A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2982/

Хөрөнгө оруулалт нэмсэн түүхэн айлчлал боллоо

ОХУ-аас 100 тэрбум рублийн экспортын зээл авахаар тохиролцов

Хөрөнгө оруулалт нэмсэн түүхэн айлчлал боллоо
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2982/


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан ёсны айлчлал хийж, олон гэрээ хэлцэл үзэглэлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улс ямар ашигтай хэлэлцээ байгуулж чадав гэдэгт олон нийтийн анхаарал төвлөрч байна.

Халх голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан айлчилж буй тул иргэдийн дунд эдийн засгийн үр өгөөж багатай айлчлал болно гэх өнгө аяс байсан бол харин ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдийг байгуулж чадлаа. Мөн айлчны ганзагын бэлгийг ч тодорхой хэмжээгээр хүртэв. Тухайлбал, В.Путиний айлчлалын хүрээнд манай улс ОХУ-ын Засгийн газраас 100 тэрбум рублийн экспортын зээл авах, зэвсэг техникийн буцалтгүй тусламж хүртэх, Шивээ-Овоог түшиглэсэн 5000 МВт-ын цахилгаан станц барих боломж бүрдлээ. 100 тэрбум рублийг УБТЗ нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарын зарим төсөлд зарцуулах бололцоо нээгдлээ. Бас ОХУ-ын Алс дорнодын бүсэд далайн боомт ашиглан далайд гарцтай болох боломжийг нээсэн гээд дурдаад байвал чамлахааргүй өгөөж байна.

В.Путиний энэ удаагийн айлчлал нэгдүгээр зэрэглэлийн албан ёсны айлчлал тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төв талбайд хүлээн авсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганцаарчилсан уулзалт хийхийн өмнө Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсан бөгөөд айлчлалын гол зорилго “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ” байгуулахад оршиж байв. Хоёр орны хооронд хийсэн тус гэрээний хүрээнд терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хэлэлцээр байгуулсны зэрэгцээ АМГТГ болон ОХУ-ын төрийн өмчит “Росгеологи” хувьцаат нийгэмлэг, “Монгол Шуудан” ХК болон “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэр, Монголын “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан зэрэг байгууллагын төлөөлөгчид харилцан ойлголцлын хэлэлцээрт гарын үсэг зурав. Мөн Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх хэлэлцээрийн хугацааг сунгах, Хиагт-Алтанбулаг олон улсын автозамын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах зэрэг протокол, хоёр орны гаалийн байгууллагын 2020- 2024 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө, “Эрдэнэс Монгол” ХХК болон ОХУ-ын “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг баталгаажуулсан юм.

Албан ёсны хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Төрийн тэргүүн нар айлчлалын үр дүн, байгуулсан гэрээ хэлэлцээрийн ач холбогдлын талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Өнөөдөр манай оронд албан ёсны айлчлал хийж байгаа В.Путинтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээр хийж, олон асуудлаар нөхөрсөг, нээлттэй санал бодлоо солилцон олон чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа. Түүхэн уламжлалт дайчин нөхөрлөл, цаг хугацааны сорилтоор шалгагдсан манай хоёр улсын харилцаа итгэлцлийн үндсэн дээр хөгжиж байна. ОХУ-ын Ерөнийлөгч В.Путин албан ёсоор айлчилж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж буйд талархаж байна. Энэхүү ялалт Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган, хоёр орны найрамдалт харилцааг гагнасан ариун үйл хэрэг юм” хэмээн онцлов. Мөн тэрбээр ОХУ-ын Төрийн тэргүүний энэхүү айлчлалаар хоёр орны харилцаа нэг шат ахисныг онцлоод “Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан нь хоёр талын итгэлцлийг бататгаж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаснаараа улс төрийн түүхэн ач холбогдолтой төдийгүй ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал маш ажил хэрэгч болсныг тэмдэглэж байна” гэв.

Өнгөрсөн жил Владивостокт эхлүүлсэн хэлцэл ажил хэрэг болно

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “80 жилийн өмнө байгуулсан бидний хамтын ялалт Монгол Улсын бүрэн бүтэн байдлыг хангаад зогсохгүй аугаа эх орны дайнд ялалт байгуулахад дорнод хилийн аюулгүй байдлыг хангасан чухал ач холбогдолтой. Монголчуудын эх орны дайны үед 500 мянган адуу бэлэглэсэн нь дайны хүнд жилүүдэд үзүүлсэн маш их тусламж байв. Мөн монголчуудын бэлгийн хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкын цувааг байгуулсан ба манай улсаас танай улсад бэлэглэсэн “Монгол эскадрил”- ын нисэх онгоцнууд эх орны дайнд оролцсон билээ. Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, зэвсэг техникийн буцалтгүй тусламжийн талаар бид ярилцсан.

Энэ нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой” гэсэн юм. Мөн тэрбээр худалдааны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр “Өнгөрсөн онд ОХУ-Монголын худалдаа эргэлт 21 хувьтай байсан. Цаашид үүнийг 30 гаруй хувиар нэмэх боломж бүрдлээ. Дэд бүтэц, уул уурхай, ХАА зэрэг олон салбарт оруулах хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг Засгийн газар хоорондын гэрээгээр хийнэ. ОХУ-ын Хөрөнгө оруулалтын сан Монгол Улсын тээврийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Цаашид “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт тээврийн шинэчлэл хийнэ. Мөн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулна. Эрчим хүчний салбарын харилцаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь манай хоёр орны төдийгүй ОХУ, Монгол, БНХАУ-ын эрчим хүчний коридорыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээв.

ОХУ-ын Ерөнхийлөгч энэ үгээрээ манай улсад ямар “бэлэгтэй” ирснээ товч өгүүлсэн юм. Үүнээс харвал манай улс түүний энэ удаагийн айлчлалаас хоосонгүй үлдлээ. Харин одоо өнгөрсөн жил Владивостокт эхлүүлсэн боломжийн хойноос уйгагүй хөөцөлдөх, амласан 100 тэрбум рублийг зориулсан зүйлдээ зарцуулах даалгавар ногдож байна. В.Путиний өмнөх айлчлалын хүрээнд хийсэн гэрээ, хэлцлүүдээс монголчуудыг визгүй зорчуулах хэлцэл ажил хэрэг болсныг энд дурдах илүүц биз. Хоёр орны хооронд харилцан ашигтай ажиллах талаар ийн гэрээ байгуулж чадлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч үгэндээ хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх болсноо мэдэгдсэн ч энэ талаар манай тал дуугарсангүй. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ч харагдсангүй. Уг нь хувийн хэвшилд хамгийн их боломж олгох салбар хөдөө аж ахуй, юм. Одоогийн байдлаара хоёр орны худалдааны эргэлтэд манай улсын экспорт тавхан хувийг эзэлж, 915 сая ам.долларын алдагдалтай байгаа. Импортын 90 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж буй энэ үед бусад салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлага их байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сард 35 мянгаар “амьдардаг” нэр дэвшигч байгаа бол хамгийн баян нь 168 тэрбумын орлоготой

 0 сэтгэгдэл
  • Б.Жавхлан, Ц.Мөнх-Оргил, Д.Мурат, Ц.Нямдорж зэрэг гишүүд бүтэн жилийн турш зөвхөн цалингаараа “гол зогоодог” хэмээн ХОМ-тээ дурджээ
  • Х.Нямбаатар гишүүн дахин "Ядуурчээ". Энэ удаа түүний жилийн орлого 416 саяар буурч, ердөө 26 сая болсон байна

Авлигатай тэмцэх газар удтал дуншсаны эцэст УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд зарлалаа. Төрийн өндөр сэнтийд суухаар горилж буй нэр дэвшигчдийн бэл бэнчин ямархуу юм, хэр их орлогтой вэ гэдэг нь эндээс харагдах учиртай. ХОМ-ийг шүүж байхад сонирхолтой зүйлс багагүй тааралдаж байна. Тэднээс заримыг нь хүргэе.

Ерөнхий сайд 1072-оос өөр хувьцаагүй

МАН-аа ахлан “тулаанд” орж буй Ерөнхий сайдын жилийн орлого 165 сая төгрөг бол гэр бүлийн гишүүд нь огт орлогогүй аж. Нийтдээ 162 саяар үнэлэгдэх нийтийн болон зуслангийн байр тус бүр нэгтэй бол 1.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж ХОМ-тээ бичсэн байна. Сонирхолтой нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072-оос өөр хувьцаагүй аж.

Улстөрчдөөс хамгийн баян нь Кёкүшюүзан уу

Хэрэв ХОМ-т үндэслэн нэр дэвшигчдийг жагсаавал хамгийн баян нь Кёкүшюүзан Д.Батбаяр болж таарах нь. Түүний өөрийн орлого 601 сая төгрөг хэдий ч гэр бүлийн гишүүдийн орлого нь 13 тэрбум төгрөг аж. Үүнээс гадна 70 тэрбумаар үнэлэгдэх долоон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол 1.1 тэрбумын үнэтэй таван автомашинтай аж. Мөн 1.8 тэрбумын үнэт эдлэл, 360 саяын газар, 7.5 тэрбумын хадгаламж гээд жагсаалт цааш үргэлжилнэ. Сүмоч эрхэм маань үнэхээр хамгийн баян нь уу, эсвэл хөрөнгө, орлогоо үнэнчээр мэдүүлсэн цөөн хэдийн нэг байв уу гэдэг сонирхолтой санагдаж байна. Түүнчлэн улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Д.Дэлгэрсайхан нар жилийн гурван тэрбумын орлоготой болохоо илэн далангуй мэдүүлсэн байв. Б.Дэлгэрсайхан гишүүн үүнээс гадна 6.2 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, дөрвөн тэрбумын хадгаламжтай.

Гэхдээ Кёкүшюүзан бол жирийн л нэг "Хурган баян"

Улстөрчид дундаа Кёкүшюүзан толгой цохих ч бизнесийн төлөөлөл Б.Пунсалмаагийн хажууд тэрбээр жирийн нэг ”хурган баян”. “М Ойл” компанийн захирал, АН-аас нэр дэвшигч Б.Пунсалмаагийн жилийн орлогоо 85 тэрбум төгрөг гэж мэдүүлжээ. Гэр бүлийнхний орлогыг нь хамт тооцвол 168 тэрбум болно. Түүний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 2.4 тэрбум бөгөөд Range Rover, Porsche зэрэг 470 саяар үнэлэгдэх гурван автомашинтай аж.

Хамгийн их ядуурсан нь Х.Нямбаатар

Өнгөрсөн жил “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын зарим гишүүний орлого 6-20 дахин нэмэгдсэнийг сэжигтэй хэмээн үзэж, Ёс зүйн дэд хороонд шалгуулах хүсэлт өгсөн ч олигтой үр дүнд хүрэлгүй тэгсгээд намжсан. Тухайлбал, УИХ-ын шинэ гишүүн Х.Нямбаатарын орлого 2015 онд 29 сая байснаа 2018 онд 442 сая болж нэмэгдсэн шалтгааныг тайлбарлуулах хүсэлт тавьж байв. Тэгвэл энэхүү хэл амнаас хойш Х.Нямбаатар гишүүн дахин “ядуурчээ”. Энэ удаа түүний жилийн орлого 416 саяар буурч, ердөө 26 сая болсон байна. Түүнтэй хамт сэжиглэгдэж байсан М.Оюунчимэг гишүүний тухайд орлогоо хав дарсангүй. Гэр бүлийн гишүүдтэйгээ нийлээд жилдээ 374 саяын орлого олдог гэв.

Зөвхөн цалингаараа амьдардаг гишүүд

УИХ-ын гишүүний сарын үндсэн цалин 1.2 сая төгрөг. Үүн дээр хууль баталсан, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан зэргээс хамааран цалин нэмэгдэнэ гэж тооцвол жилдээ 20 орчим сая төгрөг авчихна. Тэгвэл зөвхөн цалингаараа амьдардаг гишүүн цөөнгүй байгаа аж. Тухайлбал, Б.Жавхлан 26 сая, Ц.Мөнх-Оргил 32 сая, Д.Мурат 26 сая, Н.Номтойбаяр 26 сая, Ц.Нямдорж 26 сая төгрөгийн орлогоор бүтэн жилийн турш “гол зогоодог” хэмээн мэдүүлэгтээ дурджээ.

 Үгээгүй ядуусын арми УИХ руу зүтгэж эхлэв

Тоолж барахын аргагүй их хөрөнгөтэй нөхдөөс гадна амьдралын баталгаажих түвшингээс ч доогуур орлоготой байж мэдэх нөхөд цөөнгүй нэр дэвшсэн нь анхаарал татлаа. Тухайлбал, Орхон аймагт Зон олны намаас нэр дэвшиж буй Б.Амарбаясгалан гэр бүлийн гишүүдтэйгээ нийлээд жилд 900 мянган төгрөг олдог хэмээн мэдүүлжээ. Сард 75 мянган төгрөгөөр “гол зогоодог” гэсэн үг. Энэ нь амьдралын баталгаажих түвшин буюу ядуурлын улаан шугамнаас хоёр дахин доогуур дүн. Түүнчлэн 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Монголын ногоон намаас нэр дэвшсэн Б.Алтанхуяг гэр бүлийн хүнтэйгээ нийлээд жилийн хоёр сая буюу сарын 166 мянган төгрөгийн орлогоор өдөр хоногийг аргацаах жишээний. Тэгсэн атлаа 43 сая төгрөгийн зээлтэй гэнэ. Энэ хүн яаж амьдраад байгааг бурхан л мэдэх байх. Ховд аймагт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч Д.Алимаа мөн л “үгээгүй ядуу” нэгэн бөгөөд сарын орлого нь ердөө 125 мянган төгрөг. Гэхдээ 420 саяын байртай, хадгаламжиндаа 816 сая төгрөгтэй хэмээн мэдүүлсэн байх юм. Эдгээр хүмүүс Баянгол дүүрэгт өрсөлдөн гишүүн болохоор санаархаж буй Зон олны намын Б.Ариунсанаагийн хажууд бол баяндаа тооцогдохоор. Мань хүний жилийн орлого 425 мянга буюу сард 35 мянган төгрөгөөр амьдардаг байна. Хадгаламжиндаа ердөө 300 мянган төгрөгтэй аж. Үүнээс гадна бүтэн жилийн турш 900 мянгаар гэр бүлээ тэжээдэг А.Баасандэмбэрэл (Ховд аймаг), 700 мянгын орлоготой Б.Базарваань (Сэлэнгэ аймаг), 800 мянгаар 365 хоногийн турш амьдардаг А.Дөлгөөн (Баянзүрх дүүрэг, 23 дугаар тойрог) гээд ядуусын хорооллынхон ч өрөвдмөөр нэр дэвшигчид цөөнгүй байна.

Шинэ хүмүүсийн хэтэвч рүү өнгийвөл

Энэ удаагийн сонгуульд цөөнгүй шинэ хүн нэр дэвшиж байгаа. Дархан аварга А.Сүхбат намаасаа мандат авч чадаагүй ч түүний ах А.Батсүх ШИНЭ эвслийг төлөөлөн Төв аймагтаа өрсөлдөнө. Түүний жилийн орлого 480 сая төгрөг бөгөөд 1.6 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 6.8 тэрбумаар үнэлэгдэх мал сүрэгтэй. МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн хөтлөгч П.Анужин жилдээ 390 саяыг олчихдог. Мөн 900 саяар үнэлэгдэх барилга орон сууцтай бөгөөд нэг тэрбумын үнэ бүхий 680 ширхэг малтай аж. Түүнийг амлан авч тойрогт нь нэр дэвшсэн Н.Ган-Од буюу Гамбуушийн жилийн орлого ердөө 350 мянга бөгөөд хадгаламжиндаа таван сая төгрөгтэй. АН-аас Баянзүрх дүүрэгт өрсөлдөж буй жүжигчин Ж.Баясгалан жилд 246 саяыг олдог. Мөн гурван тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 737 саяар үнэлэгдэх тээврийн хэрэгсэл, 1.2 тэрбумын мал, 1.2 тэрбумаар үнэлэгдэх түүхийн үнэт зүйлтэй хэмээн ХОМ-тээ дурджээ. Бизнесийн томоохон төлөөлөл, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын жилийн орлого 146 сая. Үүнээс гадна 26 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 3.2 тэрбумын гадаад дансны хадгаламжтай гэнэ. Г.Батхүү агсны хүү, аавынхаа төрөлх нутаг Өвөрхангайд өрсөлдөж буй Б.Ганхөлөг хөрөнгө орлогоо харьцангуй даруухан мэдүүлсэн харагдана. Түүний жилийн орлого 6.4 сая төгрөг бөгөөд нэг тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 430 саяын машин, 1.7 тэрбумын зээлтэй. Гэхдээ өв залгамжлал гэсэн хэсэгт 18 тэрбум төгрөгийг мэдүүлжээ.

Бусад нь буюу анхаарал татсан эрхмүүд

Ц.Мөнх-Оргил гишүүн уг нь 5.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Гэвч жилийн орлогоо 32 сая төгрөг гэсэн байна. Хадгаламжийн хүүг хамгийн багаар тооцоход сард 40 орчим сая төгрөг зүгээр авчихна. Үүнийг 12 сараар үржүүлбэл жилдээ 500 шахам сая төгрөг олно гэдгийг тооцохын тулд заавал мэргэжлийн эдийн засагч, нягтлан бодогч байх шаардлагагүй. Гэвч эрхэм гишүүн энэ мөнгөө мартсан бололтой. Бизнесийн өөр нэг төлөөлөл, “Херо” группийн үүсгэн байгуулагч Х.Ганхуяг 716 саяын орлого, 1.5 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 686 саяын авлагатай. Бангкокоос сонгуульд өрсөлдөж буй Л.Гүндалай жилийн орлогоо ердөө 24 сая гэж мэдүүлсэн ч 4.7 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 1.2 тэрбумын хадгаламжтай гэжээ. Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар цалингаас өөр орлогогүй буюу жилд ердөө 25 саяыг олдог. Гэхдээ гэр бүлийн гишүүдийн орлого нь 452 сая төгрөг бөгөөд 854 саяар үнэлэгдэх гурван байртай аж. АН-ыг төлөөлөн Дундговь аймгаас тасралтгүй сонгогдож буй Б.Наранхүү гишүүн жилийн орлогоо 32 сая гэж мэдүүлсэн ч нэг тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 1.2 тэрбумын тээврийн хэрэгсэл, 4.5 тэрбумын мал, 4.8 тэрбумын хадгаламжаа нууж хаалгүй мэдүүлэв. Тэрбээр 21 компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эцэг, эх, энхрий үрсийг “хулхидсан” дөрвөн жил

 0 сэтгэгдэл
  • Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг устгасан нь залуусын хөгжилд “чөдөр” болов
  • Тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг төрөөс санхүүжүүлнэ, “Сурагчдыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулна гэсэн заалтууд бүр сураггүй

Сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд эрх баригч МАН-ын дөрвөн жилийн өмнө баталсан мөрийн хөтөлбөрийн зарим амлалтууд хэрхэн биелж, “хөрсөн дээр”-ээ буусныг олон нийт тунгаах цаг болжээ. Тиймээс манай сонин тус намыг энэ удаагийн сонгуульд хүний хөгжлийг тэргүүндээ залж сонгогчдоос санал авахаар зорьж байгааг бодолцон хүний хөгжилтэй холбоотой өмнөх зарим амлалтын талаар цувралаар хүргэж байна.

Хүүхдийн хөгжилд зориулсан сайхан амлалтууд хэрэгжсэнгүй

2016 онд МАН хүний хөгжлийн үе шат бүхэнд зориулсан бодлого дэвшүүлж байв. Тэр дундаа хүүхдийн хөгжлийн талаар “Таны хүүхдэд зориуллаа” гэсэн уриатай олон сайхан амлалт өгсөн. Тухайлбал, “Хүүхдийн сурч, тоглож наадах орчныг сайжруулна”, “Тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг төрөөс санхүүжүүлнэ”, Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд ялгаваргүй олгоно”, “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна”, “Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно”, “ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт олимпын төрлийн хичээлүүдийг оруулна”, “Сурагчдыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулна”, “Малчдын хүүхдийг 6-8 настайдаа сонголттойгоор сургуульд элсэн орох боломж бүрдүүлнэ” гэх зэрэг амлалтууд бий. Гэвч эдгээрээс биеллээ олсон гэж бардам хэлэх заалт ховор байна. Хүүхдийн аюулгүй орчинд тавих хяналт назгайрснаас хөлбөмбөгийн талбайд тоглож байсан хүүгийн амь үрэгдэж, саяхан дөрвөн хүүхэд тоглох орчин хайж яваад усанд осолдсон зэрэг олон факт, баримт байгаа болохоор хэрэгжсэн заалт гэж хэлэхэд хэтэрсэн хэрэг болно. Үүнд нийгмийн бухимдал бодитой хариултыг аль хэдийн өгсөн учраас ингэсгээд орхиё. Харин тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг ЭМД-ын сангаас даах амлалт худлаа болсон гэдгийг баттай хэлнэ. Өнөөдөр өвдсөн үрээ тэвэрсэн эцэг, эхчүүд эмийн санд өөрийн халааснаас мөнгө өгсөөр байгаа нь үнэн. Цаашилбал, хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох заалт ч хэрэгжээгүй юм. Зорилтод бүлгийн хүүхдүүдэд мөнгө өгөх нэрээр дундаж давхаргыг ялгаварласан бодлого хэрэгжүүлж, өрхийн орлогыг эд хогшлоор нь ангилах этгээд арга барилыг нэвтрүүлснээр олон мянган хүүхэд хэлмэгдсэнийг ард түмэн мартаагүй ээ. Дундаж давхаргын хүүхдүүдийг ялгаварласан шийдвэрээ сонгуулийн чимээнээр залруулсан нь саяхных гэдгийг ч сонгогчид мэдэж байгаа. Мөн хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах заалт бүрэн хэрэгжсэн гэхэд үнэнээс хол. Цэцэрлэгт явах боломжгүйгээс гэртээ өнжих хүүхдийн тоо буураагүй. Тэдний зарим нь амь эрсэдсэн эмгэнэлт явдал гарч байсан нь ч саяхан учраас хэрэгжээгүй амлалтад орох нь зүйн хэрэг.

Сурагчдыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах амлалт сураггүй

Олимпын спортын төрлүүдийг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулах, сурагчдыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах амлалтууд бүр ч худлаа болсон. Захын нэг сурагчаас энэ талаар тодруулахад гомдолтой хариулт хэлэх нь баараггүй. Мөн малчдын хүүхдийг 6-8 настайдаа сонголтоор сургуульд орох боломжийг бий болгох заалт ч амьдралаас тасарсан учраас хэрэгжээгүй байна. Энэ мэтчилэн хийж хэрэгжүүлээгүй ажлынхаа араас “агаарын” гэмээр заалтуудыг ч өнөөдөр МАН-ын эрх баригчид өгч байгаа. Жишээ нь “ЕБС-ийн 80 хувийг нэг ээлжтэй болгоно”, “Нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгоно” гэх зэргээр үргэлжилж байна. Ийм хөрсөндөө буугаагүй амлалт ирэх дөрвөн жилд хэрэгжих магадлал муутай гэдгийг иргэд гадарлахтайгаа.

Оюутны тэтгэлэг оргүй алга болов

МАН 2016 онд оюутан, залуусын хөгжлийг тэтгэх талаар бас л сайхан амлалтуудыг өгч байжээ. Түүний тэргүүнд Үндэсний тэтгэлэг 70,200 төгрөгийг үргэлжлүүлэн олгох, гурав ба түүнээс дээш оюутантай өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, сургууль төгссөн оюутныг ажилд авсан ААН-ийг дэмжих, оюутан залуусыг ажлын байраар хангахын тулд гадаадаас авдаг ажилчдын тоог 50 хувь бууруулах, “Мэргэжилтэй ажилтан” бодлого хэрэгжүүлж 80 мянган залууг сургалтад хамруулж бэлтгэх, гадаадад суралцагсдын тоог хоёр дахин нэмэх, Их, дээд сургууль, МСҮТ-ийг төгсөгчдөд тоног төхөөрөмжийн лизинг, жижиг зээл олгох зэрэг олон амлалт бий. Гэвч МАН засгийн эрх авсан даруйдаа оюутны тэтгэлгээс мөнгө харамлаж оргүй хоосон болгосон гэдгийг энэ дөрвөн жилийг оюутны амьдралаар өнгөрөөсөн хүн бүхэн мэднэ. Орлогогүй оюутнаа дэмжих ажлын байраар хангах бодлого ч хаягдаж, гадаад ажилтнуудад орон зайгаа алдсаар ирсэн. Гадаад суралцагсдын тоо эсрэгээрээ хоёр дахин буурсныг тоон үзүүлэлт харуулж байгаа. Төгсөгчдийг ажлын байраар хангасан байгууллагыг тэтгэх, 80 мянган мэргэжилтэй залуу бэлтгэх зэрэг заалтууд одоо ч хариулт нэхсээр. Харин энэ удаа МАН оюутанд чиглэсэн бодиттой амлалтаа хумисан нь өмнөх амлалтуудаа хэрэгжүүлж чадаагүйгээс ичсэн сургамж бололтой. Учир нь тэд санал өгөх насныхан болохоор тэр биз. Дараагийн дугаарт бид МАН-ынхны 2016 онд сонгогдохдоо өгсөн өрхийг тэтгэх, ахмадыг ачлах амлалтууд хэрхэн хэрэгж-сэнийг тоймлох болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Аймхай эрх баригчид хотын захиргааг шинэ байранд нүүлгэхээс татгалзжээ

 0 сэтгэгдэл
  • Яармагт барьсан хотын захиргааны шинэ барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжийг эрх баригчид булаах эрхгүй
  • Сонгуулийн өмнө түмний үг хурц, төрийн “чих” зөөлөрдгийг ашиглаж, хотын захиргаагаа нүүлгэе
  • Нийслэлийн захиргааны болон үйлчилгээний 33 байгууллага өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 төрлийн үйлчилгээ  үзүүлдэг. Эл үйлчилгээг авах зорилгоор  хоногт дунджаар 100 мянган автомашин хотын төвийг зорьж түгжрэл үүсгэдэг гэсэн судалгаа байна

Улаанбаатарын түгжрэлийг бууруулахын тулд хотын төвөөр зорчдог авто машины тоог цөөрүүлэх нь зөв гэдэгтэй маргах хүн цөөн биз. Хотын төвийг зорьж байгаа хөдөлгөөний дийлэнх нь төрийн байгууллага, түүгээр үйлчлүүлэх гэсэн иргэд, тэнд ажиллагсдын автомашин байдаг учраас түгжрэлийг бууруулах төлөвлөгөө тэндээс эхлэх ёстойг бүгд ойлгосон. Ялангуяа, нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх нь зөв гэдгийг нийслэлийн үе үеийн удирдлага дуу нэгтэй зөвшөөрч төлөвлөгөө гаргаж ажилласан. 2016 онд хотын даргаар ажиллаж асан Э.Бат-Үүл нийслэлийн захиргааны барилгыг Баянхошуунд барихаар газар чөлөөлөлт хийж, шав тавьсан боловч дараагийн дарга С.Батболд Яармагт байгуулахаар тэс хөндлөн шийдвэрлэсэн юм. Түгжрэлийг бууруулах бодиттой ажил учраас аль, алиныг нь нийслэлийн иргэд эсэргүүцээгүйгээр барахгүй дэмжиж, зөвшөөрсөн. НИТХ-ын тэргүүлэгчид ч “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоолыг баталсан билээ. Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах төлөвлөгөө, олны дэмжлэгийн дагуу өдгөө Яармагийн дэнжид 68 мянган м.кв талбайтай хотын захиргааны гурван блок шинэ барилгыг сүндэрлүүлж, ашиглахад бэлэн болжээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Захирагчийн ажлын албанд зориулж 10 давхар 16 мянга м.кв байр, нийслэлийн харьяа агентлагуудыг нэг дор төвлөрүүлэх зорилгоор 13 давхар 28 мянган м.кв барилга, иргэдийг хүлээн авах, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээ, спорт заалны зориулалтаар гурван давхар 13 мянган м.кв талбайтай байшин барьсан. Бүр гол барилгын хүлээн авах танхимд нийслэлийн бэлгэдэл “Хангарьд” сүлдийг ч байршуулсан байв.

Гэтэл хотын захиргааг хотын төвд нь үлдээх мэдээлэл ойрд хөврөх боллоо. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн захиргаа Сэлбэ голын хөвөөнд буурь сэлгэсэнтэй холбоотойгоор хуучин буурь дээр нь шинээр баригдаж буй барилгад нийслэлийн удирдлагуудыг оруулахаар төлөвлөж байгаа талаарх мэдээлэл “чих дэлсэв”. Учир нь эрх баригчид Яармагт баригдсан шинэ барилгад хотын удирдлагууд тухлах нь зохимжгүй, сонгуулийн өмнө намын рейтингийг унагана гэж үзсэний улмаас нийслэлийн удирдлагуудын зорилт, иргэдийн хүсэлт биелэх боломжгүй болжээ. Сонгуулийн өмнө хотын захиргааг нүүлгэж, иргэдийн бухимдлыг төрүүлнэ гэсэн айдсаас шалтгаалж энэ ажил өдгөө гацжээ. Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан хотын захиргаанд зориулж барьсан шинэ барилгад залуучуудад зориулсан шинжлэх ухаан, технологи, танин мэдэхүйн, инженер техникийн чиглэлийн төв байгуулах саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн боловч сайд нар зөвшөөрөөгүй байна. Мөн нийслэлийн удирдлагууд хотын захиргааг бүхэлд нь Яармаг руу шилжүүлэх саналыг УИХ-ын гишүүдэд уламжлаад ч нааштай хариу аваагүй аж. Арга ядахдаа хотын удирдлага тодорхой хэсэгт нь нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг оруулж, зарим хэсэгт нь залуучуудад зориулсан шинжлэх ухаан, технологийн төв байгуулах санал гаргасан ч шийдвэр нь “түгжирчээ”. Иргэдийн дунд явуулж байсан “нийслэлийн төр захиргааны байгууллагыг тус цогцолборт нүүлгэх үү, өөр зориулалтаар ашиглах уу” гэсэн санал асуулгын сураг ч тасрав. Татвар төлөгчдийн мөнгөөр боссон тус барилгыг зориулалтын дагуу ашиглах нь ямар учраас МАН-ын нэр хүндийг унагах гээд байгаа нь ч ойлгомжгүй байна. Нийслэлийн төр захиргааны болон үйлчилгээний 33 байгууллага өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. 

Эл үйлчилгээг авах болон бусад зорилгоор хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машин зорчдог гэсэн судалгаа бий. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэж ачаалал тодорхой хувиар буурвал автомашины түгжрэл арилах, агаарын бохирдлыг буурах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, иргэдэд нутгийн захиргааны үйлчилгээний хүртээмжийг сайжруулна гэсэн тооцоолол бий. Гэвч эрх баригчдын сонгууль бодсон харалган шийдвэр олон жил төлөвлөж, хүсэн хүлээсэн ажлыг үр дүнгүй болгох нь. Нөгөөтэйгүүр, хотын захиргааг хотын төвд үлдээснээр Э.Бат-Үүлийн хэлээд байсан “дарга нарын Яармагт авсан газартаа орон сууц барьж, үнэ хүргэж зарах гэсэн маркетинг” гэсэн үг үнэн болж таарлаа. Ийм байж таарахгүй. Нийслэлийн захиргааны шинэ барилгыг нийслэлийн иргэд, татвар төлөгчдийн мөнгөөр барьсан. Иргэд төрийн үйлчилгээг төвөггүй авахын тулд хотын захиргааг нүүлгэхийг дэмжиж, хүсэн хүлээж барилгыг нь бариулсан бус уу. Тиймээс эрх баригчдаас асуух шаардлагагүйгээр шийдвэр гаргах эрх бидэнд бий. Тэгээд ч эрх баригчид сонгуульд зориулж, нэр хүндээ буурахаас жийрхсэн жижигхэн шалтгаар төрийн үйлчилгээг төвөггүй, түгжрэлгүй авах боломжийг боомилдог байж таарахгүй. Сонгуулийн маргааш амьдрал үргэлжилнэ. Улам ярвигтай, илүү эрсдэлтэй, эдийн засаг унасан, иргэдийн амьдрал зутарсан нөхцөл байдал удаан үргэлжилнэ. Тиймээс сонгуулийн өмнө түмний үг хурц, төрийн “чих зөөлөрдөг”-ийг ашиглаад хотын захиргаагаа нүүлгэх нь нийслэлийн иргэдийн эрх ашгийн тэргүүнд явах ёстой. Сонгуульд МАН ялахаас илүү иргэдийн эрх ашиг, үр өгөөж эрэмбийн эхэнд бичигдэх учиртай. Эс бөгөөс та бид түгжрэлдээ төвөгшөөж, зогсоол хайж “золбирсон”, унаагаа ачуулж уурласан төрийн тохьгүй, тухгүй үйлчилгээнд бухимдсан тамын тойрогтоо эргэлдэж, дараагийн сонгуулийг хүлээхээс өөр арга алга.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нэр дэвшигчдийн үнэмлэхийг намаар нь дамжуулж олгоно

 0 сэтгэгдэл
  • Засгийн газраас баталсан түр журамд ажиглалт, тусгаарлалт, эмчилгээнд байгаа иргэдээс санал авах талаар тодорхой заалт орсонгүй
  • Нэр дэвшигчид сурталчилгаа, ухуулах хуудсаа айлын хаалга тогшилгүй үүдэнд нь үлдээхийг түр журамд тусгажээ

Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш найм дахь удаагийн УИХ-ын сонгуулийг албан ёсоор эхлүүлж байна. Өнөөдөр нэр дэвшигчид 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох үнэмлэхээ гардах ёстой. Энэ удаагийн сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл болон бие даагч нийлсэн 600 гаруй хүн нэр дэвшиж байгаа. Хуульд зааснаар эдгээр нэр дэвшигчдэд нэг өдөрт багтаан үнэмлэхийг нь олгох ёстой. Харин СЕХ энэ ажлыг хорио цээрийн дэглэмд заасны дагуу олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулжээ. Ингэхдээ нам, эвслийг төлөөлж хоёроос илүүгүй хүн нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг авах, намын байгууллагаар дамжуулан олгох бол бие даан нэр дэвшигчид цагийн хуваарийн дагуу СЕХ-ноос үнэмлэхээ гардах аж. Мөн энэ өдөр УИХ-ын сонгуулийн хуульд заасны дагуу нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгаа хийх эрх албан ёсоор нээгдэж байна. Гэхдээ өмнөх сонгуулиудыг бодвол сонгуулийн сурталчилгаа аядуу зөөлөн эхлэх төлөвтэй. Учир нь өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас “Сонгуулийн үйл ажиллагааны үед коронавируст халдвараас сэргийлэх журам” баталж, сурталчилгааны зарим үйл ажиллагааг хязгаарлаад байгаа юм. Тухайлбал, нэр дэвшигчдийг иргэд сонгогчидтой цахимаар уулзалт хийх, цахим уулзалт хийх боломжгүй газар танхимд уулзалт хийх бол хоёр цагаас хэтрүүлэхгүй байх, оролцогчдыг 1.5 метрийн зайтай суулгах, гар барихгүй, тэврэхгүй, үнсэхгүй, уулзалтын танхимд оруулахдаа бөөгнөрөл дараалал үүсгэхгүй байх, ухуулах, тараах материалыг айлын хаалганы гадна үлдээх зэргийг тусгажээ. 

Мөн нам, эвсэл, нэр дэвшигчид сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх ариутгал, цэвэрлэгээ хийх санхүүжилтийг өөрөөсөө гаргах зэргийг зааж өгснөөс гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд баримтлах журам, дээрх үйл ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ зэргийг тодорхой тусгажээ. Харин COVID-19 цар тахлын улмаас тусгаарлалт, эмчилгээнд байгаа иргэдээс хэн, хэрхэн санал авах талаар тодорхой тусгаагүй байна. Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрсөн сард “УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр тусгаарлах байранд Монгол Улсын иргэн байлгахгүй байхаар төлөвлөж байна. Тусгаарлах байранд нийслэлээс гадна 21 аймгийн иргэн бий. Өөрөөр хэлбэл, санал өгөх тойрог, нэр дэвшигч бүр нь өөр. Тиймээс нэг саналын хайрцаг оруулаад авах боломжгүй. Авлаа гэхэд ямар хүн оруулж санал авах вэ гэдэг асуудалтай. Үүнийг нарийн судалж, шийдвэр гаргана” хэмээсэн. Засгийн газраас баталсан “Сонгуулийн үйл ажиллагааны үед коронавируст халдвараас сэргийлэх журам”-д ч энэ асуудлыг нарийвчлан тусгаагүй байна. Хэдийгээр түр журамд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 63.1-д заасны дагуу эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч буюу тусгаарлагдсан, эмчлүүлж байгаа иргэдээс зөөврийн хайрцгаар санал авах заалт тусгасан боловч хэн яаж авах, аль тойргийн иргэдийг хамруулах нь тодорхойгүй байна. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн ажилтан зөөврийн хайрцгаар санал авна гэж заасан байгаа. Энэ заалтын хэрэгжилтийг хэрхэн хангах нь бас л тодорхойгүй байна. Өчигдрийн байдлаар ажиглалтад 1856 иргэн тусгаарлагдаж байгаа бол 141 иргэн коронавирустэй нь батлагдаж эмчлүүлж байгаа юм.