A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3156/

Хөрөнгө оруулагчдын итгэл яг хөөс шиг байдгийг Хонконг батлав

Хөрөнгө оруулагчдын итгэл яг хөөс шиг байдгийг Хонконг батлав
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3156/

Азийн санхүүгийн зүрх болох Хонконгоос мөнгө зугтаж байна. Энэ бүсэд өргөн хүрээг хамарсан эсэргүүцэл энэ оны гуравдугаар сараас эхэлж, зургадугаар сард эрчээ авснаар дорнын санхүүгийн тулхтай төв болох Хонконгт тогтворгүй байдал тэллээ. Хонконгт ардчилал, эрх чөлөөний төлөөх дуу хадахын хэрээр энэ бүсээс зугтах мөн­гөний хэмжээ нэмэгдсээр байна. Тухайлбал, жагсаал цуглаанаас хойш энэ бүсээс Сингапур руу дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт дайжсаныг Goldman sachs групп тооцсон байна.

Мөнгө үржих хөрс бүрдүүлсэн нь

Хоёр хүрэхгүй зууны өмнө загасчдын, жижиг тосгон бай­сан Хонконг XX зууны сүүлчээс дэл­хийн санхүүгийн Ази дахь төв цэг болсон нь шинэ цагийн хөгжлийн гайхамшигт тооцогддог. Хонконг нь ком­мунист засаглалтай БНХАУ-ын засаг захиргааны тус­гай бүс.
Гэхдээ Ази тивд чө­лөөт эдийн засгийн үлгэр жишээ загварыг нутагшуулж, биз­нес худалдаа, санхүүгийн таа­­ламж­­тай хөрсийг бүрдүүлэн, шударга, ил тод, нээлттэй хууль шүү­хийн тогтолцоог бий бол­го­сон нь эдүгээ Хонконгийг Азийн хөрөнгө оруулалтын ай сав бол­го­сон байна. Хонконг нь газар­зүйн ашигтай байрлалын заяагдсан давуу талаа ашиглан, төрийн зохицуулалтаар татвар болон таатай эрх зүйн орчныг бүр­дүүл­сэн. Тиймээс байгалийн баял­гийн их хэмжээний нөөцгүй энэ бүс мөнгө үржүүлэх таатай, тогтвортой орчин болсноороо олон улсын хөрөнгө оруулагчийг соронз мэт татсан юм.
Эдүгээ Хонконг нь Нью-Йорк, Лондоны дараа орох дэлхийн гуравдагч том санхүүгийн нийс­лэл болсон. Дэлхийн хамгийн том зур­гаан биржийн нэг нь энэ бүсэд байрлаж, таван их наяд ам.доллараар хэмжигдэх мөнгийг эргэл­дүүлж байна. Энэ бүсийн гол зангилаа болох “Вай Чун” боомт ачаа эргэлтийн хэмжээгээрээ Ази тивд нэгдүгээрт, дэлхийд дол­дугаарт жагсдаг. Энэ мэт Хонкон­гийн Ази тив төдийгүй дэлхийн эдийн засгийн тавцанд гүйцэтгэх үүрэг оролцоог дурдвал олон.
Гэтэл хөрөнгө оруулагчдын хүсдэг нуга байсаар ирсэн Хон­конгт хэдхэн сарын дотор таатай байдал орвонгоороо эргэж, эргэл­зээ, эрсдэлтэй зах зээлд тооцогдож эхлэв. Хонконгийн хэдэн мянган босогч өнгөрсөн зургадугаар сарын дунд үеэс эхлэн эх газрын Хятадад ялтан шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэж жагсаж эхэлсэн. Нийтийг хамар­сан энэ эсэргүүцлийн арга хэм­жээ нь даамжирсаар эдүгээ өнгөт хувьсгалын шинжтэй болж, Хонконгийн ардчилал, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл болж өргөжөөд буй.

Зах зээлийн итгэл алдарч байна
Бараг хагас жил үргэлжилж буй нийгмийн эсэргүүцэл, эмх замбараагүй байдал Хонконгийн эдийн засгийг 2009 оны санхүүгийн хямралаас хойших хүндрэлийн ирмэгт ирэхэд түлхэц үзүүлэв. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар тус тусгай бүсийн ДНБ-ий өсөлт нь 0.5 хувь хүртлээ саарч, сүүлийн арван жилийн доод цэгт хүрлээ.
Хонконгийн үйлчилгээний салбарын индекс өнгөрсөн наймдугаар сард 40.8 хувь болж буурсан нь 2009 оны хоёрдугаар сар буюу дэлхийн хямралаас хойших тааруу түвшинд хүрсэн. Үйлчилгээнээс гадна оффисын зах зээл нь 1996 оноос хойших доод цэгт хүрсэн бол Хонконгийн хөрөнгийн зах зээлийн жишиг Hang Seng индекс жагсаал эхэлсэн зургаагаас есдүгээр сар хүртэл 8.6 хувиар буурчээ. Цаашлаад тус бүсийг зорих жуулчдын тоо буурч, жижиглэнгийн худалдааны үзүүлэлт нь уруудсан зэрэг урамгүй үзүүлэлт Хонконгийн бизнес, эдийн засагт хөвөрч байна. Хонконгийг орхих мөн­гөний урсгал нэмэгдэхийн хэрээр энэ бүсэд мөнгөн тэм­дэгтийн ханш доройтно хэмээн шинжээчид анхааруулж эхлэв.
Ажил хэрэгч, итгэл даахуйц, тогтвортой байдлаар олон жилийн турш имиж хийсээр ирсэн Хон­конг эрсдэлтэй, тодорхойгүй тоглогчийн дүрд хувирснаар аюулаас зугтдаг мөнгө энэ бүсээс ч дайжиж эхэлсэн. Тус бүсийн мөнгөн хадгаламжийн хэм­жээ наймдугаар сард өнгөрсөн долдугаар сараас 1.6 хувиар буурс­ныг Хонконгийн Мөнгөний зохицуулалтын агентлаг мэдээлж байна.
Хонконг дахь Bocom International Holdings-ийн захирал Хон Хао “Үймээн самууныг зохи­цуу­лах шийдэл харагдахгүй байгаа нь хөрөнгө оруулагчид Хон­конгийг орхих шалтгаан болж байна. Тиймээс зах зээ­лийн тэвчээр, итгэл алдагдаж байна” хэмээн тайлбарлажээ. Хөрөн­гө оруулагчдаас гадна Хон­когт ажилладаг гадаадын өндөр мэргэжлийн шинжээч, мэргэ­жилтнүүд ч ачаа тээшээ баглаад эхэлжээ. Дэлхийн хот гэх Хонконгийн байр суурь ганхаж эхэллээ.
Энэ сарын 1-нээс Хятадад намрын дунд сарын баяр буюу бүх нийтээр амрах Алтан долоо хоног эхэлсэн. Гэтэл Хятад, Хон­конгийн жилийн бор­луу­­лал­тын багагүй хэсгийг бүр­дүүл­дэг Алтан долоо хоногт тус бүсэд худалдаа үйлчилгээ идэвх­жээгүй байна. Хонконгийн жагсаал ойролцоогоор 2.8 тэр­бум ам.долларын боломжийг үгүй хийсэн гэж шинжээчид урьд­чилсан байдлаар тооцоолж байна.
Уг нийтлэлээр Хонконгийн дотоод хэрэгт оролцож, тус бүсийг туйл адил хуваагаад буй нөхцөл байдлыг шүүн тунгаахыг зорьсонгүй. Гэхдээ нэгэн цагт дэлхийн мөнгөний урсгалын ай сав байсан ч нүдэн дээр эрсдэлийн голомт болон хувирсаар буй энэ бүсээс бусад улс ялангуяа, хөгжиж буй орнуудад сургамж болох хэд хэдэн зүйлийг харж болно.
Нэгдүгээрт, хэчнээн том, таа­тай зах зээл байлаа гээд засаглал тодорхойгүй, нийгэмд эмх замба­раагүй байдал үүсвэл мөнгө ч, хөрөнгө оруулагчид ч тэр үргэсэн болжмор шиг орхиод нисчихдэгийг өнөөгийн нөхцөл байдлаас харж болно. Өөрөөр хэлбэл, манай үе үеийн улстөрчид, эрх баригчдын байнгын хүсэл болсон хөрөнгө оруулалт нь нийгэм, эдийн засгийн тодорхой хийгээд тогтвортой орчныг шаарддаг. Эс бөгөөс тухайн зах зээл нь сан­хүүгийн төв, эдийн засгийн өсөлтийн цэг байхаас үл хамааран дайжиж оддог аж. Гэтэл манай зарим эрх баригч Монголоос өөр бизнесийн таатай орчин байхгүй мэт хөрөнгө оруулагчдад хандаж, хууль дүрэмгүй, дур зоргоороо аашлах хандлага ажиглагддаг нь үнэн.
Хоёрдугаарт, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид Хонконгийн бизнесийн орчныг цэцэгт нугатай зүйрлэдэг. Алаг цэцэгс бүрхсэн эдийн засгийн ийм таатай орчин нь “эрвээхэй”-нүүдийг (хөрөнгө оруулагч, бизнесмен) сайхан үнэр, гоё үзэмжээрээ үргэлж татдаг. Эргээд өнөөх “эрвээхэй”-нүүд нь Хонконгийн эдийн засгийг тэжээн тэтгэсээр, дэлхийн зиндааны хот болгон хөгжүүлсэн аж. Гэтэл хоёр зуун өртөөлөн бий болгосон Хонконгийн энэ эерэг дүр төрх, хөрөнгө оруулагчийн итгэл хэдхэн сарын дотор хөөс адил алга болчихож байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдын итгэл хэмээх зүйл олоход хэцүү атлаа эргүүлээд алдахад маш амархан эмзэг байдгийг Хонконгоос харж болно. Цаашлаад, аль ч зах зээл, улс оронд кино шиг онц сонирхолтой үзэгдлүүд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг цочирдуулсан гэнэтийн огцом шийдвэрүүд мөнгө дуудах бус харин ч үргээдэг байна

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятадын том банкуудын орлого вирусийн улмаас эрс хумигдлаа

 0 сэтгэгдэл
  • Хятадын банкны салбар сая сая үйлдвэр, аж ахуйн байгууллагын зээлийг сунгах хэрээр найдваргүй зээлээс хамгаалах хөрөнгө нөөц нь шавхарч байна
  • Аж ахуйн байгууллагыг сүйрүүлэхгүйн тулд өр зээлийг нь сунгах хэрээр найдваргүй зээлээс хамгаалах хөрөнгө нөөц нь шавхарч байна

Хятадын банкны үйлдвэрлэлийн орлого энэ онд санаанд оромгүй буюу 39 хувиар буурах магадлалтай

Хорин жилийн турш үнэмлэхүй ашигтай ажиллаж, дэлхийн санхүүгийн хямралыг хүртэл давж гарсан Хятадын тэргүүлэх том банкуудад түүхэн сорилт тулгарлаа. Үхлийн уршигт коронавирусийн тархалт бизнесийн үйл ажиллагаанд нь заналхийлж буйн улмаас активын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг Хятадын Үйлдвэрлэл, Худалдааны Банк (Industrial and Commercial Bank of China) зэрэг тэргүүлэх банкуудын байдал хүнд байна. Дээр нь өсөлтийн хурдац сүүлийн 40 жилийн үнэмлэхүй хэмжээнд сулраад буй дэлхийн хоёр дахь гол эдийн засгийг аврахад туслахыг банкуудаас хүсэж байгаа нь давхар дарамт боллоо. БНХАУ-­д шинэ он гарснаас хойш эдийн засгийн идэвх үндсэндээ зогссон нь банкуудын активын чанар, цэвэр хүүгийн ашиг, нөөц хөрөнгө, шинэ үйлчлүүлэгч татах чадварт сөрөг нөлөөлснийг тус улсын тэргүүлэх зээлдэгчийн нэгнийх нь захирал тайлбарлав. Нийт 41 их наяд ам.доллараар хэмжигддэг, АНУ­-ынхаас хоёр дахин том Хятадын банкны салбар сая сая үйлдвэр, аж ахуйн байгууллагыг сүйрүүлэхгүйн тулд өр зээлийг нь сунгах хэрээр найдваргүй зээлээс хамгаалах хөрөнгө нөөц нь шавхарч байна. Хятадын банкны тогтолцоо нь активын чанартай холбоо бүхий ихээхэн бэрхшээлтэй ажиллаж ирснийг Хонконгод байрладаг, судалгааны Rhodium Group LLC фирмийн захирал Логан Райт анхааруулав. Чанаргүй зээлийг засгийн газар шингээж явлаа ч Хятадын банкны үйлдвэрлэлийн орлого энэ онд санаанд оромгүй буюу 39 хувиар буурах магадлалтайг UBS Group AG-­ийн шинжээчид тооцоолжээ. Хятадын Үйлдвэрлэл, Худал­дааны Банкийг оролцуулаад тус улсын хэд хэдэн тэргүүлэх банк баасан гарагт 2019 оны үйл ажиллагааны тайлангаа нийтлэв. Тайлангаас үзвэл, Бээжин хөшүүргийн бодлогоо багасгаж, АНУ-­тай худалдааны асуудлаар зөрчилдсөнөөс банкуудын ажиллагаа суларсан 2019 онд орлого тав орчим хувиар өссөн дүнтэй гарчээ. Хятадын Үйлдвэрлэл, Худалдааны Банкны зээлийн алдагдал нөхөх нөөц өнгөрсөн онд 479 тэрбум юань (67 тэрбум ам.доллар) болсон нь өмнөх дөрвөн жилийнхээс 70 хувиар өссөн үзүүлэлт юм. Төрийн өмчийн банкуудын удирдлага эдийн засаг урт хугацаанд тогтворжино хэмээн тайлбарлах нь нийтлэг. Хятадын Үйлдвэрлэл, Худалдааны Банкны ерөнхийлөгч Гу Шу тус улсын хэрэглэгч, экспорттой холбоотой салбарууд вирус тархсанаас үүдэлтэй эдийн засгийн цохилтын хүндийг үүрч буйтай уялдан банкны активын чанар цаашид муудна гэж үзсэн юм. Хохирол нийт салбарыг хамраад байгааг Хятадын Харилцаа Холбооны Банкны (Bank of Communications) дэд ерөнхийлөгч Хоу Вэйдун анхааруулсан бол Хятадын Банк (Bank of China) цаашдын цохилтоос хамгаалах нөөц төвлөрүүлэх шинэ тойрог эхлүүлснээ зарлав. Онцгой байдал үргэлжилсээр байх аваас Хятадын төлөгдөөгүй зээлийн хэмжээ гурав гаруй дахин нэмэгдэж, 6.3 хувьд хүрснээр чанаргүй зээл 5.6 их наяд юань болох тооцоог S&P Global сарын өмнө гаргасан юм. Тус улс хямралын үеийн арга хэмжээ болгон чанаргүй зээл тооцох стандартаа сулруулсан, дээр нь цар тахлын уршигтай холбоотойгоор цаашид “асуудалтай” зээлийн хэмжээ нийт зээлийн 11.5 хувьд хүрэх эрсдэлтэйг зээлжих зэрэглэлийн фирмүүд анхааруулж байна. “Хасах үзүүлэлтгүй олон жил явж ирсэн банкны тогтолцоо 2015, 2016 оны харьцангуй хүнд бэрх цаг үед хүртэл хоёр хувийн өсөлттэй байсан”-­ыг Хонконг дахь UBS-­ийн шинжээч Мэй Янь тайлбарлав. Активын чанар, ашиг орлого муудаж буй нь 2019 онд лавтай гурав нь яаралтай тусламж авахдаа тулсан Хятадын орон нутгийн банкуудад ноцтой дарамт учруулж байна. Хятадын эдийн засгийн өсөлт 4.15 хувь хүртлээ сулрах юм бол тус улсын тэргүүлэх 30 банкны 17 нь оршин тогтнох аргагүй болох нь өнгөрсөн онд явуулсан стресс тестээр харагдсан юм. Гэтэл БНХАУ-­ын эдийн засаг энэ жил ердөө 2.9 хувиар өсөх төлөвтэй байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Г.Бумчимэг: Шаардлагагүй хөрөнгө оруулалтыг шаардлагатай хэсгүүдэд хуваарилах хэрэгтэй

 0 сэтгэгдэл
  • Хямралын үед алтан бөгж авна гэж зүтгээд байдаггүйтэй адилхан хэрэггүй зардлаа тэвчих л ёстой
  • Боловсруулах болон аж үйлдвэрийн салбар нэлээд хүндрэлтэй байх болов уу. Уул уурхайн салбар ч гэсэн буцаад сэргэхдээ нэлээд удна

Монголын эдийн засгийн шин­жилгээ, судал­гааны төвийн захирал Г.Бумчимэгтэй ярилцлаа. Хямрал хаяанд ирсэн энэ үед манай улс шаардлагагүй зардлаа танаж, нэн шаардлагатай хэсэгт дахин хуваарилах замаар хүндрэлийн эрсдэлийг бууруулах боломжтой хэмээн тэрбээр өгүүлсэн юм. 

-Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр бууруулж, 10 хувь болголоо. Одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэхэд энэ хувь хэмжээ хангалттай юу?

-Бодлогын хүүг бууруулсан шийдвэр тодорхой хугацааны дараа буюу жил орчмын дараа эдийн засагт нөлөөлнө. Харин заавал байлгах нөөцийн хэмжээг өөрчилсөн нь эдийн засагт харьцангуй хурдан нөлөөлөх байх. Монголбанкны зүгээс өнгөрсөн жил хэрэглээний зээл дээр макро зохистой бодлогын арга хэмжээ авсан. Энэ нь өнөөдөр үр нө­лөөгөө өгч, хэрэглээний зээлийн өсөлтийг сааруулсан шүү дээ. 

-Сүүлийн нэг долоо хоногийн дотор 30 гаруй улс төв банкны бодлогын хүүгээ багагүй хэмжээгээр буулгалаа. Харин Монгол арай удаан хөдлөөд байгаа юм биш биз? 

-Өндөр хөгжилтэй болон хөг­жиж буй орны эдийн засаг маш их ялгаатай. Ялангуяа хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад өрийн хямрал нүүрлэж магадгүй. Тиймээс бид хангалттай нөөцгүй үедээ тэлэх бодлого явуулбал 2008-­2009 оны хямрал давтагдаж магадгүй. 

-Эдийн засгийн хямрал ойртсон энэ үед Монгол Улс ам.доллараар төлөх бондын эргэн төлөлтийг амжилттай удирдаж чадах болов уу? 

-Мэдээж бондын эргэн төлөлт хийхэд хүү нь нэлээд өндөр бол­сон үед дотоодын хүүгээ буу­руулах нь тийм ч ашигтай биш. Тиймээс аль болох ажлын байраа хамгаалах замаар хямралаас сэргийлэх хэрэгтэй. Төв банкны хувьд валютын нөөцийг огцом бууруулахгүй байхад анхаарах ёстой болов уу. Экспортын гол түүхий эдийн үнэ буурч, гадаад нөхцөл байдал хүндэрсэн үед манай валютын ханш нэлээд тогтвортой байна уу гэж харагдаж байгаа. Яг ийм байдал 2008 онд харагдаж, 2009 онд байдал хүндэрсэн шүү дээ. Тиймээс бодлогын арга хэмжээ эртнээс аваад явах нь зөв байх. 

-Бусад улсыг харахад төсвөө зузаатгаж, зардлыг дахин хуваарилж, шаардлагатай хэсэгт хүргэх арга хэмжээ авч байна. Гэтэл манайх улсын төсвөө тодотгохгүй гээд байгаа. Үүн дээр таны байр суурийг сонирхмоор байна? ­

-Зуд нүүрлэлээ гэж бодъё. Тухайн айл энэ үед шинэ авдар авах төлөвлөгөөгөө өөрчилж, илүү хэрэгтэй зүйлд зарцуулах үүднээс зардалдаа дахин хуваарилалт хийдэг. Зардлуудаа зайлшгүй шаардлагатайгаар нь эрэмбэлэх ёстой гэсэн үг. Улсын төсөвт тусгасан шаардлагатай биш хөрөнгө оруулалтыг шаард­лагатай хэсгүүдэд хуваарилж өгөх хэрэгтэй шүү дээ. Ялангуяа аж ахуйн нэгжүүдэд өндөр дарамт ирээд байгаа. Хэрэв олон хүн цомхотголд өртөж, ажилгүй бол­вол тэднийг дахин ажилд оруу­лахад маш хэцүү байх болно. 

-Экспортын гол түүхий эдүүдийн үнэ буурч байна гэж та ярилаа. Гэтэл хажуугаар нь хямралын үеийн зардал нэмэгдэхээр байна. Энэ бүхнийг хаанаас, яаж санхүүжүүлэх ёстой вэ? 

-Зардлаа танах, эрэмбэлэх асуудал л яригдана. Мэдээж улсын орлого төлөвлөснөөс нэ­лээд буурна. Ялангуяа хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн нүүрсний орлого биелэх эсэх нь эргэлзээ­тэй. Тэгэхээр аль болох зардлаа эрэмбэлэх хэрэгтэй. Айл өрхийн гишүүд хямралын үед алтан бөгж авна гэж зүтгээд байдаггүйтэй л адилхан. 

-Эдийн засгийн хүндрэл аль салбарт хамгийн их нөлөөлөх бол? ­

-Өмнөх хямралаас харахад үйлчилгээний салбар харьцангуй хурдан сэргэдэг. Боловсруулах болон аж үйлдвэрийн салбар нэлээд хүндрэлтэй байх болов уу. Уул уурхайн салбар ч гэсэн буцаад сэргэхдээ нэлээд удна. Яагаад гэвэл Хятадын эдийн засгийн нөхцөл байдлаас маш их шалтгаална. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

₮446.4 тэрбумын зээлийн эргэн төлөлтөд хөнгөлөлт үзүүлжээ

 0 сэтгэгдэл
  • Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлснээр 1069 иргэдийн 36.6 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөлтөд хөнгөлөлт үзүүлээд байна

COVID­-19 цар тахалтай холбоо­тойгоор дэлхий нийтээр мөрдөж буй хязгаарлалт, хорио цээрийн дэглэм нь зарим аж ахуйн нэгжүү­дийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар тухайн аж ахуйн нэгжүүд болон иргэдийн мөнгөн орлого тасалдаж, төлбөрийн чадвар муудаж, банкнаас авсан зээлийг гэрээний дагуу төлөхөд хүндрэл үүсэж байна. Үүнтэй холбоотойгоор давхардсан тоогоор 26 мянган зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсээд байна. Үүнээс 65.1 хувь нь буюу хоёр их наяд төгрөг нь аж ахуйн нэгжид, 35 хувь буюу 545 тэрбум төгрөг нь иргэнд тус тус хамаарч байна. Мөн хуваарийн дагуу хийгдэх ёстой нийт өрийн үйлчилгээнээс 195 тэр бум төгрөгийн үндсэн төлбөр, 72 тэрбум төгрөгийн хүү төлөгдөөгүй байна. Монголбанкнаас COVID -19 цар тахлын банк, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөг бууруулахад шаардлагатай боломжит арга хэм­жээг бусад улс орнуудын турш­лага болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр арга хэмжээ нь зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээр хязгаарлагдахгүй. Мак ро­зохистой бодлого болон хяналт шалгалтын хүрээнд бан­куудад мөрдүүлдэг зарим нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг түр хугацаанд уян хатан байдлаар өөрчлөн тогтоох арга хэмжээг хамаа рууллаа. Мөнгөний бодлогын хорооны 2020 оны гуравдугаар сарын 11-­ний өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг хоёр нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бод­логын хүүнээс +1, ­1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийд­вэр гаргасан. Ингэснээр банкуу­дын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, банк хоо­рондын захын хүүгийн хэлбэлз­лийг сааруулах, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх боломж бүрдлээ. Эдгээр багц арга хэмжээний дүнд банкуу­дын зээлийн хүү нэг нэгж хувиар буурах, зах зээлд хамгийн багадаа 300­-400 тэрбум төгрөгийн зээл шинээр гарах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарч байна. Банкуудад мөрдүүлж буй “Ак­тивыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”, “Банкны үйл ажиллагааны зохис­той харьцааны шалгуур үзүү­лэлтийг тогтоох, хяналт тавих журам”-­ын зарим зохицуулалтад түр хугацаанд өөрчлөлт орууллаа. Тухайлбал, зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй, дордуулахгүй байх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгоод байна. Өөрөөр хэлбэл, COVID­-19 цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосноор зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна. Түүнчлэн, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг 25 хувь байсныг 20 хувь болгож бууруулах, өөрийн хөрөнгийг хамгаалах нөөц зөрчиг­дөхөд авч хэрэгжүүлэх арга хэм­жээг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаснаар банкуудын санхүүгийн чадавхид эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдлээ. Арилжааны банкууд Монгол-банкнаас гаргасан багц шийдвэрийн дагуу холбогдох дотоод журам, дүрэмдээ өөрчлөлт оруулан харилцагчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлснээр 1,069 иргэдийн 36.6 тэрбум төгрөгийн зээл, 126 байгууллагын 409.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд хөнгөлөлт үзүүлээд байна. Хэрэв зээлдэгч хорио цээрийн дэглэмтэй хол­боотойгоор зээлийн үндсэн төлбөр, хүүгээ хуваарьт заасны дагуу төлж чадахгүй нөхцөл үүсэн бол өөрийн үйлчлүүлдэг банканд хандан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой юм. Монголбанк цар тахал хэдий хугацаанд үргэлжлэх, санхүүгийн салбар болон бодит секторт үзүүлэх нөлөөлөл хэрхэн өөрчлөгдөж байгаагаас шалтгаалан Засгийн газар, холбогдох яам, мэргэжлийн байгууллагатай хамтран бодлого, зохицуулалтын арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Олон улсын зах зээл дэх бондын ханш савласаар байна

 0 сэтгэгдэл

2018 оноос хойш гадаад өр хоёр тэрбум ам.доллараар нэмэгджээ

Азийн хөгжлийн банк ирэх баасан гарагт “Азийн хөгжлийн төлөв ­2020” ээлжит тайлангаа танилцуулахаар зэхэж байна. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн төлөвийг үүгээр зураглах юм. Дийлэнх нь хөгжиж буй статустай болохоор эдийн засаг нь тэр хэрээр эмзэг, савлагаатай. Тиймээс гадаадын өрийн дарамт, ханшийн эрсдэл, ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн тогтвортой байдлыг энэхүү тайлан чухалчлан үздэг. Манай улсын хувьд гадаад өрийн дарамт хамгийн том сорилт болж байна. Өрийн эрсдэл өндөр, засаглал нь тогтворгүй учраас гаднын зах зээлд гаргасан бондын ханш нь хөрөөний ир шиг хэлбэлзсээр. Засгийн газрын өрийн хүүгийн зардал гэхэд 2020 онд төсвийн орлогын 10, зарлагын 7.4 хувийг тус тус эзэлж байна. Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон бондуудын ханш үргэлжлэн суларсаар байна. Энэ он гарснаас хойш тасралтгүй уруудсаар доорх түвшинд ирлээ. Сүүлийн гурван сарын хугацаанд бондын өгөөж буурч, ханш доошилжээ. Тухайлбал, Засгийн газрын 10 жилийн хугацаатай, нэг тэрбум ам.долларын Чингис бондын ханш хамгийн их өөрчлөлтэй байлаа. Сүүлийн сар гаруйн хугацаанд 10 гаруй нэгжээр буурч, 92 нэгжид хэлбэлзэж байна. 

Цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг ташраараа хямралтай нүүр тулж, олон улсын хөрөнгийн зах зээлд “хар өдрүүд” тохиосон хэвээр. ОУВС 2009 оноос илүү гүн хямрал эхэлснийг албан ёсоор зарлаж, хөгжиж орнуудын дотоод нөөц энэхүү хүндрэлийг давахад хүрэлцэхгүй гэж мэдэгдсэн. Манай улсын хувьд УИХ-­ын ээлжит сонгууль ойртсон, ирэх оноос бондуудын томоохон дүнтэй эргэн төлөлт хүлээж байгаа нь үнэт цаасны эрсдэл нэмэгдэхэд хүрч байна. Хэдий богино хугацаанд бондын эрсдэл буурч, энэ нь ханшид мэдрэгдэж эхэлсэн боловч эдийн засгийн хүндрэл бондын ханш унах суурь шалтгаанд хэдийн тооцогдох болов. Ирэх сонгуулийн дараа шинээр бүрдэх Засгийн газар гадаад өр, төлбөрөө барагдуулахад дахин бонд гаргах, өрийг өрөөр санхүүжүүлэх хувилбар дэвшүүлэхээс өөр гарцгүй болж мэдэх нь. Гэхдээ улс орнууд дор бүрнээ эдийн засгийн хямралд хөл алдаж байгаа энэ үед гаднаас хөрөнгө босгох нь улам их зардал авчрахаар байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө татна гэдэг хэр баргийн амар ажил биш болох нь. “Мазаалай” бондын эргэн төлөлт ирэх онд байгаа. 2016 онд гаргаж байсан энэхүү 500 сая ам.долларын бонд Засгийн газрын бусад бондоос хамгийн ойрынх нь. Манай улсын гадаадын өрийн хэмжээ 2019 оны байдлаар 30.7 тэрбум ам.доллар байна. 2018 онтой харьцуулахад хоёр тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь энэ. Нийт гадаад өрийг салба­раар авч үзэхэд компани хоо рондын зээллэг 10.3 тэрбум ам.доллар бол бусад салбарынх 8.5 тэрбум ам.дол­лар, Засгийн газрынх 7.7 тэрбум ам.доллар байна. Төв банкнаас бусад хадга­лам жийн байгууллагынх 2.1 тэрбум ам.доллар, төв банк­ных хоёр тэрбум ам.дол лар байгааг Үндэсний ста тис­тикийн хороо мэдээл сэн. АНУ дотоодын нийт бүтээг­дэхүүнийхээ 10 хувьтай тэнцэх хоёр их наяд ам.доллараар эдийн засгаа дэм­жих бол 40 гаруй орон бод­логын хүүгээ бууруулж, их хэмжээний мөнгөөр санхүүгийн зах зээлээс үнэт цаас авахаар болж байна.