A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1243/

Х.Баттулга: Төрийн тогтолцоог эрс шинэчлэх шаардлага үүссэн

Намрын чуулганы эхний өдрөөс шинэ дэг үйлчилж байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1243/


УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, уламжлалын дагуу төрийн гурван өндөрлөг, УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол улсад суугаа Элчин сайд, ОУ-ын байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Ийн 2016 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацаа тэн хагастаа хүрлээ. Тиймээс эл намрын чуулган өмнөх дөрвөн чуулганаас илүү ачаалал үүрнэ. Үүнийг ч УИХ-ын дарга чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм.

ШИНЭ ДЭГЭЭР ХУРАЛДАХ НАМРЫН ЧУУЛГАН

Өнгөрсөн хаврын чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулж баталсан УИХ-ын дэгийн тухай хууль энэ намрын чуулганы эхний өдрөөс хэрэгжих ёстой. Шинэчлэн баталсан хуулийн өөрчлөлтөөр гишүүд хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахимаар санал өгөхдөө хурууны хээгээр харьцах юм. Гэхдээ хуралдааны танхимын техникийг шинэчлэхтэй холбоотой хурууны хээгээр бүртгүүлэх, санал өгөх заалт ирэх хаврын чуулганаас үйлчилж эхэлнэ. Харин гишүүдийн сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор суулгасан Нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг олон нийтэд мэдээлэх, хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол тасалсан өдрийн цалинг олгохгүй байх, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар хэрүүл хийвэл үг хэлэх хугацааг дуусгавар болгох зэрэг заалтууд өчигдрөөс үйлчилж эхлэв. Шинэ дэгээр хуралдсан анхны чуулганы нээлтэд 70 гишүүн оролцжээ. Намрын чуулганы нээлтэд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Саранчимэг, Я.Санжмятав нар гадаад томилолтой байгаа бол Б.Баттөмөр, Л.Болд нар чөлөөтэй шалтгаанаар оролцсонгүй.

М.ЭНХБОЛД: БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ, ЭДИЙН ЗАСГАА ӨСГӨХӨД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг нээж үг хэлэхдээ бизнесийн орчныг сайжруулах, эдийн засгаа өсгөж, ард түмний амьжиргааг дээшлүүлэх талаар анхаарч ажиллахыг чухалчилсан. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарыг онцгойлон анхаарч Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангахыг шаардлаа. УИХ-ын дарга хүүхэд хамгааллын талаар авах арга хэмжээний тухай “Хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал манайд хангагдаж чадахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоо өсч, хүүхэд харамсалтайгаар амь эрсдэх тохиолдол гарсаар л байна. Намрын чуулганаар хэлэлцэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангатгах талаар ээжүүдээс гаргасан саналыг тусгах хэрэгтэй” гэсэн юм. Мөн тэрбээр өнгөрсөн зун ээлжит бус чуулганыг зарлаагүй шалтгаанаа тайлбарлахдаа “УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд нэр бүхий гишүүдээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага тавьж, Ерөнхийлөгчөөс гишүүдийн шаардлагыг дэмжсэн санал ирүүлсэн. Товчхондоо ээлжит бус чуулганаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилсон УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох санал тавьсан. Авлигын эсрэг хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулах тодорхой үндэслэлүүдийг хуульчлан заагаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөх, огцруулахыг хориглосон байдаг” гэв.

ҮНДСЭН ХУУЛИА АРД ТҮМНИЙ ХҮСЭЛ СОНИРХОЛД НИЙЦҮҮЛЭН ӨӨРЧИЛЬЕ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нээлтэд оролцож парламентын үйл ажиллагааг шүүмжлэн эрс шинэчлэл хийхийг цаг үе шаардаж байгааг тайлбарлав. Тэрбээр “Монгол улс системийн хямралд нэрвэгдсэн нь тодорхой болж байна. 1992 оноос хойш бүрэлдсэн улс төр, засаглалын тогтолцоо маань Монголын нийгмийн асуудлуудыг шийдэх, зохицуулах чадвараа үндсэндээ бүрмөсөн алджээ. Хүмүүстээ биш, намдаа биш тогтолцоонд бүх асуудал байна. Ямар ч сайн хүн, нам байлаа гээд хариуцлагагүй, уялдаагүй, эзэнгүй тогтолцооны золиос болж, асуудлууд хуримтлагдсаар, нийгэм бухимдсаар байх тийм нөхцөл бат тогтжээ. Үүнийг нотлох гэхдээ олон тоо, баримт дурдаж болох ч илүүц гэж үзлээ.

УИХ-ын даргыг Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг зөрчсөн гэж үзэв

Ганцхан жишээ дурдахад, хоёр жилийн өмнөөс илчлэгдэж, яригдаж эхэлсэн “60 тэрбумын” гэх тодотголтой хэргийг эцэслэх талаар УИХ-ын чуулганыг завсарлуулахгүйгээр хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналыг би гаргасан. Дараа нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх нөхцөл байдал үүссэнийг сануулж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах санал хүргүүлсэн. Улсын их хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхи нь бас шаардсан, Ерөнхийлөгч санал гаргасан зэрэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон тохиолдолд улсын их хурлын дарга үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх ёстой. Гэтэл үүргээ биелүүлсэнгүй. Хууль тогтоох дээд байгууллага нь баталсан хуулиа үл тоомсорлох болсон нь эрх зүйн хямралын нэгэн тод, бодит жишээ” гэв. Түүний хэлсэн үгийн гол утга төрийн тогтолцоог үндсэн хуулийн өөрчлөлтийн замаар шинэчлэх тухай байв. Монгол, Болгар, Финланд, Серби, Монтенегро зэрэг дөрвөн оронд л байдаг хагас парламентхагас ерөнхийлөгчийн холимог засаглал нь хөгжлийн мухардалд хүргэсэн гэж Ерөнхийлөгч Х.Баттулга дүгнэж байна. Түүний УИХ-ын намрын чуулганд Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нээлтэд оролцохдоо парламент, ЗГ-ын үйл ажиллагааны талаар шүүмжлэлтэй ханддаг байсан бол энэ удаа ард түмэндээ хандан УИХ-ын чуулганы индэр дээрээс уриалга гаргав. Тэрбээр “Би улстөрчид, ард түмэндээ хандан уриалж байна. Улс төрийн тогтолцоогоо оновчтой, цэгцтэй, ил тод, иргэдэд өгөөжтэй болгон өөрчлөх хариуцлагатай бөгөөд гарцаагүй хийгдэх ёстой энэ үйлст нэгдэхийг бүгд эвлэлдэн нэгдэхийг та бүхнээс хүсье. Бусдын хийж чадсаныг бид чадах ёстой. хөгжлийн явцад гарч буй өөрчлөлтийг тусгаж, шинэчлэлтийг хурдтай хийж чадсан нийгмүүд л хөгжил дэвшилд хүрдэг. Нийгмийн сорилт, шалгарлыг даван туулсан бусад ард түмний жишээнээс бид бүтээлчээр суралцах ёстой. Эрх мэдэл горилсон, тулга тойрсон хэрүүл тэмцлээ орхиж, тогтолцооны реформыг зоригтойгоор нэн даруй эхлүүлэх нь Монгол улсын, Монголын ард түмний язгуур эрх ашигт бүрэн нийцнэ” хэмээв.

ДАХИАД Л БҮРЭН БУС БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ПАРЛАМЕНТ АЖИЛЛАХ НЬ

Монголын парламентын түүхэнд УИХ-ын ээлжит чуулган бүрэлдэхүүн дутуу нээлтээ хийж байсан тохиолдол бий. Сонгуулийн маргаанаас үүдэлтэйгээр хоёр ч удаа УИХ-ын намрын чуулган бүрэн бус бүрэлдэхүүнтэй нээлтээ хийж байсан. Энэ удаа мөн л 75 гишүүнтэй нээлтээ хийлээ. Өнгөрсөн хаврын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга гэмт хэрэгт холбогдож бүрэн эрхээсээ татгалзсан ч түүний орон гарсан суудал намрын чуулганы хугацаанд эзэнгүй байх болж байна. Хэдийгээр хэнтийн нөхөн сонгуулийн товыг түдгэлзүүлсэн Цэцийн дүгнэлтийг бүлгүүд гэдгээ илэрхийлж байгаа ч энэ намрын чуулганы хугацаанд 75 гишүүнтэйгээр хуралдах нь бараг тодорхой болоод байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах хүсэлт гаргалаа

60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол зохион байгуулах эрх нь нээгдсэн

 0 сэтгэгдэл


УИХ-ын нэр бүхий 22 гишүүн ЖДҮХС-тай холбоотой хэргээр бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулахад бэлэн гэдгээ зарлалаа. Тэд мөн ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хандан албан бичиг хүргүүлж буйгаа мэдэгдэв.

Тэдгээр гишүүнийг төлөөлж Ж.Бат-Эрдэнэ “ЖДҮХС-ийн зээлийг УИХ, Засгийн газрын гишүүд эрх мэдэл бүхий хүмүүс авсан нь ёс зүйгүй үйлдэл болсон. Сүүлийн үед зээл авсан ёс зүйгүй ажиллагаа бүдгэрэх хандлагатай байгаа. Энэ асуудлыг бид ёс зүйн болон хууль эрх зүйн үндэслэлээр шалгаж харах ёстой гэж үзсэн. Тиймээс УИХ-ын нэр бүхий 22 гишүүн гарын үсэг зурж, ЖДҮХС-тай холбоотой хэрэгт бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байгаа гэдгээ албан ёсоор зарлаж байна. Бидний энэ санаачилгыг УИХ-ын бусад гишүүд дэмжихийг уриалж байгаа юм” гэлээ. 

Мөн тэд энэ үйлдлээрээ ёс зүйн хороог хуралдуулах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэж үзэв. Л.Энх-Амгалан “УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн дор нуугдаж болохгүй. Ёс зүйн дэд хороо ирц бүрдэхгүй хуралдаж чадахгүй байна. Монгол Улсын Засгийн газар УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй парламентынхаа дээр гарчихаад хоёр долоо хоног бойкот хийлээ. Анхаарал татсан хэргүүдийг хэлэлцэх хэрэгтэй байна. Засгийн газрын харьяалалд байгаа тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хэргүүдийг шалгаад явах бүрэн боломжтой” гэлээ.

УИХ-ын гишүүдийн зүгээс прокурор нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирэхээр төлөвлөж байгаа тухай түшээд ярих болсон. Харин тус хэвлэлийн хурлын үеэр гишүүн Ж.Мөнхбат энэ талаар “Нийслэлийн ерөнхий прокурорын газраас нэр бүхий гурван гишүүний асуудлыг АТГ-т нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэх мэдээлэл бий. Үүнийг бид Ерөнхий сайдын зүгээс хууль, хяналтынхантай уулзаж сайд нарынхаа нэр холбогдсон хэргийг хойшлуулж дарагдуулан өнгөрөөх гэсэн үйлдэл гэж хардаж байгаа. Тиймээс заавал прокуророос бичиг хүлээлгүй ЖДҮХС-тай холбоотой эсэхээ бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулахыг уриалж байна” гэв.

• ЖДҮХС-гийн хэргийг Засгийн газрын харьяаны ТЕГ, ЦЕГ-аас шалгах бүрэн боломжтой гэв. 

• Хуулиар Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга нээлттэй сонсгол зохион байгуулах санал гаргавал  УИХ-ын Тамгын газар зохион байгуулах ёстой. 

• Ёс зүйн дэд хорооны хуралд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат оролцоход л ирц бүрдэх юм.

Ийнхүү МАН-ын бүлгийн талцагч хоёр талын нэг хэсэг нь ёс зүйн дэд хороог хуралдуулахаар зүтгэж байгаа бол нөгөө талд нь 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлтэй гишүүд бас бий. 

УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт чуулганы индрээс 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол зохион байгуулах болон ЖДҮХС-тай холбоотой асуудлаар ёс зүйн дэд хороог хуралдуулах үүрэг өгсөн. Өмнө нь УИХ-ын ёс зүйн дэд хороог хуралдуулахаар чуулганыг завсарлуулсан боловч ирц хүрээгүйн улмаас тус хороо хуралдаж чадахгүй байгаа юм.

Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд Х.Баделхан, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Б.Наранхүү, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Д.Сарангэрэл, М.Энхболд, Д.Эрдэнэбат нар багтдаг. Өнгөрсөн долоо хоногт дөрвөн гишүүн ЖДҮХС-тай холбоотой хэргээр хуралдахаар ирцэд бүртгүүлээд байсан юм. Тус хорооны бүрэлдэхүүн ийн тэнцүү хуваагдсан боловч АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдаа оролцоход ирц хүрэх боломжтой. 

Харин өнгөрсөн намраас хойш 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол хийхийг шаардаж буй гишүүдэд энэ удаад боломж нээгдлээ. Спикер М.Энхболд ТББХ-ны дарга Д.Лүндээжанцанд нээлттэй сонсгол зохион байгуулахыг үүрэг болгосноор хүсэлт гаргасан 19 гишүүнд эл эрх нээгдсэн гэж үзэж байгаа юм. Гэхдээ тус нээлттэй сонсголыг хүсэлт гаргагч гишүүд зохион байгуулах ёстой аж.

Хуулиар Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга нээлттэй сонсгол зохион байгуулах санал гаргавал УИХ-ын тамгын газар зохион байгуулах ёстой. Харин гишүүд санал гаргасан бол УИХ-ын даргын зөвшөөрлөөр тухайн гишүүд зохион байгуулах эрх нээгддэг аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ерөнхийлөгчийн хагас засаглал

Үндсэн хуульд төрийн хар хайрцагны бодлогыг тусгах ёстой

 0 сэтгэгдэл


Сонгодог хэлбэрийн парламенттай бүгд найрамдах улсууд дотроос Ерөнхийлөгчийн хагас тогтолцоог үндсэн хуулиараа тунхагласан орон бол Франц. Ерөнхийлөгчийн хагас тогтолцоо (semi-presidential system)-г заримдаа холимог тогтолцоо гэдэг. Үүнийг “холимог хуурга” шиг зүйл гэж буруу ойлгоод байх шиг. Ерөнхийлөгчийн болон парламентын систем холилдсон тогтолцоо төдийхнээр л ойлгоод байх шиг санагдана. Гэтэл агуулга нь үнэн хэрэгтээ өөр юм. Энэ бол хосолмол биш, харин ч нэгдмэл удирдлагатай төрийн цогц байгууламж. Орчин үеийн нийгэм зүйд холимог тогтолцоог бүгд найрамдах засаглалын төгс хэлбэр гэж үзэж, улс орнууд реформ хийцгээж байна. Энгийнээр тайлбарлавал, төрийн байгуламжийн хөндлөн ба босоо тэнхлэгийн огтлолцол дээр Ерөнхийлөгч зогсож байх загварыг хэлж буй. Хөндлөн тэнхлэг гэдэг нь парламентын дээд танхим, босоо тэнхлэг гэдэг нь парламентын доод танхим юм. Тэнхлэгүүдийн огтлолцлыг Ерөнхийлөгч нь цэрэг арми, хууль цаазын хүчээр зохицуулж, ард түмний аюулгүй байдал, тав тухтай амьдралыг хангаж байдаг харилцаа аж. Эндээс Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалдаа биечлэн тусалж, хамжилцсанаар том эрх эдлэн, парламентын доод танхимд нөлөөлдөг, эргээд дээд танхимын өмнө хариуцлага хүлээдэг давуу талтай юм. Парламент нь ард түмний шууд төлөөллийн дээд танхимтай, хууль боловсруулан барих мэдлэг чадвартай гишүүд бүхий доод танхимтай, хүчтэй Ерөнхийлөгчтэй тогтолцоо бүрдэнэ гэсэн үг. Зарим орны төрийн байгууламжийн жишээг харахуйд улам ойлгомжтой болно.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ҮР ДАГАВАР НЬ ТУЙЛШРАЛ

Дэлхийн улс орнуудын төр ер нь ямар тогтолцоотой байдаг юм бол? Гаднын орнуудын төрийн  тогтолцоо, засаглалын хэлбэрийн талаар цөөнгүй хүн сонирхож байсан тул үүнийг дурдахаар шийдлээ.

Парламент нь төлөвшсөн, төгс хэлбэрээ олчихсон аль нэг орныг жишиг болгон сонгож дагах нь зайлшгүй. Гэхдээ нэг зүйлийг анхаарах ёстой. Туйлын сайн судалж, Монголын нийгмийн байдал, түүхэн уламжлалт соёл, зорих ирээдүйгээ бодолцож сонгох ёстой байх. Төр Монголд анх үүссэн гэдэг. Тэгвэл энэ түүхэн уламжлалаа сэргээх концепц гаргаж, төрийн хар хайрцагны бодлогыг үндсэн хуулийн preamble (угтлага бичээс) болгон тавьж, төрийн бодлогын залгамж чанарыг хангах ёстой. Энэ талаар нухацтай бодох цаг нь одоо ирчихээд байна. Францын тавдугаар үндсэн хуулийн preamble хэсэг нь яагаад Напелеон Бонапардын гаргасан хууль байдаг юм бэ? Америк Улс яагаад үндсэн хуулиа өөрчилдөггүй юм бэ? Бодох л асуудал. 

Үндсэн хуулийн preamble хэсэг нь eрөнхий зүйл, оршил, малгай үг огт биш. Үндсэн хуулийн агуулгын товчоо ч биш, зүйл анги бүр ч биш.  Үндсэн хуулийн preamble нь  монголоор бол үндсэндээ төрийн хар хайрцагны бодлого, төрийн уламжлалт залгамж чанарыг зангидан товчоолсон бичвэр юм. Өдгөө мөрдөж байгаа үндсэн хуулийн гол алдаа нь preamble-г ор тас орхигдуулсан явдал мөн. Үндэсний уламжлалт чанараа үндсэн хуульд орхигдуулсан нь монгол хүн үндэсний соёлын кодоо мартаж, хүн чанараа алдах суурь болсон. Төрийн хар хайрцагны бодлогын үндэсний үзэлтэй холбогдох хэсэг шинэ үндсэн хуулийн толгой хэсэгт preamble болон тусгалаа олох ёстой. 

Нөгөө талаас, өнөөгийн төрийн хямралаас гарах арга замаа бодон сэтгэл хөдлөлд автах, эсвэл бусдыг даган дуурайх хандлагаар 70 нөхөөстэй дээл шиг болгож болохгүй. Ийм хандлагын уршиг эргэж нөхөгдөхгүй гэдгийг анхаарууштай.

ДЭЛХИЙН ОРНУУДЫН ТӨРИЙН ТОГТОЛЦОО

Дэлхийн бүх орны төрийн байгууламжийг хоёр хэлбэрт хуваадаг. Хаант засаглалтай 30 орчим орон бий бол үлдсэн нь бүгд найрамдах улсууд юм. Монгол Улс хаант засаглалтай байсан ч 1924 энэ тогтолцоог халсан. Мэдээж, өнөөдөр эргээд хаант засаглал тогтоох боломж, нөхцөл байхгүй. Гэхдээ төрийн уламжлалт чанарыг хадгалах, хууль цаазын уламжлалыг сэргээх зорилгоор шинээр боловсруулах үндсэн хуульд төрийн хар хайрцагны бодлогын зарим агуулга тусгалаа олох ёстой гэдгийг дахин дахин сануулъя!

Бүгд найрамдах засаглал улс орнуудын хувьд Ерөнхийлөгчийн болон парламентын гэсэн хоёр хэлбэртэй байдаг гэж монголчуудад ойлгуулчихсон юм шиг. Үнэн хэрэгтээ бол эх газрын эрх зүйтэй улс орнуудад Ерөнхийлөгчийн засаглалтай улс гэж байхгүй. Харин Ерөнхийлөгчпарламентын эсвэл парламент Ерөнхийлөгчийн холимог засаглалтай орнууд л бий.  Далайн эрх зүйтэй улсуудад Ерөнхийлөгчийн, эсвэл туйлын Ерөнхийлөгчийн засаглалтай орнууд зонхилж байгаа. Монгол Улс бол Ром-Германы эрх зүйгээр явдаг бүгд найрамдах улс учраас далайн эрх зүй тохирохгүй. үндсэн хуульд тэндээс сэтэрхий тэвнийн чинээ ч зүйл тусгаж болохгүй.

Манайд хууль боловсруулах нэгдсэн концепц байгаагүй, одоо ч байхгүй

Миний хувьд Ц.Элбэгдорж, Х.Тэмүүжин нарын санаачилгаар гол хуулиудад орсон бүх заалтыг шүүрдэж цэвэрлэх ёстой гэж боддог. Далайн орнуудын эрх зүйгээс бараа сонгож буй мэтээр хандаж, зарим нь ашиг сонирхолдоо хөтлөгдсөөр Монголын хууль, хууль эрхийн актуудыг ноорхой тэрлэг шиг далан нөхөөстэй болгосон. Манайд хууль боловсруулах нэгдсэн концепц байгаагүй, одоо ч байхгүй. Соёл иргэншилтэй улс орнуудад юу болоод, ямар реформ хийгээд байгааг анзаардаггүй, мэддэггүй хүмүүсийн гараар улс орны оршин тогтнох эрх зүйн орчин занганд орсон гэж бодохоор аймшигтай. Тогтолцоо болохгүй байна гэж төрийн эрх үүргийг зохицуулах нормативдаа будаг нялж, шинэ жилийн гацуур мод шиг болгосон. Эцэстээ нэгдсэн зохицуулалтгүй болж, төрийн өндөрлөгт хүн амын 90 хувь, гишүүдийн олонх нь итгэхгүй байхад ч зайлуулж чадахгүй болтлоо завхарчээ. Энэ бол Монголын хуулийн гажуудал, завхрал.

ТӨР ЗАСГИЙН ЦАГ БАЙДЛЫН ТУХАЙД

Монгол Улсын төрд бодитойгоор нүүрлэсэн хямрал эх захаа алдаж, савнаасаа халин НҮБ болон олон улсын конвенцуудын үзэл санааг бүдүүлгээр зөрчиж эхэллээ.

1. НҮБ ардчилал дор олонхын шийдлийг цөөнх нь дагаж хэрэгжүүлэх агуулга оршиж буйг олон удаа анхааруулсан байдаг юм. Ардчиллын амин чухал зүрх нь угтаа бол энэ юм. Гэтэл парламент олонх, цөөнх болон хуваагдаж, цөөнх нь төрийн тамга, спикер, УИХ-ын танхимд сууж байгаагаараа, сүүлийн 20 жилийн туршид өөрсдөдөө зориулж баталсан хуулиудаараа бамбай хийж, цөөнхийн явуургүй, бусармаг үзэл бодлыг олонход тулган шаардаж, заналхийлж эхэллээ. Ардчилал гэгч Монголд ийн үнэт зүйлээ алдав. Aзийн ардчиллын од гэгдэж нэг хэсэг дэлхийг гайхуулж явсан Монгол улсыг сүйрүүлж чадсан хэсэг бүлэг олигархиуд, тэдний гар хөлүүд эвсэж, ардчиллын үнэт зүйл рүү довтлож байна. НҮБ үүнийг зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой, ийм “өвчин” бусад улс оронд халдварлахаас сэрэмжлэх нь тодорхой.

2. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дүрэмд хүний амьд явах эрхийг санаатайгаар тасалдуулсан аллагын гэмт хэргүүд, түүний дотор төр, нийгмийн зүтгэлтний амь насыг тодорхой зорилготойгоор зэрлэгээр хөнөөсөн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа байж болохгүй гэж заасан байдаг юм. Уг конвенцод нэгдсэн эсэхээс үл хамааран НҮБ-ын гишүүн орнууд уг заалтыг үндэсний хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлэхийг зөвлөсөн юм. Монгол Улс, энэхүү конвенцын үзэл санааг сөрж, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгон хэргийг хаалаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гаргасан шийдвэрээ зөрчиж байгааг зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой.

3. НҮБ өөрийн салбар институц, олон улсын конвейнциудад төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх вотум гэдэг зарчмыг маш тодорхой заан тайлбарласан байгаа. Парламентын гишүүдийн олонх, нийт сонгогчдын дийлэнх олонх нь итгэл хүлээлгэхгүй бол спикер тэр даруй огцорсон тухайгаа мэдэгдэж, импеачмент гэх зарчмаар хуулийн байгууллагын мэдэлд шилжиж, хүлээх хариуцлагын түвшингээ тогтоолгох учиртай юм байна. НҮБ-ын гишүүн мөртөө энэ зарчмыг бүдүүлгээр зөрчөөд сууж болохгүй. Хэрэв үндэсний хуулиар огцрох эрх зүйн орчин үүсэхгүй байгаа л бол үндэсний хууль тогтоомж НҮБ-ын зарчмыг зөрчиж баталсан хууль байна гэж үзэн хуулиа өөрчлөх шаардлагатай юм. Үндсэн хуулийг дордуулсан долоон заалт гэдэг шиг УИХ 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд шинэ жилийн баярын босгон дээр өөрчлөлт оруулж, спикер нь хэзээ ч огцрохгүй, гишүүд нь хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй байхаар зохицуулсан заалтуудыг эргэж үзэн, хүчингүй болгох ёстой.

4. Парламентын цөөнх үүрээ хөндүүлсэн шоргоолж аятай сандралдаж, хагас солиорол (эйфорын байдал)-д орж, эцэстээ өөрсдийн өдүүлсэн бүх хэргийг Засгийн газарт тохон огцруулах аргад шилжив. Засгийн газрыг огцруулах ажиллагааг дахин явуулна гэж шинэ гишүүн Н.Амарзаяа хэллээ.

5. Засгийн газрын тэргүүнд хандаж хэлэх миний үг бол “Хурд бол хүч!” Алгуурлах бүрд эсрэг тал чинь маневрлах аргаа олчихоод байна. Цорын ганц гарц нь гэвэл, УИХ-ын гишүүн сайд нартаа дилемма (ацан шалаа) хийх. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхээсээ татгалзаад сайдын ажлаа сайн хий, эсвэл УИХ-даа үлдээд сайдын суудлаа чөлөөл гэж хэл. Ердөө энэ! ингэж байж Засгийн газраа парламентын гадна гаргаж, улс төржилтөөс зайлсхийхгүй бол өөр гарц харагдахгүй байна. Tэртээ тэргүй хуралдаа биш бойкотонд сууж байгаа биз дээ?

6. Залуу үлстөрчдөд ч хандаж хэлэх үг байна. Хэт тулган шаардах нь тийм ч сайн арга биш ээ. УИХ-ын олонх болсон давуу талаа ашиглан зохион байгуулалтад орж, хурлаа хийн даргаа сонгож, УИХ-ын олонх нь бага хурлын горимд орж ажиллах болсноо дэлхийд зарлах нэг гарц байна. М.Энхболд, түүнийг тойрон хүрээлэгчдийн “тогтолцоо” ажиллагаагүй болно гэсэн үг. НҮБ-ын self-determination зарчим бий учраас юунаас ч айх хэрэггүй. Манайд бага хуралтай байсан уламжлал бий. Тэд шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулах даалгаврыг гардаж авах ёстой, ард түмэн ойлгоно. Гэхдээ УИХ-ыг тарааж хэрхэвч болохгүй, өртөг нь арай л дэндүү өндөр тусна. Эс бөгөөс арай гэж Монгол руу хандах чигтэй байгаа гаднын хөрөнгө оруулагчид бүгд нүүрээ буруулж, дахиж хэзээ ч гаднын хөрөнгө оруулалтын талаар ярих хэрэггүй болно. Эдийн засаг макро түвшиндээ суларч, ард түмний амьдрал улам доройтно. Өөр ч олон эрсдэл бий. Төр сүүлийн 20 жилд баталсан гол хуулиудын бүх заалтуудыг нэг бүрчлэн нарийн шалгаж үзэх шаардлага байгаа гэж хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн үг үндэслэлтэй болох нь төрийн хямрал гүнзгийрэх бүрд улам тод болсоор.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нийслэлийн Засаг даргыг Ж.Батбаясгалан түр орлохоор боллоо

НИТХ дахь МАН-ын бүлэг засаг даргад нэр дэвшигчийг ээлжит бус хурлаар сонгоно

 0 сэтгэгдэл


С.Батболд нийслэлийн Засаг даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдсэнээс хойш өчигдөр бүрэн эрхээ дуусгалаа. Түүний өргөдлийг хүлээн авснаас 14 хоногийн дараа Ерөнхий сайд захирамжаа гаргасан нь энэ юм. Тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтдээ Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж дуусах хүртэл буюу энэ сарын 10 хүртэл ажиллах шаардлагатай байгаагаа давхар уламжлаад байсан юм. Түүний хүссэнчлэн НИТХ төсвөө хэлэлцэж баталсан. Ерөнхий сайд захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Ерөнхий сайдын захирамжийг ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалан НИТХ болон нийслэлийн Засаг даргын тамгын газрынханд танилцуулж, үүрэг гүйцэтгэгч томилж байгааг мэдэгдэв. Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэхээр болж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг  даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэсэн заалт бий. Тус заалтын дагуу дөрвөн орлогчоос Ж.Батбаясгаланг сонгосон байна.

НИТХ дахь МАН-ын бүлгээр хотын орлогч нарыг солих эсэхийг шийднэ

Нийслэлийн Засаг даргын орлогчоор түүнээс гадна П.Баярхүү, Ш.Анхмаа, Д.Энхтөр нар ажилладаг юм. Ерөнхий сайд С.Батболдыг албан тушаалаас нь чөлөөлөх захирамж гаргаснаар дараагийн Засаг даргыг сонгох эрх, үүрэг НИТХ-ын өмнө үүслээ. Үүний дагуу НИТХ-ын тэргүүлэгчид хурлаа лхагва гарагт хийхээр товлосон бөгөөд тус хурлаар дараагийн Засаг даргыг сонгох ээлжит бус VI хуралдааныг зарлах юм. 

Харин НИТХ ээлжит бусаар хуралдах хүртэл нийслэлийн МАН-ын хороо хотын мээрт нэр дэвших хүнээ сонгох юм. Улмаар НИТХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэх хуулийн заалттай. Мөн МАН-ын бүлгийн хурлаар С.Батболдын багт ажиллаж байгаа Засаг даргын орлогч нарыг солих эсэхийг шийдвэрлэх тухай бас яригдах аж. Хотын даргад нийслэлийн МАН-ын хорооноос НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэхээр бүлгийн гишүүдийнхээ саналыг тандаж байгаа бол хотын фракц одоогийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа гэх. Зарим эх сурвалжийн мэдээллээр “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Б.Мөнхбаатарын нэр ч сонсогдоод эхлэв. Хэрэв Ж.Батбаясгалан жинхэлбэл одоогийн орлогч нар албан тушаалдаа үлдэх магадлал өндөр. Харин Б.Мөнхбаатар, С.Амарсайхан нар Засаг даргаар сонгогдвол багаа шинээр бүрдүүлэх тухай яригдаж байгаа юм. Хэн ч нэр дэвшсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс батламжаа гардах учраас нийслэлийн МАН-ын хорооны шийдвэр голлох үүрэгтэй байх нь ойлгомжтой.

Өнгөрсөн долоо хоногт НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж даргаараа Р.Дагвыг сонгосон бөгөөд дараагийн Засаг даргыг сонгох хүртэл бүлгийн гишүүдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгасан дуулдаж байна. НИТХ дахь МАН-ын бүлэг 34 төлөөлөгчтэй боловч дээрх хоёр фракцад тэнцүү хуваагдсанаас хурлын даргаа томилж чадалгүй удтал толхилцож байсан удаатай. Энэ удаад Нийслэлийн МАН-ын бүлгээс дэмжигдсэн нэр дэвшигчийг талцалгүй батлах чиглэлийг төлөөлөгч бүрт үүрэгдэх бололтой. Харин Нийслэлийн АН-ын бүлэг Засаг даргад хэн нэр дэвшихээс шалтгаалж НИТХ-д оролцох эсэхээ шийдэхээ мэдэгдсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол хийнэ

УИХ Засгийн газарт шаардлага, анхааруулга хүргүүлэв

 0 сэтгэгдэл


Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцрохыг шаардаж буй гишүүдэд хандан “Төр тогтвортой байх ёстой. Би үүний төлөө явна. Сүүлийн үед үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн оролдлогыг эрээ цээргүй хийж байна. Үүнтэй хатуу тэмцэх ёстой. Олон түмнийг тэмцэлд уриалж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэж нийтийг цочирдуулах үйл ажиллагаа хийхээр УИХ-ын гишүүд ярьж байна. Энэ бол үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Намайг огцруулъя гэж байгаа бол албан ёсоор шаардлагаа тавь. Мөн 60 тэрбумын гэх хэргээр ЖДҮХС-гийн хэргийг дарах оролдлого, сурталчилгаа хийх боллоо. Үүнийг зогсоох ёстой. Төрийн байгуулалтын байнгын хороо 60 тэрбумын гэх хэргээр хэлэлцүүлэг хий. Ёс зүйн дэд хороо ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийнхээ асуудлаар хурлаа хий. Үүнийг би УИХ-ын даргын хувьд үүрэг болгож байна.” Гэж спикерийн индрээс хэлэв. Мөн тэрбээр дээрх гишүүд болон Засгийн газрын гишүүн сайд нар бойкот хийснээс УИХ-ын чуулган хуралдах боломжгүй болсон хэмээн чуулганыг нээсэнгүй. 

Харин үүний дараа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан парламентын зүгээс Засгийн газарт хандсан “шаардлага хүргүүлэх тухай” албан бичгийг танилцуулсан юм. Тус шаардлагад улс орон эдийн засаг, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд байгааг дурдаад Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг санаатайгаар УИХ-ын үйл ажиллагааг саатуулж байна хэмээн шүүмжилжээ. Мөн “Засгийн газрын гишүүдийг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулах үйл ажиллагаагаа зогсоож, Байнгын, дэд, түр хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохыг шаардаж байна. Засгийн газрын гишүүд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн асуудлаас үүдэн гарах аливаа хариуцлагыг Засгийн газар болон УИХ-ын гишүүний албан тушаалыг давхар хашиж байгаа сайд нар хүлээх болно гэдгийг хатуу анхааруулж байна” гэсэн байв.