A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1124/

Хүчирхийллээс сэргийлэх ажил хөдөөд орхигджээ

​Хамтарсан багууд чадваргүй тул төсөв зориулалтын дагуу зарцуулагддаггүй​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1124/


“Тулгарсан асуудлаа яриад ирж байгаа сурагч хүүхэдтэй би яаж харьцах хэрэгтэй юм бол” хэмээн орон нутгийн нэгэн дотуур байрны нийгмийн ажилтан сургагч багшаас аминчлан асуув. Тэрбээр сургуульд нь эмзэг бүлгийн, дагуул, тавиул, хөгжлийн бэрхшээлтэй, хүнсний талоноор амьдардаг хэдэн хүүхэд байдаг, тэдний эрүүл мэндийн үзүүлэлт, гэр бүлийн орчныг нь судалж, тогтмол бүртгэж байх нь нийгмийг айхтар цочирдуулаад байгаа дуулианууд болох хүүхдүүд цаг бусаар эндэхээс 60 хувь сэргийлдэг талаар номын дуу сонсоод буй нь тэр. Гэхдээ сурагч хүүхдүүдээ хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах, ялангуяа өсвөр насны хүүхэдтэй хэрхэн зөв харилцаж, асуудлыг нь хамтдаа шийдвэрлэхийн тулд яаж тулж харилцах арга ухаанаа нэг л олохгүй байгаагаа нуусангүй. Хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх хуулиудыг хоёр жилийн өмнө баталж, өдгөө мөрдөж буй ч хохирогчдын тоо буурахгүй байна. Тиймээс үүний шалтгааныг олохоор бид орон нутгийг зорилоо.

ХОХИРОГЧ ТӨВТЭЙ ХАНДЛАГА ХАМТАРСАН БАГУУДАД ДУТАГДАЖ БАЙНА

Орон нутгийн нэгэн хамтарсан багийн нийгмийн ажилтныг нөхөр нь онц хэрцгийгээр хөнөөжээ. Талийгаач өмнө нь ажил дээрээ удаа дараа хөхөрсөн, гэмтэл авсан ирдэг байсан ч ажлынхан нь “үл тоожээ”. Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн хамт олон нэгнийхээ төрсөн өдөр, баярыг алгасалгүй тэмдэглэдэг, наргиж цэнгэх дуртай байж. Ингэж явахдаа хохирогч гэр бүлээс гадуурх харилцаанд орсныг нөхөр нь мэдэж, тийнхүү хэрцгийгээр хөнөөжээ. Гэтэл үүнийг нь мэдсэн ажлынхан нь гэр бүлээс гадуур харилцаанд орсон юм чинь өөрөөсөө л болсон хэмээн хохирогчийг буруутгасан байна. Нөхрөө хуурсны төлөө хүн амь насаараа хохирч болно гэсэн хандлагатай, “Хүн бүр амьд явах эрхтэй” гэсэн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын суурь зарчмыг ч мэдэхгүй хамтарсан баг байна гэсэн үг. Мөн мэргэжлийн хамт олон атлаа гэр бүлийн хүчирхийлэлд байдаг нэгнээ яагаад хамгаалж, сэргийлж, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсэнгүй вэ. Түүнээс гадна дагавар охиноо хүчирхийлж, жирэмсэн болгосон хойд эцэгт зохих хариуцлагыг нь хүлээлгэж, хорьсон боловч хамтарсан баг хохирогчийг хамгаалахдаа мэргэжлийн алдаа гаргасан тохиолдол байна. Ээж болон хохирогч охинд гэр өгсөн боловч гэмт хэрэгтний садангуудтай нэг хашаанд байрлуулсан аж. Үүнээс болж ээж, охин хоёрыг гэмт хэрэгтний хамаатнууд байнга ад үзэж, чимээгүй хүчирхийлэх болжээ. Энэ нь хамтарсан багуудыг чадавхжуулахад хохирогч төвтэй хандлага төлөвшүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байна.


846 СУРАГЧААС 100 ГАРУЙ НЬ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БАЙЖЭЭ

Нэгэн хойд эцэг ахлах ангид сурдаг дагавар охиноо өвөртлөөд унтаж байхад нь охины ангийн багш, сургуулийнх нь нийгмийн ажилтан гэрт нь яваад орчихжээ. Охин тэр өдөр хичээлдээ ирээгүй учраас сургуулийнх нь нийгмийн ажилтан араас нь нэхэж очсоор хойд эцгийнхээ бэлгийн хүчирхийлэлд байдгийг мэдсэн нь тэр. Гэхдээ ийн илрүүлсэн нь санаандгүй тохиолдол биш юм. Нийгмийн ажилтан Х.Цолмон сургуулийнхаа 846 хүүхдэд эрсдэлийн судалгаа хийж, 100 орчмыг нь эрсдэл өндөртэйд ангилсан байна. Харин хоёр эмэгтэй дүүтэй ахлах ангийн мөнөөх охин хойд эцэгтэй, хичээлээ үе үе тасалдаг учраас өндөр эрсдэлтэй ангилалд оруулсан аж. Эрсдэл өндөр хүүхдүүдийн ар гэрээр Х.Цолмон ангийн багштай нь явж сэргийлэх арга хэмжээ авч явахдаа тийнхүү илрүүлсэн юм. Харин дунд эрсдэлтэй хүүхдүүдийг илүү анхаарч ажиллахыг ангийн багшид нь даалгаж, эрсдэл багатайг нь зан үйлийн болон урьдчилан сэргийлэх сургалтад хамруулдаг аж. Тус сургуулийн захирал нийгмийн ажилтандаа унааны мөнгө болгож долоо хоногт 5000 төгрөг өгдөг байна. Сурагчдын нэрсийн ард улаан, цэнхэр, ногоон өнгөөр эрсдлийн түвшнийг нь тэмдэглэснийг харсан сургагч багш “Орон нутгаар явахдаа ингэж ажилласан нэг ч нийгмийн ажилтан, хамтарсан баг хараагүй. Харж байна уу, ингэж сэтгэл гаргаж ажилладаг учраас сургуулийнх нь захирал ажлыг нь ойлгож, дэмжиж байна шүү дээ. Бүх сурагчийнхаа эрсдэлийн түвшинг нэг бүрчлэн гаргаж, яаж ажиллах талаар төлөвлөгөө гаргаад орвол ямар ч захирал засвар үйлчилгээ, анги танхимын тохижилт ярихаасаа урьтаж сурагчдынхаа л эрхийг хамгаална шүү дээ” хэмээн бахдалтай өгүүлэв. Сэтгэлд гал байхад зууханд түлээ олддог өөр нэгэн жишээ Баянхонгор аймагт бий. Тус аймгийн хамтарсан багууд харилцааны зөрчил маргаантай, хүчирхийлэл үйлдэж болзошгүй, хамгийн өндөр эрсдэлтэй 20 гэр бүлийг сонгон, хүүхдийн “Өвөржаргалант” зусланд амраангаа гэр бүлийн боловсрол олгож, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын сургалтад хамруулсан гэдгийг тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын ахлах мэргэжилтэн М.Мягмарсүрэн ярилаа. Гэхдээ архины хамааралтай гэр бүлийг нэг удаа сургалтад хамруулаад засаад авчихгүй. Шат дараатай арга хэмжээ авах шаардлагатайг аймгийн ГБХЗХГ-ын дарга хэлсэн. Тус аймаг нэгдсэн мэдээллийн сантай болох туршилтыг амжилттай хэрэгжүүлж буйгаараа улсад тэргүүлж буй. Мөн Баян-өлгий аймагт хамтарсан багууд чадавхжсанаар гэр бүлийн хүчирхийллийн илрүүлэлт эрс нэмэгдсэн гэдгийг аймгийн ГБХЗХГ-ын дарга Т.Нансалмаа хэлж байна. Тэрбээр “Төрийн албан хаагчид ажлын явцад илрүүлсэн хүүхдийн эрхийн зөрчлийг хуулиар хүлээсэн заавал мэдээлэх үүргийнхээ дагуу мэдээлж байгаа. үүний үр дүнд кейсийн тоо өмнөх онуудаас хоёр дахин нэмэгдсэн” хэмээв.

ЧАДВАРЛАГ ХАМТАРСАН БАГТ САНХҮҮЖИЛТ СААДГҮЙ

Хэдийгээр хамтарсан багийг арга зүйгээр хангах ажлыг ХЗДХЯ-ны харъяа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хариуцдаг ч тухайн орон нутгийн удирдлага хамгийн их оролцоо, идэвх санаачилгатай ажиллах үүрэгтэй. Гэтэл нэг ч кейс нээж ажилладаггүй сумд бий. Энэ бол хамтарсан баг чадваргүй байгаагийн илрэл. Тухайлбал, зүүн бүсийн нэгэн аймгийн 2400 гаруй хүн амтай, 0-17 насны 500 дөхсөн хүүхэдтэй нэг суманд 50-60 өрх тутамд нэг архины дэлгүүр ногддог. 60 хувь нь хүнсний талонд хамрагддаг өрхийнх, хөгжлийн бэрхшээлтэй 11, бүтэн ба хагас өнчин, дагуул, тавиул хүүхдийн тоо бараг 100 дөхөж буй. Өөрөөр хэлбэл, тус сумын нийт хүүхдийн 20-25 хувь нь эрсдэлт нөхцөлд амьдарч байна. Уг нь эдгээр хүүхэд, гэр бүлийн бүгд дээр нь кейс нээж ажиллах ёстойг холбогдох хууль журамд тусгасан тухай “Хүүхдийн эрх хамгаалал төв”-ийн захирал Д.Ундраа учирлалаа. Гэвч тус сумын хамтарсан баг энэ жил дөрвөн удаа хуралдсан боловч нэг ч кейс нээж ажиллаагүй аж. Гэтэл бодит байдал дээр нэг суманд жилд гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлддэг 20-30 кейс байдаг. Гэвч үүнийг бүртгэх, хуулийн дагуу арга хэмжээ авахгүй байгаа нь орон нутагт түгээмэл байна. Үүнээс болж л хүчирхийллээс сэргийлж, хүүхдээ хамгаалж чадахгүй байна. Хүүхдийн эрх хамгаалал төвийн захирал Д.Ундраа “Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн чиглэлээр ажилладаг төр болон төрийн бус байгууллага, үүрэг хүлээгчид, иргэд бүгд өнгөрсөн борооны араас цув нөмөрдөг хэвшмэл хандлагадаа баригдсаар байна. Иймээс шүхэр зарчим буюу урьдчилан сэргийлэх ажлыг бүхий л шатанд идэвхжүүлэн, хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх, салбар хоорондын уялдааг хангасан судалгаанд суурилсан ажлыг төлөвлөх, хийж хэрэгжүүлж байгаа ажилд нь мэргэжлийн арга зүйн зөвлөгөө, хяналт, үнэлгээг чангатгах нь үр дүнтэй” гэв.

Орон нутгийн хамтарсан багуудад чадваргүй сул байна

Хамтарсан багууд кейс нээж чадахгүй, ядаж үйл ажиллагаанд гарсан зардлаа баримтжуулж, бүртгэж чадахгүй байгаагийн улмаас хүчирхийллээс сэргийлэх хууль хэрэгжүүлэхээр төсөвлөсөн мөнгө зориулалтын дагуу зарцуулагдахгүй байна. Уг нь хамтарсан багийн урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд гэр бүлийн хүчирхийллийг 60 хувь бууруулна гэж үздэг. Харамсалтай нь кейсийг хүчирхийлэл үйлдэгдэж, мэдээлэгдсэний дараа нээх ёстой гэж ойлгоод байна. Угтаа бол тураалтай нэг хүүхэд байсан ч бүртгэж, нөхцөл байдлын үнэлгээ хийж, арга хэмжээ авах учиртай. Нэг ч удаа кейс нээгээгүй, ямар зардал хэрэгтэйгээ тооцоолоогүй байж мөнгө хүрэлцдэггүй гээд гомдоллоод байж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулав.

АРГАА ОЛОХГҮЙ БОЛ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ

Хүүхдийн тусламжийн 108 утсанд жилд орон нутгаас ирдэг хүүхдийн эсрэг хүчирхийлэл, аюулгүй байдалтай холбоотой дуудлага хэдэн арав, зууд хүрнэ. Гэвч анхан шатанд ажиллаж байгаа хамтарсан багууд энэ бүхнийг бүртгэх, хариу арга хэмжээ авах, шаардлагатай бусад үйлчилгээг хангалттай үзүүлж чадахгүй байна. Хамтарсан багийн сургагч багш Л.Бадамцэцэг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (БХЗХГ)-т хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх 42 ТББ магадлан итгэмжлэгдсэн. Илүү хүнд хэлбэрийн хохирогчдыг эдгээр ТББ-д холбон зуучилж үйлчилж болно. Харамсалтай нь зарим орон нутагт үүнийг ч мэдэхгүй хамтарсан багууд байгаа” хэмээв. Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар Хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх хууль батлагдсанаас хойш өнгөрсөн хоёр жилд улсын хэмжээний 609 хамтарсан багийг чадавхжуулахад 600-гаад сая төгрөг зарцуулчихаад буй. Гэвч үүний үр дүн санасан хэмжээнд хүрээгүйг дээрх жишээ, тоо баримт харуулж байна. Ялангуяа орон нутагт. Орон нутгийн хамтарсан багуудын бодит дүр төрхийн талаар Л.Бадамцэцэг “Уг нь хамтарсан багаар үйлчлүүлэх, зөвлөгөө авах хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг агентлагт ирүүлсэн хагас жилийн тоо харуулж байна. Гэхдээ гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээж авсан ч нэг уулзаад орхидог байдал ажиглагдаж байгаа. Урьдынх шигээ хоорондоо сайн ярилц, ах дүүд нь хэл, хуулийн байгууллагад ханд хэмээн дуудлага, тохиолдлуудыг буцааж байгааг үгүйсгэх аргагүй” хэмээв. Гэтэл Монгол Улсад энэ оны эхний хагас жилийн байдлаар 151 хүүхэд цаг бусаар эндэж, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 373 иргэн хохирсны 91.2 хувь нь эмэгтэйчүүд, 29 хувь нь хүүхдүүд байгааг ЦЕГ-ын статистик харуулж буй. Хамтарсан багт мөнгө дутагдаагүй. Харин арга зүй, сэтгэл, хандлага дутагдаж байгаа учраас санхүүжилтээ авч, зориулалтын дагуу зарцуулж чадахгүй байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Б.Зангад: Хийх бүтээх урам өгсөнд баярлалаа

 0 сэтгэгдэл


Нийслэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга, МУАЖ Б.Зангад, СТӨ-ний дэргэдэх Эртний сайхан чуулгын гоцлол дуучин, МУАЖ А.Долгор, Монголын DJ, аялагч, олон улс судлаач Ж.Золбаяр нарыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнав.

Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар гардуулан өглөө.

Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга Б.Зангад “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнасанд нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. СТӨ-ний 30 жилийн ойн арга хэмжээ саяхан болсон. Энэ ойгоор нийслэлийн удирдлагууд СТӨ-г сэргээн засварлах, үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаад Монголын нийт уран бүтээлчид асар их баярлаж байгаа. Бидэнд хийж бүтээх онгод хийморь, урам хайрласанд баярлалаа” хэмээв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Онцгойгийнхны зэрэг дэв ахиж, урамшуулал авна

 0 сэтгэгдэл


Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам” батлагдлаа.

Журамд алба хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар тусгажээ. Мэргэшлийн зэргийг офицер, ахлагчийн гэж ангилах бөгөөд мэргэшлийн III зэргийн шалгалтад Онцгой байдлын байгууллагад таваас доошгүй жил ажилласан, II зэргийн шалгалтад III зэргийг аваад хоёроос доошгүй жил эсвэл Онцгой байдлын байгууллагад наймаас доошгүй жил ажилласан, I зэргийн шалгалтад II зэргийг аваад гурваас доошгүй жил, эсвэл Онцгой байдлын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан алба хаагч орох эрхтэй хэмээн заасан байна.

Мэргэшлийн зэрэг нь дөрвөн жилийн хугацаатай байх бөгөөд зэргийн нэмэгдлийг тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 5-15 хувиар тооцож олгох юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сургуулиудад “Хүүхдийн автобус”-ны шинэ чиглэл туршихаар судалж байна

 0 сэтгэгдэл


Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачилгаар өчигдөр Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлэх, ерөнхий боловсролын зарим сургуулиудад “хүүхдийн автобус”-ны шинэ чиглэл турших талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэдэг ерөнхий боловсролын зарим сургуулийн сурагчдыг гэр сургуулийн хооронд аюулгүй, ая тухтай зорчих боломжийг судлах зорилгоор “Хүүхдийн автобус”-ны шинэ чиглэлийг турших санал боловсруулах талаар хөндлөө. Мөн ЕБС-уудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлэх зорилгоор барилгыг өргөтгөх буюу шинээр барих ажлыг эрчимжүүлэх талаар судлах юм байна. Уг хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж, холбогдох газруудад хүргүүлэхээр боллоо.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Чингис, Жамухын сүүлчийн уулзалтын зургийг 10 жилийн турш бодсон

“Би хөгжим ойлгодоггүй, сонсдоггүй” гэж байгаа зураачаас олигтой бүтээл гарахгүй

 0 сэтгэгдэл


Урчуудын эвлэлийн шагналт зураач Н.Орхоныг хөрөг зургийн ур чадвараараа Монголдоо шилдэг нь гэж үнэлэх хүн олон. Төрийн ордонд байрлах Ерөнхий сайдуудын хөргөөс авахуулаад олон алдартай хүний төрхийг тэрбээр амилуулсан. Түүнийг сониныхоо зочноор урьж ярилцсанаа хүргэе.


-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Нэлээд олон ажил зэрэг амжуулах гээд л явж байна. Гол нь монголчуудын амьдрал, үйл явдал, монгол эрэгтэй, эмэгтэйчүүдийн дүр он цагийн уртад хэрхэн өөрчлөгдөж байсныг харуулах үүднээс уран бүтээлээ хийдэг. Жишээ нь, “Цогт тайж” кинонд жинхэнэ монгол хүний дүр төрх түгээмэл гардаг даа. Харин одоо яг тийм царайтай хүн бараг алга. Цаг үе, амьдралын уртад хүний дүр төрх ингэж өөрчлөгддөг юм байна. Ах нь зургаа ярихгүй, өөр юм яриад явчихав уу?

-Зүгээр ээ, таны яриа харин ч сонирхолтой санагдлаа

-Зураг, урлаг, хөгжим гэдэг хоорондоо холбоотой, нэг цогц юм шүү дээ. 100 жилийн өмнөх Монголын язгууртнууд ямар царай төрхтэй, юу эдэлж хэрэглэдэг байсан юм. Энэ бүхнийг судалж харуулахын тулд түүхтэй холбогдохоос аргагүй. Гэтэл өнөөдөр бид түүхээ мартах хэмжээнд хүрчихэж. Миний түүхэн уран бүтээл хийдэг нэг шалтгаан нь энэ юм.

-Монгол хүний үндсэн дүр төрхийг илтгэсэн хүнтэй таарвал зурах юмсан гэсэн хүсэл шууд төрдөг үү? 

-Намайг бага залуу байхад тийм хүн харагддаг байсан юм.  Одоо бол байхгүй дээ. Хятад мотоцикль уначихаад адуугаа хурааж байгаа дүр зураг л харагдах болж. Монгол адууны соёлыг энэ хэдэн уяачид муухай болгоод хаячихсан. Өвөл зунгүй, жилийн дөрвөн улиралд морь уралдуулж, үндсэн язгуур утгыг нь алдагдуулж байна шүү дээ.  Уулын мухарт, гэрийнхээ хойморт дүнхийтэл сууж байгаа өвгөчүүд бараг байхгүй болсон. Тэр өвгөчүүдийг байх үед залуучууд нь дэг журамтай, үгийг нь сонсож, хүндэлдэг байж. Монголчууд яагаад устаж алга болоогүй юм бэ. Яагаад гэвэл нүүдлийн соёл иргэншил биднийг өдий хүртэл авч ирсэн юм. Гэвч энэ соёл маань алдагдахад хүрээд байгаа нь харамсалтай.


-Та яагаад хөрөг зургаар дагнахаар шийдсэн юм бэ?

-Ерөөсөө зураач хүн хөрөг л зурах ёстой байхгүй юу. Дэлхийн ямар ч урлаг дандаа хүний тухай байдаг биз дээ. Хэрэв зураач бүр хүн зурж чаддаг бол бүгдээрээ л зурна. Гэтэл хөрөг зурна гэдэг чинь сургуулиар олддог зүйл биш. Ийм авьяас цаанаасаа заяадаг юм. Жишээ нь, “Уяхан замбуу тивийн наран” гэдэг дуу Монголд төрж. Тэгвэл үүнийг жинхэнэ утгаар нь дуулж чаддаг хүнийг Монгол Улс төрүүлсэн л байхгүй юу. Н.Норовбанзад гэдэг энэ агуу дуучин гадаадад хөгжмийн сургууль төгсөөгүй. Гэтэл бид гадаадад сургууль дүүргэж, диплом авсан хүнийг л уран бүтээлч гэж үзээд байдаг. Энэ хүн цаанаасаа төрмөл авьяастай юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөхдөө яагаад хойрго байдаг юм бэ.  Үүнтэй адилхан зурах авьяас цаанаасаа заяадаг юм. Харин үүнийгээ хөгжүүлж чадсан уу гэвэл өөр асуудал. Миний хувьд авьяасаа хөгжүүлж яваа л зураач. Түүнээс туйлдаа хүрчихсэн мундаг хүн биш. угаасаа туйл гэж байхгүй, цаашаа улам явна. Хөрөг зураг бол урлагт байр сууриа тод томруун эзэлсэн нэг төрөл. Дэлхийн урлагт бол хөрөг зургийг дүрслэх урлагийн хамгийн хүнд төрөл гэж үздэг. Хөрөг зургаар нь зураач хүний чадварыг дэнсэлдэг байх нь. Хөрөг зургийг зурахдаа хүний сэтгэл рүү нь орно гэдэг их чухал. Тэгээд хөдөлгөөн, зан төрх, амьд чанарыг харуулна гэдэг амар зүйл биш. дэлхийн шилдэг зураачид бүгдээрээ л хүн зурдаг биз дээ.

-Хөрөг зурагт монгол маягийн школ гэж байдаг уу?

-Бид мэдээж гаднын соёлтой танилцана. үнэхээр сайн бүтээлийг хүндэтгэн хайрлаж, гоё сайхныг нь биширдэг. Тухайн бүтээлд надад байхгүй давуу тал шингэсэн байвал өөрийн зурагтаа тусгана. Гэхдээ шууд хуулах биш, өөрийн болгож, нутагшуулж авах ёстой. Монголд олон угсаатан бий. Угсаатан бүр өөрийн хөгжмийн хэмнэл, дүрслэх урлагийн соёлтой, бусдын юмыг дуурайдаггүй. Оюун санаа болон бусад талаараа хэний ч хараат байхыг хүсдэггүй тэр угсаатнуудын бие даасан чанарууд Монголын нэг бахархал юм. Энэ бүгд уран зурагт ч тусгалаа олсон байдаг. Бид Орос болон Европын орнуудад хөгжмийн боловсрол эзэмшиж, уран зургийн арга барилд суралцдаг. Гэхдээ хийсэн бүтээлүүдэд монгол ахуй нэвт шингэсэн байдаг. Жишээ нь, Л.Мөрдорж гуай Орост их сургууль төгссөн хүн. Гэхдээ тэр хүний хөгжим, аялгуу жинхэнэ монгол. Хүн төрөлхтний сонсоогүй хөгжмийг “Алтан өргөө” кинонд хийсэн байдаг. Хөгжим, зураг, бүжиг гээд урлагийн төрөл бүр хоорондоо хамаатай, цогц ойлголт учраас л би энэ бүгдийг яриад байгаа юм шүү. “Би хөгжим ойлгодоггүй, сонсдоггүй” гэж байгаа зураачаас олигтой бүтээл гарахгүй.

Толстой, Чайковский, Достоевский үгүй бол Орос орон юу ч биш болно

Улс гүрнийг бий болгодог зүйл бол улстөрчдөөс гадна соёл нь байгаа юм. Толстой, Чайковский, Достоевский үгүй бол орос орон юу юм бэ. Юу ч биш болох л байхгүй юу.

-Нас явах тусам хүний бодол санаа, ертөнцийг үзэх үзэл өөрчлөгддөг. Энэ хэрээр таны уран бүтээлд өөрчлөлт ордог уу. Магадгүй 20 жилийн өмнөх зургийг одоогийнхтой харьцуулбал хэр их ялгаа харагдах бол?

-Би залуудаа одоогийнхоос өөр техникээр зурдаг байлаа. Анх 22 настайдаа “Ээж ээ, хар даа” гэдэг зургаараа Монголын дүрслэх урлагийн бүх зураачдын хэмжээнд гарч ирж чадсан. Энэ зургаараа нэлээд шуугиан тарьж, олон улсын наадмаас ч шагнал авах шахсан удаатай. Энэ үеэс хойш ороо бусгаа явлаа. Гадаадад сургууль төгсөөгүй, дээд сургуулийн дипломгүй гэдгээрээ гадуурхагдах үе байсан. Тэр үетэй харьцуулахад танин мэдэхүйн цар хүрээ улам өссөн нь мэдээж. тэр хэрээр хийж буй уран бүтээлд өөрчлөлт гарна л даа.

-Таныг хамгийн их зовоосон уран бүтээл юу байв?

-Би “Ээж ээ, хар даа” зургийг гурван сар зурсан. дотор бодогдсон юм цаасан дээр бууж өгөхгүй зовоогоод байсан юм. Ер нь зовоосон зураг олон бий. Болохгүй бол цааш нь тавьчихаад өөр юм оролдоно. Тэгээд дараа нь дахиж оролдсоор байгаад заавал дуусгаж байж санаа амардаг. Жишээлбэл, Чингис хаан, Жамух хоёрын хамгийн сүүлчийн уулзалтын зургийг би 10 жилийн турш бодсон. Хар зураг нь бэлэн болчихсон. Одоо өнгөөр ялгах гэж байгаа. Жамух “Намайг цаазал” гээд бүсээ өгч байгаа юм. Чингис хааны дүр ямар байх нь сайн тодроогүй байна. Гэхдээ Жамухаас арай бүдэг харагдах ёстой. Иймэрхүү маягаар удаан бодож байж зурах тохиолдол цөөнгүй. Ер нь би яаравчлаад, хурдхан шиг дуусгасан болж чаддаггүй хүн. өөрийнхөө хувьд “боллоо” гэж үзсэн үедээ л зургаа дуусгана даа. Би нэг удаа яруу найрагч Б.Лхагвасүрэнг зурсан юм. Өөрт нь үзүүлсэн чинь “Гар нь сонин болчихож” гээд голох маягтай байна. Тэгэхээр нь өгөлгүй буцаагаад аваад явчихсан. Сүүлд нөгөө зургаа авмаар байна гэхээр нь “Би Лхагвасүрэнд шүлэг бичихийг заана гэдэг утгагүй. Үүнтэй адилхан Лхагвасүрэн надад зураг зурахыг заах ёсгүй” гээд хэлчихсэн.

-Таньд ойр дотны, гэр бүлийнхээ хүмүүсийг зуруулах захиалга хэр ирдэг вэ?

-Ирэлгүй яахав. Иймэрхүү захиалгаар л амьдарна шүү дээ.

-Энгийн нэг хөрөг зурахад үнэ өртөг ямар байдаг бол?

-Янз янз даа. Зарим хүн мөнгөндөө их харам байдаг бол зарим нь мөнгөний хэмжээг огт тоохгүй. Ер нь үнэ хөлсний яриа ханцуйн дотор л явагддаг юм.

-Гаднын баячууд сайн уран зурагт үнэ хайрлахгүй төлдөг. Харин Монголд урлагийн бүтээлийг ойлгож, үнэлж чаддаг хүн хэр олон бол?

-Урлагийн бүтээлийг ойлгож, үнэлнэ гэдэг хүмүүжил байхгүй юу. Бид сүүлийн 30 жил юм бүгдийг ашгийн нүдээр харж ирсэн. Яавал үүнийг хямдхан авах вэ гэсэн бодол давамгайлна. Нөгөөтэйгүүр сайн уран бүтээлчийг үнэлж, дүгнэж чадахгүй байна. Жишээ нь, Г.Ариунбаатар гэж дуучныг бид өөрсдөө тодруулсан юм уу. Гадаадын том тэмцээнээс шагнал авангуут нь “Энэ чинь манай хүн шүү дээ” гээд л хошуурсан биз дээ. Чингиз Айтматовыг Оросууд өөрсдөө тодруулсан юм уу. “Гульсары минь баяртай” гэдэг номыг Францын утга зохиол судлаач санамсаргүй байдлаар авч л дээ. Тэгээд буудалдаа очиж уншиж байгаад огло харайгаад босоод ирсэн гэдэг. Ингээд Айтматовын талаар Францын хэвлэлээр шуугиж эхэлсэн. Гэтэл Оросууд “Энэ чинь манай нутгийн хүн” гээд мань хүнийг мандуулчихсан. Бид ч иймэрхүү л байдалтай байна. Урлагийн авьяастнуудаа өөрсдөө тодорхойлж чаддаггүй. Харин “Цогт тайж” киног хийж байх үед урлагийг үнэлж чаддаг байж. Тухайн үед төрийн шагнал авсан хүн санаанд багтамгүй мөнгөн шагнал авч байсан гэдэг. Урлагийг ингэж үнэлдэг хүн өнөөдөр байхгүй.

-Та одоо ямар уран бүтээл туурвихыг хүсч байна вэ?

-Би хэнийг ч зурахыг хүсддэггүй. Харин хэнийг зурахыг дотроос хэлж өгдөг юм. Хүнд чинь зөн совин гэж байна шүү дээ. Явж байхад гэнэт нэг бодол орж ирнэ. Түүнийгээ л зурагт буулгадаг юм. Гэхдээ зурахыг хүсдэг дүр мэдээж бий. Монголын сайхан хатан, язгууртан эмэгтэйн төрх гаргахыг хүсдэг. Гэхдээ Чингис хааныг зуръя гэсэн бодол надад ерөөсөө орж ирдэггүй юм.

-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ аль зурганд нь сэтгэл хангалуун байна вэ?

-Ц.Элбэгдоржийн ээжийн хөрөг байна даа. Энэ зургаа овоо дориун болчихсон гэж тоогоод байгаа.

-Та ээж, аавыгаа зурж байв уу?

-Аавыгаа зурж байсан. Ээжийгээ зурах гээд дотроо бодоод л явна. Гэхдээ өөртэйгөө хамт байгаагаар зурах юм. “Ногоон торгон дээлээрээ хэчнээн жил гоёлоо доо” гэсэн дуу байдаг даа. Энэ бол монгол ахуй, монгол амьдрал. Ээжид маань үүн шиг үйтэн хуар дээл байсан юм. Ээж маань тэр дээлээ өмсчихсөн, дөрөв, таван настай намайг хөтөлчихсөн явж байгаа дүр зураг санаанд буугаад байгаа юм. Одоогоор эхэлж амжаагүй л байна. Уран бүтээлч бид чинь хүнээс захиалга авч амьдардаг хүмүүс. Захиалгын зурагныхаа хажуугаар уран бүтээлээ хийдэг учраас олон жил болчихоод байдаг юм.