A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1813/

Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд спортоор өрсөлдөж байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1813/


Монголын хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын дунд жил бүр спортын олон төрөлт тэмцээн зохион байгуулдаг. 2007 оноос уламжлал эхэлсэн энэхүү уламжлалт спортын наадам энэ жил шатар, дартс, сагсан бөмбөг, ширээний теннис, гар бөмбөг гэсэн таван төрлөөр зохион байгуулагдаж байна. Тэмцээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК, “БиДиСек ҮЦК” болон “Ард Секьюритиз ҮЦК”-ийн баг, тамирчид оролцож байгаа юм. 
Одоогийн байдлаар СЗХ-ны баг тамирчид шатрын төрөлд хүрэл медаль, дартсын төрөлд алтан медалийн эзэн болсон амжилттай яваа юм байна. Тус байгууллага 2012, 2013, 2014, 2016 онуудад цомын аварга баг болж байсан ажээ. Спортын наадам энэ сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилнэ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Цагаан гарьд” харих болоогүй

Ичиножёо дараагийн башёд шууд сэкивакэ болж магадгүй

 0 сэтгэгдэл


Хакүхо хэдийгээр мэргэжлийн сүмогийн ихэнх дээд амжилтыг дараалан эвдсэн ч энэ башёд өөрийгөө дахин нэг удаа батлан харуулах зайлшгүй шаардлагатай байлаа. Сүүлийн долоон башёд янз бүрийн шалтгааны улмаас ганцхан удаа түрүүлсэн нь түүнийг харьж явна гэх ойлголтыг олон нийтэд төрүүлээд байв. Өмнө нь бүгд түүний нэрийг сонсоод эмээдэг байсан бол сүүлийн үед залуус зориг орж, башёд түрүүлэх талаар том том юм ярьдаг болоод байгаа. Иймийн учир “Цагаан гарьд” хүч чадалтай хэвээр гэдгээ нотлон харуулж, харү башёд ээлжит түрүүгээ авах нь чухал байлаа.

Башёгийн өмнөх нөхцөл байдал ямархуу байсныг товчхон сонирхуулъя. Саяхан л аварга цолтой дөрвөн бөх барилдаж байсан бол Кисеносато, харүмафүжи нар зодог тайлснаар үлдсэн хоёр аварга болох Хакүхо, Какүрюүгийн нуруун дээр асар том ачаа ирсэн. Аваргууд муу байна, үүргээ биелүүлэхгүй байна гэсэн шүүмжлэл хүчээ авсан энэ үед Хакүхо бүх хариуцлагыг үүрсэн нь мэдээж. Энэ үүргээ ч гялалзтал биелүүлж, эхний 13 өдрийн барилдаанаас 13 даваа авлаа. Маш тайван, өөртөө итгэлтэй, уян хатан барилдааныг нь сөрөн зогсох тэнхээтэй бөх энэ өдрүүдэд байсангүй. Япончуудын найдвар хүлээлгээд буй залуу од Такэкайшо аварга нэлээд шазруун үзсэн ч эцэст нь чангахан шидүүлээд хулхи нь буув. Их аваргын хувьд 37 дахь удаагаа эхний 10 өдөр дараалан давжээ. Үүнийхээ 27-д нь түрүүлж байсан гэж бодохоор дээд зиндааны 42 дахь түрүү ойрхон байна даа.

Аса аваргын дүү Хоошёорюү Бямбасүрэн анхаарлын төвд байна

Түүний араас нэхэж яваа бөх нь нутгийн дүү Ичиножёо А.Ичинноров. Дээд зиндааны хамгийн хүнд бөх тэрбээр (226 кг) анх эрчтэй гарч ирж байсантайгаа харьцуулбал эрс суларсан. Сүүлийн хэдэн башёд арайхийн 50 хувийн амжилтаа хийсэн бол арваннэг болон нэгдүгээр сарын тэмцээнд тавин хувийн босго ч давж чадалгүй чансаа буурсан юм. Тэгвэл энэ башёд өнгөтэй сайхан барилдаж, ганц унаатайгаар аваргыг нэхэж явна. Энэ башёд овоо хэд давчихвал долдугаар сард Озэки цолны төлөө дайралт хийх боломж байгаа. Дараагийн тэмцээнд Комүсүбиг алгасаад шууд Сэкивакэ болж ч мэднэ.

Өмнөх тэмцээнд Хакүхо сайн барилдсан ч гэмтэл авснаар дундаас нь орхиход хүрсэн. Харин түүний эзгүйд нутгийн бөх Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндааны анхны түрүүгээ гардаад байв. Ингэснээр тэрбээр гуравдугаар сарын башёд 11 давахад Озэки цол хүртэх боломжтой болсон юм. Гэвч манай бөх том цол бодоод биеэ хэтэрхий барьсан уу, эхний 11 барилдааныхаа долоод нь унаж, мөрөөдлөө хойшлуулахаас аргагүйд хүрлээ.

Сүүлийн үед Такэкайшо хэмээх залуу хүчтэн япончуудын магнайг тэнийлгэж байгаа. Дээд зиндааны хамгийн залуу бөх тэрбээр арваннэгдүгээр сард 13-2 амжилтаар түрүүлж, нэгдүгээр сарын башёд 11 даваад байв. Улмаар энэ сард одоогоор найман даваа авч, арслан цолны босгонд тун ойрхон тулж ирээд байна. Ялангуяа Какүрюү аваргыг давсан барилдаан түүний боломжийг эрс нэмэгдүүлжээ. Нуруу намтай ч гэсэн их дайчин, зоригтой барилддаг, мэдрэмжтэй залуу байна лээ. Озэки болсон байхад цолондоо эзэн болоод барилдаж чадна гэж бодогдсон.

Монголчууд сүүлийн үед итгэл найдвар тавин харуулддаг өөр нэг бөхтэй болчихоод байгаа. Энэ бол их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн авга дүү Хоошёорюү С.Бямбасүрэн. Аса аваргын том ах Сугаррагчаагийн хүү тэрбээр аваргын гаргасан жимээр урагшилсаар Макүшитагийн долоо дээр ирээд буй. Эндээс тавин хувийн амжилтаа үзүүлчихвэл дараагийн башёд цолтой бөхийн эгнээнд багтах боломж бий. Удахгүй 20 хүрэх залуу хүчтэн эхний дөрвөн өдөр гурав унаад байсан ч дараалан хоёр давж, 3-3 амжилттай болоод авав. Үлдсэн барилдаандаа давах нь нэн чухал байна. Энэ удаа чансаагаа ахиулчихвал долдугаар сарын тэмцээний үеэр Жюүрёод хүч үзэж байх болов уу. Ер нь бага зэрэг жин нэмчихвэл их аваргуудын үлдээсэн орон зайг нөхөж, олон жил сайн барилдах боломжтой хэмээн сүмогийн мэргэжилтнүүд дүгнэж байна. Удахгүй цойлоод гараад ирэх биз ээ.

Энэ башёд монголын 19 бөх хүч үзэж буйгаас одоогоор ес нь тавиас дээш хувийн амжилтаа үзүүлээд байна. Тэднээс гадна зургаан бөх улаан шугам давах боломжтой байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Боксгүй олимп давсгүй хоол мэт болно

AIBA бусад спорт холбоодыг бодвол хаалттай, санхүү нь ил тод бус

 0 сэтгэгдэл


Боксын спорт олимпын хөтөлбөрөөс хасагдаж магадгүй гэсэн дуулиан өдгөө дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татаж байна. AIBA буюу олон улсын сонирхогчийн боксын холбооны ерөнхийлөгчөөр Узбекистаны иргэн Гафур Рахимов сонгогдсоноос энэ бүхэн эхтэй. Олон улсын олимпын хороо түүнийг гэмт бүлэглэлийнхэнтэй холбоотой үл бүтэх нөхөр хэмээн үзэж, хэрэв ерөнхийлөгчөөрөө сонговол боксыг олимпоос хасах хүртэл арга хэмжээ авч магадгүй хэмээн их хурлынх нь өмнө сануулсан. Гэвч AIBA энэ анхааруулгыг үл тоон түүнийг ерөнхийлөгч болгосноор гал дээр тос нэмж орхисон юм. Үр дүнд нь AIBA Швейцар дахь банкны дансаа хаалгасан бол “Токио 2020” олимптой холбоотой бүх бэлтгэл ажлыг нь ОУОХ-ноос түр хугацаанд зогсоосон. Улмаар ОУОХ-ноос тусгай комисс гаргаж, AIBA-гийн үйл ажиллагааг шалгахаар болсон билээ. Шалгалтын үр дүн ямар гарахаас, AIBA хэр хурдан шинэчлэл өрнүүлж чадахаас боксын спортын ирээдүй хамаарах юм. Ерөнхийдөө ирэх зургадугаар сард болох ОУОХ-ны чуулганаас өмнө асуудал эцэслэн шийдэгдэх аж.

АСУУДАЛ ИНГЭЖ ЭХЭЛСЭН

Ер нь AIBA бусад спорт холбоодыг бодвол хаалттай, үйл ажиллагаа болон санхүүгийн асуудал нь ил тод бус, шүүлтийн луйвар их гээд харлуулах муу зүйл олон. Тус холбоог олон жил удирдсан Пакистаны иргэн Анвар Чаудригаас энэ бүхэн эхтэй гэж үзээд түүнийг 2005 онд суудлаас нь авч хаясан юм. Оронд нь тайванийн иргэн Ү Чин Коу томилогдсон. Ноён Ү-г ерөнхийлөгч болоход хамгийн их зүтгэл гаргаж ажилласан Гафур Рахимов тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон нь зүйн хэрэг. Тайвань эр сэнтийд заларсан даруйдаа зоримог шинэчлэл өрнүүлж, олны дэмжлэгийг дорхноо хүлээв. Ялангуяа, оновчтой цохилт орсон даруйд оноо нэмж, тэр нь үзэгчдэд ил харагддаг шүүлтийн системийг нэвтрүүлсэн нь боксын спортод хийсэн том дэвшил байлаа. Оноог ингэж ил цагаанаар тоолдог болсноор байнга хэл ам дагуулаад байдаг шүүлтийн луйвар цэгцэрч ирэв.

Гэвч сайн сайхан үе удаан үргэлжилсэнгүй. AIBA удалгүй шүүлтийн системээ дахин өөрчилж, мэргэжлийн бокстой адил буюу үе бүрт ялагчийг тодруулдаг болов. Ингэснээр шүүлт дагасан гомдол дахиад л гарах болов. Мөн ноён Ү холбооны мөнгийг хувьдаа завшиж байна гэх хардлага эрчээ авсан. Энэ үед Рахимов холбооныхоо ерөнхийлөгчтэй таарамжгүй болж, хоорондоо үзэлцэж эхэлсэн. Ингээд түүнийг авч хаях кампанит ажил эрчээ авч, улмаар 2018 оны сүүлээр болсон чуулганаар тайвань эр ажлаа өгч, оронд нь узбек эр рахимов сонгогдлоо. Харин үүнийг нь оуох таалсангүй.

• Хэрэв AIBA асуудлаа шийдэж чадахгүй бол мэргэжлийн боксын аль нэг холбоонд олимпын зохион байгуулалтад оролцох эрх өгч магадгүй. 

• Г.Рахимовыг гаргаж ирсэн хүмүүс нь оросууд. Товчхондоо бол Путин. 

• Г.Рахимов асар их хөрөнгөтэй хүн. Анх баяжсан түүх нь хар тамхины хууль бус наймаатай холбогддог гэх хардлага бий.

Рахимов бол асар их хөрөнгөтэй хүн. Дубайд долоон одтой зочид буудал эзэмшдэг, Арабын хэдэн оронд ээлжлэн амьдардаг гэх. Анх баяжсан түүх нь хар тамхины хууль бус наймаатай холбогддог гэх хардлага байдаг юм. Иймэрхүү бараан түүхтэй болохоор ОУОХ хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй.

Нөгөө талаар рахимовыг гаргаж ирсэн хүмүүс нь оросууд. Товчхондоо бол Путин. Оросууд уг нь боксын спортод дэлхийд дээгүүр өрсөлддөгч хүчирхэг гүрэн боловч сүүлийн үед амжилт нь буурсаар байгаа. Хамгийн сүүлийн ДАШТ-ээс эрчүүд нь нэг мөнгө, нэг хүрэл медалиар гол зогоосон бол эмэгтэйчүүд нь ганц хүрэл медальтай буцсан. Ийнхүү байдал эвгүйтээд эхэлмэгч оросууд хөдөлж эхлэв. Эхлээд AIBA-гийн гүйцэтгэх хорооны хурлыг Москвад зохион байгуулж, ноён Ү-г унаган, Рахимовыг оронд нь томилох тохироо хийсэн. Улмаар өнгөрсөн арваннэгдүгээр сард зорьсондоо хүрч, түүнийг ерөнхийлөгчийн суудалд нь албан ёсоор жинхэлсэн юм. Их хуралд саналын эрхтэй 137 төлөөлөгч оролцсоноос Рахимов 86, түүний өрсөлдөгч Казахстаны С.Конакбаев 51 санал авчээ.

ОУОХ угаас оросуудтай таарамж муутай байгаа. Пёнчаны өвлийн олимпод Оросын тамирчид өөрийн орны далбаан дор орох боломжоо алдсан бол риогийн олимпод хөнгөн атлетикийн тамирчид нь допингийн шалгалтын улмаас хуйгаараа эрхээ хасуулсан гээд тэдний зөрчил нүдэн дээр өрнөж буй. Гэтэл одоо AIBA оросуудын гарт орсон нь ОУОХ-нд таалагдаагүй нь мэдээж.

ЦААШИД ЯАХ БОЛ

“Ганц хүнээс болж энэ олон тамирчны эрх ашиг хохирч болохгүй” хэмээн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэлж, үүнтэй нь хүн бүр санал нийлж буй. Тэгэхээр боксыг юу юугүй хасчихгүй, аль болох тохиролцоонд хүрэхийг хичээх байх. Үүнийг Рахимов сайн ойлгож, ОУОХ-той учраа олох гэж их хичээж байна. ОУОХ-ны гишүүдтэй нэг бүрчлэн уулзахаас гадна тэдний шаардлагад нийцүүлэн зарим дүрэм журмаа өөрчилж эхлээд буй. Эхлээд жингийн өөрчлөлтийг олон улсын жишигт нийцүүлж, эрэгтэй найм, эмэгтэй таван жинтэй (өмнө нь эрэгтэй 10, эмэгтэй 3 байсан) болгов. Эмэгтэй тамирчдад боломж олгосон нь жендерийн асуудлыг цэгцлэх оролдлого гэж болно. Мөн тулаан шударга бус болсон гэж үзвэл тухайн улс эсэргүүцэл гаргах эрхийг дахин сэргээхээр төлөвлөж байгаа аж.

“Намайг ажлаа авах үед AIBA маш их өртэй болсон байсан. Энэ их өрний талыг нь өөрийн хөрөнгөөр, талыг нь ивээн тэтгэгчийн тусламжаар дарсан. Одоо манай холбооны санхүүгийн байдал ил тод, цэвэр байх болно” хэмээн ноён Рахимов хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байлаа.

AIBA-ГИЙН ЭРХИЙГ WBA-Д ШИЛЖҮҮЛЖ МАГАДГҮЙ 

ОУОХ-ны босс Томас Бахын өөр нэгэн үг асуудлыг шийдэх хувилбар болж магадгүй. Тэрбээр “Заавал AIBA-д олимпын наадам зохион байгуулах эрх өгөх албагүй. Боксын спортод өөр олон холбоо бий” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлэв. Хэрэв AIBA асуудлаа шийдэж чадахгүй бол мэргэжлийн боксын аль нэг холбоонд олимпын зохион байгуулалтад оролцох эрх өгч магадгүй гэдгийг түүний хэлснээс түвэггүй ойлгож болно.

Сүүлийн үед WBA (World Boxing Association) холбоо ОУОХ-той найзархах болсон. Тиймээс байдал эвгүйтвэл олимпын наадмын боксын тэмцээн зохион байгуулах эрхийг WBA гэх мэт мэргэжлийн боксын аль нэг холбоонд өгч магадгүй хэмээн таамаглах болжээ. “Бокс олимпын хөтөлбөрөөс хасагдана гэж байхгүй ээ. Анхны олимпоос эхлээд хөтөлбөрт нь багтсан том төрөл шүү дээ. Хэрэв иймдээ хүрвэл асар их эсэргүүцэлтэй тулгарах болно. Гэхдээ AIBA тавьсан шаардлагуудыг нь биелүүлэхгүй бол тэмцээн зохион байгуулах эрхийг нь WBA холбоонд шилжүүлж магадгүй гэсэн асуудал яригдаж байна. Нэг ёсондоо AIBA-г айлгаж, шахалт үзүүлж байна гэсэн үг. Энэ нь яаж ч бодсон монголчуудад ашиггүй. Мэргэжлийн бокс сонирхогчийн боксоо бодвол илүү их луйвар ордог. Хэн ялахыг нь урьдчилаад шийдчих тохиолдол олон” хэмээн бокст ойр нэгэн эх сурвалж өгүүлсэн юм.

Бокс тойрсон асуудлыг ерөнхийд нь тоймловол нэг иймэрхүү. Монголчууд боксын спортоор олимпын наадмаас нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан. Тэр ч утгаараа бокс олимпод үлдэх, эсэх нь бидэнд дэндүү их хамаатай асуудал. Тиймээс хоёр том байгууллагын хоорондын үл ойлголцол хэрхэн шийдэгдэхийг хүлээх л үлдэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Э.Ганзориг: Бодибилдингийн спорт хүний генийг өөрчилдөг

Хүч, биед төдийгүй оюун ухаанд сэргэлт, чадамж өгдөг

 0 сэтгэгдэл


Өнгөрсөн ням гарагт болсон “Монголын мистер-2019” бодибилдингийн улсын аваргын тэмцээний үнэмлэхүй аваргаар гурав дахь удаагаа шалгарсан Э.Ганзоригтой ярилцлаа.

-Монголын мистер болсонд баяр хүргэе. Хэдэн жилийн хөдөлмөр өнөөдрийн алдрыг авчирсан бол?

-Баярлалаа. Би 2003 онд энэ спортод хөл тавиад, одоо 16 дахь жилдээ хичээллэж байна. Авга ах Монголын мистер Д.Бат-Эрдэнийгээ дагаж энэ спортод орсон. Анх хичээллэж байхад хамаг бие буларч, шантарч байсан үе бий. Эхний гурван сар л их хэцүү байсан. Ахыгаа дуурайгаад тамирчны ачааллаар бэлтгэл хийчихсэн болохоор хүнд туссан л даа.

-Бодибилдингийн спортын онцлог юу вэ?

-Энэ бол бүх спортын суурь болж өгдөг. Бөх, дугуй, шатар, цана гээд ямар ч төрлөөр хичээллэдэг хүмүүс бэлтгэл хийж булчингаа хөгжүүлдэг. Бодибилдингийн тамирчдын хувьд маш хүнд нөхцөлөөр хичээллэнэ. Жишээлбэл, 100 кг-аар цээжний шахалт хийдэг байлаа гэхэд нэг оролтоороо 1.2 тонн, үүнийгээ 4-5 удаагийн давталтаар хийхэд 5-6 тонн ачаа нэг орой зөөсөнтэй тэнцэнэ шүү дээ. Ингэхээр нэг оройн бэлтгэлд 30-40 тонн ачаа зөөсөнтэй ижил ачаалал авдаг.

-Энэ зөвхөн мэргэжлийн тамирчдын хувьд биз дээ?

-Анх орж ирж байгаа хүнд ч ачааллын хувьд ижил. Хэвтээ шахалтыг 30 кг-аар хийе гэж бодъё л доо. Тэгвэл түүнийгээ 10 оролтоор таван удаа давтахад л 1.5 тонныг өргөсөнтэй адилхан шүү дээ. Заавал хүнд, хөнгөнийг өргөснөөрөө биш, тухайн хүний биед тохирсон хамгийн их ачааллыг өгдөг болохоор амар биш л дээ.

-Дээр дурдсан, шатрын спортод ч бодибилдинг суурь болдог гээд… Шатарчдад ямар хэрэгтэй гэж?

-Хүний булчин чанга, сайн хөгжилтэй байж л бүх биеийн эд эс, түүн дотроо тархины эсийн ажиллагаа эрчимждэг. Бодибилдингээр хичээллэдэг, бэлтгэл хийдэг байсан хүмүүс мэднэ дээ, биеийн булчин жаахан хөгжихөд л өөртөө итгэлтэй, өөдрөг болоод ирдэг. Ийм үедээ сэтгэн бодох чадвар нэмэгдэж, бүтээлч болдог. Харин бэлтгэлээ таслаад булчин сулраад ирэхээр өөртөө итгэх итгэл буурч, идэвхгүй, залхуу болчихдог. Нөгөө хүчтэй мэдрэмжээ авахгүй болохоор тэр шүү дээ. Ер нь хүч гэдэг биед төдийгүй оюун ухаанд сэргэлт, чадамж өгдөг юм.

-Ийм мэдрэмж авч чадаагүй залуус “gym”-д хичээллэхээс няцдаг байх?

-Залуус зорилго тавилгүй, зүгээр найзуудаа дагаад ч юм уу, цаг нөгцөөх гэж бэлтгэл хийж эхэлдэг. Тэдний хувьд жаахан дасгал хийсний дараа биед үүсэх хөндүүр, булраагаа тэвчиж чадахгүй бэлтгэлээ орхидог. Ингэж шантрахгүй, өөрийгөө ялан дийлж чадсан хүн аливаа асуудалд хэрэглэж, кали, кальц, нүүрсус гээд алдсан энергиэ зайлшгүй нөхөх шаардлагатай. Үүнд ойролцоогоор 3-4 сая төгрөг зарцуулдаг. Харин энгийн үед бол хамаагүй бага зардалтай. Дэглэмийн хоолоо өөрөө бэлдээд явдаг болохоор их хэмнэлттэй. Нэг өдөр гадуур хооллоод явах мөнгөөр л долоо хоногийн зардлаа болгочихдог.

-Эрүүл мэндийн хувьд хэр эрсдэлтэй вэ. насны суурь өвчинтэй болох уу?

-Тамирчны хувьд өөрийн өргөх жингийнхээ 80 хувиар дасгалаа хийдэг. Жишээлбэл, хэвтээ шахалтаар 100 кг-ийг найман удаа өргөдөг хүн бол бэлтгэлээ 80 кг-аар хийнэ гэсэн үг. Ингэхгүй, тулсан жингээр нь өргөөд байвал бэртэх магадлалтай.

МОНГОЛЫН ТАМИРЧИД ДЭЛХИЙД ДАНСТАЙ БОЛСОН


-Монголын бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбооны үйл ажиллагаанд хэр оролцоотой вэ?

-Би МБФНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн. Тэмцээн хамаарч бүгд явж чадахгүй байх.

-Танай “Чийрэг Монгол” клуб “Монголын мистер-2019”-д багаараа нэгдүгээр байранд орсон байх аа?

-“Монголын мистер 2019” тэмцээнээс манай клуб таван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль авч багийн дүнгээр нэгдүгээр байранд орсон. Авга ах Д.Бат-Эрдэнэ маань мастер ангилалд, залуучуудын ангилалд Б.Хэрлэн хоёр төрөлд, Т.Мөнх-Эрдэнэ 65 кгын жинд, дээр нь миний бие +80 кг-д тус тус алтан медаль авсан. Мөн миний төрсөн дүү Э.Чинзориг эрэгтэй атлетик болон 75 кг-ын жинд хоёр мөнгө, тусгай ангилалд Г.Батжаргал бас мөнгөн медаль авсан.

-Тусгай ангилал гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөл үү?

-Тийм ээ. Г.Батжаргал маань өнгөрсөн жил түрүүлсэн, энэ жил мөнгөн медаль авлаа. Манай клуб 2010 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй хичээллүүлж эхэлсэн. Г.Батжаргалын хувьд анх ирэхдээ их туранхай, сул биетэй байсан. Гэхдээ энэ хүүхэд маш их тэвчээртэй, зорилготой. Тасралтгүй бэлтгэлийн үр дүнд арав гаруй кг-аар жин нэмж, булчингийн масс нь ч өссөн. Одоо хэвтээ шахалтаар 60-70 кг-ыг өргөдөг, буруу хийж байгаа хүнд ч заачихдаг болсон. Анх өөрөө бараг явж чадахгүй уначих гээд байдаг байсан бол одоо бэлтгэлдээ хэрэглэдэг 15 орчим кг жинтэй модон вандангаа түүртэлгүй аваад явдаг болсон.

ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨЖ БОЛЗОШГҮЙ БҮЛГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ КЛУБТЭЭ ҮНЭГҮЙ ХИЧЭЭЛЛҮҮЛДЭГ


-Төлбөргүй хичээллэх боломжийг өөр ямар хүмүүс эдэлж болох вэ?

-“Чийрэг Монгол” клубээ 2012 онд байгуулаад сургуулийн ахлах ангийнхныг үнэ төлбөргүй хичээллүүлдэг байсан. Саяын тэмцээнээс алтан медаль авсан Т.Мөнх-Эрдэнэ тэр үед хичээллэж эхэлсэн хүүхэд шүү дээ. 2016 оноос санхүүгийн хүндрэлээс болж хүүхдүүдийг үнэгүй хичээлүүлж чадахгүй болсон. Харин одоо энэ оноос сэргээнэ. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн 17-р хороо буюу Зургаан буудалд байрлах “Чийрэг Монгол” салбартаа хойд чиглэлийн гэр хорооллын хүүхдүүдийг хамруулахаар зорьж байна. Би ЕБС-уудаар эрүүл мэнд, хорт зуршлын талаар лекц уншдаг байсан. Мөн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэнтэй хамтарч гэмт хэрэгт өртөж болзошгүй 14-21 насны залуусыг клубтээ хичээллүүлдэг байсан. Энэ мэтээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

-Яагаад заавал гэр хорооллын хүүхдүүд гэж?

-Би өөрөө Дэнжийн мянга, Долоон буудалд өссөн. Фитнес маань хотын төвд, би байнга алхчихдаг байсан. Хэрэв гэрт ойрхон байсан бол илүү их цагийг бэлтгэлд зарцуулж, үүнээс бага хугацаанд амжилтад хүрч болох байсан. Гэр хорооллын хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс. Сагсны талбай ч ховор шүү дээ. Тиймээс хойд зах руу салбараа нээж, хүүхдүүдийн спортод дурлах, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөхөд нэмэр болохыг хичээгээд тав дахь жилээ угтаж байна.

-“Чийрэг Монгол”-ыг овоглосон тамирчдаас нь гадна нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан ажлуудаар нь олон сонсож байсан юм байна. Санхүүгийн хувьд их боломжтой газар байх?

-Бид анхнаасаа ашгийн төлөө клуб байгуулаагүй. Клубын тамирчдаас гадна хичээллэгсдийн талаас илүү хувь нь үнэ төлбөргүй бэлтгэл хийдэг. Гэсэн ч клубийнхэн маань санал нэгдэж, өөрсдийн хандиваар жижиг хүмүүнлэгийн ажлууд тогтмол явуулдаг. Бид хойшоо чиглэлд алхдаг. Замд овоолоогүй ч жижиг сажиг хог, тамхины иш тасралтгүй тааралддаг хэрнээ хогийн сав байхгүй. Тиймээс бид энэ хавар зам дагуу хогийн сав байрлуулахаар төлөвлөгөөгөө гаргаж, төсөв зардлаа шийдчихсэн. Эх орныхоо төлөө гэж цээжээ дэлдэх биш, энгийн жижигхэн зүйлээр нэмэр болж явахыг л чухалчилдаг юм.

Биеийн булчин жаахан хөгжихөд л өөртөө итгэлтэй, өөдрөг болоод ирдэг

-Олны танил болохоор хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна уу?

-Өөрчлөгдөөгүй байх аа. Би ч өмнө харьцдагаараа л хандаад явдаг болохоор анзаардаггүй байх. Одоогийн залуус жим-д их хичээллэдэг болж, бодибилдингийнхнийг ч таньдаг болж. Би өөрөө уудаггүй ч гэсэн уушийн газарт орчихвол буруугаар ойлгосон шинжтэй харцтай их л тулгарна шүү дээ.

-Найз нөхдийн хувьд хамтран зүтгэж, эсвэл уруу татаж, холдож одсон... аль нь олон бэ?

-Багын хэдэн найз маань одоо ч дэргэд хэвээрээ. Тэмцээний бэлтгэлд ороод завгүй үед ч ирж уулзчихаад явдаг, намайг сайн дэмждэг. Хамт энэ спортод зүтгэсэн нь харин байхгүй, бүгд л тус тусынхаа ажлыг хийж яваа. Холдож явах нь бүү хэл гэр бүлээрээ найзлаад улам өнөр болоод байна.

-Ярианд олон дурдсан авга ахынхаа тухай сонирхуулаач?

-Монголын дөрвөн удаагийн мистер Д.Бат-Эрдэнэ миний аавын дүү. Бид нэг гэрт өссөн. Ах маань бодибилдингээр хичээллэж эхлэх үед би жаахан хүүхэд байсан л даа. Нүдэн дээр л бие нь өөрчлөгдөөд, намайг энэ спортод эрхгүй дурлуулсан. Одоо дүү нар маань бас тамирчны хэмжээнд орж ирлээ. Бодибилдингийн спорт хүний генийг өөрчилдөг. Сул дорой байсан эд эс идэвхжээд ирэхээр хүүхдүүд нь тэр хүчтэй генийг өвлөж төрдөг. Бөхийн удам гэдэг шиг хадгалагдаж өвлөгдөж явдаг.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу? 

-Манай гэр бүлийн хүнийг Б.Туяасайхан гэдэг. Бид фитнест хамт явдаг байсан юм. 2008 онд гэр бүл болсон. Одоо хоёр хүүхэдтэй. Намайг хамгийн сайн ойлгож, дэмждэг хүн шүү дээ. гэр бүлийн хүн маань тусалдаг учраас би өдий зэргийн амжилттай явж байгаа.

-Алсын зорилгоосоо хуваалцвал?

-Би богино хугацааны зорилго тавьдаг. 2016 онд хоёр жил бэлтгэлээ багасгаж, амралтын байдлаар булчингийн массаа өсгөх зорилго тавьсан. Харамсалтай нь гэнэт бие өвдөж, эмчилгээ хийлгэсээр энэ хугацааг өнгөрөөсөн. Ингээд өнгөрсөн жилээс бэлтгэлдээ ороход биеийн хөгжил маань таван жилээр ухарчихсан байсан ч тамирчны хэмжээнд бэлтгэлээ хангасаар дахин “мистер” боллоо. Одоо ирэх гурван жил бэлтгэл, дэглэмээ спортын түвшинд авч явна. Тэгээд гурван жилийн дараа цаашдын зорилгоо тавина даа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өвлийн усанд сэлэлтээр дэлхийд тэргүүлэгч Ш.Даваадорж 11 медаль хүртжээ

 0 сэтгэгдэл


БНХАУ-ын Таерзиун, Жинан хотуудад 2019 оны нэгдүгээр сарын 6-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын Их Наадамд 26 орны 1200 тамирчид оролцсоноос Монгол Улсын Спортын мастер Ш.Даваадорж нь гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, нийт 11 медаль хүртэж дэлхийн хэмжээнд өндөр амжилт үзүүллээ.

Сүүлийн гурван жилд тэрээр Дэлхийн цомын аваргын тэмцээн болон олон улсын тэмцээнүүдээс 13 алт, 18 мөнгө, 7 хүрэл медаль нийт 38 медаль хүртсэн амжилттай яваа юм. Дэлхийн Өвлийн усанд сэлэлтийн холбоо Дэлхийн цомын аваргын тэмцээнүүдийн нийлбэрээр 2016-2017 оны цуврал тэмцээнүүдийн дунджаар чансаагаараа дэлхийд дөрөвдүгээр байр, 2017-2018 оны цуврал тэмцээнүүдийн дунджаар чансаагаараа дэхийд долдугаар байранд орсон.

2018-2019 оны Дэлхийн цомын аваргын цуврал тэмцээнүүдийн эхний тэмцээн нь Латви улсын Рига хотод болж нийт 25 орны 300 тамирчдаасШ.Даваадорж 4 мөнгө, 1 хүрэл медаль авч, өндөр амжилт үзүүлж байсэн юм.