A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2131/

Хөдөлмөр эрхлэгчид ээлтэй, ажил олгогчид халтай шинэ хууль

МҮЭХ гомдоллож, МҮХАҮТ хуулийн төслийг эсэргүүцэхээ илэрхийлэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2131/


Хөдөлмөрийн хууль бол нийгмийн харилцааг зохицуулахад үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх чухал хууль юм. Тэр үүднээсээ олон талын зохицуулалтыг хангасан байх ёстой. ХНХЯ-наас хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж Засгийн газраар хэлэлцэн, УИХ-д өргөн барьсан. Тус хуулийн төслийг өргөн барихаас өмнө нийгмийн түншүүд болох МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо болон МҮХАҮТ-ын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулсан ч зарим асуудал дээр санал нэгдээгүй хэвээр байгаа юм.

МҮЭХ-ноос хуулийн төсөлд долоон санал өгсөн ч хамгийн чухал саналыг сугалаад үлдчихсэн гэсэн гомдолтой байгаа бол МҮХАҮТ, Ажил олгогч эздийн холбоо хэтэрхий нэг талын эрх ашгийг хамгаалсан хууль батлагдах гэж байна хэмээн шүүмжлэлтэй хандаж буй. Өчигдөр болсон хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад санал авах хэлэлцүүлгийн үеэр ч талуудын байр суурь эсрэг тэсрэг хэвээр байлаа.

Ажилтны эрхийг хамгаалах гол байгууллага МҮЭХ-ноос өгсөн саналын зургааг нь хуулийн төсөлд тусгасан байна. Тухайлбал, салбарын хэлэлцээрт төрийн захиргааны төв байгууллага хуулийн дагуу оролцох үүргийг баталгаажуулах, зайлшгүй тохиолдолд л ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр илүү цагаар ажиллуулдаг байх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтан хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан бол ажил олгогч ажилтанд таван сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний цалин олгодог болохыг Засгийн газар болон ажлын хэсэг хүлээн зөвшөөрчээ. Харин МҮЭХ-ны салбар хороод Засгийн газартай хамтын хэлэлцээр хийх, ажил хаялт зохион байгуулах эрхийг хуулиас хасахаар төлөвлөсөн байна.

Энэ хууль бас ажил олгогчид болон МҮХАҮТ-ын гишүүдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Гэвч тэдний талд ашигтай хууль батлагдахгүй нь бараг тодорхой болж байна. Хуульд ажил олгогчдыг байнгын ажил эрхэлж байгаа ажилтнуудтай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардаж буй. Энэ нь ажилтан зөвшөөрөөгүй тохиолдолд байгууллагын зүгээс солих, халах эрхгүй болно гэсэн үг. Мөн ажилтныг илүү цагаар ажиллуулах бол заавал тохиролцсон гэрээ байх ёстой гэж шаардах юм. Бас ажилтны тоо 10 болон түүнээс дээш хуулийн этгээд дэргэдээ хөдөлмөрийн маргаан таслах комисстой байх ёстой. Энэ мэтчилэн ажил олгогчид үүрэг нэмсэн заалтууд орсноос бус бизнесийг хамгаалах заалтууд бараг үгүйг ажил олгогчид шүүмжилж байв.

Тус хуульд хоёр талын ашиг сонирхлыг хөндсөн заалтаас гадна төр иргэнийхээ эрх ашгийг хамгаалсан олон заалт орж байгаа. Наад зах нь урт хугацаагаар гэрээсээ хол ажилладаг иргэдийг 20-иос дээшгүй хоногоор ажиллуулах, 10-аас доошгүй хоногоор амраах зохицуулалтыг хуульд тусгана. Ингэснээр оюутолгойд ажиллаж буй хүмүүс 14 хоног ажиллаад долоо хоног амардаг байдалд өөрчлөлт орно. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авсан ААН-ээс заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд авахыг шаардахгүй, цаашлаад энэ төрлийн төлбөрөөс чөлөөлөх юм.

Мөн хуульд ажилд зуучлагч компанийн эрх хумигдаж байгаа. Тэдэнд зургаан сар хүртэлх хугацаанд түр ажил болон туслах ажилтныг нийлүүлэх эрх үлдэж байна. Ингэхдээ төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авах ёстой.

Шинэ хуулиар хөдөлмөрийн маргааныг сонирхлын болон эрхийн гэж хоёр ангилж шүүн таслах субьектийг ч тусгаарлажээ. Хөдөлмөрийн сонирхлын маргаан гэдэгт ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээгүй боловч ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн гомдлыг хамааруулах юм. Үүнийг иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэнэ. Харин хөдөлмөрийн эрхийн маргаан нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогчтой болон ажилтантай холбоотой. Хөдөлмөрийн эрхийн маргааныг хоёр өөр байдлаар таслан шийдвэрлэхээр тусгасан байна. Тухайлбал, ажил олгогчийн шийдвэртэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлэх бол бусад маргааныг ажлын комисс эсвэл сум дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж шийдвэрлүүлэх юм.

Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 13 бүлэг, 127 зүйлтэй байхаар өргөн барьжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан 18 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан байна.

Байр суурь

Ажил хаялт зохион байгуулах эрхгүй болгохоор зүтгэж байна

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: 

-Хуулиар нэгэнт тогтоосон баталгаат түвшинг дордуулахгүй байх, ОУ-ын гэрээ, конвенцид нийцүүлэх байр суурийг голлон барьж байгаа. Гэтэл Засгийн газар өөрсдийгөө хамгаалахын тулд хамгийн чухал заалтыг хасаж оруулж ирэхээр төлөвлөж байна. Ажил хаях, жагсаал цуглаан зохион байгуулах эрх олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн. Үүнийг хүчээр устгаж болохгүй. Бид байр сууриндаа хатуу зогсох болно. Мөн санал нийлэхгүй, тохиролцох зарим зүйл, заалт бий. Тухайлбал, хөдөлмөрийн чадвараа 30 хувь алдсан иргэнд хөдөлмөрийн чадвар алдсан гэж нөхөн олговор олгодог болох гэж байна. Одоогийн хуулиар бол нэг хувь ч байсан хөдөлмөрийн чадвар алдалтыг тооцож тохирсон нөхөн олговор өгдөг. Энэ ухралт болох нь. Харин манайхаас тавьсан зургаан санал болон ХНХЯ-тай тохиролцсоноор ажилтан, хөдөлмөр эрхлэгчдэд ашигтай олон заалт бий. Уул уурхайн салбар түлхүү хөгжиж байгаатай холбоотой хөдөлмөрийн шинэ хэлбэрүүд ч бий болно. Зах дэлгүүр лангуун дээр ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хуулиар хамгаалах заалттай санал нийлж байгаа.

Иргэнээ хамгаалах гээд бизнесийн салбараа хүндрүүлж болохгүй

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин:

-Энэ хууль бүхэлдээ ажилтан буюу ҮЭ-ийн талыг хамгаалсан хууль болж байна. Бизнес эрхлэгч, ажил олгогчдыг хамгаалсан заалт хомс байна. Наад зах нь компаниуд ажилтныг ур чадварын болон хөрөнгө, санхүүгийн алдаа гаргасантай холбоотой ажлаас чөлөөлөх, халах эрхгүй боллоо. Хуучин хуулиар ажилтантай нэг жилийн гэрээ хийгээд сунгаад тэр дунд үүнийг зохицуулж болдог байсан. Одоо үндсэн ажилтантайгаа хугацаагүй гэрээ байгуулж, цуцалбал маргаанд ялагдахаар боллоо. Дээр нь энэ заалт ажилчдын сахилга бат сулрахад хөшүүрэг болно. Мөн ажил олгогчид халтай бас нэг заалт бий. Тэр нь 10-аас дээш ажилтантай компанийн ажилчид маргаан таслах комисс байгуулж шийдвэр гаргах болж байна. Комисс нэрээр үгсэн хуйвалдаад ажил олгогчийн хүлээж авах боломжгүй шаардлагыг тавиад эхэлбэл бизнес явахгүй. Энэ мэт ажил олгогчийн эрхийг булаасан заалт олон байна. Хэрэв хууль энэ чигээрээ батлагдвал бизнес эрхлэгч, ажил олгогчид нийлж хөдөлмөрийн бирж, ажилтны мэдээллийн бааз байгуулах шаардлагатай болж байх шиг. Эсвэл хуулийг эсэргүүцсэн арга хэмжээ зохион байгуулахыг ч үгүйсгэхгүй. Хөдөлмөрийн хуулийн хэлцэлд ажил олгогч, бизнес эрхлэгчид МҮЭХ болон ажилтандаа 30:70 харьцаагаар ялагдлаа. Төр иргэнээ хамгаалах гээд эдийн засгаа хүндрэлд оруулж болохгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Эрдэнэбат: 2020 оны сонгууль руу чиглэсэн үйл ажиллагаа эхэлж байна

 0 сэтгэгдэл


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг прокуророос яллагдагчаар татах тогтоолыг АТГ-т ирүүлжээ. Уг тогтоолтой тэрбээр танилцсан талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авсантай холбогдуулан түүнийг яллагдагчаар татсан аж.

Тэрбээр хэлэхдээ “АТГ надаас гэрчийн мэдүүлэг авсан. Дараа нь маш шуурхай яллагдагчаар татах тухай прокурорын 75 тоот тогтоол гарсан. Иргэнийхээ хувьд энэ тогтоолтой хууль журмын дагуу танилцаж гарын үсэг зурлаа. Гэтэл өчигдөр мөрдөн байцаагчтай уулзаж тогтоолтой танилцсаны дараа хэвлэлээр ялын үндэслэл, яллагдагчаар татсан тухай эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл тархсан. Эрүүгийн хуульд аливаа нэгэн мэдээллийг өгөхдөө прокурорын зөвшөөрөл өгөх ёстой. Би ч бас иргэнийхээ хувьд уг асуудлыг хуулийн дагуу, ямар нэг улс төргүйгээр, олон нийтэд дулиан дэлгэхгүйгээр асуудалд хандаж ирсэн. Гэтэл яагаад процесс хуулийн дагуу явж байхад эх сурвалжгүй, үндэслэлгүй мэдээллийг зорилготой тараах болов гэдэг нь анхаарал татаж байна. Яг тэр өдрийн болсон үйл явдлыг ажиглаад харж байхад Л.Оюун-Эрдэнэ сайд хөгжлийн банкны асуудлаар, мөн энэ хэрэгтэй холбоотой асуудлаар, Ч.Хүрэлбаатар сайд “Эрдэнэт”ийн 49 хувьтай холбоотой асуудлаар нийтэд мэдээлэл хийсэн. Энэ бүгдийг уялдуулаад харахад улстөржсөн шинж агуулагдаж байна гэх дүгнэлтэд хүрч байна. Тийм учраас би өнөөдөр АТГ-ын дарга, Ерөнхий прокурорын газарт хүсэлт хүргүүлж байгаагаа албан ёсоор мэдээлж байна” гэлээ.

Хүсэлтэд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр прокурорын мэдэгдэх бололцоотой гэсэн хэмжээгээр нийгэмд мэдээлж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн явдлыг хяналтдаа авч шалгаж өгнө үү хэмээжээ. Түүнээс гадна АТГ-ын дарга З.Дашдаваад “Яг энэ үндэслэлээр зөвшөөрөлгүйгээр хууль зөрчин олон нийтэд эх сурвалжгүй мэдээлэл дэлгэн улстөржсөн үйл ажиллагаа явуулсныг анхааралдаа авна уу” гэсэн хүсэлт дахин явуулж байгаа гэв.

Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын компани худалдан авсан тухайд тэрбээр “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалт Монгол Улсад ямар ч хохирол авчраагүй. Гэтэл онц ноцтой хохирол учруулсан мэт худал үндэслэл гаргаж байгаа нь буруу. Үүгээр “Эрдэнэт” үйлдвэрт өмнө нь гардаг байсан хулгай луйврын хэргийг хаацайлах оролдлого хийж байгаа мэт харагдаж байна. Өнөөдөр нийгэмд байгаа үнийн хөөрөгдөл, архидалт, гэмт хэрэг, өвчин зэрэг асуудлыг намжаах гэсэн арга болжээ” гэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарахыг дахин шаардлаа

УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна

 0 сэтгэгдэл


УИХ-ын 49 гишүүн ЖДҮХС-гийн хөрөнгөөс жилийн гурван хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөртөө авсан, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мулталсан, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авилгын гэмт хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна гэж үзээд УИХ-ыг өөрөө тарах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга дахин гаргалаа.

Тэрбээр хагас жилийн өмнө мөн УИХ-ыг өөрөө тарах санал гаргаж байсан юм. харин энэ удаа “...Наад зах нь төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсжээ. Та бүхний батлан гаргасан татварын багц хуульд хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулах зүйл, заалт өчнөөн олноор орсон. Сангийн сайд нь өөртөө шүүх эрх мэдлээс давсан олон боломж гаргасан, бизнес эрхлэгчдийн өмчлөх, чөлөөтэй зорчих эрхэд халдсан, иргэншлийн ололт болсон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн суурь зарчмыг эвдсэн олон заалтыг бусдын нөлөөлөлд автсан байдлаар оруулсныг УИХ асар хайхрамжгүйгээр, хянан үзэлгүйгээр баталлаа” гэв.

Тэрбээр хагас жилийн өмнө мөн УИХ-ыг өөрөө тарах санал гаргаж байсан юм

Тиймээс ёс зүйгүй явдал, увайгүй хандлагын үлгэр жишээ болсноос бус, ард олныг итгүүлэн үнэмшүүлэх, сайн сайханд манлайлан дагуулах чадваргүй болсон УИХ-ыг өөрөө тарахыг уриалж байна гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцоллоо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ардчилсан нам эрх баригчдын эсрэг жагсана гэв

10 сая ам.долларын авлигын дуулианы араас дахин нэг сайд 1.2 сая еврогийн хэрэгт холбогдсон гэв

 0 сэтгэгдэл


АН-ын удирдлагууд Засгийн газрыг огцруулахаар бүтэн сарын турш жагсаал, цуглаан зохион байгуулах болсон талаараа мэдэгдлээ.

Тус намын дарга С.Эрдэнэ Засгийн газрыг огцруулах болсон үндэслэлийг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлав. Тэрбээр “АН-ын зүгээс сарын өмнө жагсаал цуглаан хийж, эрх баригчдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариуг өгч, арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн шөнө гэхэд шатахууны үнэ өслөө. Үнийн өсөлтийг хязгаарлахад төрийн бодлого үгүйлэгдэж байна. Мах болон хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөр биш, цагаар өсөж байна. Тиймээс хариуцлагагүй УИХ, Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй.

Мөн нийгмийг хамарсан халдварт өвчин хэн хүнийг ялгахгүй нийгэмд аюул занал учруулж байна.

Сүүлийн үед сурагчдын дунд сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарын бодлого алдагдсаны илрэл. Өнөөдөр хуульгүй, шүүхгүй юм шиг авирладаг асуудал хэрээс хэтэрлээ. 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад 1.2 сая еврогийн авлига авсан хэрэг асуудал сөхөгдөөд эхэллээ. ЖДҮХС-гаас олон зуун сая, тэрбумаар нь завшсан сайдуудын нэгэнд нь ч хариуцлага тооцсонгүй. шударга ёсны билэг тэмдэг болж томилогдсон хуулийн байгууллагын шинэ удирдлагууд арга хэмжээ авахгүй байна. Концессын 800 гаруй тэрбум төгрөгийн асуудал, хүчирхийлэгчийн асуудал, төрийн яаманд болсон аллагатай холбоотой асуудал гээд олон хэрэг шийдэгдсэнгүй. Тиймээс  үүний эсрэг нийтээрээ тэмцэх шаардлагатай гэж АН-ын гүйцэтгэх зөвлөлөөс үзэж байна” гэсэн юм.

Түүний хэлсэн үг, Засгийн газрыг огцруулах үндэслэл үүгээр зогссонгүй. АН-ын зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан хэргийг эрх баригчид замхруулах чиглэлд явж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Стандарт банкны өрийн эхний 40 сая ам.долларын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж, үлдэгдэлд нь 40 сая ам.долларын зэсийн баяжмалыг зуучлагч компанид өгөх тохироо хийсэн дуулдаж байгаа тухай АН-ын дарга мэдэгдсэн. Мөн тэрбээр “үүний цаана ямар луйвар нуугдаж байгааг татвар төлөгчид мэдэх эрхтэй. “Эрдэнэт”-ийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүү нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ирэх жил дуусна. үүнийг хэрэг хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтөөр аргалахаар хүлээж байна” гэж мэдэгдэв.

• Ирэх долоо хоногийн пүрэв гарагт АН-аас бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. 

• 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад 1.2 сая еврогийн авлига авсан хэрэг сөхөгдөж эхэллээ. 

• “Эрдэнэт”-ийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүү нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ирэх жил дуусах тул хэрэг хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтөөр аргалахаар хүлээж байна” гэв.

Дээрх үндэслэлүүдийг нэгтгээд АН жагсаал зохион байгуулах шийдэлд хүрсэн аж. Тиймээс тавдугаар сарын 30-нд бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж, Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардах аж. Мөн УИХ дахь АН-ын зөвлөл Б.Пүрэвдорж гишүүний Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах хүсэлтэд анхаарал хандуулахаа илэрхийлсэн. Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл гарлаа. Энэ үнэн үү?

-Эрдэнэбат гишүүнийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл албан бус. Харин өчигдөр хууль хяналтын байгууллагаас дуудаж уулзсан гэсэн. Ямар учраас дуудсаныг мэдэхгүй байна. Өөрөө энэ тухай тодорхой тайлбараа өгөх байх.

-Хэнтий аймагт нэр дэвшигчийг энэ сарын 24-28-ны өдрүүдэд тодруулах ёстой. АН нэр дэвшигчээ хэзээ тодруулах вэ?

-Манай нам хуулийн хугацаанд нэр дэвшигчээ тодруулж, сонгуулийн хороонд бүртгүүлнэ. Энэ сарын 27-нд үндэсний бодлогын хороо хуралдаж, нэр дэвшигчийг тодруулна. Түүнээс гадна үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн байгаа. Үүнийг эрх баригч намын давхар мэх гэж харж байгаа. Нөхөн сонгуулийг эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх, үгүй бол Цэцийг ашиглаж нөхөн сонгуулийг хүчингүй болгох санаатай байна гэж харж байна.

-АН-ын дэд дарга Г.Батхүүгийн нас барсан хэсэгт камер байхгүй гэсэн. Гэхдээ Төрийн ордонд нууцын зэрэглэлтэй хэд хэдэн камер байгаа гэдгийг хэлэх хүмүүс байна. Танай намынхан камер байгаа эсэхийг шалгаж үзэв үү?

-Төрийн ордонд нууцын зэргэлэлтэй камер хаана байгааг мэдэхгүй байна. Төрийн ордны хамгаалалтын албан дарга “гишүүдийн халдашгүй байдалтай холбоотойгоор камер байрлуулах боломжгүй байдаг” гэж хэлсэн. Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү агсны хэрэг явддыг тохиолдлынх биш гэж үзэж, мэдэгдэл гаргасан. Үүнийг хуулийн байгууллагаас яаралтай шударгаар тогтоож, олон нийтэд мэдээлэхийг шаардсан. Тухайн үед зориудаар хэрэг гарсан оройноос талийгаачийг бие муутай байсан, зүрх нь өвдсөн гэх мэдээллийг маш шуурхай тарааж эхэлсэн. Энэ бол олон нийтийн анхаарлыг сарниулах гэсэн зорилготой мэдээлэл. Үүний цаана жинхэнэ сэдсэн, гүйцэтгэсэн, захиалсан хүмүүс байх магадлалтай гэж бид хардаж байгаа учраас хуулийн байгууллага энэ хэргийг шударгаар шийднэ гэдэгт итгэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

2020 онд “Ирээдүйн өв сан”-д нэг их наяд төгрөг хуримтлагдана

Аудитын албан тушаалтнууд цалингаа нэмүүлэх хүсэлт ирүүлжээ

 0 сэтгэгдэл


Ерөнхийлөгч Х.Баттулга татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн хэлэлцэх хугацааг хойшлуулах хүсэлтийг төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Тиймээс ирэх даваа гарагт уг асуудлыг хэлэлцэнэ гэж тус байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн мэдэгдсэн юм.

Үргэлжлүүлээд тус хуралдаанаар Монгол Улсыг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэв. Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийт 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Улсын төсвийн хөрөнгөөр нэг их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс хоёр их наяд 111.9 тэрбум төгрөг болон төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хөрөнгө оруулалтаар зургаан их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр Сангийн яам төлөвлөсөн байна. 

Ингэснээр эдийн засгийн бодит өсөлт зургаан хувь, инфляцын түвшин найман хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас хэтрэхгүй, ажилгүйдлийн түвшин 6,5 хувиас бага байна гэж тооцоолжээ.

Мөн төсвийн тухай хуулийн дагуу тогтворжуулалтын сан, ирээдүй өв сангаар дамжиж хуримтлал бий болдог. Эдгээр сан 2019 оноос өргүй болж эхлэх аж. Ирээдүйн өв санд 2019 онд батлагдсан төсвөөр 553 тэрбум төгрөг, 2020 онд нэг их наяд гаруй төгрөг хуримтлагдахаар тооцсон байна.

Түүнчлэн зээлийн хүүг захиргааны аргаар бууруулахад хүндрэл үүсдэг гэж Сангийн сайд хэлэв. “2016 онтой харьцуулахад зээлийн хүү гурван пунктээр буусан. Улсын их Хурлаас баталсан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гадны хөрөнгийн эх үүсвэрийг оруулж, гарахад 10 хувийн татвар авдаг байсныг хоёр дахин бууруулж таван хувь болгосон.

Ингэснээр зээлийн хүүг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн гадны банк оруулахад эрх зүйн орчныг зохицуулах хуулийг шуурхай баталбал зээлийн хүү буурах боломжтой” гэж Ч.Хүрэлбаатар сайд онцолсон.

Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн дараагийн асуудал нь “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” төсөл байв.

Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалын зэрэглэлээр Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалын зэрэг нь ТӨ-IVA-д заасан адилтгах албан тушаалын зэрэглэлд хамрагддаг.

Зээлийн хүүг захиргааны аргаар бууруулахад хүндрэл үүсдэг

Энэ нь Монгол улсын Ерөнхий прокурорын албан тушаалын ангилал зэрэглэлтэй адил аж.

Мөн саналд цалинг нэмэгдүүлэх санал болон судалгааг хавсаргасан байна. Энэ судалгаагаар үндэсний аудитын газрын нэг албан хаагчийн албан тушаалын дундаж цалин нь ерөнхий прокурор, АТГ, шүүхийн байгууллагын албан тушаалын дундаж цалингаас 14-54 хувь бага байгаа аж.

Аудитын байгууллагын албан хаагчид нь дээрх байгууллагын албан хаагчдын адил нотлох баримтад тулгуурлаж ажилладаг ба аудитын байгууллагаар илэрсэн зөрчлийн нотлох баримтад тулгуурлан хууль хүчнийхэн мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг. Иймд цалинг тогтоохдоо аудитын байгуулагыг хараат бусаар, бие дааж ажиллах боломжийг хангах нь зөв юм гэжээ.

Өнөөдрийн байдлаар Ерөнхий аудиторын цалин 1.7 сая төгрөг байгаа аж. Харин Ерөнхий прокурорынх 2.2 сая байгаа юм. Тиймээс цалинг 1,879.350 төгрөг болгон нэмэгдүүлэх саналыг ирүүлжээ.

Түүнээс гадна Ерөнхий аудиторын орлогч, ҮАГ-ын тамгын газрын дарга, газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор, газар, хэлтэс, албаны дарга…гэх мэт албан тушаалтан, шинжээч, менежерүүдийн цалинг нэмүүлэх хүсэлт ирүүлснийг төсвийн байнгын хорооны гишүүд дэмжлээ.