A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3037/

Хүнсний ногоонд нуугдсан хор сэтгэцэд нөлөөлөх аюултай

Сүүлийн 45 жилийн дотор пестицидийн хэрэглээ 450 дахин нэмэгджээ

Хүнсний ногоонд нуугдсан хор сэтгэцэд нөлөөлөх аюултай
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3037/


Дэлгүүрийн лангуун дээр шүр байна шиг бөнжийх улаан алим урд хөршөөс оруулж ирсэн амтат жимсний нэг. Нүдээр харахад өө сэвгүй хэрнээ хазаад үзэхэд арааны шүлс асгаруулам сайхан амт лав алга. Харин голынх нь үртэй хэсэгт үл ялиг хөгц харагдах нь идэх дур хүслийг шууд л унтраав. Энэ бол өнөөх мөөгөнцрөөр өвчилсөн хүнсний бүтээгдэхүүний нэг аж. Жимсний энэхүү мөөгөнцөр өвчнийг устгадаг химийн бодисын ерөнхий нэршил нь пестицид. Пестицидийн хүнсний ногоонд хэрэглэх зөвшөөрөгдөх тунг олон улсын байгууллага тогтоосон байдаг ч газар тариалан эрхлэгчид заасан хэмжээг хэтрүүлэн хэрэглэдэг талаар албаны эх сурвалж хэлж байв. Пестицидийн үлдэгдэл ихтэй хүнсний ногоо худалдааны захуудад борлуулагдаж буй нь аюулын харанга дэгдээж болзошгүй байна. Хэт их хэмжээгээр хэрэглэвэл бүдүүн гэдэс, хөх, түрүү булчирхайн хорт хавдар үүсгээд тогтохгүй үхлийн аюулд ч хүргэдэг гэдгийг ДЭМБ анхааруулсаар байгаа юм.

Үхлийн аюул дагуулагч энэхүү химийн бодис ганц бус бүр мянган төрөл бий гээд боддоо. Энэ олон төрлийг нь тайлбарлана гэвэл барагдахгүй.

Харин НҮБ-н хүнс хөдөө аж ахуйн байгууллага 100 төрлийн пестицидийг бүртгэж, хэрэглэх тунг нь тогтоосон байна. Эхлээд энэхүү пестицид гэдэг бодисын танин мэдэхүйн талаар багахан мэдээлэл өгье. Пестицид гэдэг нь pestis–хор хөнөөл, cido–устгах гэсэн утгатай грек гаралтай үг.

Пестицидийн талаар химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд “Мал, амьтан, ургамлыг аливаа өвчнөөс сэргийлэх, хөнөөлт шавж, мэрэгч, хогийн ургамлаас хамгаалах зориулалттай химийн бодис” юм хэмээн тодорхойлжээ.

Байгаль орчин аялал жуулчлал, хүнс ХАА, Эрүүл мэндийн сайд нарын 2011 оны хамтарсан тушаалаар 100 гаруй нэр төрлийн пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг заасан жагсаалт гаргажээ. Эл бодисыг 154 аж ахуйн нэгж хил гаалиар оруулж ирдэг гэсэн мэдээлэл байна.

Хүний эрүүл мэндэд хор учруулахуйц бодисын жагсаалтад есөн төрлийн пестицидийг багтааж буй. Хөдөө аж ахуй, газар тариаланд хэрэглэдэг химийн энэ хорны хэмжээ дэлхийд сүүлийн 45 жилийн дотор 450 дахин нэмэгдэж, жил бүр 20 мянган хүн хордож, нас бардаг гэсэн судалгааг НҮБ-аас нэгэнтээ гаргаж байжээ. Дэлхийн улс орнууд сүүлийн үед пестицидийн хор хөнөөлийн талаар ихээхэн хөндөх боллоо. Хойд хөрш л гэхэд хуримтлагдсан пестицидийг устгах том аян өрнүүлсэн байна. Газар тариалан эрхлэгчид хөгц мөөгөнцрөөс жимс, ногоогоо хамгаалах бас ургацаа алдахгүй байх, хураасан ногооныхоо хадгалалтыг уртасгах зорилгоор пестицидийн төрлийн бодисыг өргөн хэрэглэдэг байна.

БҮХ УРГАЦЫГ ШИНЖЛЭХ БОЛОМЖГҮЙ

Энэхүү бодисыг Европын орнууд хэдэн сая тонноор нь хэрэглэдэг аж. Хэдийгээр Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага байгаль орчинд халтай бодис хэмээн анхааруулдаг ч газар тариалан эрхлэгчдийн гол хэрэглээ болсоор байна.

Шведийн Стокгольм хотноо 2001 онд баталсан удаан задардаг органик бохирдуулагчийн тухай конвенцид 180 орон нэгдсэн бөгөөд Монгол улс ч мөн орсон билээ. Тиймээс пестицидийн хяналтыг сайжруулах шаардлага тулгарч байгаа юм. Манай улсын зарим тариаланч аминч үзэл гаргаж пестицидийг их хэмжээгээр хэрэглэдэг талаар нэгэн эх сурвалж хов дуулгасан. Уг нь ххаахүя бүртгэж, хэрэглэх хэмжээг нь тодорхой заасан байдаг ч хэнэггүй тариаланчид далдуур чухам юу хийдгийг хэн ч таашгүй. Хоёр ч лабораторид хүнсний ногооны пестицидийн үлдэгдлийг шинжилдэг гэх боловч бүх ургацыг хамруулах боломжгүй байдаг аж.

• Хоёр ч лабораторид хүнсний ногооны пестицидийн үлдэгдлийг шинжилдэг гэх боловч бүх ургацыг хамруулах боломжгүй байдаг.

• Хэдийгээр Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага байгаль орчинд халтай бодис хэмээн анхааруулдаг ч газар тариалан эрхлэгчдийн гол хэрэглээ болсоор байна.

• Хэрэглэгчдээс гадна тариаланчид өөрсдөө хамгийн их хордож буйгаа ойлгох хэрэгтэй.

Зөвхөн энэ жил гэхэд урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гаргаад байгаа. Тэгэхээр ийм хэмжээний ургацыг бүхэлд нь шинжлэх боломжгүй гэсэн үг. Тиймээс пестицид хэр хэмжээгээр агуулагдаж байна вэ гэдгийг тогтоох боломжгүй учраас хамгийн энгийн арга нь сайтар угааж хэрэглэх хэрэгтэйг хоол судлалын мэргэжилтнүүд зөвлөж байна. Импортын хүнснээс ч найман төрлийн пестицидийн үлдэгдэл илэрч байсан тохиолдол байгаа юм. Ер нь зөвшөөрөгдөх хэмжээнээс пестицидийн үлдэгдэл үл ялиг их гарах тохиолдол бий гэж нэгэн мэргэжилтэн онцолж байлаа. Хэрэглэгчдээс гадна тариаланчид өөрсдөө хамгийн их хордож буйгаа ойлгох хэрэгтэй. Пестицидтэй шууд харьцдаг хүмүүс хамгийн их хордож байдгийг мэргэжилтнүүд сануулдаг. Хордож нас барсан тохиолдол ч бий. Тодруулбал,1975 онд анх пестицидийг буруу хэрэглэсний улмаас 2-61 насны 21 хүн өвдөж, 13 нь нас барсан нь баримт тэмдэглэгдэн үлджээ.

ПЕСТИЦИДИЙН ХӨНӨӨЛӨӨС БОЛЖ ХЭДЭН ТЭРБУМ ДОЛЛАР ХИЙСГЭДЭГ

АНУ гэхэд л пестицидээс болж хүний эрүүл мэнд, байгаль орчинд учирсан хор хөнөөлийг багасгахын тулд жил бүр хэдэн тэрбум доллар зарцуулдаг боллоо. Бразилд л гэхэд зөгий олноор үхэж дэлхий дахиныг гайхашруулсан. Үүний цаад шалтгааныг пестицид байж болзошгүй гэж олон улсын байгууллага үзсэн байна. Ийн хүнсний аюулгүй байдал хүний эрүүл мэндэд заналхийлээд зогсохгүй, амьтдад ч гэсэн хор хөнөөлөө учруулсаар байна.

ЗГМ: ТОДРУУЛГА

Б.ЭНХТУНГАЛАГ: ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН ТОХИОЛДОЛД ХОРДЛОГОНД ОРУУЛНА

Бид пестицид хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын ал баны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалагаас тодрууллаа.

-Пестицид хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Пестицидийг хогийн ургамлыг устгах (гербицид), мөөгөнцөр болон ургамлын өвчинг устгах (фунгицид), хортон шавж устгах (инсектцид) зорилгоор ихэвчлэн хэрэглэж байна. Ямар ч зорилгоор хэрэглэхээс үл хамааран буруу хэрэглэх тохиолдолд эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлнэ. Жишээлбэл, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй фунгицид гэхэд уургийн нийлэгжилт болон эд эсийн амьсгалах үйл явцыг дарангуйлах үйлчилгээ үзүүлдэг. Хэрэв зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулна. Төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдах, хөх, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх, элэг, уушгийг гэмтээх, жирэмсэн эхийн урагт нөлөөлөх гэх мэт. Иймээс НҮБ-ын ДЭМБ, ХХААБ-ын хамтарсан хүнсний эрх зүйн комиссоос хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдлийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг хатуу тогтоож өгдөг. Мөн хүн амын хоол хүнсээр авах пестицидийн хоногийн хүлцэх тунг, хүний биеийн жингийн 1кг-д ямар хэмжээтэй байхыг тогтоосон. Ер нь шавьжийн эсрэг бодис нь хүний эрүүл мэндэд илүү хор хөнөөлтэй. Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9.7 долоон тэрбум хүрнэ гэж тооцоолсон. Хүнсний нөөцийн хангамж, хүртээмж, ургац нэмэгдүүлэх зориулалтаар пестицидийг ямар нэг хэмжээгээр хэрэглэх асуудал гарч байна. Гэхдээ пестицидийг хүнсэнд аль болох хэрэглэхгүй байх нь зөв. Хэрэглэхдээ тун хэмжээг тааруулах, багасгах, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, пестицидтэй зөв харьцах, хүнсний бүтээгдэхүүн дэх үлдэгдэлд хяналт тавих нь чухал. Нийт хүн ам пестицидийн үлдэгдэлд өртөх нь бага. Өртөмтгий бүлэг гэж байна. Тухайлбал, газар тариалан эрхэлдэг, өрхийн тариалан, хүнсний ногоо, жимс тариалдаг хүмүүс, ялангуяа жирэмсэн болон хөхүүл эхчүүд, хүүхдүүд гэх мэт. АНУ, Канадад хийсэн судалгаагаар пестицидийн үлдэгдэлтэй жимс, ногоо хэрэглэсний улмаас хүүхдүүдийн анхаарал төвлөрөл нь муудах, өөрийгөө хянах чадваргүй болж буйг тогтоосон байсан. Пестицидтэй харьцдаг, өрхийн тариалалт эрхэлдэг хүмүүс хамгаалах хэрэгсэл бээлий, амны хаалт, нүдний хаалтыг байнга хэрэглэх нь зүйтэй. Жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, 18-аас доош насны хүүхдийг пестицидтэй харьцахыг хориглодог.

-Бразилд зөгий олноороо үхсэн тохиолдол гарсан. Тэгэхээр амьтанд бас хор учруулдаг гэсэн үг үү?

-Амьтанд ч гэсэн сөргөөр нөлөөлнө. Шавжийн эсрэг бодис гэхэд тухайн амьтны амьсгалын системийг гэмтээж, устгадаг.

-Жимсний хөгц мөөгөнцрийг нүдээр хараад мэдэх боломжтой юу?

-Ер нь хөгц нүдэнд харагдана гэдэг бол аль хэдийн хөгц мөөгөнцрийн задрал явагдаад хор нь ялгарчихаад байна гэсэн үг. Нүдэнд харагдахгүй учраас жимс, ногоог гаднаас нь хараад хөгц мөөгөнцөртэй гэдгийг мэдэх боломжгүй. Тариалах, худалдах явцад эрүүл ахуйн дэглэм хэрхэн сахисныг хэрэглэгч мэдэхгүй шүү дээ. Шинжилгээгээр л нарийн зүйл нь тодорхой гарна. Ялангуяа төмс бол маш их мөөгөнцөрддөг, өвчилдөг ногоо.

-Манай лабораториуд пестицидийн үлдэгдлийг зөв шинжилж чадаж байна уу?

-Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори пестицидийн үлдэгдлийг шинжилдэг. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори энэ тал дээр илүү туршлагатай. НҮБ-ын ДЭМБ, ХХААБ-ын хамтарсан хүнсний эрх зүйн комисс 100 төрлийн пестицидийн хүнсний бүтээгдэхүүн дэх үлдэгдлийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтоосон. Монгол Улсын хувьд улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори 38 төрлийн пестицидийн үлдэгдлийг шинжлэх боломжтой байх.

-Угааж хэрэглэвэл пестицидийн үлдэгдэл бүрэн арилах уу?

-Тодорхой хэмжээгээр бохирдсон тул бүрэн арилахгүй. Гэхдээ зах зээлд худалдаалж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэлд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж, лабораторийн шинжилгээгээр баталгаажуулдаг тул хэрэглэгчид маань энэ тал дээр санаа зовохгүй байж болох байх гэж бодож байна. Пестицидийн үлдэгдлийг багасгахын тулд хүнсний ногоо, жимсийг хальслах, сайтар угааж хэрэглэхийг ДЭМБ зөвлөмж болгосон. Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа шинжилгээний бичгийг нь заавал үзэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Улирал бүрт тохирсон хүнс хэрэглэ

 0 сэтгэгдэл
  • Өвөл хүний биеийн галын илч их байдаг тул чанасан мах, үхэр адууны махан шимтэй хоол зохимжтой
  • Байнга жиндэж даарах нь бөөр бэлхүүсний өвчин цаашлаад хий, бадган хямарч ханиад, яс үений өвчин, судас нарийсах гэх мэт олон өвчний суурь болдог
  • Биеийн үе барилдсан хэсгүүдийг даарахаас сэргийлэх хэрэгтэй  учир нь барилдуулагч бадган буюу өрнийн анагаах ухаанд нэрлэдгээр үений шингэн байдаг. Энэ нь даарснаас болоод барагдаж бүтцэд өөрчлөлт орж, үе өвдөгөөр өвддөг болдог.

Сүүлийн үед монголчуудын идээ ундааны соёл, ал- дагдаж, явдал мөр буруудаж буй талаар уламжлалтын эмч нар ярих боллоо. Мацаг бариад нас барлаа, турах гэж хоолны дэглэм бариад бөөрний дутагдалд оржээ гэсэн мэдээлэл чих дэлсэх болов. Монголчууд эрт үеэс уламжлалт анагаах ухааны дэглэм, зарчмыг мөрдөж ирсэн ард түмэн. Бидний өвөг дээдэс хамгийн зөв амьдарч иржээ гэж уламжлалтын эмч нар ярьж байхыг хэдэнтээ сонсов. Өвлийн улиралд хэрхэн хооллох талаар “Оточ Манрамба” их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш Б.Батчимэгийн зөвлөгөөг хүргэж байна. 

Сав ертөнцөд нар өмнөдөд зорчиж байгаа нь өвлийн улирал болж, хүйтэрч буйг илтгэнэ. Энэ үед байгаль улирлыг дагаад хүний биед өөрчлөлт явагддаг. Хүйтрэхээр бие организм илчээ хурааж эхэлдэг бөгөөд шар үсний үүд хаагдаж галын илч ихэсдэг. Ингэснээр биед халууны махбодь ихсэж хоол шингэлт, бодисын солилцоо түргэн явагдаж идсэн хоол унд хурдан шингэдэг. Учир нь хоол шингээх хүч их байх үед өлсөөд байвал биеийн тамир буюу цус, мах, өөх, яс, чөмөг, дусал барагддаг учир хэт өлсөхгүй, хэт цадталаа идэхгүй байх хэрэгтэй. Аливаа хүн өөрийнхөө бие организм, нас, улирал, өдөр тутмын нөхцөлд тохируулан хоол лох нь чухал. Өвөл хүний биеийн галын илч их байдаг тул чанасан мах, үхэр адууны махан шимтэй хоол зохимжтой. Хэт өлсөж тамир хорогдвол гүнжид болон үрийн тосоор биедээ түрхлэг, иллэг хийж махны шөл, бурам, сүү зэргийг хэрэглэвэл ядрахгүй. Эрт дээр үеэс монголчууд өвөл идэш бэлдэж, мах идэн, зуны улиралд цагаан идээгээ болгодог байсан нь галын илчтэй холбогдуулан зөв хооллож байсныг илтгэнэ. Өнөө үед суурин иргэншилтэй болох тусам зөв хооллох улиралдаа тохируулан идэх зүйл ховордож ходоод, эс шингэх өвчнөөс эхлээд дотор өвчнөөр өвчлөх нь ихсэж байна. Идэж байгаа хоол чанарлаг бөгөөд шимтэй, хий шар бадганд тохирвол тамир тэнхээг тэтгэдэг төдийгүй өнгө, амт, үзэмж зэрэг нь сэтгэлд зохистой байваас эмчилгээ болж байгаа юм. Байнга жиндэж даарах нь бөөр бэлхүүс ний өвчин цаашлаад хий, бадган хямарч ханиад, яс үений өвчин, судас нарийсах гэх мэт олон өвчний суурь болдог. Гуя шилбээ хүрсэн үслэг дулаан пальто, өвдөг шагай наас дээгүүр давсан гутал, малгай өмсөж даарахгүй байх хэрэгтэй. Биеийн үе барилдсан хэсгүүдийг даарахаас сэргийлэх хэрэгтэй. Учир нь барилдуулагч бадган буюу өрнийн анагаах ухаанд нэрлэдгээр үений шингэн байдаг. Энэ нь даарснаас болоод барагдаж бүтцэд өөрчлөлт орж үе, өвдөгөөр өвддөг болно. Идээ унд, явдал мөрийг улиралтай зөв зохицуулж чадваас эрүүл байх боломжтой. Өвчингүй, эрүүл байж урт наслая гэвэл улирал бүрийн онцл огт тохирсон хоол унд хэрэглэж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэй. Аливаа өвчнийг үүсгэх дөрвөн нөхцөл байдаг. Энэ нь идээ ундаа, явдал мөр, цаг улирал, ад гэсэн дөрвөн зүйл юм. Тиймээс хоол унд, явдал суудлаа зохицуулбал өвчин тусахгүй, урьдчилан сэргийлэх бололцоотой.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Ичмээр. Монголын хүүхдүүд шалан дээр эмчлүүлж байна!

 0 сэтгэгдэл
  • Эмнэлэгт дунджаар 250-300 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
  • БЗД-ийн эмнэлэгт чих дөжрөм уйлаан дунд хүүхдүүд хамгийн багадаа хоёр цаг хүлээж байж эмнэлгийн тусламж авч байна
  • Шөнө оройн цагаар нэг цэгт хэт их нягтрал бий болгож тэр нь эргээд шинэ төрлийн вирусээр өвчлөх голомт болж байна. Та хүлээн авахаар орж ирэхдээ ямар ачаалалтай байгааг харсан байх
  • Энэ сарын 20-ноос томууны идэвхжил нэмэгдэж хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд эмнэлгийн ачаалал одоогийнхоос дахиад 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн үг

Ханиад, томууны улиралд эмнэлгүүдийн ор хүрэлцэхээ байж, эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ коридорт эвхдэг ор тавиад хэвтэх нь хэвийн үзэгдэл болсон. Ид хүйтэрч, ханиад томуу дэгдсэнээс эмнэлгүүдийн ачаалал хүндэрч байгаа. Нөхцөл байдлыг бид сурвалжиллаа. Сурвалжлагын эхэнд нэг зүйлийг зориуд онцлохыг хүсэв. Жил бүр ханиад томуутай хүүхдүүдийг багтааж ядсан эмнэлгүүд аргаа барахдаа коридорт ор тавиад хэвтүүлдэг. Тэгвэл энэ жил Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газраас аль болох коридорт хэвтүүлэхгүй байх чиглэл өгчээ. Тиймээс дүүргийн эмнэлгүүд том хүн хэвтэн эмчлүүлдэг тасгууд, мөн хурлын заал зэргээ суллаж хүүхдийн өрөө болгожээ. Уг нь ханиад томууны улирал эхлэх гэж байна. Гэтэл дөнгөж эхэлж байхад ор хүрэлцэхгүй байгаа нь бүр дэгдсэн хойно яах вэ гэдэг бодол төрүүлэв. Дүүргийн эмнэлгийн ачааллыг улсын чанартай томоохон эмнэлгүүд үүрэлцэж эхэлснийг сурвалжлагын эхэнд дурдах нь зүйтэй биз. Эмнэлэг бүрийн үүдэнд томуу, томуу төст өвчин ихэссэн тул гадуур хүүхдээ дагуулж явахгүй байх анхааруулга хаджээ. Бид хамгийн түрүүнд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээр орлоо. Тус эмнэлэгт дунджаар 250-300 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ нь үндсэн нормоос хоёр дахин ачаалалтай бөгөөд ийм үед эмч, сувилагч нар нэмэлтээр ажиллаж байгаа гэнэ. Зөвхөн ганц хоногт л 60 орчим хүүхэд шинээр ирж хэвтэн эмчлүүлж байгаа нь ачаалал ямар байгааг харуулж буй хэрэг. Нийслэлийн хамгийн их хүн амтай хоёр дүүргийн нэг нь Баянзүрх. Тэр хэрээр эмнэлгийн ачаалал их байв. Уг эмнэлэг байж болох бүх бололцоогоо ашиглан ор гаргажээ. Өргөтгөл, нэгдүгээр давхраас эхлээд нэмэлтээр 120 орчим ор тавьж хүүхдүүдийг хүлээн авч байна. Гэхдээ зөвхөн зайлшгүй хэвтэх шаардлагатай хүүхдийг л авч байгаа тухай Баянзүрх дүүргийн хүүхдийн их эмч Н.Ариунзул ярилаа. Тэрбээр “Ачаалал нэлээд их байна. Уг нь яг томууны улирал хараахан эхлээгүй ачаалал хэд дахин нэмэгдсэн. Хүүхдүүд маш их хүндэрч ирж байна. Гадаад  орчны нөлөө, асаргаа сувилгаа, гэрээр хийж буй эм тариаг буруу хэрэглэснээс болж томуу нь хүндэрч байна” гэв. Мөн “эцэг, эхчүүд өрхийн эрүүл мэндийн төвдөө очих нь бага байна. Ажилтай гэдгээрээ шалтаглаж өдөржин хүүхдээ эмээр аргалж байгаад ажлын цаг дуусангуут шууд хоёрдугаар шатлалын буюу дүүргийн эмнэлэгт аваад ирж байна. Ингэж ачааллыг улам нэмэгдүүлж, тэр хэрээр орчныхоо агаарыг бохирдуулах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах нь энгийн үзэгдэл болсон. Ханиад хүрч, халуурсан л бол яаралтай өрхийн эмчдээ хандах хэрэгтэй. Тэгээд эм бэлдмэлээ эмчийн заавраар, зөв хэрэглэж, асаргаа сувилгааг сайн хийвэл томуу, томуу төст өвчнийг хүндрүүлэхгүй байх боломжтой. Гэтэл эцэг, эхчүүд ажлаараа далимдуулан шөнө оройн цагаар нэг цэгт хэт их нягтрал бий болгож, тэр нь эргээд шинэ төрлийн вирусээр өвчлөх голомт болоод байна.Хүлээн авах асар их ачаалалтай байгаа.Тиймээс шинэ төрлийн вирусээс сэргийлж, хүүхдээ өвдсөн даруйд нь гэртээ асаргаа сувилгаа сайн хийх хэрэгтэй” гэв. Ер нь Баянзүрх дүүргийн эмнэлэг жилийн дөрвөн улирлын турш ачаалал ихтэй байдаг аж. Зуны улиралд өвлийг бодвол арай багасдаг ч тасгууд дүүрэн хүүхэдтэй байдаг нь өнөөгийн байгаль, цаг уур, орчны бохирдолдтой шууд холбоотойг тэрбээр тайлбарласан юм. Зуны цагт ханиад томуу багасдаг ч эсрэгээрээ суулгалт нэмэгддэг байна. Хүлээн авахын үүдэнд хүүхдүүдийн уйлах дуу хадаж, эцэг, эхчүүд удаан дугаарласандаа бухимдаж унтууцсан дүр зураг илт. Ингээд тус эмнэлгээс гараад Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг шууд зорилоо. Эмнэлгийн даргаас зөвшөөрөл аваагүй тул сурвалжилга хийлгэх боломжгүй гэнэ. Гэхдээ жижүүр эмч товч мэдээлэл өгөв. Тус дүүрэг мөн л ачаалал ихтэй байв. Хүүхдүүдээ коридорт гаргахгүйн тулд 2-6 дугаар давхраа тэр чигээр нь хүүхдийн тасаг болгожээ. Гэсэн ч ачаалал ихтэй байгаа учраас Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт дүүргийнхээ 1-6 дугаар хороонд харьяалалтай хүүхдүүдийг хэвтүүлэх зохицуулалт хийсэн байна. Коридорт хүүхэд хэвтүүлэхгүй байх чиглэл яамнаас өгсөн тул зайлшгүй хэвтүүлэх шаардлагатайг нь авахаас аргагүйд хүрч байгааг хэллээ. Тэгвэл Чингэлтэй дүүргийн иргэн Б.Ганбат “Манай хүүхэд долоо хоногийн өмнө эмнэлэгт хэвтээд гарсан. Гэтэл одоо буцаад ирж байна. Уг нь эмчилгээ их сайн хийсэн гэж бодсон. Уржигдраас бага зэрэг ханиалгахад нь эмнэлэгт уулгаж байсан эмийг үргэлжлүүлээд өгсөн. Гэтэл 40 хэм хүрч халуураад, бүр таталт өглөө. Ингээд ирээд үзүүлтэл дахиад хэвтэхээр боллоо. Яах ёстойгоо ойлгохгүй байна. Улаанбаатарын агаарын бохирдлоос шалтгаалж олон төрлийн вирус дэгдэж байгаа нь хүүхдэд амархан халдаж байна” гэв. Түүнчлэн энэ жилийн ачаалал өмнөх жилүүдээс хоёр дахин их болсныг эмч онцолж байлаа. Тус эмнэлгээс гараад нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийг зорив. Тус дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг 165 ортой бөгөөд 113 мянган хүүхдэд үйлчилдэг юм байна. Дүүргийнхээ Эрүүл мэндийн төвийн нэгдүгээр амбулаторийн байрыг чөлөөлж 110 ор, мөн ажилчдын амрах байр, чийрэгжүүлэлтийн өрөөгөө чөлөөлж, 300 орчим ор бий болгожээ. Гэсэн хэдий ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо хоёрхон өдрийн дотор 300-г давсан тул дахин ор нэмж гаргажээ. Зөвхөн уржигдар л гэхэд 19:00 цагаас хойш 280 орчим хүүхэд тус дүүргийн амбулаториор үйлчлүүлсэн байгаа юм. Амралтын өдрүүдэд нэгдсэн эмнэлгийн ачаалал ажлын өдрийнхөөс даруй 3-4 дахин нэмэгддэг аж. Учир нь бямба, ням гарагт өрхийн эмнэлгүүд ажилладаггүй учраас 24 цагийн турш ачаалал нэмэгддэг байна. Энэ нь зөвхөн Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт л тохиолдож буй хэрэг биш. Нийслэлийн бүхий л дүүргийн эмнэлгүүдийн ачаалал амралтын өдрөөр хэд дахин ихэсдэгийг тус эмнэлгийн ээлжийн ахлагч эмч онцоллоо. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн VI хорооны иргэн А.Чимидмаа “Нийслэлд хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ муу байгааг өвөл болохоор л мэдрэх юм. Бага насны хүүхдээ өвдөхөөр учраа олохоо больдог. Дүүргийн эмнэлэг дээр ирэхээр давчуу, агаар муутай орчинд хоёр цаг орчим дугаарлаж байж үзүүлдэг. Манай охин өндөр халуурч, суулгаад намждаггүй. Уг нь өрхийн эмчээс зөвлөгөө авч гэрээр эмчлэх гэж оролдсон ч улам хүндрүүлчих шиг боллоо. Одоо дөрвөн хүүхдийн дараа үзүүлэх гээд хүлээж байна” гэв. Харин Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн “Оношилгооны эмч” гэсэн өрөөнд ганцаараа хэвтэж буй иргэн М.Тунгалаг “Ор байхгүй хэцүү байх шиг байна. Ямар ч байсан ийм өрөөнд хэвтээд авлаа. Эмч нар хамаг чадлаараа л ажиллаж байх шиг байна. Гадуур ханиад томуу их байгаа учраас хүүхдээ аль болох гэртээ асарч сувилаарай гэж хэлмээр байна. Миний охин 40 хэм хүргэж халуу раад, яаралтай хэвтсэн” гэв. Сонгинохайрхан дүүргийн шинэ жишиг эмнэлгийг ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад оруулах ба хүүхэд, гэмтэл, эмэгтэйчүүд, уламжлалт эмчилгээ, дотор, мэдрэл, мэс засал зэрэг долоогоос дээш төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх аж. Шинэ жишиг эмнэлэг ашиглалтад орвол хүүхдийн эмнэлгийн хүчин чадал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх юм байна. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлэг ачаалал ихтэй байна. Тус дүүрэгт улсын чанартай томоохон эмнэлэг байдаггүй. Тиймээс дүүргийн эмнэлэг бүх ачааллаа өөрсдөө зохицуулах хэрэг гарч байна. Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг хичээвч ачаалал их тул аргагүйн эрхэнд коридортоо нэмэлт ор тавьж өвчтөнүүдээ хүлээн авах болжээ. Хүүхдийн эмч нар эцэг, эхчүүдэд ханиад, томууны улирал эхэлж буйтай холбогдуулан хүүхэддээ тавих анхаарал, халамжаа улам дээшлүүлэхийг хүсэж байв. Орчны агаарын бохирдлын улмаас олон төрлийн вирус үүсэж буй тул хүүхдээ хамгаалахад эцэг, эхийн асаргаа хамгийн чухал гэнэ. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, хүүхдийнхээ уруул, амны ойролцоо үнсэхгүй байх, гэрийнхээ агаарыг тогтмол сэлбэх, хувийн ариун цэврийг сайтар сахих зэрэг энгийн дэглэмүүдийг хэрэгжүүлж чадвал томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтойг анхааруулж байна. Эмнэлэгт хэвтээд гарсан хүүхдийг 1-2 хоногийн дараа шууд цэцэрлэгт явуулдаг байдлыг эмч нар буруутгаж, наад зах нь 14 хоног асарч, дархлааг нь дэмжих хэрэгтэйг зөвлөлөө. 

Эмнэлгийн хүртээмж муугаас болж хувийн эмнэлэгт хагас сая төгрөгөө алдмааргүй байна

Нийслэлд улсын чанартай хүүхдийн томоохон эмнэлэг нэлээд хэд хэрэгтэй байгааг эмч нар төдийгүй, эцэг, эхчүүд байнга учирлаж байна. Үнэхээр хүүхдийн эмнэлгийн ачаалал туйлдаа хүрч, зарим үед эмч, эцэг, эхчүүд аргаа бардаг. Харин төрийн өндөрлөгүүд, салбарын удирдлагууд ярихаас цаашгүй байгаа нь харамсалтай. Агаарын бохирдол сүүлийн 10 жилийн хугацаанд зургаа дахин нэмэгдсэн байхад хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ муудахаас ч яах билээ. Учир нь Баянгол дүүрэгт ашиглалтад орсон хүүхэд, ахмадын эмнэлгийг эс тооцвол өөр “хүүхдийн” тодотголтой эмнэлэг огт барьсангүй. Агаарын бохирдлоо дийлэхээ больсон Улаанбаатарт хүүхдийн эмнэлгийг даруй бариулахын төлөө тэмцмээр ч юм шиг. Өнөөдөр нэг өрөөнд багадаа л 5-6 хүүхэд эмчлүүлж байна. Ийм байхад өрөөний агааржуулалтын талаар яриад ч хэрэггүй биз. 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээс хүүхдийн эмнэлэг нэхье. Багадаа 1000 хүүхэд хүлээн авах чадалтай зөвхөн хүүхдийн эмнэлэг нийслэлд баривал том бүтээн байгуулалт болох нь зайлшгүй. Зургаан дүүргийн эмнэлгийн ачааллаас улсын чанартай томоохон эмнэлгүүд үүрэлцэж байгаа нь сайшаалтай ч бас л хангалттай бус байна. Эмч нарын хэлснээр ханиад, томууны улирал дөнгөж эхэлж байгаа. Гэтэл энэ сарын 20-ноос идэвхжил нь нэмэгдэж хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх өндөр идэвхжлийн үед ачаалал одоогийнхоос дахиад 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ийм үед яах вэ. Яамнаас коридорт хүүхэд гаргаж болохгүй гэсэн чиглэл өгөөд ч нэмэргүй болох нь ойлгомжтой. “Коридорт битгий ав гэсэн. Хүлээж авахгүй” гээд явуулах эрх эмч хүнд байхгүй. Тиймээс хүүхдийн эмнэлэг яаралтай барихыг төр, засгийн удирдлагуудаас хүсэмжлээд байгаа хэрэг. Одоогоос таван жилийн өмнө Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэг 100 ортой хүүхдийн эмнэлэг барина гэж байлаа. Тэгвэл Баянгол дүүрэгт ганц эмнэлэг ашиглалтад орсныг эс тооцвол зангууны үлгэр болоод мартагджээ. Дүүрэг бүрт 50 ортой хүүхдийн эмнэлэг барихын оронд улсын чанартай томоохон эмнэлгийн төсөл боловсруулж, нэгдсэн эмнэлэг барих ёстой бус уу. Тэртээ, тэргүй хүүхдийн ачаалал нэмэгдэнэ, дүүргийн эмнэлгүүд авдаг арга хэмжээгээ л авна. Хэдий болтол хурлын заал, эмчилгээний өрөө, сувилагчийн постыг чөлөөлж хүүхэд хэвтүүлэх вэ. Өнөөдөр нэг өрөөнд 10-12 хүүхэд хэвтэж буй жишгийг зөвхөн Монголоос харж болно. Эцэг, эхчүүд дургүй байлаа ч аргагүйн эрхэнд тух муутай, агааржуулалтгүй өрөөнд олуулаа хэвтэж байна. Хувийн гэх тодотголтой хүүхдийн эмнэлгүүд нь ашиг хонжоо хайж, хэт өндөр төлбөртэй байгаад иргэд бухимддаг. Долоо хоног эмчлүүлэхэд доод тал нь 500- 600 мянган төгрөг төлж байна. Тиймээс нийслэлчүүд хүүхдийн томоохон эмнэлэгтэй болох зайлшгүй шаардлага байгаагийн тод жишээг эмнэлгүүдийн ачааллаас харж болно.

 





A

Жижиг

A

Дунд

A

Том

Донор болсны дараа өрхийн эдийн засаг сүйрч байна

 0 сэтгэгдэл
  • Донор болсны дараа хоёр жил гам барих хэрэгтэй ч орлогогүй суухаар амьдрал доройтдог тул гурван сар болоод ажилдаа оржээ
  • 2018 онд л гэхэд УГТЭ, ГССҮТ, УНТЭ-т тархиндаа цус харвасан, тархинд нь гэмтэл үүссэн донор болж болохоор 70 гаруй хүмүүсийг илрүүлж, мэдээллийн сандаа бүртгэсэн байна
  • Тархины үхжилттэй нэг донор найман хүнд амьдрал бэлэглэх боломжтой
  • Нагац ах маань өөрөө 80 орчим сая төгрөг төлж элгээ солиулсан болохоор намайг мөнгө санхүүгээр тэтгэх боломжгүй шүү дээ
  • Эмнэлэгт байхад нэг гэрээн дээр гарын үсэг зуруулсан юм. Та эмчилгээний төлбөр дөрвөн сая төгрөг халамжаас буцааж авна гэсэн утгатай бичиг байсан шиг санагдана. Элгээ өгсний дараа 14 хоног эмчилгээ хийлгэж гараад нөгөө мөнгөө авахаар хөөцөлдсөн чинь таны эмнэлгийн төлбөрт таарсан байна гээд нэг ч төгрөг олдоогүй

Жилээс жилд эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүсийн тоо нэмэгдэж байна хэмээн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан ихэд санаа зовсон байдалтай өгүүлсэн. Энэ бол цөөн хүн амтай, эдийн засгийн чадамж муутай ард түмний хувьд том эмгэнэл. Зөвхөн бөөрний өвчлөл гэхэд л нэлээд том тоогоор яригдах боллоо. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд дийлэнх нь бөөрний үйл ажиллагаа сул, үрэвсэлтэй байдаг нь өвчнийг ужигруулах, эцэстээ дутагдалд оруулах нэг шалтгаан болдог ажээ. Гэхдээ тартагт нь тултал явж эрхтнээ солих хүртлээ өвчнөө хүндрүүлэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь хэн хүний эрүүл мэнд, эдийн засагт тустай гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу. Цаашдаа эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өртөг дэлхий дахинд өсөх хандлагатай байгааг ч эмч нар хэлж байгаа юм. Тухайлбал, ХБНГУ-д ажиллаж, амьдардаг Т.Тэрбиш эмч өөрийн нүүр номын хуудсандаа “Хавдрын эмчилгээ хүн бүрт индивидуал (нэг эмчилгээний арга хүн бүрт тохирохоо больсон) болж эхэлж байна. Курс эмчилгээний өртөг нэмэгдэж байна. Энэ үнийн өсөлт ойрын жилүүдэд зогсохгүй нь. Монголын эрүүл мэндийн салбар ч үнийг тойрч гарахгүй. Жил ирэх тусам илүү их хөрөнгө шаардлагатай болно. Одооноос санхүүжилтийн асуудлаа ул суурьтай төлөвлөхгүй бол бид ядуугаасаа болж үхсээр байх болно” хэмээн бичжээ. Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай болсон хүмүүсийн хувьд эмчилгээний зардал, дархлаа дарангуйлах эм гээд эдийн засгийн сүйрэлд орж байна гэж хэлэхэд болно. Гэхдээ дархлаа дарангуйлах эмийг улсаас өгдөг нь чамгүй дэмжлэг болж байгаа юм. 2019 оны гуравдугаар улирлын байдлаар дархлаа дарангуйлах эмийг 500 гаруй хүн УНТЭ-ийн хяналтад ууж байна. Статистик сөхвөл, энэ оны эхний улирлын байдлаар эрхтэн шилжүүлэн суулгах албаны хүлээх жагсаалтад бөөр шилжүүлэн суулгах 204 хүн, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 50 хүн, Хавдар судлалын үндэсний төвийн дараалалд элэг шилжүүлэн суулгах 50 гаруй хүн бичигджээ. Энэ бол өнөөдөр манай улсад өвчлөл ямар байгааг харуулах баримт. Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүсийн тоо өсөхийн хэрээр донорын асуудал хурцаар яригдах боллоо. Манай улсад Донорын тухай хууль хэрэгжээд хоёр жил болох гэж байна. Гэтэл сайн дураараа донор болох хүн тийм ч элбэг биш байдаг аж. Үүнээс болоод өвчтөнүүд цаг алдах тохиолдол гарсаар байна. Хууль батлагдахаас өмнө зөвхөн амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг тогтолцоотой байсан бол өдгөө тархины үхжилттэй донороос авах боломж хуулиар бүрдсэн. Гэвч осол аваарт орж, тархи нь үхэжсэн хүмүүсийн ар гэр нь донор болгохоос дургүйцдэг байна. Тархины үхжилттэй донороос эрхтэн авах боломжтой болсноор эмчилгээ шаардлагатай хүмүүст амь аврагдах нэг гарц нээгдсэн. Харин энэ нь манай улсын хувьд хэрэгжүүлэхэд амаргүй байгааг Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нар хэлж байгаа юм. Ард түмэн донорын хуулийн талаар мэдлэггүйгээс болоод олонх нь зөвшөөрдөггүй гэж байлаа. 

Донорыг харж үздэг бодлого байдаггүй

Ажлаа хийж явсан хүнийг донор болгож, хөдөлмөрийн чадварыг нь түр хугацаанд алдуулж байснаас тархины үхжилттэй донороос эрхтэн авах нь хамгийн зөв шийдэл болоод байна. Учир нь ажлаа хийж яваад хамаатан садныхаа донор боллоо гэхэд тухайн хүн өөрөө хохирч үлддэг харамсалтай жишээ бий. Тухайлбал, иргэн Д гурван жилийн өмнө нагац ахынхаа элэгний донор болжээ. Тэр үед эмнэлэгт 10 гаруй хоног хэвтэн эмчлүүлж элэгнийхээ ихэнх хэсгийг өгчээ. Гэтэл эмч нар “донор болсон тул элгээ нөхөн төлжтөл гам барих хэрэгтэй. Гурван килограммаас дээш хүнд зүйл өргөж болохгүй. Хоёр жил ажил хийлгүй гэртээ амарч, биеэ тэнхрүүлээрэй” гэсэн зөвлөгөө өгчээ. Гэвч дөрвөн хүүхэдтэй, ганц эхнэр нь бага цалинтай ажил хийдэг гэр бүлийн хувьд хоёр жил гэртээ сууна гэдэг хүнд байв. Өрхийн орлого хумигдаж, эдийн засгийн байдал хүндэрснээр аргагүйн эрхэнд гурван сар болоод ажилдаа оржээ. Тэрбээр “Би эрхтэний донор болсон хүнд улсаас ямар нэг халамжийн тэтгэмж өгдөг байж магадгүй гэж бодсон. Бас өөрөө холбогдох газраар явж судалж үзлээ. Гэтэл харж үзэх бодлого байдаггүй юм билээ. Элгээ өгч эрүүл мэндээрээ хохироод, ажил хийхгүй суухаар өрхийн орлого багасаж, амьдрах аргагүй болсон. Эмнэлэгт байхад нэг гэрээн дээр гарын үсэг зуруулсан юм. Та эмчилгээний төлбөр дөрвөн сая төгрөг халамжаас буцааж авна гэсэн утгатай бичиг байсан шиг санагдана. Элгээ өгсний дараа 14 хоног эмчилгээ хийлгэж гараад нөгөө мөнгөө авахаар хөөцөлдсөн чинь таны эмнэлгийн төлбөрт таарсан байна гээд нэг ч төгрөг олдоогүй. Над шиг ингэж эрхтэний донор болсон хүмүүс хохироод үлддэг юм байна. Нагац ах маань өөрөө 80 орчим сая төгрөг төлж элгээ солиулсан болохоор намайг мөнгө санхүүгээр тэтгэх боломжгүй шүү дээ. Тэгээд ч дүүдээ баярлалаа гээд хэдэн төгрөг өгчихвөл эд эрхтэний наймаа гэж үзэх юм билээ. Тиймээс донор болсон хүмүүст халамжийн үйлчилгээ үзүүлдэг тогтолцоотой болмоор байна. Хэдийгээр буянтай үйл боловч хоёр жил ажил хийхгүй байна гэдэг өрхийн эдийн засгийн хувьд хохиролтой юм. Ядаж хоёр жил гэртээ суух хугацааны НДШ-ийг улс төлдөг зохицуулалттай бол болж байна. Ийм зохицуулалт байхгүй болохоор донор болсон нь хохирч үлдэх юм. Би өөрөө барилгын ажил эрхэлдэг хүн. Хэдийгээр хүнд юм өргөхгүйг хичээдэг ч ажлын шаардлагаар гам барьж чадахгүй юм билээ. Хагас болсон эрхтэний хувьд бол яахав, гурван жилийн хугацаанд ургаж, хэвийн болсон” гэж ярилаа. 

Хамгийн зөв шийдэл бол тархины үхжилттэй донор 

Тиймээс л тархины үхжилттэй донорыг сонгох нь хамгийн зөв гарц гэдэг иргэн Д-гийн ярианаас анзаарагдлаа. Ийм төрлийн донор тийм ч ховор байдаггүй юм билээ. Манай улс осол аваарт өртөж буй хүний тоогоор дэлхийд дээгүүрт бичигдэж буй. 2018 онд л гэхэд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгүүдэд тархиндаа цус харвасан, тархинд нь гэмтэл үүссэн, донор болж болохоор 70 гаруй хүнийг илрүүлж, мэдээллийн сандаа бүртгэсэн байна. Осол гэмтлээс болж жилд барагцаагаар 500-600 хүн нас бардаг гэсэн статистик мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг. Ийм том тоо бичигдэж байхад донор хамгийн элбэг олдох найдвар бий гэсэн үг. Уг нь дэлхий дахинд донорын асуудлыг глобал түвшинд шийдсэн байдаг. Европт бол донорын сан бүрдүүлж хуваарилдаг томоохон байгууллага бий. Евротрансплантад хэрэгтэй эрхтэнийхээ захиалгыг өгөөд л цаг алдалгүй шийдэх боломжтой. Манай улс шиг донор хүлээж, зөвшөөрүүлэх гэж цаг хугацаа алдах шаардлага гарахгүй. Уг нь манай улс ч гэсэн High Urgency тогтолцоог бүрдүүлэх, улс хоорондын organ sharing хийхийг хуулиар зөвшөөрөх цаг болсон баймаар. Гэтэл өнөөх л хөгжлөөс сүүл мушгидаг зангаасаа салахгүй нь. Төр засгийн бодлого шийдвэр нь дэлхийн хөгжлийн хурдыг гүйцдэггүй улсын хувьд эмч мэргэжилтнүүд нь хэчнээн мундаг чадварлаг байгаад хэрэг алга. Тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, урам зориг хайрлах сэтгэл төр, засгийн удирдлагуудад дутаж байна. УНТЭ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах багийнхны хувьд төлөвлөсөн ажил их. Ирэх оны дөрөвдүгээр сард элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс заслыг хийнэ. Мөн 2020 оны хоёрдугаар улиралд багтааж нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс засал хийхээр бэлтгэж буй гээд ар араасаа ажил ундарсаар. Энэхүү эмчилгээний ололтод эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан өөрсдөө сэтгэл хангалуун байна. Тус багийн эмч П.Батчулуун “Монголд эрхтэн суулгуулсан хүмүүсийн амьдралын чанар эрс сайжирч, бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн 99 хувь нь нэгээс дээш жил амьдарч байгаа. Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт элэг суулгуулсан хүмүүсийн 93 хувь нэгээс дээш жил амьдарч байна. Хавдар судлалын үндэсний төвд суулгуулсан хүмүүсийн 90 хувь нь, ясны чөмөг шилжүүлэн суулгуулсан хүмүүс 100 хувь нэгээс дээш жил амьдарч байгаа нь бидний ажлын үр дүнг харуулах буй байх. Мөн эрхтэн шилжүүлэн суулгуулаад гурав, тав, арван жил амьдарч байгаа нь энэ эмчилгээний үр дүн сайн болсныг харуулж байна” хэмээв. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний технологи улам боловсронгуй болсоор. Дэлхий дахинд том дэвшил болж буй үүдэл эсийн эмчилгээг туршиж байна. Хэрэв үүдэл эсээс элэг, бөөр, зүрх ургуулах эмчилгээний туршилт амжилттай болбол монголчуудад ч гэсэн таатай байх юм. Үүдэл эсээр эмчилдэг болбол заавал донорын эрэлд хатаад байх хэрэггүй болно. Энэ эмчилгээний арга амжилтад хүртэл тархины үхжилттэй донорын хэрэгцээ их байх нь. Иймээс бусдын амийг аврах сайн үйлсэд нэгдэх, уужуу сэтгэлтэй байхыг монголчуудадаа уриалмаар байна. Төр засаг ч гэсэн энэ асуудлыг анхааралдаа авч, донор болж эрхтэнээ бэлэглэсэн хүмүүсийн амьжиргааг дэмжих талаар бодлого боловсруулах хэрэгтэй болов уу.




A

Жижиг

A

Дунд

A

Том

М.Ханддорж: Нярайн рефлексийг эмгэг гэж андуурах тохиолдол олон

 0 сэтгэгдэл
  • Хамрын эргэн тойронд хөх туяа үзэгдэх нь цусны эргэлтийн тогтолцоо гүйцэд хөгжөөгүйтэй холбоотой
  • Хөлрөлтийг хүмүүс рахиттай холбож тайлбарладаг. Гэвч энэ нь рахитын шинж тэмдэг биш бөгөөд 2-4 насанд дийлэнх хүүхдүүд хөлөрдөг. Энэ нь хэвийн үзэгдэл

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ дасан зохицох үйл явцыг эмгэг хэмээн үзэж дур мэдэн эмчлэх тохиолдол олон гардаг. Түүнчлэн цахим сүлжээ болон ам дамжсан яриагаар хүүхдийн өвчлөлийг анагаах оролдлого хийдэг болсон. Энэ талаар ZINT CLINIC эмнэлгийн хүүхдийн эмч М. Ханддоржтой ярилцлаа.

-Сүүлийн үед эцэг, эхчүүд бага насны хүүхдээ интернэтээс олсон мэдээллээрээ эмчлэх хандлагатай болжээ. Тэр эм сайн, ийм аргаар эмчил гэж цахим сүлжээгээр дамжуулан бие, биедээ мэдээлэл хүргэж, эмчилгээний аргаа хуваалцдаг сөрөг хандлага газар авлаа?

-Тийм шүү, эцэг эхчүүд ам дамжсан яриа болон сошиал орчноос авсан мэдээллээр хүүхдээ дур мэдэн эмчилдэг болсон. Мөн эрүүл мэндийн боловсрол дутмагаас үүдэн бага насны хүүхдэд химийн найрлага бүхий хүчтэй эм, бэлдмэл уулгах тохиолдол ч элбэг. Эдгээрээс гадна, хүүхдийнхээ дасан зохицох рефлексийг нь эмгэг гэж эндүүрэн гэрийн нөхцөлд эмчилгээ хийдэг. Энэ нь маш олон сөрөг үр дагавартай. Хүүхдийн биед өөрчлөлт орсон л бол мэргэжлийн эмчид хандаж, тохирсон эмчилгээг нь цаг алдалгүй хийлгэх нь хамгийн зөв. Хүүхэд бүхэн өөр, өөрийн онцлогтой бөгөөд өвчлөл ч гэсэн янз бүрээр эмчлэгддэг. Тухайлбал, хамгийн түгээмэл тохиолддог томуу, томуу төст өвчин л гэхэд өөр, өөр вирусээр үүсгэгдэж, эмчлэх арга нь ч хоорондоо ялгаатай. Гэтэл эцэг, эхчүүд буруу мэдээлэл солилцож, эмийн зохисгүй хэрэглээ бий болгодог. 

-Хүүхэд төрсөн цагаас нэг нас хүртэлх хугацаанд эцэг эхчүүдэд олон асуудал тулгардаг. Ялангуяа анхны хүүхдээ өлгийдөж буй аав, ээж багагүй будилдаг шүү дээ. Таны хэлсэнчлэн эмгэг, рефлексийг тэр бүр ялгаж чаддаггүй. Энэ талаар мэдээлэл өгнө үү? 

-Хүүхэд эхээс төрсөн эхний нэг жилд маш олон зүйлд дасан зохицдог. Тиймээс үүнтэй уялдаад олон төрлийн шинж тэмдэг илэрдэг. Үүнийг хүмүүс эмгэг гэж үзэх нь олонтоо. Хамгийн түгээмэл тохиолддог нь хүүхдийн толгой халах, хамрын эргэн тойронд хөх туяа үзэгдэх, хөлрөлт үүсэх зэрэг юм. Эдгээрийг хүчил төрөгчийн дутагдал, рахит, ядаргаа хэмээн дур мэдэн оношилж, эмчлэх гэж оролдох тохиолдол бий. Дээрх шинж тэмдгүүд эмгэг биш рефлекс байх нь элбэг. 

-Дээрх шинж тэмд гүүд юунаас үүдэлтэй вэ, бага насны бүх хүүхдэд тохиолддог уу? 

-Хүүхдийн тархи эхний хоёр жил маш эрчимтэй хөгждөг. Нэг секунд тутам хэдэн сая мэдрэлийн эс, холбоосууд үүсч байдаг учраас толгой халдаг гэж шинжлэх ухаан үздэг. Харин хамрын эргэн тойронд хөх туяа үзэгдэх нь цусны эргэлтийн тогтолцоо гүйцэд хөгжөөгүйтэй холбоотой. Хөлрөлтийг хүмүүс рахиттай холбож тайлбарладаг. Гэвч энэ нь рахитын шинж тэмдэг биш бөгөөд 2-4 насанд дийлэнх хүүхдүүд хөлөрдөг. Энэ нь хэвийн үзэгдэл. Мөн хөлрөлт үүсэх хэд, хэдэн шалтгаан бий. Тухайлбал, удамшил, жин ихтэй байх, хэт их бэгнэж, зузаалах, хүүхэд хөдөлгөөн ихтэй байх зэрэг нь хөлс ялгарахад нөлөөлдөг. үзэгдэх нь цусны эргэлтийн тогтолцоо гүйцэд хөгжөөгүйтэй холбоотой. Хөлрөлтийг хүмүүс рахиттай холбож тайлбарладаг. Гэвч энэ нь рахитын шинж тэмдэг биш бөгөөд 2-4 насанд дийлэнх хүүхдүүд хөлөрдөг. Энэ нь хэвийн үзэгдэл. Мөн хөлрөлт үүсэх хэд, хэдэн шалтгаан бий. Тухайлбал, удамшил, жин ихтэй байх, хэт их бэгнэж, зузаалах, хүүхэд хөдөлгөөн ихтэй байх зэрэг нь хөлс ялгарахад нөлөөлдөг. 

-Нярай хүүхдийн буйл, тагнай дээр цагаан өнгийн жижиг бөмбөлөг мэт зүйл гарсан ажиглагддаг. Энэ эмгэг үү?

-Хүүхдийн залгиур, амны хөндий, буйл, тагнайд харагдах жижиг зөөлөн цайвар өнгийн зангилаа нь хэвийн бөгөөд дархлаа тогтолцооны эрхтэнүүдийг үүсгэгч лимфойд эдийн бөөгнөрөл юм. Энэ нь бидний сайн мэддэг хоолойны махны нэгэн адил ам, хамраар орсон вирус, нянг устгах үүрэгтэй дархлааны эрхтэн тогтолцооны нэг хэсэг. Тиймээс эмчлэх, арилгах гэж оролдох шаардлагагүй. Зарим хүмүүс үүнийг мэдэхгүй арчиж, цэвэрлээд, оролдчихдог.