A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/639/

Хүчирхийлэл нийгэмд нэвчсэнийг баталлаа

​Эрэгтэйчүүдийн оролцоо хүчирхийллийг таслан зогсооход чухал​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/639/


Монголын өнцөг булан бүрд амьдарч буй 7300 гаруй эмэгтэй өмнө нь хэнд ч ярьж байгаагүй эмзэг асуудлаа асар зориг гарган дэлгэснээр монголчууд бид хүчирхийллийн нүцгэн үнэний талаар бодит мэдээлэлтэй боллоо. Эр нөхрийнхөө харгис авир, хүчирхийлэлд цөхрөлөө барсан нэгэн эмэгтэй судалгаанд оролцсоныхоо дараа “Та нар 10 жилийн өмнө хаана явсан бэ” гэж асуухад судлаач хэлэх үггүй гацаж, хоёулаа уйлж суусан гэдэг. Энэ тухай НҮБ-ын хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара жендерт суурилсан болон гэр бүлийн хүчирхийллийн тархалтыг үндэсний хэмжээнд тогтоосон анхны судалгааны үр дүнг танилцуулах үеэр онцолсон юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд НҮБ-ын хүн амын сан, ШХА-ийн техник, санхүүгийн дэмжлэгтэй хийсэн “Хүчирхийллийн нүцгэн үнэн” судалгааны үр дүнд хүчирхийллийн тухай сэтгэл сэрдхийлгэмээр тоон үзүүлэлт танилцууллаа. Тухайлбал, 15-64 насны гурван эмэгтэй тутмын хоёр нь хүчирхийлэлд өртөж байсан, үүний нэг хүрэхгүй хувь нь мэдээлэгддэг, бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тэн хагас нь үр хөндүүлж байсан байна. Тус судалгааг ахалсан ҮСХ-ны хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал “үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн тооноос улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл ямар байгааг мэдэж болно” гэсэн өр эмтэлмээр дүгнэлтийг оролцогчдод хандан хэлсэн юм. Мөн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хүүхдүүд зан байдлын доголдолтой болдог нь тус судалгаагаар тодорхой харагдлаа. хүүхэд насандаа гэр бүлийн хүчирхийллийг харж, сонсож, хүчирхийлэлд өртөх нь насанд хүрсэн хойноо хүчирхийлэгч болох магадлал өндөр гэдгийг албан ёсны тоон мэдээлэл харуулж буй юм. Хүн амын суурь боловсролын түвшин харьцангуй өндөр, хүйсийн тэгш оролцоо ч боломжийн байдаг манай улсад жендерт суурилсан болон гэр бүлийн хүчирхийлэл дэлхийн дунджаас их бөгөөд Зүүн өмнөд азийн болон зарим арал улсын үзүүлэлттэй ойролцоо гарч байгаа юм байна. Тухайлбал, жендерт суурилсан хүчирхийлэл Вьетнам, Тувалу болон Кука арал улстай, гэр бүлийн хүчирхийлэл Бутан, Мьянмар, Шриланк болон Тонга арлынхтай бараг ижил түвшинд байгааг газрын зурагт тодоор тэмдэглэн харьцуулсныг харахад харамсалтай санагдаж байлаа. Уг нь манай улсад эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох, үг хэлэх эрх 1924 оны анхны үндсэн хуулиар буюу АНУ-ын эмэгтэйчүүд ийм эрхээ олж авснаас таван жилийн дараа баталгаажсан гэдэг.

Хүчирхийлэл дэлхийн дунджаас их бөгөөд зарим арал улсын үзүүлэлттэй ойролцоо байна

Гэхдээ эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөлтийн тархалт, нөхцөл байдлыг ийм тодорхой гаргана гэдэг нийгмийн эерэг өөрчлөлтийн үүд хаалгыг нээж буй бөгөөд үүнд л уг судалгааны гэрэл гэгээ, ач холбогдол оршиж байгаа юм. Үүний үр дүнд л хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хохирогчдод туслах үйлчилгээ үзүүлэх үндэсний хэмжээний тогтолцоо бүрдүүлнэ гэдгийг донор болон хууль тогтоох байгууллагын төлөөлөл хэлж байсан. Хамгийн гол нь судалгааг аль болох түргэн эргэлтэд оруулж, шаардлагатай өөрчлөлтийг эрчимтэй хийвэл 20 жилийн дотор монголчууд хүчирхийллээс ангижирсан үндэстэн болох найдвар байгааг социологич Ц.Заяхүү хэллээ. Харин дараагийн ээлжид хүчирхийллийн шалтгаан нөхцлийг лавшруулан судлах шаардлагатай гэж хүний эрхийн болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл санал бодлоо илэрхийлсэн. Бид уг арга хэмжээг сурвалжлах үеэр хүмүүсийн нэг хэсэг нь гэр бүлийн хүчирхийллийн шалтгааныг эрх мэдэл дэх жендерийн тэгш бус байдалтай холбоотой хэмээн тайлбарласан. Харин нөгөө хэсэг нь Монгол улс шилжилтийн үед эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн үйлчилгээг орхигдуулж, эмэгтэйчүүдэд хэт анхаарснаар нийгэмд гажуудал үүсэж, өнөөдрийн эмзэг асуудлыг бий болгосон гэдгийг хэлсэн юм. Тиймээс ч хүчирхийллийг таслан зогсооход эрэгтэйчүүдийг татан оролцуулах нь чухал гэдгийг судалгааны бодлогын зөвлөмжид тусгасан байна. Мөн жендерт суурилсан хүчирхийллийн гол шалтгаан нь эмэгтэй хүнийг дорд үзэх сэтгэхүйн хандлага бөгөөд үүнийг эмэгтэйчүүд ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдгийг судалгааны үр дүн харуулж буйг албаныхан онцолсон. Судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 7860 өрх хамрагдсанаас 7319 эмэгтэйтэй ярилцлага хийсэн байна. Харин чанарын судалгааг үндэсний судалгааны MMCG гүйцэтгэж, нийт 392 иргэнтэй зорилтот бүлгийн 64, гүнзгийрүүлсэн 87, мэргэжилтнүүдийн 59 ярилцлага зохион байгуулжээ. Судалгааны дэлгэрэнгүй электрон хувилбарыг НҮБ-ын хүн амын сангийн цахим хуудаснаас авч болох бөгөөд зарим үр дүнг инфографикаар үзүүллээ.

Байр суурь

Судалгааны дүн таамгаас муу гарсан /НҮБ-ын Хүн амын сангийн суурийн төлөөлөгч Наоми Китахара/

-НҮБ 2030 он гэхэд жендерт суурилсан хүчирхийллийг бүр мөсөн устгах зорилт тавьсан. Ази номхон далайн бүсийнхтэй харьцуулбал монгол эмэгтэйчүүд харьцангуй өндөр боловсролтой, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж их. Тиймээс анх судалгааг эхлэхдээ хүчирхийллийн түвшин бусад орныхоос доогуур байгаа болов уу гэж таамаглаж байсан ч эсрэгээрээ гарсан. Хамтрагчийн үйлдсэн бие махбод, бэлгийн хүчирхийллийн хувьд Монгол улс Ази номхон далайн бүсийн бусад орнуудтай харьцуулбал дунджаас дээгүүр түвшинд байна. Харин энэ бүс нутаг болон Африк тив энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь өмнө нь хүчирхийлэлд өртсөн талаараа хэнд ч хэлж байгаагүй гэж хариулсан. Олон эмэгтэй өөрийгөө хүчирхийлэлд өртсөн гэдгээ ойлгохгүй, хүчирхийлэгчийн үйлдлийг зөвтгөж байгаа нь харамсалтай.

Хүчирхийллийн зүй тогтол, учир шалтгааныг лавшруулан судлах хэрэгтэй /ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал/

-Судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн талаас илүү нь амьдралынхаа туршид ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн байна. Хүчирхийлэлд зан үйл, мэдлэг боловсрол гэх мэт олон зүйл нөлөөлж байгаа бол архидалт өдөөгч хүчин зүйл болж байна. Манай эмэгтэйчүүдийн боловсрол сайн учраас бусад орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад хүчирхийлэлд өртөж буйгаа нээлттэй илэрхийлсэн. Энэ нь бусад улстай харьцуулахад Монголд хүчирхийллийн түвшин өндөр гэсэн үр дүн гарахад нөлөөлсөн байх талтай. Гэхдээ хүчирхийллийн нарийн шалтгааныг хэлэхэд эрт. Энэ удаа хүчирхийлэл ямар түвшинд байгааг бодитоор гаргахыг зорьсон. Харин үндсэн шалтгааныг нарийвчилж, арай өөр аргаар зүй тогтлыг нь судлах хэрэгтэй.

Хууль хэрэгжүүлэхэд монголчуудын хандлага саад учруулж байна /УИХ-ын гишүүн А.Ундраа/

-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг хэрэгжүүлэхэд хамгаалах байр, түүнд ажиллах сэтгэл зүйч, өмгөөлөгч зэрэг хүний нөөцийн хомсдол тулгамдаж байна. Зөвхөн нийслэл гэлтгүй аймаг, сумдад хүний нөөц, төсөв маш их хэрэгтэй байгаа. Үндэсний хэмжээнд явуулсан энэ судалгааны тоо, баримтыг ашиглан аль аймагт ямар арга хэмжээ авч, хэдий хэмжээний төсөв зарцуулахыг тооцох боломжтой боллоо. Нөхцөл байдлыг төсөвтэй уявал зөв шийдвэр гаргахад дөхөмтэй. НҮБ-ын тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилт болох жендерийн тэгш эрх, наймдугаар зорилт болох эмэгтэйчүүдийн ажлын байр, зохистой хөдөлмөрийн асуудлыг салгаж ойлгоход түвэгтэй. Энэ бүх зорилтод хүрэхэд та бүхний судалгааны үр дүнг ашиглана.

Хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн хүүхэд түрэмгий болдог /МУБИС-ийн багш, профессор С.Түмэндэлгэр/

-Нийслэл, аймгийн төвд хохирогчийг хамгаалах байр бий. Харин сум, хөдөөд нэг ч алга. Хүчирхийллээс айсан эмэгтэйчүүд өөрийгөө, хүүхдээ хамгаалахын тулд гэрээсээ зугтах, айлд тэр бүү хэл хээр хоносноос биеийн зарим хэсэг нь хөлдсөн тохиолдол ч бий. Хамгийн гол нь хүчирхийлэл үйлдэж байгаа эрэгтэйчүүдийн зан үйлд чиглэсэн нөлөөллийн ажил хийхгүй байна. Хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн хүүхэд түрэмгий, ууртай, өөртэй итгэлгүй, зожиг зантай, сэтгэл зүйн хямралтай болсон гэж ээжүүд нь судалгааны үеэр хэлж байсан. Мөн ийм зан авиртай болоход нь эрэгтэй хүн ууртай, хатуу чанга байх ёстой гэсэн нийгмийн хандлага маш муугаар нөлөөлж байна. Бага насны хөвгүүдэд боловсролын хөтөлбөрөөр дамжуулж ямар мэдлэг олгож байна вэ гэхээр хэлэх зүйл алга. Хэрэв үүнд өнөөдөр төсөв зарцуулж чадвал 10 жилийн дараах хүчирхийллийг бууруулахад эерэг нөлөөтэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шинэ Монголын шинэ сургууль үүдээ нээлээ

​Харумафүжи Д.Бямбадорж: Сайн хүн, сайн иргэнийг төлөвшүүлэхийг зорино​

 0 сэтгэгдэл


Япон улсын дэлхийд алдартай боловсролын хөтөлбөрийг Монголд нутагшуулах зорилготой “Шинэ Монгол” сургуулийн хоёр дахь салбар “Шинэ Монгол-Харумафүжи” сургуулийн нээлт боллоо. “Шинэ Монгол” сургууль үүсгэн байгуулагч Ж.Галбадрах, мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж нарын хамтран байгуулсан тус сургууль 740 сурагчтайгаар будаг нь ханхалсан эрдмийн өргөөнийхөө үүдийг нээлээ. Сургуулийн нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Масато Такаока нар болон бусад албаны хүмүүс оролцсон юм. “Шинэ Монгол Харумафүжи” сургууль энэ жил 43 багш, 24 бүлгийн 740 сурагчтай хичээлийн шинэ жилээ нээв. Харин 5-6 жилийн дараа 140 багш, 1800 гаруй сурагчтай болохоор төлөвлөжээ. Харумафүжи Д.Бямбадорж хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ “Би эх орон, ард түмнийхээ ачийг яаж хариулна даа гэж маш их боддог байсан.


Энэ хүсэл, мөрөөдлөө Ж.Галбадрах багшид хэлэхэд маш уриалгахан хүлээж авснаар сургууль маань нээлтээ хийж байна. Монгол хүүхдүүд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн сайн боловсрол, сайн сургалт, сайн хүмүүжилтэй болоосой гэсэн мөрөөдөл маань биелж байна. “Шинэ Монгол-Харумафүжи” сургуулийн зорилго бол лидер сурагчидтай болох биш сайн хүн, сайн иргэнийг төлөвшүүлэх явдал” гэлээ. Мөн тэрбээр “Спорт хүүхдэд тэвчээр, хатуужил, шийдвэр гаргах чадвар, эх орноороо бахархах сэтгэлгээг суулгадаг. Тиймээс бидэнд сайн тамирчин бэлтгэх давхар зорилго бий” гэв. Ирэх онд тус сургуульд сүмо, жүдо, кэндо зэрэг олон төрлийн спортын дугуйлан хичээллэх тусгай танхимуудтай болох аж. 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Шинэ Монгол” сургуулийн онцлог нь бага ангийн сурагчдыг хичээлээр дардаггүй, хүмүүжилд нь түлхүү анхаардаг гэдгийг багш нар нь хэлж байлаа. Дунд ангид шинжлэх ухааны мэдлэг олгохыг зорьдог бол ахлах ангид байгалийн болон нийгмийн салбарын хичээлд түлхүү анхаардаг байна.

“Шинэ Монгол” сургуулийн 400 төгсөгч Японд сурч байна

Ингэснээр төгсөх ангийн сурагчид мэргэжлийн чиг баримжаатай болоход нь сайнаар нөлөөлдөг аж. Харин тус сургуулийн хоёр дахь салбар “Шинэ Монгол-Харумафүжи” сургуулийн онцлог нь монгол хэл, үндэсний өв соёлыг хүүхдүүдэд түлхүү эзэмшүүлэх тэргүүний зорилт тавьжээ. Хүүхдүүдэд төрөлх хэлний дархлаа суулгахын тулд бага буюу 1-4 дүгээр ангид ямар нэг гадаад хэл заахгүй. Харин тавдугаар ангиас англи хэлийг эрчимжүүлсэн буюу долоо хоногт 10 цагаар заахаар төлөвлөжээ. Мөн наймдугаар ангиас хоёр дахь гадаад хэлийг хүүхдүүд сонгон суралцах боломжтой. Үүнд япон, орос, хятад хэл багтжээ. “Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах багш “Манай сургууль бол үндэсний хөтөлбөртэй сургууль. Япон, Монгол хоёр орны боловсролын системийн сайн талуудыг нь багтаасан боловсролын стандарттай болохоор бид ажиллаж байна. Энэ стандартаа хөрсөн дээр буулгаж чадвал бидний зорилго биелнэ. Одоогоор манай төгсөгчдөөс 400 оюутан Японд сурч байгаа. Японы их, дээд сургуулиудад шалгалт өгөөд тэнцвэл 100 хувийн тэтгэлэг авдаг.


Манай сургуулийг харумафужи Д.Бямбадорж хамтран байгуулсан учраас сурагчдад ирээдүйд илүү боломж нээгдэнэ гэдэгт итгэж байна” гэлээ. Сургуулийн нээлтийн үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Иргэд энэ сургуулийн чанарыг хүлээн зөвшөөрсөн учраас дөнгөж үүд хаалгаа нээж байхад нь 800 орчим хүүхэд бүртгүүлж, анги нь дүүрсэн байна. Монголын боловсролын салбарыг сайжруулахад хувийн ерөнхий боловсролын сургуулиудын үүрэг их” хэмээн онцоллоо. “Шинэ Монгол-Харумафүжи” сургуулийн хичээлийн байр ийнхүү ашиглалтад орлоо. Харин ирэх хоёр жилд тус сургуулийг кэмп буюу сургуулийн цогцолбор болгон өргөтгөх юм. Ингэснээр тус сургууль спортын талбай, багш болон сурагчдын дотуур байр, хүүхдийн цэцэрлэг болон эрдэм шинжилгээ, судалгааны төвтэй болох юм байна. Тус сургууль улс болон нийслэлийн хэмжээний хими, физик, математикийн олимпиадад амжилт гаргасан хүүхдүүдэд сургалтын төлбөрийн 50-100 хувийн хөнгөлөлт үзүүлдэг аж. Харин энэ жилээс улс, олон улсын хэмжээний тэмцээнд урлаг, спортын амжилт гаргаж, медаль хүртсэн хүүхдүүдийг дээрх хөнгөлөлтөд хамруулах болсноо дуулгалаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цэцэрлэгийн тарах цагийг хялбар зохицуулж болно

 0 сэтгэгдэл


“Азын сугалаа”-гаар хүүхдээ цэцэрлэгт оруулж чадсан ч залуу аав Б-гийн асуудал дууссангүй. Ажил тарах цагтай уралдан хүүхдийнхээ цэцэрлэг рүү яаран гүйдэг учраас өнгөрсөн хаврыг стресс дунд өнгөрөөжээ. Өнгөрсөн хавар шинэ ажилд орсон ч оройдоо хүүхдийнхээ цэцэрлэг рүү яарсаар санасан шигээ үр бүтээлтэй ажиллаж чадаагүй. Түүний ажил 18.00 цагт тардаг бол хүүхдийнх нь цэцэрлэг 17.45 цаг гэхэд хүүхдээ авсан байхыг шаарддаг. Хэчнээн яарсан ч замын түгжрэлд саатсаар цэцэрлэг хаалгаа барих үед нүүрээ улалзуулсаар очдог. Энэ бол ажил нь 17.00 цагт тардаг зарим төрийн албан хаагчаас бусад эцэг, эхчүүдэд тохиолдож буй нийтлэг бэрхшээл. Ажлаа хаяад явж болдоггүй, хүүхдээ бүлтийтэл нь хүлээлгээд байж болохгүй ийм нэг хяслантай байдал олон жил үргэлжилж байгаа.


Өчигдөр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-очир Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үерээ “Цэцэрлэгийн багш нарын ачаалалд тохирсон хөлсийг нь өгөх асуудлыг ХНХЯ-нд хүргүүлсэн. Яамны хэмжээнд энэ цагийн зөрүүний асуудал яригдаж байгаа. Орой ямар ч аргагүй, хүүхдээ 18.00 цагаас авдаг бол илүү цагийн бүлэг ажиллуулах зэрэг асуудал яригдаж байгаа” гэсэн. Гэхдээ дарга нарын хооронд яриа төдий байгаа ажил яст мэлхийн хурдаар урагшилдаг болохыг бид мэднэ. Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг энэ хичээлийн жилд ч бас эцэг, эхчүүд цэцэрлэг тарах цагтай уралдан ааг амьсгаагүй гүйх нь. Уг нь ажлын болон цэцэрлэг тарах цагийг зохицуулдаг журам цэцэрлэгүүдэд бий. Хүүхдээ цагт нь амжиж аваагүй эцэг, эхчүүд багш нарт хоцорсон цаг тутамд тодорхой хэмжээний мөнгө төлдөг.


Гэвч өгөхөөс өгдөггүй нь илүү олон аж. “Ажлаа тараад гүйгээд ирж байгаа эцэг, эхчүүдээс нэг удаа илүү цагийн мөнгө авна. Хоёр, гурав дахь удаагаа авна. Үүнээс олон болоод ирвэл санаа зовоод мөнгө өг ч гэж хэлж чаддаггүй. үүнийг ямар нэг аргаар зохицуулах л хэрэгтэй” гэж Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр цэцэрлэгийн багш Ү.Цэнгэлмаа хэллээ. Тэгэхээр илүү цагийн мөнгө төлнө гэдэг багшид ч, эцэг эхэд ч ашигтай зохицуулалт биш бололтой. Харин энэ бэрхшээлийг нийслэлийн Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгт эцэг, эхчүүд өөрсдийн санаачилгаар шийдэж чадсан сайн жишээ байна. Тус цэцэрлэгийн эцэг, эхчүүд нь өөрсдөө мөнгө гаргаж, туслах багш нэмэлтээр ажиллуулдаг. Нэг анги нь 80 гаруй, нормоос даруй 3-4 дахин олон хүүхэдтэй учир өөр арга ч байгаагүй аж.

• Ажлаа хаяад явж болдоггүй, хүүхдээ хүлээлгээд байж болохгүй ийм нэг хяслантай байдал олон жил үргэлжилж байгаа.

• Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгт эцэг, эхчүүд нь өөрсдөө мөнгө гаргаж, туслах багш нэмэлтээр ажиллуулдаг.

• Хүүхдийн аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг нь хангаж чадахгүй юм бол ядаж цэцэрлэгийн тарах цагийг нь зохицуулаад өгчих.

Эцэг, эхчүүд сардаа 10 мянган төгрөг зарцуулахад л ийнхүү ажлаа цалгардуулж, хүүхдээ авах гэж яаран гүйх шаардлагагүй болжээ. Төрийн цэцэрлэгт хүүхдээ үнэгүй явуулж байгаа эцэг, эхчүүдийн хувьд сард 10 мянган төгрөг өгөхөд тийм их хүндрэл учрахгүй. Гэхдээ энэ асууддыг бас эцэг, эхчүүдэд дангаар нь даатгаад орхиж боломжгүй. Төрд сэтгэл байвал багш, хүүхэд, эцэг, эхчүүдийн хэн хэнд нь ээлтэй зохицуулалт хийж болмоор. Сэтгэл байвал юуг ч хийж болдог доо. Үнэхээр илүү цагийн бүлэг байгуулах боломж бий бол олон даргын гарын үсэг хүлээж суулгүй даруй ажил хэрэг болгомоор байна. Гэхдээ багадсан гутал шиг цалинтай багш нарын эрх ашгийг хөндөхгүйгээр. Тухайлбал, цэцэрлэгийн багшийн мэргэжилтэй атлаа ажилгүй байгаа хүмүүст эцэг, эхчүүд тодорхой хэмжээний цалин, урамшуулал олгох шийдэл байж болох юм. Эцэг эхчүүдийг хүүхдүүдээ ирж автал нь цөөн хэдэн цаг ажиллуулъя гэвэл ажилгүй байгаа хүмүүс, багш, эцэг эхийн хэн хэнд нь татгалзах зүйлгүй байх. Гагцхүү шийдвэр гаргагчид албан ёсоор зохион байгуулах л хэрэгтэй байна. Ингэснээр өдөржин олон хүүхэдтэй ажилладаг багш нарын ачаалал ч нимгэрнэ. Цэцэрлэгийн үндсэн багш нарын сарын цалин дунджаар 550,400 төгрөг. ирэх сард найман хувиар нэмэгдвэл 618 мянган төгрөг болно.

Хүүхдээ хамгаалахад жижиг асуудал гэж байхгүй

Ажлын ачаалалдаа таараагүй, багадсан гутал шиг цалин авдаг багш нарт цаг сунган ажилла гэж тулгаж боломгүй. Түүнчлэн ажлын цаг дууссан хойно багш нарын анхаарал сулрах явдал цөөнгүй гардаг. Зарим тохиолдолд эцэг, эх нь оройтдог хүүхдийг багш нь гадуурхах явдал мэр сэр гардаг гэх. Нэг талаас гэр рүүгээ яарч буй багш нарыг буруутгах аргагүй. Цалин нэмэхийг шаардсан жагсаалын үеэр нэгэн багш “Түмний хүүхдийг гэсээр өөрийнхөө хүүхдийг хаяж байна” гэсэн нь бодит үнэн. Хүүхэд ар гэртээ, олон нийтийн газарт аюулгүй байх нөхцөлийг нь хангаж, хяналт тавьж чадахгүй юм бол ядаж цэцэрлэгийн цагийг нь зохицуулаад өгчих. Багш нарын цалинг ажилтай нь дүйцэхүйцээр нэмж чаддаггүй юм гэхэд илүү цагаар ажиллуулахаа больчих. Хүүхдийн хулгай, хүний наймаа гээд сэтгэл сэрдхийм гэмт хэргүүд гарч буй энэ нийгэмд заавал том дуулиант хэрэг, золиос гарч байж асуудалд анхаарах ёстой биш шүү дээ. Харин аливаа гай тотгороос хүүхдээ хамгаалж, урьдчилан сэргийлэхийн төлөө явах ёстой биш үү.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголын старт-апууд Азид гарах цаг болсон

​Мянганыхан технологийн салбарын амжилтын түүхийг бүтээхийг зорьж байна​

 0 сэтгэгдэл


Дэлхийн их наяд ам.долларын үнэлгээтэй анхны компани хэзээ мөдгүй мэндэлж магадгүй байна. Яг өнөөдрийн байдлаар Apple компани 933.7 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр их наядад хамгийн ойр байгаа бол араас нь Amazon, Alphabet (хуучнаар Google) компаниуд нэхэж явна. Дэлхий даяар өрнөж буй аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг үл итгэгчид хичнээн үгүйсгэх гэж оролдсон ч хэрэглэгчдийн мөнгө хаашаа урсаж байгаа нь бодит байдлыг бэлээхэн харуулна. Харин энэ шилжилтээс “хүрэн”-ээрээ алдартай Монгол улс тэгтлээ хол хоцорчихоогүйг саяхны үйл явдал харууллаа. Азийн старт-апууд дунд ороод дэнхийсэн том биетэй хүүхэд шиг санагдсан гэж “Анд глобал” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайхан ярив. Азийн 27 улсаас шилэгдэн ирсэн старт-апуудыг хөрөнгө оруулагчдад танилцуулах, харилцан туршлага солилцоход чиглэсэн Echelon Asia 2018 чуулга уулзалт өнгөрсөн сард Сингапурт болсон.


Энэ арга хэмжээнд Монголоос гурван старт-ап шалгарч, оролцоод ирсэн юм. “Анд глобал”-аас гадна "Нью Медиа Групп - erxes Inc компани", Айхотел компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, старт-апчдын нэрлэснээр “Бизнес найраа” хийжээ. Азийн старт-апууд дунд Монголын компаниуд үйл ажиллагаа явуулсан хугацаа, туршлага, борлуулалт, зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтын хэмжээ, үйл ажиллагааны ашиг зэргээрээ толгой цохиж байсан нь дэнхийсэн том хүүхэд шиг санагдахад хүргэсэн аж. Энэ мэдээлэл Монголын залуучууд дэлхийгээс туршлага судлах төдий бус чаддаг мэддэгээрээ туршлагаа хуваалцах, сайн жишээ болох чадамжтай болсныг харуулж байна. Ер нь хааяа нэг дуулддаг гэрэлтэй, гэгээтэй мэдээний гол баатрууд нь хувийн хэвшил, залуу үе байх. Монголчуудын үүсгэн байгуулсан, Сингапурт бүртгэлтэй “Анд глобал” компани нэг жил гаруйн хугацаанд үсрэнгүй хөгжиж өнөөдрийн түвшинд хүрсэн бол "Нью Медиа Групп - erxes Inc компани" компани найман жилийн уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд одоо дэлхийд гарахад бэлэн болов.


ОЛБОРЛОГЧ МОНГОЛ БИШ ХӨГЖҮҮЛЭГЧ МОНГОЛ

Засгийн газрын мэдээ сонин өнгөрсөн хавар “Инновацигүйгээр ирээдүйн талаар яриад ч хэрэггүй” нийтлэлдээ дэлхийн улс орнууд технологийн салбар, платформ бизнесийг хэрхэн дэмжиж, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд бэлтгэж байгаа талаар бичсэн. Нэг ширхэг iPhone X 34 тонн нүүрсний үнэтэй тэнцэж байгааг та тус нийтлэлээс уншиж болно. Монгол улсад өнөөдөр “Инновацийн тухай хууль”, “Эрдэм шинжилгээний байгууллага дэргэдээ гарааны компани байгуулах журам” гэх хоёрхон баримт бичигтэйгээр технологийн инновацийг хэрэгжүүлэх гарааны компаниудын үйл ажиллагааг зохицуулж байна. Үүгээрээ гарааны компани гэгчийг хөгжүүлэх үүрэг, хариуцлагыг их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудад оноочихсон.

Гэтэл олон улсад амжилттай яваа томоохон компаниуд, сангууд нь гарааны компаниудаа дэмжиж, хөрөнгө оруулалтаар хангаж, үүгээрээ дамжуулан бизнесийнхээ тасралтгүй өсөлт хөгжлийг хангаж байна. Зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч дэлхийн 100 компанийн 75 нь гарааны компаниудын өнөөдрийн төсөл, ирээдүйн ашигт найдаж хөрөнгө оруулалт хийж байна. Intel л гэхэд 2017 онд 15 гарааны компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд 60 сая ам.доллар зарцуулсан байх жишээтэй. Гэхдээ энэ бол дэлхийн луугаруудын оруулсан 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын өчүүхэн хэсэг. Харин Монгол улсад бодлогын дэмжлэг нөгөө л их дээд сургуулиудаар хязгаарлагдсан хэвээр. Энэ байдлаар Монгол улс эдийн засгийн өсөлт ч гэж яриад хэрэггүй гэдэг нь шинэ мянганыхан ухаан орсон цагтай давхцана. Бодлого тодорхойлогчид ярьснаа таг мартсан бол мянганыхан хүрэн түүхий эдийг халж, оюуны бүтээгдэхүүнээ азид таниулаад эхэлчихэж.

"Айхотел" ХХК 2019 онд анхдагч зах зээлд хувьцаагаа гаргана

Хүн ам багатай, далайд гарцгүй орон эдийн засгаа өсгөх гол бүтээгдэхүүн бол тээвэрлэлтийн өртөггүй, тоон буюу дижитал хэлбэрт шилжүүлж болохуйц экспортын зах зээлийг онилсон байх хэрэгтэй гэдгийг iHotel-ийн үүсгэн байгуулагчид хэлж байна. Жижиг зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай туршсан энэ компани Азийн зах зээлд хөл тавих гараагаа Мьянмар зэрэг аялал жуулчлалд суурилсан, шинэ тутам хөгжиж байгаа орнуудаас эхлэх нь зүйтэй гэж үзэж буй. Гэхдээ ялгаатай зах зээлүүдийн хэрэглэгчдийн зан төлвийг судлахад одоогоор анхаарч байгаа юм. Тус компани эхний ээлжинд дотоодын зах зээлд хувьцаагаа гаргахаар төлөвлөж байгаа аж. Тиймдээ ч энэ зуны хувьд дотоодын аялал жуулчлалыг дэмжихэд илүүтэй анхаарч, орон нутаг дахь амралт, жуулчны баазуудыг системдээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

Зүүн өмнөд Азид гар утсаараа зээл авдаг болно

“Анд Глобал”-ийн хиймэл оюун ухаанд суурилсан бичил зээлийн платформ зах зээлд анх гарснаасаа л өндрөө авсан. Монгол зэрэг жижиг зах зээл нь гарааны компаниудад бүтээгдэхүүнээ бага хүрээнд турших боломж олгодгоороо давуу талтай. Харин одоо тэд том зах зээлд нэвтрэхэд бэлэн болсон байна. Гурван сая хүн амтай улсад нэг жилийн хугацаанд 60 мянган хэрэглэгч татаж чадсан энэ үйлчилгээ удахгүй Филиппиний 100 сая д, Мьянмарын 50 сая давсан хүн амд хүрч эхлэх нь байна. Үндсэндээ аливаа саад тотгор нь хөгжүүлэгчдийн толгойнд л байдаг гэдгийг тэдний жишээ харуулна. 2015 онд дөнгөж Сингапурт компаниа бүртгүүлж байсан гарааны компани Филиппинд банк худалдаж авах хэлцлээ амжилттай үргэлжлүүлж байна. 2015 онд олон улсад албан ёсоор үүдээ нээсэн Монголын бичил зээлийн анхны финтек компани Мьянмарт банк бус санхүүгийн байгууллагын статустайгаар бичил зээлийн үйлчилгээ үзүүлэх нь.

"Ньюмедиа"-гийн Азид танигдах стратеги-нээлттэй эх

Нээлттэй эх гэгч зүйлийг Азид сүүлийн 30-аад жил судалж, ашиглаж, хөгжүүлж ирсэн. Гэвч дэлхийн хамгийн олон хүн амтай, хамгийн олон төрлийн соёлыг хамарсан энэ зах зээл нээлттэй эхийн хөгжүүлэгч гэхээсээ илүү ашиглагч, хэрэглэгч байж ирсэн. ази хүний сэтгэхүйд нээлттэй эх бүтээж, бусдад үнэ төлбөргүй ашиглуулна гэх ойлголт төдийлэн нийцдэггүйг “Ньюмедиа” группийн үүсгэн байгуулагч А.Мэнд-Орших анзаарчээ. Шинэ үеийн залуучууд хараад, урам авах амжилтын нэг боловч бодит жишээ бүтээх нь түүний мөрөөдөл. Компаниа байгуулснаас хойших найман жилийн хугацаанд олон улсын зах зээлийг онилсон таван бүтээгдэхүүн үйлдвэрлэсний сүүлийнх болох маркетинг, борлуулалтын Erxes платформ нь Азийн хөрөнгө оруулагчдаас өндөр үнэлгээ авчээ. Тэд эхний ээлжинд буюу 2019 онд багтаж Индонези, Филиппин, Вьетнам улсад бүтээгдэхүүнээ санал болгохоор ажиллаж байгаа юм. Олон улсын зах зээлд нэвтрэх том зорилгод нь эхний ээлжинд хоёр сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаагаас одоогоор бараг талыг нь босгоод байгаа аж. “Ньюмедиа” зах зээлийн үнэлгээгээ дор хаяж 800 саяас нэг тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байгаа. Олон улсад нэг тэрбум ам.доллар ба үүнээс дээш үнэлгээтэй стартапуудыг ганц эвэрт (unicorn) гэж нэрлэдэг. Старт-апын үнэлгээ тэрбумыг давах нь тэнгэрийн од шиг ховор тул ийнхүү домогт л гардаг амьтантай зүйрлэсэн нь энэ. Гэтэл сүүлийн жилүүдийн тэдний өсөлтийг борооны дараах мөөгтэй зүйрлэхэд хилсдэхгүй. Business Insider-ийн мэдээлж буйгаар 2018 он гарснаас хойш л гэхэд дэлхий даяар 16 гарааны компани энэ босгыг давж, нийт ганц эвэртүүдийн тоо 274, тэдний зах зээлийн нэгдсэн үнэлгээ 836 тэрбум ам.долларт хүрээд байна. Хамгийн залуу ганц эвэрт Tiger Brokers компани энэ сарын 11-нд шалгуур хангасан тухай CB Insights мэдээлжээ. Тэгэхээр, “Ньюмедиа”-гийн энэ мөрөөдөл биелэх боломжтой гэдэгт эргэлзэх хэрэг алга. Үүнээс илүүтэй гуравхан сая хүн амтай Монголын гарааны компани ийнхүү мөрөөдөж чадаж байгаа нь тэдний төдийгүй тэднийг дагах олон амжилтын түүхийн эхлэл юм.

Азийн шилдэг 100 старт-m багтсан Монголын технологийн гурван компанийн төлөөлөлтэй хийсэн ярилцлагыг ЗГМ сонин танд цувралаар хүргэнэ.