Хөрөнгө оруулалтаа 15 жилийн хугацаанд нөхнө
Манай төсөл дээр одоогоор 300 гаруй хүн ажиллаж байна

3 өдөр, 16 цаг өмнө
“Сайншанд салхин парк” компанийн захирал Р.Даваа нямтай ярилцлаа. Монгол Улс 2030 он гэхэд үндэсний эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн зорилт тавиад байгаа. Уг зорилттой нийцсэн гурав дахь салхин станц Дорноговь аймагт энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох юм. Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад 120 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэхээр байна.
-Төслийн барилгын ажил хэр урагшилж байна вэ. Төлөвлөсөн хугацаанд салхин станц ашиглалтад орох уу?
-Төлөвлөгөөний дагуу бүх ажил урагшилж байна. Төслийн барилгын ажил өнгөрсөн оны аравдугаар сард эхэлсэн. Үүнээс хойш өвөл болохоос өмнө богино хугацаанд дөрвөн суурь хийж амжсан. Мөн төсөлд ажиллах багаа бүрдүүлж, энэ оны гуравдугаар сараас барилгын ажил үргэлжилж байна. Манай төсөл дээр одоогоор 300 гаруй хүн ажиллаж байна. Үүний 90 гаруй хувь нь монголчууд. ТЭЗҮ болон төлөвлөгөөнд тусгасны дагуу энэ оны наймдугаар сарын 30 гэхэд барилгын ажил дуусах ёстой.
-Станцын хүчин чадлаар хэчнээн өрхийг эрчим хүчээр хангах боломжтой вэ. Төслийн талбай дээр одоо ямар ажил өрнөж байна вэ?
-Станцын хүчин чадал 55 МВТ. Ойролцоогоор 50 мянга гаруй тонн нүүрс хэмнэнэ. Жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээтэй тэнцэх ногоон эрчим хүч үйлдвэрлэнэ. Төвийн бүсийн сүлжээнд жилд 210 сая квт цаг цэвэр эрчим хүч нийлүүлнэ. Манайх бүс нутгийн уур амьсгалын нөхцөл болон эрчим хүчний үйлдвэрлэлд хамгийн тохиромжтой Дани улсын “вестас” компанийн 25 ширхэг турбин захиалсан. Үүний эхний таван багц нь талбай дээрээ ирсэн. Одоогоор зургаан суурь цутгагдсан, долоо дахь суурийн ажил үргэлжилж байна. Ирэх намар гэхэд туршилтын үйлдвэрлэл явуулж, улсын комисст хүлээлгэн өгнө. Салхин паркийн үйл ажиллагаа эхэлснээр 30-40 тогтмол ажлын байр бий болох урьдчилсан тооцоо гарсан.
-Хөрөнгө оруулалтаа хэдий хугацаанд нөхөх вэ?
-Үйлдвэрлэсэн эрчим хүчээ төвийн эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлэх гэрээтэй. Бидний тооцоолсноор 15 жилд багтаж хөрөнгө оруулалтаа нөхнө. Худалдах, худалдан авах гэрээгээр үүнийг 26 жил мөрдөнө.
-Та эрчим хүчний салбарын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-2005 онд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрт 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 20, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар манай төсөл ороогүйгээр эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 11, ороод 15 хувьд хүрээд эхэлнэ. Ирэх он гэхэд 20 хувьд хүрэх магадлалтай. 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталсан. Маш сайн хууль болсон гэж үзэх хэрэгтэй. Энэ хуулийн хөрс суурь дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, өмнөх тавьсан зорилт биеллээ олоход ойрхон байна.
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах боломжтой нэг том салбар бол сэргээгдэх эрчим хүч. Цаашид энэ салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага хэр байна вэ?
-Сэргээгдэх эрчим хүч 2014
оноос хойш эрчимтэй хөгжиж
байна. Монголыг сэргээгдэх
эрчим хүчний диваажин гэж
хэлдэг. Бидэнд нар, салхи байна. Тодорхой хэмжээнд усны нөөц
нь байна. Мөн гүний эрчим
хүчийг ашиглах боломжтой. Энэ
бүхнээс харахад нөөц нь байна. Гэвч ашиглах боломж, систем нь
байхгүй. Тэгэхээр багтаамжийг
сайжруулах хэрэгтэй. Эрчим
хүчний экспортыг хөгжүүлж
чадвал бидэнд бүрэн боломж
байна.