A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2367/

Хүүхдийн ул хавтгайрахаас хэрхэн сэргийлэх вэ

Хөлд орж буй хүүхдийн хамгийн сайн "гутал" бол хөл нүцгэн байх юм

Хүүхдийн ул хавтгайрахаас хэрхэн сэргийлэх вэ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2367/


ХҮҮХДИЙН УЛ ХАВТГАЙРАЛТ ГЭЖ ЮУ ВЭ

Нярай хүүхдүүдийн хөл ихэнхдээ майга харагддаг. Үүнд санаа зовох хэрэггүй. Учир нь хүүхдүүдийн ихэнх нь эргэсэн муруй болон хавтгай тавхайтай төрдөг. Нярай үедээ хүүхэд мариа ихтэй байдгаас нум нь ялгарч харагддаггүй. Хоёр нас хүртлээ хүүхэд хавтгай ултай байхыг эрүүл гэж үздэг. Тиймээс хүүхдийн хөлийн нум сайн ялгарч харагдахгүй ч эрт хөлд орсон бол санаа зоволтгүйгээр дөрвөн нас хүртэл нь ажиглаж болно. Хүүхэд зогсдог болоход ч хөлнийх нь тавхайн булчин, үеүд гүйцэд хөгжөөгүй байдгаас уланд нум үүсээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхэд бүтэн улаараа зогсоход нум харагддаггүй боловч өлмий дээрээ зогсоход нумтай нь мэдэгдэнэ гэсэн үг. Иймээс нярай хүүхдэд “ул хавтгайрах” онош тавьдаггүй. Хүүхэд өсөж том болж тавхайн яснууд бэхжин булчин хөгжихийн хэрээр буюу дунджаар 2-3 насанд улны нум үүсэж эхэлдэг.

Харин хүүхэд тань таван нас хүрээд хөлийн уланд нь нум үүсээгүй бол эмчид хандах хэрэгтэй. Мөн хавтгай ултай удамтай бол удамших магадлалтай. Хавтгай ул гэдэг нь тавхайн яснуудын согог эсвэл ахиллын шөрмөс (шилбэний эрээн булчингийн өсгий ясанд бэхлэгддэг шөрмөс) богиноос шалтгаалан нумгүй байхыг хэлдэг. Үүнийг бид гадагшаа болон дотогшоо майга гэж нэрлэдэг. Гадагшаа гишгэдэг хүүхдэд улны дотор талд биеийн жингийн ачаалал ирдгээс хавтгай ултай болдог. Дотогшоо майга нь ул хавтгайрах түгээмэл шинж. Харин гадагшаа майга нь ул хэт хүнхэр болох шинж юм. Таваас дээш настай хүүхдийн гутлыг зэрэгцүүлэн тавьж шинжээрэй. Улны хавтгайралт болон хэт хүнхэр байх мөн өрөөсөн хөлөнд илэрдэг.

УЛ ЯАГААД ХАВТГАЙРДАГ ВЭ

Манай улсад ойролцоогоор 10 хүүхдийн 1-2 нь хавтгай ултай байдаг гэсэн судалгааны дүн гарчээ. Олон янзын шалтгаанаас болж ул хавтгайрдаг бөгөөд өсөж буй хүүхдэд байнга нумгүй гутал өмсүүлдэг нь ул хавтгайрах үндсэн шалтгаануудын нэг болж байгаа юм. Үүнийг эмч, мэргэжилтнүүд сүүлийн үед Хятад болон Солонгос улсад үйлдвэрлэгдсэн нумгүй хавтгай ултай, хямд гутал хүүхдэдээ өмсгөж байгаатай холбоотой гэж анхааруулдаг. Тулгуур эрхтний систем нь бэхжээгүй хөгжиж буй насанд нь хүүхдэд UGG кээт, пүүз балерина гэх зэргээр нэрлэгдсэн гутал өмсүүлэх нь сөрөг нөлөөтэйг эцэг эхчүүд анхаарахад илүүдэхгүй.


Хүүхдийн хөлийн улны хөгжлийн энэхүү гажиг хамгийн түрүүнд өвдөгт нөлөөлдөг бөгөөд цаашлаад ууц нуруунд муу нөлөөтэй. Түүнчлэн хөлний хүндийн төв өөрчлөгдөж цусан хангамж муудаж, хөл өвдөх шөрмөс татах, нурууны төгсгөл хэсэгт ачаалал нэмэгдсэнээр нуруунд суулт өгөх сөрөг үр дагавартай. Цаашлаад биеийн хүчний ачаалал даах, хурдан гүйх зэрэгт бэрхшээлтэй болдог

Хөлийн тавхайн хэлбэрийг хэвийн, хавтгай, хүнхэр гэж ангилдаг бөгөөд хэвийн хөгжилтэй хөлийн улны хүнхэрийн хэмжээ дунд зэрэг тулах цэгийн гадарга нь хөлийн улны гуравны нэгийг эзэлдэг. Зарим тохиолдолд удаан явахад хөл өвдөх, шөрмөс татах шинж илэрдэг бөгөөд ховор хүнд хэлбэрийн үед хөлийн хуруунуудын хэлбэр өөрчлөгдөж болзошгүй. Хүүхдийг таваас дээш насанд нь хавтгай ултай гэж оношилсон бол хөлийн шөрмөс сунгах дасгал, өвдөлт намдаах аргуудыг ашиглахаас гадна хүнд хэлбэрийн согог илэрвэл яаралтай эмчид хандаарай. Согог заслын эмч үзлэг хийхээс гадна рентген зураг авч шаардлагатай тохиолдолд гутланд нь тухайн хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон нумтай ул хийлгэхийг зөвлөдөг.

ХҮҮХДИЙНХЭЭ ХӨЛИЙН УЛЫГ ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ

Хүүхдээ хавтгай ултай эсэхийг мэдэхийн тулд хөлийн уланд нь будаг түрхээд цагаан цаасан дээр гишгүүлээд үз. Гарсан мөр дээрх зургийнх шиг байвал эмчид хандаж зөвлөгөө аваарай.

ХАВТГАЙРСАН УЛЫГ ЗАСАЖ БОЛНО

Хавтгай улны хамгийн сайн эмчилгээ нь байгальтай ойр байж зүлэг, элс, голын захаар хөл нүцгэн явах юм. Ялангуяа, барзгар гадаргуу нь хөлийн цэгүүдэд үйлчилснээр хөлийн нум хэлбэржин тогтдог. Мөн хөл нүцгэн араараа ухарч алхах ч сайн. Хавтгай хөлийг засах нэмэлт хэрэгслүүд байдаг ч голчлон төрөлхийн хавтгай тавхайтай хүүхдэд ашигладаг. Гутлын уланд нэмэлт нум өндөрлөгөө хийх, зориулалтын нум ч хэрэглэж болно. Хэрэв нум хийгээд сайжрахгүй бол хэрэгслийг өөрчлөх шаардлагатай. Өвчин хүндэрснээс хавтгай ултай хүүхдийн хөлийн ул, шилбэний булчин өвдөж зовиурлахаар барахгүй хүчтэй өвдсөнөөс болж заримдаа явж чадахаа больдог. Ийм хүүхдийг ортопед эмчид үзүүлж онош тодруулан, тусгай эмчилгээг цаг алдалгүй эхлэх нь чухал. Тухайлбал, эмнэлэг хүүхдийн байгууллагуудад мэргэжлийн хүмүүсийн хийлгэдэг гимнастик, иллэг, зориулалтын гутал, супинатортой улавч гутал дотор хийж өмсүүлэн, гипсээр хүнхэр гаргаж засна. Мөн бага зэргийн гажигтай бол эмчид үзүүлсний дараа интернэтэд хүүхдийн ул хавтгайрах болон хэт хүнхэр улыг засах дасгалуудыг гажиг засагдтал хийлгүүлэх хэрэгтэй.

ГУТАЛ СОНГОХДОО ЮУ АНХААРАХ ВЭ

Хамгийн түрүүнд улыг нь сайтар анзаарах хэрэгтэй. Гутал хамгийн гол нь стандартын нумтай хөлөндөө яг таарч байх ёстойгоос гадна резинэн гутал удаан хугацаагаар өмсгөх хэрэггүй. Мөн багадсан юм уу томдсон гутал өмсвөл улны хэв, хэмжээ өөрчлөгддөг. Хүүхдийн бие организм байнга өсаж хөгжиж байдаг учраас хөгжлийг нь дэмжсэн гутал сонгох хэрэгтэй. Бид хүүхдийн хөлийг хатуу ултай гутал тулдаг гэж боддог ч үнэндээ хөлийн булчингууд л тулж байдаг. Хөлд орж буй хүүхдийн хамгийн сайн "гутал" бол хөл нүцгэн байх юм. Энэ нь хүүхэд нярай үедээ хөлөөрөө шууд газарт тулж зөв хөгжихөд тусална. Мөн жингийн дутуу, бүтэлттэй төрсөн зэрэг анхаарал халамж шаардлагатай хүүхдэд эдгээр шинж түгээмэл илэрдэг тул жил  бүр мэргэжлийн эмчид үзүүлж урьдчилан сэргийлж байхыг Боловсрол судлалын магистр, Биеийн тамирын эмчилгээний арга зүйч У.Даваахүү зөвлөлөө.

/Эрүүл мэнд Инээмсэглэл сэтгүүл/

A

Жижиг

A

Дунд

A

Том

Амны хаалт ховор бараа боллоо

 0 сэтгэгдэл
  • Нэг удаагийн амны хаалт үйлдвэрлэдэг “Мөнхийн тун” компани 24 цагаар ажиллаад ч захиалгаа дийлэхгүй байна
  • Иргэд амны хаалтны эрэлд гарч эмийн бөөний төвүүдийг нэгжин сураглаж явав. Зарим эмийн сан амны хаалтны эрэлт нэмэгдсэнийг далимдуулж үнийг нь хоёр дахин нэмж, 300 болгожээ

Нэг үеэ бодвол монголчууд аминдаа хайртай болжээ. Эмийн сангуудаар орж амны хаалт, гар ариутгагч сурсан олны хөл тасрахгүй байна. “Бөмбөгөр” худалдааны төвийн замын урд хэсэгт орших эмийн бөөний төвүүд хөл хөдөлгөөнтэй байлаа. Хүн бүрийн сурагласан амны хаалт нүдний гэм болжээ. Ганц хоёр газар 300-400 төгрөгийн үнэтэй байна. “Мөнхийн тун” компани нэг удаагийн амны хаалт үйлдвэрлэж буй ч 24 цагаар ажиллаад ч захиалгаа дийлэхгүй байгаа талаар эмийн санч нар нь хэлж байв. Тус салбар бямба гарагт 35 мянган ширхэг амны хаалт борлуулсан бол ням гарагийн өглөө 10 мянган ширхгийг хүлээж аваад дуусчээ. Мөн гар ариутгагч этилийн спирт эрэлт ихтэй байна. Одоогоор 9000 ширхэг гар ариутгагч захиалсан хэмээлээ. Иргэн Н.Баатар “Эмийн бөөний төвүүдээр ороод нэг удаагийн амны хаалт авч чадсангүй. Аргаа бараад үнэтэйг нь худалдаж авлаа. Амны хаалт ховор бараа болжээ” хэмээн ярьж зогслоо. “Фарм трейд”-ийн эмийн санчаас хижээл насны эмэгтэй ийн гуйж зогсов. “Амны хаалт ганц ширхгийг зарчихаач, энд хайрцагт зөндөө харагдаад байна шүү дээ” гэхэд “Тусгай захиалгатай бараа байгаа юм аа эгч ээ, эмнэлгээс урьдчилан захиалга өгсөн учраас тоо ёсоор нь баглаж тавьчихаад байна” хэмээн хариулж байхтай тааралдав. Гудамжаар алхаж буй хүмүүсийн дийлэнх нь амны хаалт зүүсэн харагдсан. Өвчлөхгүйн тулд хүн бүр ийн хичээж байна. Зарим эмийн сан нэг хүнд амны хаалт таван ширхгээс илүү өгөхгүй гэдгээ хэлж байлаа. “Монос” группийн эмийн бөөний төвд ч мөн амны хаалт тасарчээ. Тус эмийн сангийн хөтөч нь “Амны хаалт бямба гарагт дууссан. Манайх үйлдвэрлэдэггүй. Өөр газраас авдаг болохоор ерөнхийдөө хомсдоод байна. Өглөөнөөс хойш амны хаалт сураглаж ирсэн хүмүүсийг хоосон буцааж байна” гэж ярилаа. Иргэд амны хаалтны эрэлд гарч эмийн бөөний төвүүдийг нэгжин сураглаж явав. Зарим эмийн сан амны хаалтны эрэлт нэмэгдсэнийг далимдуулж үнийг нь хоёр дахин нэмж, 300 болгожээ. Аминдаа хайртай бусдыг хүндэтгэдэг хүмүүс амны хаалт сураглаж явахад зарим хэнэггүй нөхдөд гудамжинд нусаа нийж, цэрээ хаяж байв. Ийм бүдүүлэг хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй бололтой. 

Ханиаднаас болж махны үнэ нэмэгдээгүй 

“Бөмбөгөр” худалдааны төв олны хөлд дарагджээ. Тус худалдааны төвөөр үйлчлүүлэгчдийн олонх нь амны хаалтгүй яваа харагдлаа. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хүүхдүүдээ олон хүн цугларсан газраар авч явахгүй байхыг анхааруулсан хэдий ч эцэг, эхчүүд үл ойшоов. Зах дотор нааш, цааш хөлхөлдөх хүмүүсийн дунд хүүхдүүд нэлээд байлаа. Ханиадны сургаар адууны мах гүйлгээтэй байна, үнэ ч нэмэгдсэн гэсэн мэдээллийн мөрөөр лавлахад махны худалдаачид “Тэгтлээ ховордоогүй байна. Өнөөдрийн борлуулалт жирийн өдрийнхтэй л ижил байна. Адууны мах 10 мянга, үхрийн мах 9000 төгрөг байгаа” гэсэн хариулт өглөө. Харин урд хөршөөс оруулж ирсэн тахианы махны үнэ үл ялиг нэмэгджээ. Тахианы мөч 14 хоногийн өмнө килограмм нь 8000 төгрөгийн үнэтэй байсан бол 9000 болж мянган төгрөгөөр өсчээ. Тахианы цээж мах килограмм нь 14000 болсон байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сайхан болох гээд сайн дурынхнаар тоглуулсаар байх уу

 0 сэтгэгдэл
  • Маникюрын мах авдаг хэрэгсэл, шүдний чигчлүүр, сахлын татуурга гээд арьс гэмтээж, цус гаргах багаж ашигладаг бүх л үйлчилгээ халдвар тараах эрсдэлтэй
  • 2019 онд мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гоёлын гоо сайхны 186 газар хяналт шалгалт хийж, нян судлалын шинжилгээ, физик хэмжилт авахад зарим эмнэлэг, гоо сайхны газрууд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлагыг хангахгүй байгаа нь илэрчээ
  • Гоо сайхны үйлчилгээ аваад хохирсон нэгэн эмэгтэй “15 мянгаар булган сормуус суулгуулсан. Гэтэл маргаашаас нь эхлээд нүд тэсэхийн аргагүй загатнаж, сормуусны сүв маань улайж үрэвссэн” гэж бидэнд ярилаа
  • Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвд хумсны өвчлөлтэй холбоотойгоор 2016 онд 422, 2017 онд 360, 2018 онд 377 иргэн хандсан байна. Харин 2019 оны эхний 10 сарын байдлаар хумсны өвчлөлийн 476 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн өвчлөл ихсэж байгааг харуулж байна

Анхааралгүй орхиж боломгүй баримт Арьсны өвчин судлалын үндэсний төвийн жил жилийн тайлангаас харагдлаа. Энэ бол хумсны өвчлөл бөгөөд 2016 оноос хойш ийм эмгэгээ эмчлүүлэх гэсэн иргэдийн тоо тасралтгүй өсөж ирсэн байна. Тухайлбал, 2016 онд 422 хүн дээрх оношоор эмчилгээ хийлгэсэн бол, 2017 онд 360, 2018 онд 377 харин өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар хумсны өвчлөлийн 476 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн өвчлөл ихсэж байгааг харуулж буй. Хумс засал бол ердийн л гоо сайхны үйлчилгээ. Гэтэл энгийн үйлчилгээ авсныхаа төлөө эмнэлгийн хаалга татах хэмжээнд хүрч буй нь гоо сайхны стандарт хангаагүй салон, гол чадвараа сураагүй гоо сайханчидтай холбоотой юм. Монголд Make up artist гэсэн шошгыг өөртөө наасан захын сайн дурын “уран сайханч” гоо сайханчаар ажиллаж байна. Энэ салбарт хумс будаж сураад маникюрчин, сормуус нааж чаддаг бол сормуус артист, нүүрээ дажгүй будчихдаг нь шивээсчин, сургалтын төв гэж бичээд сургуулийн хэмжээнд үнэлэгддэг газрууд олон болжээ. Харин өнөөх сургалтын төвийг төгссөн нөхөд өөрсдийгөө мэргэжлийн артист гэж нэрлэн, сормуус суулгах, хумс засал, нүүр будах үйлчилгээг гэрээр хүртэл хийж байгаа нь дээрх өвчний үндсийг тавьж байгааг эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. Охид бүсгүйчүүдийн мэдээллээ хуваалцдаг цахим сүлжээнд “Сормуус суулгуулах гэж очоод нүдээ гэмтээчихлээ, хумсаа засуулах гээд цусыг нь гаргачихлаа” гэх сэтгэгдлүүд олонтаа харагдана. Зориулалтын салонууд хүртэл шаардлага хангахгүй байхад гэрээр очиж үйлчилгээ үзүүлдэг “тэнэмэл” гоо сайханчдын балаг түүнээс ч их. Бүр энэ төрлийн явуулын ажлын байрны ард орон байрны хулгайн гэмт хэрэгтнүүд ч нуугдаж байсан тохиолдол бий. 

Сандал ширээ тавьсан болоод салоны үйлчилгээ амлаж буй газруудыг онцгойлон анхаарах хэрэгтэй

Гэрээр очиж үйлчилгээ үзүүлдэг сургалтын төвийн болсон болоогүй сертификаттай, энд тэндхийн булан тохойд сандал ширээ тавьсан болоод салоны үйлчилгээ амлаж буй газруудыг онцгойлон анхаарах хэрэгтэй. “Сормуус суулгуулахаар мөнгөө төлсөн. Гэтэл нүд маань хатгаж өвдөөд, хэд хоног нулимс гоожлоо. Өөрт нь хэлэхээр тоохгүй юм” гэх зэрэг гомдлыг цахим ертөнцөд олон харсан. Сэтгэгдэл хэсэгт нь гоёлын гоо сайхны үйлчилгээ аваад хохирсон хүүхнүүд хэдэн зуугаараа орж ирнэ. Тэдний дийлэнх нь хямд үнэтэй баталгаагүй гоо сайхны үйлчилгээ авсны улмаас хохирогч болох аж. Хумсаа будуулах, хөмсөг шивүүлэх, сормуус суулгах, нүүр будуулах, вакс хийлгэх гээд эмэгтэйчүүдийн энэ төрлийн үйлчилгээний эрэлт барагдахгүй. “Дуудлагаар очиж гелен хумс, бүх төрлийн будалт хийнэ” гэсэн зарын дагуу залгахад “Яг одоо яваад очих боломжтой. Гелен будалт 5-10 мянга, гелен хумс 15-30 мянгаар хийнэ” гэлээ. Эрүүл ахуйн стандартыг хэрхэн хангах талаар тодруулахад “Хумс будахын төдий халдвар авна гэж юу байхав. Би чанартай будаг хэрэглэж, багажаа зориулалтын уусмалаар ариутгадаг. Мөн мэргэжлийн сертификаттай” гэж хариулсан юм. Багаж, зүү тариурыг ариутгахдаа спиртээр арчдаг арга үеэ өнгөрөөж, зориулалтын туяагаар шарж, битүүмжлэн хадгалдаг, аль эсвэл нэг удаагийн багаж хэрэглэдэг болоод өчнөөн удаж буйг энд дурдах хэрэгтэй. 2019 онд мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гоёлын гоо сайхны 186 газар хяналт шалгалт хийж, нян судлалын шинжилгээ, физик хэмжилт авахад зарим эмнэлэг, гоо сайхны газрууд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлагыг хангахгүй байгаа нь илэрчээ. Харин эмчилгээний гоо сайхны 57 эмнэлгийн найм нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн чиглэлд мэргэшсэн эмчгүй, Монгол улсад бүртгэлгүй өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх шинэ техник, технологи, арга хэрэгсэл ашигласан, өөрсдийн баталсан эмнэл зүйн заавраар эмчилгээ явуулж байжээ. Мөн мэс заслын тусламж, үйлчилгээ явуулж буй эмнэлгүүдийн 59 хувь нь шаардлага хангаагүй агааржуулалтын системтэй, мэс заслын дараа шархны халдварын байдалд тандалт, судалгаа хийдэггүй, мэргэшсэн ариутгагчгүй, ариутгалын хэсэг нь шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Маникюр, сормуус суулгах, хөмсөг шивэх зэрэг үйлчилгээнүүд хүний арьс салстад ажилбар хийдэг, гэмтээх эрсдлийг агуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Гоо сайхны үйлчилгээ аваад хохирсон нэгэн эмэгтэй “Сормуус суулгахаар нүд тодроод ирдэг учраас баярын өмнө үйлчилгээ авахаар шийдсэн. Эмэгтэйчүүд янз бүрийн л үйлчилгээ хийлгэдэг шүү дээ. Цаг зав бага, бас мөнгөний боломжиндоо тааруулан дуудлагаар сормуус хийнэ гэсэн охинд хандсан. 15 мянгаар булган  сормуус суулгуулсан. Гэтэл маргаашаас нь эхлээд нүд маань тэсэхийн аргагүй загатнаж, сормуусны сүв маань улайж үрэвссэн. Хийлгэсэн хүнтэйгээ холбогдсон боловч намайг блок хийгээд алга болсон. Халдварт өвчин аваагүйдээ баярлаж сууна. Бохир орсны улмаас үрэвссэн юм билээ” гэж бидэнд ярилаа.

Эмчилгээний гоо сайханд стандарт бий ч гоёлын гоо сайханчдад тавигдах шаардлага хангалттай бус

Хүний арьсны гоо сайхантай холбоотой эмгэгийг эмчлэх, мэс засал хийх, арьс гэмтээх үйлчилгээг үзүүлж, эмчлэхэд чиглэсэн зөвлөгөө өгөх эрх бүхий, тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллагын үйлчилгээг эмчилгээний гоо сайхан гэнэ. Харин гоёлын гоо сайхны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд арьс салстыг гэмтээх үйлчилгээ үзүүлэх эрхгүй. Зөвхөн массаж, нүүр будалт, маникюр, педикюрын үйлчилгээ үзүүлэх эрхтэй. Манайд үйл ажиллагаа явуулдаг үсчин, гоо сайхны салон гэсэн газрууд гоёлын гоо сайхны үйлчилгээг үзүүлдэг. Журмандаа маникюр, педикюрын үйлчилгээ үзүүлж болно гэсэн заалт байдаг боловч, тэдэнд тавигдах шаардлага тодорхой бус. Гэтэл В,С,D вирус нь арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед буюу цусаар мөн бэлгийн  замаар халдаж болно. Маникюрын мах авдаг хэрэгсэл, шүдний чигчлүүр, сахлын татуурга гээд арьс гэмтээж, цус гаргах багаж ашигладаг бүх л үйлчилгээ халдвар тараах эрсдэлтэй аж. Халдварт өвчин судлалын үндэсний төвд өдөрт 30 хүн үйлчлүүллээ гэхэд тэдний 10-15 хувь нь гоёлын гоо сайхны үйлчилгээнээс халдвар авсан байгааг мэргэжлийн эмч онцолж байв. Баталгаагүй үйлчилгээний цаана таны насан туршийн эрүүл мэнд, гоо сайхан золиос болох аюултай тул хямд үнээр үйлчилгээ үзүүлэхийг санал болгож буй явуулын гоо сайханчид, баталгаагүй газруудаар үйлчлүүлэхгүй байхыг уншигчдадаа зөвлөе. 

Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч, Д.Дэлгэрбаяраас тодрууллаа. 

-Сүүлийн жилүүдэд маникюр, педикюрын сургалт олширч байна. Энэ төрлийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад ямар шаардлага тавьдаг вэ? 

-Сургалтын байгууллагууд Хөдөлмөр, нийгэм, хамгааллын яамнаас зөвшөөрлөө авдаг. Манайх эрх зүйн хүрээнд сургалтын төвүүдэд хяналт шалгалт хийх эрхгүй. Өнгөрсөн онд төлөвлөгөөт шалгалтыг үсчин, гоо сайхны газруудад хийсэн. 

-Гоёлын гоо сайхны үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нэгдсэн стандарт гэж бий юу? 

-Багажаа ариутгах, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан эсэх, мэргэжлийн ур чадвар нь ямар хэмжээнд байна гэхчлэн хумс гоо заслын үйлчилгээ тодорхой хэмжээний эрсдэл дагуулдаг. Ширээ, сандал тавиад л үйлчилгээ үзүүлж байна. Гэвч үсчин, гоо сайхны газрын стандарт гэж байдаг ч маникюр, педикюрын үйлчилгээний стандарт гэж байхгүй нь асуудал дагуулж байна. Яам нэгдсэн стандарттай болгохоор ажиллаж байгаа юм билээ. Зөвхөн маникюр, педикюрын үйлчилгээ үзүүлэгчдэд төлөвлөгөөт шалгалт хийх боломжгүй учир иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалт хийдэг. Гэхдээ гоо сайхны газруудад төлөвлөгөөт шалгалт хийхдээ хамт хяналт тавьж, шаардлагатай зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаг. 

-Ихэвчлэн ямар төрлийн зөрчил илэрдэг вэ. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсан бол тухайн газрыг хаах боломжтой юу? 

-Ерөнхийдөө мэргэжлийн бус хүмүүс үйлчилгээ үзүүлж байна. Ариутгал, эрүүл ахуйн нөхцөл хангалтгүй гэх мэт нийтлэг зөрчил бүртгэгддэг. Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна. Харин үйл ажиллагааг нь шууд зогсоох эрх бидэнд байхгүй. Хуулийн дагуу прокуророос зөвшөөрөл авах ёстой. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Даштуяа: Ходоодны үрэвслийг тоохгүй орхиж болохгүй

 0 сэтгэгдэл
  • Хеликобактераа устгалаа ч үрэвслээ эмчлэхгүй тохиолдолд ходоодны хорт хавдар болдог
  • Гэр бүлийн нэг гишүүн хелико­бактертай бол бусдад нь халдварласан байх магадлал маш өндөр байдаг. Тэгэхээр бүгд шинжил­гээгээр баталгаа­жуулаад эмчлүүлэх хэрэгтэй

Буруу хооллолт, эрүүл ахуйн дэглэм ба­римтлаагүй зэргээс шалтгаалж ходоодны өвчлөл улам нэ­мэгдсээр байгаа билээ. Гэтэл зарим хүмүүс ходоодны шархаа тоохгүй явсаар байгаад эцсийн шатанд нь хүргэснийхээ дараа эмнэлэгт хандах тохиолдол цөөнгүй байдаг аж. Ходоод нь өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах болон хэрхэн эм­нэх талаар УНТЭ-ийн тэргүүлэх зэргийн эмч Ц.Даштуяагаас тодрууллаа. 

-Ходоод нь өвддөг хүмүүст ямар шинж тэмдэг илэрдэг вэ? 

-Ходоодны үрэвслийг шалтгаантай, хеликобактерийн халдвараас шалтгаантай, цөсний сөөргөө буюу эмийн шалтгаантай гэж гурав ангилдаг. Эдгээрээс хамгийн түгээмэл тохиолддог нь хеликобактерийн шалтгаан. Энэ үед ходоод, хэвлий гэдэс орчимд эвгүй оргих, цанхайх, гэдэс дүүрэх, суулгах, эсвэл өтгөн хатах, цээж хорсох, хоолны шингэц муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг. 

-Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ? 

-Эдгээр шинж тэмдэг илэрсэн бол хеликобактерийн халдвар авсан эсэхээ баталгаажуулах шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэхүү шинжилгээг цусаар өгөх нь үр дүн муутай учир өтгөнөөр, амьсгалын сорилоор, эсвэл дурандуулж болно. Шинжилгээний хариу хеликобактертай гэж гарвал халдвар дахин авахаас сэргийлж гадуур хооллохгүй, аяга халбагаа солихгүй байх зэрэг эрүүл ахуйн дэглэм баримтлах хэрэгтэй. Үүнээс гадна хеликобактер өсөж үржих нөхцөлийг бүрдүүлэхгүйн тулд хоолны дэглэм барина. Тухайлбал, шарсан хуурсан, хоносон хоол, кофе, шоколад, архи, вино, хоол амтлагч, халуун ногоо, хийжүүлсэн ундаа зэргийг хэрэглэхгүй. Болж өгвөл чанаж, жигнэсэн хоол идэх ёстой. Мөн эмчийн зөвлөсөн эмийн эмчилгээг хэрэглээд эмчилгээ дууссанаас нэг сарын дараа халдвар арилсан эсэхийг баталгаажуулах ёстой.

-Ходоод нь өвддөг гэдгээ мэдсээр байж эмчлүүлэхгүй яваад байвал ямар сөрөг талтай вэ? 

-Ходоодны үрэвслийг эмчлэхгүй удаан явбал ходоодны хавдар болно. Тиймээс маш сайн эмчлэх ёстой. Манай эмнэлэгт ходоодны хавдар нь төгсгөлийн буюу гурав, дөрөвдүгээр шатандаа орсон хүмүүс их ирдэг. Энэ нь эмчилгээ хийх боломжгүй шатандаа оношлогдож байна гэсэн үг. Эрт оношлогдоод төгс эмчлэгдэх тусам ходоодны хавдар хүндрэхээс сэргийлнэ. 

-Төгсгөлийн шат гэхээр ходоод нь өвдөөд хэр удсан гэсэн үг вэ? 

-Нэлээн удсан гэсэн үг шүү дээ. Ходоод дурандуулах үед ходоодны архаг үрэвсэлтэй гэсэн тохиолдолд тоохгүй яваад байж болохгүй. Маш сайн эмчлүүлэх ёстой. Хеликобактерийг устгалаа ч гэсэн үрэвслээ эмчлэхгүй яваад байвал даамжирсаар байгаад ходоодны хорт хавдар болдог. Хавдар тархаад бусад эрхтэнд нөлөөлөөгүй бол тайрах арга хэмжээ авч амжина. Хүнд шатандаа орсон байвал харамсалтай нь ямар ч арга байхгүй. 

-Гэр бүлд нь нэг л хүн хеликобактертай бол бүгд эмчлүүлэх ёстой гэдэг. Энэ нь ямар учиртай юм бол? 

-Гэр бүлийн нэг гишүүн хеликобактертай бол бусдад нь халдварласан байх магадлал маш өндөр байдаг. Тухайн хүн эмчилгээ хийлгэлээ ч гэсэн бусдаасаа халдвар авна. Тухайлбал, сойзнуудаа хамт байлгах зэрэг нь халдвар авах эх үүсвэр. Тэгэхээр бүгд шинжилгээ өгөх хэрэгтэй. 

-Зарим хүн эмчилгээ хийлгэсэн ч үр дүн гараагүй гэдэг. Эмчилгээ нь үр дүнтэй байж чаддаг уу?

-Эмчилгээний үр дүн муу байх нь хоёр шалтгаантай. Нэгт, тухайн эмэнд дасал болсон байж болно. Хоёрт, цагаа барьж уугаагүй бол эмчилгээ үр дүнгүй. Ходоод өвддөг бол элэг, цөс, ходоод гэдэсний нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Сум, аймгийн болон өрхийн эмч нар оновчтой эмчилгээ хийдэггүй. Хатгалгаа авсан, хоолой өвдсөн үед бичиж өгдөг амоксициллин, калитромицин, метронидакол зэрэг эмүүдийг дахин бичээд өгчихдөг. Тэр ч бүү хэл нэг болон хоёрдугаар шатлалын эмч нар өмнө нь хэрэглэсэн эсэхийг асуулгүй нэг эмээ дахин бичиж өгдөг. Ихэнх хүний биед эдгээр эм дасал болсон учраас эмчилгээний үр дүн муу байна. Нэгдүгээр шатлалын эмчилгээ үр дүнгүй болбол дараагийн эмчилгээг үе шат ахиулан хийх шаардлага үүсдэг. 

-Иргэд хеликобактерийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

-Хеликобактер халдварлах нөхцөл нь аяга халбагаа солих, хүнсний ногоо ариутгахгүй хэрэглэх зэрэг ахуйн ариун цэвэр сахиагүйгээс үүдэлтэй. Тиймээс эрүүл ахуйн дэглэм баримталж аяга халбагаа солихгүй байх хэрэгтэй. Болж өгвөл гадуур хооллохгүй өдрийн хоолоо бэлдэж, ажил руугаа авч явах нь зөв. Мөн сойзоо сард нэг удаа сольж, тусад нь байлгах ёстой. Үүнээс гадна, жимс ногоогоо баталгаатай газраас авч, сайн ариутгахыг зөвлөх байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Г.Мандширмаа: Спиннингийн спорт эрчүүдэд илүү хурдан үр дүнгээ өгдөг

 0 сэтгэгдэл
  • 150 см-ээс дээш өндөртэй хүмүүс хичээллэж болно
  • Спиннинг нь фитнесс болон бусад ачаалалтай дасгалуудыг бод вол хөдөл- гөөний үр дүн хүний биеийн бүх булчинг хөгжүүлдгээрээ давуу талтай
  • Эмэгтэйчүүдийн булчингийн жин сул байдаг бол эрчүүд жингээ маш сайн хасч, хуримтлагдсан гэдэс нь сарын дотор арилдаг. Харин эмэгтэй хүн гурван сар хичээллэж байж үр дүн нь гардаг

Өнөө үед фитнессийн маш олон чиг хандлага зэрэгцэн оршиж байна. Зарим хүн пилатесаар хичээллэж байхад, өөр нэг хэсэг нь боксын спортоор бараг л мэргэжлийн тамирчин болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл сүүлийн гурван жилийн хугацаанд Монголд маш хүчтэй дэлгэрээд байгаа спиннинг буюу суурин дугуйн дасгалын талаар бид юуг заавал мэдэж байх ёстой талаар сонирхуулж байна. Эрүүл амьдралын хэв маяг, төгс бие галбирыг олж авахын тулд бид эрэл хайгуул хийсээр л байгаа. Яг ямар дасгал булчин хөгжүүлэхэд илүү үр дүнтэй байна, хаана, юу хийвэл хурдан жин хасах вэ, хэрхэн хоолловол булчингийн масс нэмэх вэ гэх мэтчилэн олон асуултууд ар, араасаа ундарсаар байдаг. Тиймээс Happy Smile эрүүл мэнд, гоо сайхан спиннинг клубын их эмч, хоолзүйч Г.Мандширмаатай спиннингээр хичээллэж, хэрхэн булчинлаг, галбиртай, эрүүл болох талаар ярилцлаа. 

-Спиннингийн спортоор хичээллэсний давуу талыг нь эхлээд ярилцъя. 

-Спиннинг нь фитнесс болон бусад ачаалалтай дасгалуудыг бодвол хичээллэж байх явцад маш их хэмжээий хөлс ялгаруулж, хөдөлгөөний үр дүн хүний биеийн бүх булчинг хөгжүүлдгээрээ давуу талтай. Зөвхөн жин хасаж, галбир засахаас гадна хүзүүний хөшингө, чихрийн шижин, зүрх, элэг өөхлөх гэхчлэн өвчнүүдээс урьдчилан сэргийлдэг. Харин спиннингээр хичээллэж буй хүмүүсийн ихэнх нь жингээ хасаж, биеийн галбираа засах зорилготой байдаг. Сүүлийн үед өсвөр насны хан илүүдэл жингээ багасгах, өндөр болохоор спиннингийг сонгож байна. 

-Өсөлтөд нөлөөлдөг гэдэг шинэ мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу? 

-Боломжтой. Спиннингээр хичээллэснээр 1-2 см өсөж, өгзөг гуяны хэсгээрээ галбиржин бэлхүүс нарийсч, мөр маш сайн хөгждөг. Хамгийн гол үр дүн нь богино хугацаанд гардгаараа давуу талтай. Мэдээж хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлнэ. Илүүдэл жинтэйгээ тэмцэж байгаа хүмүүсийн хувьд зөвхөн хоол дасгал хөдөлгөөнөөр хязгаарлагдахгүй. Маш олон зүйл нөлөөлдөг. Тэр бүхнийг мэргэжлийн багш нар зааж өгөх ёстой. Жингээ хасахыг хүсэгчдэд хандаж хэлэхэд нойр, ус, хоолны орц найрлага маш чухал. 

-Жингийн тухай ярихаар хүний биеийн гадна болон дотор өөх гэх ойлголт хөндөгдөг. Ингэхэд гадар, дотор өөхний аль нь хурдан шатдаг юм бэ? 

-Дасгал хөдөлгөөн хийж хөлс ялгарснаар гадар өөх хайлж, тойргийн өөрчлөлт явагддаг. Манайхан, дотор өөх гэж яриад байдаг ч яг юуг хэлээд байгааг төдийлэн сайн ойлгодоггүй. Энэ бол дотор эрхтний өөхлөлтийг хэлдэг. ЭХО-д харуулахаар элэг, зүрх, бөөр өөхөлсөн байна гэдэг дээ. Дотор эрхтний өөхлөлт амьдралын буруу хэв маяг, хорт зуршлын улмаас олон жилийн явцад үүсдэг. Цаашлаад элэгний цирроз зүрх судасны өвчлөл чихрийн шижин өвчин үүсэх үндэс суурь нь болдог. Товчхондоо, хүнд байх ёстой дотор өөхний хэвийн хэмжээ хэтэрснээр өвчин үүснэ.

-Дотор өөхийг багасгах хамгийн хялбар арга юу вэ? 

-Мэдээж хамгийн гол нь хорт зуршлаасаа салах хэрэгтэй. Тухайлбал, тамхи, архины хэрэглээ, кофе, чихэр, газтай ундааг ч хорт зуршилд тооцдог. Дотор өөхийг багасгах хамгийн чухал эд нь эслэг. Хоол хүнсэндээ тогтмол эслэг хэрэглэж хэвших хэрэгтэй. Эслэгийг уусдаг болон уусдаггүй гэж хоёр ангилдаг бөгөөд уусдаг эслэг дотор өөхийг маш сайн хайлуулдаг. Зүй нь хүн хоол хүнснийхээ 10 хувьд нь эслэг хэрэглэх ёстой. Алим, лууван, хивэг, эрдэнэ шиш, шош зэрэг бүтээгдэхүүн эслэг ихтэй байдаг агаад хүнсэндээ тогтмол хэрэглэж хэвшсэнээр хуримтлагдсан өөх тос багасдаг.

-Дээр дурьдсан хүнсний бүтээгдэхүүнүүд уусдаг эслэг үү, уусдаггүй эслэг нь үү?

-Уусдаг эслэг. 

-Спиннингээр хэдэн наснаас хичээллэж болдог вэ? 

-Өндрийн заалт бий. 150 см-ээс дээш өндөртэй хүмүүс хичээллэж болно. Сүүлийн үед өсвөр насныхны дунд жингийн илүүдэл ихсэх хандлага ажиглагдаж байгаа. Хүүхдийн өсөлт явагд аад эхэлчихсэн бол хичээллэж болно. Дашрамд сонирхуулахад эмэгтэйчүүдийн булчингийн жин сул байдаг бол эрчүүд жингээ маш сайн хасч, хуримтлагдсан гэдэс нь сарын дотор арилдаг. Харин эмэгтэй хүн гурван сар хичээллэж байж үр дүн нь гардаг.