A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2098/

Хөрсний бохирдол, халдварт өвчний улирал эхэллээ

Ниргэсэн хойно нь хашгирч, нэрмээс болохын оронд урьдчилан харж, таслан сэргийлдэг болъё

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2098/


Өвлийн цагт утааг зүхэж, салхи мөрөөсөн хавартай золгомогцоо бид салхийг үзэн ядах болов. Уушиг утаанаас хагацах цаг дор бохир хөрс салхиар дамжин, уушигт нэвчих тул салхийг үзэн ядахад хүрнэ. Ялангуяа гэр хорооллын үнс, бохирдсон хөрс утааны дараа хараалын үгтэй уушгинд залардаг учраас зүхэж эхэлнэ. Нийслэлийн хөрсний бохирдол өвчний эх үүсвэр болж байгааг БОАЖЯ, нийслэлийн удирдлага мэддэг хэрнээ нэг хэсэгтээ пүү, паа болж байгаад зунтай золгуут мартчихдаг.

Өнгөрсөн жилийн хавар ЭМЯ-наас хөрсний бохирдлоор дамжин үүсдэг өвчний талаар тодорхой танилцуулж, дээр дооргүй шуугисан ч, хаврын тэнгэрийн “ааш” намдмагц санаа алдаж аваад таг мартсан байна. Эргэн сануулахад, өнгөрсөн хавар хөрсний бохирдол шар, цусан суулга өвчний гол шалтгаан болдгийг тогтоож, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэдэсний халдварт цусан суулга, халдварт шар, балнад, урвах тахал гэх мэт өвчин, гэдэсний шимэгч хялгасан хорхой, өргөн туузан хорхой, үхрийн болон гахайн туузан хорхой, хүний хүж хорхойн халдвараар нийт 1200 гаруй хүн өвчлөөд байв. Тэдний ихэнх нь 0-4 насны хүүхэд, өндөр настан байсан юм. Мөн хөрсний бохирдолд эзлэх хар тугалгын хэмжээ дөрөв дахин их байгаагаас хотод амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ орон нутгийнхтай харьцуулашгүй ихэссэнийг мэдээлж байлаа. Үүний нөгөө талд аюултай хог хаягдлын асуудал ч “чих халууцуулж” аюулын харанга дэлдсэн. Харамсалтай нь энэ тухай өнөөдөр бүгд мартаад амар сайхандаа жаргажээ.

Жил тойрон өнөөх сэдэв нь хав дарагдаж хэвтсэнийг гайт салхи ойрын өдрүүдэд уушгиар дамжуулж тархинд хангалттай сэрэмжлүүлэг болголоо. Гэр хорооллынхны өвөлжин жалга, зам дээр асгасан үнс салхиар дамжин нийслэл даяар тархдаг өдрүүд айсуй. Дээр нь булан, тохой бүрт сарьсан ялгадас, гудамжинд цацсан угаадас хөрсний шороогоор дамжин, нийслэлийнхний хамар аманд дураараа чихэж байна. Өнөө жил өвөлдөө хур тунадас бага орсныг ч хэлэх үү салхи хөдлөх төдийд л элдвийн үнэр танар, түмэн янзын бохир хөрс агаарт дэгдэх юм. Үүнээс шалтгаалж олон төрлийн өвчин дэгдэж болзошгүйг сэхээрч байгаа холбогдох яам алга. Сэрэмжлүүлэг ч болох нь ээ гаргачих сэтгэлгүй л сууна. утаа, утаа гэж уушгиа хөөтөл орилсон иргэд цэлмэг тэнгэр харж тайвшрах зуурт, хөрсний бохирдол уушги, хамарт “дайн зарлаж” эхэллээ. Энэ хаврын “дайн”-ыг хэрхэн хохирол багатай давах төлөвлөгөө боловсруулсан уу, гэж БОАЖЯ, ЭМЯ-наас асуувал бахь байдгаа л тоочих бололтой. Манай төрийн байгууллагынханд ниргэсэн хойно нь хашхирдаг ужиг өвчин байдаг. Асуудлыг урьтаж бус төгсгөлд нь л анхааруулдаг гажиг тогтоц ч уламжлал хэвээр. Өнгөрсөн жил бас л өвчин дэгдэж бага нь уйлж, том нь уурлаж эхэлмэгц “төрийн үйлчилгээ түмний төлөө” гэсэн уриатай байснаа санаж дээр, дооргүй гүйлдсэн юмдаг. Энэ жил бас л хавсаргат хаврын төгсгөлд, халуун зуны эхэнд хөрсний бохирдлын талаар ярих бололтой юм.

Нийслэлийн нийт хог хаягдлын 49.1 хувийг гэр хорооллоос гарч буй үнс эзэлдэг

Суурин газрын хөрсний бохирдлыг голлон бүрдүүлэгч нь гэр хорооллыхны хог, хаягдал үнс. Өвлийн улиралд нийслэлийн нийт хог хаягдлын 49.1 хувийг гэр хорооллоос гарч буй үнс эзэлдэг гэхээр ямар их хөрсний бохирдол үүсгэдэг нь ойлгомжтой. Үнсийг аюултай хог хаягдалд тооцдог болохоор даруй булж устгах аргыг дэлхий нийт мөрдөж байна. Харин манайд гэр хорооллынхон халтиргаанаас хамгаалах хэрэгсэл болгон ашиглаж байгааг юу гэж  ойлгох вэ. Цаг зуурын бэрхшээлээ шийдэхийн тулд насан туршийн өвчин авдаг балай зуршлаасаа хэзээ салах вэ. Хөрсний бохирдлоор дамжин амьсгалын замын сүрьеэ, харшлын гаралтай багтраа, бронхит гэсэн насан туршийн өвчин хүний биед нэвтэрч байна. Үнсэнд цацраг идэвхт бодис их хэмжээгээр агуулагддаг учраас гэр хорооллын үнсийг дахин ашиглахыг хориглодог. Судалгаагаар удаан задардаг органик бодис буюу үнс, хуванцар хаягдал нь хүний биед орж, био хуримтлал үүсгэн улмаар дотоод шүүрэл, дархлаа, дээд мэдрэл, нөхөн үржихүйн системд нөлөөлөн, хорт хавдар, чихрийн шижин, үргүйдэл, дархлааны хомсдол, дотоод шүүрлийн системийн хямрал, арьсны өвчлөл, мэдрэлийн согог зэрэг өвчний угшил болдог байна. Үүнээс гадна хэвлий дэх урагт нөлөөлж, эхийн сүүгээр дамжин үр удмыг ч хордуулдаг ажээ. Гэтэл бид өргөнөөр ашигладаг болсоор удаж байна. Өвлийн синдром хаврын “проблем” болдог энэ байдлыг халах талаар холбогдох яамд ямар арга хэмжээ авч байгааг ойлгосонгүй. Өвлийн цагт байгаль орчин, хүний эрүүл мэндэд “халдлага” хийж буй гэр хорооллынхныг соён гэгээрүүлэхэд ямар ажил хийсэн бэ, аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах үйлдвэр барих ажил ямар шатанд байна вэ гээд ЭМЯ, БОАЖЯ-наас асуувал дорвитой ахиц алга.

Өнгөрсөн жил хөрсний бохирдол, аюултай хог хаягдлын талаар шуугиж байх үед л БОАЖ-ын сайд нь үл бүтэх юм яриад явж байсан. Өнөөдөр ч түүнээс урагшлаагүй байгаа дуулдана. Н.Цэрэнбат “Аюултай хог хаягдлыг булшлах цэгийг нийслэл, орон нутгийн итхаас тогтоож газрыг нь шийдэж өгөх ёстой. Харамсалтай нь орон нутгийн зүгээс аюултай хог хаягдлын цэг байгуулах газрын асуудал дээр үл ойлголцол үүсгэж, гацаачихаад байна. Улаанбаатар хотын хувьд төв аймагт 30 га газар аюултай хог хаягдал боловсруулахад зориулж гаргаж өгөх ёстой боловч итх дээр нь үл ойлголцол үүссэнээс энэ ажил зогсчихсон” гэж байв.

Хүн амынх нь эрүүл мэндэд ноцтой халдаж буй аюултай хог хаягдлыг устгах, дахин боловсруулах үйлдвэр, ландфиллийг байгуулах газраа ч товлож чадаагүй сууна гэдэг дэндүү арчаагүй төртэйн шинж биш гэж үү. Ногоон уриатай, төрийн хар хүн хөрсний бохирдлын талаар юу бодож суудаг юм бол оо. Иргэдийнх нь эрүүл мэндэд ноцтой хохирол тарих аюул хэзээ мөд “ханхалж” буйг мэргэжлийн бус сайд нь мэдэрч чадах болов уу.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нөхөр маань тоглоомонд донтчихлоо, би яах вэ?

 0 сэтгэгдэл


ЗГМ weekend мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтран зөвлөгөө өгч байна. Энэ удаагийн дугаарт “Монгол билиг” сэтгэл судлалын төвийн сэтгэл судлаач Б.Чоймаа уншигчдаас ирсэн асуултад дараах хариултыг өглөө. Хэрэв танд гэр бүл, сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй.

ГЭР БҮЛ ХУУРАЛТ ДУТУУГИЙН МЭДРЭМЖЭЭС ҮҮДЭЛТЭЙ

-САЙН БАЙНА УУ. БИ 37 НАСТАЙ ЭРЭГТЭЙ. МАНАЙХ ХОЁР ХҮҮХЭДТЭЙ. ХАРИН МАНАЙ ЭХНЭР ГЭР БҮЛЭЭСЭЭ САЛСАН НЭГ ЗАЛУУТАЙ НАМАЙГ ХУУРЧ БАЙСНЫГ ХЭДЭН САРЫН ӨМНӨ МЭДСЭН ЮМ. ТЭР ЗАЛУУГИЙН САЛСАН ЭХНЭР НАДАД ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД БИ ИХ ЦОЧИРДСОН. ЭНЭ ТАЛААР ЭХНЭРТЭЙГЭЭ ЯРИЛЦАЖ ХОЛБООГОО ТАСАЛ ГЭЖ ХЭЛСЭН. БОСГОСОН АМЬДРАЛАА НУРААХЫГ, ХОЁР ХҮҮХДЭДЭЭ ХАГАЦАЛ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА. ГЭТЭЛ ЭХНЭР МААНЬ “ХОЁУЛАА САЛЪЯ” ГЭЖ ХЭЛЛЭЭ. БИ ОДОО ЯАХ ЁСТОЙ ВЭ?

-Гэр бүлээс гадуурх харилцаа нь ихэвчлэн хамтрагчаасаа авч чадаагүй дутуугийн мэдрэмжтэй холбоотой байдаг. Эхнэр эсвэл нөхрөөсөө авч чадахгүй байгаа мэдрэмжээ өөр хүнээс авах нь энэ харилцааны эхлэл болдог. Тиймээс эхлээд танд ямар асуудал байсан бэ. Эхнэртэйгээ яаж харьцдаг байсан болон эхнэр чинь таниас юу хүсэж хүлээдэг байсан талаар бодоод үзээрэй. Хэн хэн нь тайвширсны дараа ярилцах хэрэгтэй. Уур бухимдал сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудлыг шийдэхгүй шүү дээ. Эхнэр чинь тухайн хүнтэй яагаад хамт байхыг хүссэн юм бол, эхнэртээ ямар мэдрэмж сэтгэлийг өгч чадаагүй вэ зэрэг хэн хэнийхээ учир шалтгаан нөхцөлийг нээлттэй ярилцаж тодруулах хэрэгтэй. Асуудлын учир шалтгааныг тодруулсан бол яагаад салахыг хүсэж байгаа, яагаад салахыг хүсэхгүй байгаа шалтгаануудаа ярилцан асуудал яавал шийдэгдэх боломжтой гарц гаргалгааг хамтдаа хайгаарай.

ХҮҮХДҮҮДЭЭ БҮҮ ХАРЬЦУУЛ

-БИ ОДОО ХОЁР ОХИНТОЙ. ТОМ МААНЬ НАЙМАН НАСТАЙ, БАГА НЬ ЗУРГААН НАСТАЙ. ДҮҮ НЬ ИХ СЭРГЭЛЭН ЦОВОО ХӨДӨЛГӨӨНТЭЙ, ХҮМҮҮСТЭЙ АМАРХАН НӨХӨРЛӨДӨГ БОЛ ЭГЧ НЬ ЧИМЭЭГҮЙ, ДУУ МУУТАЙ ХҮҮХЭД. ХҮМҮҮСТЭЙ ХУРДАН ДОТНОСОЖ ЧАДДАГГҮЙ ДУУ СУЛТАЙ, НООМОЙ. БИ ТОМ ОХИНДОО САНАА ЗОВООД БАЙНА. ДҮҮ ШИГ НЬ СЭРГЭЛЭН, ХҮМҮҮСТЭЙ НЭЭЛТТЭЙ БОЛГОЖ БОЛОХ УУ. ЯАЖ ТЭГЭХ ВЭ?

-Эцэг эхчүүдийн гаргадаг нэг алдаа нь хүүхдүүдээ хооронд нь харьцуулж бодох юм. Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн зан чанартай. Чимээгүй, дотогшоогоо байлаа гээд хүчээр нээлттэй болгох гэж хүчлэх нь хүүхдэд нь дарамт болж өөрийнхөөрөө байж чадахгүйд хүргэнэ. Дүүтэй нь харьцуулж ярьдаг бол дүүдээ дургүй болох ч талтай. Улмаар өөрийг нь ойлгодог хүн байхгүй мэт санагдаж ганцаардахад хүргэнэ. Та хүүхдээ өөртэйгөө дотно, нээлттэй байгаасай гэж хүсэж байвал өөрчлөх гэж хүчлэхгүйгээр өөрийнх нь онол, зан чанарыг хүлээх зөвшөөрөх хэрэгтэй. Тэд чинь нэг хэвэнд цутгасан робот биш, байгаагаараа хайрлагдах гэж ирсэн хүүхдүүд шүү дээ.

ӨСВӨР НАСАНД ӨӨРИЙГӨӨ БУРУУТГАХ МЭДРЭМЖ НЭМЭГДДЭГ

-САЙН БАЙНА УУ. БИ ГЕРМАНД СУРДАГ, 17 НАСТАЙ ЭРЭГТЭЙ. НАДАД K-POP МАШ ИХ ТААЛАГДДАГ УЧИР СОЛОНГОС ХЭЛ СУРСАН. ХАРИН САЯХНААС СОЛОНГОСТ ОЧИЖ СУРАХЫГ МАШ ИХ ХҮСЧ БАЙНА. УЛС ОРОН БҮРИЙН ӨӨРИЙН ОНЦЛОГ ГЭЖ БАЙДАГ ДАА. ГЭХДЭЭ ЭНЭ БОДЛОО ЭЭЖ, ААВДАА ХЭЛЭХЭЭС АЙГААД БАЙХ ЮМ. ТЭД НАМАЙГ ЭНД СУРГАХ ГЭЖ ИХ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАСАН. БИ ЯАЖ ӨӨРИЙГӨӨ ОЙЛГУУЛАХ ВЭ?

-Тухайн улсын урлаг соёл таалагдаад тэр орныхоо хэлийг судалж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ улс чиний ирээдүйн амьдрал, мөрөөдөлд бүрэн хамааралтай эсэхийг бодож үзээрэй. Юун түрүүнд суралцах орон, сургуулиас илүү сурахыг хүсэж буй мэргэжлээ тодорхойлоорой. Чи ирээдүйд ямар амьдралаар, юу хийж амьдрахыг хүсэж байна вэ,тэр амьдралаараа амьдрахад чамд ямар ажил, мэргэжил хэрэгтэй вэ. Энэ мэргэжлээр сурахад надад ямар сургууль, ямар улс тохиромжтой вэ гэх мэтчилэн бодож үзээрэй. 12-16 нас бол шилжилтийн нас. Хүүхдийн онцлогоос хамаарч шилжилтийн нас хожуу тохиох нь ч бий. Тиймээс өөрийн сэтгэл зүй, насны онцлогоо тунгаагаад үзээрэй. Чиний насан дээр нийгмийн мэдрэмж нэмэгдэж бусдыг хүндлэх, бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлаж эхэлдэг. Энэ хэрээр гэр бүлийнхэн, дотны хүмүүстээ тулгарсан болохгүй, бүтэхгүй зүйлийн өмнө өөрийгөө буруутган эмзэглэж, гутрах нь ихэснэ. Эсрэгээрээ өөрийнх нь туслалцаатай бүтсэн ажил хэрэгт баярлаж, урам зориг, эрч хүч авдаг. Тиймээс өөрийгөө буруутгах мэдрэмж чамд байнга төрж байвал хүндээр хүлээн авах хэрэггүй. Сэтгэл зүйгээ тогтвортой байлгах үүднээс тэмдэглэл хөтөлж болно.Дараа нь уншиж үзээд өөрийнхөө бодол санаанд дүгнэлт хийгээрэй. Мөн аав, ээжтэйгээ өөрт төрж буй мэдрэмжээ хуваалцаж нээлттэй ярилцаад үз. Тэд чамд хамгийн сайн зөвлөгөөг өгөх болно.

УНТСАН Ч АМРААГҮЙ МЭДРЭМЖ ТӨРӨХ НЬ СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ ХОЛБООТОЙ

-БИ 40 НАСТАЙ ЭМЭГТЭЙ. СҮҮЛИЙН ЗУРГААН САР ҮРГЭЛЖ ДӨРВӨН ЦАГТ СЭРЖ БАЙНА. ОРОЙ БОЛОХООР УНТАЖ ЧАДАХГҮЙ ХӨРВӨӨГӨӨД БАЙХ ЮМ. ЭНЭ НЬ СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ ХОЛБООТОЙ ЮУ. ХЭРХЭН НОЙРОНДОО САЙН БОЛОХ ВЭ?

-Тийм ээ, нойргүйдэх, нойронд муу болох, унтсан ч унтаагүй мэт мэдрэмж төрөх нь сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Удаан хугацаагаар ямар нэг зүйлд санаа зовох, түгшүүртэй байх болон хэт их зүйлсийг бодож шаналах нь нойргүйдэлд хүргэдэг. Нойргүй болсон хүмүүс ихэнх нь ямар асуудлаас болж нойронд муу болсноо мэддэггүй. Сэтгэл гутрал нь далд хэлбэрээр удаан хугацаанд бага багаар хуримтлагдсаар хожуу илэрч байгаа нь энэ юм. Асуудлыг хэт хүндээр хүлээж авч удаан хугацаанд шаналахаа болих хэрэгтэй. Асуудал, хэцүү зүйлсээ овоолон үүрч явах биш тухайн цаг үед нь үлдээж сурах нь өнгөрснөө чирж өөрийгөө шийтгэхээс дээр байх болно. Хэрвээ та асуудлаа тодорхойлж чадахгүй байвал мэргэжлийн сэтгэл зүйчийн тусламж аваарай.

ТОГЛООМОНД ДОНТСОН БОЛ СЭТГЭЦИЙН ЭМЧИД ЯАРАЛТАЙ ҮЗҮҮЛ

-САЙН БАЙНА УУ. БИ 26 НАСТАЙ, ЭМЭГТЭЙ. МАНАЙ НӨХӨР ТОГЛООМОНД ДОНТЧИХЛОО. БИ ТОГЛООМООС НЬ ХӨНДИЙРҮҮЛЭХ ГЭЭД ХҮҮХДЭЭ ӨВӨР ДЭЭР НЬ АВААЧИЖ ТАВЬСАН Ч  УЙЛУУЛААД Л ТОГЛООД БАЙДАГ. НЭГ ӨДӨР БИ КОМПЬЮТЕРИЙН ЗАЛГУУРУУДЫГ НЬ НУУЧИХСАН ЧИНЬ АЙМШИГТАЙ УУРЛАСАН. ЭНЭ ХҮН ТАКСИНД ЯВЖ ӨДРИЙН ХООЛОО ОЛЧИХООД Л ТОГЛООД ХЭВТЭЖ БАЙХ САНААТАЙ БАЙХ ШИГ БАЙНА. ЯАЖ ЗАСАЖ АВАХ ВЭ?

-Мэргэжлийн сэтгэц мэдрэлийн эмчид үзүүлэхийг санал болгож байна. Цахим тоглоом хэт их тоглох нь дэлгэцийн донтолтын нэг төрөл бөгөөд даамжирвал сэтгэц мэдрэлд нөлөөлж эмгэг болох аюултай байдаг. Тиймээс сэтгэцийн эмчид үзүүлэн эмчилгээ хийлгэх, шаардлагатай тохиолдолд албадан эмчилгээнд явуулах хэрэгтэй болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хуванцар сав үргүйдэлтэй болгодгийг эрдэмтэд батлав

Монголчууд мөхөж буй үндэстэн болоход хуванцар сав нөлөөлсөн үү

 0 сэтгэгдэл


Манай улсад сүүлийн жилүүдэд үргүйдэл нэмэгдэж байгаа нь эмч нарын санааг чилээсэн асуудал боллоо. Монголчуудын дунд судалгаа хийж үзэхэд дөрвөн залуу гэр бүл тутмын нэг нь үргүйдлийн тулгамдсан асуудалтай гэсэн дүн гарчээ. Түүнчлэн улсын хэмжээнд 360 орчим мянган гэр бүл байгаагийн 36 мянга нь үргүйдэлтэй гэсэн тоо баримт ч тэмдэглэгджээ. Үргүйдэлтэй гэж оношлогдсон хүмүүсийг хүйсийн байдлаар нь авч үзвэл эмэгтэйчүүд 55, эрчүүд 40 хувийг нь эзэлж байна.

1996 онд төрөх насны эмэгтэйчүүдийн үргүйдлийн хувь 6.5 байсан бол өнгөрсөн жил 15 болж өсжээ. Олон улсын байгууллагын судалгаагаар тухайн улсын төрөх насны эмэгтэйчүүдийн 15 хувь нь үргүйдэлтэй болсон бол мөхөж буй үндэстний тоонд ордог байна. Үндэсний хэмжээний судалгаанаас харахад үргүйдлийн тархалт 7.5 хувьтай байна гэж үр шилжүүлэн суулгадаг нэгэн эмнэлгийн статистик мэдээнд дурджээ.

Дэлхий нийтэд ч үргүйдлийн шалтгаан нэмэгдэж, зарим улс орон хүн амынхаа өсөлтөд санаа  зовнидог болов. Үргүйдэл нь анхдагч болон хоёрдогч гэсэн хоёр янз байна. Гэр бүл болоод нэг жил хамт амьдраад жирэмслэлтээс сэргийлэх эм, тариа хэрэглээгүй хэрнээ хүүхэдтэй болохгүй байвал үүнийг анхдагч үргүйдэл гэж үздэг аж. Харин нэг хүүхэд төрүүлчихээд дахиад жирэмсэн болохгүй олон жил болбол үүнийг хоёрдогч үргүйдэл гэж үздэг байна.

Үргүйдэл бол залуусын эмзэг сэдэв. Аз жаргал, баяр баясгалан бэлэглэдэг үр хүүхэд байхгүй бол сэтгэл хоосорч, харилцаа хүйтэрдэг. Танил эмэгтэй маань нөхөртэйгээ гэр бүл болоод таван жилийг туулжээ. Таван жил болоход тэд үрийн зулай үнэрлэсэнгүй. Эцэстээ салж сарнихдаа тултал муудалцдаг болж, хүүхдийн мөрөөдөл болсон хоёр үр шилжүүлэн суулгах эмнэлэгт хандаж, чамгүй өртгөөр хүүхэдтэй болжээ. Үүнийг дагаад үр шилжүүлэн суулгах эмнэлгийн эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Манай улсад өдгөө энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг таван ч эмнэлэг үүдээ нээжээ. БНСУ-ыг зорьж үр шилжүүлэн суулгуулдаг залуусын тоо ч олширчээ. Гэхдээ суулгуулсан бүхэн амжилттай болдоггүй тал бас бий. Монголд багаар бодоход зургаан сая төгрөг төлж, үр шилжүүлэн суулгуулаад амжилтгүй болсон тохиолдол ч мэр сэр байна.

Үргүйдэл ийн хүмүүсийн сэтгэл зүйн эмзэг асуудал болоод зогсохгүй гэр бүлийн харилцаа, эдийн засагт ч нөлөөлж байна.

ШИЛЭН САВ ХЭРЭГЛЭХИЙГ ЗӨВЛӨДӨГ

Энэхүү үргүйдлийн цаад шалтгааныг эмч нар хүний эрүүл мэндтэй холбон тайлбарладаг ч гаднын хүчин зүйл бас нөлөөлж буйг эрдэмтэд баталжээ. Тодруулбал, Их Британийн эрдэмтэд хуванцар сав үргүйдэлтэй болгодгийг баталсан талаар ЭХЭМҮТ-ийн эмч нар сонирхуулсан юм. Иймээс хуванцар угжаар хүүхдүүдээ угжиж болохгүй хэмээн зөвлөдөг. ЭХЭМҮТ хүүхдээ угжих шаардлагатай болбол зөвхөн шилэн угж хэрэглэх ёстой гэсэн шаардлага тавьдаг болжээ. Шил бол ариутгахад хамгийн тохиромжтой материал аж. Харин хуванцар сав нэг л бохирдчихвол хэд дахин угааж цэвэрлээд ч нянгийн үлдэгдэл байсаар байдаг талаар эмч нар хэлж байлаа.

Ер нь дэлхий дахины айдас нь хуванцар сав болоод байна. Нэг ёсондоо хүнсний аюулгүй байдал өнөө цагийн хамгийн тулгамдсан асуудал болжээ. Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол ч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа, хуванцар сав, зөвхөн үргүйдэлтэй болгоод зогсохгүй хуванцрын бүтцэд ордог бисфенол А гэх бодис хүний биед хуримтлагддаг аж. АНУын иргэдийн дунд шинжилгээ хийхэд хуванцар сав хэрэглэдэг хүмүүсийн 93 хувийнх нь биеэс бисфенол А бодис илэрсэн байна. Эл бодис хорт хавдраар өвчлөхөд нөлөөлөөд зогсохгүй үргүйдэлд хүргэдэг гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргаад байгаа аж.

БИСФЕНОЛ А ХҮНИЙ БИЕД ХУРИМТЛАГДДАГ НЬ ТУРШИЛТААР НОТЛОГДЖЭЭ

Их Британийн Эрүүл мэндийн сэтгүүлд хуванцар сав үргүйдэлд нөлөөлдөг нь нотлогдсон тул нэг удаагийн хэрэглээний аяга, таваг хэрэглэхээс татгалзахыг хүмүүст зөвлөжээ. Түүнчлэн тус улсын эрдэмтэд 17-19 насны 94 эрэгтэй хүүхдийн дунд туршилт явуулсан байна. Туршилтад орохыг зөвшөөрсөн хүүхдүүдэд долоо хоногийн турш шилэн болон төмөр сав хэрэглүүлээд тэдний биед хуримтлагдсан бисфенол А алга болсон, эсэхийг тандсан байна. Ингээд долоо хоногийн дараа туршилтад оролцсон хүүхдүүдээс дахин шинжилгээ авахад тэдний 86 хувийнх нь биед бисфенол А /BPA/ бодис агуулагдсан хэвээрээ байжээ. Иймээс эрдэмтэд энэхүү бодис хүний биеэс гадагшилдаггүй байж магадгүй гэсэн хардлага тээхэд хүрсэн тухай Их Британийн сайтад бичсэн байна.

Хуванцар сав хүний эрүүл мэндэд хортой болохыг ДЭМБ байнга анхааруулж байгаа ч зарим улс орон үл ойшоосон хэвээр байна. Далайн амьтад хуванцар сав, гялгар уутнаас хордож байна. Хуванцраар бохирдсон далайд амьдардаг амьтдын биеэс ч гэсэн бисфенол А бодис илэрсээр байгаа юм. Зарим эрдэмтэн бисфенол А бодис загасны махаар дамжиж хүний биед шингэсэн байж болзошгүй гэж үзэж байна. Тиймээс Европын холбооны хүнсний аюулгүй байдлын нийгэмлэг хуванцар сав зохисгүй хэрэглээ болохыг анхааруулсаар байгаа.

ЗАРИМ УЛС ХУВАНЦРААС ТАТГАЛЗАЖ БАЙНА

Европын холбооны улсууд жилд 25 сая тонн хуванцар хаядаг бөгөөд үүний дөрөвний нэгийг л дахин боловсруулдаг аж. Тиймээс энэхүү хуванцрын хаягдал байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулж байна гэж олон улсын байгууллагууд үзэж байгаа юм. Иймээс хуванцар материалаар хийсэн 10 төрлийн савны хэрэглээг хязгаарлах хориг тавихыг улс орнуудад Европын холбоо зөвлөж байна. Одоогоор дэлхийн 27 улс нэг удаагийн хуванцар савнаас татгалзаад байгаа аж. Мөн 27 улс хуванцар бүтээгдэхүүнд татвар ноогдуулдаг болжээ. Харин 30 улс хуванцар хэрэглэсэн тохиолдолд давхар татвар төлөх ёстой гэсэн журам гаргаад байна. Түүнчлэн 127 орон хуванцар сав, гялгар уутны хэрэглээнд хяналт тавих хууль, тогтоомж баталжээ. Олон улсын эрдэмтэд ч гэсэн хуванцар сав, ялангуяа бисфенол А агуулсан хуванцраас татгалзах хэрэгтэй гэж үзжээ. Хэрэв энэ төрлийн бодис бүтцэд нь орсон  хуванцар эдийг хэрэглэсээр байвал хүн төрөлхтөнд аюул учирч болзошгүй хэмээн анхааруулжээ.

ХЭНЭГГҮЙ МОНГОЛЧУУД ХУВАНЦАР "ИДСЭН" ХЭВЭЭРЭЭ

Дэлхийн улс орнууд ийн хуванцар савнаас татгалзаж байхад хэнэггүй монголчууд хуванцар “идсэн” хэвээрээ сууна. Хөдөөгийн малчид хамгийн аюултай гэж анхааруулсан химийн бодисын цэнхэр саванд ус, айргаа хийж, буцалсан халуун цайгаа хуванцар шанагаар самарсаар сууна. Түүнчлэн дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй уух зүйлийн дийлэнх нь хуванцар савтай байдаг. Нэг үгээр хуванцарт “дарлуулж” байна гэчихвэл хилсдэхгүй. Бид гаднын орнуудаас сав, баглаа боодлоо импортоор авдаг. Жилд дунджаар 80 гаруй сая ам.долларын сав, баглаа, боодлыг БНХАУ, БНСУ, АНУ, Польш, ОХУ, Вьетнам, Япон, Австрали, Итали зэрэг улсаас импортолж байна. Хуванцар савны 97 хувийг урд хөршөөс импортолдог гэсэн мэдээллийг ГЕГ-ын статистикт дурджээ.

Түүнчлэн Монголд хэрэглэж байгаа болон үйлдвэрлэж буй хуванцар савны түүхий эдийг шинжлэх хүчин чадал бүхий лаборатори байхгүй. Лаборатори байлаа гэхэд хуванцар савыг шинжлүүлдэг нийгмийн хариуцлага, тогтолцоо хаана ч байхгүй байгаа юм. Уг нь манай улсад “Сав, баглаа, боодол” үндэсний хөтөлбөр хэрэгжиж буй ухаантай. Гэтэл энэ хөтөлбөрийг мэддэг хүн тун цөөн. Тэгээд ч хуванцар монголчуудын хэрэглээний салшгүй хэсэг болжээ. Нэгэнт хэрэглэж заншсан зүйлээс бүр мөсөн татгалзаж чадахгүй байна. Тэгэхээр салбарын яам, төрийн байгууллагууд дорвитой арга хэмжээ авч, иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт сурталчилгаа явуулах хэрэгтэй бололтой. Дүлий мэт суусаар байвал хорт хавдарт нэрвэгдэхийн хажуугаар үргүйдэлтэй гэр бүлийн тоо улам өсөж болзошгүйг анхаарна буй за.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Агаарын чанар хэмжих багаж хүртэл тоосонцроос “айдаг” болжээ

Багаж гэмтэхээс сэргийлэн “Ургах наран” орчмын станцын үйл ажиллагааг түр зогсоожээ

 0 сэтгэгдэл


Өвлийн турш нүүрсний хорт утаанд утуулсан нийслэлчүүдэд зуны улирал цээж дүүрэн амьсгалах таатай үе байдаг. Жилийн дөрвөн улирлын зуны гурван сарын агаар хамгийн цэвэр болохоор тэр. Agaar. mn сайтад тавигдсан агаарын чанарын индекс ихэвчлэн ногоон буюу цэвэр гэсэн ангилалд багтаж байгаа харагдана. Харин Сибирийн утаа нааш явсаар нийслэлийг бүрхсэн хэдэн өдөр их бохирдолтой гэж гарсан. Энэ үед хэт мэдрэг, архаг хуучтай  хүмүүс удаан хугацаагаар гадаа гарахгүй байхыг мэргэжлийн хүмүүс сануулж байв.

Гэтэл сүүлийн үед нийслэлийн зарим хэсэгт агаарын чанарын индекс их бохирдолтой гэсэн түвшинд хүрчээ. Бөхийн өргөө орчимд уг индекс 400 гараад явчихсан бол (400 давсан тохиолдолд маш их бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг) өчигдөр бүр 999-ийг зааж байв.

Өвлийн их утаатай үед ч ховорхон үзэгддэг энэ тоо зуны дэлгэр цагт дурайж байгаа нь анхаарлыг эрхгүй татлаа. Зундаа хүртэл ийм их бохирдолтой байгаа юм бол бид ямар агаараар амьсгалаад байна вэ. Албаныхнаас энэ талаар тодруулахад санаа зовох хэрэггүй хэмээн тайвшруулж байна. Агаарын чанарыг хэмждэг станцад доголдол гарсан тул үзүүлэлтүүд нь буруу гараад байгааг тэд тайлбарласан юм.

“Нийслэлийн 15 цэгт агаарын чанарыг хянаж байгаа. Эдгээр харуул дээр 2-6 төрлийн агаар бохирдуулагчийг хэмждэг. Хяналтын цэгүүдийн 12 нь автомат ажиллагаатай, 15 минут тутамд агаарын чанарыг тодорхойлж байдаг. Зарим тохиолдолд хяналтын багажинд гэнэтийн доголдол гарна. Жишээ нь, бөхийн өргөө орчмын хяналтын станцад гэмтэл гарч, буруу заалт нь иргэдийг төөрөгдүүлж байна. Ийм тохиолдолд манай техникийн хүмүүс очиж янзалдаг” хэмээн УЦУОШГ-ын орчны шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваа тайлбарласан юм.

ГЭХДЭЭ ТАЙВШРАХ БОЛООГҮЙ

Зуны цагт агаар бохирдуулагч гол эх үүсвэр нь бүтээн байгуулалтын ажлууд байдаг. Газар шороо, барилгын ажлаас үүссэн их тоос бидний амьсгалах агаарыг бохирдуулсаар байгааг хяналтын цэгүүдэд тэмдэглэгдсэн үзүүлэлтүүдээс харж болно. Тухайлбал, долдугаар сарын эхний долоо хоногт Баянхошуу, Баруун дөрвөн зам, 13-р хороолол орчимд агаар бага зэргийн бохирдолтой гэж гарсан бол наадмын өдрүүдэд баянхошуу орчмоор агаарын чанарын индекс  300-д хүрч, их бохирдолтой гэсэн ангилалд багтжээ. Уг нь бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж, аль болох тоос дэгдээхгүй, агаар бохирдуулахгүй байлгах тал дээр анхаарах ёстой. Тэр ч үүднээс мэргэжлийн хяналтын газарт агаар, орчны бохирдлыг хянах шинэ албыг хүртэл байгуулсан. Гэвч манайхан тоос шороо босохыг юман чинээ тоолгүй бужигнуулчихдаг. Зам засварын ажил дууссаны дараа эргэн тойронд нь тоймгүй шороо тунаран үлдэж, агаарт дэгдсээр байдгийг бид мэднэ. Энэ хэрээр зун цагийн цэвэр агаар элдэв тоосонцроор бохирдож, бидний хоолой, уушги руу чимээгүйхэн урссаар байна.

Агаарын чанарыг хэмжих 15 станцаас “Ургах наран” хорооллын орчимд байдаг станцын мэдээлэл тавдугаар сарын 13-наас хойш шинэчлэгдээгүй харагдана. Учрыг лавлатал, Налайхын замын засвартай холбоотойгоор тэр орчимд маш их тоосжилт үүссэн тул багажаа гэмтэхээс сэргийлэн түр хугацаанд ажиллуулахгүй байгаа гэх хариулт өглөө.

“Энэ хэсэгт агаар байнга их бохирдолтой түвшинд байгаа. Тиймээс багаж гэмтэхээс сэргийлээд түр хугацаанд ажиллуулаагүй юм. Нарийн мэдрэмтгий багаж учраас маш их бохирдолтой нөхцөлд ажиллуулаад байвал эвдрэх магадлалтай” хэмээн Ш.Нямдаваа мэргэжилтэн тайлбарласан юм.

Түүний хэлснээс үзвэл хэмжилтийн багаж хүртэл эвдэрч мэдэх их тоосон дунд Налайх, Хонхор, Ургах наран хавийн айлууд зуны турш амьдарч, амьсгалсаар байгаа аж. Харин хотын төв орчмоор автомашины утаанаас үүдэлтэй азотын давхар исэл стандарт хэмжээнээс үе үе давчихаад байгааг agaar.mn сайтын мэдээллээс харж болно. Удахгүй цэцэрлэг, сургуулиуд нээлтээ хийж, их хотын амьдрал буцалж эхлэхээр уг үзүүлэлт улам нэмэгдэх нь гарцаагүй.

ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Манай улс 2010 онд агаарын чанарыг хэмжих автомат багажуудыг нийслэлийн эргэн тойронд суурилуулж, ямар агаараар амьсгалж байгаагаа мэдэх боломж бүрдсэн. Харин эдгээр станц цагийн аясаар муудаж, “тэтгэвэрт гарах” цаг нь ойртжээ. Ихэнх улс ийм багажийг 10 жил ашиглаад шинэчилдэг. Манай станцууд есөн жил болсон гэж бодохоор эцсийг нь тултал ашигласан гэсэн үг. Тиймдээ ч эхнээсээ доголдол гарч, үзүүлэлт нь буруу гараад байгаа хэрэг. Нэг бүр нь 750 сая төгрөгийн үнэтэй эд болохоор хуучирч муудлаа гээд шинийг аваад тавьчихад хүндрэлтэй байдаг аж. Тиймээс боломжоороо засаж тордсоор өнөөг хүрсэн байна. Гэхдээ үе үе “худлаа ярьчихдаг” эдгээр багажны үзүүлэлтэд итгэж болох уу гэдэг асуудал яригдана. Зуны дэлгэр цагт агаар асар их бохирдолтой гэж зааж байгаа “энэ нөхөр” өвлийн их утааны үеэр агаар цэвэр тунгалаг байна гэж залах вий.

Нөгөөтэйгүүр маш их мэдрэг учраас 10 жил ажиллачихаад хүнээр бол өдий хугацаанд угаартаж, хамаг дотор эрхтэн нь муудаж, ажиллах чадвараа алддаг гэсэн үг. Хотын хортой утаанд хэмжилтийн багаж хүртэл 10 жил ажиллаад жагсаалаас гарч байхад нийслэлийн иргэд 20, 30 жилийн турш угаартсаар явна гэж бодохоор айдас хүрнэ. Багаж, тоног төхөөрөмжөөс илүү тэсвэртэй байна гэдэг мутант болох шинж рүүгээ орж байгаа бололтой, бид. Яг агаарын бохирдлоос болж хэчнээн хүн өвчилж, хэдэн хүнийг үхэлд хөтөлж буй талаар нарийн шинжилж судлаагүй болохоор нүдэн балай, чихэн дүлий явсаар өнөөг хүргэжээ.

Багаж, тоног төхөөрөмжөөс илүү тэсвэртэй байна гэдэг мутант болох шинж

Энэ жил хур бороо элбэг байсан учраас ургац арвин хураах төлөвтэйг салбарын яам бахархалтай мэдээлж байна. Гэхдээ нийслэлд ганц удаа усархаг бороо ороход гэр хорооллын хамаг бохир үерт туугдан ирж, хотыг тэр чигт нь бүрхдэг. Улмаар нар гарч, зам хатахтай зэрэгцэн гэр хорооллын ялгадастай холилдсон их тоос агаарт дэгдсээр буйд сэтгэл зовних нэгэн даан ч алга. Ийнхүү өвөлд нь нүүрсний утаа, зунд нь бохир ялгадас, тоос шороогоор амьсгалдаг нийслэлийн золгүй иргэдийн эд эрхтэн ямар болсон байдаг бол. Бохирдлыг хэмжих багаж хүртэл ажиллаж чадахгүйд хүрсэн энэ нөхцөлд агаарын чанарын талаар яриад ч хэрэггүй санагдана.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сэтгэл хэт хөдлөхөд тархи "түгжигддэг"

 0 сэтгэгдэл

Хэн нэгэн хашхирч эхлэхэд авах арга хэмжээ



“Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг”, “Одоо цагт амьдрах урлаг”, “Ухаалаг сонголт” номын зохиолч, сэтгэл зүйч Э.Баярмаа дараах зөвлөгөөг өгч байна.


Өглөө автобусанд нэг залуугийн хөл дээр санаандгүй гишгэчихсэн чинь өөдөөс орилж уурлав. Эхнэр оройтож очихоор хашхирч загнана. Зарим өдөр ажил дээрээ алдаа гаргаж захирлын уурыг барна. Монгол аз жаргалын индекс хамгийн бага орон гэж үнэн байх. Ихэнх хүн над руу уурлаж, орилох юм. Энэ хүмүүстэй яаж харилцах вэ гэсэн асуултад “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг” номын зохиолч, сэтгэлзүйч Э.Баярмаагаас хариулт авлаа.

Хүний тархины сэтгэл хөдлөлийг хариуцдаг хэсэг ба ухамсрыг хариуцдаг хэсэг урвуу хамааралтай байдаг гэнэ. Сэтгэл хөдлөл давамгайлсан үед тархи “түгжигддэг” гэж хэлэхэд буруудахгүй. Тиймээс хэн нэгэн тань руу уурлаж байгаа бол даган уурлаж, “тархиа түгжих” хэрэггүй. Харин тархиа ажиллуулж хэрхэн түүнийг тайвшруулах арга замыг эрэх хэрэгтэй.

Хэн нэгний хэрэгцээ хангагдаагүй нөхцөлд уурлаж бухимддаг. Анхны болзоондоо яарч явтал нэг нөхөр гутлыг нь муухай болгочихдог. Ашигтай бизнес эхлүүлэх гэж байтал ажилтан нь бусниулчихдаг. Энэ нөхцөлд хүний уур хүрнэ шүү дээ.

Гэхдээ ихэнх сэтгэл хөдлөл тархинд үүссэн химийн урвалын өөрчлөлт байдаг. Өөрөөр хэлбэл, тархин дахь химийн урвал өөрчлөгдөхөд түүнд тохирох сэтгэл хөдлөл үүсдэг. Тархины химийн урвал хэвийн байдалд ороход сэтгэл санаа ч бас хэвийн байдалд орно. Тийм учраас ямар ч сэтгэл хөдлөл бол түр зуурынх. Тиймээс тэвчээртэй хүлээ. Мөн тань руу орилж байгаа хүний хэрэгцээг хангахыг нэн түрүүнд урьтал болго. Хашхирч байгааг нь сонс. Өөрийнх нь “хэрэгцээг” хангахыг хүсч байгаагаа мэдрүүл. Гутлыг нь арчих алчуур эрж хай, алдаагаа засах боломжийг танилцуул.

Харин та өөрөө уурлавал дараах аргыг хэрэглээрэй

Амьсгалдаа анхаарлаа төвлөрүүл

Нүдээ аниад амьсгал орж, гарах хэмнэлийг чагна.

Амьсгалах бүрт хэвлийн булчин хэрхэн ажиллаж буйг мэдэр.

Амьсгал гадагшлах бүрд сөрөг сэтгэл хөдлөл хар утаа болон хамрын зүүн нүхээр гарч байна гэж төсөөл.

Амьсгал авах бүрд эерэг энерги хамрын баруун нүхээр гарч байна гэж төсөөл.

Хэсэг хугацаанд амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлсний дараа биеийн хөдөлгөөндөө төвлөр. Үүний дараа аажим аажмаар орчин тойрныхоо зүйлсийг ажигла. Далд ухамсар одоо болж байгаа болон төсөөлж байгаа зүйлийг ялгадаггүй учир төсөөллийн арга хамгийн үр дүнтэй.

Баярлалаа. Зочиндоо