A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2815/

“Хөгжлийн бэрхшээлтэй” Хөдөө аж ахуйн бирж

Хуульд зааснаар ажилласан бол зах зээлд арьс шир үнэгүйдэн хаягдахгүй байх байсан

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2815/


Малаар баян монголчуудад хөдөө аж ахуйн бирж ус, агаар шиг хэрэгтэй гэсээр хэдэн жилийн өмнө энэ байгууллагын өрхийг татсан. Харин одоо мөнөөх газар маань ердөө л бэлгэдлийн чанартай болчихоод байна. Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг тогтоож, ноос, ноолуур, тосны ургамал, улаан буудайг дуудлага худалдаанд оруулах үүрэг хүлээсэн ч таг чиг. Сүүлийн жилүүдэд Хөдөө аж ахуйн бирж ТӨХК-ийн сураг бүр алдарлаа. Өнгөрсөн хавар ноолуур гарч байх үед ч тус бирж нам жим байлаа. Яг ноолуурын чиглэлийн ямаа өсгөж үржүүлдэг хоршоо, нөхөрлөлүүд чанартай ноолуураа биржээр дамжуулж дуудлага худалдаанд оруулан, өндөр үнээр зарах хүсэл байдаг л байх. Гэтэл сүр дуулиантай том худалдаа зохион байгуулж олны анхааралд өртсөнгүй. Тус газар дуудлага худалдааг өдрийн од шиг л зохион байгуулдаг нь ноос, ноолуур борлуулагчдыг сэтгэл дундуур явахад хүргэж байна.

Тэдгээр хүмүүс “манай улсад бирж байхгүй” гэсэн хатуу үг унагаж сууна.

Хуульд зааснаар хөдөө аж ахуйн бирж нь өөрийн байртай, ложистикийн төвтэй, арилжаанд оруулсан түүхий эд, бараа бүтээгдэхүүнээ хадгалах, агуулах савтай, тээвэрлэх машин тэрэгтэй байх ёстой аж. Гэвч өнөөдөр энэ хууль биеллээ олоогүй л байна. Цахим систем ашиглаж арилжаа явуулах боломжгүй, алслагдсан аймаг, сумаас арилжаанд оруулсан бараа түүхий эдээ газар дээр нь агуулах савгүй, тээвэрлэх машин ч үгүй. Үндсэндээ хөгжлийн бэрхшээлтэй зэрэмдэг байдлаар үйл ажиллагаа явуулж байна. Тэр байтугай орон нутагт хөдөө аж ахуйн биржийн итгэмжлэгдсэн лаборатори ажиллаж, арилжаанд оруулсан түүхий эдийнхээ чанар, сорьцын шинжилгээг хийдэг байх ёстой. Өнөөдөр ийм шинжилгээний лаборатори аль ч аймагт алга.

БИРЖ БУС ЛУЙВРЫН ГАЗАР БОЛОО ЮУ

Хөдөө аж ахуйн биржийн цахим хуудсыг шагайж үзвэл, “өнгөрсөн жил 1.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа” гэсэн сүржин мэдээ нүдэнд тусав. Энэ их ашиг орлогоороо лаборатори, агуулах савны асуудлаа бага багаар шийдэж болмоор санагдана. Гэвч дарга даамлуудад нь ийм эрх мэдэл байдаггүй юм уу, эсвэл олсон ашгийг нь улс хуу хамчихдаг юм уу гэсэн эргэлзээг төрүүлж байна.

Тус биржийг “ердөө л хуулиар далайлгаж, нугалаа гарган, ашиг олдог газар л болсон” гэж хөдөө аж ахуйн нэгэн мэргэжилтэн халаглаж байсан нь саяхан. Тодруулбал, хуульд заасан зөвшөөрөл, шат дамжлагаа “үнэ хүргэж”, тамгатай цаас үйлдвэрлэн, ашиг олдог байгууллага болсон гэж биржийн үйлчилгээг авах гэсэн, түүнтэй ажил хэргийн холбоо тогтоох гэсэн хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид шүүмжилсээр байна.

Олон улсад бол хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа илүү хялбар, жинхэнэ утгаараа арилжаа, чанарын шинжилгээ, хадгалалт, тээвэрлэлт бүхий цогц үйл ажиллагаа болж өрнөдөг юм байна. Өдөр бүр хийх арилжаанд хамтрагчид ч сэтгэл хангалуун байдаг аж. Харин Монголд сүржин нэртэй унтаа байгууллага болчихоод байна.

МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ  ЭДИЙГ НООС, НООЛУУРААР ХЭМЖИХ БОЛОМЖГҮЙ

Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хуулийг 2011 оны зургаан сард баталснаар хөдөө аж ахуйн гаралтай бүх л түүхий эдийг биржээр дамжуулан худалдах эрх зүйн орчин бий болсон. Хэрэв бирж хуулийг ханган ажилласан бол зах зээлд арьс шир үнэгүйдэн хаягдахгүй, бирж түүнийг эргэлтэд оруулж, үнэ хүргэх ёстой байв. Гэвч ноос, ноолуур гэсэн хоёр төрлөөс хэтэрсэнгүй. Тодруулбал, хуулийн 3.1.1-д “хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж гэж хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааг тогтсон журмын дагуу зориулалтын байранд, эсхүл цахим сүлжээгээр” болон энэ хуулийн долдугаар зүйлд заасан “биржийн арилжааны төрөл, хэлбэрээр” зохион байгуулах үүрэг хүлээлгэсэн байгаа юм. Гэвч ноос, ноолуур гэсэн хоёр бүтээгдэхүүнийг жилд хэдхэн удаа арилжаалдгаас өөр арьс ширний тухай мэдээлэл огт байхгүй. “Арилжаалдаг” гэх хэдий ч цаана нь мөн л хууль бус үйлдэл явагддаг талаар салбарынхан нууцхан ярьдаг. Ченжүүд орон нутгаар явж цуглуулаад, урд хөрш рүү гаргадаг ноолууранд “биржээс худалдаж авсан” гэсэн хуурамч бичиг тодорхой үнэ ханштайгаар хийж өгдөг талаар жиг жуг яриа гардгийг атг болон холбогдох байгууллага анхааралдаа авч шалгахад илүүдэхгүй.

• Цахим систем ашиглаж арилжаа явуулах боломжгүй, алслагдсан аймаг, сумаас арилжаанд оруулсан бараа түүхий эдээ газар дээр нь агуулах савгүй, тээвэрлэх машин ч үгүй. 

• Хэрэв бирж хуулийг ханган ажилласан бол зах зээлд арьс шир үнэгүйдэн хаягдахгүй, бирж түүнийг эргэлтэд оруулж, үнэ хүргэх ёстой байв. 

• Нөгөөтэйгүүр ашиг сонирхлын зөрчилтэй нөхөд энэ байгууллагад толгой хоргодчихсон гэх олны дунд яваа хардлагыг хяналтынхан нэг тийш нь цэгцлэх цаг болжээ.

Өнөөдрийн нөхцөлд малчид, хоршоологчид орон нутгаасаа хөдөө аж ахуйн биржтэй цахимаар холбогдож, ноос, ноолуураа худалдаад, түүнийгээ биржийн ложистик ашиглан тээвэрлэн хүргүүлж, ашгаа хүртээд байгаа юм байхгүй. Ер нь хөдөө орон нутгийнхан биржийн арилжаанд цахимаар оролцох боломж хомс байдаг талаар гомдоллож буй. Байгуулагдаад цөөнгүй жилийн нүүрийг үзсэн ч үйл ажиллагаа нь төдийлэн жигдрээгүй хөдөө аж ахуйн биржид санаа тавьж, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх хүсэл эрх баригчдад байна уу.

Мал өсөхийн хэрээр хөдөө аж ахуйн түүхий эдийн хангамж нэмэгдсээр. Монгол малын түүхий эдийг дэлхийн зах зээлтэй холбох гүүр нь хөдөө аж ахуйн бирж байх учиртай юм. Гэтэл энэ гүүр эвдэрхий мэт байхаар монгол малын түүхий эд олон улсын зах зээлд гарах боломж хомс байна. 

ЭЦЭСТ НЬ

Биржийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод байх ёстой гэж холбогдох хуульд заасан байдаг. Гэтэл ил тод байх нь байтугай бирж байдаг эсэхийг ч хөдөөнийхөн мэдэхгүй сууж байна. Харин нийслэл хотдоо цаас үйлдвэрлэн суугаа биржийнхэн өөрсдөө их л сайхан зүйл ярьж сууна. “Удахгүй цахим сүлжээгээр дуудлага худалдаа хийдэг болно”, “эмээлтэд ложистикийн том төв барина, тендер нь зарлагдаад явж байна” гээд л. Гэхдээ тендер төдий байгаа ажил биелтлээ урт удаан зам туулдаг бичигдээгүй дэг жаягийг энэ газрынхан ч дагах л байлгүй.

Уг нь сумдад байг гэхэд аймаг бүрт салбараа байгуулж, ложистикийн төвөө бариад, итгэмжлэгдсэн лабораторио байгуулчихвал орон нутгийн иргэдэд биржийн үйлчилгээ ойртож, энэ байгууллагын ажлыг нэг алхамаар урагшиллаа гэж дүгнэж болохсон.

Нөгөөтэйгүүр ашиг сонирхлын зөрчилтэй нөхөд энэ байгууллагад толгой хоргодчихсон гэх олны дунд яваа хардлагыг хяналтынхан нэг тийш нь цэгцлэх цаг болжээ. Хөдөө аж ахуйн бирж гэх төрийн өмчит хувьцаат компани нүдэнд харагдаж, гарт баригдсан ажил хийхгүй л бол хөгжлийн түүчээнээс хөсөр хаягдаж мэдэх нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Трампын хүү Монголд ан хийхээр ирсэн үү

 0 сэтгэгдэл


Өнгөрсөн бямба гарагт АНУын ерөнхийлөгчийн том хүү Доналд Трамп Жуниор Монголд аялахаар ирээд, Алтай таван Богдыг зорьсон. ГХЯ-нд хандаагүй, хувийн шугамаар ирсэн тул албаны ямар ч уулзалт товлоогүй аж. Трампын хөвгүүдийг ангийн хорхойтой, сайн ч бууддаг талаар олон улсын хэвлэлүүд нэг хэсэг шуугисан. Гол шалтгаан нь АНУ-д ховор ан амьтны арьс, түүхий эд оруулах хоригийг зөөллөсөн шийдвэр гаргасан нь зэрлэг Африкт хориотой ан хийх үзэгдлийг ихэсгэсэнтэй холбож шүүмжилж байв. Харин энэ удаад Трамп Жуниор дархан цаазат ангаар баялаг баруун хязгаарыг зорьсон нь дэлхий даяар шуугисан асуудалтай холбож хардахад хүргэлээ. Ховор ан амьтан агнах зөвшөөрлийг орон нутгаас өгдөг. Тухайн жилд хэдэн төрлийн хичнээн ан хийх хязгаарыг баталсны дараа анчдад үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгчдээ авдаг байна. Ан тус бүр өөр өөр тарифтай. Тухайлбал, аргаль, угалз зэргийг агнахад 40-50 мянган ам.долларын төлбөртэй. Түүнийг орон нутаг болон анчдыг зуучлах компани хуваан авдаг байна. Ямартай ч АНУ-ын ерөнхийлөгчийн хүү Монгол Улсад “авиралт хийнэ үү, ан хийнэ үү, яана уу” хамаагүй. Орон нутагт хөрөнгө оруулж, алс баруун хязгаарын хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр болж байгаа нь чухал биз.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Гишүүний “нүцгэн лайв” хардлага дагуулав

 0 сэтгэгдэл



Засгийн газрын шийдвэрээр уул уурхайн лицензээ цуцлуулсан эзэд, төрийн зарим түшээдтэй Новотел зочид буудалд цугласан тухай мэдээлэл шуугиан тарьж байна. Харин тэр үйл явдалд  нэр холбогдсон Д.Хаянхярваа гишүүн гэртээ байгаагаа харуулж “нүцгэн лайв” хийсэн нь интернэт орчинд маргаан дэгдээв. Түүний гэр орноо дүрсэлж, дүү нараа харуулсан тэр бичлэгийг уулзалтын дараа хийсэн гэж хүмүүс хардаж байгаа юм. Үүн дээр нэмээд “Монгол газар”- ын Ц.Мянганбаяр эмнэлэгт хүргэгдсэн шуугианд хариу болгож мань гишүүн “Би тэр Мянганбаяр нарыг чинь танихгүй, мэдэх ч үгүй” гэж жиргэсэн нь сошиалд хардлагын галыг улам өрдөөд байна. Хаян дарга Ц.Мянганбаяр нартай уулзсан гэх мэдээллийг хууль хяналтын  байгууллагаар шалгуулахаа мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ түүнд хандаж “Үнэн худлын хооронд бүх л ертөнц оршдог” хэмээсэн сэтгэгдэл илгээжээ.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Нөхөр маань тоглоомонд донтчихлоо, би яах вэ?

 0 сэтгэгдэл


ЗГМ weekend мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтран зөвлөгөө өгч байна. Энэ удаагийн дугаарт “Монгол билиг” сэтгэл судлалын төвийн сэтгэл судлаач Б.Чоймаа уншигчдаас ирсэн асуултад дараах хариултыг өглөө. Хэрэв танд гэр бүл, сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй.

ГЭР БҮЛ ХУУРАЛТ ДУТУУГИЙН МЭДРЭМЖЭЭС ҮҮДЭЛТЭЙ

-САЙН БАЙНА УУ. БИ 37 НАСТАЙ ЭРЭГТЭЙ. МАНАЙХ ХОЁР ХҮҮХЭДТЭЙ. ХАРИН МАНАЙ ЭХНЭР ГЭР БҮЛЭЭСЭЭ САЛСАН НЭГ ЗАЛУУТАЙ НАМАЙГ ХУУРЧ БАЙСНЫГ ХЭДЭН САРЫН ӨМНӨ МЭДСЭН ЮМ. ТЭР ЗАЛУУГИЙН САЛСАН ЭХНЭР НАДАД ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД БИ ИХ ЦОЧИРДСОН. ЭНЭ ТАЛААР ЭХНЭРТЭЙГЭЭ ЯРИЛЦАЖ ХОЛБООГОО ТАСАЛ ГЭЖ ХЭЛСЭН. БОСГОСОН АМЬДРАЛАА НУРААХЫГ, ХОЁР ХҮҮХДЭДЭЭ ХАГАЦАЛ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА. ГЭТЭЛ ЭХНЭР МААНЬ “ХОЁУЛАА САЛЪЯ” ГЭЖ ХЭЛЛЭЭ. БИ ОДОО ЯАХ ЁСТОЙ ВЭ?

-Гэр бүлээс гадуурх харилцаа нь ихэвчлэн хамтрагчаасаа авч чадаагүй дутуугийн мэдрэмжтэй холбоотой байдаг. Эхнэр эсвэл нөхрөөсөө авч чадахгүй байгаа мэдрэмжээ өөр хүнээс авах нь энэ харилцааны эхлэл болдог. Тиймээс эхлээд танд ямар асуудал байсан бэ. Эхнэртэйгээ яаж харьцдаг байсан болон эхнэр чинь таниас юу хүсэж хүлээдэг байсан талаар бодоод үзээрэй. Хэн хэн нь тайвширсны дараа ярилцах хэрэгтэй. Уур бухимдал сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудлыг шийдэхгүй шүү дээ. Эхнэр чинь тухайн хүнтэй яагаад хамт байхыг хүссэн юм бол, эхнэртээ ямар мэдрэмж сэтгэлийг өгч чадаагүй вэ зэрэг хэн хэнийхээ учир шалтгаан нөхцөлийг нээлттэй ярилцаж тодруулах хэрэгтэй. Асуудлын учир шалтгааныг тодруулсан бол яагаад салахыг хүсэж байгаа, яагаад салахыг хүсэхгүй байгаа шалтгаануудаа ярилцан асуудал яавал шийдэгдэх боломжтой гарц гаргалгааг хамтдаа хайгаарай.

ХҮҮХДҮҮДЭЭ БҮҮ ХАРЬЦУУЛ

-БИ ОДОО ХОЁР ОХИНТОЙ. ТОМ МААНЬ НАЙМАН НАСТАЙ, БАГА НЬ ЗУРГААН НАСТАЙ. ДҮҮ НЬ ИХ СЭРГЭЛЭН ЦОВОО ХӨДӨЛГӨӨНТЭЙ, ХҮМҮҮСТЭЙ АМАРХАН НӨХӨРЛӨДӨГ БОЛ ЭГЧ НЬ ЧИМЭЭГҮЙ, ДУУ МУУТАЙ ХҮҮХЭД. ХҮМҮҮСТЭЙ ХУРДАН ДОТНОСОЖ ЧАДДАГГҮЙ ДУУ СУЛТАЙ, НООМОЙ. БИ ТОМ ОХИНДОО САНАА ЗОВООД БАЙНА. ДҮҮ ШИГ НЬ СЭРГЭЛЭН, ХҮМҮҮСТЭЙ НЭЭЛТТЭЙ БОЛГОЖ БОЛОХ УУ. ЯАЖ ТЭГЭХ ВЭ?

-Эцэг эхчүүдийн гаргадаг нэг алдаа нь хүүхдүүдээ хооронд нь харьцуулж бодох юм. Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн зан чанартай. Чимээгүй, дотогшоогоо байлаа гээд хүчээр нээлттэй болгох гэж хүчлэх нь хүүхдэд нь дарамт болж өөрийнхөөрөө байж чадахгүйд хүргэнэ. Дүүтэй нь харьцуулж ярьдаг бол дүүдээ дургүй болох ч талтай. Улмаар өөрийг нь ойлгодог хүн байхгүй мэт санагдаж ганцаардахад хүргэнэ. Та хүүхдээ өөртэйгөө дотно, нээлттэй байгаасай гэж хүсэж байвал өөрчлөх гэж хүчлэхгүйгээр өөрийнх нь онол, зан чанарыг хүлээх зөвшөөрөх хэрэгтэй. Тэд чинь нэг хэвэнд цутгасан робот биш, байгаагаараа хайрлагдах гэж ирсэн хүүхдүүд шүү дээ.

ӨСВӨР НАСАНД ӨӨРИЙГӨӨ БУРУУТГАХ МЭДРЭМЖ НЭМЭГДДЭГ

-САЙН БАЙНА УУ. БИ ГЕРМАНД СУРДАГ, 17 НАСТАЙ ЭРЭГТЭЙ. НАДАД K-POP МАШ ИХ ТААЛАГДДАГ УЧИР СОЛОНГОС ХЭЛ СУРСАН. ХАРИН САЯХНААС СОЛОНГОСТ ОЧИЖ СУРАХЫГ МАШ ИХ ХҮСЧ БАЙНА. УЛС ОРОН БҮРИЙН ӨӨРИЙН ОНЦЛОГ ГЭЖ БАЙДАГ ДАА. ГЭХДЭЭ ЭНЭ БОДЛОО ЭЭЖ, ААВДАА ХЭЛЭХЭЭС АЙГААД БАЙХ ЮМ. ТЭД НАМАЙГ ЭНД СУРГАХ ГЭЖ ИХ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАСАН. БИ ЯАЖ ӨӨРИЙГӨӨ ОЙЛГУУЛАХ ВЭ?

-Тухайн улсын урлаг соёл таалагдаад тэр орныхоо хэлийг судалж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ улс чиний ирээдүйн амьдрал, мөрөөдөлд бүрэн хамааралтай эсэхийг бодож үзээрэй. Юун түрүүнд суралцах орон, сургуулиас илүү сурахыг хүсэж буй мэргэжлээ тодорхойлоорой. Чи ирээдүйд ямар амьдралаар, юу хийж амьдрахыг хүсэж байна вэ,тэр амьдралаараа амьдрахад чамд ямар ажил, мэргэжил хэрэгтэй вэ. Энэ мэргэжлээр сурахад надад ямар сургууль, ямар улс тохиромжтой вэ гэх мэтчилэн бодож үзээрэй. 12-16 нас бол шилжилтийн нас. Хүүхдийн онцлогоос хамаарч шилжилтийн нас хожуу тохиох нь ч бий. Тиймээс өөрийн сэтгэл зүй, насны онцлогоо тунгаагаад үзээрэй. Чиний насан дээр нийгмийн мэдрэмж нэмэгдэж бусдыг хүндлэх, бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлаж эхэлдэг. Энэ хэрээр гэр бүлийнхэн, дотны хүмүүстээ тулгарсан болохгүй, бүтэхгүй зүйлийн өмнө өөрийгөө буруутган эмзэглэж, гутрах нь ихэснэ. Эсрэгээрээ өөрийнх нь туслалцаатай бүтсэн ажил хэрэгт баярлаж, урам зориг, эрч хүч авдаг. Тиймээс өөрийгөө буруутгах мэдрэмж чамд байнга төрж байвал хүндээр хүлээн авах хэрэггүй. Сэтгэл зүйгээ тогтвортой байлгах үүднээс тэмдэглэл хөтөлж болно.Дараа нь уншиж үзээд өөрийнхөө бодол санаанд дүгнэлт хийгээрэй. Мөн аав, ээжтэйгээ өөрт төрж буй мэдрэмжээ хуваалцаж нээлттэй ярилцаад үз. Тэд чамд хамгийн сайн зөвлөгөөг өгөх болно.

УНТСАН Ч АМРААГҮЙ МЭДРЭМЖ ТӨРӨХ НЬ СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ ХОЛБООТОЙ

-БИ 40 НАСТАЙ ЭМЭГТЭЙ. СҮҮЛИЙН ЗУРГААН САР ҮРГЭЛЖ ДӨРВӨН ЦАГТ СЭРЖ БАЙНА. ОРОЙ БОЛОХООР УНТАЖ ЧАДАХГҮЙ ХӨРВӨӨГӨӨД БАЙХ ЮМ. ЭНЭ НЬ СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ ХОЛБООТОЙ ЮУ. ХЭРХЭН НОЙРОНДОО САЙН БОЛОХ ВЭ?

-Тийм ээ, нойргүйдэх, нойронд муу болох, унтсан ч унтаагүй мэт мэдрэмж төрөх нь сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Удаан хугацаагаар ямар нэг зүйлд санаа зовох, түгшүүртэй байх болон хэт их зүйлсийг бодож шаналах нь нойргүйдэлд хүргэдэг. Нойргүй болсон хүмүүс ихэнх нь ямар асуудлаас болж нойронд муу болсноо мэддэггүй. Сэтгэл гутрал нь далд хэлбэрээр удаан хугацаанд бага багаар хуримтлагдсаар хожуу илэрч байгаа нь энэ юм. Асуудлыг хэт хүндээр хүлээж авч удаан хугацаанд шаналахаа болих хэрэгтэй. Асуудал, хэцүү зүйлсээ овоолон үүрч явах биш тухайн цаг үед нь үлдээж сурах нь өнгөрснөө чирж өөрийгөө шийтгэхээс дээр байх болно. Хэрвээ та асуудлаа тодорхойлж чадахгүй байвал мэргэжлийн сэтгэл зүйчийн тусламж аваарай.

ТОГЛООМОНД ДОНТСОН БОЛ СЭТГЭЦИЙН ЭМЧИД ЯАРАЛТАЙ ҮЗҮҮЛ

-САЙН БАЙНА УУ. БИ 26 НАСТАЙ, ЭМЭГТЭЙ. МАНАЙ НӨХӨР ТОГЛООМОНД ДОНТЧИХЛОО. БИ ТОГЛООМООС НЬ ХӨНДИЙРҮҮЛЭХ ГЭЭД ХҮҮХДЭЭ ӨВӨР ДЭЭР НЬ АВААЧИЖ ТАВЬСАН Ч  УЙЛУУЛААД Л ТОГЛООД БАЙДАГ. НЭГ ӨДӨР БИ КОМПЬЮТЕРИЙН ЗАЛГУУРУУДЫГ НЬ НУУЧИХСАН ЧИНЬ АЙМШИГТАЙ УУРЛАСАН. ЭНЭ ХҮН ТАКСИНД ЯВЖ ӨДРИЙН ХООЛОО ОЛЧИХООД Л ТОГЛООД ХЭВТЭЖ БАЙХ САНААТАЙ БАЙХ ШИГ БАЙНА. ЯАЖ ЗАСАЖ АВАХ ВЭ?

-Мэргэжлийн сэтгэц мэдрэлийн эмчид үзүүлэхийг санал болгож байна. Цахим тоглоом хэт их тоглох нь дэлгэцийн донтолтын нэг төрөл бөгөөд даамжирвал сэтгэц мэдрэлд нөлөөлж эмгэг болох аюултай байдаг. Тиймээс сэтгэцийн эмчид үзүүлэн эмчилгээ хийлгэх, шаардлагатай тохиолдолд албадан эмчилгээнд явуулах хэрэгтэй болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Наадам дуусаагүй байхад цас, хадлан яах вэ

Аймгийн харцага, начингууд хүртэл шинэ цолны мялаалга наадам хийдэг болжээ

 0 сэтгэгдэл


Төрийн ордонд болж өнгөрсөн Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр энэ жил өвөлжилт хүндэрч магадгүйг албаны хүмүүс сануулсан. Наймдугаар сард орсон их борооны улмаас ургац хураалт хойшлох, болц удаашрах зэрэг шалтгаанаас хамаарч ургац алдах нөхцөл бүрдсэнийг салбарын яамнаас тариаланчдад анхааруулсан бол наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр цас орж, олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж магадгүй гэх мэдээллийг цаг уурын байгууллагаас өглөө. Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх найр, наадмын сар дууссаныг сануулж, өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг шат шатныханд хатуу анхааруулсан. Гэвч эрхэм сайдын үгийг нохой хуцаж байгаан чинээ ч тоох хүн алга. Долдугаар сарын аравдаар улс орон даяар эхэлсэн их найр наадам хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн өнөө үед ч үргэлжилсээр. 21 аймаг, 330 сумын наадам ч яахав болдгоороо болоод өнгөрсөн. Харин албан ёсны наадмын дараах албан бус бэсрэг наадмууд бараг хоёр сарын турш үргэлжилсэн хэрнээ дуусах яагаа ч үгүй байна. Наадам хэссэн монголчуудын тоос шингэрэх ч янз алга.

Улсын баяр наадмаар шинэ цол хүртсэн бөхчүүд түүнийхээ мялаалга наадмыг хийдэг уламжлалыг байх ёстой зүйл гэж үзье. Гэтэл сүүлийн үед аймгийн цолтнууд хүртэл нүсэр том мялаалга наадам хийдэг болжээ. Тэр ч байтугай аймгийн харцага, аймгийн начин цол хүртсэн нөхөд хүртэл бэсрэг наадам хийж, бөх барилдуулж, морь уралдуулж, сур харваа зохион байгуулж байгааг юу гэж ойлгох вэ. Тун удахгүй сумын заан цолны мялаалга наадам гэж сонсогдоход гайхах зүйл алга. 

Жил бүр 120 орчим бөх шинээр аймаг, улсын цол хүртдэг гэх ерөнхий багцаа бий. Энэ жилийн  тухайд аймгийн начин 70 гаруй, аймгийн харцага 20 орчим, аймгийн заан тав, аймгийн арслан  цолыг 20 шахам бөх хүртжээ. Үүн дээр улсын баяр наадмын шинэ цолтнуудыг нэмбэл 120 гэсэн дундаж тоонд дөхөж очихоор байна. Харин энэ олон цолтнуудын ихэнх нь мялаалга наадмаа хийдэг болсон гэж тооцвол найр наадмын хөл есдүгээр сар гарсан ч тасрахгүй бололтой.

Бөхчүүд цолны мялаалга наадмаа хийнэ үү, болино уу бидэнд ямар хамаатай юм гэж зарим нь бодож магадгүй. Тийм биш юм аа. Учир нь шинэ цолтон бүр мялаалга наадмаа тухайн аймаг, сумын захиргаатай хамтран зохион байгуулдаг. Сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд энэ хэдэн өдөр бүхэлдээ наадмын зохион байгуулалтад дайчлагдана. Мөн наадам зохион байгуулахад орон нутгийн төсвөөс чамгүй мөнгө зарцуулчихна. Бусад сумынхан шинэ цолтны наадмаа сайхан хийгээд байхад бид юунаас нь дутдаг юм гэх монгол зан үүнд нэрмээс болно.

Зөвхөн бөхийн тухайд ярихад ийм байна. Үүнээс гадна харваачид, шинэ цолны болзол хангасан уяачдын наадам гээд цааш үргэлжилнэ. Тийм харваачийн мэргэн цолны мялаалга наадам, ийм уяачийн алдрыг тэмдэглэх наадам гээд зөндөө л сонссон байх. Тэр ч байтугай хүүхдийн сэвлэг үргээх баярт зориулан бэсрэг наадам хийж, морь уралдуулах үеэр нэг нөхөр хоёр настай хүүхдээ морин дээр баглаж уяад уралдуулсан гэх дуулиан өнгөрсөн жил гарч байлаа. Аав нь тухайн үед торгуулаад өнгөрсөн санагдана. Гэхдээ даахины найранд зориулж бэсрэг наадам хийнэ гэдэг арай л дэндүү аархал уу.

Жижиг хэмжээний ганц наадам зохион байгуулахад хамгийн багадаа 20 сая төгрөгийн зардал гардаг гэх багцаа бий. Бөх, морь, сур харвааны бай шагнал, дуучдын үнэ хөлс, ирсэн зочдыг дайлж цайлах мөнгө болон зохион байгуулалтын бусад зардал багтаад энэ. Арай том, хөлтэйхөн наадам хийнэ гэвэл энэ зардал улам өсөх нь тодорхой. Өнгөрсөн зун манай нэгэн алдартай аваргад зориулсан наадам баруун аймгийн төрсөн суманд нь болж өнгөрлөө. Хамгийн гол нь эл наадмын бүх зардал тухайн сумын төсөрхөн төсвийг шавхаад зогсохгүй сумын албан хаагчдын цалингаас татаас авч байж нэг юм зохицуулсан тухай чих дэлслээ.

Ингэж наадамлаад цэнгэл авдаг гэвэл нэн харамсалтай биш гэж үү.

Гэтэл ийм хэмжээний зардалтай наадам 21 аймаг, 330 суманд жил бүр хэд хэдээрээ болж байна гээд төсөөл дөө. Ямар их үргүй зардал урсаж байгаа бол. Наадам хийж буй энэ мөнгөөр сумандаа ганц боловсон жорлон барьчих сэтгэл даанч алга даа.

Наадмын маргааш намар гэж монголчууд ярьдаг. Наадамлаж дууссан бол намар, өвлийн бэлтгэлээ эртхэн базаахыг сануулсан үг. Хотынхон ч яахав, дулаан хувцсаа зэхсэн байхад өвлийн бэлтгэл ерөнхийдөө болоод явчихна. Харин хөдөөгийн малчдын хувьд хадлан тэжээлээ бэлдэхээс авахуулаад хийх ажил мундахгүй. Гэтэл зуны сарыг зургаа юм шиг санаж наадамласаар анхны цас унахтай зэрэг гэнэт ухаарсан мэт сандардаг арчаагүй малчин өчнөөн бий. Тэгээд өвөл нь болохоор хотоо харлуулчихаад зуд турханд хамаг буруугаа чихээд сууж байх вий.

Сүүлийн үед малаа саадаггүй залхуу малчин олширсон гэж ярьдаг нь үнэний ортой. Одоо хот байтугай хөдөөд цагаан идээ нүдний гэм болсныг хүн бүр хэлдэг. Бидний багад захын нэг малчныхаар ороход цагаан идээгээр бялхаж байдаг сан. Хотоос ирсэн хамаатнууддаа даавуун уут дүүрэн хийж өгөөд явуулна. Харин одоо ингэж цагаан идээгээр халгиж цалгисан айл хэр олон байгаа билээ. Монгол 60 сая малтай хэрнээ 15 мянган төгрөгөөр ганц кг мах авч, ааруулын үнэ 20 мянгыг давж, сүүнийхээ 80 хувийг импортоор авч буй нь эмгэнэл биш гэж үү. Гэвч энэ бүгдийг тоож, анхаарлаа хандуулах ч сөхөөгүй наадамлаж, өдөр хоногийг өнгөрөөсөөр. Ерөнхий сайд анхааруулсаар байтал ийнхүү үл тоосон наадамчин монголчууд байгаль эхийн ниргэлт амсаж байж оройд нь орох гээд байх шиг санагдах юм.