A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1426/

Хүлээлт

​Монголчууд хэн нэгэн гаднын шидтэн ирж хөгжүүлж өгөхийг 300 жил хүлээсэн​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1426/


Монгол Улс Шанхайн байгууллагад элсэхтэй зэрэг Орос, Хятад хоёр ямар нэгэн “юм” монголчуудад хийгээд өгөх мэт сэтгэлгээ ШХАБ-ын 2018 оны саммитын өмнөх мөн ч их цухалзсан даа. Евразийн эдийн засгийн холбоо гэх саалийн үнээ монголчуудад саалгах гээд дэлэн хөх нь сүүгээр дүүрчихсэн эзнээ хүлээж байна гэх бас нэг сэтгэлгээ монголд мэр сэр ам дамжин яригдсаар. “ЕАЭС” буюу Евразийн эдийн засгийн холбоо гэх сүрлэг нэр бүхий энэ эвслийн (байгууллага) сүрлэг нэрэнд уярч, бэлгэшээж хандах нь одоохондоо өөрийгөө хуурсан хэрэг, зүгээр л дэмий хүлээлт хэмээн би олонтаа бичсэн дээ. Зөвлөлт ах нарт хувь заяа ба хөгжлөө даатгаад явдаг байсан шигээ хэн нэгэнд өөрсдийгөө даатгачихвал боллоо гэсэн сэтгэхүй ШХАБ дээр хурцаар илэрсэн болов уу гэж би харддаг. Өөрсдийнхөө арчаагүйгээс болоод ядуурсан, хүн амын 70 хувь нь нийгмийн халамж хүртдэг, хэрэв халамж хүртээхгүй бол хүн амын 47 хувь нь ядуурахад бэлэн байсан, хоёр гуравхан уурхай зулгааж мөнгөждөг үхээнц эдийн засагтай Монгол Улс ШХАБ, Евразийн эдийн засгийн холбоонд нэгдсэнээр бэлэн мөнгөн дээр сууж, баяжиж хөлжинө гэсэн гэнэн бодлоо монголчууд өөрчлөхгүй бол хүлээлт нь горьдлого, горьдлого нь хэрэгжихгүй явсаар сэтгэл гутрал болж хувирах вий гэх миний хувийн дүгнэлт уншигч танд таалагдах албагүй шүү.

Монголын ардчилсан төр оршин тогтноод чилийсэн 28 жилийг үдэхэд ядуурал, ажилгүйдлийн гол буруутан нь бидний сонгосон төр өөрөө, төр л ард иргэдээ ядуурал руу түлхдэг гэдгийг саяхнаас ойлгож эхэлж байгаа нь нэг талаас дэвшил, нөгөө талаас “28 жил” даанч их хугацаа. Төр ард түмнээ 28 жил хүлээлгэжээ. Цаашдаа ч хүлээлт хэвээрээ үргэлжилнэ. Манай улсын экспортын 90 хувийг уул уурхайн боловсруулаагүй бүтээгдэхүүн эзэлдэг гэхээр энэ ард түмэн маань ерөөсөө юу ч бүтээдэггүй, бэлэн юм хүлээгээд сууж байдаг гэдэг нь ч үнэн юм шиг. ХХААХҮ-ийн сайдын УИХ-ын чуулганд бахархалтай мэдээлснээр, 2018 онд 18 сая төл хүлээн авч, өвөл гэхэд 84.4 сая толгой мал өвөлжих ба 168 мянган малчин өрх, 350 мянган малчинтай, энэ их малын 15 сая нь эдийн засгийн эргэлтэд орно, цаашид энэ тоог нэмэх шаардлагатай гэжээ. Нөгөө “экспортын 90 хувийг уул уурхайгаас” гэдгийг сөрсөн алхам хийгээсэй. Тэр 84 сая малаа хүлээгээд хэн нэгэн нь нэмүү өртөг шингээж өгөх мэтээр бүү алмайраасай хэмээн хүсэн ерөөе, малчиддаа! хүлээлт хэмээн гарчигласных түүх ухахгүй бол болохгүй байна. манай нэртэй нийтлэлч Б.Цэнддоогийн бичсэнээр тэр хүлээлт гурван зуунаар яригдах ажээ. Өөрөөр хэлбэл, монголчууд хэн нэгэн гаднын ид шидтэн ирж хөгжүүлж өгөхийг 300 жил хүлээсэн, одоо ч хүлээж байна.

Цэнддоо бичжээ. Эшлэе: Манж Да Чин гүрний төрийн бодлого монголын хээр талд хэрэгжиж байлаа. Орон нутгийн ноёд түшмэдийн шийдэж байсан асуудал гэвэл малын жижиг хулгай ба өртөө улааны алба гэсхийгээд болно. Шашны удирдагч амьд Будда нарын асуудлыг ч Бээжингээс хамаарч, тэдний зарлиг, лүндэнгээс эхлээд сүнс хаана дахин төрж болохыг хүртэл зааварлан удирдаж байлаа. Монголын шашны удирдагчийн хойд дүрийг зөвхөн төвөдийн амдо мужаас тодруулах манжийн хааны зарлигтай байсан. Хамгийн гол нь гадаад монгол буюу өнөөгийн монгол улсын нутаг дэвсгэрт явуулах төрийн ба шашны бодлого нь монголчуудынх биш харин 100 хувь манж Чин гүрнийх байсан гэдэг нь л баримт юм гэжээ. миний тайлбар: Тэгэхээр манж нарын юу хэлж, юу хийхийг нь хүлээгээд суугаад байсан байж таарах нь ээ. Манж нар монгол ноёдын цалинг тавьчихна, гурван чулуу бодож олоод толгой дээр нь (отго жинс) залаад, гарт нь атгуулаад (хөөрөг), аманд нь (гаанс) зуулгачихсан, шарын шашнаар ард түмнийг нь “гэгээрүүлчихсэн”, тэгээд л түүндээ сэтгэл ханаад, хишгийг нь хүртээд монгол ноёд 200 жил лав нойрмоглон суужээ. Тэгснээ даатгагч ба ивээн тэтгэгчээ гэнэт сольжээ. Үнэндээ арав хүрэхгүй тэр хэдхэн жилд даатгагч эзнээ хэд хэд солиод авсан байгаа юм. Баатар Цагаан хаанд бадар барьж эзэгнэж өгнө үү гэхэд цаадах нь Хятадтай наймаалцчихсан (хиагтын гэрээ). Да хүрээнээс захиа урилга илгээн байж Сю Шүжаныг цэрэгтэй нь ирүүлсэн. Тэгснээ улаан Оросыг эзэн болж өгөөч хэмээн ардын Намыг умарш илгээсэн. Барон Унгерн хэмээх шинэ эзэнтэй болж хэдэн сарыг үдсэн. Нэг үгээр “Бид та нарт энэ биеэ өгчихье, бидэнд ямар нэгэн “юм” хийж өгөөч” гэх хүлээлт. Тэгж тэгж “улаан” нь “Цагаан”-аа хөөж гаргаад эзэн суужээ. Даатгагч ба ивээн тэтгэгч шинэ эзэн СССР нь яг 70 жил хөдлөшгүйгээр суусан даа. Зөвлөлт ах нартаа хэт найдаад хийж бүтээх, босгох, сэтгэхээс монголчууд ямагт хойш сууж байсныг гэрчлэx амьд гэрч нь бидний үеийнхэн мөнөөсөө мөн. Ах нараасаа аж ахуйн наад захын ажил сурсангүй. Ах нартаа найдаад, хэрэг дээрээ бол хүлээгээд л (коммунизмын гэрэлт ирээдүйг) байсан хэрэг.

Ажилгүйдэл, ядуурал огт буурдаггүй, харин эдгэхийн аргагүйгээр архагшлаа

Цэнддоо цааш нь бичиж байна: Дэлхийн социалист систем нуран унахад монголын жолоо Оросын гараас алдагдав. Өнөөдөр монголын ардчилагчид хувьсгалынхаа 30 жилийн ойг тэмдэглэж байна. 1911 оны хувьсгалтай их төстэй. 1911 оны хувьсгалын өмнө Монголчууд Хятадыг сөрөн зогсох тэнхээ бүхий хаант оростой холбоо тогтоож байсан бол 1990 оны хувьсгалын өмнөхөн БНМАУ нь Зөвлөлтийг сөрөн зогсох чадавхтай гүрэн болох АНУ-тай дипломат харилцаа тогтоож чадлаа. 1911 оны хувьсгалын гадаад тохироо нь манж Чин гүрэн өөрөө задран унасан явдал байв. Логик нь: Монголчууд манж Чин гүрний хараат байсан ба Эзэн гүрэн өөрөө унасан нь монгол орныг эзэнгүй болгов. 1990 онд Монголчууд эзнээ солих цаг дахин иржээ. Харин үндэслэл нь Зөвлөлт холбоот улс тарсан явдал байв. Хувьсгалын гадаад тулгуур нь нь АНУ тэргүүтэй дэлхийн ардчилсан систем. Монголд өрнөсөн ардчилал нь эрх чөлөөний хувьсгалынх нь дагалдах бэлэг байлаа. Монголчууд зуун зууны туршид сурсан тэр л зангаараа шинэ эзэн ирж жаргаахыг хүлээн хэвтлээ. Гэхдээ Америкчууд гэдэг нь хаант Орос, Гамин, Барон, Улаан арми бүгдээс нь өөр аж. Тэд монгол орныг өөрийн хүч ба зардлаар ардчилаад, цэгцлээд жаргаагаад өгсөнгүй. “За хар даа, би та нарын төлөө улсаа ардчилчихлаа, хариуд нь улсыг маань үүрээд явах ажаам уу”. Биднээс дутуугүй гайхсан нүдээр тэд харна. Миний тайлбар: Өнгөрсөн 28 жилийн түүх ердөө энэ. Цэнддоо маш урнаар, маш оновчтой гаргажээ. Бүр примитивээр төсөөлөөд үз. Гурав, дөрөвдүгээр хороолол гэдэг шиг Америк, Япон хороолол боссонгүй. Үй олон Америк, Япон, Герман мэргэлжилтэн ирсэнгүй. Амин зуулга, аж ахуйг нь хөтөлж өгөхөөр өрнөдөөс ганц ч хүн ирсэнгүй. Хөлсний хэдэн Хятад барилгачдаас өөр бидний өмнөөс хэн ч ирж ажилласангүй. монголчууд гайхсан хэвээрээ хүлээгээд л, хүлээгээд л.

Цэнддоо бичиж байна: Ардчилал тусгаар тогтнол нь маш зүйтэй боловч хамаг хариуцлагыг өөрийн толгойд үүрэх учиртай гэнэ. Зөвлөлтүүд үйлдвэр уурхай, сургууль соёл барьж өгч байсан. Америкууд огт туслахгүй биш боловч үндэсний баялаг ба эрх чөлөөгөө өөрсдөө дархлах учиртай, харин арга барил энэ тэрээ зааж тусална гэнэ. Монголчууд гайхан эргэлзэв. Америк ингэхэд шинэ эзэн мөн үү? Ер нь ингэхэд эзэнгүй болоод жаргана гэдэг маань хэр бодитой вэ? Урьд нь бид манжийн хааны хишиг ба Зөвлөлтийн тусламжаар болоод ирсэн биш бил үү? Цэнддоо дүгнэж байна: Ийнхүү монголчууд шинэ эзнээ хайх, өөрсдөө хөлөө олох гэж мунгинасаар 20-иод жилийг өнгөрөөв. Бид эзнээ олоогүй ч гэсэн “Шинэ эзэн бол Хятад огт биш, бас Орос биш бол сайн” гэсэн дүгнэлтэд ямар ч байсан хүрснээ “гуравдагч хөршийн бодлого” хэмээн тунхаглаж байна. Хэрвээ дараах үйл явц өрнөөгүй бол Монголчууд бодоод л, бусад нь хараад л явах байсан байх. Учир нь шинэ мянганы эхээр монголын нутгаас үнэт ашигт малтмалын шинэ шинэ нөөцүүд олдож, уул уурхайн цоо шинэ ирээдүй тал нутгаас тодров. Хуучин Зөвлөлтийн “орлогч”-ийн сул орон тоо олон газрын сонирхлыг татаж байна гэжээ. Миний тайлбар: Монголчуудын хүлээлтийн логик яг гараад ирж байгаа биз? яагаад хөгжил жигдрэхгүй, яагаад ядуурал нь арилдаггүй (“хэзээ ч” гэж арай хэлэхгүй ээ, гэхдээ бидний үеийнхэн арилахыг нь үзэхгүй, тэр бол бат!), яагаад сумын төв балгас болчихсон, 28 жилийн турш сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын хэрүүл УИХ дээр тасардаггүйг дээр хэлээд өгчихлөө.

Хүлээгээд байх нь тэр. УИХ-ын 2020, 2024 ... Ерөнхийлөгчийн 2021, 2025 оны бүх сонгуулиар энэ хэдэн улигт асуудал л яригдана, тэр гарцаагүй. Зөвлөлтийг 70 жилийн турш бараадаж, өөрсдийгөө даатгаж явахдаа сумын төв, аймгийн төвдөө тэр сургууль, цэцэрлэг, эмнэлгээ бариулж байхгүй, ядаж жорлонгоо цэвэрлэж сурахгүй яасан улс вэ хэмээн гадаадын захын иргэн сонжихыг би сонссон учраас л сонссоноо бичиж байна. Энэхүү гайт хүлээлтээс болоод монголын нийгмийг ажилгүйдэл, ядуурал бухимдал нэлд нь нэрвээд байна. Улс орны хөгжлийг хөмрүүлэх хэмжээнд очитлоо шүү. Ардчиллын 28 жилд хөгжлийн дөнгө болсон энэ ажилгүйдэл ядууралтай тэмцсээр үгээ барлаа, Засгийн газар цаган тугаа өргөхийн наана байна. Эдүгээ гурван монгол хүн тутмын нэг нь ядуу, хөдөлмөрийн насны бараг бүгд эрүүл саруул 130 мянган хүн ажилгүй, төрөөс хайр халамж горьдон, шар нар, бор хоногийг хүлээж өнгөрүүлнэ. Албан ёсны статистикаас бүр ч ичмээр тоо цухалзана. Эх орныхоо хөгжлийг нуруун дээрээ үүрч явах учиртай 30-39 насныхан ядууралд гүн шигдсэн ба ажилгүй гурван хүн тутмын хоёр нь 40- өөс доош насны бие эрүүл, ухаан саруул идэр залуу иргэд байна.

• Хэн нэгэнд өөрсдийгөө даатгачихвал боллоо гэх сэтгэхүй ШХАБ дээр хурцаар илэрсэн болов уу.

• -Бид эзнээ олоогүй ч гэсэн “шинэ эзэн бол Хятад огт биш, бас Орос биш бол сайн” гэсэн дүгнэлтэд ямар ч байсан хүрснээ “гуравдагч хөршийн бодлого” хэмээн тунхаглаж байна.

• -Эх орныхоо хөгжлийг нуруун дээрээ үүрч явах учиртай 30-39 насныхан ядууралд гүн шигдсэн ба ажилгүй гурван хүн тутмын хоёр нь 40-өөс доош насных байна.

Хүлээлтийн хамгийн гайгүй, нааштай гэмээр нэг үзүүлэлт нь хотууд дахь энэ их захууд. Нааштай л гэе дээ. Эрхбиш лангуу чингэлэг сахиад, ажилтай нэр зүүгээд хэдэн мянган монгол хүн сууж байгаа учраас дэвшил гэхээс аргагүй. Гэхдээ ихэнх тохиолдолд тэр их бараагаа зарах гээд бас л хүлээлтэд байгаа хүмүүс. хүлээхийг ёстой нэг үзүүлж өгнө, яаж ч тэвчдэг юм, бүү мэд? төр засгийн ба улсын байгууллагуудыг нь аваад үз дээ. Нийт 192 мянган хүн ярайна. Нэлдээ хүлээгсэд. Цалин авдаг атлаа ажил олигтой хийдэггүй, хуруугаа бүртгүүлж цалин авагсад, төрийн ажлыг амин хувийнхтайгаа хослуулагсад, бас тэнд нь илүүдэл ажиллагсдын тоо байнга нэмэгдээстэй. Намуудын өр төлөөсөнд үй олуулаа очигсод, ямар нэгэн аз жаргал, албан тушаалын өгсүүр шат хүлээгсэд. хүлээлт буй болдог дөрөв дөрвөн жилийн цикл үүсгэчихсэн. Нам нь ялбал дөрвөн жил дарга, даамал, түшмэл. Нам нь дараагийн дөрвөн жил сөрөг хүчин болоход тэд хэл үггүй яамдаасаа гарч алга болоод дөрвөн жил хүлээлтэд. Эхнэр хүүхдээ дагуулан гадаадад аялан, морь бөх хөөсөн шиг, бараг л монгол улсын иргэн биш юм шиг хэдэн жилийг хүлээж өнгөрөөгөөд дараагийн дөрвөн жил нь эх орондоо “хүч”-ээ өгнө. Төрийн албаны таван хүн тутмын нэг нь дарга, эсвэл захиргааны албан тушаалтан, одоогоор 22 мянган дарга, захиргааны ажилтан (төрийн албан зөвлөлийн тайлангаас) байгаа нь нөгөө дөрвөн жилийн хүлээлтийн циклээ 2012-2016 онд өнгөрөөчихөөд, одоо 2016-2020 онд эх орондоо “хүч”-ээ өгч буй хүлээгсдийн арми.

Тэд 2020-2024 онд дахиад хүлээнэ. Олон мянган хүн дээр тохиож буй цикл ердөө энэ шүү дээ. Төрийн яамдад очоод хэчнээн сайн ажилтай байлаа гээд нөгөө ажилгүйдэл, ядууралд нь очиж нөлөөлөх гэгээтэй бодлого үйлс, бараг байхгүй. Өнгөрсөн 20 гаруй жилд манай улсын эдийн засгийн хэмжээ 40 дахин томорч, улсын төсөв 50 дахин тэлжээ. Өдгөө найман их наяд төгрөг шүргэнэ. Улсын төсөв 1995 онд 144.5 тэрбум төгрөгөөр л хэмжигдэж, энэ мөнгөөр монгол улс бүтэн жил бүхнийг зохицуулж байжээ. Монголын эдийн засаг ийнхүү танигдахын аргагүй болтлоо томорсон атал ажилгүйдэл, ядуурал огт буурдаггүй, харин эдгэхийн аргагүйгээр архагшлаа. Хавтгайрсан халамж хэлбэрээр мөнгө тараах цаг айсуй. Хүлээлтийг ёстой амилуулж өгдөг төрийн бодлого. Нэг үгээр бол хавтгайрсан нийгмийн халамж бол тэр чигтээ монголуудын ард нийтээрээ хүлээдэг ард түмний хүлээлт. Хөдөлмөр эрхлэх шаардлагагүй болтол нь хүлээлгэдэг оньсон түлхүүр, бүр алтан түлхүүр. Хаа хамаагүй хөндлөнгийн түүхэн жишээ. “Чөлөөлөлт” хэмээх Зөвлөлтийн киноны нэг бүлэгт гардаг даа. Италийн фашист муссолини германы нацист гитлертээ загнуулж суудаг мөч. “Фюрер минь, та Италичуудыг мэдэхгүй байна. Италичууд байлдах хүсэлгүй байна” гэдэг дээ. Цаадах нь бүгдийг нь бууд, хашраа гээд л хашгичаад байдаг. “Бүгдийг нь буудчихаж болохгүй байна шүү дээ” хэмээн муссолини учирлаж байдаг тэр хэсэг санаанд буучихлаа. Яг энэчлэн ажилгүйдэл ядуурлын өмнө цагаан тугаа өргөхийн наагуур байгаа эрх баригчдадаа энэ киног сануулчихъя. Хүчээр албадаж, заримыг нь хашрааж байж л Монголчуудын хүлээлтийг таслахгүй бол бултаараа ажил хийх хүсэлгүй байна шүү!

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хуулийн цоорхой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хохироож байна

Хөдөлмөрийн насны ажил хийдэггүй 75 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий

 0 сэтгэгдэл


Ид хийж бүтээх насных ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэйн улмаас ажил хийж чаддаггүй 80 мянган хүн Монголд байна. Харин өнгөрсөн оны байдлаар тэдний 2500 нь ажил хайгчаар бүртгүүлж, ердөө 25 хувь нь ажилд зуучлуулан оржээ. Гэхдээ тэд ажилд орох гэж бүртгүүлээд хамгийн багадаа хагас жил хүлээдэг аж. Тиймээс зарим нь замаасаа шантардаг гэсэн судалгааг хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар аж ахуйн нэгжүүд 25, түүнээс дээш ажилтантай бол түүний дөрөвт нь хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэн ажиллуулах ёстой. Гэвч энэ хуулийн хэрэгжилтийг биелүүлэх, шалгах механизм тун муу. Тиймээс аж ахуйн нэгжүүд дээрх хуулийг биелүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахад хойрго хандсаар байна. Харин ч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүйн төлбөрийг төлөөд явах сонирхол өндөр байдаг аж.

2018 оны байдлаар дээрх төлбөрийг 273 аж ахуйн нэгж, байгууллага төлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 969.1 сая төгрөг шилжүүлжээ. Уг нь тус хуулийн заалтыг хэрэгжүүлэх нийт 5230 шимтгэл төлөгч байгууллага Монгол Улсад бүртгэлтэй аж. Хөдөлмөрийн тухай хуулийн тус заалт бүрэн хэрэгжсэн бол дор хаяж 15 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болох байсан. Шимтгэл төлж байгаа байгууллагаас төлбөр төлж буй шалтгааныг асуухад 50 орчим хувь нь “Хөгжлийн бэрхшээлтэй  иргэн ажилд орохоор хандаж байгаагүй” гэж хариулсан байна. Харин 26 хувь нь эдгээр иргэнд  ажиллах боломжтой ажлын байр байхгүй, 20 хувь нь ур чадвар шаардлагад нийцдэггүй гэжээ.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг “Тухайн байгууллага хэдэн төгрөгийн төлбөр төлөх нь ажилчдынх нь тооноос хамаарна” хэмээн хэлэв. Ийнхүү ажилд орох гэсэн ч тэнцдэггүй, хайгаад ч олддоггүй гээд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд гэр зуур байхаас өөр сонголт үлдсэнгүй. Харин тэдэнд улсаас сар бүр 174 мянган төгрөгийн тэтгэмж олгодог бол, улиралд нэг удаа асаргааны мөнгө гэж 78 мянгыг нэмж өгдөг аж. Тэгэхээр үүнээс өөр ямар ч орлогогүй тэд сард ердөө 200 мянган төгрөгөөр амьдралаа залгуулдаг гэсэн үг.

Харин ажил хийж буй 20 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний дийлэнх нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг аж. Эрүүл мэнд, боловсрол, ус хангамжийн салбарт цөөн тооны хүмүүс ажилладгийг албаны хүн дурдсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Оюутолгой” ХХК ажилчдынхаа цалингаас ₮1.2 тэрбумыг хассан гэв

Хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг хууль зөрчин өөрчилжээ

 0 сэтгэгдэл


Шилдэг татвар төлөгчдийн эхний хоёр байрыг жилийн жилд “булаацалдаж” төсвийн ачаанаас томоохон хувийг үүрэлцдэг “Оюутолгой” ХХК-д ажиллах хүсэлтэй залуусыг жагсаавал хэдэн зуун километр ч үргэлжилж мэдэх эрэлттэй байгууллага. Харин тэнд ажилладаг монгол ажилчдыг улстөрч биш хэрнээ орлого өндөртэй, тансаг хэрэглээтэй гэж олон нийт андуурах нь бий. Бүр “байр аваад амьдардаггүй, машин аваад унадаггүй” гэж шоглодог болсон. Жилийн гуравны нэгийг гэр бүлээсээ хол, уурхайн хуаранд “ажлын мал” болж өнгөрөөдөг тэдний хувьд эрүүл мэндээ зольж авдаг цалин нь амьдралын баталгаа болдог ч, аз жаргалыг мэдрүүлж чаддаг эсэх нь эргэлзээтэй.

Монгол Улсын хуулиар газар дор хүнд, хортой, халуун нөхцөлд ажилладаг хүн 7-10 жил ажиллаад л тэтгэвэрт гарах учиртай. Өөрөөр хэлбэл, уурхайчин хүн амьдралаа эхэлж, анхны хүүхдээ өлгийдсөнөөс хойш сургуульд орох хүртэл нь л энэ хүнд нөхцөлийг дааж ажиллах чадвартай гэж шинжлэх ухааны үндэстэйгээр судалж байж хуульчилсан нь лавтай.

Тэгвэл энэхүү хуулийг “Оюутолгой”-н удирдлагууд үл ойшоож, хөдөлмөрийн нөхцөлийг нь “хэвийн” гэдэг ангилалд оруулах замаар цалингийн зардлаасаа хэдэн төгрөг хэмнэх явуургүй арга сүвэгчилжээ. Тодруулбал, 2017 оны зургадугаар сард уурхайн талбарын 329 ажилтанд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж, 200 гаруй хүнийг “хэвийн бус” ангиллаас хассан байна. Хэвийн бус гэх нэр томъёоны цаана газар дор, хортой, халуун зэрэг бүхий л хүнд нөхцөлийг илэрхийлж байгаа хэрэг.

Ийм нөхцөлд хөдөлмөр эрхэлж, 13 хувийн цалингийн нэмэгдэл авдаг байсан 200 гаруй хүн тус бүрээс сарын нэг сая орчим төгрөгийг зургаан сарын турш хассанаар, нийт 1.2 тэрбум шахам төгрөгийг “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд “хэмнэж” чаджээ. Энэ “шилдэг” аргаа хэрэгжүүлэхийн тулд хууль, журам зөрчиж үнэлгээ хийх эрхгүй байгууллагыг сонгон шалгаруулахаа ч мартсангүй.

Хөдөлмөрийн сайдын 2015 оны А223 тоот тушаалын хавсралт “ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 3.6-д “хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах асуудлыг “хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв” хариуцаж гүйцэтгэнэ” гэж заасан байдаг. Энэ бол ХНХЯ-ны харъяа, хуучнаар Мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв юм. Гэтэл “Оюутолгой” ХХК нь АШУҮИС-ийн дэргэдэх “Орчны эрүүл мэндийн институт” гэх төрийн бус байгууллагыг шалгаруулан, үнэлгээ хийлгэж ийнхүү ажилчдыг хохироосон дүгнэлт гаргуулжээ. Түүгээр ч барахгүй энэ төрийн бус байгууллагаар гүний уурхайн үнэлгээг мөн гаргуулахаар болсон тухай ажилчид нь ярьж байна.

Тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд одоогоор 178 ажилтан гомдол өргөдөл гаргажээ. Ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс хууль ёсны эрхийг зөрчсөн энэхүү үйлдлээ зогсоохыг хүсч, тэд удирдлагууддаа хандсан боловч “танай улсын хууль тогтоомжийн тодорхой бус байдлаас болсон” хэмээн байдлыг залруулаагүй аж. Ингээд Үйлдвэрчний эвлэлийнхэн хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэхээр харъяа дүүргийн засаг даргаар захирамж гаргуулан, дундын зуучлагчийг томилуулах шатанд “Оюутолгой” ХХК-ийн зүгээс огт оролцоогүй бөгөөд уг захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Ийнхүү шүүхэд хандсанаар хөдөлмөрийн маргаан өрнөх боломжгүй болж, ажилчид хүнд нөхцөлийн нэмэгдлээ авах горьдлого үндсэндээ тасарч байна.

Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 тоот тушаалд “тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын доор болон хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийг шинэчлэн батлах” жагсаалтаар тогтоосон ажлын байрыг тодорхой заасан байдаг.

• Хэвийн бус буюу газар дор, хүнд, хортой нөхцөлд 7-10 жил ажиллаад тэтгэвэрт гардаг хуультай. 

• Хууль зөрчиж, ТББ-аар хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэжээ. 

• ҮЭХ-оос “Оюутолгой”-н хууль бус шийдвэрийг шүүхэд өгнө.

Уг хавсралтад дурайтал бичигдсэн ажлын байрыг ийнхүү хэвийн бус ангиллаас хассан тул “Оюутолгой”-г шүүхэд өгөхөөр зэхэж байгаа тухай Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Дэлгэрхүү ярьсан. Өмнөх дарга нь энэ асуудлыг хуулийн хүрээнд эсэргүүцэн, хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлсний төлөө ажлаасаа халагдсан аж. Харин одоо эдгээр залуусын тэмцэл үр дүнд хүрэх эсэхийг нийгэм даяараа харж байна.

“Оюутолгой” ХХК-ийн монгол ажилчид яг адилхан үүрэг гүйцэтгэдэг гадаад мэргэжилтнээс дөрөв дахин бага цалин авдагтаа хэзээ ч гомдол гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн хүнд нөхцөл, эрүүл мэндэд хортой орчинд ажилладагтаа “ялархаж”, аяга сүү илүү нэхэж үзээгүй. Бусад орнуудад эрхэлдэг уурхайн ажилчидтайгаа ижил хэмжээнд үзэж, цалингийн шатлалын нэгдсэн системтэй байхыг ч шаардаагүй. Гагцхүү эрүүл мэндээс нь хумсалж, амьдрах наснаас нь хороож байгаа хүнд, хортой нөхцөлдөө тохирсон нэмэгдэл хэдхэн төгрөгөө өгөөч гэж гуйж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хаусын зах зээлд боломж нээгдсэн ч чанар үгүйлэгдэж байна

Амины орон сууцны ипотекийн зээл авч буй иргэний тоо харьцангуй цөөн байна

 0 сэтгэгдэл


Бүтээн байгуулалтын улирал хэзээ мөдгүй эхлэх нь. Өвлийн турш гацсан барилгын араг яснууд амилж, иргэн, аж ахуйн нэгж, нэгдэл бригадууд хавартай уралдан ханцуй шамлах үе ирлээ. Барилгын салбарын борлуулалтын гол суваг болох ипотекийн зээлийн журмыг өнгөрсөн онд тодотгож, энэ оноос найман хувийн хүүтэй зээлийг амины орон сууцанд олгохоор болсон. Одоогоор хаус барихаар хөнгөлөлттэй зээл авч буй иргэний тоо харьцангуй цөөн байгааг арилжааны банкны зээлийн эдийн засагчид хэлж байна.

Амины гэх тодотголтой шинэ зээл 2013 оноос олгож эхэлсэн олон давхар орон сууцны зээлтэй урьдчилгаа төлбөр (30 хувь), хүүгийн хувь (жилийн найман хувь) зэрэг үндсэн шаардлага, шат дамжлагын хувьд ижил. Гэхдээ ипотек хэмээх ижил нэрийн дор олгох энэ хоёр зээлийн бүтээгдэхүүнд хэд хэдэн ялгаа бий.

Нэгдүгээрт, Засгийн газраас нэг дор олон зуун айлыг багтаадаг орон сууцанд олгох зээлийн хэмжээ болон хугацааны дээд хязгаарыг 100 сая төгрөг болон 30 хүртэлх жилээр тогтоосон бол амины хаусын санхүүжилт харьцангуй бага, хугацаа нь ч богино. Тодруулбал, нийслэлийн иргэд 120 хүртэлх ам метр талбайтай амины орон сууцанд 60 хүртэлх сая төгрөгийн зээлийг 30 хүртэлх жилээр авч болно.

Өнгөрсөн оны байдлаар арилжааны банкуудын өөрийн санхүүжилтээр олгосон зээлийн хүү дунджаар 14 хувийн хүүтэй байжээ. Харин Засгийн газар энэ хэмжээний хүүг иргэдийнхээ нуруун дээр үүрүүлэхгүйн тулд зээлийн хүүгийн зөрүүг өмнөөс нь төлж, байж болох хамгийн бага буюу жилийн найман хувийн хүүтэй зээлийг иргэдэд санал болгож буй.

Гэтэл хүүгийн дарамтынх нь багагүй хэсгийг төр үүрч буй энэ төрлийн хөнгөлөлттэй зээлийг зорилтот бүлэг нь бус, байр, хаустай чинээлэг иргэд гэр хорооллын иргэдтэй уралдан авч, илүү хөрөнгөжих тохиолдол цөөнгүй гарсныг албаныхан үгүйсгэсэнгүй. Тиймээс энэ зээлийг халаалт, халуун устай тав тухтай байр байшинд амьдрах чин хүсэлтэй иргэд рүү чиглүүлэхээр ипотекийн зээлийн журмыг шинэчилжээ. Ингэснээр энэ бодлого байгаа онож, орчны бохирдлыг бууруулж, дундаж давхаргын хувь хэмжээг нэмэгдүүлэх юм.

Манай иргэдийн дийлэнх нь орд харш шиг олон өрөөтэй эсвэл дэндүү давчуу биш амины орон сууцыг төдий л сонирхдоггүй. Харин дундаж хэмжээ, мансарттай байшинг илүүд үздэг гэж барилгын компаниуд хэлж байна. Ингэхдээ зочдын болон гал тогооны өрөө зэрэг үндсэн хэсгээс гадна унтлагын 2-3 өрөө, амралт болон техникийн өрөөтэй, дунджаар 78 ам метр талбай бүхий хаусыг сонирхдог аж. Ийм хэмжээ бүхий орон сууцны дундаж зардлыг “Барилга.мн” сэтгүүлийн мэргэжилтний баг тооцжээ. Зураг төслөөс нь эхлээд дотоод засал хүртэлх барилгын өртөг 65 сая төгрөгтэй тэнцсэн байна. Ингэхдээ барилгын материалын үнийг 2018 оны эхний хагасын байдлаар НӨАТ-тай нь хамтатган тооцсон бөгөөд тээврийн зайг 20 километр гэж үзжээ. Энэ өртөг дээр бусад нэмэгдэл зардал болон ашгийг таван хувиар тооцон нэмбэл 74.1 сая төгрөгтэй тэнцэж байгаа аж.

Иргэд худалдан авах гэж буй байраа барьцаалж, банкнаас ипотекийн зээл авдаг. Өөрөөр хэлбэл, банк хэдийн сүндэрлэн боссон тул шинэ байрны ордер буюу орон сууцны гэрчилгээг нь барьцаалж, буцаагаад зээл олгодог гэсэн үг. Харин амины хаусын зээлийг шинээр байшин барих гэж буй иргэдэд олгохоор заасан. Тиймээс иргэд зээл авч байж, хаусаа барина гэсэн үг. Гэтэл барьцаалчих үл хөдлөх хөрөнгө нь нүдэнд харагдахаар босоогүй байгаа нөхцөлд үүнийг хэрхэн шийдэх вэ. Холбогдох журамд зааснаар иргэд банкнаас авах зээлтэй тэнцэх хэмжээний барьцаа хөрөнгө тавих учиртай. иргэдийн дийлэнх нь байшин барих газраа барьцаанд тавьж байгаа аж. Гэвч зөвхөн газар зээлийн барьцааг хангахгүй байгаа тул зээл авахаас өмнө амины орон сууцныхаа барилгын ажлыг тодорхой хувьд хүргээд, үүнийгээ эзэмшил, газартайгаа хамтатгах байдлаар шийдэх гаргалгааг ч Барилга хот байгуулалтын яамнаас санал болгож байна. Мөн иргэдийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, инженерийн дэд бүтцэд холбосноор үнэ цэнэ нь нэмэгдэх төлөвтэй гэж холбогдох албаныхан  үзэж байна.

Салбарын яам болон Нийслэлийн захиргаа инженерийн дэд бүтцийг өргөтгөж, иргэдийн үүдэнд хүргэхээр зорьж байгаа. Энэ төрлийн дэд бүтцийг сунгахад БНХАУ-аас хоёр тэрбум юанийн санхүүжилт олгохоо 2017 онд мэдэгдсэн. Ингэснээр Баянхошуу, Толгойт, Хандгайт, Шарга морьт, Дарь-Эх, Гачуурт зэрэг алслагдсан бүс рүү инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ татахаар төлөвлөсөн ч санхүүжилт нь өнөө хэр бүрхэг байгаа аж. Холбогдох албаныхан 2019, 2020 онд орж ирнэ гэж хүлээж байна.

Халаалт, халуун устай хаусын хямд зээлийн шугам нээсэн энэ бодлого энэ төрлийн бизнес эрхлэгчид ч зах зээлийн боломж олгож байгаа. Хүлээгдэж байсан бодлогыг төр урагшлуулсан хэмээн амины орон сууцны компанийн төлөөлөл мэдэгдсэн бол “Монгол базальт” компанийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд “Амины орон сууцанд зээл олгосноор зах зээлд эрэлт нэмэгдэх хүлээлттэй төдийгүй зөв төлөвлөж хэрэгжүүлж чадвал агаарын бохирдлыг бууруулах боломж бий” хэмээн хэлж байна.

Энэ онд ипотекийн зээлд олгох санхүүжилтийг нэмэгдүүлж, хагас их наяд төгрөгт хүргэсэн. Үүний тодорхой хэсэг нь амины орон сууцны зах зээлийг чиглэх болноор санхүүжилтийн саад  багасч, боломж нэмэгдсэн сайн талтай. “Тэнхлэг зууч” компанийн нийслэл болон орон нутгийн суурин газарт нийт 340 мянга орчим айл инженерийн дэд бүтцэд холбогдоогүй амьдарч байгаа гэсэн тооцоо гаргасан. Үүнээс үзэхэд амины орон сууцанд зах зээлийн боломж зах хязгааргүй байгаа гэсэн үг. Дээрээс нь санхүүжилтийн шинэ бас хямд сонголт нээгдэж байгаа нь иргэд төдийгүй бизнес эрхлэгчдэд ч ээлээ үзүүлнэ.

Гэхдээ амины орон сууцны зах зээлийн нэг амин чухал хүчин зүйл болох чанарын тухай ойлголт өнөө хэр орхигдоод байна. Найман хувийн хүүтэй зээлийг стандартын шаардлага хангасан амины орон сууцанд олгохоо албаныхан мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Барилга, хот байгуулалтын сайдын баталсан нэг айлын орон сууцны барилгын төлөвлөлт угсралтын нормыг хангасан, зураг төслийн хүрээнд боссон байшинд зээл авах юм. Гэтэл одоогоор амины орон сууцуудын 90 гаруй хувь нь зураг төсөлгүйгээр, иргэн хоорондын хэлэлцээрийн хүрээнд баригддаг. Ер нь энэ салбарын чанарыг байшин захиалсан иргэдийн үзэмжээр шийдэх нь түгээмэл байдаг аж. Чанарыг нь мэргэжлийн байгууллага бус иргэд дэнсэлдэг учраас барилгын компаниуд хямд үнэ, богино хугацааг чанараас түрүүнд тавьж, зар сурталчилгаагаа ч энэ төрлийн үгсээр чимэглэж хачирладаг. Бүр 14-хөн хоногийн дотор амины орон сууц барих зар мэдээллүүд ч цахим ертөнцөөр хөвөрч байна. Мөн 10 гаруйхан хоногийн дотор амины орон сууц барина хэмээн иргэдээс жилийн өмнө мөнгийг нь аваад өнөөг хүртэл барилгаа бариагүй компаниуд ч энэ зах зээлд бий аж.

Гэтэл амины орон сууцны зах зээлийн боломж нэмэгдэхийн хэрээр илүү хариуцлагатай, мэргэжлийн ажиллах шаардлага тулгараад байна. Учир нь иргэд, барилгын компани гэсэн хэдхэн тоглогчийн хооронд өрнөдөг байсан энэ бизнес Засгийн газар, Монголбанк болон арилжааны банк зэрэг олон оролцогч нэмэгдэж, зах зээлийн зарчмаар ажиллаж эхэллээ. Энэ зах зээл өмнөх шигээ замбараагүй, хяналтгүй, албан бус байдлаар үргэлжилбэл нэг их удахгүй нуран унахад хүрнэ. Ингээд зогсохгүй хүүтэй зээл авсан иргэн болон санхүүжилт өгсөн банкинд хохирол дагуулна. Тиймээс чанар хэмээх ойлголтыг зах замбараагүй амины орон сууцанд чанд сахиулахгүй бол нуухыг нь авах гээд нүдийг сохлох вий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж буй иргэдийг 100 мянгаар торгожээ

 0 сэтгэгдэл


Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хууль бусаар дуудлагын такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ. Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу арга хэмжээ авч байна. Одоогийн байдлаар Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар нэг аж ахуйн нэгж, байгууллагад нэг сая төгрөгийн, зургаан иргэнд 100 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцжээ. Мөн холбогдох хууль, тогтоомжийн дагуу нэг байгууллагын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар гарган зогсоосон аж.