A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1156/

Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1156/


Нэгэн жишээ: Одоогоос арваад жилийн өмнө 60 настай Даваа элэгний хорт хавдрын хүнд шатанд орсон, нэг жилийн настай гэдгээ мэджээ. Үүнийг сонссон ар гэрийнхэн нь түүнийг эдгээхийн тулд байгаа бүх аргаа хэрэглэж үзэхээр шийдсэн байна. Харин эмнэлэг бараадахын оронд сайн гэсэн үзмэрч, лам, бөөгийн эрэлд эхлээд гарав. Эхний очсон үзмэрч түүнд шившлэгтэй үрэл болон өргөлийн зүйлс өгсөн байна. “Үүнийг өглөө наранд, орой одонд өргөөрэй. Тэгвэл нас чинь уртасна” гээд явуулж. Гэвч нэмэр болсонгүй, бие нь муудсаар байлаа. Дараа нь олон жил бясалгал хийсэн нэгэн ламыг гэртээ залж, ном хуруулав. Мөн л арц, хүж, рашаан өгөөд үзмэрчтэй төстэй зүйл хэлээд явжээ. Энэ хугацаанд Даваагийн бие улам муудсаар байсан тул бөөгийн зүг хүлгийн жолоо залав. Өнөөх бөө бүтэн гурван цагийн турш бөөлсний эцэст “Та онгодтой хүн байна. Онгод тэнгэрээ аваагүйгээс болж өвчин туссан байна” гэжээ. Үүнийг сонссон гэр бүлийнхэн нь ерөөс эмнэлэгт үзүүлэх нь дээр юм байна гэж шийдэв. Харамсалтай нь бөө, үзмэрч гэж явах хооронд бие нь улам муудсан байжээ. Эмнэлэгт ирэх үед хөл дээрээ ч зогсож чадахгүй байсан гэнэ. Гэхдээ тэдний хамгийн сүүлд зорьсон эмч нарын ачаар өвчтөн дахин нэг жил амьдарсан юм.

Нэгэн жишээ: Дунд сургуулийн үеэл дүү маань бие нь өвдөж, олон өдөр хичээлдээ явж чадсангүй. Гэртээ хэд хоног эмчилгээ хийлгэж үзсэн ч дээрдээгүй тул хамаатны эгчийнхээ зөвлөснөөр бөөд хандахаар болов. Ингээд хүчтэй цасан шуурга шуурч байсан нэг орой нэлээд олон хүний ард дугаарлан зогссоны эцэст арай гэж үзүүллээ. Чонын арьс нөмөрсөн, айдас төрүүлэм төрхтэй зайран утаа баагиулсаар тэднийг угтав. Тэгээд “Чи сахиустай юм байна. Үүнийгээ авахгүй бол хоёр сарын дараа чулуу дэрлэнэ” гэв. Сахиус хэрхэн авах ёстойг асуухад амьд амьтнаар тахил өргөнө, өмсгөл нь заавал чоно юм уу булганы арьс байх ёстой гээд баахан юм тоочсон аж. Нийт зардал бараг гурван сая төгрөг болох аж. Үеэлийн маань гэрийнхэн хэсэг бодоод энэ саналаас татгалзсан. Харин бөө хайж явсан энэ хугацаа амралт болсон бололтой, дүүгийн маань бие ч удалгүй бүрэн эдгэсэн. Эмнэлэгт үзүүлэхэд ядаргаанаас болж өвдсөн гэх энгийн онош тавьсан юм. Үүнийг уншиж буй танд, эсвэл хамаатан садан, танилууд дунд чинь иймэрхүү явдал тохиолдсон гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь анагаахын шинжлэх ухаанаас илүү бөө, ламд итгэх энэ хандлага монголчууд дунд түгээмэл. Өвдөхөөрөө, ямар нэг зовлон тохиолдоход, амьдралын чухал шийдвэр гаргахын өмнө, насны ханиа сонгохдоо гээд бүх зүйлд лам, бөө, зөнч, зурхайчдыг зорьж очдог болов. Үүгээрээ би бусдын шашин шүтлэг, итгэл үнэмшлийг үгүйсгэх гэсэнгүй ээ. Харин эрүүлээр сэтгэн бодох чадвар улам алдагдаж, мухар сүсгийн шинжтэй шийдвэр гаргалтад хэт их анхаарах болоо юу даа гэж бодогдох юм. Монголчууд яагаад эмнэлэг зорихын оронд бөөг илүүд үзэх болов. Амьдрал үзсэн туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авахын оронд мэргэ төлөгчдөд өөрсдийн амьдралаа даатгах болов. амьдрал хэцүү байна, мөнгө алга гэж халагладаг мөртлөө тэдний хэлсэн заслын зүйл, сахиус сэлтийг авах гэж хэдэн саяар нь мөнгө үрэх болсны учир юу вэ?

• Амьдрал үзсэн туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авахын оронд мэргэ төлөгчдөд өөрсдийн амьдралаа даатгах болов.

• Эрүүлээр сэтгэн бодох чадвар алдагдаж, мухар сүсгийн шинжтэй шийдвэр гаргалтад хэт анхаарах болов.

• Амьдрал хэцүү байна, мөнгө алга гэж халагладаг мөртлөө заслын зүйлийг авах мөнгө хэд ч байсан гаргана.

Энэ талаар Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн сэтгэлзүйч Б.Сайнзаяа “Бидний мухар сүсэг гэж нэрлээд байдаг зүйл бол итгэл үнэмшил юм. Итгэл үнэмшил хамгийн хүчтэй зэвсэг. Тухайн хүн юунд итгэж байгаагаас их зүйл шалтгаална. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг шүү дээ. Харин айдсыг даван туулах арга нь хоёр зүйлээс шалтгаалдаг. нэгд, тухайн зүйлийн талаар бодит, үнэн зөв мэдлэгтэй болох. Хоёрт, аливаа зүйлд хандах хандлага, сэтгэлгээгээ өөрчлөх. Магадгүй шинжлэх ухаанаар нотлогдоогүй, ардын дам яриа болон шууд өөрт нөлөөлж мэдрэгдэхүйц айдсын нөхцөл бүрдсэн бол энэ тал дээр мэргэжилтний туслалцааг авах нь зүйтэй. Хамгийн гол нь даван туулах арга нь тухайн зүйлдээ тохирсон байх ёстой. Ер нь сул дорой, энерги багатай хүний өөрийгөө хамгаалах чадвар, сэтгэлийн дархлаа багасдаг. Тэгэхээр хамгийн хялбар,хүч хөрөнгө бага шаардах, хамгийн ойр аргыг ашиглаж өөрийгөө хамгаална хэмээн бодож, итгэл үнэмшлээ болгохыг оролддог” хэмээн тайлбарлав. Европ тив одоо л хөгжил дэвшлийнхээ оргилд хүрчихээд байгаа болохоос дундад зууны үед бол харанхуй, бүдүүлэг хүмүүсээр дүүрсэн, хогийн сав шиг газар байв. Тэдний хажууд Дорно дахиныхан илүү гэгээрсэн, юмны учир зүй, логик дарааллыг мэддэг байсан билээ. Нэгэнт л харанхуй бүдүүлэг улс болохоор юманд амархан итгэнэ.

Эрүүлээр сэтгэж, дүн шинжилгээ хийх чадвар холдсоор

Хэчнээн хүнийг шулам, чөтгөр хэмээн цаазалсан юм, бүү мэд. Ийм улсын дунд нэг цуурхал дэгдээхэд хуурай өвсөнд ассан гал мэт л газар авна. Чухам тэр цаг үед санваартан нар шиг нөлөөтөн байсангүй. Тэгвэл дундад зууны Европын дүр төрх өнөөгийн Монголоос харагдаад байдаг юм. Хятадууд гадил жимсээр дамжуулан ДОХ-ын халдвар тарааж байна, тарвасаар дамжин вирусийн халдвар орж ирлээ гэх хүн үнэмшмээргүй цуурхалд итгэх нь наад захын асуудал. Зуд болоход нохой зоолно гэгчээр нийтээрээ ийм харанхуй байхын хэрээр элдэв сэтэртэй лам, бөө, үзмэрч, зурхайч Монголоор нэг дүүрэв. Нэгэнт хүмүүс тэднийг зорин очсоор байгаа нь бодит үнэн. Өөрөөр хэлбэл зах зээл, үйлчлүүлэгч нь байгаа учраас “их мэдэгч”-ид олшрохоос ч яахав. Монгол Улс Үндсэн хуульдаа “Төр нь шашнаа хүндэлнэ, шашин нь төрөө дээдэлнэ” гэж заагаад өгчихсөн. Мөн өөр урсгалын шашин шүтэх эрхийг ч нээж өгсөн. Тиймээс ямар шашнаа шүтэж, хэн гэдэг бөөд очих нь танд ямар хамаатай юм гэж бодож магадгүй. Тэр ч үнэн. Гэхдээ аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий.

Ямар ажилд орохоо, хэнтэй гэрлэхээ хүртэл үзмэрчээс асуухдаа тултал доройтсон улс гэж үү, бид. Өөрий нь хайрлах зүрх, шийдвэр гаргах тархи гэж алга уу. Эрүүлээр сэтгэж, аливаад дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргах чадвар маань улам бүр холдон одсоор байна. Энэ янзаараа бол юу идэж, хааш алхахаа хүртэл бусдаар заалгуулдаг болох нь. нэг үеэ бодвол манай эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил гарсан. Өмнө нь заавал гадаадад очиж хийлгэдэг байсан хүнд хэцүү цөөнгүй хагалгааг Монголдоо хийж байна. 100 гаруй сая төгрөгийн өртөгтэй элэг шилжүүлэн суулгах хагалгааг улс үнэ төлбөргүй хийх болсон гээд гэрэл гэгээтэй мэдээ олон бий. Харин бид өвчин зовлон тусахаараа эмнэлэг бараадахын оронд сургаар сонссон лам, бөөг зорьсоор байгаа нь яавч эрүүл үзэгдэл биш. Өвдсөн хүн шууд эмнэлэгт ирэхийн оронд өөр газраар явсаар байгаад өвчнөө хүндрүүлдэг тухай эмч нар халаглан ярьдаг нь эмгэнэл. Энэ бүхэн өнөөгийн монголчуудын боловсрол мэдлэг, сэтгэн бодох чадварын шууд тусгал гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Юм уншиж судалсан, аливааг эргэцүүлэн боддог хүн баргийн зүйлд цочроо авахааргүй дархлаатай болсон байдаг. Харин энэ дархлаа улам бүдгэрсээр буйг алхам бүхнээ бусдаас асуудаг, тэргэл сар руу хэтэвчээрээ далладаг, өөрсдийгөө хутагт хувилгаанаар өргөмжилсөн нөхдийг дагаж хуйлардаг бидний төрх байдал бэлхнээ харуулна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өвлийн усанд сэлэлтээр дэлхийд тэргүүлэгч Ш.Даваадорж 11 медаль хүртжээ

 0 сэтгэгдэл


БНХАУ-ын Таерзиун, Жинан хотуудад 2019 оны нэгдүгээр сарын 6-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын Их Наадамд 26 орны 1200 тамирчид оролцсоноос Монгол Улсын Спортын мастер Ш.Даваадорж нь гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, нийт 11 медаль хүртэж дэлхийн хэмжээнд өндөр амжилт үзүүллээ.

Сүүлийн гурван жилд тэрээр Дэлхийн цомын аваргын тэмцээн болон олон улсын тэмцээнүүдээс 13 алт, 18 мөнгө, 7 хүрэл медаль нийт 38 медаль хүртсэн амжилттай яваа юм. Дэлхийн Өвлийн усанд сэлэлтийн холбоо Дэлхийн цомын аваргын тэмцээнүүдийн нийлбэрээр 2016-2017 оны цуврал тэмцээнүүдийн дунджаар чансаагаараа дэлхийд дөрөвдүгээр байр, 2017-2018 оны цуврал тэмцээнүүдийн дунджаар чансаагаараа дэхийд долдугаар байранд орсон.

2018-2019 оны Дэлхийн цомын аваргын цуврал тэмцээнүүдийн эхний тэмцээн нь Латви улсын Рига хотод болж нийт 25 орны 300 тамирчдаасШ.Даваадорж 4 мөнгө, 1 хүрэл медаль авч, өндөр амжилт үзүүлж байсэн юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тав хүртэлх насны хүүхдээ асрах эцэг эхчүүд гуравдугаар сарын 16-ыг хүртэл цалинтай чөлөө авч болно

 0 сэтгэгдэл

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсхүл гэрээрээ 3-5 хоног чөлөө авч асарсан эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох тогтоол Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргажээ. Түүнчлэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг ч энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг уриалав. Уг тогтоол өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл хүчинтэй байх аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төрийн албан хаагчдын цалинг 8%-аар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

 0 сэтгэгдэл

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас 2019/01/01-ээс эхэлж 191 мянган төрийн албан хаагчийн цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж 8 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Хөдөлмөр нийгэм хамгааллын гурван талт хэлэлцээрээр 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гэж гэрээ байгуулсан. Энэ зорилгоор 267 тэрбум төгрөг төсөвт суулгасан байсан.
Мөн хоёрдугаар сарын 01-ээс тооцож тэтгэврийг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнд зориулж 117.5 тэрбум төгрөг төсөвт суулгасан гэж ХНХ-ийн сайд С.Чинзориг мэдээллээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төрийн өмчит компаниудыг ТУЗ нь унагаж байна

Гүйцэтгэх удирдлага ТУЗ-дөө тухалчихсан тохиолдол ч нэг биш

 0 сэтгэгдэл


Төрийн мөнгө ёолох биш дээ... Баруун солгойгүй өм цөм иддэг дарга нар “төр муу менежер” гэх үгээр өөрсдийгөө зөвтгөдөг. Хэрэв хууль дүрмээ барьдагсан бол, төрийн өмчит компаниудын улсын төсөвт оруулах ашиг дарга нарынх нь тансаглалаас ч өндөр дүнтэй гарах боломжтой.

Компанийн хувь заяаг атгах тархи болсон ТУЗ-ийн үүрэг нөлөө энд голлоно. Тиймээс ТУЗ-д дор хаяж санхүүгийн бүртгэл, тайлан тооцоог уншаад хяначих чадвартай, мөн хууль эрх зүйн мэдлэгтэй, тухайн салбарын мэргэжилтэй биш юм аа гэхэд ойлголттой хүнийг томилдог байвал олон улсад өрсөлдөх хэмжээний бодлого, үйл ажиллагаа явуулж дөнгөнө. Гэвч манайд эсрэгээрээ. Засгийн газар, яам, агентлагийн дарга, ахлахууд төрийн өмчит компаниудынхаа ТУЗ-д “шавж”, сард ганцхан удаа зарладаг хуралдаа ч очихгүй тасалдаг үлгэн салган оролцоог тэндээ бүр нутагшуулж чадсан.

Өнөөдөр Монгол Улсад төрийн өмчит 86 компани үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс “Эрдэнэс Монгол” ХХК-д найм, Сангийн яаманд зургаа, бусад нь ТӨБЗГ-т харъяалагддаг.

Гэхдээ өнгөрсөн жилээс төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт харьяалагддаг эрчим хүчний салбарын 21 компанийн 70 хувийг нь ЭХЯ хариуцах болсон билээ.

Эдгээрээс, төрийн өмчит улсын үйлдвэрийн газраас бусад нь бүгд Компанийн тухай хуулийн дагуу дүрэмтэй, ТУЗ-тэй, хараат бус гишүүдтэй. Харин тэднийг томилохдоо мэргэжлийн биш, улс төрийн байгууллага болгож орхидог тул компанийн ашгийн төлөөх бизнесийн зорилго нь өөрчлөгддөг. Төр өмчлөгчийн үүднээс л ТУЗ-д байх ёстой болохоос зохицуулагчийн зүгээс ТУЗ-д орчихоод үйл ажиллагааны чиглэл өгч болохгүйг Компанийн сайн засаглалын хөгжлийн төв ТББ-ын судалгааны тайланд дурджээ. Түүнчлэн хуулийн дагуу дүрэм, журам, бүрдүүлэх бичиг баримт бүгд ягштал гүйцэд хэрнээ, түүнийгээ хэрэгжүүлэх тал дээр “нойл” байгааг тэд онцолсон. Олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүдтэй, менежментийн хувьд тогтворжсон компаниудад ТУЗ-ийн тогтворгүй байдал сөргөөр нөлөөлдөг. Удирдлагын багийн оновчгүй шийдвэр үйл ажиллагааг доголдуулж, гацаахгүй ч бизнесийн хөгжилд нь бул хар чулуу шиг саад болдог байна. Шинэ томилогдогсод компанийнхаа учрыг ч олоогүй байхад ТУЗ дахин солигддог үзэгдэл олон байна.

Мөн төрийн өмчит компаниуд хараат бус захиралтай байх ёстой ч овгийнхоо оронд хэн нэг улстөрчийн нэрээр нэрлэгдсэн “тэрний хүн, энэний хүн” очдог нь нууц биш. Тэдэнд ТУЗ нь өндөр цалин баталж, олон сая төгрөгийн ажил, үйлчилгээ, худалдан авалтыг шууд гэрээгээр сонгох хэмжээлшгүй эрх олгодог. Өнгөрсөн хугацаанд шуугиан тарьсан сэдвүүдийн нэг бол төрийн өмчит компаниудын захирлуудын цалин хангамжийн асуудал байсан. Сард 3.5-10 сая төгрөгийн цалинтай захирлуудыг л шүүмжлэн зэвүүцэж байснаас толгойг нь илсэн ТУЗ-ийн бүрэлдэхүүн, чадавхын талаар огт хөндөөгүй.

Тэг зогсолт, хүүхдүүдийн амь эрсэдсэн ослуудын дараа Эрчим хүчний яам “ямбыг нь эдлэхгүй байж ялыг нь үүрдэг” гэж гомдоллож гүйсээр салбарынхаа компаниудыг эзэмшилдээ авангуутаа ТУЗ, болон удирдлагуудыг нэн түрүүнд сольсон. ТУЗ-д улс төрийн томилгоо хэрэгждэгийн тод жишээ нь багш мэргэжилтэй ч нам дотроо цүнх барилтаар өндрөө авсан нэгэн түшмэл төсөвт хамгийн их татвар төвлөрүүлдэг хэд хэдэн компанийн ТУЗ-д давхар давхар багтсанаас харагддаг. Даргынхаа дохилтоор навтас хийх түүнийг уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орнуудтай өрсөлдөх чадварын тухай удирдлагын түвшинд ярьж суугаа гэдэгт та итгэх үү. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын түүхий эд бэлтгэгчдийн баялгийг зах зээлд зүй зохистой үнэлүүлэх, бизнесийн орчныг нь бодит болгох зорилготой Хөдөө аж ахуйн бирж ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга нь Батлан хамгаалах яамны газрын дарга, бригадын генерал хүн байх жишээтэй.

Гүйцэтгэх удирдлага ТУЗ-дөө тухалчихсан тохиолдол ч нэг биш. Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал бөгөөд ТУЗ-ийн гишүүн гэх сэтэртэй тэдгээр эрхмүүд өөртөө зориулж тогтоол батлалцаад, өөрөө түүнийгээ хянаад явах нь л дээ, “давхар дээлтүүд” шиг...

Гэхдээ төрийн өмчит компани болгон ТУЗ-д мэргэжлийн бус хүн томилсон гэж туйлширч болохгүй. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай нэгнээс эхлээд гадаадад эзэмшсэн мэргэжил, боловсролоороо толгой цохих залуус ч багтдаг. Гэхдээ ингэж “гялайж, гялтайсан” нэгнээ бараг бүхий л томоохон компаниуд ТУЗ-дөө багтаасан байна. Тэр чадварыг нь эрдэс баялаг, эрчим хүч, төсөв санхүү гээд олон салбартаа ашигладаг гэвэл бас л эндүүрэл. Зөвхөн “мэргэжлийн ТУЗ бүрдүүлээгүй” гэх шүүмжлэлийг хаах зорилготой намтраар нь гоёдог. Хэрэв чадварлаг залуусыг ашигладаг байсан бол төрийн өмчит компаниуд жил бүр алдагдалтай ажиллаж, өр зээлдээ хүлэгдэн, техник технологийн хувьд ч өнгөрсөн зуундаа царцаж хоцрохгүй сэн.

Компанийн засаглалын хөгжлийн төвийнхөн сайн засаглалын судалгааг хувийн хэвшлийнхэнд ч хийж өгдөг. Хаалттай компаниудад сайн засаглалын жишээ олон ч нууцын зэрэглэлд менежментээ судлуулна. Зөвхөн ТУЗ-ийн хурал хийхэд л төрийн болон хувийн эзэмшлийн компанийн эрс ялгаа харагддаг. Хэлэлцэх асуудлын материалыг хуралд бэлдсэн байдал, ТУЗ-ийн гишүүдийн хандлага, шийдвэр нь тэс өөр. Хувийн компаниудын сайн засаглалыг төрийн өмчит компанид нэвтрүүлэх шаардлагатайг мэргэжлийн байгууллага зөвлөсөн. Нэн тэргүүнд төрийн өмчит компаниудын жилийн нэгдсэн тайланг стандарттай болгох хэрэгтэй. Санхүү, үйл ажиллагаа, эрсдэл гээд бүхий л асуудлыг цогцоор авч үзэж, ТУЗ-өөр хэлэлцсэн асуудлууд, түүнийг шийдвэрлэсэн байдал, хойшлуулсан бол шалтаан гэх мэтээр дэлгэрэнгүй тайланг нэг стандартаар гаргадаг байх нь сайн засаглалтай, үр ашигтай ажиллах эхний алхам гэж тэд үзжээ.