэ коронавирусийн халдварын үед урагт хор хөнөөлтэй гэсэн зүйл уншиж мэдээгүй байна.

-Томуу, томуу төст өвчний вирусийн халдвараар нас барсан хүний тоо 2019 онд 431 хүрсэн гэж эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь бага насны хүүхдүүд байна. Цаашдаа нярай бага насны хүүхдүүдийг өвчнөөс сэргийлэхийн тулд тусгай эмнэлэг байгуулах шаардлагатай юу?­

Жирэмсэн байх үеэс бид ургийг хамгаалах ажлыг эхлүүлдэг. Тухайлбал, халдвартай халдваргүйг тодорхойлж, ургийг хэт авиан шинжилгээгээр оношилдог. Аль ч халдварын үед хэрхэн урьдчилан сэргийлэх, төрөлтийг удирдах эмнэлгийн аргуудыг хэрэглэдэг. Эмнэлэг тусдаа байсан нь дээр гэж мэргэ­жилтний хувьд үзэж байна.