A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4591/

Хөвсгөлд өвөлжсөн хоёр хунг ижил сүрэгт нь нийлүүлжээ

Хөвсгөлд өвөлжсөн хоёр хунг ижил сүрэгт нь нийлүүлжээ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4591/
  • Хунгийн хоёр дэгдээхий нисэж чадалгүй үлдсэнийг талх, овьёосоор тэжээж байгаад нүүдлийн шувууд ирэхэд усанд тавьсан

Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд өнгөрсөн намар сүргээсээ хоцорсон хоёр хунг дулаан байранд тэжээж байгаад энэ сарын 19-нд Эгийн голд тавьсан байна. Энэ талаар тус аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн Г.Амаржаргалаас тодрууллаа.

-Хоёр хун үлдсэнийг талаар хэзээ мэдсэн бэ?

-Хунгийн хоёр дэгдээхий нисэж чадалгүй үлдсэн мэдээллийг малчин Буянтогтох бидэнд дуулгасан. Хөвсгөл далай, Эгийн гол хоёрын хоолой хэсэг нэлээд орой хөлддөг болохоор тэнд хоёр хун байсан юм билээ. Ингээд арванхоёрдугаар сарын сүүлчээр ус бүрэн хөлдөхөд хоёр хун амьдрах орчингүй болсон тул, малчин Буянтогтох гэртээ аваачиж, идэш тэжээл өгч байгаад манай хамгаалалтын газар руу ярьсан. Бид нэгдүгээр сарын 8-нд тэднийд очиж хоёр хунг авчирсан. Ингээд хамгаалалтын байрныхаа хажууд жижиг байр бэлдэж, эсгий дэвсэж өгөөд хоёр сар гаруй тэжээсэн.

-Юугаар тэжээсэн бэ. Идэш, тэжээл хэр голдог амьтан байна?

-Өдөрт хоёр бүтэн буриад талх усанд шингэлж өгдөг юм. Бас овьёос, хивэг зохих хэмжээгээр өгсөн. Хун хүнд их дасамтгай амьтан шиг санагдсан. Ялангуяа, тэжээл өгч байгаа хүндээ их эрхэлдэг.

-Тэжээсэн хоёр хунг эр, эмийг нь ялгаж чадав уу. Хосоороо амьдардаг амьтад гэдэг? 

-Бид судлаач дуудаж нарийн зүйлийг судлуулаагүй л дээ. Гэхдээ эм, эр хоёр болов уу гэж таамагласан. Нэг нь нэлээд ааштай бол нөгөө нь тайван дөлгөөн зантай. Тэднийг дараа жил зориод ирэхэд нь таних үүднээс хүзүүвч зүүе гэсэн боловч чадаагүй.

-Яагаад хүнд амархан баригдсан юм бол?

-Бүдүүн өвстэй, хатуу газар төдийлэн хурдан явж чаддаггүй амьтан юм шиг байсан. Тэгээд ч нисэж сураагүй дэгдээхийнүүд болохоор амархан баригдсан байх.

-Тэднийг ижил сүрэгт нь хэзээ тавьсан бэ. Сүрэг нь таньж байна уу? 

-Гуравдугаар сарын 15 гэхэд ангир, хун ирчихдэг. Тиймээс бид энэ сарын 19-нд Эгийн гол, Хөвсгөл далайн хоолойд тавьж, хунгийн сүрэгт нь нийлүүлсэн. Манай хоёр хун битүү байранд хивэг, талх идэж байсан болохоор содон үнэр үнэртсэн байж болох юм. Хунгийн сүрэг тэр хоёроос жаахан дөлөөд байсан. Дулаан орноос ирсэн хунгууд шаазан шиг цагаан байхад манай хоёр бор цоохор л юм харагдаж байна билээ. Нэг хоногийн дараа эргэж очиход 10-аад хунтай нийлээд сэлж байсан.

-Усанд тавихад ямар нэгэн шинж гаргаж буй нь мэдрэгдсэн үү?

-Усанд шумбаад жигүүрээ дэлгэж гүйгээд байсан. Бид энэ байдлыг нь хараад баярлаж байна гэж ойлгосон. Бид ч гэсэн хоёр дэгдээхийг эсэн мэнд өвөлжүүлээд ижил сүрэгт нь нийлүүлсэндээ сэтгэл хангалуун байгаа. Одоо тэд алзахгүй байх. Хунгийн хошуу хэсгийнх нь шар өнгө нь тодроод ирэхээр нисэх чадвартай болсон гэсэн үг. Тэдний шар өнгө тодорсон болохоор ямар ч байсан сүргээ дагаад нисэж чадах байх.

A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Болд: 2020 онд Монголын эдийн засгийн өсөлт эрс буурна

 0 сэтгэгдэл
  • 2021 оныг эдийн засаг алгуур сэргэх жил гэж тооцсон
  • Монгол Улсын хувьд олон төрлийн эдийн засгийн, төлбөрийн тэнцлийн хямралыг давж гарч байсан түүх бий. Үүнд мөнгөний бодлогын гүйцэтгэх үүрэг асар их. Бидэнд хязгаарлагдмал боломж байгаа

Азийн хөгжлийн банк ээлжит эдийн засгийн тоймоо өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Уг тайланд дурдсанаар Зүүн Ази, Номхон далайн бүс орнуудын эдийн засгийн өсөлт энэ онд саарч, хөрөнгө оруулалт буурахаар байна. “Азийн хөгжлийн төлөв” тайлантай холбогдуулан тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болдтой ярилцлаа. 

-Олон улсын байгууллагууд 2020 оны дэлхийн улс орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөвийг ээлж дараалан бууруулж байна. Тэгвэл энэ удаагийн шинэ төлөвт гол нөлөөлөх хүчин зүйлийг ямар байдлаар тооцов? 

-2020 оноос нэгдүгээр сараас эхэлсэн COVID-19 цар тахлын эдийн засагт үзүүлж буй нөлөөг судаллаа. Дээр нь уул уурхайн салбарын өнөөгийн төлөв байдлыг харгалзан үзлээ. Хятадын эдийн засгийн зургаан хувийн дундаж өсөлт эрс буурах төдийгүй түүхий эдийн үнэ унах, эрэлт тэр хэрээр багасах, эдгээрийг дагаад валютын орох урсгалын хэмжээ агших эрсдэлтэй байна. Ялангуяа багцын хөрөнгө оруулалт цаашид хумигдах, дотоодод цар цахлаас урьдчилан сэргийлэх хориг арга хэмжээтэй уялдаад эдийн засгийн идэвхжил эрс саарч байгаа дүр зургийг энэ удаагийн төсөөлөлд тусгалаа. 

-Цар тахал хэдий хугацаанд үргэлжлэх, үүнтэй холбоотой эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол гэсэн тооцоо судалгаа анхаарал татаж байна. Тэгвэл дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө хэр удаан үргэлжлэх бол?

-Нөлөөллийг жил жилээр нь авч үзвэл 2021 оныг алгуур сэргэх жил гэж тооцсон. Богино мөчлөг буюу улирлаар харвал 2020 онд сэргэхгүй гэсэн тооцоо байна. Яагаад гэвэл цар тахлыг хэзээ бүрэн хяналтдаа авч чадах вэ гэдэгт хэн ч хариулт өгч чадахгүй байгаа. Бүрэн хяналтад авлаа ч бизнесийн итгэлийг сэргээхэд багагүй хугацаа орно. 

-Улс орнууд эдийн засгаа аврах үүднээс санхүүгийн арга хэмжээ ихээр авч байна. Монголын хувьд ч адилхан тодорхой арга хэмжээ авсан. Хэдий тийм боловч нөхцөл байдал амаргүй хэвээр. Та өнгөрсөн хугацаанд авсан арга хэмжээнд үүнд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Энэ бол зөвхөн төлбөрийн тэнцлийн шок биш. Нийт эдийн засгийн эрэлт, нийлүүлэлт, хүлээлт, санхүүгийн салбарын гээд дөрвөлсөн хэмжээний цохилт өгч байна. Үүнийг бодлогын хүрээнд шийдэхийг чухалчилж, энэ чиглэлд богино хугацааны үр дүнтэй аргуудыг хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улсын хувьд олон төрлийн эдийн засгийн, төлбөрийн тэнцлийн хямралыг давж гарч байсан түүх бий. Үүнд мөнгөний бодлогын гүйцэтгэх үүрэг асар их. Бидэнд хязгаарлагдмал боломж байгаа. Бодлогын сонголт ч арвин биш. Санхүүжилт ч бодит байдал дээр хэмжээ хязгааргүй бий болгох боломжгүй. Тиймээс бий болгож чадах хэмжээний санхүүжилтээ хамгийн оновчтой сувгаар зарцуулбал цар тахлын нөлөөллийг, эдийн засагт ажлын байр, хөдөлмөрийн зах зээл, бодит сектор, өрх дээр ирж байгаа дарамт ачааллыг багасгахад нөлөөлөх болов уу. Мэдээж төлбөрийн тэнцлийг дэмжих арга хэмжээнүүд байна. Валютын урсгалыг яаж идэвхжүүлэх вэ, өрийн зохицуулалтаа хэрхэн хийх, төсвөөр дамжуулж эдийн засгийн сегментүүдэд мөнгөний нийлүүлэлт бий болгох вэ, өсөлтийг хаана дэмжих вэ гээд нэгдсэн бодлогын хүрээнд зангидах нь оновчтой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Аз гэдэг сохор, ямагт найдах нь тэнэгийн шинж

 0 сэтгэгдэл
  • Одоо амны хаалт хэрхэн зүүх тухай биш, тусгаарлалт, хөл хорионы дэглэм зөрчсөн иргэдэд ямар шийтгэл ногдуулах заалттайг ой тойнд нь ортол сурталчилмаар байна
  • Буруу зүйл хийвэл хамгийн багадаа 150 мянга, бүр цаашилбал найман жил хоригдох хүртэл хуулийн заалттай юм байна шүү гэдгийг хэнэггүй, амгалан монголчуудад сайтар ойлгуулж өгмөөр
  • Байрнуудын тоглоомын талбайд хүүхдүүд шуугилдан бужигналдах нь эгээ л амар амгалан цаг эргээд ирсэн мэт. Гэвч гадуур гарч зугаалж болно, хүүхдүүдээ гадаа тоглуулж болно гэж хэн хэлээд байна аа

Монгол Улсад коронавирусийн 15 дахь тохиолдол бүртгэгдсэнийг ЭМЯ албан ёсоор зарлалаа. Аз болоход тусгаарлалтад байгаа иргэнээс илэрсэн учраас гадагш тархана гэж санаа зовох шаардлагагүй байх. Гэхдээ аз дандаа тохиогоод байхгүйг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сануулж бичсэн. Эрхэм сайд өнгөрсөн долоо хоногт энэ талаар “Энэ удаа гайгүй өнгөрсөн боловч олон дахин аз таарах нь юу л бол. Энэ аюулт өвчин нэг л тархвал хуурай өвсөнд тавьсан гал мэт хуйхалдаг юм байна. Өндөр хөгжилтэй орнууд өвдөг сөхөрч байгааг бид бэлхнээ харж байна. Дармаа доктороос яагаад франц эрээс монгол хүн халдвар авсангүй вэ гэж асуухад гуравдугаар сарын 2-нд манайхан маск зүүгээд хэвшчихсэн байсан шүү дээ гэж хариулсан. Бид төдийгөөс өдий хүртэл явж, ямар ч байсан эх орондоо амьдарч байгаа иргэдийн маань дотроос халдвар гарсангүй. Гэхдээ тайвшрах цаг яагаа ч үгүй байна. Коронавирусийн хоёр дахь давалгааны оргил үе нь дөрөвдүгээр сар, үргэлжлэл нь тавдугаар сар гэж олон улсын эрдэмтэд сануулж байна. Ингээд бодохоор их тулааны өмнөх нам гүм байдал мэт” хэмээн бичсэн байв. Сайдын ийн сануулж бичсэнтэй зэрэгцэн эх оронд минь урин дулаан хавар айлчлан ирж, хүн, малын зоог тэнийлгэв. Мөн хавар айлчлахтай зэрэгцэн олны хөл хөдөлгөөн мэдэгдэхүйц нэмэгдээд ирэв. Яг л ичээнээсээ гарсан тарвага шиг. Нэг хэсэг хөл хориог ягштал баримталсан монголчууд, ялангуяа нийслэлчүүд бага зэрэг дулаарсан энэ амралтын өдрүүдэд ёстой л хөлөө хүрэх газар хүртэл зугаалж байгаа нь анзаарагдав. Байрнуудын тоглоомын талбайд хүүхдүүд шуугилдан бужигналдах нь эгээ л амар амгалан цаг эргээд ирсэн мэт. Гэвч гадуур гарч зугаалж болно, бөөндөө салхилахад аюулгүй, хүүхдүүдээ гадаа тоглуулж болно гэж хэн хэлээд байна аа. Одоохондоо вирус илэрсэн хүмүүс тусгаарлалтад байгаа боловч өөрсдийгөө вирус тээгч гэдгийг мэдэхгүй, эрсдэлтэй бүсээс ирсэн хэрнээ үл тоомсорлон алхаж яваа хүн хэд байгаа бол. Баян-Өлгийд гэртээ тусгаарлалтад байсан бүсгүй бусдын бичиг баримт ашиглан дүүрэн хүнтэй автобусанд сууж, Улаанбаатарыг зорьж яваад баригдсан түүх саяхных. Мөн л гэрийн хорионд байгаа хэрнээ гадуур тэнээд явчихсан охины талаар өдгөө ид шуугиж байна. Аз болоход эдгээр иргэд вирус тээгээгүй байсан бололтой. Гэхдээ олон дахин аз дайрахгүй гэсэн сайдын үгийг дахин нэг санахад илүүдэхгүй. Харамсалтай нь зөвхөн өөрийгөө бодсон увиагүй нөхдөөс болж улс даяараа вирусийн тархалтад нэрвэгдэх магадлал нэн өндөр. Хэрэв тархалтыг хяналтаасаа нэг л алдчихвал ядуу буурай Монгол байтугай хөгжлөөрөө дэлхийд тэргүүлч том гүрнүүд хэрхэн сүйрч болохыг бид бэлхнээ харж байна. Сүүлдээ энэ вирус хүнээс амьтанд халддаг болох нь тогтоогдлоо. Өвчний голомт Ухань хотод гэрийн тэжээвээр муурнууд олноор өвчилсөн бол сүүлд амьтны хүрээлэнгийн бар сургагч эзнээсээ халдвар авав. Гэтэл таван хошуу малтайгаа ойр байдаг монголчуудад энэ вирус халдчихвал ямар аюул болохыг төсөөлөхөд ч бэрх. Өвлийн их зудыг арайхийн давсан хэдэн малаа вирусээр хиаруулчихвал ёстой л улс үндэстний оршин тогтнох эсэх асуудал яригдана. Энэ мэт эрсдэл бодитой оршсоор байгаа учир тусгаарлалтаас зугтдаг, хөл хорионы дэглэм сахиагүй, дур зоргоороо авирласан нөхдөд хатуухан арга хэмжээ авч, бусдад сануулга болгох хэрэгтэй. Уг нь Монголд онцгой байдлын энэ үед буруутай этгээдэд хариуцлага тооцох эрх зүйн орчин нэгэнт бүрдсэн. Тухайлбал, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих буюу гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байгаа. Мөн өвчинтэй байж түүнийгээ зориуд бусдад халдаасан бол Эрүүгийн хуулийн 15.6-д зааснаар 1-5 жил хорих, олон хүнд халдаасан бол 5-8 жил хорих ял шийтгэнэ хэмээн тов тодорхой заажээ. Түүнчлэн Эрүүл мэндийн тухай хууль зөрчсөн бол тухайн иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох заалт ч бий. Хэн нэг том толгойтой нөхөр тусгаарлах байрнаас зугтахыг завдвал дээрх хэмжээний торгууль хүлээж байна гэсэн үг. Хамгийн гол нь энгийн иргэд хариуцлагын энэ мэт заалтыг сайн мэдэхгүй байна. Хэрэв буруу зүйл хийвэл хамгийн багадаа 150 мянга, за тэгээд цаашилбал найман жил хоригдох хүртэл хуулийн заалттай юм байна шүү гэдгийг хэнэггүй, амгалан монголчуудад сайтар ойлгуулж өгмөөр. Тиймээс одоо амны хаалт хэрхэн зүүх тухай биш, тусгаарлалт, хөл хорионы дэглэм зөрчсөн иргэдэд ямар шийтгэл ногдуулах заалттайг ой тойнд нь ортол сурталчилмаар. Ингэж байж толгойд нь нэг юм суух байх. Хятадууд вирусийн дэгдэлтийн ид үед хорио цээрийн журам зөрчсөн иргэнд ямар арга хэмжээ авахаа маш хурдан шинэчлэн баталж, түүнийгээ ард иргэдийн ой тойнд шингэтэл нь сурталчилсан. Тиймдээ ч тархалтыг богино хугацаанд тогтоон барьж чадлаа. Хүнд хэцүү энэ цаг үед уриалга гаргах төдийгөөр асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг бусад улс орны туршлагаас харж болно. Тиймээс хатуу гараар тэмцэж байж л цар тахлын аюулаас сэргийлж чадна. Цаг агаар дулаарах тусам иргэдийн зорчих урсгал улам нэмэгдэнэ. Амралтын өдрүүдэд үр хүүхэд, гэр бүл, найз нөхдөө дагуулаад уулын ам, голын эрэг, амралтын газар, ойн цоорхой, лагерь зуслан бараадах их урсгал айсуй. Харин энэ олон дунд вирусийн халдвартай ганц л хүн байвал тэгээд л дуусах нь тэр. Эсвэл дахин нэг удаа аз таараасай гэж тэнгэрлэг заяандаа найдах уу, хэдүүлээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Мэндчилгээ

 0 сэтгэгдэл

Ардчилсан Монгол Улсын нийт иргэд, эрхэм журмын нөхөд та бүхэндээ Ардчилсан нам байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Монгол Улсад анх удаа олон намын тогтолцоот төр бий болсныг зарлан тунхаглаж, үзэл бодол үйл хэргээрээ эвлэлдэн нэгдэх түүчээ болсон Ардчилсан нам өдгөө 30 нас хүрч, хүнээр бол эрийн цээнд хүрчээ. Эр бяр нь жагсч, эрдэм оюун нь төлөвшсөн шинэ цагийн улс төрийн хүчин болон хөгжиж буй Ардчилсан намын гишүүд дэмжигчид та бүхэндээ энэ сайхан ойн баярын мэндийг хүргэхийн зэрэгцээ амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Содномзундуйн Эрдэнэ


A

Жижиг

A

Дунд

A

Том

COVID-19 компаниудыг шинэ арга барилд суралцууллаа

 0 сэтгэгдэл
  • Компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахим хэлбэрээр хийж байна
  • Бизнест тулгарч буй сорилт хөрөнгийн зах зээл дэх компаниудыг тойрч гарсангүй. 2.6 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.46 их наяд болж буураад байна

COVID-19 вирусийн тархалтаас үүдэн хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Компаниуд ажилтнууддаа гэрээсээ ажиллах боломж олгож, цахим хэрэглээг хүмүүс илүүд үзэх болов. Энэ хавар товлож байсан томоохон хурал, чуулган, үзэсгэлэн, яармаг хойшилж, бизнесийн уулзалтууд дэлгэцийн ардаас өрнөж байна. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа цахим хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хэдийн хангаж эхэллээ. Урьд өмнө компаниуд хувьцаа эзэмшигчидтэйгээ цахимаар уулзаж байсангүй. Өнөөдөр үүссэн нөхцөл байдал шинэ арга барилд суралцахад хүргэж байна. Хөрөнгийн зах зээлийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Говь” ХК энэ сарын 24-нд ээлжит хурлаа хийх бол “Талх чихэр” ХК 20-нд хуралдах зар тараажээ. 10 тэрбум төгрөгөөс доошгүй зах зээлийн үнэлгээтэй, сүүлийн жилд таван тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний борлуулалтын орлоготой ажилласан эсвэл нэг тэрбум төгрөгтэй дүйх хэмжээний цэвэр ашигтай бол нэгдүгээр ангилалд хувьцаагаа бүртгүүлэх боломжтой. Биржид бүртгэлтэй компаниудаас дөнгөж 14 нь энэхүү шалгуурыг хангаж, зах зээлийн тэргүүлэх индексийг тодорхойлж байна. Даваа гарагт хувьцаа эзэмшигчдийн хурлаа товлосон “Монос хүнс” ХК тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Харин “Мах Импекс” ХК-ийн хурал энэ сарын 24-нд болох бөгөөд цахимаар хийхээ мэдэгдсэн байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлаа одоогоор цахим хэлбэрээр “Монгол базальт” болон “ЛэндМН ББСБ” зохион байгуулжээ. Компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахимаар эсвэл цар тахлын аюул холдсон хойно хийхээс өөр сонголтгүй байна. Бизнест тулгарч буй сорилт хөрөнгийн зах зээл дэх компаниудыг тойрч гарсангүй. 2.6 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.46 их наяд болж буураад байна. Компаниуд ажилтнаа цомхотгож, шинэ төслүүдээ царцааж, нэмэлт хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж эхэллээ. Энэ онд 29 компани ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Харин цаашид хувийн хэвшлийн ашигт ажиллагаа буурсаар байвал 2021 онд ногдол ашиг тараах компани дээрхээс цөөн байж мэдэх нь. Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрлийн цахим системийг нэвтрүүллээ. Энэхүү системийг нэвтрүүлснээр тус хорооны зохицуулалтад хамаарах аж ахуйн нэгжүүд бүх төрлийн зөвшөөрөл авах хүсэлтээ цахимаар шийдүүлэх боломжтой болж байгаа юм. Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гэвэл “Бодь даатгал” компани энэ онд IPO хийхээр төлөвлөж байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаагаа Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, нээлттэй хувьцаат компани болохоор зорьж байна.