A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1148/

Хүүхдүүд буян нэртэй муухан пи-арын золиос болох учиргүй

Далд санаатай өглөгийг буян гэж хэлэхгүй

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1148/


Зах замбараагүй, цадиггүй, хэнэггүй гээд муу бүхнээр дуудуулдаг манай энэ үеийнхэнд гялайж, гялтайх нэг юм бий. Монголчууд өвдсөн зовсон, ядарсан нэгэндээ хэзээд гар сунгаж ирсэн. Харин сүүлийн арав гаруй жилд нийгмийн сүлжээ дэлгэрснээр үер ус, гал түймрийн гамшиг тохиолдоход монголчууд зангидсан гар шиг нэгдэж бусдадаа туслах нь улам дэлгэрсэн. Гэвч сайн үйлсийн утга учрыг гажуудуулж, өчүүхэн нэр хүндийн төлөө бусдыг дорд үзэгсэд олширлоо. Нэгэн санхүүгийн байгууллагын захирал өөрийн нэрийг цүнхэн дээр хэн ч, хаанаас нь ч харсан уншихаар томоос том бичээд хүүхэд багачуудад бахархалтайгаар тарааж байх юм.

Байгууллагынхаа 10 жилийн ойгоор хүүхэд баярлуулах гэсэн биш “өглөгч” захирал нэр нүүрээ шороотой хутгачихлаа. Хэрэв тэр цүнхийг нь үүрээд явбал “Би үнэгүй тараасан цүнх авдаг, эмзэг бүлгийнх” гэж нүүрэндээ бичээд явснаас ялгаагүй болох бус уу. Байгууллагын нэр яах вэ гэхэд өөрийнхөө нэрийг “сийлсэн” нь арай л сэнтэг явдал гэхээс юу гэх вэ. Сонгуулийн үеэр улс төрчид бусдыг татах гэж янз бүрийн юм сэдэж, бэлэг сэлт тараадаг. ариун цэврийн цаасан дээр нэр, зургаа хэвлүүлэн тарааж байсан инээдтэй атлаа эмгэнэлтэй жишээ ч бий. Зарим нь эмзэг бүлгийн хүүхэд, эмэгтэйчүүдэд тусаллаа гээд зураг, хөрөгтэй нь тавьчихна. Өөрсдийгөө сурталчилах нь тэдний гол зорилго учраас өглөг өгч буй хүн нь хэрхэх нь тэдэнд падгүй. Харин ч хариу нэхсэн далд санаатай өгсөн бэлэг нь буян биш гай болох нь ч байна.

Цүнх, данх тарааснаас эмчилгээ шаардлагатай хүүхдэд чимээгүй тусалсан нь дээр

Нэгэн сурагч хүү гэрт нь хүмүүс байн байн ирж бэлэг өгдөгөөс болж сургуулиасаа гарсан тухайгаа хэвлэлд ярьсан байна билээ. Гэрийнх нь гадаа том хар жийптэй ах, эгч нар байнга сүр дуулиантайгаар ирж, гурил будаахан өгдөг. Үүнийг гэрийнх нь ойролцоо амьдардаг ангийнх нь хүүхдүүд хараад гуйлгачин, түүлэгчингээр нь дуудаж, шоолдог болсон учраас сургуулиасаа гарсан аж. Энэ бол өглөг болгон буян болдоггүйн тод жишээ. Ерөөс өгөхийн тулд л өгч байгааг буян, сайн үйлс гэхээс бус ардаа ямар нэг далд санаа агуулсан бол түүнийг буян гэж үзэхгүй. Зарим хүн, ялангуяа улстөрчид өөрт ирэх ашгийг харж, бусдад тусалдаг. Харин зарим нь зүгээр л өөрийнхөө бусдад сайн явааг харуулж, ихэрхэхийн тулд гар сунгадаг. Бүр өглөг өгснөөр түүнээсээ сэтгэл ханамж авдаг төрлийн хүмүүс ч бий. Гэхдээ эдгээрийн аль нь ч сайхан сэтгэлийн буян биш. Авч буй хүнийхээ тусын тулд гэсэн нинжин сэтгэл төрөөгүй бол яагаад ч буян биш. шинэ жил, Цагаан сар, Эх Үрсийн баяр, хичээлийн шинэ жилээр хүүхдэд хайр зарлан, цүнх, ном барьж гүйлддэг дарга, захирлуудыг ч буянтан гэж тооцохгүй.

Ядаж бэлэг өгч буй хүнийхээ нүүрийг ил харуулсан зургаа нийтлэхээ болих хэрэгтэй. “С.Жавхлан гишүүн цалингаараа эмзэг бүлгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ” гэсэн гарчигтай, эрхэм гишүүн нэгэн эмэгтэйд бэлэг гардуулж буй зурагтай мэдээ интернэтээр дүүрэн байж л байна. Том хүн байг гэхэд ядаж хүүхдийн зураг тавьдгаа больмоор байна. Том болоод тэр зураг амьдралд нь гай болж, хар толбо үлдээхийг хэн байг гэх вэ. Хүүхэд хэн нэгний өчүүхэн нэр төр олж авах зорилгын золиос болох ёсгүй. Үнэнийг хэлэхэд манай популист улс төрчид “сайн үйлс” хийхдээ аль болох олон хүнд хямд бэлэг тараадаг. Энэ нь нөгөө л өөрийгөө олон хүнд сурталчлах гэсэн далд санаа. Үүнийхээ оронд эмчилгээний зардал шаардлагатай байгаа бяцхан үрсэд чимээгүй тусал л даа. Монголчууд бэлэн, үнэгүй зүйлд “нугасгүй” гэдэг нь үнэн. Гэхдээ тухайн хүн ямар зорилгоор өгч байна вэ гэдгийг мэдэхгүй гэнэн тэнэг хүмүүс биш. Сонгуулиар өгсөн бэлгийг нь авчихаад л өөрийн сонгосон хүндээ өгчихнө. Харин балчир хүүхдүүдийг л битгий буян нэртэй муухан пи-арынхаа золиос болго.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Балдорж” шагналын эзэд тодорлоо

​Гранпри шагналыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдмаа нар хүртлээ​. Манай сонины сэтгүүлч З.Цэлмэг шилдэг аравт шалгарлаа.

 0 сэтгэгдэл

Нэрт сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны үйл хэргийг мөнхжүүлэх, Монголын сэтгүүл зүйн салбарын шилдгүүдийг тодруулах зорилгоор “Балдорж” шагналыг бий болгож, анхны эздийг тодруулсан нь 2009 он. Анхны гранпригийн эзнээр сэтгүүлч Б.Ганчимэг тодорсноос хойш нийт есөн сэтгүүлч энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон юм. Тэгвэл энэ жил “Монголын Пулитцер” гэгдсэн “Балдорж” шагналын 10 дахь удаагийн шалгаруулалт боллоо. Өмнөх таван жилд нийгмийн амьдралын эрээн бараан, улс төр, байгаль орчин, хүний эрх, хуулийн гажуудал, нөлөө бүхий хүмүүсийн ярилцлага зонхилдог байсан бол сүүлийн жилүүдэд эгэл жирийн хүмүүсийн амьдрал, шинжлэх ухаан, хүүхэд эмэгтэйчүүд, эдийн засгийн ээдрээтэй амьдралыг эрэн сурвалжилсан, редакцын зүгээс бодлогоор дэмжсэн багийн бүтээл давамгайлах болсныг шүүгч нар онцолж байв. “Шүүгч нар шилдгүүдийг шалгаруулахдаа сэтгүүлчдийн зарцуулсан хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, сэдэв, нийтлэлээс хүлээх үр дүнг чухалчилсан.


Сүүлийн үед цахим ертөнц асар богино хугацаанд хурдтай хөгжиж, хүчтэй бичигчид нийгмийн сүлжээнд бий болсон ч өдөр тутмын сонин, телевизүүдийн үнэ цэн, үзэгч, уншигчдаас хүлээдэг итгэл үнэмшил хэвээр байна” хэмээн шүүгчдийн зөвлөлийн гишүүн, доктор, профессор Э.Сонинтогос ярив. Өнөө жил 88 сэтгүүлч 170 шахам материалаа илгээжээ. Урьд өмнөхтэй харьцуулахад сайт, телевизийн сэтгүүлчдийн оролцоо нэмэгдсэн нь нэг онцлог байв. 10 дахь удаагийн “Балдорж” шагналын эзнээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдмаа нар “хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжилгаараа тодорлоо. “Өнгөрсөн жилийн арван хоёрдугаар сард хариуцлагатай уул уурхайн эрэлд гарснаас хойш эх орноороо 10 мянга гаруй километр зам туулжээ. Олон хүнтэй уулзаж, олон ч эх сурвалжаас мэдээлэл авлаа. Уул уурхайн бодлого нь оновчгүй, зөрчилтэй, замбараагүй байна. Орон нутагтаа, Монголын эгэл жирийн малчинд өгөөжгүй байна.


Тиймээс малчид уул уурхайг хүчтэй эсэргүүцэж байна. Уул уурхай нэлдээ хариуцлагагүй байна. Тиймээс уул уурхайгаас хариуцлага нэхэх сэдвийг сэтгүүлчид хэзээ ч хаяж болохгүй” хэмээн “Балдорж” шагналын шинэхэн эзэн Т.Энхбат сэтгэгдлээ хуваалцсан. “Балдорж” шагналын дэд байрт Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй МҮОНРТ-ийн эрэн сурвалжлах баг хүний эрхийн сэдвээр хийсэн цуврал нэвтрүүлгээр шалгарлаа. Байгуулагдсан цагаасаа хойш “Балдорж” шагналын эхний аравт тогтмол багтаж, гранприг нь хүртэл авч байсан “Засгийн газрын мэдээ” сонин энэ удаа ч шилдгүүдийн тоонд дахин багтлаа. Тодруулбал, манай сонины Эдийн засаг, уул уурхайн албаны сэтгүүлч З.Цэлмэг “харилцуурын цаадах нулимс”, “гурван сая иргэнээ хар тугалгатай махаар хооллодог 60 сая малтай Монгол” нийтлэлээрээ шилдэг 10-ын долоод жагссан юм.

“БАЛДОРЖ” ШАГНАЛЫН ШИЛДЭГ 10

● “Блумберг” телевизийн сурвалжлагч Н.Хонгорзул-“Монголд үйлдвэрлэв” цуврал нэвтрүүлэг.

● “Монцамэ” агентлагийн сэтгүүлч Б.Алтанхуяг “Аниргүйн гүн дэх цаг хугацаа”, тагтаа паблишинг хэвлэлийн газрын ерөнхий редактор У.Бямбанямтай хийсэн цуврал ярилцлага, “Өөрийгөө үл тоон бусдын өмнөөс дуугарах нь сэтгүүлчийн үүрэг болохоос сэтгүүл зүйн карьер хөөдөг салбар биш” нийтлэл.

● “Өдрийн сонины” сэтгүүлч Э.Хүрэлбаатар-“Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайрах монголчуудын нэг өдөр” сурвалжилга.

● “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч З.Цэлмэг “Харилцуурын цаадах нулимс”, “Гурван сая иргэнээ хар тугалгатай махаар хооллодог 60 сая малтай Монгол” нийтлэл.

● “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Солонго-“Монгол хүнд цэвэр ус хэрэглэх эрхийг олгоё”, “Аврал эрсэн зэрлэг амьтдыг хамгаалъя” цуврал нийтлэл.

● “Монголын медиа” корпорацийн сэтгүүлч С.Батзаяа “Өв соёлгүй Монгол” цуврал нийтлэл, нэвтрүүлэг.

● 25-р суваг телевизийн Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, Г.Мөнхбаяр, Г.Нацагдорж-“Нэг удаа” үндэсний контент, “Монгол Солонгост нэг удаа” телевизийн цуврал нэвтрүүлэг.

● “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт-“Зургаан настай Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам” сурвалжилга, “Бид болон Монголын тал нутаг танд хайртай” нийтлэл.

● “ТВ 9” телевизийн сэтгүүлч Д.Ганзориг- “Хасах градус: Алт дагасан харуусал буюу гэрийн буйрын эрх мэдэл” цуврал, “хүн малтайгаа орхигдсон хөвсгөл нуурын энэлэн” нэвтрүүлэг.

● “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга-“Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл” цуврал сурвалжилга, “Амьдрал сайн уу” цуврал нийтлэл. Дэд байр: МҮОНРТ-ийн Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн-Хүний эрхийн сэдвээр хийсэн цуврал нэвтрүүлэг. Гранпри шагнал: “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдмаа-“Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжилга.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР ХУРЛЫН УДИРДАМЖ

 0 сэтгэгдэл

Манай улсын хүүхдийн ууган байгууллага Монголын Хүүхдийн ордон нь 2018 онд түүхт 60 жилийн ойгоо угтаж байна. Ойн арга хэмжээний хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг БСШУСЯ, ЭМЯ, ГХЯ, НЗДТГ, ГБХХГ, Их дээд сургуулиуд болон ОХУ, БНХАУ, Тайланд, БНСУ, Япон,Турк зэрэг орнуудыг хамруулан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Хүүхдийн ордон

Хэзээ: 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Хаана: Монгол Улс, Улаанбаатар хот, Монголын Хүүхдийн ордны их танхимд

Хурлын зорилго

Хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бий болгох, түүний хөгжлийг дэмжих шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилсан олон талын арга зүйн бодлогыг тодорхойлон хэрэглээнд нэвтрүүлэх зөвлөмж гаргахад оршино.

Хурлын үндсэн чиглэл, тавигдах шаардлага

Эрдэм шинжилгээний хуралд хүүхэд хөгжил, хамгааллын дараах чиглэлүүдээр илтгэл хэлэлцэнэ.

  • Хүүхдийн хөгжил, оролцоо, боловсролын асуудлууд
  • Хүүхдийн эрүүл мэндийн асуудлууд
  • Хүүхдийн сэтгэл зүйн асуудлууд
  • Хүүхэд хамгаалал, хууль эрх зүйн асуудлууд
  • Улс орнуудын хүүхдийн талаар баримтлах төрийн бодлого

Цахим хуудас: www.mxo.ub.gov.mn

Цахим хаяг: mxo1958@gmail.com

Лавлах утас: 11-318274, 99064836

A

Жижиг

A

Дунд

A

Том

Мод тарьж, ургац хураахад цэргүүдийн хүчийг ашиглая

Хүн хүч дутагдсан нөхцөлд цэрэг эрсийн туслалцаа хамгийн их хэрэгтэй

 0 сэтгэгдэл


Өмнөд хөрш БНХАУ-д манайхтай л адил агаарын бохирдол, цөлжилт, экологийн доройтол гээд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлууд бий. Гэхдээ манайхан шиг бичиг цаас боловсруулж, төлөвлөж, хэрэлдэж суусаар цаг алдахгүй юм. Тулгарсан бэрхшээлээ шат дараатай шийдээд явж чаддаг нь биднээс ялгарах давуу тал юм даа. Хятадууд агаарын бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах нэг чухал алхам нь газар нутгаа ой моджуулах гэж үзэн энэ ажилд маш их хүч хаяж буй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд л гэхэд мод тарих, шинэ ой бий болгох ажилд 100 тэрбум ам.доллар хэдийн зарцуулаад байна. Үр дүнд нь өнгөрсөн таван жилийн дотор 338 мянган ам километр талбайг (бараг Германы газар нутагтай тэнцүү) ойжуулж чаджээ. Өдгөө тус улсын газар нутгийн 21 хувийг ой мод эзэлдэг бөгөөд (Монголын тухайд 7 хувь) 2020 он гэхэд дээрх тоог 23 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Хятадууд ийм багахан хугацаанд энэхүү нүсэр ажлыг амжуулахдаа цэргүүдийн хүчийг ашигласан нь чамлахааргүй амжилтад хүрсэн тухай хэвлэлүүд онцлон бичиж байна. Тус улсын армийн 60 мянган алба хаагч Хөбэй муж зэрэг агаарын бохирдол ихтэй бүс нутагт мод тарих ажиллагаанд дайчлагджээ. Хойд нутгаар цэргийн алба хаахын оронд мод тарих нь амар бөгөөд зугаатай ажил байсан тул цэргүүд энэ үүрэгтээ дуртай байдаг гэнэ. Өмнө нь 300 мянган цэргийг ой моджуулах ажилд дайчилж байсантай харьцуулахад 60 мянга гэдэг бага тоо. Гэхдээ цэргийн хүчийг энхийн цагт үр дүнтэй ашиглах хятадуудын энэ арга бусад оронд ч туршлага болох байх. Манай Ерөнхийлөгч Х.Баттулга үүнтэй төстэй зүйл санаачилсан нь цэргүүдийг цалинжуулж, эх орны бүтээн байгуулалтад дайчлах тухай байв. Уг нь их боломжийн санаачилга. Гэхдээ одоогоор цэргүүдийг бөөнөөр нь ажиллуулах хэмжээний том ажил өрнөөгүй болохоор айхтар сүрхий ажил хэрэг болж амжаагүй.

Тэгвэл цэргийн алба хааж буй залуусыг мод тарих, цөлжилтийн эсрэг тэмцэх зэрэг байгаль экологид ээлтэй өөр бусад ажилд дайчилбал ямар вэ. Нэг их биш ч гэсэн тодорхой хэмжээний цалин өгчихнө. Цэргүүд эх орноо хамгаалахад бэлтгэгдэх үндсэн үүргээсээ гадна хэдэн цаасны цалин аваад халагдана гэхээр хэн хэндээ ашигтай. “Бидний тарьсан мод багадаагүй. Хамгийн гол нь ургуулах чухал байна” гэж мэргэжилтнүүд ярьдаг. Тэгвэл тарьсан моддоо өсгөж, ургуулах ажлыг тэднээр хийлгэвэл болохгүй зүйл алга. Цэргийн ангидаа жагсаалын даргад дэглүүлж зогсохын оронд эх орондоо хэрэгтэй зүйл хийж, цалин авна гэдэг алдаж болохгүй боломж. Замын-Үүдээр дамжин Эрээн гарсан хүн бүр хоёр орны газар нутгийн ялгааг анзаарч хардаг байх. Уг нь хоорондоо хэдхэн километрийн зайтай хоёр хот. Гэвч Монголын талд ургуулж тарьсан мод, бут, арчилж тордсон өвс ургамал бараг үгүй. Тиймээс байнга элсээр шуураастай. Аль 20 жилийн өмнө ийм байсан, одоо ч хэвээрээ.

Цэргүүдийн гар бие оролцсон ажил бүхэн тун хурдтай урагшилдаг

Гэтэл хилийн дээс алхангуут хоёр талаар ногоон модод эрээлжлээд угтана. Говийн хөрсөнд мод ургуулж болдог юм байна, элсний нүүдлээс ингэж хамгаалдаг юм гэдгийг Хятадууд бидэнд жинхэнэ утгаар нь зааж байна. Харин бид ухсан нүхэнд хэдэн нарийхан мөчир хийж, түүнийгээ нэг удаа усалснаа мод тарьчихлаа гэдэг. Арчилж тордохгүй болохоор өнөөх нь үхээд дуусна. Эсвэл мал идээд дуусдаг. Гэтэл цаана чинь Хятадууд хүн хүч, хөрөнгө мөнгөөр “зодон” улсаа ногооруулах симфонийг амжилттай эгшиглүүлж байна. Хэрэв бидэнд хүн хүч нь дутагдаад байдаг бол цэргүүдээ ашигла л даа. Мэдээж бүх цэргийг ажилд дайчлахгүй л дээ. Харин дээр үед барилгын цэргийн анги гэж байсантай адил бүтээн байгуулалтад оролцдог тусгай ангитай болох нь өнөөгийн нөхцөлд хамгийн тохирсон хувилбар. одоо цэргүүд угаас элдэв хар бор ажилд дайчлагдсаар байгаа. Аль нэг ангийн захирагчид хэдэн цаас атгуулахад л хямд ажиллах хүчтэй болдог жишиг тогтоод удаж буй. Тэд барилга, тариа ногоо хураалт, тэр ч байтугай хэн нэг даргын хувийн харш барих гээд хийхгүй зүйл үгүй. Газар тариалан эрхэлдэг нэгэн компанийн захирал цэргүүдийн хүчийг авах гээд нэгэн ангийн захирагчтай холбогдсон ч хөлс мөнгөн дээрээ тохиролцож чадаагүй гэнэ.

Иймэрхүү ажилд тогтсон ханш хүртэл байдаг аж. Өнөөх захирагч өөр нэг компанийн захиралтай тохиролцоод ажил олж л таарна. Ингээд цэргүүддээ тушаал буулгахад бүх зүйл ОК болоод ирнэ. Цэргүүд энэ мэтээр хямд ажиллах хүч болсоор байгаа нь тодорхой учраас үүнийг албажуулж, улс оронд хэрэгтэй ажилд дайчлах хэрэгтэй. Хэн нэг цэргийн даргын халаасыг зузаалж байснаас л дээр санагдаад байгаа юм. Социализмын үед оюутны хүчээр их ажил амжуулдаг байж билээ. Оюутнууд бараг л есдүгээр сарын 1-нд хөнжил пүүгээгээ бэлдэж сургууль дээрээ ирээд намрын ургац хураалтад дайчлагддаг байв. Тариа, ногоо хурааж, үеийнхэнтэйгээ бужигнаж өнгөрөөсөн нэг сар оюутнуудын хувьд сайхан дурсамж болон үлддэг байсан нь гарцаагүй. Яг л “Мартагдашгүй намар” кинонд гардаг шиг. Тэгвэл үүний нэгэн адил тариа ногоогоо хурааж дийлэхгүй байгаа газарт цэргийн хүчийг ашиглаж яагаад болохгүй гэж. Өдгөө улс орон даяар намрын тариа, ногооны хураалт үргэлжилж буй. Энэ жил бороо хур арвин байсан болохоор урьд өмнөхөөс илүү ургац хураан авах өөдрөг төсөөлөл бий. Гагцхүү цаг агаарын нөхцөл байдал тариаланчдыг яаравчлахыгсануулж буй.

Хүйтэрч, цас дарахаас урьтаж ургацаа хураахгүй бол бүтэн жилийн хөдөлмөр салхинд хийсэх ч эрсдэл бий. Уг нь цаг хугацаатай уралдсан, хүн хүч дутагдсан иймэрхүү нөхцөлд цэрэг эрсийн туслалцаа л хамгийн их хэрэгтэй байна. Цэргүүдийг бүтээн байгуулалтад дайчлахын давуу тал их. Юуны өмнө хатуу дэг журамтай, сахилга баттай ажиллана. Ажил тасалж алга боллоо гэж чихнээс хонх уяад байхгүй. Тиймдээ ч цэргүүдийн гар бие оролцсон ажил тун хурдтай урагшилдаг нь урьд өмнөх тохиолдлоор батлагдсан зүйл. Барилгын цэргийн анги байгуулагдсан 80 гаруй жилийн хугацаанд төрийн ордноос эхлээд 40 мянгат, аж үйлдвэрийн комбинат, цахилгаан станцууд, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хот гээд улс орны олон чухал бүтээн байгуулалт цэргүүдийн хүчээр боссон. Одоо ч барилгын цэргийн гурван анги Баянхонгор, Сүхбаатар, Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа. Ихэвчлэн хугацаанаас нь өмнө ажлаа дуусгасан гэж дуулддаг. Нэгдсэн зохион байгуулалттайгаар, хатуу сахилга баттай ажиллахын давуу тал энэ. Тэгвэл бүтээн байгуулалт эхлээгүй энэ үед цэргүүдийг өөр хэрэгтэй зүйлд ашиглаач ээ гэж дахин хэлье. Энэ улс оронд чинь эр цэргийн хүч, туслалцаа шаардсан ажил өч төчнөөн байна. Ургац хураалтаас эхлээд мод тарьж ургуулах хүртэл.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тээврийн хэрэгслийн 0.4% л нийтэд үйлчилдэг

​Халтуурчдад орон зайгаа алдсан такси үйлчилгээг хэзээ сэргээх вэ​

 0 сэтгэгдэл


Нийслэлийн иргэдийг аймшигтай бухимдуулж буй автозамын түгжрэлийн хэргийн эзэн, хэнгэргийн дохиураар нийтийн тээврийг “өргөмжлөхөд” нэг их буруудахгүй. Олон зүйл нуршилгүй, судалгаа сөхье. Тээврийн цагдаагийн албаны судалгаанд “Нийслэлийн замын хөдөлгөөнд өдөр тутамд оролцож буй 350 мянган тээврийн хэрэгслийн дөнгөж 0.4 хувь нийтэд үйлчилж байгаа нь иргэд хувийн унаагаа сонгож түгжрэл үүсгэх шалтгаан болж байна. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн эвдрэлээс үүдэлтэй түгжрэл замын хөдөлгөөний урсгалыг зогсоодог. Өнгөрсөн онд гэхэд нийтийн тээврийн хэрэгсэл эвдрэлийн улмаас 920 цаг нэгдүгээр эгнээнд зогссон” гэжээ. Нийслэлийн замын түгжрэлийн шалтгааныг тогтоох тус судалгаа нийтийн тээврийн хүртээмж багаас замын түгжрэл огцом нэмэгдэх үндсэн шалтгаан болсон гэх дүгнэлттэй. Харин Нийслэлийн тээврийн газрын Судалгаа шинжилгээний мэргэжилтэн Н.Хонгорзул “Ажлын өдрүүдэд 948, амралтын өдөр 674 тээврийн хэрэгсэл 89 чиглэлд үйлчилдэг.

Зорчигчийн урсгал ихэссэнтэй холбогдуулж том оврын автобусны тоог 10 хувиар нэмэгдүүлж, ачаалалтай дундын зогсоолуудаас тээвэрлэлт хийх зохицуулалт хийгээд байгаа. Тухайлбал, долоон буудал, Саппоро, 25 дугаар эмийн сан, Н.шастины нэрэмжит III эмнэлэг гэсэн зогсоолоос богино эргэлтийн автобус үйлчилгээнд нэмэлтээр гаргаж байгаа. Автобусны хүрэлцээ дутагдаагүй. Нийтийн тээврийн хэрэгслийн жилийн дундаж хурд 15-20 км/цаг байх ёстой ч сүүлийн нэг сарын хугацаанд зургаан км/цаг болж буурсан. Энэ нь автобус зорчдог нэгдүгээр эгнээг чөлөөлж чадахгүй байгаатай холбоотой. Үүнээс болж автобуснууд нэг талдаа овоорч зорчигчдыг хүлээлгэх шалтгаан болдог” гэв. Мөн тэрээр “Зорчигч тээврийн хамгийн их ачаалалтай Энхтайваны өргөн чөлөөнд 19 гэрлэн дохио, 45 орц, гарц байдаг нь автобусны хөдөлгөөн, хуваарийн дагуу үйлчлэхэд хүндрэл учруулдаг. Үүн дээр мэдээж зам тээврийн осол нийтийн тээврийн үйлчилгээнд саад болдог” гэж тайлбарлав.

1.4 сая хүнтэй хотын такси үйлчилгээ 3000 хүнд л албан ёсоор үйлчилж байна

Замын цагдаагийнхны судалснаар нэг зам тээврийн ослоос үүдсэн түгжрэлийг хэвийн болгоход хоёр цаг зарцуулдаг гэнэ. Өдөрт нийслэлийн хэмжээнд дунджаар 300 авто осол бүртгэгддэгийн тал хувь нь ачаалал өндөртэй Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөөнд гардаг аж. Замын хөдөлгөөний ачаалал үүсгэгч гол хүчин зүйлийн нэг нь сургууль, цэцэрлэгийн хүүхдээ зөөвөрлөж буй зорчигчийн урсгал. Нийтийн тээврийн газрын судалгаанд ч үүнийг нотолжээ. Өдөрт 620 мянган зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлдгээс 60 хувь нь цэцэрлэг, сургууль цуглах болон тарах цагаар зорчдог аж. Энэ байдлыг бууруулах үүднээс Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн удирдлагуудад сургуулийн автобус хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавиад буй. Амжилттай болсон жишээ ч бий. Тухайлбал, “Шинэ Монгол” хувийн сургууль сурагчдаа автобусаар зөөж эхэлснээр сургуулийн орчны замын түгжрэл эрс багасахын зэрэгцээ зам тээврийн осол буурч, хүүхэд хамгааллын цогц үйлчилгээ болсон байна.

Мөн угтагч багш сурагчдыг автомашинаас нь тосч авдаг болсон нь түгжрэлийг бууруулах шийдэл болжээ. Энэ мэт туршлагыг замын хөдөлгөөн ихтэй сургууль цэцрэглэгийн орчинд хэрэгжүүлбэл болох л санж. Замын түгжрэл үүсгэж буй олон хүчин зүйл байгаагийн нэг нь такси үйлчилгээний дампуурал. Нийслэлийн нийтийн тээврийн газар ч үүнтэй санал нэгдэж байна. Одоогоор 10 компанийн 609 такси Нийтийн тээврийн газарт бүртгэлтэй ч өдөрт хэдэн такси хичнээн хүнд үйлчилж байгаа тоо алга. Такси компаниудаас нийслэлийн Нийтийн тээврийн газарт долоо хоног бүр өгдөг тоо баримтад өдөрт дунджаар 3000 хүнд үйлчилдэг гэсэн байна. Нийтийн тээврийн газар такси үйлчилгээний стандарт шаардлага хангасан бүртгэлтэй таксинуудад зориулалтын 24 зогсоолоос үйлчүүлэгч авах эсвэл утасны дуудлагаар үйлчлэх гэсэн хоёрхон үйлчилгээ үзүүлэхийг шаарддаг байна. Монгол хүний сэтгэлгээнд суугаагүй, Улаанбаатар хотын нөхцөлд тохирохгүй энэ “агаар”-ын мэт гэмээр стандарт шаардлагаас болж такси үйлчилгээ хууль бус хэлбэрт шилжээд буй.

Үүнийг хэзээ залруулах нь ч тодорхой бус байна. Стандартын шаардлага хангасан гэдэгт зөв талдаа жолооны хүрдтэй байхаас эхлээд Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажсан тоолууртай байх гээд хэд хэдэн шаардлага бий. 1.4 сая гаруй хүн амтай хотод 3000 хүнд үйлчилгээ үзүүлэх хэмжээний стандартын шаардлага хангасан 609 такси байдаг гэхээр энэ салбар яаж дампуурсныг тод харуулчихаж байна. Гурван мянган хүнээс бусдыг нь хувийн таксичид зөөж байгаа гэсэн үг. Тээврийн цагдаагийн албаны судалгаанд нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн бараг 40 гаруй хувь буюу 150 мянга орчим тээврийн хэрэгсэл “халтуур” хийдэг гэснээс үзэхэд Нийтийн тээврийн салбарын такси үйлчилгээ тэдний нуруун дээр явж байна. Тэдгээр хууль бусаар такси үйлчилгээ эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулахаар Нийслэлийн нийтийн тээврийн газар судалгаа хийсэн. Бүр сүүлийн үед иргэдийн таашааж эхлээд буй гар утасны апплекэйшн ашиглаж үйлчилгээ үзүүлэх хэлбэрийг ч туршихаар санал дэвшүүлжээ. Гэтэл ихэнх тээврийн хэрэгсэл буруу талдаа жолооны хүрдтэй байдаг нь нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг зөрчихөөс гадна хэрэглэж буй аппликэйшнийг Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулах боломжгүй гэсэн хариу өгчээ. Хувийн такси үйлчилгээ үзүүлж байгаа хууль бус хэлбэрийг зогсоох боломж байхгүй гэдгийг Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээврийн хяналтын албаны дарга З.Цэвээндорж хэлж байна.

Тэрээр “Хуульд хууль бус такси үйлчилгээ үзүүлэхийг хориглох, цаашлаад хүлээлгэх хариуцлагыг тодорхой тусгасан ч таслан зогсоох хориглох боломж алга. Нэгдүгээрт, нийслэлийн хэмжээнд 22 хяналтын байцаагч ажиллаж байгаа нь нутаг дэвсгэрийн хэмжээнд хувийн такси эрхэлж буй явдлыг хянах боломжгүй байна. Хоёрдугаарт, төсөв хөрөнгө багатайгаас текник, технологийн дэвшилтэт төхөөрөмжийг ашиглах замаар хяналт тавих боломж хомс байгаа” гэсэн юм. Уг нь Нийслэлийн тээврийн газраас боловсруулж такси үйлчилгээний үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийг 2017 онд боловсруулан НИТХ-д оруулж хэлэлцүүлсэн боловч дэмжээгүй байна. Тус хөтөлбөрт стандартын таксины тоог 2000 хүргэж, Нийслэлийн өмчийн оролцоотой 400 такси бүхий бааз байгуулах, албан ёсны такси үйлчилгээ авсан иргэдэд буцаан олголт өгөх, урамшуулах систем бий болгох зэрэг одоо тулгамдаад байгаа бэрхшээлүүдийг бүрэн шийдэхээр тусгажээ. Одоо ч мэргэжилтний ажлын шүүгээнд эл төсөл хэвтэж л байна. Нийтийн тээврийн үйлчилгээ түгжрэлийг бууруулах бус гол шалтгаан болж буйн учир үүнд бий. Ийм тохиолдолд Тээврийн цагдаагийн албанаас хийх зохицуулалтад найдлага тавьж сэтгэлээ хуурахаас аргагүй болж байна.

ЗГМ: ТОДРУУЛГА

М.Мөнхгэрэл: Бүтээн байгуулалтын ажлууд дуусахаар ачаалал багасна гэж тооцож байгаа

Тээврийн цагдаагийн албанаас түгжрэлийг бууруулахаар ямар ажил хийж буйг тус албаны Замын цагдаагийн газрын Урдьчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Нийслэлийн замын түгжрэлийг бууруулахаар танай албанаас ямар ажил хийж байгаа вэ?

-Жил бүрийн намар хичээл сургууль цуглах үеэр замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл сарын хугацаатай нэмэгддэг. Энэ жилийн хувьд авто замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд зарим зам хаагдаж, ачаалал өмнөх жилүүдийнхээс илүү байгаа. Үүнийг бууруулах зорилгоор өнгөрсөн долоо хоногт Замын ачаалал бууруулах ажлын хэсэг хуралдсан. Тэндээс заримзамын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, замын зорчих хэсгийг өргөтгөх зэрэг ажлууд хийгээд явж байна. Тухайлбал, төв замын ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр сургуулийн зүүн талын замыг Цэцэг төвөөс урагш нэг чигийн хөдөлгөөнтэй болголоо. Мөн зарим байгуулагын авто зогсоолыг замын эгнээ болгож өргөтгөх зэрэг ажлууд хийж байгаа.

-Нийслэлийн тээврийн газраас замын нэгдүгээр эгнээг чөлөөлж чадахгүй байгаа тул нийтийн тээвэр түгжирч, иргэд хувийн автомашинаар зорчихыг илүүд үзэж байна гэсэн шүүмжлэлд тайлбар авъя?

- 2012 оноос хойш хэрэгжсэн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгсэл зорчих ажил хэвийн үргэлжилж байгаа. Замын ачаалал ихтэй үед зарим тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээнд орох явдал гардаг. Үүнийг хуулийн дагуу хяналтын камераар шүүж, торгууль, хариуцлагыг нь хүлээлгээд л байгаа. Бидний зүгээс аль болох нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй явуулахыг эрмэлзэж байгаа. Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байгаад зам тээврийн осол, техникийнх нь бүрэн бус байдлаас болсон эвдрэл гэмтэл гээд олон шалтгаан нөлөөлж байгаа. Өдөрт 300 гаруй зам тээврийн осол бүртгэгддэг.

-Замын хөдөлгөөний ачааллыг цаашид тогтвортой бууруулахад ямар санаачилга гаргаж байгаа вэ?

-Манай алба холбогдох байгууллагуудад замын ачааллыг бодитой бууруулах тодорхой саналуудыг байнга дэвшүүлдэг. Дэмжих эсэх нь иргэдийн болон Нийслэлийн удирдлагын шийдэх асуудал болдог. Том замууд хаагдсан хугацаанд ачааллыг яаж бууруулах вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Цаашдаа түгээлтийн автомашинуудыг оройн цагаар явуулахаас эхлээд сургуулийн автобусны чиглэл гаргах зэрэг тодорхой саналуудыг тавьж байгаа. Ер нь зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажлууд дуусахаар ачаалал багасна гэж тооцож байгаа.