A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3514/

Хүхэрлэг хий хүлцэх хэмжээнээс 6.6 дахин их байна

Хүхэрлэг хий хүлцэх хэмжээнээс 6.6 дахин их байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3514/
  • Хир халдаахгүй хамгаалахын оронд шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавьж, стандарт мөрдүүлсэн тайлангаа тавибал дээрсэн

1955 онд Японы Аж үйлдвэрийн яам эрчим хүчний эх үүсвэрийг нүүрснээс газрын тос руу шилжүүлэх шийдвэр гаргаж, Ёккайчи мужид үйлдвэр байгуулах шийдвэр гаргажээ. Гэтэл үйлдвэрийг ажиллуулах явцад хүхэрлэг хий маш ихээр ялгарч эхэлсэн байна.1956 онд үйлдвэрийн анхны цогцолбор нээсний дараахнаас уушгины архаг бөглөрөлт өвчин, архаг бронхит, уушгины эмфизем, гуурсан хоолойн багтраа зэрэг өвчин нутгийн иргэдийн дунд маш хурдан өсөв. Улмаар 1972 онд хоёр хувийн хүхрийн нэгдлүүд хотын дээр цагаан өнгийн утаат манан тогтоох хэмжээнд хүрсэн ч төрийн зүгээс шийдвэртэй алхам хийхгүй л байв. Японы агаарын бохирдлын улмаас үүдсэн дөрвөн гол өвчний нэг болох Ёккайчи багтраа хэмээн нэрлэгдэж үлдсэн хүхрийн хийн хордлогод өртсөн иргэд эсэргүүцэн тэмцэж, шүүхэд хандсан үйл ажиллагаа арав гаруй жилийн турш үргэлжилсэн гашуун түүх бий. Тэмцлийн үр дүнд утааг хоргүйжүүлэх арга хэмжээ авснаар иргэдийн эрүүл мэнд сайжирсан аж. 2008 онд эрдэмтдийн хийсэн судалгаанд Ёккайчигийн хүхрийн хийн улмаас астма өвчнөөр нас баралтын түвшин 10-20 дахин нэмэгдсэн тухай дурдсан байдаг. 50 жилийн тэртээ хүхрийн хийн хордлогод нийтээрээ автсан Японы Ёккайчи мужийн эмгэнэлт түүх өнөөгийн Улаанбатарт давтагдах магадлал тун өндөр болоод буй нь эрхгүй айдас төрүүлнэ. 

Харагдах утаа багассан ч хүхэрлэг хийн хэмжээ тасралтгүй өсөж байна 

Улаанбаатарын утаа буурч, өглөө оройд өмнөх зам харагддаггүй байсан гамшиг ариллаа. Харин гэр хорооллын зарим иргэд үе үе хуванцар, эсвэл газ шиг үнэр үнэртэж, толгой өвддөг тухай гомдоллож, салж өгдөггүй ханиадны талаар хатаж хуурайшдаг хоолойгоо засан байж ярьсаар. Шалтгааныг нь тогтоохоор ажиллаж буй эрдэмтдийн судалгааны эхний үр дүн дор хаяж жилийн дараа гарна, цаашлаад 3-5 жил “нухаж байж” бодитой дүгнэлт гаргана гэсэн хүлээлттэй байна. Өнөөдөр харагдах утаа буурсан ч агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ нэмэгдсэнийг Цаг уур орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас долоо хоног бүр гаргадаг агаарын чанарын тайлангаас харж болно. Тухайлбал, 2019 оны 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд PM 2.5 тоосонцрын стандартаас давсан тохиолдол 75 хувиар буурсан бол хүхэрлэг хий 65 хувиар өсжээ. Агаар бохирдуулагч тоосонцор эрс багассан хэдий ч агаарын чанарын стандартаас 2.8 дахин их, харин хүхэрлэг хий энэ стандартаас бүр 6.6 дахин их байгааг уг тайланд дурджээ. Улаанбаатар хотын 12 байршил дахь олон улсын сүлжээнд хол-богдсон хэмжигч багаж ийнхүү үнэнийг мэдээлсээр байгаа ч мэр гэжлийн болон төрийн байгуул лагынхан шахмал түлш-тэй холбоогүй, хүний эрүүл мэндэд нөлөөгүй гэж зүтгэсээр байна. Тодруулбал, 11 дүгээр сарын 21-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэр нийс лэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек “Нарийн ширхэгт тоосонцор PM 2.5 бол галлагаанаас үүдэлтэй, хүхэр нь түлшний найрлагаас хамааралтай. Галлагаа хийгээгүй зуны нөхцөлд ч хүхрийн хий 2018 оныхтой харьцуулахад 2-3 дахин их байгаа юм. Энэ хэв шинж өвлийн улиралд давтагдаж байгаа тул автомашины утаа, чанар муу бензин түлштэй холбоотой гэж бид үзэж байна. Хүхрийн давхар исэл өссөн шалтгаан нь шахмал түлштэй ямар ч холбоогүй” гэж тайлбарласан. Түүнчлэн, “Хүхэрлэг хийн хэмжээ нэг шоо метрт 46 мкг байгаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Энэ нь өмнөх оны мөн үеэс 13 нэгжээр илүү” гэж нүүрний ч хувиралгүй “залж орхив”. Тухайн өдрийн өмнөх долоо хоногт хүхэрлэг хий 46 мкг/м3 биш, 329 мкг/м3 (хүлцэх хэмжээнээс 6.6 дахин их) байсан. Харамсалтай нь эдгээр тоо Агаарын бохирдолтой тэмцэх газрынханд стандартаас бага, хүний эрүүл мэндэд аюулгүй гэж уншигддаг аж. Мөн зуны улиралд ноднин 30 мкг/м3 байсан хүхэрлэг хий энэ зун 41 мкг/м3 болсныг “хоёр дахин их” гэж хөөсрүүлэх ямар хэрэг байв...Хир халдаахгүй хамгаалахын оронд шахмал түлшний үйлд-вэр лэлд хяналт тавьж, стандарт мөр дүүлсэн тайлангаа тавибал дээрсэн. 

Зөвлөх инженерийн батлуулсан стандартыг мөрдөхгүй байна гэв 
Х.Галымбек даргын үгэнд нэг үнэн байсан нь хүхэрлэг хий нь түлшний найрлагаас хамаардаг гэх ойлголт. Тавантолгойн коксжих нүүрс өмнө нь хэрэглэдэг байсан хүрэн нүүрснээс хүхрийн агууламж өндөр. Тиймээс шохой болон цементийн эрдсүүд нэмэх ёстойг “Тавантолгой түлш” ХХК-ийн зөвлөх инженер, доктор, профессор Г.Бадамхатан онцолж байсан. Тэрбээр манай сонины есдүгээр сарын 10-ны дугаарт өгсөн ярилцлагадаа “Сайжруулсан шахмал түлшний 95 хувийг милдинг буюу Ухаахудагийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс эзэлдэг. Үүнийгээ 0.5 мм хүртэл нунтаглаад шахмал түлш болгодог юм. Нунтаг нүүрсэн дээр 3-4 төрлийн бодис нэмдэг. Барьцалдуулагч SB-1 хэмээх шаргал өнгөтэй бодис, шаталтыг дэмжиж, тортог багас гадаг БНСУ-аас оруулж ирсэн Soot free гэх шингэн, мөн хүхрийн агууламжийг бууруулах зорилготой эх орны шохой, цементийн эрдсийн нэмэлтүүд хийдэг. Яг хэдэн хувиар хийх нь компанийн эзэмшдэг техно логитой холбоотой тул тодорхой хэлж болохгүй байна” хэмээсэн юм. Тэгвэл аравдугаар сарын сүүлээр MNB телевизийн “Монгол инженер” нэвтрүүлгийнхэн түлш хэрхэн хийдгийг үйлд-вэрээс нь сурвалжлахад зөвлөхийн хэлсэн найрлага тэс өөр болсон байлаа. “Тавантолгой түлш” ХХК-ийн технологич Э.Тулга сайжруулсан шахмал түлш хийх явцыг тайлбарлахдаа, “Манайх эцсийн бүтээгдэхүүн хийдэг найрлагадаа зөвхөн цавуу, ус хийж байгаа. Үндсэн тэжээл Тавантолгойгоос ирдэг. Түүнийгээ бутлаад тодорхой хэмжээний ширхэглэгт оруулаад цуглуулах пункерт хийдэг юм. Пункерээс гарч ирэх үед шнекээс цавуу унаж ирнэ. Энэ найрлага холигч руу ороход ус хийдэг. Цавуу, үндсэн тэжээл нь усаар зуурагдаад хэвлэгч рүү орж, шахмал түлш гарч ирж байгаа юм” гэсэн юм. Олон удаагийн туршилт, Азийн орнуудын лабораториор шинжлүүлж байж яамны зөвлөлөөр батлуулсан шахмал түлшний стандартыг ёсчлон мөрдөж чадаж байна уу гэдэгт хэн хяналт тавих вэ. Улсын нийт хүн амын талаас илүү нь амьдардаг хотын агаарын чанарт шууд нөлөөтэй түлш үйлдвэрлэж байгаа стратегийн үйлдвэр атлаа дэргэдээ лаборатори ч үгүй үйл ажиллагаагаа явуулсаар байх уу. Угаартсан хүнээ тоолж суухын оронд эдгээр асуудалд анхаарлаа хандуулах цаг болжээ. Хүхэрлэг хийн нөлөө шууд газар дээр нь үхүүлэхгүй ч хэдэн жилийн дараа амьсгалын замын архаг өвчтэй болгодог нь Япон зэрэг бусад орны туршлага, туулсан зовлонгоос нотлогдсоор байхад бид биеэр туршиж батлах гэж хүлээх нь хэр зохистой вэ. Өнөөдөр дөнгөж сургуульд орсон хүүхдээ ид өсөх насанд нь уушгины архаг өвчтэй нэгэн болгоод, мөрөөдлийг нь нураан эмнэлгийн орон дээр сахиж суухыг хэн хүсэх билээ. Дарга цэрэг, баян ядуу хэн ч бай нэг л агаараар амьсгалдаг. Шахмал түлшинд шохойгоо холино уу, өөр технолги туршина уу, хамаагүй, хорт бодисын хэмжээг бууруулахад анхаарлаа хандуулаач гэж дахин сануулъя.










A

Жижиг

A

Дунд

A

Том

Ичмээр. Монголын хүүхдүүд шалан дээр эмчлүүлж байна!

 0 сэтгэгдэл
  • Эмнэлэгт дунджаар 250-300 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
  • БЗД-ийн эмнэлэгт чих дөжрөм уйлаан дунд хүүхдүүд хамгийн багадаа хоёр цаг хүлээж байж эмнэлгийн тусламж авч байна
  • Шөнө оройн цагаар нэг цэгт хэт их нягтрал бий болгож тэр нь эргээд шинэ төрлийн вирусээр өвчлөх голомт болж байна. Та хүлээн авахаар орж ирэхдээ ямар ачаалалтай байгааг харсан байх
  • Энэ сарын 20-ноос томууны идэвхжил нэмэгдэж хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд эмнэлгийн ачаалал одоогийнхоос дахиад 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн үг

Ханиад, томууны улиралд эмнэлгүүдийн ор хүрэлцэхээ байж, эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ коридорт эвхдэг ор тавиад хэвтэх нь хэвийн үзэгдэл болсон. Ид хүйтэрч, ханиад томуу дэгдсэнээс эмнэлгүүдийн ачаалал хүндэрч байгаа. Нөхцөл байдлыг бид сурвалжиллаа. Сурвалжлагын эхэнд нэг зүйлийг зориуд онцлохыг хүсэв. Жил бүр ханиад томуутай хүүхдүүдийг багтааж ядсан эмнэлгүүд аргаа барахдаа коридорт ор тавиад хэвтүүлдэг. Тэгвэл энэ жил Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газраас аль болох коридорт хэвтүүлэхгүй байх чиглэл өгчээ. Тиймээс дүүргийн эмнэлгүүд том хүн хэвтэн эмчлүүлдэг тасгууд, мөн хурлын заал зэргээ суллаж хүүхдийн өрөө болгожээ. Уг нь ханиад томууны улирал эхлэх гэж байна. Гэтэл дөнгөж эхэлж байхад ор хүрэлцэхгүй байгаа нь бүр дэгдсэн хойно яах вэ гэдэг бодол төрүүлэв. Дүүргийн эмнэлгийн ачааллыг улсын чанартай томоохон эмнэлгүүд үүрэлцэж эхэлснийг сурвалжлагын эхэнд дурдах нь зүйтэй биз. Эмнэлэг бүрийн үүдэнд томуу, томуу төст өвчин ихэссэн тул гадуур хүүхдээ дагуулж явахгүй байх анхааруулга хаджээ. Бид хамгийн түрүүнд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээр орлоо. Тус эмнэлэгт дунджаар 250-300 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ нь үндсэн нормоос хоёр дахин ачаалалтай бөгөөд ийм үед эмч, сувилагч нар нэмэлтээр ажиллаж байгаа гэнэ. Зөвхөн ганц хоногт л 60 орчим хүүхэд шинээр ирж хэвтэн эмчлүүлж байгаа нь ачаалал ямар байгааг харуулж буй хэрэг. Нийслэлийн хамгийн их хүн амтай хоёр дүүргийн нэг нь Баянзүрх. Тэр хэрээр эмнэлгийн ачаалал их байв. Уг эмнэлэг байж болох бүх бололцоогоо ашиглан ор гаргажээ. Өргөтгөл, нэгдүгээр давхраас эхлээд нэмэлтээр 120 орчим ор тавьж хүүхдүүдийг хүлээн авч байна. Гэхдээ зөвхөн зайлшгүй хэвтэх шаардлагатай хүүхдийг л авч байгаа тухай Баянзүрх дүүргийн хүүхдийн их эмч Н.Ариунзул ярилаа. Тэрбээр “Ачаалал нэлээд их байна. Уг нь яг томууны улирал хараахан эхлээгүй ачаалал хэд дахин нэмэгдсэн. Хүүхдүүд маш их хүндэрч ирж байна. Гадаад  орчны нөлөө, асаргаа сувилгаа, гэрээр хийж буй эм тариаг буруу хэрэглэснээс болж томуу нь хүндэрч байна” гэв. Мөн “эцэг, эхчүүд өрхийн эрүүл мэндийн төвдөө очих нь бага байна. Ажилтай гэдгээрээ шалтаглаж өдөржин хүүхдээ эмээр аргалж байгаад ажлын цаг дуусангуут шууд хоёрдугаар шатлалын буюу дүүргийн эмнэлэгт аваад ирж байна. Ингэж ачааллыг улам нэмэгдүүлж, тэр хэрээр орчныхоо агаарыг бохирдуулах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах нь энгийн үзэгдэл болсон. Ханиад хүрч, халуурсан л бол яаралтай өрхийн эмчдээ хандах хэрэгтэй. Тэгээд эм бэлдмэлээ эмчийн заавраар, зөв хэрэглэж, асаргаа сувилгааг сайн хийвэл томуу, томуу төст өвчнийг хүндрүүлэхгүй байх боломжтой. Гэтэл эцэг, эхчүүд ажлаараа далимдуулан шөнө оройн цагаар нэг цэгт хэт их нягтрал бий болгож, тэр нь эргээд шинэ төрлийн вирусээр өвчлөх голомт болоод байна.Хүлээн авах асар их ачаалалтай байгаа.Тиймээс шинэ төрлийн вирусээс сэргийлж, хүүхдээ өвдсөн даруйд нь гэртээ асаргаа сувилгаа сайн хийх хэрэгтэй” гэв. Ер нь Баянзүрх дүүргийн эмнэлэг жилийн дөрвөн улирлын турш ачаалал ихтэй байдаг аж. Зуны улиралд өвлийг бодвол арай багасдаг ч тасгууд дүүрэн хүүхэдтэй байдаг нь өнөөгийн байгаль, цаг уур, орчны бохирдолдтой шууд холбоотойг тэрбээр тайлбарласан юм. Зуны цагт ханиад томуу багасдаг ч эсрэгээрээ суулгалт нэмэгддэг байна. Хүлээн авахын үүдэнд хүүхдүүдийн уйлах дуу хадаж, эцэг, эхчүүд удаан дугаарласандаа бухимдаж унтууцсан дүр зураг илт. Ингээд тус эмнэлгээс гараад Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг шууд зорилоо. Эмнэлгийн даргаас зөвшөөрөл аваагүй тул сурвалжилга хийлгэх боломжгүй гэнэ. Гэхдээ жижүүр эмч товч мэдээлэл өгөв. Тус дүүрэг мөн л ачаалал ихтэй байв. Хүүхдүүдээ коридорт гаргахгүйн тулд 2-6 дугаар давхраа тэр чигээр нь хүүхдийн тасаг болгожээ. Гэсэн ч ачаалал ихтэй байгаа учраас Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт дүүргийнхээ 1-6 дугаар хороонд харьяалалтай хүүхдүүдийг хэвтүүлэх зохицуулалт хийсэн байна. Коридорт хүүхэд хэвтүүлэхгүй байх чиглэл яамнаас өгсөн тул зайлшгүй хэвтүүлэх шаардлагатайг нь авахаас аргагүйд хүрч байгааг хэллээ. Тэгвэл Чингэлтэй дүүргийн иргэн Б.Ганбат “Манай хүүхэд долоо хоногийн өмнө эмнэлэгт хэвтээд гарсан. Гэтэл одоо буцаад ирж байна. Уг нь эмчилгээ их сайн хийсэн гэж бодсон. Уржигдраас бага зэрэг ханиалгахад нь эмнэлэгт уулгаж байсан эмийг үргэлжлүүлээд өгсөн. Гэтэл 40 хэм хүрч халуураад, бүр таталт өглөө. Ингээд ирээд үзүүлтэл дахиад хэвтэхээр боллоо. Яах ёстойгоо ойлгохгүй байна. Улаанбаатарын агаарын бохирдлоос шалтгаалж олон төрлийн вирус дэгдэж байгаа нь хүүхдэд амархан халдаж байна” гэв. Түүнчлэн энэ жилийн ачаалал өмнөх жилүүдээс хоёр дахин их болсныг эмч онцолж байлаа. Тус эмнэлгээс гараад нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийг зорив. Тус дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг 165 ортой бөгөөд 113 мянган хүүхдэд үйлчилдэг юм байна. Дүүргийнхээ Эрүүл мэндийн төвийн нэгдүгээр амбулаторийн байрыг чөлөөлж 110 ор, мөн ажилчдын амрах байр, чийрэгжүүлэлтийн өрөөгөө чөлөөлж, 300 орчим ор бий болгожээ. Гэсэн хэдий ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо хоёрхон өдрийн дотор 300-г давсан тул дахин ор нэмж гаргажээ. Зөвхөн уржигдар л гэхэд 19:00 цагаас хойш 280 орчим хүүхэд тус дүүргийн амбулаториор үйлчлүүлсэн байгаа юм. Амралтын өдрүүдэд нэгдсэн эмнэлгийн ачаалал ажлын өдрийнхөөс даруй 3-4 дахин нэмэгддэг аж. Учир нь бямба, ням гарагт өрхийн эмнэлгүүд ажилладаггүй учраас 24 цагийн турш ачаалал нэмэгддэг байна. Энэ нь зөвхөн Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт л тохиолдож буй хэрэг биш. Нийслэлийн бүхий л дүүргийн эмнэлгүүдийн ачаалал амралтын өдрөөр хэд дахин ихэсдэгийг тус эмнэлгийн ээлжийн ахлагч эмч онцоллоо. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн VI хорооны иргэн А.Чимидмаа “Нийслэлд хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ муу байгааг өвөл болохоор л мэдрэх юм. Бага насны хүүхдээ өвдөхөөр учраа олохоо больдог. Дүүргийн эмнэлэг дээр ирэхээр давчуу, агаар муутай орчинд хоёр цаг орчим дугаарлаж байж үзүүлдэг. Манай охин өндөр халуурч, суулгаад намждаггүй. Уг нь өрхийн эмчээс зөвлөгөө авч гэрээр эмчлэх гэж оролдсон ч улам хүндрүүлчих шиг боллоо. Одоо дөрвөн хүүхдийн дараа үзүүлэх гээд хүлээж байна” гэв. Харин Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн “Оношилгооны эмч” гэсэн өрөөнд ганцаараа хэвтэж буй иргэн М.Тунгалаг “Ор байхгүй хэцүү байх шиг байна. Ямар ч байсан ийм өрөөнд хэвтээд авлаа. Эмч нар хамаг чадлаараа л ажиллаж байх шиг байна. Гадуур ханиад томуу их байгаа учраас хүүхдээ аль болох гэртээ асарч сувилаарай гэж хэлмээр байна. Миний охин 40 хэм хүргэж халуу раад, яаралтай хэвтсэн” гэв. Сонгинохайрхан дүүргийн шинэ жишиг эмнэлгийг ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад оруулах ба хүүхэд, гэмтэл, эмэгтэйчүүд, уламжлалт эмчилгээ, дотор, мэдрэл, мэс засал зэрэг долоогоос дээш төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх аж. Шинэ жишиг эмнэлэг ашиглалтад орвол хүүхдийн эмнэлгийн хүчин чадал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх юм байна. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлэг ачаалал ихтэй байна. Тус дүүрэгт улсын чанартай томоохон эмнэлэг байдаггүй. Тиймээс дүүргийн эмнэлэг бүх ачааллаа өөрсдөө зохицуулах хэрэг гарч байна. Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг хичээвч ачаалал их тул аргагүйн эрхэнд коридортоо нэмэлт ор тавьж өвчтөнүүдээ хүлээн авах болжээ. Хүүхдийн эмч нар эцэг, эхчүүдэд ханиад, томууны улирал эхэлж буйтай холбогдуулан хүүхэддээ тавих анхаарал, халамжаа улам дээшлүүлэхийг хүсэж байв. Орчны агаарын бохирдлын улмаас олон төрлийн вирус үүсэж буй тул хүүхдээ хамгаалахад эцэг, эхийн асаргаа хамгийн чухал гэнэ. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, хүүхдийнхээ уруул, амны ойролцоо үнсэхгүй байх, гэрийнхээ агаарыг тогтмол сэлбэх, хувийн ариун цэврийг сайтар сахих зэрэг энгийн дэглэмүүдийг хэрэгжүүлж чадвал томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтойг анхааруулж байна. Эмнэлэгт хэвтээд гарсан хүүхдийг 1-2 хоногийн дараа шууд цэцэрлэгт явуулдаг байдлыг эмч нар буруутгаж, наад зах нь 14 хоног асарч, дархлааг нь дэмжих хэрэгтэйг зөвлөлөө. 

Эмнэлгийн хүртээмж муугаас болж хувийн эмнэлэгт хагас сая төгрөгөө алдмааргүй байна

Нийслэлд улсын чанартай хүүхдийн томоохон эмнэлэг нэлээд хэд хэрэгтэй байгааг эмч нар төдийгүй, эцэг, эхчүүд байнга учирлаж байна. Үнэхээр хүүхдийн эмнэлгийн ачаалал туйлдаа хүрч, зарим үед эмч, эцэг, эхчүүд аргаа бардаг. Харин төрийн өндөрлөгүүд, салбарын удирдлагууд ярихаас цаашгүй байгаа нь харамсалтай. Агаарын бохирдол сүүлийн 10 жилийн хугацаанд зургаа дахин нэмэгдсэн байхад хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ муудахаас ч яах билээ. Учир нь Баянгол дүүрэгт ашиглалтад орсон хүүхэд, ахмадын эмнэлгийг эс тооцвол өөр “хүүхдийн” тодотголтой эмнэлэг огт барьсангүй. Агаарын бохирдлоо дийлэхээ больсон Улаанбаатарт хүүхдийн эмнэлгийг даруй бариулахын төлөө тэмцмээр ч юм шиг. Өнөөдөр нэг өрөөнд багадаа л 5-6 хүүхэд эмчлүүлж байна. Ийм байхад өрөөний агааржуулалтын талаар яриад ч хэрэггүй биз. 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээс хүүхдийн эмнэлэг нэхье. Багадаа 1000 хүүхэд хүлээн авах чадалтай зөвхөн хүүхдийн эмнэлэг нийслэлд баривал том бүтээн байгуулалт болох нь зайлшгүй. Зургаан дүүргийн эмнэлгийн ачааллаас улсын чанартай томоохон эмнэлгүүд үүрэлцэж байгаа нь сайшаалтай ч бас л хангалттай бус байна. Эмч нарын хэлснээр ханиад, томууны улирал дөнгөж эхэлж байгаа. Гэтэл энэ сарын 20-ноос идэвхжил нь нэмэгдэж хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх өндөр идэвхжлийн үед ачаалал одоогийнхоос дахиад 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ийм үед яах вэ. Яамнаас коридорт хүүхэд гаргаж болохгүй гэсэн чиглэл өгөөд ч нэмэргүй болох нь ойлгомжтой. “Коридорт битгий ав гэсэн. Хүлээж авахгүй” гээд явуулах эрх эмч хүнд байхгүй. Тиймээс хүүхдийн эмнэлэг яаралтай барихыг төр, засгийн удирдлагуудаас хүсэмжлээд байгаа хэрэг. Одоогоос таван жилийн өмнө Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэг 100 ортой хүүхдийн эмнэлэг барина гэж байлаа. Тэгвэл Баянгол дүүрэгт ганц эмнэлэг ашиглалтад орсныг эс тооцвол зангууны үлгэр болоод мартагджээ. Дүүрэг бүрт 50 ортой хүүхдийн эмнэлэг барихын оронд улсын чанартай томоохон эмнэлгийн төсөл боловсруулж, нэгдсэн эмнэлэг барих ёстой бус уу. Тэртээ, тэргүй хүүхдийн ачаалал нэмэгдэнэ, дүүргийн эмнэлгүүд авдаг арга хэмжээгээ л авна. Хэдий болтол хурлын заал, эмчилгээний өрөө, сувилагчийн постыг чөлөөлж хүүхэд хэвтүүлэх вэ. Өнөөдөр нэг өрөөнд 10-12 хүүхэд хэвтэж буй жишгийг зөвхөн Монголоос харж болно. Эцэг, эхчүүд дургүй байлаа ч аргагүйн эрхэнд тух муутай, агааржуулалтгүй өрөөнд олуулаа хэвтэж байна. Хувийн гэх тодотголтой хүүхдийн эмнэлгүүд нь ашиг хонжоо хайж, хэт өндөр төлбөртэй байгаад иргэд бухимддаг. Долоо хоног эмчлүүлэхэд доод тал нь 500- 600 мянган төгрөг төлж байна. Тиймээс нийслэлчүүд хүүхдийн томоохон эмнэлэгтэй болох зайлшгүй шаардлага байгаагийн тод жишээг эмнэлгүүдийн ачааллаас харж болно.

 





A

Жижиг

A

Дунд

A

Том

Донор болсны дараа өрхийн эдийн засаг сүйрч байна

 0 сэтгэгдэл
  • Донор болсны дараа хоёр жил гам барих хэрэгтэй ч орлогогүй суухаар амьдрал доройтдог тул гурван сар болоод ажилдаа оржээ
  • 2018 онд л гэхэд УГТЭ, ГССҮТ, УНТЭ-т тархиндаа цус харвасан, тархинд нь гэмтэл үүссэн донор болж болохоор 70 гаруй хүмүүсийг илрүүлж, мэдээллийн сандаа бүртгэсэн байна
  • Тархины үхжилттэй нэг донор найман хүнд амьдрал бэлэглэх боломжтой
  • Нагац ах маань өөрөө 80 орчим сая төгрөг төлж элгээ солиулсан болохоор намайг мөнгө санхүүгээр тэтгэх боломжгүй шүү дээ
  • Эмнэлэгт байхад нэг гэрээн дээр гарын үсэг зуруулсан юм. Та эмчилгээний төлбөр дөрвөн сая төгрөг халамжаас буцааж авна гэсэн утгатай бичиг байсан шиг санагдана. Элгээ өгсний дараа 14 хоног эмчилгээ хийлгэж гараад нөгөө мөнгөө авахаар хөөцөлдсөн чинь таны эмнэлгийн төлбөрт таарсан байна гээд нэг ч төгрөг олдоогүй

Жилээс жилд эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүсийн тоо нэмэгдэж байна хэмээн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан ихэд санаа зовсон байдалтай өгүүлсэн. Энэ бол цөөн хүн амтай, эдийн засгийн чадамж муутай ард түмний хувьд том эмгэнэл. Зөвхөн бөөрний өвчлөл гэхэд л нэлээд том тоогоор яригдах боллоо. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд дийлэнх нь бөөрний үйл ажиллагаа сул, үрэвсэлтэй байдаг нь өвчнийг ужигруулах, эцэстээ дутагдалд оруулах нэг шалтгаан болдог ажээ. Гэхдээ тартагт нь тултал явж эрхтнээ солих хүртлээ өвчнөө хүндрүүлэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь хэн хүний эрүүл мэнд, эдийн засагт тустай гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу. Цаашдаа эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өртөг дэлхий дахинд өсөх хандлагатай байгааг ч эмч нар хэлж байгаа юм. Тухайлбал, ХБНГУ-д ажиллаж, амьдардаг Т.Тэрбиш эмч өөрийн нүүр номын хуудсандаа “Хавдрын эмчилгээ хүн бүрт индивидуал (нэг эмчилгээний арга хүн бүрт тохирохоо больсон) болж эхэлж байна. Курс эмчилгээний өртөг нэмэгдэж байна. Энэ үнийн өсөлт ойрын жилүүдэд зогсохгүй нь. Монголын эрүүл мэндийн салбар ч үнийг тойрч гарахгүй. Жил ирэх тусам илүү их хөрөнгө шаардлагатай болно. Одооноос санхүүжилтийн асуудлаа ул суурьтай төлөвлөхгүй бол бид ядуугаасаа болж үхсээр байх болно” хэмээн бичжээ. Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай болсон хүмүүсийн хувьд эмчилгээний зардал, дархлаа дарангуйлах эм гээд эдийн засгийн сүйрэлд орж байна гэж хэлэхэд болно. Гэхдээ дархлаа дарангуйлах эмийг улсаас өгдөг нь чамгүй дэмжлэг болж байгаа юм. 2019 оны гуравдугаар улирлын байдлаар дархлаа дарангуйлах эмийг 500 гаруй хүн УНТЭ-ийн хяналтад ууж байна. Статистик сөхвөл, энэ оны эхний улирлын байдлаар эрхтэн шилжүүлэн суулгах албаны хүлээх жагсаалтад бөөр шилжүүлэн суулгах 204 хүн, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 50 хүн, Хавдар судлалын үндэсний төвийн дараалалд элэг шилжүүлэн суулгах 50 гаруй хүн бичигджээ. Энэ бол өнөөдөр манай улсад өвчлөл ямар байгааг харуулах баримт. Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүсийн тоо өсөхийн хэрээр донорын асуудал хурцаар яригдах боллоо. Манай улсад Донорын тухай хууль хэрэгжээд хоёр жил болох гэж байна. Гэтэл сайн дураараа донор болох хүн тийм ч элбэг биш байдаг аж. Үүнээс болоод өвчтөнүүд цаг алдах тохиолдол гарсаар байна. Хууль батлагдахаас өмнө зөвхөн амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг тогтолцоотой байсан бол өдгөө тархины үхжилттэй донороос авах боломж хуулиар бүрдсэн. Гэвч осол аваарт орж, тархи нь үхэжсэн хүмүүсийн ар гэр нь донор болгохоос дургүйцдэг байна. Тархины үхжилттэй донороос эрхтэн авах боломжтой болсноор эмчилгээ шаардлагатай хүмүүст амь аврагдах нэг гарц нээгдсэн. Харин энэ нь манай улсын хувьд хэрэгжүүлэхэд амаргүй байгааг Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нар хэлж байгаа юм. Ард түмэн донорын хуулийн талаар мэдлэггүйгээс болоод олонх нь зөвшөөрдөггүй гэж байлаа. 

Донорыг харж үздэг бодлого байдаггүй

Ажлаа хийж явсан хүнийг донор болгож, хөдөлмөрийн чадварыг нь түр хугацаанд алдуулж байснаас тархины үхжилттэй донороос эрхтэн авах нь хамгийн зөв шийдэл болоод байна. Учир нь ажлаа хийж яваад хамаатан садныхаа донор боллоо гэхэд тухайн хүн өөрөө хохирч үлддэг харамсалтай жишээ бий. Тухайлбал, иргэн Д гурван жилийн өмнө нагац ахынхаа элэгний донор болжээ. Тэр үед эмнэлэгт 10 гаруй хоног хэвтэн эмчлүүлж элэгнийхээ ихэнх хэсгийг өгчээ. Гэтэл эмч нар “донор болсон тул элгээ нөхөн төлжтөл гам барих хэрэгтэй. Гурван килограммаас дээш хүнд зүйл өргөж болохгүй. Хоёр жил ажил хийлгүй гэртээ амарч, биеэ тэнхрүүлээрэй” гэсэн зөвлөгөө өгчээ. Гэвч дөрвөн хүүхэдтэй, ганц эхнэр нь бага цалинтай ажил хийдэг гэр бүлийн хувьд хоёр жил гэртээ сууна гэдэг хүнд байв. Өрхийн орлого хумигдаж, эдийн засгийн байдал хүндэрснээр аргагүйн эрхэнд гурван сар болоод ажилдаа оржээ. Тэрбээр “Би эрхтэний донор болсон хүнд улсаас ямар нэг халамжийн тэтгэмж өгдөг байж магадгүй гэж бодсон. Бас өөрөө холбогдох газраар явж судалж үзлээ. Гэтэл харж үзэх бодлого байдаггүй юм билээ. Элгээ өгч эрүүл мэндээрээ хохироод, ажил хийхгүй суухаар өрхийн орлого багасаж, амьдрах аргагүй болсон. Эмнэлэгт байхад нэг гэрээн дээр гарын үсэг зуруулсан юм. Та эмчилгээний төлбөр дөрвөн сая төгрөг халамжаас буцааж авна гэсэн утгатай бичиг байсан шиг санагдана. Элгээ өгсний дараа 14 хоног эмчилгээ хийлгэж гараад нөгөө мөнгөө авахаар хөөцөлдсөн чинь таны эмнэлгийн төлбөрт таарсан байна гээд нэг ч төгрөг олдоогүй. Над шиг ингэж эрхтэний донор болсон хүмүүс хохироод үлддэг юм байна. Нагац ах маань өөрөө 80 орчим сая төгрөг төлж элгээ солиулсан болохоор намайг мөнгө санхүүгээр тэтгэх боломжгүй шүү дээ. Тэгээд ч дүүдээ баярлалаа гээд хэдэн төгрөг өгчихвөл эд эрхтэний наймаа гэж үзэх юм билээ. Тиймээс донор болсон хүмүүст халамжийн үйлчилгээ үзүүлдэг тогтолцоотой болмоор байна. Хэдийгээр буянтай үйл боловч хоёр жил ажил хийхгүй байна гэдэг өрхийн эдийн засгийн хувьд хохиролтой юм. Ядаж хоёр жил гэртээ суух хугацааны НДШ-ийг улс төлдөг зохицуулалттай бол болж байна. Ийм зохицуулалт байхгүй болохоор донор болсон нь хохирч үлдэх юм. Би өөрөө барилгын ажил эрхэлдэг хүн. Хэдийгээр хүнд юм өргөхгүйг хичээдэг ч ажлын шаардлагаар гам барьж чадахгүй юм билээ. Хагас болсон эрхтэний хувьд бол яахав, гурван жилийн хугацаанд ургаж, хэвийн болсон” гэж ярилаа. 

Хамгийн зөв шийдэл бол тархины үхжилттэй донор 

Тиймээс л тархины үхжилттэй донорыг сонгох нь хамгийн зөв гарц гэдэг иргэн Д-гийн ярианаас анзаарагдлаа. Ийм төрлийн донор тийм ч ховор байдаггүй юм билээ. Манай улс осол аваарт өртөж буй хүний тоогоор дэлхийд дээгүүрт бичигдэж буй. 2018 онд л гэхэд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгүүдэд тархиндаа цус харвасан, тархинд нь гэмтэл үүссэн, донор болж болохоор 70 гаруй хүнийг илрүүлж, мэдээллийн сандаа бүртгэсэн байна. Осол гэмтлээс болж жилд барагцаагаар 500-600 хүн нас бардаг гэсэн статистик мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг. Ийм том тоо бичигдэж байхад донор хамгийн элбэг олдох найдвар бий гэсэн үг. Уг нь дэлхий дахинд донорын асуудлыг глобал түвшинд шийдсэн байдаг. Европт бол донорын сан бүрдүүлж хуваарилдаг томоохон байгууллага бий. Евротрансплантад хэрэгтэй эрхтэнийхээ захиалгыг өгөөд л цаг алдалгүй шийдэх боломжтой. Манай улс шиг донор хүлээж, зөвшөөрүүлэх гэж цаг хугацаа алдах шаардлага гарахгүй. Уг нь манай улс ч гэсэн High Urgency тогтолцоог бүрдүүлэх, улс хоорондын organ sharing хийхийг хуулиар зөвшөөрөх цаг болсон баймаар. Гэтэл өнөөх л хөгжлөөс сүүл мушгидаг зангаасаа салахгүй нь. Төр засгийн бодлого шийдвэр нь дэлхийн хөгжлийн хурдыг гүйцдэггүй улсын хувьд эмч мэргэжилтнүүд нь хэчнээн мундаг чадварлаг байгаад хэрэг алга. Тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, урам зориг хайрлах сэтгэл төр, засгийн удирдлагуудад дутаж байна. УНТЭ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах багийнхны хувьд төлөвлөсөн ажил их. Ирэх оны дөрөвдүгээр сард элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс заслыг хийнэ. Мөн 2020 оны хоёрдугаар улиралд багтааж нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс засал хийхээр бэлтгэж буй гээд ар араасаа ажил ундарсаар. Энэхүү эмчилгээний ололтод эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан өөрсдөө сэтгэл хангалуун байна. Тус багийн эмч П.Батчулуун “Монголд эрхтэн суулгуулсан хүмүүсийн амьдралын чанар эрс сайжирч, бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн 99 хувь нь нэгээс дээш жил амьдарч байгаа. Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт элэг суулгуулсан хүмүүсийн 93 хувь нэгээс дээш жил амьдарч байна. Хавдар судлалын үндэсний төвд суулгуулсан хүмүүсийн 90 хувь нь, ясны чөмөг шилжүүлэн суулгуулсан хүмүүс 100 хувь нэгээс дээш жил амьдарч байгаа нь бидний ажлын үр дүнг харуулах буй байх. Мөн эрхтэн шилжүүлэн суулгуулаад гурав, тав, арван жил амьдарч байгаа нь энэ эмчилгээний үр дүн сайн болсныг харуулж байна” хэмээв. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний технологи улам боловсронгуй болсоор. Дэлхий дахинд том дэвшил болж буй үүдэл эсийн эмчилгээг туршиж байна. Хэрэв үүдэл эсээс элэг, бөөр, зүрх ургуулах эмчилгээний туршилт амжилттай болбол монголчуудад ч гэсэн таатай байх юм. Үүдэл эсээр эмчилдэг болбол заавал донорын эрэлд хатаад байх хэрэггүй болно. Энэ эмчилгээний арга амжилтад хүртэл тархины үхжилттэй донорын хэрэгцээ их байх нь. Иймээс бусдын амийг аврах сайн үйлсэд нэгдэх, уужуу сэтгэлтэй байхыг монголчуудадаа уриалмаар байна. Төр засаг ч гэсэн энэ асуудлыг анхааралдаа авч, донор болж эрхтэнээ бэлэглэсэн хүмүүсийн амьжиргааг дэмжих талаар бодлого боловсруулах хэрэгтэй болов уу.




A

Жижиг

A

Дунд

A

Том

Засгийн газар чөмгөө дундалж, ясаа цайтал ажиллах л хэрэгтэй боллоо доо

 0 сэтгэгдэл
  • Манай Ерөнхий сайдад Путины сая хэлсэн үг нь монголчуудад гэхээсээ илүү Хятадад хандсан үг гэж ойлгогдлоо
  • Сонгууль монгуульд оноо авах төдийд ашиглана гэж тооцоод, гараа хумин суух юм бол жинхэнэ шившиг болно л доо
  • Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д анх удаа албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн төдийгүй манай Ерөнхийлөгч ч энэ хугацаанд хойд хөршид төрийн албан айлчлал хийж байгаагүй юм

У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал тэгэхээр хоёр талд, тэр тусмаа Монгол Улсын хувьд маш чухал ач холбогдолтой, хүлээлттэй байсан гэдгээрээ онцгой анхаарал татаж байлаа. Энэ талаар дор өгүүлэх болно. Төрийн албан айлчлал нь ямар нэгэн арга хэмжээнд төрийн, болон засгийн тэргүүнүүд уригдаж оролцохоос асар ялгаатай зүйл. Тиймээс таван жилийн өмнө Ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд уригдаж оролцсон Ц.Элбэгдорж, жил бүр уламжлал болон зохиогддог Владивосток, Эрхүүгийн эдийн засгийн форум, арга хэмжээнд цуварч уригддаг өмнөх Ерөнхий сайд нар, Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалуудыг албан ёсны Төрийн айлчлал гэж андуурах хэрэггүй. Тэгэхээр хөрш хэрнээ, хамгийн дотно харилцаатай атлаа Монгол Улсыг үл тоож Оросууд арав гаруй жил төрийн албан ёсны хэмжээнд айлчлал хийлгэж байсангүй гэхээсээ илүү манай ГХЯ-ынхан маш муу ажиллаж байжээ гэж дүгнэж болох юм. Үнэхээр ч манай гадаад харилцаа өнөөдөр ямар ч нэр хүндгүй, хамгийн дорой, өмхийрч ялзарч, чадавхаа бүрэн барсан дампуу салбар болон нурж унасан. Харин яаж энэ удаа У.Хүрэлсүхийг албан айлчлал хийлгэхэд хүргэж чадав гэдэг л сонирхолтой санагдаад байгаа юм. Яг үнэндээ хойд хөршийн зүгээс бидэнд хүндэтгэлтэй хандлага гаргаж төдийлэн дотносоод байхаа больсон цаг дор бид Оросуудаас Хятад руу нийлүүлэх хийн хоолойн шугамаа Монголоор дамжуулаачээ гэж гуйхын тулд энэ айлчлалыг хийлээ гэж хэлэхэд буруудахгүй байх аа! Энэ удаа ч Ерөнхий сайдыг ямар ч хэрэггүй, нэмэргүй манай төгс орк улстөрчид бас л бөөн бөөнөөрөө сүрэглэн дагалдаж яваад ирж. Ирсэн даруйдаа Ерөнхий сайдаасаа түрүүлээд, хийн хоолойг бид Монголоор дамжуулж тавихаар болгож, зөвшөөрлийг нь аваад ирлээ хэмээн ам булаалдан ярьцгаалаа. Элэг авмаар! Тэдний гэрээ, хэлэлцээр хийдэг гэж нээрээ юу байдаг билээ. Шившиг, элэг доог болж дэлгүүр хэсч, хүлээн авалтын хоол бараадан “буудаж” яваад ирдэг гэдгийг нь харин ч сайн мэдэх юм. Ерөнхий сайдын хэвлэлийн алба ч тэднээс дутах юмгүй “онгирч” байна. Хийн хоолойг Монголоор дамжуулж тавина гэдгийг Путин, Хүрэлсүх хоёр уулзаад шийдчихлээ. Орос өвгөн “Монголоор дамжуулахгүй байх улс төрийн ямар нэгэн шалтгаан байхгүй” тиймээс “судалж үзье” гэж манай "булчинлаг" залууд хэлсэн нь хийн хоолойн 50 хувийг тавьчихсантай адил гэсэн үг гэж ирээд л сурталдаад эхэлж байна. Энэ чинь нэгдүгээрт САНАМЖ бичиг төдий гэдгийг бид хаана хаанаа ойлгох хэрэгтэй л дээ. Аливаа хамтын ажиллагааны талаар санамж бичиг гаргаж, байгуулж байгаа нь уг асуудлыг хэрхэхийг бүрэн шийдчихэж байгаа хэрэг огт биш юм. Санамж бол санамж, сануулга, санал болгож буй төдий зүйл. Санамж байгуулсан болгон хамтын ажиллагааны яс, тас гэрээ шиг заавал биелэгдэх ёстой гэж эндүүрч болохгүй. Тэгээд ч Оросууд зөвшөөрлөө гэхэд Хятадууд татгалзсан байр сууриа хадгалсаар байх аваас хэрхэх билээ. Тэгээд юу гэх гээд байна вэ гэхээр манай маанаг хэдэн улстөрч хөөрцөглөж, поопроод байх хэрэггүй юм. Ядаж хэдэн жилийн цаадахыг харж байж бурж баймаар. Тийм чадвартай нь ч тун цөөн л дөө. Тэгвэл ядаж “их тэнэгийн дуугүй нь сүртэй” гэдгийг мөрдөөд сууж байх нь өлзийтэй гэдгийг сануулмаар санагдаад байна. Тав, арван жилийн дараа санамж байгуулснаа ч мартчихсан сууж байж мэднэ шүү дээ, та нар! Ерөнхий сайд маань ямар ч байсан талархал магтаал урсган, ичингүйрэн бадайрч, инээмсэглэмэр аядаж байгаад санамж байгуулаад ирсэн нь сайн хэрэг. Оргүй байсан дор охинтой нь дээр гэдэг. Муу зүйл огт биш. Харин хөөрцөглөж, онгироод байхын оронд Монголын Засгийн газар одоо л маш сайн, ёстой л чөмгөө дундалж, ясаа цайтал ажиллах хэрэгтэй байна. Сонгууль монгуульд оноо авах төдийд ашиглана гэж тооцоод, гараа хумин суух юм бол жинхэнэ шившиг болно л доо. У.Хүрэлсүх айлчлалаасаа буцаж ирснээсээ хойш цаг хугацааг алдаад эхэллээ. Тэр энэ санамж бичгийг ажил хэрэг болгох үүрэгтэй, зорилготой тусгай Ажлын хэсэг яаралтай гаргах хэрэгтэй байлаа. Ард түмэн, монгол хүн бүр шүүмжлэхийн оронд идэвх гаргаж, энэ төслийг ажил хэрэг болгоход нь тэднийг шахаж, бас туслах хэрэгтэй. Ингэхгүй л юм бол энэ санамж Мянгуужингийн үлгэр болж үлдээд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтээсээр яваа поп түүх улам л зузаарч үлдэх нь лавтай. Монголын улстөрчид, тэр тусмаа эрх баригчдын амласнаа биелүүлдэг жишиг, жишээ гэж ер нь байдаг билүү! Манай “томчууд”-ын албан айлчлалын хүрээнд хэлэлцэгдээд шийдэгдэж ажил хэрэг болсон зүйл бишгүй байдаг ч, хөөс болж хагарсан нь ч нэн их. Зүгээр л зарим нэг мэдээллийг сануулахад монголчууд бид ОХУ, Хятадыг холбосон хийн хоолойг нутгаараа дамжуулахыг асар хүсч байгаа нь үнэн. Гэхдээ манай хоёр хөршийн сонирхол тэс өөр байдаг болохыг өдгөө тэдний хооронд таван жилийн өмнөөс хэрэгжүүлээд эхэлсэн “Сибирийн хүч” төсөл харуулдаг. Энэ төсөл дуусаж, ердөө арав гаруй хоногийн өмнө нээлтийн ажиллагаа болоод өнгөрлөө. Хятадын Зүүн өмнөд бүс рүү жилдээ 38 тэрбум шоо.метр хийг 30 жилийн хугацаатайгаар нийлүүлэх гэрээ байгуулж, ажлаа эхлүүлчихлээ. 400 тэрбум ам. долларын үнийн дүнтэй гэрээ. Зүүн талд тэгэхээр Монголын ямар ч оролцоо хэрэггүй болохыг харуулчихлаа. Харин Хятадын баруун бүсэд хий дамжуулах “Сибирийн хүч-2” төслийн дагуу Алтайн хязгаараар дамжуулан жилд мөн л 30 тэрбум шоо.метр байгалийн хий нийлүүлэх үйл ажиллагаа жаахан удаашрах болсон нь магадгүй бидэнд боломж олгож байгаа хэрэг. Хоёр тал нийлүүлэх хийн үнэ ханшийн ерөнхий хэлцлүүд дээрээ тохирохгүй байгаагаас ийн эхэлчихээд байсан төсөл саатсан гэж сонссон. Гэрээгээ хоёр тал үзэглээгүй хэвээр байгаа юм билээ. Энэ гэрээ тохиролцоонд хүрч хэрэгжээд эхэлбэл бидний хөөрцөглөөд байгаа “амжилт” маань үлгэр болж Монголыг энэ мега төслүүд тойроод гараад явчихна гэсэн үг. Иймээс л Путин ам гарсан дээр нь бид өөрсдөө санаачилгатай, асар шаргуу ажиллах л хэрэгтэй болоод байгаа юм. Хятадууд хэдийгээр дургүйцэж байгаа ч, Путинг зөвшөөрүүлсэн байхад учир бий л дээ. Өмнө нь Владивостокын уулзалтууд дээр Путин манайд татгалзах зүйлгүй гэдгээ энэ удаагийнх шигээ амлаж л байсан, бид сонсоод л сууцгаасан. Тэгээд бидний зүгээс санаачилга гаргахгүй байхад тэд өмнөөс минь санаачилга гаргаад хүрээд ирэхгүй шүү дээ. Бидний нэг ийм арчаагүй залхуу, ажил хэрэгч биш байдал энэ удаа давтагдах ёсгүй гэдгийг л хэлэх гэсэн санаа минь энэ юм. Монголоор хийн хоолой дамжуулах нь эдийн засгийн хувьд ашигтай болохоор тэд биднийг гуйж л таарна гэж бодож байвал, дүүрчихсэн тэнэг толгой л гэхээс өөр үг бидэнд үл таарах бий вий. Хятадад хий нийлүүлэхэд зуучлагч, тэр тусмаа Монгол ямар ч хэрэггүй гэдгийг өмнөд хөршийнхөн илт илэрхийлдэг шүү дээ. Тэд ядаж Путин шиг судалж үзье, татгалзах зүйлгүй энэ тэр ч гэж хэлдэггүй юм. Манай Ерөнхий сайдад Путины сая хэлсэн үг нь монголчуудад гэхээсээ илүү Хятадад хандсан үг гэж ойлгогдлоо. Хэрвээ баруун талаар хий нийлүүлэх төсөл урагшлахгүй хэвээр байх юм бол Монголоор дамжуулж барьж болох юм шүү гэсэн санаагаа тэрбээр илэрхийлж, тэдэнд дохио сануулга өгч байж болох шүү дээ. За тэгээд Ерөнхий сайд минь ажиллаад л байх хэрэгтэй болж дээ. Үр дүн хичээл зүтгэлээс л гардаг гэдгийг монголчууд бүгд эргэн санаж, хамтдаа хичээх л ёстой болно доо. Хоолой Монголоор дайраад гарсны дараа хэн ч онгирч болно шүү дээ. 


A

Жижиг

A

Дунд

A

Том

НДС-ийн ачааны хүндийг үүрдэг ажил олгогчдыг дэмжих цаг болсон

 0 сэтгэгдэл
  • Их төрөлтийн үеийнхэн тэтгэвэртээ гарч эхэлсэн ч зардлыг нөхөх залгамж халаа нь алга
  • Пост коммунист байсан улсууд нэг ч шимтгэлийн баазгүй зах зээлийн нийгэмд ороод ирэхээр шилжилтийн үеийн цохилт нь одоо хүртэл мэдрэгдээд байгаа юм 

Ирэх онд нийгмийн даатгалын шимтгэлийг дахин хоёр хувиар нэмэхээр болсон нь нийгэмд багагүй бухимдал төрүүлээд байна. “Засгийн газрын мэдээ” сонин уг асуудлаар иргэдэд нэгдсэн ойлголт өгч, талуудын байр суурийг хүргэх зорилгоор редакцын хэлэлцүүлэг зохион байгууллаа. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь асуудлыг шийдэх гарц мөн үү, тэтгэврийн сан яагаад алдагдалтай байдаг вэ, сангийн хөрөнгийг арвижуулах боломж байна уу, даатгалын сан дахь татвар төлөгчдийн мөнгийг эрсдэлд оруулж буйн хариуцлагыг хэн хүлээх вэ, нийгмийн даатгалын системийн шинэчлэлийг хэрхэн хийх вэ зэрэг олон асуудалд хариулт өгөхөөр ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал, НДЕГ-ын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, Ametros Technology ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ч.Ганхөлөг, МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Г.Алтанзаяа нар манай редакцид ирсэн юм. Хэлэлцүүлгийг “Засгийн газрын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч Б.Дуламхорлоо хөтлөн явууллаа.

-“Засгийн газрын мэдээ” сонин анхны мультмедиа өдөр тутмын сонины редакц болохын хувьд нийгмийн анхаарал татсан сэдвүүдийг сонгон сар бүр хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон. Хэлэлцүүлгийн хамгийн эхний сэдэв бол 2020 он эхэлмэгц хэрэгжиж эхлэх НДШ-ийн нэмэгдэл. НДШ-ийг 2017 оноос үе шаттайгаар нийт таван хувиар нэмэхээр хуульчилсан. Ер нь НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлэх нь богино болон урт хугацаандаа зөв шийдэл мөн үү?

-Ц.Ганцэцэг: /НДЕГ-ын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга/ 

-Үүнд хариулт өгөхийн тулд маш олон асуудлыг хөндөх шаардлагатай болно. Манай улс тэтгэврийн даатгалын хуваарилалтын тогтолцоотой. Өөрөөр хэлбэл, өнөөдөр шимтгэл төлж буй иргэдээс төвлөрүүлсэн орлогоо одоо тэтгэвэр авч буй 420 мянга орчим хүнд зарцуулж байна. Сүүлийн үед тэтгэвэр авагчдын тоо хурдацтай өсөж байгаа. Жилдээ 40 гаруй мянган хүн шинээр тэтгэвэр тогтоолгодог. Мөн тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Дээрээс нь тэтгэвэрт гарсан хүмүүсийн амьдрах хугацаа уртсаж буй. Энэ нь тэтгэврийн даатгалын санд зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм. 

-Ч.Ганхөлөг: /Ametros Technology ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал/ 

-Монголын нийгмийн гол ачааг үндсэндээ дундаж давхаргынхан үүрч яваа. Гэтэл номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг бизнес эрхэлж буй байгууллага, ажил хийж буй хүмүүс дээр бүх ачааг овоолоод байна. Бидэнд чинь даах хэмжээ гэж бий. Нийгмийн даатгалын ерөнхий газрын сайтан дээрээс харсан ганцхан статистикийг энд хэлье. 2016-2019 оны хооронд нийгмийн даатгалд өртэй байгууллагын тоо 54.9 хувиар нэмэгдсэн байна. Өрийн хэмжээ нь гэхэд 49 хувиар нэмэгдсэн байх жишээтэй. Энэ нь НДШ нэмэгдсэнээс шалтгаалаад байгууллагууд шимтгэлээ төлж чадахгүйд хүрч байна гэсэн үг. Яахав, үр өгөөж нь хангалттай сайн бол нүдээ аниад төлөөд явъя гэхсэн. Гэтэл эргээд ирж буй өгөөж гэхээр зүйл байдаггүй. Тиймээс НДШ-ийн нэмэгдлийг хүлээн зөвшөөөрнө гэдэг хүнд байна. 

-Б.Батжаргал: /ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн даатгалын хэлтсийн дарга/

 -Нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоо зөвхөн манай улсад үүсээд буй асуудал биш. Одоо бидний авч яваа тогтолцоо бол Германаас үүсэлтэй, Бисмаркийн загвар. Ажилласан жилийн дунджаар тэтгэвэр тогтоож, үүнийг нь одоо ажиллаж буй хүмүүс төлдөг 130 жилийн настай тогтолцоо. Сая алдагдал нэмэг дээд буйн шалтгааныг олох ёстой гэлээ. Уг нь шалтгааныг нь олчихсон юм. Бисмаркийн загварт ямар асуудал тулгарсан бэ гэвэл, 1950-1960-аад оны сүүл үе хүртэл үргэлжилсэн их төрөлтийн хүмүүс одоо тэтгэвэртээ гарч эхэлж байна. Үүнийг baby boom гэж дэлхий даяар нэрлэдэг. Энэ системийн нэг сул тал нь насжилт. Дундаж наслалт ихсэх тусам зардал нэмэгддэг. Энэ зардлыг нөхөх залгамж халаа нь шинэ төрөлтүүд. 1990 оноос өмнө манай улсын нэг айлд 6.9 хүүхэд байсан бол 1991 оноос хойш 1.9 болж буурсан. Энэ бууралт 2002 он хүртэл үргэлжилдэг. 1950-1960-аад оныхон тэтгэвэрт гарахад араас нь залгамж халаа болох үеийнхэн алга болчихсон гэсэн үг. Энэ нь тэтгэврийн сангийн алдагдалд ихээр нөлөөлж байгаа. Гэхдээ ийм үзэгдэл зөвхөн Монголд байгаа юм биш. Хоёрдугаарт, манай нийгэм, эдийн засгийн байдал нөлөөлж байна. Хүн амын төрөлт нэг үеэ бодвол нэмэгдэж байна. Гэхдээ өсөж том болсон залуус тогтолцоондоо орж ирэхгүй байна. Энэ нь хоёр шалтгаантай. Юуны өмнө ажилгүйдэл нөлөөлсөн. Мөн албан бус хөдөлмөр эрхлэгчид олширлоо. Үүнийг аль ч улс орон тооцоолоогүй. Албан бус хөдөлмөр эрхлэгчдэд таарсан нийгмийн даатгалын тогтолцоо нэвтрүүлсэн улс одоогоор алга. Одоо Монголд нэг сая орчим даатгуулагч байна. Уг нь даатгуулах ёстой хүний тоо 1.5-1.6 сая орчим байгаа юм. Харин үлдсэнх нь албан бус хөдөлмөр эрхлэгчид болон малчид. Энэ хүмүүс тогтолцоонд орж ирэхгүй болохоор урсгал балансад сөргөөр нөлөөлж буй. Өөр нэг асуудал нь цагаачлал. ГХЯ-ны мэдээллээр 175 мянган монгол иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна. Насыг нь аваад үзвэл дандаа хөдөлмөрийн насныхан. Тогтолцоонд байх ёстой 175 мянган хүн гараад явчихаар үндсэн балансад бас сөргөөр нөлөөлж байгаа юм. Ийм шалтгаанууд байгаа учраас асуудал үүссэн гэдгийг юуны өмнө хэлэхийг хүсэж байна.

-Асуудал юундаа байгааг тодорхойлчихсон юм байна. Ямар ч байсан одоо төлж буй хувь хэмжээ багадаагүй юм байна гэж ойлголоо. Тиймээс шийдэл нь шимтгэлийн хэмжээг нэмэхэд биш, энэ асуудал руугаа чиглэх ёстой юм биш үү

-Б.Батжаргал: 
/ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн даатгалын хэлтсийн дарга/

-Ер нь анзаараад байхад анхнаасаа зах зээлийн жамаар явсан улсуудын шилжилт пост коммунист байсан улсуудтай харьцуулахад илүү хурдан байна. Яагаад гэвэл суурь сайтай. Харин манайх 1991 он хүртэл нэг ч хүн тэтгэврийн даатгалд нэг ч төгрөг төлөөгүй. Пост коммунист байсан улсууд нэг ч шимтгэлийн баазгүй зах зээлийн нийгэмд ороод ирэхээр шилжилтийн үеийн цохилт нь одоо хүртэл мэдрэгдээд байна. -Г.Алтанзаяа: Миний хувьд одоогийн асуудлыг шийдэхийн тулд НДШ-ийг нэмэгдүүлэх нь зөв гарц биш гэж хэлнэ. Төрийн зүгээс хуваарилалтын тогтолцоогоо үргэлжлүүлье, тиймээс бид нэмэхээс өөр аргагүй гэдэг. Гэтэл нийгмийн даатгалын тогтолцоо эргээд үр шимээ өгдөг байх ёстой. Даатгуулагчдын хувьд хуримтлалын системийг хүсээд байгаа юм. Тиймээс тогтолцоогоо өөрчлөх замаар энэ асуудлыг шийдэх боломж байна. Бид ирээдүйд эрсдэлээс хамгаалахын тулд л энэ мөнгийг төлж байгаа шүү дээ. Мэдээж зөв тогтолцоонд, зөв хуваар илалттай системээс үр өгөө жөө хүртэж байгаа бол шимтгэл нэмэх асуудал иргэдэд тийм ч их сөрөг нөлөө үзүүлэхгүй байх. Харин өнөөдөр тэгш бус систем үйлчлээд байгаад л иргэд, даатгуу лагчид дургүйцээд байгаа юм. Жишээ нь, тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил, нас гол үзүүлэлт болдог. Гэтэл насаараа ажиллачихаад 500-600 мянган төгрөгийн тэтгэвэр авч байхад дөрөв тавхан жил дээд зэргийн хэмжээгээр шимтгэл төлчихөөд тэр хүнээс хэд дахин өндөр тэтгэвэр тогтоолгоод байна. Төр яагаад даатгуулагчдын хүсээд байгаа хуримтлалын системийг бий болгох асуудлыг нэн тэргүүнд тавьж болохгүй гэж. НДШ-ийг нэмснээр бүх асуудал шийдэгдэнэ гэж яагаад үзээд байгаа юм.

-Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн өгөөжөө эргээд хүртэх ёстой гэдэг тал дээр Б.Батжаргал дарга та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Б.Батжаргал: /ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн даатгалын хэлтсийн дарга/

-Төлсөн шимтгэлийг буцаагаад ашиглахад нь бид индексжүүлж байгаа. Тэтгэврийг үнэгүйдлээс хамгаалж байгаа нэг хэлбэр. Нөгөөтэйгүүр тогтоос он тэтгэврийг нэмэгдүүлж байгаа. Гэхдээ инфляц тэтгэвэр үнэгүйдэхэд маш их нөлөөлдөг. Үнэнийг хэлэхэд инфляц савлах бүрт дагаж тэтгэврийг хөдөлгөөд байх хэцүү. Яагаад гэвэл тэр инфляцыг тооцсон шимтгэлийг бид анхнаасаа аваагүй. Хүмүүс биднээс тэтгэврийн даатгалд төлсөн мөнгө хаашаа ороод байгаа юм бэ гэж асуудаг. 2019 онд дөрвөн санд 2.2 их наяд төгрөгийн орлого цугларч байгаа юм. Эргээд гарч буй нь бараг хоёр их наяд. Үүний 1.8 их наяд нь тэтгэвэрт, 200 тэрбум нь тэтгэмжид зарцуулагдаж байна. 

-НДШ нэмэгдсэн нь хувийн хэвшилд хэрхэн нөлөөлж буй талаар Ч.Ганхөлөг захирал тодорхой ярих байх. Жишээ нь, 2017 онд НДШ нэмэгдсэн нь танай компанид ямар хэмжээний дарамт болж байна? 

-Ч.Ганхөлөг:  /Ametros Technology ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал/

-Татвар төлөгчид заавал хоёр тайлан гаргаж, бүх юмаа нууж хаагаад байх сонирхол байдаггүй. Бид аль болох төлөх ёстойгоо төлөөд, шударгаар явахыг зорьдог. Гэтэл бүх татвар нэмэгдээд ирэхээр хаанаасаа хэмнэлт хийх вэ гэж бодож эхлэхээс аргагүй болж байна. Нэг сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэж бодоход ажил олгогчийн зүгээс 35 мянган төгрөг НДШ-д төлөх болж байна. Компанийн тогтмол зардал ийн нэмэгдэхийн хэрээр байгууллагууд үйл ажиллагаагаа бага зэрэг хумихаас аргагүйд хүрч байна. Ялангуяа үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагуудад илүү хүндээр тусах байх. Татварын зардал нэмэгдсэн ч бидэнд буцаад ийм хэмжээний орлого орж ирээгүй байхгүй юу. Тиймээс бүтээг дэхүүний үнээ нэмэх байдлаар зардлаа нөхөхөөс аргагүйд хүрнэ. Манай компанийн тухайд одоох ондоо цомхотгол хийх байдалд арай хүрчихээгүй байна. Гэхдээ нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжлээд байвал зөвхөн манайх гэлтгүй бусад байгууллага ч бүтээгдэхүүний үнээ өсгөх, эсвэл хүний нөөцөө цомхотгох нөхцөл байдал руу орох байх. 

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан статистик байна. Нийт 46 мянган аж ахуйн нэгж НДШ төлж байгаагаас 19 мянга нь нийт 176 тэрбум төгрөгийн өртэй байна. НДШ-ийн нэмэгдэлтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдээс орлого хураахад хүндрэл үүсэж байна уу? 

-Ц.Ганцэцэг: /НДЕГ-ын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга/

-Энэ асуудалд хоёр тусдаа ойлголт байгаа юм. НДШ-ийг ажил олгогч тухайн сардаа багтааж төлөх үүрэгтэй. Гэтэл Хөдөлмөрийн хуулиар  Ажил олгогчид сардаа цалингаа хоёроос доошгүй удаа тавихаар зохицуулсан. Ажил олгогчид тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад эцсийн цалингаа дараагийн сар гаргаад тавих тохиолдол байдаг. Ингэснээр НДШ-ийн тооцоолол дараа сардаа үүсэх тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, сар, улирал дамжсан урсгал өр авлага байна. Харин энэ 176 тэрбум төгрөгөөс 100 орчим нь харьцангуй удаан буюу 120 хоногоос дээш настай өр байгаа юм. 

-Нийгмийн даатгалын санд мөнгө төвлөрөөд тэр дороо буцаад гарч байгаа гэж Б.Батжаргал дарга хэллээ. Магадгүй сангийн мөнгө үржих, арвижих, өөр эх үүсвэрээс нэмэгдэх боломж байдаг уу. Яагаад хөрөнгө оруулалтын сан шиг ажиллаж болохгүй гэж?

-Б.Батжаргал: Манайхан “Тэтгэврийн сангийн хөрөнгийг арвижуулмаар байна” гэж хэлдэг. Хоёр системт схем нь жаахан төвөгтэй. Яагаад гэвэл бидний төлж байгаа мөнгө тэр өдрөө л баланслаад гарчихдаг. Хуримтлалын системтэй болох төрийн урт хугацааны бодлого бий. Хуримтлалын систем рүү орох гэж оролдсон пост коммунист орнуудын жишээг бид сайн судалдаг. Тухайлбал, даатгуулагч тодорхой хугацааны эцэст сар бүр 100 төгрөгийн тэтгэвэр авна гэж үзье. Түүнийхээ хэдэн хувийг баталгаат тэтгэврээс, хэд нь хуримтлалын схемээс авах вэ гэдэг нь бодох асуудал. 100 хувь хуримтлалын тогтолцооноос тэтгэвэр авна гэвэл маш эрсдэлтэй. Тухайлбал, Чили 1977 оноос хуримтлалын схем нэвтрүүлсэн. Чили нь хуримтлалын тэтгэврийн маш том системтэй байсан. Харамсалтай нь дэлхийн эдийн засгийн гурван удаагийн хямралаас үлэмж хэмжээний эрсдэл хүлээсэн. Гэтэл одоо өгч байгаа тэтгэвэр нь хүмүүсийн хүлээж байсан хэмжээнээс хамаагүй бага байгаад иргэд нь дургүйцэж эхэлсэн. Харин Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд “Та нар энэ 100 төгрөгийг нэг схемд найдаж бүү орхи. Энэ схем чинь нураад унавал мөнгөө хүлээж байгаа хүмүүсийн хүлээлтийг нураана шүү” гэж зөвлөдөг. 

-Гэхдээ аюулгүй хөрөнгө оруулалтууд руу оруулж болно биз дээ? Засгийн газрын бонд авч болно. 

-Б.Батжаргал: /ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн даатгалын хэлтсийн дарга/

-Одоогийн хуулиар гурван төрлийн хөрөнгө оруу лалт байж болно. Эхнийх нь Засгийн газрын бонд авах, хоёрд угаарт арилжааны банкинд хадгалах, улмаар Монголбанкны үнэт цаас авах. Гэхдээ санд чөлөөт мөнгөн үлдэгдэл байвал шүү дээ. 

-Арилжааны банктай холбогдуулаад асуухад НДС-ийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкинд хадгалаад, буцааж авч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр тус банкнаас НДС-гийн 105 орчим тэрбум төгрөгийг хэрхэн гаргуулах нь тодорхойгүй байна. ААН-үүд, хөдөлмөр эрхлэгчдийн нуруун дээр ачаа үүрүүлэн байж төвлөрүүлсэн сангийн хөрөнгийг ажил хариуцсан хүмүүс өсгөж, арвижуулах нь байтугай үрж барагдуулж байгаад хэн хариуцлага хүлээх вэ? 

-Б.Батжаргал: /ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн даатгалын хэлтсийн дарга/

-Капитал банкны жишээ бол хөрөнгийн удирдлагын маш том анхаарах кейс болж байна. Засгийн газар бонд гаргахаа больсон. Монгобанкны үнэт цаасны хувьд мөнгөний бодлоготойгоо уялдаж гардаг. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг мөнгөний бодлоготой уялдуулж хийнэ гэдэг утгагүй. Уг нь хөрөнгийн зах зээлтэйгээ уялдах ёстой. Тэгэхээр арилжааны банкинд байршуулахаас өөр сонголтгүй болж байна гэсэн үг. 104.9 тэрбум төгрөгийг бид Капитал банкнаас нэхэмжилсэн, Дампуурлын хуулийн дагуу процесс үргэлжилж байна. Харин Капитал банктай гэрээ сунгасан асуудлын хувьд банкин дээр нэг бол харилцах, нөгөөх нь хадгаламжийн данстай байх ёстой. Аль нэгээр нь сунгахгүй бол тэр мөнгө эзэнгүйдэх гээд байсан учраас бид гэрээгээ сунгаж байж нэхэмжлэлээ гаргаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг шинэчлэхдээ ямар хөрөнгө оруулалт руу сангийн хөрөнгийг хийх вэ, түүнийг хэн менеж хийх үү гэдгийг мөн тодорхой тусгаж байгаа юм. Яг үнэндээ ХНХЯ-н дээр лав менеж хийх боловсон хүчин байхгүй. Мөн НДЕГ-т ч гэсэн хөрөнгө удирдах чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн яг үнэндээ байхгүй. Тэгэхээр бид шинэ хууль дээр “Хэрэв НДС-гийн чөлөөт мөнгөн үлдэгдэл байгаа бол тэр хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хараат бус байгууллагад өгч, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хяналт тавьдаг байх” зохицуулалтыг тусгаж байна.

-Яамны зүгээс НДШ төлж байгаа хөдөлмөр эрхлэгчдийн хүрээг нэмэгдүүлэх талаар ямар нэгэн бодлогын арга хэмжээ авч байна уу. Одоо хэрэгжүүлж байгаа энэ бодлого 50 ажилтантай компанийг арван хүнээ цомхотгох, 800 мянган төгрөгийн цалингаа нэг сая болгох шийдвэрээсээ буцахад хүргэх байдал руу оруулж байна. 

-Б.Батжаргал: /ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн даатгалын хэлтсийн дарга/

 -Сангийн балансыг ярихад хамралт чухал нөлөөтэй. Гэхдээ бид тухайн хүний авах тэтгэврийн хэмжээг бас ярьж байна. Тэр нь харин хамрагдалтад хамаагүй. 

-Тэр сонголтыг нь олгож болохгүй юм уу. Өнөөдрийн нөхцөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 310 мянган төгрөгөөс өндөр тэтгэвэр авмаар байгаа бол түүнийг нь сайн дурынх болгож болохгүй гэж үү?

-Б.Батжаргал: /ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн даатгалын хэлтсийн дарга/

-Шинэчлэлийг тэр чиглэлд хийж байна. Тухайн хүний авах тэтгэврийн хэмжээ төлж байгаа шимтгэлээс хамаарна. Насаараа доод хэмжээгээр шимтгэл төлсөн хүн өндөр тэтгэвэр авна гэвэл шударга ёсонд нийцэхгүй. Монгол Улсын хувьд нас, шимтгэл, тэтгэвэр тооцдог цалингийн хувиа шийдсэн. Харин одоо системийн шинэч лэлийг хийхээр хуулийн төслөө боловсруулж байна. Хамгийн хэцүү зүйл нь системийн шинэчлэл хийсэн ч нэгэнт бий болгосон хүлээлтэд хүрэхгүй байх нь улс орнуудад ажиглагдаж байна. Нэг давхаргат тогтолцоог олон болгоод, хуваарилалтаас хуримтлалын тэтгэврийн сан руу шилжсэн улс орнуудын өндөр хүлээлт талаар болсон тохиолдол Орос, Польш, Чехийн шинэчлэлээс харагдаж байна.

-Ч.Ганхөлөг: /Ametros Technology ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал/

 -Аливаа асуудлыг шийдэх арга хэлбэр олон бий. Харин НДШ-ийг нэмэгдүүлэх байдлаар асуудлыг шийдэж байгаа нь хэтэрхий муйхар байна. Айлаар аваад үзвэл гурван хүүхэдтэй айлын хоёр нь гайгүй сайн ажилладаг, нэг нь ажилгүй байж болно. Гэтэл ажил хийдэг хоёр хүүхдээ “Илүү сайн ажилла” гээд өшиглөж байгаатай адил. Ийм арга нь богино хугацаанд муу үр дагавар авч ирэх талтай. Одоо үүрч байгаа ачаа нь тэртээ тэргүй хүнд байна. Үүний оронд нийгмийн даатгалын шимтгэл төлөгсдийн хүрээг нэмэх ч юм уу өөр гарц хайх хэрэгтэй.

-Ц.Ганцэцэг: /НДЕГ-ын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга/ 

-Нийгмийн даатгалын сангийн орлогын 50 гаруй хувийг ажил олгогч бүрдүүлдэг. Тэгэхээр нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд ажил олгогчийг дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн осол гаргаагүй, ажлын байрны нөхцөлөө сайжруулсан ажил олгогчдыг дэмждэг, шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг хөшүүргүүдийг нэвтрүүлэх цаг болсон.

-Б.Дуламхорлоо: /“Засгийн газрын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч/

-Энэхүү хэлэлцүүлгээс шийдэл болох олон талын байрь суурь гарлаа. Хүнд өвдөх, төрөх, өтлөх, өөд болох гээд амьдралын зайлшгүй нөхцөл байдал үүсдэг. Энэ бүгдэд төрөөс үзүүлэх дэмжлэгийн санхүүгийн эх үүсвэр нь ямар байх вэ гэдэг дээр гарсан саналуудыг бид зөвлөмж болгон холбогдох төрийн байгууллагуудад хүргэх болно.